Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга М.Энхболд сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихийг уриаллаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Өгөөж-Чихэр боов”, “Үлэмж органик” ХХК, “Сүү” ХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр (2018.01.09) танилцлаа.

Хүнсний бүтээгдэхүүний болон үндэсний үйлдвэрлэлийн талаарх төрийн бодлого, хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, уламжлалт цагаан идээний нэр төрөл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл инноваци, дэвшилт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээрх төрийн бодлогод үйлдвэрлэгчдийн саналыг тусгах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсан юм.

Монгол Улсын хүнсний ууган, манлай үйлдвэрүүд болох “Өгөөж-Чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, “Үлэмж органик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Цогтбуян нар үйлдвэрлэлийнхээ өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар УИХ-ын даргад товч танилцуулав.

“Өгөөж-Чихэр боов” ХХК 1958 онд байгуулагдсан, 450-иад ажиллагсадтай, 150 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хоногт 40 тонныг үйлдвэрлэдэг бол “Сүү” ХК мөн 1958 онд байгуулагдсан, хоногт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтай, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Тус компани салбар 3 үйлдвэртэй, 5 аймгийн 2500 гаруй малчны бүлгээс газар дээрээс нь сүү авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм байна. 2010 оноос сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн харьцангуй залуу үйлдвэр “Үлэмж органик” ХХК-ийн хувьд тараг, ааруул, аарц, ээдэм, хайлмаг, зөөхий зэрэг ямар нэг консервант, амт үнэр сайжруулагч химийн бодис агуулаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна.

Тэдгээр компанийнхан үндэсний үйлдвэрүүдээ татварын бодлогоор дэмжих, зарим хөнгөлөлт үзүүлэх, өндөр ашиг шимт эрчимжсэн мал аж ахуйд шаардлагатай тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улаан буудайн урамшуулалтай адилаар сүүнд урамшуулал олгох, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй задгай сүүний борлуулалтыг хориглох, дунд сургуулийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэлийн сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх зэрэг саналыг тавилаа.

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-аар “Хүнсний тухай”, “Баяжуулсан хүнсний тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэж батлахаар төлөвлөж байна. Эдгээр хуульд үйлдвэрлэгчид та бүхний санал чухал тул УИХ-ын холбогдох Байнгын хороод, Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, саналаа илэрхийлэн, идэвхтэй оролцоорой гэв.

Тэрбээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа олон асуудал бий. Тэдний нэг нь хүнсний бүтээгдэхүүний стандарт, зохистой хэрэглээ юм. Тиймээс эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Хүнсний хэрэглээнээс шалтгаалсан, сэтгэл зовоосон асуудлууд ялангуяа хүүхэд, багачуудын дунд түгээмэл болж байна. Тухайлбал, бага насны хүүхдийн таргалалт, шүдний цооролт өвчнийг энд дурдаж болно. Өчигдөр уулзсан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүдийн мэдээллээр Монгол Улс 37 орныг хамарсан бүс нутагтаа хүүхдийн хэт таргалалтын үзүүлэлтээр 2-р байранд орж байна. “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд 2012 онд хийсэн судалгаагаар шүдний өвчний тархалт 12 настнуудын хувьд 94 хувьтай байсан.

Ийм байдалд хүргэж байгаа нэг гол шалтгаан нь хэт чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундааны хэрэглээтэй холбоотой байна. Гаалийн ерөнхий газрын 2012-2017 оны мэдээгээр жилд дунджаар 21.3 сая ам.долларын үнэ бүхий 10.6 мянган тонн хатуу чихэр, чихэр орлуулагчаар хийсэн амттаныг импортоор авч хэрэглэжээ.

Тиймээс хэт чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээг бууруулж, сүү, цагаан идээгээ түлхүү хэрэглэж хэвших чиглэлд төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай байна” гэж тэмдэглэв.

Төгсгөлд нь тэрбээр “УИХ-ын даргын хувьд иргэдийн язгуур эрх ашгийг хөндөж буй хүнсний аюулгүй байдaл, хүүхэд, өсвөр залуу үе, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах цогц бодлогын хүрээнд үндэсний уламжлалт цагаан идээгээ тогтмол хэрэглэж хэвшихийг бүх нийтэд хандан уриалж байна” гэлээ. УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир нар ажиллалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

МҮЭХ-ноос жагсаал зохион байгуулна

МҮЭХ-ны удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлээ. МҮЭХ-ны ерөнхийлөгчийн шуурхай зөвлөлөөс өчигдөр шуурхай шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийн дагуу I сарын 12-ны өдрийн 12-14 цагийн хооронд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийхээр болсон гэж мэдэгдлээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭХ-ны гишүүн байгууллагууд дэмжигчдийн зүгээс эсэргүүцлийн жагсаалыг орон даяар зохион байгуулах шийдвэрийг МҮЭХ-ны ерөнхийлөгчийн зөвлөлөөс өчигдөр гаргасан. Жагсаалын зорилго нь УИХ-аас долоон төрлийн татвар, Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцэж байна. Бид хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийг өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлсэн. Гэвч Ерөнхийлөгчийн сонгууль болохтой зэрэгцэн хэлэцээр түр зогссон байсан ч хэлэлцээрийг 2017.09.13–наасүргэлжлүүлсэн. Хэлэлцээрийн хүрээнд татварын нэмэгдэл тэтгэвэрийн насыг нэмэгдүүлсэн асуудлыг Засгийн газрын түвшинд эргэж харж, оновчтой шийдвэр гаргах талаар ярилцсан. Гэвч хэлэлцээрийн тодорхой заалтууд үр дүнд хүрэхгүй байгаа учир эсэргүүцлийн жагсаал цуглааныг улс орон даяар зохион байгуулна. Жагсаалд урьдчилсан байдлаар 15 мянга гаруй гишүүд оролцоно” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Баярхүү: Гэр хорооллын амьдрах орчинд хувьсал хийсэн жил байх болно

ГЭР ХОРООЛОЛД СЕРВИС ЦЕНТР БУЮУ ДЭД БҮТЦИЙН ТӨВ БАРИХ БОЛОН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

-Улаанбаатар хот дэд бүтцийн чиглэлээр 2018 онд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Дэд бүтцийн чиглэлээр Гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах, авто замын ажлууд, газар чөлөөлөлт, нийтийн тээвэр, бүтээн байгуулалтын ажлууд багагүй хийгдэхээр төлөвлөгөө нь гараад эхнээсээ хэрэгжилт рүүгээ ороод явж байна.

-Агаар, хөрсний бохирдолдоо нийслэл хот баригдаад байна. Энэ асуудлыг шийдэх гарц бол Гэр хорооллоо барилгажуулах гэж харж байна. Нийслэл энэ тал дээр ямар ажлууд хийх вэ?

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт 1.3 сая гаруй иргэдийн 48 гаруй хувь нь тохилог орон сууцанд тохь тухтай амьдарч байгаа бол үлдсэн хувь нь инженерийн шугам сүлжээний хүртээмжгүй гэр хороололд аж төрж байна. Үүнээс үүдэж агаар, хөрсний бохирдол авто зам болон инженерийн хүрэлцээгүй байдал нь гэр хороололд төдийгүй нийслэл хотын хөгжилд сөрөг үр дагаврыг авчирч байна. Тиймээс УИХ-ын тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага”, БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны хамтарсан тушаал, захирамжаар Улаанбаатар хотын гэр хорооллыг утааг гурван бүсэд хуваасантай уялдуулан барилгажилтын төлвөөс хамаарч гурван бүсэд хуваан хөгжүүлэхээр болсон. Үүнд, орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төвийн бүсийн гэр хороолол, хэсэгчилсэн дэд бүтэцтэй Сервис центр бүхий дундын бүсийн гэр хороолол, захын бүсийн гэр хороолол буюу нөхцөл сайжруулах шинэ технологийн бүс гэж гурав хуваасан. Улаанбаатар хот 2018 оныг иргэдийн оролцоотой, амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан хийх нэг ажил нь Сервис центрийн төвүүдийг барих юм.

-Сервис центрийн төвүүд баригдаад ирэхээр хэчнээн айл, өрх хамрагдах боломжтой вэ?

– Гэр хорооллыг агаар, хөрсний бохирдлоос салгах цогц шийдэл бол хэсэгчилсэн дэд бүтцийн төвд холбох буюу Сервис центр. Энэ нь 200-300 өрхийн дунд дулаан, цахилгаан, цэвэр ус, бохирын системээр холбосон инженерийн дэд бүтцийн төв юм. Энэхүү Сервис центр нь дэлхийн олон улс орон ашиглаж буй шийдэл бөгөөд хамгийн оновчтой шийдэл болох нь батлагдаад байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 50 байршилд сервис центр төв барихаар төлөвлөсөн.

Эхний ээлжинд хот өөрийн санхүүжилтээр жишиг болгож Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд сервис центр төв барихаар 2018 оны Нийслэлийн төсөвт таван тэрбум төгрөгийг тавьсан. Одоогийн байдлаар техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) гарсан. Харин ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө хийснээр энэ дөрөвдүгээр сараас барилгын ажилдаа орно. Үүнээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж өмнөх Засгийн газрын үед БНХАУ-ын буцалтгүй тусламжаар олгох хоёр тэрбум юань, гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцэд шаардлагатай байгаа 192 тэрбум төгрөгийн эх үүсвэрүүд нь бүгд шийдчихсэн байгаа. УИХ, Засгийн газар, хот, хариуцсан яамд гээд холбогдох газрууд нэгдсэн бодлогын хүрээнд дээрх ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.

-Сервис центр баригдсанаар гэр хорооллын орчинд ямар өөрчлөлтүүдийг авчирах вэ?

-Өнгөрсөн 10 гаруй жил агаарын бохирдлыг бууруулахад их хэмжээний хөрөнгө зарсан ч бодитой үр дүнд хүрсэнгүй. Сүүлийн жилүүдэд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж ч орон сууцанд иргэдийг хамрууллаа гээд гэр хорооллыг тойрсон асуудлууд буурсангүй. Сервис центр нь гэр хорооллын иргэдэд өөрийн газар дээрээ дэд бүтцэд холбогдсон амины орон сууцанд амьдрах боломжийг нь бүрдүүлж өгч байна. Ингэснээр агаар, хөрсний бохирдлыг бууруулахад бодитой үр дүнд хүрнэ гэж харж байна. Сервис центрт холбогдохын тулд иргэд газраа дахин зохион байгуулалтад оруулж, өөрсдийнхөө газраас хувь нийлүүлж, хорших хэлбэрээр хэсэгчилсэн дэд төв буюу сервис центр барих нийтийн эзэмшлийн зам талбай нийгмийн дэд бүтцэд зориулсан газрыг гаргаж өгнө. Энэхүү Сервис центр нь барьж байгуулах хугацааны хувьд харьцангуй богино буюу 6-8 сар байхаас гадна төвийн шугам сүлжээний өргөтгөл шинэтгэл хийсэн тохиолдолд төвийн шугам сүлжээнд холбож холимог системтэй байх боломжтой юм. Иргэдийн дундаасаа босгосон газар дээр сервис центрийн төвөөс гадна сургууль, цэцэрлэг, авто зам, ногоон байгууламж гээд шаардлагатай тохижилтуудыг төрөөс хийж өгнө. Өөрөөр хэлбэл, хаус хороолол шиг болгоно гэсэн үг. Гэр хорооллын айл өрхүүдэд халуун, хүйтэн ус, дэд бүтцийг нь төрөөс хийгээд өгөхийн зэрэгцээ тэдгээр айлуудад хүлээх үүргийг нь гэрээндээ тусгана. Иймд гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл хэрэгжүүлэх байршлыг иргэдийн оролцоо, хүсэлт дээр тулгуурлан хэрэгжүүлнэ. Сервис центр баригдсанаар иргэдийн хүлээх гол үүрэг бол байрныхаа дулаан алдагдлыг хариуцах ёстой. Сервис центр барьсан тэр бүсэд гэр барихгүй, яндан нэмэхгүй. Ингэснээр бид нэг сервис центр төв дээр гэхэд бодитоор 200-300 яндан, жорлонг байхгүй болгоно. Сервис центр амжилттай хэрэгжсэнээр гэр хорооллын амьдрах орчныг сайжруулсан, эрс шинэчилсэн жил байх болно.

-Гэр хороололд дэд бүтцийг шийдээд өгчихлөө. Иргэдийг ипотекийн зээлд хамруулж амины сууц барихад нь дэмжлэг болох талаар бас яригдаж байгаа. Та энэ тал дээр юу хэлэх бол?

-Одоогийн байдлаар ипотекийн зээлийг зөвхөн орон сууцанд олгож байгаа. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хүрээнд гэр хороололд амины орон сууц барихад ипотекийн зээлийг олгоё гэсэн санал гаргасны дагуу хариуцсан газрууд нь одоо ид ажил болгохоор судалж, ажиллаж байна.

-Түрээсийн орон сууц барьж, улмаар иргэд өмчилж авдаг болно гэж байгаа?

– Орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төвийн бүсийн гэр хороолол бодлогын хүрээнд нийслэл түрээсийн болон орлогод нь нийцсэн орон сууц гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, энэ хавраас барилгын ажил нь эхэлнэ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо буюу Ханын материалд таван га газарт түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг барихаар БНХАУ-ын урт хугацааны зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэнэ. Түрээсийн орон сууц хөтөлбөр нь залуу гэр бүлийг дэмжих, сар бүр тодорхой бага мөнгө төлөөд, 10-15 жилийн хугацаанд өмчилж авах боломжийг бүрдүүлэх юм. Харин орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр нь тухайн хүний орлогод нийцсэн хэмжээ талбайтай, орон сууц худалдаж авсан тухайн газартаа ажлын байр бий болгохыг төрөөс дэмжиж, өөрийн орон сууцтай болох боломжийг бүрдүүлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг ямар байдлаар яаж явуулах вэ гэдэг дээр өнгөрсөн онд бичиг баримт, хууль, дүрэм боловсруулалт дээр ажилласан бол энэ жилээс дээр дурдсан тодорхой ажлуудыг хийнэ.

-Зуун айлын “Ногоон нуур”-т 1000 айлын орон сууц баригдахаар шав тавигдаж байсан. Энэ ажил хэр урагштай байна вэ?

-БНХАУ-ын Ерөнхий сайдын буцалтгүй тусламжаар VII хорооны нутаг дэвсгэр “Ногоон нуур”-ын хойд дэнжид 1008 айлын түрээсийн орон сууц барина. Энэ орон сууц бол газраа чөлөөлсөн 1008 айлын газраар нь шууд солих маягаар орон сууцанд оруулаад үргэлжлэх ажил юм. Энэ нь өмнөх Засгийн газрын үед шийдэгдсэн. Одоо энэ хавраас ажил нь эхлэх төсөл юм. Хот төлөвлөлтийн цоо шинэ төсөл. Өөрөөр хэлбэл, газрыг орон сууцаар солих төсөл. Ингэснээр цаашид газар чөлөөлөлтийн зардал багасна. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 08-ны өдөр БНХАУ-ын Бугат хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян болон бусад албаны төлөөлөгч нартай уулзаж “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлыг явцтай танилцаж, санал солилцлоо. Барилгын ажлыг хавраас эхлүүлнэ.

НАЛАЙХ-ЧОЙРЫН 20.9 КМ ЗАМЫН АЖЛЫГ ЭНЭ ОНДОО ЭХЛҮҮЛНЭ

-Сүүлийн үед хотоос томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэнгүй гэсэн иргэдийн шүүмжлэл бий. 2018 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас ярихгүй юү?

-Улаанбаатар хотын хувьд саяхнаас анх удаа олон түвшний, олон замын огтлолцол бүхий давхар замын гүүртэй болох ажлыг эхлүүлсэн. Хотын хувьд Монгол инженерүүд, компаниудын хүчээр Зүүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажлыг эхлүүлэхээр болсон. Мөн Улаанбаатар хотын их Тойруугийн замыг хийхээр төлөвлөгөөнд тусгасан. Ингэснээр Да хүрээ зах, Шархадны эцсээс Хайлаастаар дамжин шууд Баянхошуу, Зүүн салаа гээд хотын баруун хойд зүгт түгжрэлгүй чөлөөтэй явах боломж бүрдэх юм.

Өнгөрсөн жил Улаанбаатар хотод гүүрэн байгууламжийг шинэчлэх ажлуудыг мөн эхлүүлсэн. Тухайлбал, Сонсголон, Яармаг, Баянзүрхийн гүүрийн шинэчлэлийн ажлыг 2019 он гэхэд дуусгах, Яармагийн гүүрийн ажил 2018 оны эцэс гэхэд дуусахаар төлөвлөсөн. Хот доторх томоохон гүүрэн гарц болох Замын цагдаагийн ойролцоо хийх гүүрийг ирэх зунаас эхлүүлээд 2019 онд дуусгана. Эдгээр ажлыг хийснээр Улаанбаатар хотын нэвтрүүлэх чадварыг нэмэхээс гадна өнгө үзэмжид эерэгээр нөлөөлсөн томоохон ажил болно. Өнгөрсөн хугацаанд дөрвөн том авто замын уулзваруудын нэвтрэх чадварыг дээшлүүлсэн. Энэ жил мөн уулзваруудыг өргөтгөх, шинэчлэх ажлуудыг хийнэ.

-Өнгөрсөн онд эхлүүлнэ гэж байсан Налайх-Чойрын 20. 9 км зам энэ жил эхэлж амжих болов уу. Энэ ажлыг хэзээ эхлэх бол гэсэн иргэдийн хүлээлт байна?

-Улаанбаатар хотоос зүүн тийшээ гарч байгаа гурван дүүрэг, таван аймаг руу явдаг том зам болох Налайх-Чойрын 20.9 км, хоёр эгнээ замыг дөрвөн эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ хавраас эхлүүлэхээр болсон. Өнгөрсөн онд зураг, төсөв, ажил эхлэхтэй холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг шийдвэрлэсэн бол энэ онд барилгын ажил эхэлнэ. Энэ зам тавигдчихвал Улаанбаатар хотын зүүн тийшээ гарах хөдөлгөөний ачааллын даац эрс нэмэгдэнэ. Өнгөрсөн онд нийт 14.1 км авто зам шинээр тавигдсан бол энэ жил шинээр хэд хэдэн замууд тавихаар төлөвлөсөн. Өнгөрсөн онд хийсэн гол ажлуудын нэг нь авто замын мастер төлөвлөгөөтэй боллоо. Өмнө нь нэгдсэн төлөвлөгөө байгаагүй учраас энд тэндгүй ямар ч төлөвлөгдөөгүй замууд тавьдаг байсан бол одоо төлөвлөлттэй зам тавьдаг болно.

ХЭН Ч ДУРААРАА НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ, ТАЛБАЙГ ХААДАГ, ЭЗЭМШДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ. ХОТЫН ДҮРЭМ, ЖУРМАНД ЗАХИРАГДАНА.

-Өнгөрсөн онд нийслэлээс хийж буй ажлуудаас газар чөлөөлөлтийн ажил иргэдэд их хүрсэн. Энэ жил үргэлжлүүлэх үү?

-Энэ жил нийслэлээс хороолол дундын орц, гарцыг чөлөөлөх ажлыг үргэлжүүлэн хийнэ. Өнгөрсөн жил хашаа арга хэмжээ явуулж, орц, гарцаа нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй сайн хийсэн. Автомашины түгжрэлийг бууруулахад нөлөөлөх ажлын нэг бол орц, гарцын тоог нэмэгдүүлэн, явган зорчигч болон автомашин нэвтрэн явах урсгалыг нэмэгдүүлэх байдаг. Хөгжингүй орнуудад 500 метр тутамд гортиг татаад харахад 10-15 гарцтай байдаг гэж тооцдог бол манай улсад 1-5 хүртэлх гарц байна. Бид дүүргүүдийн орц, гарцыг мөн нэмэгдүүлнэ. Улаанбаатар хотод хэн нэгэн дураараа өөрийнхөө эрх ашгийн үүднээс нийтийн эзэмшлийн зам, талбайг хаадаг, эзэмшдэг, ТҮЦ авчирч тавьдаг, өргөтгөл барьдаг асуудлыг таслан зогсоохын төлөө нийслэлийн удирдлагууд ажиллана.

-Тээврийн товчооны орчимд 1000 автомашины зогсоолыг чөлөөлөх багагүй мөргөлдөөнтэй тулгарсан. Нэг хүнээс тохьжилтод 10 сая төгрөг авсан байтал тун удалгүй биднийг яв гэж хөөж байна гэж тэнд байгаа иргэд ярьсан?

-Овоолсон шороо байсан талбайг бетондсон тухай яригддаг. Галт тэрэгний төв буудал буюу вокзалын баруун талд байрлах энэхүү талбайд “Даяар Хас” компани зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, таван жилийн турш чөлөөтэй иргэдээс түрээс нэрээр мөнгө авч, машин тавиулан ашиг олдог байсан. Шүүхийн шийдвэрээр уг зогсоолын үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх талаар өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэл өгч байсан. Түүнээс биш нэг өдрийн өмнө гэнэтхэн нүүх шаардлагыг хүргүүлээгүй гэдгийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хотоос 20 гаруй тэрбум төгрөг зарцуулаад хотын баруун зах руу автомашины цогцолбор төвийг бариад бэлдчихсэн байна. Ямартай ч хотын зүгээс ажлын байрыг нь бий болгож, зориулалтын авто худалдаа эрхлэх орчинг нь бүрдүүлж өгсөн. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр газрыг эзэмшиж буй иргэн, аж ахуй нэгжийн газрын эрхийг нь хүчингүй болгож, газрыг чөлөөлөх ажлыг шат дараатай хийх болно. Бүх нийтийн эрх ашгийн төлөө гаргаж буй төрийн шийдвэрийг ганц, нэг хувь хүмүүсийн хүсэл, сонирхлоор зогсоож болохгүй.

-Автомашины түгжрэлийг бууруулах ямар шийдлийг хотоос хийх вэ. Нийслэлээс зүүн эргэхийг хориглосон шийдвэр гарсан боловч хэрэгжүүлээгүй. Ямар үндэслэлээр ийм шийдвэр гарсан юм бол оо?

-2013 онд анх дугаарын хязгаарлалтын шийдвэр гарах үед Улаанбаатар хот 305 мянган автомашинтай байсан бол одоо 500 гаруй мянган автомашинтай болсон байна. Тэгэхээр дугаарын хязгаарлалт цаашид ачааллыг зохицуулж чадахгүй хэмжээнд очсон гэдгийг харуулж байна. Хотын хувьд зүүн эргэхийг хориглох тухай гаргасан шийдэл бол дэлхийн хотуудын жишгээр блокын систем рүү орох анхны алхам юм. Зүүн эргэх хөдөлгөөний тодорхой хэмжээгээр хориглосноор зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хоорондох хөдөлгөөний ачаалал эрс буурна гэж үзсэн. Учир нь зүүн эргэх авто машинууд нь чигээрээ явах урсгалыг маш ихээр удаашруулдаг. Бусад улс оронд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар явах замын маршрутаа төлөвлөж хөдөлгөөнд оролцдог. Харин манайд бол тийм соёл, дадал хэвшээгүй. Энэ нь ч мөн дээрх шийдвэр хэрэгжүүлэх үеэр харагдаж байсан. Энэ асуудалтай холбоотой төсөв, мөнгө их хэмжээгээр зарцуулсан, идсэн гэх цуу яриа үүссэн. Шалгах газрууд нь шалгаад ямар ч төсөв мөнгө зарцуулаагүй гэдгийг тогтоосон.

Иргэддээ зориулж ЗХУТ-өөс ubtraffic.mn аппликейшныг өнгөрсөн онд хэрэглээнд нэвтрээд явж байна. Ингэснээр жолооч нар явах чиглэлийнхээ зай, хөдөлгөөний ерөнхий байдал, уулзвар, гарцууд дахь түгжрэл, осол саадын мэдээлэл, зам засвар, замын саад, төлбөртэй зогсоолын талаар шууд мэдэх боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой.

Ер нь замын хөдөлгөөнийг системээр нь авч үзэж цэгцлэнэ үү гэхээс биш нэг, хоёрхон уулзвараар шийдэх бололцоогүй юм.

-Иргэдэд газар олголтыг ямар байршилд, яаж олгох вэ. Цахимаар газар олгож байсныг зогсоочихсон байгаа?

-Газар олголт, өмчлөлийг явуулахдаа цахим хэлбэрээр явуулахыг зогсоосон. Учир нь цахим өмчлөлтэй холбоотой маш их гомдол гарсан. Дөнгөж төрсөн хүүхдэд хүртэл газар өмчлөх шийдвэр гаргасан байсан нь эргээд газар өмчлөлийн тухай хуультай зөрчилдсөн. Мөн нэлээд олон хүн цахимаар олгосон газраа цуцлая гэдэг санал ирүүлсэн. Учир нь жалга, гуу, уулын орой гэх мэт хүн амьдрахын аргагүй газруудад цахимаар газар олгосон байсан. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд цахим газар олголтоос үүдсэн хийгээд газрын зөрчилтэй асуудлыг цэгцлэх ажлыг хийлээ. Одоо хуучнаараа буюу иргэдийн хүсэлт гаргасны дагуу газар олгох хэлбэрээр газар олголт хийж байна.

-Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа. Ямар гол өөрчлөлтүүд орж байна вэ?

-Нийслэл, аймаг хоёрын статус адил хэмжээнд явж ирсэн. Дүүрэг, хороодын статус сум, багийн хэмжээд явж байгаа. Гэтэл хүн амын тоо нь эрс ялгаатай. Нэг аймгийг Нийслэл хоттой жишиж болохгүй биз дээ. Нэг сум, нэг дүүрэгт амьдарч буй хүмүүсийн тоо эрс ялгаатай байна. Монгол Улсын тал хувь нь оршин сууж байгаа хот иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулж, сайн ажлууд явуулахын тулд юуны өмнө санхүүгийн бие даасан чадамжтай байх ёстой. Хороо нь гэхэд төсөвтэй байх ёстой. Төсөвтэй байж иргэдэд үйлчилгээ үзүүлэх, иргэддээ хүрч ажиллах бодит нөхцөл бүрдэнэ. Хуульд гол орж буй өөрчлөлт бол санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх гол заалтыг оруулж байгаа юм.

-Цэвэрлэх байгууламж барих ажил ямар шатандаа байна вэ ?

– Засгийн газар багагүй ач холбогдол өгч, шинэ Цэвэрлэх байгууламж барих санхүүжилтын асуудлыг шийдвэрлэсэн. Ажлын хэсгийг БХБ-ын сайд Х.Баделхан ахалж байна. Энэ ажлыг маш хурдтай хийж чадвал 2020 он гэхэд шинэ Цэвэрлэх байгууламжтай болох бололцоотой юм. Үүнд хоёр асуудал бий. Лагийг яаж арилгах вэ. Төв цэвэрлэх байгууламжаасаа үнэр нь гардаггүй. Харин хажууд нь 60, 70 жилийн турш хуримтлагдсан лагаас тэр үнэр гарч байгаа юм. Тэгэхээр 600 мянган тонн лагийг цэвэрлэх асуудлыг хот өөрийнхөө боломж бололцооны дагуу гадны хөрөнгө оруулагчидтай холбогдон шийдвэрлэх арга замыг ярилцаж байна. Нийслэлийн Засаг дарга, ХБНГУ-ын Элчин сайдтай хийсэн уулзалтаар Унгар, Германы хамтарсан компани лагийг цэвэрлээд, боловсруулах технологийг хотод танилцуулсан. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн үнэрээс салах боломжтой юм. Шинэ цэвэрлэх байгууламжийг барих явцдаа лагийг цэвэрлэж, боловсруулж асуудлыг давхар хийж явна. Ашиглалтад орох хүртэлх хугацаанд хуучин цэвэрлэх байгууламжийн засварын асуудлыг хамт шийдээд явна. Ирэх хавраас Цэвэрлэх байгууламж болон лагийг боловсруулах ажлыг хийж явбал хотын өмнө хуримтлагдсан нэг том асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна. Шинэ Цэвэрлэх байгууламжийн төсөлд хөнгөлөлттэй зээлээс гадна АНУ-ын Мянганы сорилын сангийнхан цуг оролцсон. Мянганы сорилын сангийн цаашлаад олон улсын ногоон сангууд болон бусад байгууллагаас хөрөнгө босгохоор шийдэж байгаа юм.

-Нийтийн тээврийн шинэчлэлийн ажлыг Нийслэлээс хийнэ гэж байгаа. Ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Өнгөрсөн онд нийтийн тээврийг цахимжуулж, олон улсын жишигт нийцүүллээ. Ингэснээр нийтийн тээврийн бодит судалгаа бий болж байна. Одоо нийтийн тээврийг CNG газ руу шилжүүлэх ажлыг хийж байна. Алийн болгон гудамжаар хар утаа хаясан автобус үйлчилгээнд явсаар байх билээ. Хот энэ асуудлыг шийдэх гарц, шийдлүүд дээр ажиллана. Энэ ондоо CNG шинэ автобусуудыг оруулж ирнэ.

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд автобусанд агаар шүүгч тавих тухай яриа гарч байсан?

-“Жайка” олон улсын байгууллагаас судалгаа явуулж үзмээр байна гэсний дагуу нийтийн тээврийн 3-5 автобусанд тодорхой хэмжээгээр агаар шүүгч тавигдаж байсан. Туршилтын хэмжээнд яригдсанаас биш агаар шүүгч авч тавьсан зүйл байхгүй.

-“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг Нийслэлээс та бүхэн оны өмнөхөн өндрөөр үнэлсэн байна лээ. Хотод тулгамдсан олон асуудал нүдэн дээр байхад аз жаргалтай хөтөлбөрөө сайн гэж дүгнэж болж байгаа юу гэж зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байна?

-Аз жаргалгүй байгаа учраас аз жаргалтай хот болохын төлөө зорилт тавьж, тодорхой ажлууд хийж байгаа юм. Хот маань шороо тоостой, түгжрэлтэй, бухимдалтай байгаа юу гэвэл тийм байна. Үүнээс салж бүгдээрээ сайхан амьдрая гэдэг үүднээс “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Миний хувьд энэ нэрнээс ичээд байх зүйл алга. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэ хөтөлбөрийн эхний жил нь дөнгөж өнгөрч байна. Ямартай ч гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, ипотекийн зээл олгож эхлэх гэх мэтээр нааштай сайн ажлуудын эхлэл тавигдаж байна.

Б.Долзодмаа

Categories
мэдээ нийгэм

”Утаагүй Улаанбаатар” форум болж байна

“Blue Sky” зочид буудалд ‘Bloomberg TV Mongolia” телевизээс санаачлан зохион байгуулж буй ”Утаагүй Улаанбаатар” форум болж байна. Барилга, хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпорацитай хамтран зохион байгуулж буй ”Утаагүй Улаанбаатар” форум дараахь үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ.

Орон сууц-цэвэр агаар

Орон сууц-зах зээл

Орон сууц-тогтвортой санхүүжилт

ФОРУМЫН ХӨТӨЛБӨР

10:00-11:00 ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

ОРОН СУУЦ – ЦЭВЭР АГААР

Илтгэгч /Ж.Батбаяр, ЦУОШГ-ын орчны хэлтсийн дарга/

Модератор /Н.Хонгорзул, Bloomberg TV Mongolia/

Панелист:

Н.Цэрэнбат, байгаль орчин, аялал жуулчлалын сайд

П.Баярхүү, Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч

Д.Авирмэд, Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн зохицуулагч

Ж.Батбаяр, ЦУОШГ-ын орчны хэлтсийн дарга

Ч.Хашчулуун, эдийн засагч

11:00-12:00 ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

ОРОН СУУЦ – ЗАХ ЗЭЭЛ

ИЛТГЭГЧ /Л.Батжаргал, Барилга, хот байгуулалтын яамны бодлого, төлөвлөлтийн газрын дарга /

МОДЕРАТОР /О.Одгэрэл, Bloomberg TV Mongolia /

ПАНЕЛИСТ:

Ш.Лхамсүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд

Х.Булгантуяа, Сангийн дэд сайд

М.Батбаатар, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч

Л.Соронзонболд, ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч

Д.Бум-Эрдэнэ, MMCG ХХК-ийн захирал

12:00-13:00 ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

ОРОН СУУЦ – ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ

ИЛТГЭГЧ /Б.Гантулга, Монголын ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал /

МОДЕРАТОР /Б.Батманлай, Bloomberg TV Mongolia /

ПАНЕЛИСТ:

З.Нарантуяа, УИХ-ын гишүүн

Д.Баянзул, Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын хэлтсийн захирал

Б.Лхагвасүрэн, СЗХ-ны үнэт цаасны газрын дарга

Б.Гантулга, Монголын ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал

С.Дэмбэрэл, эдийн засагч

Categories
мэдээ нийгэм

Нуурын мөс цөмөрч автомашинтай хүмүүс живжээ

Өчигдөр 21 цагийн орчимд Ховд аймгийн Мөст сумын “Хагийн нуур”-т “УАЗ-469” маркийн автомашин нуурын усанд живжээ. Тэд Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан байна. Тухайн өдрийн 20:55 цагт Ховд аймгийн Онцгой байдлын газарт ослын тухай дуудлага ирсний дагуу хоёр алба хаагч, нэг автомашин, орон нутгийн долоон иргэн, нийт 19 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Татварыг эсэргүүцсэн жагсаал болно

Энэ сарын 12-ны баасан гаригт ХХОАТ-ын нэмэгдлийг эсэргүүцсэн тайван жагсаал болох юм байна. Жагсаалд иргэн бүрийг оролцох урилга олон нийтийн сүлжээгээр багагүй таржээ. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 84,000 төгрөг байсныг үе шаттайгаар нэмэгдүүлж, 120,000, 160,000, 200,000, 240,000 төгрөгөөр хөнгөлөлтийн төвшинг нэмэгдүүлэхээр тооцоо хийсэн байгаа юм. Энэхүү нэмэгдэл нь аж ахуй нэгж болон хувь хүнд хүндээр тусах шийдвэр гэж иргэд үзэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг хэлэлцэнэ

Зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13.00 цагт Төрийн ордонд болно.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ. Үүнд:

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай*

Ө.ЭНХТҮВШИН

2.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай

Г.ЗАНДАНШАТАР

3.

Төрийн өмчит зарим хуулийн этгээдийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Г.ЗАНДАНШАТАР

4.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компаний хэлбэрт шилжүүлж нийт хувьцааны тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх тухай*

Г.ЗАНДАНШАТАР

5.

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Н.ЭНХБОЛД

6.

Журам шинэчлэн батлах тухай (Цэргийн гэрээт алба хаах)

Н.ЭНХБОЛД

7.

Консулын газар нээн ажиллуулах тухай

Д.ЦОГТБААТАР

8.

Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Франкфурт хот дахь сэргээн босголтын банк хоорондын нэмэлт зээлийн хэлэлцээрийн тухай (Дарханы ДЦС)

Ч.ХҮРЭЛБААТАР

9.

“Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршилын тухай” УИХ-ын тогтоолын төсөл

Ц.НЯМДОРЖ

10.

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

Ц.НЯМДОРЖ

11.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ц.НЯМДОРЖ

12.

Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын санаачлан боловсруулсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

Ц.НЯМДОРЖ

13.

Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл (Азийн авто замын сүлжээгээр авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай)

Ж.БАТ-ЭРДЭНЭ

14.

Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр батлах тухай

Б.БАТЗОРИГ

15.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Амьтан , ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын гэрчилгээ олгох журам”)

Б.БАТЗОРИГ

16.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

17.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын тухай

Г.ЗАНДАНШАТАР

18.

Батлах хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Н.ЭНХБОЛД

19.

Гадаад харилцааны сайд Давосын чуулга уулзалтад оролцох талаар

Д.ЦОГТБААТАР

20.

“Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх этгээдтэй байгуулах гэрээний төслийн хэлэлцээний явцын тухай

Ж.БАТ-ЭРДЭНЭ

21.

Танилцуулга

Б.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн зам, даваанд халтиргаа, гулгаа үүсч байна

Зураг

Улсын хэмжээнд өнгөрсөн хоёр, гурав хоногт үргэлжлэн орсон цасны улмаас орон нутгийн зам, даваанд халтиргаа, гулгаа үүсч байгаа ч одоогоор албан ёсоор хаасан зам байхгүй гэдгийг Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс мэдээлэв.

Өчигдөр буюу энэ сарын 09-нд орсон их хэмжээний цасны улмаас Өвөрхангай аймгаас Баянхонгор орох зам болон Дундговь аймгийн Ногоон дов орчмын замд халтиргаа үүсч түр хугацаагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Дээрх аймгуудын удирдлагуудын холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авснаар зорчих хөдөлгөөнийг эгүүлэн нээжээ.
Одоогоор хаасан зам даваа байхгүй ч замын гадаргууд ихээхэн халтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч нарыг орон нутгийг зорихгүй байх, зайлгүй шаардлагатай тохиолдолд хурдаа зөв тохируулах, техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг анхааруулав.
Categories
мэдээ цаг-үе

Ард түмэн нийтээрээ солиордог

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Зүйл хоорондын тэмцлээс зүйлийн доторх тэмцэл илүү хурц, илүү харгис догшин байдаг.

Чарльз Дарвин

Мэйжийн хувьсгалын дараа Япон орон маш богино хугацаанд орчин үежиж Зүүн Азид хамгийн хүчирхэг гүрэн болов. Ингээд Өрнөд Европын колончлогч гүрнүүдтэй тэнцүү чадвартай болсон гэж үзээд газар зүйн ойроор нь Солонгосын хойгт ноёрхлоо тогтоох санаархлаа илэрхийлэх болов. Энэ үед Солонгос нь Манж Чин гүрний вассал байжээ. Яг л гадаад Монгол шиг. Ингээд япончууд 1894 онд Хятадтай байлдан дийлээд Солонгост онцгой эрхтэй болсон төдийгүй Ляодоны хойгийг мэдэлдээ авав. Дорнын шинэ колончлогчдыг хүлээн зөвшөөрөөгүй Герман, Орос, Франц гурав нийлж байгаад Ляодоны хойгийг булаан авч Орост эзэмшүүлжээ. Уур нь хүрч мөчөөрхсөн япончууд Оросын эсрэг дайн өдөөв. Түүхэн том колончлогч орон Оросыг 1905 онд ялж Манжуурт тогтоох ноёрхолоо Порт Смоузын гэрээгээр баталгаажуулж авах нь тэр. Ялагдсан Оростой 1907 онд нууц гэрээ байгуулан Манжуур, Солонгос, Өмнөд Монголд япончууд эрх бүхий нөлөөлөлтэй болж, оросуудад зөвхөн гадаад Монголыг өөрийн нөлөө сонирхлын бүс болгон эзэгнэх эрх олгожээ.

Япончууд Оросын иргэний дайныг далимдуулан 1920 онд Алс Дорнодод 70 мянган цэрэг оруулжээ. 1910 онд Солонгосыг эзлэн колонио болгов. 1932 онд Манжуурыг эзэлж 1934 онд Манж Го хэмээх өөрийн тоглоомын улсыг байгуулав. Манж Гогийн хилийн будлиан нэрийн дор 1936 онд ЗХУ-тай, 1939 онд БНМАУ-тай хилийн будлиан байлдаан үүсгэжээ. 1937 онд Хятадтай байлдаж эхэлсэн нь даруй найман жил үргэлжилсэн. Дэлхийн II дайны турш тэд өмнөд Азийг эзэлж, Австралийг хүртэл бөмбөгдөж байлаа. 1941 оны сүүлчээр АНУ-ын Пөрл Харборт довтолсноор өдий хүртэл төвийг сахиж байсан энэ том орныг дайнд татан оруулав. 1945 оны наймдугаар сард Японы милитаризмын эсрэг дайнд ЗХУ, БНМАУ нэгдэн орсон юм.

Япончуудын 50 жилийн солиорол эцэст нь энэ ард түмэнд маш хүнд эмгэнэлт цохилт болсон. Олон сая иргэн нь дайнд үрэгдсэн. Дайны төлбөрт маш их газар нутгаа алдсан. Атомын бөмбөгний цохилтын хамгийн анхны бөгөөд өдий хүртэл цорын ганц хохирогч болсон. Японы ард түмэн нийтээрээ хагас зуун жил солиорлын төвшинд байжээ. 1905 онд хүчирхэг Оросыг дайнд ялсан нь тэднийг ийм байдалд хүргэсэн. Өөрсдийгөө дийлдэшгүй болсон гэж үзэн зүгээр байсан Америкийг өдөөн довтолжээ. Газар нутгаа өргөжүүлэн хүний юм булааж япон хүн аз жаргалын дээдийг амсана гэсэн мөрөөдөл япончуудыг нийтээр нь ховсодсон байна. Тиймээс тэд милитаризмыг нийтээр дэмжин хөхиүлж байв. Цэргийн хэнээтэн Араки гэгч нийт япончуудыг араасаа дагуулж байжээ.

Дайнд ялагдсаны дараа япончууд дор бүрнээ номхорсон. Тэд хийсэн болгондоо гэмших болсон төдийгүй дахиж ингэж солиорохоос ихэд сэжиглэн айдастай болсон. Өдгөө Японы түүхчид, социологичид, нийгмийн зүтгэлтнүүд тэрхүү солиорлын жилүүддээ анализ хийхдээ өөрсдөө ч ихэд гайхдаг. Одоогийн хойд солонгосчууд шиг нийтээрээ мэдрэл өвчтэй байжээ гэж гайхшран дүгнэдэг.

Хэсэгтээ бүх нийтээрээ солиордог ийм үзэгдэл ховор бус. Цагтаа германчууд дэлхийн хамгийн боловсролтой ард түмэн байлаа. Дэлхийн I дайны дараа Вэрсалийн гэрээгээр Герман нь дайн өдүүлсэн хэргээр маш хүнд шийтгүүлсэн юм. Үүнд нийтээр сэтгэл гонсгор байв. Үүн дээр нэмэрлээд дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал тэдэнд нэмэлт дарамт учруулсан. Үүнийг дагаад улс төрийн хямрал болж, үргэлж үймээн самуун дэгдээдэг коммунистууд гудамжинд ноёлох болжээ. Энэ далимыг ашиглан гадаадын иргэн Гитлерээр толгойлуулсан мөн ижил дээрэмчид гудамжинд эмх журам тогтоох болов. Германчууд тэднийг дэмжин 1933 он гэхэд төрийн өндөрлөгтөө залжээ. Төрийн эргэлт хийх гэж үймээн зохион байгуулсан хэргээр 1920 онд шоронд орж шийтгүүлж байсан Гитлер шүү дээ. Германы түүхэнд Гитлер шиг ард түмэндээ шүтэгдэн хайрлагдаж асан удирдагч өөр үгүй. Герман үндэстнийг дангаар нь диваажингийн ертөнцөд аваачин жаргуулна гэсэн түүний үгэнд өнөө боловсрол өндөр германчууд үнэн санаанаасаа итгэж байв.

Тэд энэ солиорлынхоо хариуг мөн ч чанга хүртсэн дээ. Газар нутгаа булаалгаж, үлдсэн нь хоёр өөр системд хуваагдсан. Нэг хэсэгтээ дэлхий даяар герман хүнийг жигших болсон. Дайнд эвдэн сүйтгэгдсэн, хот тосгон нь сүйрсэн, олон сая хүн нь алагдсаныг хэлээд ч юу гэхэв. Нийтийг хамарсан их солиорлын дараа герман хүн ёстой жинхэнээрээ хүмүүжсэн. Өдгөө хас тэмдэг зурсан, Гитлер ёсолгоо хийсэн, нацизмыг сайшаасан хүнийг үг дуугүй шоронд хийчихдэг. Гурван үе өнгөрчихөөд байхад өдгөө тэдэн шиг соёлтой, найрсаг, ухаалаг ард түмэн ховор байхаа. Дэлхийн дараагийн дайн дэгддэг юм гэхэд лав герман, япон хүмүүс бушуухан зугтан хол газар очиж бүгэх байхаа.

Ленин, Троцкий гэх хоёр мэргэжлийн хувьсгалч жамаараа явж байсан хүчирхэг Орос орныг сүйтгэсэн. Тэднийг дагагсад анхандаа тун цөөн байсан авч тариачдад газрыг, ажилчдад үйлдвэрийг эздээс нь булааж авч өгнө хэмээн үймээн үүсгэнгүүт ард түмэн тэр чигээрээ ураа хашгираад дайрчихсан. Хүний хөрөнгөн дээр туйлж жаргахаар шийдсэн орос тариачид нийтийг хамарсан солиоролд согтов. Орос орон дөнгөж 2000 он гарсан хойно л 1913 оныхоо хэмжээний ургацыг авч дөнгөсөн гэдэг. Энэ орон нийгмийн инженерчлэлийн туршилтын золиосонд хэдэн арван сая хүнийхээ амийг өргөсөн юм. Үүнтэй төстэй явдал Хятадад ч болсон. Цинхайн хувьсгалаас хойш бараг дөчин жил иргэний дайнд нэрвэгдэж, хэдэн арван бие даасан засагтай болсон орныг Мао нэгтгэж дөнгөсөн. Энх цагийг авчирсан түүнд хятадууд нийтээр талархан дагаж гүйжээ. Гэтэл энх цагт түүний дэглэмээс болж үхсэн хүний тоо дайны дөчин жилийн үрэгдэгсдээс хэд дахин давсан байдаг. Нийтээрээ солиорсны төлөөс.

Төв Африкт байх Руанда улсад хүн амын ихэнх хуту овог, цөөнх тутси хоёрын хооронд олон жил үргэлжилсэн таагүй харилцаа байжээ. 1994 онд Ерөнхийлөгч нь онгоцны ослоор үхэнгүүт үүнийг тутси овгийнхон үйлдсэн хэмээн тэднийг үр хүүхэд үндэс угсаагаар нь хядахыг Засгийн газар уриалав. Ердөө ганц хоёр долоо хоногийн дотор бүтэн нэг сая хүнийг хяджээ. Хүйс тэмтрэлт. Олон улсын байгууллага хөндлөнгөөс орж байж хядлагыг зогсоосон. Дараа нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт тооцон гэмтнүүдийг шийтгэлээ. Хядлагад хэдэн зуун мянган хүн биечлэн оролцож тутси нарыг хүйс тэмтрэлцсэн байна. Нийтийг хамарсан солиорол. Өнөөдөр Руанда нь хэдий ядуу улс боловч энэ хядлагаас сургамж авч Африкийн хамгийн хурдацтай хөгжиж буй тайван тогтуун орноор тодорчээ.

Венесүэл бол Латин Америкийн баян оронд тооцогддог байлаа. Нефтьтэй орнуудын ОПЭК байгууллагад багтдаг Америк тивийн цор ганц улс. Экспортынх нь 95 хувийг газрын тос эзэлнэ. Ерээд оны үед Венесүэлийн Засгийн газрын хийсэн эдийн засгийн шинэчлэл нэлээд хүнд туссан учир ард түмний эсэргүүцэлтэй тулжээ. Хурандаа Уго Чааваас гэгч индиан эр оролцож төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтсэнгүй. Тэрээр энэ хэрэгтээ баривчлагдан шоронд суув. Шоронгоос гарч ирээд ёстой нэг попорч өгч дээ. Засгийн газрыг газар дор ортол нь муулж, сайн үйл бүтээх гэтэл шоронд суулгасан гэж сурталчлав. Ард түмэн нийтээр түүний шударга эх орончийг бишрэн Ерөнхийлөгчөөр сонгох нь тэр. Тэрээр цааш нь ард түмэндээ хайрлагдан дөрвөн удаа сонгуульд ялсан. Ард түмнээ харж үзэн газрын тосны бүх ордыг улсад хурааж аван нийгэмчиллээ. Өөр том үйлдвэрүүдийг ч хурааж авсан. Ядуусыг өрөвдөн үнийн бодлогод хяналт тогтоов. Эмнэлэг сургуулийг үй олноор нь барилаа. Хүүхэд эхчүүдийг харж үзэн бүх юмыг нь үнэгүй болгов. Энэ болгоныг хийхэд гэнэт үнэ нь галзууртлаа өссөн газрын тос түүнд тусалсан. Мөнгө нь багтаж ядсан тэр үед Чааваас “XXI социализм” гэгчийг бодож олон Америкийн эсрэг зогссон улс орнуудыг мөнгөөр байлж гарав. Алс Европын Беларусс хүртэл түүнээс үнэгүй нефть авах болов. Хамаг нефтийг нь худалдан авагч нь АНУ боловч тэрээр НҮБ-ын индрээс Ерөнхийлөгч Бушийг “ороолон”, Обамаг “салбадай” гэж хочлон дуудаж байв. Түүний үнэгүй тараах баялагт Кубаас эхлээд Болив, Аргентин, Никарагуа зэрэг олон орон шунан хишиг хүртэхээр XXI зууны социализмд нэгдсэн юм. Үнэ төлбөргүй үйлчилгээнд буйлсан венесүэлчүүд Чааваас Ерөнхийлөгчөө тахин шүтэж хайрлан энхрийлж улам ихийг түүнээс горьдон хүлээнэ. Түүнийг нас барахад ард түмнээрээ уйлан гасалж тархиа шаацгааж байв.

Ард түмэндээ ингэтлээ хүндлэгдсэн хүнийг манайхан зурагтаар үзээд эгээ л дагаж уйлах шахан, байгаа өөрийн төрөө тав дахин хүчтэйгээр үзэн ядаж байсныг санаж байна. Үхсэн чааваасыг бальзамдаад муми болгон бунхалж шүтээнээр залсан. Ард түмэн нийтээрээ солиорно гэж энэ л болов уу. 2016 онд Чааваасын зургаан метр өндөр хүрэл хөшөөг Орос улс бэлэглэжээ. “Вэнэсүэлийн ард түмний суут удирдагч, дээд хамаандлагч Уго Чааваасын дурсгалыг хүндэтгэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путины даалгаснаар “Роснефть” компаний ерөнхийлөгч Игорь Сечин энэ хөшөөг бэлэглэв” хэмээн баримлын дор бичжээ. Гүржээс булааж авсан Өмнөд Осетин, Абхазыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн дэлхийн хоёрхон орны удирдагчийн нэгийн хувьд ингэсэн бололтой. Путинд энэ тэнэг хэрэгтэй байж.

Газрын тосны үнэ Чааваасыг үхсний дараахан гэнэт огцом уналаа. Өнөөдөр Венесүэл Америк тивийн хамгийн өрөвдмөөр орон болж хувирав. Хамаг мөнгөө барчихсан. Өлсгөлөн нүүрлэж эхэллээ. Бусад орнууд юун түрүүн хүнсний болон эм тарианы яаралтай тусламж үзүүлэх болов. Инфляци гозойж, эд барааны дутагдалд оржээ. Чааваасыг оролсон Модуро гэх автобусны жолооч байсан дурак цэргийн бүх эрхийг барьж буй учир эсэргүүцлийн хөдөлгөөнийг танк их буугаар хариулж байна. Чааваас Оросоос баахан зэвсэг худалдаж авсан нь одоо л хэргээ гаргаж буй бололтой. Яг ийм замыг дөчөөд оны эцсээр Аргентин туулсан юм. Дайнаар баяжсан Аргентин хэрэвзээ тухайн үед Ерөнхийлөгчөөр сонгогдсон Пэрон, түүний эхнэр дэд Ерөнхийлөгч Эвита нартай учраагүй бол өдийд Америк тивд АНУ-ын дараа, Канадын өмнө орохоор хөгжингүй гүрэн байх байлаа гэж түүхч судлаачид дүгнэдэг. Пэрон эхнэрийн хамтаар хэдхэн жилийн дотор Аргентиний бүх хөрөнгийг хуугаар нь ард түмэндээ тараагаад дуусгасан. Пэрон шиг ард түмэндээ хайрлагдсан хүн түүхэнд нь нэг ч гараагүй.

Ленин газрын эздээс газрыг нь булааж аваад тариачдад өгнө гэсэн, түүнийг дэлхийн дайнд туйлдсан Орос орон хүлээн авлаа. Гитлер герман үндэстнийг жаргаана гэсэн, түүнийг Вэрсалийн гэрээгээр доромжлогдсон гэх Герман орон тосон авлаа. Муссолини Италийг хүчирхэг болгоно гэсэн, түүнийг мафиудын зөрчилдөөнд туйлдсан Итали орон хүлээн авлаа. Мао Хятадыг шинэ жаргалтай замд оруулна гэсэн, олон жилийн иргэний дайнд залхсан Хятад гүрэн баярлан угтлаа. Японы милитаристууд улс орноо Азийг захирагч болгоно гэсэн, тэднийг ядуу хаалттай улсыг нь нүдэн дээр хүчирхэгжүүлсэн шинэчлэлд бялуурсан Япон улс хөөр болон дэмжив. Чааваас ард түмнээ толгой дараалан баяжуулна гэсэн, түүнийг Засгийн газартаа хорссон Венесүэл орон дэмжин оройдоо заллаа.

Эд бүгд популистууд. Бүгд гайхамшигтай оратор. Хүмүүс эдний үйлд биш үгэнд татагддаг. Тухайн ард түмэн үндэслэлтэй болон үндэслэлгүйгээр ямар нэг юманд гомдоллосон шалтгаанаар эрүүлээр сэтгэхээ больдог бололтой. Энэ нь тухайн цаг үед нийтийг хамарч ард түмнээрээ солиордог. Чухам яг тэр моментод өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй хэн нэгэн гарч ирж хаанаас ч юм бодож олсон хийрхсэн мөрөөдлөө ухуулан энэхүү солиорол дээр нь бүжиглэнэ. Эрүүл сэтгэлгээгүй болсон ард түмэн хуйгаараа дагаж дэрвэнэ.

Хожим нь солиорлын төлбөрийг ард түмэн маш хүндээр хүлээнэ. Зарим үндэстний хувьд энэ нь мөхөл сүйрлээр дуусдаг. Хүн төрөлхтний түүх угаасаа л ийм зурлагатай юм болов уу даа.

2018 оны нэгдүгээр сарын 6

Categories
мэдээ спорт

Халз барилдаанд хүч үзэх 16 бөх