Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хивс” компани ногдол ашиг хуваарилана

Зураг

“Улаанбаатар хивс” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралдаанаар 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашиг хуваарилах болжээ.

2016 онд 173 сая төгрөгийн алдагдалтай байсан тус компани өнгөрсөн жил борлуулалтаа 19.3 өсгөснөөр 247 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг энэ сарын 26-нд явуулах юм. Харин энэ оны тавдугаар сарын 01-15-нд ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцвол жолооны эрхийг 3 сараар хасна

Зураг

Сар шинийн баярыг угтан автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна.

Гэвч зарим иргэд хуурамч улсын дугаар ашиглан хөдөлгөөнд оролцсон зөрчил гарах болжээ. Хуурамч дугаар ашигласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дах хэсэгт зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг ЗЦА-наас анхааруулав. Уг заалтад “Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж, хүнийг тавин нэгж (50 мянга)-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгж (500 мянга)-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашины дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

ЗурагСар шинийн баярыг угтан автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна.

Замын цагдаагийн албанаас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр тэгш буюу улсын дугаар нь 0, 2, 4, 6, 8 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш буюу ням гарагт 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм.

Түүнчлэн дугаарын хязгаарлалтын өвлийн бүчлэлд өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл, Оффицеруудын ордноос Саппоро хүртэл хязгаарладаг байсан өвлийн бүсчлэлийг амралтын өдрүүдэд Таван шарын уулзвар хүртэл хүрээг нь тэлж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганыг хааж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үг

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ


2018.02.09

Улсын Их Хурал, Засгийн газрын эрхэм гишүүд ээ,

Нийт иргэд ээ,

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган ажлын 93 өдөр чуулж, төлөвлөсөн асуудлаа амжилттай шийдвэрлэн, өндөрлөж байна.

УИХ-ын нэгдсэн чуулган 39, Байнгын болон Дэд хороод 132 удаа хуралдаж, бие даасан 18, хуульд өөрчлөлт оруулах тухай 95, нийт 125 хууль,УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталлаа.

Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг эдийн засгийн бодит өсөлтийг үндэслэлтэй тогтоох, төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах зарчмыг удирдлага болгон хэлэлцэж баталсан.

Эдийн засгийн бодит өсөлтийг 4.2 хувьд, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7.2 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөж, төсвийн нийт зарлагыг 9.6 их наяд төгрөг байхаар тооцсон. Энэ нь 2016 онтой харьцуулахад эдийн засаг 3.0 пунктээр өссөн, төсвийн орлого 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг байхаар баталсан нь 2 жилийн өмнөхтэй харьцуулахад 1.2 их наяд төгрөгөөр буюу 34 хувиар буурна гэсэн үг юм.

2018 оны төсөвт нийт 32 сургууль, 87 цэцэрлэг шинээр барьж, 29 сургууль, 15 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх зардлыг тусгаснаар ерөнхий боловсролын сургууль 3 ээлжээр хичээллэдэг, сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт өгдөг байдлыг халах боломжийг УИХ-аас бүрдүүллээ.

“Цалинтай ээж” хөтөлбөрийн дагуу 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135 мянга орчим ээжид сар бүр 50 мянга, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 16.5 мянга орчим эх, эцэгт улирал тутам 240 мянган төгрөг олгох хуулийг баталсан.

Малчдын тэтгэврийн насыг бууруулснаар 2018 онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгох бөгөөд түүнд 44.6 тэрбум төгрөг,бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд 137.4 тэрбум төгрөг баталж, 393 мянган ахмадын тэтгэврийг нэмэгдүүллээ.

Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 64 орчим хувийг ажлын байраар хангаж байгаа жижиг, дунд үйлдвэрийн салбарыг бүх талаар дэмжих нь төрийн үүрэг мөн. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн үүсвэрийг 62.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 99.2 тэрбум төгрөг болголоо.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байгаа Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал энэ чуулганы онцгой анхааралд байлаа.

Миний бие оны өмнө захирамж гаргаж, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар гарсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч агаарын бохирдолттой онц байдал зарлан тэмцэх асуудлыг судалж үзэхийг хүссэн албан бичиг ирүүлсэн. Хүсэлтийг судалж үзэхийг Ажлын хэсэгт даалгасан.

УИХ “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг тусгаж, баталлаа.

Агаарын бохирдлын эсрэг сан байгуулах, аймаг, нийслэлийн Засаг дарга агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж, хэрэгжилтийг тайлагнадаг албыг ажиллуулах, агаар цэвэршүүлэгч болон эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцэж, холбогдох хуулиудыг батлан гаргалаа.

УИХ-ын тогтоолоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03 дугаар зөвлөмж, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2016 оны 01, 2017 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг 2018 оны хоёрдугаар сарын 01-ний дотор УИХ-д танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Тогтоосон хугацаа хэдийнэ өнгөрөөд байгааг холбогдох албан тушаалтнуудад сануулъя.

Түүнчлэн өнгөрсөн он жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэр хэмжээний хөрөнгийг юунд зарцуулсан, ямар үр дүн гарсан, хэдий хэмжээтэй хөрөнгийг үргүй зарлагадаж, завшиж шамшигдуулсан талаарх тооцоог эцэслэн гаргаж, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцох талаарх иргэдийн шаардлагыг заавал биелүүлэх ёстойг онцгой анхаарвал зохино.

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажилтай танилцаж, оновчтой шийдэл, арга хэмжээний санал боловсруулахаар ажиллаж байна.

УИХ агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгийг өмнөх оноос 13.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 16.9 тэрбум болгосон. Энэ хөрөнгийг шөнийн цахилгааны үнийг хөнгөлөх, цахилгааны шугамыг шинэчлэх, хүчин чадлыг өргөтгөх, цахилгаан халаагуур нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах шаардлагатайг холбогдох албан тушаалтнууд анхаарах биз ээ.

Нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг эхлүүлэхэд зориулж 2018 оны төсөвт 10.0 тэрбум төгрөг тусгасан. Нийтдээ 35.0 тэрбум төгрөг зарцуулж 2020 он гэхэд энэ ажлыг дуусгах ёстой. Энэ онд нийслэлд 10.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хог ангилах төвийн барилга, байгууламж барих ажлыг эхлүүлнэ. Шаардагдах 1.0 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан.

Агаар, орчны бохирдол зөвхөн Улаанбаатарынх биш, аймгийн төвүүд зэрэг нийт суурин газрын асуудал болоод байна. Засгийн газар, аймаг, орон нутгийн удирдлагууд асуудлыг хүндрэхээс нь өмнө шийдэх тодорхой төлөвлөгөө, арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх, ингэхдээ хөрс, усны бохирдлыг хамтад нь авч үзэх нь зүйтэй. Түүхий нүүрсний хэрэглээг багасгах, шингэрүүлсэн хий, эрчим хүчний хэмнэлттэй халаах төхөөрөмжийн ашиглалтыг дэмжих зэрэг ажлуудыг орон нутагт үе шаттай зохион байгуулах шаардлагатай байна.

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурал Төв банкны удирдлагын 2012-2016 оны хооронд явуулсан алдаатай үйл ажиллагаа, түүнээс улбаалан эдийн засаг, санхүүгийн салбарт үүссэн хүндрэл, бэрхшээлд дүгнэлт хийж, Төв банкны болон банкны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр холбогдох хуулиудыг баталлаа.

Эдгээр хуулиуд нь банкны салбарт дураар авирлах, Монгол банкны хараат бус байдлыг алдагдуулах, иргэн, хуулийн этгээд, банкинд эдийн засгийн буюу арилжааны давуу байдал үүсгэхээс сэргийлж, макро эдийн засгийг эрсдэлээс хамгаалах, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг зөрчигдөх, мөнгө хөрөнгөө алдах, төр татвар төлөгчдийн мөнгөөр банкны өмнөөс хариуцлага хүлээх явдлыг таслан зогсооход чиглэсэн юм.

Намрын чуулганаар бид төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах үр дүнтэй механизм бүрдүүлэх, төрийн албанд чадахуйн зарчмыг хэвшүүлж, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх асуудлаар шинэчлэлийн томоохон алхам хийж чадсан гэж бодож байна.

2019 оноос хэрэгжих Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар сонгуулийн дараа төрийн албанд хийгддэг халаа, сэлгээ зогсож, төрийн ажлын туршлагагүй хүн хариуцлагатай албан тушаалд томилогдох, улс төрийн үзэл хандлага болон ашиглан шамшигдуулах сэтгэлээр төрийн албанд хандах явдал хуулийн хүрээнд хязгаарлагдана.

Төрийн албанд анх орох буюу ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох шаардлага, шалгууртай боллоо. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох хүн төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс яамны газрын дарга, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлага тавигдаж байгаа юм.

2020 оноос эхлэн илүү цагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч нэмэгдэл хөлс авах бол, төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад төрийн жинхэнэ албан хаагчтай адил 36 хүртэлх сарын үндсэн цалингийн хэмжээтэй нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Өнгөрсөн зун нийт нутгийн дийлэнх хэсэг гандуу, гантай байсны улмаас ургац алдах, мал аж ахуйд өвөлжилт хүндэрч болзошгүй байдал үүссэнийг харгалзан 2017 оны төсвийн тодотголоор хадлан тэжээл бэлтгэх, улсын нөөц бүрдүүлэх, өвс, тэжээл импортлоход зориулж 49.9 тэрбум төгрөг нэмж баталсан. Мөн малын тэжээл, өвсийг хямд байлгах, улаан буудай, гурилын үнийг тогтвортой хадгалахын тулд малын тэжээл, өвс болон 225.0 мянга хүртэл тонн хүнсний улаан буудай, 10.0 мянга хүртэл тонн үрийн улаан буудайг импортлоход гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргасан.

Баруун бүс нутгийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор импортын цахилгаан эрчим хүчийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийг 2021 он хүртэл үргэлжлүүлэхээр болсон.

Намрын чуулганаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан нь мал эмнэлгийн албаны тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, дунд хугацаанд гадаад зах зээлд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, түүхий эд, бүтээгдэхүүнээс олох орлогыг нэмэгдүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд чухал алхам боллоо.

Чуулганы хугацаанд УИХ-ын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 9 ажлын хэсэгт давхардсан тоогоор 70 гишүүн ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажил хийв. УИХ-ын гишүүдХөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын филармони, Монголын үндэсний төв номын сан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Налайх дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэс зэрэг 28 байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилттэй биечлэн танилцжээ.

Чуулганы хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газар болон УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад хандан давхардсан тоогоор УИХ-ын 25 гишүүн 93 асуудлаар 18 асуулга тавьж, 15 гишүүний 8 асуулгын хариуг сонсчээ.

УИХ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж, өргөжин тэлэв. Энэ чуулганы хугацаанд Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсад, миний бие БНСВУ-д айлчлал хийлээ.

Японы Төлөөлөгчдийн танхимын даргын айлчлал анх удаагийнх гэдгээрээ онцлог байлаа.

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Олон Улсын Парламентын Холбооны 137-р чуулган, БНСВУ-ын Ханой хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын Парламентын чуулганы 26-р хуралдаанд УИХ-ын дарга, дэд даргын түвшинд оролцсон нь Монгол Улсын төрийн бодлого, үйл ажиллагааг сурталчлахын сацуу дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргийн биелэлтээ тайлагнаж, бүс нутгийн болон олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болсон гэж дүгнэж байна.

Эрхэм гишүүд ээ,

Дүгнэж хэлбэл энэ парламент хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байна. Гэтэл сүүлийн үед УИХ-ыг тараах тухай яриаг зарим улс төрийн хүчин, Төрийн тэргүүний зүгээс ч гаргах боллоо.

Үүнийг ажил сайжруулах санал гэж үзэж болох ч Монголын ард түмний сонголтыг үнэгүйдүүлэх, Үндсэн хуулиар тогтоосон хууль тогтоох байгууллага, гишүүдийн эрхэнд халдаж, парламентын засаглалын ач холбогдол, гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагааг сулруулах гэсэн үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй.

Эдийн засгийн өсөлт 2013 оноос хойш тасралтгүй буурч 2016 оны III улирлын байдлаар -1.6 хувь болсон, төсвийн орлого 2.3-10.4 хувиар тасардаг, алдагдал нь 3.6 их наядад хүрсэн улс орныг бид хүлээж авсан.

2012 оны VI сард Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 4.5 их наяд төгрөгтэй тэнцэж байсан бол 2016 оны VI сард нийт 16.6 их наядад хүрсэн байв. Гадаадаас цэвэр дүнгээр 2.6 их наядын зээл авч, дотоодод 2.6 их наяд, гадаадад 4.3 их наяд төгрөгийн бонд гаргасан, мөн 2.0 их наядын өрийн баталгаа, 437.9 тэрбум төгрөгийн концессийн гэрээ байгуулсан, 595.2 тэрбум төгрөгийн векселийн үүрэг хүлээсэн Засгийг өмнөх эрх баригчид 2016 онд бидэнд хүлээлгэж өгсөн.

2015, 2016 онд 7.5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай “Дим сам”, 10.8 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай “Мазаалай” зэрэг нийт 661.2 сая ам.долларын бонд, 11-18 хувийн хүүтэй, 3 сараас 3 жилийн хугацаатай дотоод бонд гаргаснаас гадна 2.5-9.0 хувийн хүүтэй, 1.3 тэрбум ам.долларын өрийн баталгаа гаргасан байв.

Ийнхүү улс орны эдийн засаг нэн хүнд байдалд орж, өр зээлийн хэмжээ эдийн засаг, санхүүгийн чадавхиас давсан, Евро бондын 580 сая ам.долларын өрийг хугацаанд нь төлөх боломжгүйд хүрч, улсаараа төлбөрийн чадваргүйд тооцогдох хэмжээнд очсон байсныг мартах учиргүй.

Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар 2015 оны нэгдүгээр сард ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах зорилгоор хэлэлцээ хийх ажлын хэсгийн төлөөлөгчдөө Монгол Улсад ирүүлэхийг хүссэн албан захидал илгээсэн ч бүтээгүй. Улсын маань нэр хүнд тийм л түвшинд очсон байсан.

Харин энэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлмэгцээ 4 төсвийг нэгтгэн, үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах, орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга, хариуцлагыг чангатган, зарлагын үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг шуурхай авсан. Засгийн газар ОУВС-тай богино хугацаанд амжилттай хэлэлцээ хийж “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа.

Засгийн эрхийг авснаас хойш барих-шилжүүлэх нөхцөлтэй концессийн гэрээ байгуулахгүй байх, векселийг бүрэн зогсоох, өндөр хүүтэй дотоод болон гадаад бондоос татгалзах бодлогыг тууштай мөрдөж байна. Үүний үр дүнд хэдийгээр айл өрхийн амьдрал, иргэдийн халаасанд үр шим нь хараахан хүрээгүй байгаа ч эдийн засаг өсч, сэргэлт бий болж байна.

2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 4.9 орчим хувьд хүрэх төлөвтэй, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2016 онтой харьцуулахад 24.1 хувь буюу 1.4 их наяд төгрөгөөр өсч, орлогын төлөвлөгөө 660.0 тэрбум төгрөгөөр давж байна. Гадаад худалдааны эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл нь 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарч, 2016 онтой харьцуулахад 19.7 хувиар сайжирлаа. Гадаад валютын албан нөөц 2016 оны жилийн эцэст 1.3 тэрбум ам.доллар байсан бол 3.0 тэрбум ам.долларт хүрлээ.

Одоогоос 9 сарын өмнө хувь хүний орлогын албан татвар, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрч байсан бол авсан татвараа буцаан олгож, тэтгэвэрт гарах насыг хуучнаар нь үлдээх боломжтой боллоо. Энэ бол богино хугацаанд бодит үр дүнд хүрсний, иргэд маань төр засгаа ойлгон дэмжиж, төр нь түмэн олноо гэсэн сэтгэлтэй байгаагийн бүрэн илэрхийлэл юм.

ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлснээр гадаад улсаас бага хүүтэй, урт хугацаатай зээл авч, бонд босгон өрийн хэмжээг бууруулах нөхцөл бүрдсэн.

Өмнөх эрх баригчдын үед 7,5-10,8 хувийн хүүтэй бонд гаргадаг байсан бол сүүлийн саруудад зээлийн хүүг буулгаж 5,5 орчим хувийн хүүтэй бонд гаргадаг болсон төдийгүй Хөгжлийн банкны 580 сая, “Чингис” бондын 500 сая, “Дим сам” бондын 15.3 сая, нийт 1.1 тэрбум ам.долларын буюу 2.6 их наяд төгрөгийн өрийг барагдуулав.

Мөн намрын чуулганаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон Улс, БНСУ-аас жилийн 0,2-2,0 хувийн хүүтэй, эхний 5-10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 20-30 жилийн хугацаатай 120-850 сая ам.долларын хөгжлийн зээл авах шийдвэрүүдийг гаргасан.

Эдгээр зээлээр Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжиж, макро эдийн засгийг тогтвортой удирдлагаар хангах, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, алдагдлыг бууруулах, боловсролын чанар, хүртээмжийг дэмжих, бүс нутгийн зам, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн БНСУ-ын Засгийн газраас авах Зээлийн 500 сая ам.долларыг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхэд зарцуулах бодлого баримтална.

Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал сайжирч байгааг олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид болон гадаад улс орнууд хүлээн зөвшөөрч, Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдлээ.

Монгол Улсаас олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан 800 сая ам.долларын захиалгатай “Гэрэгэ” бондод гадаадын хөрөнгө оруулагчид 5.5 тэрбум орчим ам.долларын санал ирүүлсэн. Энэ нь өмнөх эрх баригчдын гаргаж байсан “Мазаалай”бондыг худалдан авах захиалгаас даруй 7.3 дахин их байв.

Олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагаас зохион байгуулдаг 2017 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслолоос Монгол Улс “Азийн шилдэг хөрөнгө татагч”, 2017 оны III сард гаргасан “Хуралдай” бонд нь “2017 оны Монгол Улсын шилдэг хэлцэл”, “2017 оны Засгийн газрын шилдэг бонд” шагналуудыг хүртлээ. Ийнхүү гадаад зах зээлд Монгол Улсын нэр хүнд өсч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Монголыг сонирхох сонирхол нэмэгдэж байна.

Эрхэм гишүүд ээ,

Төрд түмнээ төлөөлөн сууж буй гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг хөндөлгүй орхиж болохгүй юм.

Та бид итгэж сонгосон сонгогчдоо төлөөлөн төр барилцаж, тэдний өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа гэдгээ огтхон ч умартах учиргүй. Сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлж, ёс зүйгээ огоорох эрх бидэнд байхгүй.

Тансаглал, үрэлгэн зардал аль ч шатанд байх ёсгүй. Түмний амьдрал зүдүү байхад төрийн албан хаагч тансаглах нь шударга ёсонд нийцэхгүй.

Төрийн түшээ, УИХ-ын гишүүний нэр хүнд нь бүхнээс дээгүүр, дархан торгон байдал биш гэдгийг ойлговол зохино. Хуулиар олгосон эрх хэдий байвч, үүрэг хариуцлага илүү чухал гэдгийг сануулж хэлье.

Хууль хэрэгждэг, ёс зүйг эрхэмлэдэг улс оронд ийм үйлдэлд нэр холбогдсон бол аль хэдийнэ огцорсон байгаа даа гэж иргэдийн ярилцаж байгааг сонсоогүй мэт өнгөрөөж болохгүй.

Ёс зүйн хариуцлага хүлээх нь хувь хүний өөрийн санаачилгаас ихэнхдээ эхлэлтэй байдаг. Ийм улс төрийн соёлыг бий болгоход улс төрийн намууд ч анхаарах хэрэгтэй байна.

Хуулийн чанарт онцгой анхаарах нь эрх бүхий субъектүүдийн онцгой үүрэг болоод байна. Өргөн баригдсан төсөл нь хэлэлцүүлгийн шат давахгүй буцах, эсвэл хянагдаж засагдсаар бараг цоо шинэ төсөл болж хувирах, баталсан хуулийг хэрэгжүүлж эхэлмэгц өө сэв нь илрэх, зарим зүйл, заалт нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр унах тохиолдол байсаар байна.

Цэцээс 2008-2012 онд 27 дүгнэлт ирүүлсний 14 нь, 2012-2016 онд 40 дүгнэлтийн 26 нь, 2016-2018 онд 13 дүгнэлтийн 7 нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн байна.

Өмнөхтэй харьцуулахад бидний бүрэн эрхийн хугацааных харьцангуй цөөн тоотой байгаа ч үе үеийн парламентын үндсэн ажлын чанарт тавьсан нэг ёсны үнэлгээ гэдгийг анзаарах учиртай.

Эрхэм гишүүд ээ,

Завсарлагааны хугацаанд иргэдтэй уулзаж, УИХ-аас баталсан хууль, тогтоомж, бодлогыг тайлбарлан таниулах, хэлэлцэхээр төлөвлөж байгаа асуудлын талаар санаа бодлыг нь сонсох нь та бидний хийх ёстой үүрэгт ажил юм.

Төр, засаг тогтвортой, зөв тууштай бодлоготой байх ёстой. Ийм байхын үндэс нь иргэдээ сонсдог, санал бодлыг нь шийдвэртээ тусгадаг, шийдвэр хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа олон нийтэд зөв, бодитой хүргэдэг байхаас ихээхэн шалтгаална.

УИХ-ын 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн дагуу улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд зайлшгүй шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж, УИХ-д өргөн барих талаар Засгийн газар чуулганы завсарлагааны хугацаанд тусгайлан анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн эдийн засагт бий болсон нааштай өөрчлөлт, эерэг үр дүнг баталгаажуулах, иргэд, айл өрхийн амьжиргаанд бодит тусгал болохуйц ажил, арга хэмжээг шуурхай зохион байгуулах хэрэгтэй байгааг сануулъя.

Улс орны хийгээд ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийд гэж ард түмэн та биднийг сонгосон. Тиймээс УИХ-ын ээлжит чуулган завсарлаж байгаа хэдий ч цаг үеийн шаардлага, тулгамдсан аливаа асуудлаар хэдийд ч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах боломжтойг тэмдэглэе.

Монгол Улсынхаа нийт иргэдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, сайхан шинэлээрэй.

УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье.



Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Орхон аймагт хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсав.

Үүний дараа Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй “Уурхайчин” соёлын ордонд уулзаж, ярилцлаа. Уулзалтыг нээж Төрийн тэргүүн “Орхон аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй хийж байгаа уулзалтын талаар та бүхэн мэдээлэлтэй байгаа байх. Иргэд санаа бодлоо янз бүрээр илэрхийлж байгаа. Иргэдээ түлхүү сонсож байгаа учраас эхлээд та бүхний санаа бодлыг сонсож ярилъя” гэлээ.

Уулзалтад Орхон аймгийн болоод “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн удирдлагууд оролцсон юм. Энэ үеэр иргэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшлийн асуудал болон тус үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкт байрлах “Стандарт” банкны барьцаанд тавьсан асуудлаар үйлдвэрийн удирдлагуудаас тодорхой тайлбар хүслээ.

Үүний дагуу “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Үйлдвэрийн үйл ажиллагааны талаар асууж байна. “Эрдэнэт” үйлдвэр 40 жил ажиллаж байна. Энэ хугацаанд улс орныхоо эдийн засагт, ард иргэдийнхээ амьдрал ахуйд ямар хэмжээний нэмэр болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Одоо ашиглаж байгаа үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн 50-70 хувийг нь солих шаардлагатай болсон. Гэсэн ч үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Би энэ үйлдвэрийн гүйцэтгэх захирал. Энэ утгаараа үйлдвэрийг хэвийн, жигд, үр ашигтай ажиллуулах л үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн асуудал тусдаа юм шүү. 51 хувь нь төрийнх. 49 хувь нь улсынх. Өнөөдөр үүнээс болоод үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон зүйл байхгүй, хэвийн ажиллаж байгаа гэдгийг дахин хэлмээр байна. 51 болон 49 хувийн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн болон Засгийн газрын түвшинд шийдэх байх. Одоо ажиллаж байгаа 6000 гаруй хүнийг 51, 49 гэж хуваах аргагүй” гэлээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг олон хүн ярьж байна. Би Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа энэ үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгээс энэ асуудлын талаар тодруулж анхаарч байсан. Хэрвээ хуурамч гарын үсэг зурж зээл авсан бол хуурамч гарын үсэг зурсантай холбоотойгор асуудал шийдэгдэнэ гэж бодож байсан. Харамсалтай нь, сая “Стандарт” банкны талд Арбитрын шүүхийн шийдвэр гарлаа. Тэгэхээр гарын үсэг хуурамч биш юм байна, хуйвалдсан асуудал байна гэдэг нь шүүхээр тогтоогдож байна гэсэн үг боллоо. Анх “Стандарт” банктай “Жаст” групп 2009 оны долдугаар сарын 8-нд, 2010 оны наймдугаар сарын 5-нд гэрээ байгуулж зээл авсан байна. Би холбогдох байгууллагуудаас нь бичгээр тайлбар авч байгаа. Удахгүй энэ талаар Засгийн газар болон бусад байгууллагад хандана. Иргэдийн бодоод байгаа шиг юу, юугүй 51 хувийг нь хураагаад авахгүй байх. Хэлэлцээрээр шийдэгдэх байх.

Мөн би сонгуулийн үеэр Эрдэнэт хотод ирээд, “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан, энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байсан үе, үеийн Эрдэнэтчүүд энэ үйлдвэрийн 10 хувийг авах эрхтэй гэж хэлж байсан. Энэ талаарх саналаа ярьж, хэлж байгаа” гэсэн юм.

Орхон аймгийн иргэд “Эрдэнэт” үйлдвэрээс гадна төрийн албаны халаа, сэлгээ, тэтгэврийн нас, хэмжээ, ажилгүйдэл, гүйцэтгэх засаглал, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой зэрэг олон асуудлаар өөрсдийн санал бодлоо Төрийн тэргүүнд уламжиллаа.

Тухайлбал, Орхон аймгийн иргэн Машбат

Оффшорыг илрүүлж, оффшорын “уурхайг” ухмаар байна. Хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй автомашиныг халааснаасаа мөнгө гаргаад авч чадахгүй шүү дээ. Энэ бол хулгай. Дээрээс нь Ерөнхийлөгчийн эрх хасна гэж яриад байна. Би айл гэрийн тэргүүн, таван хүүхэдтэй. Энэ таван хүүхдийнхээ эрх ашгийг би хамгаалдаг. Тэгвэл миний эрх мэдлийг хураагаад авчихвал би яах юм бэ. Ерөнхийлөгчийн эрхийг хасах, батлан хамгаалахын эрхийг хасах гээд яриад байгааг бид эсэргүүцэж байгаа шүү.

“Эрдэнэт” бие даан амьдрах төв ТББ-ын Ерөнхий зохицуулагч, Орхон аймгийн иргэн Сувдмаа

Эрдэнэт хотод хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр зорчих боломжгүй байгаад юун түрүүнд анхаараарай гэж таниас хүсэж байна. Хоёрдугаарт, УИХ шийдвэртэйгээр бодлого гаргаж чадахгүй байна. Хүүхдийн мөнгө нэмлээ, хаслаа гэсэн. Дараа нь тэтгэврийн нас нэмээд буцаад болиулах жишээтэй. Татвар бас нэмээд л тэр шийдвэрээ буцаагаад хуучнаар нь болгосон. Шийдвэртэй бодлого гаргаж чадахгүй “орон гаран” болчихож. Аймаг орон нутаг ч гэсэн дээр, дооргүй ийм л асуудалтай байна. Тэгэхээр эдгээр асуудалд анхаарч ажиллаасай, энэ үгийг уламжилж өгөөрэй гэж хүсмээр байна.

Орхон аймгийн Бүрэнбүст багийн иргэн Намхайноров

Та жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, хөдөөгийн хөгжлийг ярьдаг. Орхон аймаг өнгөрсөн жилүүдэд маш олон жижиг, дунд үйлдвэр байгуулагдсан. Гэвч, байгуулагдсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажиллах талаар төрийн болон орон нутгийн удирдлагууд сайн ажиллах хэрэгтэй байна. Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийг хэрхэн дэмжиж байгаа вэ гэдгээр нь төрийн албаны ажлыг дүгнэж, шахаж ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Сүүлийн үед жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого саарч байгаа шүү.

Хоёрдугаарт, Улаанбаатарт ч, Эрдэнэт хотод ч утааны асуудал бий. Саяхан Ерөнхий сайд БНСУ-аас 500 сая ам.доллар олж ирээд байшин барьж, утаа арилгана гэж байна. Утааг байшин барьж арилгахгүй байх гэж бид бодож байгаа. Харин төвлөрлийг сааруулж, дагуул хот байгуулахад ашиглах хэрэгтэй. Мөн их, дээд сургуулийг хотоос гаргах асуудлыг дэмжиж байгаа.

Орхон аймгийн иргэн Мандах

Намаар талцаж байгааг зогсоох, өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Парламентын засаглал бидний төлөө, улс эх орныхоо төлөө зөв зүйтэй хууль гаргаж байх ёстой. Гэтэл 76 гишүүн бүү хэл, цөөн хэдэн хүн л хууль баталж байна. Үүнийг ямар төр гэх юм. Энэ тогтолцоог өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй. Тэгвэл манай улс өөдөө явна. Намууд бидний толгойг угаагаад сурчихсан байна. Үүнээс бүрэн салах хэрэгтэй.

Орхон аймгийн Уртын гол багийн иргэн, офицер Гансүх

Бид 30 гаруй жил одоогийн засаглалтайгаа явж байна. Одоо байгаа байдлаа харъя л даа. Төрийн бодлогын залгамж, алсын хараа хэрэгтэй байна. Монголд төрт ёсны ийм залгамж байгаагүй. Сонгуулиас сонгуулийн хооронд доромжилж, цөлмөж байдаг төр засагтай болчихлоо. Үүнд таны, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хатуу гар хэрэгтэй. Та Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд үүнийг цааш дамжуулж өгнө үү.

Орхон аймгийн Баянцагаан багийн иргэн Батлүндэн

Иргэн надад гомдол ч байна, баяр ч байна. Одоогийн Засгийн газар шатахууны үнийг нэмээд буулгалаа гэсэн тэр шал худлаа. Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдсэн байгаа нь шатахуун түгээхийн самбар дээрээс харагдаж байна. Дизель 300 төгрөгөөр нэмэгдсэн. Монголчуудын бидний идэж уудаг, наашаа цаашаа хөдөлдөг бүх зүйл дизель түлшээр явдаг. Ингэж бие, биеэ хуурч, хулхидаж байх хэрэггүй. Энэ чинь өөрөө бидний өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх эх үүсвэр болж байна. Дизель түлшээр явж байгаа автомашины зөөж ирсэн бүх барааны үнэ нэмэгдэж байгааг цааш нь дамжуулж хэлмээр байна.

Орхон аймгийн Хүрэнбулаг багийн иргэн Хүрэлбаатар

Ард түмэн төр засгаас нэг их мөнгө, эрдэнэс гуйгаад байдаггүй. Тэтгэвэр боломжийн, юмны үнэ тогтвортой, шатахуун хямд байгаасай л гэж хүсдэг. Гэтэл итгээд Ардын намын 65 хүнд санал өгчихсөн баларсан юм боллоо. Одоо яадаг ч арга алга. Бидний санаанд нийцсэн шударга шийдвэр гаргаж чадахгүй байна. 60 тэрбумын асуудал, их хэмжээний мөнгөтэй хөрөнгө орлогын мэдүүлэг зэргийг шалгахгүй юм. Бид хэдэн малынхаа буянд л болж байна. Миний ганц хүсэж байгаа зүйл бол УИХ-ыг тарааж, Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна.

Орхон аймгийн Урт булаг багийн иргэн Жавзмаа

“Би С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял сонссон Содномдаржаагийн ээж байна. Миний хүүг хилс хэргээр шоронд хийсэн. Монголын ард түмэн, ялангуяа Эрдэнэтийн ард түмэн С.Зоригийн хэргийг чих тавин сонсож байна. Би таниас шүүхийн байгууллагыг өөрчлөөд өгөөч гэж хүсмээр байна. Тагнуул, шүүх, прокурор үгсэн хуйвалдаж энэ хэргийг гэмгүй хүнд тохсон. Би энэ асуудлаар 90 удаа эрх баригчдад захиадал бичсэн. Надад хариу ирдэг ч юу ч өөрчлөгдөхгүй байна. Хууль зүйн сайд хүртэл ямар нэг зүйл хийж чадахгүй байна. Та энэ асуудлыг сайн тунгааж үзнэ үү” гэв.

Орхон аймгийн 50 орчим хүн саналаа өөрсдийн биеэр илэрхийлж, мөн бичгээр санал хүсэлтээ өгсөн юм. Төрийн тэргүүн иргэдийг сонсож, асуултад нэг бүрчлэн хариулсан бөгөөд бичгээр ирсэн саналыг боловсруулж нэгтгээд бодлого шийдвэртээ тусгана гэлээ.

Төрийн тэргүүн өнөөдөр Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзана.

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно уу

Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно уу

Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг хийх гэж байна. Цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд 4 бүсд болох бөгөөд аж ахуй нэгж, байгууллага ойр орчны 50 метр газрыг, сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлыг мөн халтираа гулгаанаас сэргийлж цас мөсний цэвэрлэгээ хийх юм.

Цэвэрлэгээнд бээлий, хүрз, шүүр болон бусад багаж хэрэгслээ иргэд өөрсдөө бэлтгэн оролцох бөгөөд цэвэрлэгээний явцад дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүрэн хяналт тавина. Цэвэрлэгээнд хангалтгүй оролцсон аж ахуй нэгж байгууллагад холбогдох хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авна. Иймд өнөөдөр болох их цэвэрлэгээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг идэвхи санаачлагатай оролцохыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриаллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Содбаатар: “Жаст“-ын зээлд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан нь хуурамч гарын үсэгтэй юм билээ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Намрын чуулган өнөөдөр хаалтаа хийж байна. Та энэхүү ээлжит чуулганд ямар дүн тавих вэ. Хичнээн хуулийн төсөл батлав?

-Энэ намрын чуулганы хугацаанд төсөв, мөнгөний бодлогоо батлахын зэрэгцээ арилжааны банкуудтай холбоотой багц хуулиудыг гаргалаа. Одоо Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль яригдаж байна. Энэ багц хууль бол Монголд банкны системээ эрүүлжүүлэх орчин үеийн шаардлагад нийцүүлэхэд чиглэсэн. Цаад талдаа банкны зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлж, санхүүгийн системд банкийг тогтвортой байх чиглэлийг хангаж өгч байгаа юм. Мөн намрын чуулганаар хөдөө аж ахуйн багц хуулиудыг баталсан. Ирэх хаврын чуулганд бэлчээрийн тухай хууль орж ирнэ. Ингэснээр малаа эрүүлжүүлэх, малын генетик нөөцөө хамгаалах цогц хуультай болно.

-Хөрөнгө оруулалтын банкийг манай улсад оруулж ирвэл ямар ач холбогдолтой вэ?

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль өргөн баригдаад хоёр ч чуулган дамнаад хараахан батлагдаагүй байна. Хаврын чуулганаар хэлэлцэх байх. Энэ хууль Монголд хэрэгтэй. Монгол Улсад хөрөнгө оруулалтын чиглэлийн бие даасан банк байхгүй болохоор үйлдвэржилт бий болохгүй байгаа юм. Манай арилжааны банкууд хамгийн багадаа сард хоёр, жилд 24 хувийн хүүтэй зээл олгож байна. Бизнесийнхэн 30 хувийн ашигтай ажиллалаа гэхэд зургаан хувийг нь өөртөө аваад 24 хувиараа цөөн хэдэн арилжааны банкны эздийг тэжээж байгаа. Бид 20 гаруй жил ингэж явж ирсэн. Тиймээс одоо эрс өөрчлөлт хийж, банкны салбараа либеральчлах хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалтын банк гээд ярихаар Хятад гэдэг нэрэн дор иргэдийн дунд айдас, эмзэглэл төрүүлэх гэж оролддог бүлэглэл байна. Үүнээс айх хэрэггүй. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг ганц оронд зориулж гаргахгүй. Миний авсан мэдээллээр Японы, ОХУ-ын, Европын, Азийн зарим орнуудын банкууд Монголд хөрөнгө оруулалтын чиглэлээр банк байгуулах сонирхолтой байх шиг байна. Мэдээж энэ гаднаас орж ирж байгаа зээл тусламж, хөрөнгө оруулалтыг дагаад бас өөрийнхөө арилжааны банкийг оруулах гэсэн сонирхол байна. Болж өгвөл гурван өөр орны эх үүсвэртэй арилжааны банкийг оруулж ирвэл зээлийн хүү буурна. Монгол Улс үйлдвэрлэлийн, хөрөнгө оруулалтын зориулалтын зээлтэй болно.

-Хэрэв хөрөнгө оруулалтын банк гаднаас орж ирвэл арилжааны банкуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үү?

-Хөрөнгө оруулалтын банк мэдээж тэдний хадгаламж, харилцагчийг булаахгүй. Том зургаараа манайд орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид “Та нар олон улсын дээд зэрэглэлийн үнэлгээтэй банктай болооч” гэсэн шаардлага тавьж байгаа юм. Жишээлбэл, Оюу толгойн мөнгөн урсгалыг Монголын банк санхүүгээр эргэлдүүлэхэд ашигтай. Өнөөдөр “Оюутолгой” компанийн жилийн эргэлт хоёр тэрбум шахам ам.доллар явж байна. Үүнийг манай арилжааны банкны системээр эргэлдүүлбэл тэр хэмжээгээр бид ашиг олно. Ингэснээр валютынхаа нөөц, урсгалыг хянадаг маш том эерэг дохио өгнө.

-Барьцаанд нь орд газруудын лицензээ тавиад туучих вий гэсэн болгоомж байх шиг байна?

-Мэдээж Монгол өөрийнхөө зах зээл дээр тоглуулах гэж байгаа учраас өөрсдөө дүрмээ зохионо. “Тэр банкинд ямар хязгаарлалт тавих юм, ямар секторт ямар зориулалтаар олгуулах юм. Барьцаанд нь юу тавиулах юм” гэх зэргээр тодорхой шалгуур тавих хэрэгтэй. Заавал лиценз, газар тавих албагүй. Тэрийг нь хориглоё л доо. Хөрөнгө оруулалтын банкууд дээр тавих эхний шалгуур бол “Та нар Монголд оруулж ирж байгаа банкныхаа салбарын хөрөнгийн арван хувь дээр моргаж гарга” гэхэд манай моргажийн зээлийн хүү 2-3 хувь руу буурна. Өнөөдөр бид жилийн найман хувь буюу дэлхийд байхгүй өндөр хүүтэй зээл аваад хамаг орлогоо тийш нь өгөөд сууж байна. Тухайлбал, Япон, Солонгос гээд гаднаас оруулж ирж байгаа хөрөнгө оруулалтын банкны арван хувийг моргажийн зах зээл дээр оруулаад хүүг нь тэдэн хувиар гарга гэж болно. Тэр орнууд өөрсдийнхөө оронд гаргаж байгаа жилийн хоёр гуравхан хүүтэй зээлийг манайд гаргаж болно шүү дээ.

-Банкны тухай хуулиудыг батлахдаа зээлийн хүүний дээд хязгаарыг тогтооё гэж оруулж ирсэн байх аа?

-Ер нь банкны хүүний дээд хязгаарыг тогтоодог олон улсын жишиг байна. Дэлхийн 76 оронд арилжааны банкуудын хүүг төрөөс дээд хязгаарыг нь тогтоож байгаа. Монгол Улсын хувьд нэг хуульд заагаад шийдэгдэх үү, ерөөсөө банкны зээлийн хүүг бууруулах стратеги гаргаж цогцоор нь шийдэх үү гэдэг дээр зарим Их хурлын гишүүд шийдлээ гаргасан. Хаврын чуулганд багтаад Төв банк Монгол Улсад банкны зээлийн хүүг бууруулах стратеги оруулж ирнэ. Хамгийн наад зах нь цалин болон тэтгэврийн зээлийн хүүг эрс бууруулах ёстой. Энэ хоёр зээлийн үндсэн эх үүсвэр нь ойлгомжтой болохоор эрсдэл бараг байхгүй.

-Энэ цаг үед “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал анхаарлын төвд ороод байгаа. Үүсээд байгаа асуудлын талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-“Эрдэнэт” үйлдвэр бол монголчуудын XX зуунд байгуулсан бүтээн байгуулалтын нэг. Анх энэ үйлдвэрийг барьж байхад Оюу толгойгоос ч хэцүүхэн гэрээ хэлэлцээр хийж байсан юм бий. Сүүлдээ сайжраад явцын дунд Монголд ашигтай, төсвийг бүрдүүлэгч саалийн үнээ болсон шүү дээ. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд харамсалтай нь улс төрийн нэртэй янз бүрийн бүлэглэлүүдийн гар хөл их оролцож байна л даа. “Эрдэнэт”-ийг тойрсон хэл ам, шуугиан тасрахгүй байна. Мэдээж 49 хувьтай холбоотой асуудал нэг мөр шийдэгдэх байх. Хууль хүчний байгууллагууд шударга зарчим баримталж шийдвэрээ гаргаасай. Шинэ Засгийн газар бол 49 хувийг УИХ-аас гаргасан тогтоолын хүрээнд зөв шийдсэн гэж харж байна.

-Хувийн өмчийг төр дээрэмдсэн юм шиг харагдаж байгаа шүү дээ?

-Тэр 49 хувийг ОХУ-аас худалдаж авсан хүмүүсийн зориглон хийсэн үйлдэл зөв. Гэхдээ мөнгөн эх үүсвэр нь ойлгомжгүй байна. УИХ-аас ажлын хэсэг гараад мөнгөн эх үүсвэрийг харилцан суутгах зарчмаар шийдсэн нь оновчтой болсон. Энэ Засгийн газар “Эрдэнэт”-ийн асуудлыг бизнесийн зарчмаар шийдэж байна. Өөрөөр хэлбэл, тэр нөхдүүд оруулсан мөнгө байдаг бол тэрийгээ ав гэж байгаа юм. Улсын мөнгийг хулгайлж авсан бол өгөхгүй гэсэн үг. Ажлын хэсгээс бидэнд өгч байгаа мэдээллээр бол 400 сая ам.долларын эх үүсвэрийн дийлэнх нь Монголбанктай холбоотой, монгол төрийн мөнгө юм билээ.

-Арбитрын шүүхэд ялагдчихвал Засгийн газар өрөнд орох юм биш үү?

-Ийм асуудлаар арбитр шийдвэр гаргахгүй л дээ. Харин мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүс арбитрт хандаж, ашиг сонирхол оруулах гэж оролдох байлгүй дээ. Үнэн ялдаг болохоор зөв шийдвэр гарах байх. Энэ 49 хувь бол зөвхөн Эрдэнэтийнх биш. Үүний цаана “Монголросцевмет”-ийн, Асгатын мөнгөний орд, Монгол Улсын стратегийн ордын түвшинд яригддаг 17 лиценз яваа шүү дээ. Манайхан үүнийгээ тийм сайн ярихгүй байна л даа.

-Үүнийгээ тодруулахгүй юу?

-“Монголросцевмет”, Асгат, Эрдэнэттэй нь Оросоос 400 сая ам.доллараар худалдаад авчихсан байгаа юм. Өнгөн дээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь гэж яриад л байдаг. Цаана нь Заамарын алтны орд, Асгатын мөнгөний орд, Эрдэнэтийн шинээр нээгдэж байгаа хоёр орд гээд тэр олон лиценз байгаа. Мэдээж гадныхантай хямдхан яриад аваад ирсэн нь зөв. Энд бизнес улс төрийн бүлэглэлүүд оролцоод хууль бус шийдвэр гаргасан нь хэнд ч ойлгомжтой.

-Одоо дахиад “Эрдэнэт”-ийн 51 хувийг “Жаст групп” “Стандарт” банкинд барьцаалсан гэх их мөнгөний асуудал гараад ирлээ?

-“Стандарт” банкинд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудал байхгүй. Тэр бол “Стандарт” банк, “Жаст групп”-ийн хоорондын асуудал. “Жаст групп” “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг ашигласан уу, үгүй юу. “Эрдэнэт” тодорхой хөрөнгө дээр баталгаа гаргасан уу гэдэг бол шүүхийн асуудал.

-Үнэхээр “Эрдэнэт” үйлдвэр батлан даачихсан байвал яах вэ?

-“Эрдэнэт” баталгаа гаргаж өгсөн бол үүргээ хүлээж өгөх ёстой. Энэ үйлдвэрийг тухайн үед хариуцаж байсан удирдлагууд, ТӨХ-ны дарга зэрэг хүмүүс тийм асуудал байхгүй гэж хатуу хэлж байгаа. Үүнийг олон улсын шинжээчид үзэж хараад тодорхой болно. “Жаст групп”, “Стандарт” банк хоорондын хэлэлцээ бол тэдний л асуудал. Тэр нь гуравдагч этгээд “Эрдэнэт”-ийг оруулах уу, үгүй юу гэдэгт одоогоор тодорхой мэдээлэл алга. Бидэнд өгч байгаа мэдээллээр бол “Эрдэнэт” үүрэг хүлээгээгүй. Батлан даалт болсон гээд байгаа гарын үсэг нь хуурамч, шүүхээр явж байгаа юм билээ. Миний ойлгож байгаагаар “Эрдэнэт”-ийн 51 хувь дээр ямар нэгэн хөдөлгөөн байхгүй. Хэрэв муугаар бодоод баталгаа гаргачихсан байвал тэр үеийн шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцох, “Эрдэнэт”-ээс зарим мөнгийг төлөх асуудал үүснэ. Энд нэг зүйлийг онцлоход “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлын анхаарлыг өөр тийш нь хандуулах компанит ажил 51 хувиар гарч ирлээ. АН-ын дарга тэргүүтэй хүмүүс толгойлоод зохион байгуулж байна. Энэ нь эргээд “Эрдэнэт”-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх вий дээ.

-Энэ Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг шийдвэрлэлээ. Одоогоор ТЭЗҮ нь бэлэн болоогүй байгаа энэ ажил улс төрийн ээлжит шоу болоод өнгөрч болзошгүй гэсэн болгоомжийг судлаачид хэлж байна. Энэ чиглэлийн мэргэжлийн хүний хувьд та ямар байр суурьтай байна?

-Удахгүй Засгийн газраас нарийн мэдээлэл өгөх байлгүй дээ. Монгол Улсад газрын тосны үйлдвэр байгуулах асуудал бодитойгоор явж байна. Гадаадын хэд хэдэн компанитай зөвлөх үйлчилгээний гэрээ хийж, ТЭЗҮ нь дуусах шатандаа явж байгаа. Монголынхоо газрын тосон дээр түшиглэсэн үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж үздэг. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засагт чухал ач холбогдолтой. Үйлдвэржилтийг эхлүүлэх гарааны хамгийн том төсөл болох ёстой. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жил бүх нам, улстөрчид сонгууль болохоор газрын тосны үйлдвэр байгуулна гэж дандаа худлаа ярьдаг. Эхэн үедээ гадаадаас түүхий эд авчирч Монголд нэрнэ гэдэг байсан. Энэ боломжгүй юм.

Дотоодын эх үүсвэр дээрээ түшиглэж газрын тосны үйлдвэр байгуулах боломж үнэндээ өнөөдөр л нээгдэж байна. Яагаад вэ гэхээр хамгийн багадаа нэг сая түүхий газрын тос нэрэх үйлдвэр байгуулснаар эдийн засгийн хувьд үйлдвэр үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Манай улс сүүлийн жилүүдэд нэг сая тн газрын тос олборлож эхэлж байгаа. 2020 оны хавьцаа 1.5 сая тн-ыг олборлоно. Тиймээс тэр үед авах түүхий эдийнхээ боломжоо угтуулаад ийм хэмжээний газрын тос нэрэх ТЭЗҮ хийгдэж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Газрын тосны үйлдвэр байгуулахын тулд үндсэн хэрэглээний бүсэд газрын тосыг бүтээгдэхүүн хэлбэрээр юм уу түүхий тос хэлбэрээр авчрах хэрэгтэй. Энэ нь хамгийн гол зардал. Тиймээс Дорнодоос төвийн бүс рүүгээ хоолой татна гэж байгаа юм билээ. Эхний бүтээн байгуулалтын зардал их гарах ч шийдлийн хувьд зөв юм. Газрын тосны үйлдвэр ганцхан байшин бариад босчихдоггүй. Нефть, химийн үндсэн цогцолбор баригдана. Том төслүүдээ эхнээс нь бодитоор нь тооцож, зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Санаатай болон санамсаргүйгээр гадаад, дотоодынхон өөрсдийн ашиг сонирхлоо оруулж төслийг зогсоож, гацаадаг жишиг бий. Тэрийг дагаж нийгэм шуугидаг. Эцсийн дүндээ Монгол Улс хөгжихгүй байгаа юм.

-Нефтийн үйлдвэр баригдаагүй өдий хүрсэнд хоёр хөршийн бодлого нөлөөлсөн үү?

-Үйлдвэр худалдааны дэд сайд байхдаа Дарханы газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах санаачилгыг гаргаж байсан. Казахстан, Кувейтээс нэг, нэг сая тн газрын тосыг Монгол Улсад түгээхээр экспортлох асуудлыг хөөцөлдөж, тухайн үед манай яамныхан шийдүүлж байсан. Гэхдээ манай улсын байршил, өнөөгийн нөхцөл байдал хоёр хөршийгөө давж түүхий нефть гаднаас оруулж ирэх эсвэл тэднээс импортолж боловсруулах боломжгүй. Тиймээс эцэст нь бидэнд өөрийн эх үүсвэр дээрээ түшиглэсэн газрын тосны бүтээгдэхүүн гаргах, нефтийн бүтээгдэхүүнийхээ хэрэглээг хангах шардлага тулсан.

-Манай эх үүсвэр газрын тос боловсруулах үйлдвэрийг тасралтгүй явуулахад хүрэлцэх үү?

-Гурван эх үүсвэр байж болно. Жишээлбэл, нүүрс байна. Гэтэл нүүрс бол барель нефть 60 тн-оос доош орвол эдийн засгийн хувьд хасах. Нүүрснээс нефть гаргаж авах асуудлаар Монголд хэд хэдэн компани гадны өндөр технологи оруулж ирээд эцсийн шийд гаргаж чадахгүй, судалгааны шатандаа явна. Нефтийн хоёр дахь эх үүсвэр бол занар байна. Занарын нөөц Монгол орны байгалийн эмзэг давхаргатай давхцдаг. Тиймээс занарыг Монголд ашиглахын хувьд технологийн зөв сонголт хийхгүй бол эдийн засгийн гэхээсээ илүү экологийн хохирол ихтэй. Гурав дахь эх үүсвэр нь өөрийн нефтьтэй болох. Одоогоор бид 20 гаруй талбайд хайгуул хийж байгаа боловч гуравхан талбайгаас газрын тос олборлож байна. Үүний хоёр талбайгаас үйлд-вэрлэлийн зориулалтын газрын тос олборлоод гурав, дөрөвхөн жил болж байна. Одоо л газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хэмжээнд яригдаж байгаа юм. 2000 оны дундуур яригдаж байсан зөөврийн жижиг үйлдвэрүүд эдийн засгийн хувьд алдагдалтай. Байгаль экологийн хувьд стандартын шаардлага хангахгүй бү-тээгдэхүүн гаргадгаараа онцлогтой.


Categories
мэдээ цаг-үе

Тээр жилийн Цагаан сар

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджавын дурсамжийг “Миний үзсэн Цагаан сар” буландаа нийтэлж байна

Нэлийсэн их цастай, тачигнасан хүйтэн өвлийг манай сургуулийнхан зутраад арайхийж өнгөрөөлөө. Жижиг шилэн савтай хөх бэх дорхноо хөлдчихнө, түүнийгээ гарынхаа алганд өнхчүүлж, үлээж байж гэсгээнэ. Тэр үед хичээнгүй бичгээр гоёор бичиж болдог уян налархай “11-тийн үзэг, түргэн гулгуулж бичиж болдог “хумбан цагаан” гэх үзэг байсан. “11-тийн үзгэнд зэс утсыг ороож суулгавал бэх тасраад байдаггүй удаан бичүүлдгийг миний үеийнхэн мэдэх байх. Түүн дээр манай нутагт алтлаг ялтсыг хаанаасаа хэн нь олсон юм мэдэхгүй, түүнийгээ савтай бэхэнд хийхээр алтарч харагдаад гайхалтай болдогсон. Бодвол, Багшийн сургуулийн л мундаг багш байсан байлгүй дээ, Цэвэгжав гэдэг хүний “Хичээнгүй бичиг” гэсэн ташуу шугамын дагуу гайхалтай бичсэнийг дууриалгаж байгаад сургуулийнхаа гоё бичгийн аварга гэсэн хатуу цаасан дээр гараар бичсэн хөөрхөн үнэмлэхтэй болж билээ. Миний хамгийн анхны шагнал нь энэ. Гоё сайхан бичдэг гээд захирал надаар “Сургуулийн дотоод дүрэм” гэгчийг бичүүлэхэд, нөгөөх алтлаг өнгийн бэхэн үзгээр бичлээ. Багш нараас магтаал сонслоо. Түүнийгээ харах тусам “Үүнийг би бичсэн юм шүү дээ” гэж сэмхэн гайхуулна. Гэвч хэдхэн хоногийн дараа сургууль дээр ирээд нөгөөхөө хартал тэр чигээрээ бэх нь доошоо нүүж урсаад, хүн харахын аргагүй юм болжээ. Усаар тургичихгүй юу. Ингэж би “атаархал” гэгч аюултай юм байдгийг сүрхий мэдэж авлаа.

Захирал багш хүүхэд болгоныг байцааж “Хэн ингэж сургуулийг дайсагнасан бэ” гэж шалгааж, байцааж, зарим сахилгагүйг ангид хонуулна гэж сүрдүүлж байсан ч эзнийг олсонгүй. Тэр үеийн айхтар шийтгэл бол “Ангид хонуулах” явдал байсан юм. Хичээл номоо давтдаггүй, сахилгагүйтсэн хүүхдийг шөнөөр хоосон харанхуй ангид ганцааранг хонуулна, давсаг султай нь шээчихсэн байх, мөн бүдүүлэг арга байгаа биз. Сандал өргөж зогсоох, анги хэсүүлж, бусдын өмнө нүүр улайлгаж баалах, нэг хөлөө өргөж салхи өөд харуулж зогсоох зэрэг нь энүүхэндээ. Ер нь тэр үеийн багш нар дүндээ ч хатуу, шийтгэлдээ ч хатуу байжээ. Бас сахилгатай байж дээ, цонхыг нь хагалаад гараад явчихдаггүй, өглөө ирэхэд нөгөөх нь толгойгоо илээд, инээх, ярвайхын хооронд “Айж хонолоо, муухай юмаа… одоо би дахиад хэзээ ч сахилгагүйтэхгүй” гэсэн ам тангараг тавина. Түрүүчийн миний бичсэнийг хэн ингэж сүйтгэснийг дотроо олчихсон мөртлөө ам алдалгүй өнгөрсөн. Надаар түүнийгээ дахин бичүүлэхэд хэзээ хойно хэвээрээ харагддаг, хэн ч зүрхэлж “дайсагнаагүй”, би ч өөрийгөө гайхуулахаа больсон юм. Төдхөн аймгийн төвд дунд сургуульд ороод, хурдан бичих шаардлага тулгараад, юун нөгөөх мундаг “элементээр” бичдэг хөг өнгөрч, мундаг бичигчийн сураг тасарсансан.

Энэ яриад байгаа юмс бол алс тэртээх 1963 он л доо. Манай сум өвс ч тогтохын аргагүй саруул дэнж дээр байдаг, одоо ч тэндээ. Хоёр жилийн өмнөх айхтар зуднаар нийгмийн мал сүргийг хамгаалж, амь эрсэдсэн хүнийг алдаршуулсан хөшөө сумын хойхно харагдана. Хөшөө гэдэг юмыг анх үзэж байгаа нь тэр. Битүү цас айлуудын гэр дээврээ хүртэл дарснаас болоод бусдаар өргүүлэн тооноор гарч онгойлгож байсан цаг. Жил жилийн хавар эхлээд сумын хойд саруул дэнж дэвсэг, хөшөөтийн хөндийгөөр нэг л өдөр нүүгээд ирэх шиг санагддагсан.Суугантын энэ л нэлгэр талаар хаврын зэрэглээ мяралзан, таана, хүмэлийн үнэр хамар сэтлэх шахахад л сая ужиг урт өвлийн ард гарч, зуны амралт дөхөж, гэртээ харьж, хамгаас хайртай ижийдээ очих цаг боллоо гэж догдолдогсон.

Мижээ захирлын оронд нь “шаазан” хэмээх Гомбожав гэдэг өндөр шар хүн ирлээ. Яагаад “шаазан” гэж хочилсныг ерөөсөө мэдэхгүй, одоо ч тааварлахгүй байна. Олон үггүй, сүйд болтол загнадаггүй, бидэнтэй тоож ч ярьдаггүй тийм л нэг тийм гэхийн аргагүй хүн байсан. Тэднийх манай дотуур байрны гэртэй бараг залгаа байсан, яндангаар нь галын оч харваж байхыг хараад “Мөн ч дулаахан сайхан байгаа даа, ороод дулаацах юмсан“ гэж бодно. Нэг гоё юм бол авгай нь гэх залуувтар хүүхэн дөнгөж тосноос нь гаргасан цагаан түмпэн дүүрэн боорцог гэрийнхээ гадаа гаргаж тавина. Хөргөж байгаа юмуу, мэдэхгүй…Пөөнийсэн үстэй дээлтэй, хүзүү нь булигаар шир шиг болсон бид яг л элээ шиг шурдхийн шүүрнэ. Ёроолд нь нэг ч боорцог үлдэхгүй. “Яахнав” гэж бид хаалганы тотгоор харахад, нөгөөх хүүхэн гарч ирснээ хоосон түмпэнгээ барин машид гайхшран тэнгэр өөд харах нь шувуу шүүрчихэв үү гэж таамаглаж байгаа бололтой. Говийн бүүдгэр тэнгэрт бор болжмор л байна уу гэхээс юуныхан нь элээ, тас байхав. Дараагаар нь салхинд хийсчихэв үү гэж байгаа бололтой салхины уруу харж хэсэг зогсоно. Тэгснээ мэл гайхаж, толгой сэгсрээд гэртээ орно. Сайндаа л дөрөвдүгээр ангийн нөгөө муу нусгайчуул бас сүрхий үгтэй, бага хүүхдийг басаж болдоггүй юм билээ. Тэд подгор, сүрхий үгтэй, хэзээний аавын цээж болсон нь ч байсан. Зарим нь хөдөө хээр чөтгөр шулмастай таарч явсан гэж жигтэйхэн үнэмшилтэйгээр худал зална.“Цаг цагаар нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг, шавхаруу, шавхаруу идээд ч цаддаггүй “шаазан” Гомбожавын боорцогоор нэг цаддаг” гэсэн үг гаргаадах нь. Хоёр удаа биднийг сайн гэгч нь цатгаад тэр эмэгтэй хашираад дахиж, гэрийн гадаа боорцогоо тавихаа больсон билээ.

Бид цагаан сар, хаврын амралт хоёрыг л тэсч ядан хүлээнэ. Би чихрийн цаас, захидлын дугтуй, марк учиргүй ихийг цуглуулдаг, түүн дотор “Амралт” гэдэг зөөлөн амтлаг чихрийн цаасыг тусгайд нь хадгалж, түүнийг харангуут сэтгэл хөдлөөд, бараг нулимс унагах шахдагсан. Цагаан сараар сумын улаан буланд том идээ засаж, ахмадуудтай золгох нь жил бүрийн уламжлал болчихоод байсан. Энэ үеэр дотуур байрны хөвгүүд бид, ёстой зээрийн үнэр авсан чоно шиг болцгооно. Сумын дарга ерөөл хэлээд хэдэн үеэр зассан хэвийн боовтой идээгээ бариад олны дундуур явахад, үүнийг отож байсан арай сэргэлэн нь тавгийн идээг малгайгаараа цохиж унагаана. Тэгэнгүүт шалаар нэг энд тэнд тарж унасан боов, чихрийг тэр дор нь өвөртөлж аваад арилж өгцгөөнө. Одоо ч гэсэн миний нүдэнд хов хоосон болчихсон цагаан түмпэн гартаа бариад “мондинууд” гээд чинэртлээ уурласан хэрнээ яаж ч чадалгүй үлдсэн сумын даргын хүрэлгэр царай харагдсаар байна.

Нэгэн удаагийн цагаан сарын өмнөхөн өвлийн амралт яг таарч эцэг эхчүүд хүүхдүүдээ эрт авч, Лууяа ах бид байрандаа хоёулхнаа үлдэв. Манайх Яшил уулын олон сархиагтай, хад асгатай, нөмөр нөөлөгтэй дулаан газар өвөлжиж байсан юм. Тэсч чадсангүй ээ, хоёулаа гэр рүүгээ оргоё. Аав эзгүй байгаа хэрэг. Байсан бол аль хэдийнэ морь хөтлөөд ирнэ. Золиг минь чи битгий нойрмоглож, үүрэглээд байгаарай, үүрийн харанхуйгаар босно шүү. Эхлээд шууд илээр цагаан газраар явахгүй, баруун хар овооны цаад хадаар тойрч, дараа нь сумын төв харагдахааргүй болохоор замаа товчилно. Их алхана шүү, араас багш нар ирж магадгүй. Хурдан алхана, гүйх газраа гүйнэ. Шуурга болбол аюултай, хамаг байдгаараа хувцаслаарай, аавын жолооч малгайг чамд өмсгөнө, би яахав, надад ороолт байхад болоо” гэж хэлэв. Уг нь хамгаас зөөлөн ах маань яггүй сүржин болчихож. Орголоо. Хэн ч сэжиг авсангүй. Харин толгойд тэр үед элэгдтэлээ гарч, бараг арваад удаа үзсэн “Түмний нэг” киноны хоёр хүүхэд оргож, Чимэд багш хойноос нь савхин гуталтай яваад цасан шуурганд хөлдөж үхэх шахдаг хэсэг толгойд орж ирж байв. Ах намайг хол хаячихаад алхаад байна, би гүйцдэггүй ээ. Намайг ойртонгуут цаашаа алхана. Би “Хог минь хүлээгээч, гутал багадаад хөл холгоод явж болохгүй байна” гэж уурлан хашгирна. Ах “Чихгүй толгой шиг” тоохгүй. Чулуу шидэж үзлээ. Нэг гайгүй ойртоод, “Цас тааралдвал араараа эргэж хараад, мөрөө баллаарай” гэчихээд улмаа хурдлан алхана. Нар жаргахаас арай өмнөхөн гэрийнхээ барааг холоос хараад түүн шиг баярласан нь үгүй. Ээж минь “Хоёр хүүгээ алах шахлаа. Хаврын тэнгэр хартай. Цас орж, шуурга шуурсан бол сүйд болох нь байж шүү дээ. Аав чинь та хоёрт морь барих гээд хэдэн адууныхаа хойноос явсан” гэж дуу алдан хөл алдан уулзалдлаа. “Дүүдээ ширүүн хандаж, хөлийг нь сүйд хийх шахаж” гэж ахыг зэмлэв. Би ч холгосон хөлөөрөө ялархаж, хэд хоног хонь малд явалгүй жаргав. Цагаан сарын боов хэвлэнэ, хийнэ гэдэг бол хамгийн хэцүү ажил…хар өглөөгүүр Бага ижий маань гурил зуурч биднээр нухуулав. Бүх юм санаанд нь таарч тохирдоггүй ижийн минь төрсөн дүү бага ижий “Энэ гурил чинь хүв хүйтэн байна, цэврүү үсэрсэн байна. Болоогүй байна. дахиад сайн нух” гээд өдөржин нухуулна. Нухаж нухаж бага ижийн гарт өгөхөд хутгаар нэг зүсэж үзэхэд л үнэхээр нүх сүв харагдана. Угийн өрөвч зөөлөн ээж минь “Оргож босоод арайхийж ирж байхад хүүг минь зовоолоо, одоо болноо. Ямар Гандангийн боов хийх гэж байгаа биш, ямар урьдны муу Тасран гуай биш дээ” гэх. Суганыхаа булчирхайгаа цуцтал нухлаа. Зуухныхаа аман дээр аргал зэрэглэж, ижийн минь царай гэрэлтэж, гал хөсийг нь гайхалтай тааруулж, хэвийн боовоо хайчаараа ганц нэгээр эргүүлэн гаргаж байгаа тос даасан царай, тэр гоё зураг миний тархины бор давхраанд үлджээ. “Боов сайхан боллоо, сайхан жил гарах нь ээ. Өглөө эрт мориороо мөрөө гаргацгаана. Улс амьтан эрт ирэх байх” гэж аав маань нэрмэлдээ царай нь ягаарч туяараад бүр сайхан зан нь хөдөлчихөж. Тэр үед хөдөөгүүр “радиожаагүй” болохоор цагаан сарын бөх сонсоно гэсэн юм байхгүй байв. Ер нь ч цагаан сарын бөхийн барилдааныг нэлээд хойхноос нэвтрүүлж эхэлсэн байх.

Битүүний шөнө гэрээс гарахад дулаахан чулуун хороонд хонь налайтал хэвтэж, хивэх нь хивж, босох нь босож, бяруу шиг эр ямаа гэмгүй хонийг мөргөн босгож, дулаан хэвтрийг булааж, өөрөө орж хэвтээд цаанаа л налгар тайван харагдана. Уг нь битүүлгийн бууз айлдаа аваачиж өгдөгсөн. Энэ жил айл байхгүй нь гунигтай санагдав. Манай ангид шилжиж ирсэн тэр үед бараг байгаагүй улаан, цэнхэр туузтай цовоо хөөрхөн Цэнгэлсүрэн манайхтай айл байвал гоёо. Тэгвэл шөнө орой болтол бөгзөг нясалж, морь уралдуулна даа ” гэж томоор бодож байж билээ. Үнэхээр маниусыг бодвол, суурин газрын дэгжин тэр охин дуулж, бүжиглэнэ, багштайгаа нууцаар ард алчуур хаяж тоглоход, туулайн бүжин шиг гүйж яваа нь онцгойсон. Үнэхээр ч тэр маань багаасаа авьяас нь тодорч, хожмоо хилийн цэргийн ансамблийн гоцлон бүжиглээч болсон билээ.

Дотуур байрнаасаа оргож, босож анх удаа эрийн шийр зааж очсон тээр жараад оны шинийн нэгэн, цагаан сар нэг л тогтуун, налгар тайван сэтгэлээс гарахааргүй болжээ. Хөлөрч цантсан, тогтож ядсан морьтой, үнэгэн лоовууз малгайтай шинэлээчид хаа сайгүй давхилдаж, их л хөл хөс болж би ч даган баясаж хөөрөлдөж байлаа. Өөр сум, нутгийн оторчид байсан болоод тэр үү, урт урт уурга суналзуулсан, ёстой идрийн цог золбоо гялалзсан залуус байсансан. Тэр үеэр “падгар” нэртэй жижгэвтэр биетэй тэмээгээр айлаас айл руу хэсэж, бөхнөөс нь зүүсэн уутандаа дүүрэн чихэр, боовтой хөл хөөрцөг болон ирж байв. Манайхтай айл саахалт олон жил болсон Халтар гуайнд хонож өөхтэй буузандаа пологдож, авдрын нүүрэн дээр нь толбо үлдээхэд, гэрийн эзэгтэй Цэсэм гуай “Хүүгийнээ үүнийг арчихгүй ээ, хүүхдийн заяа буян их…ийм заяа буяныг хэвээр нь байлгана” гээд үнэхээр арчаагүйсэн, олоон жилийн дараа цэргээс халагдаад тэднийхээр ороход тэр толбо хэвээрээ байж билээ. Ер нь “Хуучны улсууд гэдэг хуудас дүүрэн судар” байжээ. Ер нь сургуулийн дотуур байранд хөдөө гэрээ, аав, ижийгээ санах үедээ “Унших бичгээсээ” дахин дахин уншаад бүр цээжилчихсэн:

Өвлийн шөнө

Өвөлжөөн дээр

Буурал цас

Будран ороход

Сар хүрээлж

Салхи жаварлаад

Дугираг буйртай

Дулаан гэртээ

Аагтай цайгаа

Амтлан ууна” гэсэн хөдөөгийн монгол айл гэр, адуу мал аяндаа харагдмаар, аав ээжээ голоороо санамаар мөр бадгууд зүрх сэтгэлд хадагдсан байж билээ. “Өнчин цагаан ботго”, “Цуутын цагаагч гүү” зэргийг уншаад ангиараа шахуу өөрийн эрхгүй нулимс унагаадагсан. Магадгүй өнөөдөр миний зохиолч, сэтгүүлч нэртэй явж байгаа минь тээр жараад оноос ёстой л Лодойдамба гуайн “Бурантаг” шиг бүдэрч, өнхөрч, дэгдэж явахдаа уншсан, уран зохиолын номуудын минь ач, гэрэл гэгээ юм гэдэгт баттай итгэдэг ээ.

Categories
мэдээ цаг-үе

Дэд хурандаа Б.Чулуунтамир: Зүүн Ази болон Европт манай халаасны хулгайчид зохион байгуулалтад орчихсон байна

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцлаа.


-Сүүлийн үед хулгайлах гэмт хэрэг маш их газар авсан талаар мэдээлэх боллоо. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Улсын хэмжээнд 2017 оны байдлаар 33000 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 12000 нь хулгайлах гэмт хэрэг байсан. Энэ нь нийт гэмт хэргийн 38 хувийг эзэлж байна гэсэн үг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хулгайн гэмт хэрэг 34 хувиар огцом өссөн. Сүүлийн арван жилийн судалгаанаас үзэхэд хулгайлах гэмт хэрэг буурч, өсөх ч үе байсан. Гэхдээ 5-10 хувийн өсөлттэй л гардаг байсан. Харин өнгөрсөн онд 34 хувиар өссөн нь сүүлийн 20 жилд үзэгдээгүй хамгийн өндөр үзүүлэлт юм.

-Цагдаагийн байгууллага хулгайн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байна?

-Цагдаагийн Ерөнхий газар хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх болсон. Энэ хүрээнд 14 хоногийн хугацаатай “Сэрэмжилье, нэгдье” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, олон ажил хийж, хэрэгжүүллээ. Тухайлбал, олон нийтэд нөлөөлөх шторк, ухуулга сурталчилгааны ажлыг радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулсан. Мөн нийслэл хотын хэмжээнд “Илрүүлэлт-оргодол” арга хэмжээг зэрэг зохион байгуулсан. Уг арга хэмжээгээр дамжуулж, хулгайч нарыг баривчлах, ноцтой хэргийг илрүүлсэн. Удахгүй Цагаан сарын баяр болно. Хулгайчаас урьдчилан сэргийлэхээр гудамжинд үйлдэгдэж буй хулгайчдыг барих, иргэдэд нөлөөлөх гэсэн арга хэмжээ зохион явуулж байгаа.

-15 настай хүү хулгай хийж, гурван жилийн хугацаанд 60 машин хулгайлсан гэсэн. Энэ хэргийг шалгаж байгаа юу. Өөр ямар ноцтой хэрэг байгаа юм бол?

-15 настай М олон удаагийн үйлдлээр бусдын машиныг хулгайлан, унаж, эд ангийг нь зарж борлуулдаг байсан нь илэрсэн. Тэрээр маш олон тооны түлхүүр хувилж, ашигладаг байсан нь шалгалтын явцад тогтоогдсон. Мөрдөн байцаалтын явцад бусдад 98 орчим сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Хэргийг шалгаж байгаа. Мөн 18-35 насны хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг баривчилсан. Нийт 20 гаруй хүн байсан. Ихэвчлэн гэрийн хаалга, тооныг эвдэж ордог, гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдээс хэрэгцээт зүйлүүдээ дээрэмддэг байсан юм билээ. Мөнгө болчих бүхий л зүйлийг хулгайлж, авч зардаг бөгөөд машин хулгайлдаг байсан. Олсон мөнгөөрөө архи согтууруулах ундаа хэрэглэж, дээрэм хийж, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон. Гурван жилийн турш уг этгээдүүд нь голдуу дэн буудлуудаар амьдардаг байсан юм билээ. Хулгай хийж олсон мөнгөө дэн буудал, архи, биеэ үнэлэгчдэд зориулдаг байж. Нийт хохирлын хэмжээ нь 200 гаруй сая төгрөг болчихсон. Одоо Мөрдөн байцаах албанд шалгаж байна.

-Хулгайг ямар аргаар үйлдэх тохиолдол их байна?

-Сүүлийн үед ганц нэгээрээ биш, бүлэглэж хулгайн гэмт хэрэг их үйлдэх болсон. Иргэд цахим орчинд хүртэл хувийнхаа мэдээллийг оруулахдаа болгоомжтой хандахгүй бол хулгайч нар онилох тохиолдол ч бий. Тоон мэдээллээс үзэхэд гар утас хулгайлах гэмт хэрэг их гарч байна. Халаасны хулгайн гэмт хэрэг 60 хувиар өссөн. Гар утсыг маш их алдаж байгаа. Дараа нь орон байрны хулгай, гэр хороолол болон алслагдсан дүүргүүдэд хулгай маш их. Ялангуяа монгол гэрийн хамгаалалт их муу байдаг. Хулгайч нар монгол гэр рүү их орж, үнэт зүйлийг авч байна. Үүний дараа малын хулгай их гарч байгаа.

-Гадаадын зарим оронд монголчууд их хулгай хийдэг гэдэг. Үүнээс болж зарим дүүрэг, хороолол, дэлгүүртээ оруулахаа больсон гэсэн?

-Үнэт эдлэл болон өөрийнхөө хэрэгцээт зүйлээ алдаж үзээгүй монгол хүн гэж бараг алга. Монгол хулгайч нар гадаадад гаршчихсан нь үнэн. Гадаадын зарим оронд монгол хүний үнэлэмж байхгүй болсон. Францад “Монгол хүн, нохой хоёрыг дэлгүүртээ оруулахгүй” гэсэн бичгийг тод томруунаар наачихсан байдаг гэсэн. Учир нь Францад үнэртэй усны монгол хулгайч нар гарчихсан. Зүүн Ази болон Европын орнуудад манай халаасны хулгайч нар зохион байгуулалттай болсон. Европын зарим орнууд монголчуудаас бэргэдэг болсон. Тухайлбал, Европын зарим орны брэнд дэлгүүрт орохоор хамгаалалттай, бараа нууцаар авсан тохиолдолд кодны дохиолол дуугардаг. Гэтэл монголчууд цүнхнийхээ дотор талын материалыг ханзалж, тугалган цаасаар бүрээд оёчихдог гэнэ. Үүнийг оёж өгдөг монгол эмэгтэйчүүд ч байж байдаг. Ингээд л дэлгүүрт ороод хувцас хулгайлаад цүнх рүүгээ хийгээд байхад юу ч мэдэгддэггүй. Ийм аргаар авчихсан бараагаа нааш нь боож, баглаад явуулчихдаг. Энэ нь бүр даамжирчихсан. Монголчуудыг гадаадын иргэд зодоон хийнэ, хулгай хийнэ, танхай гэх зэргээр муугаар ярьж байна. Гэмгүй хулгай хийдэггүй нэгнийгээ хэлмэгдүүлж байгаа юм. Ирээдүйд сөргөөр нөлөөлж байна. Мөн Швейцарь, Шведэд нүдний булай болж байна. Австралид гар утсаа алдахаар даатгалын компаниас нь төлж өгдөг юм билээ. Тэгсэн Австралид амьдардаг монголчууд 30 гаруй мянган гар утсаа алдсан гэж мэдүүлээд даатгалын компаниас нь мөнгө авчихсан гэсэн. Австраличууд монгол хүний гар утсыг даатгахаа больчихсон гэж байна лээ. Манайхан ганцхан өөрөө болж байвал болоо гэсэн үзлээр хандах болжээ. Нэг ёсондоо амин хувиа хичээх үзэлтэй болчихсон. Ичих нүүргүй болчихож. Санаа зовмоор. Бүр үндэстэн дамнаж, хулгай хийдэг болсон.

-Энэ төрлийн гэмт хэрэг огцом өсөх болсон шалтгаан нь юу юм бэ?

-Хоёр төрлийн шалтгаан бий. Нэгдүгээрт, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой. Хоёрдугаарт, бусад төрлийн шалтгаан байна. Тодруулбал, 2017 оны долдугаар сарын 1-нээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлснээс хойш зургаа, долоон сарын хугацаанд хулгайн гэмт хэрэг огцом өссөн. Өмнө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд гэмт хэргийн үйлдэл бүрийг бүртгэлжүүлж, дугаар авдаг байсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь өргөдөл, гомдол шалгах хугацаа 19 хоног байсан. Энэ хугацаандаа хулгайн гэмт хэргийн өргөдлийг авч, шалгаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байвал Эрүүгийн хэрэг үүсгэнэ. Бүрэлдэхүүнгүй байвал татгалздаг байсан. Харин одоо өргөдөл орж ирэхээр шууд Эрүүгийн бүртгэлтийн хэрэг үүсгэдэг болсон. Эдгээр нь бүгд тоон мэдээ болчихно. Үүнээс шалтгаалж, гэмт хэргийн статистик автоматаар өсч байгаа юм. 300 мянган төгрөгөөс доош эд зүйл хулгайлвал гэмт хэрэгт тооцохгүй. Зөрчил гаргасан гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн дагуу 7-30 хоног баривчилна. Үүнийг халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд буруу ойлгоод байгаа. Бага хэмжээний хулгай хийвэл ял шийтгэлгүй юм байна гэдэг. Энэ нь буруу. Тодруулбал, нэг этгээд 5000 төгрөгийн бал хулгайлчихвал долоон хоног баривчлана. Дахиад хулгай хийвэл мөн долоон хоног баривчлана. Харин байнгын хулгай хийж, түүнийгээ орлогынхоо эх үүсвэр болгочихсон байж болно. Зөвхөн хулгай хийж амьдардаг нь тогтоогдох юм бол Эрүүгийн хуульд зааснаар 5-12 жилийн хорих ялаар шийтгэнэ. Тэгэхээр бага хэмжээний хулгайг олон дахин хийвэл шууд 5-12 жилийн хорих ял авна. Хуулийг буруу ойлгосноос болж, хулгайн гэмт хэрэг үйлдэгч нарын үйл ажиллагаа идэвхжсэн. Иймээс хууль батлагдаж гарсны дараа, сурталчилгаа, танин мэдэх нь их чухал юм.

-Бусад шалтгааны улмаас гэдгийг тодруулахгүй юу?

-Нийгмийн суурь үзүүлэлтүүдтэй холбоотой. Ажилгүйдэл, ядуурал, архидалт, PC тоглоомын донтолт ч юм уу. Үүнээс гадна хулгайн гэмт хэргийг өөгшүүлж буй этгээдүүд бий. Энэ нь ченж, ломбард юм. Хулгайч хулгайлсан эд зүйлээ өөрөө ашиглана гэж огт байдаггүй. Заавал хэн нэгэнд зарж, мөнгө болгож амьдардаг. Нэг ёсондоо хулгайлсан эд зүйлийг худалдаж авч буй этгээдүүд гэмт хэргийг өөгшүүлж, дэлгэрүүлж, цэцэглүүлж байна гэсэн үг.

-Ченж, ломбардын ажилтнуудад ямар хариуцлага тооцох ёстой вэ?

-Цагдаагийн байгууллага 14 хоногийн өмнө зах, худалдааны төвийн удирдлагуудтай гэрээ хийсэн. Өмнө нь цагдаа нар “Tэди” , “Монител”-ийн үүдэнд буй ченж нарыг очиж хөөдөг байсан. Энэ нь үр дүнгээ өгөхгүй байв. Иймээс удирдлагуудтай нь ярьдаг болсон. Тодруулбал, “Та нар үүдэнд байгаа хулгай хийж өөрсдийгөө болгодог хүмүүсийгээ хөө, шаардлага тавь. Шаардлагад нийцэхгүй бол шууд явуул” гэсэн. Ер нь тухайн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргийг хүлээдэг. Аливаа үйлчилгээг зөв арга замаар явуулж чадахгүй бол эхний ээлжинд хуулийн дагуу торгох ёстой. Ингээд ч зогсохгүй бол тус байгууллагын үйл ажиллагааг зогсоох талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт, Нийслэлийн засаг даргад хүсэлт явуулна. Хотын төвд байрлалтай байгууллагын үйл ажиллагааг нь зогсоож, дараагийн хүмүүст шилжүүлнэ гэсэн зорилготой юм. Ийм утгатай гэрээ байгуулсан. Үүнийг “Тэди, “Монител”, “Нарантуул” худалдааны төвийн удирдлагууд руу явуулж эхэлсэн.

-Хулгайн эд зүйлийг худалдаж авч байгаа иргэд, ченж нарт хуулийн дагуу ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Заримдаа гудамжинд явж байхад хулгайн эд зүйл зарж байдаг. Иргэд тэрийг нь мэдсээр байж худалдаад авчихдаг. Иймээс хэн ч байсан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Хулгайн хэрэг хийсэн хүн баригдахаар тийм хүнд зарсан гээд л тодорхой болдог. Иргэнийг хулгайн эд зүйл худалдаж авбал 1-6 сар баривчлах ял өгнө. Ченж нар тогтмол авдаг. Эдгээрт 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Зохион байгуулалтад орвол 5-12 жил хорих ялаар шийтгэнэ. Ийм хуулийн зохицуулалттай. Үүнийг сурталчилж байж ченж нарын үйлдлийг таслан зогсооно. Хулгайн эд зүйл авдаг ломбард байна. Тэдгээр хүмүүс тогтоогдвол, цагдаагийн байгууллагаас бичиг очно. Тухайн байгууллага түрээсийнхээ гэрээг цуцалж, дараагийн зөв үйл ажиллагаа явуулах хүмүүст шилжүүлэх үүрэг хүлээнэ.

-Хулгайн гэмт хэргийг бууруулахын тулд яах ёстой юм бэ?

-Өмнө нь хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас дөрөв дөрвөн жилийн хугацаатай баталж байсан. Тухайлбал, 1997, 2002 он юм. Тухайн үед хулгайн гэмт хэрэг 60 хувь хүртэл өсч байсан. Ингээд Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдаж, нийтээрээ тэмцсний хүчинд 32 хувьтай болгож байсан. Тэгэхээр сүүлийн 15 жил огт хөтөлбөр баталсангүй. Одоо Үндэсний хөтөлбөрийг боловсруулах цаг нь болсон. Цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч хулгайтай тэмцэхгүй биш, тэмцээд л байна. Дийлдэхээ болилоо. Иргэд янз бүрийн камер байрлуулах зэргээр арга хэмжээ авсаар л байгаа юм. Гэхдээ нэгдсэн зохион байгуулалтад орж чадахгүй байна. Иймээс нэгдсэн зохион байгуулалтад оруулахын тулд үндэсний хөтөлбөрийг баталж гаргах хэрэгтэй. Мөн иргэн хүн бүр ухамсартай байх хэрэгтэй. Нийгмээрээ, нийтээрээ хүмүүс хулгайчийг жигшин зэвүүцэх ёстой. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүнийг бузар, хулгайч гэмт хэрэгтэн гэж харах ёстой. Цэцэрлэгээс хүүхэд өөр хүүхдийн тоглоомыг авч ирэхээр эцэг эхчүүд нь огт загнадаггүй. Багаас нь эхэлж, тэмцэж, шаардлага тавьж, аливаад учиртай хандах хэрэгтэй. Гэмт хэрэг үйлдсэн л бол хэргээ хүлээдэг болмоор юм. Иргэд их хэмжээний бэлэн мөнгийг болж өгвөл авч явахгүй байх нь зөв. Хүн бүрт шаардлага тавьж, дор бүрнээ хариуцлагатай, урьдчилан сэргийлж, хэвших хэрэгтэй байна.


Categories
мэдээ цаг-үе

Д.Ган-Очир: Монголын нийт өрхийн өр ДНБ-ий 34 хувьд хүрсэн. Үүнийг бууруулахгүй бол эдийн засаг өсөхгүй

Сүүлийн үеийн судалгаагаар Монголбанкнаас инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй гэсэн бодлогод иргэд судлаачид итгэлтэй байгаа аж. Харин компаниуд инфляци дөрөв орчим хувь байх таамаг дэвшүүлжээ. Энэ талаар Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очиртой ярилцлаа.


-Иргэд аж ахуйн нэгжүүд инфляцийг тогтвортой байна гэж судалгаанд хариулсан байна. Судалгааны үр дүнг юунд ашигладаг вэ?

-Монголбанкнаас зөвхөн инфляци биш, валютын ханш, эдийн засгийн идэвхжил, өсөлт, цалингийн орлого, зээлийн хүү гэх мэт асуудлаар байнга судалгаа хийдэг. Судалгаагаар иргэд, компаниуд, судлаачид ямар бодолтой байгааг танддаг. Судалгааны дүнг ашиглаад ирээдүйн эдийн засгийн төлөвийг тодорхойлдог юм.

-Судалгааг ямар хүрээнд явуулсан бэ?

-100 гаруй аж ахуйн нэгж, 2000 иргэдийн дунд явуулсан.

Монголбанк Засгийн газраас хараат бус болсон гэсэн мэдээ яваад байна.

Монголбанк Засгийн газраас хараат байсны муу талыг эхлээд ярья. Өнгөрсөн жилүүдэд хэрэгжсэн Монголбанкны бодлого нь цөөн хүний эрх мэдлээ ашиглан хэрэгжүүлсэн бодлого байсан. ОУВС-тай хийсэн гэрээнд ч энэ байдлыг хууль эрх зүйн хүрээнд өөрчлөхөөр тусгагдсан. Тийм учраас аливаа бодлого хэрэгжүүлэхдээ ганц хүн биш, хамтын шийдвэр гарах механизмтай болсон. Энэ нь тодорхой хэмжээгээр банкны бие даасан байдлыг дээшлүүлж байгаа юм.

-Өмнөх бодлогын алдааг тодорхой хэлж болох уу?

-Банкнаас хэрэгжүүлсэн бодлого нь Монголбанкны гэхээсээ илүү Засгийн газрын хийх ажил байсан. Жишээлбэл, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газар хийх ёстой. Гэтэл Монголбанк Засгийн газар хамтраад хэрэгжүүлсэн байгаа юм.

-Юу нь буруу байна?

-Засгийн газар бонд гаргах замаар хэрэгжүүлэх ёстой. Гэтэл өнөөгийн зарим эдийн засагчид яриад байгаа Монголбанк мөнгө хэвлэх замаар санхүүжүүлсэн. Монголбанк Засгийн газар төсвийн хүрээнд хийх ёстой ажлыг Монголбанк арилжааны банкуудад мөнгө тараах замаар санхүүжүүлсэн. Энэ нь хувь хүн гэхээсээ илүү Монголбанк нь Засгийн газрын өмнөөс “үгүй” гэж хэлж чадахгүй байсантай холбоотой. Тийм учраас ОУВС энэ тогтолцоогоо өөрчлөх шаардлага тавьсан.

-Одоо Монголбанк элдэв санхүүжилт хийх боломж хаагдсан уу?

-Өмнө нь ч тодорхой хязгаарлалт байсан. Гэхдээ одоо бүр баталгаажсан. Одоо Монголбанк юунд оролцох, оролцохгүйг хуулиар тодорхой заагаад өгчихсөн.

Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг. Гэтэл улсын төсөв өндөр алдагдалтай, бензиний үнийг Засгийн газар өсгөж, бууруулаад байхад мөнгөний бодлого хэрэгжих үү?

Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхийн тулд үндсэн суурь нөхцөлүүд байх ёстой. Өөрөөр хэлбэл мөнгө зах зээлд нийлүүлэх, буцааж татах эрхтэй байх хэрэгтэй. Гэтэл Засгийн газар олохоосоо илүү зарлага гаргачихаад төсвийн алдагдлаа нөхөхийн тулд бонд гаргаад байдаг. Бонд хүүтэй. Тийм учраас Засгийн газрын ачаалал бүр их нэмэгдээд байна шүү дээ. Тэр мөнгөө эдийн засаг руу дураараа цацчихдаг. Эндээс Монголбанкны мөнгөний бодлогын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлдөг.

-Энэ үрэлгэн бодлого зогссон уу?

-Одоогийн Сангийн сайд Засгийн газрын зардлыг шат дараалан бууруулахаа мэдэгдсэн. Үр дүнтэй арга хэмжээнүүдийг аваад эхэлсэн гэж харж байгаа.

-Гадаад өрийг бууруулах талаар ямар арга хэмээ авах вэ?

-Засгийн газрын гадаад өөрийг бууруулахгүй ноцтой байдал үүсдэг гэдэг сургамжийг бид өнгөрсөн жилүүдийн байдлаас авчихсан. 2017 онд бид дефольт зарлах эсэх дээрээ тулсан. Зарлабал хөгжил 8-10 жилээр ухарна. Тиймээс өрөө төлөхөөс өөр замгүй болсон. Гэхдээ өр төлөх хоёр зам л байгаа. Эхнийнх нь нөөцөөрөө, дараагийнх нь өрийг өрөөр. Манай нөөц өр төлөх хэмжээнд хүрэхгүй учраас эхний зам бүтэхгүй. Дараагийн өрийг өрөөр төлөх замыг сонгосон. Гэтэл дахиад хоёр асуудал тулгарсан. Нэг улсаас их хэмжээний зээл авч өрөө төлөх үү, эсвэл олон улсын санхүүгийн байгууллагуудтай харилцаад олон эх үүсвэрээс зээл авах уу гэдэг асуудал үүссэн. Олон эх үүсвэрээс зээл авах нь зөв гэдэг сонголт хийсэн.

-Цаашдаа ийм маягаар өрөө дараад явах уу?

-Гэхдээ өр хаагдаагүй. Зүгээр л түр хойшлуулсан. Удахгүй өнөөдрийн авсан зээлийг дарах асуудал гарна.

-Өрөө бууруулах өөр ямар арга байна?

-Нэгдүгээрт өрөө нэмэхгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт валютын зардлаа багасгаж, орлогоо нэмэх. Өөрөөр хэлбэл экспортоо нэмэгдүүлж, импортоо бууруулах шаардлагатай.

-Зэс, алт, нүүрсний өсөн нэмэгдэж байгаа экспорт гадаад өрийг бууруулахад нэмэр болохгүй юу?

-Өнөөдөртөө нэмэр болно. Гэхдээ үнэ байнга өсдөггүй. Нэг л өдөр унана. Энэ тохиолдолд бэлтгэлтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, экспортыг дан уул уурхайгаас бус бусад салбараар төрөлжүүлэх хэрэгтэй. Өр тавих биш хөрөнгө оруулалт татах бодлого баримтлах шаардлагатай.

-Тийм боломж бий юу?

-Одоогийн хөдлөхгүй байгаа том төслүүдээ дэлхийн зах зээлд хувьцаа гаргах хэлбэрээр хөрөнгө босгож болно. Концессын гэрээ байгуулж болно.

-Төсвийн хүрээний мэдэгдэл долларын ханшийг заачихсан байдаг. Гэтэл төсөв батлагдсанаас хойш ОУВС-тай хийсэн гэрээгээр 5.5 тэрбум доллар орж ирэхээр боллоо. Мөнгөний бодлогод нөлөөлөх үү?

-Жил бүр Оюу толгойгоос тэрбум доллар орж ирдэг. 5.5 тэрбум долларын 3.3 тэрбум нь биет хэмжээгээр орж ирнэ. Оюу толгойн доллартай нийлээд манай нийт мөнгөний нийлүүлэлтийн 50 орчим хувьтай тэнцэнэ. Том дүнгээр аваад үзвэл эдийн засагт том шок болно. Гэхдээ үүнийг зөөллөдөг аргууд Монголбанкинд бий. Харин энэ удаагийн их мөнгөний урсгалтай Монголбанк бодлогын хүүгээр тэмцэхгүй байх.

-Их долларын сургаар долларын хадгаламж буурч, төгрөгийнх нэмэгдсэн баримт байна. Хувьцааны ханшин дээр тоглох нь буруу биш. Энэ ажлыг энгийн иргэд биш, тодорхой мэдээлэлд ойрхон эрх мэдэлтэй, мөнгөтэй улсууд хийдэг гэж үнэн үү?

-Тийм байх өндөр магадлалтай. Долларын ханш өндөр үед зараад төгрөг болгоно. Долларын ханш буурахаар хямд доллар авах замаар ханшаар тоглодог үзэгдэл бий. Үүнийг спикуляци гэж нэрлэдэг. Ашиг хийх зорилгоор хямд валютыг их хэмжээгээр авч хомсдол үүсгээд, эргээд өндөр үнэтэй зарж ашиг олох арга. Хуурамч мэдээлэл тараах зэрэг үйлдэл ажиглагддаг. Гэхдээ одоо энэ бүхнийг таслан зогсоох хангалттай арга хэрэгсэл Монголбанкинд бий.

-100 шахам мянган өрх ипотекийн зээлд хамрагдсан, тэдний 55 хувь нь сая төгрөгөөс дээш цалинтай. Гэтэл гэнэт тэдний цалингийн татвар нэмэгдлээ. Зээлийн эргэн төлөлтөд нөлөөлөх үү?

-Монголбнакны байр суурийг би илэрхийлж болохгүй шүү дээ.

Судлаач, эдийн засгийн докторын хувьд хариулахгүй юу?

Тодруулж хэлэхэд 55 хувь өрхийн орлого 1.5 сая төгрөгөөс дээш байгаа юм.

Гэхдээ энэ өрхүүд өнөөгийн татварын нэмэгдэлгүй орлоготой байхдаа 15-20 жилийн гэрээ хийсэн шүү дээ.

Үр дагавар гарна. Ипотекийн гэрээний дараахь орлого нэмэгдээгүй байхад, татвар нэмэгдээд орлого буурч байгаа нь үнэн. Төлбөрийн чадвар буурна. Орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Нөгөө талаар манай улсад эдийн засгийг нийтэд хүртээмжтэй болгох арга хэмжээ авахгүй байгаа юм.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Эдийн засгийн өсөлтийг нийтэд хүртээмжтэй болгох гэдэг нь эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүртээх боломжийг хэлж байгаа юм. Ингэхийн тулд иргэн бүр эдийн засагт хувь нэмрээ оруулах ёстой. Хувь нэмрээ оруулсан бол эдийн засгаас хувиа хүртэж орлого нь нэмэгддэг тогтолцоонд шилжих хэрэгтэй.

-Санхүүгийн салбарын 95 хувь нь банкуудад ногдож байна. Энэ тохиолдолд зээл, хүү, мөнгөний ханшин дээр тоглохоос өөр гарц байна уу?

-Банкны зээлийн 54 орчим хувь нь өрхийн зээл. 46 хувь нь аж ахуй нэгжийн зээл. Нийт 15.4 их наяд төгрөгийн зээлийн 800 тэрбум нь л жижиг, дунд үйлдвэрийн зээл. Хэрэглээний зээл ихэнх нь болохоор хүү нь бас санхүүгийн салбараа дэмжээд байна. Цалин тэтгэврийн зээлийн хүү дахиад л банкуудыг дэмжинэ. Тиймээс хэрэглээний зээлээр амьдрах биш. Үйлдвэрлэл эрхэлж орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Залуучууд “АН, МАН-ын аль нэгийг дагахгүй бол бизнес хийж болохгүй байна” гэж гомддог…

-Орлого нэмэгдүүлэх хоёр зам байдаг. Эхний нь татвараар цугласан мөнгийг дахин хуваарилж эмзэг бүлгийг ядуурлаас гаргах. Хоёрдугаарт, Засгийн газар ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээ ил тод зарлах. Төмөр зам гэх мэт төслүүд байгаа. Оюу толгой жилд 200 сая долларыг өмнөд хөршид өгч байна. Цахилгаан станц барих зах зээл бэлэн байгаа биз дээ. Импортын 30 гаруй хувийг нефть эзэлж байна. Монголоос гарч байгаа хамгийн том валютын урсгал. Гэтэл манай нефтийг урд боловсруулчихаад бидэнд буцаагаад зарж байгаа байхгүй юу. Одоо бид өрийг юунд зарцуулах ёстой гэвэл тэр өрийг хангалттай дарах үйлдвэрлэлд л оруулж байж өрнөөс гарна. Тэгэхгүй бол 5-10 жилийн дараа дахиад л өрийг өрөөр дарах тухай яриад л сууж байна. Иргэддээ энэ их ажилд оролцох боломжийг олгож байж л эдийн засаг сэргэнэ.

-Хувь хүмүүс жилд гаднаас 220 сая доллар, дотоодоос 90 сая доллар гаргадаг гэсэн мэдээ байна.

-Гаднаас орж ирж байгаа 220 сая долларын дийлэнх АНУ, өмнөд Солонгост хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээс орж ирж байна. Одоогоос 10-15 жилийн өмнө Сөүлийн онгоц буусны дараа валютын ханш буурдаг байсан. Одоо банкны систем сайжирсан тул мөнгөн урсгал тогтмолжсон. Тэгээд ч эдийн засагт тийм ч их нөлөөлөхөө больсон. Гадагшаа гардаг долларын хувьд бол монголчууд гадаадад сурч, амьдрах нь нэмэгдсэн. Тэдэнд эндээс орлоготой хүмүүс явуулдаг мөнгө.

-Нийт өрхийн өр ямар хэмжээнд байгаа бол?

-Нийт өрхийн өр ДНБ-ий 34 хувьд хүрсэн. Олон улсын жишгээр энэ хэмжээг бууруулахгүй бол эдийн засгийн өсөлт гарахгүй. Инфляци өсвөл өрхүүдэд маш их дарамт ирнэ.

Х.БАТТӨГС