Categories
мэдээ улс-төр

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.01.10) хуралдаан 14 цаг 23 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны дарга О.Содбилэг албан уулзалттай байсан тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан даргалав.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл -ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудал хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн танилцуулав.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ноот бичгээр Ерөнхий консулын газар нээх хүсэлт тавьсныг Гадаад харилцааны яам зохих журмын дагуу Монгол Улсын Засгийн газарт танилцуулан Монгол Улсын нэгдэн орсон “Консулын харилцааны тухай Венийн конвенци”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улс /хуучин нэрээр/ болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын “Консулын гэрээ”-г тус тус үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ноот бичгээр зөвшөөрсөн хариу өгснөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газар нээх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийнЗасаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохооршийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 16.1.4-т гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна гэж, мөн хуулийн 17.1.2, 17.1.3-т Улсын Их Хурал гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, газрын хэмжээ, хил зааг, ашиглах журмыг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төслийг боловсруулах ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газарт олгох газрын хилийн зааг, талбайн хэмжээг тодорхойлсон бөгөөд уг газар нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтын газартай давхцаагүй болохыг дэд сайд танилцуулгадаа дурдлаа. Мөн Улсын Их Хурлаас уг тогтоолын төслийг баталсны дараа Засгийн газар Газрын тухай хууль тогтоомжид заасан гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газартай харилцан адил байх зарчмыг баримтлан БНХАУ-аас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газартай газар ашиглуулах гэрээ байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллана гэдгийг хэллээ.

Байнгын хорооны хуралдаанд Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Засгийн хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гарсангүй.

Ингээд тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүний 6 нь буюу 60 хувь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 37, 2013 оны 52, 2015 оны 90 дүгээр тогтоолуудаар АНУ, БНХАУ, БНСУ, БНКазУ, БНАЛАУ, БНТУ, БНЭУ, ХБНГУ, БНФУ, Япон зэрэг нийт 14 улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Европын холбооны Төлөөлөгчийн газар зэрэг олон улсын байгууллагуудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэлийн ажил 38.5 хувьтай байна

Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан “Цэргийн бүртгэл явуулах журам”-ыг удирдлага болгон нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд энэ сарын 4-нөөс 20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй бүх эрчүүд, 60 хүртлэх насны бэлтгэд офицерууд бүртгүүлэх ёстой юм.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, Дэд хурандаа Т.Мөнхбаяр, Тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, Дэд хурандаа Б.Баянмөнх нар өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын цэргийн тоо бүртгэлийн үйл ажиллагаатай биеэр очиж танилцлаа. Цэргийн бүртгэлийн ажил зохион байгуулаад 6 хоног өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд Хан-Уул дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлд эрчүүдийн 30.8 хувь нь бүртгүүлээд байгаа бол Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 35 хувь нь бүртгүүлсэн байна. Харин нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэлийн ажил өнөөдрийн байдлаар дунджаар 38.5 хувьтай явагдаж байгаа аж.

“Цэргийн албаны тухай хуульд цэргийн насны залуучууд жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлэх, тухайн бүртгэлийг засаг захиргааны анхан шатны нэгж буюу орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд хийж гүйцэтгэнэ гэсэн хуулийн заалттай. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2018 оны цэргийн тоо бүртгэлийг энэ сарын 4-20-ны хооронд засаг захиргааны анхан шатны нэгж, хороодуудаар дамжуулан зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн 152 хороодоор цэргийн бүртгэлийг явуулж байна” хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар ярилаа.

Цэргийн албыг Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагад 12 сар буюу нэг жилйин хугацаатай алба гүйцэтгэх, цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах, оюутан цэрэг, гэрээт цэрэг гэсэн 5 төрлөөр цэргийн хааж болдог. Цэргийн тоо бүртгэл явуулснаар энэ таван хэлбэрээс иргэд альнаар нь албаа хаах вэ гэсэн нэгдсэн судалгааг гаргаж ирдэг байна.

НЗДТГ-ын Цэргийн штабаас 2018 оны “Батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх- Дайчилгааны бэлтгэл нөөцийг сайжруулах жил” болгон зарлаж байгаа аж. Тус ажлын хүрээнд энэ онд анх удаа цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн программ бий болгосон байна. Ингэснээр дүүргийн Цэргийн штаб, Эрүүл мэндийн төвтэйгөө цахим хэлбэрээр холбогдоод ямар хүн ямар өвчтэй гарч байна, түүний эрүүлжүүлэлтийн асуудал дээр хэрхэн ажиллаж байна гэдгийг харж болох аж хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОУВС-гийн ажлын хэсэг энэ сарын 25-нд улаанбаатарт ирнэ

ЗурагОлон улсын валютын сангийн ажлын хэсэг энэ сарын 25-нд Монголд ирж ажиллана.

Засгийн газраас уг ажлын хэсгийнхнийг Улаанбаатарт ажиллах үеэр татварын нэмэгдлийн асуудлыг хөндөж тавих аж. Учир нь иргэдийн зүгээс татварын нэмэгдлийг ихээхэн эсэргүүцэж байгаа бөгөөд ОУВС-гийн нэрээр цалин тэтгэврийг нэмэхгүй байна хэмээн шүүмжилж буй. Иймд татварын нэмэгдэл болон цалин өсгөх асуудлыг гаргаж тавихаар болжээ.

Манай улс тус сангийн Өргөтгөсөн санжүүжилтийн хөтөлбөрт өнгөрсөн жилээс эхлэн хамрагдсан. Засгийн газар Олон улсын валютын сантай гурван жилийн хугацаанд дээрх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ хийж буй. Үнэлгээний үр дүнд тус сангийн зүгээс хөтөлбөрийн хэрэгжилтийн явц хэвийн, амжилттай үргэлжилж байгаа гэсэн дүгнэлтийг удаа дараа хийгээд байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн өвсийг хямдралтай үнээр худалдаж эхэллээ

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад нөөцийн өвсийг хямдралтай үнээр худалдаж эхэллээ. Бэлчээрийн даац нь 2.8 дахин хэтэрсэн Ховд аймагт энэ нөөцөөс 200 тонн өвс тарааж байна. Харин Говьсүмбэр аймгийн өвөлжилт хүнд байгаа сумдын малчдад аюулгүйн нөөцийн өвсийг 50 хувиар хямдруулан зарж байгаа аж. Сангийн яамнаас малын тэжээл нийлүүлэх 28 аж ахуйн нэгжтэй 36.3 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулснаас 10 тэрбум төгрөгийг нь олгожээ.

Мөн 10 аж ахуйн нэгж 1.2 тэрбум төгрөгийн 8000 гаруй тонн малын тэжээл импортолсон байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрийн дүнд 51 мянган тонн тэжээлийг малчдад түгээх юм. Нийт 40 тэрбум төгрөгийн үнэ бүхий тэжээлийг 34 аж ахуйн нэгжээр дамжуулан орон нутагт борлуулна.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг буурав

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдэн батлагдаад жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийслэлд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн хэргүүдийн талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд нийслэл хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн нийт 757 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 81 хэргээр буюу 9,6 хувиар буурчээ.

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт улсын хэмжээнд 198 эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны 130 буюу 65,6 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна.

Нийслэл хотод 2017 онд хүүхдээс 555 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 хэргээр буюу 7,3 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн нийт гэмт хэргийн 55,9 хувь нь нийслэл хотод үйлдэгджээ. Нийслэлд хүүхэд хохирсон 1115 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 288 нэгжээр буюу 34,0 хувиар өссөн байна.

Нийслэл хотын хэмжээнд 2017 онд үйлдэгдсэн 364151 захиргааны зөрчлийн 0,6 хувийг буюу 2028 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчил эзэлж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 2028 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1353 нэгжээр буюу гурав дахин өссөн дүнтэй байна. “Захиргааны хариуцлагын тухай хууль”-д зааснаар зөрчил гаргасан 449 хүнд 8409,0 төгрөгөөр торгох арга хэмжээ авч, “Зөрчлийн тухай хууль” зөрчсөн 1579 хүнд баривчлах шийтгэлийг ногдуулсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 9,6 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 2,2 дахин, зөрчил гурав дахин нэмэгджээ.

Дуудлага, мэдээлэл, зөрчил өссөн нь гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад шуурхай дамжуулдаг болж иргэний үүргээ биелүүлж байгаатай, цагдаагийн байгууллагын зүгээс дээрх дуудлага, мэдээллүүдийг нэн тэргүүнд шалгаж хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэл бүрт хуулийн хариуцлага ногдуулж байгаатай холбоотой.

Б.АМАРТҮВШИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Номуундарьтай холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хууль зөрчсөн үйлдлүүд гарсан гэв

Хүчирхийлэл, хар тамхины хэргийн талаар сошиалаар мэдээлсэн Г.Номуундарь охины өмгөөлөгч Р.Булгамаа, О.Чулуунчимэг нар “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд мэдээлэл хийлээ. Тэд мөрдөн шалгах ажиллагаанд дахь хууль зөрчсөн бусад асуудлын талаар ярьсан юм.

Г.Номуундарь охины өмгөөлөгч Р.Булгамаа Гэрчийг байцаахдаа өмгөөлөгчийг байлцуулах хүсэлт тавьсаар байхад биднийг оруулалгүй байцаалт авсан. Мөрдөгч нь гэрчийг байцаана гэсэн цагтаа утсаа унтраагаад, хаалгаа цоожлоод өмгөөлөгч нараас зугтсан хэмээн мэдэгдлээ. Ийм учраас гэрчүүдээс хуулийн дагуу үнэн зөв мэдүүлэг авсан эсэхэд өмгөөлөгчдийн зүгээс эргэлзэж байгаа гэнэ.

Мөн тэрээр “Г.Номуундарь арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа хүүхдүүдийн гэмт хэргийн талаарх мэдээллийг цацсан. Энэ нь өөрийнхөө нэр төрийг эрсдэлд оруулсан, зоригтой үйлдэл юм. Г.Номуундарийн ярьсан зүйлс олон нийт, нийгмийн анхаарлыг татаж байгаа. Охины эрүүл эсэхэд эргэлзэж байгаа мэт төөрөгдөл ч үүссэн. Г.Номуундарь охин сэтгэцийн хувьд эрүүл. Элсэлтийн шалгалтдаа өндөр оноо авч, их дээд сургуульд орсон байсан. Охиныг бичлэг хийсний дараа шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр охин ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэдэггүй нь тогтоогдсон.

Охины хууль ёсны эрхийг хамгаалж, түүний аав оны өмнө Монгол Улсын Ерөнхий прокурорт хандсан. Ц.Баасандоржоор ахлуулсан хуулийн баг охины хэрэг дээр ажиллаж байгаа. Харамсалтай нь, гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хуулийн байгууллагууд асуудалд анхаарал, болгоомжгүй хандаж байна. Прокурорын байгууллагад эргэлзээ төрж байна. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор ташаа мэдээлэл өгч байна.

Цагдаагийн байгууллага хууль зөрчиж байна. Цагдаагийн албан хаагчид өмгөөлөгч нарыг гэрчийг байцаахдаа оролцуулахгүй байна. Гэрчүүдээс хуулийн дагуу үнэн зөв мэдээлэл авсан эсэхэд бид эргэлзэж байгаа. Мөн хэрэг шалгалтын ажиллагаа дөнгөж эхлэх гэж байхад хэрэгт холбогдсон этгээдүүдийг өмгөөлж, буруу ташаа мэдээлэл өгсөн УЕП-ын газрын Өлзийжаргал гэгч прокурорт хариуцлага тооцуулах гомдол гаргасан.

Ямар шалтгаанаар УЕП-ын хариуцлагатай албан тушаалтан хэт нэг талыг барьсан, гэмт этгээдүүдийг хаацайлсан үндэслэл муутай мэдээлэл тараасныг ойлгох боломжгүй бөгөөд эндээс прокурорын байгууллага энэ гэмт хэргийг үнэн зөвөөр, хараат бусаар шалгах эсэхэд эргэлзээ төрж байна. Ер нь хэрэгт холбогдогч хүүхдүүд мөнгөтэй, баян айлын хүүхдүүд байгаа учир Цагдаа, Прокурорт нөлөөлж байна уу гэх эргэлзээ төрж байна” гэлээ.

Г.Номуундарь охин худал мэдээлэл өгч, нийгмийг шуугиулсан уу гэсэн асуултанд өмгөөлөгч нь хариулав.

-Цагдаагийн байгууллага тодорхой ажил хийж эхэлсэн. Тухайлбал нэр бүхий 30 гаруй хүүхэд хар тамхи хэрэглэдэг гэдгийг тогтоосон. Мөрдөгчөөс авсан мэдээллээр нэр дурдагдсан хүүхдүүдийн дийлэнхи нь гадаадад байна. Монголд байгаа хүүхдүүдээс хар тамхины сорил авахад эхнээсээ хар тамхи илэрсэн тул Зөрчлийн тухай хуулиар зохих хариуцлага тооцсон байна.

Г. Номуундарь охины өмгөөлөгч О.Чулуунчимэг ярихдаа “Бичлэгт дурдагдсан орон байранд тухайн цаг хугацаанд бичлэгт нэр нь дурдагдсан хэрэгт холбогдсон хоёр этгээд байсан гэдэг нь тогтоогдсон гэв. Гэтэл цагдаагийн байгууллага энэ хоёр этгээдийг эрэн сурвалжлахгүй, хаана байгаа нь тогтоогдохгүй байна. Энэ хоёр этгээд оргон зугтсан байж болзошгүй байна. Өөрсдийгөө сошиалаар хэрэг хийгээгүй гээд тайлбар бичээд явуулж байдаг. “Би хэрэг хийгээгүй” гэсэн тайлбар бичсэнээрээ хэргээс мултарч болохгүй гэж өмгөөлөгч ярилаа.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ соёл-урлаг

“Аав” уран сайхны кино Хятадын кино театруудад албан ёсоор гарч эхэлжээ

“Аав” уран сайхны кино зурган илэрцүүд

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн анхны бие даан найруулсан “Аав” уран сайхны кино Хятадын кино театруудад албан ёсны эрхтэйгээр гарч эхэлжээ. Хятадын киноны зах зээлд өөрсдийн бүтээлийг толилуулахаар 2018 онд гадаадын таван кино эрх авсны дөрөв нь АНУ-ынх, нэг нь Монголын уран бүтээлчдийн кино багтжээ.

“Аав” киноны гол дүрүүдэд жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Г.Алтангэрэл, Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлчид тоглодог. Уг кино нь “Mongolian Academy Awards-2015” наадмын “Шилдэг кино”-гоор шалгарч, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагналыг тус тус хүртэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт үйлдвэр”-ийг ХК болгож, хувьцааг нь нийт иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийг Ашигт малтмалын хуулийн 5.6-д заасны дагуу хувьцаат компани болгох, тодорхой хувийг нийт иргэдэд давуу эрхийн хувьцаа болгож эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ хүрээнд Олон улсын аудит орно, үнэлгээг хийнэ гэх мэт 10 гаруй ажил хийгдэнэ. Энэ асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

“Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршилын тухай” УИХ-ын тогтоолын төсөл, өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай зэрэг 20 гаруй асуудлыг энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Монголд шударга ёс зүй, хүн хоёр үнэгүйдээд тартагтаа тулав аа

Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн Ц.Баттөмөр

Энэ нь “хууль хүчний байгууллагыг төрөөс ангид байлгаж байж хүмүүсийн эрх ашгийг хангах ёстой” гэсэн шинжлэх ухааны онолын зарчим алдагдсантай шууд холбоотой. Ялангуяа сүүлийн жилүүдэд, М.Энхболд УИХ-ын даргаар ажилласан 1,6 жилийн хугацаанд бүүр ч тартагтаа тулав. Зөвхөн би ч хэлээгүй. Монголын ард түмэн мэдэхийн дээдээр мэдэж, мэл хөхөрсөөр л.

Захын баримт сөхөхөд С.Зориг агсны хэргийг яаж шийдсэн болов. Ингэх нь хэнд ашигтай байв, хэний захиалгаар шийдэв. Бас Л.Гансүхийг олон түмний нүдэн дээр “Хүн нь байвал хэрэг нь хайчихав” гэдгээр шийдсэн. Энэ нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаах захиалга байсан нь нэгэнт тодорхой болсон. Хүчингийн хэрэг ичгүүр сонжуургүйгээр гаарч ихэнх нь чимээгүй өнгөрөв. Ялангуяа УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбогдсон хэрэг хэвлэл мэдээллээр хэдэн сар хангалттай яригдсан. Өмгөөлөгчид хууль сахиулах прокурорын байгууллага баримтаар нотлоод УИХ-д түдгэлзүүлж өг гэж хүссэн талаар телевиз хэвлэлээр олон мэдэгдсэн. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд нэгдүгээр сарын 3-нд телевизээр “Надад бичиг сэлт ирээгүй, бараг сонсож дуулаагүй” гэж мэдэн будилав.

Батын Хурцын асуудал хурц яригдсан. Тагнуулын газар Засгийн газрын мэдлийн газар, Засгийн газрыг УИХ тохоон томилдлог биш бил үү. Цаана нь нүд байсаар байхад нуухаар нь оролдоод үр дүн гарах уу даа.

Бид монгол нэг л болохгүй байна гэж олон жил ярьцгаав. Бас тогтолцоондоо байдаг юм гэж хичнээн ч жил оношлов. Ийм УИХ-тай, ийм спикертэй 2,5 жил тэвчих үү, гаргалгаа гарц байна уу.

Энэ УИХ-ыг тараах, ядахдаа М.Энхболдыг огцруулах л гарц байна. Энэ парламент Ерөнхийлөгчийн хориг,Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хурлын шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, сөрөг хүчний санал, түмний өргөдөл гомдол бүхнийг “Нохой хуцаж л бай, буга идээшилж л бай “ гэсэн чадсан юманд аргагүйгээр бас л 2,5 жилийг барах уу.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 89998856 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ

Categories
гадаад мэдээ

Зимбабвегийн тэргүүн хатагтай асан Г.Мугабег шалгаж байна

Зимбабвегийн тэргүүн хатагтай асан Грэйс Мугабе 2014 онд
социологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр их сургуульд
бүртгүүлснээс хойш хоёр сарын дараа дипломаа гардан авсан гэх. Тухайн үед түүний
нөхөр Зимбабвегийн Ерөнхийлөгч асан Р.Мугабе улсынхаа бүх сургуулийн ректорын
албыг давхар хашиж байж. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Грэйс
Мугабегийн докторын зэрэг горилсон бүтээл ямар нэгэн хэвлэлд одоог хүртээл
нийтлэгдээгүй талаар онцолжээ. Зимбабвегийн Авлигатай тэмцэх асуудлаарх комисс
дээрх хэргийг мөрдөж байна. Учир нь тус улсын нэгэн их сургуулийн социологийн
тэнхимээс гомдол ирүүлсний дагуу хэргийг шалгаж эхэлжээ. Комиссын дарга Гудсан
Нгунийн ярьснаар “Бид хэргийг мөрдөж дуусгасны дараа хатагтайн буруутай нь
тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно” гэсэн байна. Өнгөрсөн оны
арваннэгдүгээр сард дэлхийн хамгийн өндөр настай Ерөнхийлөгч гэгдэж байсан
Р.Мугабег огцруулсан билээ. Үүний дараа Зимбабвегийн дэд Ерөнхийлөгч асан
Э.Мнангагва ирэх наймдугаар сард болох сонгууль хүртэл тус албыг хашихаар
болсон юм.