Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Содбаатар: Татвар, тэтгэврийн насыг нэмсэн асуудлаар Засгийн газар, ОУВС-тай ярилцах ёстой

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Монгол Улсын Засгийн газар УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авахаа мэдэгдсэн. Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 10 хувийг хувьцаа хэлбэрээр олгохоо мэдэгдлээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар УИХ өнгөрөгч онд шийдвэрээ гаргасан. Тус үйлдвэрийн хувьцааг худалдан авах ажиллагаа хуулийн дагуу явсан гэж би л хувьдаа бодож байгаа. Аль аль талынхаа эрх ашгийг хангасан гэж ойлгож байна. Хоёр тал харилцан суутгах замаар хөрөнгийн асуудлыг шийдэхээр болсон. Цаашид Эрдэнэт үйлдвэрийг хэрхэн авч явах вэ гэдэг дээр шийдвэр гаргах хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэр ХХК биш ХК болж байж компанийн засаглал нь сайжирна. Эрдэнэтийг дагасан хардлага нийгэмд маш их байдаг. Засгийн газар тодорхой хувийг нь иргэддээ давуу эрхийн хувьцаа болгож олгох, Эрдэнэт үйлдвэрийг сайжруулах хүрээнд энэ шийдвэр гарч байгаа гэж ойлгож байна. Үүнийг бодитоор хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Мөн шүүх, хуулийн байгууллагынхан бага оролцоосой гэж хүсч байгаа.

-Улсын дээд шүүх оны өмнө 49 хувийг эзэмшигч Монголын зэс корпорацийн талд шийдвэр гаргачихаад байхад Засгийн газар дээрэм хийлээ. Шүүхийн шийдвэрээс давсан тогтоол гаргалаа гэсэн шүүмжлэл байна л даа. Энэ хүрээнд Лондонгийн арбитрт хандана гэсэн зүйл яригдаад эхэллээ…

-Миний хувьд Засгийн газар шүүхийн шийдвэрийг биелүүллээ гэж ойлгож байгаа. Учир нь шүүхийн шийдвэр бичгээр ирэхдээ тодорхой хуулийн заалт зааж, УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэхдээ ийм ийм хуулийн заалт зөрчсөн байна гэсэн хуулийн заалтыг нь засаад, хуулийн хэрэгжилтийг хангасан. Бүртгэл хийсэн, ТУЗ-ийг сонгосон, компанийн хэлбэрийг өөрчилсөн зүйлсийг хуульд нийцүүлсэн гэж ойлгож байна. Аливаа орны дээд шүүх УИХ-ын тогтоол, шийдвэр дээр шийдвэр гаргадаггүй. УИХ эцсийн шийдвэрээ гаргасан. УИХ-ын гаргасан шийдвэрийг шүүх авч хэлэлцдэггүй. Тиймээс УИХ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахдаа тооцоо судалгаагаа тулгах, хөрөнгө оруулагчдын эрх ашиг, гарсан зардлыг нь бизнесийн зарчмаар шийд гэж явуулсан.

Тухайн компани хохиролгүй, Монголын төр шийдвэрийн биелэлтээ хангаад явж байна. Хаа хаанаа хонь бүтэн гэгчээр асуудал шийдэгдсэн гэж харж байгаа.

-Засгийн газар, Монголын зэс корпорацийнхантай хэлэлцээр дуусаагүй мэдээлэл солилцох шатанд шийдвэр гаргасан гээд байгаа. Та болохоор хоёр тал адилхан хохиролгүй үлдэж байна гэх утгатай зүйл ярих юм?

-Засгийн газар хуулийн дагуу гаргалгаагаа гаргасан гэж ойлгож байгаа. Монгол Улсын нэр хүндээр бий болсон өмнөх нийгмийн үеийн томоохон баялгийг хувьчлахдаа бид алдсан. Өмнөх нийгмийн үеийн арьс ширний үйлдвэр, хөнгөн үйлдвэрүүд хаа байна. Хувьчлал нэрийн доор нэг нэг хүн аваад алга болсон. Тэндээс хэвийн үйл ажиллагаагаа явуулдаг цөөн компани л бий. Тиймээс цаашид Эрдэнэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой улс хоорондын хэлэлцээр, Монголын ард түмний нэр хүнд, эрх ашгаар баталгаажсан үйлдвэрүүдийг хувьчлах асуудал дээр олон түмнийхээ санал бодлыг сонсож байж шийдэх ёстой.

-Ард түмэндээ Эрдэнэт үйлдвэрийн 10 хувийг ямар зарчмаар эзэмшүүлэх юм бол?

-10 хувь гэдгийг нь мэдэхгүй. Хэдэн хувийг нь эзэмшүүлж, хувьцаа нь ямар нэртэй байх вэ, хэрхэн албажуулах вэ гэдгийг нь шийдвэрлэхээр ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг удахгүй Их хуралд асуудлаа оруулж ирнэ гэж ойлгож байгаа.

-Хувьцаа гаргаад ард түмний гарт очих боломж хэр байгаа бол. Өмнө нь манайхан Эрдэнэс Таван толгойн 1072 хувьцаа гээд баахан шуурсан ч өнөөдрийг хүртэл ямар ч үр дүнд хүрээгүй л байна…

-Эрдэнэс Таван толгойн 1072 хувьцааны асуудлыг С.Батболд Ерөнхий сайдын үед батлаад, араас нь Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаад явах байтал өнгөрсөн дөрвөн жил зогссон. Үүнээс улбаалж хувьцааны ногдол ашиг, хувьцааг амилуулах ажиллагаа бүгд унтарсан. Эрдэнэс Таван толгой ашигтай ажиллаад эхэлбэл 1072 хувьцааны ногдол ашгийг өгч эхлэх байх. Тэгэх ч шаардлагатай. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч, Эрдэнэс Таван толгойн өр зээлийг барагдуулан дуусч байна. Тиймээс 1072 хувьцаагаа иргэдийнхээ нэр дээр албажуулаад, бүртгэл тооцооны газраар баталгаажуулна. Үүнийг дагаад ногдол ашиг хуваарилна шүү дээ. Нэг үгээр хэлбэл сонгодог утгаар нь хувьцаат компанийн хэлбэр рүү явуулах ёстой.

Монгол Улс цаашид нээлттэй хувьцаат компанийн хэлбэрийг яаж бий болгох юм, өмч хөрөнгөө хөрөнгийн биржээр дамжуулан яаж эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ гэдгээ өргөн хүрээнд ярих ёстой. Удахгүй Засгийн газар төрийн өмчийг хувьчлах бодлого, жагсаалтаа Их хуралд оруулж ирэх байх. Тэр үед бодлогын зүйлс яригдах болов уу.

-Нөгөө талдаа Эрдэнэтийн 51 хувь манайд байна уу. Хэрүүлтэй ч гэсэн 49 хувиа бид Монголын талдаа эргүүлж авлаа. Гэтэл 51 хувь нь Өмнөд Африкийн Стандарт банкны барьцаанд байгаа юм биш үү. Үүнд анхаарал хандуулахгүй юм уу?

-Тийм зүйл байхгүй. Сүүлийн үед улс төрийн намууд, улстөрчид улс төр хийж байгаа нь энэ гээд буруу мэдээллийг их өгч байна. Мэдээллийн буруугаас болж нийгэмд буруу ташаа мэдээлэл түгэх болсон. Сүүлийн 5-6 жил Стандарт банктай холбоотой асуудал яригдаж байгаа. Арбитр байна уу хаагуур явдаг юм тэр газраараа яваад буруутай этгээдүүд нь хариуцлагаа үүрээд явна. Эрдэнэтийн хувь, хувьцаа алга болох, гадныхан орж ирэх ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан дуулианаа дарахын тулд нөгөө талд нь ийм асуудал үүссэн мэтээр нийгмийн анхаарлыг хандуулах гэсэн оролдлого.

-Татварын нэмэгдлийн асуудал олны анхаарлын төвд байна. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэгдсэн, он гараад мөн хоёр төрлийн татвар нэмэгдлээ. Ялангуяа Хувь хүний орлогын албан татвар нэмэгдсэн нь маш их бухимдал дагуулж байна. Эргэж харах ёстой гэдэгтэй санал нэг байна уу?

-Яагаад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон юм.

-Эдийн засгийн асуудлаас болоо биз дээ?

-Тэр үед нийгэм эдийн засгийн амьдралаа хэвийн аваад явах боломж байсан юм уу. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр бондын эргэн төлөлтүүд болох гурван их наяд орчим төгрөгийг дотоод нөөц боломжоороо төлж чадах байсан уу. Хэн тэр өр зээлийг тавьсан бэ. 2016 онд МАН 65 суудалтай болж парламентад орж ирэхэд эдийн засгийн ямар нөхцөл байдлыг хүлээлгэж өгсөн юм бэ. Үүнийг мэдэхгүй байгаа юм уу. Тэр тухай нь бид бага ярьж байж гэж бодогдож байна. Гадаад талдаа холбоо харилцаа тогтооё гэхээр “Та нар дөрвөн жил худлаа ярьсан. Танай эдийн засаг, санхүүгийн бодлогод итгэхгүй байна. Та нар бондын эргэн төлөлтүүдээ төлж чадахгүй гэж бодож байна. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагд” гэж байсан. Ардын намынхан ОУВС-гийн хөтөлбөр авчихсан юм биш. Ардчилсан намын үед ажлын хэсэг нь ирээд ажиллаж байсан. Хэрэв Ардчилсан нам ялсан бол ОУВС-гийн хөтөлбөрийг авах байсан юм. Тэд ямар ч гарц үлдээгээгүй. Сонголттой байсан бол өөр сонголт хийж болох байсан л даа. Даанч сонголт байсангүй. ОУВС-гийнхан өөрсдөө ирээд “Татвар нэм, ингэ, тэг” гээд байгаа юм байхгүй. Бид гуйгаад хамтарсан шинжилгээ хийгээд нөхцөл байдлаа сайжруулах, олон улсад дефолт зарлачихгүйн тулд яах вэ гэдгийг ярилцсан. Зарчмын хоёр гурван зүйл хэлсэн. Орлого илүү олж байгаа хэсгээсээ татвар ав. Орлого багатай, эмзэг бүлэгтээ нийгмийн хамгааллын бодлого явуул, хүүхдийн мөнгийг хавтгайруулж олгохгүй, орлого олдог хэсгийнхээ хүүхдийн мөнгийг боль. Тэндээс хэмнэгдсэн мөнгөөрөө орлого багатай хэсгийн хүүхдүүддээ хүнсний талон болгоод нэмээд өгчих. Төсвийн алдагдал 18 хувьтай өндөр байгаа үед шинэ орлогын эх үүсвэртэй болох ёстой. Шинэ эх үүсвэртэй болохын тулд өндөр цалинтай хүмүүсийн нийгмийн даатгал, банкны хадгаламжийн хүүнээс татвар авч шинэ эх үүсвэр бий болго, санхүүгийн сахилга батыг сайжруул, банкны систем зөв явах ёстой гэсэн юм.

-ОУВС-тай дахин тохиролцох зүйлс бий гэж байгаа. Тухайлбал, татвар байна…

-У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад ОУВС-тай хэд хэдэн зүйлүүдийг шинээр ярилцаж эхэлсэн. Тухайлбал, малчны тэтгэврийн насыг наашлуулах хуулийг энэ сарын нэгнээс эхлэн мөрдөх, тэтгэврийг энэ оны эхнээс нэмэхээр болсон. Мөн татвар, тэтгэврийн насыг нэмсэн асуудлаар Засгийн газар ОУВС-тай ярилцах ёстой. ОУВС нэрийн доор байдаг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн байгууллагуудад бид өөрсдийгөө зөвөөр ойлгуулах шаардлагатай. ОУВС-гийн ажлын хэсгийнхэн ирж дүн шинжилгээ хийж байсан үеэс манай эдийн засаг харьцангуй хурдан сэргэж байна. Хасах нэг хувьтай байсан эдийн засаг 5.8 хувийн өсөлттэй гарч, энэ ондоо найман хувийн өсөлттэй гарахаар байгаа. Эдийн засаг бодсоноос хурдан сайжирч байгаа болохоор зарим татварыг болиулах гэх мэтчилэн зарим бодлогын зүйлсээ ОУВС-д тавих ёстой.

ОУВС-гийн нэрэн доор л яригдаад байгаа болохоос тэтгэврийн нас нэмсэн, Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгосон асуудал Ардчилсан намын дарга С.Эрдэнэ анх оруулж ирсэн. С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байхдаа “Тэтгэврийн насыг 65 болгохгүй бол болохгүй байна. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгохгүй бол тэтгэврийн сан хоосорчихоод байна” гэдэг байсан. Тиймээс С.Эрдэнийн бодлогоор л явж байгаа шүү дээ. Төрийн залгамж чанар гэж байдаг. Тэр хүрээнд Ардчилсан намын дарга С.Эрдэнийн бодлого явж байгаа. Шийдвэр гаргах нь аль аль засгийн үед гараад явсан. 2020 оноос тэтгэврийн сан хоосрох тул хүссэн ч, эс хүссэн ч энэ замаар явна. Тэтгэврийн шинэчлэлийн 20 жилийн бодлогыг С.Эрдэнэ батлуулсан.

-Энэ бүхэндээ анхаарч цэг тавихгүй бол Засгийн газрыг огцруулж, Их хурлыг тараана гээд байгаа л даа…

-Засгийн газрыг огцруулна. Их хурлыг тараана гээд байгаа нь Ардчилсан нам дотроо хөлөө жийлцэж, нам доторх уур амьсгалаа дарахын тулд ард иргэдийн амьдралаар бооцоо тавин тоглох гэж оролдож байна. Шонхор, МоАХ-ынхон нь бусад фракциудаас ирж буй дайралтуудыг давж гарахын тулд том улс төр хийж ард нь гарах гэж зүтгэж байгаа юм. Ардчилсан нийгэмд ард түмний сонголтоор гарч ирсэн парламент, тэр парламентын баталсан Засгийн газар хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа үед Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авах гэж оролдож байгаа нь хууль зөрчиж байна. Ард түмнийг уриалан дуудаж, үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч болсон Ерөнхийлөгч нь үүнийг дэвэргээд байж болохгүй. Сөрөг хүчний зүгээс шүүмжлэл байж болох ч хуулийн заалтуудыг давж гишгээд эхэлбэл Монголын төр хуультай гэдгээ мэдрүүлэх ёстой. Ард түмэн энэ парламентад итгэл үзүүлэхгүй гэж байгаа бол өөр асуудал. Цөөн хүн улс төрийн эрх мэдлээ алдсандаа ард түмнийг хууль зөрчин турхирч, нийгмийн сэтгэл зүйг угаана гэж байгаа нь маш ноцтой асуудал.


Categories
мэдээ нийгэм

Ахлагчийн сургуулийн сонсогчид “дамжаа сурталчлах аян” зохион байгуулжээ

Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн “Аврагч, гал сөнөөгч” мэргэжлийн 411, 412 дугаар дамжаанаас санаачлан “Дамжаа сурталчлах аян”-ыг 2018 оны 01 дүгээр сарын 05-11-ний өдрүүдэд “Аврагч, гал сөнөөгч”, “Аврах, гал унтраах авто машины жолооч”, “Холбооны бага мэргэжилтэн” бэлтгэх 411-416 дамжааны нийт 210 сонсогчийн дунд амжилттай зохион байгуулжээ.

Аяны хүрээнд “Цэвэр агаар-Эм” явган аялал, “Цасны сумо”, “Олс таталт”, “Хөгжөөнт буухиа”, “Дартс”-ын нөхөрсөг тэмцээн болсон байна. Мөн “Аяга аарц-Амжилт” өдөрлөгөөр Ахлагчийн сургуулийн албан хаагчид, Их сургуулийн гадна талбайн үйлчилгээний ажилтан болон Хилчний гудамжны авто зам дээр цэвэрлэгээ хийж байгаа “Тохижилт үйлчилгээний газар”-ын ажилчдад халуун аарцаар дайлжээ. Түүнчлэн “Номын сайн нөхөр” ном солилцох өдөрлөгийг зохион байгуулж, нийт 70 орчим уран зохиолын номыг сонсогчид солилцжээ.

Categories
мэдээ цаг-үе

АТГ-ын албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэх: Оффшор бүсэд бүртгэлтэй хүмүүс энэ сарын 4-ний өдөр дансаа хаалгаж, АТГ-т мэдэгдэх ёстой

Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа төрийн томоохон албан тушаалтнуудыг хөрөнгөө энэ сарын 4-ний өдрөөс өмнө эргүүлэн татахыг АТГ-аас сануулж өчигдөр албан ёсоор мэдэгдэв. Оффшор бүсэд данс эзэмшиж буй хүмүүст АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаа өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдэгдсэн.

Тэгвэл энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс тодрууллаа.

-АТГ-аас нийтийн албан тушаалтан оффшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох, дуусгавар болгох арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлсэн байна. Энэ талаар тодорхой хэлж өгнө үү?

-2017 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалт буюу хуулийн гуравдугаар бүлэгт “Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт” нэмэлтээр орсон.

Мөн Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 326 дугаар тогтоолоор оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Люксембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг 15 улс нэмэгдэж орсон бөгөөд уг хуулийн хэрэгжилтийн талаар тус газраас холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлээд байна.

-Манай улсаас хичнээн бүсэд оффшор данс эзэмшигч бүртгэлтэй байгаа вэ. Тэднийг оффшор бүстэй холбоотой үйл ажиллагаагаа маргааш буюу 2018 оны нэгдүгээр сарын 4-нөөр дуусгавар болгохыг, дансаа хаахыг даалгаж байгаа гэсэн үү?

Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон хамаарал бүхий этгээдийн нэр дээр оффшор бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан тохиолдолд гурван сарын дотор нээлгэсэн банкны дансаа хаалгах, банканд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг авч, хөрөнгө, орлогын мэдүүлэгт орсон нэмэлт өөрчлөлтийн талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй юм. Энэ хүрээнд Засгийн газрын 2017 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр тогтоолоор батлагдсан, өөрчлөлт ороогүй оффшор бүсэд хамаарах Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант Улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутгийн хувьд 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн дотор нээлгэсэн банкны дансаа хаалгах, банканд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх нь дуусгавар болж, мөн хоёрдугаар сарын 4-ний дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх зохицуулалттай.

-Засгийн газрын 244 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага ногдуулах вэ?

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуульд заасан хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлэгт орсон нэмэлт өөрчлөлтийн талаар Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, бүртгүүлээгүй албан тушаалтныг мөн хуулийн дагуу нийтийн албанаас халах, албан тушаалтныг эргүүлэн татах хүртэл хариуцлага хүлээлгэхээр хуулиар зохицуулсан болно.

Мөн хууль хяналтын байгууллага гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогоо оффшор бүсэд байршуулсан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн иргэн, хуулийн этгээдийг илрүүлэх чиглэлээр холбогдох ажиллагааг явуулдаг. Иймд Оффшорбүсэд хууль бус мөнгөн хөрөнгө байршуулсан, хууль бусаар олсон хөрөнгөөр хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нь гэмт хэргийн шинжийг агуулсан бол Эрүүгийн хуулийн зохих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй.

-Одоогоор манай улсаас хичнээн хүнийг оффшор бүсэд хамааралтай, данстай хэмээн шалгаж байна вэ?

-Оффшор бүсийн асуудлаар Авлигатай тэмцэх газар 2017 оны найм дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хэрэг нээсэн. Олон улсын сэтгүүл зүйн нийгэмлэг /ICIJ/ цахим хуудсандаа оффшор бүсэд данс эзэмшдэг аж ахуйн нэгж, компани, хүмүүсийн мэдээллийг дэлгэж, улмаар 170 орны 130 мянга орчим этгээдийн 2.5 сая мэдээлэл ил болсон. Үүний дагуу судалгаа хийж үзэхэд “Монгол Улс” гэсэн бүртгэлээр нийт 49 буюу 48 иргэн, нэг аж ахуйн нэгжийн мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Нарийвчилсан шалгалтаар Монгол Улсын 29 иргэний нэр дээр бүртгэлтэй 42 аж ахуйн нэгж тодорхойлогдсон. Эдгээрээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд байсныг ХАСХОМ-ийг хянан үзэхэд оффшор бүсэд данс эзэмшдэг талаараа тусгаагүй байгаа. Гэвч Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хийсэн шалгалтаар үүнийг тогтоосон. Сүүлд задарсан “Парадайз паперс”-ийн мэдээллээр манай улсын 16 хүний мэдээлэл ил болсон. Эдгээр хүмүүст холбогдох хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Э.Баатар

Categories
мэдээ цаг-үе

Дархан аварга А.Сүхбатаас хойш бөх сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж буй хүчтэн Төрөөгийн Баасанхүү

Монгол өв соёлын томоохон дархлаа болсон монгол үндэсний бөхийн барилдаан бол ард түмэн бидний цэнгэл баярын өлгий байдаг. Харамсалтай нь энэ сайхан цэнгэл баярын өлгий болсон монгол үндэсний бөхийн барилдаан маань сүүлийн үед мохож үгүй болж байна гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Учир нь өнөөдөр монгол үндэсний бөхөд үзэгчдийг уулга алдуулсан уран хурц дайчин барилдаан, торгон мэдрэмж гэсэн ойлголт бараг үгүй болжээ. Зарим тохиолдолд нэгийн даваанд улсын том цолтой бөхчүүд учраа залуучуудтайгаа барьц сонгох хүртэл энэ тэнцүүхэн, ач тач үзэлцэж, бүр өвдөг шороодох нь ч харагдах юм. Энэ бол маш эмгэнэлтэй явдал юм л даа. Дээр үеийн аварга, арслангууд нэг болон хоёрын давааны учраануудтайгаа барилдахдаа төдийлөн удалгүй гуд гуд татаад л туг тойрдог байсан шүү дээ. Үүний баталгаа нь монгол бөхийн түүхэнд “гарлаа давлаа” нэрээр алдаршсан гавьяат тамирчин, дархан аварга Дарийн Дамдин юм аа. Мөн хорьдугаар зууны манлай монгол бөх, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хорлоогийн Баянмөнх нэгэн ярилцлагадаа “Би энэ жилийн наадмын тав, зургаагийн даваанд хэнтэй барилдлаа даа” гэж хэлсэн нь бий. Учраа бөхөө шүргээд л өнгөрдөг байсан нь эндээс илхэн харагдаж байна. Гэтэл өнөөдөр жин масс ихтэй, бүдүүн гуятай бөхчүүд хэн хэнийхээ мэх хийхийг хүлээгээд хараад л зогсдог болжээ. Бөхөө дээдэлдэг, бөхдөө хайртай, шимтэн үзэж цаг заваа зардаг ард түмэн ийм барилдаан хүсдэггүй шүү дээ. Яг ийм үед үндэсний бөхийн барилдааныг нэгэн шинэ дэвшилд хүргэж өөрийн уран, дайчин, мэдрэмжтэй барилдаанаараа гайхуулж яваа хүчтэн бол Увс аймгийн Тэс сумын харьяат “Кориа оптик Монголиа” компанийн бөх улсын харцага Төрөөгийн Баасанхүү гэж залуу. Дэвшилд хүргэсэн гэхийн учир нь монгол бөхөд харагдаж үзэгдэхээ больсон ховор мэхүүдийг хийж шинэ үеийн бөх сонирхогчдод харуулж таниулж буй хүчтэн бол улсын харцага Т.Баасанхүү юм. Өөрөөр хэлбэл “Бөх морь хоёр жижигддэггүй” –н жишээг сүүлийн үед тод томруунаар харуулж буй хүчтэн юм даа.

Тэрээр бөхийн орчинд өссөн бөгөөд өсвөр насандаа жүдо болон самбо бөхөөр хичээллэж байсан залуу нэгэн овооны наадамд барилдаж түрүүлээд бөх болохоор шийдэж 2004 оноос бөхийн бэлтгэл хийж эхэлжээ. Харин 2009 онд Увс аймгийнхаа баяр наадамд өөрийн төрсөн ах Т.Мягмаржавтайгаа үлдэж үзүүрлэснээр аймгийн заан цол хүртэж анхны томоохон амжилтаа гаргажээ. 2011 оны хавар цаг байсан санагдаж байна. Орхон аймагт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаа, улсын заан М.Өсөхбаяр, Ч.Батзориг, Д.Амгаланбаатар нараар ахлуулсан хүчит 64 бөх барилдахаар бүртгүүлжээ. Сонирхолтой нь барилдааны түрүү үзүүр булаацалдахаар аралтай заан Ц.Мягмарсүрэнтэй Увсын жижигхэн туранхай аймгийн заан шалгарч үлдсэн нь өнөө цагийн монгол бөхийн дэвжээг уран, дайчин барилдаанаараа чимж буй улсын харцага Т.Баасанхүү байжээ. Энэ барилдааны дөрвийн даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын хүчтэй гарьд Д.Рагчааг, тавын даваанд тухайн үед улсын наадмын түрүү бөхийн тааварт яригдаж байсан Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаярыг тунаж даваад хамгийн сүүлд Ховд аймгийн Мөст сумын харьяат улсын заан Ц.Мягмарсүрэнг элдэвтэй барилдаанаараа илүүрхэж түрүү бөхөөр тодорч бөхийн ертөнцөд шуугиан тарьсан даа. Дараахан нь 2012 оны зун Өмнөговь аймгийн наадамд очиж нутгийн бөх улсын начин Б.Шоовдорын хүү Дарханбатаар найм даван түрүүлж аймгийн арслан болсон байдаг. Цол дагаж бяр нэмсэн залуу арслан Монгол бөхийн өргөөнөөс зохион байгуулсан “Нутгаан дуурсгана” тойргийн барилдаанд Увс аймгийн “Увс нуур” дэвжээгээ төлөөлөн 54 барилдаан хийхдээ 47 даваа авч тэргүүлсэн. Уул нь энэ барилдаанд Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын шилдгүүд тус тусын нутгаа дуурсгаж хүч үзсэн ч Тэсийн залуугаас давсан амжилт үзүүлж чадсангүй.

Тэрээр өсвөр насандаа нэгэн цагт монгол бөхийн дэвжээг чимж явсан зургаан залуу зааны тэмцлийг харж, тэр дундаа уран барилдаант дархан аварга А.Сүхбатын элдэвтэй барилдааныг биширч өссөн талаараа ярьж байв. Харин түүний гаргасан амжилтуудыг дархан аварга А.Сүхбат өндрөөр үнэлж том найдвар хүлээлгэж “Ирээдүйн аварга” шагналаа гардуулсан нь бий.

Монгол бөхийн уран мэх, барилдааны торгон мэдрэмжийг өөртөө шингээсэн дархан аваргаас “Ирээдүйн аварга” шагналыг гардсан Увсын Тэсийн залуугийн улсын цолтон болох ээлж 2013 оны Ардын хувьсгалын 93 жилийн ойгоор тохиож, баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд аралтай гарьд Н.Ганбаатарыг хутгаж даваад, начны даваанд нутгийн арслан Батжаргалын Ганбатыг өвдөг шороодуулсан юм. Дараагийн даваанд нутгийн аварга С.Мөнхбатад тахим өгч наадмаа өндөрлүүлжээ. Уран барилдаант залуу улсын начин цолтой удаан зодоглосонгүй ээ. 2016 онд ардын хувьсгалын 95 жилийн ойгоор Завханы Алдархааны Л.Лха-Очир начингаар тав, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайханаар зургаа давж улсын харцага цолны босгыг алхав.

Улсын харцага Т.Баасанхүүтэй уулзаж ярилцахад “Надад бол том бие хаатай бөхчүүдтэй барилдах аятайхан ч юм шиг санагддаг. Хөдөлгөөн багатай байдаг. Адилхан бужигнасан бөх л хэцүү” гэж хэлж байсан ч харцага цол хүртэхдээ өөртэйгөө биеэр ойролцоо, элдэвтэй барилдаантай бөхчүүдтэй хүч үзэж туг тойрсон байдаг.

Залуу харцага Т.Баасанхүү өнөө үед улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Н.Гончигдамба нарын өөрөөсөө 40-50 кг-аар илүү жинтэй шилдэг хүчтэнүүдтэй эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж байна. 2016 оны сар шинийн баярт зориулсан барилдаанаар харцага Т.Баасанхүү үзэгчдийн цөсийг хөөргөж улсын аварга Ч.Санжаадамбыг этээд суулгачихсан бол улсын гарьд Б.Гончигдамбыг мушгиж тонгороод их шөвөгт шалгарав.

Харин 2017 оны Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд монгол бөхийн гайхамшгийг дахин харуулж улсын гарьд Ө.Бат-Оршихын баруун хөлд ороод даваа авсан бол их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамбыг баруун хутгаад даалгасан. Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд анх удаагаа түрүү булаацалдахаар шалгарсан Т.Баасанхүү, аралтай заан Н.Жаргалбаярыг мэдрэмжээр илүүрхэж өвдөг шороодуулснаар шинэ Ерөнхийлөгчийн цомыг гардсан.

Үндэсний бөхөө дээдэлж, үзэж цэнгэдэг монгол түмнийг Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү гэж ийм нэг жижигхэн залуу, уран дайчин барилдаанаараа бэлэг барьж, баярлуулж байна даа.

О.Дашням

Categories
мэдээ цаг-үе

Э.Бөхбат: Манай улсын нийт автомашины 80 гаруй хувь нь арван жилээс дээш насжилттай

Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.


-Шинэ жилийн баяр болоод өнгөрлөө. Өмнөх жилийнхтэй харьцуулахад баярын өдрүүдэд хэрэг зөрчил, ноцтой осол хэр их гарсан бол?

-Замын цагдаагийн алба хаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд нийслэлийн 122 цэгт үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Үүний үр дүнд эдгээр өдрүүдэд хөдөлгөөний ачаалал хэвийн үргэлжилсэн. Нийтдээ Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 490 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс нэг хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний зургаа нь бага насны хүүхэд байлаа. Тухайн өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 66 жолоочийг илрүүлэн хариуцлага тооцож ажилласан. Дээрх бүртгэгдсэн тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн зам тээврийн осол, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 10-15 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ерөнхийдөө баярын өдрүүдэд урьд жилийнхтэй харьцуулахад харьцангуй тайван байсан гэж болно. Шинэ оны нар харах гэж яваад хурд хэтрүүлснээсээ болоод хэзээ ч нар харахааргүй болсон харамсалтай тохиолдлууд гардаг байлаа. Энэ жилийн хувьд энэ мэт асуудал гарсангүй.

-2017 онд нийт хичнээн осол аваар гарав. Ямар осол хэргүүд дийлэнх хувийг эзэлсэн бэ?

– 2017 онд онцгой анхаарах обьект орон нутгийн зам л байлаа. Өнгөрсөн онд гарсан осол хэргийн 70-80 хувь нь орон нутгийн зам дээр байсан . Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон нь дээрх осол гарахад нөлөөлөх эн тэргүүний шалтгаан болж байна. Хоёрдугаарт, хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс маш ихээр хэтрүүлдэг. Мөн буруу тээвэрлэлт хийж байгаа нь осол аваар болоход нөлөөлдөг. Дөрөвт, манайхан ядарсан үедээ жолоо барьдаг. Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь архи согтууруулах ундаа, эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаатай дүйцдэг гэдгийг ойлгох нь зүйтээ. Эдгээр шалтгаануудаас улбаалж орон нутгийн зам дээр гарах осол, аваар урьд жилүүдийнхээс илүү байлаа.

Үүнийг бид таамгаар яриад байгаа юм биш л дээ. Замын цагдаагийн албанаас ажлын хэсэг гарч баруун, зүүн чиглэлийн орон нутгийн замд хяналт шалгалт хийсэн. Орон нутгийн замд хоёр л цагийн шалгалт хийхэд нэвтрэн өнгөрсөн тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь хурд хэтрүүлсөн зөрчил илэрч байгаа юм. Хамгийн доод тал нь 120 км.цагийн хурдтай явж байх жишээтэй. Орон нутгийн замын нөхцөл байдлыг мэдэхгүй мөртлөө хурд хэтрүүлэн явснаасүүдэн осол аваар ихээр гарч байгаа нь хяналт шалгалтуудаар харагдаж байна.

-Орон нутгийн замд гарах осол аваар нэмэгдсэн гэлээ. Тэгвэл буурсан, эерэг үзүүлэлттэй зүйлүүд нь юу байна вэ?

-Тодорхой хэмжээгээр бэртэж, гэмтсэн хүмүүсийн тоо буурсан байна. Гэхдээ нас барсан хүний тоо бага хэмжээгээр өссөн.

-Осол аваар ямар улиралд илүүтэй гардаг вэ. Эсвэл улирлын онцлогоосоо хамааран гарах ослууд харилцан адилгүй байдаг уу?

-Цагдаагийн байгууллага болзошгүй эсвэл зайлшгүй болно гэдэг үүднээс графикчилсан төлөвлөгөөний дагуу ажилладаг. Ерөнхийдөө цикльтэй байдаг л даа. Шинэ жил, цагаан сар болдгоороо л болно. Урин дулаан ирж хүмүүс аялж зугаалдгаараа л зугаална. Өвөл болж халтиргаа гулгаа үүсдгээрээ л үүснэ. Энэ бүхнийг тооцсон графикийнхаа дагуу бид ажилладаг. Мөн эдгээрээс гадна шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулж ажиллах шаардлагатай. Хүүхдүүдийн аюулгүй байдал хангагдахгүй байна гэхэд л хаана, ямар шалтгаан нөхцлөөс үүдэлтэй байна гэх зэргийг судлан, хүн хүчээ хуваарилж үйл ажиллагаагаа явуулдаг даа.

-Жолоочийн хариуцлага ямар түвшинд байна вэ?

-Жолоочийн хариуцлага зам тээврийн осолтой шууд холбоотой. Одоогийн байдлыг өнгөцхөн харахад манай эрхэм жолоочид маань бүхий л хариуцлагааа замын цагдаад л үүрүүлчихдэг. Хөдөлгөөнд оролцож байх үедээ эрхээ эдлээд хариуцлагаа ухамсарладаггүй. Хариуцлага бол маш сул байна.

-Жолоо барих эрхийг олгож буй сургалтын төвүүдийн чанар ямар түвшинд байна вэ?

-Жолооч хариуцлагагүй байгаа нь бэлтгэн гаргагч төвийн үйл ажиллагаатай яах аргагүй холбоотой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон жил жолоо барьсан жолоочид осол аваар гаргах нь олонтаа байна гэж яриад байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. Учир нь зам тээврийн осол гаргаж байгаа жолоочдийг огноогоор нь харахад дийлэнх нь шинэ жолоочид байх нь бий. Дөрөв хүртэлх жил замын хөдөлгөөнд оролцсон жолоочид байдаг юм. Харин долоогоос дээш жил замын хөдөлгөөнд оролцсон жолоочид осол аваар гаргах нь тун ховор болоод ирдэг. Манайх жолооны сургалт төгслөө л бол хаа хамаагүй явдаг. Дээрээс нь манайх Венийн конвенцид нэгдсэн улс шүү дээ. Энэхүү конвенцид нэгдсэн 168 оронд манай жолоочид замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Тиймдээ ч бидний замын хөдөлгөөнд оролцох хариуцлага, соёл өндөр түвшинд байх ёстой юм. Гэтэл манайхан машин барихыг хэрэгцээ гэж хараад байна. Энэ нь ч зам тээврийн осол нэмэгдэхэд нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр манай улс бусад орнууд шиг эхний нэг жил нь сонирхогчийн үнэмлэх өгдөг байвал зүгээр санагддаг. Харин замын хөдөлгөөнд оролцож чадаж байвал жинхэнэ үнэмлэхийг нь олгодог эрх зүйн зохицуулалт байх хэрэгтэй юм. Мэдээж маш хариуцлагатай, сахилгатай байх ёстой. Үүнтэй холбоотой цаашид ч эрх зүйн зохицуулалтууд хийгдэх шаардлагатай.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд 2015 оны долдугаар сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдаж гарахаас өмнө цагдаагийн байгууллагын хяналт шалтгалтаар өдөрт 150-170 согтуу жолооч илэрдэг байлаа. Үүнтэй холбоотой осол аваарын тоо ч маш өндөр байсан. Харин хууль хэрэгжиж эхэлсний маргаашнаас л согтууруулах ундаа хэрэглэн хөдөлгөөнд оролцож байгаа жолоочдийн тоо 70 хувиар буурсан. Жолоочдийн хариуцлага яавал сайжрах вэ гэдгийг харуулсан нэг гаргалгаа нь энэ юм болов уу гэж боддог.

-Явган зорчигчдын хувьд гарцгүй газраар гарсны улмаас эрсдэлд ордог. Үүнийг мэдсэн хэрнээ л машин байхгүй бол гүйгээд гарах нь цөөнгүй харагддаг. Энэ тухайд?

-Явган зорчигчид гарц гарамтай хэсгээрээ заавал гарах ёстой. Явган зорчигчид, жолоочид ч тэр хэн хэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм. Замын хөдөлгөөний дүрмийн 8.4, 8.6, 12.2-т явган зорчигчийн мөрдөх ёстой дүрэм, журмыг тодорхой зааж өгсөн байдаг. Эдгээр зүйл, заалтуудыг биелүүлдэггүйгээсээ болоод зам тээврийн осолд өртөж байгаа нь туйлын тодорхой. Өөрийн буруугаас болж зам тээврийн осолд өртсөн бол хохирлыг барагдуулах ёстой. Гэтэл манайхан би мөргүүлсэн юм чинь жолооч л хариуцлага хүлээх ёстой гэсэн ташаа ойлголттой явдаг. Ийм эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг иргэд маань сайн ойлгох ёстой. Энэ бүхнийг уншиж судлаад биелүүлдэг байвал өөрийнхөө амь нас, эд хөрөнгийг хамгаалах бүрэн боломжтой. Жолооч ч гэлтгүй явган зорчигчдын хариуцлага маш чухал юм.

-Дугаарын хязгаарлалт цаашид үргэлжлэх үү?

-Дугаарын хязгаарлалт хийх тухай санал оруулан, хэрэгжүүлж эхэлж байхад Монгол Улсын хэмжээнд 500 гаруй мянган машин байсан. Тэгвэл энэхүү дүрэм хэрэгжиж эхэлснээс буюу 2012 оноос хойш зөвхөн нийслэл л 500 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй болжээ. Тэгэхээр замын хөдөлгөөний зохицуулалт хийхгүй л бол болохгүй. Тиймээс менежмент зайлшгүй байх ёстой юм. Цаашдаа дугаарын хязгаарлалт илүү оновчтой менежментээр солигдох байх гэж бодож байна. Тээврийн хэрэгслийн насжилтаар нь ангилдаг ч юм уу. Эсвэл бүсэд хуваан, орон нутгийн тээврийн хэрэгслийг хязгаарладаг ч байж болох юм. Иймэрхүү менежментүүд цаашдаа хийгдэх шаардлагатай.

Олон улсын зүй тогтлоор арван мянган хүнд ногдох тээврийн хэрэгслийн тоо 250-иас дээш гарах юм бол хувийн хэвшлийн тээврийн хэрэгслүүдэд хязгаарлалт хийдэг. Харин нийтийн тээврийн хэрэгслийг давуу эрхтэйгээр явуулах бодлогыг баримталж эхэлдэг юм билээ. Гэтэл манай оронд арван мянган хүнд ногдох автомашин 300, 400-д хүрчихсэн. Иймд бид ямар нэгэн байдлаар хөдөлгөөний менежмент хийх зайлшгүй шаардлагатай юм.

-Уулзваруудын нэвтрэх чадвар хэр байна вэ. Цаашид нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юу?

-Замын зохион байгуулалтын ажил бол Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын ажил шүү дээ. Замын цагдаагийн албанд тодорхой мэргэжилтнүүд байдаг учраас зарчмыг саналуудыг бол хүргүүлдэг.

-Ойрын өдрүүдэд түгжрэл багатай байна. Энэ нь сурагчдын амралттай холбоотой болов уу?

-Замын түгжрэл сурагчдын болоод томоохон захуудын амралттай шууд холбоотой. Ер нь дэлхийн томоохон хотууд тэр дундаа БНХАУ-ын Бээжин хот л гэхэд худалдааны төвүүдээ хотынхоо захад гаргасан. Манай улс нэг сая гаруй хүн амтай, 500-иад мянган тээврийн хэрэгсэлтэй, олон улсын хөдөлгөөнтэй том хот шүү дээ. Тэгэхээр энэ мэт зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Мөн манай их, дээд сургуулиуд бүгдээрээ зорчих хэсгийн зам дагуу байрладаг. Гэтэл манайхан аль хэдийнэ хэдэн арваар нь зам дагуу барьчихсан. Хүүхдүүд, оюутнуудын аюулгүй орчинг бүрдүүлээгүй байх нь ч бий. Олон улсын стандартаараа сургууль замтай ойр байх ёсгүй.

-Манайхан замын түгжрэлээс болоод маш ихээр уурлаж бухимдаж, сигналаа хангинуулдаг. Тэр бүү хэл нударга зөрүүлэх нь ч бий. Ер нь энэ бүхэн жам ёсны зүйл юм уу. Өөрчлөх боломж байдаг уу?

-Манай жолооч нарын энэ хандлага хэн нэгэнд найдаад байгаагийн л илрэл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээр энэ бүгдийг зохион байгуулсан. Эрх зүйн орчин хангалттай бий. Үүнийг мөрдөөд явбал дээрх хүндрэлүүд гарахгүй байх боломжтой. Уулзвар дээр хамгийн их түгрэл үүсгэдэг зүйл нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 шүү дээ. Үүнд “Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно” гэсэн байдаг. Гэтэл манайхан бүгд дайрдаг. Үүнээс болж түгжрэл үүснэ, зам тээврийн осол гардаг. Харин энэ түгжрэлийг цагдаа зохицуулах ёстой гэж жолоочид ойлгодог л доо. Энэ хандлагыг өөрчлөх цаг хэдийнэ болсон. Цагдаа бол болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хууль сахиулагчийнхаа үүргийг биелүүлэх ёстой болохоос уулзвар дээрх амьд гэрлэн дохио биш юм шүү. Үүнийг иргэд минь ухамсарлаж хаа хаанаа хариуцлагатай байгаасай. Бусад орнуудад хөдөлгөөний хууль дүрэм биелүүлэлт, хувь хүний соёл, сахилга батаас хамаараад хүндрэлгүйгээр л зохицуулагдаж байдаг.

-Авто машинууд шатсан тохиолдол сүүлийн үед их гарах болжээ. Энэ тухайд?

-Замын цагдаагийн алба тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийдэг. Галын хор, эмийн сан, ослын зогсолтын гурвалжин зэргийг авч явахыг шаарддаг, шалгадаг. Үүнийг манай иргэд цагдаа нар торгох шалтаг хайж байна, төсөвөө бүрдүүлэх нь, цалингаа нэмүүлэх нь гэж хардах нь бий. Угтаа бол торгосон ч бай, торгоогүй ч бай бидэнд нэг ч төгрөгний шагнал урамшуулал байхгүй ээ. Иргэдийн амь нас, эд хөрөнгийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр манай хяналт шалгалтууд явдаг юм.

Ямартай ч жолоочид үзэмж төдий галын хор, хугацаа нь хэтэрсэн үгүй нь мэдэгдэхгүй эмийн сан аваад явдаг. Стандартад нийцсэн галын хор аваад явч байвал машиныхаа талыг аваад үлдэх боломж танд бий. Таны авч яваад байгаа үнэртэй усны хэмжээтэй галын хор хэр их зай талбайн галыг унтраах вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Дээрээс нь ослын зогсолтын гурвалжингаа байрлуулаагүйгээс үүдэн орон нутгийн замд зам тээврийн осол их гарч байна. Монгол Улсад нийтдээ 900-иад мянган тээврийн хэрэгсэл байгаа. Үүний 700-иад мянга нь автомашин. Харин эдгээрийн 80 гаруй хувь нь арван жилээс дээш насжилттай. Тиймдээ ч орон нутгийн замд тээврийн хэрэгсэл ихээр эвдэрдэг. Эвдэрсэн тохиолдолд ослын гурвалжингаа төдийлөн тавьдаггүй. Тавьсан ч шаардлага хангахааргүй байдаг. Энэ мэт зөрчлийг нь хэлэхээр “Надад бүгд байгаа биз дээ” гэсэн хариу хэлдэг. Цагдаад шалгуулахын тулд л үзэмж төдий зүйлсийг авч яваад байдаг л даа. Энэ нөгөөх л жолоочийн хариуцлага алдаж байгаагийн нэг тод жишээ.

-Нэг зөрчил гаргахад оноогоор болон торгуулиар хамтад нь торгодог. Үндсэндээ нэг зөрчилд хоёр торгууль оноож байна гэсэн үг. Иргэдийн хувьд үүнд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Үүнийг өөрчлөх боломж бий юү?

-Үндсэн болон нэмэгдэл гэсэн шийтгэлийн хэлбэрээр явж байгаа юм. Энэ хууль хэрэгжиж эхэлхээс өмнө нэгэн иргэн 100 гаруй зөрчил гаргасан байгаа юм. Тэр бүр дээрээ торгуулиад л яваад байж. Харин 102 дахь дээрээ эрдэнэт хүний аминд хүрчихсэн тохиолдол байсан. Тэгэхээр энэ мэт жолоочдод ямарваа нэгэн хариуцлагын арга хэмжээ авах шаардлагатай юм байна гэж үзсэн. Зам тээврийн осолд хүргээд байдаг 17 зөрчлийг гаргасан бол оноог нь хасахаар зааж өгсөн. Дээрх дурдсан олон зөрчил гаргасан этгээдэд тухай бүрт нь оноог нь хасаж, эрхийг нь түдгэлзүүлээд байсан бол төдий чинээ зөрчил үйлдэхгүй л байсан шүү дээ. Энэ нь хэдийнэ хуульчлагдчихсан асуудал. Ерөнхийдөө оноог хассанаар сахилга хариуцлага нэмэгдүүлнэ. Нөгөө талаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрмийг судлуулах гол зорилготой юм.

-Цагдаа нар урьдчилан сэргийлэх бус, отож байгаад зөрчил гаргангуут нь гарч ирээд л торгоод байна гэж шүүмжлэх нь бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Хөдөлгөөнд оролцож байгаа иргэд цагдаа эсвэл зөрчлийн камер байвал хурдаа хэтрүүлдэггүй. Цагдаа байхгүй л бол хурдаа хэтрүүлж, архи согтууруулах ундаа хэрэглэж дүрэм зөрчдөг. Тиймдээ ч цагдаагийн байгууллагын хяналт шалгалт ил болон далд хяналт гэсэн хоёр хэлбэрээр явдаг. Энэ нь шинжлэх ухааны үндэстэй, олон улсад ч хэрэгжиж байгаа хэлбэр л дээ. Хаана ч цагдаа байж магадгүй гэсэн сэтгэл зүйг олон нийтэд төрүүлэх зорилготой юм. Учир нь иргэд энд цагдаа байдаггүй гэж бодон хурд хэтрүүлэн, осолд өртөх магадлал өндөр байдаг юм. Зарим орнуудад иргэдэд маш их цагдаа харагдуулах хэлбэрээр ч ажилладаг гэдгийг дурдах нь зүйтэй байх. Ямартай ч ил болон далд хэлбэрийн хяналт цаашдаа ч үргэлжилнэ.

-Замын цагдаа нар жолооны үнэмлэх шалгах төхөөрөмжтэй. Тийм байтал жолооны үнэмлэхээ мартсан үед шууд л торгох гэдэг. Зарим тохиолдолд өнгөрөөчихөж болдоггүй юм уу?

-Жолооны үнэмлэх нь 250 км.цаг хурдлах тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг өгч байгаа баримт бичиг. Хуульчлагдсан, зүйлчлэгдсэн, дүрэмжсэн байдаг. Үүнийг шаардахгүй байх эрх бидэнд байхгүй. 22-ын товчооноос цааш, сүлжээгүй газар тэрхүү жолооны үнэмлэх шалгах багаж ажиллахгүй. Гэтэл хөдөө хээр осол гарлаа гэхэд нэр ус, яаралтай тусламж үзүүлэхэд цусны бүлгийг тань бидэнд хэлж өгөх чухал үүргийг энэ алгын чинээ цаас биелүүлдэг. Дээрээс нь хэн нэгний үнэмлэхээр замын хөдөлгөөнд оролцож зөрчил гаргах тохиолдол бий. Тиймдээ ч иргэд маань зайлшгүй биедээ авч явах шаардлагатай.


Categories
мэдээ спорт

​Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ үргэлжлэн явагдана

чөлөөт бөх зурган илэрцүүд

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд өнөөдөр үргэлжлэн явагдана. Өчигдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорсон бол өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68, 72 кг-ын жингийн барилдаанууд болно.

Барилдааны хуваарь:

11.00-17.00 – Урьдчилсан ба дагах барилдаан

17.15 – 17.45 – Сугалаа \эрэгтэй 65, 86, 125 кг, эмэгтэй 53, 62, 76 кг\

18.00 – 20.30 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах

Categories
мэдээ нийгэм

​Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн барилдаантай

Холбоотой Зураг

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр 14.00 цагаас Бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд зодоглох бөхчүүдийг Монголын үндэсний бөхийн холбооны албан ёсны ”Монголын Үндэсний Бөхийн Холбоо” фэйсбүүк хаягаар бүртгэсэн бөгөөд өчигдөр өглөөний байдлаар дараах бөхчүүд бүртгүүлсэн тухай МҮБХ мэдээлжээ.

БҮРТГҮҮЛСЭН БӨХЧҮҮД

1. у/ар Намсрайжавын БАТСУУРЬ
2. у/г Өлзийтогтохын БАТ-ОРШИХ
3. у/з Батзоригийн БАТМӨНХ
4. у/з Баатархүүгийн ПҮРЭВСАЙХАН
5. у/з Баттулгын СОРОНЗОНБОЛД
6. у/х Шүхэртийн УЛАМБАЯР
7. у/х Алтанбаганын ЦАЦАБШИР
8. у/х Нямаагийн БАТЗАЯА
9. у/х Ганбатын АЛТАНГЭРЭЛ
10. у/х Жаргалсайханы АМАРТҮВШИН
11. у/х Баярхүүгийн БАТ-ӨЛЗИЙ
12. у/х Мягмарын БАДАРЧ
13. у/н Эрдэнэбилэгийн ЭНХБАТ
14. у/н Чулуунбаатарын БАТЧУЛУУН
15. у/н Лхагвасүрэнгийн ГАНТУЛГА
16. у/н Чотонгийн БАЯНМӨНХ
17. у/н Батмөнхийн САНГИСҮРЭН
18. у/н Баатарын АМАРЗАЯА
19. у/н Чулуунбатын ЦОГБАЯР
20. у/н Болдпүрэвийн СУГАРЖАРГАЛ
21. у/н Лхагваагийн ЛХА-ОЧИР
22. у/н Шоовдойхүүгийн ШИНЭБАЯР
23. у/н Болдбаатарын БАТЖАРГАЛ
24. у/н Эрдэнэбатын ДАШ
25. у/н Бадамсамбуугийн ГАНХУЯГ
26. у/н Доржийн АНАР
27. у/н Лхагвасүрэнгийн ШИНЭБААТАР
28. у/н Цэндзэсэмийн ЧИМЭДДОРЖ
29.у.н Чинчулуун ХӨХЧИРЭНГЭР
30. у/н Дэлгэрсайханы АМАРСАЙХАН
31. у/н Эрдэнэцогтын ВАНДАНЦЭРЭН
32. у/н Балганы ХИШИГБААТАР
33. у/н Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ
34. у/н Галсан-Очирын ГАНЖАД
35. у/н Жаргалсайханы ДАГВА-ОЧИР
36. а/а Болор-Эрдэнийн НОМИНДАЛАЙ
37. а/а Дондогийн ДЭЛГЭРБАТ
38. а/а Улагпаны БЕРЕКЕ
39. а/а Дамбын ТАНГАД
40. а/а Сэргэлэнгийн АРИУНБИЛЭГ
41. а/а Алтангэрэлийн ОТГОНБААТАР
42. а/а Даваадоржийн БУЯНТ
43. а/а Одсүрэнгийн БАЯРХҮҮ
44. а/а Батчулууны ХАШБАТ
45. а/а Балдиржамцын ТАЙВАН
46. а/а Баатарпүрэвийн ГАНБААТАР
47. а/а Дашзэвэгийн АМАРЖАРГАЛ
48. а/а Доржсүрэнгийн БАДАМГАРАВ
49. а/а Ганжуурын БАТНЯМ
50. а/а Сүхбаатарын ЕРӨӨЛТ
51. а/а Төмөрбаатарын ПҮРЭВСҮРЭН
52. а/а Ганболдын ӨСӨХБАЯР
53. а/а Баарангийн ОТГОНБААТАР
54. а/а Жамбажамцын СҮХБАТ
55. а/а Чойжингийн БААСАНБАТ
56. а/а Пүрэвжавын МӨНХБАТ
57. а/а Нурланы МУСТАФА
58. а/а Батсүхийн БАТДОРЖ
59. а/а Малшыгийн ЕРКЕБУЛАН
60. а/а Батбаярын ДАВАА-ОЧИР
61. а/а Усныкагийн БАТГЭРЭЛ
62. а/а Цэрэнбатын САНДАГДОРЖ
63. а/а Батсугарын ЗОРИГТБААТАР
64. а/а Тулгаагийн СҮРЭНЖАВ
65. а/а Загдсүрэнгийн НАРАНБААТАР
66. а/а Цэвээнпүрэвийн АДЪЯА
67. а/а Шаравдоржийн ОТГОНТӨГС
68. а/а Баянзулын ЦЭДЭНСОДНОМ
69. а/а Насанцогтын БАЯРБААТАР
70. а/а Төрбатын ЯДАМСҮРЭН
71. а/а Ганпүрэвийн ГАНБААТАР
72. а/а Жаргалсайханы АЛТАНШАГАЙ
73. а/а Эрдэнэбилэгийн УУГАНБАЯР
74. а/а Лхамаагийн БАЛДОРЖ
75. а/а Бүрнээгийн БАЯНМӨНХ
76. а/а Батжаргалын ЛХАГВАДОРЖ
77. а/а Пүрэвдоржийн ЭРХЭМЖАРГАЛ тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд барилдахаар бүртгүүлжээ.

Categories
мэдээ спорт

Эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорчээ

чөлөөт бөх эмэгтэй зурган илэрцүүд

Өчигдөр эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.

Эмэгтэй

55 кг:

  • Алтан медаль: Э.Даваачимэг (Хил хамгаалах ерөнхий газар “Хилчин” спорт хороо)
  • Мөнгөн медаль: Б.Болор-Эрдэнэ (Алдар спорт хороо)
  • Хүрэл медаль: Б.Халиунаа \Орхон\, Б.Хулан \Хангай Хайрхан\

59 кг:

  • Алтан медаль: Б.Шоовдор (Хасу-Мегастарс)
  • Мөнгөн медаль: Э.Гантуяа (“Хилчин” спорт хороо)
  • Хүрэл медаль: Н.Наранцацрал \Аваргууд\, Ө.Пүрэвсүрэн \Женко\

65 кг:

  • Алтан медаль: С.Батцэцэг (“Хилчин” спорт хороо)
  • Мөнгөн медаль: О.Оюунтуяа (“Хүч” спорт хороо)
  • Хүрэл медаль: Г.Пүрэвцэцэг \Хасумегастарс\, Э.Цэвэгмэд \Алдар\
Categories
мэдээ нийгэм

​Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2018 оны 01 дүгээр сарын 12-ны 20 цагаас 01-р дүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Идэр голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 21-26 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Дундговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 14-нөөс 01 дүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ спорт

Үзвэр үйлчилгээний хуваарь


“Өргөө-I” кино театр

Insidious: The Last Key-17:50, 20:00,
22:10,

Pitch Perfect 3 -17:40

Солиот эх- 16:00, 18:10, 19:40, 20:20,
21:50, 22:30

Жуманжи-18:00, 20:20, 22:40

“Өргөө-II” кино театр

Insidious: The Last Key-17:50, 20:00,
22:10,

Pitch Perfect 3 -17:40

Солиот эх- 16:00, 18:10, 19:40, 20:20,
21:50, 22:30

Жуманжи-18:00, 20:20, 22:40

Улсын филармони

Mонголын хөгжмийн зохиолын
бүтээлүүд
2018.01.12

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

П.И.Чайковский “Хунт нуур”
2018.01.13, 01.14, 04.15, 05.13

Ж.Пуччини “Чио Чио Сан”
2018.01.20, 01.21

У.Шекспир “Ромео, Жульетта”
2018.01.26, 01.27, 01.28

Чойжин Сүитс

“3 бяцхан тоорой” хүүхдийн
жүжиг
2018.01.13, 01.14, 01.20, 01.21, 01.27, 01.28