Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт мотоциклын хөдөлгөөнийг түр хоригложээ

Image result for мотоцикл малчин

Хөвсгөл аймагт мотоциклын хөдөлгөөнийг түр хориглосон захирамжийг аймгийн Засаг дарга гаргажээ.Хүйтний улиралд авто замын нөхцөл байдал халтиргаа гулгаа ихтэй байдаг тул осол гэмтлээс сэргийлэх үүднээс энэхүү шийдвэрийг гаргажээ.

Тус аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийг хүртэл мотоциклоор зорчихгүй байх аж.

Аймгийн Засаг даргын захирамж:


Categories
мэдээ улс-төр

Д.Очирбатыг Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлж, нэгдүгээр эмнэлгийн даргаар томилжээ

Өнгөрсөн баасан гаригийн Засгийн газрын ээлжит бус хурлаар ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэгдүгээр эмнэлгийн даргаар томилжээ. Яамдын төрийн нарийн бичгийн дарга нарын халаа сэлгээ ийн үргэлжилж байна. Өмнө нь Сангийн яам, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан билээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Загджав: Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан ч үүнийг хэрэгжүүлээгүй

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав “Оюутолгой” компанийн талаар мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би тэдний өмнөөс, Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын хувьд “Рио тинто” компанийг Монголын ард түмний нийгэм, эдийн засгийн хөгжилд хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. “Оюу толгой” компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд хэдэн үүргээ биелүүлэхгүй, манай орны эрх ашгийг хохироосоор өдийг хүрлээ. Тэд эхний ээлжинд зам тээврийн асуудлыг авто болон төмөр замын аль ч хэлбэрээр шийдэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр Монголчуудын чадан ядан барьж байгуулсан авто замаар чихэлдэж, давуу эрх эдэлж тээвэрлэлт хийж олон мянган жолооч зуун зуун км-ын дараалалд саатаж түвэг бэрхшээл үүсэх нэг нөхцөл болж байна.

Мөн Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан. Гэтэл үүнийг хэрэгжүүлээгүй. Жил бүр 140-150 сая долларын цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэсээр байна. Цааш нь нөгөө Зэс хайлуулах үйлдвэр байгуулах яасан бэ. Алт болон бусад эрдсийг нь тооцохгүйгээр гурван сая гаруй тонн зэсийн баяжмалыг концентраци хэлбэрээр нь гаргасаар байна. Түүнчлэн Монголын ард түмний баялгийг олборлон хангалттай ашиг олж байгаа энэ компани нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллахгүй байна. Зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсон төдий хэмжээний ажлын байр босгосон, Өмнөговь аймгийн хөгжилд зориулж жил бүр таван сая төгрөгийн төсөл санхүүжилтийг өөрсдөө оролцож хэрэгжүүлсэн төдийхнөөс өөр дорвитой ажил зохион байгуулахгүй байна. Жишээ нь, “Оюутолгой”-н баялагт түшиглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумыг өргөжүүлж, орчин үеийн Ханбогд хэмээх шинэ хот яагаад байгуулж болохгүй байна. Гэтэл Монголын Засгийн газрын нэрийг барьж гадаадад том том арилжаа хийж, хөрөнгө босгож, тэрбум тэрбум долларын санхүүжилт олж байгаа хэрнээ манай улсад хөрөнгө оруулалт хийхгүй байгаа нь бидний тэвчээр алдрах нэг шалтгаан болж байна.” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Винсвэй”, “Чалько” компани монголын Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэн, Ганцмодны боомтын замыг хааж жагсаал хийлгэж байна

-ОЮУТОЛГОЙ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН КОМПАНИУД ТЭЭВРИЙН МАШИНАА ХИЛИЙН ЦААНААС АВЧ ЧАДАХГҮЙГЭЭС БОЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ЗОГСОЖ ЭХЭЛЖЭЭ –

Хятадууд жагсаал, цуглаан хийх гэж ёстой “гурилдана” гэгч нь болдог юм байна. Ямар ч эмх цэгц байхгүй. Дээрээс нь хэн удирдан зохион байгуулаад байгаа нь тодорхойгүй. Цагаан хоолой зэрэг чанга яригч огт хэрэглэхгүй. Өвлийн хүйтэнд даараад бээвийчихсэн 400 гаруй иргэн дуу дуугаа авалцаад шаагилдаад байв. Ганцмодны хилийн боомтын адууны хашааны сараалжин төмөр хаалга руу харж зогсоцгоочихоод голынхоо дуугаар орилоод байх юм. Хамгийн сонин нь төмөр сараалжин хашааны цаад талд нэг ч хүн байхгүй. Улаан шороо бужигнан угалз тавих манай улсын тал руу хараад л өөр өөрсдийнхөөрөө хашгирч байна лээ. Хэн рүү харчихаад ямар зорилготойгоор эсэргүүцэл илэрхийлж байгааг мэдэх юм алга. Зүгээр л бие биенийхээ дууг давах гэж хашгираад байх нь тэр. Өмнө нь Монголд олон удаа жагсаал, цуглаан сурвалжилж явсан миний бие анх удаа ийм жагсаалыг хилийн цаана гарч сурвалжилж өнжсөн минь энэ. Орчуулагч өмнөд монгол залуугаас “Энд байгаа хятадууд юу гээд орилолдоод байгаа юм бэ” гэж асуулаа. Тэгсэн мань эр “Миний толгой эргээд байна. Бүгд л хашгираад юу гээд байгаа нь сонсогдохгүй байна” гэж хариулах аж. Тэгэхээр нь “Хүн тус бүрээр нь сайн сонсчих. Тэгээд надад хэлээд өг” гэж гуйлаа.

Орчуулагч залуу хил дээр жагсаал хийж байгаа хүмүүс дээр очиж юу гэж хашгираад байгааг асуув. Ганцмодны боомт дээр жагсагчид “Монголын Засгийн газар бидний эрх ашгийг хамгаалах ёстой. Бид “янхан” жолооч нарын нийгмийн даатгалыг төлж чадахгүй. Уртын тээврийг хуучнаар нь явуул. Улс хоорондын тээвэр хийх зөвшөөрлийг Хятад эзэнтэй тээврийн компаниудад нэмж олго. Монголын Засгийн газар 320 дугаар тогтоолоо цуцал. Бидний тавьсан шаардлагыг хүлээж авах хүртэл хил хаана. Монголын хил рүү нүүрсний нэг ч машин гаргахгүй л гээд хэлээд байна. Хүн бүр цээжилсэн бололтой нэг өгүүлбэрээ ам амандаа л шаагилдаад байна” гэв. БНХАУ-ын нүүрс тээвэрлэлтийн компанийн 400 гаруй жолооч Ганцмодны хилийн боомтын замыг хааж жагсаад зургаа хонож байна. Тэд хоёр улсын нүүрс тээвэрлэлтийг таг зогсоогоод зургаа хонож байгаа гэсэн үг юм. Манай улсын Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж жагсаж байгаа хятадуудаас манай компаниуд машинаа авч чадахгүй гацаанд ороод байна. Бүр Оюутолгой компанийн үйл ажиллагаа хүртэл гацаанд орсон. Алт, зэсийн баяжмал ачиж урд хөршийн хил гарсан машинаа эргүүлэн татаж авч чадахгүй байгаагаас болж батлагдсан графикийн дагуу баяжмалаа хилээр гаргах ажил ч мөн гацаанд оржээ. Ганцмодны боомт дээр жагсаж байгаа нүүрс тээврийн Хятадын компанийн ажилтнууд 09:00-17:00 цагийн хооронд хил хааж байна лээ. Жагсагчид даарахаараа зам хааж тавьсан машиндаа гүйгээд орчих юм. Тэндээ халуун цай ууж, хоол идэж байгаа харагдсан. Хятадын Засгийн газрын явуулгаар хилийн боомт дээрх нүүрсний замыг хааж, жагсаал хийж байна гэв 13:00 цагийн орчимд хилийн ойролцоо нүүрс тээврийн авто машинаа тавьсан хэдэн монгол жолооч ирж байгаа харагдлаа. Суудлын жижиг тэрэгнээс буусан таван залуу машин тойрч үзээд зогсоод байв. Гэтэл нэг хятад гараараа монгол залуучууд руу зангаад хашгирав. Хятадууд ч шуугилдаад явчихлаа. Машинаа үзэж зогссон залуус тогонд залгуулчихсан юм шиг гүйсээр машиндаа суугаад зугтаав. Хятадууд араас нь орилсоор хоцорлоо. Биднийг ирэхээс хоёр хоногийн өмнө зам хааж зогссон хятадууд монголчуудыг зодсон хэрэг гарчээ. Толгой руу түлхүүр, лапатикаар цохиж Батсүрэн гэх 43 настай залуугийн биед хүнд гэмтэл учруулжээ. Тэрбээр БНХАУ-ын Бугантын эмнэлэгт тархиндаа мэс засал хийлгэсэн байна. Одоогоор биеийн байдал нь тааруу байгаа гэх мэдээллийг бидэнд өгч байв. Мөн жагсаал хийж байгаа хятадууд эмх замбараагүй байдал үүсгэсэн оройдоо хилийн ойролцоо байсан Монголын компаниудын машины эд ангийг эвдэж, салхины шил, гэрэл зэргийг хагалж, сүйтгэсэн хэрэг гарсан байна. Монголын компаниуд боомтын захиргаанд энэ тухай мэдэгдэж Хятадын цагдаа нарт өргөдөл гомдол гаргаж өгсөн байна. Мөн хоёр улсын хилийн боомтынхон хоёр удаа албан ёсны уулзалт хийжээ. Уулзалтаар Ганцмодны хилийн боомтын захиргаа болоод Баяннуур аймгийн удирдлага, цагдаагийн дарга нар “Хил дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг удахгүй намжаана. Нүүрс тээвэрлэлт саадгүй явах болно. Монголын Засгийн газарт нүүрсний компаниуд 12 төрлийн шаардлага тавьж байгаа юм байна лээ. Үүнийг Монголын талд удахгүй шилжүүлж өгнө. Ингээд хилийн эмх замбараагүй байдлыг зогсооно. Эсэргүүцэл үзүүлсэн компанийн захирлуудыг барьж хорино” гэх утга бүхий зүйл ярьжээ. Одоогоор хилийн замыг хэдийгээр нээх нь тодорхойгүй байна. Хилийнхний ярьж байгаагаар цагаан сар хүртэл зам хаана гэсэн мэдээлэл байгаа гэсэн. Энэ талаар Монголын нүүрс тээврийн компаниуд “Хятадууд хилээ хааж, нүүрс тээвэрлэлтийг зогсоосонд санаа зовох асуудал биш. Уурхайгаас нүүрс ачигдсан л бол тэр Хятад Улсын өмч болчихдог. Тиймээс Монголын компаниуд уурхайгаас нүүрсээ ачаад Цагаанхадны хашаануудад овоолоод байх хэрэгтэй. Хятадууд өөрсдийнхөө хөрөнгийг хүссэн хүсээгүй л авна. Угаасаа Хятадын нүүрс тээврийн компаниудыг Засгийн газраас нь дэмжээд байгаа юм. Түүнээс биш БНХАУ хэзээ байтлаа хил дээр үймээн самуун үүсгэж байлаа. Хэрэв ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд шууд шоронд хийгээд, цэргийн хүчээр тараачихдаг биз дээ. Тэгэхэд жагсаал хийж байгаа хүмүүсийг тараахгүй. Харин ч дэмжээд байгаа нь цаанаа улс төрийн утга учир агуулж байгаа юм” хэмээн онцолж байна лээ. Хятадууд ямар учраас Монголын нүүрс тээврийг гацааж, хилийн замыг хаасан бэ? Өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн нүүрс тээврийн салбар илтэд сэргэсэн байна. 2016 онд өдөрт 500 машин нүүрс гарч байсан Гашуунсухайтын хилийн боомтоор өдөрт 1200-1500 машин нүүрс гарах болжээ. Нүүрсний зах зээл 2017 онд илт сэргэж эхэлсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засаг ч үүнийг дагаад сэргэлт ажиглагдаж эхэлсэн гэнэ. Өдөрт хилээр 1500 машин нүүрс гарч байгаатай холбоотойгоор “Эрдэнэс таван толгой”, “Энержи Ресурс” ХХК, “Таван Толгой” ХК тэргүүтэй уурхайн нүүрсийг худалдан авдаг “Винсвэй” компани, “Чалько” компанитай өнгөрсөн онд 400 гаруй тээврийн компани гэрээ хийжээ. Тодруулбал, долоон мянга орчим тээврийн хэрэгсэл хоёр улсын хилээр нэвтэрч, Монголын нүүрсийг Хятад руу зөөжээ. Хоёр улсын нүүрс тээврийг хийж байгаа долоон мянган тээврийн хэрэгслийн хоёр мянга хүрэхгүй нь Монголын компаниудын өмч юм байна. Үлдсэн таван мянга гаруй нүүрсний машиныг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд эзэмшдэг ажээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө нүүрс тээврийг дандаа Хятадын улсын дугаартай машинаар тээвэрлэж байсан. Тухайн үеийн Зам тээврийн сайд болон Засгийн газраас гаргасан шийдвэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрт өөр улсын дугаартай машин нүүрс тээвэрлэхийг хориглох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын дугаартай автомашин манай улсын хилээр нэвтэрч, нүүрс тээвэрлэх боломжгүй болсон. Дээрх асуудал тухайн үедээ хэл ам дагуулж байсан ч тэгсгээд намжсан. 2013-2014 онд манай улсын тээвэрлэлтийн компанийн мэдэлд 500 хүрэхгүй машин байсан юм. Хятадууд нүүрс тээвэрлэлтээ хийхийн тулд Монголын компаниудад машинаа шилжүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, хятад хөрөнгө оруулалттай монгол дэд захиралтай компани олноороо бий болсон. Ийнхүү БНХАУ-ын дугаартай машинууд бүгд манай улсын компаниудын нэр дээр бүртгэлтэй болсон билээ. Мөн нүүрс тээвэрлэлтэд явж байгаа хятад жолоочийн тоог цөөрүүлэх ажлыг манай улсаас хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, монгол жолооч нарыг ажлын байртай болгох ажиллагаа хийгдсэн юм. Хятад компаниудын өнөөдрийн үл ойлголцол эндээс эхлэлтэй аж. Засгийн газар дээрх шийдвэрийг гаргаснаар хятадууд нүүрс тээвэрлэлтийн салбарыг бүрэн атгандаа оруулаад байсныг бага ч гэсэн чөлөөлж чадсан юм. Хятадын компаниуд хүсэн хүсээгүй ч монгол жолоочид машинаа өгөөд явуулдаг болсон. Гэхдээ нэг жолоочоор нэгээс хоёр удаа нүүрс тээвэрлүүлээд цалинг нь өгчихдөг. Дараа нь өөр хүнээр машинаа бариулах маягаар тогтвортойгоор бус ажилладаг байна. Хятадуудын машиныг ээлжлэн барьж байгаа жолооч нарыг энэ цаг мөчөөс эхлэн “Янхан” жолооч хэмээн нэрлэх болсон. “Янхан” хочит жолооч нарын эрх ашиг зөрчигдөх, цалингаа авч чадахгүй хулхидуулах, хятад эзэд нь зодох, бүр амь насыг нь хөнөөх асуудал Ганцмодны боомт дээр цөөнгүй гарах болжээ. Энэ талаар ч сүүлийн хэдэн жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй гарч байгаа. Мөн “Гээндээ ч бий. Гоондоо ч бий” гэдэг шиг Монголын жолооч нар хятад эзэнтэй машиныг унаж Монголын хилээр орж ирээд эд ангийг нь тонож зарах, бүр задалж, жиргээд зарсан тохиолдол ч гараад байгаа. Мөн ямар нэгэн эвдрэл гэмтэл гаргасан тохиолдолд тэнд нь хаячихдаг. Үүнээс үүдэлтэйгээр мөн л хятад болон монгол жолооч нарын дунд үл ойлголцол үүсээд байгаа билээ. Хятадын хилийнхэн 200 гаруй километр нүүрсний цуваа үүсгээгүй бол Монголын Засгийн газар 320 дугаар тогтоол гаргахгүй байсан Өөр нэг шалтгаан нь өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөд нүүрсний тээвэрлэлт БНХАУ-ын хилийн боомтынхны үйл ажиллагаанаас болж удааширч эхэлсэн юм. 200 гаруй километр урт дараалал үүсч, 17-20 хоног дугаарлан зогсох болсон нь хоёр шалтгаантай юм байна. Манай улсын Үндэсний авто тээврийн газрын дарга нар өөрсдийнхөө эрх мэдэл бүхий компаниудад нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгоод эхэлжээ. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл бүхий алба хаагчид нүүрс тээвэрлэлтийн салбарыг гартаа атгах санаархал хийж эхэлсэн байна. Ингээд шинээр зөвшөөрөл хийгдэж мянга гаруй машин нэмэгджээ. Яг энэ үед Ганц модны хилийн боомтынхон “Танай жолооч нар хориотой зүйлс хууль бусаар хилээр гаргах нь хэрээс хэтэрлээ. Нүүрсний машинуудыг шалгаж оруулна” хэмээн мэдэгджээ. Үүний дараа дөрвөн хаалгаар нүүрс ачсан машиныг оруулдаг байсан бол хоёр хаалгыг нь хаажээ. Ингээд машин бүрийг шалгаж, өдөрт ердөө 200-500 машин оруулдаг болжээ. Эндээс эхлэн монгол жолооч нар 17-20 хоног зам дээр дугаарлан зогссон байна. Цагаан хадны машины цуваа 200 гаруй километрт хүрсэн асуудал Засгийн газрын хэмжээнд яригдсан. Ажлаа аваад удаагүй байсан Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нар Гашуунсухайт хилийн боомт дээрээс ажлаа эхэлсэн. Тэд уурхайгаас нүүрс ачаад хил рүү гарч байгаа уртын урт тээврийг зогсоох арга хэмжээ авчээ. Уурхайгаас ачсан нүүрсийг Ханбогд сумын Цагаан хаданд байрлах компаниудын хашаанд буулгах. Хашаанд буулгасан нүүрсийг нөгөө талаас нь ачиж, 20 гаруй километр давхиад богино тээвэрлэлтээр хил гаргаж байхаар болсон байна. Бүр Засгийн газрын 320 дугаар тушаал гаргаж, нүүрс тээврийн машины жолооч нарын нийгмийн даатгалыг төлөх, тээвэрлэлтийг хурдан шуурхай явуулж цалин хөлсийг нь нэмэх тогтоол шийдвэр гаргасан. Ингээд Авто тээврийн үндэсний төв Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг өнгөрсөн сараас хэрэгжүүлж эхэлжээ. Манай улсын Засгийн газрын гаргасан энэхүү шийдвэрүүд БНХАУ-ын нүүрс тээвэрлэлтийн компаниудын эрх ашигт нийцээгүй юм байна. Үүнээс үүдэлтэйгээр хилийн замыг хааж жагсаал хийх болжээ. Нар баруун тийш хэвийж, хүйтэн жавар тачигнаж байв. Өвлийн хүйтэнд өдөржин хашгирсан 400 гаруй жагсагчийн хоолой сөөчихсөн байв. Сүүлдээ хашгирч чадахгүй болсон бололтой. Хөлөө ээлжлэн товшлон даарч зогсох ажээ. Тэд 17:00 цаг болохыг тэсэн ядан хүлээж байгаа нь илт байв. Мөн маргааш Өмнөговь аймгийн Засаг дарга, хилийн боомтынхон Ганцмодны боомт дээр ирж Засаг захиргааныхантай уулзахаар болсон гэх яриа тэр хавиар гарч эхэлсэн юм. Мөн цагдаагийн дарга нар ч жагсагч нартай уулзахаар болсон байна. Гялалзсан хар өнгийн суудлын автомашин давхиж ирээд жагсагчдыг “Одоо тар. Маргааш 09:00 цагт ирээрэй” гэснээр тэр өдрийн жагсаал тарав. Жагсагчид ч зам хааж тавьсан машинаа тэр чигт нь орхиод дулаан газар бараадахаар журайтал гүйлдсэн юм. Бид ч жагсаал хийж байгаа нүүрс тээврийн компанийн гурван захиралтай уулзахаар хөдөллөө.

Э.ХҮРЭЛБААТАР



Categories
мэдээ нийгэм

Техникийн шингэн антифризд есөн иргэн хорджээ

Энэ сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын Цавт хэмээх газар өвөлжиж буй нэгэн айлд таван иргэн үл мэдэх шингэн ууж хордсон хэрэг гарчээ. Тус таван иргэний нэг Улаанбаатар хотын харьяат, 47 настай Т нь тус сумын эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Харин бусад хордсон иргэнийг Дорнод аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж.

Талийгаач Т нь тус аймгийн Чулуунхороот сумын иргэний хүсэлтээр мах ачихаар нэгэн иргэний хамтаар очсон байна. Бэлтгэсэн махаа ачих үеэр нутгийн иргэдтэй хамт архи ууж, улмаар техникийн спирт /антифриз/ уусан байж болзошгүй хэмээн албаныхан мэдээлсэн байна. Одоогийн байдлаар тус аймгийн цагдаагийн газрын зүгээс хордсон иргэдийн уусан шингэнийг шинжлүүлэхээр лабораторид илгээжээ.

Эмнэлэгт хордлогын шинжтэй нийтдээ есөн хүн хордлого тайлах эмчилгээ хийлгэж буй юм байна. Харин нэг хүний бие тун тааруу, Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн иргэдээс гүн хордсон хоёр иргэний бие сайжирч байгааг эмнэлгээс мэдээлэв.

Түүнчлэн тус техникийн шингэнээс балгасан гэх бусад хүнийг хяналтад авч, хордлого тайлах эмчилгээг цаг алдалгүй хийж байна. Дээрх аймгийн эмнэлэг Эрүүл мэндийн яамнаас болон Хордлого судлалын үндэсний төвөөс өгсөн зааварчилгааны дагуу эмчилгээг хийж гэнэ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн УАШТ-ий аваргууд тодорлоо

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд палас”-т боллоо. Энэ удаагийн УАШТ-д 25 багийн 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. Энэ жилийн тэмцээнд Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Д.Гомбодорж долоо дахь удаагаа түрүүлсэн юм. Мөн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг зургаа, гавьяат тамирчин Э.Бэхбаяр тав, ОУХМ Б.Шоовдор, Э.Нарангэрэл, Ш.Түмэнцэцэг, Э.Даваачимэг дөрөв, А.Батцэцэг нар хошой аварга болсон бол бусад жинд шинэ аварга төрөв. Тус тэмцээнд “Алдар” спорт хорооны баг тамирчд багийн дүнгээр тэргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Бөхчүүдийн эхнэрүүд ЭХЭМҮТ-д хандив өргөжээ

Түмэн олноо цэнгүүлэн барилддаг хүчит бөхчүүдийн эхнэрүүд нэгдэн сайн үйлсийн аян өрнүүлжээ. “Сайхан сэтгэл” аяны хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 6.000.000 гаруй төгрөгийн багаж, тоног төхөөрөмж хандивласан байна. Энэхүү аяныг улсын гарьд Ж.Бат-Эрдэнийн гэргий Ө.Баярчимэг, заан Б.Пүрэвсайханы гэргий Б.Шижиртуяа (улсын заан Д.Бумбаярын охин) нар санаачилсан аж.

Хандивын аяныг улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Б.Ганбат, Н.Батсуурь, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан, заан Д.Бумбаяр, М.Өсөхбаяр, Б.Пүрэвсайхан, Н.Түвшинбаяр, Н.Жаргалбаяр, Ц.Магалжав, Ч.Батзориг, Б.Соронзонболд тэргүүтэй 90 гаруй бөхчүүдийн эхнэрүүд дэмжин оролцжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн иргэдтэй уулзах уулзалтаа өнөөдөр Чингэлтэй дүүргээс эхлүүлсэн бол маргааш Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана. Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчидтой уулзах уулзалт маргааш буюу 2018 оны нэгдүгээр сарын 15-ны 14 цагт Соёлын төв өргөөнд болно. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэд соногчидтой цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцаж, тэдний санал бодлыг сонсох юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ дахь айлчлал эхэллээ

Image result for Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ дахь айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-нд тус улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна.

Айлчлалын зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө. Түүнчлэн БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МҮЭСТО-нд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь Төрийн тэргүүний Монгол Улсын иргэдтэй хийх уулзалтын эхлэл бөгөөд ойрын хугацаанд нийгэм, улс төр, утаа, тэтгэвэр, иргэдийн өр, зээл зэрэг бүхий л асуудлын хүрээнд аймаг, дүүргийн иргэдтэй санал солилцож, уулзалт хийхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэн тэргүүнд Чингэлтэй дүүргийн иргэдэд хандан “Амралтын өдөр цаг, заваа зарцуулан ирсэнд баярлалаа. Сонгуулийн халуун өдрүүдээс хойш тодорхой хугацаа өнгөрлөө. УИХ, Засгийн газартай хамтарч ажиллах тодорхой асуудлууд ярилцаж байгааг мэдэж байгаа байх. Өнгөрсөн есдүгээр сард урьдчилаад “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган” зохион байгуулсан. Гэвч утаа ирэхэд бид бэлтгэлгүй хэвээрээ л байлаа. Хүнсний аюулгүй байдлын асуудлаар ч гэсэн чуулган зохион байгуулж, ямар ч хяналтгүй, хамгаалалтгүй хүнс хэрэглэж байгаа нь хүнсний аюулгүй байдал улсын хэмжээнд анхаарах асуудал болсон гэдгийг ч хөндөн, ярилцлаа. Эдгээр нэн чухал сэдвээс гадна ажлын байрыг олноор бий болгодог оёдлын салбарын асуудал, эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсох зорилгоор “Төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт зөвлөгөөн, “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” “Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш”зэрэг сэдэвт уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулсан” гэж дурдаад Чингэлтэй дүүргийн иргэдтэй хийх уулзалтаа албан ёсоор эхлүүлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар ахмадууд, эмэгтэйчүүд, залуус, ажилгүй иргэдийн төлөөлөл түүнтэй зэрэгцэн индэрт сууж, санал бодлоо чөлөөтэй солилцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхний хэсэгт Чингэлтэй дүүргийн иргэдэд хандан:

Монгол Улс 1990 оны хувьсгалаар ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгмийг сонгосон. Үүнээс хойш бид 28 дахь жилтэйгээ золгож байна. Хүн ам 3.1 сая хүрч, малын тоо толгой 66 сая хүрч байна. Ажилгүйдлийн түвшин маш өндөр байдаг ч буурдаггүй, дөрвөн жилээр Засгаа сольдог ийм л улс боллоо. Харин өнөөдрийн хамгийн том бухимдал утаа учраас уулзалтаа Улаанбаатараас эхлүүлж байна. Цагаан сар дөхөөд ирэхээр утааны асуудал мартагддаг учраас утаа их байгаа үед би хотын иргэдтэй уулзаж байгаа юм.

Одоо бидэнд шийдэл хэрэгтэй байна. Шийдэл гэдэг нь судалгаа гэсэн үг. Өнөөдөр энэ утааны асуудлыг шийдэх хэд, хэдэн алхам бий. Монгол Улс газар нутаг томтой, хүн ам сийрэг. Гэсэн ч хүн амынх нь олонхи нийслэлдээ төвлөрчихсөн байдаг. Бусад нь 330 сум, 21 аймагт амьдарч байна. Ингээд хөдөөнөөс сум руу, сумаас аймаг руу, аймгаас хот руу, хотоос Солонгос руу гэсэн нүүдэл бий болжээ. Өнөөдөр энэ нүүдлийг зогсоохгүйгээр хөгжил дэвшлийн талаар ярих, ажилгүйдэл, ядуурлыг багасгах ямар ч боломжгүй. Солонгос явж байгаа иргэд 2-3 сая вонны орлогод явж байна. Энэ нь монгол төгрөгөөр 4-6 сая төгрөгтэй тэнцэнэ. Бид энэ хэмжээний орлогыг давах ажлын байр бий болгож байж энэ нүүдлийг зогсооно” гэлээ.

Мөн “Бидэнд 60-66 сая мал бий. Нийт малынхаа 25 хувийг буюу 15 саяыг бид жил бүр зах зээлийн эргэлтэд оруулдаг. Энэ бол хөдөөгийн малчдын орлого. Жишээ нь, бид 15 сая мал эргэлтэд оруулна гэдэг бол 15 сая ширхэг арьс зах зээлд бий болно гэсэн үг. Харамсалтай нь, энэ арьсны 80-90 орчим хувь нь урд хөрш рүү түүхийгээрээ гардаг. Үүнийг боловсруулах ёстой.

Мөн малчид 9.5 мянган тонн ноолуур боловсруулдаг. Харамсалтай нь, эдгээр ноолуурын 80 орчим хувь нь мөн л түүхийгээр урд хөрш рүү гардаг. 16-20 орчим мянган тонн ноос мөн л цуглуулж байгаа ч боловсруулах үйлдвэргүй, махаа экспортолж чаддаггүй нөхцөл байдалтай байна. Боловсруулах үйлдвэрийн асуудлыг олон жил ярьж байж, 2010 онд УИХ-аар баталсан ч ажил хэрэг болоогүй. Хөдөөгийн хөгжлийг ярьж байж энэ нүүдлийг зогсоох ёстой юм. Мөн ахуйг нь шинэчлэхээр алслагдсан 100 сумыг шинэчилж барья гэсэн ч хоёрхон сумыг шинэчлээд энэ ажил зогссон.

Улаанбаатарт ажилгүйдэл мөн л өндөр байгаа. Доод орлого хоёр сая төгрөг байвал Улаанбаатараас-Солонгос гэсэн нүүдэл зогсоно. Энэ хэмжээний цалинг өгөхийн тулд том, том төслүүдийг хөдөлгөх ёстой. Дэд бүтцийн томоохон төслүүд гэхэд л төмөр зам, авто зам, шинээр баригдах хотууд гэсэн төсөл, хөтөлбөрүүд бий. Иймэрхүү 8-10 том төсөл бий. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ ажлын байр бий болгож, ажилгүй иргэдээ ажилтай болгох ёстой. Гэтэл өнөөдөр гаднаас зээл авч төсөл хэрэгжүүлэхээр зээл өгсөн улс нь өөрсдийнхөө ажилчдыг ажиллуулаад бид өртэй л үлддэг. Тэгэхээр 9000 тонн ноолуур гэдэг маань тэр чигээрээ ажлын байр гэсэн үг л дээ. Ноолуураа өөрсдөө авна, түүнийг боловсруулаад, цамц үйлдвэрлэнэ. Энэ бүх дамжлага бүгд ажлын байр бий болгох ёстой юм. Ингээд МСҮТ-ийг ажилд оруулж нас, насанд нь тохирсон ажлын фронт бий болгох хэрэгтэй. Ажлын байр бий болохгүй байгаа учраас ажилтнаа бэлдэж чадахгүй байна.

Үүний хажуугаар залуусыг Үндсэн хуульд заасны дагуу цэрэгт татаж, 1-3 жилд цэргийн эрдмээр хичээллэхээс гадна хос мэргэжилтэй болж бүтээн байгуулалтын ажилд оролцоё. Энэ хугацаандаа цалингаа дансандаа авч, халагдахдаа цалингаа бөөн авъя. Энэ хөтөлбөрүүдийг УИХ 2010 онд баталчихсан юм. Эдгээр асуудлаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй уулзсан. 250 мянган ажилгүй иргэдийг 50 хувиар бууруулъя гэдэг саналаа маш тодорхой хэлсэн байгаа” гэж томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар саналаа хуваалцлаа.

Түүнчлэн “Одоогийн УИХ 55 тэрбум төгрөгийг нэг удаагийн урамшуулал нэрээр тараасан. Өгсөндөө багагүй хэмжээний авч байгаа хүндээ юм болохооргүй тийм л мөнгө. 55 тэрбум төгрөг гэдэг ядарсан эдийн засагтай энэ улсад их мөнгө. Нэг цэцэрлэг нэг тэрбумаар барихад л 55 цэцэрлэг барих мөнгө. Гэвч, 300 мянган төгрөг болгоод тарааснаар энэ мөнгө Эрээний зах руу л явж байгаа. Тэгэхээр ийм бодлогогүй үйл ажиллагааг удаа дараа шүүмжилж байгаа.

Өнөөдөр 80 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна. Эдгээрийн ядаж тал хувьд эмч, багш, цагдаа, онцгой байдлын ажилчдыг цалингаар нь барьцаалаад орон сууцанд оруулах боломжтой. Хүүгүйгээр зээлэнд оруулчих юм бол ядаж 40 мянган яндан багасна. Нөхөр нь цагдаа, гэр бүлийн хүн нь эмч байхад л зээлээ төлөөд байж чадна шүү дээ. Иймэрхүү тооцоо, судалгааг нь хийсэн олон шийдэл бэлэн байгаа” гэлээ.

Мөн дагуул хотуудын талаарх асуудлыг иргэд сонирхож байсан тул “Богд уулын өвөрт буюу Шинэ нисэхтэй холбоотойгоор дагуул хот байгуулж, нэг метр квадрат нь нэг сая орчим төгрөгөөр зарагдах орон сууц барих боломж байна. Жишээ нь, “Эрэл” компани хямд өртөгтэй угсармал орон сууцны үйлдвэр оруулж ирсэн байна. Сарын 500 мянган төгрөгийн орлоготой байхад орон сууцанд орох хэмжээний боломжийг орон сууцны шинэ үйлдвэрүүд бий болгож байна. Төр захиргааны байгууллагууд, зарим яамдаас эхлээд хотын төвөөс нүүгээд гарах, ажиллтнуудад нь зориулсан орон сууц барих гэх мэтээр төвлөрлийг сааруулах арга хэмжээ авч хавар гэхэд тодорхой шийдэлд хүрмээр байна. ” гэлээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа Чингэлтэй дүүргийн иргэд өөрсдийн санал бодлоо хуваалцлаа.

Чингэлтэй дүүргийн иргэн, өндөр настан Валья:

Утааны талаар ярьмаар байна. Одоо зуух, пийшэн, гэрийн бүрээс тараана гэж байна. Би 70 нас хүртлээ гэр оронтойгоо зууралдаж явсны хувьд сайн мэдэж байна, энэ бүтэхгүй. Харин газрыг нь худалдаж аваад оронд байшин л барьмаар байна. Пийшин байгаа л бол утаа гарна.

Чингэлтэй дүүргийн иргэн, малчин Чулуундорж:

Хамгийн гол зүйл бол ард түмнээ ажилтай байлгах юм. 26 жил хоёр намын хооронд холхисоор өнөөдөр бид туйлдаж байна. Ардаа тараахгүй гэж дарга тавьдаг, адуугаа тараахгүйн тулд азарга тавьдаг. Тэгвэл ард түмний маань жинхэнэ дарга Х.Баттулга. Таныг 2021 он хүртэл Ерөнхийлөгчөөр байлгаж, дэмжих хүсэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Мөнхдалай:

Өндөр хөгжилтэй улс орнууд хонины нэхийгээр 25 төрлийн бараа, бүтээгдэхүүн хийж байгааг би очиж үзсэн. Энэ төрлийн судалгааг мөн хийдэг. Үүн шиг манай улс арьс, нэхийгээ боловсруулаад, үйлдвэр барих юм бол 250 сая ам.долларын ашиг олох тооцоо бий шүү. Мөн НҮБ ажилгүйдэл, ядуурлыг ялгаварлан гадуурхалт гэж тодорхойлсон байгаа. Үүн шиг ялгаварлан гадуурхалт сум, аймагт гээд нийгэмд олон байгаа учраас энэ нүүдэл зогсохгүй байна. Тиймээс ажилгүйдэл, ядуурал гэсэн ялгаварлан гадуурхалтыг зогсоох хэрэгтэй.

Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн Б.Нямбаяр:

2016 оноос хойш УИХ, Засгийн газар залуус бидний төлөө юу ч хийсэнгүй. Бидний төлөө юу ч хийгээгүй юм чинь ахмадууд болон та нарын төлөө юу ч хийхгүй ээ. Тиймээс УИХ-ын гишүүдийн байх, байхгүйн асуудлыг бид шийдэж болдоггүй юм уу. Энэ УИХ-ыг тарааж болохгүй юу, гэдгийг Ерөнхийлөгчид хэлмээр байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Батчулуун:

Улаанбаатар хотын хөдөлгөөн, утаа түгжрэлийг сийрүүлэх бололцоо харагдаж байна. Цэцэрлэг, сургууль барих гэхээс илүү Засгийн газар, УИХ-ын байрыг хотоос гаргамаар байна. Тэгвэл одоогийн байр, сууц нь цэцэрлэг сургууль болж, хөдөлгөөн сийрэхээс гадна үүнийг дагаад төвлөрөл багасна. Үүнийг шийдэж өгөөч гэж Ерөнхийлөгчөөс хүсч байна.

Чингэлтэй дүүргийн 16-р хорооны иргэн Чулуунцэцэг:

Би өөрт тохиолдсон явдлаасаа хэлмээр байна. Миний 43 настай охин утаанаас болж уушиг, зүрх хоёр нь зогсож Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн. Ингээд эмнэлэгт очиход тэр мэдрэлийн тасагт утаанаас болж өвдсөн маш олон хүн очиж байна. Тиймээс утааны асуудалд их анхаарал хандуулж, УИХ-ыг татан буулгавал бид дэмжинэ. Ард түмэн цөхөрч байна. Татвар нэмэгдэж, шатахуун нэмэгдсэн байна.

Чингэлтэй дүүргийн 10-р хорооны иргэн Б.Цэвэлмаа:

Өнөөдрийн уулзалт цаг үеэ олсон маш чухал уулзалт болж байна. Сонгогдоод 6-7-хон сар болж байгаа Ерөнхийлөгч иргэддээ чухал асуудлаар танилцуулга хийж байгаад нь баяртай байна. Ардчилал ялснаас хойш ихэнх хугацаанд МАН засаг барьсан. Үнэхээр энэ улс болохоо больсон байна. Би саяхан фэйсбүүкээс Баярмагнай гэдэг Генералын бичсэн зүйлийг уншсан. Тэр “Цэрэг орж ирээд хил рүү маань дайрвал эх орноо хамгаална гэж тангараг өргөөд хил дээр зогсоод байтал, чимээгүйхэн гулгаж орж ирээд эх орныг минь эзэлчихэж байгаа юм байна” гэж бичсэн байна. Монгол эх орондоо эзэн баймаар байна. Эзэн нь байхын тулд таны гаргасан бүх санаачилгыг дэмжиж байна. Тухайлбал, дагуул хотын асуудал надад маш чухал санагдлаа. Бидэн шиг хөгшчүүлд сайхан саруулхан зайтай, машины зогсоол ихтэй, хүүхэд хөгшид нарлах, тоглох зай талбай ихтэй тийм сайхан дагуул хот байгуулвал, бид ач гучаа хараад сууж л баймаар байна.

Чингэлтэй дүүргийн 14-р хорооны иргэн Л.Цэгмид:

1960 оноос хойшх хүмүүс тэтгэвэргүй, ажилгүй, гэртээ байна. Биднийг ажилд авахгүй байна. Эр ч биш, эмч биш гэдэг шиг хөгшин ч биш залуу ч биш байна гэнэ. Манай дүүргийн иргэд танд итгэж байна. Энэ асуудлыг анхааралдаа авч өгнө үү.

Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэн Буяндорж:

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар саналаа хэлмээр байна. Би Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар саналаа уг нь бичээд явуулсан юм. Энд Чингэлтэй дүүргийн иргэд цугласан учраас асуумаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлана, Засгийн газарт чиглэл өгөхийг мөн хязгаарлана гэж байна. Би энд байгаа иргэдийг тийм санал өгөөгүй байх гэж бодож байна. Тийм Ерөнхийлөгчтэй байгаад яах юм. Энэ парламентаар 65-уулаа энэ асуудлыг хэлэлцэх юм бол би үүнийг эрс эсэргүүцнэ.