Categories
мэдээ улс-төр

Сангийн яамны ТНБ-ийн даргаар С.Наранцогтыг томиллоо

Image result for Сангийн яамны ТНБ-ийн даргаар С.Наранцогтыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, АМГТГ-ын даргаар Х.Хэрлэнг тус тус томилжээ.

С.Наранцогт нь МУИС, Сөүлийн их сургуулийг тус, тус төгссөн, Физик, математик PhD докторын зэрэгтэй. Сангийн яам, БСШУЯ, Хөдөлмөрийн яаманд газрын даргын албыг тус, тус хашиж байсан. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байжээ.

АМГТГ-ын даргаар томилогдсон Х.Хэрлэн нь тус газрын Кадастрын хэлтсийн дарга, ‘Монгол Шуудан’ компанийн ТУЗ-ийн дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга, ‘Дарханы төмөрлөгийн үйлдвэр’ ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашиж байжээ.

Categories
мэдээ спорт

ШУУД LIVE: Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна

НЭМЭЛТ: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөж, долоогийн даваа эхэллээ. Их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгаран үлдэв.

Зургаагийн даваанд улсын аварга Ч.Санжаадамба улсын заан Б.Батмөнхийг давж, улсын арслан П.Бүрэнтөгс улсын харцага Цацабширийг орхиж, улсын арслан Ц.Содномдорж улсын заан Н.Түвшинбаярыг, улсын харцага Б.Бат-Өлзий Т.Баасанхүү харцагыг тус тус өвдөг шороодуулан их шөвөгт шалгарч үлдлээ.

НЭМЭЛТ: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ. Энэхүү даваанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын заан Б.Батмөнх, Н.Түвшинбаяр, улсын харцага Цацабшир, Б.Бат-Өлзий, Т.Баасанхүү нар шалгарч үлдээд байна. Үүнээс улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Баасанхүү нар тунан үлдэж, хүч үзэж байна.

17 жарны “тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан эхэллээ. Уг барилдаанд улс аймгийн алдар цолтой аварга арслан гарьд заанууд бүгд барилдахаар Монгол бөхийн өргөөнд иржээ. Улсын аваргуудыг магнайлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр, арслангуудыг магнайлж, Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс, гарьдуудыг магнайлж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, заануудыг магнайлж, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын заан Д.Бумбаяр, харцагуудыг магнайлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ш.Уламбаяр, начингуудыг магнайлж, Булган аймгийн Могод сумын харьяат улсын өсөх идэр, өргөн дэлгэрэх начин Э.Энхбат нарын хүчит 256 бөх зодоглож байна.

Наадмаас хойш заалны нэг ч барилдаанд ороогүй Ц.Содномдорж арслан хүртэл уран мэхийг уралдуулан хийхээр ирсэн харагдав. Түүнээс гадна яг одоо идэвхтэй барилдаж байгаа бүх аварга, арслан, гарьд, заан цолтонгууд нээлтэнд жагсаж, гандан тэгчилэн хийдийн лам нар 4 уулаа аргадаж ном уншсанаар өнөөдрийн барилдаан ийнхүү эхэлж байна.

Хүчит 256 бөх зодоглож, наадмаас дутахгүй чансаа өндөртэй болдог уг барилдаан 1963 оноос тасралтгүй зохиогдож байгааа бөгөөд анх 64 бөх барилддаг байсан бол 1971 оноос 128 бөх 1991 оноос 256 бөх барилддаг уламжлал тогтоод байна.

Өнгөрсөн жил болсон уг барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, тухайн үед аймгийн арслан байсан одоогийн улсын харцага байсан О. Хангай үзүүрлэж байсан. Түүний хувьд улсын цолгүй байхдаа түрүүлсэн анхны бөх юм. Цэргийн хурц арслан цолтой байхдаа тэрбээр түрүүлснээс хойш 3 удаа түрүүлээд байгаа юм.

Тэгвэл бүх цаг үеийн түүхэнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1988-2002 оны хооронд 15 жил дарааллан шөвгөрч дээд амжилт тогтоосон байдаг байна. Харин Х.Баянмөнх аварга 18 удаа шөвгөрч байсан нь хамгийн олон удаа шөвгөрсөн тохиолдол юм.

Одоогийн байдлаар Хэнтий 13 түрүү, Төв 12 түрүү, Увс 11 түрүү, Өвөрхангай Архангай аймгууд тус тус 5 түрүү аваад байна.

Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тухайн жилдээ баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа давтагдаж байсан бөгөөд хамгийн сүүлийн жишээ нь аварга Г.Эрхэмбаяр билээ.

Categories
мэдээ спорт

Монголын тамирчид өнөөдрөөс өрсөлдөнө

Түрүү долоо хоногт эхэлсэн өвлийн олимп амжилттай үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр манай тамирчид өөрсдийн төрөлдөө тэмцээнээ эхлүүлнэ.

Манай улсыг төлөөлж гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр ОУХМ Ч.Отгонцэцэг 14:30 цагаас Алпенсиа төвд уралдах юм. Түүний хувьд гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд уралдана. Манай тамирчин нь Сочи 2014 олимпид мөн уралдаж байсан туршлагатай билээ.

Тэрбээр өнгөрсөн онд ДАШТ-ий В ангилалд шагналт дөрөвдүгээр байранд орсон амжилттай юм. Цанын багийн дасгалжуулагчаар ОУХМ Х.Хаш-Эрдэнэ ажиллаж байна.

Харин үлдсэн нэг тамирчин болох ОУХМ Б.Ачбадрах 16-ны 14:00 цагаас уралдах хуваарьтай байгаа. Түүний хувьд мөн В ангилалын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Ууц тавих ёс

Image result for Ууц тавих ёс

Монголчуудын төр ёсны их баяр нь цагаан сар билээ. Хаврын тэргүүн сард шинэлэх болсон тухай сурвалж бичигт тодорхой гарахын дээр монголын эртний улс төрийн бодлогын их ухааны бичиг Дөрвөн төрийн арван буянт номын цагаан тvvх» хийгээд бусад хууль цаазын бичигт бас бататган дурдсан байдаг. Мөн цагаан сарын баяр нь монголын нэгдсэн төр улс байгуулагдсан түүхэн үе цагтай ихээхэн холбоотой аж.

Хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар есөн хөлт цагаан тугаа тахиж их хуралдай хуралдах болсоноос нааш Монгол Улсын харъяат аймгуудын олон ван түшмэд хаврын тэргүүн сарын эхээр бэлэг хүргэн ирж шинийн ёсоор хааны амгаланг эрдэг ёсон тогтсон тухай Рашид Ад Дин тэмдэглэсэн нь буй. Цагаан сарын ёслол нь битүүлэх ба шинэлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх ба битүүлэх ёс нь хуучин оныг үдэх ,шинэлэх ёс нь шинэ оныг угтах ёслол юм.Энэ өдөр монголчууд аль болох элбэг дэлбэг байхыг хичээдэг нь тэр жилийнхээ амьдралын сайн сайхныг бэлэгдэн буй явдал юм.

Цагаан сарын их ёслолын нэг чухал зүйл бол дайллагын ёс бөгөөд тэр дундаа бүхэл махаар дайлах ёсны тухай энд авч үзье.

Монголчуудын бүхэл махан зоогийг зум, их бүхэл, бага бүхэл хэмээн гурав хувааж болно. Орчин үед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс, шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Дайллагын ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина. Бүхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хүзүү,сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мөчнүүдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан, дээрээс нь ууцаараа бүтээж, хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Махны эх тал гэдэг нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн үзүүр ,босоо ясны газар руу хандсан талыг хэлж байггаа юм. Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битүүний орой гэрийн эзэн есөн хөндлөнг /толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал / хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хүмүүстээ тарааж өгнө. Ууцыг зайхдаа зүүн гараа сүвэрдгэн талаас нь барьж, баруун гараараа уг талын талын намилхайг зvсэж баруун талд нь буулгаж тавина. Ууцыг зөвхөн гэрийн эзэн буюу хүндэт зочин эрэгтэй хүн зайдаг уламжлалтай.

Ууц махыг зөвхөн цагаан сараар ч бус ямар ч үед хvндэт зочныг дайлдаг хvндэтгэлийн зоог болно. Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг. Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггvй. Ерөөс ганц мах хvнд өгдөггүй. Иймээс ууцан дээр дөрвөн өндөр хавиргыг зүсэж өөд өөдөөс нь харуулж намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал/ хүзүү тавьж болно/ нөгөө талд нь сээр, хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг. Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ. Харин үүн дээр хамар ,чихний дээд угийг шар тосоор чимсэн битүү толгойг нэг шийрийн хамтаар нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хүнд өгөх ёсны дагуу тавих бөгөөд ууцныхаа зүүн гар талд нь толгойг, нөгөө талд нь шийрийг тавина. Ийнхүү тавьсан ууц бүтэн шүүсийг орлодог бөгөөд дээдлэн үзсэн онцгой хүндэтгэл бүхий зочиндоо зориулав. Дэд хүндэтгэлд өвчүү орох боловч тэр болгон хүнд тавьдаггүй. Хэрвээ хүндэтгэвэл зохих эмэгтэй хүн ирвэл өвчүүгээр дайлах ёстой. Өвчүүг дагуулж цорой гургалдай, бугалга, богтос зэргийг тавьдаг уламжлалтай.

Categories
мэдээ нийгэм

Шинийн хоёрон, гурванд цас орж, цасан шуурга шуурна

Image result for Шинийн хоёрон, гурванд цас орж, цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагаас гаргасан хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр шинийн 2-нд баруун болон төвийн нутгаар, шинийн 3-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хот, хөдөөг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Иймд иргэд та бүхэн хөдөө, орон нутгийг зорихдоо гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, бэлтгэл, бэлэн байдлаа сайтар ханган холын замд гарахыг онцгойлон анхааруулж байна.

Иргэн та дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг сайтар хангахаа мартуузай.

Мөн холын замд гарахдаа аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж заншихыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Битүүлэх ёс, заншил

Image result for битүүлэх ёс-БИТҮҮНИЙ ӨДӨР ГЭРИЙНХЭЭ БАРУУН ТОТГОНЫ ДЭЭР ЦАГААН ЧУЛУУ ЮМ УУ, ЦЭВЭР УС, МӨС ТАВЬДАГ-

Цагаан сарын шинийн нэгнээс өмнө цагаалж, золгохын урьдтай, битүүлэх ёсыг ёсолдог. Энэ нь билгийн улирлын арван хоёрдугаар сарын 30 буюу бага сарын 29 гэсэн үг. Бидний бодлоор энэ нь эртний “Хувь сар”-ын ой дурсамж юм. Байгаль ертөнцийн эл үзэгдлээр уламжлан “Лавай” хэмээх өвлийн адаг сарын 30-ыг буцаж байгаа буурал жилийн отголох өдөр буюу хуучин оны битүүрэн хангирсах цаг хэмээн бэлгэдэн сэтгэж, тэрхүү бэлгэдлийг бас зан үйлээр бататган үдэх ёс заншилтай байжээ. Чухам эндээс “битүүлэг”, “битүүлэх ёс”, “битүү хоол” идэх зан дадгаал гарчээ.

“Битүү хоол” гэдэг маань голдуу мах шүүсэн идээ, бууз, банш, хуушуурыг хэлнэ. Битүү хоол идэх заншил нь удам угсаа, нутаг усаараа ялгаатайг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, Говь Гурван Сайханы орчим нутгийнхан битүүний орой бууз жигнэхээсээ илүүтэй хуушуур хайрахыг чухалчилдаг. Учир нь шинэ он гарч, өвлийн Лхам буюу Гүнжилхам бурхан морилохоос өмнө гэрийнхээ муу сайныг хиншүү гарган үлдэн хөөж байгаа утгатай юм гэнэ.

Ийм учраас битүүний орой хангирсан одогч хуучин оноо энх түвшин, ёс намба төгөлдөр үдэж, шилжрэн ирэгч шинэ жилээ угтан тосох цагийн бэлчир дээр байгаагийн бэлгэдэл утга мөн. Бүр ойртуулж хэлбэл буцаж буй буурал жилийн отгон өдөр, бууж буй буянт жилийн ууган өдөр улиран солигдохыг бэлгэшээн өнгөрүүлнэ гэсэн үг.

Битүүний орой өдрийнхөө үйл ажлыг шаламгайлан гүйцээж, хонь малаа хотлуулан, гэрийн эзэн идээлэх умдаалахынхаа өмнө сайн зүгийн эздийг урьж, гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу юм уу, цэвэр тунгалаг цас мөс гурвалан тавьж, зүүн тотгон дээрээ муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаан өргөс харгана тавьдаг байна. Үүнийг хожим бас Лхам бурхны хөлөг унаа хонгор халзан луусны уух ус, идэх өвс ч гэж тайлдаг болсон билээ.

Битүүлгийн идээ будаагаа базаан зэхэж, эхлээд гэртээ битүүрнэ. Өтгөс бууралдаа олбог дэвсгэрээ дэвсэн, эртгэр хөлтэй ширээгээ засч дээр нь идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш дэслүүлэн өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ нар зөв эргүүлэгтэй эхэлж аягалан барьдаг.

Аав ээж, ах дүү, охид хөвгүүд, бэргэд дараалан сууцгааж, цөм товч бүчээ бүрэн товчилж, малгайгаа өмсч энэ ёсыг ёсолдог учиртай. Хойморт заларсан буурал хаяатнууд нь намраас нөөцөлсөн халаасан айраг бахдан шимж, “дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тааруулж балга, жар хүрээд жаргаж хүрт” /энд “уу” гэдэг үг алга байгаа/ гэдэг ёс эрэмбийн дагуу тэдэнд ерөөл айлтгаж, архи сархад хүртээдэг ажээ.


-БИТҮҮНИЙ ӨДӨР ЦЭЭРЛЭХ ҮЙЛ-

-Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлчийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Мөн айлд хоновол сүнс төөрнө гэж үздэг. Гэрийн эзэн гэртээ байх нь гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.

-Битүүний өдөр нохой зодохыг цээрлэдэг. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдоно гэдэг. Харин цадтал нь хоолло.

-Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл яр шарханд баригдана.

-Гэр орон харанхуй байх, хувцсаа гадаа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэж, чөтгөр хорлоно хэмээн үздэг.

-Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Энэ нь ирж буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэх учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.

-Гэртээ хэрүүл хийх, өндөр дуугаар орилохыг цээрлэдэг. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй.


-МОНГОЛ НААДГАЙ “АЛАГ МЭЛХИЙ”-

Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний өдөр хүүхэд багачууд насанд хүрэгчдийн удирдлагын дор шагайгаар “Алаг мэлхий өрөх” хэмээх тоглоомоор наадан ирсэн сайхан уламжлалтай билээ.

Алаг мэлхий нь 92 шагайнаас бүрдэх бөгөөд хааш хааш зургаа үелсэн бүгд 36 шагайг нуруу хэмээн өрөөд, түүнийхээ дөрвөн үзүүрт тус бүр дөрвөн шагайнаас бүрдэх дөрвөн шилбэнд бүгд 16 шагай, мөн дөрвөн тавхай тус бүр тав, бүгд 20 шагай, дээд талд нь хүзүүнд зургаа, хошуунд гурав, хоёр нүд, хоёр чих, доод талд сүүлний гурван шагайг, бөөрний хоёр, зүрх, давсагны нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө.

Бөөр, зүрх, давсгийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлэн нуруу хэмээн нэрийдэж өрсөн шагайн дээр байрлуулдаг ёстой. Цагаан сарын өдөр тоглоход үүнээс гадна толгой талд улаан будагтай дөрвөн шагайгаар дугуйлан өрж, сүүлийг хар будагтай гурван шагайгаар хийдэг. Мөн зүүн гар талд хөх будагтай таван шагайг нум сумны сүүл хэлбэртэй өрөөд мод гэж нэрлэн, баруун хажуугаас нь тэр сумны үзүүр цухуйсан шинжтэй гурван цагаан өнгийн шагай өрөөд төмөр гэж нэрлэн бас дөрвөн сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг.

Ийнхүү цагаан сарын үед нийт 108 шагайгаар тоглодог байна. Шинийн нэгэнд уламжлалт арван хоёр жилийн тоолол ёсоор учран зоолгож буй жилтэй ижил жилтэй хүн буюу жил нь орсон хүн эс олдвол түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаараа шоо хаяг нэг нүх буувал алаг мэлхийн дөрвөн сарвуун дээр тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны аль нэгийг, гурван нүх буувал дөрвөн сарвуу хэмээн тавьсан шагайнаас дөрвийг буюу галыг, таван нүх буувал мод хэмээгдсэн шагайг тус тус авч тоглодог ажээ.

Хэрэв шооны нүхний тоонд тохирсон шагайг хүн авчихсан байвал мэлхийний эх бие хэмээн өрсөн шагайнаас аль тохирох тоотойг авна. Жишээлбэл, нэг нүх буувал зүрх буюу давсаг, хоёр нүх буувал нүд, чих, бөөр гурвын аль нэгийг, гурван нүх буувал толгой, дөрвөн нүх буувал дөрвөн шилбэний аль нэгийг, таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэгийг, зургаан буувал хүзүүг буюу зургаан нурууны аль нэгийг тус тус авна.

Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их хамба Д.Чойжамц: Буян чуулганыг хурааж, нүглийг тэвчиж, ажил хөдөлмөр эрхэлбэл амьдрал сайхан байна

Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн босгон дээр Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Гавж Д.Чойжамц монгол түмэндээ зориулж ерөөлөө айлдлаа. Их хамбын айлдварыг толилуулж байна.

Нохой жил сайхан жил болно гэж бэлгэшээж байна. Цагаан сараар айл бүрийн тавгийн идээ тэргүүтэн дүүрэн байдаг нь монголчуудын буян заяа бялхалж байгаагийн илрэл билээ. Үүндээ сэтгэл хангалуун байж, энэ идээ будаа цэвэр ариун зүйлийг бусадтайгаа хуваалцаж, бэлэг сэлтээ түгээсэн өглөөгөөр шинийн 1-нээр сар шинийн баяр маань эхэлдэг уламжлалтай. Гурван төрлийн өглөг байдаг. Эхнийх нь эд эдлэгийн өглөг. Ийм өглөг өгсөн хүний цаад хүч нь өөрөө баян тансаг болдог гэсэн бэлгэдэлтэй. Тиймээс монголчууд өглөгийг их чухалчилж байсан. Бас сайхан урам зориг оруулах өглөг гэж байна. Гутруу яваа нэгнийгээ амьдралд нь тэнцүүлээд өндийлгөөд явж байгаа нь энэрэнгүйн сайхан өглөг.

Бие, хэл, сэтгэл гурвын үүднээс бусдадаа зөвлөгөө өгсөн, амьдралд нь тэнцүүлсэн, цаашдын зам мөрийнх нь чигийг заасан сургаалиа айлдаж байгаа бол бас нэгэн өглөг бөлгөө. Ертөнцийн бодит байдлыг танин ухуулж байгаа гэдэг бол өглөг байдаг. Монгол түмэн минь шинэ жилийн өглөө үр хүүхдээ үнсээд, хайрлаж, энэрч, нигүүлсэнгүй өглөг тэргүүтэй бие биедээ хандаж, сар шинээ бэлгэ дэмбэрэлтэйгээр угтаарай. Ялангуяа үр хүүхдүүддээ анхаарал тавьж, халамжаа бүү сулруулаарай. Тэд бол бидний ирээдүй юм шүү.

Энэ ертөнц дээр хүн сайхан амьдарна гэж бодох юм бол дараахь зүйлсийг монголчууд эрхэмлэдэг байсан юм. Хамгийн түрүүнд урт настай удаан жаргалтай байхыг хүсдэг. Ганцхан өөрөө биш, гэр бүлээрээ урт настай байх юм бол удаан жаргалтай байдаг. Зөвхөн урт нас байсан төдийгөөр биш, өвдөж, хавдаад байх юм бол жаргаж өгдөггүй. Тиймээс өвчингүй байхын төлөө тэмцэж, зүтгэдэг. Өвчингүй байх, урт наслахын тухай хамгийн бага эгэл зүйл дотор байдаг юм гэж бурхан багшийн сургаалд бий. Энэ бол идэж уух, хоол, хувцас гээд энгийн тэргүүтэй зүйлээс шалтгаална. Тиймээс үүнийгээ сайтар анхаарч, тунгааж явбал гэр бүлээрээ, хамт олноороо бүгдээрээ урт настай, өвчин зовлонгүй байна. Хүн төрөлхтөн сайхан амьдаръя гэж бодох юм бол барцад гэдэг зүйлээс хамгаалахыг боддог. Амьдралыг хорлодог архи, тамхи, осол аваар, хэрэг түвэг, зүйлүүдийг байнга санаж, “Би ийм муухай зүйлийг хийх юм бол өөрөө болоод гэр бүлээ сүйдэлчихнэ шүү дээ” гэдгийг санаж байх, мэдэж байх хоёроор хөллөж амьдралын саадаас өөрийгөө хамгаалж явах учиртай байдаг. Тэрний дараа эдийн засаг ордог. Өөрийн амьдралд хүрэлцээ муутай эдийн засагтай бол бусдыгаа татаад унагадаг. Бас нас богинодох талтай. Тиймээс ажил хөдөлмөрөө зөв сайхан хийж, хуримтлал үүсгэж, гамнаж, хэмнэж, эдийн засгаа өөрийнхөө амьдралд хүрэлцээтэй болгох ёстой. Энэ бүхэн таны амьдралд бүрдэх болтугай гэж ерөөл дэвшүүлье.

ЦАГААН САР БОЛ ЭВ НЭГДЛИЙН БАЯР

Хуучин цагт цагаа сар шашин төрийн баяр байсан. Сүүлийн үед нийтээрээ тэмдэглэдэг боллоо. Энэ бол эв нэгдлийн баяр. Ахмадаа эхэлж хүндэтгэн, үр хүүхдээ асарч, найз нөхөдтэйгээ найрсаж, хамаатан саднаа таньдаг баяр. Өсч үржиж байгаа үед бие биенээ танихаа байдаг. Шинээр мэндэлсэн хүүхэд, танилцаагүй байгаа хүмүүстэйгээ танилцаж, нэг нэгийгээ мэдэлцэх баяр бол цагаан сар. Тиймээс сар шинийн өдрүүд бол монголчуудад эрхэм чухал уулзалт байдаг. Энэ баяр цус холилдох болоод элдэв зүйлээс сэргийлэх ач холбогдолтой. Тэрнээс гадна зан заншлын баяр юм. Шинийн 29-нд гэр орноо цэвэрлэдэг. Мөн өр төлөөсөө төлдөг. Битүүний өдөр сар арвидаж эхэлдэг. Шинийн найман болоход сар тал дугуй болдог. Улам арвиссаар тэргэл буюу бүтэн болно. Үүнээс хойш дахин хомстоод, шинийн 22 гэхэд яг тал дугуй болдог. Битүүн гэдэг нь сар битүүрч, харагдахгүй болдог үе юм. Тийм учраас тэр өдөр битүүнийхээ баярыг эхлүүлдэг учиртай. Хуучин оныхоо ажил үйлсийг дүгнээд зочин гийчнээ урьдаг. Сэтгэлд зөрүүтэй маргалдаж барьсан зүйл байвал хөөрөг зөрүүлж эвлэрч хуучин ондоо цагааддаг юм. Золгож, бэлгэ дэмбэрэлийн сайхан үг хэлдэг. Таван мэдэлд зориулсан сайхан идээ будаагаа засч, ахмадаасаа эхэлж золгон хүндэлдэг шүү дээ. Нүдэнд нь сайхан дүрс, чихэнд сайхан дуу, аманд нь сайхан амт, хамарт сайхан үнэр буюу арц хүж уугиулан үнэртүүлэх хэрэгтэй. Харин энэ биенд нь хэв хадаг гэдэг. Хадгийг гадаа хөдөө уяж хаядаггүй. Хадаг тогтвол буян тогтдог гэдэг яриа бий. Дээр үед хадгаар эд бараа худалдаж авдаг байв. Хүндэтгэлийн эдийг мэдэхгүйгээс болоод өнөө цагт хаа хамаагүй хаядаг болжээ. Хадгийн үйлдвэрлэгч нь ч үүнийг мэдэхээ байжээ. Хэв хадаг биед их зөөлөн мэдрэмж өгдөг. Бие хэл сэтгэл гурваараа биендээ сайхан харьцсан, дээл бүсээ бүсэлж товчилсон, малгайгаа сайхан түвшинд тавьсан, айлд орохдоо бол нүдний харц эхлээд хоймор өөд харж, дараа нь бусад улсуудтай мэндэлдэг. Цагаан сараар бэлгэ дэмбэрэлгүй зүйл амнаасаа унагаж огт болохгүй. Муу үг хэлдэг хүнийг сар шинээр дахин гэртээ урьдаггүй. Би багадаа ийм явдал нэг удаа харсан юм. Тиймээс монголчууд бие, хэл, сэтгэл гурвын үүднээс эв нэгдэл, буян чуулганыг хураадаг, нүглийг тэвчдэг ийм сайхан баяр юм. Энэ сайхан баяртаа бэлгэ дэмбэрлээ дээдэлдэг. Ер асар том дэлхийд амьдарч байгаа монголчууд дархлаа суулгах ёстой. Энэ биеэ авч явж байгаа байдал бидний идээ будаа, ямба ёслол ирээдүйд залгамжлан үлдэх ёстой. Цагаан сар, Наадам нь энэ талаасаа гайхамшигтай болдог баяр. Торгон дээлээ өмсөөд, нэг өдөр ч болов монгол хүн болоорой. Энэ даяаршиж буй ертөнцөд энэ бол ховор үзэгдэл боллоо. Европын орнуудад дуурьд л хуучин хувцас хунараа хардаг болсон байх жишээтэй. Харин бид өнөөг хүртэл уламжлалаа хадгалж ирсэн, үндэсний дээл хувцсаа өмсч байгаа нь сайхан.

ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН ӨНГӨ

Бид хүн төрөлхтний жилийн эхлэлийг тавиад зурхайгаар бодоод одон гаригс хоорондын шүтэн барилдлагыг үндэслэж ямарваа нэгэн юмыг зурдаг боловч хүн өөрөө хичээвэл бүхнийг даван туулж чадна. Нохой жилийн өнгийг сайхан болно гэж бэлгэшээж байгаа. Гэхдээ зарим үед ган гачигтай харагдсан. Ахмадууд эрүүл мэнд, биедээ болгоомжтой байхыг зурхайд зурагдсан байгаа. Мөн малчид их хянуур байх хэрэгтэй. Мал бусдын мэдэлд орж мэдэхээр байна. Тиймээс малдаа нэлээд анхаарал тавиарай. Бид өөрсдөө зүтгэвэл муу зүйлийг үгүй болгох нь ертөнцийн хууль. “Чи төгс гэгээрсэн бурхны хутгийг олж болно” гэж бурхан багшийн айлдсан байдаг. Бие, хэл, сэтгэл гурвын хөгжил дэвшил ирдэг юм гэдгийн үндэс. Тиймээс сайн сайхан явахыг бид өөрсдөө мэднэ. Буян чуулганыг хурааж, нүглийг тэвчиж ажил хөдөлмөр эрхлэх юм бол амьдрал сайхан байх учиртай. Ирж буй жилдээ эв түнжинтэй, бие биедээ хүндэтгэлтэй, сайхан үг хэлэхэд гадна талын ертөнц над руу хардаг болдог. Муухай үгээр давшиж дайрч, муухай харах юм бол тэндээс яг л тийм хэмжээний хариу ирдэг нь хүн төрөлхтний араншингийн хууль юм шүү. Тиймээс бусадтай, үр хүүхэд, хамаатан садантайгаа хичнээн сайхан ухаанаар эвсэг хандана, тэр ертөнц буцаад эвсэг хандах юм байгаа. Тийм учраас та бүхэндээ эвтэй зүйтэй, урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, харшлах зүйлгүй, архи, тамхи тэргүүтэй зүйлээс ангид, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг, үр хүүхэд өнөр өтгөн байхын хамгийн сайхан зүйлийг хүсэн ерөөе.

НОДЛИНГООС НОХОЙ ЖИЛИЙНГ ХҮРТЭЛ УЛС ОРНЫ ХЭМЖЭЭНД ИХЭЭХЭН ӨӨРЧЛӨЛТ ГАРГАСАН ЖИЛ БОЛЛОО

Их хамбатан XVII жарны тийн унжлагат хэмээх нохой жилийн босгон дээр монгол түмэндээ дэвшүүлсэн айлдвартаа өнгөрсөн жилийн үр дүнг ч сонирхуулсан юм. Өнгөрсөн жил Монгол орны хөгжил дэвшсэн, ард түмний амьдрал дээшилсэн, засаг төр нь цэгцэрсэн сайхан жил байлаа. Монгол оронд ихээхэн өөрчлөлт орсон.

1990 оноос хойш үзэгдээгүй өөрчлөлт боллоо. Миний багадаа мэдэх Ленин клуб, Ард кино театр гээд ярихаар одоогийн залуус ойлгохоо байж. Улаанбаатарын зам харгуй их сайхан болж байна. Сүүлийн 20 гаруй жилд Монгол орон хөгжиж дэвшлээ. Гэхдээ нодлингоос нохой жилийнг хүртэл улс орны хэмжээнд ихээхэн өөрчлөлт гаргасан жил боллоо гэж бодож байна. Хүмүүсийн ярьж байгаа, сонин хэвлэл, цахим ертөнц зэргийг ажиглаж байхад их зүйл өөрчлөгджээ. Ер нь бол яриа хөөрөө хүртэл их өөрчлөгдлөө. 1990-ээд оны эхэнд Америк ингэдэг, Англи тэгдэг гэхээр бид тийм юм байхдаа гээд ангайж хардаг байсан. Тэр үе ард хоцорчээ. Тэр үед Засаг төр улс төрийн бодлогоо шууд явуулдаг байлаа. Харин одоо ард түмнээ сонсож, буруу зүйл хийвэл эргээд залруулдаг болжээ. Энэ нь жинхэнэ ардчилал руу орж байгаагийн шинж. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалыг харж байна. Энэ засаг төр бидний байгуулсан засаг гэж иргэд мэддэг боллоо. Хүмүүсийн үзэл бодолд өөрчлөлт гарч байна. Энэ бол дэвшил. Өнгөрсөн жилд улс төр, эдийн засагт сайхан өөрчлөлт гарсан. Өр ширээ эхнээс нь төлсөн. Жинхэнэ ардчилал руу орж, ард түмнийхээ үгийг сонсож байгаа нь их сайхан санагдлаа. УИХ-ын гишүүд юу ч хийж байсан бидэнд хамаагүй мэт байсан боловч одоо өөр болж. Тэгэхээр хүмүүсийн үзэл бодолд өөрчлөлт ихээхэн гарлаа. Намуудын хоорондын харилцаанд өөрчлөлт гарч байна. Энэ бол Ардчилсан орны эхлэл.

МОНГОЛЫН БУДДЫН ШАШИН ИРЭЭДҮЙТЭЙ БОЛЖ ХӨГЖИЖ ДЭВШИЖ БАЙНА

Шашны хувьд ч өөрчлөлт гарч байна. 1937-аад онд энэ орны дархлаа болсон коммунизмын мөр дээр тээглэсэн бүхнийг устгаж ирсэн. 1937 онд 1000-аад сүм, хийдээ устгуулсан. Энэ байдал 1990 оноос арилсан. Комминузмын үлдэгдлийг хэрэгтэй ч бай хэрэггүй ч бай бүгдийг нь устгалаа. Хүний эрх эрх чөлөө, байгаль хамгаалал гээд олон төрлийн нигүүлсэн, энэрэл улам сайхан болж төгөлдөржиж байна. 1990-ээд оноос бурхан шашны сүм хийдээ сэргээж, 20-30 хүн эхлүүлж байлаа. 1970-2000 он хүртэл шалиагүй шашны сургалт явагдаж байсан.

Өнөөдөр Энэтхэгт 700 гаруй хүн сурч байгаа. Чойрын ном үзэж байна. Энэтхэгт зургаан том хийд байдаг. Энэ жил Энэтхэгт 18 жил сурсан Монголын лам шалгалтаараа нэгдүгээр зэрэгт орлоо. Тэрнээс гадна таван гавж гарсан. Шашин сэргэж байгаа байдал харагдаж байна. Сүм хийдийг нураасан ажиллагааг Монголын удирдлагууд удаа дараа уучлал гуйж байлаа. Монголын хоёр сая хүн буюу 60 хувь нь энэ шашныг шүтэн, мөргөж, хүндэлж байна. Сүм хийдийн үйл ажиллагаа цэвэр, ёс зүйтэй байх ёстой. Ингэхдээ хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлана. Төр шашныг буруу явуулахгүй байх үүрэгтэй. Иймд сайхан сүм хийдүүд барьж байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлахдаа Цогчин дуганаар зочилсон юм. Тэрээр айлчлалынхаа үеэр Энэтхэгээс улбаатай, гүн ухаанлаг ийм сайхан шашин Монголд ирээд дэлгэрч байгааг дэмжинэ гэсэн юм. Цогчин дуганы голд нь залах таван метр өндөртэй Бурхан багшийн дүрийг хийж залъя гэсэн. Одоо Энэтхэгт ажил нь өрнөж байна. Төвдөөр дамжиж ирсэн тул шашны түүхийг бүрдүүлье гэж далай багшид ярьж, айлтгасан. Моди Ерөнхий сайд ингэж дэмжиж байна гэлээ. Иймд Богд ламын хөшөөг далай Багш бүтээж дэмжин бүтээлгэж эхэллээ. Гурван метр орчим өндөртэй Богд ламыг хоёр шавьтай нь Далай багш бүтээж өгч байна. Ирээд Монголдоо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид энэ бүхнийг дуулгахад Өндөр Гэгээн Занабазарын хөшөөг бүтээе гэсэн. Шашинд бол эрдэм соёлын олон сайхан зүйлүүд бий боллоо.

Дэлхийн буддын шашны Энх тайвны дээд хэмжээний хурал болдог. Намайг дөрвөн жилийн өмнө тэргүүнээр сонгосон юм. Тус байгууллагын олон улсын хурал саяхан Шри Ланка улсад боллоо. 47 орны Буддистүүд хамт хуралдаад ирлээ. Африкийн найм, Латин Америкийн гэх мэт орнуудаас төлөөлөл ирж, хуралд оролцлоо. Нигүүлсэл энэрэл, дэлхийд энх тайван тогтоох, хүүхдийн хүмүүжил, байгаль дэлхий гээд олон асуудлаар санал солилцлоо. Энэтхэгт мөн ийм үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага бий. Үүний удирдах зөвлөлд би багтан ажилладаг. Эдгээр нь бидний гадаад харилцааны салбарт хийж буй ажлууд юм. Үүнийг Монголын буддын шашины тэргүүнүүдтэй хамт орлоо. Энэ бол монголын буддын шашин ирээдүйтэй болж хөгжиж дэвшиж байгаа нэг гэрч юм. Гадаад дотоод харилцаа болоод бүтээн байгуулалтын хувьд Гандантэгчэнлэн хийд бол олон ажлуудыг хийлээ. Хамгийн сүүлд гэхэд Бяцхан Будда буюу Бурхан багшийн балчир үеийг дүрсэлсэн хөшөөг хийддээ заллаа. Цэцэрлэгийн хүүхдүүдэд эргэж тойрдог, тэндээ концерт тоглодог тийм сайхан ажил болж байна. Шашин төр хоёуланд нь сайхан үйл явдал үргэлжилсэн жил байлаа.

Categories
мэдээ улс-төр

Б.Пүрэвдорж: Засгийн газар, Их хурал урт хугацаанд тогтвортой шийдвэр гаргаж чадахгүй байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган хаалтаа хийсэн. Намрын чуулганы үр дүнг та хэрхэн тодорхойлох вэ?

-УИХ-ын дарга намрын чуулганыг хааж их гайхамшигтай үг хэлсэн. Харамсалтай нь иргэдтэй уулзахаар амьдрал хүнд байгааг ярьж байна. Түүнчлэн төрөөс явуулж буй бодлого, шийдвэр амьдралд нийцэхгүй байгаа. Ялангуяа УИХ-ын чуулганы үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал иргэдийн дунд дургүйцлийг төрүүлээд байгаа л даа. Үүн дээрээ Их хурал анхаарч ажиллахгүй бол болохгүй. Өнгөрсөн намрын чуулган бол зөвхөн томилгоонд хамаг цагаа зарцуулсан. Өөр нэг зүйл нь эрх баригч МАН-ын бүлгийн гишүүдийн хоорондын талцал хуваагдал үргэлжилсээр ард түмний эрх ашгийн төлөө явсангүй.

Томоохон бичиг баримтын тухайд Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэн баталсан. Гэсэн ч уг хууль нь зөвхөн МАН-ын гишүүдэд зориулсан хууль болсон. Түүнээс биш төрийн албыг тогтвортой байлгахад чиглэсэн юм биш. Эрх баригчид Ардчилсан намын чигийн хүмүүсийг бүгдийг нь ажлаас халаад өөрийн намын хүмүүсийг оронд нь байршуулж, дараа нь төрийн албанд гаднаас хүн авахгүй цоожлох тийм л хууль болсон. Оны эцэст Төсвийн тухай хуулийг баталсан ч төсвийн үрэлгэн зардал нэмэгдсэн. Хамгийн муухай нь төрийн үрэлгэн зардлаа ард түмэндээ татвар нэрээр нэмж ачаа болгон үүрүүлсэн. Дарга нарын тансаглал, үнэтэй машин, үнэтэй тоног төхөөрөмжийн зардал болон хувирсан.

-Та бол намрын чуулганыг үр дүн муутай болж өнгөрсөн гэж үзээд байгаа юм уу?

-Бодлогын түвшинд томоохон баримт бичиг орж ирээгүй. Сошиалаар ямар асуудал дэвэрч байна түүнд хариулт өгөх маягаар өдөр хоног аргацаасан зүйлийг Засгийн газар хийж байна. Үндсэндээ Их хурал тийм ч сайн ажилласангүй. Хүлээлтээс доогуур байгаа нь ил харагдаж байна шүү дээ.

-Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавьсан. Засгийн газрын үйл ажиллагаан дээр ямар дүгнэлт өгөх бол?

-Засгийн газар бидний хийсэн ажил гээд 32 зүйлийг дугаарлан гаргасан байна лээ. Тэдний ихэнх нь Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын үед хийгдэж эхэлсэн болон хийгдсэн ажлууд байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар алдаагүй сайн ажиллаагүй шүү дээ. Тиймээс тэдний алдааг засахын тулд дараагийн Засгийн газрыг байгуулсан. Шинэ засаг байгуулагдаад 100 хоног дээрээ С.Зоригийн хэргийг илрүүллээ гэж хийсэн ажилдаа хамаатуулж байх жишээтэй. Энэ хэрэг маргаан хэзээ яаж шийдэгдсэн юм бэ. Бүгд л мэдэж байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар С.Зоригийн хэргийг илрүүлсэн гэх ямар ч сэжимээр холбогдохгүй.

Засгийн газар ингэж ажилласан тэгж ажилласан гээд байгаа. Тэгээд хэний амьдрал сайжирчихсан юм бэ. Үнэхээр эргэлзээтэй. Хийсэн ажил тун цөөхөн байж, хийх ажлынхаа жагсаалтыг гаргачихаад бид хийсэн гээд байгаа нь эмгэнэл л дээ.

Уг нь Засгийн газар геополитик талаасаа хоёр хөрш оронтойгоо хамтран ажиллах зүйл дээрээ анхаарах ёстой. Хэрэгжих нь эргэлзээтэй зүйлс оруулж ирчихээд хөөрөөд байх юм. Эхлээд дотооддоо улс төрийн нөхцөл байдлаа яаж шийдвэрлэх гээд байгаа юм бэ. Хойд, урд хоёр хөрштэйгээ хэрхэн учраа ололцож, томоохон төсөл хөтөлбөрөө явуулах вэ. Энэ асуудлууд тодорхойгүй хэвээр үлдсэн. Монголд хэрэгжиж буй томоохон төслийн ард үргэлж том улс төр явж байдаг. Тэр нь үе үеийн Засгийн газарт нөлөөлж ажил урагшлалгүй, гацдаг. Засгийн газрын хийх гэж буй ажлууд үе үеийн Засгийн газрын хийнэ гэж амалдаг амлалтууд байна. Харамсалтай нь хийдэггүй. Тиймээс энэ бүхэн ч гэсэн замхрах байх.

-УИХ дээр хамгийн их анхаарал татаж шүүмжлэлд өртөж буй зүйл нь ирц. Цаашид ирцийг бүрдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах бол?

-Ардын намынхан ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, өнгөрөгч хаврын чуулганаар долоон төрлийн татварыг бий болгосон. Өнгөрөгч оны сүүлээр хэлэлцсэн 2018 оны төсвийн хуулинд дахин хоёр төрлийн татвар бий болгож байх жишээтэй. Энэ нь урт хугацааны бодлого шийдвэргүй явж ирсний хар гай. Тухайлбал, автомашины онцгой албан татварыг нэмчихсэн. Гэтэл автомашин импортлогчид талбай дээр приус машин шатаангуут долдугаар сарын нэгнээс хэрэгжинэ гээд Ерөнхийлөгчийн сонгуулийг аргалж байх жишээтэй.

Хүүхдийн мөнгийг 40 хувьд нь олгоно гэж хавар нь төсвийн тодотголоор шийдчихээд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гаргасан шийдвэрээсээ буцаад 100 хувь олгосон. Тэгснээ 2018 оны төсөвтөө 80 хувьд нь олгохоор тусгасан. Төр байнгын ийм хэлбэлзсэн шийдвэр гаргаад байж болохгүй. Төр нь гаргасан шийдвэрээсээ эргэж буцаад байгаа болохоор ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвартай холбоотой эргэж буцсан шийдвэрүүд нь бизнес эрхлэгчдийг тогтвортой үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлдөг. Засгийн газар, МАН, Их хурал ч тэр урт хугацаанд тогтвортой шийдвэр гарган ажиллаж чадахгүй байна.

-Та Их хурал, Засгийн газар, сөрөг хүчнээ хангалттай шүүмжиллээ. Ардчилсан нам, АН-ын бүлэг яг юу хийж байгаа юм бэ. Бид есхөн гишүүнтэй гээд шүүмжлээд суугаад байх юм уу?

-Ардчилсан намын гишүүд УИХ-аас гарч буй шийдвэр болгон дээр ард түмний хүсээд буй үгийг бүрэн дамжуулж чадсан. Харамсалтай нь эрх баригчид үүнийг хүлээж авалгүй асуудлаа шийдээд явсан. Тухайлбал, долоон төрлийн татвар нэмэхэд Ардчилсан намын бүлгийн гишүүд хамгийн их дуугарч, тэмцсэн. Гэтэл зарим хүмүүс дуугүй л байсан. Халамжийн бодлогыг монголд хавтгайртал нь МАН хэрэгжүүлж эхэлсэн. 2016 онд 270 тэрбум төгрөгийн халамжийн бодлогыг ардчилсан засгийн үед явуулж байсан бол 2018 оны төсөвт 777.8 тэрбум төгрөгийг халамжид зарцуулахаар болсон. Ийм бодлого байх уу. Нөхрийнх нь цалингаас 300-400 мянган төгрөгийн татвар авчихаад эхнэрт нь “Цалинтай ээж” хөтөлбөр шүү гээд 50 мянган төгрөг өгдөг. Эхнэр нь нөхрөө “Дуугүй бай. Төр надад мөнгө өгч байна. Төр засгаа битгий муул” гэдэг. Нэг үгээр хэлбэл нэгнийх нь амыг нөгөөгийнх нь гараар таглуулж байгаа юм. Ийм бодлого явж байгаа учраас хавар долоо, оны өмнө хоёр төрлийн татвар нэмэхэд ард түмний ихэнх нь дуугүй байсан. Халааснаас нь шууд татвар нэрээр мөнгө аваад эхлэхээр л эсэргүүцэж байсан л даа. Их хурлаас гарч буй шийдвэр бүр иргэдийн амьдралд нөлөөлдөг учраас тухай цаг бүрт өөрт тань хамааралтай асуудал яригдаж байгаа бол өөрсдийн үгээ тодорхой хэмжээнд төр засагт хүргэхийн төлөө ажиллах ёстой.

-Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудал яригдаж байна. Стандарт банкны барьцаанд байгаа 51 хувь яг монголд байгаа юу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна л даа. Та байр сууриа илэрхийлээч?

-Эрдэнэт үйлдвэрийн барьцаалж “Жаст” компани зээл авсан нь үнэн. 109 сая ам.доллар бүхэлдээ Эрдэнэт үйлдвэрийн дансаар орж ирсэн. Тэр мөнгийг нь “Жаст” компани руу шилжүүлсэн. Энэ бүх мөнгө хууль ёсны дагуу Стандарт банкнаас наашаа шилжин орж ирж, зээл олгогдсон гэсэн үг. Зарим хүн хуурамч гарын үсэг гэж ярьдаг. Стандарт банк батлан даасан байгууллагынх нь дансаар мөнгөө шижлүүлсэн учраас арбитрын шүүхийн шийдвэр тэр талдаа гарч байгаа. Өөрөөр хэлбэл Стандарт банкны талд гарч байгаа гэсэн үг. Харин 50 сая ам.доллар хүртэл бууруулсан бол сайн ажилласан байна. Гэхдээ хүү, алдангид асар их мөнгө төлж байгаа бөгөөд тэр нь 103 сая ам.доллар болсон.

Манай хууль хяналтын байгууллага гарын үсэг, зээлийн асуудлыг дотоодын хууль тогтоомжоор шийдэхдээ нэг талдаа гаргачихсан бол энэ шийдвэр нь арбитрын шүүхийн шийдвэрт нөлөөлөх боломж байсан. Харамсалтай нь тэгээгүй. Гарын үсэг хуурамч эсэх асуудлыг одоо хүртэл хуулийн байгууллага шалгаад шийдвэрлээгүй байна. Хэрэв үүнийг шийдээд нэг талдаа гарчихсан бол арбитрын шүүх арай өөр шийдвэр гаргаж манай талд наашаа эргэх боломж байсан. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд “Жаст”-ын өрийг Монголын төрийн өмчийн компаниар төлүүлэх зорилго, сонирхол зарим түвшинд байсан юм уу гэж харж байгаа.

-Энэ өрийг төлөх хүмүүсийн нэр тодорхой байгаа юм биш үү. Юуг нь хүлээгээд байгаа юм бол?

-Ц.Нямдорж сайд “Жастын Батхүү гэдэг хүн Эрдэнэтийн өрнөөс болж бүх хөрөнгөө хураалгаад шоронд суугаад гарсан” гэж ярьсан. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. “Жаст”-ын Батхүү гэдэг хүн бүх хөрөнгөө Монгол шуудан компанийг худалдаж авахад өгсөн. Хоёрдугаарт, “Жаст” гэдэг бензин колонкуудаа өөр хүмүүст худалдсан гэдэг мэдээлэл байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Гончигсүрэн: Эвтэй л байвал улс эх орон маань хөгжинө

Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.


-Хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байна. Энэхүү баярыг хэт их нүсэр тэмдэглэж байна гэж шүүмжлэх хүн байдаг. Цагаан сарыг яаж тэмдэглэх нь бурхны шашинд зохицох вэ?

-Энэ бол монголчуудын авч үлдсэн тун чухал соёлын нэг. Өвлийг өнтэй давсны, нас нэмсний баяр, удам судар төрөл төрөгсдөө сайн таньж мэдэх, бусдыгаа хайрлах, хүндлэх сэтгэлийн билгэдэл. Ахмадуудаа хүндэтгэж, ах дүү төрөл садантайгаа учран золгодог агуу их баяр. Үүнийг зөвхөн хэлбэр талаас нь харж тайлбарлаж болохгүй юм. Хамгийн гол нь үе, үеийн өвөг дээдэс хойч үедээ зан заншлаа уламжлуулан үлдээж байгаа, үлдээсээр ирсэнд энэ баярын гол утга учир оршиж байгаа юм. Мөн урин цагтай золгож хаврын урь орж байгаагийн илэрхийлэл. Сар шинийн баярт ихэд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Монголчууд үеийн үед уламжлалт зан заншлаа дээдлэх, бурхан шашинаа хүндэтгэдэг, бие биеэ энэрэн асардаг их утга учрыг сар шинийн баяр илэрхийлсээр ирсэн. Мөн цагаан сараар зүг мөрөө гаргаж буй нь сэтгэлээ засч байгаа хэрэг. Сар шинээр, гэрийн эзэн баруун хойд зүгт сууна. Ах дүүсийн баяр учраас насны эрэмбээр хүндэтгэн суулгадаг ёстой. Монголчууд сар шинэдээ өртэй орохыг ч цээрлэдэг.

Мөн хүнд муу санасан байвал түүнийгээ цайруулдаг. Сар шинэ гарч хамаг муу санаа, сэтгэлийн хир буртаг ариллаа, түүнийгээ цайрууллаа гэж сэтгэлдээ бодох хэрэгтэй. Хамгийн гол нь биеэр хийж байгаа үйлдэл болон хэлж байгаа үг, сэтгэл санаагаа ариун цагаан байлгах учиртай юм. Ер нь хүн сайн сайхныг бодож, ярьж сэтгэж байвал айл хотол, ах дүүгийн амьдрал, ажил алба бүх үйл бүтдэг юм. Сүүлийн үед айл бүр ууц тавьдаг болжээ. Цагаан сараар заавал ууц тавих ёс байхгүй. Ер нь бие, хэл, сэтгэлээ сайхан байлгаж, цовоо сэргэлэн, баясгалантай цагаан сараа угтах хэрэгтэй. Энэ баяраар архи дарс уудаггүй, хов жив ярьдаггүй.

-Битүүлэх ёсыг хэрхэн үйлдэх вэ?

-Энэ өдөр айл өрх гэр орноо бүрэн гүйцэд цэвэрлэсэн, идээ будаагаа бүгдийг нь бэлтгэж базаасан байх учиртай. Тийм хоол иднэ, идэж болохгүй гэх зүйл бол байхгүй. Юу байна, түүгээрээ бусдыгаа чин сэтгэлээсээ дайлахад болно.

Сар шинийн баярын өдрүүдэд ч тэр, битүүний өдөр ч тэр элбэг дэлбэг байвал л сайхан шүү дээ. Энэ өдөр Лхам бурхан 3000 ертөнцөөр айл бүгдэд зочилдог гэсэн уламжлалтай тул хийдүүд Лхам хурдаг. Тиймээс битүүний орой айлууд Лхам бурхны унаанд зориулан ундаа гэж үүдэндээ мөс цас тавьдаг уламжлалтай. -Сар шинийн баяраар бие, биедээ бэлэг өгөх нь зөв эсвэл буруу гэх ойлголт байх юм. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ?

-Бэлэг биш сэтгэлийн өглөг гэсэн үг. Байгаа зүйлээрээ л хүмүүсийг дайлахыг хэлээд байгаа юм. Ядуу хүн ч өглөг өгөх боломж дүүрэн. Орж ирсэн хүн бүрт сэтгэлээ зориулан сайн сайхан хандах нь ч өглөг. Байгаа орчноо, бусдыгаа тайван амгалан, итгэлтэй харцаар харах нь өглөг. Дулаан сайхан инээмсэглэх нь нүүрээ зориулах өглөг, болно бүтнэ гэж үнэн сэтгэлээсээ уужуу тайван хэлэх нь хүнд сэтгэлээ зориулах өглөг болдог. Зорьж ирсэн хүмүүсийг хүндэтгэж, гэр орноо тав тухтай байлгах нь ч өглөг. Хэнийг ч ялгаваралгүй тэгш хандах нь асран нигүүлсэх, баяр баясгалангийн өглөг юм.

Их өглөг өгч, их зардал гаргаж байна гэх шүүмжлэл харагдах юм. Өглөг гэдэг зүйлийг бэлэг биш, сэтгэлийн өглөг гэж ойлгож, хармын сэтгэлгүйгээр өгөх ёстой. Юугаар ч өглөг өгч болно шүү дээ. Нэг ширхэг харандаа өгсөн ч ихэд баярлан хүлээн авах хэрэгтэй. Хэн хэнд нь буян хурна. Өөрт хэрэггүй бэлэг өгвөл хэрэгтэй нэгэнд нь өгчихөж болно. Бэлэг гэж нэрлээд буй өглөгт шингэж буй сэтгэл нь хамгийн чухал.

-Сүүлийн үед хүмүүсийн байдал тогтворгүй ч юм шиг. Олон асуудал үүссэн, зөрчил маргаан ихтэй байх боллоо. Энэ нь юунаас болоод байна вэ?

-Цаг хугацаа гэж нэг зүйл бий. Олон мянган жилийн турш хүн төрөлхтөн амьдралыг туулсаар байна. Жил сар улиран өнгөрөх тусам, гадаад дэлхий етөнц, хүний дотоод оюун санаа хүртэл цаг үеэ даган өөрчлөгдөж байна. Ингэж хувьсан өөрчлөгдөх нь дэлхийн хууль ч бид сэтгэлээ номхотгохгүйгээсээ болоод, хэл ам хэрүүл тэмцэл, атаа жөтөөг их гаргаж байна. Энэ нь бурхны шашинтай салшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, өөрөө өөрийгөө танин мэдэх сэтгэл байгаа ч бусдыг асран энэрэх сэтгэл нь алга болсоор байна. Монголчууд шашин номоо устгасны үр дүн ийнхүү 80 жилийн дараа илэрч байгаа юм. Боловсрол олсон, ухаарсан, гэгээрсэн хүмүүсээ хэрэггүй мэт үзэж түүх, соёлоо устгасаны хор уршиг нь энэ. Ёс заншлаа мэдэхгүй, бурхан шашиндаа итгэхгүй болсоор байна.

-Хүн ард сэтгэлээ засах вэ. Энэрэнгүй нигүүлсэлд хэрхэн суралцах вэ?

-Бурхны сургааль гэдэг зүйлийг үзэх хэрэгтэй. Нүгэл гэж юу юм. Хойд, урд нас гэж байдаг уу, үгүй юу гэх зэргийг анхаарах ёстой байна. Хүний нас ганцхан энэ насаар дуусахгүй. Мөн хичнээн хөрөнгө хураасан ч энэ ертөнцөд ирсэн шигээ нүцгэн буцна. Тиймээс хэт их хөрөнгө хураах, түүнийгээ буруу аргаар олох хэрэг байна уу, үгүй юу гэдгээ бодох ёстой. Гэхдээ боломжтой сайн сайхан баян тарган яваа хүмүүсийг хараад би баярладаг. Тэд урд насандаа бүтээсэн сайхан үйлийнхээ ерөөлөөр, одоо элбэг дэлбэг, хангалуун амьдралтай байгаа юм гэж хардаг. Тиймээс тэднийг бид адлах ч бас хэрэггүй. Хичнээн их хөрөнгөтэй, хөрөнгөгүй байсан ч ядарсан олон амьтанд чин сэтгэлээрээ тусалчихаж байвал буян нь хурна.

-Манай ард олны амьдрал хүнд хэцүү, төр тогтворгүй байгааг монголчуудын хийж буй нүгэл ихдээд байна гэж ойлгож болох уу?

-Нүгэл ихдээд гэж шууд ойлгож болохгүй. Боловсролоо дээшлүүлэх, юмны үнэн зөв учир зүйг ойлгож чадахгүй байна гэсэн үг. Үйл биеэр, сэтгэлээр, хэлээр үйлдэгддэг. Үйлийг үйлийн эзэн эдэлнэ үү гэхээс өөр хүн эдэлдэггүй юм. Айл гэрийн хүмүүс эвтэй л байвал буян хишиг тогтоно шүү дээ. Улс, байгууллага ч ялгаагүй. Эвтэй л байвал улс эх орон маань хөгжинө. Хэрүүл тэмцэлтэй байвал хийсэн буян нь арилаад, юу ч тогтдоггүй юм. Энэ бол бурхны сургааль. Аливаа сав хир буртагтай, цоорхой, уруугаа харсан бол юу ч тогтохгүйтэй адил. Үүнийг ойлгож буян хураах арга бол сэтгэлийн их амар амгаланг олох. Тиймээс хүн ард сэтгэлээ хиргүй тунгалаг байлгах л ёстой байгаа юм.

-Монголчууд алт их ухдаг, үүнээс болоод байгалийн хатуу ширүүн үзэгдэл их ажиглагдах болсон гэдэг. Алтыг ухах нь зөв үү, буруу юу, бурхны шашинд юу гэж тайлбарладаг вэ?

-Газар дэлхийг оршин тогтнуулдаг байгаль дэлхийн гагнаасууд гэж бий. Дэлхийг нэг сав гэж үзвэл савыг бүтэн байлгаж буй гагнаас алт юм. Тиймээс байгаль дэлхийгээ ухаад баяжихгүй, жаргахгүй. Сүйтгэсний хор хөнөөл нь тэрнээс илүү их сүйрэл болж ирнэ. Одоо ч усгүй, ургамалгүй болж байна. Мөн ухсан алтаа юунд, ямар зүйлд яаж зарцуулж байна гэдгээс бас шалтгаална. Ганцхан хувиа бодож баяжихыг улайрч буй бол их нүгэл болно.

-Энэ насанд хийсэн нүгэл хэзээ эргэж ирдэг вэ?

-Хэзээ ч ирж болно. Шамшигдана гэх ойлголт байхгүй. Энэ насанд эсвэл дараагийн төрөлд ирнэ.

-Тэгэхээр орох оронгүй, идэх хоолгүй тун хүнд хэцүү амьдарч буй хүмүүсийг урьд насныхаа үйлийг эдэлж байна гэж ойлгох уу?

-Хүн өөрөө бас хичээх хэрэгтэй. Урьд насны үйл байсан ч тэд нүглээ нимгэлж болно. Ядуу хоосон хүн ч маань уншиж болно, хүнд тусалж, хүний ажлыг хийгээд, шалыг нь угаагаад өгчихвөл аяга цай өгнө биз дээ. Байгаа хувцсаа оёод, нөхөөд өмсчих хэрэгтэй. Ядаж л мал маллаж, ногоо тарьж, хашаа цэвэрлэж чадахгүй хүн лав байхгүй. Хийе гэвэл хүн юуг ч хийгээд амьдарч болно. Өөрөөс нь их зүйл шалтгаална. Хэн нэгэн намайг асрах ёстой гээд буруу хараад хэвтээд байж болохгүй.

-Хүн хувь төөргөөр амьдардаг гэдэг шүү дээ?

-Хаана, хэзээ, ямар газар төрөх вэ гэдэг нь урьд урьдын үйлтэй холбоотой. Баян газарт, усгүй, хоолгүй газарт ч төрөх хүн байна. Хүний амьдралын төөрөг зөвхөн эцэг эхээс шалтгаалахгүй, урьд насны үйлийн үр тасардаггүй юм. Гэхдээ тэр үйлийг яаж эдэлж, яаж нимгэлж, хэрхэн амьдрах нь өөрөөс нь шалтгаална. Сэтгэл санаагаа сайхан болгоод, бусдад ерөөл тавиад хэн, хэндээ хүндэтгэлтэй хандаад ирвэл хамаг үйлс бүтээд сайхан болно. Хамаг зүйл өөрөөс нь шалтгаалж байна гэдгийг хүмүүс ойлгохгүй байна. Хүн бүр аливаа юмны учир шалтгааныг олж судалж мэдэж байх хэрэгтэй байна. Уг нь хүний төрлийг олно гэдэг чинь хамгийн ховор сайхан тохиол. Бусад хүний гэмтэй биш, эрдэмтэй сайн, сайхан талыг нь харах хэрэгтэй. Хүнийг муулаад, муухайгаар хараад байвал өөрөө өөртөө л тэр хүний муу муухай бүхнийг татаж байгаа юм.

-Хүний хувь заяа бас төрсөн жил, сар, өдрөөрөө тодорхойлогддог гэл үү?

-Миний багш ихэр төрсөн хоёр хүүхэд цагийнхаа зөрүүнээс болоод, өөр өөр хувь заяатай байдаг гэж хэлсэн. Хүн бүрийн зурхай ижил жортой биш. Өдөр бүр сайн цагтай, 27 од гэж бий. Аль барилдлагад, мэнгэнд суудалд төрсөн гэх мэт олон зүйлээс их юм шалтгаална. Түүнээс биш шоо хаяад мэргэ хийгээд хэлдэг зүйл бол зурхай биш юм.

-Өөр өөр айлын хүүхдүүд ч яг нэг цаг минутад төрсөн бол ижил хувь заяатай гэсэн үг үү?

-Ойролцоо байна. Гэхдээ газар нутгийнхаа хуваариас бас шалтгаална. Яг нэг цаг минут секундэд Улаанбаатарт, Ховдод төрсөн хоёр хүүхдийнх ижил заяатай байхгүй. Тухайн газрын байрлал, уртраг, өргөргийн, өндөр намын үзүүлэлтүүд хүртэл хамаарна. Аль газрыг олж төрнө гэдэг нь мөн өөрийн урьд насны үйлтэй ч холбоотой.

-Ярианыхаа төгсгөлд ирэх нохой жилийн өнгө ямар байх талаар сонирхоё?

-“Тийн унжлагат” хэмээх нохой жил залуус болон дунд суудалтанд сайн, нялхас, түмэн олонд дунд, өвгөд, өндөр суудалтанд тааруу жил гарах ерөнхий дүр зураг буусан. Их хүмүүн амгалан сайн, санаснаа бүтээх жил гарна. Иргэдийн байдал амар амгалан байх ч эзэд түшмэл, улс гэрийн байдал тайван бус бага зэргийн хямралтай гэжээ. Мөн жилдээ өвс ногоо сайтай, үр тариа дэлгэрэх боловч, зундаа хур багатай, мөндөр, цахилгаан ихтэй байх нь. Жилийн эхэн ба адаг сард салхитай, газар тариалангийн ажил дэлгэрч, үр жимс ургац арвинтай мал өсч, зуд турхангүй байна гэсэн ерөнхий дүр зураг буусан байна. Гэхдээ хулгай дээрэм олшрон, олсон эд малыг ноёд авч, эд тариа үнэгүйднэ хэмээн бичигдсэн байгаа. Хоёрдугаар сарын 16-нд буюу шаргачин туулай өдөр шинийн нэгэн тохиож байна. Буян үйлдвэл цаглашгүй буян нэмж, үйл бүтэх сайн өдөр тохиож байгаа. Нохой жилд үхэр, хонь, луу болон бар жилтэй хүмүүс анхаарууштай. Тухайлбал үхэр жилтнүүдийн хувьд бага харш жил гарч байна. Тухайн жилтнүүд сүлд дорой, эв эеийг эрхэмлэвэл нэн сайн хэмээн зурхайд буусан байх жишээтэй. Харин бар жил нохойтой ивээл ч хийморь дорой, аливаа ажил үйлс саадтай байх тул засал хийлгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дүнсэр буюу гариг эрхсийн нөлөөлөл, харш жил таарч байгаа хүмүүс засал ном хийлгэх шаардлагатай. Мөн хий, огторгуй, уул, мод суудалд суусан хүмүүс алив үйл хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайлбал, уул суудалд суусан хүн гангар шаазан барьсан тул ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Сосорбарам: Даяаршил мэдээллийн энэ зуунд аюул заналхийллийн агуулга, хэлбэрт ихээхэн өөрчлөлт гарсан

Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарамтай ярилцлаа.


-Манай улс хоёр том хөршийн дунд байдаг. Зэвсэгт хүчний чадавхи, хүн хүчний хувьд ч энэ хоёр улстай харьцуулахад хэцүүхэн гэж манайхан ярьдаг шүү дээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Хүн хүчний ихээхэн нөөцтэй дэлхийн хамгийн хүчирхэг Зэвсэгт хүчинтэй хоёр хөрштэйгээ харьцуулан өөрийн Зэвсэгт хүчнээ үгүйсгэн басамжилж байдаг олон улстөрчидтэй цэргийнхэн үргэлж таарч асуултанд нь бүдэрч байдаг. Саяхан болтол бусдын толгойгоор явж ирснээс үүдэн төрийн бодлогын уламжлалаа гээсэн улстөрчидтэй болгосон түүхээ яалтай билээ. Нэг л бүхэл бүтэн арми дайрч орж ирээд л тэгээд хэдэн цаг манай цэргүүд тэсэх тухай шугаман гэнэн асуултуудаа улстөрчид тавьсаар цэргийнхэн бид тэр болгон зөв хариулт өгч чаддаггүй нь харамсалтай.

-Яагаад хариулт өгч чаддаггүй гэж. Дэлхий нийтийн хөгжлийн хандлага-гадаад аюулгүй байдлын орчин ямар байдаг талаар та тэгвэл хэлээд өгч болох уу?

-Орон нутгийн хамгаалалт үйл ажиллагаа арга хэрэгсэл тодорхойгүй, зөвхөн Зэвсэгт хүчин хамгаалах юм шиг харагдаад байдаг учраас хариулж чаддаггүй байсан юм. Одоо хууль боловсруулж байгаа. Энэ хууль тодорхой батлагдсаны дараа хариулахад илүү дөхөм болно. Нэг ёсондоо хууль өөрөө хариулт нь болох учиртай. Өнөөгийн дэлхий нийтийн хөгжлийн үйл явц нь аль нэг улс дангаараа бие даан шийдвэрлэх бололцоогүй хүндрэлтэй асуудлуудыг бий болгож байгаа учраас улс орнууд хамтарсан нэгдмэл бодлогыг боловсруулах шаардлагыг тулгах болсон. Дэлхийн хүн амын ядуурал, өвчлөл, цагаачдын нүүдэл, байгалийн гамшиг, бүс нутаг, үндэстэн хоорондын мөргөлдөөн зэрэг нь нэгдмэл бодлого, эрх зүйн зохицуулалтыг шаардаж байна гэсэн үг л дээ. Шашин, түүхэн уламжлал, терроризм газар нутгийн болон бусад олон шалтгаанаар улс орнууд сөргөлдөн орон нутгийн чанартай зэвсэгт мөргөлдөөн, дайн байлдаан тасрахгүй байгаа. Өөрөөр хэлбэл олон улсын хүчний харилцаа өөрчлөгдөж, шинэ нөхцөл байдалд улс орнууд бүс нутгийн хэмжээнд нөлөөгөө тогтоох буюу хадгалах гэсэн эрмэлзлэл, өрсөлдөөн тэмцэл ихсэх болсонтой шууд холбоотой. Даяаршил мэдээллийн энэ зуунд аюул заналхийллийн агуулга хэлбэрт ихээхэн өөрчлөлт гарсан л даа. Гибрид–эрлийз дайн, аюулын тухай болон уламжлалт, уламжлалт бус аюул заналхийллийн тухай цэргийн онолчид ихээхэн ярьж бичиж, цэргийн номлолдоо ч тусгах боллоо.

-Энийгээ жаахан тодруулаач. Жишээ нь гибрид дайн гэдгийг…

-Гибрид дайн гэж аль нэгэн улсын эсрэг цэргийн болон өөр нээлттэй хүчирхийлэл хийхгүй, харин тэр улсын үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдал нь аюул заналхийлэлд орж, эвдэгдэх болсныг хэлээд байгаа юм. Энэ талаар Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, армийн генерал Валерий Васильевич Герасимовын бичсэн дайны тухай өгүүлэлд байдаг. Мөргөлдөөний аргын агуулгад улс төр, эдийн засаг, дипломат, мэдээлллийн болон хүн амын эсэргүүцэгч чадавхийг оролцуулан хэрэгжүүлж буй цэргийн биш аргууд зонхилох болсон. Гэхдээ орчин үеийн дайны агуулга ойрын ирээдүйд урьдын адил зэвсэгт тэмцэл байх болно гэдэгтэй мэргэжилтнүүд, судлаачид санал нэг байгаа юм. Мөн дайсан, болзошгүй түрэмгийллийн тухай ойлголт ч ихээхэн өөрчлөгдлөө. Эвсэл холбоо ч биш, улс үндэстэн ч биш дайсан буюу үндэстэн дамжсан шашин, гэмт хэрэгтний бүлэглэл болох Бин Ладен, Талибан, Лалын улс-ISIS, далайн дээрэмчид гээд учир нь олдоход бэрх хил хязгааргүй зэвсэгт хүчинтэй дэлхийн хамгийн том гүрнүүд, НАТО хүртэл тэмцээд тэр бүр амжилтанд хүрэхгүй л байна. Дэлхийн хүчирхэг улс гүрнүүдийн зэрэгцээ үндэстэн дамнасан зохион байгуулалттай “улс биш тоглогчид”, бүлэглэлийн үйл ажиллагааг улс орнууд аюулгүй байдлаа хангахдаа тооцох болсон. Үүнээс болж Цэргийн холбоотон, эвслийн гишүүний асуудал ч бас шинэ тайлбар төдийгүй зарчмын өөр тодорхойлолт шаарддаг болж. Үүнтэй холбоотой аюулгүй байдлын тухай онолын сэтгэлгээнд ч өөрчлөлт орж, хэвшмэл зарим ойлголтуудыг эргэн харах шаардлагатай болсныг хүлээн зөвшөөрч асуудлыг иж бүрнээр нь ойлгох ёстой болж байна.

-Цэрэг дайн, байлдааны ажиллагаа орчин үед ямар болсон бэ?

-Сая танд ярьсан нөхцлүүдээс болж дайн байлдааныг явуулах арга, төрөл, зорилгыг өөрөөр тодорхойлж, зэвсэгт хүчнийг ашиглах хэлбэрт ихээхэн өөрчлөлт оруулахад хүргэж байна. Хөгжилтэй орнуудын цэрэг техникийн бодлого нь үндэсний эрх ашгаа хамгаалах зорилгодоо түргэн байрлах хүчнүүдийг голлон хөгжүүлж, технологийн дайны зорилгод улам бүр нийцүүлэх чиглэлээр тээвэрлэгч хэрэгслэл болон сансар, агаар, газрын электрон цогцолборуудыг хамтруулан хөгжүүлж байна. Аль болох богино хугацаанд ямар ч алсад шийдвэрлэх цохилтыг амьд хүчний хамгийн бага хохирлоор гүйцэтгэдэг технологийн дайн, байлдаан том улсуудын зэвсэгт тэмцлийн арга, хэлбэр болж байгаа.

-Хөгжилтэй улс орнууд тэгдэг юм байж. Бага буурай, хүн ам цөөтэй, хөгжил тааруу улс тэгвэл яана гэсэн үг вэ?

-Бага орнуудын хувьд энэхүү технологийн дайны эсрэг уян хатан, сунжирсан нутгийн гүн рүүгээ, газар орноо сайн ашигласан жижиг бүлгээр байлдах арга, орон нутгийн байлдаанаар эсрэг хүчээ цөхрүүлэх, цаг хожин олон улсын дэмжлэгийг олж авах зорилтыг голлон анхаарах болсон юм.

-Тухайлбал манайх шиг орон яаж хамгаалах вэ?

-Их гүрнүүд үндэсний эрх ашгаа дэлхийн хаана ч хамгаалах эсхүл өөрсдийн “үнэт зүйлсээ” сахин түгээх үүргийг Зэвсэгт хүчиндээ ноогдуулдаг бол дунд, жижиг орнуудын хувьд дайны аюулыг сэрэмжлэх, зэвсэгт хүчин оршин байгаа утгаараа аюул заналхийллийн босгыг өндөрт байлгах, цаг хожих зорилт тавьдаг. Үүний сацуу их, бага орны зэвсэгт хүчнүүдэд байгалийн төрөл бүрийн гамшигтай тэмцэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, дайнаас дүрвэгсдэд туслах аврах, энхийг сахиулах ажиллагаа, алан хядах ажиллагаатай тэмцэх ажиллагаанд зэвсэгт хүчнийг сургах, ашиглах, усан болон хуурай хилээ хамгаалах зорилгоор “дайны бус цэргийн операци” гэдэг ойлголт бий болж түүнд сургаж дадлагажуулах боллоо. Дайчилгааны армиас мэргэжлийн чадварлаг арми болох үндсэн хандлагатай болж энэ нь улс орон бүрт өөрийн эдийн засгийн боломжоос шалтгаалан янз бүрийн нэр томьёогоор нэрлэгдэн хэрэгжих шатандаа явж байна.

Орчин үеийн мөргөлдөөний онцлогийг генерал Герасимов бичихдээ “НАТО-гийн Югославт явуулсан операцийн туршлага урд өмнө өргөн тархаагүй байсан хавьтахгүй буюу зайнаас дайтах дайны эрин үеийг нээсэн. Энэ дайны гол онцлог нь янз бүрийн зориулалт, үйлдэл бүхий робот техникийн комплекс, нисгэгчгүй нисэх аппарат зэргийг маш ихээр хэрэглэсэн явдал болно. Янз бүрийн хүч, хэрэгслийг ашиглах шинэ шинэ хэлбэрүүд бий болов. Жишээлбэл, Ливийн дайны үеэр үл нисэх бүс байгуулахын хамт НАТО-гийн гишүүн орнуудын хувийн цэргийн компаниуд, сөрөг хүчний зэвсэгт нэгтгэлүүдийн хамтын үйлдлийг хослуулан тэнгисийн бүслэлт хийх явдлыг нэгэн зэрэг хийж байна. Сирийн мөргөлдөөнд гибрид аргыг ашигласан явдал. Тэнд цэргийн болон цэргийн бус шинж чанар бүхий уламжлалт болон уламжлалт бус үйлдлийг нэгэн зэрэг ашигласан. Дотоод босогчид, мэдээллийн сүлжээ, удирдлагатай алан хядагчдыг Засгийн газрын эсрэг ашиглах гэх мэт” гэж дурдсан байгаа юм. Улс орон бүр дайны аюулаас сэрэмжлэх түүхэн туршлага, зөн мэдрэмждээ тулгуурлан зохих зэвсэгт хүчийг барьж байгаагаараа аюул заналхийллийн босгыг өндөр болгож сэрэмжилж байна.

“Global Firepower” судалгааны байгууллагаас дэлхийн орнуудын зэвсэгт хүчний хүчин чадлыг тодорхойлоход манай хоёр хөрш ОХУ, Хятад Улс Ази тивд тэргүүлж, дэлхийд АНУ-ын дараа бичигджээ. Тэгвэл 126 орныг хамруулсан жагсаалтад Өмнөд Солонгос 7-д, Япон Улс 9-д Монгол Улс 85-т бичигдсэн байна лээ. Сүүлийн жилүүдэд улс орнууд, хөршүүд маань батлан хамгаалах зардлаа өсгөн нэмэгдүүлж зэвсэглэлээ шинэчлэн сайжруулж байгаа бол манай улс улам танаж хассаар байгаа нь үнэн. Гэтэл БНХАУ, ОХУ цэргийн номлолдоо амин чухал эрх ашгаа хамгаалах шаардлага тулгарсан нөхцөлд ҮОХЗ, цэргийн хүч хэрэглэх тухай заалт оруулсан буюу оруулах хандлагатай, ашиг сонирхлоо хамгаалахын тулд хүч хэрэглэхээс татгалзахгүй гэдгээ мэдэгдсэн.

Энэ цаг үед цэргийн аюул хийгээд заналхийллийг урьдчилан төсөөлөхийн үүрэг, ач холбогдол өсч байгаа бөгөөд иж бүрнээр нь үнэлэн цэгнэх шаардлагатай болж байна. Америкийн шинжээч Роберт Фарли “The National Interest” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ 2018 онд Дэлхийн гуравдугаар дайн дэгдэж болох таван бүсийг дурдсан байна. Үүнд БНАСАУ, Тайвань, Украин, НАТО-гийн өмнөд бүс болон Персийн буланг нэрлэсэн байна лээ. Умард Солонгосын эргэн тойрны байдал нь өнөөгийн дэлхий ертөнцийн гадаад бодлогын хамгийн ноцтой хямрал гарцаагүй мөн. БНАСАУ, АНУ-ын хооронд дэгдэж болзошгүй дайнд Япон, Хятад улс татагдан орж болох юм гэж бас бичсэн байсан. Японы шинжээч нар Солонгосын хойгт дайн эхэлж болох дөрвөн хувилбарыг мөн дэвшүүлсэн. Хятадын Жилинь мужийн орон нутгийн сонин оршин суугчдад цөмийн довтолгоо болсон тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай бүтэн нүүр зөвлөгөө, зааварчилгаа нийтэлсэн байсан. Тус мужид дүрвэгсдийн таван хуаран байгуулахаар төлөвлөж буй тухай мэдээлсэн. Нанжинь их сургуулийн профессор Жу Фэн “Ямар ч тохиолдолд бид пуужингийн довтолгоо, цөмийн дэлбэрэлт, гамшиг сүйрэлд сэтгэлзүй, практикийн бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэсэн байгаа.

-Манай улсын хувьд?

-Монгол Улсын хувьд дээрх бүхнийг анхаарлынхаа төвд байлгаж, ялангуяа олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутгийн хэмжээнд аюулгүй байдлаа, цэрэг-дипломатын аргаар хангах, цэргийн итгэлцлэлийг бэхжүүлэхэд идэвхтэй хүчин чармайлт гарган ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоогоо идэвхитэй үргэлжлүүлэх, ОХУ, БНХАУ-тай батлан хамгаалах салбарт хамтран ажиллахын зэрэгцээ бусад улс орнууд түүний дотор НАТО-той ч харилцах боломжийг хадгалах нь аюулгүй байдлаа хангах үндэсний стратегийн чухал хэсэг байсаар байх болов уу. Цэргийн эвсэл холбоотноос татгалзсан, хоёр хүчирхэг улсад хавчуулагдсан өргөн уудам нутагтай, хүн ам нь сийрэг суурьшсан, дэд бүтэц сул хөгжсөн манай орны хувьд “…улс төр дипломатын арга тэргүүлсэн, орон нутгийн хамгаалалтад тулгуурласан. чадварлаг зэвсэгт хүчинтэй байх…” гэж батлан хамгаалах гол арга замуудаа хуульчилсан байдаг.

Үүнээс улс төр, дипломатын арга, чадварлаг зэвсэгт хүчин гэдгийг энэ удаа тайлбарлаад хэрэггүй биз ээ. Монгол Улс чадварлаг зэвсэгт хүчинтэй–сайн цэргүүдтэй болохоо дэлхийд харуулсан. Цэргийн шинэчлэлийн үр дүнд энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны ачаар шүү дээ.

Улс төрчдөд улс төр дипломатын арга хэрэгслээ хэрэгжүүлэх боломж цаг хугацааны босгыг зэвсэгт хүчин хангаж өгөх асуудал батлан хамгаалахын эхний шат. Бүр болохоо байвал бүх ард түмнээрээ тэмцэх түүний гол тулгуур нь бас л зэвсэгт хүчин юм. Дээр дурдсан батлан хамгаалах аргуудаас орон нутгийн хамгаалалтыг тодорхой болгож хуульчлах нь тулгамдсан хэрэг болоод байна. Цэргийн эвсэл холбоотноос татгалзсан батлан хамгаалах стратегитай орнуудад өөрийн нутаг дэвсгэр дээрээ, газар нутгийнхаа гүн рүү хориглон хамгаалдаг орон нутгийн хамгаалалтын тогтолцоотой байх шаардлага тавигддаг. Мөн түүхэн уламжлалаасаа болоод АНУ Үндэсний гварди, Франц улс жандармери, Итали улс карабинери, ОХУ казачество гэх мэт орон нутгийн хандлагатай хүчин байсаар байдаг. Сүүлийн үед батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо (Total Defense) л манайд илүү тохирно гэж зарим улстөрчид үзэх болсон.

Батлан хамгаалах тухай хуульд “Монгол Улс орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлнэ” гэсний цаад утга, агуулга нь тотал-нэгдмэл тогтолцоо юм. Энэхүү тогтолцоогоор улс орноо бүхэлд нь батлан хамгаалахад төлөвлөгөөтэйгөөр бэлтгэх, бүх хүмүүсээ эх орноо хамгаалахад сургах, үүрэгжүүлэх явдал бөгөөд Сингапурын ерөнхийлөгч асан Ли Ю Куэны номонд энэхүү нэгдмэл тогтолцоо-Тотал Defence Сингапурт хэрхэн бий болсон ямар хүндрэлүүд байсныг сургамжтай хэлбэрээр бичсэн байдаг.

Бидний анхаарч судалж ирсэн Швейцарийн “газар нутгийн хориглон хамгаалах” аргаар бол нутаг дэвсгэрээ бүхэлд нь дайн байлдаанд бэлтгэж, бүх эрчүүдээ цэргийн хэрэгт сурган жил бүр, буу зэвсэгтэйтэйгээ, унаатайгаа томилгоот газраа очиж бэлтгэл сургууль хийдэг, гүйцэтгэх үүрэгтэй байдгийг монгол эхнэртэй швейцарь айлд зочлохдоо, эр цэргийн үүрэгтний дэвтэр, буу сумыг хүртэл үзэж явлаа. Швед улсын “орон нутгийн хамгаалалтын” тогтолцоо манайхтай олон талаар төсөөтэй байдаг.

Эдгээр жишгээр өргөн уудам нутагтай, хүн ам нь сийрэг суурьшсан, дайчилгааг богино хугацаанд хийх боломж хязгаарлагдмал, дэд бүтэц сул хөгжсөн манай орны хувьд Зэвсэгт хүчний ангиудаа зохистой тараан байрлуулж, хил агаарын орон зайгаа хянан, орон нутгийн удирдлага, хүн амаа шаардлагатай үйл ажиллагаанд тайван цагт бэлтгэдэг орон нутгийн хамгаалалтын тогтолцоотой болох шаардлага байгаа юм.

Дун бүрээний дуугаар айл бүрээс зэр зэвсгээ агссан шууд байлдахад бэлэн цэргүүд гарч ирдэг, цэргийн хээрийн сургуулийг ан аваар хийж байсан түүх уламжлал бидэнд бий. Манай улс үндсэн хуулиндаа өөрийгөө хамгаалах зарчмаа тунхагласан бага орны хувьд батлан хамгаалах арга хэлбэртээ “жижиг болон төвийг сахисан орнуудын (цэргийн холбоонд нэгдээгүй буюу холбоотон оронгүй) батлан хамгаалах бодлогын хамгийн боломжтой, оновчтой загвар гэгддэг орон нутгийн хамгаалалтын тогтолцоог өөрийн орны нөхцөлд тохируулан авч хэрэглэх гэж 1990-ээд оноос хойш оролдсоор байна.

-Орон нутгийн хамгаалалтын тухай хууль боловсруулж байгаа гэл үү?

-”Орон нутгийн хамгаалалт” гэж юу болохыг 2006 онд УИХ-ын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” үзэл баримтлалын шинжтэй баримт бичигт анх тайлбарласан бол түүний дараа Батлан хамгаалах хуулиндаа “Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо” гэснээр гол агуулгыг нь илэрхийлсэн гэж үзэж болно.

Саяхан хэвлэгдсэн “Батлан хамгаалах стратеги” номонд дэслэгч генерал Ц.Дашзэвэг бичихдээ “Орон нутгийн хамгаалалтад үндэслэсэн батлан хамгаалах тогтолцоог манай улс сонгон авсан нь тун оновчтой хэрэг болсон бөгөөд одоо бүрдүүлэх, бэхжүүлэх үйлсэд шуурхайлан орох цаг нэгэнт болоод байна. Орон нутгийн хамгаалалт нь батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны үндэс төдийгүй Монгол Улс өөрийгөө хамгаалах стратеги болж байгаа юм” гэж дүгнэсэн.

-Орон нутгийн хамгаалалтын хуульд та ямар саналууд оруулж байна?

-Тайван цагт орон нутгийн хамгаалалтын хүрээнд иргэдээ, цэргээ хамтатган бэлтгэдэг байх, иргэд, байгууллага болгоныг орон нутгийн хамгаалалтаар тайван цагт үүрэгжүүлж бэлтгэсэн байх гэсэн зарчмын өөрчлөлт оруулах. Жишээ нь, цагийн байдал үүсч, дохио өгөхөд нутгийн тодорхой тооны иргэд нууц төлөвлөгөөний дагуу өөрийн машин, мотоцикль, мориор А.Б.С цэгт (Өмнөговийн ууланд, Үенчийн хавцалд, Эгийн голын хавцал) очоод бэлтгэгдсэн танк, их бууны гал явуулаад аюулгүйн зайд шуурхай буцаж, дараахь үүргээ биелүүлэхэд бэлэн болоход энх цагт үүрэгжсэн, сургагдсан байх. Жанжин штаб дээр зэвсэгт тэмцлийн бүх төлөвлөлт орон нутгийн хамгаалалтад тулгуурлан бүс-арми, аймаг-дивиз, сум салбар–батальоны хэмжээний нэгтгэгдэн уялдаа холбоотой хийдэг байх. Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлээгүй иргэн (орон нутгийн томилгоожсон сургалтыг тасалсан) бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх эрхгүй, төрийн албанд оруулахгүй болон гадаад томилолт, татварын тал дээр хариуцлага хүлээлгэдэг заалт оруулах гэх мэт саналууд байна. Тэгэхгүй бол шинэ гарах хууль маань дайчилгааны хуультай төсөөтэй байдлаар төсөв хөрөнгөн дээр гацдаг хэрэгждэггүй нөхцөл байдал үүсэх магадлалтай. УИХ-д аюулгүй байдал, батлан хамгаалах асуудалд идэвхтэй ханддаг гишүүд олон бий. Тэгэхээр ийм агуулгатай хуулийн төсөл дэмжигдэх болов уу.

Батлан хамгаалах төсвөө нэмээд нэг тэрбум доллар болгож чадахгүй ч ухаалаг улс төр, дипломатын бодлого явуулж, багагүй дайчилгааны нөөцтэй чадварлаг зэвсэгт хүчин дээрээ Монголын хүн бүр эх орноо хамгаалж бэлтгэлтэй болбоос батлан хамгаалах чадавхи тэр хэмжээгээр өсөх, баталгаажих болно. Энэхүү шинэчлэлээр монгол хүн бүр эх орноо хамгаалах бэлтгэлтэй шүү гэдэг “mes¬sage-мэдээ” нь Монгол Улсын батлан хамгаалах чадавхийг харуулсан хамгийн чухал ач холбогдолтой хэрэг болох бөгөөд дээр нь “батлан хамгаалах тодорхой үүргийг” иргэн болгон хүлээх болсноор УИХ-ын гишүүн хүртэл эх орноо яаж хамгаалахаа мэдэх болно оо.

-Орон нутгийн хамгаалалт гээд та нэлээд ярилаа. Ард түмэн буу барих эрхгүй. Ийм гар мухар байхад яаж тэр хамгаалалтыг хийх вэ?

-Орон нутгийн хамгаалалтын хууль цоо шинээр гарч байгаа хууль. Энэ хууль гарснаар тайван цагт эх орноо хамгаалах бэлтгэлээ хангаж байх үедээ буу зэвсэг хэрэглэхийг зөвшөөрөх л болох байх даа.

-Чеченийн дайнд орчин үеийн долоон танкийг есөн настай хүүхэд устгасан гээд уншиж байсан. Манайд бол насанд хүрсэн хүн ч танкны өөдөөс гар мухар л гэж хэлэх гээд байгаа юм. Ядаж сумаа ч өөрсдөө үйлдвэрлэчихдэггүй шүү дээ?

– Манай батлан хамгаалах сумны үйлдвэртэй болъё гэсэн бодлоготой.

-Ерөнхийлөгч генералуудтай уулзсан гэсэн. Гурван жил цэргийн алба хаах талаар Ерөнхийлөгч яриад байгаа. Та ямар байр суурьтай байна?

-Цэргийн хүн ерөнхий командлагчаа эсэргүүцэж болохгүй шүү дээ. Гэхдээ энэ салбарт олон жил зүтгэсний хувьд хэлэхэд Ерөнхийлөгчийн саналаар шууд гурван жилийн цэрэгтэй боллоо гэхэд манай эдийн засаг тэжээж дийлэхгүй шүү дээ. Зэвсэгт хүчин хүчтэй байх тал дээр Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй байх аргагүй. Харин бүтээн байгуулалтад оролцуулж, Монголын өргөн уудам нутагт компани, байгууллагууд, хүн болгон эх орноо хөгжүүлэхэд оролцоно гэдгээр нь дэмжиж болно. Одоо боловсруулж байгаа хууль зөв гарчихвал Ерөнхийлөгчийн санал боломжтой байж болно.