Categories
мэдээ нийгэм

Автомашины хучлаганы хулгайчдыг баривчилжээ

Машины хучлага зурган илэрцүүдИргэдийн гар утас, автомашины хучлага болон бусад зүйлийг хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн харьяат Э нь Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух Ц-ийн “Vingroud” автомашины хучлагыг хулгайлан авч явж байсныг цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа илрүүлжээ. Уг үйлдлийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

“Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах хашаанд ил байсан автомашины хучлага алдагдсан байна” гэсэн мэдээлэл тус дүүргийн иргэн Л.Б-ээс Сонгинохайрхан дүүрэг цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

Хан-Уул дүүргийн аравдугаар хороо “Буянт-Ухаа-2” хорооллын байрны гаднаас автомашины хучлага алдагдсан хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд оршин суух Д нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлджээ.

Мөн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид автомашины эд анги хулгайлсан хэргийг, НЦГ-ын хэлстийн алба хаагч халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэн үүргээ амжилттай гүйцэтгэн ажилласан байна.

Иймд иргэдийг ил задгай талбайд машинаа орхихдоо орчны гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, камертай орчинд орхиж байх. Ийм боломжгүй тохиолдолд машиндаа дохиоллын систем суулгахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Түүнчлэн цагаан сарын баяр дөхөхөөр баярын идээ шүүс болох бууз, банш, ууц, өвчүүний хулгай нэмэгддэг. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрийн өмч хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулах, гэр орноо эзэнгүй орхиж буй бол хөршдөө захиж үлдээх, гэрийн цоож цуургаа сайжруулах, гарахдаа цонх, хаалганыхаа түгжээг шалгаж болзошгүй хулгайн гэмт хэргээс сэрэмжлэхийг анхааруулъя.

Categories
гадаад мэдээ

“Амьсгал хураасан” эр дахин амилжээ

spainИспанийн хойд хэсэгт орших Астур мужийн шоронд хоригдож байсан Гонсало Монтойя Хименес гэх эр хэдэн цагийн турш ухаан ороогүй бөгөөд гурван эмч үзсэнийхээ дараа “амьсгал хураасан” хэмээн дүгнэж, цогцос хадгалах байр руу шилжүүлжээ.

Цогцсыг гэр бүлийнхэнд нь үзүүлж, задлан шинжилгээ хийхээс хэдхэн цагийн өмнө хоригдол эр ухаан орсон талаар “ВВС” агентлаг мэдээлсэн байна. Эдүгээ Хименес Астур мужийн төв Овьедо хотын нэгэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмч нарын хяналтад байгаа аж.

Испанийн “Telecinco” телевизийн сувгийн мэдээлснээр, тус эмнэлгээс “Өвчтөний бие хөшсөн байхад амьсгал хураасан гэж дүгнэсэн байж магадгүй” гэж мэдэгджээ. Гэвч албан ёсоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа аж. Гурван эмчийн хувьд шоронд ажиллаж байсан бөгөөд хоригдлын биеийг үзэж, амьсгал хураасныг нь тогтоон, цогцос хадгалах газар руу авч явахыг зөвшөөрсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Утаа, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад барилгын автомат, стандартын үйлдвэр ашиглалтад орсон нь том түлхэц болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрэл” ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Байшин үйлдвэрлэх комбинат-1” угсармал бетон хавтангийн үйлдвэр нь 1963 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн зуунд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг барьж байгуулсан түүхтэй юм байна. Энэ үйлдвэрийн барилга 2014 онд хамгийн сүүлийн үеийн Герман технологийг ашигладаг дэлхийн жишиг үйлдвэрүүдийн нэг болж өнгөрсөн арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн юм. Үйлдвэр ингэж шинэчлэгдсэнээр ганцхан угсармал барилга барьдаг байсан бол бүх төрлийн барилга барих хүчин чадалтай болсон байна.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр “Эрэл” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат, “Манай улс дулаахан байдаг таван сард барилга, байшин барьдаг. Өвөл барилгын ажил зогссон хэдий ч энэ зуур банкны зээл, зээлийн хүү нь бодогдож л байдаг. Харин манай үйлдвэр шинэчлэгдсэнээр жилийн дөрвөн улиралд 24 цагаар барилгын бүх төрлийн материал үйлдвэрлэж, барилгаа газар дээр нь угсарна. Ийм үйлдвэр 200 мянган өрхийг утаанаас хялбар салгах боломжтой. Мөн шавар, цемент, шохойн чулуу, арматур зэрэг барилгын бүх түүхий эдээ 100 хувь дотоодын үйлдвэрлэгчдээс авч ашиглана” гэсэн юм.

Мөн энэ үйлдвэр нь шууд эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа учраас барилга барих явцад гар аргаар хийгддэг цагаан хөөс, шавар, замаск зэрэг нэмүү өртгүүдийг хэмнэхээс гадна барилгын явцад нэмэгдэж болзошгүй байдаг барилгын материалын худалдааны үнийн хэлбэлзэл зэрэг хөндлөнгийн хүчин зүйлс нөлөөлөхгүй юм байна.

Ингэснээр нэг метр квадратыг 1-1.2 сая төгрөгөөр зарж, борлуулах боломжтой юм байна. Түүнчлэн бөөнөөр үйлдвэрлэж эхэлбэл, одоогийн тооцоолж байгаа үнэ буурах боломжтой талаар үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа “Иргэдийг орон сууцжуулах замаар утааны асуудал, ажилгүйдэл, ядуурлаа шийднэ. Ийм автомат, стандартын үйлдвэр ашиглалтад орсон нь том алхам гэж бодож байна. Харин үүнийг хэрхэн ажил болгох талаарх асуудлаа Улаанбаатар хотын засаг захиргаа, Засгийн газарт танилцуулах хэрэгтэй. Богино хугацаанд барилга, байшин барьдаг, үнэ өртөг нь бага гэдгээ мөн танилцуулах хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод агаарын бохирдол, утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ утаа, агаарын бохирдлоос иргэдийг богино хугацаанд орон сууцжуулж байж л сална. Нэг метр квадрат нь 1.2 сая, олноор үйлдвэрлэх бол цаашид ч буурах боломжтой юм байна. Маш сайхан үйлдвэр байна. Цаашид дэмжиж ажиллана” гэлээ.



Categories
мэдээ нийгэм

Цахлай төсөл Баянзүрх дүүрэгт хэрэгжинэ

Баянзүрх дүүрэг хүүхдийн сайн сайхны төлөөх ажлын хүрээнд “Цахлай” хүүхэд хамгааллын төсөлтэй хамтран ажиллахаар болж, санамж бичгийг үзэглэжээ.

Тус дүүрэг хүүхдийн төлөөх бүхий л санал санаачилга, төсөл хөтөлбөрийг дэмжин ажилладаг. Энэ хүрээнд тус төсөлтэй хамтран ажиллах болсон бөгөөд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, дүүрэг дэх Цагдаагийн I,II,III хэлтсийн удирдлагууд болон ‘’Цахлай’’ хүүхэд хамгааллын төслийн удирдагч С.Батсайхан нар санамж бичиг байгуулах ёслолд оролцсон юм.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар, Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг биет болон биет бус халдлагаас хамгаалах, болзошгүй эрсдэл, гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэх ажилд дүүргийн цагдаагийн байгууллага болон сургууль, хорооны нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллах юм.

“Цахлай” төсөл нь хүүхэд хамгааллын салбарт үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, хүүхдийг биет бус халдлагаас хамгаалах зорилгоор хүүхэд өсвөр үеийнхний дунд цахим орчин дахь зохистой хэрэглээг бий болгох, тэднийг баталгаат эерэг мэдээ мэдээллээр хангах цахим сайт, гар утасны аппликейшныг ажиллуулж байна. Түүнчлэн хүүхдийн интернет хэрэглээнд эцэг эхчүүд хяналт тавих боломжийг технологийн түвшинд шийдвэрлэхээр зорьж байна. Хоёрдугаарт, хүүхдийг биет халдлага буюу хулгай, дээрмийн гэмт хэрэг цаашлаад төөрөх, алга болох зэрэг эрсдэлээс хамгаалах зорилгоор хүүхдийн байршил тогтоох системийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ба энэхүү үйлчилгээ нь эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах эерэг үр дүнтэй ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Утаагүй Улаанбаатар” форум болно

Холбоотой Зураг

“Блүүмбэрг ТВ Монголиа”-гаас санаачлан Барилга, хот байгуулалтын яам, МИК-тай хамтран “Утаагүй Улаанбаатар” форум зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 10-ны өдрийн лхагва гаригт “Блү скай” зочид буудалд эхлэх тус форумаар “Орон сууц-цэвэр агаар”, “Орон сууц-зах зээл”, “Орон сууц-тогтвортой санхүүжилт” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.

Форумын эхний хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Агаарын бохирдол бууруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, эдийн засагч Ч.Хашчулуун, Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Ж.Батбаяр, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжил хариуцсан орлогч дарга П.Баярхүү нар оролцох юм байна. Дараагийн хэлэлцүүлгүүдэд Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголын барилгачдын холбооны төлөөллүүд оролцох ажээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалын зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн айлчлалын үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын Бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө. Түүнчлэн БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Шилдэг арван зургаан бөхийн халз барилдаан болно

Холбоотой ЗурагЭнэ сарын 20-нд “АСА” циркэд улсын цолтой, шилдэг арван зургаан бөхийн халз барилдаан болох юм байна. Тус барилдаан сугалаагаар явагдах бөгөөд нэг бөх гурван өөр бөхтэй барилдах ажээ.

Шилдэг бөхчүүдийн барилдааны нэг даваа нэг сая төгрөг бөгөөд гурав давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаж, давсан нь гурван сая төгрөг авах юм байна. Одоогоор “Шилдэг 16” бөхийн халз барилдаанд орох бөхчүүдийн нэрс тодроогүй байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Францын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болно

Энэ сарын 12-ны өдөр Монгол, Францын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болох гэж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсакийг хүлээн авч уулзан энэ талаар ярилцав.

Зөвлөлдөх уулзалтын бэлтгэл бүрэн хангагдсан. Францын тал, тэр дундаа Монгол Улсад тууштай үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг аж ахуйн нэгжүүд энэ уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байгааг Элчин сайд тэмдэглэлээ. Худалдаа, эдийн засаг болон бусад асуудлаар ярилцах энэ уулзалтаас тодорхой үр дүн гарна гэдэгт итгэж байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийлэв.

Талууд хөдөө аж ахуй, мал аж ахуй, археологи, боловсрол, аялал жуулчлал, төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, уран, хиймэл дагуулын чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Г:Баасан: АТГ-ын дарга Улаанбаатар төмөр замын асуудлыг чимээгүй орхи гэж хэлж байсан

Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс АТГ-н дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулсан хэмээн хэвлэлийн хурал зохион байгууллаа.

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Бид авлигыг таслан зогсоох зарчим баримтлан ажиллаж байгаа. Олон нийтийн зөвлөл өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа хуралдаж, хууль хяналтын байгууллагынхантай уулзаж, хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа. УИХ, Ерөнхийлөгчид авлигын эсрэг зөвлөмж хүргүүлсэн.

Мөн 102 иргэн ОНЗ-ийн төлөөлөлтэй биечлэн уулзсан. Бид 2018 оныг гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан. Олон нийтийн зөвлөлд ирүүлсэн иргэдийн саналаас АТГ-т дөчин гурван гомдол оруулж, үүнээс гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гурван хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. УБТЗ-ын гурван ажилтныг ажлаас нь халсан зэрэг хэрэг юм. Одоогоор бүрэн шийдэгдээгүй 15 хэрэг байгаа. Өмнө нь АТГ-т асуудлаа тавиад хариу авчихсан байсан таван гомдол байсан. Азийн сангийн 2016 оны судалгаагаар нэр хаяггүй АТГ-т гомдол хүсэлт гаргах хүсэлтэй гэдэг асуултад иргэдийг далан хувь нь тийм гэсэн хариулт өгсөн байна. Тэгэхээр иргэдийн дийлэнх нь авлигын эсрэг гомдол гаргахдаа нэр хаягаа тавихыг хүсэхгүй байгаа юм. Төмөр замтай холбоотой асуудлыг чимээгүй орхи гэж хүртэл надад хэлсэн. ШУТИС-ийн оюутнуудын төлбөрөөс 3-4 тэрбум төгрөг завшсан гээд өөр бусад 23 баримт бидэнд байгаа ч АТГ-т хүргүүлээгүй л байна. Х.Энхжаргал гэдэг хүнийг солиогүй цагт АТГ-т юу ч хүргүүлээд нэмэргүй. Х.Энхжаргал 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдын дотнын найз. Тиймээс Х.Энхжаргалыг огцруулах саналыг бид өнөөдрийн хурлаар дэвшүүлж байна. Авлигын эсрэг хууль, эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ёстой” гэв

Categories
мэдээ нийгэм

Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөл хуралдлаа

Төрийн үйл ажиллагааг иргэн төвтэй болгож, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн хэрэглээнд нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.

Бодлогын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж төрийн цахим мэдээлэл солилцооны “Хур” систем ашиглах, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Өнөөдрийн байдлаар Үндэсний дата төв, сумдын шилэн кабелийн сүлжээ, иргэний цахим үнэмлэх, 11 11 төв, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, ТҮЦ машин, төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем бий болсон. Үүний дүнд мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан төрийн бүх үйлчилгээг иргэдэд цахим, нэг цонхны хэлбэрээр үзүүлэх суурь бүрдээд байна.

Цахим засгийг хөгжүүлснээр иргэд төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран энгийн хялбар хэлбэрээр авах юм. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж энэ хэрээр авилга, хүнд суртал багасан, ил тод байдал сайжирна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.