Categories
мэдээ спорт

Медалийн тоогоор Норвеги улс тэргүүлсээр байна

Зураг

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын 14 дэх өдрийн байдлаар Норвеги улс медалийн тоо болон чанараар тэргүүлсэн хэвээр байна. Норвеги улс нийт 35 медалийн эзэн болоод байгаа бол Герман улс нийт 25 медаль авснаар жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна.

Германы араас Канад, АНУ болон Нидерланд улс эхний таван байрт жагсжээ. Наадам эхэлснээс хойш нийт 27 улсын баг тамирчид медаль хүртжээ. Оросын баг тамирчид жагсаалтын 21 дүгээр байрт бичигдэж байсан бол өнөөдөр тус улсын тамирчин А.Загитова алтан медаль хүртсэнээр медалийн чанараар 15 дугаар байрт шилжиж, медалийнхаа тоогоор жагсаалтын долдугаар байрт бичигдэж байгаа юм. Өчигдөр Оросын баг тамирчид нийт 13 медальтай байсан хэдий ч кёрлингийн тамирчид медалиа хасуулснаас болж медалийн тоо 12 болоод байсан юм. Уран гулгалтын тамирчид эх орондоо хоёр медаль авчирснаар, одоогоор Оросын баг тамирчид нийт 14 медалийн эзэн болоод байна.

Categories
мэдээ нийгэм

2,7 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигч татвараа төлөхөд дөрөв хоногийн хугацаа үлдлээ

Зураг

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил нийслэлд үргэлжилж байна.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тогтоосон хугацаанд төлдөг. Энэ сарын хувьд 2,7 тоогоор төгссөн бол тээврийн хэрэгсэлтэй иргэд татвар төлөх ёстой. Мөн татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.

Түүнчлэн татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах юм. Хэрэв тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүд:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

Categories
мэдээ нийгэм

Б.Жавзмаа: С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч илрээгүй байхад гэмгүй гурван хүнийг ялласан

Улсын дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруутайд тооцож, хүнд дэглэмтэй хорих ангид тус бүр хорин жил хорих шийдвэр гаргасан билээ. Түүнийг худлаа хэмээн ар гэрийнхэн ньмэдээлэл хийлээ.

Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа ярихдаа “Хилс хэргээр зовж байгаа хүүгийнхээ төлөө явж байгаа эх хүн байна. С.Зоригийн хэргийг илрүүллээ гэсэн худал хуурмаг шүүх хурал болоод өнгөрсөн. С.Зоригийн хэргийн талаарх шүүх хурлын эмгэнэлт жүжгийг ард түмэн бүгд мэдэж байгаа. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн сүүлийн үед хэвлэлүүдэд ярилцлага өгч, худлаа зүйл ярьж байна. С.Зоригийн хэргийн захиалагч нь одоо хүртэл илрээгүй байхад гурван хүнийг ялласан.Ийм хуулийн заалт байдаг юм уу”гэв.

Хэвлэлийн хурлын үеэр Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ “Тагнуул, хуулийнхан тэдэнд элдэв арга хэрэглэж, тариа хийж худлаа зүйл яриулсан. Түүнийгээ эвлүүлж нотлох баримт хэмээн хэлж байгаа. Хуулийнхан шүүх хурал хийхдээ Амгаланбаатар гэдэг хүний үгээр л шүүх хурал хийсэн. Арван дөрвөн мянган хуудас хэргийн материалыг ил болгочихлоо гээд байгаа. С.Зоригийн хэргийн материалыг ил болгосон юм байхгүй, харин ч өөрсдийнхөө асуудлыг нууцын зэрэглэлд оруулж байна” хэмээв.

У.ПҮРЭВСҮРЭН



Categories
мэдээ нийгэм

БНМАУ-ын хошой баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

БНМАУ-ын хошой баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

Оросын Холбооны Улсын ‘’Эх орноо хамгаалагчид’’-ын өдрийг тохиолдууланХалх голын байлдааны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэсэн Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал, Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ боллоо.

Ёслолын арга хэмжээнд Батлах хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж, Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон албаны бусад хүмүүс, Халх голын байлдаанд оролцож явсан ахмад дайчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

Дашрамд дурдахад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах маршал, Г.К.Жуковын хөшөөг 1981 онд босгож, түүний амьдарч байсан байшинг музей болгож байжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС хичээлийн шинэ байртай болно

Зураг

Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль (ШУТИС)-ийн хичээлийн VIII дугаар байрны шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Ёслолын ажиллагаанд БСШУСЯ-ны төлөөлөгчид, ШУТИС-ийн Захирал Б.Очирбат, дэд захирлууд болон эрдэмтэн багш, оюутны төлөөллүүд оролцов. ШУТИС-ийн хамт олон тус хичээлийн байрыг 2015 оноос эхлэн барихаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн хугацаанд барилга барих бүх шатны зөвшөөрлийг авч, өөрсдөө зураг төсөл зэргийг нь боловсруулжээ.

Барилга барих бэлтгэл бүрэн хангагдаж, энэ жил барилгын ажлыг эхлүүлэхээр болсон байна. Тус хичээлийн VIII дугаар байрыг барьснаар хичээлийн болон лабораторийн анги танхимийн хүрэлцээ нэмэгдэхээс гадна багш, оюутнуудын ажиллаж, суралцах таатай орчин бүрдэх юм. Хичээлийн VIII дугаар байр нь 40 лаборатори, лекцийн 9 болон хурлын нэг танхим, багш ажилчдын 25 өрөө зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байх бөгөөд оюутнуудыг ая тухтай орчинд суралцах, тэдний хөгжлийг дэмжихэд чиглэсэн 12 давхар цогцолбор болохоор зураг төсөлд тусгагджээ.

Мөн энэ үеэр “ШУТИС-ийн хэвлэх үйлдвэр”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. ШУТИС нь хэвлэх үйлдвэрээ өргөжүүлэн орчин үеийн дэвшилтэт технологи болох дижитал болон офсет хэвлэлийн машинаар бүрэн тоноглогдсон ШУТИС-Хэвлэлийн газар байгуулж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Яармагт баригдах “Нутгийн захиргааны цогцолбор”-ын концепц боловсруулах уралдаан зарлагдлаа

Яармагт баригдах “Нутгийн захиргааны цогцолбор”-ын концепц боловсруулах уралдаан зарлагдлаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг хотын шинэ төв болох Яармаг руу нүүлгэх хотын удирдлагын саналыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан. Хотын төвийн хэт төвлөрөл, автомашины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахаас гадна хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын шинэ төв байгуулах, иргэдэд нутгийн захиргааны үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилго бүхий уг төслийн концепц боловсруулах уралдаан зарлагдлаа. Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун өмнөд бүсэд хотын шинэ төвийг байгуулах ажлын хүрээнд “Нутгийн захиргааны цогцолбор”-ын концепц боловсруулах уралдаан энэ сарын 21-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл нэг үе шаттай явагдах юм байна.

Мөн нийслэл хотод шинээр баригдах цэнгэлдэх хүрээлэнгийн концепц шалгаруулах уралдаан зарлагдаж байгаа юм. “Улаанбаатар хотод 35000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолбор”-ын концепц шалгаруулах уралдаан нь энэ сарын 21-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл хугацаанд зарлагджээ.

Дээрх хоёр уралдаанд мэргэжлийн сургуулийн оюутнууд болон сургуулиа төгсөөд 5 хүртэл жил ажиллаж буй залуу архитектор оролцох боломжтой аж. Уралдаан тус бүрээр шилдгүүдийг шалгаруулж гурван байр эзлүүлж, 1-3 сая төгрөгийн шагнал олгох юм байна.

Нутгийн захиргааны цогцолбор”-ын концепц боловсруулах ажлын даалгавар болон уралдааны удирдамжтай энд дарж танилцана уу.

“Улаанбаатар хотод 35000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолбор”-ын концепц боловсруулах ажлын даалгавар болон уралдааны удирдамжтай энд дарж танилцана уу.

Categories
мэдээ нийгэм

Хаврын бүргэдийн баяр ирэх сарын 4-5-нд болно

Хаврын бүргэдийн баяр зурган илэрцүүд

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, Монголын Бүргэдчид холбоо хамтран “Хаврын бүргэдийн баяр”-ыг ирэх сарын 4-5-нд “Чингис хааны хүрээ” жуулчны баазад зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг болох Бүргэдийн баяр нь 2000 оноос эхлэн зохион байгуулж буй. Тус арга хэмжээний гол зорилго нь Монгол Улсын үндэстний цөөнх болсон казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчилж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэгдсэн. Бүргэдээр ан хийх уламжлалыг Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсч, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр”-ыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Жил бүрийн гуравдугаар сарын 4-5-ны хооронд нийслэл Улаанбаатар хотод хаврын, Баян-Өлгий аймагт аравдугаар сарын эхний 7 долоо хоногийн амралтын өдрүүдэд намрын баярыг зохион байгуулж байна.

Бүргэдийн баярт бүргэдчдийн жагсаал, көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг казах ардын уламжлалт тоглоомуудыг сонирхож болохоос гадна үндэсний хувцсаар гангарсан зочломтгой казах хүмүүстэй танилцаж, казах ардын зан заншил, ахуйн соёлтой гүнзгий танилцах боломжтой. Хамгийн гол нь бүргэдээр хэрхэн ан хийдгийг энэ үеэр үзэж сонирхож болох юм. Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэсэн аж.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараад иргэдтэй уулзав. Мандал сумын төв нь Монгол Улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумдаас хүн амын тоогоор нэгдүгээрт ордог дэд бүтэц, төмөр замын сүлжээнд холбогдсон томоохон сум юм.

Мөн энэ сум газар тариалангийн бүс нутагт тооцогдож, үүний хажуугаар уул уурхайн томоохон орд газрууд байдаг нь нутгийн иргэд болоод олборлох салбарынхны хооронд зөрчилдөөн үүсэх үндэслэл болдог талаар нутгийн иргэд уулзалтын үеэр түлхүү ярьж байв. Үүний нэг жишээ нь, Ноён уулын асуудал бөгөөд нутгийн иргэд Ноён ууланд Хүннүгийн үеийн булш, бунхан, түүхийн дурсгалт зүйлс байдаг тул ууланд уул уурхайн олборлолт явуулахыг эсэргүүцэж байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад олноор хэлж байлаа. Ноён ууланд олборлолт явуулахтай холбоотой асуудлаар нутгийн иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл шүүх ажиллагааны процесс үргэлжилж байгаа юм байна.

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан

Сайн байцгаана уу? Би зөвхөн Ерөнхийлөгчид ч биш нийт ард түмэн, тархан суугаа монголчууддаа хандаж нэг зүйл гуймаар байна. Өмнөх Ерөнхийлөгч “Та нар доороос нь сайн тэмц, би дээрээс нь дэмжээд өгье” гэж Ноён уулын талаар ярьж, хэлж байсан. Бид амиа гартал тэмцсэн, жагссан, өлссөн. Өнөөдрийг хүртэл Ноён уулын асуудлаар захиргааны хэргийн шүүхэд зарга үүссэн явж байгаа. Хэдийгээр захиргааны хэргийн шүүх дээр торгоогоод явж байгаа ч гэсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бид Ноён уулаа хамгаалах шаардлагатай байна. Үүнтэй холбоотой хуулийн төслийг Ерөнхийлөгч та санаачилж, өргөн барих хэрэгтэй. Цаашлаад Ноён уулыг ЮНЕСКО-д дэлхийн соёлын өвөөр бүртгүүлэх боломж бий. Байгалийн цогцолборт газар гэдгээс гадна археологийн асар их олдвортой. Дэлхийд ганцхан байгаа Хүннү гүрний баталгаа болох 374 булш, бунхан байгаа энэ сайхан хайрханыг гадны луйварчдад алдах гээд байна. Монголыг тойрсон зах замбараагүй лицензүүд бий. Уул уурхайн асуудал замаа алдсан байгаа шүү. Бэлчээргүй болсон, гол ус нь хордсон гамшгийн байдалд орлоо. Бид Канадын дагавар, колони улс биш шүү дээ. Өчигдөр /энэ сарын 21-ний өдөр/ захиргааны хэргийн шүүх дээр Ноён уул, “Сентерра гоулд”-тай холбоотой шүүх хурал болох байсан ч 35 дахь удаагаа шүүх хурал хойшилж рекорд тогтоолоо. Өнөөдрийг хүртэл бид гаднын компаниас уул ус, өвөг дээдсийнхээ булшийг хамгаалан тэмцэж байна. Ахуйн чанартай олон асуудал байгаа ч Ноён уулын асуудал илүү чухал юм шүү. Бид ардын хүүхдэд хатуу, авлигачдад зөөлөн хуулиас айхгүй. Шударга үнэний дуу хоолой болж явахдаа юунаас ч айж, ухрахгүй гэдгээ хэлмээр байна.

Мандал сумын 4-р багийн иргэн Д.Чимэдрэгзэн

Эх орон гэж ард түмэн, газар нутаг, тусгаар тогтнол гэсэн гурван зүйл дээр тогтдог байх гэж би хувьдаа боддог юм. Гэтэл өнөөдөр лиценз нэрээр газрыг маань хулгайлж, гаднынханд зарж байна. Газар шорооноосоо урвасан явдал юм. Үндсэн хуульд “…байгалийн баялаг ард түмний өмч” гэдэг. Гэтэл өнөөдөр биднийг хуураад, биднээс хулгайлж газар зарж байна. Эх орон гэх гурван тулганы хоёрыг нь устгаж, хулгайлсан хүмүүсийг бид юу гэж нэрлэх вэ. Оффшорчид гэх үү, луйварчид гэх үү. Тэд бол эх орноосоо урвасан урвагчид. Тиймээс лицензийн асуудлыг цэгцэлж, гаднын компанид лиценз өгөх асуудлыг төрийн, тагнуулын байгууллага оролцдог болгож чангалмаар байна.

Мандал сумын 7-р багийн иргэн С.Лхагвасүрэн

Мандал суманд 1250 гаруй өрхийн тариаланч байдаг. Бидний хадгалсан ногоо зоориндоо өнөөдрийг хүртэл байж байна. Тарьж ургуулаад, хадгалаад хамгаалж байгаа ч зарагдахгүй, Улаанбаатарт хятад ногоо дүүрэн байна. Өрхийн тариаланчид бид хятад хүнсний ногоотой өрсөлдөх аргагүй байна. Тэд олон янзын бордоо, техник тоног төхөөрөмжөөрөө давамгайлж тарьж ургуулдаг. Харин бид үхрийн баасаар л борддог. Цэвэр бүтээгдэхүүн нь борлогдохгүй, хятад ногоо зарагдаад байдаг энэ байдлыг тусгай ярьж, хэлдэг газар нь хэлмээр байна. Бид өөрсдийн ногоог Улаанбаатарын иргэдэд өндөр үнээр зарах юм уу шахах гээгүй. Хэдхэн ченжийн гарт байгаа хятад ногооны худалдааг болиулмаар байна. Бид өөдөө гарч, өсөж дэвжиж чадахгүй арай гэж л амьдарч байна. Урдаас орж ирж байгаа ногоог зохицуулалттай болгомоор байна шүү.

Иргэн Б.Батсайхан

Би Мандал сумын хүндэт иргэн шахуу хүн байна. Ноён уулаар холбогдож, энэ уулыг хамгаалахын төлөө тэмцэж яваад Мандал сумынхантай холбогдсон юм. Монгол Улсын баяр наадам “Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны…” гээд эхэлдэг болсон. Монгол Улс төрт ёсны түүхээ урагш нь “шидсэн”. Харин энэ төрт ёсны үүслийг баталж, нотолдог ганцхан газар нь Ноён уул юм шүү. Ийм ариун, чухал учраас бид хамгаалдаг. Ерөнхийлөгчийг бид сонгосон, ямар байх, ямар байлгах түүхийг бид хамтдаа бичилцэх ёстой. Одоо бид маш тодорхой зүйл хиймээр байна. Өнгөрсөн жилүүдэд бид үргэлж ахуйн чанартай зүйл ярьж, хийж ирсэн байдаг. Энэ бүхний цаана бул хар чулуу байгаа зүйлийг бид тодорхойлсон, Ерөнхийлөгч бидэнд хэлсэн. Удирдах ёстой төр нь мангас болчихоод байгаа. Бид тэднээс зайлшгүй, цаг алдалгүй салах хэрэгтэй. Би ганц, хоёрхон хоногийн өмнө АНУ-аас ирсэн. Тэнд Монгол Улсаасаа амьдрал хөөгөөд дүрвээд, дайжаад очсон хэдэн зуун залуу байна. Тэд сэтгэл зовинож байгаа ч тэндээ сайхан амьдарч, үр хүүхдүүд нь англиар хэлд орж байна. Бид, бидний үеийнхэн өөрчлөлтийг цаг алдалгүй хийхгүй бол ямар ч шаанс алга.

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид

“Бид эе эвийг хичээж нам, намчирхал гэсэн зүйлийг болих хэрэгтэй. Бид ташуураа бариад далайхад хаа ч хүрч чадна. Харин нэг өглөө босоход газаргүй болчихсон байх вий дээ. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийх нь хувьд Монгол Улс үндэсний аюулгүй байдлын хувьд доройтож байна гэдгийг хэлмээр байна. Хүүхдүүд алга болж байна. Эмс охид замбараагаа алдсан. Монгол хүний ген, үүх түүх, өв соёл байхгүй болж байна. Тийм учраас Ноён уулыг монголчуудын язгуурыг устгахын тулд үндэстэн дамнасан, олигарх “Сентерра гоулд” зэрэг компани санаархаж байна. Гэхдээ тэд чадахгүй. Үүний төлөө алтан амиа өргөнө гээд 375 залуу Төрийн өндөрлөгүүдэд мэдэгдлээ хүргүүлсэн байгаа. Дээрээс нь Мандалын 10 мянга гаруй хүн Ноён уулыг ухахыг эсэргүүцнэ гэж гарын үсгээ зурсан. Зөвхөн Мандалын иргэд ч биш дэлхийн 24 орны хуульч, сэтгүүлчид Ноён уулыг хамгаалж байгаа” зэргээр Мандал сумын төв Зүүнхараагийн иргэд уул уурхай, газар тариалантай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж санал, бодлоо хэлэв.

Харин Төрийн тэргүүн Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараагийн иргэдэд хандаж хамгийн их асуудал хөндөгдсөн Ноён уулын асуудлаар:

“Мандал сумын Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой. Ноён уулыг төрийн хамгаалалтад авна гэж би сонгуулийн өмнө хэлсэн. Энэ амлалтаа мартаагүй байгаа. Ноён уултай холбоотой маш их санал гарч байна. Миний зөвлөхөөр ажиллаж байгаа Г.Уянга Ноён уултай холбоотой захиргааны хэргийн бүх шүүх хуралд оролцож, надад мэдээлэл өгч байгаа. Ямар нэг байдлаар энэ ууланд байгаа алт, булш, олдвор зэргийг хамгаалах, хадгалах асуудлаар санаачилгатай ажиллаж байгаа гэдгээ хэлмээр байна. Нөгөө талд маш их мөнгөтэй, маш том хуулийн баг ажиллаж байгаа. Гэхдээ удахгүй сайн мэдээ сонсоно гэдэгт итгэлтэй байгаа” гэсэн юм.

Мөн Төрийн тэргүүн тэтгэврийн нас, зөрүү, зээл, ажилгүйдэл, оффшорын асуудлаар иргэдийн асуултад хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын баримталж буй бодлого, шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараагийн иргэдэд танилцуулснаар уулзалт өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

Залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлж байна

Өсвөр үе, залуучууд хорт зуршлын нөлөөнд автах нь нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залуучуудад зориулж, согтууруулах ундаа хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар нөлөөллийн ажил зохион байгуулахаар төлөвлөсөний дагуу Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвтэй 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга, хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн, их эмч Т. Мандхай нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“2017 онд бид СЭМҮТ-тэй хамтран жилийн хугацаанд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг, мэдээлэл олгох сургалтаар дамжуулан нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан. 30 удаагийн цуврал сургалт, нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулсан СЭМҮТ-ийн удирдлага болон сургагч багш, хамт олонд талархал илэрхийлье. Жилийн эцсийн байдлаар бид тус үйл ажиллагаанд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн ерөнхий боловсролын 30 сургууль, дөрвөн их, дээд сургуулийн 3019 сурагч, оюутан, залуучуудыг хамрууллаа” хэмээн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир ярилаа.

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгааг судалгааны дүнгүүд харуулж байна. Тухайлбал 2011 онд Дэлхийн зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаанд “Монголын өсвөр үеийнхний /12-17 нас/ 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн” гэсэн байдаг.

Судалгаанд хамрагдсан 7000 гаруй хүүхдийн 45 хувь нь архи, тамхи, мансууруулах бодисын сөрөг талыг огт мэдэхгүй байхад 7 хувь нь л сайн мэднэ гэсэн бөгөөд үлдсэн 48 хувь нь бага зэрэг мэддэг тухайгаа хэлсэн байна.

Иймд согтууруулах ундаа, тамхи бусад төрлийн хорт зуршил нь нийгэм болон гэр бүл, хувь хүнд ямар эрсдэл дагуулах, эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөл учруулах талаар өсвөр үе залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллээр хангах, үйл ажиллагааг зохион байгуулж, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн сүлжээ, залуучуудын болон олон улсын байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх, цуврал сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Энэ жил нийслэлийн дүүрэг тус бүрт багадаа гурван удаагийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлэхээр төлөвлөн СЭМҮТ-тэй хамтын ажиллахаар боллоо гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Under 23” ангиллын дугуйн уралдаанд С.Жамбалжамц хүрэл медаль хүртжээ

Зураг

Монголын дугуйн холбоо /МДХ/ анх удаа Франц улстай хамтран хагас мэргэжлийн буюу Continental team ‘PROJECT NICE COTE D’AZUR’ багийг байгуулаад байна.

Гурван жилийн хугацаатай байгуулагдсан энэ багт залуучуудын шилдэг тамирчид багтсан бөгөөд Францын мэргэжилтэн дасгалжуулагчаар ажиллах юм. Тэд “Токио 2020” олимпийн наадамд Монголын дугуйчид эрх авч оролцуулах зорилготой ажиллах юм. Тус багийн тамирчид удахгүй Европыг зорих бөгөөд бүрэлдэхүүнд нь Б.Идэрболд, Б.Буяндэлгэр, Д.Эрхэс, Э.Алтан-Очир, Н.Буянтогтох, С.Аюуш-Очир, К.Стефан, К.Брендан нарын найман дугуйчин багтжээ.

МДХ-ноос өчигдөр (2018.02.22) тамирчдын амжилт болоод “Токио 2020” олимпийн наадамд эрх аван оролцох бэлтгэл ажлын талаар мэдээлэхдээ энэхүү сайн мэдээг сонордуулсан юм.

Ази тивийн аварга шалгаруулах Засмал замын дугуйн тэмцээн Мьянмар улсад хоёрдугаар сарын 8-12-нд болж, манай баг тамирчид амжилттай оролцжээ. Багийн 70 км-ын уралдаанд Монголын баг шагналт IV байрт орсон бол “Under 23” ангиллын бөөн гараатай уралдаанд ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртжээ. Энэ амжилт нь тивийн АШТ-ий бөөн гараатай уралдаанаас авсан анхны медаль болж түүхэнд бичигдэж байна.

Мөн дугуйн насанд хүрэгчдийн ангиллаас гадна “Мастер” ангиллын тивийн АШТ-ээс Монголын баг гурван хүрэл медалийг авлаа. “Мастер” ангилалд ОУХМ Х.Пүрэвсүрэн (40-44нас) хүрэл, ОУХМ С.Түмэндэмбэрэл (50-аас дээш) хошой хүрэл медальтай иржээ.
Мьянмарын тэмцээний дараа Монголын багийн амжилт Малайз улсад үргэлжилж ОУХМ Б.Тэгшбаяр Мазайзын Куала-Лумпур хотод хоёрдугаар сарын 17-нд ханан тойргийн дугуйн (track) Азийн АШТ-ий бөөн гараа буюу scratch төрөлд хүрэл медаль хүртэж, энэ төрөлд түүхэн амжилтын эзэн болсон билээ. Залуу тамирчин Б.Тэгшбаяр 2016 онд Швейцарь улсад болсон дугуйн тойрог замын ДЗАШТ-ий эрэгтэйчүүдийн TRACK-ийн бөөн гараат 10 км-ын уралдаанд түрүүлж байлаа. Тухайн үед энэ төрөлд 20 орны тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын дугуйн спортын түүхэнд дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан анхдагч нь болсон юм.
Дашрамд сонирхуулахад, “Улаанбаатар – Бээжин” олон улсын дугуйн уралдаан ирэх наймдугаар сард болно. Олон жилийн дараа БНХАУ-ын спортын бараа үйлдвэрлэлийн “Grand China sports” компанийн дэмжлэгтэйгээр энэхүү аяллыг сэргээн явуулахаар болсон байна.