Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн хороодод хог хаягдлыг ангилан ялгах савыг байрлуулжээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон хог хаягдлыг анхан шатанд нь ангилан ялгах дадлыг хэвшүүлэх, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэхээр Тамгын газрын байрандаа болон хорооддоо хог ангилан ялгах савыг байрлууллаа. Хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой буюу цаас, ундаа, усны хуванцар сав, хөнгөн цагаан лаазны хэмжээ нийт хог хаягдлын 30 орчим хувийг эзэлдэг. Тиймээс манай хамт олон ангилан ялгасан хог хаягдлынхаа хуванцар савыг түүгээр амьдралаа залгуулдаг хүмүүст, цаасаа ариун цэврийн цаасны үйлдвэрт өгөхөөр боллоо. Цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнуудын ажил хөнгөрч, тээвэрлэлтийн давтамж ч буурна гэж харж байна.

Мөн цаашид хог хаягдлыг анхан шатанд нь ангилж сурах дадал хэвшлийг олгох зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд багачуудад сонирхолтой байдлаар сургалт явуулах юм гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан намын бүлэг болон Монгол ардын намын бүлгүүд хуралдана

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Монгол ардын намын бүлгүүд хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэж байр сууриа нэгтгэх юм. Мөн цаг үеийн асуудлыг хэлэлцэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Энэ долоо хоногт Төв банкны /Монголбанкны/ тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хамгаалах төсөлд Баянзүрх дүүрэг нэгдэв

Хүүхэд хамгаалах төсөлд Баянзүрх дүүрэг нэгдэвБаянзүрх дүүрэг хүүхдийн сайн сайхны төлөөх бүхий л санал санаачлага, төсөл хөтөлбөрийгдэмжин ажилладаг. Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Цахлай” хүүхэд хамгааллын төсөлтэй хамтран ажиллахаар болж, санамж бичгийг үзэглэлээ. Уг арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, дүүрэг дэх Цагдаагийн I,II,III хэлтсийн удирдлагууд болон ‘’Цахлай’’ хүүхэд хамгааллын төслийн төлөөлөгчид оролцсон юм.

‘’Цахлай’’ төсөл нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, багачуудад зориулсан гар утас, интернет, веб сайтын тусламжтай байрлал тодорхойлох систем юм. Өөрөөр хэлбэл, уг төхөөрөмжийг ашигласанаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өндөр нарийвчлалаар хүүхдээ хүссэн үедээ харах боломжтой. Мөн асран хамгаалагч, аав ээжид нь мэдээ илгээж аливаа гэмт хэрэг, халдлагаас урьдчилан сэргийлэх юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн аваргуудаа тодрууллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр (2018.01.07) өндөрлөж, аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд нийт эмэгтэй 33 шатарчин оролцсоноос Дорноговь аймгийн иргэн Э.Одгэрэл алт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цээсүрэн мөнгө, Өмнөговь аймгийн иргэн Э.Мөнх-Амгалан хүрэл медаль авсан. Тусгай шагналыг ахмад шатарчин 63 настай М.Жаргалсайхан хүртсэн юм.

Харин эрэгтэй 91 шатарчин оролцож Хэнтий аймгийн иргэн Г.Амарсанаа алт, МУИС-аас оролцож буй Г.Бат-Эрдэнэ мөнгө, УИХ-ын гишүүний туслах Н.Галцог хүрэл медалийн эзэн боллоо.

Мөн эрэгтэй шатарчдаас дөрөвдүгээр байранд Орхон аймгаас оролцож буй Ч.Самбуудорж, тавдугаар байранд Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Д.Мэндбаяр нар тус тус шалгарч үлдэв.

Тусгай шагналын эзнээр ахмад шатарчин 66 настай Б.Дүүрэнбаяр тодорлоо.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ “Эх орны өнцөг булан бүрээс ирсэн нийт шатарчиддаа баяр хүргэе. Эхний гурван байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 шатарчидад “Дэд мастер”-ын цол олгохоор болсоныг баяртайгаар мэдэгдэж байна. Аварга болсон тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнийг түрүүлэх болтугай” гэж хүсээд хамтран ажилласан Монголын шатрын холбоо, орон нутгийн шатрын холбоод болон нийт шүүгчдэд талархал илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: МАН-ынхан дэд сайдуудаа татан буулгаж зарим агентлагуудаа болиулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Өнгөрөгч даваа гаригаас татварууд нэмэгдсэн. Эдийн засаг хүнд байгаа ч татвар нэмэх зайлшгүй шаардлага байгаа юу. Татвар нэмсэн хэрнээ “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ гээд байна. Нэг гараараа татвар нэмж, нөгөө гараараа мөнгө тараадаг энэ тогтолцооны талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Эхлээд бодит байдлаа тодорхойлох гэж оролдъё. Өнөөдөр үнэхээр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үү. Хүндэрсэн гэдгийг нь хэн нотлоод байгаа юм. Манай улсын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээлд өмнө нь байгаагүйгээр өслөө. 2012-2016 онд зарим жил бүр 650-700 тэрбум төгрөгийн төсвийн эх үүсвэр дутагдаж байсан. Энэ хүнд үед Ардчилсан намын тэргүүлсэн Засгийн газар татварыг нэг ч төгрөгөөр нэмээгүй. Харин ч эсрэгээрээ боломжит хувилбаруудыг сонгож, “Сайн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтүүдийг бууруулахгүй, бүтээн байгуулалтуудын эрчмийг сааруулахгүй байх бодлогыг барьсны үр дүнд эдийн засгийг аваад гарсан.

Гэтэл өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ. Эрх баригчид гарч ирээд нэг жил зургаан сар боллоо. Энэ хугацаанд юу хийв, юу бүтээв, ямар том төсөл хөдлөв. 2012-2016 оны хооронд эвслийн Засгийн газрын эхлүүлсэн, хийж бүтээж байсан ажлуудын нээлтийн туузыг МАН-ынхан одоо хайчилж байна. Тэд өөрсдөө санаачлаад юу хийсэн бэ. Хоёр дахь Засгийн газар нь гараад ажиллаж байна л даа. Эдийн засгийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийх ёстой. Эдийн засаг муудсан гэж бодож байна уу.

-Хаа хаанаа мөнгөгүй улсын данс улайлаа л гэх юм байна шүү дээ?

-Эдийн засаг муудаагүй шүү дээ. Харин ч эсрэгээрээ эдийн засаг сайжирсан. Эдийн засаг 1.3-5.3 хувь буюу дөрвөн хувиар өслөө. Энэ дөрвөн хувийн өсөлтийг хэн хийсэн юм бэ. Уг өсөлтийг өнөөгийн эрх баригчид баялаг бүтээгээд, бүтээн байгуулалт хийгээд өсгөсөн үү гэвэл үгүй. Тухайн үед нүүрсийг уурхайн аман дээр 20 ам.доллараар борлуулж байсан бол өнөөдөр 81 ам.доллар хүрч, боловсруулаад гаргавал 200 ам.доллар хүрч байна. Энэ бодит орлого хаашаа, юунд урсаад байгаа юм бэ. ОУВС-гийн нэрээр долоон төрлийн татвар нэмсэн. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар Монголын эдийн засаг аврагдлаа гээд нийгмийн тархийг угаасан буруу сурталчилгаа маш хүчтэй явж байна. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүллээ гээд Монголын эдийн засагт ямар эерэг үр нөлөө авч ирсэн юм бэ. Магадгүй ОУВС-гийн ард хөрөнгө мөнгийг нь барьж байдаг улс орнууд ОУВС-г дэмжих зорилгоор монгол руу орох мөнгөний урсгал жаахан нэмэгдсэн байх. Өөр ямар ч эерэг үр дүн гараагүй.

Эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ гээд рекламдаад байна. Иргэдийн орлого хэдэн төгрөгөөр нэмэгдсэн юм бэ. Цалин, тэтгэвэр нэмсэн үү, хүүхдийн мөнгийг бүрэн олгосон юм уу, хөрөнгө оруулалт хийгдсэн үү. Яг юу хийсэн юм бэ, монголд. Харин ч хуучнаасаа улам дордож байна. Тэгсэн хэрнээ орон тоо, сайд нарын хангамж, тансаглал нь нэмэгдээд л. Сүүлдээ мөнгөө юунд зарцуулахаа мэдэхээ байгаад 50-60 тэрбумаар нь төрийн албан хаагчдад нэг удаагийн тусламж болгоод олгосон. Энэ хэнд, юунд хэрэгтэй юм бэ. Энэ 300 мянган төгрөгөөр хэн юу хийв. Ямар бодит хөрөнгө оруулалт болж үлдэв. Нийгмийн амьдрал сайжирсан юм юу байна. ОУВС гэж байгууллага орж ирээд юу гийгүүлэв.

-ОУВС орж ирэхгүй бол энэ хямралыг даван туулж чадахгүй гээд байгаа шүү дээ. Ардчилсан намыг засаглаж байхад МАН-ынхан тэгж ярьдаг байсан. Одоо ч тэгж ярьдаг…

-Монгол Улсын эдийн засгийг зөв явуулъя, босгоод ирье гэж ОУВС хүссэн бол өнгөрөгч оны гуравдугаар сард батлуулсан УИХ-ын тогтоолыг хүчингүй болгуулсан юм бэ. Өөрсдийн баялгаас орж ирж буй мөнгөний урсгалыг Монголын банк, санхүүгийн шугамаар явуулъя гэсний төлөө яагаад хориг тавьж байгаа юм. ОУВС яахаараа хаа хамаагүй Рио Тинто гэдэг компанийн эрх ашгийг хамгаалдаг юм бэ. Энэ нь зөв юм уу. Өнөөдөр монголд уул уурхай хамгийн замбараагүй байна. Уул уурхайн олборлолт, борлуулалт, тэндээс олж буй мөнгөний урсгал Монгол Улсад огт хамаагүй байна шүү дээ. Ямар ч хамааралгүй Монголоос гадуур мөнгө урсаж байна. ОУВС-гийн хэдэн ам.доллар юу юм бэ. Захын нэг уул уурхайгаас олдог ашиг шүү дээ. Монголчууд өөрсдөө баялагаа мэдье, орлогоо мэдье гэсний төлөө хориг тавьсан. Эрх баригчид ОУВС-гийн шахалтанд ороод бүхэл бүтэн УИХ-ын тогтоолыг хүчингүй болгосон. Оюу толгойгоос орж ирж буй мөнгөний урсгал, орлого хаашаа явж байна вэ. Үүнийг хэн хянаж байгаа юм. Сангийн яам, гааль, татварынхан аль нь ч хянаж чадахгүй байгаа. Монгол Улсын Засгийн газар Оюу толгойд ямар ч оролцоо байхгүй. Бодит байдал дээрээ эдийн засаг хүндэрлээ гээд байх юм. Байгаа юмаа хүнд луйвардуулж, гадныханд идүүлчихээд юун ОУВС яриад байгаа юм бэ. Уул уурхайн олборлолт, борлуулалт хийж буй компаниуд дээр төр хяналтаа чангатгаачээ. Бодит хэчнээн хэмжээний хүдэр, баяжмал үйлдвэрлэж байгаа юм. Хэдээр борлуулж байна вэ, хэдий хэмжээний ашиг олж байгаа, мөнгөний урсгал нь хаагуур орж, хэн дээр очиж байгаа вэ, Монгол борлуулалтын татвар, хүртэх ёстой ашгаа хүртэж байна уу гэдгээ хяна. Ингэж чадвал юун татвар нэмэх, юун ОУВС бэ.

Гадны мэдээллийн сайт дээр “Рин Тинто компани Оюу толгой ордоос хэдэн тэрбум ам.долларын ашиг олсон байх магадлалтай” гээд гарч байгаа шүү дээ. Гэтэл манай оронд хэдэн сая ам.долларын татвар төлж байгаа билээ. Би ганцхан Оюу толгойг л ярьж байна. Гэтэл манайд олборлолт хийж буй хичнээн компани байна вэ. Үүн дээрээ бид хяналт тавьж чадаж байгаа юм уу. Оюу толгойд Монгол Улсын Их хурлын гишүүн очоод шууд нэвтэрч чадахгүй байна. Цэрэгжсэн хамгаалалт авчихсан. Тэд монгол дотор дахиад улс байгуулчихсан. Дураараа авирлаж байна. Би ганц зэс, молибдень яриагүй. Үүнийг дагаад гарч буй дагалдах металиуд болох алт, мөнгө, цайраас эхлээд тэр олон ховор металийг гарц, үнэлгээг хэн тогтоож байгаа юм. Үүнийг нарийн судлаад, тооцоод гаргадаг лаборатори манайд байхгүй. Зэс, молибдень нэрээр хэдэн зуун вагоноор нь гаргаж хятадад ангилж байгаа. Тэндээс хэдэн тонн алт ямар ч татваргүй цаашаа гарч байгааг хэн мэдэж байгаа юм. Хэн ч мэдэхгүй л байгаа байхгүй юу. Эцэст нь энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Өнөөдөр л болж байгаа бол маргааш хамаагүй гэдэг хүний сэтгэлээр хандаж болохгүй. Боллоо, хангалттай. Ашиг олж чадахгүй байгаа юм бол зогсоо. Байгалиараа байж л байг. Ашиглаж чаддаг болсон цагтаа хуультай болж байгаад ашиглая л даа. Яагаад заавал өнөөдөр ашиглах гээд улайраад байгаа юм бэ.

-Хариуцлагыг нь хэнээс нэхэх ёстой юм бэ?

-“Оюу толгойн орд алдагдалтай ажиллабал би хариуцлагыг хүлээнэ” гэсэн Ерөнхий сайд С.Баяр хаачсан бэ. Уул уурхайн сайд нь хаачив. Гэрээ хийсэн хүмүүс хаана явна. Өнөөдөр эрх барьж буй нам ч хариуцлага хүлээхгүй. Энэ мэтчилэн зүйлс дээр бид бодитой хандах цаг болсон. ОУВС гэдэг байгууллагыг одоо хазаарлах ёстой. Одоо боль. Ази, европод олон орон ОУВС худлаа байгууллага шүү гэдгийг нотлоод байна. Украин, Грекээс эхлээд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэн орнууд босоод ирсэн нь хаана байнаа. ОУВС-гийн ард цөөн тооны хөрөнгө оруулагч байдаг. Энэ байгууллага тэдний эрх ашгийг илэрхийлдэг байхгүй юу. Ийм байдлаар явах юм уу. Дэлхийн банк л гэнэ. Бидэнд мянган дэлхийн банк байгаад ч нэмэргүй. ОУВС байгаад ч манайд хэрэггүй. Тэднээс гуйхгүйгээр Монгол хөл дээрээ босох чадалтай. Үүнийг би сэтгэлийн хөөрлөөр хэлж байгаа юм биш. Өнөөдрийн бодит үнэн.

Төр жолоодлогогүй явбал тэдний хоол болоод дуусна. Тиймээс бага алдсан дээрээ асуудлыг зөв болгоод явсан нь дээр.

-Нэгдүгээр сарын нэгнээс нэмэгдээд эхэлсэн энэ татваруудыг болиулах боломж байгаа юу. Иргэдийн нуруун дээр ачаа болж ирж байна гэсэн шүүмжлэл байна шүү дээ?

-Бодит боломж бий. Зардлаа тана. Хэрэггүй олон Дэд сайд нараа болиул. Зарим агентлагуудаа татан буулга. Эсрэгээр нь баялаг бүтээгчдээ дэмж л дээ. Тэдэнд хөнгөлөлттэй зээл тусламж өгч чаддаггүй юм аа татварыг нь битгий нэмээч. Хэвийн ажиллах нөхцлийг нь хангаад өг. Цалин, тэтгэвэр нэмдэггүй. Нийгмийн хамгааллыг нь хөсөр хаячихлаа. Нөгөө талдаа ямар ч төрийн бодлого, дэмжлэг үзүүлдэггүй. Тэгсэн хэрнээ татвар нэмээд байна. Энэ чинь ОУВС-гийн сонгодог арга. Тухайн орны эдийн засгийг бүр унагаачихдаггүй, босгочихдоггүй, үлгэн салган явуулдаг. Тэр дундаас нь тухайн орны баялгийг нь сордог.

Би энэ төрийн төлөө яваа түшээгийн хувьд өнөөдөр энэ үгийг хэлэх ёстой гэж бодож байна. Цаг нь болсон. Үүний төлөө би тэмцэнэ. Бодит амьдралаа хар. Утаа, байгаль экологи, ундны усаа хар. Болж байгаа зүйл байна уу. Ямар юмных нь өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр вэ, ямар юмных нь татвар нэмэх вэ. Хөтөлбөр гэж татвар нэмэхийг хэлээд байгаа юм уу, үгүй л байхгүй юу. Хөрөнгө оруулагч гэхээр л сайн хүн байдаг юм уу. Нэг талын ашигтай гэрээ хэлцлээр яадаг юм. Монголчууд гурван жил бүсээ чангалахад тураад үхчихэлгүй ард нь гарч чадна. Өвөг дээдэс маань бидэнд тийм амьдрах ухааныг үлдээсэн.

-Утааны асуудлаас үүдээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онц байдал зарлуулах саналаа УИХ-д хүргүүлсэн. Онц байдал зарлах хэмжээнд асуудал хүндэрсэн үү. Ямар нэгэн нам улс төргүйгээр хариулт өгөөч, та?

-Ерөнхийлөгчийн хүргүүлсэн саналыг оройтсон гэж харж байна. Магадгүй таван жилийн өмнө онц байдал зарлах ёстой байсан байхгүй юу. Хүн болж чадахгүй эхийнхээ хэвлийд хэдэн мянган ураг устаж байна. Хэдэн мянган хүүхэд нярайдаа эндэж байна. Хэчнээн хүн суурь өвчтэй болж байна вэ. Энэ бүхэн чинь гамшиг биш юм уу. Онц байдал биш юм уу. Манайх шиг цөөн хүн амтай улсад аюул биз дээ. Аюулын харанга байтугайг дэлдэж байгаа. Юун дайн байлдаан. Тэрнээс олон хүнээ алдаж байна. Онц байдал зарлаж төрийн байгууллагуудыг асуудал руу оруул л даа. Чих нь сонсдоггүй юм бол сонсдог чихийг нь онгойлгож өг. Хардаггүй юм бол хардаг нүдийг нь нээж өг. Онц байдлын түвшинд асуудлаа тавь. Ерөнхийлөгчийн онц байдал зарлуулах санал маш зөв. Харин ч оройтчихлоо.

Утааны бизнесээр хичнээн хүн хагартлаа баяжив. Утаагүй зуух, утаагүй түлш нэрээр хичнээн байгууллага хэдэн зуун тэрбумаар тоглов доо. Тэр нөхдүүдэд хариуцлага тооцох ёстой. Төр гэж байгаа юм бол ажиллах цаг нь болсон. Худлаа лоозон ярьдгаа боль. Хэдэн зуун тэрбумаар гараа угаасан хүмүүсийн толгойг илээ л, тансаглаа л. 1952 онд Лондонд утааны улмаас иргэд хэдэн мянгаараа үхэж байж төр засаг нь сонсч, харсан байдаг. Жилийн өмнө Бээжин ямар байв. Ганц жилийн дотор ямар хурдан арга хэмжээ авч чадав. Нэг жилийн дотор 192 мянган нам даралтын зуухыг шууд устгасан. Бүсчлээд, бүс болгондоо зэрэг тогтоогоод явсан. Танай бүс цахилгаанаар хална, та амьдарна гэвэл энэ шаардлагыг ханга. Энэ бүс зөвхөн газаар хална. Шаардлагаа хангаад энд амьдар гээд утааны асуудлаа нэг жилийн дотор 60-70 хувь шийдэж чадлаа. Монгол төр яагаад чадахгүй байгаа юм. Олонхийн эрх ашгаа бодох цаг болсон.

-Онц байдал зарлах эцсийн шийдвэрийг УИХ гаргах ёстой. Их хурал дэмжих үү?

-Дэмжихгүй бол яах гэж энд сууж байгаа юм. Дэмжихгүй бол яах гэж энэ 76 гишүүн сонгогдсон юм. Ард түмний төлөө үйлчилнэ, би чадна, та нарын төлөө үхэж чадна гэж сонгогдоо биз дээ. Одоо харъя. Улс төрждөг цаг биш. Аль нам олонх байх нь хамаагүй. Нийт монголчуудын эрх ашгийн төлөө асуудал тавьж байна. АН, МАН-гүй бүгд утаанд хордож байна шүү дээ. Эрх баригчдын тансаг хэсгийнх нь хүүхдүүд гадаадад байдаг болохоор мэддэггүй байж магадгүй. Монгол Улсын хүн амын 50 хувь амьдардаг Улаанбаатарынхан хордож байна шүү дээ. Аймгийн төвүүдийг очоод хар. Нийслэлээсээ дутах юмгүй утаатай байна. Уурын зуухнуудын янданд нь ямар ч шүүлтүүр байхгүй. Зарим газраа нүүрсээрээ тургиж байна. Үүнийг яагаад олж харахгүй байна вэ. Үүнд яагаад анхаарал хандуулахгүй байна вэ. Ерөнхийлөгчийн онц байдал зарлуулах саналыг 200 хувь дэмжиж байна. Яаралтай арга хэмжээ авах цаг болсон.


Categories
мэдээ цаг-үе

Улиг болсон зүйлсийг ярьсаар утаанаас салахгүй

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “УИХ болон байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” ажлын хэсгийн хуралдаан өчигдөр Төрийн ордонд боллоо. Ажлын хэсгийн хуралдааны үеэр өнгөрсөн онд 23 мянган гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуурт холбож дууссан гэж байв. Энэ онд Дарь-Эх, Дамбадаржаа, Хайлаастын гэр хорооллыг цахилгаан халаагуурт холбох юм байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Гэрийн дулаалгыг хэрхэн шийдэх вэ. Дулаан хадгалах чадвартай дулаалгад хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай байна. Гэр хорооллын цахилгааны шугам сүлжээний хүчин чадал хангалттай юу. Одоо Засгийн газар зоригтой шийдэл гаргах хэрэгтэй. Гадаадын орнууд бага зардалтай орон сууцаар хангаж ирсэн. Ойрын үед маш тодорхой шийдвэрийг Засгийн газар УИХ-д оруулж ирэх хэрэгтэй байна” гэхэд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Нэгдсэн тооцоо хийгдээгүй. Таван ханатай гэрийг сайн дулаалвал хоёр кВт эрчим хүчээр дулаан хадгална. Гэрийн дулаалгын материалыг хийхэд 1.3 сая төгрөг болно. Дэд бүтцийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна. 50 айлыг багтаасан халаалтын зуух 100 сая төгрөгт багтаж байгаа. Дулаалгын материалыг гадаадаас судалж үзмээр байгаа юм. Гэрийн дулаалга үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулах нь зүйтэй” гэв. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Утааны асуудал ярихаар буруутан байхгүй болчихоод байгаа юм. Засгийн газар, Эрчим хүчний яам, Улаанбаатар хотод буруу байхгүй гэх юм. Өмнөх замаа харахаа больтол утаатай болчихсон байна. Бодитой зүйл ярих хэрэгтэй. Орон сууцжуулах асуудлаар 2-3 давхар байр барина гэдэгтэй санал нэг байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Утааны асуудлаар одоо шийдэл гаргах хэрэгтэй. Хуульгүйгээр, төрийн шийдгүйгээр утаа арилахгүй. Тиймээс хууль санаачил. “Яндангаасаа хар утаа гаргаж байгаа этгээд гэмт хэрэгтэн мөн” гэж Лондонгийн хуульд бичсэн байдаг. Тэгэхээр тухайн айл өрх, хувь хүн хар утаа гаргахгүй байхаар зүтгэнэ. Үүнээс юунд нь айх вэ. Хар утаа гаргавал айл бүр 50 мянга, аж ахуйн нэгж байгууллагыг 500 мянган төгрөгөөр торгох хэрэгтэй. Тэр хүн цахилгаанаа сонгоно уу, дулаан халаалт тавих уу гэдгийг өөрсдөө шийдэх хэрэг. Шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй байна. Баянзүрхэд ирэх жил дэд бүтэц татах ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэх мэтчилэн гишүүд утааны тал дээр “уугитал” байр сууриа илэрхийлж байлаа.

Энэ үеэр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ-аас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд “Утааг бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэн өчигдөр Төрийн ордонд болсон юм. Үзэсгэлэнд нийт 50 гаруй аж ахуй нэгж, иргэд оролцож утаагүй “шийдэл” буюу цахилгаан халаагуур, боловсруулсан хийн түлш, гэрийн дулаалга, шалны ялтсан халаагуур, агаар шүүгч, утаагүй зуух, цахилгаан хэмнэгч зэргийг танилцуулж байсан юм.

М.ЭНХБОЛД: ХЭН НЭГЭН ГИШҮҮНИЙ ТАЛААР ЯМАР НЭГЭН БИЧИГ ИРСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

УИХ-ын дарга М.Энхболдоос тодрууллаа.

-Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гээд байгаа. Хууль эрх зүйн хүрээнд ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ?

-Өвлийн улиралд утааны асуудал бидний анхаарлыг хамгийн их татдаг. Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутгийн төв газарт утааны асуудал сүүлийн жилүүдэд анхаарал татаж байна. Энэ чиглэлд гаргасан шийдвэр, зарцуулсан хөрөнгө асар их байгаа боловч тодорхой үр дүн мэдэгдэхгүй, утааны хор хэмжээ багасахгүй, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлсөн хэвээрээ байгаад иргэд бухимдаж байна. УИХ, Засгийн газар тодорхой шийдлүүд гаргаж ажиллах ёстой гэж үзэж байгаа. Тийм ч учраас өнгөрсөн оны төгсгөлд УИХ-аас Ё.Баатарбилэг гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулаад хоёр дахь удаагаа хуралдлаа. Маргаашнаас эхлээд 6-7 хоногийн хугацаанд ажлын хэсгийн гишүүд гэр хорооллын айл өрх, үйлчилгээний байгууллагаар орж ажиллана. Ямар ямар шинэ технологи байна вэ, ойлголтын зөрүүг арилгах үүднээс тодорхой нэгжүүд дээр очиж ажиллана. Ер нь утааны асуудлыг шийдвэрлэхэд хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах. Орон сууцжуулах ажлаа эрчимжүүлэхийн зэрэгцээ түүнээс өмнө ямар арга хэмжээ авах вэ гэдэг тодорхой нэг шийдэл дээр тогтмоор байгаа юм.

Нэг Засгийн газар гарч ирж, нэг Хотын удирдлага гарч ирээд яригдаж байсан зүйлийг өөрчлөөд дахин нэг шинэ зүйл эхлүүлээд байсан учраас үр дүн гарахгүй байгаа юм. Сүүлийн 10-аад жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан. УИХ-ын ажлын хэсэг өмнө нь гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт ямар байна вэ гэдгийг дүгнэе гэж байгаа юм.

-Одоо тэгээд яах ёстой вэ?

-Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Тэр чиглэлийн дагуу Засгийн газар судалгаа хийж олон шийдлийн аль нь өнөөдөр илүү үр дүнтэй, утаа багасгах вэ, төсөв мөнгөний хэмнэлттэй болохыг тодорхойлох нь чухал. Гэхдээ дунд, урт хугацааны хөгжлийн баримт бичгүүдтэйгээ харшлахгүй байх ёстой. Нийтээрээ хөдөлж байж, хууль эрх зүйн орчноо шинэчилж байж энэ бүхний ард гарах ёстой гэж бодож байгаа.

-Та хуулийн гарц шийдлийг юу гэж харж байна вэ?

-Утааг бий болгож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй. Хариуцлага яриахаасаа өмнө асуудлаа шийдэх боломж болоцоог нь төр засгаас бүрдүүлэх ёстой. Тухайлбал, ажлын хэсгээс гаргаж байгаа саналаар бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаж агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх санал орж ирсэн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдахыг хүлээхгүйгээр татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Маргааш хоёр байнгын хороо хамтарч хуралдаад энэ асуудлыг хэлэлцэнэ. Ойрын хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарах ёстой.

-УиХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг ярих цаг болжээ. янз бүрийн хэрэг түвэгт холбогдлоо гэх юм?

-УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж буй энэ хэмжээнд ойлгож болохгүй. Үүнд бодитой зүйл бий, үндэслэлгүй зүйлс ч бий. УИХ-ын даргын хувьд хэн нэгэн гишүүний талаар ямар нэгэн бичиг ирсэн зүйл байхгүй. Их хурлын үйл ажиллагаа, ирцтэй холбоотой асуудлаар анхаарал татсан зүйлс байгаа. УИХ-ын намын бүлгүүд хурал дээрээ яриад чуулганы болон байнгын хорооны хуралдаануудыг аль болох өндөр ирцтэй хуралдуулах тал дээр арга хэмжээ авч байгаа. Нааштай өөрчлөлтүүд гарч байгаа. УИХ-ын гишүүд өөрсдөө санаачилгатай, хариуцлагатай байж, иргэдийн сонгосон сонголтыг хүндэтгэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь чухал.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд 2017 онд Их хурал анхаарал тавьж ажилласан. Улсын хэмжээнд иргэдийн дунд санал авах арга хэмжээг зохион байгуулж, дараа нь зөвлөлдөх санал асуулгыг Төрийн ордонд зохион байгуулж Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 700 хүний саналыг сонссон. Үүн дээр тулгуурлаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үндэслэлийг гаргаад УИХ-ын Тамгын газраас иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулахад 327 мянган иргэний 5.6 сая санал ирсэн. Хэлэлцүүлгийн дүнд тулгуурлан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг төслийг боловсруулсан. Ойрын үед Их хуралд өргөн барих бодолтой байгаа. Холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, улс төрийн намуудтай хэсэгчлэн онолын болон практик талаас нь эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж тэдний саналыг авч байгаа.

-Та ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-2017 оны гуравдугаар улирал 11 дүгээр сарын байдлаар эдийн засгийн өсөлт 5.8 хувьтай гарсан. Валютын нөөц гурван тэрбум ам.доллар давсан. Энэ нь эдийн засагт нааштай ахиц гарч байгаагийн нэг илэрхийлэл. Одоогоос 15 сарын өмнө эдийн засаг -1.6 хувьтай, валютын нөөц хасах 400 сая ам.доллартай тэнцэх хэмжээнд байсан. Энэ хугацаанд УИХ-аас гаргасан шийдвэрүүд, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлуудын дүнд улс оронд нааштай өөрчлөлтүүдийг авч ирж чадсан. Бий болсон энэ өөрчлөлт тодорхой хугацаанд иргэдийн амьдрал, айл өрхүүдэд мэдрэгдсэн өөрчлөлтүүд байх ёстой. 2018 онд нааштай өөрчлөлт гарна гэж харж байгаа.

-Яг ямар өөрчлөлт гарах вэ. нэгдүгээр сарын нэгнээс татвар нэмэгдсэн шүү дээ. тиймээс таатай хүлээж авахгүй нь лавтай шүү дээ…

-ОУВС-тай хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд татвар нэмэгдүүлэх асуудал яригдсан. Татвар нэмж байгаа нь өндөр орлоготой юм уу, тансаг хэрэглээ гэдэг ч юм уу архи, тамхин дээр татварыг нэмж, татварын олон шатлалтай болох хүрээнд хийгдэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ялангуяа Хувь хүний орлогын албан татвар нэмэгдэж буй талаар мэдээлэл их гарч байна. 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой бүх хүний татвар нэмэгдэж байгаа мэт тайлбарлаж байгаа л даа. Үнэндээ 1.8 сая орлоготой хүн гэхэд 1.5 сая төгрөг нь хуучин 10 хувиараа татвараа өгнө. Нэмэгдэж буй 300 мянгад нь 15 хувиар бодож татвар төлөх юм. 3.8 сая төгрөгөөс дээш орлоготой хүн байхад 1.5 сая нь 10 хувиараа, 1.5 саяас дээш ногдож байгаад нь 25 хувийн татвар төлөх юм. Иргэдийн 90 орчим хувьд нь татварын өөрчлөлт орохгүйгээр тооцож нэмсэн.

-Иргэд эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн хүртэх бол?

-Эдийн засаг өсч байна гэдэг бол тодорхой хэмжээнд ажлын байр нэмэгдэнэ, бүтээн байгуулалт хийгдэнэ. Ингэснээр иргэд ажиллаж, хөдөлмөрлөх боломж нэмэгдэнэ. Ийм боломж бий болох ёстой.

У.ХҮРЭЛСҮХ: УТААГААР УЛС ТӨР ХИЙЖ БАЙГАА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Утааг бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэнгийн үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

-Агаарын бохирдолгүй болох гарц шийдлийг та хэрхэн харж байна вэ?

-Өнөөдрийн (өчигдөр) Засгийн газрын хуралдаанаар утааны тухай асуудлыг хэлэлцэх гэж байна. Хуралдаанаар бүх сайд нарыг хуралдуулж утааны эсрэг хийж, хэрэгжүүлж болох ажлуудыг ярилцах болно. 50 гаруй компани 45 аж ахуй нэгж ирж оролцож шийдлээ танилцуулж байна. Бидэнд хүндрэл бэрхшээлтэй ганц асуудал бол утаа. Хөрөнгө санхүүгийн асуудлаа бас шийдвэрлэх ёстой. Айлууд гэрээ дулаалах нь нэг номерын асуудал болсон. Ингэж чадвал гал бага түлнэ. Нэг айлыг дулаалахад нийтдээ зургаан сая төгрөг болж байгаа. Энэ хэмжээний мөнгө гаргаад гэрээ дулаалах айл өрх цөөхөн шүү дээ. Ер нь хонины нэхийгээр туурга, дээвэр хийхэд 5-6 сая төгрөг болно. Энэ хэмжээний мөнгө гаргаад дулаалах айл цөөхөн. Дулаалгын компаниуд хонины нэхийгээр туурга, дээвэр хийсэн байна. Монгол гэрийг хонины нэхийгээр дулаалах бүрэн боломжтой гэдэг нь харагдсан. Засгийн газраас яндангийн тоог цөөлөх, бусад эрчим хүч, техник технологийг ашиглаж, гэр хорооллын дулаалгыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Утаагаар улс төр хийж байгаа нь үнэн. Утаанаас салъя гэвэл айл өрх, аж ахуйн нэгж төр засаг гээд бүгд дор дороо арга хэмжээ авах хэрэгтэй байна.

-Ажлын хэсгийн хуралдаан дээр 200 орчим тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан ч үр дүн бага байгааг ярилаа. Утаа улс төрчдийн гол сэдэв болсон. Иргэд хохирогч боллоо. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

-Утаагаар улс төр хийгээд байна. Утааны асуудлыг төр засаг нь анхаарах нь чухал. Айл өрх, аж ахуй нэгж, төр засгийн түвшинд аль аль талдаа анхаарцгаая. Бүх ажил буруудсан гэж хэлж болохгүй байх. Алдаж, оносон ажил байгаа гэж бодож байна. Утааг тодорхой хэмжээнд багасгахын төлөө энэ мөнгөнөөс зарцуулагдсан гэж ойлгож байгаа. Гэхдээ жил бүр утаа гаргадаг яндангийн тоо нэмэгдэж байгаа нь үнэн. Улаанбаатараа утаанаас салгах ажилд бүгдээрээ л хичээж ажиллацгаая. Айл өрх, аж ахуй нэгжийн оролцоо ч мөн чухал

-Шинжлэх ухааны академийн халаалтаар дулааныг шийдэхээр бол V Дулааны цахилгаан станцыг барих шаардлагатай гэсэн. Тэгэхээр V цахилгаан станцын асуудлыг шийдэх үү?

-Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар шинэ цахилгаан станц барихаас илүүтэй одоогийн III болон IV цахилгаан станцыг өргөтгөх нь ач холбогдолтой гэж үзээд байгаа.

С.БАТБОЛД: ТӨР, ИРГЭД ХАМТАРЧ ЧАДВАЛ ГЭР ХОРООЛЛЫН 220 МЯНГАН АЙЛ ӨРХИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖЧАДНА

Энэ үеэр мөн Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболдоос дараахь тодруулгыг авсан юм.

-Агаарын бохирдолтой тэмцэх нэг шийдэл бол иргэдийг орон сууцжуулах явдал. нийслэлээс ямар ажлуудыг хийх вэ. ялангуяа байрны урьдчилгаагаа төлөөд орон сууцанд орох боломжтой иргэд цөөн байна?

-Засгийн газрын хуралдаанд агаарын бохирдлыг бууруулах ямар арга замууд байна вэ гэдгийг танилцуулж, мэдээлэл хийнэ. Засгийн газраас тодорхой шийдэл гаргана. Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачдын гаргасан саналууд дунд хамгийн гол нь гэр орноо иргэд сайн дулаалах, дараа нь ямар халаалтын хэрэгсэл сонгох вэ, түлшний асуудал, цахилгааны арга хэмжээ гэсэн дөрвөн шийдлийг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Нийслэлээс хэрэгжүүлж буй ажлын тухайд бол бодитойгоор яндангийн тоог бууруулах хэрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлж 5000 орчим айлыг орон сууцанд оруулсан байна. 5000 айлын 1008 айл нь яндангаа хураалгаад орон сууцанд орсон байгаа юм. Тэгэхээр сүүлийн жилүүдэд газар чөлөөлж орон сууцанд оруулах ажлыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй. Айлууд яндангаа хураалгаад 30 хувийн урьдчилгаагаа өгөөд орон сууцанд орж байгаа. Өнгөрсөн жил тэрбум орчим тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жил үргэлжлүүлнэ. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал яригдаж, иргэд юугаа хариуцах вэ, Засгийн газар юугаа хариуцах вэ гэдгээ тодорхойлно. 2020 он гэхэд амласан ёсоороо утааг 80-85 хувиар бууруулах ямар боломжууд байгааг хэлэлцэнэ. УИХ-аас мөн ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Энд тэндгүй хөрөнгө зарж, зохион байгуулалтгүй яваад байхаар мөнгө үргүй зарагдаад байгаа. Зохион байгуулалтыг сайжруулаад нэг гарт зангидаж төр, иргэд хамтран ажиллаж чадвал Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган айл өрхийн асуудлыг шийдвэрлэж чадна.

-Энэ онд 10 тэрбум төгрөгийг орон сууцны урьдчилгаанд байршуулна гэж байсан шүү дээ?

-Нийслэлээс энэ онд 10 тэрбум төгрөгийг орон сууцны урьдчилгааны санхүүжилт болоод түрээсийн орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 70 сая ам.долларын дэд бүтцийн асуудал мөн шаардлагатай байгаа. Үүнийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх боломжтой.

Ийнхүү шийдвэр гаргах түвшнийхэн улиг болсон зүйлсийг ярьж, утаанаас сална гэж байсан юм.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

О.Алтансүх: Хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй холбогдуулан стратегийн өмгөөллийн ажлыг эхлүүлнэ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх зурган илэрцүүдГэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй ярилцлаа.

-Сүүлийн үед хүүхдүүдтэй холбоотой гэмт хэрэг их гарч байна. Энэ тал дээр танай байгууллага хэрхэн анхаарч ажилласан юм бэ?

-Бид хүүхдийн салбарт тулгамдаж буй халамж, хамгааллын үйлчилгээний асуудлыг шийдвэрлэх тал дээр түлхүү анхаарч ажиллалаа. Биднийг анх ажил авахад хүүхдийн асрамжийн нөхцөл байдал тогтворгүй байсан. Нэг ёсондоо олон араа шүд эвэндээ орж өгөхгүйтэй адил байсан л даа. Тухайн асуудлыг эвэнд нь оруулж, хурдан шийдвэрлэх шаардлагатай болсон. Өнгөрсөн жил хүүхдийн тусламжийн 108 дугаарын утасны дэргэд зориулалтын хамгаалалтын байртай болгосон. Бид хамгаалах байрыг туршилтын хугацаанд хоёр сар ажиллуулахад 179 хүүхэд ирсэн. Иймээс нийгэмд эрэлт хэрэгцээтэй байна гэж үзсэн юм. Мөн хоёр жил орчим тооллого судалгаа хийсний үр дүнд гудамжинд хараа хяналтгүй амьдардаг 90 орчим хүүхдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ажилласан. Эдгээр хүүхдийг асрамжийн төв рүү шууд шилжүүлчихэж болдоггүй. Учир нь тийм хүүхдийг асрамжийн газар авчрахаар сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол гардаг. Өөрөөр хэлбэл буруу хэв маяг хүмүүжилтэй болчихсон байдаг. Тиймээс сэтгэл зүйг нь эерэг болгохын тулд ярилцдаг. Ял хойшлогдсон, шүүхээс зайлшгүй албадан сургалтад хамрагдах шаардлагатай болсон хүүхдүүд асуудалтай байдаг. Тэд нарыг сургадаг байрлуулах тогтолцоо байхгүй. Ингээд Багахангайд хараа хяналтгүй хүүхдүүдийн Нартхангай хэмээх төвийг байгуулсан. Уг төвд одоогийн байдлаар 28 хүүхэд бий. Тэнд хоёроос дээш жил буюу удаан хугацаагаар тэнэсэн хүүхдүүд байдаг. Хүүхдийн хөдөлмөр эрхэлдэг болчихсон. Заримынх нь гэр бүл нь боломжийн амьдралтай мөртлөө тэнэх зуршилтай болчихсон байдаг. Мөн гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон хүүхдүүд байна. Насанд хүрээгүй учраас ялыг түр хойшлуулдаг.

-Өнгөрсөн жил бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой сэртхийлгэм хэргүүд их гарлаа…

-Өнгөрсөн жил бага насны хүүхдийн хүчирхийллийн хэрэг 198 удаа гарсан. Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөнө гэдэг насан туршийн хохирогч болон үлддэг юм. Ийм тохиолдолд хүүхдүүд хэвийн энгийн амьдралд орох маш хүнд хэцүү л дээ. Энэ асуудлыг шүүхээр шийдээд гэр бүл дэх үйлдэгчийг ялласнаар асуудал шийдэгдлээ гэж ойлгодог. Гэтэл хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд эргээд хаана очих юм. Тэд үе тэнгийнхэн дундаа ялгаварлан гадуурхагдана, янз бүрээр хэлүүлнэ. Тэдгээр хүүхдийн сэтгэл зүйг засах үйлчилгээ огт байдаггүй. Харин асуудлыг шийдэх боломжтой айлын хүүхэд хэрэгт орж болно. Ингэхэд дараа нь Сэтгэцийн Эүүл мэндийн үндэсний төвөөр дамжиж хувийн шинжтэй зохион байгуулалтад ордог. Уг асуудлаар манай байгууллага өнгөрсөн жил олон улсын тендерт оролцоод ялсан. Иймээс энэ сард ажил эхлүүлнэ. 2015 онд 82, 2016 онд 67, 2017 онд 198 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Эдгээр хүүхдийн бүртгэл тооцоо судалгаа мэдээлэл бий. Эргэж холбогдоод ажиллана. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ажиллахдаа энэ онд стратегийн өмгөөллийн ажлыг эхлүүлнэ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд яагаад бүрэн үйлчилгээ төгс явахгүй байна вэ. Мөрдөн байцаах шатанд байна уу, Прокурор дээр байна уу, ялын дүгнэлтдээ байна уу, эцэг эх асран хамгаалагчдыг нь тусгаарлахгүй байгаа юм уу гэх зэргээр нарийн судална. Хамгийн их ачаалал үүссэн газарт дүрэм журмын дагуу шуурхай ажиллана. Энэ оны дөрөвдүгээр сар гэхэд ял оноох асуудал дээр онцгой анхаарна. Хүүхдэд зориулагдаж буй халамжийн үйлчилгээнд анхаарахад 26 байгууллагын 36 асрамж халамжийн төвд 1076 хүүхэд амьдарч байсан. Эдгээрээс 626 хүүхэд нь бичиг баримтын зөрчилтэй учраас төрөөс өгч буй хүүхдийн мөнгийг авч чадахгүй байсан. Асуудлыг зохицуулснаар одоо 60 орчим хүүхэд үлдсэн. Манайх асуудал тулгарсан хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй. Өнгөрсөн жил 13 мянган хүнд сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлсэн. Мөн ээжийгээ зодчихсон охин ирж, албадан сургалтад суусан. Албадан сургалтад 832 хүн хамрагдсан байгаа.

Шинэ онд манай байгууллагаас хөгжлийн үйлчилгээний нэр төрлийг тодорхойлно. Хүүхдэд зориулсан ёс суртахуун хүмүүжлийн ажлыг бий болгоно. Хүчирхийлэл гарч буй гол шалтгаан нь хүмүүжилтэй холбоотой шүү дээ. Бие биеэ хүндэлж, хайрлах тухай ярихаа байлаа. Ингээд 26 жилийг өнгөрөөчихлөө. Хүйтэн хөндий цэвдэг нийгэмд хүүхдүүд өсөн бойжиж байна. Энэ жил ёс суртахуун, хүүхдийн хөгжил рүү чиглэсэн ажил нэлээд хийнэ. Монгол хүүхдүүд бие бялдар, оюуны, эрүүл мэндийн хувьд дэлхийн хүүхдүүдийн дунджаас дээгүүр байна. Зөвхөн ганцхан үзүүлэлтээр манай улсын хүүхдүүд дэлхийн дунджаас хоёр дахин бага. Энэ бол ёс суртахуун, хүмүүжил, хотын соёл. Ийм үзүүлэлтээр хаягдсан. Бие даах чадваргүй. Урьдчилан сэргийлэх ажлын гол үзэл санаа нь эмэгтэй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртвөл тэр хүүхэд өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой. Чадвар эзэмшихийг хөгжлийн үйлчилгээ гэдэг. Хүүхдийн эрхэлж болохгүй хөдөлмөрийн жагсаалт гэж бий. Одоо харин хүүхдийн зохист хөдөлмөрийн жагсаалт гэж гаргах хэрэгтэй. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг. Хүүхдийг хүмүүжүүлэх, ёс суртахуунтай болгох нь чухал байна. Зуны улиралд хүүхэд мал маллаж болно. Харин зургаан цагаас хэтэрч болохгүй гэдэг ч юм уу. Ийм зохицуулалттай болгомоор байна.

-Асрамжийн газарт хүмүүжсэн хүүхдүүд ажлын байран дээр гараад ямархуу байдаг юм бол?

-2016 онд “Өнөр бүл” хүүхдийн төв дээр төгсөгчдийн судалгаа хийж үзсэн. Тус төвд бүтэн өнчин хүүхдүүд байдаг. 18 нас хүрээд гараад явчихдаг. Ингэхээр нөгөө хүмүүс юу хийж байгаа нь мэдэгддэггүй. Иймээс бид насан туршид нь хайж, анхаарч явах учиртай юм билээ. Тэдгээр хүмүүсийн онцгой бүртгэлийн систем байх ёстой. Нийт 390 орчим хүн ажлын байранд гарсан гэсэн судалгаа бий. Эдгээр хүний 50 хувь нь гараад ажилгүй байдаг юм билээ. 30, 40 хувь нь орцны жижүүр хийж байсан. “Өнөр бүл” дээр хүүхэд өсгөхөд маш их зүйлийг зарцуулдаг. Тэгсэн мөртлөө нөгөө хүүхэд амьдрал дээр гараад хөлөө олж чаддаггүй. Амьдралдаа худалдаа хийж үзээгүй. Бид нар мод түлээ хөрөөдөж, ажилд суралцсан мөртлөө амьдралд хөл алдах үе байдаг шүү дээ. Эдгээр хүүхдүүдийг бүх зүйл бэлэн байдаг. Иймээс “Өнөр бүл” төв дээр нийтээр нь хооллодог системийг үгүй болгож, бүгдийнх нь өрөөнд гал тогоотой болгож, айл болгосон. Нэг нь нийгмийн ажилтан, ахлах нь гэдэг ч юм уу. Зохион байгуулалттай болсон. Ажиглаж байхад хүүхдүүд тансаглаж эхэлсэн. Тэгснээ сар болоод мөнгөө гамнах хэрэгтэй юм байна гэх зэргээр зохицуулж сурч байна лээ. Өнгөрсөн жил манайх анх удаа Азийн түүхэнд Хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо. Байцаагч Зөрлийн тухай хуульд заасан 16 зөрчлийг хянан шийдвэрлэж байна. Та өөрийнхөө хүүхдийн товлолт вакциныг хийлгээгүй бол таныг эцэг эхийн чинь үүднээс торгоно. Энэ мэтийн зөрчлийг шалган шийдвэрлэх үүрэгтэй. Гэмт хэрэг, зөрчил хоёр тусдаа. Зөрчлийн шатан дахь процессыг шийддэг. Үүгээр хүүхдийн эрхийн зөрчлийн шийдвэрлэлт сайжирна гэж үзэж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилт ямар байна?

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд хамтарсан баг гэж бий. Хамтарсан багт тухайн хорооны Засаг дарга, хорооны цагдаа, өрхийн эмнэлгийн сувилагч, халамжийн нийгмийн ажилтан сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн цагдаа гэсэн бүтэцтэй. Эдгээр хүмүүс хүүхдийн зөрчил гарсан газрыг илрүүлж тодорхой болгож, нөхцөл байдлыг холбон зуучилна. Хамгийн сүүлд гэрт нь эргэн нэгтгэнэ гэсэн нийтдээ долоон төрлийн үйлчилгээг хийж байгаа. Энэ нь сайн дурын механизм юм. Үүнийг Японы хүүхдийг ивээх сангийнхан Монголд оруулж ирсэн. Бид анх удаа олон улсын байгууллагатай хамтарч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхан нэг төрлийн нэг агуулгатай арга зүйтэй болсон. Нийтдээ зургаан мянга орчим хүнийг сургасан. Манайхаас эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр олон ажил хийсэн.

Хүүхдийг тэжээн тэтгэх үүргээс эцэг эхчүүд зугтах тохиолдол гарсан. Зөрчлийн тухай хуульд хэрвээ та хүүхдийн тэжээн тэтгэх үүргээс удаа дараа татгалзаж байвал таныг зорчихийг хязгаарлана гэсэн заалт бий. Монгол Улсын хилээр гаргахгүй. Хүүхдийнхээ тэтгэмжийг төлчихөөд гадагшаа яв гэдэг.

-Тухайн айлд нөхөр нь эхнэрээ алгадахад цагдаа дууддаг болсон. Ингээд цагдаагийн байгууллага нөхөрт нь хуулийн дагуу тодорхой шийтгэл ногдуулдаг. Үүний дараа уурлаж маргалдсанаас үүдэн гэр бүл салалт их байна гэсэн яриа гарах болсон?

-Цэвэр худлаа яриа. Цагдаагийн ерөнхий газар дээр Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй, өртөж байгаа нийт хүмүүсийн нэгдсэн бүртгэлийн систем гэж байдаг. Энэ системээр дам хүүхэд хохирч байгаа судалгааг ч гаргадаг. Хоёр удаа эхнэрээ зодсон бол тодорхой шийтгэл хүлээлгэж явуулна. Тэгээд нөхцөл байдлын үнэлгээ хийнэ. Аюулын зэргийн үнэлгээ тогтоож, комисс очиж ажилладаг юм. Тухайн зөрчил гаргасан хүн гэртээ амьдрах боломжтой юу гэдгийг асууна. Болохгүй гэвэл процессыг цааш үргэлжлүүлнэ. Эрүүгийн шинжтэй бол үүний дагуу шалгана. Өмнө нь үүнийг гэмт хэрэг гэж үздэггүй байсан. Тэр хандлага өөрчлөгдөхгүй байгаа юм. Хүмүүс хүчирхийллийг үл тэвчих хандлага сууж эхэлж байна. Гэр бүлийн хүчирхийллэлтэй холбоотой нийт дуудлагын 40 хувийг хажуугийнх нь хүн хэлдэг юм. Нийгэм өөрөө хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй болж байна гэсэн үг. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш гэр бүл хүчирхийлэл 2.9 хувиар буурсан.

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль энэ сараас мөрдөгдөж эхэллээ. Энэ хуулийн талаар ярихгүй юу?

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр санаачилсан. Хуулийг босгож ирэх гэж Монголын залуучуудын хөдөлгөөн сүүлийн арав гаруй жил ажилласан. Хууль ганцхан концепцтэй. Өөрөөр хэлбэл, боломж олгох хууль юм. Нэг ёсондоо та сайн хөдөлмөрлөвөл таныг бид дэмжинэ гэсэн агуулгатай. Хуулийн дөрөвдүгээр зүйлд Олон нийтийн оролцоо гэж байна. Хэрвээ та олон нийтийн ажилд сайн дураараа сайн ажиллавал таны ажлыг бүртгэнэ. Ингэхээр цаашдаа тухайн хүн төрийн албанд орох, зээл авахад нь шалгуур болгож үзнэ. Залуучуудын хөгжлийн төвд амьдрах ухааны боловсрол гэдэг сургалтын хөтөлбөрийг НҮБ-ын хүн амын сангаас батласан. Стрессийг хэрхэн даван туулах вэ, бусдыг хэрхэн яаж хайрлах вэ, ажлын байранд хэрхэн шалгарах вэ. Төсөл хэрхэн бичих вэ, эрүүл мэндийн үзлэгт хэрхэн хамрагдах вэ зэрэг 12 төрлийн хичээлийг залуучуудад хүргэнэ. Хуулинд хэд хэдэн томоохон зүйл бий. Тухайлбал, Цэргийн алба хүлээх үүргийг үүрэгжүүлсэн. Хугацаат цэргийн алба хааж буй хүмүүст эх оронч байх хичээл заана. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги, нэг хоёрдугаар курсын оюутнуудад насан туршийн боловсролд нөлөөлөх хичээлийг оруулна. Есдүгээр сарын 1-нээс эхэлж бүх газруудад гэр бүл төлөвлөлт, эрүүл ахуй, нөхөн үржихүйн боловсролын тухай хичээл зааж эхэлнэ.

Өнгөрсөн жил залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг батлуулан гаргасан. Хууль батлагдсантай холбогдуулж улсын хэмжээнд шинээр 96 албан хаагч 21 аймаг есөн дүүрэгт ажиллахаар гарсан. Нэг аймагт гурван албан хаагч залуучуудын хөгжлийн төвийг байгуулж гарна. Энд амьдрах ухааны боловсролын хичээл заана.


Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 08-ны өдөр болох үйл явдлууд

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
09.00 цагт “Корпорейт Конвеншн Центр”-т “Тогтвортой хөгжил-Сургуулийн өмнөх боловсрол” зөвлөгөөн болно.
11.00 цагт Төрийн ордонд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт СТӨ-нд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуудаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ болно.

Categories
мэдээ нийгэм

“Төр бий болж байна уу гэж харахаар” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монгол Улсын гавьяат барилгачин Д.Баасанхүүгийнд “танайд өнжье”-г бэлтгэснийг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой хийсэн ярилцлагыг нэгдүгээр нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “Тэтгэврийг ижил хувиар биш, тэнцүү мөнгөн дүнгээр нэмэх бодлого баримтлана” гэжээ.

Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл”-ийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Энэ талаар улс төрийн хоёрдугаар нүүрэн дэх “Утааг шийдэж чадахгүй бол УИХ-ыг тараах асуудлыг сар шинийн дараагаас тавина шүү” сурвалжилгаас хүлээн авч хараарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч “Төр бий болж байна уу гэж харахаар” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргалтай хийсэн ярилцлагыг гуравдугаар нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “Уул уурхайн, салбарынхан ажил хаялт зарлахад бэлэн” хэмээжээ.

Эрх баригчид татвар нэмэгдүүлсэн шийдвэрээ эргэж харж, цуцлахыг Ардчилсан нам шаардлаа. Үүний тухай сурвалжилгыг улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс хүлээн авч үзэх боломжтой.

“Мандал Голомт” станцад гэмтэл гарснаар Говь-Алтай аймгийн төвийн халаалт зогсч, иргэд шинэ оныг зутруухан угтсан талаар орон нутгийн удирдлагууд мэдэгдээд байсан билээ. Энэ талаар “Мандал Алтай” группийн зөвлөх, “Нутгийн зам” компанийн захирал Л.Очиртой хийсэн ярилцлагыг улс төрийн тавдугаар нүүрнээс хүлээн аваарай.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авахаар болсон гэж Сангийн сайд тэргүүтэй хүмүүс мэдэгдсэн билээ. Энэ мэдэгдлийн маргааш нь “Монголын зэс” корпорациас хэвлэлийн бага хурал зарлаж, Засгийн газар хууль бус шийдвэр гаргасан хэмээн мэдээлэл хийсэн юм. Энэ талаарх сурвалжилгыг баримт, үйл явдлын зургаадугаар нүүрнээс уншаарай.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Энэ онд нийгмийн захиалгаар “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой”, “Дубай гэрээ”-нд аудит хийнэ” хэмээн онцлон хэлжээ. Энэ талаарх ярилцлагыг XI нүүрнээс хүлээн авч үзээрэй.

Волейболын спортын олон улсын хэмжээний мастер Б.Хэрлэнтэй хийсэн ярилцлагыг XIII нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “Волейболын спорт хүүхдийн сэтгэхүйд багаар ажиллах чадварыг суулгаж өгдөг” гэжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн Ногоон давааны зам цасан шуурганы улмаас хаагдаад байна

Улаанбаатар хотоос 80 км-т Төв аймгийн Ногоон давааны зам цасан шуурганы улмаас хаагдсан тул хот хоорондын болон орон нутгийн замд гарахгүй байх, хүчтэй цасан шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах үед тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулж байна.