Categories
мэдээ нийгэм

Д.Хаянхярваа: Утааны асуудлыг бүх түвшинд анхаарч, цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Шинэ танхим хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулахад анхаарал хандуулж ажиллах тухай хөтөлбөр танилцуулжээ. Мөн үлдэж байгаа хугацаанд ямар том төслүүд дээр ажиллах вэ гэдгээ тодорхой болгож, бүлэгт мэдээлэл өгөхөөр болсон байна.

Хоёр дахь нь агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хуулийн төсөлд юу тусгах, хөрөнгө санхүүг хаанаас ямар эх үүсвэрээс босгох боломжтой талаарх тодорхой саналыг хаврын чуулганаар оруулж ирэх даалгаврыг Засгийн газарт чиглэл болгожээ.

Хуралдааны талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газраас гурван тулгуурт эдийн засгийн өөрчлөлт, 900 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын талаар сонсгол хийлээ. Үүнд гишүүд асуулт асууж, хариулт авсан. Засгийн газар үндсэндээ хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ажилгүйдэлтэй холбоотой асуудалд голлон анхаарч ажиллана. Мэдээж уул уурхайн салбар бидний анхаарлын төвд байна. Үлдэж байгаа хугацаанд ямар тодорхой томоохон төслүүдэд анхаарал хандуулж ажиллах вэ гэдгийг намрын чуулганд тодорхой санал гаргаж, хаврын чуулганаар хэлэлцээд явахаар тохиролцсон.

Мөн бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь агаарын бохирдол байлаа. Энэ асуудал маш хүнд түвшинд хүрсэн. Утааны асуудлыг бүх түвшинд анхаарч, цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэж байна. Иймээс Засгийн газар хаврын чуулганд утааны асуудлыг яг ямар байдлаар хэрэгжүүлэх нь үр дүнгээ өгөх талаар асуудлыг боловсруулж оруулж ир гэдгийг хэлсэн.Түүнчлэн утааны асуудлыг бага хөрөнгөөр шийдэхгүй учраас санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх хувилбаруудыг ч ярилцахаар тохирсон. Ингээд агаарын бохирдол, утааг бууруулахын тулд зуух, цахилгаан халаагуур, хийг ашиглахаар бол ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зөв бэ гэдэгт Засгийн газар хаврын чуулганд тодорхой санал оруулж ирэхээр болсон.Агаарын бохирдолтой зэрэгцээд яригдаж байгаа нэг асуудал нь хөрсний бохирдол байна. Нийслэлийн хөрсний бохирдлыг агаарын бохирдолтой хамт шийдэх ёстой гэдгийг олон гишүүн онцолж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат СХД-ийн гэр хорооллын бүсэд ажиллалаа

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, утааны асуудлыг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат орсон бөгөөд тэрбээр Сонгино хайрхан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллалаа. Н.Цэрэнбат сайд агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар ашиглаж эхлээд буй технологиудтай газар дээр нь танилцаж, цаашид нэвтрүүлэх боломжтой эсэхийг судалж буй нь энэ юм.

Энэ хүрээнд хөрс, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой технологийг нэвтрүүлсэн гэгдэж байгаа СХД-ийн 23 дугаар хорооны 3 айлын ариун цэврийн байгууламжтай танилцав. Уг ажлыг тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилсан бөгөөд нэвтрүүлсэн технологи нь өдөр нарны эрчим хүчээр гэрэл хуримтлуулж, шөнө нь хашаагаа гэрэлтүүлэх давуу талтайгаас гадна лагийг бордоо болгох, мөн газ гаргаж, ахуйн хэрэглээндээ ч ашиглах боломжийг олгож буй аж.

Мөн уг ариун цэврийн байгууламжийг нэг айл байршуулсан тохиолдолд ойролцоо орших буюу 100 метр радиуст байрлах хэдэн ч айл суурилуулан ашиглах боломжтой аж.

Түүний дараа Нийслэлийн СХД-ийн тодорхой тооны айл болон Төв аймгийн 100 мод сумын өрхүүдэд тарааж, үр дүнг нь үзсэн хэмээгдэж буй бүрэн шаталттай “Нүүдэлчин” зуухыг хэрэглэж буй айлуудаар орсон юм. “Нүүдэлчин” зуух нь утаа маш бага гардаг, маш бага нүүрс хэрэглэдэг, дулаан сайн барьдаг хэмээн түүнийг ашиглаж буй иргэн Ц.Өлзийсайхан ярилаа.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн олон санал, санаачилга, төсөл, хөтөлбөрийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд маань ирүүлж байна. Үүний нэг болох ариун цэврийн байгууламжийг сайжруулсан технологитой танилцлаа. Үүнээс гадна өөр бусад санал, санаачлагуудтай танилцаж байгаа. Ингэж танилцсаны үр дүнд үйл ажиллагааны найдвартай байдал, үр ашиг, үнэ өртөг гэх мэт зүйлүүдийг нь харьцуулах замаар цаашид ажиллана. Одоогийн байдлаар уг ариун цэврийн байгууламжийг нийслэлийн СХД-ийн гэр хорооллын 3 айлд холбон туршиж байгаа юм байна. Ашигтай, үр дүнтэй, үнэ өртгийн хувьд боломжийн төслийг дэмжин, хамтарч ажиллахад бэлэн. Түүнээс гадна хөрсний бохирдол, агаарын бохирдолд анхаарлаа хандуулж, Улаанбаатар хотын ойролцоо байрлах амралтын газрууд, Богдхан ууланд шинээр бий болж буй авто зогсоол зэрэг газарт шинэчилсэн ариун цэврийн байгууламж бий болгох шаардлагатай байгаа. Мөн түүхий нүүрс бага зарцуулдаг, утааг дахин шатаадаг технологи бүхий зуух хэрэглэж буй айлуудтай танилцлаа. Иргэдийн хувьд их ам сайтай байна. Хамгийн гол нь үр дүн авчирсан, ашигтай, үнэ өртгийн хувьд боломжийн арга, технологийг бид ашиглах ёстой” гэсэн юм.

Мөн “Эрүүл орчин, зөв ахуй” ТББ-ын тэргүүн С.Энхтайваны өөрийнх нь санаачилсан гэр, байшингийн дулаалга, дулаан суух технологитой ч энэ үеэр танилцсан юм. Түүний хувьд ард иргэд өөрсдөө гэрийн дулаалгандаа анхаарах шаардлагатайг дурьдаад энэ чиглэлийн сургалт зохион байгуулах хэрэгтэй байгааг онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Золгүй явдал тохиолдсон өрхөд Хан-Уул дүүргээс гэр олгожээ

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Бурхантын 1-9-105 тоотод иргэн С.Д-гийн гэрт энэ сарын 01-ний өдөр гал гарч, хүний амь эрсэдсэн, золгүй явдал тохиолджээ.Эхнэр нь гурван хүүхдийн хамт усанд явсан хойгуур гал гарч, гэрт үлдсэн нөхөр нь амиа алдсан аж.Амьдралд хэлж ирдэггүй, хийсч ирдэг зовлон бэрхшээл тохиолдсон энэ гэр бүлд тэдний оршин суудаг Хан-Уул дүүргийн зүгээс шуурхай тусламж үзүүлж, гэрийн эзэгтэй Н.Мягмарсүрэнд таван ханатай гэр олгожээ.Талийгаач С.Д нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан бөгөөд эхнэр, 8-13 насны гурван хүүхдийн хамт амьдардаг байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Хадан цохионоос унах гэж байсан хүүхдүүдийг аварчээ

rock cliffs snow зурган илэрцүүд

Зургаан метрийн өндөр хадан цохионоос унах гэж байсан бага насны хоёр хүүхдийг Онцгой байдлын алба хаагчид өчигдөр аварчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойгоос Яармаг явах уулын зам дагуу Богд ууланд бага насны хоёр хүүхэд хадан цохио дээрээс унах гэж байна гэсэн дуудлагаар нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай очсон байна.

Ингээд 9 настай эрэгтэй Э, 11 настай эмэгтэй А нарыг цохионоос буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид БНАСАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо Итгэмжлэх жуух өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа.

Элчин сайд О Сын Хо уулзалтын үеэр “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч намайг хүлээн авч, уулзаж байгаад баярлалаа. Юуны өмнө БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, БНАСАУ-ын Ардын армийн дээд командлагч Ким Жон Уны Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Х.Баттулга танд илгээж байгаа халуун мэндчилгээг уламжилж байна” гэлээ.

Мөн Элчин сайд О Сын Хо “БНАСАУ, Монгол Улсын хооронд димломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Цаашид 70 жилийн уламжлалт, найрсаг харилцаагаа хөгжүүлэхэд манай улсын Засгийн газар их анхаарал хандуулж байгаа. Хоёр улсын димломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох энэ жилд манай талаас төрөл бүрийн соёлын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хоёр талын хамтын ажиллагаа цаашид ч гэсэн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Ноён Ерөнхийлөгч Х.Баттулга болон Засгийн газрын бодлого, удирдлагын дор Монгол Улс цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд О Сын Ход хандан “Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад баяр хүргэе. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа энэ үед Элчин сайдаар томилогдон ирж байгаа тань чухал үүрэг билээ. Тиймээс цаашид таны оролцоотойгоор хоёр орны найрсаг харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн “Хөдөө аж ахуйн салбар, спортын салбарт БНАСАУ-тай хамтран ажиллахдаа таатай байх болно. Таны Элчин сайдын ажилд амжилт хүсье” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Буянжаргал: Уул, уурхайн салбарынхан ажил хаялт зарлахад бэлэн

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргалтай ярилцлаа.

-Хувь хүний орлогын албан татварыг нэмсэн. Харин танай эвлэлийн холбооноос энэхүү татварын нэмэгдэлд гэр бүлээсээ хол, хүнд хүчир ажил эрхэлдэг уурхайчид хамгийн их өртөж байна гэж эсэргүүцээд байгаа. Энэ тухайд?

-Манай эвлэлийн холбоо нийтдээ уул уурхайн салбарын 47 мянга, эрчим хүчний 17 мянган гишүүд, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалан ажилладаг. Эдгээр хүмүүсийн төлөө бид дуугарч байна. Учир нь ОУВС-тай Монгол Улсын Засгийн газар гэрээ хэлэлцээр хийснээр долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсон. Энэ нь ч нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжээд эхэллээ. Бидний харж байгаагаар Засгийн газар байгаа онохгүй байна. Татварын нэмэгдэлд багтаж байгаа хамрах хүрээг зөв тодорхойлох ёстой. Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа 1,4 сая хүн байдаг. Энэ хүмүүсийнхээ нуруун дээр л улам их ачаа үүрүүлээд байна шүү дээ. Тэр дундаа уул уурхайн салбарынхан хамгийн ихээр өртөж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь, экспортын 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар уул уурхай. Тиймээс энэ чухал салбарынхаа хүмүүст улам их ачааг битгий үүрүүлээч ээ. Тэднээс өөр татвар төлөхгүй хүмүүс маш их байгаа шүү дээ.

Дээрээс нь МАН ард түмэнд амласан амлалтдаа хүрэхгүй байна. Улс төржиж байгаа юм биш шүү. Үйлдвэрчний эвлэл бол хөдөлмөрлөх эрх ашгаараа эвлэлдэн нэгдсэн байгууллага. Түүнээс улс төрийн үзэл бодлоороо нэгддэггүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ нэг ч татвар нэмэхгүй учраас биднийг сонгоочээ гэж гарч ирсэн хэрнээ жилийн дараа гэхэд татвар нэмлээ. Ийм зүйл байж болохгүй. Тиймээс сонгогчдод хүндэтгэлтэй хандаачээ гэж МАН-ын намын гишүүдээс хүсэж байна.

-Эрчим хүч, уул уурхайн хичнээн мянган ажилчид шинээр батлагдсан татварын нэмэгдэлд хамрагдахаар байгаа вэ?

-Манай уул уурхайн салбарынхан хүнд, хортой, халуун, газрын дор ажилладаг. Эдгээр ажилчдын 80 хувь нь буюу 37200-аад хүн дээрх татварын хуулинд хамрагдах гэж байна. Эрчим хүчний салбараас гэхэд долоон мянга гаруй нь хамрагдана. 50 шахуу мянган хүний ард гэр бүлийнхэн нь гэж 200-аад мянган хүн бий. Уурхайчид олон хоног, сараар гэртээ харихгүйгээр ажилладаг. Тиймээс гэр бүлийнх нь хүн ажил хийхгүйгээр үр хүүхдээ харж ханддаг юм. Тэгэхээр уурхайчны цалингаар л тухайн гэр бүл амьдардаг гэсэн үг. Гэтэл төр маань эдгээр хүмүүсийг баячуудын тоонд оруулж үзэх нь дундаж давхаргыг үгүй хийх гэсэн бодлого гэж бид харж байгаа.

Түүнчлэн зөвхөн татварыг нэмээд зогсохгүй хүнд нөхцөлд ажилладаг дээрх ажилчдын тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн. Монгол хүн 13-20 жил тэтгэвэр авдаг. Гэтэл эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт ажиллагсад гурваас долоон жил тэтгэвэр аваад л ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг гэх судалгаа бий. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөр манай салбарын ажилчид маш их өвчилж байна. Уул, уурхайн нүүрсний салбарт ажиллагсдын 35, өнгөт металл буюу алт, зэсний салбарын 23, эрчим хүчний салбарын 14 хувь нь мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөр өвдөж, шаналдаг. Ийм эрсдэлтэй нөхцөлд хөдөлмөрлөж, хөдөлмөрлөчихөөд олсон хэдэн төгрөгнөөсөө илүү татвар төлөх нь шударга ёсонд нийцэхгүй. Монгол Улс хүнлэг ардчилсан нийгэм байгуулах гэж байгаа юм бол энэ хүмүүсийг яагаад бодож болохгүй гэж. Бид ард иргэдээ өөд нь татах биш ардаас нь чангаадаг төртэй байхыг хүсэхгүй байна.

-Одоогоор Засгийн газар болоод Улсын их хуралд ямар шаардлага хүргүүлээд байгаа вэ?

-Бид Засгийн газар болон УИХ-д яаралтай хэлэлцээр хийе гэсэн албан шаардлага хүргүүлсэн. Бидний хүсэлтийг хүлээн авч гаргасан шийдвэрээ өөрчлөөсэй гэж олон мянган хүн хүсэж байна. Нам ч бай, хувь хүн ч бай соёлтойгоор гаргасан алдаагаа засах хэрэгтэй. Сонгогчдоосоо уучлал хүсэх ч ёстой гэж бодож байна. Алддаггүй хүн байдаггүй. Харин гаргасан алдаагаа засаж чадна гэдэг соёлт хүнд байх ёстой мөн чанар гэж ойлгодог.

-Шаардлагыг тань хүлээж аваагүй тохиолдолд яах вэ?

-Бид цаашдаа Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулинд заагдсан хэмжээнд ажиллана. Одоогоор гишүүд, хөдөлмөрчид УИХ-ын гишүүдэд өөрийн гараар захидал бичиж байна. Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд энэхүү хуулийг өөрчилж өгөөчээ гэж өргөдлүүд өгч байгаа. Эхний ээлжинд Дөрөвдүгээр цахилгаан станцын 500 гаруй ажилчид өргөдлөө өгсөн гэх зэргээр бүхий л боломжит хувилбарыг бодож байгаа.

Монгол Улсын Үндсэн хуулинд хүнийг арьс өнгө, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаалаар ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заасан байдаг. Бидний харж байгаагаар энэхүү заалтыг дээрх татварын тухай хууль зөрчиж байна. Тодруулбал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж байна гэж бид үзэж байгаа юм. Тиймдээ ч Үндсэн хуулийн Цэцэд хандах тухай яригдсан. Шаардлагатай бол бид энэ хуулийг өөрчлүүлэхээр хандах болно. Ямартай ч бидний шаардлагын хариуг энэ сарын 10-ны дотор Засгийн газар ирүүлэх ёстой. Үүнийг бид хүлээж байна.

-Уул уурхайн салбарынхан ажил хаялт зарлая гэж маш их хандаж байгаа гэсэн үү?

-Өдөр болгон хэдэн зуун хүн жагсаал хийе, ажил хаялт зарлая гэж бидэнд хандаж байна. Сошиал ертөнцөөр ч тэр уул уурхайн ажилчид ямар их тэмцэл өрнүүлж байгааг та бүхэн харсан байх. Бидний зүгээс Засгийн газартай хэлэлцээрийн журмаар энэ асуудлыг шийднэ гэж тэр их ажилчдын уур бухимдлыг түр зогсоочихоод л байна. Хэрэв нааштайгаар шийдэгдэхгүй бол ажил хаялт болно. Үүнд эргэлзэх юм байхгүй. Уул, уурхайн салбарынхан ажил хаялт зарлахад бэлэн байгаа. Ажил хаялт зарласнаар ажилчид цалин хөлсөөрөө хохироод зогсохгүй Монгол Улсын эдийн засаг хохирно. Тиймээс өвлийн энэ их ачааллын үед улс орны эдийн засгийн онцгой обьектэд ажиллаж байгаа уул уурхайн салбарынхныг ажил хаялт руу битгий түлхээч ээ гэж хэлэх байна. Тиймдээ ч эдийн засаг хүнд байгаа энэ үед ярилцъя, ширээний ард сууя гэж бид саналаа хүргүүлээд байгаа юм.

О.Ариунцэцэг

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

1008 айлын орон сууц бүхий “НОГООН НУУР” хорооллын төслийн ажлын явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү БНХАУ-ын Бугат хотын тусламжаар хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян болон бусад албаны холбогдох төлөөлөгч нартай уулзаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлын явцтай өнөөдөр танилцаж, санал солилцлоо.

Уулзалтад Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Д.Нямдаваа, НОСК-ийн захирал Б.Сүхбаатар, Орон сууц ашиглалт борлуулалтын хэлтсийн дарга П.Алтанхуяг, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг, орлогч дарга Б.Азжаргал, Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн дарга Б.Оюунтуяа болон БНХАУ-ын Барилгын яамны орон сууц хариуцсан захирал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн захирал, хотын төлөвлөгөөний хүрээлэнгийн дарга зэрэг албаны хүмүүсийн бүрэлдэхүүн оролцов. Тус уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгийн зүгээс гэрхороололд дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд баригдахаар болсон “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлыг явцыг эрчимжүүлэх, өнөөгийн явцын талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүслээ. Тэрбээр “Өнөөдөр уулзалтыг бидний зүгээс их хүндэтгэн үзэж, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлын хүрээнд хэд хэдэн тодруулах зүйл байна. Нэгдүгээрт, бүтээн байгуулалтын ажлыг Бээжин констракшн хийх үү эсвэл өөр компани гүйцэгтэхээр болсон уу. Хоёрдугаарт, зураг төслийн ажил өөрчлөгдсөн учраас зураг төсөл хэзээ бэлэн болох вэ. Гуравдугаарт, барилгын ажлыг хэзээ эхлүүлэх вэ. Энэ талаар манай холбогдох албаны хүмүүст мэдээлэл өгөхийг хүсч байна. Бид ажлын хүрээнд Гадаад хэргийн яам бусад холбогдох байгууллагууд олон удаагийн уулзалт хийсэн. Нийслэлийн орон сууцны корпораци энэ төсөлд хамтран ажиллахаар болсон. Нийслэлийн удирдлагын зүгээс энэ төслийг хийж хэрэгжүүлэх тал дээр бүхий л талаас нь тусалж дэмжиж ажиллах болно” хэмээлээ.

Бугатын тусламжаар хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл”-ийн өнөөгийн явцын талаар та бүхэнд танилцуулъя. Дахин төлөвлөлтийн ажлыг танилцуулга хийх найман ажилтан маань хэрэгтэй, шаардлагатай мэдээллийг өгөх болно. Өнгөрсөн жил нийслэлээс холбогдох албаны хүмүүс болон таньтай Бугат хотод уулзаж байсан. Миний бие БНХАУ-ын Бугатын тусламжаар хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын хэсгийг ахлаж ажиллаж байна.

Бидний зүгээс дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд тендерийн шалгуураар хамгийн өндөр үнэлгээ авсан гурван компанийг сонгон шалгаруулж, Барилга хот байгуулалтын яаманд саналаа хүргүүлсэн. БХБЯамнаас аль нэг компанийг сонгох юм. Монголын цаг агаар онцлогт тохирсон чадвартай компани сонгож, чадвартай хүмүүсийг томилж ажиллуулах болно. Ажлын зураг төсөл эхний ээлжинд Хятад хэл дээр гарсан бөгөөд удахгүй та бүхэнд Монгол хэл дээр хөрвүүлж танилцуулах болно. Энэ төслийг манайх бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөх үүрэгтэй. Бид төслийн ажлыг яаравчлах бүх арга хэмжээ авч ажиллана. Бид өмнө нь ийм төрлийн олон төслийг амжилттай хийж гүйцэтгэж байсан. Монголын зүгээс бидэнд ийм их итгэлийг үзүүлж байгаад их баяртай байна” гэв.

БНХАУ-ын Засгийн газраас олгох 350.0 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур” орчмын түр суурьших орон сууцны хотхон” төсөл санаачилж, гэрээний нөхцөлийг тохирох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байна.

Иргэдийн чөлөөлсөн 4.2 га газарт орон сууцны хороолол барьснаар төвийн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийг дулаан, цахилгаанаар хангана. Ингэснээр агаарын бохирдол буурч, иргэд тохь тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэх юм.

Уг хотхонд 21 давхар найман орон сууцны блок сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 240 автомашины дулаан зогсоол барина. Түүнчлэн 160 ам.метр талбайтай худалдаа үйлчилгээний төв, тоглоомын талбай баригдах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цомыг Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүүд гардуулж өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн 2017 оны барилдаанд түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүүд өнөөдөр Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг, Цом гардуулах тухай зарлигийн хамт дурсгаж, амжилт хүслээ.

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд анх зохион байгуулагдаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүд тодров

“Монголын сайхан бичигтэн” зурган илэрцүүд

Жил бүр уламжлал болгон зохиогддог Монцамэ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүд тодорлоо. 21 дэх удаагийн энэхүү улсын уралдааны долоон ангилалд Говь-Алтайгаас бусад аймаг болон есөн дүүргээс 1000 гаруй оролцогч бүтээлээ ирүүлжээ. Оролцогчдын хамгийн өндөр настай нь 90 настай байсан бол хамгийн бага нь III ангийн сурагч байжээ.

1. “XII ангийн сурагчид” ангилалд Дундговь аймгийн Сайнцагаан сумын сурагч Э.Чойжи, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын сурагч Д.Содномдаш, Х.Түвшинтүлхүүр, Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” сургуулийн сурагч П.Тунгалагтамир нар шалгарчээ.

2. “Сурагчид” ангиллын нэгдүгээр байрт Монгол Улсын Консерватор VIII ангийн сурагч А.Сарнай, хоёрт, Булган аймгийн Рашаант сумын IX ангийн сурагч Б.Нямсүрэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын XI ангийн сурагч Х.Уугантуяа нар шалгарчээ. Харин гуравт, Баянгол дүүргийн “Хүрээ тулга” сургуулийн X ангийн сурагч Г.Пүрэвсүрэн, Төв аймгийн Заамар сумын “Шижир алт” сургуулийн VII ангийн сурагч Мөнх-Орших нар шалгарлаа.

3. “Насанд хүрэгчид” ангиллын нэгдүгээр байрт, Шашны дээд сургуулийн оюутан Н.Балжинням, хоёр, СЭЗИС-ийн оюутан М.Данзанпэрэнлэй, гуравт, ХУИС-ийн Д.Урансолонго нар шалгарсан байна.

4. “Мэргэжлийн багш нар” ангилалд Хөвсгөл аймгийн “Титэм” сургуулийн багш О.Оюунтунгалаг нэгдүгээр байрт шалгарсан бол хоёрт, мөн аймгийн “Эрдмийн далай” сургуулийн багш Б.Анхбаяр шалгарав. Харин гуравт, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн багш Э.Сүрэнчулуун нар шалгарлаа.

5. “Сайхан бичигтэн анги” ангилалд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “Эрдмийн ундраа” ахлах сургуулийн багш О.Болормаа нэгдүгээр байр, хоёрт, Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуулийн багш Б.Отгонсүрэн, гуравт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын багш Б.Мөнхцэцэг нар шалгарчээ.

6. “Уран бичлэг” ангиллын нэгдүгээр байрт Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн багш П.Батболор, хоёт, чөлөөт уран бүтээлч Ц.Бямбажав, гуравт, АЕГ-ын ажилтан Ч.Бямбадолгор нар шалгарлаа.

7. Бичвэрийн бус бүтээл ангилалд Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын багш Ж.Гэрэлмаа нэгдүгээр байрт, хоёрт Дундговь аймгийн Сайнцагаан сумаас оролцогч Б.Мөнх-Эрдэнэ нар шалгарав.

Categories
мэдээ нийгэм

Ус нэвтэрдэггүй гутал үйлдвэрлэжээ

Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Армоно” корпорацийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Оюун ус нэвтэрдэггүй гутал үйлдвэрлэсэн байна. Тэрбээр хонины арьсыг боловсруулан, импортыг орлох хөдөлмөр хамгааллын зориулалттай ажлын гутал үйлдвэрлэсэн нь ижил төрлийн гутлаас давуу талтай болжээ. Уг гутал нь шинэлэг санаа, үйлдвэрлэлийн чанараараа инновацийн шилдэг бүтээлээр шалгарсан байна.