Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр хүргэж захидал илгээв

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр хүргэж захидал илгээв. Захидалдаа “ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонтой холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй “иппон” ялалт байгуулсан нь Оросын ард түмнээс Танд үзүүлж буй өндөр итгэл, мөн эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд Таны оруулсан үнэтэй хувь нэмрийн тод илэрхийлэл гэж үзэж байна.

Таныг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, юуны өмнө худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цоо шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна. Хоёр талын өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцох боломж удахгүй тохионо гэдэгт найдаж байна.

Хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг талуудын холбогдох байгууллагууд тохиролцож, ойрын хугацаанд байгуулахаар болсонд баяртай байна. Тус хэлэлцээрийг бэлэн болгоход Таны оруулсан хувь нэмрийг бид өндрөөр үнэлж байна.

Бидний найрамдалт харилцаа түүхийн олон шалгуурыг давсан билээ. Халх голын дайн, Аугаа эх орны дайны хүнд он жилүүд болон Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд хийсэн цэргийн хамтарсан ажиллагаа зэрэг нь сайн хөршийн харилцааны бат бэх суурь болсон.

Монгол, Оросын харилцаа болон стратегийн түншлэлийг найрамдалт ард түмнүүдийн сайн сайхан, бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлын төлөө Тантай цаашид ч урт хугацаанд ойр дотно хамтран ажиллана гэж найдаж байна. Энэхүү завшааныг ашиглан, Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

2019 оны долоодугаар сард Яармаг орчим Улаанбаатар хотын шинэ төв болно

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр нийслэлийн удирдлагуудтай шинэ нисэх онгоцны буудал, нийслэлд түүхий нүүрсийг оруулахгүй байх Засгийн газрын шийдвэр зэрэг цаг үеийн асуудлаар ярилцаж, үүрэг даалгавар өглөө. Тодруулбал, Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон автозам энэ оны аравдугаар сард, шинэ нисэх буудал ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орох юм.

2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэнэ зэрэг Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс дагуул хот, дэд төв, тосгон, үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө мөнгөнөөс эхлээд бүх талын дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

Зарим агентлаг, төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгосон байна. Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын эдгээр зорилтыг ажил хэрэг болгох гарц, шийдлийг энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг хотын удирдлагуудад үүрэг болгожээ.

Харин үүний хариуд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “2019 оны долоодугаар сард нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Яармаг дахь шинэ байрандаа нүүж очих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Яармаг орчим Улаанбаатар хотын шинэ төв болно. Төвлөрлийг сааруулж, дагуул хот бий болоход хотын захиргаа нь түрүүлж нүүдэг жишиг олон улсад байдаг” хэмээн хэлжээ.

Уулзалтын үеэр мөн шинээр баригдах сургууль, цэцэрлэг, өргөтгөлийн барилгын асуудлыг ярилцсан аж. Энэ онд 34 сургууль, 52 цэцэрлэгийн барилгын ажил эхлэхээр улсын төсөвт суулгасан юм. Эдгээрээс 16 сургууль, 23 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн гурван цогцолборын эрх нийслэлд шилжиж ирсэн байна.

Одоогийн байдлаар нийт 17 сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг нийслэлийн Газрын албаны дарга танилцуулаад газар чөлөөлөх нөхөх олговорт 26 тэрбум төгрөг шаардлагатай байгааг хэлжээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хов аймгийн иргэдтэй уулзахдаа “Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн. Монгол хүн эх орондоо амар амгалан, гэдэс цатгалан, айх аюулгүй амьдрах ёстой. Үүний төлөө Засгийн газар ажиллана. МАН, АН –ын Засгийн газар гэж байхгүй. Улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтрах ёстой. Иргэд ч төр, засгаа аль болох дэмжиж, зөвд зөөлөн, бурууд хатуу байя” гэж хэллээ. Олон жил яригдаж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулна гэв. Тэрээр Засгийн газаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын талаар товч танилцууллаа.

Нутгийн иргэд төр, засгийн удирдлагууд эвийг хичээж ажиллах, гадаад орон руу залуусаа явуулахгүй байх, малын хөлийн татвар бий болгож малын чанар, бэлчээрийн доройтлоос сэргийлэх, орон нутагт цементын үйлдвэр байгуулах зэрэг хүсэлтээ Ерөнхий сайдад илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

П.Өгөөмөр: АНУ БНАСАУ-ын харилцаанд үүсээд буй “түр дулаарал” нь цаг хожих гэсэн тоглолт байж болзошгүй

Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач П.Өгөөмөртэй ярилцлаа.


-Хойд Солонгос АНУ-тай ирэх тавдугаар сард хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаагаа зарласан. Хоорондоо дайсагнадаг энэ хоёр улсын уулзалт дэлхий дахинд их хүлээлттэй байна. Судлаачийн хувьд та Д.Трамп, Кем Чен Ун нарын уулзалт хэрхэн үр дүнтэй болно гэж харж байна?

-БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр болон тив алгасагч баллистик пуужингийн туршилтаас үүдсэн хурцадмал байдал 2017 оны турш үргэлжлэв. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар бүтэн жилийн турш хатуу үг бие бие рүүгээ шидэлцэн, мэдэгдэл гаргаж, байдлыг улам дэвэргэж байлаа. Хоёр улсын гадаадад бодлогын чиг шугам улам хатуу болон өөрчлөгдөж, энэ нь зарим талаараа удирдагчдынх нь хувийн зан төлөвтэй ч холбоотой байх тал ажиглагдаж байв.

Түүхэндээ хоёр улсын хооронд дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байгаагүй учраас энэхүү уулзалт түүхэнд үлдэх томоохон үйл явдал гэдгийг аль, аль тал нь хүлээн зөвшөөрч байгаа учраас нэр хүндээ өсгөхөөр ашиглаж байна. Харин хурлаас гарах үр дүн нь ямар ч ойлгомжгүй байна. Миний хувьд энэ дээд хэмжээний уулзалт болохгүй гэж үзэж байна.

-Яагаад?

-Тухайн бүс нутагт орших бусад орнуудын ашиг сонирхол хөндөгдөх учраас тодорхой шийдэлд хүрэхийн тулд зургаан талт хэлэлцээр ч дахин сэргэх магадлалтай. Ингэснээр түүх дахиад л давтагдах юм.

-БНАСАУ-ын хүсч буй аюулгүй байдлын баталгаа, АНУ-ын санал болгох аюулгүй байдлын баталгаа хоёр нэг байж чадах уу?

-БНАСАУ-ын зүгээс тавих аюулгүй байдлын баталгаа нь тухайн улсын улс төрийн тогтолцоог хүлээн зөвшөөрч, өөрчлөхгүй байх аман бус баталгаа юм. Харин энэ баталгааг АНУ өгч чадах уу. БНАСАУ-ын зүгээс Өмнөд Солонгос, Япон дахь цэргээ эгүүлэн татах шаардлагыг тавьбал АНУ биелүүлж чадах уу гэх зэрэг асуултууд хариулт нэхэж байна. Хоёр улсын харилцаанд үүсээд буй “түр дулаарал” нь олон улсын хамтын нийгэмлэгээс БНАСАУ-д тавьсан эдийн засгийн хоригийг зөөлрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, эсвэл ямарваа нэгэн үйл явдалд цаг хожих гэсэн тоглолт байж болзошгүй.

-Ер нь түүхэнд АНУ-ын хувьд баталгаа гаргаад амлалтдаа хүрч байсан удаа байна уу?

-Бүс нутгийн хувьд БНСУ, Япон, Тайвань зэрэг орнуудад хүйтэн дайны үед өгсөн амлалтаа одоо болтол зөрчөөгүй байна. Гэвч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, химийн зэвсгээ хураалгавал Ливийн улс төрийн тогтолцоог өөрчлөхгүй гэсэн баталгааг Муаммар Кадафид АНУ-аас өгч байсан тохиолдол бий. Гэвч энэхүү амлалтаа АНУ биелүүлээгүй.

-Манай улс Д.Трамп Ким Чен Ун нарын уулзах хамгийн тохиоромжтой орон гэж зарим хүн үзэж байна. Бид НҮБ-ын гишүүн орон. Тиймээс тус байгууллагаас Хойд Солонгост тавьсан хоригийг дагаж мөрдөж байгаа шүү дээ. Ийм байхад Хойд Солонгосын тал Монгол Улсыг болзох газар гэж итгэж чадах болов уу?

-БНАСАУ-ын талаар явуулж байсан Монгол Улсын бодлого 1990 оноос хойш зарчмын хувьд тогтвортой байсан хэдий ч сүүлийн хоёр жилийн хугацаанд гуйвж эхэлснийг тэмдэглэх хэрэгтэй. 2016 онд Умард Солонгос устөрөгчийн бөмбөг турших үед манай улс эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан, 2017 онд НҮБ-аас БНАСАУ-д тавьсан хоригийг дэмжиж, нэгдэн орохоо зарласан. Мөн өнгөрөгч сард Гадаад харилцааны сайд Японд хийсэн айлчлалынхаа үеэр Умард солонгост шахалт үзүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Аливаа асуудлаар тэр бүрчлэн мэдэглэл гаргаад байдаггүй Монгол Улсын энэхүү үйлдэл нь гадаад, дотоодын судлаач нарын анхаарлыг ихэд татсан төдийгүй хоёр улсын харилцаанд ч нөлөөлж болохуйц болчимгүй үйлдэл юм. Иймд Монгол Улс тухайн уулзалтыг зохион байгуулах газар мөн үү гэдэг нь эргэлзээтэй.

-Хэрэв манайд тэд уулзахаар боллоо гэхэд Монгол Улсад ямар ашигтай вэ. Бид ийм өндөр дээд хэмжээний уулзалтыг хүлээн авахад бэлэн үү?

-Түүхэн уулзалтыг зохион байгуулсан гэдгээрээ манай улсын нэр хүнд олон улсын тавцанд нэмэгдэж, 2012 онд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бүс нутгийн яриа хэлэлцээний механизм болоход эерэг нөлөө үзүүлж болох юм. Хятадын санаачилсан “Зургаан талт яриа хэлэлцээ”, Өмнөд Солонгосын санаачилсан “НАРПИ”-ийн ач холбогдол буурч байгаа.

Нөгөө талаас Умард солонгос эдийн засгийн хоригоос гарвал Хятадад нийлүүлж буй нүүрс болон бусад байгалийн баялгийн экспорт сэргэх боломжтой ба Хятадад нийлүүлэх гэсэн нүүрс олборлогч улсуудын хоорондох өрсөлдөөн ширүүснэ. Энэ нь Монгол Улсын хувьд таатай нөхцөл байдал болох уу гэдэг нь сонирхолтой.

-Ким Чен Ун, Д.Трамптай хэлэлцээрийн ширээний ард суухаар болсонд Өмнөд солонгосчууд их баярлаж байх шиг байна. Уулзалт амжилттай болвол нөхцөл байдал яаж өөрчлөгдөх вэ?

-Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулах хамгийн өндөр магадлалтай хоёр улсын тэргүүн уулзах гэж буй явдлыг бүс нутгийн улс гүрнүүд нааштай хүлээн авч байгаа.

Д.Трамп, Ким Чен Унаас гадна дахин сонгогдох боломжоо нэмэгдүүлэх зорилгоор БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин идэвхтэй улс төрийн тоглолт явуулж байна. Иймдээ ч хоёр улсын харилцааг сайжруулахын тулд өмнөдийн зүгээс хүчин чармайлт гаргах хэдий ч АНУ-ын ерөнхийлөгч болчимгүй үйлдлүүдээс энэхүү хэлэлцээр унах магадлал өндөртэй.

Ерөнхийдөө бол “түр дулаарал”-ын хугацаа дуусч, нөхцөл байдал эргээд дайсагнасан хэлбэртээ шилжинэ гэж үзэж байна.


Categories
мэдээ улс-төр

С.Баярцогт дансаараа 10 сая ам.доллар хүлээн авсан тухай “Ройтерс” мэдээллээ

С.Баярцогт зурган илэрцүүд

Швейцарийн хуулийн байгууллага өөрийн улсын банкин дахь нийтдээ 1.85 сая ам.долларын үлдэгдэлтэй данснуудыг царцаасан талаар “Ройтерс” мэдээллээ. Уг мэдээлэлд “Рио Тинто”-гийн олборлолтын гэрээ байгуулахад Монгол Улсын Сангийн сайд асан дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй бөгөөд авлигын хэргийг шалгах ажлын хүрээнд дээрх арга хэмжээг авсан байна. Швейцарийн Ерөнхий прокуророос С.Баярцогт өөрийн дансуудын нэгээр “Рио Тинто”-гоос 10 сая ам.доллар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар 2009 онд “Рио Тинто”-той С.Баярцогтын байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг шалгаж байгаа бөгөөд гэрээ байгуулсны дараа “Рио Тинто” компани “Оюу Толгой” төслийг эхлүүлсэн.

Мэдэгдэлд “Гадаад орны засгийн газрын сайдын албан тушаалд дөнгөж томилогдсон хүн ийм их хэмжээний мөнгө хүлээн авсан нь сэжигтэй байгаа төдийгүй Сангийн сайд байхдаа Баярцогтын гарын үсэг зурсан гэрээ Монголын талд хохиролтой байж магадгүй байдал ажиглагдаж байна” гэжээ. 2008 оны есдүгээр сард буюу С.Баярцогтыг Сангийн сайдаар томилогдсон үед түүний нэрийн дансанд 10 сая ам.доллар шилжиж орж ирсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Монголын цэрэг армийн домогт генерал Батын Дорж

“Монгол ард” эскадрилийн нисгэгч, ЗХУ-ын баатар Г.С.Петровский, Маршал Ю.Цэдэнбал, Б.Дорж генерал, БХЯ-ны зөвлөх В.П.Дороднов, Арын эгнээнд: УТГ-ын зөвлөх Н.Д.Зеленин, Д.Ёндондүйчир, С.Батаа, Б.Цог, Ч.Пүрэвдорж нарын генералууд. 1978 он

Монгол Улсын батлан хамгаалах салбар болоод цэрэг армийн түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяатан бол Батын Дорж генерал юм. Тэрээр 1948-1952 онд Москва хотноо дэлхийн алдарт М.В.Фрунзегийн нэрэмжит цэргийн академийг, дараа нь Ворошиловын нэрэмжит Зөвлөлтийн Зэвсэгт хүчний жанжин штабын академийн дээд курсыг төгсжээ. Төрж өссөн унаган нутаг нь Завхан аймгийн Алдархаан сум. Дорнын их найрагч Явуухулан, “Зам”, “Хошуу цагаан нутаг” тэргүүт бүтээлээрээ алдартай Намсрайн Банзрагч нарын авьяас билэгтнүүдтэй нэг нутгийнх. Алдархаан сумандаа тариа тарьж, адуу мал маллаж байгаад гучин таван онд цэргийн албанд татагдан нийслэл Улаанбаатар хот дахь нэгдүгээр морьт дивизийн Бага даргын сургуульд хуваарилагдсан байна. Ингэж туурга тусгаар орныхоо бүрэн бүтэн байдлыг хангах их үйлсийнх нь гараа эхэлсэн ажгуу.

Цэргийн албанд нэг, хоёр жилийн нүүр үзээд л салаан дарга болон дэвшиж улмаар нэгдүгээр морьт хорооны сумангийн дарга болжээ. Гучин есөн он буюу Халх голын дайны жил хорин таван насандаа ардын цэргийн морьт дивизийн дарга бөгөөд Улаанбаатар гарнизоны даргын хариуцлагатай албанд томилогдох нь тэр. Идэр залуухан захирагч Доржийн удирдсан морьт дивиз Халхын голд байлдаж буй анги салбаруудыг бие бүрэлдэхүүнээр хангах эх орны даалгавартай. Үндсэндээ дайны хүнд бэрх жилүүдэд цэргийн албанд татагдан ирсэн залууст цэргийн эрдэм сургах, дайны талбарын урьдчилсан нөхцөл байдлыг хангах ярвигтай үүргийг хүлээж байсан нь энэ. Хорин хэдтэй залуу морьт дивизийг чадварлаг удирдаж, байлдааны цагийн хатуу даалгаврыг биелүүлэн, цэргийн даргын төрөлхийн авьяастай болохоо батлан харуулсан гэдэг. Олон ч дурсамж дурдатгалд энэ тухай өгүүлжээ.

Халхын голын дайнд монгол цэргийг гардан удирдаж байсан Монгол Улсын баатар, хурандаа генерал Жамьянгийн Лхагвасүрэн “Батын Дорж Улаанбаатар хот дахь нэгдүгээр морьт дивизийг удирдаж байхдаа шинэ цэргийг сургаж хүмүүжүүлэх ажилд идэвхийлэн зүтгэж, үүргээ нэр төртэй биелүүлснийг би бахархан тэмдэглэмээр байна. Халхын голд байлдаж байгаа ангиудыг Доржийн дивизээс хэд хэдэн удаа нөхөж хангасан юм. Тэд цөм байлдааны үүргийг гарамгай сайн биелүүлснийг хэлэх нь зүйтэй” хэмээжээ. Барагтайд үг унагаад байдаггүй залуу жанжны энэхүү тодорхойлолт Батын Дорж генерал Халхын голын дайнд ямар том үүрэг хүлээж, түүнийгээ нэр төртэйгөөр биелүүлснийг хэлээд өгч байна. Дайны талбарт эх орныхоо төлөө эрслэн боссон залуучуудыг цэргийн эрдэмд сургаж, зоригжуулж, итгэл үнэмшилтэй болгож дээд командлалаас өндөр үнэлэлт авсан түүнд Монголын цэрэг арми итгэл хүлээлгэн 1940 онд Дотоод явдлын яамны Хязгаарын ба дотоод цэргийн хэрэг эрхлэх газрын даргаар томилов.

Тухайн цаг мөчөөс хойш тэрбээр амьдралынхаа 20 шахам жилийг Монгол Улсын дархан хилийг баталгаажуулах, хамгаалах үйлсэд зориулсан. Тодруулбал, хилийн цэргийн командлагчаар ажиллаж байх хугацаандаа эх орны баруун хязгаарыг тохинуулах, Оспанийн хасгийн дээрэмчдийн удаа дараалсан дайралтуудыг няцаах оролдлогыг амжиллтай хийсэн юм. “1940-1948 онд Гоминдаан, Оспаны зүгээс баруун ба баруун өмнөд хилээр манай улсад халдан цөмөрч улмаар түрэмгийлэлээ өргөжүүлэн тэлэхээр зэхэж байсан үед “Мажиг” гэдэг нууц нэртэйгээр баруун хилд очиж байлдааны ажиллагааг удирдсан. Хилийн цагийн байдалд тохируулан шийдэмгий, шуурхай ажилласны дүнд дайны байдалд хүргэхгүйгээр Монгол Улсын хил хязгаарын аюулгүй байдлыг хангаж чадсан бөгөөд тэр ажиллагаа нь генерал Батын Доржийн стратегийн мэдрэмж, удирдан зохион байгуулах авьяас чадварын цар хүрээг тод харуулсан. Тэрбээр 1943-1944 онуудад Оспантай Маршал Х.Чойбалсанг Ховд аймгийн Булган сумын Алагтолгойд, Булган голын Майхан толгойд, өөрөө биечлэн хэд хэдэн удаа уулзуулж харилцан найрамдалтай байх….” гэж баруун хилийн тулгаралтын түүхэн дурдатгалд бий.

Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандар, Монгол Улсын баатар, Армийн генерал Батын Дорж, Монгол Улсын баатар Дүгэрийн Нянтайсүрэн нар

Энэ тухай цэргийн шинжлэх ухааны доктор, дэслэгч генерал Ш.Арвайн дурдатгалыг сөхье. “1940 онд Монголын цэргийн даргаар томилогдон, Монгол, Орос, Япон, Манж дөрвөн улсын хилийн маргааныг шийдвэрлэхэд толгойлон оролцсон билээ. Үндсэндээ улсын хил тогтоох хамтарсан комиссын Монголын талын хэсгийн даргаар Б.Дорж гуайг томилсон байна. 1940 оны хавраас жил дамнан Буйр нуурын умард эргийн Улаан ганга хэмээх газраас Нөмрөг голын өмнө орших амралтын уул хүртэлх 215 км газарт улсын хилийг тогтоож, 132 хилийн багана босгосон түүхтэй. Энэхүү тогтоосон хилийн шугам нь 300-гаад жилийн өмнө буюу 1734 онд тогтоосон хилийн зурвастай нийцсэн. Энэ нь хожим 1962-1964 онд Улсын хилийн шугамыг газар дээр нь дахин тогтоох эрх зүйн суурь болж өгсөн” гэж өгүүлжээ. Баруун хилийн тулгаралт буюу домогт Байтаг Богд, Бүдүүн харгайт, Их, Бага Хавтага, Мэргэн уул, Бор Цонжийн говь, Хонин усны говь, Зээгийн ус, Аргал шанд зэрэг баруун Алтайн уул, ус, их говь цөл нутагт эх орныхоо төлөө амь хайрлалгүй тулалдсан эрсийн баатарлаг гавьяаг Дорж генерал “Эх орны төлөө цохилох зүрх” номондоо тодорхой бичсэн байдаг.

Дорж генералыг хязгаарын газрын дарга байхад нь нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан эрхэм бол хурандаа генерал Жарантайн Авхиа билээ. “Миний бие 1945-1947 онд Дорж генералын бие хамгаалагч, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Дөчин долоон онд баруун хилийн байлдааныг удирдахад нь хамт гар бие оролцож байлаа. Дорж гуай бол энгийн даруу, ноён нуруутай, ааш зан сайтай цэрэг армийн гарамгай удирдагч байсан. Би гэдэг хүн Дорж гуайн гараар орж байж л жинхэнэ цэргийн хүн болсон доо” хэмээн бахдал дүүрэн хэлсэн удаатай. Дорж генералыг хүн таньдаг, түүнийхээ зэрэгцээ сурган хүмүүжүүлэх онцгой авьяастай нэгэн байсныг өөрийн амьдарч асан, мөн шавь нарынх нь Монголын цэрэг армийг удирдаж буй он жилүүд батлан харуулдаг юм. Тухайлбал, цэргийн хүн болгон хүмүүжүүлсэн олон зуун генерал, офицерууд 1970-1990 оны Монголын арми, зэвсэгт хүчний нүүр царай болж байсан. Мөн тэдний шавь нар нь өдгөө ч зэвсэгт хүчний шинэчлэлийн манлайд явж байна.

Ерэн оноос эхэлсэн цэрэг, армийг эрс өөрчлөн шинэчлэх амаргүй ажлын ачааны хүндийг үүрч, зэвсэгт хүчнийг өнөөгийн түвшинд хүргэх ажлыг удирдсан манай өндөр боловсрол мэргэжилтэй генерал, офицеруудын ихэнх нь чухамдаа Б.Дорж сайдын үед л сонгогдон шалгагдаж гарч ирсэн хүмүүс гэгддэг юм билээ. Далаад оны эхээр гэхэд л генерал Ж.Ёндон ЗХУ-д Жанжин штабын академи дүүргэж ирээд Б.Дорж генералын дэргэд, шууд удирдлагад нь байж улмаар Жанжин штабын даргаар ажиллаж, цэргийн шинэчлэлийг эхлүүлж байсан. Тухайн он цагт гуч гаруйхан настай шижигнэсэн залуус байсан Л.Моломжамц, Ч.Пүрэвдорж, Ш.Жадамбаа, Д.Гэндэнпил, С.Гомбосүрэн гэх мэт хожмын сайд, Жанжин штабын дарга, удирдах тушаалын генералууд бүгд Б.Дорж сайдын сонголтоор, түүний дэмжлэгээр дэвшин гарч ирсэн хүмүүс гэдэг. Ер нь Дорж генералын үед цэргийн албаны нэр хүнд илт сэргэж, офицер, ахлагч нарт удаан жилийн нэмэгдэл олгох, одон медалиар шагнах, цалин хангамжийг нь сайжруулах, цэргийнхэнд зориулсан орон сууцны хорооллууд босгох гээд олон асуудлууд дурдагддагийг Монголын цэрэг армийн үе үеийн удирдлага, зүтгэлтнүүд тодотгодог юм.

“Орчин цагийн дайны шинж чанар, цэргийн хэрэгт гарсан хувьсал, зэвсэгт тэмцэл явуулах онол, практикийн өөрчлөлттэй уялдуулан Монгол ардын хувьсгалт цэргийг “Морьт цэргийн байгуулалтаас эхлээд буудлагын, дараа нь “Мото буудлагын цэрэг” болгон өөрчлөн байгуулах эхлэлийг тавьсан. Энэ үеийг “морьт цэргээс орчин үеийн арми байгуулсан шилжилтийн үе” ч гэж нэрлэдэг. Олон улсын цэрэг-улс төрийн цагийн байдлаас урган гарч ирсэн шаардлагад зохицуулан монгол цэргийн байгуулалтад зарчмын өөрчлөлт хийж, армийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох тулгын чулууг тавих их ажлын эхлэлийг тавьсан хүн нь мөн л Дорж генерал гэдэг. Эл домогт эрхэм 1944 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор хошууч генерал цолоор шагнуулсан түүхтэй. Монголын анхны 11 генералын нэг юм. Тавин зургаан онд дэслэгч генерал, жаран есөн онд хурандаа генерал, далан нэгэн онд Ардын хувьсгалын түүхт 50 жилийн ойгоор армийн генерал цолоор шагнуулсан. Цэргийн нэрт жанжнаас гадна Монголын гадаад харилцаа, дипломат албанд багагүй олон жил ажиллажээ. Ардчилсан Солонгост Элчин сайдаар ажиллаж байгаад дараа нь тухайн үеийн Ардчилсан Герман улс, мөн Холбооны Бүгд найрамдах социалист Югослов улсуудад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.

“Би Дорж гуайг Батлан хамгаалахын сайд байхад нь эхлээд орчуулагчаар нь ажиллаад удалгүй нарийн бичгийн даргаар нь ажилласан. Далан найман онд эрүүл мэндийн байдлаас болоод Авхиа гуайд ажлаа хүлээлгэж өгсөн. Ингээд ахмад зүтгэлтний хорооны даргаар явахдаа намайг аваад явсан. 1982 оны наймдугаар сар хүртэл буюу насан эцэслэтэл нь 10 жил хажууд нь бараа болсон. Элчин сайдаар олон жил ажилласны хувьд гадны орнуудад маш их нэр хүндтэй Болгар, Польш зэрэг орнуудын тэргүүнүүдтэй зузаан харилцаатай байв. Хүнийхээ хувьд гүндүүгүй, ёстой нэг монгол хар ухааныг нэвчтэл шингээсэн хүн байсан. Хатууд хатуу, зөөлөнд зөөлөн нэгэн байлаа” гэж “Батын Дорж” сангийн тэргүүн Цэдэвийн Мянган хэлж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд 100 жилийнх нь ойгоор бахдам он жилүүдийнх нь түүхийг бичиглэсэн ном бүтээл гаргаж байжээ.

“Дэлхийн хоёрдугаар дайны үед нам, засгийн даалгаврыг үлгэр жишээчээр биелүүлж ирснийг болон улсын батлан хамгаалах хэргийг биелүүлэхэд байгуулсан их гавьяаг нь үнэлж…” хэмээх Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар далан дөрвөн онд Монгол Улсын баатар цолоор шагнасан байдаг. Зарим хүмүүс баатрынх нь алтан соёмбыг баруун хилийн тулгаралттай, эх орныхоо дархан хилийг бүрэн бүтэн үлдээсэнтэй нь, дайны байдалд хүргээгүй гавьяатай нь холбодог юм. Монгол Улсын батлан хамгаалах яамны сайдаар хоёр удаа, Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдаар мөн хоёр удаа, Хилийн цэргийн дарга буюу командлагчаар мөн л хоёронтоо томилогдон ажиллаж байсан нэгэн. Монгол Улсын түүхэнд армийн генерал цолыг анхлан хүртсэн түүхт эрхэм, хорьдугаар зууны монгол цэргийн гарамгай зүтгэлтний тухай товчхон өгүүлэхэд ийм буюу.

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганзориг: Эдийн засаг таамаглаж байснаас хурдацтай өсөж байна

Монголын эдийн засаг өнөөдөр ямар байдалтай байна вэ. Өсөлт үргэлжлэх үү, буурах уу. Цаашид биднийг эдийн засгийн ямар орчин хүлээж буй талаар шинжээч Г.Ганзоригтой ярилцлаа.


-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна?

-2017 онд эдийн засгийн өсөлт 5.1 хувьтай гарсан. Манай банкны шинжээчид дөрөв орчим хувьтай өсөлт таамаглаж байсан ч бодит байдал илүү хурдацтайгаар сайжирч байна. Дан ганц эдийн засгийн өсөлтөөс гадна маш олон макро үзүүлэлтүүд эерэг гарч эхэлсэн. Жишээ нь, ажилгүйдлийн түвшин 2017 оны эцэст 7.3 хувьтай гарлаа. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гарсан хамгийн сайн үзүүлэлт. Энгийнээр ажил олдоц сайжирсан байна л гэсэн үг. Мөн хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт буюу улсын инфляци 1.1 хувиас 6.4 хувьд хүрсэн. Тэгэхээр эдийн засаг бидний таамаглаж байснаас хурдацтай өсөж байна гэж харж байна.

Гэхдээ иргэд энэ тоог янз бүрээр л хүлээж авах байх л даа. Учир нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байх нь сөрөг үзэгдэл. Гэтэл энэ үед эдийн засаг өслөө гэж ярихаар иргэд төөрөлдөж болох юм. Ойлгомжтойгоор хэлэхэд эдийн засаг өсөж буй үед гардаг сөрөг үр дагавар гэж бий. Энэ нь бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт юм. Хоорондоо хамааралтай байдаг гэсэн үг. Тодорхой зорилтот түвшинд байлгаж чадвал инфляци нь муу зүйл биш.

-Эдийн засгийн өсөлтөд юу нөлөөлж байна вэ?

-Мэдээж гадаад орчны нөлөө гэж хэлнэ. Манай Монголын эдийн засгийн өсөлт, бууралтыг харвал таваарын үнэтэй нягт хамааралтай байдаг. Хэрэв олон улсын зах зээл дээр нүүрс болон зэсийн үнэ өсвөл Монголын эдийн засаг өсдөг. Эсрэгээрээ нүүрс болон зэсийн үнэ буурвал манай эдийн засаг туйлдаа хүрдэг. 2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувь хүрч байсан. Цаад шалтгаан нь мэдээж таваарын үнэ. Австралид үер болж олон улын зах зээл дээр нүүрсний үнэ тэнгэрт хадсан. Манай нүүрсний экспортын дундаж үнэ ч мөн адил өсөж, тонн нь 100 ам.доллар давсан. Гэтэл нүүрсний үнэ олон улсад муудаж, манай дундаж экспортын үнэ 2016 онд 30 ам.доллар хүрсэн юм. Энэ нь манай эдийн засгийн өсөлтөд шууд тусгалаа олсон. 2016 оны гуравдугаар улиралд эдийн засаг 1.4 хувиар агшсан. Үүнийг бид Монголын эдийн засаг доод цэгтээ хүрсэн гэж хардаг. Үүнээс хойш бидэнд аз тохиож нүүрсний үнэ өссөн. Өнөөдөр манай нүүрсний экспортын дундаж үнэ 70 орчим ам.долларт хүрээд байна. Оны эцсийн байдлаар 33 сая тонн нүүрс экспортолсон байна шүү дээ. Том амжилт, бас том аз. Гэтэл дахиад азтай зүйл 2017 онд манайд болов. Тэр нь зэсийн үнийн өсөлт юм. Лондонгийн металлын бирж дээр тонн нь 7000 ам.долларт маш ойрхон дүнгээр арилжаалагдаж байна. Энэ нь ч бас бидэнд нөлөөлж манай экспортын зэсийн дундаж үнэ 2018 оны нэгдүгээр сард 1300 ам.доллар болсон. 2015 оноос хойш ийм үнэд хүрээгүй. Үр дүнд нь манай гадаад худалдааны тэнцэл оны эцэст 1.86 тэрбум ам.доллартай гарсан юм. Энэ нь түүхэнд байгаагүй өндөр дүн. Энгийнээр хэлэхэд 2017 онд Монголын зах зээлд зөвхөн бараа, таваарын гадаад худалдаанаас 1.86 тэрбум ам.доллар орсон байна.

Зөвхөн таваарын үнээс гадна ОУВС-ын хөтөлбөр хэрэгжсэн нь манайд эерэгээр нөлөөлсөн. 2017 оны хавар ОУВС-ын хөтөлбөр эцэслэгдэж 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх болсон. Үүнээс 2.2 тэрбум орчим ам.доллар нь манай төв банк, БНХАУ-ын төв банктай хийсэн своп хэлцэл. Тэгэхээр яг ч манайд орж ирэх мөнгө биш. Харин үлдсэн 3.3 тэрбум нь манай эдийн засагт гурван жилийн хугацаанд орж ирж байгаа юм. ОУВС-ын хөтөлбөр нь таван зорилготой хэрэгждэг. Төсвийн сахилга бат, төв банкны бие даасан байдал болон санхүүгийн секторыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, эмзэг давхаргыг хамгаалах гэсэн үндсэн таван зорилготой. Үүний хүрээнд төсвийн алдагдлыг тодорхой түвшинд хүртэл буулгах зорилт тавьсан нь 2017 онд биелсэн юм. Тодруулбал, жилийн дотор төсвийн алдагдал хоёр дахин буурсан. Энэхүү ОУВС-ын хөтөлбөрийн нөлөө нь зөвхөн орох валютын урсгалаас гадна эдийн засгийн бусад үзүүлэлтүүдэд нөлөөж буй нь энэ юм. Гадаад хөрөнгө оруулагчдын ч итгэлийг сэргээж байна. Манай гадаадын шууд хөрөнгө оруулалт ч 2017 онд хоёр дахин өссөн. Дээрээс нь Монголын олон улсад гаргаж буй бондууд амжилттай санхүүжүүлэгдэж байна. Үүнд “Хуралдай” болон “Гэрэгэ” бондыг нэрлэж буй хэрэг. Сайн мэдээ үүгээр зогссонгүй, зээлжих зэрэглэл ч сайжирлаа. 2018 оны нэгдүгээр сард “Мүүдис” агентлаг манай улсын зэрэглэлийг нэг шатлал ахиулсан.

Тэгэхээр Монголын эдийн засаг сайжрахад ОУВС-ын хөтөлбөр болон таваарын үнэ л голлон нөлөөлөөд байгаа юм. Нөгөө талаасаа гадаад орчны нөлөө их хэврэг л дээ. Таваарын үнэ савлахад л манай эдийн засаг эргээд 2016 оны нөхцөл байдал руугаа орох эрсдэлтэй.

-Эдийн засаг өсөж байна гэж байна. Гэхдээ энэ нь ард иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ?

-Иргэдийн амьдралд энэхүү эдийн засгийн өсөлт шууд нөлөөлдөг. Үндсэн гурван сувгаар, маш хялбараар нөлөөлдөг хэмээн харж болно. Юун түрүүнд, компаниудын орлого өсөж байна. Ажилчдын цалин нэмэгдэж байна. Ажил олдоц ч сайжирч байна. Ерөнхийдөө эдийн засгийн хэмжээг бид Дотоодын нийт бүтээгдэхүүн гэх хэмжүүрээр хэмждэг. Эдийн засаг өслөө гэхээр тус үзүүлэлт өслөө л гэж ойлгоно. Харин Дотоодын нийт бүтээгдэхүүнд тухайн жилийн компаниудын ашиг болон ажилчдад олгосон цалин хоёрыг оруулан тооцдог. Хялбараар эдийн засаг өслөө гэдэгт бид компаниудын ашиг болон иргэдийн цалин сайжирчээ л гэж ойлгоно. Тэгэхээр шууд утгаараа иргэдийн орлого нэмэгдсэн байгаа. Хоёрт, ам.долларын ханш тогтвортой байна. Бид ихэнх бараагаа гаднаас оруулж ирдэг. Харин ам.долларын ханш өсөөд байх нь иргэдэд тэдгээр барааны үнийг өсгөж, хортойгоор нөлөөлдөг. Одоо ер нь гар утас хэрэглэдэггүй хүн гэж байхгүй. Утасны үнэ өртгөөс л бүх юм тодорхой харагдах болно.

Харин 2017 онд ам.долларын ханш эсрэг зүгт хөдөллөө. 2016 оны эцэст ам.доллар 2500 орчимд байсан бол өнөөдөр 2400 болж буусан байна. Төдий чинээгээр л бидний хэрэглэж буй гар, утас болон автомашины үнэ буурсан гэсэн үг. Харин бидний таамаглаж буйгаар цаашид ч ам.долларын ханш тогтвортой байна хэмээн харж байна. Дээр хэлсэнчлэн их хэмжээний валютын орох урсгалын л ач.

Түүнчлэн зах зээл дээр хүү буурч байна. Үүнтэй уялдан бүх төрлийн хүү буурсаар байна. Зээлийн хүү ч мөн адил. Энэ бол маш олзуурхууштай хэрэг. Иргэд болон компаниуд илүү хямд өртөгтэй санхүүжилт авах боломж ийнхүү бүрдээд эхэллээ гэсэн үг. Тэгэхээр эдгээр жишээнээс макро эдийн засгийн өсөлт иргэдэд маш их хамааралтай гэдгийг харж болно.

-Иргэдийг бухимдуулдаг зүйлийн нэг нь яахын аргагүй өндөр хүү мөн. Тэгвэл хүү хэрхэн буурсан талаар тодорхой танилцуулаач?

-2016 оны арванхоёрдугаар сард Төвбанкны бодлогын хүү буюу зах зээлийн суурь хүү 15-н хувь байсан. Энэ нь мэдээж ам.долларын ханшийн огцом өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ байсан. Харин эдийн засаг сайжирч, ам.долларын ханш тогтворжихын хэрээр суурь хүү буурах боломж нь бүрддэг. Оны эцсийн байдлаар суурь хүү 11 хувь болтлоо буурсан байна. Ганцхан жилийн дотор суурь хүү ийнхүү дөрвөн нэгж хувиар бууж байсан түүх манай улсад байхгүй. Үүнийг дагаад банкуудын хадгаламжийн хүү болон зээлийн хүү ч дагаад буурах учиртай. Банкны системийг харах юм бол төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 2016 онд 20.6 хувь байсан бол 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 19.4 хувь болж буурсан байна. Харин ам.долларын зээлийн хүү 13 хувиас 10.8 хувь болж буурчээ. Хадгаламжийн хувьд авч үзвэл төгрөгийн хадгаламж 13.4 хувиас 12.6 хувь болсон ам.долларын хадгаламж 6.5 хувиас 5.8 хувь болж буурсан. Энд дандаа жигнэсэн дундаж хүүг ярьж байгааг ойлгох нь зүйтэй. Мэдээж зээл болон хадгаламжийн төрлүүд өөр хоорондоо адилгүй. Тэгэхээр хүүний түвшин нь ч өөр, өөр гэсэн үг. Гэхдээ системийн хэмжээнд банкны бүхий л бүтээгдэхүүний үнэ нь буурсан буюу бүх бүтээгдэхүүний хувьд хүү буурсан байна хэмээн ойлгож болно.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Архинд гарсан ээжий минь та…?!?

Монголчууд бид “Аргалд явсан ээжий минь та, арай дэндүү удлаа шүү дээ…” гэх үгтэй “Аргалд явсан ээж” дууг мэднэ. Энэ бол дуу. Харин амьдрал дээр ээжүүд архинд явдаг болжээ гэдгийг сая хэдхэн хоногийн өмнө болсон Мартын 8-ны баяр харууллаа. Юу гэнэ вэ, зөвхөн Мартын наймны өдөр архидан согтуурснаас гэртээ хэрүүл маргаан үүсгэсэн, агсам тавьсан гэх утгатай, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 430 дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ нь жирийн өдрүүдтэй харьцуулбал огцом өссөн тоо. Энэ ч гайгүй. Мартын наймны шөнө Эрүүлжүүлэх байруудад нийтдээ 178 эмэгтэй хоносон гээд бод доо. Согтуу галзуу, гэр орноо олохгүй болтлоо согтуурсан тэднийг хонуулдаг газар байсан нь аз юм. Хэрвээ тийм бишсэн бол хичнээн эмэгтэй амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирох байсан юм билээ. Уг нь гуравдугаар сарын 8-ны өдрийг дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалж тайван жагсаал хийдэг уламжлалтай. Гэтэл манайд энэ өдрийг огт өөрөөр, баярын өдөр хэмээн ойлгож архиддаг. Баяраар заавал архиддаг гэдэг нь ч бас хаанаас гарсан “заншил” юм бол доо. Архидалт нь нэг өдөр ч биш олон өдөр дамнана. Энэ их хавтгайрал нь нийгэм даяарх үзэгдэл болж “Эмэгтэйчүүд 7-нд албан газар дээрээ, 8-нд гэртээ, 9-нд нууц амрагтайгаа “Март”-лж дуусгалаа даа” гэж том багагүй шүүмжилж байна. Мартын наймны баяр замбараагүй баяр болж хувирч байгаа нь нүднээ ил.

Социализмын үед нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг байсан баяруудаас хоёрхон л баяр үлдчихээд байна. Тэр нь ёолк, нөгөөх нь Мартын 8. Ёолкоор хамт олноороо нийлж наргиж цэнгэнэ, Мартаар ч гэсэн хамт олон, байгууллага, компаниараа нийлцгээчихдэг. Эдгээр баяр нийгэмд, гэр бүлийн уур амьсгалд маш ноцтой муу нөлөө үзүүлж гэр бүлийн нандин харилцаа, ариун холбоог сэвтүүлж хэлж баршгүй хор уршиг тарьж байна.

Мартын найман социалист нийгэмд байсан завхайрлыг капиталист нийгэмд чирж оруулж ирсэн баяр болчихлоо. Өмнөх нийгмийн үед иргэдийг, нийгмийн бүхий л анги, давхаргыг зохион байгуулалттайгаар завхайруулдаг байсан юм. Иргэд ярихдаа социалист нийгэм асар их журамтай байсан гэлцдэг ч үнэндээ завхайрлыг хамгийн ихээр өөгшүүлдэг байсан. Тэр нийгэмд залуу халуун насаа өнгөрөөсөн хүмүүсийн яриагаар бол зохион байгуулалттайгаар, сэмхэн, нийтээрээ завхайрахыг дэмждэг байсан нь харагддаг. Амралтанд явах, албан байгууллага, хамт олны нийллэг зохиох зэргээр завхайрлыг сэмхнээр дэлгэрүүлсээр ирсэн. Социалист нийгэмд хамт олон бол үргэлжид гэр бүлийн дээр тавигддаг байлаа. Угаас тэгж номлодог ч байсан. Байгалийн жамаар бол гэр бүл бүхнээс дээгүүрт, нэгдүгээрт тавигддаг байх ёстой. Гэр бүлээ үл ойшоож хамт олноо тэргүүнд тавьснаар тухайн хүний амьдралын утга тэр чигээрээ алдагддаг. Мэдээж шүү дээ, нэгдүгээрт тавигдах гэр бүлээ хоёрдугаарт эрэмбэлчихээр завхайрал дэгдэж, гэр бүлийн нандин харилцаа, халуун дулаан уур амьсгал эвдэгддэг. Гэвч үүнийг өмнөх нийгмийн үед өчүүхэн ч анзааралгүй хамт олон гэдэг бүлгийг чухалчилж тэднээс зайгаа барьсан нэгнээ “Хамт олонтойгоо нийлдэггүй, хамт олноосоо хойшоо суудаг, хувиа бодож довоо шарлуулсан амьтан, гэртээ л хэвтэж байдаг этгээд, хамт олны ажлыг хойшоо татдаг зантан” гэхчлэн газар дотор ортол нь загнаж чичилнэ. Тэр үед ингэж чичлүүлэх шиг том шийтгэл үгүй. Хэдий социализмын үед нийгмээрээ, бүгдээрээ гэр бүлийн нандин харилцаа чухал, гэр бүлээс гадуурх харилцаа хэрхэвч байж болохгүй, гэр бүлийн байдал тогтвортой байх ёстой, завхай, зайдан явдал бяданд огтоос таарахгүй гэх мэтээр номлодог байлаа. Ингэж “донгодчих”-оод гэр бүлийн өмнө хамт олноо нэгдүгээрт тавьчихаар хүний хамгийн нандин, зүрх сэтгэл, гэр бүл уланд гишгэгдчихдэг. Мартын 8-ны баяр яг энэ үзлийг тээсэн баяр болчихоод байна. УИХ, Засгийн газраас энэ баярыг дэмжиж, яам, тамга, албан газар болон хүүхнүүдээ хүлээж авч баярлуулж байгаа нь энэ гээд хоол, архиар шахдаг. Энэ жилийн Мартын 8-ны гурван хоног тэр чигээрээ архидалт байлаа. 8-ны орой дэлгүүрүүдийн архины тасаг, лангуунд дарс, лёкор зэрэг чихэр амттай, зөөлөн сархадууд дуусчихсан, цагаан архинууд ч тэр багасчихсан харагдсан. Тийм болохоор 200 эмэгтэй эрүүлжүүлэхэд хонохоос ч яах вэ дээ. Гэтэл Цагаан сарын баяраар эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай нэг ч хүн эрүүлжүүлэхэд ордоггүй. Гэр бүлийн баяр, гэр бүлээрээ тэмдэглэдэг баяр гэдэг ийм л байдаг.

Энэ орчлонгийн хамгийн сайхан, эмзэг турьхан, элбэрэлт, ачлалтай эмэгтэйчүүдийн баяр хэмээн ихэд сайхнаар “цоллодог” ч ингэж эх захаа алдан байж тэмдэглэнэ гэвэл болих хэрэгтэй. Нөгөө ялгуун сайхан, эрхэмсэг чанар нь алдагдаж баяр биш зүхэл, гомдол, шарталт, бүр хагацал ч дагуулж мэдэхээр баяр болчихлоо. Энэ баярыг урлагийн хүмүүс, пүүс компаниуд овжиноор ашиглаж элдэв янзын зар сурталчилгаа хийдгийг нь хориглох хэрэгтэй. “Би ээжтэйгээ байгаа, сайхан байна. Харин чи ээжийгээ үхүүлчихсэн. Хохь чинь” гэсэн ийм утгатай харгис сурталчилгаануудыг үүнээс хойш зогсоомоор байна. Дэлхийн хүн амын гуравны нэг нь ээжгүй байдаг. Тийм байсаар атал “Миний ээж хөөрхөн. Би сайхан ээжтэй” гэж бүхий л сувгаар сурталчилаад хашгирахад ээжээ алдчихсан, хорвоогийн жамаар хагацал амссан сэтгэлийн шархтай хүмүүсийн өр нь өмөрч, харууслын гашуун нулимсаа залгилж суудаг шүү дээ.

Энэ мэтээр Мартын 8-ныг хүний ёсноос гадуур, хэрцгий байдлаар тэмдэглэхийнхээ оронд албан ёсоор нь зөв зүйтэй тэмдэглэн өнгөрүүлэх нь бүх зүйлд нийцнэ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж хурал цуглаан зохион байгуулж, эмэгтэйчүүдийн эрх чөлөө, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж төр засагтаа ханддаг байх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр архи уудаг нь арай хоцрогдсон, дундад зууны явдал биш үү. Харин Мартын 8-ны баяраар тэмцэл хийх гэж үзээд байгаа иргэний хөдөлгөөний хэдэн нөхөд нийгэмд дуугаа цуурайтуулж, үзэл бодлоо хүргэе гэж байгаа бол жагсаал цуглаан хийдэг ном ёсыг нь дагаач. Шалдан хүн заавал зогсоох, олуулаа лоозон барьж жагсах хоёрын хооронд асар их ялгаа бий. Хүнд хүрэхийн хувьд олуулаа лоозон барьж нэгдэх нь илүү үр дүнтэй. Талбай дээр хүн шалдаллаа гээд яах юм. Өсвөр насны хэдэн банди нарт л сонин харагдах биз. Өөр хүмүүс бол тоох ч үгүй. “Ингэж гажигтдаг нь яаж байгаа юм бол” гээд л өнгөрнө. Иргэний хөдөлгөөний тэмцэл гэдэг лоозон барихаас гадна үзэл санаагаа хурц, тодоор илэрхийлсэн нийтлэл бичих, хурал цуглаан дээр илтгэлээ хэлэлцүүлж, үзэл санаагаа илэрхийлсэн зурагт хуудас тарааж, тэрийгээ энд тэнд нааж, нэвтрүүлэг бэлтгэж, сонин хэвлэлээр үгээ дайдаг сонгодог хувилбарууд бий. Иргэний хөдөлгөөнүүд ингэж л ухаалгаар өөрсдийгөө илэрхийлж тэр хэрээр олон нийтээс дэмжлэг авдаг. Түүнээс биш хэзээ шалдан хүн гаргаж тавьж байлаа. Тэмцэх гэж байгаа болохоор ухаалгаар, ном журмаар нь хийгтүн.

Мартын найман гэдэг ганц өдөр ч гэлээ олон хоногийн өмнөөс уур амьсгал орж дараа нь баахан сунжирдаг. Тэр хэрээр энэ баярыг дагасан тэнэг үйлдэл, хүний ёсноос гадуурх явдал, архидалт хязгаараа барж, цаашид яаж ч магадгүй болох нь дээ. “Аргалд явсан ээжий минь” гэж дуулдгаа болиод “Архинд гарсан ээжий минь” гэж халаглах цаг дор бид амьдарч байна.

Ээжүүд архинд гардаг болсон байна, архидах гэж “Мартын 8” гэдэг тусгай, “бүрэн эрхтэй” баяртай болсон байна. Үүнийг нь төр засгаас албаны ёсных болгож “Та нар бүтэн нэг өдөр амрангаа архидаад ав” гэдэг ч болсон байна. Архинд гарсан ээжий гэртээ ирэлгүй, эрүүлжүүлэх байранд хоноод маргааш нь Монголын үзэсгэлэнт саран гоо биш, муухай үнэр сэнгэнүүлж бүрзийсэн амьтад л гэрийнхээ босгыг алхаж ордог болж. Бодит байдал энэ болчихоод байна. Бид сэтгэлгээндээ өөрчлөлт хийхгүй бол Мартын наймны баяр хэрээс хэтэрлээ, та минь ээ. Дэндүү байгаа биз дээ. Монгол Улс цөөн хүн амтайг ч хэлэх үү, амархан савладаг, дорой сэтгэлзүйтэй нийгэмтэйг ч хэлэх үү. Энэ баяр баяр биш ээ. Там болжээ.

Монголчууд аливаа баярыг гэр бүлийн баяр гэж ойлгож хэвшвэл зүйд нийцнэ. Харин хамт олноороо тэмдэглэдэг баяр гэдэгт мэргэжлийн баярыг хамааруулж болно. Уурхайчдын баяр, цагдаагийн баяр, сувилагчдын өдөр, нягтлан бодогчдын баяр, багш нарын баяр гээд орон даяар, дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг мэргэжилд зориулсан өдрүүд бий. Энэ баяруудыг гэр бүлдээ тэмдэглээд байх шаардлагагүй. Албан байгууллага тус бүр дээрээ, мэргэжлийн явцуу хүрээндээ тэмдэглээд өнгөрүүлчих. Илүү халиад байх шаардлагагүй. Мэргэжлийн баяруудыг л хамт олны баяр гэж үзээд бусад баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлэх баяр гэж үзэх нь маш зүйтэй. Мартын найман, шинэ жил гээд томоохон баяруудыг хамт олноороо, нийтээрээ тэмдэглээд байхаар хувь хүний ёс зүй алдагдаж сүрэгтээ нийлсэн амьтан шиг араншин гаргаж гэр орон, үр хүүхэд, хань ижлээ мартаад хөөрөлд ороод байдаг. Энэ бүхний цаана, утга учраа алдсан бэлгэ дэмбэрэлгүй олон баярын хөлд гэр бүл гэдэг үнэт зүйл гишгэгдэж эхэллээ. Худлаа гэвэл хар л даа. Саяны Мартаар хичнээн ээж архинд гараад хэд нь эрүүлжүүлэх байранд бүтээлэг нөмөрч хоносныг нийтлэлийн эхэнд тоо баримттай нь дурдсан шүү дээ. Архинд гарсан ээжий минь та…арай дэндүү юм аа.

Categories
мэдээ нийгэм

Нийтлэлч П.Хашчулуун “Твиттер, фэйсбүүк, вэб сайт, TV, сошиал мэдээллийн ачаар цаасан хэвлэл өндийж эхэллээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гарагийн дугаар та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Тэргүүн” нүүрт “Ноолуурын ханш 100 мянган төгрөгөөс эхэлж байна” хэмээн өгүүлжээ.

УИХ- ын гишүүн С.Бямбацогт “Ихэнх нам бодлогын нам биш “босс”-ын нам болж, улс орныхоо хөгжлөөс улдах боллоо” хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт Нийтлэлч П.Хашчулуун “Твиттер, фэйсбүүк, вэб сайт, TV, сошиал мэдээллийн ачаар цаасан хэвлэл өндийж эхэллээ” хэмээн өгүүлсэн байна.

“Оюу толгой” компанийн хувьцаа эзэмшигч “Туркиз Хилл Ресурс” компани Засгийн газрыг Арбитрийн шүүхэд өгчээ” хэмээн өгүүлснийг “Баримт, үйл явдал”-ын долдугаар нүүрээс хүлээн авч үзээрэй.

“Эмч” нүүрт Гуравдугаар эмнэлгийн ахлах сувилагч Ө.Тунгалаг “Ээжийнхээ мэргэжлийн гоё сайхныг дэргэдээс нь харж мэдэрч сувилагч болохоор сэтгэл шулуудсан” хэмээн ярьжээ.

“Дүнжингарав “шөнөжингарав” болжээ” хэмээн “Өдрийн сонин”-ы “Цаг үе” нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагвагаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурчээ

ЗурагУлсын хэмжээнд эхний хоёр сард 11 мянга 940 эх амаржиж 12 мянга 17 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 17 хувиар нэмэгджээ.

Нялхсын эндэгдэл он гарсаар 190 болж, өмнөх оны мөн үеэс 12 буюу 6.7 хувиар нэмэгдсэн байна.

Тэгвэл мянган амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл хоёрдугаар сарын байдлаар 16 болж өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж 2 хүүхдээр буурсан байна.