Categories
мэдээ спорт

Эрэгтэйчүүдийн 57, 74, 97 кг-ын жингийн аваргууд тодорлоо

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97 кг-ын жингийн барилдаанууд болсон.

ЭРЭГТЭЙ:

57 кг:

-Алтан медаль: Ц.Цогбадрах (Алдар)

-Мөнгөн медаль: Б.Төгс (Төгс)

-Хүрэл медаль: Б.Түмэнцогт (Хасумегастарс), Ц.Мандалсүрэн (Алдартан)

74 кг:

  • Алтан медаль: Г.Мандахнаран (Алдар)
  • Мөнгөн медаль: З.Сумъяабазар (Хангарьд)
  • Хүрэл медалийн төлөө: Г.Идэрхүү (Аваргууд академи), Б.Батсүх (Хасумегастарс)

97 кг:

  • Алтан медаль: Б.Зоригтбаатар (Мэргэд Хангай)
  • Мөнгөн медаль: П.Өсөхбаатар (Хилчин)
  • Хүрэл медаль: Ө.Батзул (Аврагч), Б.Одсүрэн (Мэргэд)

Маргааш эрэгтэйчүүдийн 65, 86, 125 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаанууд тус тус болно.

Categories
мэдээ нийгэм

Таван иргэн үл мэдэгдэх шингэн ууж, хорджээ

Таван иргэн үл мэдэгдэх шингэн ууж, хорджээ

Чулуунхороот сумын 2-р багийн нутаг Цавт гэх газарт энэ сарын 11-ний өдөр таван иргэн нэр нь үл мэдэгдэх шингэн ууж, хордсон харамсалтай хэрэг гарсан байна. Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүссэн тул аймгийн Онцгой комисс яаралтай хуралдан, ажлын хэсэг, шуурхай бүлгийг томилон ажиллуулж байна.

Уг явдлын улмаас УБ хотын харьяат 47 настай иргэн Т Дашбалбар сумын эмнэлэгт зүрх нь зогссон байдалтай хүргэгдэн ирж нас барсан, нэг иргэний биеийн байдал хүнд, гурван иргэн хордлогын шинжтэй эмчлүүлж байна.

Анхны дуудлагын дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний яаралтай түргэн тусламжийн баг Дашбалбар суманд очин эрчимт эмчилгээ хийж, өвчтнүүдийг өнөө оройдоо БОЭТ-д шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Монгол улсыг “хар жагсаалт”-аас нэн яаралтай гаргахыг ЕХ-ноос хүслээ

Монгол Улсыг “хар жагсаалт”-аас нэн яаралтай гаргахыг ЕХ-ноос хүслээ

Европын Холбооны Зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-д оруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЕХ-ны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Федерика Могерини, Европын Холбоог даргалж буй Болгар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Екатерина Захариева болон тус Холбооны бусад 27 гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарт тус тус захидал илгээж Монгол Улсыг Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-аас нэн яаралтай гаргахыг хүсэлт болгов.

Захидалд Монгол Улсын Засгийн газар ардчиллын суурь зарчим болох нээлттэй, ил тод, сайн засаглалыг хөгжүүлэх дэлхий нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Европын Холбоо хийгээд нийт гишүүн орнуудтай 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийн 38 дугаар зүйлийн хүрээнд татварын сайн засаглалыг хөгжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг дэмжих, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг нотлов. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны Дэлхийн форумын гишүүн болох хүсэлтээ холбогдох олон улсын байгууллагуудад албан ёсоор хүргүүлэхийн сацуу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “татварын суурийг багасгах замаар ашгийг зувчуулахын эсрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 111 дэх гишүүн улс болсныг тэмдэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2017 оны ажлаа тайлагналаа

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурлаа өнөөдөр дүүргийн Соёлын ордонд хийлээ. Тайлангийн хуралд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Сумъяа нар оролцлоо.

Дүүргийн нутаг дэвсгэрт 2017 онд 421 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 39 хэргээр буюу 8.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй нийт 287 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 73 хэргийг илрүүлж, хэргийн илрүүлэлт 25,4 хувьтай байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 оныг “Архигүй жил” болгон зарласантай холбогдуулан архидан согтуурахтай тэмцэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт тус цагдаагийн хэлтсээс хэв журмын ахлах байцаагч нар багтсан бөгөөд ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулан “Архигүй Налайхчууд” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд “Гэр бүлсэг Налайх” хөтөлбөр болон “Эргүүл”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”, “Архидан согтуурахтай тэмцэх” дэд хөтөлбөрүүдийн төслийг хүргүүлж 2018 онд хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Тайлангийн хурлын үеэр Засаг дарга Ч.Раднаабазар “Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж өнгөрсөн онд шинэ хуулиа ёслол хүндэтгэлтэй хүлээн авч хэрэгжүүлж эхэлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Шинэ хуульд цагдаагийн алба маань гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн 3 үндсэн чиг үүрэгтэй байхаар тусгаж, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг хуулиар баталгаажуулж өглөө.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа иргэдийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахин хамгаалах үүргийн дагуу 2017 онд та бүхэн амжилт бүтээлтэй ажилласан гэдгийг хэлье.

Дүүргийн зүгээс гэмт хэргийн гаралтыг бууруулахад анхаарч хороодыг үе шаттай камержуулах, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, уурхайн эдэлбэр газар орчмыг цэгцлэх, иргэдийн хяналтыг сайжруулах, материаллаг баазыг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажлыг зохион байгуулан ажиллалаа. Цаашид нийгмийн эмзэг сэдэв болоод байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан багийн ажиллагааг илүү идэвхжүүлж ажиллах, гэмт хэргийн гаралтыг бууруулахад та бидний хамтын ажиллагаа, хүчин чармайлт маш чухал юм. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ сахин биелүүлэх ажилд өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.

Мөн Цагдаагийн хэлтсийн хамт олонд “Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө” бүтээлч аяны туг дэвтрийг гардуулан өгч, туг аялах хугацаанд бүтээлч, санаачилгатай ажил хийж тайлагнахыг үүрэг болгосон юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын байнгын хорооны ажлын хэсгийнхэн нийслэлд ажиллаж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны “Агаарын бохирдлыг бууруулах” дэд ажлын хэсгүүд өнөөдөр агаарын бохирдол ихтэй дүүргүүдэд ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн НЗДТГ-ын хурлын зааланд цугларч, агаарын бохирдол ихтэй дүүргүүдийн товч танилцуулга болон гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд төвүүдийн ажлын цаг үеийн мэдээллийг сонсч, тулгамдаж буй асуудалтай танилцсан юм.

Эхний ажлын хэсгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир ахалж байгаа юм. Түүний ахалсан ажлын хэсэг Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ажиллана. Тэрбээр “Гэр хорооллын өрхүүдийн гаргаж буй утаа нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлж байна. Тиймээс утааны эх үүсвэрийг бууруулах чиглэлд гол ажлаа төвлөрүүлэх ёстой. Зуух, түлш ярихаар хүмүүс хэт улс төржүүлдэг. Бид улс төржиж, бүх иргэдээ орон сууцанд оруулах талаар ярьж болно. Гэхдээ бидэнд бодит шийдэл, үр дүн хэрэгтэй. Үүнийг шийдвэрлэх богино хугацааны ажил бол сайжруулсан зуух, түлшний асуудал. Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулахад хамгийн их нөлөө үзүүлэх, олон улсын хийгээд дотоодын стандарт, шаардлагад нийцсэн зуух үйлдвэрлэгч компаниудыг шалгаруулж, УИХ-д танилцуулах хэрэгтэй. Мөн сайжруулсан түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг ч шалгаруул. Цаашдаа шинэ сууршлийн бүс бий болгох, орон сууцжуулах ажлаа зохион байгуулна” гэлээ.

Ажлын хэсгийнхэн Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын бүтээгдэхүүн, 100 кВт-с дээш хүчин чадалтай уурын зуух ашиглагч байгууллага, Амгалан дулааны станцын үйл ажиллагаатай танилцана. Мөн өөрийн хөрөнгөөр дулаалга, цахилгаан халаагуурын төслийг хэрэгжүүлсэн Баянзүрх дүүргийн иргэн н.Хаш-Эрдэнийд зочилох юм.

Хоёр дахь ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажиллана. Тэд агаарын чанарын хэмжигч суурин харуулын үйл ажиллагаа, “Яндангүй байшин” төслийн хэрэгжилт, их хэмжээгээр утаа, агаарын бохирдол үүсгэдэг уурын зуухаар ажиллаж буй нэгжийг хааж, буулгах ажлын явцтай танилцахаас гадна төвлөрсөн дулаан хангамжид холбох шаардлагатай ерөнхий боловсролын сургууль дээр очих юм.

Ажлын хэсгүүдэд БОАЖЯ, ЭМЯ, ЭХЯ, НЗДТГ-ын төлөөлөл багтсан бөгөөд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санал санаачилга гаргах, одоо хэрэгжүүлж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг тодорхойлох зорилготой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандаж албан тоот илгээв

УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэддээ хандан үндэсний цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих уриалга гаргасан билээ.

Өнөөдөр (2018.01.12) уг уриалгад дэвшүүлсэн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарт хүсэлт хүргүүлж, албан тоот илгээлээ.

Уг албан тоотод Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын дарга, төрд түмнээ төлөөлж буй түшээгийн хувьд монгол хүний хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний уламжлалт сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх нь нэн чухал болоод байгааг эш болгон уриалга гаргаснаа мэдэгдэж, энэхүү санаачилгыг дэмжин үндэсний уламжлалт цагаан идээг тогтмол хэрэглэж хэвшихийг байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэдэд хандан уриалж, зарлиг гаргаж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүссэн байна.

Түүнчлэн үйлдвэрлэлийн чанар, стандартыг хангуулах, статистик мэдээлэл, хүний нөөц, тээвэр, ложистик, мэдээллийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрөл, инноваци, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авах саналыг Засгийн газрын тэргүүнд хандан тавьжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ар гүнтийн давааны баруун, зүүн талын автозамыг түр хаажээ

zam

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн давааны баруун, зүүн талын автозамыг түр хаасан талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Учир нь нутгийн төв хэсгээр цасан шуурга болж буйн улмаас тус давааны автозамын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсчээ. Тиймээс тус давааны автозамыг хаасан бөгөөд жолооч нарыг дээрх чиглэлийн замаар зорчихгүй байхыг анхааруулж байгаа юм. Мөн Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлийн замд цас орж, хальтиргаа гулгаа үүсч байгаа тул орон нутгийн замд гарч буй жолооч нарыг хурдаа тохируулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 96 жилийн ой тохиож байна

Зураг

Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 96 жилийн ойн баярын өнөөдөр тохиож байна.

1922 оны энэ өдөр буюу 1 дүгээр сарын 13-нд Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй. Түүнчлэн 1999 онд Галын аюулгүй байдлын хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулснаар Гал түймэртэй тэмцэх байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, ой хээрийн болон объектын түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, шалтгаан нөхцөлийг тогтоох, гал түймрийн хэрэг бүртгэх ажлыг хариуцах болсон юм. Харин Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар тус газрыг ОБЕГ-ын бүтцэд нэгтгэсэн түүхтэй.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хууль батлалцсан зарим хүнд төрийн дээд цол, одон гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнийг төрийн дээд цол, одонгоор шагнасныг Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ой тохиож буй энэ өдөр (2018.01.13) Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд гардуулав.

Гавьяат эдийн засагч цолоор Аюушийн Бааст, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Доржхүүгийн Лонжидсүрэн, Раднаажавын Чойжинням, Ламжавын Батчулуун нарыг шагнасан байна.

Төрийн дээд цол, одон гардуулсныхаа дараа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдхэлсэн үгэндээ “Монгол төрийн тэргүүний зарлигаар төрийн дээд цол, одонгоор шагнуулсан, Үндсэн хууль тогтооход гар бие оролцож явсан эрхэм хүндтэй хүмүүс та бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж, цаашдын ажилд, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өнөөдөр Монгол Улсад Үндсэн хуулиа тогтоосон баярын өдөр болж байна.

Одоогоос 26 жилийн өмнө Ардын Их Хурал 76 хоногийн туршид хэлэлцэн, ард түмнийхээ саналыг асууж, ярилцан байж Үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулийн үзэл санаа, агуулга, зорилтын хүрээнд олон хуулиуд батлагдаж, өнөөгийн нийгмийн амьдралыг зохицуулж байгаа.

Үндсэн хуулийг тогтоосон хууль тогтоогчид, улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүдийн амьдрал ахуйг үе үеийн төр засаг харж хандаж байх ёстой юм.

Өнөөдөр энд төрийн дээд цол, одонгор шагнуулсан та бүхэн болон Үндсэн хууль тогтоосон Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүдэд алдар цолтон ахмадуудад олгодог, төрөөс үзүүлдэг хүндэтгэл, хайр хишиг, ивээлийг хүртээж байхаар өчигдөр УИХ тогтоол гаргаж, шийдвэрлэсэн.

Цаашдаа ч Үндсэн хууль тогтоолцсон хүмүүст тавих халамж анхаарлыг нэмэгдүүлэх болно.

Та бүхний ажил үйлс, амьдрал ахуй үргэлж дэлгэр байхын ерөөл дэвшүүлье” гэлээ.


Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр /2018.01.13/ боллоо.

Ёслолд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, УИХ болон Засгийн газрын зарим гишүүд, Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд оролцлоо гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич С.Нарангэрэл хүртлээ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр /2018.01.13/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидагсны гэргий Б.Цээрэгзэн болон албаны бусад хүмүүс оролцов.

Ёслолын арга хэмжээний эхэнд Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамж, шагналын Өргөмжлөлийг уншиж сонордуулав.

Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Шагнал олгох тухай” захирамжийг үндэслэн хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэлийн“Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” 2018 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал олгож буйг дурдлаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хууль зүйн доктор, профессор, академич С.Нарангэрэлд Б.Чимидийн нэрэмжит шагналыг гардуулж, баяр хүргэж үг хэлсэн юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ, одоогоос 26 жилийн өмнө Ардын Их Хурал Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан. Энэ Үндсэн хууль бол ардчилал, эрх чөлөөг эрмэлзсэн ард түмний бүтээл, Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхэн баримт бичиг байсан юм. XX зуунд монголчуудын олсон чухал ололт амжилтын нэг нь 1992 оны Үндсэн хууль бөгөөд энэ хуулиар манай орон ардчилсан ёс, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, шинэ нийгэм байгуулах эрх зүйн үндсийг тогтоосон билээ. Монгол Улсын Их Хурал Үндсэн хууль баталсан энэ өдрийг тохиолдуулж, Үндсэн хуулийг баталж, монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг тухайн жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээл туурвисан хүмүүст олгодог сайхан уламжлал тогтсон.

Энэ шагналыг өнөөдөр дөрөв дэх удаагаа хүртээж байна. Б.Чимид гуай бол шинэ Үндсэн хуулийг эхийг барьж, Ардын Их Хурал 76 хоног төслийг хэлэлцэхэд ачааны хүндийг үүрсэн хүн юм. Түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, алдаршуулах зорилготой уг шагналын 2018 оныхыг академич Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээх Улсын Их Хурлын даргын захирамж гарсан юм.

С.Нарангэрэл академич бол 40 гаруй жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж, олон шилдэг бүтээл туурвисан, шилдэг хуульчдыг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан, доктор, профессор, академич хүн юм. Таны туурвисан “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлд Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг олгож байна. Танд бүтээл туурвилын их амжилт, сайн сайхныг хүсье” гэлээ.

Дараа нь академич С.Нарангэрэл үг хэлэхдээ, 1992 оны Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид багшийн нэрэмжит шагналыг гарын шавь нь “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлээ хүртэж байгаадаа баяртай байна. Мөн Улсын Их Хурлын дарга М.Энхболд, УИХ-ын Тамгын газрын удирдлагуудад энэ нэр хүндтэй шагналыг хүртээхээр шалгаруулсанд талархаж байгаагаа онцлов.

Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын Гавьяат хуульч И.Дашням “Монгол Улсын төр, эрх зүйн түүх” хоёр боть цогц бүтээлээрээ, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан “Эрх зүйн онол” бүтээлээрээ тус тус хүртэж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.