Categories
мэдээ спорт

Парисын “Их дуулга”-д оролцох жүдочид тодорлоо

Зураг

Монголын жүдочдын энэ оны анхны олон улсын тэмцээн болох Парисын “Их дуулга”-д хүчээ сорих тамирчдын нэрс тодорлоо.

Энэ удаагийн тэмцээнд 40 улсын жүдочид Францад цуглахаар мэдүүлгээ ирүүлжээ. Монголын шигшээ жүдо бөхийн спортоор дэлхийд чансаагаараа тэргүүлэгч орны нэгд зүй ёсоор ордог. Манай баг тамирчдын бүрэлдхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Б.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү 73 кг-д Н.Хадбаатар, Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн 90 кг-д, Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар барилдана.

Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг, Б.Хорлоо, 52 кг-д Б.Хорлоодой, Ч.Аззаяа, 57кг-д Д.Сумъяа, Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, +78 кг-д Э.Гандиймаа тус тус хүч, ур чадвараа сорих юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-ийн эсрэг худал мэдээлэл тараахаа зогсоохгүй бол нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана гэв

Өнөөдөр Авлигатай Тэмцэх Газраас Г.Баасан тэргүүтэй хүмүүс худал мэдээлэл тараасантай холбогдуулан мэдээлэл хийв. Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Г.Баасан нарын хүмүүс манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, удаа дараа худал, ташаа илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж байгааг няцааж байна.

АТГ хаалттай байна, дарга нь Олон нийтээс зугтдаг гэсэн мэдээлэл байна. Зүгээр хаалга, үүд цоожилсноор хүлээж авч болохгүй байх. АТГ-ын дарга цаг тухай бүрт нь холбогдох хүмүүстэй уулздаг байсан. Арванхоёрдугаар сарын 29-нд Г.Баасантай уулзсан. Тэдний ярьсан бүх зүйл бичлэг болж үлдсэн байгаа.

Төсвийн талаар асуудал яригдаж байна. 9 тэрбумаар юу ч хийгээгүй байж 16 тэрбумын төсвөөр шагнагдлаа гэж байна. АТГ-ын төсөв 2014 онд 15.4 тэрбум төгрөг байсан. 2018 онд 14.8 тэрбумаар батлагдсан. Оны сүүлээр бид ямар нэгэн урамшуулал аваагүй.

АТГ-ын хүлээсэн үндсэн чиг үүрэг нь олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах байдаг. Гэтэл зарим хүмүүс АТГ-ын талаар худал мэдээлэл тарааж байгаа нь олон нийтийг АТГ-д итгэх итгэлийг алдагдуулж байна.

Ямар эрх ашгийн төлөө ийм мэдээлэл хийж яваад байгааг ойлгохгүй байна. Тийм учраас АТГ-аас байгууллагын эсрэг худал мэдээлэл тараахаа зогсоохгүй бол цаашид нэр төрөө сэргээлгэхээр Монгол Улсын дээд шүүхэд хандахаа мэдэгдэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Консерваторын элсэлт эхэллээ

Энэ сарын 8-нд Монгол Улсын Консерватор буюу хуучин Хөгжим бүжгийн коллеж элсэлтээ авч эхэллээ. Тус сургууль нь хүүхэд багачуудад үнэ төлбөргүй хөгжмийн боловсрол олгодог юм. Монгол Улсын Консерваторт элсэгчид эцэг эхийн иргэний үнэмлэх/асран хамгаалагчийн/ өөрийн төрсний гэрчилгээ болон элсэлтийн хураамж 10000 төгрөг төлөх аж.

Тус сургууль 2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид /2012 онд төрсөн хүүхдүүдийг/ Сонгодог хөгжим, Төгөлдөр хуур, Хийл, Морин хийл /Виолончель/ хөгжмийн мэргэжлээр тус тус элсэлт авч байна.

-ЗУРГАА БОЛОН НАЙМДУГААР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЕ-

-Зургаадугаар ангид /одоо тавдугаар ангид сурч байгаа сурагчид/

Үндэсний хөгжим: Морин хуур, Хуучир, Их хуур, Ятга, Шанз, Ёочин, Эвэр бүрээ, Ардын бишгүүр, Баялаг бишгүүр, Лимбэ хөгжмүүд,

Үлээвэр хөгжмөөр: Флейт, Гобой, Кларнет, Фагот, Труба, Валторн, Саксафон, Тромбон, туба хөгжмүүд,

Мөн Цохивор хөгжмийн мэргэжил, Контрбасс хөгжмийн мэргэжил, Сонгодог бүжгийн мэргэжлээр тус тус элсэлт авч байна.

-Наймдугаар ангид/ одоо долоодугаар ангид сурч байгаа сурагчид/
Ардын бүжиг, Циркийн мэргэжлээр тус тус элсэлт авна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулна

Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал. Монгол улсын хэмжээнд 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 94%, 12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 84 % байна. Монголын хүн ам тэр дундаа хүүхэд, өсвөр үеийн дунд шүдний өвчлөл асуудал болоод байна. Тэр дундаа хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчлөлүүд, амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болдогийг эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтэнүүд анхааруулсаар байдаг.

Эрүүл мэндийн мэндийн яамнаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулан “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Японы Токушима, Монголын эрүүл мэндийн хамтын солилцооны нийгэмлэг, Монголын шүдний мэргэжилтний холбоо хамтран Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн хүүхэд, эцэг, эхчүүдэд шүд цоорох өвчнөөс хэрхэн сэргийлэх, хүүхдийнхээ шүдийг яаж зөв угаах талаар япон, монгол эмч нар зөвлөгөө өглөө. Тус цэцэрлэгийн 2-5 насны 500 гаруй хүүхдийг “Монгол хүүхдүүдийн шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх” төслийн хүрээнд сургалтад хамруулсан. Цаашид Япон эмч нар гурван сард нэг удаа монголд ирж, эдгээр хүүхдийн шүд эрүүл байна уу, эцэг, эхчүүд нь урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарч байгаад санаа тавих юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үйл ажиллагаанд оролцох үеэрээ амны хөндийн эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ. Тэрээр шүд цоорох, амны хөндийн эрүүл мэнд нь хоол хүнснээс шууд хамааралтай. Мөн эрүүл зөв хоололт маш чухал. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүн өөрөө сайтар шүдээ угааж хэвшихэд болно. Тухайлбал япончууд өдөр 2-3 удаа шүдээ угаадаг. Угаахдаа маш зөв угааж, шүдээ хамгаалдаг. Тиймээс бид амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж, дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалтай болгох зорилгоор “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд цагаан идээний хэрэглээгээ нэмэгдүүлэхийг уриаллаа

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Өгөөж, Үлэмж органик, Сүү ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэрээ иргэдийн язгуур эрх ашгийг хөндөж буй хүнсний аюулгүй байдaл, хүүхэд, өсвөр залуу үе, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах цогц бодлогын хүрээнд үндэсний уламжлалт хүнс цагаан идээгээ тогтмол хэрэглэж хэвшихийг уриаллаа. Тэрээр “Хүнсний аюулгүй байдал бол Монгол хүний аюулгүй байдлын номер нэг асуудал. Статистик мэдээнээс үзэхэд, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтдээс асуугаад үзэхэд манай улсад бага насны хүүхдийн шүдний цооролт өвчин 78 орчим хувьтай байна гэж байгаа. 2012 онд зөвхөн 12 настай хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар 94 хувь нь шүдний цооролт өвчтэй байсан. “Энэ бол хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалж байна. Чихэр, хийжүүлсэн ундаанаас шалтгаалж байна” гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байгаа. Үүн дээр бид төрийн бодлого гаргах ёстой. Мөн хүүхдийн илүүдэл жингийн асуудал яригдаж байгаа. Хүүхдийн илүүдэл жинг бууруулна гэхээр бас л хүнсний асуудалтай холбогдож байгаа. Бид импортоор орж ирж байгаа чихэрлэг бүтээгдэхүүнийг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих ёстой гэж үзэж байгаа. Гаалийн байгууллагын сүүлийн таван жилийн мэдээллээр бол жилд дунджаар 21.3 сая ам.доллар буюу 10.6 мянган тонн чихэр болон чихрэн бүтээгдэхүүн импортоор орж ирсэн байна. Импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийг дотооддоо хийх хэмжээнд хүрчихсэн байгаа. Энэ нь улс орны эдийн засаг, үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдэх, иргэдээ аюулгүй хүнсээр хангах талаасаа чухал ач холбогдолтой. Бид иргэдийн эрүүл мэндтэй холбоотой хуулиудыг хэлэлцэхдээ нэлээд анхааралтай байх ёстой гэж бодож байна.

Статистик мэдээнээс үзэхэд, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтдээс асуугаад үзэхэд манай улсад бага насны хүүхдийн шүдний цооролт өвчин 78 орчим хувьтай байна гэж байгаа. 2012 онд зөвхөн 12 настай хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар 94 хувь нь шүдний цооролт өвчтэй байсан. “Энэ бол хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалж байна. Чихэр, хийжүүлсэн ундаанаас шалтгаалж байна” гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байгаа.

Сар гаруйн дараа Цагаан сарын баяр болно. Монголчууд уламжлалт энэ баяраараа идээ будаагаа эрхэмлэн дээдэлдэг. Энэ хэрээрээ сүү цагаан идээгээ эрхэмлэн дээдэлдэг. Цагаан идээгээ зөвхөн Цагаан сараар биш тогтмол хэрэглэдэг болох тухай уриалгыг УИХ-ын даргынхаа хувиар гаргая гэж бодож байгаа. Гаргасан уриалгыг хэрэгжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагууд, үйлдвэр, аж ахуй, бизнесын байгууллагууд яаж ажиллах гэдэг нь чухал. Хамгийн наад зах нь Засгийн газар юу хийх вэ гэдгээс их зүйл шалтгаална. Бид Мах, сүүний аяныг хэрэгжүүлж бодит ажил болгоно гэж амлаж гарч ирсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ зорилт туссан, хөтөлбөр төлөвлөгөө нь гарсан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрүүд тодорхой ажил санаачлан хийх боломжтой. Үүн дээр төрөөс ямар дэмжлэг үзүүлэх ёстойг сонсч байгаа. Бид 10 гаруй жилийн өмнө улаанбуудайнд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсанаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсон. 130 мянган тонн улаанбуудай хураадаг байсан бол хэдхээн жилийн дотор 400 гаруй мянган тонн болж нэмэгдсэн. Гадагшаа экспортлох боломжтой болсон. Тиймээс хүнсний үйлдвэрүүд миний уриалгыг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэлмэгдэгсдийн хүүхдүүдэд орон сууц болон мөнгөн нөхөн олговор олгоно

ЗурагУИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тагнуулын ерөнхий газрын бүрэн бус мэдээгээр 1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт 36 мянга орчим хүн хэлмэгдсэн гэдэг бөгөөд 1939 оноос өнөөг хүртэл нийт 31208 хүн цагаатгагдсаны 28256 нь улсын комисс байгуулагдсанаас хойшхи хугацаанд цагаатгагджээ. Нийт цагаатгагдсан иргэдийн 20637 нь буудан алах, 8032 нь хорих ял, 43 нь тэнсэн харгалзах, 5 нь торгох ялаар шийтгүүлсэн байдаг бол 569 хүн хоригдож, мөрдөгдөж байх хугацаандаа суллагдсан, 124 нь шоронд нас барсан, 1593 хүний ял тодорхойгүй, 205 нь нам захиргааны байгууллагын шийдвэрээр ажил албан тушаалаасаа халагдаж, нутаг заагдан цөлөгдөх шийтгэл хүлээсэн байдаг.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 18 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүлийнхэн 18178 иргэнд 16 тэрбум 400 сая төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хүний гэр бүлийн хүнд 153 иргэнд орон сууц, 204-д нь орон сууц орлосон хэмжээний мөнгөн олговор олгоод байна.

Өнөөдрийн байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгсдийн төрсөн хүүхэд 400 орчим байна. Эдгээр хүүхдүүд нь бага насандаа өнчрөн, эцэг эх нь хөрөнгөө хураалгаж, сургуульд орох боломж нь хязгаарлагдах, тэтгэвэр тэтгэмж нь багаар тогтоогдох зэрэг багагүй хохирол хүлээжээ. Эдгээр иргэдийн тоо цаашид төдийлөн нэмэгдэхгүй учир хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгсдийн төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр 1 удаагийн нэмэлт нөхөн олговор олгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө орон сууц, түүнийг орлосон мөнгөн олговор авсан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, түүний гэр бүл, хүүхэд, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, ач, зээ нарт нэмэлт нөхөх олговор олгох заалт хамаарагдахгүйгээс гадна нөхөх олговрыг хэлмэгдэгсэд, түүний эхнэр гэр бүл, хүүхдэд давхардуулахгүйгээр олгох учир улсын төсөвт их хэмжээний дарамт учруулахгүй хэмээн үзэж буй.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд өнгөрсөн оны сүүлчээр өргөн барьсан. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад 100 хувийн дэмжлэг авсан тул чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ.

Categories
гадаад мэдээ

Сахарын цөлд 40 хүртэл сантиметрийн зузаан цас оржээ

ЗурагСахарын цөлд орших нэгэн хотод өнгөрөгч долоо хоногийн ням гарагийн өглөө 16 инч буюу 40 хүртэлх см-ийн зузаан цас оржээ.

Их Британийн “Дэйли Мэйл” өдөр тутмын сонины даваа гарагийн дугаарт бичсэнээр, Сахарын цөлд орших Алжирын Айн Сефра хотод сүүлийн 37 жилийн хугацаанд гурав дахь удаагаа цас орсон байна.

Тус хотын төвд 1-2 инч буюу 5-6 см-ийн зузаан цас орж, хотын захын элсэн манхнууд цасан бүрхүүлтэй болжээ. Зарим газраа цасны зузаан нь 40 см хүрсэн байсан аж.

Гэрэл зурагчин Карим Бучеттата ярихдаа “Өглөө босоход цас орсон байхыг хараад бид үнэхээр гайхаж, баярлацгаасан. Ням гарагт өдөржингөө цастай байсан. Цас үдээс хойш 05:00 цагаас хайлж эхэлсэн” гэжээ.

“Цөлийн хаалга” гэгддэг тус хотод үүнээс өмнө 2016 оны Зул сарын баярын дараахан цас орж байжээ. Мөн өнгөрсөн оны нэгдүгээр сард тус хотод дахин цас орж, хүүхэд багачууд цасан хүн хийж, тэр ч байтугай цасаар хучигдсан элсэн манхан дээр цана чаргаар гулгаж тоглож байсан гэнэ.

2016 оноос өмнө гэвэл хамгийн сүүлд 1979 оны хоёрдугаар сарын 18-нд Айн Сефра хотод ердөө хагас цаг орчим цас орж байжээ.

Айн Сефра хот нь далайн түвшнээс дээш 999 м өндөрт оршдог гэнэ. Хэдийгээр өндөрлөг газарт оршдог боловч тус хотод цас орох нь тун ховор бөгөөд нэгдүгээр сард дунджаар Цельсийн 6-12 градус дулаан байдаг аж.

Сахар нь Умард Африкийн дийлэнх хэсгийг хамран оршдог, дэлхийд халуунаараа нэгдүгээрт, хэмжээгээрээ гуравдугаарт ордог цөл юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Номуундарь охины өмгөөлөгч хэвлэлийн хурал хийнэ

Г.Номуундарь охины өмгөөлөгч Р.Булгамаа, О.Чулуунцэцэг нар болон хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагууд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал маргааш 12:00 цагаас “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д болно. Сэтгүүлчид та бүхэн ирж мэдээ, сурвалжлага бэлтгэнэ үү.

Холбогдох утас: 99112954

98984536

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн иргэнийг 100.000 төгрөгөөр торгоно

Холбоотой ЗурагСэлэнгэ аймгийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2018 оны бүртгэл энэ сарын 02-ны өдрөөс эхлэн явагдаж байна.

Тус бүртгэл энэ сарын 15-ны өдрийг дуустал зохион байгуулагдах бөгөөд харъяалагдах багтаа очиж бүртгүүлэх юм. Бүртгэлийн журам зөрчсөн иргэн Зөрчлийн тухай хуулийн 15.17.3-д заасны дагуу 100.000 төгрөгөөр торгуулах арга хэмжээ авахуулах ажээ.

Энэ жил Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрхзүйн тухай хууль гэсэн хоёр шинэ хуулийг баталсан аж. Энэхүү шинэ хуулиар цэргийн бүртгэлийг явуулж байгаа гэнэ. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй баг дээрээ очиж цэргийн тоо бүртгэлд хамрагдах ёстой аж. Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлэх юм байна. Тус бүртгэлийг харъяа багийн Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд өглөө 09:00 цагаас орой 20:00, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд хийж байгаа бөгөөд цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирэх, мөн цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэсэн байх ёстой ажээ. Түүнчлэн цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд мөн цэргийн бүртгэлд бүртгүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ойрын 14 хоногт шатахууны үнэ нэмэгдэхгүй

Холбоотой Зураг

Өнөөдөр УУХҮЯаманд шатахууны Үнийн зөвлөл хуралдсан. Хуралдаанаар шатахууны үнийг хэдэн төгрөгт барих, цаашид ямар арга хэмжээ авах талаар нэгдсэн шийдвэр гаргах байхсан. Тэгвэл зөвлөлийн хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхлэн хуралдсан боловч үнэ нэмэх асуудал дээр ямар нэгэн шийдэлд хүрээгүй ажээ. Харин шатахуун импортлогч компаниуд үнэ нэмсэн эсэхийг судлах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг 14 хоног шатахууны үнийн нэмэгдлийн судалгааг явуулж, Үнийн зөвлөлд танилцуулна. 14 хоногийн хугацаанд шатахууны үнийг ямар нэгэн байдлаар нэмэхгүй гэж төр, хувийн хэвшлийн төлөөллүүд харилцан тохиролцоонд хүрчээ.