Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Залуус цэрэгт дайчлагдан, ажил хийхийн буруу гэж байхгүй

Залуус цэрэгт дайчлагдан зурган илэрцүүд

Цэргээс ирсэн харцуул гэдэг бол социализмын үед үзэгдэл байлаа. Гэхдээ энэ нь дээд сургууль төгссөн залуусаас тусдаа үзэгдэл л дээ. Тэд бол сайхан эрс даанч тоо нь цөөхөн хүн бүр их дээд сургуулийг төгсөж чаддаггүй учраас элит давхаргынхан гэсэн үг. Харин нийт ард түмний дунд бол цэргээс халагдсан залуус гэрэл гэгээ цог жавхлан байсан юм. Тэвхийсэн хүдэр цээжтэй, зассан шагай шиг хүрэн бор залуус хөдөө талыг чимж амьдрах итгэл найдвар төрүүлж залуу бүсгүйчүүдийн булгилсан зүрхэн дунд дуулалдан давхилддагсан. Тэдний хүнд хүчир ажилд дадсан хүчирхэг гарт тэврүүлж, баргийн юмыг үл тоох хаттай сэтгэлд хайрлагдах нь итгэл төрүүлнэ. Цэргийн алба ийм л байлаа. Өнөөгийн залуусыг муулах гэсэнгүй. Эдийн засгаас болоод богино хугацаатай байгаа нь л өөр болохоос бусдаар адил биз ээ. Харин бие бялдрын хөгжил, сэтгэлийн хат суух нь арай дутуу юм болов уу л гэж хардаг. Богдын үед цэрэг хугацаагүй байсан юм гэсэн. Сүүлд 40, 50-иад оны үед таван жилээр цэргийн алба хаадаг байсан. Тэр үед Д.Сүхбаатарын гэргий Янжмаа гуай “Эм нь сувайрч, эмээл нь хувхайрлаа” гэж маршал дээр орж хэлж байгаад гурван жил болгосон юм гээд л аав маань хуучилдагсан. Тэр өөрөө таван жил цэрэгт явсан хүн л дээ. Одоо цэрэгт залуусыг татаж бүтээн байгуулалтад оролцуулна гэхээр бөөн дайсан бэлдэх гэсэн аятай нийгмээрээ сүйд болж байх юм. Монголчууд цэрэгт алба хаагаад л ирсэн түүхтэй. Цэрэг нь ард түмэндээ нөмөр нөөлөг итгэл зориг төрүүлж байснаас өөрөөр яршиг төвөг удаж байсан түүхгүй. Тэгэх ч үгүй, яагаад гэвэл бидний л үр хүүхэд шүү дээ. Залуусыг цэрэгт дайчлан татаж том бүтээн байгуулалтад оролцуулахад буруу юм байхгүй . Монгол цэргийн тоо нэмэгдэхэд айдаг монгол гэж юу байдаг юм.


Categories
мэдээ нийгэм

Монголын уулчдын үндэсний холбоо ОБЕГ-тай хамтран ажиллана

Зураг

Монголын уулчдын үндэсний холбоо нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллахаар болжээ.

Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Тулга, дэд ерөнхийлөгч Б.Золжаргал нарыг энэ сарын 23-нд хүлээн авч уулзан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Монгол Улсын уулын аврах ажиллагааны үндэсний тогтолцоог бий болгохын тулд Олон улсын холбоодоос хүлээн зөвшөөрсөн сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн сургагч багш, уулын аврагч, дасгалжуулагчдыг бэлтгэх, мэргэжлийн уулчдын хамтарсан уулын аврах багийг байгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай сургалт, бэлтгэлийн бааз байгуулах асуудлыг санамж бичигт тусгасан аж.

ОБЕГ энэ онд Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэр “Отгонтэнгэр”, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэр “Алтай таван богд” ууланд баруун бүсийн хэмжээнд өндөр уулан дахь эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөж тухай энэ үеэр дурдагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх чиглэлд анхаарна гэв

ЗурагНийслэлийн ЗДТГ болон Энэтхэг Улсын Логин байгууллага хамтран төрийн албан хаагчдыг чадавхжуулах, төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр ажиллахаар болсон. Энэ хүрээндхоёр тал Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд, тус байгууллагын төлөөлүүдтэй албан уулзалт хийлээ.

Төрийн үйлчилгээг хүнд чирэгдэлгүй, шуурхай, шударга хүргэхэд тухайн үйлчилгээг үзүүлж буй төрийн албан хаагчийн чадвар, мэргэшсэн байдлаас ихээхэн хамаардаг. Тиймээс төрийн албан хаагчдын, ялангуяа анхан шатны нэгжид ажиллаж байгаа ажилтнуудын чадавх, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтуудыг тус байгууллагатай хамтран хийх юм.

“ЛОГИН”-ы багийн ахлагч Прета Лалл “Төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрийн цогц агуулгыг боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа албан хаагчдын хэрэгцээнд суурилж ажиллана. Хотын хүн амын төвлөрөл ихэсч байгаатай холбоотойгоор ямар ур чадвар, дадал, сургалт хэрэгтэй вэ гэдгийг судалж тэр хэрэгцээнд нийцүүлж хөтөлбөрөө гаргана” хэмээв.

ЛОГИН нь төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн зорилгын дор нэгдсэн Зүүн өмнөд Азийн орнуудын оролцогч байгууллагуудын сүлжээ юм.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын жишигт нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэнэ

ЗурагУлаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-аас “Олон улсын жишигт нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг, чөлөөт уулзалт ирэх даваа гарагт Нийслэлийн иргэний танхимд болно.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрт “Улаанбаатар хотын такси үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэсэн заалт туссан.

Иймд уг нээлттэй хэлэлцүүлгээр иргэд, такси үйлчилгээ эрхлэгч ААН, холбогдох харьяа байгууллагууд такси үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ хотуудын такси үйлчилгээний талаарх судалгаа болон цаашид баримтлах бодлогын асуудлыг хэлэлцэх нь.

Categories
мэдээ нийгэм

Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх аяныг эхлүүлэв

ЗурагХХААХҮЯ-аас “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтын дор 2020 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулсан зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн, хоолны давсны агууламжийг 30 хүртэл хувиар бууруулахаар болж “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аяныг энэ сараас эхлүүллээ.

Энэхүү аян хэрэгжсэнээр хүн амын дунд давсны зохистой хэрэглээг бий болгох, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, давс багатай хоол, хүнсний үйлдвэрлэл өргөжүүлж амьдралын зөв хэвшлийг бүрдүүлж, ингэснээр хэт их давсны хэрэглээнээс үүсэх өвчлөлийн эрсдлийг бууруулах боломж бүрдэх юм. Тус аянд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар цэцэрлэг, Баянгол дүүргийн 57, 94 дугаар цэцэрлэг, Номадс, Броадвэй сүлжээ ресторан, Хан идэрмэг ХХК, ДЦС-4 ХК-ийн Эрчим зоогийн газар, Атар өргөө, Мах маркет ХХК зэрэг байгууллага, аж ахуй нэгжүүд 4-10 гаруй нэр төрлийн хоол, хүнсний бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулахаар болсон байна.

Аяны хүрээнд хүнс, хоол үйлдвэрлэгч нарт арга зүйн зөвлөгөө өгөх, давс багатай хоолны цэсийг боловсруулан хоол үйлдвэрлэлд нэвтрүүлэх, давсны агууламжийг хянах, хэрэглэгчдэд зориулсан сургалтыг үе шаттай зохион байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Уг аян ирэх оныг дуустал хоёр үе шаттай хэрэгжинэ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил залруулга гаргав

Зураг

“Эрдэнэт” үйлдвэр, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан зээлийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын мэдлийн компани зуучлалын үүрэг хүлээж ихээхэн хэмжээний мөнгө авсан гэсэн асуудал олон нийтийн сүлжээгээр цацагдсантай холбогдуулж тэрбээр залруулга гаргасан байна.

Залруулгад, “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэт” үйлдвэр, Өмнөд Африкийн “Стандарт” банктай холбоотой гарсан мэдээлэлд миний нэр дурдагдаж байна. Миний бие 1997-2000 онд хуулийн зөвлөгөө өгөх “Идэш, Линч” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2000 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болохдоо компанийн хувиа зарж гарсан. Нэгэнт хөдөлмөрийн оролцоо байхгүй болсон учраас тус компанийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй болно. Сүүлийн өдрүүдэд уг асуудлыг надтай холбон бичиж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр тодорхой давтамжтай тарааж буй нь асуудлыг өөр тийш залах сонирхолтой хүмүүсийн хийж буй зохион байгуулалттай ажил тул ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн цасны баяр болж байна

Зураг“Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулж буй нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” өнөөдөр 10 дахь жилдээ Хандгайтын Янзага зусланд болж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар оролцож, “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын галт бамбарыг асаалаа. Нээлтийн ажиллагааны үеэр ОБЕГ-ын Аврах тусгай ангийн шүхэрчид нийслэлийн тугийг агаарт хөөргөж, агаарын үзүүлбэр үзүүлсэн юм. Мөн өнгөрсөн онд нийслэлийн харьяа байгууллагуудаас шилдэг биеийн тамир, спортоор тэргүүлсэн баг тамирчдыг шагнаж урамшууллаа.

Шилдэг биеийн тамирын баг хамт олноор

Нэгдүгээр байрт Ус сувгийн удирдах газрын биеийн тамирын баг
Хоёрдугаар байрт нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын биеийн тамирын баг
Гуравдугаар байрт нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын биеийн тамирын баг
Дөрөвдүгээр байрт нийслэлийн Түргэн тусламжийн төвийн “Кобра” биеийн тамирын баг
Тавдугаар байрт Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн биеийн тамирын баг шалгарсан бол дүүргүүдийн харьяа байгууллагуудын шилдэг биеийн тамирын байгууллагаар

Нэгдүгээр байрт Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн хамт олон
Хоёрдугаар байрт Баянгол дүүргийн 157 дугаар цэцэрлэгийн хамт олон
Гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэгийн хамт олон
Дөрөвдүгээр байрт Багануур дуургийн Сувилал компанийн хамт олон
Тавдугаар байрт Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон шалгарч өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнууллаа.

Энэ жилийн баяр “Пёнчан 2018” өвлийн олимптой нэг цаг хугацаанд явагдаж байгаагаараа онцлог болж байгаа ба нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын албан хаагчид, нийслэлийн иргэд гээд 10 мянга орчим иргэд оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

АНУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-наас Н-2 виз мэдүүлэх ерөнхий журмыг гаргажээ

Зураг

АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын яамнаас H-2 визний ангилалд Монгол Улсыг багтаасан. Уг визийг манай иргэд ирэх сарын нэгнээс мэдүүлж эхлэхтэй холбогдуулж АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Н-2 виз мэдүүлэх ерөнхий журмын талаар дараах зөвлөмжийг гаргажээ.

Алхам 1: Түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа компани эсвэл зуучлагч байгууллагаа АНУ-аас олно. АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй болно.

Алхам 2: H-2 виз нь “petition” буюу урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл юм. АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авах бөгөөд улмаар цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах өргөдлийг (I-129 маягт, https://www.uscis.gov/sites/default/files/files/form/i-129.pdf) АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргана. Зөвхөн I-129 өргөдөл батлагдсан тохиолдолд боломжит ажил горлигч нь АНУ-ын виз мэдүүлнэ.

Алхам 3: Ажлын гэрээтэйгээ танилцаж I-129 маягт буюу өргөдөл нь батлагдсан эсэх болон хүчинтэй хугацааг шалгах хэрэгтэй. Зах зээлийн судалгаа хийж ажил олгогч таньд зах зээлийн ханштай дүйцэх хэмжээний цалин олгох эсэхийг баталгаажуулна. Англи хэл дээр бичигдсэн ажлын гэрээ хүлээн авч гарын үсгээ зурах ёстой бөгөөд хэрэв Англи хэл ойлгодоггүй бол Монгол эсвэл өөр ойлгодог хэл дээрхи гэрээн дээр бас гарын үсгээ зурсан байх шаардлагатай.

Алхам 4: I-129 өргөдөл нь батлагдсан эсэхийг нотолсоны дараа DS-160 электрон визний анкетыг бөглөн Хаан банкинд визний хураамж болох 190 доллартай тэнцэх төгрөг тушаана. (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-visafeeinfo.asp).

Алхам 5: H-2 ангиллын визний ярилцлагын цагаа товлоно (https://cgifederal.secure.force.com/).

Алхам 6: Виз мэдүүлэгч нь АНУ-ын Элчин Сайдын Яам/ Консулын хэлтэст визний ярилцлаганд орно. Визний ярилцлаганд ирэхдээ хүчин төгөлдөр паспорт, АНУ-ын визний шаардлага хангасан нэг хувь цээж зураг (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-photoinfo.asp) болон I-129 өргөдлийн баримтын дугаар зэргийг авчирна.

Алхам 7: Виз олгогдсон тохиолдолд визээ авч АНУ-ын хил дээр очин H-2 түр хугацааны ажилтны визээр нэвтрэх зөвшөөрөл хүснэ.

Алхам 8: Ажлын гэрээ дуусгавар болсны дараа H-2 визний статус зөрчих аливаа үйлдэл хийлгүй АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас өмнө Монголд буцаж ирнэ. Хэрэв илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол
https://travel.state.gov/
https://search.uscis.gov/
http://www.ustraveldocs.com/
цахим хуудсуудаас авах боломжтой бөгөөд H-2 визний ангилалд Монгол Улсыг багтаасан нь итгэл хүлээлгэсэн хэрэг юм. Иймд визээ ямар нэгэн байдлаар буруугаар ашигласан эсвэл зөрчсөн тохиолдолд АНУ-ын Дотоолын Аюулгүй байдлын яам визийг цуцлах эрхтэй гэдгийг тус ЭСЯ-наас мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

“Монгол шахмал түлш”-ийн гишүүн аж ахуй нэгжүүд жилдээ 300 мянган тн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ

Зураг

Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах гэж байгаатай холбогдуулан сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Засгийн газар, нийслэл, салбарын яамдын төлөөлөл бүхий 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа болон үйлдвэрлэл явуулах бололцоотой 8 үйлдвэр, “Эрдэнэс таван толгой” ТӨХК, ” Энержи Ресурс” ХХК-иудын хоёр уурхайтай газар дээр нь очиж танилцан дүгнэлтээ гаргасан байна.

“Монгол шахмал түлш нэгдэл”-д гишүүнээр элссэн 11 аж ахуй нэгж жилдээ 300 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Мөн Дулааны II цахилгаан станцын дэргэдэх сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 200 мянган тонныг үйлдвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ.

Засгийн газар ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар оруулахгүй байх шийдвэр гаргасан. Иймд сайжруулсан түлшийг нэг стандартаар үйлдвэрлэх асуудал яригдаж байгаа тул тус ажлын хэсэг ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ

Зураг

УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ.

УИХ-ын тухай хуулинд чуулганы эхлэх болон завсарлах хугацаа заасан байдаг. Тухайлбал хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 1-ний хооронд, намрын чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 2 дугаар сарын 10-ны хооронд хуралдана. Хэрэв ээлжит чуулганыг нээ ж хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын дараагийн өдөр тус тус нээж хаана хэмээн тусгасан. УИХ-ын 2017 оны намрын чуулган энэ сарын 09-нд хаалтаа хийж, сүүлчийн хуралдаанаар хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэн баталсан юм.

Хаврын ээлжит чуулганаар:
1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
2/”Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,
3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,
4/”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
5/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
6/Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
7/УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл,
8/УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
9/УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
10/Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
11/Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
12/Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
13/Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
14/Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
15/”Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл,
16/Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл,
17/Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
18/Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
19/Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
20/Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,
21/Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
22/Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл,
23/Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
24/Бусад гэсэн асуудлыг хэлэлцэхээр тусгав.