Categories
мэдээ нийгэм

Хуурамч мөнгөөр гүйлгээ хийхийг завджээ

хуурамч мөнгө зурган илэрцүүд

Өчигдөр шөнө буюу хоёрдугаар сарын 14-ний шөнийн 01:40 цагийн үед Баянгол дүүргийн есдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” караокед хуурамч мөнгөөр гүйлгээ хийхийг завдлаа” гэсэн мэдээллийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүн хүлээн авчээ. Мэдээллийн дагуу шалгалт хийхэд тус караокед үйлчлүүлж байсан, Сонгинохайрхан дүүргийн III хороонд оршин суух 28 настай эрэгтэй “А” нь хуурамч 20.000 төгрөгийн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсаныг холбогдуулан шалгаж байна. Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Иргэд та бүхэн болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа шалгаж үзэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Зорчигч тээврийн нэгтгэл” нийслэлийн нийтийн тээврийн шилдэг байгууллагаар шалгарлаа

Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ 2017 оны ажлаа дүгнэж “Үр дүнгийн хурал”-аа хийлээ. Үр дүнгийн хуралд Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга О.Булгаа, Г.Доржпалам нар хүрэлцэн ирж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг “Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн, байгууллагын удирдлага менежмент, материаллаг баазыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэн, үйлчилгээний соёлыг дээшлүүлж, нийслэлийн бүтээн байгуулалт, тохижилтонд хувь нэмрийг оруулсныг үнэлж Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний салбарын 2017 оны “Тэргүүний байгууллага”-аар шалгарсныг танилцуулан, захирал Г.Төмөрбаатарт өргөмжлөлийг гардууллаа.

НИХТ, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, ирэх оны төлөвлөгөөгөө танилцуулан, цаашид хийх ажлаа хамт олонтойгоо ярилцсан байна.

Баярын хурлын үеэр ажлын амжилтаараа хамт олноо тэргүүлж

Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль,

Зам тээврийн яамны шагнал Онц тээвэрчин цол тэмдэг

Нийслэлийн 2017 оны Хөдөлмөрийн аварга

Нийслэлийн Тээврийн Газрын 2017 оны Хөдөлмөрийн аварга

Зорчигч тээврийн нэгтгэлийн 2017 оны Хөдөлмөрийн аварга

Баазуудын 2017 оны аварга инженер, жолооч, засварчин

Үйлдвэрчний эвлэлийн шагнал, байгууллагын зардлаар гадаад, дотоодод аялах эрхийн бичиг шагнагдсан хүмүүстээ шагналыг нь гардууллаа. Мөн

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ1 дүгээр бааз “Хөдөлмөрч” хамт олон

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ2 дугаар бааз “Бүтээлч” хамт олон

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ3 дугаар бааз “Сайн үйлстэн” хамт олноор тодорсон өргөмжлөлийг гардуулав.

Хурлын төгсгөлд ЗТН-ийн захирал Г.Төмөрбаатар хамт олондоо Сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөн, өнгөрсөн оны амжилтаа бататган, шинэ ондоо ажлаа улам эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Идэрийн голд мэндэлсэн Чин бишрэлт гавж Н.Эрдэнэпэл

Хуучин Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Чин бишрэлт гавж Найдангийн Эрдэнэпэлийн (1887-1965) мэндэлсний 130 жилийн ой энэ жил тохиож байна. Н.Эрдэнэпэл нь 1887 онд Идэрийн голд төрсөн, бага наснаасаа Тариатын хүрээнд шавилж байгаад 19 настай Гандан хүрээнд ирж, Сангай аймагт суун Дашчоймбэл дацанд цанид, чойрын гүн ухааныг судалсаар 1933 онд гавжийн дамжаа барьжээ. Дашчоймбэл дацан бол цанид, чойрын гүн ухааны сургалтаар алдартай байсан.

Тэрээр Гандан хүрээнд шашны захиргааны тэргүүлэгч, Богдын ордонд төвд үсгийн бичээч, Судар бичгийн хүрээлэнгийн Номын санд ази зүгийн хэлний ном хадгалагч, “Лам нарын сэтгүүл”-ийн эрхлэгч, Шинжлэх ухааны хүрээлэнгийн харьяа Түүхийн музейн тайлбарлагч зэрэг албыг хашиж байжээ.

Түүхч эрдэмтэн С.Пүрэвжав нэгэн сэдэвт хамтын бүтээлдээ “1925 оноос Их хүрээний дорд лам нар дээд лам нарын эрх, ямбыг хязгаарлан багасгаж, сүм хийдийн орлогыг дорд лам нарт шударга тэгшээр хуваарилахын хамт жирийн лам нарыг гэгээрүүлэх, тус хүрээний засаг захиргааг ардчилан, түүний эрх баригчдын бүрэлдэхүүнд дорд лам нарын төлөөлөгчдийг оролцуулах зэрэг шаардлагыг ардын засгийн газарт тавих болсон байна. Их хүрээний дорд лам нарын энэхүү хөдөлгөөнийг анх санаачлан үүсгэгч нь мөн хүрээний ядуу дорд лам Гунгаагийн Чойдавга, Сангай аймгийн дорд лам Эрдэнэпэл нарын хүмүүс байжээ” хэмээн өгүүлсэн буй. Ийнхүү тэр тухайн үед төрөөс сүм хийд, лам нарын талаар баримталж байсан бодлогыг сурталчлах ажилд идэвхтэй хүчин зүтгэж байсан.

Н.Эрдэнэпэл, Т.Гомбодорж, Г.Бат-Очир, Р.Гарамсэд, М.Галаарид, Л.Лувсан, О.Дагважанцан нарын лам байсан хүмүүсийн хүсэлтээр Улсын бага хурлын 1944 оны 34 дүгээр тогтоол гарч, Улаанбаатарт Мөргөлийн дуганыг нээсэн. Төр засгаас 1937 онд сүм хийдүүдийг хааж хэлмэгдүүлэлт явуулсан алдаа завхарлаа эргэн харж засаж залруулахаар Гандан хийдийг дахин сэргээхэд гавж Н.Эрдэнэпэл хамба ламаар томилогдон 1960 он хүртэл тасралтгүй ажиллажээ.

Н.Эрдэнэпэл гавжтан Гандан хийдийг удирдаж байхдаа хөдөө орон нутгаас ном судар цуглуулж эмхлэн цэгцлэх ажлыг эхлүүлж түвд, монгол лам нарын сүнбүм зэрэг ховор нандин номтой номын санг байгуулжээ. Монголын шашин, соёлын өв болох бурхан шүтээнүүдийг цуглуулах ажилд ихээхэн идэвхитэй зүтгэж байсан. Мөн “Номын гэр” орчуулгын хэсгийг байгуулсан нь одоогийн Эрдэм соёлын хүрээлэнгийн суурь болжээ.

Бурханы шашныханы дунд Пэл хамба хэмээн авгайлагддаг тэрээр шашны, нийгмийн зүтгэлтэн төдийгүй хэд хэдэн ном бүтээл туурвисан эрдэмтэн гавж байжээ. “Эрдэнэпэл хамба 1950 онд олон амьтан амгалан жаргалантай байхыг ерөөсөн “Энх тайвны итгэл”ийг монгол хэлээр зохиож Гандан хуралд уншуулах болсон. Одоо хүртэл энэ ерөөлийг Гандантэгчэнлин хийдийн лам нар төрөлх хэлээрээ өглөө бүр залбиран уншсаар байна. Энэ ерөөл нь

“Лам дор итгэмой

Бурхан дор итгэмой

Ном дор итгэмой

Бурсан хувраг дор итгэмой

Маха мүни ба Хутагт арван зургаан их батдагч нөхөр лүгээ сэлт нөхдөд итгэмой

Дээдийн номыг тэтгэгч дөрвөн Махаранз нөхөр лүгээ сэлт нөхдөд итгэмой (Гурван удаа)

Мөргөн тахиж наминчлан баясаж дурдан өчиж бодь дор зоримой

Шударга хүмүүн бүхний эв найрамдал үүрд батдахын өлзийг оршоомуй (Гурван удаа)

Өлзий хутгийн цог бадран дэлгэрэх болтугай” гэсэн үгтэй юм.

Түүний “Монгол овогтны номын шашны нэгэн сэдэвт шалтгаан юу вэ?” гэдэг түүхийн бүтээлийг 1940-өөд оны үед Ринчен, Самбуу нар оросоор орчуулсан байна. Уг орчуулга Оросын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнд хадгалагдаж байсныг монголч эрдэмтэн А.Цендина тайлбар үйлдэж 2005 онд анх удаа хэвлүүлжээ. Харин монгол гар бичмэл эхийг нь эрдэмтэн судлаачид эрж сурагласаар байна. Энэ бүтээлийг Оросын эрдэмтэн А.С.Железняков монголын түүх, иргэншлийн судалгааны нэгэн чухал хэрэглэгдэхүүн гэж үзжээ. Мөн “Түмэнхэн сайн ноёны тухай”, “Их хүрээний хурлын хэрэг эрхлэн удирдах хамба номон хан лам нарын үе дараа” гэсэн ном бичсэн учир зарим судлаач Эрдэнэпэл гавжийг “түүхч лам” хэмээн нэрлэсэн байдаг юм.

Олон Улсын Монголч эрдэмтний анхдугаар Их хуралд зориулан Эртний Энэтхэгийн уран зохиолын гайхамшигт дурсгал “Үүлэн элч”-ийг төвд хэлнээс орчуулсныг академич Б.Ринчен 1963 онд хэвлүүлж нийтийн хүртээл болгожээ.

Н.Эрдэнэпэл гавж буддын шашин, соёлын ном судрыг орчуулж шинжлэх ухааны эргэлтэнд оруулах талаар ихэд анхаарч гадаад, дотоодын олон эрдэмтэнтэй хамтран ажиллаж байжээ. Академич Ш.Бира “Би шашны сургуулийн товчилсон дамжааг бараг дуусгасан” хэмээх ярилцлагад “Шашны дээд сургууль байгуулагдахаас өмнө Эрдэнэпэл гуайгаар Түвдийн түүх судрын талаар, монгол лам нарын бичсэн судрын талаар яриулж, нэг ёсны лекц уншуулдаг байсан. Би их юм мэдэж авсан” гэж дурсан ярьжээ.

Н.Эрдэнэпэл хамба 1956 оны 5 дугаар сарын 24-нд Бурхан багшийн 2500 жилийн ойг Гандан хийдэд тэмдэглэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан нь манай орны сүсэгтэн олны санаа сэтгэлд нийцэж байжээ. Мөн Дели хотноо зохион байгуулсан тус ойн арга хэмжээнд уригдсан боловч өөрийн эрүүл мэндийн байдлаас очих боломжгүй байсан учир манай улсаас Гандантэгчэнлин хийдийн их гэсгүй Т.Гомбодоо, орчуулагчаар эрдэмтэн Ш.Лувсанвандан нарын төлөөлөгчид оролцсон нь хоёр орны харилцааг өргөтгөхөд чухал алхам болсон төдийгүй улс орноо гадаадад таниулан сурталчлахад томоохон арга хэмжээ болжээ.

Баримтаас үзэхэд 1956-1957 онд Америк, Англи, Франц, Энэтхэг, Бирм, Индонез зэрэг орноос энх тайван, олон нийтийн зарим зүтгэлтэн, сурвалжлагч, сэтгүүлч зэрэг гадаадын 800 гаруй хүн хийдийн амьдрал байдалтай танилцан талархал илэрхийлж байсан бөгөөд гадаадын зарим орны сонин хэвлэлд монголын буддын шашны сүм дугана, лам нарыг зураг бүхий өгүүлэл ихээхэн хэвлэн нийтэлдэг болсон байна. Тухайлбал, Энэтхэгийн нэрт монголч эрдэмтэн Рагу Вирагийн хүү Локеш Чандра 1957 онд Улаанбаатарт анх ирээд “Гандан хийд нь өвөрмөц сайхан номын сантай. Өглөө бүр залуу хуврага улаан өнгийн орхимжоо өмсөж, мунхагийн нойрноос сэрэхийг бэлгэдэж лавай үлээнэ. Гандан хийд коммунист дэглэмийг даван туулсан… Энэ ариун дагшин газрын бидэнд үлдээсэн сэтгэгдэл үгээр илэрхийлэгдэшгүй гүн байлаа. Энд буй бүх зүйл адислагдсан байдаг болохоор бурханд шүтлэггүй хүний ч бишрэн шүтэх сэтгэлийг нь төрүүлнэ” гэж дурссан байдаг.

Н.Эрдэнэпэл гавжтан хамба ламаар ажиллаж байхдаа хийдийн хурал номын ажлыг жигдрүүлэх, санхүүгийн талаар бэхжүүлэх, буддын шашны ном судрыг орчуулж шинжлэх ухааны эргэлтэнд оруулах, нийгэмдээ үйлчлэх, буддын шашнаар дамжуулж энх тайвны үзлийг дэлгэрүүлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэх зэрэгт сэтгэл, оюунаа чилээн удирдан чиглүүлж байжээ.

Боржигин М.Золзаяа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүмүүс дурлалыг хайртай андуурдаг

Өнөөдөр гэгээн хайрын буюу Валентины баярын өдөр. Барууны орнуудад олон жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн энэ өдрийг монголчууд сүүлийн үед тэмдэглэдэг болоод байгаа билээ. Уг баярыг хайртай, дурлалт хосуудын баярын өдөр гэдэг утгаар нь манайхан илүүтэй хүлээж авдаг. Тийм ч болохоор Хосуудын баяр гэх нь бий. Гэтэл хосууд нь дотроо хоёр янз байгаа юм. Бие биедээ хүчтэй татагдсан буюу дурлалцсан нөгөөх нь чин зүрхнээсээ хайртай хосууд гэж хоёр ангилж болохоор.

Орчин үед манайхан хайр, дурлал хоёрыг андуураад байдаг. Нэг их сайхан хүүхэн, залууг хараад хүчтэй татагдсаныгаа хайртай болчихсон гэж яаран дүгнээд хариу ямар үйлдэл үзүүлэхийг нь урьдчилан таамаглахгүйгээр араас нь гүйж, фэйсбүүк, мессенжер, гар утасных нь дугаарыг нь олж аваад “эргүүлэх” гэж уйгагүй үздэг. Ингэж хүчтэй тэмүүлснийхээ хариуд дорвитой хариу авах нь бараг үгүй. Ингэж эхэлсэн дурлал ихэвчлэн эхний үедээ нам унтардаг. Гэнэтийн энэ их бүтэлгүйтлийг хүчтэй хүлээж авч, сэтгэл зүйгээ гэмтээсэн хүмүүст дахин эсрэг хүйстэнээ хайрлахгүй байх, үзэн ядах, өөрийгөө голох, гадаад төрхөө өөрчлөх хүсэл төрж зарим нь гоо сайхны мэс засал хийлгэх талаар ч эрэгцүүлж эхэлнэ. Нэг хүн дээр хэт төвлөрч, тэр хүнээ Ариун бурхан, Гэгээн дарь эх, Лусын гүнж, Үлгэрийн ханхүү мэтээр хэд дахин давуулан төсөөлсөн нь бодит байдал дээр энгийн л нэгэн, өөрийг нь тоохгүй ширэв татаад өнгөрөх зэвүүн этгээд байсныг хараад сэтгэлийн шоконд ордог. Гэнэтийн энэ цохилт сэтгэлзүйг нь гэмтээж улмаар зүрх нь өвдөж, заримынх нь дархлаа суларч ханиад хүрч халуурдаг. Эрчүүл архи уух, мансуурах зэргээр тулгарсан бэрхшээлээ даван туулах гэдэг бол эмэгтэйчүүд найз нөхөдтэйгээ нийлж тэр хүнийхээ талаар сайн муу бүхнийг нь уудалж ганц хоёр шил шар айраг ууж, өнөөх дурласан хүнийхээ гар утас руу доромжилсон, гомдоллосон мэссэж бичиж санаагаа амраадаг. Энэ мэт үйлдэл хоёр хүйстэнд хоёуланд нь илэрдэг бөгөөд энэ нь даамжирч, сэтгэлзүйн стресс нь улам хүндэрвэл амиа хорлох талаар бодож эхэлдэг. Амиа хорлолтын шалтгааны нэлээд хувийг бүтэлгүй дурлал эзэлдэг. Ийм зүйл амьдрал дээр их тохиолддог учир ялангуяа эцэг эхчүүд үр хүүхэд, өсвөр насны охин, хөвгүүндээ “Юуны чинь хайр дурлал. Биднийг байгаа дээр хичээл номоо сайн хийж сургуулиа төгсөөд ажлын захтай золгохыг бод” гэж хэлдэг. Энэ нь эцэг эхчүүдийг хайр дурлалыг ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүйдээ үглэж байгаа биш юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэд залуу халуун насандаа дурлаж, дуулж, доргиж явсаар насны хань, насны хайраа олж олон олон жилийг хамтдаа элээж яваа хүмүүс.

Солонгосын олон ангит “Анхны хайр” киноны Чан Вуд дурлаад амиа хорлосон тохиолдол гарч байсан. Хаа холын алдартай жүжигчин залууд дурлаад дурлал нь бүтэхгүй гэдгийг мэдээд сэтгэл гутралд ороод өндөр байшин дээрээс ниснэ гэдэг эрүүл хүнээс гарах үйлдэл биш. Дурлалдаа галзуурсан хүний л чадах зүйл. “Хатан хаан Си Си” кинон дээр хүртэл гардаг шүү дээ. Дурлана гэдэг харц ядуу хүмүүсийн л ажил гэх утгатай зүйл ярьдаг. Дундад зууны үед баруунд дурлалыг ядуусын өвчин гэдэг байж. Манайд ч “Ядуу хүн янаг” гэдэг үг бий. Тийм болохоор эртнээсээ хүн төрөлхтөн дурлал гэдэг сэтгэлзүйн энэ өөрчлөлтөд тийм ч таатай ханддаггүй байсан бөгөөд сэхээлэг, ухаалаг, оюунлаг хүмүүс дурлалд тэр бүр толгойгоо мэдүүлдэггүй нь амьдрал дээр нотлогддог. Харин дурласан хүнийхээ төлөө юу ч хийхээс буцаагүй, элдэв янзын үйлдэл хийж түүхэнд нэрээ бичүүлсэн хүмүүс ихэвчлэн зураач, яруу найрагч, зохиолч, дуучин, жүжигчин гэх мэт урлагийн чигийн хүмүүс байдаг шүү дээ. Тэдний уран сайхнаар төсөөлж бүтээсэн дүрүүд нь бусдын зүрх сэтгэлд амьд мэт мэдрэгдэж, тэдгээр дүрүүд шиг хүнийг л бодит амьдралаас хайгаад байдаг нь дурлалын хамгийн гол аймшиг юм.

Харин хайр бол өөр. “Эхнэрээ анх хараад л хайртай болсноо мэдсэн” гэж ярьдаг хүмүүс байдаг даа. Арван жилд нөгөө ангид сурдаг байхад нь битүүхэндээ хайрлаж, харцаараа хамгаалж явсаар сургуулиа төгсч, их дээд сургуульд орох үеэсээ л сая нэг юм дотносох төдий юм болж нийлцгээдэг түгээмэл түүхийг дунд эргэм насныхан ярьдаг. Дуртай болчихлоо, дурлачихлаа гэж хөл алдан гүйж явахгүй алсаас, зайнаас тэр хүнээ харж, хамгаалж явсаар цагийн аяст даатгаж “Цагийн юм цагтаа” гэсэн дүрэм баримтлах боломжтой нөхцөл бүрдэх үед сая нэг юм ам ангайж сэтгэлээ илчилдэг. Энэ бол ухаалаг шийдэл. Энэ мөч бол үнэхээр нандин, хэзээ ч мартагдахгүй амтыг хэн хэнд нь төрүүлдэг. Ингэж нандинаар, аажуухнаар, нууцхан эхэлсэн дурлал яван явсаар биедээ дасч нэгнийгээ алдаа, оноотой нь, сайн муутай нь хамт хайрлаад эхэлдэг. Он жил удах тусам нэгэндээ улам ээнэгшиж, нэгнийхээ төлөө өөрийнхөө сайн сайхныг золиослох тусам нь хайр нь улам ундарч өнөөх дурлал нь аль хэдийн хайр болон хувирдаг. Биедээ хайртай болчихсон тохиолдолд нэгнээ хардах, харамлах, гомдоох үгс аяндаа амнаасаа унагахаа больж аль болох нөгөө хүнээ ая тухтай байлгах, аз жаргалтай амьдруулахын төлөө үлдсэн насаа зориулахад бэлэн болдог. Энэ л хайрын мөн чанар. Хайр гэхээр зөвхөн хоёр хосын хувьд ярих асуудал биш. Эцэг эхээ үр хүүхэд нь хайрлах, эцэг эх нь үр хүүхэд, ач зээгээ хайрлах, өвөө эмээ, ахан дүүсээ хайрлах, найз нөхдөө хайрлах хайр, гэрийн тэжээмэл амьтнаа хайрлах хайр түүгээр ч барахгүй төрсөн нутаг, эх орноо хайрлах хайр гээд маш далайц ойлголт юм. Хайрын тухай ярихад хувиа хичээх гэдэг зүйл огт байхгүй болдог. Хайр нь бусдад өөрийгөө өгөхийн нэр бол дурлал нь дурласан хүнээсээ л таашаал авах гэж улайрах явцуу сэтгэл хөдлөл юм.

Тийм ч болохоор Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас дурлалыг өвчин гэж албан ёсоор бүртгэж F63.9 гэх кодоор тэмдэглэдэг болсон. Судалгааны багийнхан “F63.9” кодтой дурлал хэмээх синдромыг нэг удаад дөрвөн жилээс илүү хугацаагаар үргэлжлэх боломжгүй, хамгийн оргил үе нь нэг жил болдог гэж үзсэн байдаг. Дурласан хүнийг архичин, мөрийтэй, PC тоглоом, мансууруулах бодист донтогчидтой адил хүлээн авч сэтгэлзүйн эмчилгээ хийдэг болсон юм. ДЭМБ-ын уг судалгаагаар дурлалын синдромоор өвчилсөн хүнд дараах түгээмэл шинж тэмдгүүд илэрдэг юм байна. Бодит байдлыг хүлээж авах чадваргүй болох, зан ааш нь хувирамтгай болох, өөртөө итгэх итгэл нь илт дээшлэх, өөрийгөө өрөвдөх, нойргүйдэх, цусны даралт өөрчлөгдөх, толгой өвдөх, харшлын шинж тэмдгүүд идэвхижих, “Би түүнд хайртай. Даанч тэр намайг тоохгүй юм” гэж уйтгар гунигийн синдромтой болох.

Нэг хүнийг өдөрт дөрвөөс доошгүй цаг боддог болсон хүнийг дурласан хүн гэж үздэг аж. ДЭМБ-ын судалгаар дурлалыг нэг жил оргилоод унтардаг гэж үзсэн бол бодит амьдрал дээр дурлалаар эхэлсэн хамтын амьдрал 2-2.5 жилийн л настай байдаг аж. Энэ үеэс эхэлж хажуух хүнийх нь өнөөх хөөрхөн алаг нүд, сайхан инээмсэглэл, элдэвтэй төрх нь эсрэгээрээ уур унтууг нь хөдөлгөж сэтгэлийн хөдөлгөөнгүй, тээршаасан байдалтай болоод ирдэг юм байна. Гэхдээ гал халуун дурлалаар эхлүүлсэн амьдрал ийм хүнд үетэй тулгардаг ч түүнийг даван туулж чадсан гэр бүлүүд байлгүй яахав.

С.Алтанчимэг: Хайр, дурлалыг боодолтой бэлгээр зүйрлэвэл гадуурхгоё ганган цаас, тууз нь дурлал. Доторхбэлэг нь хайр юм

Био энерги шинжээч, сэтгэл судлаач С.Алтанчимэгтэй уулзаж энэ талаар ярилцлаа.

-Дурлалыг хайр гэж андуурснаар хүний амьдралд ямар сөрөг нөлөө гардаг вэ?

-Дурлал, хайр гэдэг нь хоёулаа хүний сэтгэлийн хөдөлгөөн. Нэг нь хүчтэй, нөгөөх нь аажуухан явдаг хөдөлгөөн юм. Дурлал бол түр зуурынх, гадна өнгө. Хайр гэдэг дотор сэтгэл. Үүнийг би бэлгээр жишээ авч тайлбарлая л даа. Бэлэгний гадна талын боодол бол дурлал. Хичнээн чамин, тансаг гоё байдаг билээ. Дотор талд нь хайр, сэтгэл байдаг. Хайр дотоод сэтгэлд байдаг маш аугаа зүйл. Хайр гэдэг бол хүний мөн чанар байдаг. Дурлал гэдэг бол бурхнаас хүмүүст өгсөн бас нэг бэлэг. Хүн өөрийгөө хүн гэж мэдрэх, эд эсээ сэргээхэд зориулагдсан нэг зүйл. Хүн хэд ч дурлаж болно гэдэг.

-тийм. бас хэдэн ч насандаа дурлаж ч болно гэдэг?

-Тэгдэг. Хэдэн ч насандаа хэдэн ч удаа дурлаж болно. Дурлал өөрийгөө мэдрэх, эрч хүчээ сэргээх зүйл. Хүн дурлахаар эрч хүчтэй болж маш их өөрчлөгдөж эхэлдэг. Хайр бол мөнхийн зүйл. Бурхнаас өгсөн, сүнсний түвшнээс өгсөн зүйл. Хайрыг дотор нь эцэг эхийн хайр, үр хүүхдээ хайрлах хайр, хамт олноо хайрлах хайр, нийгэм, улс эх орноо хайрлах хайр гээд маш олон хувааж болно. Энэ дотроос гэр бүлийн буюу хосын хайрыг энд онцолъё л доо. Хүн судлаачийн хувьд ярихад одоо цагт хайрыг тархины, зүрхний, амьдралын хайр гэж ангилаад байгаа юм.

Тархины хайр гэдэгт энэ их сайхан хүн, мундаг амжилттай яваа мисс, бизнесмэн, олны танил хүн гэдэг утгаар нь хайрлахыг хамааруулна. Зүрхний хайр бол мөнхийн хайр, мөн чанарын хайр. Үнэн зүрхнээсээ хайрлаж үнэхээр учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шиг заяаны хань гэдэг ойлголт үүнд хамаарагдана. Амьдралын хайр гэдэг нь “Энэ надад хэрэгтэй учраас”, “Энэ хүн сайн хүн юм чинь”, “Нас явчихлаа даа, одоо нэг хүнтэй сууя даа” гэсэн шаардлагаар нийлэхийг хэлдэг. Энэ хайруудыг нэгдүгээрт ялгах хэрэгтэй. Бас энэ хайруудыг хүмүүс дурлалтай маш их андуураад байдаг.

Дурлал бол хугацаатай. Гурван сараас гурван жилийн хугацаанд л үргэлжилдэг. Гал халуунаар нөгөө хүнийхээ бодит төрхийг нууж дурлаж байна гэсэн үг. Тэр хүнийхээ мөн чанарыг харахгүй. Өөрөө нэг л дүр босгож, бүтээчихээд тэрэндээ өөрөө дурлаад байдаг. Тэрийг дурлал уу, хайр уу гэдгийг мэдэхийн тулд хүн өөрийгөө л чагнах ёстой. Тэр хүнийг өөрийнхөө нүдээр биш өрөөл бусдын нүдээр, хөндлөнгийн хүний нүдээр харах хэрэгтэй.

-Танаас зөвлөгөө авах гэж ирдэг үйлчлүүлэгчид дунд ийм шалтгаанаар ханддаг хүмүүс байдаг байх. Маш хүчтэй татагдаад бүр нэг гэрт ороод хүүхэдтэй болсныхоо дараа хажуудхаа нэг л өөр нүдээр харж өөлөөд эхэлдэг. үүнийг өнөөх дурлал нь унтарч эхэлж байна гэж ойлгож болох уу?

-Хажуудах хүн нь тэр дурлагчийг хуураагүй байхгүй юу. Үнэн төрх байдлаараа л анхнаасаа байсан. Харин өөрт нь дурласан хүн өөрийг нь ямар нэгэн дүр босгоод харчихдаг юм. Тэр хүнээ маш мундаг, өөрт нь дэндүү их хайртай гээд төсөөлчихдөг. Өөрөө юу гэж бодмоор байна. Тэгж бодоод дүр босгочихдог. Дүр босгоно гэдгийг бод доо. Зохиолын дүр л бий болгоно гэсэн үг шүү дээ. 2-4 жил хамт амьдраад ханилчихаар дурлалынх нь синдром дуусаад ирдэг. Дэргэдэх хүн нь анхнаасаа л өөрийнхөөрөө байж л байсан. Гэтэл төсөөлж байсан дүр нь нураад ирэхээр “Чи намайг анхнаасаа хуурсан байна. Чи ийм байгаагүй. Гэтэл чи ийм, тийм болчихсон байна” гэдэг. Үнэндээ тэр хүн өөрийнхөө босгосон дүр нь явсаар биш болонгуут дэргэдэхээ буруутгадаг.

Тиймээс хариу нэхэлгүй хайрла. Жинхэнэ хайр бол хариу нэхдэггүй. Дурлал бол хүчтэй, хайр бол намуухан энерги. Дурлалыг цахилгаан, хайрыг намираа бороотой зүйрлэдэг. Аль нь эх газрыг тэжээдэг билээ.

-Дурлал болгон амьдрал болдоггүй гэж ярьдаг ч гал халуунаар дурлаад амжилттай яваа гэр бүлүүд байсан шүү дээ?

-Байлгүй яахав.

-Хүнд хүчтэй дурлаад гэр бүл болчихлоо. Тэгтэл хэдэн жилийн дараа дурлал нь унтраад тэр айлын амьдрал нурах гээд байвал юу хийх ёстой вэ?

-Юмыг бодит байдалд авчирна. Амьдрал дээр буулгаж авчирна. Бие биенээ ойлгож эхэлнэ. Хуучин дүрээ тэр хүнээсээ хүсээд байх шаардлагагүй. Хайр гэдэг намуухан удаан үргэлжилдэг. Дурлалаа бодит байдал руу амьдрал уу оруулж ирнэ. Тэр хайр яваандаа зүрхний хайр болчихдог. Зөв авч явбал зүрхний хайр болно. Эсвэл тархины ч хайр болчихож мэднэ. Хоёр хүн биенээ илүү хайрлах тусам хайр нь гүн гүнзгий бат болж ирдэг. Хосуудад зөвлөхөд хүн энэ амьдралд амьдрахад хамгийн чухал нь ойлголцол. Бие биенийхээ өмнө, амьдралын өмнө хариуцлагатай байх ёстой. Хайраа хүндэлдэг байх хэрэгтэй. Хүндлэл, хариуцлага байхад аяндаа хайр цэцэглэдэг. Одооны залууст хэлэхэд бүхний өмнө хариуцлагатай байж сурах хэрэгтэй. Тэгсэн цагт амьдрал бат бөх болно. Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол ямар ч хариу нэхэхгүй хайрлах хэрэгтэй байхгүй юу. Хариу нэхээгүй тохиолдолд тухайн хүнээсээ юу ч хүлээхгүй байгаа биз. Хүлээхгүй байгаа болохоор хайрын энерги аясаар урсч байдаг. Ямар нэг юм хүлээгээд байвал ард нь ямар нэгэн сөрөг эрчим нуугдаад байдаг. Тэр сөрөг эрчим нь хэзээ нэгэн цагт задарч гарч ирээд тэр гэр бүл нурдаг гэв.

Ингэхээр хайр, дурлал хоёрыг ялгаж салгах нь байна шүү. Гэхдээ хайраар эхэлсэн үү, дурлалаар бадамласан уу ямар ч харилцаа сайхан. Тэр дундаа хосын харилцаа их нандин байдаг. Нэгэнт эхлүүлсэн харилцаагаа хадгалж хамгаалж, үргэлж анхных шигээ байлгах нь хэн хэнээс нь хамаардаг. Тийм ч болохоор Валентины баярт бид ач холбогдол өгч хайртай хүнтэйгээ нэгэн өдрийг, нэгэн үдшийг романтикаар өнгөрүүлэхийг хичээдэг шүү дээ. Үгүй дээ, хайртай хүндээ зүрхэн хэлбэртэй шоколад, сарнай цэцэг бэлэглэцгээдэг.

Өнөөдөр сүлжээ дэлгүүрүүд, супер маркетууд Валентины баярт зориулж тусгай тасаг ажиллуулж шоколад, чихэр, бялууны өргөтгөсөн худалдаа зохиож байна. Манай үндэсний томоохон үйлдвэрлэгч “Gold­en gobi” үйлдвэр Валентины баярт зориулж зүрхэн хэлбэртэй хоёр төрлийн шоколад худалдаанд гаргажээ. Үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүрүүдэд 60 граммтай зүрхэн хэлбэртэй шоколад 2500 төгрөг, 100 граммтай нь 4200 төгрөгийн үнэтэй байгаа юм байна. Цэцгийн “Jarden” дэлгүүрт нэг ширхэг сарнай цэцэг өнгө хамаарахгүйгээр 4000 төгрөг, Лиля ширхэг нь 6500 төгрөг. Удвал цэцэг 3500 төгрөг, башир 3000 төгрөг, астра 3500 төгрөгийн үнэтэй байна. Цэцгийг гурав, тав, долоо, ес гэсэн сондгой тоогоор багладаг бөгөөд таван ширхэг сарнайн баглаа 25000 төгрөг байдаг бол гоёлын баглаатай нь 30-35 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Тус дэлгүүрийн худалдагч Н.Гэрэлцэцэг “Сүүлийн жилүүдэд Валентины баяраар эрчүүл аль болох олон тоотой сарнайн баглаа худалдаж авдаг болсон. 99, 101, 247 сарнайн баглааг бид гаргаж үйлчилж байна. Мөн цэцэг хүргэлтийн үйлчилгээ манайд бий. 99 сарнайн баглаа авъя гэвэл 420-430 мянган төгрөгийн үнэтэй байгаа” гэв.

Өнөөдөр томоохон ресторануудад хосуудад зориулсан тоглолтууд болох юм байна. “Mister dog’s” хамтлаг “The Corporate” зочид буудалд тоглох бөгөөд тасалбарын үнэ нь 50 мянга, 150 мянган төгрөгийн үнэтэй бол “The English Inn” ресторанд “Нисванис” хамтлаг, дуучин Ц.Хулан нарын хамтарсан тоглолт 20 цаг 30 минутаас эхлэх юм байна. Мөн дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх нарын хамтарсан “Happy Valentin’s Day” тоглолт өнөө орой “Strings night club”-т 20 цагаас эхэлнэ. Тоглолтод ирсэн хосууд 2018 онд хуримаа хийвэл хуримын чимэглэл хийлгэх эрх, “Урбан” брэндийн монгол хувцасны хослолтой болох зэрэг олон сайхан гэнэтийн бэлэгтэй юм байна. Тоглолтын такс бүрийг шар айраг, сарнай цэцэг дагалдах аж.


Categories
мэдээ нийгэм

Зургаан адууг буудаж, нядалж байгаад үйлдэл дээрээ баригджээ

Төв аймгийн Баянхангай суманд 2018-оны хоёрдугаар сарын 04-05 шилжих шөнө малчин Э-ийн хээр бэлчиж явсан зургаан тооны адууг буудаж нядалж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарлаа. Уг хэргийг Баянцогт сумын хэсгийн төлөөлөгч Г.Гантүшиг, Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч Б.Мөнхбаяр нар халуун мөрөөр нь илрүүлсэн байна. Эдгээр этгээдүүд нь найман хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн машинтай явжээ.

Тус сумын цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж эхэлсэн байна. Уг этгээдүүдийн дөрөв нь өмнө нь малын хулгайн хэргээр удаа дараа ял шийтгүүлсэн ч Өршөөлийн хуульд хамрагдсан байж. Тэд адууг гурван калибр, хоёр том буугаар цээж, толгойд нь хэд хэд буудаж алсан гэнэ. Тэд хээр бэлчиж явсан эзэнгүй адууг алж нядлаад хотод авчирч махны ченжүүдэд зардаг байснаа хүлээсэн байна.

Эдгээр этгээдэд Эрүүгийн хуулийн 17.12-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын аварга малчин Д.Равдан: Малын тоос нь ч тос болдог

Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 31-ний хуралдаанаар Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг тодруулсан. 2017 оны тахиа жилд салбартаа манлайлсан Улсын аваргуудын шагналыг энэ өдрүүдэд гардуулж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Өлзийт, Жинст, Богд, Баянлиг суманд ажиллах үеэрээ Улсын аварга малчин Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн ам багийн малчин Сангидоржийн Ганбат, Жинст сумын Цагаан-Ус багийн малчин Намдагийн Мөнхжаргал, Баянлиг сумын 1 дүгээр багийн малчин Бадамхоролын Энхбат, Богд сумын Алтай багийн малчин Цэдэндоржийн Лүндэнбат, улсын аварга саальчин Өлзийт сумын Ёлын ам багийн саальчин Адъяагийн Эрдэнэбилэг, Баянлиг сумын 5 дугаар багийн саальчин Түндэвийн Оргил нарын шагналыг гардууллаа.

Улсын аварга малчдад “Улсын аварга малчин” цол хүртээж, өргөө цагаан гэр, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, аварга саальчинд “Улсын аварга саальчин” цол хүртээж, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, мөнгөн цом, алтадсан домбо, энгэрийн тэмдэг, өргөмжлөл олголоо.

Баянхонгор аймгаас энэ жил улсын аварга малчин арав, аварга саальчин хоёр төрөн гарсан байна.Тус аймаг таван сая мал тоолуулж, малынхаа тоогоор улсад тавдугаарт оржээ.Хамгийн олон ямаа тоолуулсан тус аймаг тэмээний тоогоор хоёрдугаарт жагссан байна.

2017 оны тахиа жилийн зун зуншлага тааруу, зарим нутгаар гантай, гандуу байсан ч малчид тариаланчид маань хичээж ажиллалаа.Та нарынхаа хөдөлмөр, зүтгэлийг Засгийн газраас үнэлж Улсын аваргуудаа тодруулдаг уламжлалтай гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар малчид, иргэдтэй уулзахдаа тэмдэглэж байлаа.

Өвөлжилт алаг цоогтой, зарим нутгаар хүнд байгаа ч малчин зон олон минь өвлийг өнтэй давахын төлөө ажиллаж байна.Аварга бол аварга л байдаг юм байна.Малынхаа үржил угсааг сайжруулсан, хашаа хороогоо барьсан, аргал түлшээ нөөцөлсөн, ахуй амьдралаа цогцлоосон жишиг нь аваргуудын хөдөлмөрч, малч ухааныг тод харуулж байна гэж тэрээр хэллээ.

Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан.Гурван тулгуурт хөгжлийн бодлогын нэг тулгуур нь “Шинэ хөдөө” хөтөлбөр.Энэ хүрээнд мах, сүүний анхдугаар аяныг хэрэгжүүлж малчдад мах, сүү, нэхий, ноос ноолуураа анхан шатны боловсруулалт хийх боломжийг бүрдүүлнэ гэдгийг тодотгож, Засгийн газар мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй болгох бодлого барьж ажиллаж байгааг онцоллоо.

Бэлчээрийн даац хэтрэх, бэлчээрээ хамгаалах нь тулгамдсан асуудал болсныг малчид хэлж байлаа.Бэлчээрийн сан байгуулах эрхийг сум, орон нутагт нь өгдөг болох бэлтгэл ажил хийгдэж байна.Энэ хууль батлагдвал сум, орон нутгийн малчид өөрсдөө санаачлаад баг, сумын нийтийн хурлаараа бэлчээрийн сан байгуулах боломжтой болох юм байна.

Баянхонгор аймагт цас багатай, дулаахан өвөл болж байна.Зуншлага тааруу, газрын гарц муу байснаас өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөв байна.Гэсэн ч бэлтгэлээ сайтар базаасан тул өвөл, хаврыг өнтэй давна гэж аваргууд ярьж байлаа.

Малчид малынхаа тоонд бус чанарт анхаарч эхэлжээ.Малын тоо өсөх нь сайн боловч нөгөө талаасаа бэлчээрийн даац хэтрэх, чанаргүй мал олон болох, энэ хэрээр хүн хүч, хөдөлмөр илүү шаардана гэж малчид ярьж байна.

Мөн мал маллахын зэрэгцээ төмс, хүнсний ногоо тариалж өрхийнхөө хэрэгцээг бүрэн хангаж чадаж байна.Говь нутгаа цөлжилтөөс хамгаалж, өөрсдөө санаачлан мод тарьж байна.Амьдралын боломж багатай айл, өрхийг туслах малчнаар авч малжуулж байна.Мал сүргээ эрсдэлээс хамгаалах даатгалд бүрэн хамруулж байна.Малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоо байгуулж сүү, цаган идээ, малаас гаралтай бүтээгдэхүүнээ борлуулж байгаа туршлагаа аваргууд ярилаа.

Тухайлбал, хот, төвөөс дутахгүй сайхан амьдрах боломж хөдөө орон нутагт минь байна.Хүүхдүүд, дүү нартайгаа нийлээд хоршоо байгуулсан, сүү, цагаан идээгээ борлуулдаг. 100 гаруй үнээтэй, зун, намарт айлуудад үнээгээ тавьж, ааруул, цагаагаа боловсруулахад нь тус дэм болдог гэж 1975 оны илгээлтийн эзэн, 42 дахь жилдээ мал маллаж буй Улсын аварга саальчин А.Эрдэнэбилэг ярьж байлаа. Төмс, хүнсний ногоогоо өөрсдөө тарьчихдаг болсон.Одоо нарийн ногоо тарьж ургуулах бодолтой байгаа гэж Жинст сумаас төрсөн Улсын аварга малчин Н.Мөнхжаргалын гэргий хэллээ.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-ОчирБаянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн малчин Даржаагийн Батсүх, Баян-Овоо сумын Асгамба багийн малчин Дагвадоогийн Равдан, Эрдэнэцогт сумын нэгдүгээр багийн малчин Рэнцэнгийн Нармандах нарынд зочилж шагналыг гардуулсан юм. Дагвадоогийн Равдан гуай 85 насыг зооглож буй бөгөөд энэ жилийн Улсын аварга малчдын хамгийн ахмад нь юм. Тэрээр,

-1934 онд төрсөн. 85 жил амьдрахад их юм үзлээ. Мал дагаж явахад хошуу тостоно, малын буян сайхан шүү. Малын тоос нь ч тос болдог. Хэзээ нэгэн цагт баярлуулна гэж ээж, аав минь захидаг байсан.Өнөөдөр тэр өдөр нь тохиогоод баярладаг өдөр нь болж байна аа гэж ярилаа.

Би 6-7 наснаасаа морь унаж, ээж, аавдаа малыг нь дөхүүлж өгч тусад орсон. Тэрнээс хойш 77-78 жил тасаралтгүй мал маллаж байна. Одоо ч малаа маллана.Номхон морь уначихаад хонио туудаг, шилбүүр барьчихаад хурга, ишгээ ялгалцаж, мал хурааж өгдөг ийм л тустай хүн дээ, ах өвгөн нь гэлээ.

Өглөө эрт босч байгаарай, орой аажуу унтаж байгаарай.Өвөл, хаварт малаа уул, хадны өвөр, нөмөр бараадуулж маллаарай.Цастай, зудтайд нөөц бэлчээртэй байгаарай гэж ээж, аав минь захисан.Ээж, аавынхаа захиасыг нь мал дагасан хоёр хүүхдэдээ захидаг юм гэлээ. Мөн дээр үед бол болохгүй л байх. Одоо бол юунаас нуухав дээ, би. Олон багш нартаа шүтэж, багш нартаа залбирдаг хүн.Манай энүүхэнд харагдах Ширээ хүрээ хайрхан маань их сайхан хайрхан байгаа юм. Энэ хайрхандаа залбирч, даатгаж явдаг хүн дээ, би. Энүүхэндээ ярихад янз бүрийн юм намайг тойроод яваад байдаг юм даа гэж ахмад малчин Д.Равдан гуай ирсэн зочиддоо хуучилж байлаа.

Categories
мэдээ спорт

Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээнүүд

БНСУ-д болж буй олимпийн наадам өнөөдөр дараах тэмцээн уралдаануудаар өрнөнө.

Цанын сламлом төрөл эмэгтчүүдийн шилдгүүдээ энэ өдөр тодруулна. Өглөө 09:15 цагаас эхэлж медалийн эзэд 12:45 цагаас тодрох юм.

Мөн кёрлингийн спортын эмэгтэй, эрэгтэй хэсгийн тоглолтууд явагдана. Тэмцээн 08:05 цагаас эхэлж 13:05 цаг хүртэл үргэлжлээд завсарлах юм. Улмаар 19:05 цагт энэ өдрийн хамгийн сүүлийн тоглолтууд үргэлжилнэ.

Өглөө 09:00 цагаас уран гулгалтын хосын төрөл үргэлжлэн явагдана.

Мөн 11:10, 15:40, 20:10, цагуудаас хоккейн хэсгийн тоглолтууд эрэгтэй эмэгтэй төрлүүдэд явагдах хуваарьтай байна.

Харин чарганы лаж төрөлд 10:00 цагаас багийн бэлтгэл, сорилууд эхэлж оройн 19:20 цагаас хосын төрөлд медалийн эзэд тодрох юм.

Мөн цанын холимог төрлийн тэмцээнүүд 12:45 цагаас эхэлж 14:00 цаг хүртэл харайлтын төрлөөр өрсөлдөцгөөх бол оройн 16:45 цагаас кросс кантри төрөлд медалийн эздээ тодруулна.

Мөн скэлэтон чарганы бэлтгэл сургуулилтууд 11:50 болон 14:05 цагуудад явагдана.

Снөүбоордын эрэгтэйчүүдийн хаалфпайп төрлийн тэмцээн өглөө 09:30 цагаас эхлээд 10:30 цагаас медалийн өрсөлдөөнүүд явагдана.

Үүнээс гадна 18:00 цагаас тэшүүрийн 1000 метрийн эмэгтэйчүүдийн уралдааны шигшээ уралдаан явагдаж медалийн эзэд тодрох бол залгуулаад 19:05 цагаас биатлоны эмэгтэйчүүдийн 15 км-ийн ганцаарчилсан уралдаан явагдаж шилдгүүдээ тодруулах хуваарьтай байна.

Харин оройн 19:00, 19:50, 20:40 цагуудад цанын лаарж хилл харайлтын тамирчид Алпенсиа цогцолборт бэлтгэлээ базаах аж.

Categories
мэдээ спорт

О.Балжинням аварга Хөдөлмөрийн баатар болно

Цагаан сарын босгон дээр салбар бүртээ амжилт үзүүлж, бусдыгаа манлайлсан зарим хүнд Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулна. Ардын багш, гавьяат дасгалжуулагч О.Балжинням аварга өнөөдөр өндөр цол хүртэх гэнэ шүү. Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч түүнд Хөдөлмөрийн баатар цол олгох аж. Түүнийг шигшээ баг удирдах хугацаанд “Лондон—2012” олимпийн наадмаас Н.Түвшинбаяр мөнгө, С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн бол өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын жүдочид нэг дор зургаан медаль авсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: УИХ-ын үйл ажиллагааны чадамж жилээс жилд эрс буурч байгаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. Чуулганы үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ. Шинээр төрөн гарч буй хууль боловсруулалт талдаа тааруу байна гэсэн шүүмжлэл гарах болсон. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Энэ намрын чуулганы ажлын үр дүнг дүгнэвэл бас чиг боломжийн шүү. Хэд хэдэн хууль баталж гаргалаа, улс орны эдийн засгийг өсгөх, иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүллээ. Харин хуулийн төслийн боловсруулалт тал дээр яах аргагүй дутагдалтай зүйл их байна аа. Төрийн байгууллагын албан тушаалтнуудын идэвх суларсан, чадавх дордсон, сэтгэл дутсан зүйл харагддаг. Хууль тогтоох дээд байгууллагын хувьд тухайн хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулдаг юм. Заримдаа энэ ажлын хэсгийн ажилласан хуулийн төслийг гишүүд танигдахгүй болтол нь өөрчилж засдаг жишиг тогтох шинжтэй. Нөгөө салбарын яам, төрийн байгууллагын мэргэжлийн хүмүүс “За тэгж шүүсийг нь шахаад яах юм. Тэртэй, тэргүй УИХ-аар хэлэлцэх үед танихгүй болтол засчихна биз” гэсэн буруу хандлага тогтох вий гэж болгоомжилдог болсон. Уг нь шат шатандаа боловсруулалт сайн хийгээд, салбарынхны санаа оноог тусгаж, төрийн болон төрийн бус байгууллага, судлаач, эрдэмтдээр хэлэлцүүлж, мэргэжлийн яам хийгүй, чамбай, сайн төсөл боловсруулвал эрх ашгийн сонирхлын үүднээс юмуу эсвэл муутгаж засч чадахгүй болно шүү дээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хэрвээ дордуулах гээд байвал Засгийн газар, сайд, санаачлагч нь үндэслэлээ тайлбарлаж, тооцоо, судалгаатайгаар боловсруулсан хуулийн төслөө хамгаалдаг байх хэрэгтэй байна. Одоо хэлэлцүүлгийн явцад тухайн заалт, бодлогоо хамгаалах байтугай УИХ-ын гишүүн хэлсэн гээд үгийг нь шууд тусгадаг болчихлоо. Энэ нь лоббины хууль төрүүлэхэд илүү хялбар болгож, бас босгыг намсгаж байгаа хэрэг.

Мөн хуулийн төслийн ажлын хэсэгт долоон хүн байлаа гэхэд нэг, хоёр нь сууж ажиллаад үлдсэн хэд нь нэрсээ бичүүлчихсэн атлаа ажилладаггүй, алдаа дутагдал бас гарч байна. УИХ-ын гишүүн бол ард түмний элч гэдгээ мартаж болохгүй. УИХ-ын гишүүн болно гэдэг нь эрх дархтай, ямба эдэлдэг хүмүүс биш шүү дээ. Тааваараа ажиллаж, чөлөөт цагаараа Их хурлын ажлыг хийдэг байдал бол маш ёс зүйгүй үйлдэл. Хуралдаа суухгүй, ирцээ бүртгүүлчихээд өрөөндөө шигдчихнэ, хуулийн төсөл уншиж судлахгүй, сууж ажиллахгүй байгаа нь сонгосон тэр олон хүнийг үл тоож, тэднийг доромжилж байгаатай ялгаагүй.

-УИХ-ын гишүүн Н.Наранхүү төдийгүй олон гишүүд хуралдаа ирэхгүй байдаг. Та бүхэн “ангийн нөхдүүддээ” хуралдаа ирээч гэдгийг сануулж хэлдэг үү?

-Монгол төрийн төлөө, монголчуудын хөгжил цэцэглэлтийн төлөө, тойргийн иргэдээ төлөөлж ажиллахын төлөө сонгогдсон хүн бол хуралдаа суугаад өгөөч гэж гуйлгахгүй ээ. Хүний зорилго тодорхой байхад үйлдэл нь илтгэж байдаг. Өөдөсхөн, балчир хүүхдүүд маань өглөө эрт нүдээ нухалж, нойрмоглосон ч 8 цагт цэцэрлэгтээ хоцрохгүй ирдэг биз дээ. Тийм байхад 10 цагт эхэлдэг хурлаасаа хоцорч, тасалж байгаагаасаа ичих хэрэгтэй л дээ. Залуу, шинэ түшээ байлаа ч зарчим, үнэт зүйлээ ухаарч, цаг баримтлах соёл, мэдлэгээ тэлж, бас хариуцлагатай байх ёстой.

Энэ тухай ярихад намайг анх гишүүн болсны дараахан нэгэн эрхэм хүний сургамжилж хэлсэн үг санаанд бууж байна. 2004 оны Их хурлын сонгуульд нэр дэвшихдээ төрийн болон олон улсын байгууллагад ажилласан туршлагатай, хувийн аж ахуй ч эрхлээд үзсэн, төрийн яамны дэд сайд, элчин сайд зэрэг хариуцлагатай ажлыг хашсан байлаа. Монгол төрийн хууль тогтоох дээд байгууллагад 2004 онд анх сонгогдож орж ирээд удалгүй сайд болсон байсан юм. Чуулганы танхимд Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Одончимэдтэй (агсан) бүлгийн хурлын танхимд зэрэгцэж суудаг байлаа. Нэг удаа тэрээр “Чи төр, нийгмийн бэлтгэгдсэн боловсон хүчин л дээ. Гэхдээ Монгол төрийн ажил маш өндөр шалгууртай. Тийм болохоор миний дүү чи сайд болсон гэж огт хөөрцөглөж болохгүй шүү. Хуралдаа байнга суу. УИХ, намын бүлгийн хурал дээр эхний хоёр сар нэг ч үг дуугарч болохгүй, бусдыг сайн сонс” гэж захисан юм. Тэр үг маш үнэ цэнэтэй. Одоо ч санаанаас гардаггүй. Санааныхаа зоргоор, амандаа орж ирсэн үгийг бураад, хүмүүст таалагдах гэж лоозогноод байж болохгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй болсон. Одоо шинээр томилогдсон гишүүдэд Үндсэн хуулийг үг үсэггүй цээжлүүлж, утга мөн чанарыг ухахад туслах зорилгоор оюуны бядтай ланжгаруудаар лекц уншуулж, Монгол төрийн түүх, төрийн хар хайрцагны бодлого, олон улсын өнөөгийн геополитикийн нөхцөл байдал, төрийн хүний ёс зүй, УИХ-ын үйл ажиллагааны талаар 14 хоногийн хугацаанд сургалтад хамруулах, судлуулах, цаашлаад шалгалт авдаг байх хэрэгтэй байгаа юм.

2004 оноос хойш ажиглагдаад байхад УИХ-ын үйл ажиллагааны чадавх жилээс жилд буураад л байна. Юу ч мэдэхгүйгээр танин мэдэхүйн асуулт асуух, уялдаа авцалдаа муутай зүйл ярих гэх мэт байдал харагдаад л байгаа юм. Хүн мэдээж бүгдийг мэдэх албагүй ч хэрвээ мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал судалж, суралцахын зэрэгцээ зөвлөх, номын багш, ахмад туршлагатай хүмүүсээсээ асууж болно оо доо. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бид хэд олон удаа шаардлага тавьж байсан. Хүний кноп битгий дар, хуралдаа цагтаа ир, хуулийн төслөө судал, унш, өөрийгөө хөгжүүл гэдэг. Үүнд “нэг ангийнхны” зарим нь таатай биш байдлаар ханддаг юм билээ. Ер нь УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотойгоор Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулмаар байгаа юм. УИХ-ын гишүүн чуулгандаа суухгүй бол тэр өдрийнх нь цалинг хасах хэрэгтэй. Хэд хэдэн удаа хоцорч хурал тасалбал хугацаа зааж хариуцлага тооцъё. Хууль тогтоох үндсэн үүрэг, парламентад иргэдээ төлөөлж сууж ажлаа хийхгүй, хэдхэн удаа царайгаа харуулдаг гишүүнийг эргүүлэн татдаг болох механизмтай болгомоор байгаа юм. Цаг үргэлж гадаадад томилолтоор явж, өөрийн зав чөлөөгөөрөө Их хурлын ажлыг хийж болохгүй биз дээ.

-Засгаа огцруулаад бүр сайн ажиллана гэж байгаа шинэ Засгийн газрын 100 хоног шатахууны үнэ нэмэгдсэнээс эхлээд иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлсэн байдалтайгаар угтаж байх шиг байна. Та Засгийн газрыг хэр сайн ажиллаж байна гэж харж байна вэ?

-Монголчууд наадмын дараа намар гэж ярьдаг. Гэтэл өнгөрсөн жил наадмын маргаашаас эхлээд улс төржиж засгаа огцруулах тухай яриа хөвөрч, ханцуй доторх тохиролцоогоо бодит ажил хэрэг болгосон л доо. Өнгөрсөн намаржингаа л улс төржсөөр байгаад өвлийн бэлтгэл ажлаа ч олигтой зэхээгүй, төрийн чухал бодлого шийдвэрүүдийн талаар биш бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөө, бас нэгнийгээ намнах гэсэн хэрүүлд хамаг цаг заваа барсан л даа. Тийм болохоор энэ Засгийн газрын 100 хоногт түүхэн шийдвэрүүд гарч, гялалзтал ажиллана гэсэн хүлээлт байгаагүй ээ. Гэхдээ бас яахав ээ, эдийн засгийн хямралтай нөхцөл байдлыг нааш нь эргүүлж чадсан гэж боддог. Эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, гадаад нөхцөл байдлын үнэлгээ дээшилж байгаад нөлөөлөх гол хүчин зүйл бол ашигт малтмалын үнийн өсөлт. Үүнийг дагаад төсөвт орох орлого нэмэгдэж байна л даа.

-“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж гадны “Стандарт” банкнаас “Жаст” группын захирал Ш.Батхүү зээл авсан нь Арбитрын шүүхэд дуудагдлаа гэсэн мэдээллүүд гарч байна. Манайх арай “Эрдэнэт” үйлдвэрээ гадны банкинд тавиад туучих юм биш байгаа. Оросын талын 49 хувийг худалдаж авахдаа ч бас хууль зөрчсөн гэх юм. Шүүхдээд л байгаа?

-“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талд байсан хувийг Монголын компани авсныг буруутгаад байгаа юм биш ээ. Үнэхээр хууль зөрчсөн бол хүлээх хариуцлага гэж бий л дээ. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд оруулаад ирсэн компанитай нь эхлээд зөвшилцөлд хүрч ярилцах ёстой. Гадна талд байсан өмчийг эх орондоо оруулаад ирсэн тэднийг хадны мангаа шиг харлуулж, хана босгоод байх хэрэггүй.

Миний хувьд УИХ-аас гарсан тогтоол, шийдвэрийг олон улсын шүүхэд дуудагдалгүйгээр харилцан ойлголцож, улс орондоо нааштай талаас нь шийдэгдээсэй гэж бодож байгаа. Асуудлыг даамжрахаас нь өмнө шийдэх бололцоо бий шүү дээ. Мэдээж төр засгийн эрх мэдлийг атгаж байсан хүмүүс сонгуульд зориулж иргэдийн санал авах гэж албан тушаалаа ашиглан, Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр тогтоомж гаргаж авсан нь буруу. Гэхдээ олон улсын Арбитрын шүүхэд оччихвол тэмээн дээр ямааны зардал гаргачих вий дээ.Тийм түүх бас бий шүү дээ. “Хан ресурс” компанийн лицензийг Ерөнхий сайд асан С.Баяр цуцалснаас болж 100 сая ам.долларын өрөнд унаж Монголын ард түмэн, татвар төлөгчид л хохирч төлсөн. 100 сая ам.доллараар 100 сургууль, цэцэрлэг барих боломжтой байсан юм шүү дээ. Одоо “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Монголчууд хоорондоо ярилцаж хуулийн дагуу шийдэх арга зам бий.

Мөн “Жаст”, “Стандарт банк”-ны хооронд үүссэн асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсантай адилхан л мэдээлэлтэй байна. Энэ асуудалд Засгийн газар анхаарал хандуулаад УИХ-д оруулж танилцуулах хэрэгтэй. Үүний дараа дүн шинжилгээ хийж хувь гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлнэ ээ.

-Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 32 сая ам.долларын зээлийг аль аймагт зарцуулах вэ гэж гишүүд маргалдаж байсан. Азийн хөгжлийн банкны энэ зээл хоёр ч УИХ дамнан яригдсаар одоо л шийдэгдэх гэж байгаа гэв үү?

-Гадаадынхан юм чулуудангуут нохой хоорондоо уралцаж байгаа юм шиг хэрэлдээд байж болохгүй л дээ. Монгол төрд бодлого гэж бий. Засгийн газар тогтвортой хөгжлийн хөтөлбөрийнхөө дагуу Хөвсгөл, Хэнтий гээд аль аймгаа аялал жуулчлалын төв болгох вэ гэдгээ тооцоо судалгаатайгаар шийднэ. Нэг газрыг аялал жуулчлалын загвар төв болгон хөгжүүлэх ёстой гэдэгтэй санал нэг байдаг. Түүнээс биш миний тойрогт авчихвал, рейтинг маань өснө гэсэн явцуу хандлагаар шийдэх гэж улайраад байж болохгүй л дээ. Хөвсгөл далайн ойр орчимд хэн дуртай нь очиж жорлон барьж байна. Ийм замбараагүй аялал жуулчлалын төв гэж байдаг юм уу. Цэвэр усны гол эх үүсвэр болсон Хөвсгөл нуур Улаанбаатар шиг агаар, хөрсний бохирдолтой болчихгүй гэх баталгаа алга. Манай улсын хувьд гадныханд шившгээ дэлгэдэг. Дэлхий нийт бидэнд тусалъя гэж байхад нэг Засгийн газар солигдонгуут өмнөх Засгийн газрынхаа үйл ажиллагааг үгүйсгэдэг. Манай улсын Засгийн газрын дундаж наслалт 1.6-2 жил гэж үзэхээр байсхийгээд л засаг солигдох үед олон улсын байгууллагаас хэрэгжих олон хөтөлбөрүүд тодорхой хэмжээгээр саатдаг. Би ганцхан жишээ хэлэхэд Эгийн голын цахилгаан станцыг барина гэж манайх 30 гаруй жил ярьж байна. БНХАУ-аас зээл тусламж авах тухай 10 гаруй жил ярилаа. Вьетнам, Камбож, Лаос зэрэг орнууд манайхтай ижил нөхцөлөөр зээл тусламж аваад эдийн засгийн эргэлтэд оруулж өндөр үр ашиг хүртсэн байна. Манайх гэтэл зээл авах тухай яриад л олон жилийг үддэг.

-Таны санаачилсан “Ажилсаг монгол” хөтөлбөрөө танилцуулна. Чуулга уулзалт хийгээд байсан Германы зүгээс дэмжлэг байна уу?

-Би “Зааг” номоо бичихийн тулд дэлхийн улс орны хөгжлийг нэлээн судалсан л даа. Хөгжлийн гол тулгуур хүн өөрөө юм. Хэрвээ хүн болгон ажилтай, орлоготой, байвал улс орон хөгжинө. Яагаад вэ гэвэл ажилсаг хүн хариуцлагатай, сахилгатай, шударга байдаг.

“Ажилсаг монгол” хөтөлбөр дээрээ их нухацтай сууж Засгийн газраар батлуулах санаатай байна. 2030 он хүртэл дэлхийн хэмжээнд ажиллаж чадах мэргэжлийн боловсон хүчин, мастер, инженер, мэргэшсэн ажилтан, жижиг, дунд үйлдвэрийн эздийг бий болгохоор зорилго тавьж байна. Өнөөдөр гэхэд ХБНГУ-аас 13 мастер багш ирчихсэн нарийн мэргэжлээр багшилж байна. Цаашид 16-аас дээш насны залуучуудыг эх орондоо хэлний мэдлэгийг нь дээшлүүлээд гадаадад мэргэжил эзэмшүүлэх зорилготой байна. Манай монголчууд гурван сая хүн дотроо өрсөлдөх биш бүгдээрээ нийлж нэгдэн гадаад зах зээл рүү гарах хэрэгтэй. Үүний төлөө, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө, хүнээ хөгжүүлэхийн төлөө, мэргэжүүлэхийн төлөө л зүтгэж байна даа.

-Та бидний ярилцлага монгол түмний сар шинийн баярын өмнөхөн гарч байна. Цагаан сарын дурсамжаасаа ярихгүй юу?

-Хэдийгээр социалимзмын үе байсан ч манайх цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан. Аав маань лам хүн байсан юм. Тийм болохоор багаасаа л номын дуу сонсч, уламжлалт баярын бэлгэдэл, зан заншлын талаар мэдээлэлд ойр өссөн. Сар шинийн баяраар хүүхэд байхдаа аав, ээжийгээ дагаж, хуруугаа хөлдөөж явсан түүх бий. Миний аав гарын уртай хүн байсан болохоор цагаан сар дөхөхөөр хүүхдүүдээ төрсөн жилд нь тохирсон амьтны дүрстэй боов хийж өгдөг байлаа.

Манай гэр бүлийн хувьд 2000 оноос цагаан сарын баярыг тэмдэглэдэг болсон. Аавын маань шүтэж ирсэн зарим бурхан, ном надад өвлөгдөн ирсэн байдаг. Бурхан тахилаа шүтэж, ахмад буурлууддаа очиж золгож, манай гэрээр ч хүмүүс их ирдэг дээ. Сонгинохайрхан дүүргийн 2500 гаруй ахмад буурлууддаа сэтгэлийнхээ бэлэг, өөрийнхөө бичсэн номыг гардуулдаг.

Цагаан сар бол эрүүл энхийг ерөөж ажил үйлс бүтэхийн дээдийг хүсдэг бэлгэдлийг дээдэлсэн сайхан баяр. Цагаан сарын баярын өдөр шиг монголчууд үргэлж элбэг дэлбэг, эвтэй найртай байж, ирж буй нохой жилдээ ажил үйлс бүхэн нь өөдрөг, эрүүл энх, сайн сайхан байхыг хүсэн ерөөе.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ цаг-үе

С.Энхцэцэг: Энд тэндээс янз бүрийн технологи авчирч суурилуулаад газрын тосны үйлдвэр байгуулна гэж байхгүй

Манай улс газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэнтэй холбогдуулан судлаач С.Энхцэцэгтэй ярилцлаа.


-Энэтхэгээс хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлэх нэг тэрбум ам.доллараар нефть нэрэх үйлдвэр байгуулна гэж байгаа. Энэ асуудал дээр судлаачид янз бүрийн байр суурьтай байдаг юм билээ. Харин таны хувьд түүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Үе үеийн Засгийн газарт түүхий нефть боловсруулах үйлдвэрийн тухай төсөл хөтөлбөрүүд яригдсаар ирсэн. Тэгсэн хэрнээ өдий болтол баригдаагүйн гол шалтгаан бол түүхий эдээ шийдэж чадаагүйтэй холбоотой. Тиймээс тэр сайхан төслүүд цаасан дээр үлдчихээд байгаа юм. Газрын тосны үйлдвэр байгуулна гэдэг бол цаг зуурын шинжтэй популист амлалтаар амархан хийчихдэг ажил биш. Энэ удаад Энэтхэгээс авах мөнгөөр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэж шийдвэрлэсэн. Ер нь нефть боловсруулах үйлдвэр дээр судлаачдын байр суурь зөрүүтэй байдаг нь үнэн. Учир нь 1-2 сая тн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамжтай нэг үйлдвэр байхад одоохондоо манай хэрэгцээг хангах боломжтой. Хоёр хөрш бол манайхаас боловсруулсан газрын тосны эцсийн бүтээгдэхүүн худалдаж авах хэрэгцээ шаардлага бараг байхгүй. Хойд хөрш болохоор гаднаас авахаасаа илүү өгөх сонирхолтой. Хятад манайхаас түүхий газрын тос олборлох эрмэлзэлтэй байгаа. Тиймээс үнэтэй газрын тосныхоо нөөцийг дотоодын хэрэглээгээ хангах хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамж ямар байгааг эрдэмтдээ даатгаж, тэднээр судалгаа хийлгэх хэрэгтэй. Манай улс нефтийн үйлдвэр байгуулахдаа түүхий эдийнхээ онцлогийг харгалзах хэрэгтэй. Тэгж байж үндэснийхээ газрын тосны нөөцийн физик, химийн шинж чанарыг судлаж, боловсруулах технологийн горимоо тодорхойлох хэрэгтэй байх. Энд тэндээс янз бүрийн технологи авчраад суурилуулаад үйлдвэр байгуулна гэж байхгүй. Яагаад гэвэл манай газрын тосны химийн найрлага өөр. Тэр нефтийн найрлага, онцлогоос хамаараад технологийн шийдэл тодорхойлогдоно. Үүнийг газрын тосны чиглэлээр мэргэшиж бэлтгэгдсэн монгол инженерүүддээ даатгах хэрэгтэй. Төр өөрөө монгол инженерүүддээ найдаж эх оронч сэтгэлгээ гаргаж ажиллах хэрэгтэй. Энд тэндээс тоног төхөөрөмж авчраад байгуулбал дахиад үйлдвэр барьсан нэртэй шоу болоод үр дүнд нь угсарсан байшин, хэрэглэгдэхгүй хэдэн тоног төхөөрөмж үлдэх магадлал өндөр. Эцэст нь Энэтхэгээс авах зээлийн мөнгийг үнэ цэнэгүйдүүлэх магадлал өндөр. Сая шатахуун, түлшний хомсдол бий болж, нийгэмд эрэлт үүсэнгүүт нефть нэрэх үйлдвэр барих асуудал эрчимжсэн. Улс төрийн ээлжит жүжиглэлт болох вий гэсэн болгоомж байна.

-Яагаад?

-Ер нь эдийн засгийн үр ашгийн хувьд улс орны хэрэгцээндшатахуун үйлдвэрлэх хэмжээний түүхий газрын тосыг манайх олборлож чадахгүй байгаа. Одоогийнхоо олборлож буй хэмжээндээ тохирсон үйлдвэр байгуулъя гэвэл жижиг оврынх байна. Энэ нь байгаль орчин экологид хортой, хоцрогдсон технологийг ашиглаж үйлдвэрлэл явуулна гэсэн үг. Манайд олон газрын тосны үйлдвэр байгуулах санал ирдгийн дийлэнх нь иймэрхүү бага оврын үйлдвэрүүдийг барьж ашиг олох гэсэн хувийн хэвшлүүдийн санал байдаг.

Манай газрын тосны онцлог, химийн найрлага нь өөр, лаа шиг өтгөн л дөө. Тэгэхээр ийм газрын тосыг нэрдэг технологийн арга нь хаана байдаг юм бэ гэдгийг бас харгалзах хэрэгтэй. Түүхий эдээ хаанаас авахаас хамаараад үйлдвэрийн технологийн сонголт яригдах ёстой. Гэтэл түүхий эдийн сонголт ерөөсөө хөндөгдөхгүй байгаа нь судлаачдын анхаарлыг татаад байгаа юм. Тийм байтал үйлдвэрээ түрүүлж яриад байгаа нь популист амлалтын нэг гэж харагдаж байна.Уг нь хамгийн түрүүнд түүхий эд, үйлдвэр байгуулах байршлаа шийдэх асуудал гарна. Том, бага үйлдвэрээ зарчмын хувьд төр шийдчих ёстой. Манай улс үнэхээр газрын тосны үйлдвэр байгуулах юм бол аж үйлдвэрийн хөгжлийн бас том алхам болно. Химийн үйлдвэр хөгжих үндэс суурь тавигдана, аж үйлдвэрийн хөгжил нэг шатаар ахих том алхам болно. Иймд тасралтгүй түүхий эдээр хангах, тасралтгүй боловсруулсан бүтээгдэхүүнийг нь эргэж ашигладаг байх үйлдвэрийн шат дамжлагуудаа бодож аж үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалтыг цар хүрээгээр өргөн хүрээнд харах ёстой.

-Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь монголчуудын мөрөөдөл байсаар ирсэн. Монгол Улс өнөөдрийг болтол нефть нэрэх үйлдвэртэй болж чадаагүй байгаа нь хоёр хөршийн нөлөө байсан уу?

-Манайх газрын тосны дамжуулах хоолойн хувьд геополитикийн боломжоо алдчихсан байх талтай. Яагаад гэвэл 1990-ээд оны үед манайхыг дайруулаад хоёр хөрш маань хийн хоолой дамжуулах зам тавих тухай яригдаж байсан ч тойруулаад хоёр хөрш манайхтай манайхгүй газрын тосны дамжуулах хоолойгоор холбогдчихлоо. Ер нь өнөөдөр бид хэн нэгнээс өө хайж байхаар өөрсдөөсөө алдаагаа олох хэрэгтэй. Манайх улс төрийн зоримог шийдвэр гаргаж чадахгүй байгаа юм. Газрын тосны салбар бол шатахуун, түлш импортлогч хувийн компаниудын асар их нөлөөнд автчихсан. Төрийн бодлого энэ салбарт нөлөө багатай бараг хэрэгжихгүй байгаа юм. Бензин, шатахуун импортолж байгаа хэдэн компаниудаа торгож ч чадахгүй байгаа биздээ. Нөгөө 17 тэрбум төгрөгөөрөө торгож чадахгүй байсан шүү дээ. Хамгийн гол нь газрын тосны салбар цэвэр стратегийн ач холбогдолтой асуудал хөндөгддөг. Үйлдвэрлэл, зах зээл, борлуулалт, газрын тосны геологи хайгуулын ажил гээд хэвтээ, босоо чиглэлийн асуудлын нарийн уялдааг хангах төрийн бодлого хүчтэй байх ёстой.Аюулгүй байдлын гол асуудлын нэг тул ҮАБ зөвлөлөөр яригддаг стратегийн бодлогын хэсэг шүү дээ. Зүгээр нэг газрын тосны бүтээгдэхүүнээ гаднаас оруулж ирээд үнэ нэмээд зардаг 1990-ээд оны наймааны хууль журмаар одоо яваад байдаг. Ерөнхийдөө хэдхэн компани монопольт байдлаа хадгалж үлдэх гээд улс төрийн намуудад хүчтэй лобби үзүүлж ирлээ.

-Монголд нефть боловсруулах үйлдвэр барих гэхээр”Роснефть” сүлжээгээ байгуулна гээд ороод ирдэг байх аа. Энэ нь ямар учиртай юм бэ?

-“Роснефть” сүлжээгээ байгуулах хэд хэдэн санал манайд тавьж байсан. “Роснефть”-ийн санал 2006 оноос хойш яригдаж байна. Үүнийг бодож үзэх хэрэгтэй, өрсөлдөөнийг нэмэгдүүлж үнийг буулгах давуу талтай тул дэмжих хэрэгтэй байгааг ард түмэн одоо харин ойлгож байх шиг байна. Импортлогч компаниуд тухай бүрд улс төрийн намуудад нөлөөлөөд дотоодын зах зээлийг хамгаалах нэрийдлээр аль болохоор Роснефтийн колонкуудыг хязгаарлаад байсан тал бий.

-Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудал яригдаж байхад Оросоос түүхий эдээ авна гэж байсан биз дээ?

-Манай улс энэ том төслийг унагасан нь харамсалтай явдал болсон. С.Батболдын Засгийн газрын үед Т.Намжим гуайн газрын тосны үйлдвэр байгуулах энэ төслийн ТЭЗҮ-г Тоёота инженеринг компаниар хийлгүүлсэн байсан. Тэр төслийн гол давуу тал нь Японы талаас 85 хувийн санхүүжилтийг шийдчихсэн байв. Үлдсэн хөрөнгийг Монголын Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэйгээ нийлж төсөлд хамтарч оролцох санал байсан. Япончууд судалгаа сайтай. Тиймээс оросууд тэдэнд найдаж, түүхий эд нийлүүлэх санамж бичиг байгуулж байсан. Энэ бол хамгийн дорвитой бололцооны төсөл байв. Түүхий эдийн асуудлаа шийдчихсэн бол одоогийн шаталт сайтай шатахуун үйлдвэрлэх тэргүүлэх технологи хоёр хөршөөс түрүүлээд Монголд нутагших боломж байсан.

-Одоо манайх нефть нэрэх үйлдвэрээ байгуулчихвал дотоодынхоо түүхий эдээр хангаж дийлэхгүй гэж үү?

-Манайх бага хэмжээгээр нефть олборлож байгаа. Хамгийн гол нь үйлдвэр барих юм бол тасралтгүй нийлүүлэлт явуулах ёстой. Манайх хүрэн нүүрсний диваажин гэгддэг. Нүүрсээ сайн ашигламаар байгаа юм. Ялангуяа нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх аргаар нүүрснээс шатахуун гаргаж авдаг технологиуд бий. Бас шатдаг занар байна. Ийм түгээмэл түүхий эдээ боловсруулж, шатахуун гаргаж авдаг технологийг нутагшуулах хэрэгтэй. Өндөр үнэтэй ч нэг нутагшуулчихвал ирээдүйдээ үр өгөөж нь илүү. Тэр тал руугаа Энэтхэгийн зээлийг өргөжүүлэх нь илүү үр дүнтэй.

-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулчихвал ядаж бензин, шатахууны үнэ бууна биз дээ?

-Түүхий эд болон технологийн шийдлээс хамаарна. Дотооддоо үйлдвэрлэж байгаа нь хамгийн том дэвшил шүү дээ. Технологи нь нутагшина. Манай түүхий нефть хамгийн сайн чанарынх. Манай нэг судлаач дээж аваад Японы лабораторид очиж шинжлүүлсэн байгаа юм. Үр дүн нь физик, химийн шинж чанараараа тэргүүлэх хэмжээний чанартай гэсэн байдаг. Тийм чанартай түүхий газрын тосоо өөрсдөө боловсруулвал аж үйлдвэрийн хөгжил, газрын тосны салбарын хувьд шинэ үе эхэлэх болно шүү дээ. Зөвхөн үнэ ханшийн хямдыг харж болохгүй юм шүү. Боловруулвал олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авах бас бололцоотой.

-Бензин, шатахууны нөөцийг хувийн найман компаниар бүрдүүлэх эрх олгосон. Стратегийн бүтээгдэхүүнийг хувийн хэвшилд даатгадаг жишиг олон улсад байдаг юм уу?

-Дэлхийн практикт стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа нөөцийг бүрдүүлэх эрхийг төр нь өөрөө хариуцдаг. Тэвдсэн үедээ хувийн хэвшлээсээ худалдаж авах болж байна уу. Тиймээс олон улсын туршалгад нөөцийг төр өөрөө бүрдүүлэх ёстой. Манай улсын өнөөгийн нөхцөл байдлын хувьд хувийн хэвшилтэйгээ сайн хамтарч ажиллах хэрэгтэй болчихоод байгаа юм. Гэхдээ төр стратегийн бүтээгдэхүүнийг зохицуулах механизмаа сайн анхаарах хэрэгтэй.

-Шатахуун импортлогчид онцгой албан татварыг тэглэсэн ч бид ашиггүй ажиллана гэж байна лээ. Шатахууны үнийг чөлөөлж болохгүй юу?

-Үнэ хамаагүй чөлөөлөхөд хэцүү. Өөрсдөө хангалттай нөөцгүй, үйлдвэрлэлгүй учраас үнэндээ боломжгүй. 1990-ээд оны үед 20 дугаар тогтоолд 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг төрөөс үнийг зохицуулахаар тусгасан. Үүний нэг нь нүүрс. Гэтэл одоо болтол нүүрсний үнийг чөлөөлөхгүй байгаа шүү дээ. Үүнтэй адил газрын тосны бүтээгдэхүүний үнийг төрөөс чөлөөлдөггүй. Яагаад гэвэл түлш, шатахуун үйлдвэрлэдэг бааз суурь дутмаг байна. Хангамж тогтвортой биш байна. Өдрөөс өдөрт эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байна. Энэ салбар өөрийгөө нөхөн сэлбэх, тэтгэж дэмжих бололцоо нь үүсч байгаа. Харин биеэ даасан болсон цагт нь өрсөлдөөнийг нэмж болно. Яг ингээд хөгжөөд тодорхой бойжоод явж байх үед нь үнийг шууд чөлөөлчих юм бол эрсдэлд унагана. Түлш эрчим хүчний салбар бол эдийн засгийн суурь салбар. Энэ салбар доголдвол Монгол Улсын эдийн засаг өөрөө сууриараа асуудалтай болно гэсэн үг. Ер нь бол 1990 оноос хойш бодлого дэс дараалал алдагдсанаар түлш, эрчим хүчний салбарын асуудал доголдолтой болчихоод байгаа юм. Үүнийг түрүүлж шийдсэн цагт аж үйлдвэрийн салбарууд дагаад хөгжөөд явчихна. Тэрэнд маш их хөрөнгө оруулалт зардал шаардлагатай байдаг.