Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Засгийн газар иргэдийнхээ төлөө зүтгэнэ, иргэд ч өөрсдөө хичээх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар товч танилцууллаа.

“Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг дарж, өрийн дарамтаас гарах боломж бүрдүүлсэн, эдийн засгийн уналтыг зогсоож чадсаныг тэрээр тэмдэглэв. “Хүнээр авч үзвэл 2016 онд эрчимт эмчилгээний тасагт байсан эдийн засгийг 2017 онд энгийн тасагт шилжүүлж, 2018 онд гэрт нь гаргана. 2020 он гэхэд ажилд нь оруулна” гэлээ.

Цаашид бүх шатанд сахилга, хариуцлага, ялангуяа санхүүгийн сахилга батыг дээд зэргээр сахиж, шударга бус, дэг журамгүй байдлыг таслан зогсооно гээд зөвхөн хуулийн хүрээнд, шударга ажиллахыг дарга нар, төрийн албан хаагчдаас шаардаж байгаагаа хэлэв.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас шалтгаалж савладаг эдийн засагтай хол явахгүй. Иймээс хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж, хос эдийн засагтай, улмаар олон тулгуурт эдийн засагтай болох ёстой гэв.

Засгийн газар иргэдээ эрүүл бие бялдартай, ажилтай орлоготой, ирээдүйдээ итгэлтэй байлгахын төлөө зүтгэнэ. Иргэд ч үүний төлөө хичээж ажиллахыг уриалав. Эрүүл хүнсээр хэрэгцээгээ бүрэн хангаж экспортлох, найдвартай эрчим хүчний сүлжээтэй, сайн замтай, газрын тос боловсруулах үйлдвэртэй, улс орнуудтай харилцах харилцаагаа сайжруулахыг зорьж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Энэ жил болон 2019 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулж нэмнэ. Өндөр настнууд, хүүхэд, өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ аль болох дэмжиж, шаардлагатай арга хэмжээг авч байх болно гэв.

10 жил ярьсан эмнэлэг, сургуулийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэнд аймгийн иргэд Ерөнхий сайдад талархал илэрхийлж байлаа. Цаашид автовокзал барих, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цөлжилт, бэлчээрийн доройтолтой тэмцэх, Бүгд Найрамдах Казахстан Улс руу хийж байсан нислэгийг сэргээх, үндэсний цөөнхийн асуудалд анхаарах, хүүхдийн ордон, цементийн үйлдвэртэй болоход Засгийн газар дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн шударга бус байдалтай эвлэрэхгүй гэсэн эрч хүчээ алдахгүй байхыг Ерөнхий сайдад захиж, төлөвлөсөн ажлаа бүрэн хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

Монголд Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх казах түмний хаврын баяр-Наурызын баярын нээлтэд оролцсоны дараа Увс аймгийг зорино гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ё.Баатарбилэг: Эрдэнэтийг Арбитрийн шүүх дээр ялагдуулах сонирхол хаа нэгтээ явчихсан юм биш биз

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ёндонпэрэнлэйн Баатарбилэгтэй ярилцлаа.


-Олны анхаарлыг татсан сэдэв болох Эрдэнэт үйлдвэрийн талаарх асуудлаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо. 49, 51 хувь болж намаараа талцаж байна. Ш.Батхүү нарын зарим хүмүүс ганц саалийн үнээ гэгдэх Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалж зээл авсан гээд л. Гарын үсэг хуурамч, үгүй гэх мэтчилэн яриад л. Та Эрдэнэтийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал дээр хэвлэл мэдээллээс ихэвчлэн мэдээлэл авч байна. УИХ-ын гишүүний хувьд бидний гар дээр Эрдэнэттэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага, холбогдох төрийн байгууллагаас гаргасан санал дүгнэлт, шийдвэр ирээгүй байна л даа. Тиймээс тодорхой байр суурь илэрхийлэхэд түвэгтэй.

УИХ-ын нэр бүхий таван гишүүн Эрдэнэттэй холбоотойгоор Ерөнхий сайдад асуулт тавьсан байсан. Хариулт нь хэвлэлээр гарсан байсныг харсан. Ойлголцлын зөрүүтэй зүйлс байгаа юм уу гэж ажиглагдсан. Сүүлийн өдрүүдэд Эрдэнэтийн 51 хувийг барьцаалсан асуудлаар улс төрийн хүрээнд их яригдаж, сүүлдээ улс төр болох шат руугаа орчихов уу гэж харж байна.

-Эрдэнэтийг барьцаалан зээл авсан тэр их өр төлбөрийг хэн төлөх ёстой юм бол. Зээл авсан Ш.Батхүүгээс бусад гарын үсэг хуурамч, зөв гэж яригдаад буй хүмүүсээс эхлээд байр сууриа илэрхийлсэн. Хуурамч, зөв нь хамаа алга. Хувь хүний авсан зээлийг Эрдэнэт үйлдвэр төлөх нь зөв юм уу?

-Нэлээд ээдрээтэй асуудал байна лээ. Эрдэнэт үйлдвэр яагаад 2007 онд энэ Жаст компанид баталгаа гаргаж өгсөн юм бэ, нэг хэсэг улстөрчдийн хэлж байгаагаар дараа нь хэд хэдэн удаа баталгаа гаргасан нь үнэн юм уу, баталгаа гаргаж өгсөн гэгдээд байгаа хүмүүсийн өөрсдийнх нь тайлбарласнаар худлаа юм уу гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа байх. Том зургаар нь харвал энэ асуудал Лондонгийн Арбитрын шүүх дээр 4-5 жил явж байхад нь манай талаас ямар хандлагатай оролцов гэдэг нь ойлгомжгүй байгаа юм уу гэж бодоод байгаа. Эрдэнэт үйлдвэр буруугүй, гарын үсэг хуурамч байсан гэдэг нотлох гэрээний жинхэнэ эх хувь баримтаа Лондонгийн Арбитрын шүүхэд хүргүүлээгүйн улмаас ялагдсан гээд байгаа л даа. Үнэхээр тийм зүйл болсон бол манай тал маш хариуцлагагүй хандаж. Үүнтэй адилхан процесс Улаанбаатар төмөр зам дээр гарахад тэдний хуулийн хүмүүс нь шүүх дээр нь очиж холбогдох материалуудаа үзүүлээд, Стандарт банкныхныг ялаад, ямар ч байсан гарын үсэг хуурамчаар үйлдсэн байна гээд Улаанбаатар төмөр зам өргүй үлдсэн гэж ойлгосон. Тийм нөхцөл байдал үүсчихсэн байхад нь манай талаас цаг хугацаа алдаж, холбогдох материалуудаа хүргүүлээгүйн улмаас шүүх дээр ялагдсан байх вий дээ гэсэн эмзэглэл байна.

Нөгөө талдаа үнэхээр тийм нөхцөл үүссэн бол ялагдуулах сонирхол хэнд байв гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс Эрдэнэт үйлдвэртэй холбоотой эдгээр асуудал нэлээд ээдрээ, түвэгтэй болчихжээ гэж харж байгаа. Ямартаа ч Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор үүнийг улстөржүүлж, хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй гэсэн байр суурьтай байна. Буруутай гэдэг нь нотлогдоод холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурчихсан, хууль бус шийдвэр гаргасан бол хуулийн өмнө хариуцлагаа хүлээх ёстой. Хэн нэгэн арга зальтай нөхөр улс дамжсан луйвар хийгээд олон хүнийг хөлдөө чирэх гэж байгаа бол байж болохгүй зүйл.

-213.3 сая ам.доллар Эрдэнэт үйлдвэрийн дансаар орсон гээд байгаа. Гэтэл энэ мөнгө нь Жаст группын Эрдэнэтийг барьцаанд тавьж авсан мөнгө нь гэж байсан ч сүүлд Г.Занданшатар сайдын хэлснээр борлуулалтын орлого болж таарав уу?

-Хэдэн төгрөг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Засгийн газраас 5 гишүүний асуултад хариулт өгөхдөө Жастын зээлсэн мөнгө Стандарт банкнаас Эрдэнэтийн данс руу орсон мэтээр битүү хатуу хариулсан байсан. Үнэхээр баталгаа гаргаад гарын үсэг зурсан бол тэр мөнгө Эрдэнэтийн дансаар л орно шүү дээ. Яг ингэж ойлгогдохоор хариулт өгсөн байсан л даа. Миний хувьд гайхаж л байсан юм.

Харин төд удалгүй ЗГХЭГ-ын дарга “Энэ мөнгө Жастын зээлийн мөнгө биш байна. Эрдэнэт үйлдвэр, Жаст групп хоёрын хоорондын гүйлгээний мөнгө байсан байна. Залруулга хийнэ” гэдэг зүйлийг хэвлэлээр ярьсан байсан. Энэ бол үнэхээр хариуцлагагүй асуудал. Ийм эмзэг асуудалд хамаагүй хандаж болохгүй. Эрдэнэт гэдэг саалийн үнээнээс гадна түүний ард ажиллаж хөдөлмөрлөж байгаа олон хүний эрх ашгийн асуудал хөндөгддөг. Ийм чухал бөгөөд эмзэг асуудлаар тийм хариуцлагагүй хариулт өгч хэвлэлээр гаргана гэдэг нь өөрөө маш хариуцлагагүй зүйл. Сүүлийн тайлбарыг сонсоод тэр гүйлгээнүүд нь Эрдэнэт үйлдвэрийн өөрийнх нь бизнесийн үйл ажиллагааных байж гэж ойлгосон.

-Засгийн газрын гишүүд нь ядаж байхад дотроо хоёр талцсан гэх мэдээлэл бий. Ядаж байр сууриа нэгтгэх ёстой байх, тийм үү?

-Талцсан эсэхийг мэдэхгүй. Дээр хэлсэнчлэн энэ асуудлуудыг улс төржүүлчих вий гэдэг болгоомжлол байна. Хэрэв үүнийг улстөржүүлээд явбал хэн ч хожихгүй. Улс хохироод үлдэнэ. Энэ мөнгийг төлөхдөө тулбал Эрдэнэт үйлдвэр төлж таарна. Эрдэнэт үйлдвэр төлөх нөхцөл үүснэ гэдгийг манай зарим улстөрч шууд л хэвлэлээр хэлчихэж байна лээ. Эрдэнэт үйлдвэрийн ашиг орлого бол ард түмний мөнгө. Ард түмний мөнгөнд ингэж хайнга хариуцлагагүй хандаж болохгүй. Одоо ч бас зарим нэг гаргалгаа байж болох талаар хуульчид, зарим улстөрч ярьж л байх юм. Тийм боломж байгаа бол эцсийг нь хүртэл төлүүлэхгүй байх тал дээр, үнэн мөнийг олох тал дээр байр сууриа нэгтгээд хатуу зогсож, шаргуу ажиллах хэрэгтэй л дээ. Эсвэл өөр сонирхол байгаад байгаа юм уу? Эрдэнэтийг Арбитрийн шүүх дээр ялагдуулах сонирхол хаана явчихаа вэ. Хэнд байваа гэдэг нь сонирхол татсан асуудал болоод байна. Арбитрийн шүүх дээр ялагдуулах сонирхол байгаагүй юм бол энэ урт хугацаанд Улаанбаатар төмөр зам шиг шуурхай ажиллаад заргаа авах боломж байсан юм биш үү гэдэг хувь хүний бодол, бас хардлага байна.

Эрдэнэтээр дамжуулан улс төрийн хүчнүүд болон улстөрчид бие биенээ намнах, нөгөө талдаа нэг хэсэг нь ашиг хонжоо олох хэрэгсэл болгож болохгүй.

-Эрдэнэт үйлдвэр мөнгийг нь төллөө гэхэд нөгөө хүмүүс нь Эрдэнэтээс төлсөн тэр зардлыг нь сүүлд нь төлөх юм уу?

-Хэн буруутай этгээд нь л төлөх ёстой шүү дээ. Чуулган эхлэхээр ажил асуудал хариуцсан албан тушаалтнууд нь бүлэг дээр нэр холбогдсон хүмүүсээ дуудаж оролцуулаад гишүүдэд мэдээлэл өгөх байлгүй дээ. Мэдээлэл өгүүлэх талаас нь бүлгийн удирдлагаас шаардах болно. Бид ямар ч мэдээлэлгүй болохоор тодорхой зүйл хэлэхэд хүнд байна.

-Удахгүй хаврын чуулган эхэлнэ. Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зүгээс ямар хуулиудад түлхүү анхаарал хандуулан ажиллах вэ?

-Чуулганы завсарлагааны хугацаанд манай байнгын хорооны ажлын хэсгүүд нэлээд ажиллалаа. Байнгын хороон дээр МСҮТ-ийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн халамж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг шалгах ажлын хэсэг холбогдох яам, агентлагууд дээр ажиллаж, тодорхой санал дүгнэлтүүд бэлдээд байна. Байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Хаврын чуулганаар хэлэлцэгдэх манай байнгын хорооны нэг гол асуудал бол Засгийн газраас өргөн баригдах Нийгмийн даатгалын багц хууль. Мөн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдчихвал хэлэлцэгдээд явна. Түүнчлэн Гэр бүлийн тухай, Багшийн хөгжлийн тухай хууль гэх мэтчилэн нийгмийн салбарын 10 гаруй хууль, тогтоомжийг 2020 он гэхэд баталсан байх учиртай. Хаврын чуулганаар аль аль хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн барих вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. УИХ-ын гишүүдийн зүгээс бас манай байнгын хороотой холбоотой хуулийн төсөл өргөн барих, хэлэлцүүлэх зүйлс байгаа.

-Та Архангай аймагт тойргоороо явж байгаад ирсэн байна лээ. Хаваржаа хэр байна. Цас зуд нимгэрч, малчдын нуруу тэнийж байна уу?

-Улсын хэмжээнд энэ өвлийн цас өмнөх тохиолдож байсан шиг зудын хэмжээнд биш ч, өнгөрсөн зун гантай байсантай холбоотойгоор малын тарга тэвээрэг муу, өвс тэжээл бага, ялангуяа бэлчээртээ өвсгүй болсонтой холбоотойгоор өвөлжилт хүндэрсэн байна. Архангай аймгийн хувьд зудын хэмжээнд хүртэл цасаар дараагүй ч цас ихтэй байсан, бэлчээрийн идэш муугаас малын хорогдол нэлээдгүй байсан. Яг өвлийн дүндээ хэд хоног дараалсан их хүйтрэлт өвөлжилтийг бас л хүндрүүлсэн.

Одоо ирж яваа цаг юм хойно, дулаараад арай дээрдэж байна. Гэхдээ мал төллөлт эхлэх гэж байна, цаг арай л болоогүй байна. Тайвшрах цаг биш.Цас нэмэлгүй хаврын сараа давчихвал гайгүй болов уу гэдгийг малчид ярьж байна.

-Танай тойрогт тулгамдсан ямар асуудлууд байна вэ. Ноднин засаг мөнгөгүй гээд ямар ч бүтээн байгуулалтын ажил орон даяар хийгдээгүй. Энэ жил арай өөр байх бололтой?

-2016, 2017 онд тойргууд дээр хөрөнгө оруулалт тавигдаагүй. 2018 онд улсын хэмжээнд нийгмийн салбарын хөрөнгө оруулалтууд нэлээд хийгдэнэ. Сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн хэрэгцээ маш их байдаг. Үүнийг шийдээд явахаас өөр аргагүй. Энэ онд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх үүднээс тулгамдсан асуудлуудыг бүгдийг нь шийднэ гээд нийслэл дээр нэлээд мөнгө тавигдсан. Уг ажлууд хийгдэх байх.

Засгийн газраас оруулж ирсэн төсвийг хэлэлцэж байхад зайлшгүй шаардлагатай сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг шийдэхээр төсөвт суусан. Үүнийгээ хийх ёстой. Байнгын хорооны зүгээс хуулийн хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллана.

Манай тойргийн хувьд бусад аймгуудтай л адилхан нийгмийн салбарын бүхий л хүндрэл бэрхшээлүүд байсаар л байна. Дэс дараатай шийдүүлэхийн төлөө л ажиллаж байгаа.

-УИХ-аас утааг бууруулах чиглэлд анхаарч ажлын хэсэг байгуулж, түүнийг нь та ахалж байгаа. Ажлын хэсгийн үр дүн гарч байна уу. Урин цаг ирлээ. Хэдэн сар утаа мартагдана. Намар дахин яригдана. Энэ байдлаар явмааргүй л байна…

-Засгийн газар 2019 оны тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргасан байна лээ. Хаврын чуулганаар Засгийн газар хууль тогтоомжийн тодорхой төслүүд өргөн барих байх гэж бодож байна. УИХ-аас Засгийн газарт тогтоолоор маш тодорхой чиглэл өгсөн байгаа. Ажлын хэсэг УИХ-ын тогтоолын заалт бүрийн хэрэгжилтийг хангаж ажиллуулах тал дээр анхаарал хандуулах болно.

Урин дулааны улирал бол агаарын бохирдлыг бууруулах ажлуудаа хийхэд Засгийн газраас амьсгаа аваад ухасхийх ганц боломж гэж харах ёстой. Тайвшрах цаг биш. Энэ цаг хугацааг алдаж болохгүй. Цаг мөч бүхэн үнэтэй, үүнийг үр дүнтэй зарцуулж, ажлаа сайн төлөвлөж, зохион байгуулаасай гэж хүсэж байна. Иймд дулаан орлоо гээд утааны асуудал орхигдохгүй. БНСУ-аас ирэх хөнгөлөлттэй зээлийн 500 сая ам.долларыг утааны эсрэг зарцуулна гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Мөн УИХ-аас шийдвэр гарч “Агаарын бохирдлыг бууруулах сан” байгуулсан. Уг сангийн хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх юм бэ, хөрөнгө оруулалтыг нь оллоо гэхэд ямар асуудлуудыг нэн тэргүүнд шийдэх вэ гээд асуултын тэмдгүүд байсаар байна.

Ямартаа ч агаарын бохирдлыг бууруулах ажил дээр ирэх намар гэхэд үр дүн гарсан байх ёстой.


Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын дарга Налайх дүүргийн Казах иргэдэд хүндэтгэл үзүүллээ



Налайх дүүрэгт 6000 орчим Казах иргэд амьдардаг

Казах түмэн жил бүрийн 22-нд буюу өдөр шөнө тэнцэх өдрөөр Наурызын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баярынхаа хүрээнд Налайх дүүргийн Казах иргэд өнөөдөр баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Баярын хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Ажлын албаны дарга Б.Батбямба болон дүүргийн удирдлагууд оролцож хүндэтгэл үзүүлэв. Аж үйлдвэрийн ууган хот Налайх дүүрэгт 2 үндэстэн 22 угсаатан оршин суудаг юм байна. Тус дүүрэгт анх 1931 онд хөдөлмөрийн гэрээгээр Казах иргэд ирж оршин сууж эхэлсэн бөгөөд одоо нийт оршин суугчдын 12 хувийг Казах иргэн эзлэж байна. Тэдний ихэнхи нь Налайхын уурхайгаас ажил, амьдралын гараагаа эхэлсэн бөгөөд соёл,урлаг спортын олон алдартнууд, хөдөлмөрийн баатрууд төрөн гарчээ.

Харин өнөөдөр спортын мастер 2, онц тээвэрчин 4, Боловсролын тэргүүний ажилтан болон зарим салбарын тэргүүний ажилтнууд шинээр төрөн гарлаа.

НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Казах түмний өв уламжлал, соёл иргэншил, хамгийн том илэрхийлэл болсон хаврын баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Налайх дүүрэг бол нийслэл хотыг олон арван жил илч гэрлээрээ хангаж ирсэн түүхтэй билээ. Энэ дүүргийн хөдөлгөгч хүч болсон Налайхын их уурхайн үе үеийн хөдөлмөрч, ажилч хичээнгүй олон мянган уурхайчдын дунд Казах түмэн та бүхний төлөөлөл болсон шилдэг уурхайчид ажиллаж, хөдөлмөрлөж байсныг зориуд цохон тэмдэглье” гэлээ.

Тус дүүрэгт хөдөлмөрийн баатар ес төрөн гарснаас дөрөв нь Казах иргэн байжээ

Мөн өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Ажлын албаны дарга Б.Батбямба, тус дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, дүүргийн удирлагууд “харъяалалгүй” гэх 200 гаруй ахмад Казах иргэдэд хүндэтгэл үзүүллээ. Залуу насандаа ажиллаж, хөдөлмөрлөж байсан байгууллага нь татан буугдсан тул дүүргийн засаг дарга болон нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хамтран “харъяалалгүй” гэх тодотголыг бий болгож тэднийгээ жил бүр баяр, ёслолын үеэр хүлээн авч уулздаг уламжлалтай болжээ.

Тэгвэл хуучин уурхай болон цэргийн 14-р бааз зэрэг ажиллаж, хөдөлмөрлөж байсан байгууллага нь татан буугдсан 200 гаруй ахмад иргэдийг хүлээн авч уулзаж тэдний нийгмийн халамж болон оршин суугаа дүүрэгт нь хийгдэх гэж байгаа шинэ бүтээн байгуулалтын ажлаа танилцуулсан нь тэдний талархлыг хүлээлээ.

Дашрамд дурдахад нийслэл хот нийт 152 хороотой үүнээс Налайх дүүргийн 4-р хороонд зөвхөн Казах иргэд оршин суудгаараа онцлогтой юм гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Индра: Хятад улс тогтвортой хөгжих нь манай гадаад орчинд таатай нөлөөлнө

Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач Б.Индратай ярилцлаа.


-БНХАУ-ыг Си Жиньпин насаараа удирдахаар боллоо. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн Их хурал ийм шийдвэр гаргасан шалтгаан юу байв?

-Өнгөрсөн 2017 оны аравдугаар сард Хөдөлмөрийн коммунист намын XIX их хурал болсон. Өмнөх жишгээс харахад энэ хурал дээр Си Жиньпиний дараагийн удирдагч одоогийн долоон лидер дотор орж ирэх ёстой байв. Гэвч орж ирээгүй. Энэ үед Си Жиньпин цаашид намын даргаа хийх юм байна гэсэн мессэжийг өгсөн. Ер нь Хятадын нам, цэрэг, төр гурвыг лидер нь нэг биед цогцлоож удирддаг. Ингээд Си Жиньпин намын даргаа цааш авч явах нь тодорхой болчихож байгаа юм. Тэрийгээ дагаад Цэргийн төв зөвлөлийн даргаа аваад явчихдаг. Харин улсын дарга дээр нь нэг хориг байсан. БНХАУ-ын Үндсэн хуулинд улсын дарга болон дэд дарга нь хоёроос илүү сонгогдож болохгүй гэж заасан байсан. Энэ хязгаарлалтыг Мао Зедуны соёлын хувьсгал төгсгөл болгосны дараа Дэн Сяопин улс төрийн нэг реформын хүрээнд хийсэн. Ингэхдээ 1982 оны Үндсэн хууль дээр нэг хүний удирдлагыг хоёр таван жил буюу нийт арван жилээс хэтрүүлэхгүй байна гэж хязгаарлалт оруулж өгсөн. Сүүлийн 30 гаруй жил Хятадын гурван удирдлага таамаглаж болохуйц их эвтэйхэн солигдсон. Тэгтэл ХКН-ын XIX Их хурал дээр дараагийн лидер орж ирээгүй. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурал бол хууль тогтоох байгууллага буюу парламент нь гэсэн үг. Парламентаараа сая улсын даргыг хоёр удаа сонгогдож болохгүй гэсэн заалтыг аваад хаячихлаа. Ингэснээр Си Жиньпин цаашид нэг биед цогцлоож байгаа гурван том эрх мэдлээ арван жилээс илүү хугацаанд үргэлжлүүлэхээр болж байна.

-Дэлхийн хамгийн том эдийн засагтай, тэрбум гаруй хүн амтай энэ улсад нэг хүний хаанчлал ноёрхохоор боллоо гэж ажиглагчид үзэж байна. Си Жиньпин бүх насаараа улсаа удирдах эрх мэдэлтэй болсны эерэг болон сөрөг талыг та хэрхэн харж байна вэ?

-Си Жиньпин Хятадын удирдагч болсноор том, том стратегийн бодлого дэвшүүлсэн. “Нэг бүс-нэг зам” санаачилга байна. “Хоёр зууны зорилт” байна. ХКН 1921 онд байгуулагдсан. Ирэх 2021 онд 100 жилийнх нь ой болно. БНХАУ 1949 онд байгуулагдсан. 100 жилийн ой нь 2049 онд тохионо. Нам ба улсаа байгуулсан түүхэн ойн жилдээ том зорилт дэвшүүлсэн. Хятад улс дундаж чинээлэг нийгмийг байгуулж байна. Цаашид хүчирхэг Хятад улсыг байгуулна гэсэн алсын зорилттой. Тэгэхээр Си Жиньпин энэ том зорилтыг дэвшүүлээд явуулж байгаа. Мэдээж зорилтоо хэрэгжүүлэхэд нь тулгарч байсан том бэрхшээл дотор авлига хээл хахуулийн асуудал байсан. Тэрбээр авлигатай хүчтэй тэмцэж чадсан. Хятадын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн гэдэг бол элит лидер хэсэг нь. Тийм албан тушаал хашиж байсан хүн хүртэл авлигын хэргээр шийтгүүлж байгаа. Бар, ялааг хамтад нь устгана гэсэн уриатай шүү дээ. Энэ ажиллагаа нь Хятадын дунд давхаргынхны хувьд талархал хүлээж байгаа. Ер нь Си Жиньпин том, том зорилтуудаа гардан хэрэгжүүлэх сонирхол асар өндөр байсан учраас улсаа урт хугацаанд удирдах шийдвэр гарахад нөлөөлсөн болов уу. Си Жиньпин удаан эрх барьснаар тогтвортой байдал удаан үргэлжлэх магадлалтай. Яахав энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн магадгүй эрсдэлтэй тал нь сүүлийн 30 жил тогтолцоо болоод бүрэлдсэн байсан системээ өөрчилж байгаа нь цаашид амархан өөрчлөмтгий болоход хүргэж болох юм.

-Си Жиньпин авлигатай хатуу тэмцэж өөртөө нэлээд дайсан хураасан. Хэрэв 2023 онд бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад буусан бол байдал эвгүйтэх байсан уу?

-Барууны хэвлэлүүдийн бичиж байгаагаас харахад Си Жиньпин улс төрийн дотоод өрсөлдөгч ихтэй, эмзэг байдалтай байж болзошгүй учраас ийм алхам хийсэн байх талтай.

-Дээрээ нэг хүний удирдлагатай, дороо эдийн засаг нь чөлөөтэй авторитор нийгэм бүхий Хятад улс зөвхөн Си Жиньпиний бодлогоор олон жил явбал цаашид хувь заяа нь хэрхэх бол?

-Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурал дээр гол хэлэлцдэг асуудал нь Засгийн газрын тайлан байдаг. Ерөнхий сайд Ли Көчян нийгэм эдийн засгийнхаа тайланг тавьсан. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн дундаж өсөлт 7.1 хувьтай гарсан байгаа юм. Сүүлийн 30 гаруй жил 10-аас дээш өсөлттэй явж байсан эдийн засаг нь 2011 оноос хойш огцом буугаад долоон хувь руу орсон. Дэлхий дахин Хятадын эдийн засаг хатуу газардаж болзошгүй гэж ажиглаж байв. Харин энэ хувиа тогтвортой барьж чадсан. Энэ хугацаанд тоон өсөлтийг чанарын өсөлт болгож хувиргахад анхаарч ажиллаж ирсэн. Хуучин эдийн засгийн бүтэц нь дэлхийг бараа бүтээгдэхүүнээр хангадаг гол үйлдвэрлэгч улс байлаа. Үйлдвэрлэлээс гол эдийн засгийн өсөлт нь гардаг байсан бол хэрэглээг дэмжсэн бүтэцтэй болгосон. Энэ шилжилтийг хийснээр хоёр жилийн өмнөөс эдийн засаг дахь хэрэглээний өсөлт талаас илүү хувьд нь гараад ирсэн. Нэг ёсондоо хийж байгаа шилжилтүүд нь амжилттай болсон хэрэг. 2012 оноос хойш хийсэн энэ эдийн засгийг тогтворжуулж байгаа бодлогоо “New Normal” гэж нэрлэсэн юм. Энэ бодлогын үеэр гадаад худалдааны өсөлтүүд саарсан ч өнгөрсөн 2017 оноос ашигтай гарч эхэлж байна. Энэ бодлого нь амжилттай явж, өнөө жилээс эхлээд Хятадын эдийн засаг тогтворжих хандлагатай болж байна. Хятадын хувьд өөртөө итгэх итгэл нь улам нэмэгдэж байна гэсэн үг. Засгийн газрын тайланд нь дурдсанаас харвал цаашид илүү нээлттэй бодлого гадаад талд явуулах юм билээ. Тулгарч байгаа сорилт нь юу вэ гэхээр дэлхийн эдийн засаг өсөж байгаа хандлагатай мөртлөө дэлхий дахинд худалдааны хамгаалах бодлого, геополитикийн эрсдэл нэмэгдэж байгаа. Тэр нь Хятадын гадаад талд эрсдэл болох талтайг Ли Кө Цян хэлсэн байгаа юм.

-Си Жиньпин БНХАУ-ыг урт хугацаанд удирдвал энэ орон яаж өөрчлөгдөх вэ. Ялангуяа хөрш орнууддаа ямар нөлөөтэй байх вэ?

-Олон улсын судалгааны байгууллагын тайланд “Хятад улс 2030 онд гэхэд эдийн засгаараа Америкийг даваад 2050 онд супер гүрэн болно”. 2050 он гэдэг бол БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойтой давхцаж байна. Энэ нь Хятадын өөрсдийнх нь явж байгаа цаг хугацааны хөгжлийн зорилтууд юм. Хятадын онцлогтой хүчирхэг социалист улсыг байгуулж байгаа шүү дээ. Супер гүрэн болох 2050 онд Хятад улс социализмын нэгдүгээр үе шатыг дуусгана гэж байгаа. Тэр зорилттой нь гадны судалгаа ч давхцаж байна. Энэ бүхэнд хамгийн чухал нь Хятадын тогтвортой байдал. Си Жиньпин урт хугацаанд Хятадыг удирдах нь тогтвортой байдлыг улам бэхжүүлнэ. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, БНХАУ Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулснаар Си Жиньпин бүх насаараа Хятадыг удирдана гэж хэлж болохгүй. “Нэг хүн хоёроос илүү удирдаж болохгүй” гэсэн заалтыг авч хаясан. Магадгүй 10 жилийг 15 болгоод дараагийн удирдагчдаа халаагаа өгч болно. Тэрнээс үхэн үхтлээ эзэн хаан шиг сууна гэж ойлгож болохгүй. Хятадыг удирдах хугацааг нь тав, таван жилээр сунгаад явж байгаа шүү дээ. Ойрын 10 жилд Хятадын улс төр, эдийн засгийн хувьд тогтвортой байх нь гэж харж болно. Хятад улс тогтвортой хөгжих нь манай гадаад орчинд таатай байна. Си Жиньпинийг улсаа удирдаж байх хугацаанд лавтайяа эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт ахицтай явна.

-Цаашид Си Жиньпинийг эсэргүүцэгчид гарч ирэх магадлал бий юу?

-Авлига, хүнд сурталтай тэмцсэнээр тэрбээр хятадын дунд давхаргын буюу энгийн иргэдийнхээ асар өндөр дэмжлэгийг хүлээж байгаа. Тиймээс хүчтэй эсэргүүцэл Си Жиньпиний урт хугацааны удирдлагад байхгүй. Зарим эрдэмтний харж байгаагаар гол эсэргүүцэл улс төрийн элит давхаргаас ирж болзошгүй юм.

-Гэхдээ Си Жиньпин элитүүдээ барьж байгаа биз дээ?

-Одоогоор маш сайн барьсан байна л даа. Ер нь Мао Зедунаас хойш хүчтэй удирдагч болчихлоо гээд яриад байгаагийн нэг шалтгаан бол Си Жиньпин гурван том албан тушаалыг гартаа авахаас гадна өөрчлөлт шинэчлэлтийг удирдах бүлэг гэж байгаа. Санхүү, эдийн засгийн удирдлагын бүлэг, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын бүлэг гэж бий. Энэ мэтчилсэн эдийн засаг, мэдээлэл, улс төр, батлан хамгаалах, төрийн гээд бүх гол базах ёстой эрх мэдлийг бүгдийг өөртөө цуглуулсан. Эдгээр бүх салбарын “Удирдлагын бүлэг” гэж тус бүрд нь байгуулаад Си Жиньпин өөрөө дарга нь болчихсон. Нэг ёсондоо механизмуудыг бий болгоод өөрөө удирдлага болчихсон учраас салбар, салбарт эзэн сууж байгаа гэсэн үг. Түүнийг Мао Зедунаас хойш хүчтэй удирдагч болчихлоо гээд байгаа нь ийм учиртай.


Categories
мэдээ цаг-үе

Энэ онд зарлагдаж буй гадаадын тэтгэлгүүд

Гадаадад тэтгэлгээр суралцах боломж хүн бүрт бий. Өнөө цагт сонин, телевиз, сайтуудаар тэтгэлгийн зарлал, мэдээлэл харьцангуй их гардаг болж. Нэг хэсэг аль улсын тэтгэлэг, хаана, ямар хугацаанд зарлагдаад хэн нь сонгогдож шалгараад явчихдаг эсэх нь үнэхээр бүрхэг байлаа. Тэнд нэг тэтгэлэг зарлагджээ гэж дуулддаг яваад очихоор аль хэдийн өнгөрчихсөн эсвэл сонгон шалгаруулалт нь дуусаад элсэгчид нь хэдийнээ явчихсан гэдэг хариулттай хоосон үлдэх нь элбэг байв. Ямар нэг яаман дээр тэтгэлэг хөтөлбөр зарлагдахад явцуу хүрээнд мэдээллийг тараасан болоод эрх мэдэл, нөлөө бүхий хүмүүс өөрсдийнхөө үр хүүхэд, танил, ахан дүүсээ тэр тэтгэлэгт нь багтаагаад гадаад руу гаргачихдаг нь сүүлдээ ил болсон. Үүнээс болоод тэтгэлэг гэдэг зүйл чонотой адил л сонсогддог болсон дог. Дутуу тэнгэртэйдээ сонсогдож, ижил тэнгэртэйдээ үзэгдэж, илүү тэнгэртэйдээ алагддаг гэдэг шиг эгэл жирийн айл, ардуудын хүүхдүүдэд тэтгэлэг гэдэг барагтай олддоггүй байсан шүү дээ. Харин өнөө цагт мэдээллийн өргөн сүлжээгээр хүссэн тэтгэлгээ хайгаад холбогдох материалаа өгөөд сонгон шалгаруулалтад нь орох боломж бүрдчихээд байна.

Монголд олон жил зарлагдаж байгаа тэтгэлгүүд бий. Жишээ нь, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 1990-ээд оноос хойш 500 гаруй монголчууд Австрали улсад суралцаад байгаа аж. Тус улсын тэтгэлэгт сургалтын төлбөр, хоёр талын нисэх онгоцны тийз, нэг удаа олгогдох суурьших олговор, амьжиргааны зардал, баримжаа олгох сургалтын зардал, эрүүл мэндийн даатгал зэрэг суралцах, амьдрахад хэрэгцээтэй бүхий л зүйлсийг багтаасан байдаг.

Ингээд одоогоор зарлагдаад буй зарим тэтгэлгүүдийн мэдээллийг хүргэж байна.

АНУ-ЫН ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

АНУ-ын Төрийн департаментаас санхүүжүүлдэг магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын хөтөлбөр зарлагджээ.

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам Фулбрайтын 2019-2021 тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг гуравдугаар сарын 26-ны 12.00 цаг хүртэл хүлээн авах юм.

Энэ тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүр 155 орны 4000 гаруй оюутанд магистрын бүрэн тэтгэлэг олгодог бөгөөд 20 гаруй мэргэжлээр суралцах боломжтой.

Тэтгэлэгт хүсэлт гаргагч нь Монгол Улсын иргэн байх бөгөөд бакалаврын зэрэгтэй багадаа 1.5 жил ажилласан туршлагатай, TOEFL, IELTS-ийн оноотой байх ёстой.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та https://mn.usembassy.gov/mn/ холбоосоор авна уу.

АВСТРАЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР /AUSTRALIA AWARDS/

Австралийн тэтгэлэг нь Австралийн Засгийн газраас санхүүжүүлж, даян дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд суралцах, судалгаа хийх болон мэргэжил дээшлүүлэх боломж олгодог олон улсад нэр хүндтэй урт, богино хугацааны сургалтын тэтгэлэг юм.

Австралийн сургалтын тэтгэлгийг 2019 оноос суралцаж эхлэх хүмүүст зориулж 2018 онд зарлана. 2018 оны өргөдлийн болзол шалгуурт зарим өөрчлөлт орсон байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдад тавих болзол шалгуурт оржээ. Мөн 2018 онд, Австралийн сургалтын тэтгэлгийг зөвхөн судалгааны болон танхимын магистрт олгоно. Докторын зэргийн сургалтад тэтгэлэг олгохгүй. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://australiaawards.gov.au/Pages/default.aspx холбоосоор авна уу.

БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2018 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутнуудад тавигдах болзол

1. Иргэншил

– Монгол Улсын иргэн байх (өөрөө болон эцэг эх бүгд Монгол Улсын харьяат иргэн байна)

-БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй.

2. Нас

-2018 оны есдүгээр сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх (1978.9.1-нээс хойш төрсөн иргэн)

3. Боловсрол

-Материал өгөх үедээ бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2018 оны наймдугаар сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх

-Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2018 оны наймдугаар сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.

-БНСУ-ын Их дээд сургуулийн бакалавр, магистрт суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй.

-БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.

-2018 оны наймдугаар сарын 31-ний байдлаар төгссөн, эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (Нэг удаа л дахин материал өгөх боломжтой)

4. давуу эрх

-Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-ын V түвшнээс дээш түвшинтэй бол сонгон шалгаруулалтад давуу эрхтэй.

Дэлгэрэнгүй танилцуулга мэдээллийг дараах линкнээс авна уу. 2018 KGSP-G Application FAQs (ENGLISH-KOREAN)

2018 KGSP-G Application Guide­lines (English)

АНГЛИЙН БРИСТОЛИЙН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

“Английн Бристолийн их сургууль” нь дэлхийн шилдэг 50 их сургуулийн нэгд тооцогддог билээ. Тус сургуулиас олон улсын суралцагчдад зориулж 500,000£ тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Бакалавр болон түүнээс дээш зэргээр, 26 төрлийн тэтгэлэгт хөтөлбөрийг танд санал болгож байна.

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрийг 25% – 100% хүртэл чөлөөлнө.

Зорилтот бүлэг: Олон улсын сурагчид ( Жич: Үүнд Монгол багтсан болно )

Тавигдах шаардлага:

-Өмнө нь Их Британид суралцаж байгаагүй, өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх ёстой.

-Зөвхөн гадаадын оюутнууд л тэтгэлэгт хамрагдах боломжтой

-Энэ сургуулийн Бакалаврын хөтөлбөрт эчнээгээр хамрагдах ёстой бөгөөд 2018 оны есдүгээр сард сургалт эхэлнэ.

-Бүрэн дунд боловсрол эзэмшсэн

-Англи хэлний мэдлэгтэй байх ёстой. ( IELTS 5.5-7.5 )

Бүртгэл: Бүртгүүлэгчийн анкетыг partnerships@bristol.ac.uk хаяг руу илгээх бөгөөд. Бүртгэлийн явц 2 үе шаттай явагдана. Эхний үе 2018 оны гуравдугаар сарын 23 хүртэл үргэлжлэх бол II үе 6 дугаар сарын 29-ийг хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.bristol.ac.uk/fees-funding/awards/think… http://www.bristol.ac.uk/fees-funding/awards/think… холбоосоор авна уу.

ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Монбушо буюу Японы Засгийн газрын тэтгэлэг нь дэлхийн хөгжиж буй 160 гаруй орны хүсэл мөрөөдлөө бодитоор харж, өөрийнхөө төлөө бус улс орныхоо төлөө зүтгэх хүсэлтэй залуучуудыг бүтээх зорилготой, тэтгэлгийн хэмжээгээрээ хамгийн өндөрт тооцогдох хөтөлбөр юм. Энэ тэтгэлэг нь дотроо хэд хэдэн ангилалтай бөгөөд ангилал тус бүр өөрийн гэсэн онцлогийг агуулж байдгийг сайтар анхаарна уу.

Бүртгүүлэх хугацаа: Жил бүрийн тавдугаар сарын эхээр байдаг бөгөөд (www.mn.emb-japan.go.jp) site дээрээ мэддэгдэг болно.

Байршил: Япон Монгол төв

БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ, УКРАЙН, КУБА, БЕЛАРУСЬ, БОЛГАР, КАЗАКСТАН УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС УЛСАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

/2018-2019/

Мэргэжлийн чиглэл:

Польш: Байгаль орчин, ногоон хөгжил, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн өмнөх боловсролын арга зүй, соёлын өвийн сэргээн засварлагч, соёл урлаг, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөмийн энерги, зам тээвэр, барилга хот байгуулалт, биотехнологи, нанотехнологи, химийн инженерчлэл, логопед, хэл судлал

Куба: Анагаах ухаан;

Болгар: Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл;

Беларусь: Хөдөө аж ахуй;

Казакстан: Уул уурхай, Олон улсын харилцаа, нэхмэлийн үйлдвэрлэл, зам гүүрний барилга, байгууламжийн инженер;

Вьетнам: Олон улсын харилцаа, хүнсний инженерчлэл, анагаах ухаан, аялал жуулчлал, Соёлын өвийн сэргээн засварлах, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүч;

Лаос: Олон улсын харилцаа, хууль, эдийн засаг;

Украйн: Биеийн тамир, уул уурхайн инженер, нисэхийн инженер, авто замын инженер, хөдөө аж ахуйн инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, барилгын инженерийн чиглэлээр, доктор байгалийн ухааны чиглэлээр суралцуулна.

Тавигдах шаардлага:

Бакалавр

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа;

Магистр, доктор

Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;

Докторант: Магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны

Бүртгэл

2018 оны гуравдугаар сарын 12-ноос дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 23 цаг хүртэл esis.edu.mn/grant цахим хаягаар бүртгэнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Ярилцлагад тэнцсэн иргэдийн нэрсийг 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэнд зарлана.

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд:

Бүртгүүлэгчдийн ирүүлсэн бичиг баримтад үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр ярилцлагад орох иргэдийн нэрсийг тодруулж, ярилцлагын цагийн хуваарь, байршлыг 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэнд зарлана. Ярилцлагыг 2018 оны дөрөвдүгээр сарын 14, 15-ны өдөр зохион байгуулна. Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны +51 267131 утсаар авч болно.

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ЗАРЛАЖ БУЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН БИЧГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭМЭЛТ ЗАР

2018 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 10:00-12:00 цагт бакалаврын шалгалт, гуравдугаар сарын 18-ны өдрийн 10:00-12:00 цагт Магистрантур, 14:00-16:00 цагт докторантурын шалгалтууд ШУТИС-ийн Төв номын сангийн байранд тус тус зохион байгуулагдана.Бичгийн шалгалтад оролцоход 2В харандаа, баллуур, хар өнгийн үзэг, өөрийн иргэний үнэмлэхтэй ирнэ /Иргэний үнэмлэхгүй ирсэн тохиолдолд шалгалтанд оруулахгүй болхыг анхаарна уу/.

-Бакалаврт бүртгүүлэгчдээс англи хэл, хятад хэл, математикийн шалгалт авна;

-Магистрантур, докторантурт бүртгүүлэгчдээс англи хэл, хятад хэлний шалгалт авна.

-Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн КОД-ыг гуравдугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбарт болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “Гадаадад суралцах” цэсэд байрлуулна.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “РОСНЕФТЬ” КОМПАНИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

ОХУ-ын “Роснефть” компанийн тэтгэлгэт хөтөлбөрийн хүрээнд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг шалгаруулж, суралцуулна.

Бүртгэл

2018 оны гуравдугаар сарын 09-нөөс гуравдугаар сарын 16-ны өдрийн 12.00 цаг хүртэл esis.edu.mn/grant цахим хаягаар бүртгэнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны +51 267131, Гадаад харилцааны яамны +51 261832 утсаар авч болно.

УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2018/2019 оны хичээлийн жилд дахин 200 хүртэлх Монгол иргэнийг суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг Унгарын Тэтгэлгийн хороо хүлээн авч, эцсийн шийдвэрийг гаргана.

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг (www.stipen­diumhungaricum.hu) холбоосоор үзэж танилцана уу.

ШИНЭ ЗЕЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Тус улсын Засгийн газрын Монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Өргөдөл хүлээн авах хугацаа нь 2018 оны хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ. Тэтгэлэгт тавигдах шаардлага болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mfat.govt.nz/en/aid-and-development/sc… холбоосоор үзнэ үү.

КАНАДЫН БҮРЭН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Канадын Албертагийн Их сургуулийн 2018 оны бүрэн тэтгэлэгт хөтөлбөр. Тус сургууль нь намар, өвлийн магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Зөвхөн гадаад оюутнуудад нээлттэй тэтгэлэг бөгөөд нэг жилийн магистр, докторын хөтөлбөрийг судалж дуусгасан суралцагчийг хамруулах зорилготой. Тодруулбал есдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан байх ёстой аж. Тэтгэлэгт хамрагдах материалыг 2018 оны тавдугаар сар хүртэл хүлээн авна. Суралцахыг хүсэгч нь Killam болон Andrew Stewart Awards -н өргөдлийн загварыг бүрэн бөглөж өөрийгөө танилцуулах ёстой аж. Канадын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.ualberta.ca/ холбоосоор авна уу. Энэ сургууль нь Алберта мужийн анхны Ерөнхий сайд байсан Alexander Cameron Rutherford болон тус мужийн анхны Ерөнхийлөгч Henry Marshall Tory нарын үүсгэн байгуулсан сургууль гэдгээрээ онцлогтой. “Post-secondary”-ийн хууль эрх зүйн орчныг дэмжиж, эрх олгодог юм.

ХЯТАДЫН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГ

Хятадын Их Сургуулийн Магистрын зэргийн тэтгэлэгт хөтөлбөр нь Хятадын Засгийн газраас ивээн тэтгэгддэг. Энэ нь БНХАУ-ын их дээд сургуулиуд болон тодорхой мужууд дахь зарим мужийн боловсролын байгууллагуудад бүрэн тэтгэлэг олгодог тодорхой мужууд эсвэл бие даасан бүс нутгууд Хятадад дээд боловсрол эзэмшсэн олон улсын оюутнуудыг элсүүлдэг. Тэтгэлгийн бүртгэлийн хугацаа гуравдугаар сарын 31-нд дуусна.

Тэтгэлгийн хэмжээ: Энэхүү хөтөлбөр нь сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх, орон байр, амьжиргааны тэтгэмж, эрүүл мэндийн цогц даатгалыг хамарсан бүрэн тэтгэлэг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг http://ices.sufe.edu.cn/ENDetail.aspx?ID =1623&TypeID=70&WebID=25 холбоосоор авна уу.


Categories
мэдээ нийгэм

Хоёр тайзны хооронд

-Чи санаж байна уу? Тэр жил манай улс чинь Азийн бар болно гээд байсан яасан юм бол оо?

-Больчихоод оронд нь “Азийн чоно” болсон юм дуулдах шиг боллоo

Нарлаж суусан хөгшидийн яриа

Нэг. НАРГИАНТАЙ ЭХЛЭЛ.

Үгний утга их өөр болж байна аа. Урьд чинь хараасан, зүхсэн, хангинаж загнасан үг л аймаар сонсогддог байсан сан. Харин одоо хайрласан, ачилсан үг нь ар нуруу руу хүйт даалгаад байх боллоо. Энэ улс төрөөс л болж байгаа хэрэг. Хэн нэгэн улс төрч “Би ард түмэн та нартаа хайртай” гэж ярихыг сонсохлоор юуны түрүүнд “за даа хийцлүүлж л таарлаа даа” гэсэн шүү юм санаанд ороод “бид энүүнд ямар гэм хийсэн юм болоод ингэж дайсагнадаг байна аа” хэмээн гоморхол төрөх болж. Бидний урьд өмнөх төрөлдөө зовоож, бүүрлэж байсан улс маань эргэж төрдөг нь энэ юм ч болуу гэсэн мухар сүсгийн юм ч санаанд орж байх шиг.

Урьд хүмүүс өшөөгөө авна гэж айлгадаг байсан бол одоо ачийг нь хариулна гэж айлгадаг болж. Тэр жил өнөө тэр Дорж гуай “Би өдий зэрэгтэй болгосон ард түмнийхээ ачийг заавал хариулна” гэхэд нь сэрдхийх ухаан бидэнд байсангүй л дээ. Тэгсэн чинь мань эр орондоо унтах завгүй гүрдийж байгаад олон сайхан хуулийг минь яг л хурга шиг засаад, хөнгөлөөд хаядаг байгаа. Хуц тавих хууль маань ямар ч үржлийн чадваргүй эр хонь болчихлоо гэсэн үг. Мань эр өөрөө ярихдаа ард түмнийхээ ачийг хариулах гээд бэлгийн ажлыг умартан засаад байсан гэдэг байх аа. Аймаар нь, цаашдаа ард түмнийхээ ачийг хариулсаар байх болно гэж шантаажилсан байгаа юм даа.

Саяхан өөр нэг улс төрч ярьж байна. “Хуучин хийж байсан том даргынхаа суудалд эргэж очих шаардлагатай байна. Би ард түмнийхээ төлөө маш их зүйл хийж чадаагүй үлдээсэн нь ингэх бодитой үндэслэл болоод байгаа” гэхчлэн ярьжээ. Эрхбиш Бурхан харах байлгүй дээ л гэж бодох юм.

Олон олон ийм хүнээс ард олноо хамгаалахын тулд төрөөс өршөөлийн зарлиг ч гаргамаар байна. Жишээ нь, тэрний ард түмэндээ тавьсан өрийг хүчингүй болгосугай гэхчлэнгийн заалттай. Зүгээр ч үгүй уг өрийг төлөх гэж оролдохыг хориглохгүй бол цаадуул чинь төлнө гэж зүтгээд байж мэднэ гэдгийг бодмоор байна. Зарим нь бүр санаатайгаар өр бий болгодог болж. Уул нь авлага бий болгомоор юм. Гэтэл тийм биш байна. Нэг зохиолч ярьж байна. “Уншигч нартаа би зуун роман бичиж өгнө” гэж амласан тэрийг бичиж хэвлүүлнэ гэж айлгав. Эргээд харахаар уншигчид нь бас тэр болгоныг авч уншина гэж амласан болж таараад. Ингээд зориуд өрийн сүлжээ бий болгоод байна.

Хоёр. ЖИРИЙН ҮРГЭЛЖЛЭЛ.

Бидний өнгөрсөн амьдралын үлэмж хэсэг нь хүний үнэт зүйлийг үгүйсгэсэн нийгэмтэй холбоотой. Социализм нь хувь хүний сайн бүхнийг хураан нийгэмчилж, оронд нь ард түмний сайн сайхан, нийгмийн аз жаргал гэхчлэнгийн барьцгүй зүйлийг гаргаж тавьсан юм. Хувь хүн зовох ёстой, харин нийгэм жаргах ёстой гэсэн үг л дээ. Ингэж ирэхээр хүн өөрөө юу ч биш, өт хорхой болон хувирна. Зөвхөн хувь хүн, гэр бүлд байдаг аз жаргал хэмээх сайхан эрдэнэсийг булаан үгүйсгэдгээрээ социализм юу юунаас ч илүү харгис зүйл байлаа. Энэхүү бурангуй нийгмийн үзэл сурталчдын гаргаж ирсэн кодексууд болох мөнөөх “Ард түмнийхээ төлөө амьдрах (хүн өөрийнхөө төлөө амьдардаг)”, “ухамсарт амьдралаа ард түмэндээ зориулах” (хэвийн эрүүл ухамсартай хүн амьдралаа өөртөө болон гэр бүлдээ зориулдаг төрөлхийн инстинкттэй), Хувийн эрх ашгийг хаяад олон түмний төлөө явах (зөвхөн ярианы хэлэнд л байж болох ойлголт), “эх орныхоо ачийг хариулах” (хариулснаар эсвэл хариулаагүйгээр тооцох ямар ч боломжгүй) гэхчлэнгийн хуурмаг зүйлс өнөө ч оршин тогтносоор байна. Үндэстэн дамнасан корпораци гэлээ гэгчээр хоёр өөр нийгмийн байгуулал дамнасан “оюуны үнэт зүйл”-үүд.

Өнөөгийн дөчөөс дээш насныхны сэтгэл санаанд бат үлдсэн ийм хэллэг зомби маягтай оршин байгаа нь бодитой. Нэг талаас улс төрчдийн ихэнхийнх нь сэтгэлгээ хуучинсаг хэвээрээ байгаагийнх гэж ойлгож болно. Нөгөө талаас нийгмийн сэтгэл зүйд хуучинсаг хуурмаг сурталчилгаа илүү зохимжтой байгаа нь харагдсан байж болно.

Гэхдээ л манай улс төрийн үзэл суртлын ажил, нийгмийн сэтгэл зүй хоёр зөрчилдөөд байх болжээ. Хүмүүс “нийгмийн сайн сайхан гэж барим, тавим юм байхгүй, харин хувь хүн айл гэрийн аз жаргал” гэж байдаг ба “Хувь хүний нулимс асгарч байгаа газар нийгмийн зол жаргал гэсэн ойлголт байх аргагүй” гэдгийг мэдээд авчээ. Гайхалтай нь улс төрийн акцууд харилцан хууралцсан сонин зохиомжтой өрнөөд байх аж.

Сонгууль болохоор ард түмэн нэр дэвшигчээс нэг их “мөрийн хөтөлбөр ба намтар” нэхнэ. “За даа, намуудын мөрийн хөтөлбөрийг харьцуулан уншиж, нэр дэвшсэн хүний намтрыг судалж байгаад л хэнд саналаа өгөхөө шийднэ” дээ гэхчлэн бүлтэрнэ. Үнэн хэрэгтээ хүний мөрийн хөтөлбөр уншиж суудаг сонгогч нүдний гэм. Өгсөн хөтөлбөрийг нь нэг ч сөхөж харахгүй, дэрнийхээ ширгүү рүү шидчихнэ гэдгийг нэр дэвшигч мэднэ. Гэхдээ “май та, миний хөтөлбөр ба намтартай сайн танилцаарай” гэж далдагнана. Улс төрчөөс мөрийн хөтөлбөр, намтар нэхээд л байгаа юм биш. Мөрийн хөтөлбөрийн дагалдах хэрэгслэлийг нэхээд байгаа юм. Дагалдах хэрэгслэл гэхээр шуудай гурил, мөнгө цаас мэтс нь юм аа. Социализмын үед сайн ажил хийсэн хүнийг “Баярын бичиг ба үнэ бүхий зүйл”-ээр шагнадаг байв. Төрийн зүгээс баярын бичигтээ ач холбогдол өгнө. Харин иргэн хүнд үнэ бүхий зүйл л чухал байна. Учир нь тэнд хятад халуун сав, үзэг гээд нүдний гэм болсон ховор сайхан зүйлс тэнд байдагсан. Яг түүн шиг бэлгээ аваад ир гэхийн оронд “таны намтартай танилцмаар байна” гэдэг. “Надад юу өгөх гэж байна” гэхийг “ард түмэндээ юу бүтээх хөтөлбөртэй вэ” хэмээн орчуулдаг болжээ.

Улс төрч нь “өөрийнхөө эрх ашгийг уландаа гишгэсэн ба сонгогч таны ашгийг л дээдэлсэн” гэхчлэн ярина. Өөрийнх нь төлөө юу ч хийхгүй ба хэрэг дээрээ амиа бодсон туучий өмнө нь зогсож байгаа гэдгийг “ард түмэн” сайн л мэдэж байгаа. Сонгогч нь ч, нэр дэвшигч нь жүжиглээд л… Үзэгчийн танхимгүй, бие бие рүүгээ харсан тайзан дээр бүх юм өрнөх ажгуу.

Нийгэм болон хувь хүний оюун санаа боломжийн хэрээр эрүүлжиж байна. Манайхан капитализмдаа эргэж ороод хориод жил өнгөрлөө. Шинэ үеийн залуус улс төрийг нэг хэсэг ойлгож ядаад байна. Нөгөө хэсэг нь зүгээр луйвар юм байна гэж ойлгоод зарим нь шорон орон руу явахдаа тулаад байна. Зүгээр л аминдаа хайртай гэдгээ нуулгүй яриад, улс төр хийж өсөж дэвших сонирхолтойгоо хэлээд, тэгэхдээ улсдаа гай болохгүй, жирийн шударгаар зүтгэж, эцсийн дүндээ олон түмэндээ хайрлагдсан сайхан зүтгэлтэн хүн болж хүндлэгдэх мөрөөдлөө таниулаад явж болдоггүй юм уу. Ард түмэнд хайр хэрэггүй, ард түмэнд ач хариулагч гэж хэрэггүй. Үр удмаа бөөцийлж өсгөх нь ангир шувууны ч хийдэг ажил. Хайрыг уухгүй, эх орончийг идэхгүй. Ард түмэнд ажил, мөнгө л хэрэгтэй. Үүнийг бид цөмөөрөө л мэднэ. Нийгмийн аз жаргал гэж байдаггүй. Хувь хүний зол заяа, өрх гэрийн сайн сайхан л гэж бий. Эхнэртэйгээ хэрүүлтэй байвал дэлхийн энх тайван чамд хамаагүй, хүүхэд чинь өлсөж байхад ДНБ-ийн өсөлт танайд нялзахгүй, гутал барьж байхад хорвоогийн уудам хүртээлгүй гэдгийг бид бас мэднэ.

Эсвэл энэ удаад ч дүүрч гэж үзээд дараагийн сонгуулиар л эрүүл саруул үзэж тарахаар шийддэг ч юм уу, Өнөө “За маргааш л ёстой жинхэнээсээ тамхиа хаяна даа” гэсэн бат итгэлтэйгээр амгалан нойрсдог тамхичид шиг.

Гурав. ҮЛГЭРТЭЙ ТӨГСГӨЛ

Эртээ урьд цагт юм гэнэ. Ер нь хүмүүс баталгаагүй юмыг одоо цаг дээр хэзээ ч ярьдаггүй. Нэг бол өнгөрсөн цаг дээр “эртээ урьд цагт” гэж ярина. Үүнийг үлгэр гэнэ. Эсвэл “Ирэх хэдэн жилд би тэгнэ” гэж ирээдүй цаг дээр хэлнэ. Үүнийг мөрийн хөтөлбөр гэдэг. За энэ ч яахав нэг ангир гурван дэгдээхэйгээ дагуулаад эрт урьд цагт явж байжээ. Юмын үнэ өсснөөс ч юм уу, зах зээл дэх өт хорхойны эрэлт нийлүүлэлтийн зохистой харьцаа алдагдснаас ч юм уу, өлсөж цангаад хоёр дэгдээхэйгээ хаднаас нисгэх болжээ. Дэгдээхэйнүүд ч үүнийг мэдээд тус тусын “амиа хоохойлох” хөтөлбөрийг боловсруулсан байгаа юм.

Эхний дэгдээхэй

-Ээжээ би таныхаа ачийг хариулна

Хөөрхий дэгдээхэй үг сүггүй түлхэгдэв.

Хоёр дахь дэгдээхэй мөрийн хөтөлбөрөө танилцуулах ээлж ирэв.

-Ээжээ би гэрлэх ч үгүй, Үлдсэн амьдралаа тандаа зориулна.

Аанай өд сөд нь хийссэн амьтан хавцал руу нисэв.

Хамгийн сүүлчийн дэгдээхэй

-Ээж ээ хэрвээ би амьд үлдвэл үр удмаа л сайн өсгөнө. Өөр чадах юм надад алга гэжээ.

Сүүлчийн зулзагаа үлдээсэн гэнэ.

Надад хүн ярьсан үлгэр юм шүү. Тэрнээс биш ангираас өөрөөс нь дуулаагүй юм.

2009.11.17

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хоёр тайзны хооронд” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

С.Баярцогтыг тойрсон асуудлуудын талаар хэвлэлийн зарлаж мэдээлэл хийснийг тэргүүн нүүрнээс хараарай.

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинтэй ярилцсаныг нэгдүгээр нүүрэнд хэвлэгджээ.

Ерөнхийлөгч хөдөө орон нутагт ажиллаж билээ. Завхан аймагт ажилласан талаарх сурвалжилгыг улс төр нүүрнээс үзээрэй.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хоёр тайзны хооронд” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Шүүгчдийн 92,8 хувь нь зээлтэй” хэмээх сурвалжилгыг дөрөвдүгээр нүүрнээс уншаарай.

Дүнжингаравын хурд-2018 уралдаантай холбоотойгоор Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудаас мэдээлэл хийснийг долоодугарр нүүрнээс хараарай.

МУИС-ын Хууль зүйн сургуулийн багш, доктор Б.Баярсайхантай Монголын хууль зүйн боловсрол эрх зүйн зарим асуудлаар ярилцсаныг багш нүүрнээс үзэх боломжтой.

Зууны манлай монгол бөх, хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхтэй хийсэн ярилцлагыг спорт нүүрнээс үзээрэй. Тэрээр “Допингоор далимдуулж сайхан бөхчүүдийн нэр төрийг гутааж байна” гэжээ.

“ОХУ-аас геологийн судалгаа тайлан ирснээр, ихээхэн мөнгө хэмнэж, хөрөнгө оруулалт татах боломж бүрдэж байгаа” сурвалжилгыг цаг үе, үйл явдал нүүрнээс уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ нийгэм

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Увс аймагт ажиллаж байна

Улс орон даяар 03.14-21-ний хооронд болж буй БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөг өнөөдөр өндөрлөнө. Увс аймгийн БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөгийн хаалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Уг үйл ажиллагаа Увс аймгийн төв талбайд болсон бөгөөд аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан иргэдэд мэдээлэл өгч, 7 хоногийн хугацаанд нээлттэй хаалганы өдөрлөгөөр хэрхэн ажилласнаа тайлагналаа. Увс аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан нээлттэй өдөрлөгөөр иргэдээс 500 гаруй санал хүсэлт хүлээн авч, бүх сумдаар байгаль хамгаалагчдаа ажиллуулж, өөрсдийн хийж байгаа ажлыг танилцуулсан байна.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Увс нуур, тэсийн голын сав газрын захиргаа, Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны ажилтнууд тус бүрт танилцуулга хийсэн. Мөн цэвэр ус үйлдвэрлэдэг “Ус эрдэнэ” ХХК, худаг гаргаж, жимсний услалтын систем хийдэг “Чандмань ус” ХК, Улаангом хотын политехникийн коллеж, “Увс байгаль” ХК, Увс аймгийн улсын тэргүүний II сургуулийн “Эх дэлхий” эко клубын сурагчид өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан байлаа. Тус эко клуб байгуулагдаад 1 жил болж байгаа ч өнгөрсөн хугацаанд “Гялгар уут цэцэг биш” “Хог хаягдалгүй амьдарцгаая”, “Амьтдаа хайрлая” зэрэг үйл ажиллагаануудыг сургууль дээрээ зохион байгуулж, сурагчдын дунд төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохиож иржээ. “Эх дэлхий” эко клуб одоогоор сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ч сургуулийнхаа нийт сурагчдыг эко сурагч болгох зорилт дэвшүүлээд байгаа аж.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Байгаль орчин, аялал жуулчлалын хоногийн хугацаанд хийж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээж авлаа. Иргэдийн зүгээс ирүүлсэн санал, хүсэлтийг ирэх сарын эхээр болох салбарынхаа Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр хэлэлцэж, алдаа, дутагдлаа цаашид хэрхэх талаар ярилцах юм. Хог хаягдал өнөөдөр Монгол Улсын хувьд нэн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа учир аймаг тус бүрт хог хаягдлыг дахин боловсруулах анхан шатны үйлдвэрүүдийг байгуулахаар ажиллаж байна. Мөн усны асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед саарал ус ашигласан ААН-үүдийг дэмжих бодлого баримталж байна. Энэ жилийн хувьд Увс аймгийн ЦУОШГ-ын барилгыг шинэчлэх, Чандманийн үерийн даланг сайжруулах санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж чадсан. Нөгөөтэйгүүр, Увс аймгийг аялал жуулчлалын гол бүс болгох саналыг аймгийн Засаг даргын зүгээс тавьж, жил бүр уламжлал болгон явуулдаг ITM аялал жуулчлалын үзэсгэлэнд Увс аймгийг түнш болгох саналыг ирүүлсэн. Монгол Улс ирэх сард аялал жуулчлалын маршрутаа батлуулж, дэлхийн аялал жуулчлалын маршрутад багтаана. Тэгэхээр манайхыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ. Та бүхэн маань бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй. Ингээд та бүхэндээ өнөөдөр тохиож буй Олон улсын ойн баярын мэнд, маргааш тохиох Дэлхийн усны өдрийн мэндийг хүргэе” хэмээлээ.

Увс аймагт эдгээр өдрүүдэд ОХУ-аас сургагч багш нар хүрэлцэн ирж “Жимс, жимсгэнийг хэрхэн өгөөжтэй тарих вэ” хэмээх сургалт зохион байгуулж байгаа аж. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх марааш тус аймагт хүрэлцэн ирж, иргэдтэй уулзалт хийх юм.

Улс орон даяар 03.14-21-ний хооронд болж буй БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөг өнөөдөр өндөрлөнө. Увс аймгийн БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөгийн хаалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Уг үйл ажиллагаа Увс аймгийн төв талбайд болсон бөгөөд аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан иргэдэд мэдээлэл өгч, 7 хоногийн хугацаанд нээлттэй хаалганы өдөрлөгөөр хэрхэн ажилласнаа тайлагналаа. Увс аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан нээлттэй өдөрлөгөөр иргэдээс 500 гаруй санал хүсэлт хүлээн авч, бүх сумдаар байгаль хамгаалагчдаа ажиллуулж, өөрсдийн хийж байгаа ажлыг танилцуулсан байна.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Увс нуур, тэсийн голын сав газрын захиргаа, Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны ажилтнууд тус бүрт танилцуулга хийсэн. Мөн цэвэр ус үйлдвэрлэдэг “Ус эрдэнэ” ХХК, худаг гаргаж, жимсний услалтын систем хийдэг “Чандмань ус” ХК, Улаангом хотын политехникийн коллеж, “Увс байгаль” ХК, Увс аймгийн улсын тэргүүний II сургуулийн “Эх дэлхий” эко клубын сурагчид өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан байлаа. Тус эко клуб байгуулагдаад 1 жил болж байгаа ч өнгөрсөн хугацаанд “Гялгар уут цэцэг биш” “Хог хаягдалгүй амьдарцгаая”, “Амьтдаа хайрлая” зэрэг үйл ажиллагаануудыг сургууль дээрээ зохион байгуулж, сурагчдын дунд төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохиож иржээ. “Эх дэлхий” эко клуб одоогоор сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ч сургуулийнхаа нийт сурагчдыг эко сурагч болгох зорилт дэвшүүлээд байгаа аж.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Байгаль орчин, аялал жуулчлалын хоногийн хугацаанд хийж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээж авлаа. Иргэдийн зүгээс ирүүлсэн санал, хүсэлтийг ирэх сарын эхээр болох салбарынхаа Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр хэлэлцэж, алдаа, дутагдлаа цаашид хэрхэх талаар ярилцах юм. Хог хаягдал өнөөдөр Монгол Улсын хувьд нэн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа учир аймаг тус бүрт хог хаягдлыг дахин боловсруулах анхан шатны үйлдвэрүүдийг байгуулахаар ажиллаж байна. Мөн усны асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед саарал ус ашигласан ААН-үүдийг дэмжих бодлого баримталж байна. Энэ жилийн хувьд Увс аймгийн ЦУОШГ-ын барилгыг шинэчлэх, Чандманийн үерийн даланг сайжруулах санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж чадсан. Нөгөөтэйгүүр, Увс аймгийг аялал жуулчлалын гол бүс болгох саналыг аймгийн Засаг даргын зүгээс тавьж, жил бүр уламжлал болгон явуулдаг ITM аялал жуулчлалын үзэсгэлэнд Увс аймгийг түнш болгох саналыг ирүүлсэн. Монгол Улс ирэх сард аялал жуулчлалын маршрутаа батлуулж, дэлхийн аялал жуулчлалын маршрутад багтаана. Тэгэхээр манайхыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ. Та бүхэн маань бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй. Ингээд та бүхэндээ өнөөдөр тохиож буй Олон улсын ойн баярын мэнд, маргааш тохиох Дэлхийн усны өдрийн мэндийг хүргэе” хэмээлээ.

Увс аймагт эдгээр өдрүүдэд ОХУ-аас сургагч багш нар хүрэлцэн ирж “Жимс, жимсгэнийг хэрхэн өгөөжтэй тарих вэ” хэмээх сургалт зохион байгуулж байгаа аж. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх марааш тус аймагт хүрэлцэн ирж, иргэдтэй уулзалт хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгийн уран бүтээлчдийн тоглолт монголын ард түмний мэлмийг баясгалаа

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд “Соёлын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах тухай” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд Энэтхэгийн үндэсний бүжгийн хамтлаг Монгол Улсад айлчлан монголын ард түмэнд уран бүтээлээ амжилттай толилуулаад нутгийн жолоо заллаа.

БНЭУ-ын “Падавик” бүжгийн төвийн уран бүтээлчид Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлийн шугамаар гадаадын олон орноор аялан тоглож байгаа бөгөөд энэ удаад монголын ард түмэнд өөрсдийн үндэсний бүжгийг орчин үеийн бүжгийн төрөлтэй хослуулсан гайхалтай уран бүтээлийг 2018 оны 03 дугаар сарын 16-ний өдөр Улаанбаатар чуулгын тайзнаа, 3 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын тайзнаа, 3 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн Соёлын ордоны тайзнаа тус тус тоглож, үзэгчдийн халуун талархалыг хүлээн авлаа.

Мөн уран бүтээлчдийн орон нутагт хийсэн аялан тоглолтын зохион байгуулалтад БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, БНЭУ-аас Монгол Улсад Суугаа Энэтхэгийн Элчин Сайдын Яамны удирдлага, албан хаагчид болоод Дархан-Уул аймгиийн Засаг Дарга, ЗДТГ, Багануур дүүргийн Засаг дарга, ЗДТГ-аас хамтран амжиллтай зохион байгуулж, зочин уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд БНТУ-ын Шадар сайд Хакан Чавушолуг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны VIII хуралдаанд оролцож буй Бүгд Найрамдах Турк Улсын Шадар сайд, Турк-Монголын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Туркийн хэсгийн дарга Хакан Чавушолуг хүлээн авч уузлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан ах, дүү найрсаг харилцаатай хоёр орны хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Ноён Хакан Чавушолу УИХ-ын дарга М.Энхболдын хэдхэн хоногийн өмнө БНТУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсон гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, “Манай хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхтэй. Монгол бол бидний өвөг дээдсийн амьдарч байсан нутаг. Монгол нутагт Билгэ хааны хөшөөнөөс эхлээд Эртний Түрэгийн үеийн 150 гаруй хөшөө дурсгал байдаг. Энэ сайхан харилцааг дээдлэн хүндэтгэж, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх ёстой. Улс төр, эдийн засаг, худалдааны гээд бүх салбарын харилцааг эрчимжүүлэх бололцоо бүрэн дүүрэн байна. Энэхүү боломжийг сайтар ашиглах нь бидний эрхэм үүрэг мөн” гэж онцоллоо.

Тэрбээр Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан амжилттай болж, баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Хоёр орны хоорондох худалдааны эргэлт 2017 оны байдлаар 30-хан сая ам.доллар байгаа нь чамлалттай юм. Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд Туркийн талаас хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Манай улсыг гуравдагч хөршөө гэж үздэг Та бүхэнд бид талархдаг. Бидний хувьд Турк-Монголын харилцааг хөгжүүлээд зогсохгүй, Монголыг Европын зах зээлд гарахад нь гүүр болохыг хүсдэг. Хамтарсан хорооны хуралдаанаар хөдөө аж ахуй, боловсрол, жижиг, дунд үйлдвэрлэл зэрэг салбарт хамтран ажиллахаар тохирсон хэмээв.

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА-гийн шугамаар Монголд хэрэгжүүлж буй төслүүдийг үргэлжлүүлэн, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой нөлөө үзүүлэхүйц төслүүдийг сонгон хэрэгжүүлэх, Туркт сурах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол өгч байна гэж ноён Хакан Чавушолу онцлов.

Тэрбээр Монгол дахь турк сургуулиудын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөндөхдөө, тэдгээр сургуулийг Туркийн Үндэсний боловсролын яамны дэргэдэх “Маариф” санд шилжүүлэн, сургалтын тоног төхөөрөмжийг шинэчлэх, суралцагчдад дэлхийн хэмжээний чанартай боловсрол олгох, монгол сурагчдын эрх ашгийг зөрчихгүй байх зэрэг чиглэлээр одоогийнхоос илүү үр дүнд хүргэх арга хэмжээ авах болно хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын дарга М.Энхболд БНТУ-д хийсэн албан ёсны айлчлал маань амжилттай болж өндөрлөсөн. Туркийн Үндэсний Их Хурлын дарга И.Кахрамантай албан ёсны хэлэлцээ хийж, Туркийн Ерөнхийлөгч, эртний анд Р.Т.Эрдоантай уулзаж хамтын ажиллагааны олон чухал асуудлыг хөндөж ярилцсан. Мөн Туркийн Гадаадтай эдийн засгаар харилцах зөвлөл, Зөвлөл дэх Турк-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны удирдлагуудтай уулзалт хийх үеэр Туркийн бизнесмэнүүд Монголд хөрөнгө оруулах ихээхэн сонирхолтой байгаа нь анзаарагдсан.

Түүнчлэн Туркийн ЭКСИМ банкны удирдлагуудтай аж ахуй эрхлэгчдэд олгох 300 сая ам.долларын зээлийн асуудлыг хөндөж ярилцсан. Тэд зээлийн хэмжээг нэмэгдүүлж 350 саяд хүргэх, 10 жилийн хугацааг 18 болгож сунгах, заавал Засгийн газрын баталгаа шаардахгүйгээр арилжааны банк баталгаа гаргахыг зөвшөөрөх, зээлийн төлбөрийг бүтээгдэхүүнээр хийж болох, зээлийн хүүг багасгах гэсэн 5 шинэ алхам хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь сүүлийн 20 шахам жил яригдсан энэ асуудлыг нааштай шийдвэрлэх боломж бүрдүүлж байгаад баяртай байна гэж хэллээ.

Тэрбээр Орхоны хөндийд аялал жуулчлалын хамтарсан цогцолбор байгуулах, Монголын парламентын ордныг барихад санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, хамтарсан үйлдвэрлэл хөгжүүлэх зэрэг манай талын тавьж буй саналыг Туркийн Засгийн газар анхаарна гэдэгт итгэж байна гэв. Мөн турк сургуулиудыг Үндэсний боловсролын яамны мэдэлд шилжүүлэх, Анкара-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх зэрэг Туркийн талын саналын хувьд холбогдох байгууллагууд ойрын үед тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт итгэж байна гэлээ.

Мөн УИХ-ын даргын айлчлалын үеэр гарын үсэг зурсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээг бид удахгүй эхлэх чуулганаараа соёрхон батална. Туркийн тал мөн адил шуурхай хандахад анхаарч өгнө үү хэмээснийг ноён Хакан Чавушолу дэмжиж, хамгийн ойрын хугацаанд Үндэсний Их Хурлаар батлах талаар чармайна гэж амлалаа.

Тэрбээр ТИКА-гийн шугамаар хэрэгжүүлэх төслийн дотор Монголд парламентын ордон барих, Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор бий болгох, арьс ширний үйлдвэр байгуулах асуудлууд багтсаныг Засгийн газар хоорондын хамтарсан хорооны баримт бичигт туссан гэж мэдээлэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Н.Энхболд, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн Мустафа Шентоп, Салих Чора нарын зэрэг албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.