МЗЭ-ийн шагналт яруу найрагч, олон улсын сэтгүүлч Жигмэдийн Батсайхантай ярилцлаа.
-Та бол энэ цагийн онгодтой найрагчдын нэгэн. Яруу найргийн олон сайхан бүтээлээ уншигчдын гарт хүргэсэн. Одоо бас нэг ном гаргахаар зэхэж байгаа дуулдсан. Тэгэхээр шинэ бүтээлийн ая дангаас яриа хөөрөөгөө эхлэх үү?
-Өө тэгье эрхэм дүү минь. Нээрэн л өглөө сэрэх бүртээ шүлэг бичиж, сэтгэлийн цагаан өргөлөө энэхүү фэйсбүүк гээч их далайн түрлэгт дусал нэмж суудаг боллоо. Өглөө бүр шүлгийг минь чимээрхэн чагнаж, алган дээрээ ширхэг цагаан мөндөр шиг тосч авдаг найзуудтай болчихоор чинь өглөгөө өглөө бүр өгөх “өртэй” мэт санагддаг болчих юм. Тэгээд л за өнөөдөр юу бичих билээ? гэж бодно. Нэг юм хэвлэлд өгчихөөд явж байна. Дэлхийн яруу найргийн их чуулган өнгөрөгч зун Монголд минь болсон. Энэ чуулганаа угтаад 10 шүлгээ англи хэлээр хөрвүүлэн гаргасан ухаантай. Дэлхийн шилдэг хичнээн ч зохиолч, найрагч ирэв дээ. Тэдэнд хадагтай бэсрэг номоо барьсан минь энэ. Номын эхээ хэвлэлд өгчихөөд нэг ийм шүлэг бичиж билээ. Гандан тойрч гороолсны буянаар төрсөн шүлэг юм аа.
“Би бурханы хүү
Бие, хэл, сэтгэл минь
Бурханы захиалгатай
Бэрх,эрх, эрэлхүү минь
Буруугийн залруулгатай
Би бурханы хүү
Би бурханы хүү
Хайр, найр, дуу минь
Бурханы заллагатай
Хагацал, дурлал, үхэл
Буцаах аргагүй залруулгатай
Би бурханы хүү” гээд.
-Яруу найрагчдыг арав, арван жилээр үечилж хуваах нь бий. Таны хувьд утга зохиолын наяад оны төлөөлөл болох байх. Үеийнхнээсээ дурсахгүй юу?
-Яасан сайхан асуулт вэ. 1980 оныхон гээд яривал яг л 18 нас руугаа эргээд орох мэт болдог юм шүү. Би гээч өчүүхэн бор болжмор 1979 онд Олон улсын хүүхдийн жилээр зарласан сурагчдын уран зохиолын улсын уралдаанд нэгэн шүлгээрээ хоёрдугаар байранд оров оо. Наймдугаар ангиа төгсчихсөн, ангийнхаа хөөрхөн охинд дурлачихсан додигор юм есдүгээр ангидаа орох гээд есөн сарын нэгэнд иртэл сургуулийн үүдэнд бүх хүүхдийг жагсаачихаж.хичээлийн эрхлэгч өндөр Пүрэвсүрэн багш минь намайг онцлон дуудаж өрөөндөө дагуулж орлоо. Ухаан алдах шахав. За нэг л хэрэгт орох нь дээ л гэж бодов. Тэгэхнээ аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дарамбазар гуай хүлээн авч бүх сурагчдын өмнө МЗЭ-ийн диплом бүхий хичээлийн бүрэн хэрэглэлээр шагнаж улсын уралдаанд аймгийнхаа нэрийг гаргасан авьяаслаг хүү хэмээн цоллов оо. Тэгээд л би гээч нь
Сумандаа Пушкин
Сургуульдаа Нацагдорж болов оо.
1980 онд 10 дугаар ангиа төгсөөд шууд Горькийн дээдэд орох санал өглөө…үхсэнийх нь өнөөх Горькийн сургуулийн хуваарь аймагт ирсэнгүй…сэтгүүлч болъё гэв…бас сэтгүүлчийн ангийн ч хуваарь байхгүй…уг нь онц төгссөн гар тул дуртай хуваариа ав…гэлээ.
Гадаадад сурах сонирхол байвч аав ээж хол газар явуулахгүй гээд тас хорив. Тэгээд Унгарын Будапештийн хүнсний инженерийн ангиа өөр хүүхдэд өглөө. Сонин нь миний энэ мэргэжлээр төгссөн охин Дарханд ажиллаж амьдарч байгаа дуулдсан.
За тэгээд Политехникийн дээд сургуулийн усны хайгуулын инженерийн хуваарь авав. Нэг л дуртай биш…октябрийн баярын жагсаалд очоод МУИС-ийн сэтгүүлийн ангийнхантай таарав. Тэгэхнээ хүүхдийн зохиолын уралдаанд түрүүлсэн Говь-Алтайн хүү Ш.Содномжамцтай тааран танилцлаа.Сэтгүүлийн ангид орохоор хөөцөлдлөө. Монголын Сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн дарга Д.Үржинбадам гуай дэмжсэн бичиг хийж өглөө. МЗЭ-ийн хорооны дарга Д.Цэдэв, хүүхдийн уран зохиолын секцийн дарга Д.Содномдорж гуай нар бас дэмжсэн бичиг хийж өглөө. МУИС-ийн проректор Лхамсүрэн бас дэмжсэн бичиг хийж өглөө энэ олон сайхан хүний буянаар сэтгүүлчийн анги руу шилжин сурлаа. Тэгээд л МУИС -ийн утга зохиолын дугуйлан руу орлоо доо. Загдын Түмэнжаргал утга зохиолын нэгдлийн эрхлэгчийн ажлаа МУИС-ийн монгол хэлний ангийн Далхаагийн Норовт хүлээлгэн өглөө. За тэгээд долоо хоног бүр дугуйландаа шүлгээ уншдаг болов. Манай дугуйлан мундаг л даа. Бидний дундаас манай сэтгүүлийн нэг ангийн Бямбажавын Цэнддоо маань төрийн шагнал хүртсэн.Бас сэтгүүлийн доод ангийн Дамбын Төрбат, Норов ах нар маань төрийн шагнал хүртлээ. Мөн үргэлжилсэн үгийн мастер Доржзовдын Энхболд, Долгорын Батжаргал маань Нацагдоржийн шагнал авав. Шүүмж бичдэг Дашлхүмбийн Галбаатар ах Монгол Улсын гавьяат багш болов. Дугуйлан удирддаг байсан Сэндэнжавын Дулам багш минь Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болов. Энэ мэт сайхан багш, найзууд минь сайн явна. Манай сэтгүүлийн нэг ангийнхнаас гэхэд л Б.Ерэнтэй минь шаггүй шог зохиолч, Ш.Содномжамц маань сэтгүүлч, Б.Төмөрхүү нэлээд дуу зохиочихсон Монголын радиод насаараа ажиллаж явна.
-Утга зохиолын ертөнцөд хөл тавьсан үе хэдийд вэ. Анхны багш гэвэл хэнийг хэлэх вэ. Ер нь яруу найргийн хадаг тавьсан багш гэж байна уу?
-Хүн ном эрдмийг багшаасаа л сурдаг. Багшгүй хүн гэж хаа ч байхгүй. Аав ээж бие төрүүлнэ, ачит багш эрдэм өвлүүлнэ. Сурагч байхад монгол хэл уран зохиолын багш Я.Ванданбат, Цэдэндамбаа нар их тус өгсөн дөө.М.Шолоховын “Хүний хувь заяа” өгүүллэгийг оросоор цээжлүүлж орос утга зохиолын амт мэдрүүлсэн Д.Магван багш нартаа баярлаж явдаг. Хотод ирээд “Тоншуул” сэтгүүлд ажиллаж байсан Жамцын Шагдар, Цэндийн Доржготов , Жаргалын Барамсай гээд нутгийн ах нараа дагаж тус сэтгүүлд шог зураг, шог шүлгээ хэвлүүлэн дадлагажиж, шагналын хэдэн төгрөгөөр хоол, ундны аргаа олоод, хөөрхөн “мөнгөжиж” явснаа мартах учиргүй ээ…эднээс их ухаан авсан даа. Дараа нь хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдорж гуайн шавь болов. Харин сүүлд нь Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровт хадаг барьж шавилсан даа… Багштайгаа хамт Архангайд цөөнгүй хоног уран бүтээлийн эрэл олз хайн цуг явж, хөдөлмөрийн баатар болсон Д.Гончигсумлаагийн тухай найраглал бичиж бүүр их дотно болсон. Тэрхүү шүлэглэсэн найраглалдаа багш маань миний нэр ажил, шүлгийн хэсгээс оруулан нийтэлж, монгол даяар намайг алдаршуулан олонд таниулж, бүүр “Үнэн“ сонины Ерөнхий эрхлэгч, одоогийн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Түдэв гуайн анхааралд оруулж тухайн цагтаа “Үнэн” сонинд ч татах тухай яриа хөөрөө болж л явлаа. Гэвч аймгийн Намын хороо өгөхгүй гэж хэсэг уясан хөөрхий. Мөн сүүлд МУСГЗ Санжийн Пүрэв ах, Төрийн шагналт Очирбатын Дашбалбар нар “Утга зохиол” сонинд шүлгүүдээс минь тавьж бас их тус болсон доо. Номын минь оршил ерөөлийн үг бичиж урам хайрладаг ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол, төрийн шагналт Дарамын Батбаяр, Долгорын Нямаа, Балжирын Догмид, МУСГЗ нэрт орчуулагч Готовын Аким, Галсангийн Жамьян… гээд ланжгар багштай данагар эр дээ би.
-Таны нутаг Архангай аймаг. Энэ нутгаас Ойдовын Цэнд, Далайн Найманжин, Амгаагийн Самбалхүндэв гээд олон сайхан зохиолч найрагч төрсөн байдаг. Сүүлд Бидэрийн Баярсайхан, Мягмарын Амархүү гээд ерээд оныхон байна. Та нутгийнхаа хуучны сайхан зохиолчдын тухай яриач?
-О.Цэнд гэж онгод нь асгарсан хүн байлаа. Амьдад нь уулзаж чадаагүй ч хань, үр хүүхэдтэй нь амьд холбоотой явдаг.Тухайн цагтаа аархаж явж орон нутгийн дарга нартаа адлагдаж явсан хөөрхий.Цагдаад хураалгасан бичгийн машиныг нь үр хүүхдэд нь өгсөн. Гэвч бичгийн машиныг өгөлгүй хулхидсан дуулдсан.Найманжин гуай миний ажиллаж байсан “Архангайн үнэн” сонинд ажиллаж байсан гэдэг. Уулзаж бас л амжаагүй. Эрдэнэтэд байсан. Харин нэг охинтой нь танилцсан. Яруу найргийн 60, 70-аад оныхны овгор зохиолчийн нэг дээ. Жамцын Шагдар гэж Тариатын мундаг ах минь байв.Уран цэцэн үг урсгаж ярьдаг “Үнэн”, “Тоншуул” сонины хамаг онигоог гаргадаг, дарга нар нь амаа таглуулж айж явдаг айхтар хүн байсан. Зураач Б.Цэдэвийгээ арга хэмжээ авахуулах болоход
Хошин шогийн авьяас
Коллег хавийн овьёос…гэж хэлээд аварч байсан гэдэг. Намайг оюутан байхаас шүлгийг минь сониндоо тавьдаг, зохиолчдын эмхэтгэлд шүлгийг минь оруулдаг, гэртээ дагуулж очин хооллодог хүн байлаа.Төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготовынд бол хүүхэд шиг нь л байдаг байлаа.
Цэрэнжавын Уламбаяр гэж хүнийг домог мэт санана.Аймагтаа номын сан байгуулж тэндээ ажиллаж аймгийнхаа залуу зохиолчдыг ихэд өөд татсан хүн. Сүүлд ганц хүү Амарсайхантай нь “Засгийн газрын мэдээ” сонинд гар сэтгэл нийлэн ажиллаж байлаа.
Сүүлхний жишээ нь Бидэрийн Баярсайханыг 10 жилийн сурагч байхад нь дагуулж шүлгээ уншиж яруу найраг руу хөтөлсөн.Бас М.Амархүүг багшийн сургуульд байхад нь сониндоо зураг зуруулж, шүлгийг нь нийтэлж утга зохиолд дурлуулсан.Одоо эд нар чинь Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагнал хүртсэн, “Утгын чимэг” болон “Болор цом”-ын цулбуур атгалцсан амьтад болж дээ. Мөн хаа хол Увсын хөвүүн Ядамдоржийн Бадамсүрэнд анх сонины хичээл зааж гэртээ суулган “Хонгорзул”, “Алаг хорвоо” сонины анхны макетийг хийж өгч л байлаа. Я.Бадамсүрэн чинь манай Цэцэрлэг сумын Туулантын уг гарвальтай юм шүү дээ.
“Монголын залуучууд” сонинд байхдаа 10 дугаар ангийн сурагч А.Эрдэнэ-Очирын шүлгийг уран зохиолын буланд анх нийтэлж байлаа.Саяхан МУСГЗ болов оо.Бас л манай Өндөр-Улаан сумын угшилтай. Төрийн шагнал хүртсэн Цогдоржийн Бавуудорж Чулуут сумын гаралтай…ихэд хайрлаж явдаг дүүгийн нэг дээ!
Энэ мэтээр нутгархах өвчтэй.Тэгээд ч
...Нууж болдоггүй юм
Нутаг минь байдаг
Элээж бардаггүй юм
Эх орон минь байдаг…гэж хэлэх дуртай!
-Шүлгийг нэг л зовлонгүй амархан биччихэж байх шиг санагддаг. Сошиал ертөнцөд шинэ шүлгүүдээ бараг өдөр бүр гаргаж шуугиулдаг хүн бол та. Цэвэр онгодоор бичээд байна уу… сонирхох гэсэн юм?
-Тархиа бүтэн амраагаад өглөө сэрүүтээ л шүлгийн мөрүүд харваад орж ирдэг болчихож.Тэнгэрлэг мөрүүд тэнгэрээс унжсан цагаан, цэнхэр хадаг шиг санагдах юм.Бадаг ч урсаад л, асаад л, цээж гижигдэх юм аа.Зүгээр цонхоор харах, тооноор ширтэхэд л шүлэг бууна шүү. Тэгээд л манай хангай нутагт тооноор нь хадан дээрх ямаа, сарлаг хоёр нь харагддаг шиг
“Тооноороо харсан шүлэг” мэт хэнийг нэг л мэдэхэд биччих л юм
…Өглөө болгон гэргий минь
Өрхөө татан гэгээ цацруулдаг
Өргөө гэрийн тооноор
Өнгөт наран мэлмий гялбуулдаг
Тооно нь өндөр Монголын минь
Толгой гэдгэр байхаас яах вэ?
Үүрээр боссон бүсгүйчүүл
Бүрхээр тогоогоо нийлүүлдэг
Үнэр нь ханхийх охь гарган
Хөхүүр айргаараа хул дүүргэдэг
Тооно нь өндөр Монголын минь
Толгой гэдгэр байхаас яах вэ?
Үүлэн цэнхэр манан шүргэхдээ
Өлзий хээгий нь ч норгоогүй
Уулан дээр харайх янгир нь
Өнгийж харахдаа ч цочоогүй
Тооно нь өндөр Монголын минь
Толгой гэдгэр байхаас яах вэ?
Сарьдгийн оройтой зэрэгцсэн
Сарлагийн бух нүдээр нь харагддаг
Савга сүүлнээс нь унасан цас
Сагалдрага чагтагнаас нь будардаг
Тооно нь өндөр монголын минь
Толгой гэдгэр байхаас яах вэ?… гээд явчих үе байх юм аа.
-Таны удам угшилд бичгийн хүмүүс бий юу. Та чинь домогт Буур аваргын нутгийн хүн. Ус нутгийнхаа тухай , бага балчиртаа уулзаж байсан сайхан өвгөдийнхөө тухай хуучлахгүй юу?
-Богд хаант засгийн Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны жинхэнэ алтан ургийн үр дээ. Манай хошуу ноён чинь Богдын засгийн боловсролын сайд байсан. Нутаг усандаа анхны сургуулийн шав тавьж байсан. Монгол Улсын анхны сургуулийн нэг Тариатын 10 жилийн дунд сургуулийг онц төгссөндөө бахархдаг. Манай сургуулиас зургаан академич төрсөн. Ээж минь багш хүн. Ринчингийн Сэнгэжав гэж одоо 76 хүрч байгаа ч шүлэг, сургамжит өгүүллэг бичиж суугаа. “Сүүтэй үг” гээд хоёр ч номыг нь хэвлүүлж өгсөн. Ээжийн төрсөн дүү Ринчингийн Батаахүү гэж эгэлгүй эрдэмтэн багш, зохиолч хүн байлаа. УБДС-ийг улаан дипломтай төгсч байв. Ховдын Багшийн дээдийг байгуулалцан олон жил багшилсан. Энэтхэгийн Неругийн их сургуульд зургаан жил багшилсан. Дараа нь МУИС-д багшилж ч байсан. Энэ эрхэм ах минь их нөлөө өгч номоор намайг гэрэлтүүлсэн.. гэргий нь төрийн шагналт Чойжамцын Ойдовын Туул гэж орос англи хэлний багш гэгээлэг эгч минь байгаа. Энэ боловсролтой эгчийн минь сүүдэр нь ч гэрэлтэж харагддаг.Бид саяхан аавынх нь 100 жилийн ойг нь тохиолдуулан “Ардын элч-Ойдов” сан байгуулж БСШУЯ-аас ойг тэмдэглэх шийдвэр гаргуулсан. Аав Жигмэд маань тайж гаралтай. Миний хань Пүрэвдаваагийн Долгормаа гэж оюунлаг эмч бий.Түүний ах Гүндүүгийн Буянтогтох гэж МУИС-ийн багш монголын найруулга зүйн том доктор байгаа. Ингээд бодохоор тал талдаа оюуны их ай савтай байгаа биз!
Манай нутагт Далан худалч хочтой Гаамаа, Хангидорж гээд зартай уран хошин яриатай олон хүн байсан. Тэдний яриаг сонсож өссөн хүүхэд фантааз сайтай байлгүй яах вэ?
Буур аварга гэснээс манайд хааяа ирж аавтай хуучлан суугаад унтах болоход нь орноос илүүдсэн урт хөл дор нь сандал ивж өгдөг хүүхэд байлаа ш дээ.
Миний бас нэг өвөө Ваанчиг гэж уран дархан хүн байсан. Би чинь зургийг зурвал ч зурна шүү хөө
-“Батсайханы шүлгүүдээс жинхэнэ яруу найрагчийн халуун зүрх мэдрэгдэж байна. Ямар эрэмгий бадрангуй юм бэ” гэж МУСГЗ сэтгүүлч, зохиолч Дамбын Цэмбэл дуу алдсан байдаг. Б.Цэмбэл доктор таны зохиолын тухай томоохон нийтлэл бичсэн. Утга зохиолын аваргуудад бол та их магтуулж урмын үгээр мялаалгасан хүн дээ?
-Ёооё дүү ахыгаа муухай ёворч байна. Нээрэн л томчуудын тоосонд орсных уу тэд муу ахыг нь овоо тоодог, би ч цовоо явах гэж хичээдэг.Миний ном болгонд ерөөлийн өргөл мөргөлөө өргөдөг Дашдооров, Лхагвасүрэн, Цоодол, Батбаяр, Аким гээд хэрийн хүн тоохгүй улсын тоосонд дарагдаж яваадаа баярладаг. Ер нь сайхан улсын хөл дор сөгдөж явахад гэмгүй шүү.
Би ч бас хөл дороо сөгддөг хэдэн шавьтай шүү. Хүн гэдэг хорвоо өөрөө дэндүү том юм даа. Дамбын Цэмбэл бол намайг Монголд нээж өгсөн их буянтан. Энэ хүний өмнө үхтлээ би мөргөнөө. Д.Цэмбэл ахын минь танай сонинд гарсан “Оргил өөд мацаж яваа яруу найргийн их садан” шүүмж өгүүллийг би одоо ч цүнхлээд дахин дахин харж урам авч явдаг юм. Хайран энэ ах минь саяхан насан өөд болж тэнгэрийн суудалд залраад харамсавч баршгүй гунигт автууллаа. Тэнгэрээс хааяа харж, алдаа оноог минь сануулах шиг л болох юм. Саяхан яруу найрагч Д.Ган-Очир дүү тааралдаад “Батсайхан ахаа та өөрөө ном шүү дээ” гэсэн гоё үг хэлнэ лээ.
-Та бол МОНЦАМЭ-ийн хүн. Ажил албаныхаа тухай яривал мөн ч их зүйлийг хэлэх нь мэдээж. Сэтгүүлчийн хос морьтой хүнийг тэр тухайд нь асуухгүй өнгөрч боломгүй. Сэтгүүлчийн буянаар олон сайхан хүнтэй уулзаж олон ч түүхэн явдлын гэрч болоо биз. Тэр тухай?
-Монголын нэрийг дэлхийд гаргадаг Засгийн газрын ганц агентлаг нь МОНЦАМЭ шүү дээ. Энэ нэрийг зүгээр нэг өндөр цагаан залуу байдаг мэтээр эндүүртлээ уярсан монгол түмэн байдаг юм шүү. Өө тийм.Би МОНЦАМЭ-г танинаа нэг өндөр цагаан залуу л байдаг гэх онигоо он цагийн салхинд элэгдэхгүй дээ. Харин одоо бол ах нь МОНЦАМЭ-гийн монцгор бор өвгөн болох нь дээ.
МОНЦАМЭ бол үеийн үедээ алдартай. Бямбын Ринчен МОНТА гэдэг угшилт нэрийг МОНЦАМЭ буюу Монголын цахилгаан мэдээ болгож өгсөн цэцэн хүн. Одоо цагаар бодсон ч Монголын цахим мэдээ гэсэн ч болохоор байгаа биз дээ.
Ухаантай хүний үг урт настай байдгийн дохио энэ. Одоо манай захирал Бадамдоржийн Ганчимэг гэж буянтай амьтан ирлээ. Ахыг нь хөөргөөд л байгаа. Дэлхийн яруу найрагт орох мөнгө өгсөн, англи хэлд хөрвүүлсэн 10 шүлгийн ном хэвлүүлэн тусаллаа. Түүгээр ч зогсохгүй ажлын дарамтнаас ч аль болох чөлөөлж “эрхлүүлэх” гээд л байх юм. Уран бүтээлч сэтгэлээс гадна их хүн чанартай бүсгүй юм.Түүнийхээ дэргэд зөв сууж, хамтран ажиллах хугацаандаа нэр , нүүр хоёрыг нь улалзуулахгүйхэн шиг, итгэлийг нь алдахгүй байх юмсан гэж хичээж байна. Гэвч ховын хошуу, атаархлын хайч хааяа бидний дундуур гүйлгэх гэсэн амьтад байх л юм. Болж өгвөл ийм сайхан хүмүүстээ “Амьдад нь алтан аяганаас “мөнхийн ус” буюу рашаан олж уулгах юмсан” ч гэж бодох л юм. Бас зохиолч Тугалхүүгийн Баасансүрэн гуай дарга байхдаа надад энэ мэт их тус өгсөн дөө. Ер нь МОНЦАМЭ-д үе үедээ сайн дарга заяасан газар шүү.Энэ МОНЦАМЭ рүү намайг хөтөлсөн хүний нэг С.Ламбаа ах юм шүү. Бас Тамирын голын нэг дууг ч ивээсэн буянтай ах даа. С.Ламбаа гэж лам шиг, лха тэнгэр шиг амьтан байдгийг хэлэлтэй. Мөн анх сэтгүүлч болоод “Архангайн үнэн” сонинд очиход тулж түшсэн сайхан улс бас их бий. Энэ жил уг сонины 70 жилийн ой болно. Нөхөдтэйгээ ном бэлтгээд сууж байна. “Монголын залуучууд” сонинд уран бүтээлийн уралдаан зарлан болзлын дагуу тус сонины редакцид хамтдаа ажиллаж байсан яруу найрагч С.Батмөнхийгөө ч дурсахгүй бол алдас болно. Мөн оюутан байхаас дадлага хийж, уран бүтээлийнх нь шавь болж явсан Төрийн шагналт Долгорын Нямааг бас яах аргагүй дурсах хүн шүү дээ. Саяхан болтол хамгийн ойр дотно явсан энэ агуу найрагч багш, ах маань бас л гэнэтхэн тэнгэрт суухад нь их гуниглан, гутарч харууссан. Зун түүний зуслангийн гэрт нь цуг сууж өнжин сууж хуучилснаа ч үлгэр мэт санана. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Хайдав гуайн 90 насны болон номын баяр дээр уулзаж сууж байгаад маргааш өглөө нь л нас барсан гунигт мэдээг сонсоод үл итгэсэн. Гайхмаар юм болсон. Итгэхийн аргагүй. Энэ хүн чинь яруу найрагчаас гадна сонины агуу эрхлэгч байсан юм. Одоо чиг л би “Тэнгэрийн хаяа” нийтлэл, яруу найргийн түүврийг нь дэрлээд унтаж байна. “Ардын эрх” сонинд утга зохиолын нарийн бичгийн даргаар ажиллуулж том сонины гал тогоонд ажиллуулж мэргэжлийн ур чадвар суулгаж өгсөн Ц.Балдорж бол бас л агуу хүн дээ. Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд Б.Пүрэвдаш, насаараа утга зохиолын нарийн бичгийн дарга хийсэн Г.Бямбажал гээд ланжгаруудтай хамт ажиллаж сууснаа бодоход аймаар ч, гайхмаар ч байлаа. Нийслэлийн “Улаанбаатар” сонинд Ү.Хүрэлбаатар, Г.Жамьян нартай ч гар сэтгэл нийлэн сайхан ажиллаж байсан шүү. Зүгээр ч нэг сэтгүүлч болчихдоггүй гэдгийг эд нар минь зааж зөвлөсөн дөө. За тэгээд төрийн шагналт Д.Цоодол, Д.Нямаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн, УИХ-ын гишүүн, сайд зэрэг алба хашиж явсан, яваа Т.Ганди, Ө.Энхтүвшин, Х.Дашзэвэг… гээд нэг үе нэг редакцид явсан олон нөхөд, ах эгч, үзэг нэгт улсууд миний хөтөлгөө морьтойгоо явах замд дөрөө нийлснийг дурсах сайхан л байдаг юм. Тиймээс ч би сүүлийн үес аархал, хийморь хоёрынхоо хүчинд, ямагт сайн хүмүүстэй хамтран ажиллаж явсныхаа буянд л амьд явна даа гэж боддог болсон шүү. Ах нь ч дуусан дуустлаа “МОНЦАМЭ-БАТ САЙХАН” гэх сэтэртэй л үхэх байх шүү!
Дууны ертөнцөд ч олон сайхан хөгжмийн зохиолч намайг хөтөлж дээ. Төрийн шагналт Х.Билэгжаргал, Ц.Чинзориг, Б.Шарав гурав бол намайг дундаа хийгээд л ая эгшгээр бүүвэйлсэн буянтнууд. Сангидорж ямар агуу ах минь өдөр шөнөгүй хөтөллөө дөө. Д.Баттөмөр гэж хайлан байх. “Соёолон хүлгийн тоос” зэрэг олон дуугаар хөглөсөн Н.Чулуунхүү бол өдөр бүхэн дуугаар, хөгжмөөрөө гуруйлдаг юм. За тэгээд уулзах болгондоо дуугаар аргадддаг Б.Бямбабаяр маань байна. Эдгээрийн дууг дуулсан олон сайхан дуучдыг бол нэрлэх аргагүй ээ. Ингээд бодохоор би ганцаараа бус олон сайхан авьяастан, бурхдын хишгээс хүртэж яваа юм. Тэгэхээр муу явж, муухай харагдаж болохгүй . Муу уран бүтээл ч гаргаж, нүүрээ улайлгаж болохгүй юм шүү дээ гэж мунхаглах юм.