Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн өндөр 709 байгаа бол Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын орчимд агаарын бохирдол хамгийн бага буюу 118 байна. Агаарын температур -16,8 градус, салхины хурд 0,3 м/с орчим байгаа аж.
Month: January 2018
Эрүүл амьдрахыг хүн бүр л хүсдэг. Заавал өвчилснийхөө дараа эмнэлэг гэлгүйгээр биеэ эрүүлжүүлэх аргууд бий. Жишээ нь мацаг барих. Эртний энэтхэг, түвд, монголчууд мацаг барихыг биеэ эрүүлжүүлэх шилдэг арга гэж үзсээр ирсэн нь учиртай. Тогтмол мацаг барих нь дотоод биеийн цэвэрлэгээ, хоол хүнсний зогсолтгүй эргэлтийг зогсоож, хүний биед хуримтлагдсан олон хорт бодис, илүүдэл хаягдлыг биеэс цэвэрлэж бодисуудыг задралд хүргэж гаргадаг.
Ингэснээр таны оюун санаа ч эрүүлждэг. Мэдээж элдэв өвчнөөс сэргийлэх сайн талтай. Мацаг барих нь 22-55 насныханд илүү тохиромжтой. Элэг, цөсний өөрчлөлттэй, зүрх судасны өвчтэй хүмүүст илүү үр дүнтэй байдаг. Та хагас мацаг барихаар шийдсэн бол хоол идэлгүй зөвхөн шингэн зүйлийг л уух хэрэгтэй.
Энэ нь бүтэн 24 цаг үргэлжилж байж сая үр дүнд хүрнэ. Ганц хоёрхон удаагийн мацаг барилтаар өөрийгөө эрүүлжүүлсэн гэж ойлгож болохгүй. 7-10 хоногт тогтмол нэг удаа хийж байж жинхэнэ үр дүнд хүрнэ. Харин мацаг барилт дууссаны дараа хүнд хэлбэрийн хоолноос татгалзаж бие организмаа хооллолтод аажмаар дасгаарай.
Уншигчдадаа сүүн мацгийг хэрхэн барих талаар зөвлөгөө хүргэе. Сүүгээр мацаг барихын тулд долоо хоногийн нэг өдрийг сонго. Сонгосон өдрийнхөө 13.00 цаг хүртэл юу ч идэж болно. Харин 13.00 цагаас хойш ганцхан сүү л ууна. Өлссөн ч, цангасан ч сүү л ууна гэсэн үг. Гэхдээ их хэмжээгээр биш. Өл, цангаа тайлах маягаар л уух хэрэгтэй
Маргааш өглөө нь мацгаа тайлах учиртай. Өглөө сэрэнгүүтээ усанд орж, нэг аяга лимон, зөгийн балтай ус ууна. Ус ууснаасаа цагийн дараа ногоон өнгийн байцаа, яншуй гэх мэтийн ногоогоор салат хийж ид. Гэхдээ салат чинь ямар ч амтлагчгүй байх ёстой. Тэгээд өдрийн 13.00 цаг хүртэл дахиад л сүүгээ ууна.
Ингээд 24 цагийн турш үргэлжилсэн мацаг чинь тайлагдана. Сүү бол биеийн хорыг гадагшлуулдаг гайхалтай бүтээгдэхүүн. Энэ мацгийг доор хаяж тасралтгүй гурван cap барих хэрэгтэй. Биеийн хор чинь гадагшилж, жингийн илүүдэлтэй хүмүүс жингээ хаях боломжтой. Мацгаа арай хүндрүүлье гэвэл сүүний оронд ногоон цай юм уу, усыг сонгож болно.
Цонжинболдогийн наана Зуунмодны элс гэж газар бий. Зуунмодны элсний карьер гэхээр хүмүүс андахгүй. Энд буй элсний карьеруудтай залгаа 117 га газарт “Ногоон Ази сүлжээ” ТББ салхинаас хамгаалах ойн зурвас байгуулахаар 2009 онд Эрдэнэ сум, Налайх дүүргийн аль алинаас зөвшөөрөл авчээ. 2010 оны хавраас тус байгууллага мод тарих ажлаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн долоон жилийн хугацаанд 96 га талбайд мод тариад байгаа юм байна. Одоогоор ургалт нь 70 хувьтай, нийт 120 гаруй мянган модтой болоод байгаа талаар тус ТББ-ын ахлах менежер З.Төмөрсүх ярилаа.
“Ногоон Ази сүлжээ” ТББ-ынхан цөлжилтийг сааруулах, салхины хүчийг сулруулах зорилгоор улиас, хайлаас зэрэг цөлжилтийн эсрэг өндөр үр нөлөөтэй, тэсвэртэй моддыг суулгаснаас гадна чацаргана, үхрийн нүд тарьсан нь сайн ургаж байгаа юм байна. Моддоо жилийн дөрвөн улирлын туршид арчилж, анхаарал хандуулдаг юм байна. Мод тарих ажилд сайн дурын оюутнуудаас гадна орон нутгийн иргэд гар бие оролцдог аж. Энэ ажлын хүрээнд 30 өрхийг цалинжуулдаг бөгөөд жилдээ 200 сая төгрөгийн зардал гаргаж ойжуулах ажлыг явуулдаг юм байна. Өнгөрсөн хугацаанд нийтдээ хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Зуунмодны элсийг ойжуулжээ. Гэтэл “Монгол стандарт” гэх компани уг талбайн 59 га-д нь маргаан үүсгэж, маргаан нь одоо Дээд шүүхийн шатанд очоод байна. Хэрвээ шүүх тус компанийн талд шийдвэр гаргавал долоон жилийн турш тарьж ургуулж арчилсан олон мянган модыг газрын хөрснөөс хуу татаж уг газрыг элсний карьер болгоно гэсэн үг.
“Монгол стандарт” компани болон “Ногоон Ази сүлжээ” ТББ нь хоёул хууль ёсны дагуу зөвшөөрлөө авсан ч холбогдох байгууллагууд нь зөвшөөрлөө олгохдоо 59.1 га-г нь давхцуулчихжээ.
Мод тарьсан оюутнууд болоод орон нутгийн иргэд “Бид эх орон, байгаль экологийнхоо төлөө энэ бүхнийг хийсэн. Бидний тарьсан мод, суулгац маш сайн ургаж байгаа. Усжуулалтын асуудлаа шийдэхийн тулд жил болгон нэмж худаг гаргадаг. Одоо зургаа, долоон худагтай болоод байгаа. Моддоо хашаалж, усжуулах, хамгаалах гээд энэ их ажлыг бид хөлсөө дуслуулан байж хийсэн. Ингэж хийсэн ажлыг минь төрийн байгууллагуудын хариуцлагагүй ажилтнуудаас болж нураах гэж байгаад харамсаж байна” хэмээгээд экологио хамгаалахын төлөө тэмцэхээ илэрхийлээд байгаа аж.
Бид Зуунмодны элсний карьеруудаар явлаа. Тэнд ургуулж хашаалсан модод руу элс асгасан, карьераа тулгасан, хашааг нь эвдэлж, нааш цааш сунгаж багасгасан зэрэг зүйлс харагдлаа. Элсний карьеруудын сахиул, манаач нартай уулзахад “Энэ модод чинь их сайхан ургаж байгаа. Зун ногоороод гоё байдаг юм. Өнгөрсөн зун жаахан гандсан байх. Элсний нүүдлийг зогсоох гэж мод сөөг тарьж байгаа юм билээ. Зун, намрын цагт энэ хавиар чинь хүүхэд, залуучууд ирээд мод услаад байдаг юм. Мал амьтдаас эхлүүлээд мод сүйтгэх гээд байдаг талтай. Бид ч заримдаа хашаанд орсон туулайг хөөгөөд гаргачихдаг юм” гэж байлаа. Энд байгалиа хамгаалж, аврах гэсэн хашаа хайс, элсний карьертай эн зэрэгцэн оршин байгаа нь орших уу, эс орших уу гэсэн эсрэг тэсрэг байдлыг илэрхийлж байлаа. Байгалиа аврах гээд мод тарьсан байхад арваад метрийн цаана элсний карьерийн нураасан эрэг ганга, элс олборлодог тоног төхөөрөмж, техник ярайна. Эндхийг моджуулж эхэлснээс хойш элсний карьерууд байдал бишидлээ гэсэн шиг улам хомхойрон дайрч газрын гүн рүү 4-5 метр ухаж элс олборлох болжээ. Үүнээс болж эндхийн нөөц хомсдож байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй 2012 онд модод руу хайгуул хийх нэрийдлээр карьераа тулгасан нь тухайн үедээ мөн л олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр шуугиан тарьж байсан удаатай. Байгаль хамгаалагчид Зуунмодны элсэнд үүсээд байгаа асуудалд анхааралтай хандахыг холбогдох яамд, газруудын дарга нарт сануулж “Дөнгөж ургаж байгаа мод сөөг цасанд дарагдсан байгаа. Зарим нялх модод ч одоо цасан дундаас ялгарч харагдахгүй. Хүмүүс хараад мод байгаа эсэхийг ялгаж харахгүй байх. Энэ байдлыг ашиглаад ямар ч мод тариагүй талбай байна гэх мэтээр олон нийтийн санаа бодлыг буруу тийш эргүүлж магадгүй. Урин дулаан цагт Зуунмодны элс орчимд байгуулаад байгаа ойжуулалтын хэсэг урамтай харагддаг. Түүгээр дайрч өнгөрсөн явуулын хүмүүст ч таатай сэтгэгдэл төрж эхэлсэн. Иймээс уг маргааныг Дээд шүүх дээр хэлэлцэхээр болоод байгаа энэ үед байгальд хайртай хүн бүхэн анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэсэн уриалга гаргаад байгаа юм байна.
Зуунмодны элсний орчимд салхины хүчийг сааруулах зорилготой тарьж байгаа модод нялх боловч эхэлж тарьсан модод нь метр гарангийн өндөртэй, харьцангуй хурдан ургаж байгаа гэнэ. Дахиад 2-3 жил болоход бие даасан ой болоход нэг шат ахина гэж үзэж байгаа юм байна. Хэрвээ энэ бүхнийг устгавал олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт, юугаар ч үнэлж барамгүй олон хүний хөдөлмөр, байгаль эхээ хамгаалах гэсэн сэтгэл салхинд замхарна.
“Монгол Стандарт” компани 2012 онд ойжуулалтын талбай руу хууль бусаар дайрахад тухайн үед олон нийт хүчтэй эсэргүүцсэн учир гэнэт нам жим болжээ. Гэтэл лицензээ байлгаж байгаад сая хоёр шүүх хурлыг ойрхон хийлгээд ялсан нь “Ногоон Ази сүлжээ” ТББ болон Зуунмодны элс орчмыг ойжуулах ажилд гар бие оролцдог оюутнууд, орон нутгийн иргэдэд болгоомжлол төрүүлээд байгаа юм байна.
Одоогоор Зуунмодны элсийг 16 компани олборлодог бөгөөд хэрвээ “Монгол стандарт” компани шүүх дээр ялалт байгуулбал цөлжилт болон салхины хамгаалалтын зориулалтаар тарьсан 64 мянган модтой 59 га талбайг элсний карьер болгох нөхцөл бүрдэх нь.
Зуунмодны элс нь угаах шаардлагагүйгээр шууд үйлдвэрлэл, барилгад ашигладаг сайн чанарын элс. Тиймээс компаниуд энд карьертай болохыг эрмэлздэг юм байна. Гэтэл энэ бизнесийн цаана байгаль орчин бохирдож, эргэж нөхөшгүйгээр мөхөж байгаа билээ.
Зуунмодны элсний карьеруудын ухаж сэндийлсэн аймшигтай дүр зураг нь тэр орчмын байгалийн үзэсгэлэнт газрыг гутаадаг. Тэрэлж, Цонжинболдог, зүүн аймгуудыг зорьж байгаа иргэд, амрагч, аялагч, жуулчдын нүдэнд содон тусч байгалийг хэрхэн сөнөөж байгааг бодитоор харуулдаг хэсэг гэж хэлж болно. “Ногоон Ази сүлжээ” ТББ-ыг БНСУ-ын Сувон хотын иргэд болон бусад байгууллагууд ихэд дэмждэг. Тэгэхээр олон улсын байгууллагууд дахин манайд ийм төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ гараа татаж эхэлж ч мэднэ.
Хэдий нэг компани хувийн бизнесийн ашгаа бодоод энэ хүртэл маргалдаж болох ч иргэний үүрэг, журмаа ухамсарлаж ямар нэгэн байдлаар тохиролцож нэгэнт тарьсан моддыг сугалахгүйгээр асуудлаа шийдэх нь зөв гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх. Өнөөгийн нийгэмд тулгамдаад буй олон асуудлын нэг нь байгалийн доройтол билээ. Үүний эсрэг хийж хэрэгжүүлж үр дүнгээ өгч байгаа ажлыг чадах чинээгээр дэмжих нь ямар ч ухаант хүнээс гарах шийдвэр юм.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
Бичих бол хүний дээд чадвар гэдэгт үүнийг бичигч эргэлздэггүй. Хүн төрөлхтний үеийн үед үлдээсэн бүхий л сонгодог өв гагцхүү бичиг номын мөрт л үлддэг. Чингэхээр, үг үржүүлж, өгүүлбэр хүрдэлсэн хэнийг ч хүндэтгэх сэтгэл ивлэдэг. Гэвч, энэ гэгээн үйлсэд хуйвлуулагсдад, жинхэнэ бичих, жинхэнэ эс бичвээс орхих гэсэн хоёр сонголт л байх учиртай нь хууль. Ийн,сэтгэл чинадад бодож явах маань үргэлжийн бөгөөд, оюунт уншигч таны өмнө нэгэнт хуудсаа нээсэн энэхэн “Цагийн зурвас”-ын өмнөтгөлд үг хурайлах урам таашаал бүрэлдсэн минь, энэ ном бичигдсэн, бичсэнд л оршино оо. Алив нийгмийн оюун санааны удирдагчид, мэргэн ухаантнууд боловсрол мэдлэг, ёс суртахуун, хорвоог ойлгосон танилт, амьдрал замналынхаа хил-хэлээр үндэстний түүхийг бичиж, яруусгаж, мөн өөрийн эрэмбийг тогтоох билээ. Энэ эн шалгуураар, үндэстний эмэгтэй, хатагтай Жадамбын Цолмон өөрийн түүх, амьдрал үйлсийг өгүүлсэн намтарчилсан цэдигийг Танд толилуулж байна. Энэ нь түүний оюун ухамсар титэмлэсэн ухаарал бодролын үр ном юм. Ж.Цолмон бол улирагч зууны жараад оны сүүлээр социализмын тэргүүн сэхээтний гэр бүлд төрсөн хүн юм. Энэ хувь тавилантайн учир түүний бага нас эмх цэгц, эв хамтач дүүрэн ёс суртахуунт хүмүүжлээр өв тэгш төлөвшсөн байна. Номыг эхлүүлэн уншихаас төв үзэлч, энэрэнгүй, хүнлэг зөв хүн болон өссөн харгуй зам дурайх. Гэзгээ салаалан сүлжиж, өнгийн тууз зүүж, алдрай жаалхан дүүгээ өргөж тэвэрсэн, өөртөө ахадсан гэмээр хариуцлагыг багаас ухаарсан, ахас ихэсийг дээдлэн хүндэтгэсэн, өвөө эмээгээ халамжлан бүчилсэн зээрэн охины дүр байдал аяндаа тодрон гэрэлтэнэ. Амьдрал ахуйн аар саарханыг хар багаас мэдэрч, аргалын галын үнэр, манант зуслан дахь аавынхаа дан эгэлхэн байшингийн зууханд хуурай зомгол гишүү шажигнан асахын сайхныг санан санан энэхүү номыг бичсэн байна. Алив номоос бичигчийн нь түгээмэл хандлага шууд илэрч байдаг. Энэхүү “Цагийн зурвас”-аас зохиогчийн нь ухаан орон, ертөнцийг тольдсон эхлэх мөчөөсөө сэргэлэн цовоо, гуниггүй хонгор, үргэлжийн гэгээн тэмүүлэл төгс аяс үйл бэлхнээ ажиглагдах ажгуу.
Монголчууд сайн хүний үр, сүүт гүүний унага хэмээн хэлэлцэн бэлгэддэг ард түмэн. Энэ бэлгэдлийн урь зохирлоор Цолмон бол сайн хүний үр ээ. Хөвсгөл хоймор нутгийн Шинэ-Идэр тоонотын хэдэн үе дамжсэн эрдэмт, оюунт хүний үр сад юм. Уламжлал ёсоо бие сэтгэлдээ дархалсан, нэр төр, үе улбаа нь хэзээнээс хүндэтгэлт өвөөр төгс хүмүүний үр юм. Сайн хүний үр болж төрөх дээд ашид өгөгдөхүүн, өндөр хувь төөрөг. Цолмон сайн эцэг З.Жадамбын ууган хүүхэд, ганц охин нь болж төрсөн хүн. Түүний бага нас ер бусын эгэл сэхээтний гэр бүлд өсөн бойжиж, харин оюун ухаан төлжиж, эрдэм боловсролын уурганд шимтэх цагаасаа дээд хэмээн хэлэхээр хувь зохиолоор явсан гэхэд хилс үл болох билээ. Тэрбээр ийн ойлгогдохуйг таны энэхүү уншин буй номд нэн сайхнаар хүүрнэн өгүүлснийг онцлоход таатай. Энэтхэг бол онцгой сав шимийн нутаг. Тэнд бага наснаас эрдэм ном сурч боловсорно гэдэг түмэн шимт мөчрөөс хөхсөнтэй ижил ойлгогддог. Дэг сургууль, англи хийгээд хинди хэлний мэдлэг эзэмших, шашин соёлыг ойлгох,эгээрч гэгээрэх , амьдралын туйлуудыг хязгаарлан харах гээд өвөрмөц содон орчин. Хамгийн гол нь ертөнц хорвоо, хүмүүний тухай суурь бодомж, оюун дүгнэлтийг жирийнгүйгээр өөртөө болгох нөхцөлийг оршоосон ертөнц гэж эрхгүй бодогддог. Хатагтай Ж.Цолмонгийн энэ номыг уншихад эдгээр бодол маань батжиж, Энэтхэгтэй энхрий багаасаа холбогдон ээнэгшсэн түүний хувь заяа, гэгээрэл боловсролын зам нь яруухан болоод бахархалтайн үлгэрийг уншлаа. Энэ эмэгтэй бол энэтхэг бүсгүйн алтанхан саарийн завсраар булхалзах бэлхүүсээс эхлэх гэгээн дорныг өөртөө шингээсэн, ойлгож ухаарсан хүн юм. Энэ нь чухамдаа их ухаан, эрдэм мэдлэг юм.
“Цагийн зурвас” ном хүүхдийн гэмээр гэгээн энхрий, айзам хэмнэлээр бичигдсэн бүтээл. Хүүхдийн сэтгэлээр, түүний мөрөөдлөөр, түүний жимээр ертөнцийг бүтээх сайхан шиг сайхан үгүй. Ж.Цолмон бол энэ номоо тийм хүүхэдлэг, хонгорхон жаал охин тийм нэг хөөрхөн яриагаар хүмүүс хөгжөөгөөд, хайрлуулан өхөөрдүүлэн бүчүүлж байдаг шиг, тийм илэн далангүй, үнэн ,яриасаг, басхүү хэт тоочмол ч гэмээр хэл хэллэгээр энэ номоо бичсээн. Энэ нь өнөөгийн нийгмийн дэлгэц дэх, тэр тусмаа улс төр , нийгмийн хүн болон төлөвшсөн, басхүү даган дуурайх, сонирхон унших ихээхэн сэжим дагалаг бүхий орон зайтай эмэгтэй өөрөө өөрийнхөө тухай өгүүлсэн машид сонирхолтой, урт,тэгээд амттай бүтээл болсныг харж байна. Төр нийгмийн хүний алдаа оноо, бүх түүх үндэстний өмнө тов тодорхой байх учиртай. Тэгж гэмээнэ түүний тухай бүрэн ойлголт төгсжиж, итгэл бэхжинэ. Энэ үүднээсээ энэхүү ном бол зохиогчоо хамгийн төгс төгөлдөр илэрхийлж буй юм.
Гуниггүй хонгор хэмээх нэгэн үг бий. Энэхүү номыг уншаад энэ үгийг эргэн нэгэнтээ саналаа. Номын бүхий л үе шатад Ж.Цолмон хэмээх хүний алив ямар ч зүйлд үл гуниглах, зориг зорилго чинад,хүсч санасандаа нэгэн чигч байх, юунд үл хоригдох тийм хатуужилт чанарыг олж харав. Гуниггүй, инээмсэглэгч дүр төрх ихэнхдээ үнэн байдаг бөгөөд гэрэл гэгээг дагуулж байдаг. Ялалтын эхэнд, өршөөлийн эхэнд, тэмцлийн эхэнд, мөрөөдөхийнхөө эхэнд инээмсэглэлээр жигүүр хийж, баяр баясалтайгаар хорвоог хөвөрдөх л хүний эрхэм чанар. Энэ нь ажил үйлс, хэтийн мөрийг тэгшитгэдэг. “Цагийн зурвас”-т энэ тэгшитгэлээр бүтээгдсэн амьдралын олон тохиолдол буйг та унших болно оо.
Ачлалт сайхан сэтгэлээ лимбэдэх, тэр л сэтгэлээрээ ижий ааваа, өвөө эмээгээ, үр хүүхэд, хань ижлээ асран тойлох, өргөж тойлох ухаан бүсгүй хүний өндөр их буян. Ж.Цолмон хатагтай амьдрал турш энэ үйл сэтгэлээр төвширч ирсэн агаад бичсэнээс нь тодорхой анзаарагдаж байна. Түүний ирсэн зам өөрийн эдгээр хүндэт хүмүүсийг хүндлэн дээдлэх, асрах, энэрэхэд харамгүйгээр зориулагдаж иржээ. Түүнд нөхрийн аав ээж өөрийн аав ээж байх зарчим мөрдөгдөж, сайхан эрийн сайн эхнэр байх, сайн ээж байхыг чухалчилж ирсэнийг уншлаа. Хүнийг хүндэтгэсний хариу хүндэтгэлээр л ирдэг. Дориун сайн эрийн ард хэрэг дээрээ дориун сайн бүсгүй л байх буюу гэж хэлэлцдэг. Энэ худалгүй. Чингэвэл дориун сайн эмийн сайн сайхан яваагийн утга учир мэдээж, дориунаас дориун эр байх нь мадаггүй. Энэ үнэнээс мөрлөж, хатагтай Ж.Цолмон, түүний гэр бүлийг хүндэтгэх хүндэтгэл энэ номыг унших явцад олон төрснийг тэмдэглэлтэй. Хааш хаашаа ханагар, бодол ухаан, буурь суурь дүнэгэр монгол эр байдаг даа, тийм нэг дүнэгэр эр түүнийх болох ийн тэдний бүхий л зүйл дүнэгэр яваагаас тодорхой оо.
Ёс мэдэх гэж айхтар зүйл бий. Өнөөгийн манай монголчуудын нийгмийн амьдралд үндэстний ариун сайхан ёс заншлууд ихээхэн гээгдэж буй нь нэн эмзэглэлтэй. “Цагийн зурвас” номд монгол хүний баримтлах ёс, ариун дэгийн тухай олонтаа өгүүлэгдсэн нь бий. Хамгийн энгийндээ хээр мал хоноход хайчны ам боогоод хонодог, бэлгэт, утга учирт өдрийг алдалгүй зул барьчихаас өгсүүлээд амьдрал энгийн өдрүүдэд ч баримталмаар олон ёс бий л дээ. Энэ бүхэн бол тухайн хүний ёс суртахуун, амьдралын ариун дэгийн тодорхой нэгэн хэсэг байх учиртай. Энэ талаар үлгэрлэх олон зүйлийг амьдралын үйл аястайгаа холбон бичсэнийг уншихад, ариун сэтгэл авралын үндэс хэмээх сайхан үг ивлэн бодогдож, энэ Монголын маань бүсгүй ариун олон минь ёс жаягийг үргэлж зохионгуйлж байхыг эргэцүүлэв ээ.
Ж.Цолмон бол Монголын анагаах ухааны том сэхээтэн юм. Тэр дундаа эрүү нүүр, гажиг заслын анагаах ухаанаар нарийн мэргэжсэн, чиглэлдээ дэлхийн мэргэжилтнүүдийн тэргүүлэх эрэмбэд байж, илүү шалгарсан, илүү боловсронгуйжсан шинжлэх ухаанд зүтгэж яваа эрүүлийг хамгаалан сахигч билээ. Эрүүл мэндийн дэд сайдын ажил хийж, үндэстнийхээ анхдагч язгуур дархлаа болох эрүүлийг хамгаалах үйлсэд ухамсарт амьдралынхаа бүхий бололцоог дайчилж яваа хүн. Тэрбээр энэ салбартаа анхан шатнаас нь дэд сайд хүртэл дэвшиж, нэг үгээр хэлбэл практик, онол, удирдлагын цогц загварчлалд бэлтгэгдсэн. Үндэстний, ер хүний эрүүл оршихын бүхий л бололцоог дэлхийн дайдаас мэдэж, товчхондоо дэлхийн эмнэлгийн утга учрыг, залуурыг ойлгосон хүн гэдгийг уншигч Та энэхэн “Цагийн зурвас”-аас уншина. Тэрбээр өвдөлтийг оюун санаа, ёс суртахуунаар л давна гэж өгүүлсэн нь бий. Энд өвдөхгүй байхыг мөн оюун санаа, ёс суртахуун захирна гэсэн ойлголт хоймсолж байгааг ойлгож ухаарах учиртай.
Итгэл үнэмшил хэлбэрэлтгүй байхын утга гайхам. Бишрэлтэй. Ж.Цолмон хатагтай амьдрал турш адуу бөгөөд тарваганы мах зооглохыг өөртөө хорьсон юм билээ. Тэр нь монгол үндэстний мандал, эртийн сүр сүлдийг язгуур анхдагчаас хөллөн авч ирсэн адууг хүндэтгэн үзэхээс үүдэлтэй. Тарвагыг мөн нарны домгоос үүсвэртэй, эр зориг,чинад туйлбартайн илэрхийлэл болгож сэтгэл оюундаа дээдэлдэг байна. Ерийн ерөнхий утгаар үзвэл, бусдад энэ нь магадгүй хэнхэглэл ч гэмээр. Гэвч, цаад язгуур санаа, бодлын нь малгайг тэмтэрвээс аргагүй сайхан утгалаг үзэл санаа юм. Энэ үзэл баримтлал бодол нь түүний амьдралын зарчим болоод улс төр, иргэний нийгэм, ер бүхий л зам жимд нь гэгээн мөшгөл болдог байна. Ийм итгэлт, ариун үзэл санаат үндэслэгдсэн амьдрал зам мөр мөн тийм ариун итгэллэг байх нь дамжиггүй бөгөөд илүү төгс бат бөх. Эдүгээ Монголын улс төрийн багцааг харж байхад эрс нь л илүү жулдардаад, тэгсэн атлаа эмээлээс салахыг хүсэхгүй байгааг төвөггүй анзаарч болох. Гэвч эдүгээ цагийн эрсийн увайгүй урвалт, эс өршөөгч, хуйвалдаанч өрөвдөм олон жишээг нийгмээс өдөр бүр харж байна. Уг ёсоор бол төрийг баригсад оюун санаалаг ёс зүй, ариун итгэл үнэмшилт туйлбараар улсын хэргийг залах учиртай. Энэ л хандлага,үүдлэгийн дэвсгэрээс ангидийг шилж эрэлхийлбэл монгол бүсгүйчүүд маань илүү эрэмбэлэг, утга учиртай, хат зоригтой буй нь үнэн. Ийм бодит үлгэрлэлд хатагтай Ж.Цолмонг нэрлэхэд үл цалгардахыг та энэхүү номыг уншаад бүрнээ итгэнэ ээ. “Цагийн зурвас” хэмээх энэхэн аялгуулаг, бүлээхэн, энхрий ч гэмээр үг хэллэгээр бүтээгдсэн цул өег номын өмнө ийнхүү цөөн үгийг танд дээжилж байгаадаа хувь бийрч би вээр баяртай байна.
“Цагийн зурвас” бол ачлалт сэтгэл, элбэрүү дотно хандал, ертөнц хүмүүнийг эерүү гэгээнээр мэлмийлэх, амьдралын сайхны бүтээл, ижий аав, үр хүүхэд, хань ижил, ах дүү, ард түмэн, хотол монгол энэ бүхнийг зүрхэн цэцгэндээ дээжилсэн бүтээл юм.
“Цагийн зурвас” бол зөв зүйн ухамсар, ачлалт билгүүн, амар жимэр, тэнүүн амгалан оршихуй, тэмцэл, гоо үзэсгэлэн, төв журам, түвшин зохионгуй, яруусал болоод ухаарлын бодийг дохиурлуулсан эвт чуулган юм. “Цагийн зурвас” бол хүн сайхан сэтгэл, ер бусын давтагдашгүй, эрмүүн мөрөөдөл, ерөөл бүтэхийн үнэн, амгалан энх, асралт элэг, эх оронч зүтгэл, хэтийг үлэмж дуурсган урлах нотот хүслийг илэрхийлэн охилсон ялж төгс амьдрахуйн зураг юм. Энэ сайхныг яруусган бийрлэсэн Ж.Цолмон таны үйлс илүү төгс өгөөмөр оршиж, орчлон хорвоо, эх Монголоо ашид гэрэлтүүлэх болтугай хэмээн ерөөе. “Цагийн зурвас” шинэ үүр, шинэ эхлэл байг, гэгээ нь бүгдийг оног.
Б.ЗОЛБАЯР
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 13.00 цагаас Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийх ажээ. МҮЭСТөв ордонд уулзалт болно. Уулзалтын үеэр нийслэл хотын агаарын бохирдол, гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажуулалт зэрэг сэдвүүдээр голлон ярилцах гэнэ.
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны УАШТ өнөөдөр өндөрлөнө.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 65, 86, 125 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаан болж аваргууд тодорно.
ОНООЛТ:
ЭРЭГТЭЙ:
65 кг:
Ц.Оюунболд (Мэргэд хангай) – Б.Нэмэхбаяр (Хасумегастарс)
О.Очирбат (Орхон) – Ө.Баасанбат (Цастын барс)
Д.Тэнгис (Хасумегастарс) – Б.Жаргалсайхан (Харгант)
Б.Батмагнай (Алдар) – Н.Зугдарбямба (Алдартан)
С.Билгүүн (Төгс)- Д.Шинэхүү (Хангарьд)
М.Нямбаяр (ҮБТДС) – Ц.Дамдинпүрэв (Аврагч)
Ч.Жамсранжав (ҮБТДС) – Т.Тулга (Арслан)
М.Цогбаяр (Харгант) – Г.Ханбүргэд (Даян бөх)
Г.Энхням (Аваргууд) – Г.Бат-Эрдэнэ (Хасумегастарс)
Э.Бямбадорж (Женко) – Т.Даваадалай (Мэргэд хангай)
Б.Наранболд (Хасумегастарс) – Г.Чойгажид (Женко)
А.Эрдэнэсайхан (Хангарьд) – Б.Номин (Аврагч)
Г.Баттулга (Налайх) – Д.Цогтбаатар (Аваргууд)
Г.Төртогтох (Хасумегастарс) – Н.Лхамгармаа (Алдар)
Ц.Цогхүү (Соёмбо) – Э.Ням-Очир (Хилчин)
86 кг:
Б.Бямбадорж (Мэргэд хангай) – Б.Энх-Амгалан (Даян бөх)
О.Үйтүмэн (Алдар) – Э.Сосорбарам (Ховд)
Г.Бат-Эрдэнэ (Аврагч) – Г.Ганхуяг (Аваргууд)
З.Мөнхзолбоо (Соёмбо) – Н.Шинэтөр (Соёмбо)
А.Цолмонгэрэл (Алдартан) – Б.Нямбаяр (Аврагч)
Э.Мөнх-Эрдэнэ (Алдартан0 – П.Өнөрбат (Хасумегастарс)
М.Хишигдалай (Ховд) – Г.Ориглох (Хасумегастарс)
М.Цэрэн (Хангарьд) – Ч.Өсөхбаяр (Хангай хайрхан)
125 кг:
Б.Хадбаатар (Цастын барс) – Ц.Төмөрцоож (Арслан)
Г.Баярбат (Даян бөх) – М.Лхагвагэрэл (Аварга)
Д.Эрдэнэтулга (Мэргэд хангай) – Т.Мягмаржав (Женко)
Б.Чимэдвандан (Алдар) – М.Бэлгүтэй (Женко)
Т.Дүгэрдорж (Аваргууд) – Б.Соронзонболд (Хилчин)
Д.Хүдэртулга (Сүлд) – Т.Сайханжаргал (Сүлд)
Ц.Мөнхбаяр (Алдартан) – О.Есөн-Эрдэнэ (Соёмбо)
Б.Нямсамбуу (Харгант) – Н.Золбоо (Хүч)
Э.Бат-Эрдэнэ (Аварга) – Х.Наранболд (Хангай мэргэд)
Г.Амгалан (Арслан) – Б.Гончигтавхай (Цастын барс)
Т.Бэгзсүрэн (Алдар) – Б.Мөнх-Эрдэнэ (Харгант)
Э.Төгөлдөр (Хасумегастарс) – Н.Жаргалбаяр (Сүлд)
ЭМЭГТЭЙ:
53 кг
Э.Сумъяа (Хилчин) – Отгонжаргал (Хасумегастарс)
Б.Оюунгэрэл (Ховд) – Н.Мөнхзул (Хангарьд)
1\2 финалд О.Ванчигмаа (Женко) – Отгонжаргал (Алдар)
62 кг
П.Орхон (Алдар) – Э.Дэлгэрмаа (Хасумегастарс)
Х.Болортуяа (Аврагч) – Ц.Шинэхүүхэн (Аваргууд)
1\2 финалд Д.Түмэнхүслэн (Женко) – Б.Сарнай (Налайх)
76 кг
Г.Наранчимэг (Хилчин) – Загардулам (Хангай хайрхан)
А.Чанцалнямаа (Хүч) – Б.Одончимэг (Алдар)
1\2 финалд Г.Ариунжаргал (Алдар) – О.Анударь (Аваргууд)
Өнөөдрийн барилдаан 11.00 цагаас эхлэх бөгөөд шигшээ барилдаан 16.00-18.00 цагийн хооронд болно.
Манай улсын нийгэм, эдийн засгийн төлөв байдал энэ онд ямар байх вэ. Үүнийг тооцоолохын тулд эхлээд улстөрийн байдлыг авч үзье. Өмнөх онтой харьцуулахад 2018 он сонгуульгүй жил байх учраас улстөр харьцангуй тогтвортой байх болов уу гэж харж байна. Одоогийн Засгийн газар гэнэт л факталчихдаггүй юм бол огцрох асуудал яригдахааргүй 2019 онтой золгоно. Харин хаврын синдром буюу газар гэсэх цагаар “Амь ордог” иргэний нийгмийн байгууллагууд болон парламентад суудалгүй жижиг намын төлөөллүүд олон арван жагсаал цуглааныг зохион байгуулж, төв талбай, төрийн ордныг хэдэнтээ тойрох байх. Өөрөөр хэлбэл, сар шинийн баяраас хойш оффшор бүс, ядуурал хоёрыг эсэргүүцэх иргэний нийгмийн байгууллагууд ар, араасаа, шил шилээ даран гарч ирнэ. Харин Засгийн газар огцруулах, Их хурлын гишүүдийг эргүүлэн татах зэрэгт хүртлээ хурцадмал асуудал үүсэхгүй гэсэн үг. Гэхдээ л нийгэм улстөрийн аж байдлыг илэрхийлэх гол үндэс нь эдийн засаг. Тэгвэл энэ онд манай улсын эдийн засгийн төлөв байдал ямар байх нь вэ.
Улсын эдийн засаг энэ онд харьцангуй тогтвортой дунджаар 5.6 хувийн өсөлттэй байна гэж зарим эдийн засагч тооцоолж. Харин улсын 2018 оны төсвийн төсөлд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байна гэж тооцоологдсон. Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-д эзлэх хувь найман хувьд хүрч төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэл тавигдана гэж үзэж буй. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор, иргэдээс татварын орлого авч эхлэх тул дундаж давхаргад үүсэх татварын дарамт улам нэмэгдэнэ гэсэн эсэргүүцэл одоо ч нийгэмд байна. Тухайлбал, сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувиар, сарын 4.0 сая төгрөгийн орлогод 15.1 хувиар татвар ногдуулж байгаа. Энэхүү татвараас гэхэд л төсвийн орлогод 2018 онд 51.5 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Харин цалинтай ээж хөтөлбөрт жилд 98.8 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсон байгаа. Шинээр долоон төрлийн татвар нэмэгдэж буй учир энэ онд төсвийн орлогыг 10 хувь өсгөнө гэж тооцоолсон. Үүнээс гадна олон улсын зах зээлд эрдэс баялгийн үнэ тэгтлээ ганхахгүй тул уул уурхай дээр түшиглэсэн манай орны эдийн засаг дажгүй, тогтвортойхон байна гэсэн өөдрөг төсөөлөл бий. Шатахууны татварын нэмэгдлээс үүдэлтэй багахан хэмжээний үнийн өсөлт, цалин, архи, тамхинаас авах татвар зэрэг нь ямар нэг хэмжээгээр нийгэмд бухимдал үүсгэж, стресс нэмэх асуудал хэвээр байх бөгөөд, ажлын байр тэгтлээ олноор нэмэгдэж, жижиг, дунд үйлдвэрүүд сэргэж, иргэдийн амьдрал хормын дотор сайжирна гэж итгэлтгүй байна. Итгэл төрүүлж эерэгээр жолоодох эсэхийг төрийн бодлого шийдвэр л мэднэ. Гэхдээ ганц найдаж буй нь нөгөө л алт, зэс, нүүрс.
Олон улсын шинжээчдийн таамагласнаар, алтны ханш энэ оны зургадугаар сар гэхэд унци нь 2300 ам.долларт хүрч нэмэгдэх бол тонн зэсийн үнэ 2019 он гэхэд 5329 ам.долларт хүрч өсөх нь. Харин нүүрсний хувьд гэвэл тонн нь 125 ам.доллар болж буурах таамаг байгаа.
Алт бол эдийн засгийн баталгаат хэрэгсэл тул олон улс алтны нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарсан хэвээр байна. Ийм цагт манайх нэн таатай мэдээтэй суугаа. Тодруулбал, Монголбанк өнгөрсөн сард иргэд, аж ахуйн нэгжүүдээс 911.83 кг алт худалдан авснаар нийт алт худалдан авалт оны эцсийн байдлаар 20.01 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс есөн хувиар өссөн дүн бөгөөд Монголбанкны сүүлийн жилүүдэд худалдан авсан алтны түүхэн дээд хэмжээ болж байгаа юм байна. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг болох АНУ-ын Төв банк валютын нөөцийнхөө 75 хувийг алтаар бүрдүүлдэг бол Герман 69 хувь, Итали 68 хувь, Франц 66 хувийг алтаар бүрдүүлдэг. Харин БНХАУ-д гадаад валютын нөөцийнхөө ердөө хоёр хувийг, ОХУ 16 хувийг алтаар бүрдүүлдэг юм.
Харин зэсийн үнэ олон улсын зах зээлд сүүлийн хэдэн сар өсөлттэй ч багахан хэлбэлзэлтэй байна. 2019 он гэхэд дэлхийн зах зээлд зэсийн бага зэргийн хомсдол бий болж, олборлолт өсөх хандлага ажиглагдсан хэвээр.
Гэхдээ нүүрсний үнэ цаашид тонн тутамдаа 10 ам.доллараар буурах таамаг олон улсын зах зээлд бий. Дэлхийн дулаарал, агаарын бохирдлоос үүдэн ханш нь аажмаар буурах магадлал бий. Манай нүүрсний 90 гаруй хувийг түүхийгээр нь худалдан авдаг Хятад улс гэхэд л нүүрсний хэрэглээгээ эрс багасгаж, Бээжин хотод хар түлш хэрэглэхээ больсон. Ийм байдлаар, нүүрсний эрэлт багахан буурч, ханш унах хандлага ажиглагдаж байгаа ч цаашид уул уурхайн гол түүхий эд хэвээр байна.
Тодруулбал, коксжих нүүрсний ханш ирэх 2018 онд 125 ам.доллар болж буурах таамаг бий бөгөөд шинжээчид энэ онд нүүрсний хэрэгцээ 17 хувиар буурахыг таамагласан.
Гэхдээ манай улсын томоохон төслүүдийн аль нь ч хөдлөх шинжгүй, уул уурхайн аж байдал бахь байдгаараа үргэлжилсээр, энэ оныг барах магадлал тун өндөр байна. Хэдэн жилийн өмнөөс ярьсаар өдий хүрсэн хэдэн том төслөө төрөөс анхаарч, дорвитой шийдэлд хүрэхгүй л юм бол эх орны эдийн засгийн цаашдын аж байдал хүндрэлтэй болж байна гэж уул уурхайн салбарын гол төлөөлөгчид хэлж байна. Эдийн засгийн боломжийг энэ онд хэрхэн ашиглах вэ, ирээдүйд юу болох эсэх нь дан ганц эрх баригчдын гарт бий гэсэн үг. Хувийн хэвшлийнхэн томоохон төслүүдээ хөдөлгөхийг хүсдэг хувь улстөрч, эрх мэдэлтнүүд өөрт ногдох ашиг харсаар, төслийг гацааж боомилдогт хамаг учир бий гэж энэ салбарынхан учирлаж байна.
2018 онд дэлхийн эдийн засагт багахан бууралт ажиглагдах ч манай оронд тэгтлээ нөлөөлөхгүй, эрдэс баялагийн ханш тогтвортой, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан сэхэл авахтайгаа байгаа энэ жил л хөлөө олох замд орох уу, орохгүй юу гэдэг нь шийдэгдэх гээд байна гэсэн үг.
Эрдэс баялгаас гадна энэ онд олон улсын зах зээлд ч хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний ханш өсөлттэй байна. Гэхдээ манай орны баруун бүс нутгуудаар ихээхэн цас орж, хатуу хавар болоод, зуданд багагүй мал хорогдох тул хөдөөд тодорхой хэмжээгээр ядуурал үүснэ гэж тооцоолоход гэмгүй. Гэхдээ цацсан шагай шиг тарсан, алс хөдөөгийн айлуудын хотонд болж буй ядуурал улсын эдийн засагт хүндрэл учруултлаа асуудал дагуулахгүй. Тиймдээ ч хөдөө рүү эрчимжсэн мал аж ахуй, түүхий эдийн аж үйлдвэр, аялал жуулчлал, газар тариалан зэргийг хослуулан бодлогоор хөгжүүлэх тулгамдсан асуудал үүссэн хэвээр байна.
Эрдэс баялагтаа найдаж энэ хэвээр байснаас заавал эдийн засгаа солонгоруулах нь хэрэгтэй гэсэн үг. Хэд, хэдэн жилийн давтамж, үе шат мөчлөгтэйгээр эдийн засгийн хямралд нэрвэгддэг гол үндэс нь ерөөсөө л ганцхан уул уурхайд найдаж, түшиглэсэн эдийн засагтай л холбоотой.
Ганц итгэл найдвар болох уул уурхайн салбарын зарим том төслийг хөдөлгөхийг хүссэн ч гадны томоохон хөрөнгө оруулагчид бүгдээрээ зугтаасан. Улстөрийн тогтвортой байдал, төр засгийн татварын бодлого, татварын ойлгомжгүй далд байдал зэрэг олон улсын стандартаас холоо хоцрогдож үлдсэн байр байдлаа засахаас нааш хөрөнгө оруулагчид эргэж харахааргүй байна. Гэхдээ Монгол банкнаас хүлээгдэж байсан Чингис бондын эхний төлбөр гэх мэт гадаад өр төлбөрүүд амжилттай шийдвэрлэгдсэн. 2018 он бол бодлогын реформуудаа хийх, эдийн засгийн өсөлт нэмэгдэх сэргэлтийн жил байх болно гэсэн өөдрөг мэдээллийг түгээж байгаа.
Эдийн засгийг солонгоруулан, төгөлдөржүүлэхийн тулд нэн түрүүнд эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг үе шаттайгаар бодитойгоор хөгжүүлэх хэрэгтэй байна. Мөн мах, сүү, ноос, ноолуур, арьс, шир, хүнсний ногоо, үр тарианы үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргах, дотоодын хэрэглээг 100 хувь хангаж, экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөр, боловсруулалт, нийлүүлэлт, тээвэрлэлт, үйлдвэрлэлийг хийдэг болох ёстой. Уул уурхайг хөгжүүлэхийн тулд хаягдалгүй технологи ашиглах, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, байгалийг 100 хувь нөхөн сэргээх үүрэг авч, хэрэгжүүлсэн уул уурхайн компанид үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох, орон нутгийн хяналтыг сайжруулах шаардлагатай. Мөн олон жил ярьсаар үр дүн гаргадаггүй инновацийг хөгжүүлэх ажлаа ажил хэрэг болгох ёстой. Эрүүл мэндийн салбараар дамжин гадагш гардаг хөрөнгийн урсгалыг эерэгээр шийдэх. Ази Европыг холбосон төмөр зам, автозам, агаарын замын транзит төв болох боломжийг нэмэгдүүлэх, худалдааны шинэ гарцуудыг нээх шаардлага бий. Ядаж л Тавантолгойн төмөр замаа тавиад өгөх хэрэгтэй гэдгийг улстөрчид ер ойлгож байгаа юм болов уу.
Барилга, орон сууцны салбарыг хөгжүүлэх, жишиг хотуудыг орон нутагт байгуулж, Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, орон нутагт ажлын байруудыг олноор бий болгох, шинэ төгсөгчдөд ажлын байр, хөдөө орон нутагт бий болгох. Гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас бусад салбарт чиглүүлэх нь зүйтэй. Хөдөө рүү чиглэсэн хөгжлийн бодлогогүйгээс болоод хотын энэ их тулгамдсан асуудал, эдийн засгийн хямрал ер арилахгүй байна. Энэ онд л ухаалаг шийдвэр гаргах уу үгүй юу гэдгээр ирээдүйн асуудал шийдэгдэх гээд байна.
Өнгөрсөн баасан гаригт Төрийн банкны ТУЗ хуралдаж, банкны удирдлагад өөрчлөлт хийн захирлуудын тоог 50 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийн хүрээнд Төрийн банкинд газар, хэлтсийн захирлаар ажиллаж байсан 70 гаран хүнийг 40 орчим болгож цөөлжээ. Засгийн газар төрийн өмчит компаниудыг татан буулгах, хэт данхар бүтэцтэй байгууллагуудад хуваарилалт хийж үргүй зардлыг бууруулна гэж мэдэгдэж байсан бөгөөд шийдвэрийн дагуу ажлууд хийгдэх бололтой.
Ц.Алтангэрэл Монгол Улсын гавьяат багш, доктор Ш.Чимгээгийн хамт
ндэсний лаборатори “Номун далай” цогцолбор сургуулийн захирал, Ардын боловсролын тэргүүний ажилтан Цэрэнбатын Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа.
-Та хэдэн онд багш мэргэжлийг эзэмшиж байв?
-Би 1964 онд төрсөн Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул хүн. Манай нутаг чинь алдарт “Хүрэн морь” найраглалыг туурвисан төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн, төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ш.Өөдөс, Г.Пунцаг, хошууч генерал Н.Паль, гавьяат жүжигчин Х.Пүрэвдорж, гавьяат тээвэрчин С.Зина, доктор Н.Логи, улсын идэр шаламгай начин П.Нямжанцан, улсын начин А.Норов нарын урлаг соёлын алдартнууд төрөн гарсан Алтан гадас одонт сум л даа. За, тэгээд ямаагаараа улсад тэргүүлдэг сум. “Өдрийн сонин”-ы сэтгүүлч уржнан хавар очиж нутгийн маань талаар сайхан сурвалжлага хийснийг уншаад баярлаж л байлаа. Улсын аварга малчин Д.Дүйнхэр, Дэмчиг, хошой аварга “Алтан ишиг”-ний эзэн П.Сэмнээ, Б.Адъяа, Д.Төмөрбаатар, С.Үрчгэр, П.Намсрай, С.Тамжаа, А.Дагвасамбуу, Л.Содномпил, Б.Чойдорж, Б.Доржпүрэв, Ц.Цогбадрах нарын олон сайхан малчид байна. Би Бөөнцагаан нуур, Гурван Аргалантын нуруу зэрэг тэгш сайхан үзэмжит энэ сайхан цэнхэр говьд төрж өсөөд, 1983 онд нэгдүгээр 10 жилийн сургуулийн аравдугаар ангийг дүүргэн Монгол Улсын их сургуулийн физик, математикийн ангид элсэн орж 1988 онд математикийн багш мэргэжлээр төгссөн дөө. Түүнээс хойш боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалж, 1998 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын менежерийн анги төгссөн.
-Социализмын сүүл үеийн, өөрчлөн байгуулалт гэж яригдаж байсан тэр үеийн л багш юм аа даа?
-Сургуулиа төгсөөд 1988-1998 онд Баацагаан сумын ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар ажиллалаа. Нутагтаа сайхан л байсан. Тэндээсээ аймгийн төв рүү шилжин ирж 1994-2004 онд Баянхонгор аймгийн “Номун далай” цогцолбор сургуульд багш, секцийн ахлагчаар ажиллахдаа олон ч сайхан шавьтай болсон. Түүнээс хойш 2005-2008 онд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга, 2009 оноос аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар, 2013 оны тавдугаар сараас одоог хүртэл “Номун далай” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байна.
-Түмний үрсэд эрдмийн хишиг түгээх, удирдах ажил хоёрын ялгаа анзаарагдана биз?
-Хөдөө сумын сургуулийн багшийн ажлаар ажил, амьдралын гараагаа эхэлсэн болохоор сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, сургалтын чанар, сургуулийн сургалтын орчныг сайжруулах, заах арга, ур чадвараа дээшлүүлэхэд л голлон анхаарч үр бүтээлтэй ажиллахыг чармайдаг байлаа. Хамгийн гол нь аймаг, бүсийн олимпиадад шавь нараа амжилттай оролцуулж, математикийн олимпиадын аварга сурагчдыг олноор төрүүлэхийг хүсэж үүндээ ч хүрч л байсан.
-Өөрөө ч олимпиадад олон удаа амжилттай оролцож байсан биз?
-Математикийн олимпиадын аварга багшаар хэд хэдэн удаа шалгарч л байсан. Аймгийн төвийн “Номун далай” цогцолбор сургуульд математикийн секцийн ахлагч, багшаар ажиллаж байхдаа сурагчдын сэтгэн бодох ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Дрихлейн зарчим”, “Инвариант, комбинаторик ба магадлал” зэрэг ном бичиж сургалтад ашиглаж байсан маань хожим боловсрол судлалын магистрийн зэрэг хамгаалахад минь их нэмэр тусаа өгсөн шүү.
-Багш хүн улстөрд орж болохгүй гэсэн хууль байхгүй л дээ. Гэхдээ та яаж яваад тийшээ орчихов?
-Би ардчиллыг анхнаас нь л дэмжсэн хүмүүсийн нэг. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажиллагаанд идэвхтэй оролцож, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, хэлбэрийг шинэчлэх, байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулахад санаачилгатай ажиллаж байгаа жирийн л нэг төрийн албан хаагч л даа, би. 2000-2008 онд аймгийн Иргэдийн төлөөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр хоёр ч удаа сонгогдож идэвхтэй сайн ажиллалаа. Энд ажиллаж байхдаа аймгийн нийгмийн салбарын хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх, боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг хүн ам зүйн чиглэлээр явуулах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулахад гар бие оролцож явсандаа сэтгэл хангалуун л байдаг.
-Багшаар нь ажиллаж байсан “Номун далай” цогцолбор сургуульдаа захирлаар томилогдон ажиллаж байгаа юм байна. Хуучнаар бол Баянхонгор аймгийн төвийн нэгдүгээр арван жилийн сургууль байх аа?
-Баянхонгор аймгийн төрийн соёрхолт эрдэмтэн Б.Доржпаламын нэрэмжит үндэсний лаборатори “Номун далай” цогцолбор сургуулийн захирлаар 2013 оны тавдугаар сараас томилогдон ажиллаж байна. Урьд нь ажиллаж байсан хамт олонтойгоо ажиллах сайхан шүү. Энэ хугацаанд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, дэвшүүлсэн сургалтын орчны шинэчлэл, сургалтын арга зүй, технологи, хэрэглэгдэхүүний шинэчлэл бага, дунд боловсролын үнэлгээний шинэчлэл зэрэг зорилтуудыг амжилттай хэрэгжүүллээ. Аймгийн хэмжээнд хорин есөн сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарт бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтуудыг Боловсролын газартай хамтран удаа дараа зохион байгуулж, боловсролын шинэчлэлийн бодлогыг ч үр дүнтэй хэрэгжүүлж байна. Сургуулийнхаа 15 жилийн хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсролын шинэчлэлийн бодлого, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, 2014-2024 оны Төрөөс боловсролын талаар баримтлах бодлоготой уялдуулан боловсруулж, сургуулийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж байна. Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлаа Монгол-Кембрижийн боловсролын санаачлага, сургуулийн чанарын баталгаажуулалтын бодлоготой уялдуулан дараах чиглэлээр зохион байгуулж байгаа нь үр дүнд хүрлээ.
-Багш хүн сурагчдад, багшид дээд удирдлага нь үнэлэлт дүгнэлт өгдөг. Харин захирал хүнд хэн үнэлгээ өгөх вэ?
-(Инээв. сур) Сургуулиа чадварлаг удирдсан гэж аймгийн Засаг дарга, Боловсрол, соёлын газрын даргатай хийсэн 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлт 87.8 хувь, 2015 оны Засаг дарга, Боловсрол, соёлын газрын даргатай хийсэн үр дүнгийн гэрээний биелэлт 90 хувь буюу “А” үнэлгээтэй үнэлэгдэж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Авьяас” дэд хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуучуудын авьяасыг нээж хөгжүүлэх ажлыг аймаг, орон нутагтаа манлайлан боловсрол, соёлын байгууллагууд, эцэг эх, олон нийтийн хүч нөөцийг оновчтой зохион байгуулж өндөр амжилт гаргасан гэж “Хонгор нутгийн авьяаслаг багачууд-2016” их наадмын “Авьяасыг дэмжигч шилдэг захирал”-аар шалгаруулсан шүү. Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Соёрхол” шагналаар ч шагнагдсан. Одоо ч шагнал үнэндээ олширч. Тэртээ хориод жилийн өмнө 1993 онд “Багшийн алдар” одонгоор энгэрээ цоолуулж байсан минь их дурсамжтай сайхан санагддаг.
-Таны гарын олон шавь мундаг аж төрж яваа биз?
-Баацагааны сургуулийн, Баянхонгор аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийн, Б.Доржпаламын нэрэмжит “Номун далай” цогцолбор сургуулийн гээд олон сайхан шавь нар маань нэр төртэй сайн сайхан амьдарч, улс эх орондоо ихийг л бүтээж явна. Багш хүний нэг зовлон нь аль нэг шавиа нэрлэж жишээ авах гэдэг их хэцүү зүйл байдаг юм шүү. Удирдсан гүнзгийн ангиудаас маань ч олон шилдэг сэхээтэн төрсөн дөө.
-Та гэр бүлээ танилцуулаач!
-Гэргий маань Гончигдоржийн Ганцэцэг гээд дуу, хөгжмийн багш мэргэжилтэй хүн бий. Манайх ам бүл тавуул. Хань маань “Номун далай” цогцолбор сургуульд багшилдаг юм.
Шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат, ”Алдар” спорт хороо, ”Увс нуур” дэвжээний бөх, улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, ”Булганхангай” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Э.Энхбат үзүүрлэв.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, ”Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Б.Сангисүрэн, Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн харцага Д.Пүрэвдорж нар шалгарсан юм.
ТАВЫН ДАВАА
1. у/г Ө.Бат-Орших – а/а Б.Даваа-Очир
2. у/з Б.Пүрэвсайхан – у/н Ш.Шинэбаяр
3. у/х А.Цацабшир – у/н Ч.Цогбаяр
4. у/х Н.Батзаяа – у/н Б.Сангисүрэн
5. у/н Э.Энхбат – а/з Л.Батсайхан
6. у/н Ч.Баянмөнх – а/х Д.Пүрэвдорж
7. у/н Б.Батжаргал – у/н Д.Анар
8. у/н Э.Даш – у/н Ч.Хөхчирэнгэр
ЗУРГААГИЙН ДАВАА
1. у/г Ө.Бат-Орших – у/н Ч.Цогбаяр
2. у/н Э.Энхбат – у/н Ш.Шинэбаяр
3. у/н Б.Сангисүрэн – у/н Д.Анар
4. у/н Э.Даш – а/х Д.Пүрэвдорж
ДОЛООГИЙН ДАВАА
1. у/г Ө.Бат-Орших – у/н Б.Сангисүрэн
2. у/н Э.Энхбат – а/х Д.Пүрэвдорж
НАЙМЫН ДАВАА
1. у/г Ө.Бат-Орших – у/н Э.Энхбат
/Түрүү/ /Үзүүр/\