Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудалд ҮХЦэц маргаан үүсгэхээс татгалзжээ

УИХ-ын гишүүн Б.Наранхүүг чуулганы нэгдсэн хуралдаанд суудаггүй ирц нь хангалтгүй байдаг нь “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийг зөрчсөн гэж хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хүргүүлээд байсан. Тэгвэл Үндсэн хуулийн цэцээс тухайн асуудалд маргаан үүсгэхгүй гэж шийдвэрлэсэн байна.


Categories
мэдээ улс-төр

Шуурхай бүлэг Булган аймагт ажиллаж, Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг хийлээ

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшиний ахалсан Шуурхай бүлэг Булган аймагт ажиллаж, Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг хийлээ.

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзийн мэдээлснээр, Булган аймаг 3,3 сая малтай бөгөөд өвөлжилт, зудын хүндрэлээс болж аймгийн малчдаас 264 өрхийн 125 мянга шахам мал Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дорнод, Говьсүмбэр, Орхон, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Увс зэрэг аймагт отроор өвөлжиж байна. Тэдний дотор жирэмсэн эх 9, 0-5 насны 69 хүүхэд , өндөр настан 15, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 7 байна.

Булган аймаг Гамшгийн эрсдэлийг бууруулах сандаа 100 сая төгрөг баталсан ба энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 100,6 сая төгрөг зарцуулжээ.

Булган аймгийн Онцгой комисс Рашаант сумын нутагт гарсан шүлхий өвчний тархалтыг бүрмөсөн зогсоох, хүн амд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг тогтмол хүргэн ажиллах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүнд 500 сая төгрөг, ДҮК машин, мал, амьтны шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин, Рашаант сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин авах шаардлагатай байгааг Улсын Онцгой комиссоос хүсэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдааны төгсгөлд Булган аймагт улсын нөөцөөс өвс 500 тонн, тэжээл 400 тонн хуваарилахаар шийдсэнээ мэдэгдээд,

-Нэн хүндэрсэн, шаардлагатай байгаа цэгт өвс, тэжээл хуваарилах,

-Шүлхий дахин гаргуулахгүйн тулд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхаарах, аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд ажлаа эрчимжүүлэх, одоогийнхоос илүү идэвхтэй, санаачилгатай ажиллах,

-Булганы малчид өөр олон аймагт отроор нүүдэллэж байгаа учраас тэдгээр аймагтай хамтран ажиллах,

-Отроос буцаж ирэх малыг тусгаарлах бүсээр дамжуулж, хянах,

-Бэлчээрийнхээ даацад нийцсэн, чанартай мал сүрэг өсгөх бодит шаардлагыг анхаарч ажиллах үүрэг даалгаврыг аймгийн Онцгой комисст өглөө гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бямбадорж: Хүний эрхийн зөрчлийг хоромхон зуур дэлхий даяар мэддэг болсон

– НҮБ МОНГОЛЫН ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН
АСУУДЛЫГ АНХААРАЛДАА АВСАН БАЙНА –

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.


-Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын өдөр тохиосон. Хүний эрхийн үндэсний комисс иргэний нийгмийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой ажилладаг вэ?

-Нэг үеэ бодвол хүний эрхийн талаар үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг иргэд ойлгодог болж. Энэ бол нийгмийн нэг том ололт юм. Учир нь хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаагаа сэтгэл, зүтгэлтэй явуулж байдаг. Ингэснээрээ монгол хүнд тусалж, Монгол төрийн ачааг үүрэлцэж байна гэсэн үг. Тийм учраас эдгээр байгууллагуудтай Хүний эрхийн үндэсний комисс байнга хамтран ажилладаг. Бид жилд хоёр удаа уулзаж, санал бодлоо солилцож, үйл ажиллагааныхаа талаар танилцуулдаг уламжлал тогтсон. Хүний эрхийн үндэсний комисс бол жижиг бүтэцтэй байгууллага шүү дээ. Харин 2014 оноос эхлээд орон нутагт нэг, нэг хүнтэй болсон. Гурван сая хүний эрх ашиг, нийгэмд эзлэх байр суурь, хөгжлийг хариуцдаг байгууллага энэ бүтцээр ажиллана гэвэл барахгүй. Хүч хүрэхгүй гээд орон тоогоо нэмнэ гэвэл бас хэцүү. Тэгэхээр олон түмэнд хүрч ажиллахын тулд иргэний нийгмийн байгууллагатай нягт ажиллах нь зөв. Мөн хүний эрхийг хамгаалахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо чухал. Тухайлбал, өөртөө тохиолдсон эрхийн зөрчлөө ойлгодоггүй нэг хэсэг хүмүүс байна. Тэдэнд хүний эрх, үүргийг ойлгуулахын тулд ямар үйл ажиллагаа явуулж болохыг мэдээлэх ёстой. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагын тусламжтай олон нийтэд хүргэж болно. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд ихэнх тохиолдолд арилжааны нөхцөлтэй байгаа. Энэ нь нэг талаараа зах зээлийн нийгмийн хууль.

Нөгөөтэйгүүр Хүний эрхийн үндэсний комисст хэвлэл мэдээллийн байгууллагад төлбөр төлөөд мэдээлэл дамжуулах боломж, төсөв ч байхгүй. Тийм болохоор бид үйл ажиллагаагаа явуулахын тулд дэргэдээ сэтгүүлчдийн клуб ажиллуулдаг болсон. Ингэж хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг олон түмэнд хүргэж байна. Үүнээс үзвэл иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл гэх хоёр том институт бидний түшиг, тулгуур гэж ойлгодог.

-Хүн байгаа газар хүний эрх зөрчигдөж байдаг гэж та ярьсан. Монголд хүний эрхийг зөрчиж байгаа гол субьект нь хэн бэ?

-Нийгэм оршин тогтнож буй газар хүний эрхийн зөрчил байнга гардаг. Тийм учраас хүний эрхийн зөрчлийг арилгах, багасгах үйл ажиллагаа явуулахыг НҮБ-ын холбогдох хороод болон тухайн улсын төр үндсэн хууль, бусад хууль, тогтоол батлах замаар хамгаалж байдаг. Ихэнх тохиолдолд төрийн эрх мэдэл бүхий байгууллага, албан тушаалтны зүгээс хүний эрхийг зөрчдөг асуудал буурахгүй байна. Үүнд манай байгууллага маш өндөр хяналт тавьж, ажиллаж байгаа. Мөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх үйл ажиллагаанд хүний эрхийг зөрчихгүй байх талаар байнга хяналт тавьж ажиллаж байна. Эрүү шүүлтийн асуудал нэг үеэ бодвол цэгцэрсэн. Энэ төрлийн хүний эрхийн зөрчил буурсан гэсэн үг. Гэр бүл, хамт олон дотор хүний эрхийг зөрчих үйл ажиллагаа байсаар байна.

-Яавал хүний эрхийн зөрчлийг буулгах боломжтой вэ?

-Өнөөгийн нийгэмд миний эрх, эрх чөлөө чиний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэсэн зарчмаар л явах ёстой. Ингэж байж бид нэгнийхээ болоод өөрийнхөө эрхийг хамгаалж чадна. Жишээлбэл, би чиний уурыг хүргэсэн байж болно. Чи маш их уурласан ч гэсэн намайг зодож болохгүй. Яагаад вэ гэхээр би халдашгүй эрхтэй хүн. Миний эрүүл мэнд, махбодь халдашгүй байх ёстой. Үүнийг хуулиар зохицуулж өгдөг. Айх аюулгүй, гачигдах зовлонгүй нийгмийг цогцлоон байгуулахын төлөө 1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батласан. 2015 онд буюу НҮБ-ын далан жилийн ойгоор НҮБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд уулзаж 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилт гэх баримт бичиг баталсан. Учир нь НҮБ 1948 онд баталсан түгээмэл тунхаг бичгийнхээ зорилгод хүрч чадаагүй юм. Өөрөөр хэлбэл бид айх аюулгүй, гачигдах зовлонгүй нийгмийг өнөөг хүртэл цогцлоон байгуулж чадсангүй. Энэ олон жил өнгөрөхөд яагаад зорилгодоо хүрч чадаагүй юм бэ гэхээр дайнтай, эдийн засаг муу, хөрөнгө санхүү хүрэхгүй, улс төрийн дэглэм хатуу байлаа зэрэг янз бүрийн шалтаг хэлдэг. Одоо ийм шалтаггүйгээр 2030 он гэхэд хүн төрөлхтөн хүний эрхийг хамгаалах арван долоон зорилтыг хангасан байх ёстойг дахин баталлаа. Хүний эрх, эрх чөлөө нийгмийн хөгжлийг дагаад нэмэгдэж байдаг. Ер нь хүний эрхийн цаад утга бол хүнийг нийгэмд чөлөөтэй хөгжих боломжийг хангах ойлголт шүү дээ. Тэгвэл улс орон, энэ ертөнц хөгжинө. Би бол ардчиллыг ерөөсөө сонгуульт байгууллагатай, Үндсэн хуультай, иргэн нь эрхээ дээдэлсэн тэр л улс орныг ардчилсан улс орон гэж хэлнэ. Монгол Улсад өнөөдөр энэ шалгуур үзүүлэлт хангагдаж байна уу гэвэл хангагдаж байгаа. Бид ямар ч байсан ард түмнээсээ сонгогдсон Их хуралтай, Ерөнхийлөгчтэй. Бидэнд одоо юу дутагдаж байна вэ гэвэл эдийн засгийн баталгаа л дутагдаж байгаа юм. Үүнээс болоод хүний олон эрх, эрх чөлөө тэр болгон хэрэгжиж чадахгүй байгаагийн нэг жишээ нь утааны асуудал юм.

-Монголд хүний эрхийн зөрчил бусад орнуудтай харьцуулбал ямар байдаг юм бол?

-Манай улсад хүний эрхийн ноцтой зөрчил гарч байна. Харьцангуй гайгүй ч юм байна. Гадаадын орнуудаар явж байхад хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч байсныг харж л байсан. Гэхдээ хүний эрхийн зөрчил гэдгийг эрэмбэлж болдоггүй юм. Өөрөөр хэлбэл тэр эрх нь гайгүй, энэ эрх нь ноцтой гэж ялгаж болохгүй. Дэлхийн улс орнуудыг хүний эрхийн зөрчил хэр гарч байгаагаар дүгнэсэн тооцоо байдаггүй. Хүний эрхийн зөрчлийг хоромхон зуур дэлхий даяар мэддэг болсон цаг. Түүний төлөө бүх нийтээрээ дуугарч, тэмцдэг болж. Ноцтой зөрчил гарсан улсад бусад улс орнуудын зүгээс шийтгэл хүлээлгэдэг болсон. Тэр нь улс төрийн, эдийн засгийн гэх мэт хориг тавих юм. Тэгэхээр дэлхий ертөнц нэг нэгээсээ хамааралтай болсон өнөө үед хүний эрхийг дураараа зөрчих асуудал байхгүй шүү. Үүнийг монголчууд ойлгох ёстой.

-Иргэний эрхийг зөрчсөн асуудлыг төрийн байгууллагууд хэрхэн хүлээн авч байна вэ?

-Өнөөгийн нийгэмд хүмүүс чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Тийм болохоор иргэний гаргасан өргөдөл, санал гомдолд ямар ч байгууллага анхааралтай ханддаг болж. Гэхдээ манай төрийн албанд бугшсан нэг муухай юм бий. Тэр нь ихэмсэг зан. Иргэд төрийн байгууллагуудын үүдээр ороод л ихэмсэг зантай албан хаагчидтай тулж байна. Үүнийг хүнд суртал гэж хэлж болох байх. Төрийн эрх мэдлийг зарж амьдрах гэсэн, ихэмсэг байдлаараа далимдуулж хүнтэй харьцдаг энэ үйл ажиллагаа тасрахгүй байна. Энэ зан арилчихвал нийгэм хөгжинө. Жишээлбэл, гадаадын орнуудад худалдаа хийдэг худалдагч нар үйлчлүүлэгч ороод ирэхээр танд юу хэрэгтэй байна, юу авах вэ гээд урд нь сөгдөх шахам л болдог. Гэтэл манайд худалдагч нар ч тэр, үйлчлүүлэгчид ч гэсэн бие бие рүүгээ шилбэлзэж, хялалзаад эхэлдэг шүү дээ. Ямар ч ажил хүний харилцаан дээр тогтдог. Зөв сайхан, ямар ч хүнийг хүндэлж, соёлтой харилцаж байж нийгэм хөгждөг. Энэ системийг Монголын төрийн албанд тууштай нэвтрүүлэх хэрэгтэй. Үүнийг товчхондоо хүн чанар л гэж хэлээд байгаа юм.

-Таны хэлдгээр төрийн өндөр албан тушаалтнуудын зан харилцаанд биеэ тоосон чанар анзаарагддаг шүү. Гадны судлаач нар монголчуудыг их аминч үзэлтэй гэдэг. Үүнээсээ болж хүний эрхийн ойлголт сул хөгжсөн гэж ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Үнэхээр тийм. Монголчуудын хувиа хичээсэн үзэл гэх үү, зан ч гэх үү ийм юм манай улсын хөгжилд асар том саад болж байна. Гэрээсээ гараад хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг хараад л үүнийг мэдэрдэг. Би л түүний өмнө нь явж байвал тэр бөглөрнө үү, хоорондоо мөргөлдөнө үү надад ерөөсөө хамаагүй гэсэн байдлаар л манай жолоочид явж байна. Монголчуудын довоо шарлуулж, хувиа боддог үзэл нийгмийн их олон салбарт ажиглагддаг. Ер нь хувиа хичээнэ гэдэг монгол хүний мөн чанар биш шүү дээ. Монголчууд үр хүүхдээ “хүнд тусалж бай, олонтойгоо явахад алзахгүй ээ” гэж сургадаг байсан. Намайг бага байхад аав маань “Миний хүү хүн бол хүн шиг бай” л гэдэг байсан. Тухайн үед би энэ үгийг сайн ойлгоогүй, гайхаад л өнгөрсөн. Хожим ямар гүн философитой үг байсныг нь ойлгосон. Хүн эхээс төрөөд хүн болох процесс нь явагддаг юм байна. Энэ хүн болох процессд нь алдаа гарсан, ямар нэгэн байдлаар согог гарсан тохиолдолд дутуу хүн болж төлөвшдөг байна. Улмаар ийм хүн амьтны шинжээр хүнтэй харьцаж, хүн зодож, хүний эрхийг ноцтой зөрчих үйлдэл хийдэг. Адилхан хүн байж нэгнээсээ хулгай хийж байна, нэгнийгээ амийг хөнөөж, элдэв бусын муу үйлийг хийж байна. Энийг хүн болсон байна гэж ойлгож болох уу. Тийм учраас хүн шиг хүн байна гэдэг ойлголт монгол хүний хувьд маш чухал асуудал юм.

-Сүүлийн үед хар тамхи татаж мансуурсан хэрэг залуучуудын дунд их гарах болжээ. Тэр бүү хэл насанд хүрээгүй хүүхдүүд энэ төрлийн бодисыг хаанаас олох, хэрхэн хэрэглэх талаар мэдээлэлтэй болсон байна. Энэ бол нийгмийн маш том аюул болов уу?

-Би түрүүн хэлсэн. Өнөөгийн нийгмийн гол хэрэгцээ бол мэдээлэл. Хүүхдүүд мэдээллийн далай дотор сэлүүр битгий хэл завь ч үгүй хөвж явна. Тийм учраас тэд нийгмийн хөгжлийг дагаад асар их мэдээлэл авч байна. Гэхдээ хүлээн авч байгаа мэдээлийнхээ аль нь ашигтай, аль нь ашиггүй вэ гэдгийг ялгаж чадахгүй байгаад асуудал оршиж байгаа юм. Ээж, аав нь архичин, эсвэл салсан, өрхийн ямар ч орлогогүй айлын хүүхдүүд өнөө маргаашийнхаа хоол, хувцсыг бодоод л амьдарч байгаа. Тийм хүүхдүүд хар тамхи татах уу, үгүй шүү дээ. Тэр талаар мэдэх ч үгүй. Харин нийгмийн амьдралын хамгийн бололцоотой бүхнийг мэдчихсэн, хоол, хувцас, бусад хэрэгцээгээрээ туйлчихсан айлын хүүхдүүд хар тамхи татаж байна. Хар тамхи татаж буй хүүхэд хийх юмаа олж ядаж байгаагийн илрэл юм болов уу л гэж боддог. Хүн өөрийнхөө хүслийг хязгаарлаж байх учиртай. Хүний шунал тачаал гэдэг бол хязгааргүй. Тэрүүн дээрээ гишгэх тоормосгүй бол хадны ангал руу унаж үхэж байгаатай л агаар нэг.

-Монгол хүүхдийн эрх зөрчигдөх хамгийн энгийн жишээ нь хурдан морь унуулах явдал. Нэг талдаа уламжлал, өв соёл гэх утгаараа энэхүү зөрчлийг хаацайлдаг. Нөгөө хэсэг нь хүүхдийг тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж байна гэдэг. Энэ асуудлаар та бүхэн саяхан Засгийн газарт шаардлага хүргүүлсэн шүү дээ?

-Шууд хэлэхэд энэ асуудлыг би дийлэхгүй юм байна. Хүний эрхийн байгууллагууд энэ асуудлаар нэлээд зүтгэлээ, тэмцлээ. Бүр НҮБ-аас монгол хүүхдийн эрхийг зөрчиж буй энэхүү асуудлыг хориглосон шийдвэр хүртэл гарсан. Өөрөөр хэлбэл унаач хүүхдийн асуудлыг НҮБ анхааралдаа авсан. Гэвч Засгийн газрын тогтоолоор бүх зүйл болдгоороо болох юм шиг байна.

-Хүний эрхийн асуудлаарх гомдол мэдээлэл танай байгууллагад их ирдэг нь ойлгомжтой. Иргэдээс ирж буй гомдолд хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал юу байна вэ?

-Ер нь хүний эрхийн төлөө ажиллах шиг гоё ажил байхгүй. Гэхдээ бид энэ нийгэмд болж байгаа хамгийн аймаар юмнуудыг иргэдээс ирсэн гомдлоос хардаг. Тэр болгоныг нь олон нийтэд цацаад байх хэцүү л дээ. Үүнээсээ болж би нервтдэг. Би бас хүн шүү дээ. Иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдол жилээс жилд нэмэгдэж байна. Тэр болгоныг алтан загасны үлгэр шиг биелүүлж чадахгүй ч гэлээ, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, ажиллаж байна. Ирж буй гомдлын дийлэнх хувь эрүү шүүлтийн асуудалтай холбоотой байдаг. Зарим хүмүүс биднийг “Шоронд орсон хүмүүсийн эрхийг хамгаалах юм” гэдэг. Тийм биш л дээ. Эрүү шүүлтийн асуудал дэлхийд үнэхээр анхаарал татдаг болчихсон. Одоо бүх аймагт цагдан хорих байрууд шинэчлэгдэж дуусч байна. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай болсон. Өөрөөр хэлбэл, нөхцлийн эрүү шүүлт арилсан гэж хэлж болно. Монголын төр үүн дээр онцгой анхаарч, арга хэмжээ авсан. Харин хэрэг үүсгэхээс өмнөх шатанд цагдаатай холбоотой гомдол тасрахгүй байна. Боловсролгүйгээр нь, айж сандарснаар нь далимдуулж, аав, ээж, эхнэр хүүхэд, нөхрийг чинь хорино гэж айлгаж байгаад хэрэг хүлээлгэж, баахан цаасан дээр гарын үсэг зуруулсан гэдэг гомдол олон байдаг. Иймэрхүү хууль зөрчсөн үйлдэл тасрахгүй байна. Мөн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол их ирдэг.

-Нийгэмд ил болчихсон хэрнээ танайд албан ёсоор гомдол ирээгүй хэргийг хэрхэн шийдвэрлэдэг бол?

-Хамгийн чухал нь мэдээллийг яаралтай авч, нөхцөл байдлыг зөв тодорхойлох ёстой. Эмнэлгээр ярих юм бол өвчтнийг сайхан сэтгэлээр хүлээн авч ямар эмчилгээ хийлгэх вэ гэдгийг нь зааж өгдөг байгууллага. Иргэдийн гомдлын дагуу холбогдох байгууллагад шаардлага хүргүүлэхэд ямар нэгэн хариу ирүүлдэг нь бидний ажлын үр дүн.

-Хүний эрхийг хамгаалахын тулд төрийн оролцоо чухал гэдэг нь ойлгомжтой. Нөгөө талаараа хүн өөрөө эрхээ хамгаалж, идэвхтэй дуугарч байх нь зөв болов уу?

-Ерөөсөө хамгийн чухал ойлголт бол энэ л дээ. Миний эрхийг төр хамгаалчихнаа гээд дээшээ хараад хэвтээд байж болохгүй. Төр боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Нэг хүн дээр жишээ болгож ярья л даа. Хүн төрлөө. Хамгийн түрүүнд амьд явах эрхээ эдлэх ёстой. Эрүүл өсөх ёстой. Тэр үүргийг эцэг эх биелүүлэх учиртай юм. Улмаар хүүхэд өсөж томроод нийгэмд тодорхой хэмжээний байр суурь эзлэх шаардлагатай болно. Тэгэхийн тулд тухайн хүн боловсролтой болох ёстой. Хуулинд Монгол Улсын төр иргэнээ бүрэн дунд боловсролтой болгоно гэж заасан байдаг. Боловсролтой болчихсныхоо дараа тэр хүн нийгэмд баялаг бүтээж амьдрах шаардлага болно. Ингэхийн тулд мэргэжилтэй болох ёстой. Мэргэжилтэй болсныхоо дараа ажлын байраа хайх хэрэгтэй. Үүнд төр тухайн иргэнийг ажлын байраар хангах ёстой. Тэгэхээр хүн төрсөн цагаасаа эхлээд эрх, үүргийн нэгдлээр амьдарна гэсэн үг л дээ.

Categories
мэдээ цаг-үе

Рави Шанкер Гоел: Энэтхэгт аюурведийн чиглэлээр суралцах сонирхолтой оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр санал болгож байна

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Рави Шанкер Гоелтой Монгол Улс, Энэтхэг улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


-Энэтхэг улс дэлхийн анагаах ухааны салбарт тэргүүлдэг орны нэг. Монгол, Энэтхэг хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?

-Энэтхэг, Монголын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцлага өгөх боломж олгосон “Өдрийн сонин”-д юуны өмнө талархлаа илэрхийлье. Таны хэлж байгаачлан Энэтхэг эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч улс болсон гэдэг дээр санал нэг байна.

Манай улсын эмч нар их туршлагатай, өндөр боловсролтой сайн эмч нар байдаг. Энэтхэг улсын иргэдээ эмчлэхээс гадна гадаадаас ирсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Энэтхэгийн эрүүл мэндийн салбар дэлхийд шилдэгт тооцогддог хэрнээ үнэ өртөг харьцангуй бага байдаг. Энэтхэг улс Монгол Улсын анд найзын хувьд эрүүл мэндийн салбарт, Монголын ард түмэнд туслахдаа бэлэн байна. Хоёр орны эрүүл мэндийн салбарын туршлага, мэдлэгийг харилцан солилцож, монгол эмч нартай хуваалцсанаар аливаа өвчин, эмгэг бууруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Энэ салбар дахь бидний хамтын ажиллагаа хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр тогтохгүй эрүүл мэндийн хувийн салбарууд хамтран ажиллаж хөгжих боломжтой юм. Энэтхэг улсад хувийн салбарын шилдэг томоохон олон эмнэлэг байдаг. Эм зүйн компаниуд, эрүүл мэндийн менежментийн хүрээнд өөрсдийн шилдэг туршлагаа солилцоход бэлэн. Мөн чанар сайтай хэрнээ үнэ өртөг боломжийн үнэтэй эм танг ханган нийлүүлэхэд туслалцаа үзүүлж болно. Үүний нэг жишээ нь телемедицин техник технологиор дамжуулж аливаа эмнэлэгт өвчтнүүд шууд зайнаас эмчид үзүүлэх боломжтой болж болох юм.

-Хоёр орны Засгийн газар хооронд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-Өнгөрсөн 2015 оны тавдугаар сард Энэтхэг улсын Ерөнхий сайд Моди Монгол Улсад айлчилсан. Энэ айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг улсын Засгийн газар хоорондын уламжлалт анагаах ухаан, гомеопати буюу эмийн бус эмчилгээний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү гэрээ хэлэлцээрийн хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Улсын клиникийн төв нэгдүгээр эмнэлэг дээр Энэтхэгийн ЭСЯ, Монголын ЭМЯ-тай хамтран хоёр орны уламжлалт анагаах ухааны олон улсын хурлыг анх удаагаа амжилттай сайн зохион байгууллаа. Энэ чухал арга хэмжээнд Энэтхэгийн уламжлалт анагаах ухааны салбар хариуцсан Аюуш яамнаас мэргэжилтэн ирж оролцсон. Монголын уламжлалт анагаах ухааны эрдэмтэн, багш, эмч нар илтгэл тавьж, үнэтэй санал оруулж байсан. Хоёр улсын хувьд эрүүл мэндийн салбарт өнө эртнээс хамтран ажиллаж ирсэн арвин түүхтэй. Монголын уламжлалт анагаах ухаан дахь Аюурвед гэх ойлголт Энэтхэгээс үүсэлтэй, Түвдээс лам нараар дамжин Монголд орж ирсэн гэж үздэг. Манай хоёр орны эртний өвөг дээдсийн эрдэм мэдлэгийг шингээсэн энэхүү чухал салбарын хүрээнд хоёр орны уламжлалт анагаах ухааны эмч ажилтнуудыг оролцуулсан бага хурал бидний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд том алхам болсон гэж бодож байна. Энэхүү хурлаас эрдэмтдийн зөвлөмж гаргасан ба Монгол Улсын ЭМЯ цаашид Энэтхэгийн Аюуш яамтай тус зөвлөмжийн хүрээнд хамтран ажиллана гэж найдаж байна. Мөн Монголын уламжлалт анагаах ухааныг шинэчлэн хөгжүүлэхэд Энэтхэгийн уламжлалт анагаах ухааны салбарынхантай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Манай улсын Ерөнхий сайд Моди Монгол Улсад айлчлах үеэр Энэтхэгийн Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хавдрын өвчтөнүүдэд эмчилгээ үзлэг хийх иж бүрэн тоног төхөөрөмжтэй Бабатрон аппарат бэлэглэсэн. Хавдар судлалын үндэсний төвийн эмч, удирдлагуудын зүгээс тус тоног төхөөрөмжийг ажиллуулж эхэлснээр хавдрын өвчтэй хүмүүс эмчилгээнд орохдоо хүлээдэг хугацаа эрс буурсан гэж хэлж байсан. Орчин үеийн анагаах ухаанд улс хоорондын хувийн эмнэлгүүдийн хамтын ажиллагаа маш сайн өрнөж байгаа. Ялангуяа Энэтхэгийн хувийн эмнэлгээс Монголын хавдрын болон элэгний өвчлөлтэй хүмүүст эмчилгээ үзлэг хийх талаар дэмжин ажиллаж байна. Энэ нэгдүгээр сар гэхэд Монголоос 10 хүүхэд зүрхний гажгийн мэс засал хийлгэхээр Энэтхэг улсыг зорьсон. Энэтхэгийн “Ротари” клубээс зохион байгуулж буй эдгээр хагалгааг үнэ төлбөргүй хийж байна. Мөн Монголын дүрс оношилгооны эмч нарыг Энэтхэгийн төрийн өмчийн хамгийн шилдэг эмнэлэг болох “Бүх Энэтхэгийн эрүүл мэндийн шинжлэх ухааны институт”-д сургалтад хамруулаад байна. Би дахин хэлэхэд эрүүл мэндийн салбарт хоёр улс хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх бүрэн боломж бийг дурдъя. Энэтхэг улс Монгол Улсад тусалж хамтран ажиллахад бэлэн гэдгээ дахин хэлье.

-Монголын уламжлалт анагаах ухааны эхлэл, хөгжлийг Энэтхэгийн Аюурведтай холбож үздэг тал бий. Та Аюурведийн талаарх мэдээллийг манай уншигчдад сонирхуулаач?

-Аюурвед бол 5000 жилийн түүхтэй Энэтхэгийн эртний уламжлалт мэдлэг юм. Аюурвед гэдэг үгийг утгачилбал аюур буюу амьдрал, веда буюу шинжлэх ухаан амьдралын тухай шинжлэх ухаан гэж орчуулж болно. Аюурведийн шинжлэх ухааны гол ухагдахуун бол хүний тэнцвэрт байдлыг хадгалах, эрүүл амьдрах амьдралын зөв хэвшлийг зааж сургахад оршдог. Аюурвед бол зөвхөн өвчний шинж тэмдгийг эмчлэх бус өвчний гол эх суурийг үндсээр нь эмчилдэг. Монголын уламжлалт анагаах ухаанд Аюурвед тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Энэтхэгээс Түвд рүү, Түвдээс Монгол руу нэвтрэхдээ буддын шашны лам нараар дамжин аюурвед нэвтэрсэн байдаг. Сүүлийн үед Энэтхэгийн Засгийн газраас өнө эртний үеэс үед дамжиж ирсэн уламжлалт мэдлэгийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавин ажиллах болсон. Үүний нэг илрэл нь Эрүүл мэндийн яамнаас тусдаа үйл ажиллагаа явуулдаг зөвхөн уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан Аюуш яам ажилладаг явдал юм. Латинаар А үсэг нь Аюурвед, Y үсэг нь Йог, U үсэг нь Юнани, S үсэг нь Сиддха, H үсэг нь Гомеопати гэсэн үгсийн товчлол буюу AY­USH/Аюуш яам юм. Үүнтэй адил Монгол Улсын Засгийн газраас өнө эртний түүхтэй уламжлалт анагаах ухаанаа орчин үед хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа гэж ойлгодог. Орчин цагт Монголын уламжлалт анагаах ухааны эрдэмтэн мэргэд Энэтхэгийн уламжлалт анагаах ухааны эрдэмтэдтэй хамтран ажиллаж, хоёр орны уламжлалт анагаах ухааныг хөгжүүлж, баяжуулахад хувь нэмрээ оруулаасай гэж хүсч байна. Ялангуяа орчин үед хамтарсан судалгаа нь уламжлалт хуучин хэрнээ одоо оршин буй мэдлэгт шинэ чиглэлийг авчирна. Уламжлалт анагаах ухааны хамтын ажиллагааны хүрээнд Монголоос ялангуяа аюурведийн чиглэлээр суралцах сонирхолтой оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр санал болгож байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Аюурведийн чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах боломжтой. Монгол оюутнууд энэ боломжийг ашиглан Энэтхэгт суралцаасай гэж хүсч байна. Одоо дэлхий нийтэд уламжлалт анагаах ухааны үр өгөөжийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Тухайлбал, НҮБ-аас иогийг хүлээн зөвшөөрч жил болгоны зургадугаар сарын 21-ний өдөр дэлхий даяар олон улсын иогийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Йогоор хичээллэснээр бие махбоди, оюун санаа, сэтгэлийн эв нэгдэл бүрддэг. Эв нэгдэлтэй байвал дэлхийд энх тайван тогтоно гэсэн үг. Иог бол амьдрах хэв маяг, ямар нэгэн шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй огт холбоогүй. ЭСЯ-наас Монголын иогоор сонирхон хичээллэгчидтэй хамтран олон улсын иогийн өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд ирэх зургадугаар сарын 21-нд ЭСЯ-наас дөрөв дэх жилдээ Монгол Улсад олон улсын иогийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болно.

-Өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдөр Энэтхэг улсад Бүгд найрамдах улс тунхагласны баяр тохиож байгаа юм байна. Баярын энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ?

-Энэтхэгийн ЭСЯ-наас энэ сарын 26-ны өдөр Энэтхэг улсад Бүгд найрамдах улс тунхагласны 69 жилийн ойн баярыг тэмдэглэнэ. Энэ өдөр маань үндэстний хувьд маш онцгой чухал өдөр. 69 жилийн өмнө энэ өдөр Энэтхэг улс Үндсэн хуультай болсон. Энэ Үндсэн хууль бол олон үндэстэн, олон соёлтой, олон хэлээр ярьдаг энэтхэг хүмүүсийг нэгтгэн засаглах үндсэн тулгуур, эрхэм дээд засаглал юм. Энэ өдрийг тохиолдуулан Энэтхэгийн ЭСЯ-ны байран дээр өглөө туг өргөх хүндэтгэлийн ёслол хийнэ. “Өдрийн сонин”-оор дамжуулан Монголд байгаа энэтхэг хүмүүс, тэдгээрийн гэр бүл, Энэтхэгийн анд найз нараа ЭСЯ-ны байран дээр хүрэлцэн ирж үндэсний өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Бат-Ирээдүй: Олон төрлийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийдэг манайх шиг төв дэлхийд байхгүй

Эрхтэн шилжүүлэн суулгалтыг эх орондоо нутагшуулж, дэлхийн шилдэг таван эмчийн нэгийг төрүүлсэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.


-Өнөөдрийн байдлаар УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв хичнээн өвчтөнд мэс засал хийгээд байна вэ?

-Анх 1996 онд анхны бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийж байлаа. Гэвч тухайн үедээ амжилттай болоогүй. Харин 2006 онд УНТЭ-ийн эмч нарын баг анхны амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн. Үүнээс хойш таван жилийн дараа буюу 2011 онд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж, 2014 оноос ясны чөмөг үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлж байсан түүхтэй. Өнөөдрийг хүртэл 145 бөөр, 40 гаруй элэг шилжүүлэн суулгаж, нийт 190 гаруй өвчтөнд анагаахын ноён оргил болох эрхтэн шилжүүлэн суулгалтын үр шимийг эх оронд нь үзүүлсэн байна.

-Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр бүх мэс засал төвлөрч байгаа юу уу?

-Тийм. УНТЭ-ийн дэргэдэх Эрхтэн шилжүүлэн суулгах төв нь 2012 онд манай эмнэлгийн хуучин байрны тавдугаар давхарт дөрвөн ортойгоор байгуулагдаж байсан. Үйл ажиллагаа өргөжин тэлж, улмаар 2016 оны дөрөвдүгээр сарын 20–нд шинэ байр ашиглалтад орж, найман ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар 40 хүний орон тоо батлагдан өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай төвд эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүд, донорууд хэвтэн эмчлүүлдэг. Монгол Улсын иргэд өмнө нь гадны улс оронд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэдэг байсан бол 2006 оноос хойш эх орондоо хийлгэх боломж бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл бөөр, элэг шилжүүлэн суулгалт манай оронд бүрэн нутагшсан гэж хэлж болно.

-Ясны чөмөг үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг мөн танай төв хийж байна уу?

-Манай төв дээр бөөр, элэг, ясны чөмөг үүдэл эс болон нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах гээд дөрвөн төрлийн мэс засал хийгдэж байна. Тухайлбал нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс заслын 10 гаруй тохиолдлыг амжилттай хийсэн байна. Ясны чөмөг үүдэл эс шилжүүлэн суулгах зургаан мэс заслыг хийсэн байх жишээтэй.

-Олон улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг ингэж нэг дор хийдэг жишиг байдаг уу?

-Манай Нэгдүгээр эмнэлгийн хувьд Монгол Улсын ууган эмнэлэг. Ууган эмнэлгийн эмч нар манлайлагч байх ёстой. Манлайлагч байхын тулд аливаа зүйлд байхыг эрмэлздэг. Богино хугацаанд олон төрлийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн манайх шиг хийдэг ийм төв дэлхийд цөөхөн. Бид шинэ инновацид хурдацтай суралцаж, удирдлагын багийн тусламжтайгаар зөвхөн эмч нар сурах биш, эмнэлгийн бүх ажилчид суралцаж, хөгжиж, тэмүүлж байдаг.

-Дэлхийн улс орнуудад энэ мэс заслыг ямар үнэтэй хийдэг вэ?

-Орон оронд өөр. АНУ-д л гэхэд ойролцоогоор 300 мянган ам.доллар, Европын орнуудад 250-300 мянган евро, БНСУ-д 150-250 мянган ам.доллар байдаг. Харин БНЭУ-д хамгийн хямд байдаг. Учир нь Энэтхэгт вирусын эсрэг эмчилгээг хийлгүйгээр элгийг нь сольж өгөөд явуулдаг. Гэтэл вирусын эсрэг эмчилгээний өртөг багагүй хувийг нь эзэлж байдаг. Мэс заслын ширээн дээрээс эхлээд вирусын эсрэг эмчилгээг хийдэг номтой. Манай улсын хувьд ч дээрх эмчилгээг мэс заслын үеэс эхлэн хийдэг.

-Эрхтэн шилжүүлэн суулгахад төрөөс ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

-Энэ жилээс эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг төрөөс дэмжиж байгаатай холбоотойгоор сар болгон элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг тогтмолжуулахаар ажиллаж байна. Энэ жилийн хувьд 24 элэг, 23 бөөр, зургаан ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй байна. Эрхтэн шилжүүлэн суулгалтын хамгийн сайхан нь хүнийг үлгэн салган сэхээдэггүй, 100 хувь эрүүл болгодогт оршдог. Тиймээс төр, засгаас Донорын тухай хуулийг шинэчлэн баталж өглөө. Ингэснээр хууль зүйн зохицуулалтууд тодорхой болж, хүний алтан амийг аврах боломж илүү нээгдэж байгаа юм. Дэлхий нийтэд нэг донороос найман хүний амийг авардаг бол манай улсад нэг донороос гурван хүний амийг л аварч байна. Бид энэ тоог нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.

-УНТЭ-ийн зүгээс цаашдаа ямар төрлийн мэс заслуудыг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байгаа бол?

-Өнөөдөр монгол эмч нар бөөр, элэг, ясны чөмөг үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байгаа бол маргааш зүрх, нүдний эвэрлэг, нойр булчирхай, уушги зэрэг архаг өвчний төгсгөлийн шатанд орсон өвчтнүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулах том зорилгыг тээж ажиллаж байна. Энэ зорилтынхоо хүрээнд өндөр технологийн тоног төхөөрөмжийг суурилуулж, өнгөрсөн оны тавдугаар сард академич Н.Баасанжав багштайгаа хамтраад гахайн дээр зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг туршилтаар хийсэн. Зүрх шилжүүлэн суулгах багийн гишүүд маань одоогоор сургалтад хамрагдан мэргэжил чадвараа дээшлүүлэхээр явж байна.

Ер нь ийм нарийн технологи шаардсан, анагаах ухааны инновацийн бүтээл болох Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг дурын нэг эмнэлэг, эмч нарын баг нэвтрүүлээд хэрэгжүүлэх тийм ч амар биш. Энэ нь удаан хугацааны төлөвлөлт, зохион байгуулалт, санхүүжилт, хамтын ажиллагааг давхар шаарддаг. Тиймээс Монголд анх удаа Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлсэн УНТЭ-ийн удирдлагууд, тэр дундаа ерөнхий захирал Б.Бямбадорж, Эрхтэн шилжүүлэн суулгах Үндэсний багийн ууган гишүүд, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхэд дэмжлэг үзүүлсэн БНСУ-ын АСАН анагаах ухааны төвийн эрдэмтэн багш, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхэд дэмжлэг үзүүлсэн БНСУ-ын Католикийн эмнэлгийн эрдэмтэн багш, эмч нарын баг гээд олон хүний хүчээр амжилттай нэвтэрч, бүрэн нутагшаад байгааг онцлон хэлмээр байна.

-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг танай эмнэлгийн залуу эмч нар хийж байгаа юу?

-Мэс засал хийх нь нэг хүний хийдэг зүйл биш, багаараа хийдэг. Энэ бол багийн ажил. Манай эмнэлгийн хувьд ахмад, дунд, залуу үеэ давхар бэлдээд, сургаад явдаг онцлогтой. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай залуу эмч нарын баг хоёр ч тохиолдлыг гардан амжилттай хийсэн. Мэс засал болгон дээр залуу эмч нараа багт оруулж туршлага судлуулан бэлтгэдэг. Жил бүр бөөр шилжүүлэн суулгах чиглэлээр тогтмол залуу боловсон хүчнээ сургаж байна. Манай эмнэлгийн хувьд “залгамж халаа” бодлогыг маш сайн хангаж ажилладаг. Өнөөдөр л гэхэд манай менежментийн багийн төлөөлөл БНЭУ руу явж байна. Энэ удаа бид БНЭУ-ын чанарын алба яаж ажиллаж байна, эмнэлгийн чанар үйлчилгээг сайжруулах тал дээр туршлага судлахаар явах гэж байна.

-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон хүмүүсийн дунд спортын тэмцээн хүртэл зохион байгуулж байсан гэж сонслоо…

-Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооноос эрхтэн шилжүүүлэн суулгах мэс засалд орсон, тухайн мэс засалд орохоор хүлээгдэж байгаа хүмүүсийн хооронд спортын тэмцээнийг хоёр ч удаа зохион байгуулсан. Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Бэлтгэл ажил хийгдээд явж байгаа. Тэмцээнд Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгуулсан, донор болон реципиентийн хүмүүс оролцдог.

Энэ арга хэмжээ нь тэдний сэтгэл зүйг эергээр дэмжих, эрүүл саруул болох боломж бий гэдгийг харуулах, мөн эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг олон нийтэд, нийгэмд сурталчлах ач холбогдолтой. Цаашлаад Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө хийж буй нэн чухал хөрөнгө оруулалт, амьд явах эрхийн том баталгаа болж байгаа юм.

Д.АРИУН

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2018.02.01) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 25 минутад эхэлж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт, Ж.Энхбаяр, Б.Баттөмөр, Н.Оюундарь нар хуулийн төслүүдийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, ахмадуудын орлого, амьдралын баталгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг хийх тул нарийн тооцоо судалгаанд үндэслэн, нухацтай ажиллаж шийдвэр гаргах нь зүйтэй гэж Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайдтай ойлголцсон хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хэллээ. Одоогийн хуульд “… Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно…” хэмээн заасан байдаг. Эл зохицуулалт нь иргэд даатгуулагчдыг тэтгэвэрт гарах насанд ойртох үедээ 5 жил дараалан шимтгэлээ өндрөөр төлж бусад жилийнхээ цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж байгаа нь тэтгэврийн сангийн орлого багасаж, тэтгэврийн зардал, улмаар сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байна хэмээн хууль санаачлагч үзсэн байна. Иймд 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд нэг жилээр, 2020 онд нэг жилээр нэмж долоон жил болгох зохицуулалт хийхээр төсөлд тусгасан байгааг дэмжихгүй байгаагаа тэрбээр илэрхийлэв. Сангийн сайдын тайлбарлаж байгаа шиг нөхцөл байдал тулгарсан бол асуудлыг судалж, эрх зүйн өөрчлөлтийг хийх шаардлагатай бол ирэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчлахаар төсөлд тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар нийт хөдөлмөр эрхлэгчдийн 80 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байгаа бөгөөд туршлагатай ахмад ажилтнуудад сонголт хийх боломжийг олгон, үргэлжлүүлэн ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж буй ач холбогдолтойг тэрбээр тэмдэглэн хэлсэн.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, О.Содбилэг төрийн тусгай албан хаагчид буюу цэрэг, цагдаагийн байгууллагын албан хаагчдыг бусад салбарын албан хаагчидтай адилтгах боломжгүй. Тэтгэвэр тогтоолгох 5 жилийн хугацааг 7 жил болгон сунгаж буй нь цэргийн албан хаагчдын нийгмийн баталгааг бууруулах эрсдэлтэй. Иймд төсөл дэх энэ зохицуулалтад цэргийн албан хаагчдыг хамруулахгүй байх саналаа илэрхийлж, салбарын яам анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр эдийн засгийн нөхцөл байдал 2016-2017 оны үеэс сайжирч байгааг тэмдэглээд “Цаашдаа цалин нэмэх, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэх, гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг эерэг үр дагавар гарах нь дамжиггүй. Монгол Улс хямралаас гараад удаагүй байгаа, хэн нэгний бодлогогүй мэдэгдэл, хариуцлагагүй үйлдлээс болоод нийтээрээ хохирч эргээд эдийн засгийн нөхцөл хүндэрч болзошгүй эмзэг байна” гэдгийг онцолсон юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай эрх зүйн зохицуулалтыг ярьж байгаа учир тэтгэвэр тогтоох, тооцох итгэлцүүрийг эргэж харах саналыг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь Сангийн сайдад хэлсэн. Мөн 7 жил болгох зохицуулалтыг ямар үндэслэлээр гаргав, олон улсад жишиг нь 10 жил байдаг, харин энэ нь Монгол Улсын нөхцөлд зохицох уу гэдгийг сайтар тооцох нь зүйтэй гэлээ. Түүнчлэн Н.Оюундарь гишүүн Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны зарчмыг өөрчлөх, хуримтлалын мөнгийг эргэлтэд оруулах тодорхой саналуудыг хэлсэн юм. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж, санал хэлж дууссаны дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛ БАТЛАГДАВ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хийсэн юм.

Байнгын хороо нэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан байна. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжснээр тогтоол батлагдав.

ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Дараа нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан тус хуульд нийцүүлж төслийн зарим зүйл, заалтууд дахь нэг томъёог өөрчлөх, даатгалын хураамж тооцох аргачлалд банкны эрсдлийн түвшинг тооцохдоо хяналт шалгалтын үнэлгээ, хадгаламжийн хүүгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж болох чиглэлээр төсөлд өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Эдгээр саналыг Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Хадгаламжийн даатгалын корпорацид хяналтын эрх байх шаардлагагүй тул төслөөс үүнтэй холбоотой бүх зүйл, заалтыг хасах санал гаргасан ч гишүүдийн олонх дэмжээгүй байна. Түүнчлэн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал дүгнэлтээ ирүүлсэн талаар танилцуулгад дурдсан.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нарын асуултад Байнгын хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ нар хариулт өгсөн юм. Монгол Улсын нийт харилцах хадгаламжийн хэмжээ 17.5 их наяд төгрөг байгаа бөгөөд үүний 4.3 их наяд төгрөгийн хадгаламж даатгуулсан байдаг талаар Б.Баттөмөр гишүүн мэдээлэл өглөө. Сангийн хөрөнгө 337 тэрбум төгрөг бөгөөд нийт харилцах хадгаламжтайгаа харьцуулахаар энэ нь 1.88 хувь, даатгагдсан хадгаламжийн хэмжээтэй харьцуулахад 7.8 хувь байдаг байна. 2013 онд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдсаны дагуу банкуудаас төвлөрүүлсэн хураамж, Монголбанк болон Сангийн яамнаас өгсөн хөрөнгө, тэдгээрийг хуульд заасны дагуу Засгийн газрын үнэт цаас, Төв банкны үнэт цаас болгон байршуулсны өгөөж нийлээд өнөөдрийн байдлаар сангийн хөрөнгө 337 тэрбум төгрөг байгаа гэлээ. Хадгаламжийн даатгалын корпораци нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд юм. Корпораци даатгалтай хадгаламжийн харилцааг хариуцан ажилладаг бөгөөд хүүг даатгахгүй, харин хадгаламжийг даатгадаг байна. Байгууллага 29 ажилтантай бөгөөд даатгалын тохиолдол үүсвэл хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар даатгалын тохиолдол үүсээгүй гэдгийг корпорацийн удирдлагын зүгээс танилцууллаа. Ийнхүү Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАВ

Хуралдааны төгсгөлд “Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол УлсынЗасгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, уг хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нар танилцуулсан юм.

Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (ЭЗХХАС)-гаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан байна. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, үүнээс 10 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн таатай нөхцөлтэй авах юм байна. Энэхүү зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь хоёр улсын Засгийн газар хооронд 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж байгаа, харин 500 сая ам.доллар нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр юм.

Шинээр авах зээлийн эх үүсвэрийг Монгол Улсын Засгийн газар нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах бодлого баримталж байгаа хэмээн Ч.Хүрэлбаатар сайд танилцуулав. Байнгын хороогоор төслийг хэлэлцэх үеэр гишүүдээс энэхүү зээлийг үр ашигтай төсөлд зарцуулах, ялангуяа агаар орчны бохирдлыг бууруулах, утааны эх үүсвэртэй тэмцэх, орон сууцжуулах, дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөлтийн төсөл зэрэг бодитой хөгжлийн төслүүдэд зарцуулахад Засгийн газар анхаарах шаардлагатай гэдэг саналыг илэрхийлэн, төслийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, Н.Оюундарь, М.Билэгт, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ж.Мөнхбат нар Сангийн сайдаас асуулт асууж хариулт авлаа. Ингээд хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84 хувь нь дэмжив. Иймд хуулийн эцсийн найруулгын сонсоноор энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Солонгосоос утаагүй зуух гуйснаас визгүй зорчихыг гуйхгүй дээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д анхны гадаад айлчлалаа хийлээ. Түүний энэ айлчлалыг амжилттай боллоо гэж байгаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын долоон сайд, УИХ-ын долоон гишүүн багтсан. Манай 60 гаруй бизнесийн төлөөлөл оролцсон. Айлчлалын хүрээнд хэд хэдэн бичиг баримтад гарын үсэг зурснаас ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тус улсаас 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээг шийджээ. Энэхүү зээлийг төсвийн дэмжлэг гэхээсээ илүү агаарын бохирдлын эсрэг төслүүдэд 500 сая ам.долларыг нь зарцуулна гэдгээ мэдэгдэв.

Тэгэхээр нийслэлийг утаанаас нь салгая гэвэл 220 мянган өрхийг орон сууцтай болгох шаардлага гарна. Үүнийг шийдэхэд дор хаяж 20 жилийн ажил байгааг судлаачид хэлсэн. Эдийн засгийн тооцоогоор бол 9.8 их наяд төгрөгийн зардал гарна гэдэг. Ямартай ч далайд дусал гэгчээр 500 саяыг ОУВС-гийн хөтөлбөрт дулдуйдан авч байх шиг байна. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаагүй бол өгөх ч үгүй л дээ. Ирэх гуравдугаар сард Солонгосын мэргэжилтнүүд ирж энэ мөнгийг ямар чиглэлд хөрөнгө оруулахаа шийднэ. Урьдчилсан байдлаар хот төлөвлөлт, барилгын салбарт оруулна. Мөн дулаалга, шинэ технологиудад зориулна гэжээ.

Ерөнхий сайдыг айлчилж явах үед БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Утааг багасгахын тулд зуух тараахаас өөр аргагүй” гэж мэдээлсэн юм. Үүнээс нь үүдэн иргэд “500 сая долларыг зуух тараахад зориулах юм байна” гэж ойлгосон. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх бөөн уур хилэн болж, өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай Засгийн газар утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Асуудалд ухарч биш урагшаа харж ханд” хэмээн загнасан билээ. У.Хүрэлсүхийн танхим нэг иймэрхүү далийж дуугарсан сайд нартай л байгаа. Нэг сайд нь зуух тараана гэж зөрүүдэлж байхад нөгөө нэг дэд сайд нь “Оюутолгойг хөөж явуулна” хэмээн хашгирах жишээтэй. Араас нь Ерөнхий сайд нь, салбарын сайд нь “Аятайхан байгаарай, Засгийн газрын бодлогодоо захирагдаж ажиллаарай, чадахгүй бол зайлаарай…” гэж заналхийлсэн маягтай л байцгаана даа.

За, энэ яахав, 500 сая доллар руугаа оръё. Гэр хорооллын иргэдээ орон сууцжуулж байж л утаанаас сална шүү дээ. Хамгийн энгийн үнэн ердөө энэ. Одоо монголчууд өөрсдөө байшин үйлдвэрлэж үнэхээр чадна. Жишээ нь, “Эрэл” компани байна. Энэ компанийн бүтээн байгуулалтыг яана гээд байгаа юм. “Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа шинэ үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн технологиор шинэчлэгдэж, бүх дамжлагыг компьютерээр хянадаг бүрэн автомат үйлдвэр боллоо. Тус угсармал бетон хавтангийн үйлдвэр нь 1963 онд анх байгуулагдаж өнгөрсөн зуунд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг барьж байгуулснаараа алдартай. Тус үйлдвэр нь жилд 250 мянган кв.м орон сууц, сургууль, цэцэрлэг, бусад барилга, байгууламжийг жилийн дөрвөн улиралд барих хүчин чадалтай. “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат “Манай улс дулаахан байдаг таван сар дотроо барилга, байшин барьдаг. Өвөл зогссоны улмаас банкны зээл, хүү нь нэмэгддэг. Харин манай үйлдвэр шинэчлэгдсэнээр жилийн дөрвөн улиралд 24 цагаар барилгын бүх төрлийн материал үйлдвэрлэж, барилгаа газар дээр нь угсарна. Ийм үйлдвэр 200 мянган өрхийг утаанаас хялбар салгах боломжтой. Мөн шавар, цемент, шохойн чулуу, арматур зэрэг барилгын бүх түүхий эдээ 100 хувь дотоодын үйлдвэрлэгчдээс авч ашиглана” гэж хэлсэн юм. Тус үйлдвэр нь шууд эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа учраас барилга барих явцад хийгддэг цагаан хөөс, шавар, замаск зэрэг нэмүү өртгүүдийг хэмнэхээс гадна зураг төсөл, барилгын материалын үнэ хавар нэмэгддэг байдлыг зогсоох боломжтой. Ингэснээр нэг метр квадратыг 1-1.2 сая төгрөгөөр зарж, борлуулах юм билээ. Ингээд зогсохгүй бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлбэл, одоогийн тооцоолж байгаа үнэ буурахыг үйлдвэрийн удирдлагууд хэлж ярьсаар байгаа. Ийм бэлэн үйлдвэр нь утаатай Улаанбаатарт ашиглалтад орчихсон байхад солонгосчуудаас юун зуух гуйх вэ. Бид солонгосчуудаас гуйхгүйгээр өөрсдөө байшингаа барьчихна.

Хамгийн гол нь Монголын ард түмэн одоо ажил хийх, мөнгө олох хэрэгтэй байна. Тэгэхийн тулд дотооддоо хийх ажил нь олддоггүй юм бол ядаж гадаадад гарч ажиллах хэрэгтэй байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажлын байр нэмэгдсэнгүй, ажилгүй иргэдийн тоо улам өслөө. Хийх ажилгүй, орлогогүй монголчуудыг хараад арга барсандаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гурван жилийн барилгын цэргийг сэргээх тухай ярилаа.

Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Солонгосоос утаагүй зуух, дулаалгын үйлдвэр гуйхын оронд визгүй зорчихыг л мөргөж сөгдөөд ч хамаагүй гуйх байсан юм. Монголчууд БНСУ-д визгүй гарах хэрэгтэй байна. Тэндээс монголчууд ажил хийж, мөнгө олж эх орон руугаа явуулдаг. Дээр нь ажил хийж сурна. Ахиулаад бүр ноу хау, технологийг нь авчирна. Хүнтэй ажиллаж сурна. Ингэж Солонгост олноороо очиж ажиллаж байж гэр хороололд амьдарч буй ар гэрийнхнээ орон сууцанд оруулна. Монголд борлогдохгүй байгаа 40 000 орон сууц зарагдаж дуусна. 220 000 гэр хорооллын айлын 40 мянган яндан алга болно. Эдийн засгийн цусны эргэлт гэдэг бол энэ. Солонгост бүр “Монгол таун” байгуулах ёстой. Монголын хууль үйлчилдэг хороололтой болох ёстой. Тэгж байж харлахгүй, гэмт хэрэгт орооцолдож байгаа эсэхийг сайн хянана. Бүр цаашлаад Монгол Улсад Солонгосын алдарт Самсунг, Хьюндай… гэхчлэн дөрвөн том компанийн салбарыг нээмээр байна. Тэнд нь монгол мэргэжилтнүүдийг олноор нь бэлдэе. Ийм том ажлуудыг эрх баригчид эхлүүлмээр байна. “Ёооё, бас л гуйлга” гэж Ерөнхий сайдаа зүхэх хэрэггүй, зүгээр л Монголын удирдагчид том ярьж, том сэтгэх цаг болсон. Манайхаас бусад орны удирдагчид гадагшаа айлчлахдаа үр дүнг нь юу гэж ярьдаг гээч, “Манайх Европт 20 боинг онгоц зарахаар гэрээ хэлцэл хийж чадлаа” гэж эх орондоо буунгуутаа гайхуулдаг юм. Манай дарга нар тиймгүй юмаа гэхэд өөрт байгаагаа тэдний зах зээлд бага ч болтугай зарах, хөрөнгө оруулалт татах, гадаад худалдааны тэнцвэрээ ярих ёстой. 2017 оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар байгаагаас экспорт 12 сая, импорт 198 сая ам.долларт хүрч, худалдааны нийт эргэлт 1.4-хөн хувиар өссөн төдий байгаа юм билээ. Энэ бүхэн үнэхээр чамлалтай санагдаж байна.

Ингээд бичихээр өөдөөс сөрөх хүн гарах байх. Сошиал сүлжээнд “Сүүлийн хүн Солонгос явахдаа гэрлээ унтраагаад яваарай” гэх утгатай үг хэлсэн байна лээ. Тийм юм байхгүй ээ, эргээд ирнэ. Манай улсын иргэд гадаадад олноор ажиллаж байгаа нь улс орны эдийн засагтай л холбоотой. Эдийн засаг сэргэж, хөрөнгө орлого нэмэгдэж, ажлын байр бий болохоор гадаадад ажиллаж, амьдарч буй хүмүүс эх орондоо ирдэг юм. 2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрэхэд Солонгост ажиллаж байсан иргэдийн 50 орчим хувь нь Монголдоо буцаж ирж ажилласан. Үүнийг бид нүдээрээ харсан. Нэг хэсэг Солонгос явах сонин биш болчихсон байсан биз дээ. Одоо эдийн засгийн нөхцөл хүнд байгаа үед хүмүүс явж ажиллах сонирхолтой байна. Энэ хүсэл сонирхолд нь Монголын төр тусалж, амьдралд нь нэмэр болмоор байна.

Айлчлалын том үр дүн гээд байгаа 500 сая ам.долларыг ухаалаг, алсын хараатай, авлига, албан тушаалтнаас хол, зөв зүйлд нь зарцуулбал бас үр дүн гарна. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлд 4.3 их наяд төгрөгийн эх үүсвэр гаргаж 93.147 иргэн орон сууцанд орсны 80 орчим хувь нь нийслэлд байгаа юм. Энэхүү 500 сая ам.долларыг ипотекийн зээлд оруулахад 30 мянга гаруй өрхийн орон сууцын асуудлыг шийднэ гэж муйхарлаж болох л юм. Солонгосын тал тэгэх ч үгүй байх л даа. Харин энэ мөнгийг гэр хорооллын дулааны шугамын дэд бүтцэд зарцуулж болно. Нийслэлийн гэр хорооллын 70 хувь нь байшинд. Дулааны хоолой татахад иргэдээс мэргэжил огт шаардахгүй ганц ажил. Хэдэн гагнуурчин л хэрэг болно. Дийлэнх нь газар шорооны ажил. Энэ бол Монгол дахь томоохон ажлын байр, иргэдийн орлого юм.

Өнөөдөр Монголд ажилгүй, орлогогүй иргэд маш их байгаа болохоор энэ мэт ажил сэтгэж, цалин орлоготой болох тухай л санаа юм шүү дээ. Эрх баригчид өөрсдөө сайхан амьдрах тухай бодох бус ард түмнээ сайхан амьдруулах тухай боддог болсон тэр цагт л улс орон урагшлах байх. Ийм удирдагчидтай болсон үедээ урагшилж хөгжсөн дэлхийн түүх бэлээхэн байна. Биднийг сайхан амьдруулах байх гэсэндээ өнөөдрийн төр засгийн удирдагчдыг сонгосон. Сонгож төрийн өндөр сэнтийд суулгасан учраас та нараас шаардах эрхтэй. Тийм болохоор давын өмнө БНСУ-д визгүй зорчих ажлыг хий. Үүний төлөө ажилла. Юун утааг бууруулах 500 сая ам.долларын зээл вэ. Ойрын жилдээ орлого олж болох ганц гарц байгаа нь Солонгост очиж ажил хийж, мөнгө олох. Олсон мөнгөө ерэн оноос хойших хүнд он жилүүдэд Монгол руу явуулж байсан шиг валютын урсгалыг бий болгох. Ийм л арга зам руугаа орохгүй бол ард түмэн туйлдаа хүрэх нь байна шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Африкийн “Стандарт” банкны өрийг С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү гээд төлөх эзэд нь бэлэн байна” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

АН-ын зохион байгуулсан тайван жагсаал өчигдөр Сүхбаатарын талбайд болж 34 мянган хүн цуглажээ. Энэ талаар тэргүүн нүүрэн дэх “Монгол орон даяар “Хонхны дуу” дахин цуурайтлаа” сурвалжилгаас хүлээн аваарай.

Дээрх нүүрнээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой хийсэн ярилцлагыг уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “Африкийн “Стандарт” банкны өрийг С.Баяр, Д.Дугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү гээд төлөх эзэд нь бэлэн байна” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Сэлэнгэ Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Гантулгатай хийсэн ярилцлага гуравдугаар нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “М-Си-Си” группийг зуухаар бизнес хийсэн гэдэг нь огт үндэслэлгүй зүйл” гэжээ.

“Өдрийн сонин”-ы нэг ангийнхан буланд МУИС-ийн Худалдаа эдийн засгийн факультетын Бараа судлалын ангид 1978 онд элсэн ороод 1982 онд төгссөн ангийнхан уригдан оржээ.

Анагаах ухааны доктор, хүний их эмч, дархлаа судлаач Д.Мандахнарантай ярилцжээ. Тэрээр “Хүний дархлаа тийм ч амархан муудчихдаггүй” хэмээн онцлон хэлжээ.

Саяхан болсон Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, З.Дорж нарын нэрэмжит арван сая төгрөгийн бооцоотой яруу найргийн наадамд түрүүлсэн яруу найрагч О.Цэнд-Аюуштай ярилцжээ. Тэрээр “Би долоодугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн” гэжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сүм хийд, шашны байгууллагуудад шалгалт хийж байна

Сүм хийд, шашны байгууллаг зурган илэрцүүд

Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сүм хийд, шашны байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газраас шалгалт хийж байна.

Шалгалтаар холбогдох хуулиуд, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан журмуудын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын галын аюулгүй байдлыг хангаж, хяналт тавих юм. Мөн үйлчлүүлж байгаа сүсэгтэн олон арц, хүж асаахад зориулан аюулгүй байдлыг хангуулна.

Нийслэлд 163 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас явуулж байгаа шалгалт хоёрдугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжлэх ажээ.

Categories
мэдээ улс-төр

Ази, Номхон далайн иргэний нисэхийн сайд нар чууллаа

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-д айлчлал хийх үеэр Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн асуудал эрхэлсэн сайд нарын анхдугаар чуулга уулзалт”-нд оролцлоо.

Ази, Номхон далайн бүс нутгийн 36 орны сайд, иргэний нисэхийн удирдлагууд, Олон улсын 8-н байгууллагын нийт 200 гаруй төлөөлөгч оролцсон энэхүү чуулга уулзалтаар иргэний агаарын тээврийн аюулгүй байдал, агаарын навигацийн үйлчилгээ, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, одоо болон ирээдүйд тулгарч болох бэрхшээлийг хамтран шийдвэрлэх гарцыг тодорхойлохоор чуулж байгаагаараа онцлог юм.

Чуулга уулзалтыг нээж Олон Улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн Ерөнхийлөгч доктор Бенард Алиу хэлсэн үгэндээ “Энэ удаагийн чуулга уулзалтаар иргэний агаарын тээврийн аюулгүй байдалд голлон анхаарч, бүх талаар хамтран ажиллахад сайд нарын хамтарсан тунхаглалыг гаргаж, бүс нутгийн улс орнуудын иргэний нисэхийн салбарын хөгжлийг улам эрчимжүүлж байгаагаараа онцлог болж байна” хэмээн дүгнэсэн юм.

Чуулга уулзалтыг зохион байгуулагч орон болох БНХАУ-ын Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга Фэн Жэнлин “Ази Номхон далайн бүс нутгийн орнуудэдийн засаг, газар нутаг, хүн амын онцлогоос хамааран өөр өөрийн онцлогтойгоор иргэний агаарын тээврийг хөгжүүлж байна. Энэхүү онцлогийг бид давуу тал болгон ашиглаж, нэгнийхээ сул талыг нөхөн харилцан туршлага солилцож, нэг ч улсыг орхилгүй, Нэг гэр бүл-хамтдаа хөгжинө” зарчимаар зүтгэх нь чухал юм. БНХАУ ч энэ зарчмийг барьж ажиллана” гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж, харилцаа холбоо өргөжин тэлж, гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед тээврийн салбар, тэр дундаа агаарын тээврийн салбар хурдтай хөгжиж байна. Дэлхийг холбох хамгийн хурдан, хамгийн том сүлжээ болох агаарын тээврээр цаашид зорчих зорчигчдын тоо улам өсөх хандлагатай байна.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан бодлого, шийдвэр стратеги, төлөвлөгөөний хүрээнд бид агаарын навигацийн үйлчилгээнд шинэ техник, технологийг нэвтрүүлэх, ашиглах, агаарын хөлөг хоорондын зайчлалыг багасгах, бүс нутгийн иргэний нисэхийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа уялдуулах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Эдгээр ажлуудыг амжилттай хэрэгжүүлснээр нислэгийн аюулгүй ажиллагаа, үр дүн сайжирч, манай улсын дээгүүр нисэн өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэж, өнгөрсөн онд анх удаа 100 мянга, зорчигч урсгал 1.2 сая давлаа.

Агаарын тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлага, орчин үеийн навигацийн системийн хөгжил, нислэгийн аюулгүй байдлын олон улсын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс 2018 онд Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Төрөөс иргэний агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх хүрээнд Монгол Улс агаарын тээврийн салбараа үе шаттайгаар либералчлах, нислэгийн шинэ чиглэлүүд нээх, олон улсын агаарын тээвэрлэгчдийг Монгол Улс руу нислэг үйлдэхийг дэмжиж ажиллах болно.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас Иргэний нисэхийн салбар тэр дундаа агаарын навигацийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, агаарын навигацийн үйлчилгээг тэргүүлэх орнуудын жишигт хүргэхээр зоринажиллаж байна…” гэдгийг онцлон дурдсан юм.

Ж.Бат-Эрдэнэ: Агаарын тээврийн салбарыг олон улсын жишигт хүргэхэд гол анхаарлаа хандуулж байна

– Урьд нь Иргэний нисэхийн дарга нарын хүрээнд уулзаж асуудлаа хэлэлцэн шийдвэр гаргаж ирсэн бол энэ жил сайд нар анх удаа чуулж байна. Чухам яагаад сайд нарын уулзалтыг хийх болсон юм бол?

-Ер нь дэлхий нийтээр хүн ам хурдтай өсөн нэмэгдэж, харилцаа холбоо улам сайжрахын хэрээр иргэний агаарын тээврийн хэрэгцээ шаардлага улам өсч, техник технологийн дэвшил, түүнийг дагасан зохицуулалт нарийсч байна. Тэр утгаараа агаарын тээврийн шинэчлэл, хөгжил, улс орны нийгэм эдийн засаг болон бүс нутгийн хөгжилд үзүүлж байгаа нөлөө нь ихсэхийн хэрээр Засгийн газруудын хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зүй ёсны шаардлага гарсан. Тиймээс илүү үр дүнтэй шийдлийг олох, гүйцэтгэлийг сайжруулах,дээд түвшиндөө хурдан хугацаанд шийдвэр гаргах гэх мэт асуудлынхүрээнд анх удаа Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн сайд нарын чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

-Энэхүү чуулга уулзалтаас гарах үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс иргэний агаарын тээврийг хөгжүүлэх, тэр тусмаа нислэгийн аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн хүрээнд оролцоогоо нэмэгдүүлэх, хамтран ажиллах, гаргаж буй бодлого, шийдвэрээ олон улсын стандарт, бодлого чиглэлтэй уялдуулах,агаарын тээврийн салбарт хөгжиж буй орнуудтайхөл нийлүүлэн алхахад гол анхаарлаа хандуулж байна.

Тухайлбал, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэхэд гол хаалга нь болсон шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад нислэгийн аюулгүй байдал, стандарт, менежмент, орчин нөхцөл гээд бүх талаас ньолон улсын стандартад нийцэхүйц болгохыг зорьж байна. Үүний тулд бид салбарынхаа суурь асуудлуудыг багцаар нь сайжруулах, цаашлаад иргэний нисэхийн салбараа бүхэлд нь либералчлах, олон улсын иргэний агаарын тээврийн бодлого, стандарт, чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжих, техник технологио сайжруулах шаардлагатай. Үүнд өнөөдрийн чуулганы үр дүн, гаргасан шийдвэр, хамтын ажиллагаа чухал нөлөөтэй гэж харж байна.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа дэлхийн стандартад хүрэхэд чухал алхам боллоо

-Бүс нутгийн иргэний нисэхийн асуудал хариуцсан сайд нарын чуулган анх удаа болж байна. Чуулганы ач холбогдол, манай улсад үзүүлэх нөлөөллийн талаар?

-Иргэний нисэхийн асуудлыг дарга нарын түвшинд хэлэлцдэг байсан бол өнөөдөр анх удаа бүс нутгийн сайд нарын түвшинд хэлэлцэж байна. Энэхүү зөвлөгөөний үр дүнд сайд нар нэгдсэн ерөнхий шийдэлд хүрэх учиртай. Үүнийг өөрийн улсын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөөтэй уялдуулж ажилласнаар дэлхийн стандартад хүрч, хөгжихөд чухал алхам болно.

-Өнгөрсөн онд бүс нутгийн ИНЕГ-уудын дарга нарын уулзалтыг манай улс зохион байгуулсан. Чуулга уулзалтын үр дүн иргэний нисэхийн салбарт гарч байна уу?

-Мэдээж гаралгүй яахав. Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн дарга нарын хурлыг өнгөрсөн оны намар Монгол Улсдаа зохион байгуулсны үр дүнд бид хоёр хөрш болон Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ нислэгийн чиглэл нээх, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх гэх мэт асуудалд дорвитой алхамууд гарсан. Одоо эдгээрийг хэрэгжүүлэх ажлууд хийгдэж байна.

-Иргэний нисэхийн салбарт ойрын хугацаанд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Монгол Улсаар дамжин өнгөрөх нислэгийн навигацийн аюулгүй байдлыг хангах асуудлаар бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллаж байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын баримталж буй гол бодлогын нэг болох аялал жуулчлалыг хөгжүүлэх, агаарын тээврийн салбарын либералчлалын хүрээнд нислэгийн аюулгүй байдлыг сайжруулах, бүс нутгийн орнуудтай харилцан нислэг хийх, давтамжийг олшруулахаар уулзалтуудыг хийж байна. Өнөөдөр БНХАУ-ын Иргэний нисэхийн газрын даргатай уулзаж, цаашид хоёр улсын хооронд хийх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг ярилцлаа. Мөн энэ үеэр сайд нарын түвшинд ярилцсан асуудлын дагуу хоёр улс мэргэжилтнүүдийн ажлын хэсэг байгуулахаар боллоо.Ингэснээр “Хүннү Эйр” компанийн Улаанбаатар, Улаан-Үд, Манжуурын чиглэлд нисэх боломж, цаашлаад Гуанжоу, Хайнан, Чинду чиглэлд шинэ нислэг нээх, “МИАТ” ТӨХК-ийн зуны нислэгийн давтамжийг нэмэх асуудлыг ярилцаж байна.

Ази, Номхон далайн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн сайд нар анхдугаар чуулга уулзалтын дүнгээр сайд нарын хамтарсан тунхаглалыг гаргалаа.