Энэ сарын 20-нд чансаа өндөр 16 бөхийн бооцоот барилдаан Асса циркт болно. Тус барилдаанд аварга, арслан цолтой бөхчүүд барилдах бөгөөд барилдаанаас олсон ашгийг хүмүүнлэгийн үйлсэд зориулах аж. Одоогоор оролцох тамирчдын нэрс тодорхойгүй байна.
Month: January 2018
Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооноос 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн шилдэг 10 тамирчнаа тодрууллаа. Тэд албан ёсны www.fiba.basketball сайтад энэ тухай нийтэлсэн юм. Дэлхийн шилдэг 10 тамирчныг 2017 онд үзүүлсэн багийн болон хувийн амжилтаар нь шалгаруулжээ. Энэ тамирчдын дунд Монголын 3х3 сагсанбөмбөгийн тамирчин Э.Дөлгөөн багтсан байна.
Э.Дөлгөөн нь энэ жил ФИБА 3х3 Азийн аваргын алтан медаль хүртэж ФИБА 3х3 Азийн аваргын Үнэ Цэнэтэй тоглогчоор тодорсон юм.
Дэлхийн шилдэг 10 тамирчин
1.Душан Домович Булут /Серб, Novi Sad Al Wahda баг/
2.Богдан Драгович /Серб, Земун Мастерс баг/
3.Энхбатын Дөлгөөн / Улаанбаатар Хангарьд, Үндэсний шигшээ багийн тоглогч/
4.Симон Финзгар /Словен, Пиран баг/
5.Жесбер Жобсе /Нидерланд, Амстердам баг/
6.Натан Журкович / Швейцарь, Лузанн баг/
7.Карлис Лазманис /Латви, РИГА баг/
8.Дежан Маэстрович /Серб, Novi Sad Al Wahda баг/
9.Винсент Пийтерс /U18 Бельгийн шигшээ баг/
10.Стефан Стоячич /Серб, Лиман баг/
Эрчим хүчний сайдын зөвлөл 2018 оны анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжав болон Эрчим хүчний яамны асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ удаагийн хуралдаанаар Улаанбаатар хотын эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу “ДЦС V” төслийн цаашдын төлөв, Эрчим хүчний яамнаас олгож байгаа тусгай зөвшөөрлийн эрхзүйн орчин, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр хийгдсэн ажлын тайлан болон цаашид хийгдэх ажлын төлөвлөгөө, 2017 онд төрийн байгууллагад гаргасан иргэдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаархи дүн мэдээлэл зэрэг асуудлыг тус тус хэлэлцлээ.
Улаанбаатар хотын зүүн бүсийг цахилгаан дулаанаар хангах зорилготой “ДЦС V” төслийн ажил 2011 онд эхэлсэн. Өндөр өртөгтэй дээрх станцын төслийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, шаардлагагүй хэмээн Сайдын зөвлөлийн гишүүд үзлээ. Тус станцыг ашиглалтад оруулахад ус, нүүрс, төмөр замын асуудлыг шийдэхэд хүндрэлтэй юм. Харин өргөтгөл нь хийгдэхээр засгийн газрын шийдвэр гарсан “ДЦС III”, “ДЦС IV” ТӨХК-иуд болон “Амгалан” дулааны цахилгаан станц зэргийн хүчин чадлыг ашиглах боломжтой гэлээ.
Хуралдааны үеэр 2018 оныг “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарлахыг Сайдын зөвлөлийн гишүүд зарчмын хувьд дэмжиж, санал нэгтэй баталлаа. Жилээс жилд өргөжин тэлж байгаа нийслэл хотын дулааны асуудлыг шийдвэрлэхийн тулд төр болон иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд хэмнэлтийн цогц ажлыг хийх нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ дулаан алдагдлын хэмжээг газар дээр нь тогтоон шийдвэрлэх үр дүнтэй ажлыг зохион байгуулах, дулаан алдагдлын хэмжээг төлөөлүүлж тэмдэгт тавьдаг байх, барилгын салбартай хамтран барилга байгууламжийн дулаан алдагдлыг эхнээс нь цогц хэлбэрээр шийдэж байх зэрэг саналыг Сайдын зөвлөлийн гишүүд гаргасан юм.
Бусад хэлэлцсэн асуудлаар холбогдох шийдвэр гаргах нь зүйтэй гэж Сайдын зөвлөлийн гишүүд үзлээ.
Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн нийт 36 байгууллагын 350-иад тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын тэмцээн болж шилдгүүдээ тодруулана. Харин тэмцээний хоёр дахь өдөр No Gi болон контак жюүжицүгийн анхдугаар тэмцээн тус тус болно. Амралтын өдрүүдэд үргэлжилж буй тус тэмцээн нь насанд хүрэгчдийн найм, мастерсийн дөрөв, No Gi төрлийн тав, өсвөр насны зургаа дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаагаараа онцлог юм.
Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин орлогоос татвар авах шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа юм. Тиймээс Төмөр замын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраатай ярилцлаа.
-Өндөр цалинтай иргэдийн орлогоос тогтмол татвар авах болсон шийдвэрийг төмөр замчид эсэргүүцэж байгаа юм байна. Эсэргүүцэж буй шалтгаанаа тайлбарлаж өгөөч?
-Хамгийн гол нь татвар нэмэхээр тогтоосон арга барил нь шударга бус байгаа юм. Үүнтэй л тэмцэж байна. Жишээлбэл, иргэдийнхээ амьжиргааг татварын бодлогоор хааж, боомилж байна. Нэг нь нөгөөхөөсөө илүү хөдөлмөрлөөд, илүү хүнд ажил хийгээд жаахан давуу цалин аваад эхлэхээр “Өө чи өндөр цалин авч байна. Тиймээс чамаас өндөр татвар авна” гэчихээр хүний хөдөлмөрлөх урам зориг мохож байгаа юм. Уг нь энэ хуулийг гаргахаасаа өмнө өндөр гэх цалин авч буй хүнд хөдөлмөрийн нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсээс асууж, санал бодлыг нь сонсож, судалгаа хийж байж үндэслэлтэйгээр, зөв тогтолцоогоор, татвар нэмэх ёстой байсан юм. Тэгэхгүй “би хууль мэддэг, хуулийг өөрчлөх, санаачлах эрх нь надад байна. Би дураараа ингэж шийдэж болно гэсэн байдлаар, хэдэн лобби бүлэг нь лоббидоод дийлэнх олонхоороо батлаад, явчихдаг нь л хамгийн буруу зарчим. Ялангуяа төмөр замчид бол хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг. Ажил хийгээд байгаа зүйл болохоос биш, зүгээр суугаад олж байгаа орлого биш.
-Цалингаас нь татвар авбал ямар, ямар хүндрэл үүсэхээр байна?
-Манай нэг машинист өчигдөр (уржигдар) энэ тухай ярьж байна лээ. Эхнэр гурван хүүхэдтэй, сарын 30 хоногийн 20 хоногт нь гэртэй байдаггүй. Байнга ажлаар явж таардаг. Нөхөр нь эзгүй шахуу байдаг тул ар гэрийнхээ бүх асуудлыг эхнэр нь зохицуулдаг. Хоёр бага насны хүүхэдтэй тул эхнэр ажил хийх ямар ч боломжгүй гэсэн үг. Хөдөө гадаа их явдаг, хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн ар гэрийн хүн нь ихэнхдээ ажил хийдэггүй. Тухайн хүн хөндлөнгөөс харахад өндөр цалин авч байгаа боловч, бүхэл бүтэн өрх гэрээ цалингаараа л тэжээж явдаг. Нийгмийн нэлээд ачааг үүрдэг хүмүүс.
Үүний учир шалтгааны олж харж, зохистой шийдвэр гаргаж, өөрчлөхгүй бол үнэхээр болохгүй. Татвар авч байгаа нөхцөлөө зөв болгох шаардлагатай л байгаа юм. Гэтэл далд эдийн засагтай, их орлого олдог татвараас ангид үлддэг маш олон хүн бий. Тодруулбал, төмөр замын 1000 машины зогсоолыг түрээслүүлж, өдөрт нэг машинаас хоёр мянган төгрөг бэлнээр хурааж авч байсан хүмүүсээс татвар авч чадсан уу. Төр засгийнхан нэг л их шатлал яриад, өндөр хөгжилтэй орон ингэж татвар авдаг гэх жишгийг ярих юм. Өөрсдөө тэгвэл ард түмнээ дэлхийн жишигт дүйцэхүйц цалинтай байлгаж чадаж байна гэдгээ харах хэрэгтэй.
-Багш нарын цалин нэмэгдүүлэх эсэргүүцлийг үл тоосоор чимээгүй болгож авсан. Одоо та бүхнийг эсэргүүцэхээр мөн л таг дуугүй гүрийх нь төрийнхөн. Хэрэв төмөр замчид ажил хаявал юу болох бол. Эдийн засгийн зогсонги байдалд ч хүргэж мэднэ биз дээ. Багш нар ажил хаях асуудлаас арай ялгаатай шүү дээ?
-Төмөр замчдыг хөндлөнгөөс ингэж хараад байдаг юм. Ялгаж үзэх гээд байдаг гэсэн үг. Эд нар өндөр цалинтай. Төмөр замаар Монголын ачаа тээврийн 80 гаруй хувийг тээвэрлэж байгаа монополь эрхтэй, тиймээс эд нар ажил хаячихвал Монголын эдийн засагт том нөлөө үзүүлнэ гэж хараад, төмөр замчид монополь шинж чанараа ашиглах гээд байна гэж харж байна. Түүний оронд энэ бол хөнгөн хөдөлмөр биш гэдэг талаас нь илүү ойлгоосой. Үнэхээр эрх баригчид шийдвэрээ эргэж харахгүй бол бидний дараагийн шатны тэмцэл нь ажил хаялт байна. Ажил хаялт үүсэхэд монголын эдийн засагт маш их хохирол учрах аюултай. Гэхдээ төрийн эрх баригчид биднийг тийм байдалд хүртэл битгий түлхээсэй, бидний шаардлагыг хүлээж аваасай л гэж бодож байна. Хаа, хаанаа ойлголцоод зөв замыг сонгох хэрэгтэй байна. Төмөр замчид татварыг бүрэн утгаар нь эсэргүүцээд байгаа юм биш. Улс үндэстнээрээ хэлэлцүүлэг өрнүүлээд, судлагаа хийгээд ул суурьтай эцсийн шийдвэрийг гаргасангүй гэж байгаа юм. Гэтэл хоёрхон сарын дотор лобби бүлгийнхэн яриад л шийдээд, бусдын цалингаас булаах болж байна. Тэтгэврийн насыг ч уртасгахыг ч бид эсэргүүцэж байгаа. Нас нь 55 хүрээд, физиологийн хувьд цуцсан хүмүүс 55 наснаас дээш хүнд нөхцөлд ажиллаж чадах уу гэдэг учир дутагдалтай. Төмөр замын хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс нас нь дөхөөд ирэхээр тэтгэвэрт гарах өдрөө хоног тоолон хүлээдэг. Хугацаа нь дуусах гэж байгаа батерей шиг ажиллаж байгаа юм. Тэдний самбаачлах хурд, залуу хүний чадвараас хамаагүй буурсан байдаг. Том хэмжээний гологдол сүйрэл гаргачихвал тэтгэвэрт гарахад авдаг мөнгөн тэтгэмжээ авч чадахгүй хэмжээнд хүртэл өрөнд орох аюултай. Ийм салбарт ажиллаж буй хүмүүсийн тэтгэврийн насыг нэмж болохгүй.
-Та бүхэн хэзээнээс эхлэн эрх баригчдад хандсан бэ. Нааштай хариу хэлэх янз байна уу?
-Өнгөрсөн 12 дугаар сард бид Нийгмийн бодлогын байнгын хороон дарга Баатарбилэгтэй уулзаж асуудлыг тавьсан. Биднийг хүлээж авсан, их хуралд энэ асуудлыг чинь оруулъя гэж хэлсэн юм. Ерөнхий сайд мөн адил бидэнтэй уулзаж асуудлыг хэлэлцэнэ, ярилцана гэж байсан. Түүнээс хойш чимээгүй байсаар, өнөөдрийг хүргэчихлээ тэд. Өмнө нь Эрчим хүч геологийн салбарынхан мөн татварыг эсэргүүцэж мэдээлэл хийсэн. Уул уурхайнхан мөн ийм байр суурьтай байгаа. Бүгд л хүнд хортой нөхцөлд ажилладаг. Татвар нэмэх асуудлаа хойшлуулаач ээ. Бодлого шийдвэрээ эргэж хараач, ул суурьтай зүйл хийгээч гэдэг нийтлэг шаардлагыг л бид тавиад байгаа юм.
-Бусад хүнд нөхцөлд ажилладаг салбарынхантай нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлэх талаар ярилцаж байгаа юу?
-Яригдаж байгаа. Төрийн эрх баригчдаа эхлээд харж байна. Албан шаардлагаа хүргүүлж байна. Хуулийн хугацаанд хариу ирэхгүй, өөрчлөлт хийхгүй бол дараагийн шатны асуудлыг ярина.
-Төмөр замчдын дундаж цалин хэд вэ?
-Дундаж цалин одоогийн байдлаар нэг сая 260 мянга байна. Нийт төмөр замчдын 22 хувь нь нэг сая 500 мянгаас дээш цалинтай. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 15 мянган ажилчинтай. Тэдний 50 гаруй хувь буюу 7.771 хүн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаагаас 30 хувь нь эмэгтэйчүүд байна. Цалинг маань орлого гэж үзээд байгаа юм. Гэтэл нарийн яривал энэ бол орлого биш, хөдөлмөрийн хөлс. Хүнд хөдөлмөрөө наймаалсан зүйл. Хортой хүнд нөхцөлд энерги, эрүүл мэндээ зольж авч байгаа хөлс. Харин орлого гэвэл ширээний ард зүгээр сууж байгаад хүч заруулахгүйгээр гэнэ, гэнэт өчнөөн их мөнгө олохыг хэлнэ. Ийм далд эдийн засаг бий болгочихсон маш олон хүн байгааг тэгвэл тэд илрүүлсэн юм уу. Цалингаас татвар авах нь маш бүдүүлэг, бохир арга. Нэг сая 500 мянга гэдэг нь өнөөгийн нөхцөлд амьжиргааны баталгаа болж чадах уу. Цалингийн түвшин манай улсад бага байгаагаас болоод бүх асуудал үүсч байна. Эрүүл мэнд, боловсролын салбарын доройтол ч цалин багатай, ядуу байдлаас үүссэн. Хүн их ажил бүтээж, өндөр цалин авч, улсын хөгжил баялагт хувь нэмэр оруулж байж, улс хөгжинө. Гэтэл илүү их тэмүүлэлтэй, их хөдөлмөрлөж, хамгийн хүнд салбарыг үүрч яваа хүмүүсийнхээ идэвхийг сулруулж байна. Ер нь төрийнхөн иргэдээ ядуу л амьдруулах хүсэлтэй юм шиг харагдаж байна.
Сүүлийн үед Оросын судлаачид орон нутаг, улс орон, бүс нутаг тэр бүү хэл, тивийн хөгжлийн томоохон судалгаанууд хийж байгаа аж. Хэдийгээр судалгаа хийж байгаа хүмүүс нь оюутнууд боловч боловсруулагчид томоохон эрдэмтэд байдаг гэнэ. Дээрх судалгаанууд нь 1880 оны оноос оросуудад хуримтлагдсан судалгаан дээр тулгуурлаж ирсэн аж. Зарим судалгаанд манай улсын тухай цөөнгүй баримт байдаг бөгөөд тухайн үеийн эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх санал байдаг.
Хэдэн жилийн өмнө энэ талаар ажиллаж байсан нэгэн эдийн засагчийн яриа өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй аж. Түүний ярьснаар бол 1910 онд манай улс зөвхөн өөрийгөө тэтгэх хэмжээний мал аж ахуйн үйлдвэрлэлтэй байсан. Багахан хэмжээний хөдөө аж ахуйн түүхий эд Хятад руу гаргаж дотоодод үйлдвэрлэдэггүй бараагаар өөрийгөө хангаж иржээ. Харин 1921 онд ардын хувьсгал ялсны дараа Монголын сэхээтнүүд дотоодын аж үйлдвэртэй болох олон санааг гаргаж ирэв. Гэхдээ энэ нь улс төр болон эдийн засгийн таагүй нөхцлөөс болж хэрэгжих боломжгүй байсан. 1920-1930 онд нам төрийн эрхэнд байгаа олон албан тушаалтнууд барууныханд хандах оролдлого хийж байсан нь амиа алдах шалтгаан болсон гэдэг.
Тухайн үед Монголын сэхээтнүүд ямар нэгэн жижиг үйлдвэр биш, томоохон боловсруулах үйлдвэр барих саналыг олонтоо гаргаж байжээ. Тэдний хамгийн идэвхтэй гаргаж байсан саналууд нь хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр байсан аж. Мах, ноос, арьс шир боловсруулах зорилгоор томоохон үйлдвэрүүд барих саналыг улстөрчид, томоохон хөрөнгөтэй оросуудад тавьж байсан боловч өнөөг хүртэл дээрх баримтууд бидэнд байдаггүй юм байна. Сонирхолтой нь оросууд “Танайх шиг хүн ам цөөтэй, уудам нутаг дэвсгэртэй оронд том үйлдвэр байгуулах нь ашиггүй. Харин түүхий эдийн томоохон сүлжээтэй болох нь илүү ашигтай” гэсэн бодлогыг хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд 300 гаруй сум байгуулагдав. Тэр нь Засаг захиргааны нэгж гэхээсээ илүү нийгэмчилсэн их хэмжээний малын түүхий эдийг цуглуулах зорилго агуулж байсан аж. Энэ тогтолцооноос монголчууд ямар ч ашиг олоогүй тухай сэтгүүлч Г.Дашрэнцэн бичсэн байдаг. Түүний үзэж буйгаар Монголчууд амьд адуугаа Оросын тоглоомон модон мориор сольж байсан. Мөн 1990 онд ОХУ-ын монгол дахь элчин сайдын яамны ажилтан н.Билдушкинов гэдэг хүн Төв аймагт очихдоо олон жилийн турш монголчууд оросуудтай алдаатай наймаа хийж ирсэнийг ярьж байсан. Түүнээс “Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжээд жижиг дунд үйлдвэр байгуулж чадах уу” гэж асуухад “Одоо ч барууны социалист орнуудад жижиг дунд үйлдвэр эрхлэгчид байдаг. Харин Монголд боломжтой бол жижиг дунд үйлдвэр хөгжих л байсан байх” гэж хариулж байв.
Харин бид 1990 оноос хойш жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх тухай ярьсан ч өнөөг хүртэл олигтой үр дүнд хүрсэнгүй. Үнэхээр оросууд биднийг түүхий эдийн бааз болгох гэж жижиг, дунд үйлдвэр хөгжүүлээгүй юу, эсвэл манай нөхцөлд жижиг, дунд үйлдвэр хөгжихгүй юу гэсэн асуулт гарна.
Манай улсад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэж байдаг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2009 оны тушаалаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”-ны “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн яамны харъяалалд чиг үүргийн дагуу шилжсэн боловч өнөөдөр ууган яамныхаа харъяанд буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор 24 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус сангийн зорилго нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино. Энэ сангийн мэдээллээс харахад жижиг дунд үйлдвэрлэл 2015 онд 1993 ажлын байрыг хэвээр хадгалж, 1326 ажлын байр шинээр, 2016 онд 1784 ажлын байр хадгалж, 1248 ажлын байр шинээр нэмэгдүүлжээ.
Бас нэг сонирхолтой тоо бол 2011 онд найман мянга шахам ажлын байр шинээр бий болгосон ч 2012 онд 583 ажлын байр л шинээр үүсгэсэн байна. Эндээс харвал жижиг, дунд үйлдвэрийн байр нэмэгдэх эсэх шууд төсвөөс хараат гэж үзэж болно. Учир нь 2011 онд улсын төсөв маань уул уурхайн салбараас асар их орлого олсон. Харин 2012 онд уул уурхайн салбарын орлого хэд дахин буурсан байна. Энэ манай жижиг дунд үйлдвэр хөл дээрээ босоогүйгээр үл барам өнөөдөр ч босох ирээдүй бага гэдгийг харуулж байгаа аж.
Тэгвэл оросуудын дээр үед ярьж байсан жижиг дунд үйлдвэр монголд хөгжих боломжгүй гэсэн санаа үнэн үү гэсэн асуулт гарна. 100 жилийн өмнө монголчуудын амьдралын хэв маяг болсон хот айлын амьжиргаа нь тухайн үеийн ганц л зам байсан гэдэг. Харин өнөөгийн нөхцөлд асар их баялагтай, уудам нутгаар тархай суурьшсан, цөөн хүн улсын хувьд жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх нь бараг үл бүтэх зүйл гэнэ. Гурван сая гаруй хүн амаас нэг сая гаруйхан нь хөдөлмөрийн идэвхтэй. Түүнээс 200 шахам мянга нь төсвийн мөнгөөр амьдрана. 250 гаруй мянга нь тэтгэврийн насных. 150 гаруй мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. 150 орчим мянган иргэд гадаадад ажиллаж, амьдардаг. Нийтдээ 800 мянга орчим өрхтэй. Хүн амын ийм бүтцээс жижиг дунд үйлдвэр байгуулах иргэд хэд гарах вэ гэдэг нь сонирхолтой. Жижиг үйлдвэрүүд байгуулаад хэнийг юугаар хангах вэ гэдэг нь бүр асуудалтай гэсэн тооцоо байна.
Өнөөдөр улс орон бүр дундаж давхаргыг бэхжүүлэх тухай ярьж байна. Гэхдээ дундаж давхарга гэж хэн бэ гэдэг ойлголт улс орон бүрт өөр байх нь тодорхой болж байна. Өндөр хөгжилтэй орнуудад том корпорациудад ажлын байртай иргэдийг дундаж давхарга гэж үзэж байна. Харин хүн ам олонтой Хятад, Энэтхэг гэх орнуудад өөрсдийнхөө амьжиргааг авч яваа иргэд дундаж давхаргад тооцогдох аж. Хүн ам ихтэй газар нутаг багатай орнуудад жижиг, дунд үйлдвэр иргэд байгуулж, багагүй үр дүнд хүрчээ. Гэхдээ энэ нь ихэнх тохиолдолд газар тариалан, хүнсний салбарт илүү үр дүнд хүрсэн байна. Харин байгалийн баялаг ихтэй хүн ам цөөтэй орнуудад жижиг, дунд үйлдвэр хөгжүүлээд гайхамшигт хүрсэн жишээ бага гэнэ. Жишээлбэл Кувейт, Катар гэх мэт байгалийн баялаг ихтэй орнуудын иргэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх тухай ойлголт бараг байхгүй гэнэ. Эндээс манай дундаж давхарга хэн байх вэ гэсэн асуулт гарна. Орлогоор тооцвол гадаадад ажиллаж байгаа 100 гаруй мянган иргэдийг тооцож болно. Төсвийн ихэнхийг бүрдүүлдэг цөөн тооны улсын болон хувийн компаний ажилчид, албан хаагчдыг тооцож болно. Дээр 1000 хүрэхгүй тоонд эргэлддэг улстөрчид дундаж давхаргад тооцогдож болох нь.
Харин малчдын ихэнх хувийг бүрдүүлдэг 200-300 малтай иргэд дундаж давхаргад тооцогдох эсэх нь маргаантай гэнэ. Манай улс нэг хүнд ноогдох малын тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл махны үнэ өндөр байгаа гэсэн гомдол байнга гардаг. Харин Монголд орж ирээд хорьхон жил болж байгаа гар утсаар өнөөдөр найман настай балчраас наян настай буурай хангагдсан. Гар утасны үйлчилгээний талаар гомдол гардаггүй. Хэргийн учир гар утасны дөрөвхөн том оператор зах зээл дээр өрсөлдөж байна. Тэд өдөр ирэх бүр үнээр өрсөлдөж, үйлчилгээ, гар утасны төрлөөр дайтаж байна. Гэтэл мал аж ахуйн салбарт 100 гаруй мянган малчин мах нийлүүлнэ. Тэдний хэрэгцээ махныхаа орлогоос давсан. Тэд махны үнэ бууруулах биш, өсгөх л сонирхолтой. Харин үүрэн телефоны компаниуд шиг томорсон мал аж ахуйн компаниуд байсан бол махны үнэ шалдаа буух боломжтой. “Тунгалаг тамир”-ын Итгэлт шиг 20 нөхөр байсан бол махны үнэ буураад зогсохгүй арьс шир, ноос, ноолуурын томоохон үйлдвэр байгуулна. Эндээс л манай дундаж давхарга үүснэ гэнэ. Саяхан Энэтхэгийн зээлээр нефть нэрэх үйлдвэр байгуулах тухай асуудал яригдсан. Миний мэдэхийн энэ тухай арав гаруй жил ярьж байгаа. Үнэн хэрэгтээ энэ хугацаанд нэг биш хэд хэдэн үйлдвэр барих мөнгө үрсэн. Харин эсрэгээр оросуудад 20 гаруй тэрбум төгрөгийг нефтийн бүтээгдэхүүнд өгсөн байдаг. Дээр нь зэс, ноос, ноолуур, мах, нүүрс боловсруулах үйлдвэр барих хангалттай боломж байсан. Зарим эдийн засагчдын тооцоогоор аравхан том боловсруулах үйлдвэр барьчихад л Монголын дундаж давхарга үүсчихнэ гэнэ. Энэ тохиолдолд л тэр 20 жил хайгаад байгаа жижиг, дунд үйлдвэр өөрсдөө гараад ирнэ гэнэ.
Х.БАТТӨГС
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт иргэн Б.Рэгзэндорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хаваржаандаа байсан С.Наранбадрахын гэрийг дайрч, хоёр хүний амь хохирсон ноцтой осол гарсан. Улмаар энэ хэргийг шүүх хурал энэ сарын 21-нд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүх хурал өмнө нь гурван удаа хойшилж, эцэст нь осол гаргасан Б.Рэгзэндоржид хоёр жилийн ял оноосон байна. Түүнийг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хянагчид аймгийн хорих анги руу ачин явуулжээ. Харин шүүхийн шийдвэрийг хохирогчдын ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Бид талийгаач таван настай хүүгийн аав Санжидын Наранбадрахтай ярилцлаа.
-Юуны өмнө танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Та ослын талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
-Тэр хар өдрийг эргэн дурсъя гэхээр элэг эмтрэх шиг болох юм. Ярихад үнэхээр хэцүү байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр манайх Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрханы хоёрдугаар багийн нутаг Өндөр-Хүр гэдэг газар хаваржаандаа байхад болсон хэрэг. Тухайн үед манайх ямаагаа самнаж байгаад өдрийн цайгаа уух гээд бүгдээрээ гэртээ орж ирээд сууж байсан юм. Гэрт гурван хүүхэд, миний эхнэр, хотоос ирсэн нэг хүн мөн ямаа самналцах гэж ирсэн нутгийн хоёр хүн байсан. Гэтэл гаднаас дүү маань “Хойноос нэг машин их хурдтай, тоос татуулан ирж байна” гэсэн. Гэтэл тэр машин хурдаа хасалгүй явсаар яах ийхийн зуургүй манай гэрийг дайрсан. Тухайн үед бид шоконд орсон. Нэг мэдсэн миний бага хүү, манайд ямаа самнах гэж ирсэн гэр бүлийн хоёр хүний нөхөр нь дайруулчихсан байсан. Ингээд бид сандарч түргэн дуудаж, эмнэлэг бараадсан ч тавхан настай бяцхан хүү маань амьсгал хураасан. Мөн нутгийн ах маань газар дээрээ бурхан болж, эхнэр нь хүнд гэмтсэн. Үнэхээр харуусмаар үйл явдал болсон.
-Осол гаргасан жолооч тухайн үед согтуу байсан юм уу?
-Согтуу байсан. Рэгзэндорж гээд 55 настай хүн. Манай сумын хүн л дээ. Нэг нутаг усных болохоор мэндийн зөрүүтэй л явдаг. Хүүг минь биднээс салгасан этгээд тэр өдөр сумын төвөөс хөдөө гэр рүүгээ явж байгаад осол гаргачихлаа гэж шүүх хуралдааны үеэр ярьсан. Осол болсны дараа Рэгзэндорж сар гаруй хоригдоод батлан даалтад гарсан. Тэгээд өнөөдрийг хүртэл гадуур сул чөлөөтэй явж байгаад сая шүүхийн шийдвэрээр хоёр жилийн ял авч байна. Бяцхан хүүтэй минь хамт өөр нэг хүний амь насыг хохироосон алуурчинд хоёр жилийн ял оноодог нь шударга юм уу. Би шүүхийн шийдвэртэй үнэхээр санал нийлэхгүй байна.
-Осол гаргасан этгээд ямар машин жолоодож байсан юм бэ?
-Мазда фамили гэдэг гэр бүлийн машин. Тухайн үед жолооч тормоз гишгээгүй шууд ирж мөргөсөн учраас хурд тодорхойлох ямар ч боломжгүй байсан гэж цагдаагийнхан дүгнэсэн байсан.
-Энэ хэргийг шүүх хурал өмнө гурван удаа хойшилсон гэнэ. Яагаад ингэж олон удаа хойшилсон юм бол?
-Шүүх хурал хамгийн анх аравдугаар сарын 20-нд зарлагдаад тэр хурал дээр манай өмгөөлөгчийн шүүх хурал давхцаад хойшилсон юм. Улмаар нэг сар орчим хойшлууллаа гээд сураггүй болчихсон. Бүр арванхоёрдугаар сар гарчихаар нь яагаад чимээгүй болчихов гээд асуутал арванхоёрдугаар сарын 18-нд шүүх хурал болохыг ослын улмаас нөхөр нь нас барсан нутгийн эгч над руу утсаар дуулгасан юм. Бид шүүх хурал болно гэж тэр эгчээс л анх сонссон. Юу ч мэдээгүй. Уг нь шүүх хурал болохоос хэд хоногийн өмнө мэдэгдэх ёстой биз дээ. Бид малчин хүмүүс. Хээр хөдөөнөөс төв рүү шууд явахад хугацаа хэрэгтэй шүү дээ. Гэтэл бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй. Өмгөөлөгчөөсөө асуухад бас мэдээгүй байсан. Рэгзэндоржийн өмгөөлөгчтэй ярьтал “18-нд шүүх хурал болох тов гарсан шүү дээ. Та нарт хэлээгүй юм уу” гэсэн. Манай өмгөөлөгч мэдээгүй байхад хэрэгтний өмгөөлөгч мэдчихсэн байсан нь сонин. Ингээд би шүүх хуралд орохоор хөдөөнөөс хот руу орж ирсэн. Гэтэл шүүхээс 17-ны орой над руу залгаж маргааш өглөө 11 цагаас шүүх хуралтай шүү гэж хэлсэн. Энэ хууль бус шүү дээ. Хуулиндаа шүүх хурал болохоос гурваас доошгүй хоногийн дотор зарлан мэдэгдэх ёстой гэж байдаг юм билээ. Гэтэл шүүх хурал эхлэхийн өмнө арваннэгдүгээр сарын 22-нд шүүх хурал бас хойшлогдсон байна гэж хэлсэн. Түүнийг нь бид нарт огт мэдэгдээгүй, яаж, ямар шалтгаанаар хойшлуулсан юм бүү мэд. Манай өмгөөлөгч ч мэдээгүй. Хэрэгтний өмгөөлөгч шүүх хуралтай гээд хойшлуулсан байгаа юм. Шүүхийнхэн ингэж л ажиллаж байна. Хэний талд ажиллаад байгаа юм бэ. Хэрэг хийсэн хүний талд ажиллаад байгаа юм уу. Бид гайхаж байна.
-Хоёр хүний амь насыг хохироосон этгээдэд хоёр жилийн хорих ял оноодог нь хууль дэндүү сул байна гэлээ. Шүүх хурлаар Рэгзэндоржид ял оноосон үндэслэлээ юу гэж тайлбарласан бэ?
-Энэ сарын 21-нд болсон шүүх хурал дээр улсын яллагч нь жирийн дэглэмтэй хорих ангид таван жил хорих саналтай байна гэхэд шүүгч нь шийдвэрээ уншихдаа шууд хоёр жил болгочихсон. Ямар үндэслэлээр хоёр жил болгож байгаагаа ч хэлээгүй. Бид шүүхээс гаргасан энэхүү шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Гомдолтой байна. Бүхэл бүтэн хоёр хүний эрдэнэт амь насыг хэрцгийгээр хохироосон хүнд яагаад хоёрхон жил хорих ял оноож байгаа юм. Бараг жил гаран шоронд суучихаад л гарч ирэхээр байна шүү дээ. Саяхан батлагдсан шинэ эрүүгийн хуулийн 27.10-т “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хоёр буюу түүнээс дээш хүний амь нас хохироосон бол 2-8 жилийн хорих ял онооно” гэж заасан байна. Гэтэл хөнгөрүүлэх үндэслэлээ хэлэхгүйгээр хамгийн доод ялыг нь өгчихлөө. Таван жилийн ял төлөвлөснийг ядаж дөрвөн жил болгох болов уу гэтэл шууд хоёр жил болгосонд гомдолтой байгаа.
-Танай гэр бүлийн хохирлыг мөнгөөр барагдуулах боломжгүй. Гэхдээ эд хөрөнгө, бусад хохирлыг Рэгзэндорж гэх этгээд барагдуулсан уу?
-Манай гэрээс бараг юм үлдээгүй. Гэр авах мөнгө өгсөн. Түүнийгээ хохирол барагдуулсан гэж яриад байгаа. Тэр хүнээс хичнээн төгрөг авсан ч бидний хүү эргээд босоод ирэх биш дээ. Хамгийн гол нь хүн хийсэн хэрэгтээ эзэн болж, хариуцлагаа хүлээх учиртай. Эрдэнэт хүний амь насыг хохироосон этгээдэд Монгол Улсын шүүх хатуу байх ёстой. Бидэнд одоогийн байдлаар Рэгзэндорж оршуулгын зардал гэж гурван сая төгрөг, гэр орон авах 10 сая төгрөг, нийт 13 сая төгрөг өгсөн. Эд хөрөнгө ч болчихно. Удам залгах үрээ алдсан бидний сэтгэл санааны хохирол, уй гашууг тэр хүн яагаад ч барагдуулах боломжгүй шүү дээ. Хуулинд гэмт хэргийн улмаас гарсан хор уршиг, үр дагавар гэсэн заалт байна. Тэр заалтын дагуу хоёр талын хоёр хохирогчийн ар гэрийнхэн 50, 50 сая төгрөг сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн. Гэтэл түүнийг шүүх дээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжил гээд орхичихсон. Учирсан хор хохирол нотлох баримттай байх ёстой гэнэ үү. Бид сэтгэл санаа хэцүү байгаа гэдгийг, юугаар нотлох юм бэ. Сэтгэл санааны хувьд 50 саяар ч үнэлэгдэхгүй маш хэцүү байна. Хүнээ, үр хүүхдээ алдсан хүн л энэ бүхнийг мэдэрнэ. Гэтэл шүүх хурал дээр хэрэгтэн “Энэ арай л их мөнгө байна. Төлж барахгүй” гэсэн юм ярьж байсан. Бид энэ хүнийг шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй учраас давж заалдах нь тодорхой байлгүй. Хоёр хүний аминд хүрсэн этгээдэд ердөө л хоёр жилийн ял оноосонд гомдолтой байна
-Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй учраас давж заалдах нь тодорхой байлгүй?
-Мэдээж хэрэг. Хоёр хүн алсан этгээд хоёрхон жилийн хорих ялаар шийтгүүлнэ гэдэг арай л дэндүү байна. Шүүхийн шийдвэрээ авсны дараа давж заалдах ёстой юм байна. Бид энэ талаар өмгөөлөгчтэйгөө ярьж байгаа. Монгол Улсын дээд шүүх хуулийн дагуу гэм буруутай этгээдэд зохих ял шийтгэлийг нь оногдуулах биз.
Э.ТҮВШИН
Авлигатай тэмцэх газрын Зөвлөмжийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гардуулан өгөв.
Уг Зөвлөмжид төрийн нууцад хамаарахгүй бараа, материалыг төрийн нууцад хамааруулан худалдан авдаг зөрчлийг салбарын хэмжээнд гаргуулахгүй байх, энэ чиглэлээр дотоод хяналтыг сайжруулах, энэ төрлийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцож хэвших, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжийг Сангийн яаманд бүртгүүлж хэвших, салбарын хэмжээнд нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийж, төсөвт өртгийг олон хэсэг хуваадаг буруу жишгийг таслан зогсоох, “Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлан мэдээ гаргах журам”-ын хэрэгжилтийг хангаж, цаашид авлигын гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж тус сангийн төрийн нууцад хамаарахаас бусад санхүүжилт, зардлын тайлан, холбогдох тушаал, шийдвэр, аудитын дүгнэлт, сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, Цэргийн үүрэгтний үнэмлэхийг орон нутагт олгох асуудлыг нарийвчилсан журмаар зохицуулж, үнэмлэх олгохдоо харилцан адилгүй хураамж авч байгааг эргэж нягтлан, адил хэмжээний хураамж авах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах зэрэг асуудлыг тусгажээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн бүх шатны байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах үеэр илрүүлсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулан Засгийн газрын гишүүн-сайд нарт хүргүүлэх ажлыг Авлигатай тэмцэх газар зохион байгуулсан билээ.
“Монгол зэс” корпорациас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр “Монгол зэс” корпорацийн өмгөөлөгч Г.Батбаяр ингэж ярив.
“Энэ үүсээд байгаа асуудлыг хууль зүйн талаас харах юм бол 51 хувийн хувьцаа эзэмшигч төр болон 49 хувийг эзэмшиж буй Монгол Улсын хуулийн этгээд хоорондын давуу эрхийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй холбоотой үүссэн цэвэр бизнес, эрх зүйн маргаантай асуудал юм. Энэ асуудал дээр төр болон хувийн хэвшил хуулийн хүрээнд эрх тэгш харилцан тохиролцох журмаар асуудлыг шийдвэрлэх ёстой. Өчигдрийн гаргасан мэдэгдэл дээр дурьдагдсан Засгийн газрын шийдвэрийг төрөөс хувийн өмчийг хууль бусаар хурааж авч нийгэмчилсэн агуулгатай шийдвэр гарчээ гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тэгэхээр нийгэмчлэх асуудал бол хууль зүйн хувьд өөр үйл явц, дүрэм журамтай нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлага гэх мэт нөхцөл байдал нь өөр нөхцөлд шаардагддаг харилцаа юм. Сая манай харилцагчийн хэлснээр 51 хувийн хувьцаа эзэмшигч төр болон 49 хувийн хувьцаа эзэмшигч хувийн хэвшил хоёрын хооронд ямар нэг хэлэлцээ хийгдээгүй гэдгийг хэлж байна. Хэлцэл гэдэг нь Монгол Улсын иргэний хуульд зааснаар аль нэг тал нь хүсэл зоригоо илэрхийлж нөгөө тал нь үүнийг хүлээж авснаар хийгддэг дүрэм журамтай. Энэ удаа нэг талаас хүч түрсэн асуудлыг шийдсэнээр 49 хувийн өмнөх хувьцаа эзэмшигчээс хууль ёсны дагуу хэлцэл хийж худалдаж авсан хувийн компаний хувьцаа эзэмшигчийн өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн, нийгэмд тогтсон бизнесийн эрх зүйн харилцан огтлол дэг журмыг бүдүүлгээр эвдсэн шинжтэй үйлдэл болжээ гэж хууль зүйн талаас харж байгаа. Тийм учраас харилцагчийн зүгээс Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, компаний тухай хууль заасны дагуу өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг дараа дараагийн холбогдох журмын дагуу сэргээлгэхээр ажиллах болно хэмээн өмгөөлөгчийн зүгээс хэлэхийг хүсэж байна” гэв.
Б.АМАРТҮВШИН
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.05) “Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар өргөн мэдүүллээ.
Алдар цолтой ахмад настанд сар бүр нэмэгдэл, тусламж олгох асуудал нь нийгмийн халамжийн гэхээс илүү алдар гавьяагаа төрөөс үнэлүүлсэн ахмад настанд төрөөс үзүүлж байгаа хүндэтгэл тул нийгмийн халамжаас зааглах үүднээс Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиар зохицуулж байсан алдар цолтой ахмадуудад чиглэсэн арга хэмжээг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан билээ.
Энэ хууль батлагдахаас өмнө Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд заасан алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг Улсын Их хурлын 2008 оны 33 дугаар тогтоол, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасан алдар цолтон ахмад настанд сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг Засгийн газрын 2012 оны 136 дугаар тогтоолоор тус тус батлан хэрэгжүүлж байсан.
Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 5.3-т заасан нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.” гэж заасан.
Түүнчлэн уг хуульд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох шинэ зохицуулалтыг тусгасан.
Иймд хуулийг хэрэгжүүлэх үүднээс “Нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Энэ тогтоолын төсөл батлагдсанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасан алдар цолтон ахмад настнуудад одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар тогтоолын дагуу олгож буй олгох нэмэгдлийн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй тул төсөвт нэмэлт зардал үүсэхгүй юм байна.
Харин Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд шинээр туссан Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүдэд сар бүр олгох нэмэгдэлд шаардагдах 428.4 сая төгрөг шаардагдах бөгөөд энэхүү зардлыг 2018 оны улсын төсөвт тусган батлуулсан болно гэж хуулийн төсөлд дурджээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.