Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Дэлхийн банкны төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2017.01.11) Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази болон Номхон далайн бүсийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын менежер Филип Окейфийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар болон, нийгмийн халамж, тэтгэврийн шинэчлэлийн тогтолцоо, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцсон.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Хөдөлмөрийн тухай хууль болон нийгмийн даатгалын багц хуулиудад оруулах өөрчлөлт, мөн тэтгэврийн шинэчлэлийн тогтолцоо, нийгмийн халамжийн талаар хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр өмнө хэрэгжүүлж байсан төслүүдийг үргэлжлүүлэх хүсэлт тависан.

Мэргэжлийн боловсрол эзэмшсэн залуучуудыг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд анхаарч буйтай холбогдуулан энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх талаар мөн санал тавилаа.

Дэлхийн банкны Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази болон Номхон далайн бүсийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын менежер Филип Окейф Байнгын хорооны даргын тависан хүсэлттэй ирэх хоёрдугаар сард Монгол Улс даяар хэрэгжүүлж эхлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зорилго нийцэж байгааг хэлээд төслийн талаар танилцуулав.

25 сая доллар, мэргэжил, техникийн туслалцаа үзүүлэх дөрвөн жилийн хугацаатай төслийг тус банкнаас хэрэгжүүлэх бөгөөд гүйцэтгэгчээр Хөдөлмөр, нийгмийнхамгааллын яам ажиллах юм байна.

Талууд хамтын ажиллагааны ойрын хугацааны ажлын чиглэлээр харилцан мэдээлэл өгч, санал солилцсоноор уулзалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Д.Мурат: “Чи ямар 18 настай биш дээ” гэж сургамжилсныг маань тийм муухайгаар мушгисан байх юм

Ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой асуудал шуугиан болж байна. Энэ тухай эрхэм гишүүн огт ам нээгээгүй байгаа билээ. Түүнийг тойрогтоо ажиллаад дөнгөж хотод ирээд байхад нь уулзаж хэл ам болоод буй асуудлын талаар хариулт авлаа.


-Таныг тойрогтоо ажиллаж байх хооронд нэгэн эмэгтэйтэй урьд нь холбогдож байсан гэх асуудал шуугиан боллоо. Та Б.Бахытгүл гэж тэр эмэгтэйг танина биз дээ?

-Танина.

-Сайн таних уу?

-Та ямар утгаар нь асууж байгаа юм болдоо. Олон нийтийн сүлжээнд бичээд байгаа шиг ойр дотно гэвэл ондоо асуудал. Ер нь бол нэг нутаг усны, хамт ажиллаж байсан гэдэг утгаараа бол танилгүй яахав. Үүнийг Баян-Өлгийнхөн маань мэднэ.

-Тэр эмэгтэй таны талаар маш таагүй мэдээллийг нийгэмд тарааж байна. Та харсан байх. Бахытгүлтэй анх яаж танилцсан, ямар харилцаатай байсныг чинь хүмүүс таны амнаас сонсохыг хүсч байна л даа?

-Анх Улаанбаатараас Баян-Өлгийд очсныг нь санаж байна. Аав нь миний удирдаж байсан компанийн цементийн цехэд ажиллаж байсан. Англи хэл гадарладаг эмэгтэй байсан болохоор компанийн англи хэлний орчуулгын ажил дээр туслалцаа авч ажиллуулж байсан л даа.

-Та хоёр ямар харилцаатай байсан юм бэ. Танаас тусламж авч байсан уу?

-Түүнийг өнөөдөр өөрийн биеэр ил гарч ирээд ярилцлага өгснийг нь харсан хүн байгаа юм уу. Дунд нь яг юу болоод байгааг ойлгохгүй байна. Миний бодож байгаагаар тэр эмэгтэй арай ч тийм хэцүү юм ярихаар хүн биш шүү дээ. Хотоос нутагтаа амьдрах гэж очсон түүнд аятай тохьтой ажиллаж амьдрах орчноос нь эхлээд би чадлынхаа хэрээр тусалж дэмжиж ирсэн. Би чинь бусдадаа дэмтэй тустай явахыг боддог хүн. Жишээ нь би сонгогдсоноосоо хойш хувиасаа 180-аад сая төгрөгийг нутгийнхаа өвчин зовлонтой, нийгмийн асуудал нь хүнд хүмүүст зориулчихаад сууж байна. Үүнийг нутгийнхан маань мэднэ. Юу нь болохоо байчихаад ийм хачин яриа гараад эхэлснийг гайхаж байна. Хүн чанараа бодвол, нутгийн олон түмнээ бодвол яавч тийм муухай юм яримааргүй юмаа. Хамгийн гол нь тэр эмэгтэй яг өөрөө сууж байгаад ярьсан тийм дүрс, яриа цаагуур чинь харагдана уу?

-Телевизийн өмнө суугаад ярьж байгааг нь харсан хүн ч алга л даа.

-Харин тийм. Ямар муухай, хүн үнэмшмээргүй мэдээнүүд явж байна вэ. Намайг мэдэх хүмүүс цөөнгүй бий. Би чинь их тайван амгалан, элдэв муу үггүй, мөрөөрөө байхыг боддог хүн.

-Гэхдээ л таныг “16-18 насны монгол охид захаас аваад байна” гэх утгатай мессеж бичсэн гэж тэр эмэгтэй ярьсан байна лээ?

-Ээ… яаж тийм юм байхын бэ /толгой сэгсрэв/. Намайг Их хурлын гишүүн болсны дараа тэр эмэгтэй сүрхий эвгүй үгтэй мессеж бичсэн. Ах нь үнэнийг чамд хэлье. Тэр эмэгтэйн үзүүлээд байгаа, миний бичсэн гээд байгаа тэр мессеж дотор казах хэлээр бичсэн тийм муухай үг огт байхгүй. Үүнийг казах хэл мэддэг хүн бүхэн мэдэж байгаа. Ойлгогдож байгаа ганц үг нь “Чи ямар 18 настай биш дээ…” гэж сургамжилсан үг бий. Энэ мессежийг л наад айхавтар үг чинь болгож, буруу орчуулж мушгисан байна. Казах хэл мэддэг хүмүүс бол зөвөөр нь ойлгоод уншчихсан байна лээ. Мэдэхгүй хүмүүс нь буруу ойлгоод их муухай болчихож. Энэ бүх мессежийг би цагдаад өгч байгаа. Удахгүй үнэн учир нь олдоно. Би ерэн оны эхэн үеэс л бизнес эрхэлж, жирийн ард түмнийхээ дунд ажил амьдралаа эхэлсэн хүн. Надад тийм догшин ширүүн авир байхгүй. Би чинь ёс суртахуунтай хүн шүү дээ. Хэнтэй юу ярихаа мэдэлгүй яахав. Юун жаахан монгол охин… хэлэх ч үг олдохгүй юм.

-Тань руу элдэв мессеж бичиж эхэлсэн нь хэзээнээс юм бэ?

-Намайг Их хурлын гишүүн болонгуут “Ажилд оруулж өг, энэ тэр тусламж үзүүл” гээд мессеж бичих болсон. Би яаж тийм их тус хүргэж чадах вэ дээ. Эхлээд учирлаж байснаа болохгүй болохоор нь жаахан уурлаж эхэлсний хариу нь өнөөдрийн асуудал юм байлгүй дээ. Их хурлын гишүүн болсон хүн бүр ийм байдалд ордог, гүтгүүлдэг бол Монголын төр гэдгийн чинь үнэ цэн, нэр хүнд юу болж хувирах бол. Би үнэндээ өөрөө гэхээсээ илүү олон түмнийхээ итгэлийг авч суусан монгол төрийн нэр төрд сэв суучих вий гэхээс нойр ч хүрэхгүй байна.

-Таны тэр зурагнууд байна?

-Миний нас хэд билээ. Ямар эрүүл ухаантай хүн тийм зураг явуулах вэ дээ. Энэ зурагнууд бол цэвэр эвлүүлэг, гүтгэлэг. Наад зурагнуудыг чинь, ер нь энэ бүх асуудлыг би цагдаагаар шалгуулж байгаа. Би бас л үнэнийг хэлье. Би нэлээн хүнд хагалгаанд орж эмнэлэгт удаан хэвтсэн. Наркозноос гарсан байх үед ар гэр, ах дүүс, найз нөхөд олон л хүн эмнэлгээр ирж, орж гарч, сэтгэл санааг маань өөд нь татаж байсанд би их баяртай байсан. Түүний хүчинд бие маань хурдан эдгэрсэн. Наркозноос дөнгөж гарч байх үед хэн нь миний дэргэд зураг дараад намайг сэргээх гэж хөл болоод байсныг би сайн санахгүй юм. Ирж байгаа хүн бүхэнд баярласан хүн л байгаад байснаас ингэж зураг дараад, түүнийг засч янзлаад сүйд хийчих нь гэж яаж бодох вэ. Миний ажлаас халагдсан туслах байдаг юм. Түүний талаар заримдаа бодох юм. Би гэр рүүгээ явуулахын тулд бие гайгүй болсон хойно өөрөө дарсан зураг ч бий. Хүмүүс минь би муухай харагдаж байж болно, гэхдээ та бүхэн өөр дээрээ ийм явдал тохиолдвол гэж нэг бодож үзээч. Нийгэм маань ямар ч байгаа байж болно, ганцхан хүний зовлонгоор тоглож болохгүй. Тэр зурагнуудын цөөнгүй нь миний эмнэлгийн орчны зурагнууд байна лээ. Миний зовлонгоор жаргал хийж болохгүй, хэнд ч хэзээ ч тохиолдож болох тийм л муухай зүйл өнөөдөр болж байна.

Бас тэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой холбоотой асуудал байна?

-Наадах чинь бол огт боломжгүй, худлаа асуудал. Олон хүн гэрчилнэ. Казахстанд Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлах үед Пүрэвдорж гишүүн бидний олон хүн өндөр хамгаалттай зочид буудалд, өдөр шөнөгүй уулзалт хуралтай байсан. Казахстанд байдаг ганц хоёр хамаатнууд, өндөр настай хүмүүстэйгээ ч уулзаж чадалгүй ирсэн. Яах гэж тийм зохиол ярьдаг байна аа. Ер нь энэ бүх асуудал цагдаад өнөөдөр ид шалгагдаж байгаа, удахгүй бүх үнэн ил тод болно. Тэр хүртэл би тэвчээртэй харж байна. Монголчуудын нэг үг бий, “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоордог” гэж. Тэр үг л бодогдоод байна. Хамгийн гол нь Баян-Өлгийнхөн маань намайг дэндүү сайн мэднэ, өнөө эмэгтэйг бүр сайн мэднэ.Жишээ нь аймаг орон нутгаас маань нэг ч хүн над руу сөрөг мессеж бичихгүй байгаа. Хуулиар үнэн олдтол тэвчээд л сууж байхаас.

-Б.Бахытгүл гэж тэр эмэгтэйтэй сүүлд хэзээ уулзсан бэ?

-Оны өмнөхөн цагдаа дээр уулзсан. Ер нь бол сая л шуугиан болоод байгаагаас бус сүүлийн хэдэн сар намайг элдвээр хэлж бичсэн эмэгтэй. Харсан хүмүүс олон л байгаа байх. Тэр эмэгтэйн авир ааш нэг л хэтрээд байх шиг болохоор нь нэр төрд маань халдаж байна гэж үзээд би хуулийн байгууллагад албан ёсоор хандсан юм. Бид хоёрыг цагдаагаас албан ёсоор дуудаж хоёр талаас уулзсан. Тэр үед тэр эмэгтэй ихэд сандарч, тэгсэн ингэсэн, тэгэхгүй ингэхгүй гээд гарын үсгээ зурж өгсөн бичгүүд нь одоо мөрдөн байцаагч дээр байгаа. Хуулийнхан үнэнийг хурдан тогтоохын төлөө ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хуулиар тогтоосны дараа би үнэн бодит явдлыг ний нуугүй, ийм юм болсон юмаа гээд сайн хэлж ярина. Тэр эмэгтэй ч гэсэн, би ч гэсэн, ер нь над руу дайрч доромжилж байгаа хүмүүс бүгдээрээ бид Монгол Улсын хуулийн дор л амьдарч байгаа. Хуулиар батлагдаж, нотлогдоогүй бүгдэд нухацтай хандаарай. Би ийм л бодолтой явж байна.

П.ЧУЛУУН

Categories
мэдээ нийгэм спорт

Үндсэн хуулийн ойн барилдаан болно

Үндсэн хуулийн ойн барилдаан болно зурган илэрцүүд

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 13-ны бямба гаригт 14.00 цагаас Бөхийн өргөөнд болно. Барилдаанд зодоглох бөхчүүдийг өнөөдөр, маргааш 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэж байгаа аж. Бөхчүүд МҮБХ-ны “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” фэйсбүүк хуудсанд хандан бүртгүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ХОНЖВОРЫН ДООД ДҮН 50.000 ТӨГРӨГ БОЛЛОО

Сангийн сайдын 2017 оны XII сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн баталжээ. Энэ хэмжээ нь 2018 оны I сарын 21-ний өдөр явагдах 2017 оны XII сарын 1-31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй юм.

НӨАТ-ын сугалааны хонжворын дүн нэмэгдсэнээр,

  • 3 орон тохирсон бол 20 мянган төгрөг хождог байсан нь 50 мянган төгрөг болж нэмэгдэв.
  • 4 орон таарсан бол 100 мянган төгрөг хождог байсан нь 200 мянган төгрөг болж нэмэгдэв.
  • 5 орон тохирсон бол 500 мянган төгрөг хождог байсан нь 1 сая төгрөг болж нэмэгдэв.
  • 6 орон тохирсон бол 4 сая төгрөг хождог байсан нь 5 сая төгрөг болж нэмэгдэв.
  • 7 орон тохирсон бол та 20 сая төгрөг хождог байсан нь 10 сая төгрөг болж буурав.
  • 8 орон тохирсон бол та 100 сая төгрөг хождог байсан нь 50 сая төгрөг болж буурав.

Мөн сугалааны супер шагналтан өмнөх сард тодроогүй бол 50 сая төгрөгөөр нэмэгддэг байсныг 25 сая төгрөг болгож бууруулжээ.

Categories
мэдээ спорт

ОХУ-ын 42 тамирчин Олон улсын шүүхэд хандлаа

Зураг

Бүх насаараа Олимпийн наадамд оролцох эрхээ хасуулсан ОХУ-ын 42 тамирчин Швейцарийн Лозанна хот дахь Спортын асуудал эрхэлсэн Олон улсын шүүх /CAS/-д хандлаа. Олон Улсын Олимпийн Хороо /ОУОХ/ 2014 оны Сочигийн Өвлийн Олимпоос медаль хүртсэн ОХУ-ын зарим тамирчныг сэргээш хэрэглэсэн хэмээн үзэж, тэдний гаргасан амжилтыг хүчингүйд тооцон бүх насаараа Олимпийн наадамд оролцох эрхийг нь хассан билээ. Тэгвэл эрхээ хасуулсан ОХУ-ын 42 тамирчин CAS-д хандсан бөгөөд энэ сарын 9-ны өдөр шүүх тэдний өргөдлийг хүлээн авснаа мэдэгджээ. Спортын асуудал эрхэлсэн Олон улсын шүүх ОХУ-ын тамирчдын асуудлыг энэ сарын 22-28-ны дотор хэлэлцэх бөгөөд нэгдүгээр сарын 31-ний өдөр гэхэд тамирчин тус бүрийн асуудалд хариу өгөх аж. ОУОХ 2014 оны Сочигийн Өвлийн Олимпоос шагнал хүртсэн ОХУ-ын 46 тамирчныг сэргээшийн хэрэгт буруутгасан. Гэвч хэргийг шалгах явцад тэшүүрчин Денис Юсков болон хоккейчин Анна Шохина нар буруугуй нь тогтоогдсон бол урган гулгалтын тамирчин Олимпийн аварга Аделина Сотниковагийн хэрэг хаагдаж үлдсэн 42 тамирчныг ОУОХ хатуу шийтгэсэн билээ. Дашрамд дурдахад 2014 оны Сочигийн Өвлийн Олимпийн сэргээшийн асуудлаас болж ирэх сард БНСУ-ын Пёнчан хотноо болох 2018 оны Өвлийн Олимпийн наадамд ОХУ-ын баг тамирчид улсынхаа нэрийн өмнөөс оролцох эрхээ хасуулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Жавхлан, М.Амарболд нарын хэргийг прокурорт буцаахаар болжээ

Д.Жавхлан, М.Амарболд зурган илэрцүүд

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байх “Очир” төвийн зочид буудалд өнгөрсөн VIII сарын 23-ны өдөр 13 настай охин амь насаа алдсан хэрэг гарсан. Хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж байгаа. Хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд боллоо. Улмаар тус шүүхээс Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн хэлэлцээд хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн 10.1-2.7, 10.1-2.11, 17.2-1-д зааснаар буруутгаж буй юм.

Тус зүйл заалтад:

10.1-2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхдийн аминд хүрсэн

10.1-2.11 бүлэглэж аминд нь хүрсэн

17.2-1 Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд зөвлөгөө өгөх 24 цагийн үйлчилгээ эхэллээ

Зураг

ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс иргэдэд зөвлөгөө өгөх 24 цагийн үйлчилгээ эхэллээ. Иргэд гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө авахыг хүсвэл ЦЕГ-ын Гэрч ,хохирогчийг хамгаалах хэлтсийн 94319118, 88319119 дугаарын утас ру узалгаж болно. 24 цагаар дуудлага хүлээн авч зөвлөгөө, мэдээллийг өгч байна гэж ЦЕГ-ын Хэвэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Долдугаар сарын 1-нээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шинэчилнэ

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг VII сарын 1-нээс эхлэн шинэчлэхээр болжээ. Авто тээврийн үндэсний төв болон Зам тээвэр, хөгжлийн яамны холбогдох мэргэжилтнүүд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Автомашины дугааржуулалтыг үсэг, тэмдэглэгээ буюу дөрвөн орон тоо, үсгийг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор MNS 4410:2002 гэсэн стандартыг өнгөрсөн онд баталжээ. Тээврийн хэрэгслийн дугаарын шинэчлэлээр хуучин хэрэглэгдэж байсан дугаарын үсгийг латин 11 үсгийн тэмдэгтэд багтаан өөрчлөх бөгөөд дугаарын хэмжээ, өнгөнд хувьд өөрчлөлт орохгүй. Тээврийн хэрэгслийнхээ дугаарыг солиход одоо хэрэгжиж байгаа улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авахаас бус бусад нэмэлт төлбөр авахгүй аж.

Categories
мэдээ нийгэм

“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээ хэрэгжинэ

Зураг

Хүн амын дундах давсны хэрэглээг бууруулах зорилгоор ХХААХҮЯ-наас “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх болжээ.

Энэхүү арга хэмжээг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад ХХААХҮЯ, ЭМЯ болон аж ахуйн нэгжүүдийн 150 гаруй төлөөлөл оролцов. Дээрх арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн дэх давсны агууламжийг бууруулах, давсны хэрэглээний стандарт, дүрэм, журмыг боловсруулах, хүн амын дундах давсны хэрэглээг багасгах нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

ДЭМБ-аас нэг хүн хоногт дунджаар 5-6 грамм давс хэрэглэх зөвлөмж гаргасан байдаг. Гэвч Монгол Улсад 2.5 дахин их буюу 11.5-11.5 грамм байна. Мөн аймаг бүрийн онцлогоос үүдэн давсны хэрэглээ өөр байгаа юм. Тухайлбал, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт нэг хүн хоногт 15 грамм давс хэрэглэдэг бол Дорнод, Сүхбаатар аймагт 7.7 грамм байгаа аж. Давсны хэрэглээ өндөртэйгөөс үүдэн хүн амын дундах нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин буюу цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалт эзэлж байгаа юм. Тиймээс хүн амын давсны хэрэглээг бууруулах шаардлага зүй ёсоор тулгарсан гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг танилцуулав.

Тэрбээр, “2015 онд баталсан Засгийн газрын тогтоолоор 2025 он гэхэд Монгол хүний давсны хэрэглээг 30 хувиар бууруулна. Үүний тулд нэн тэргүүнд үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн болон нийтийн хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулах ёстой. Энэ чиглэлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс санал, санаачилга гарган ажиллаж байна. Тухайлбал, 2011 оноос хойш “Талх чихэр” компани 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулсан. 2014 оноос “Мах маркет” компани гурван нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг 40-60 хувиар бууруулсан. Энэ мэт сайн туршлагыг бусад аж ахуйн нэгжүүдэд хүргэхийг зорьж байна” гэлээ.
Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг нийтэд дахин түгээвэл эгүүлэн татах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав “Оюу толгой” ХХК-ийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл уг асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Манай яамны дэд сайд Д.Загджав “Оюутолгой”-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ энэ нь манай яамны, сайдын байр суурь биш. Мөн Засгийн газрын байр суурь биш гэдгийг онцолъё. “Оюутолгой”-д ажлын хэсэг хоёр сарын турш маш сайн ажилласан. Ерөнхийлөгч өчигдөр телевизээр Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг солих талаар ярьж байна лээ. ТУЗ бол ТУЗ шигээ ажиллах ёстой. Бүгдээрээ үлбэгэр байна. Засгийн газар Рио Тинтод 6.5+лайбор=8.4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

Эхний ээлжинд энэ асуудлуудад анхаарна. Дубайн гэрээг өөр улсад байгуулсан нь шүүмжлэл дагуулдаг. Миний хувийн бодлоор Оюутолгойд худалдагдсан олон хүн бий. Засгийн газрын боловсруулсан мэдээ, мэдээллийг очиж, тэр айлд худалддаг, эрх баригчид Оюутолгойтой холбоотой ямар нэг асуудал шийдэх гэхээр урьдчилан нийгмийн сэтгэл зүйг өөр тийш нь чиглүүлэх зорилгоор элдэв мэдээлэл тараах явдал их элбэг байна. Өнөөдрийн хоолноос илүүтэй ирээдүйн ашгаа бодолцох нь зөв. Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эгүүлэн татах асуудлыг би Засгийн газрын хуралдаанд оруулна. Хувь хүний тоглолт хийж болохгүй” гэв.