Categories
мэдээ нийгэм

П.Загджав “Рио тинто” компанийг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардлаа

Өнөөдөр УУХҮЯ-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдэгдлийнхээ эхэнд “Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. “Оюутолгой” компани өнөөдөр хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд, хэдэн үүргээ биелүүлэхгүй Монгол Улсын эрх ашгийг хохироосоор өдий хүрлээ. Тэд зам тээврийн асуудлыг шийдэх ёстой байсан. Энэхүү шийдлийг хийж чадсангүй. Харин монголчуудын чадан ядан барьсан автозамыг л ашиглаж байна. Хэдэн зуун км урт дарааллыг үүсгэхэд тэд нөлөөлж байна. Мөн Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулахаар болсон ч үүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Цаашлаад зэс хайлуулах үйлдвэр барина гэсэн үлгэр болж гурван сая тонныг концентраци хэлбэрээр нь гаргаж байна.Түүнчлэн Ханбогд сумыг хот болгоход дорвитой ажил хийсэнгүй. Тэд манай баялгаар хөрөнгө босгож, хэдэн тэрбумаар нь ашиг олж байгаа ч энэ бидэнд хүртсэнгүй. Баримт дэлгэвэл 5-6 тэрбум ам.доллар босгочхоод 1 тэрбум ам.доллар л Монголд орж ирсэн байх жишээтэй.

Тухайн үед ашигтай хэмээн шагширч байсан Дубайн гэрээ манайд ашиггүй гэрээ болж, гаднынхан л хожлоо. 4400 ам.доллар байсан зэсийн үнэ өсч 7200 ам.долларт хүрлээ. 2018 онд 8000 ам.доллар хүрэх төлөв байна. Үүнийг монголчууд хүртэнэ гэдэг эргэлзээтэй. Өнөөдөр Монгол Улсын өр нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал газар авч буй нь харамсалтай.

Тиймээс бид “Оюу толгой” компанийг Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгэж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, ирээдүйд чиглэсэн бодлогоор эдийн засгаа сайжруулах шаардлага бий боллоо гэдгийг албан ёсоор ард түмэндээ мэдэгдэж байна” гэв.

Мөн тэрээр “Рио тинто компанийг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг ард түмнийхээ нэрийн өмнөөс шаардаж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Сэтгүүлчдийн асуултад тэрээр ийнхүү хариулав.

-Гэнэт ийм мэдэгдэл хийх шалтгаан юу байв. Цахим ертөнцөөр танай дүүгийн компанийг “Оюу толгой”-н туслан гүйцэтгэгч байсан бөгөөд гэрээг цуцалсантай холбоотой байр сууриа илэрхийлж байгаа гэлээ. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

– Янз бүрийн мэдээлэл явж байгаа. Би доороо гурван дүүтэй. Нэг нь төрийн өмчит компанид, хоёр нь хувийн салбарт бизнес эрхэлдэг. Бид тус тусдаа бие даасан хувь хүмүүс. Тийм учраас би дүү нарынхаа ажил, амьдралд оролцдоггүй. Миний дүүгийн компани Оюутолгойн туслан гүйцэтгэгч гэх яриа гарсан. Би үүнийг мэдэхгүй. Оюутолгойн асуудал бол эргээд нийгэм эдийн засагт нөлөө үзүүлэх учраас би ард түмний өмнөөс шаардлага тавьж, мэдэгдэл хийж байна.

-Таны өнөөдрийн шаардлага мэдэгдлийг хувийн байр суурь гэж үзэх үү. Эсвэл салбарын яамных гэж ойлгох уу?

– Монгол Улсын Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд сайдын мэдэгдэл гэж ойлгож болно. Ард түмнийхээ ирээдүйн төлөө энэ мэдэгдлийг хийж байна. Энэ бол бодит үнэн.

-Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар таныг эргүүлэн татна хэмээн өмнөх хурал дээр мэдэгдсэн. Энэ тухайд?

– Би үүнийг тухайн хүний хувийн байр суурь гэж ойлгож байгаа.

-Оюутолгойгоос илүүтэй өнөөдөр шатахууны асуудал анхаарлын төвд байна. Зарим нэг ШТС-ууд литр тутамд 250-300 төгрөгөөр нэмээд байна. Үүнд салбарын яамны дэд сайдын хувьд ямар хариулт өгөх вэ?

-Миний хувьд Оюутолгойн асуудлыг хөндөх гэж хэвлэлийн бага хурал зарласан. Шатахууны бодит үнэ болон импортлогч компаниудын алдагдалтай байгаа гэсэн мэдээллийг нягтлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Эл ажлын хэсэгт манай яам АМГТГ болон Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо, ШӨХТГ, шатахуун импортлогч компаниудын оролцоотой байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгнө.

-Ажлын хэсгийнхний дүгнэлт гарах гэсээр байтал импортлогчид үнээ нэмчихлээ. Тэд Засгийн газраас 290 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардсан гэж байсан. Энэ тухайд?

-Үнэндээ Засгийн газраас шатахуун импортлогчдын тавьсан нөөц бүрдүүлэлт хийх саналыг хүлээн авч хоёр удаа онцгой албан татварын хугацааг хойшлуулж, уян хатан ажилласныг та бүхэн мэдэж байгаа. “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөлөөр шатахууны үнэ нэмэх шийдвэр гараагүй байна. Ийм үед шатахууны үнийг нэмэх ёсгүй.

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт шүлхий өвчин илэрчээ

шүлхий зурган илэрцүүд

Булган аймгийн Рашаант сумын 2 ба 3-р багийн нутаг буюу сумын төвд малын гоц халдварт шүлхий өвчин илэрчээ. Рашаант сумын Засаг даргын 2018 оны 01 сарын 11-ны өдрийн А/05 хорио цээрийн дэглэм тогтоох тухай захирамжаар сумын хэмжээний бүхий л хөдөлгөөнийг хориглосон байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн 13 өрхийн 81 үхэр тус өвчнөөр халдварлажээ. Аймгийн Онцгой байдлын газраас 7 албан хаагч, хоёр автомашинтай очиж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.

Categories
мэдээ цаг-үе

Эрүүл бэлчээр-Эрүүл мал- Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Ням-Очирын Ганхуяг

ТАНЫ ГЭР БҮЛИЙН ТАВГАН ДЭЭР БАЙГАА МАХНЫ ТУХАЙ ТА ХЭР МЭДЭХ ВЭ.

Бага байхад минь манайх хөдөөгийн бяцхан сууринд амьдардаг эгэл бор амьдралтай айл байсан ч аав ээж ах эгч дүү нартайгаа элэг бүтэн байсан үеэ эргэн дурсахад аз жаргалтай хүүхэд насандаа эргээд очих шиг болдог оо. Манайх нэг хөх хайнагийн үнээтэй байж билээ. Хөх үнээгээ бид “хөхөө” гэж дуудна. Сааль сүүний цаг дөхөхөд ээж минь жижиг түмпэнд талхны үйрмэг, юухан хийхэн хийгээд “хөхөө, хөхөө” гэж дуудахад хаа барааны газраас Хөхөө нэрт үхэр маань хүнгэнэтэл мөөрсөөр ирдэгсэн. Хөхөөгийн буянаар манайх цайны сүү, тараг, өрөм, ааруулаар огт тасардаггүйгээр үл барам ээж минь зундаа шуудай ааруул, хоёр жижиг гүзээ зөөхий илүүчлэн хураадагсан. Ээжийн минь сэтгэлийг хамгаас илүү зовоодог зүйл бол жил бүрийн хаврын улиралд болдог СЭВ-ийн үзлэг байлаа. 1966 оноос ЗХУ, Герман, Болгар зэрэг орнуудын тусламжтайгаар ям, бруцеллёз, сүрьеэ өвчинтэй тэмцэх СЭВ (Совет экономической взаимопомощи буюу Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл)-ийн шинжилгээний экспедиц манай улсад идэвхитэй ажиллаж, мал сүргийг дээрх гурван төрлийн өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхэд ач тусаа үзүүлсэн байдаг. Манай нутгаас СЭВ-ийн үзлэгт тэнцээгүй саалийн үнээгээ хураалгасан айлын авгайчууд уйлалдаад л гүйцгээнэ. Азаар манай хөх үнээ СЭВ-ийн үзлэгийг ажралгүй давж олон жил бидний бор ходоодыг баярлуулсан юм.

Өнөө үед хот суурин газар амьдарч байгаа хүмүүс монгол малын ашиг шим болох сүү, цагаан идээ, махыг хэрэглэх сүжиг буурч байгаа нь анзаарагдах боллоо. Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хоёр хувь болох 25 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, хүнсний дайвар бүтээгдэхүүн, өндөгийг (2016 он) гадны улс орнуудаас импортоор оруулж ирэн хэрэглэж байна. Зөвхөн энэ жишээнээс үзэхэд л нэг малчин өрх нэг жилд 160 мянган төгрөгийн орлого олох боломжоо алдаж байна гэсэн үг.

Хүний бие махбодийн өсөлт, хөгжилт, нөхөн төлжилт, биеийн эсэргүүцлийг сайжруулахад онцгой үүрэгтэй хүнсний бүтээгдэхүүн бол яах аргагүй монгол малын мах юм. Бид өдөр бүрийн уураг болон илчлэг сайтай өөх тос, амин дэм, эрдэс бодисын хэрэгцээгээ голлон махаар хангаж ирсэн уламжлалтай. Бидний өвөг дээдэс, малчин ардууд буянт мал сүргээ хайрлан хамгаалж, өсгөн үржүүлж, зөвхөн зун, намрын улирал өнгөрч, малын сааль сүү татарсан үед хотон дахь малаасаа ялгаж заазалж иддэг, цагаан сараас хойш намар болтол тарга тэвээргээ авч гүйцтэл нь мал гаргахыг цээрлэдэг байжээ.Маханд В-ийн төрлийн аминдэм, тухайлбал, В1, рр агуулагдаж карнозин, креатин, пурины суурь зэрэг хандлагч бодис байдаг нь шөлийг өвөрмөц амттай, хурц болгодог байна. Махны хандлагч бодис нь хоол боловсруулах эрхтний шүүс ялгаруулалтыг идэвхижүүлэн, хоолны шингэцийг сайжруулж өгдөг. Манай бэлчээрийн малын мах хүнд элемент багатайн дээр цацраг идэвхит изотопын бодисоор бохирдоогүй тул экологийн цэвэр маханд тооцогдох ёстой талаар судлаачид тогтоосон.

Зураг 2. Эрүүл байдал нь баталгаажсан мах.

МОНГОЛ ОРНЫ МАЛЫН МАХ НЬ БЭЛЧЭЭРИЙН ӨВС УРГАМАЛТАЙ ЯМАР ХОЛБООТОЙ ТУХАЙ

Хонины сүүлэнд агууллагддаг Д, С, А, К аминдэмүүд, хэд хэдэн төрлийн ханаагүй тос нь сульдаа, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлж, цус багадалтаас сэргийлдэг. Ийм учраас монголчууд амаржсан эхэд шинэ хонины шөл уулган, нярай хүүхдийг хонины ясны шөлөөр угааж, уураг сүүл хөхүүлдэг улaмжлалтай байсан байна. Энэ нь хонь 80 гаруй төрлийн ургамлаар хооллодгоос 30 орчим зүйл нь эмийн ургамал байдагтай холбоотой болох нь судалгаагаар нэгэнт тогтоогджээ.

Ямааны махны уураг хялбар шингэдэг, хүний бие махбодиос шингэнийг хөөх өвөрмөц бүтэцтэй, үхрийн маханд үл орлогдох амин хүчлийн хэмжээ, тосонд уусдаг аминдэмүүд илүү байдаг, адууны мах халуун чанартай зарим эрхтэн нь эмийн чанартай, тэмээний маханд нүүрс ус, чихэрлэгийн зүйл ихтэй байдаг зэрэг нь эдгээр малын бэлчээрт ургадаг өвс ургамалтай шууд холбоотой байдагт оршиж байгаа ажээ.

Бидний хийсэн судалгаагаар нийт бэлчээрийн 65 хувь нь унаган төлөв байдлаа алдаж өөрчлөгдөн доройтсон байгаа нь тогтоогдсон. Тэгвэл бэлчээрийн доройтлоос улбаатайгаар зөвхөн ноос, ноолуур, махан ашиг шимийн гарц гэсэн гуравхан үзүүлэлтээр тооцоход орлогын алдагдал жил бүр нэг малчин өрхөд 2,6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байна.

Иймээс эрүүл соргог бэлчээрт идээшилсэн малын махны үнэлэмж, доройтож цөлжсөн бэлчээрийнхээс ялгаатай байхаас эхлээд бэлчээрийн даацыг тэнцвэртэй барьж ургамалд нөхөн ургах бололцоог олгох зэрэг олон чухал асуудал бидний өмнө тулгараад байна.

Зураг 1. Мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан малд дахин давтагдахгүй дугаар бүхий ээмэг зүүж байна.

МАХНЫ ЭРҮҮЛ МЭНДЭЭС БОЛЖ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД МУУГААР НӨЛӨӨЛЖ БОЛОХ ТУХАЙ

Эрүүл соргог, олон төрөл зүйлийн ургамалтай бэлчээрт идээшилдэг малын мах чанартай хүнс тэжээл болдог бол доройтсон, лууль, шарилжинд идэгдсэн бэлчээрт идээшилсэн малын мах хүний бие махбодийг гэмтээж олон төрлийн өвчин үүсгэх суурь нөхцлийг бүрдүүлдэг байна. Тиймээс тухайн мал өвсний соргогийг идэж, усны тунгалагыг уусан, эсвэл доройтон талхлагдаж лууль шарилжинд баригдсан бэлчээрт идээшилж байсан эсэхийг заавал мэдэх шаардлагатай болно.

Манай Хөхөө Булнайн нурууны соргог сайхан бэлчээрт идээшилдэг байсан тулдаа манай гэр бүлийнхэн эрүүл сүү, цагаан идээгээр хооллож бид өдий зэрэгтэй яваа гэж боддог. Тэр үед бид өвсөнд орооцолдоод өвсний шүүдэрт гутал нороод хээрээр явахад түвэгтэй байж билээ. Одоо нутагтаа очоод харахад нэг л эл хуль, уулс нь хүртэл халцарч улайсан харагдах юм.

Бэлчээр, усны хомсдолоос болж өвс тэжээл хайж нэг газраа тогтуун идээшилж чадахгүй, өөдөө уруугаа гүйж харайх, мотоциклоор элдэж хөөснөөс болоод малын мах хатууран хаймар шиг болж булчин шөрмөсний агууламж ихэссэн нь өнөө цагийн хэрэглэгчдийн таашаалд нийцэхгүй болж байна.Сүүлийн жилүүдэд мал маллагааны уламжлалт арга ажиллагаа өөрчлөгдөн машин техникээр хариулах, ачиж тээвэрлэх зэрэгт малыг хэт зовоож тарчлаах болсон байна. Зовж тарчилсан малын мах хүний эрүүл мэнд, сэтгэл зүйд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон нь ч бий.

Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн зах зээлд “ченж”-ийн системээр гарал үүслийн гэрчилгээтэй нийлүүлэгдэж байгаа хэдий ч энэ нь хүнсний аюулгүй байдлын бүрэн баталгаа болж чадахгүй, нийгмийн эрүүл мэндэд өндөр эрсдэл үүсгэж байгаа жишээ олон байна.Улмаар махны хэрэглээний дөнгөж 5-13% нь үйлдвэрийн аргаар бэлтгэгдэж, үүний дийлэнх хувь (92%) нь экспортод гарч, үлдсэн 87-95% нь уламжлалт гар аргаар бэлтгэгдэн ченжийн сувгаар эцсийн хэрэглэгчдэд очиж байна.

Ийнхүү уламжлалт аргаар бэлтгэсэн мах эцсийн хэрэглэгчдэд очдогтой холбоотой хадгалалт, тээвэрлэлт, бөөний худалдаа, жижиглэн худалдааны бүхий л үе шатанд чанарын өөрчлөлт ордог байна.

Нөхцөл байдал ийм байгаа учир мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлэг ариун цэвэр, эрүүл ахуй, гарал үүслийн гэрчилгээг (шинэ хуулинд “мал эмнэлгийн гэрчилгээ” гэж нэрлэсэн) илүү боловсронгуй болгож, малын бүртгэлд суурилсан гарал үүслийг мөшгих тогтолцоог хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага тулгараад байгаа. Малын бүртгэлжүүлэлт нь гарал үүслийг мөшгих тогтолцоог (олон улсад trace­ability system гэдэг) хэрэгжүүлж хүнсний аюулгүй байдал, гарал үүслийг баталгаажуулах гол хүчин зүйл болдог байна.

Бид саяхан Щвейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон Алт-Малын эрүүл мэнд” төслийн дэмжлэгээр мал болон малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл-шилжилт хөдөлгөөн, эрүүл байдлыг хянах тогтолцоог хөгжүүлэх туршилтын жижиг төслийг Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан суманд амжилттай хэрэгжүүлээд байна.

Туршилтын ажлын хүрээнд дээрх сумдын малчдаас “Мах Маркет” ХХК-ны махны үйлдвэрт нийт 600 төлгөн хонины шууд нийлүүлэлт хийж, үйлдвэрийн аргаар боловсруулсан гарал үүсэл нь тодорхой, эрүүл мэндийн баталгаа бүхий, эрүүл бэлчээрээс гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гар дээр тавьсан юм.

Тахирмаг 1: Мал, малын гаралтай түүхий эдийн гарал үүслийн мөшгих тогтолцоог хөгжүүлсэн загвар.

Энэ нь тухайн малчны мэдээллээс эхлээд малын бэлчээрийн эрүүл соргог байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага, хадгалалт, хэрэглэгчдэд хүргэх зэрэг махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс та бидний ширээн дээрх тавганд очих шат дамжлага алхам бүрийг хянах ажиллагаа юм.

Малчны хотноос эхлээд хэрэглэгчийн гар дээр тавих хүртэл алхам бүрт хийгдсэн хяналтын ажлын мэдээллийг бүтээгдэхүүнийг дагалдах мал эмнэлгийн гэрчилгээнд тусгаж өгсөн юм.Тухайлбал:

1.Малчны ямар мэдээлэл шаардлагатай вэ?

-Овог нэр, регистрийн дугаар

-Хаяг (аймаг сум, хэсэг бүлгийн нэр)

-Холбоо барих утас

Тухайн малыг маллаж байсан малчны талаарх мэдээлэл нь гарал үүслийг тогтооход анхдагч мэдээлэл болж өгдгөөрөө чухал ач холбогдолтой.

2. Бэлчээрийн эрүүл байдлыг хэрхэн хянах вэ?

Мал эмнэлгийн гэрчилгээнд тухайн малын бэлчээрлэдэг нутгийн талаарх хэрэглэгчдэд сонирхолтой дараах мэдээллүүдийг оруулж өгсөн.

-Бэлчээрийн экологийн бүсийн нэр “Ойт хээр, Өндөр уулын бүслүүр г.м”

-Бэлчээрийн сэргэх чадавхийн түвшин буюу байгалийн унаган төлөв байдалдаа байгаа болон өөрчлөгдсөн талаарх мэдээлэл

uБэлчээрийн ургамлын голлох зүйл болох үетэн, улалж, шарилж, агь, сөөг, сөөгөнцөр, таана, нэг наст, хагд болон халцгай газрын бүрхэцийн эзлэх хувь зэрэг мэдээллүүдийг сумын газрын даамал гаргаж өгөх юм.

Бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, одоогийн ашиглалтын нөлөөг тодорхойлж үнэлэх, цаашид доройтох эрсдэл байгаа эсэх, хэрвээ доройтсон бол хэрхэн сэргээн сайжруулах, хамгаалж үлдэх боломжуудыг малчдад түгээх хүрээнд Ус цаг уур орчны шинжилгээний газарт бэлчээрийн төлөв байдлын мэдээлэл үйлчилгээ болон Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газарт бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан төлөвлөлт, ашиглалтын арга ажиллагааг хөгжүүлж байна.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд орон нутагт фото зургийн аргаар бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийг хянах хялбар арга зүйг нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд дундын бэлчээрээ хамтран ашигладаг нутаг нэгтэй малчдын хамтын зохион байгуулалт болох хэсэг, бүлгийн улирлын бэлчээр бүрт мониторингийн цэгийг байршуулан ургамлын аж ахуйн бүлгийн түвшин дэх бүрхэцийн мэдээллийг тогтоож байна. Ингэснээр бэлчээрийн төлөв байдлын одоогийн түвшин төдийгүй бэлчээр ашиглалтын одоогийн горим, ачааллыг цааш хэвээр нь үргэлжлүүлэх, эсвэл даруй өөрчлөх шаардлагатай эсэхийг тодорхойлдог түвшинд хүрээд байгаа юм.

3. Мал, түүхий эдийн эрүүл байдлыг хэрхэн хянах вэ?

Борлуулалтын гэрээ хийгдсэн бүх малыг дахин давтагдахгүй дугаартай RFID ээмэг зүүж, мал эмнэлгийн гэрчилгээг хөтлөхдөөдээрх малчин болон бэлчээрийн мэдээллүүдээс гадна дараах мал, малын гаралтай бүтээгдэхүүний мэдээллүүдийг оруулж өгсөн.

-Малын тоо, төрөл, хүйс, нас, RFID ээмэг,

-Тээвэрлэж байгаа зориулалт, малын зураг

-Мал эмнэлгийн ямар ямар үйлчилгээ хийлгэсэн

Дээрх мэдээллүүдийг нь холбогдох албан хаагч, байцаагч, хэрэглэгч бүрт хүргэх ба сумын малын эмч, мал эмнэлгийн гэрчилгээг хөтлөхдөө үйлчилгээний талаарх мэдээллүүдийг оруулж өгнө.

Сумын мал эмнэлэг үржлийн тасгийн байцаагч мал эмнэлгийн үйлчилгээ, маршрут, хүчинтэй хугацаа болон тухайн лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн баталгаажуулж өгнө.Мал эмнэлгийн гэрчилгээг хөтлөхболон батлах үеийн үйл явц мэдээлэл холбооны 2G сүлжээний (гар утасны сүлжээ) орчинд явагдсан тул харьцангуй бага хэмжээний өгөгдөл солилцоно. Энэ нь манай орны дэд бүтцийн нөхцөл байдалд тохирсон болох нь туршилтын үеэр батлагдсан.

4. Хяналтыг хэрхэн тавих вэ?

-Тээвэрлэлтийн маршрут болон Хяналтын цэгүүд

-Махны үйлдвэрийн мэдээлэл зэргийг МЭГ-д оруулж өгсөн.

Системийн давуу талуудын нэг нь хяналт, шалгалтын ажлыг төлөвлөгөөтэйгээр хийх боломжийг байцаагч нарт олгосон явдал юм. Мал эмнэлэг үржлийн тасгийн болон замын хяналтын цэгийн байцаагч бүр өөрийн нэвтрэх эрхээр системд хандаж өөрт хамаарал бүхий мэдээллийг бодит цаг хугацаагаар авч хяналт тавьсан.

Системд нэвтэрсэн байцаагч өөрт хамаарал бүхий бүх мал эмнэлгийн гэрчилгээнүүдийг хянах бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн гэрчилгээтэй хамаарал бүхий оролцогч талуудтай шууд холбогдох боломжтой. Ингэснээр харилцаа холбоо сайжирч, малын хулгай, хууль бус тээвэрлэлт, мал, амьтны өвчний тархалт зэргээс сэргийлэх боломж бүрдэх юм.

5. Боловсруулах үйлдвэрлэлийн үеийн хяналтыг хэрхэн тавих вэ?

Замын турш хяналт, шалгалтын цэгүүдийг амжилттай давсан “Мах Маркет” компанийн ачааны машинууд сая нэг үйлдвэр дээрээ ирлээ. Үйлдвэр дээр ирсэн даруйд тээвэрлэгдэж ирсэн малыг тус үйлдвэрийн малын эмч RFID уншигч төхөөрөмжөөр тоолно. Хүлээн авсан малын тоо МЭГ дээрх тоотой таарснаар систем дээр “хүлээн авсан” гэдэг тэмдэглэгээг үйлдвэр хийнэ. Махны үйлдвэрийн албаны хүмүүс тус системийг ашигласан бөгөөд өөрт хамаарал бүхий МЭГ-үүдийг хянаж байна. Хэрэв замдаа саатсан бол ямар шалтгаанаар саатсныг тодруулах, арга хэмжээ авах боломжийг тэдэнд олгодгоороо давуу талыг махны үйлдвэрүүдэд өгч чадсан.

Махны үйлдвэрийн хүлээн авсан малын жагсаалт нь өөрөө бүртгэлийн жагсаалт болох бөгөөд нэмэлт мэдээлэл оруулах боломжийг хүлээн авагчид олгож байгаа юм. Ингэснээр тухайн малын эрүүл мэндийн байдал, нядалгаанд оруулсан эсвэл оруулаагүй бүртгэлийг хийх, цаашлаад үйлдвэрлэлийн процессийг эхлүүлэх суурь болж өгнө. Малын бүртгэлээс нядалгаанд орж буй малын дахин давтагдахгүй дугаар ( ДДД)-ыг гаргаж зориулалтын принтерээр хэвлэнэ. Үйлвэрлэлийн бүх процесст дагалдаж явах энэхүү ДДД нь хамгийн сүүлд эцсийн бүтээгдэхүүн дээр хадагдснаар зорилгодоо хүрнэ.

6. Хэрэглэгчид хэрхэн хяналт тавих вэ?

Хэрэглэгчид “Мах Маркет” ХХК-ийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг дэх нэрийн барааны дэлгүүрээс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Шаргачин хэсгийн ойт хээр, өндөр уулын бүслүүрийн байгалийн унаган төлөв байдлаа алдаагүй соргог бэлчээрээс гарал үүсэлтэй, мал эмнэлгийн тарилга, туулгалт зэрэг цаг хугацаат үйлчилгээнд бүрэн хамрагдсан баталгаатай махыг худалдан авах боломжтой болсон юм. Бидний төслийн ажлын эцсийн үр дүн нь хэрэглэгчийн гар дээр гарал үүсэл, эрүүл байдал нь баталгаажсан малын махыг хүргэх байсан бөгөөд бид зорилгодоо хүрсэн. Хэрэглэгчид бүтээгдэхүүн дээр хадагдсан ДДД–г (баркод) гар утсан дээрээ суулгасан тусгай апликейшны тусламжтайгаар уншуулж гарал үүсэл, бэлчээр, малын эрүүл мэндийн байдлыг түвэггүй тогтоох боломжтой болсон.

Энэ үеэр тусгай аппликейшн ашиглан бүтээгдэхүүний гарал үүслийг шалгахад тун сонирхолтой байв. Бүр хангай, говь гэх мэт байгаль экологийн болон бэлчээрийн эрүүл соргог, доройтож цөлжсөн гэх мэт сонирхолтой мэдээлэл орсон байна.

7. энэ бүх ажлыг цаашид хэн хариуцан зохион байгуулах вэ?

Малчдын малыг бэлтгэх, үйлдвэртэй гэрээ байгуулах, төлбөр тооцоог барагдуулах зэрэг зохион байгуулалтын ажлыг малчдын байгууллага хэрэгжүүлсэн юм. Дундын бэлчээрээ хамтран ашигладаг нэг нутаг усны малчид хэсэг, бүлгээрээ нэгдэн нийлж холбоо болон хоршоо байгуулсан байна. Мал бэлтгэлийн ажлыг малчдын байгууллага зохион байгуулсан нь зарим нэг зардлыг хэмнэхийн зэрэгцээ шуурхай байдлыг хангаж төр, үйлдвэр, малчдыг холбох гүүр болж өгсөн юм. Өнөөдрийн байдлаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гишүүнчлэлтэйгээр 18 аймгийн 186 суманд 63,5 мянган малчин өрх 1362 Бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлгийн зохион байгуулалтанд орж бэлчээрийн зохистой менежментийг хамтын хүчээр бий болгож орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Хэсэг бүлгийн үйл ажиллагааг дэмжих 87 бизнесийн болон хадгаламж зээлийн хоршоо, 133 бэлчээр ашиглагчдын холбоо тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Баялаг-Өлзий, Жинст мөрөн, Сор кашмер, Алтай кашмер, Монгол нэхмэл, Уужин, Гоёо, Блю скай, Снөүфийлдс, Туяа, ЕСВ, Капродоро, Кашмер холдин,Ноос-Ирээдүй, Эрдэнэт хивс, Дархан нэхий, Саян-Уул, Мах маркет, Монголын ноос ноолуурын холбоо, Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг малын гаралтай түүхий эдийг боловсруулах үндэсний үйлдвэрүүд , мэргэжлийн холбоод малчдын байгууллагатай жилд 1-2 удаа уулзалт хийж түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ байгуулах, урьдчилгаа төлбөрийг шийдвэрлэх зэргээр хамтран ажиллаж байна. Иймээс эрүүл хүнсний гарал үүслийг мөшгих тогтолцоог хэрэгжүүлэх хариуцагч байгууллагууд Монгол улсад нэгэнт бий болж хөгжиж байна гэж үзэж болно.

Бидний хийсэн ажлыг тоймлож хэлвэл улсын бүртгэл дэх малчдын “А” дансны мэдээллээс хасалт хийгдэх байдлаар мал, махны нийлүүлэлт хийгдэж, гарал үүсэл, эрүүл байдлын баталгааг сумын аж ахуйн нэгжийн эмч болон мал эмнэлэг, үржлийн тасгийн байцаагч нар хамтран гаргаж байгаа нь эргээд хаана хариуцлага тооцохыг тодорхой болгож өгсөн. МЭГ хөтлөх үйл явцыг бүхэлд нь цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч, махны үйлдвэр, малчдын хэсэг бүлэг, хоршоо, аймаг, нийслэлийн захиргааны байгууллага гэх мэт тус системд хамаарагдах хэрэглэгчид өөр өөрсдийн онцлог бүхий эрхээр хянах боломжтой юм. Үүний үр дүнд мал, амьтны бүртгэл, тэдний эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөнийг бодит цаг хугацаагаар хянаж чадах болсон ба мах, махан бүтээгдэхүүнийг гарал үүсэл, эрүүл мэндийн баталгаатайгаар хэрэглэгчдэд хүргэсэн юм.

Энэ ажлыг хэрэгжүүлэхэд нэлээд олон байгууллага оролцож хамтран ажилласны хүчинд дээрх үр дүнг гаргаж чадсан. Архангай аймгийн болон Тариат, Өндөр-Улаан сумын бэлчээр ашиглагчдын холбоо, хоршоод малчдыг зохион байгуулсан бол гүйцэтгэгчээр Үндэсний хөдөө аж ахуйн программ хангамж хөгжүүлэгч Дижитал медиа ХХК ажилласан юм. Сумдын малын эмч, мал эмнэлэг үржлийн тасаг болон сум, аймгийн ЗДТГ, ХХААГ болон ХХААХҮЯ-ны МЭҮГ-ийн албан тушаалтнууд өөрсдийн хариуцсан чиг үүргийн хүрээнд дэмжиж оролцсон нь бидний ажлын үр дүнд чухал нөлөө үзүүлсэн юм.

Одоо бодоход бүхэл бүтэн есөн ам бүлийн бор ходоодыг ганц үнээний сүүгээр цайлгадаг байсны нууц манай нутгийн соргог сайхан бэлчээр, Хөхөөгийн минь эрүүл бие, өндөр ашиг шим, аав, ээжийн минь уйгагүй ажиллагаа, холч хараа, уужуу өгөөмөр сэтгэл энэ бүхэнд байж дээ.

Манай улс бэлчээрийн даацад тохирсон ашиг шим өгөөж сайтай малын буян болох дэлхий дээр ховордож байгаа экологийн цэвэр бүтээгдэхүүн мах, сүү, түүхий эдээр хүн амаа бүрэн хангаад зогсохгүй гадаад улсад харьцангуй өндөр үнээр борлуулах боломжтой гэж боддог.

Бидний ажил буянт малаа байгаль эхдээ ээлтэйгээр өсгөж ашиг шимийг нь бүрэн дүүрэн ашиглаж амьдрал ахуйгаа өөд татахад нь хөдөөгийн малчид болон улс оронд минь өчүүхэн ч гэсэн хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй явдаг.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Ням-Очирын Ганхуяг

Categories
мэдээ цаг-үе

Цүнх барьсан дарга нар зам барьдаггүйг сануулсан Д.Баасанхүү гавьяат

Монгол Улсын гавьяат барилгачин Д.Баасанхүү гэргий А.Авидмаагийн хамт. 2018.01.06

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Хүн бүр өөр өөрийн замаар орчлонг бүтээж, өөр өөрийн замаар орчлонг туулж амьдардаг. Уртаас урт үргэлжлэх энэ замын алсад саад тотгор, гүвээ даваа, нугачаа олонтаа тохиолдох ч түүнийг даван туулах эр зориг хэрэгтэй бүлгээ. Бид энэ удаагийн “Танайд өнжье” булангаа шинэ оны босгон дээр Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар Монгол Улсын гавьяат барилгачин цол хүртсэн Доржцэвээний Баасанхүүгийнхээс бэлтгэлээ. Өнгөрөгч бямба гаригийн өглөө эртлэн шинэхэн гавьяатынхныг зорив. Түүний хувьд хувьхан заяаны харгуйгаа Монгол Улсын авто замын салбартай холбож хагас зуун жилийг зориулан ажиллаж буй эрхэм юм. Гэргий нь “Ийм эрт ирнэ гэж хэлэхгүй, жаал үүгээр сандарлаа шүү дээ. Гадуур хувцсаа тайлаад дээшээ сууцгаа” гэсэн бол Д.Баасанхүү гуай харин “Ойрд манайх хөлд дарагдаад зочин ихтэй байна” хэмээн инээмсэглэн угтлаа. Д.Баасанхүү гавьяат Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат. Хуучнаар бол Галуутайн хүрээний хүн л дээ. Сумандаа нэгдүгээр анги төгсөх жил нь гэр бүлээрээ Түдэвтэй, Нөмрөг сум гэх мэтчилэн нүүж явсаар 1967 онд Тосонцэнгэл суманд суурьшин аравдугаар ангиа дүүргэжээ. 1963 онд Завханы Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатад ашиглалтад орох үед гэрийнхэн нь тэнд ажиллахаар ийнхүү сум сум дамжин нүүдэллэсэн нь тэр юм байна. Багын хичээл номондоо гайгүй байсан тул 1968 онд Эрхүүгийн бэлтгэлд суралцаж эхэлсэн байх юм. Дараа жил нь Моксва хотын Авто замын дээд сургуулийг 1973 онд Зам харилцааны инженер мэргэжлээр дүүргэн шинэхэн боловсон хүчин эх орондоо ирж байсан тухай Д.Баасанхүү гавьяат ярьсан юм. Монгол Улсын гавьяат барилгачин Ж.Шуумаржаваас эхлээд цөөхөн ч гэсэн чанартай боловсон хүчин Москва хотын Авто замын дээд сургуулийг төгсөн гарчээ. Биднийг ийн ярилцаж байхад гэргий А.Авидмаа “Сонин байж магадгүй гээд адууны мах шарчихсан юм. Наад цайгаа хөрөхөөс нь өмнө уучих. Удахгүй бууз гарна” гэсээр гал тогооны өрөө рүүгээ яаран явлаа. Гал тогооны өрөөндөө идээ будаа, хоол цай болсныг харахад шинэхэн гавьяатын гэрээс ойрын хэдэн өдөртөө зочны хөл тасраагүйг илтгэнэ.

1972 онд Д.Баасанхүү гавьяат Элчин сайдын яам орчихоод метрогоор буцаж байхдаа гэргий А.Авидмаагаа харж, хааяадаа кино ший хамтдаа үзэж, хувьхан заяаны харгуй холбосон талаар дурсамж сөхлөө. Түүнээс хойш 45 жилийн он цагийн хуудсыг хамтдаа сөхөлцөн, элэг бүтэн, сэтгэл тэнүүн амьдарч яваа аж. Д.Баасанхүү гавьяат 1973 онд Москвад сургуулиа төгсөх үед нь А.Авидмаа гуай Москвагийн Хими, технологийн дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутан байж. Д.Баасанхүү гуайг сургуулиа төгсөөд буцахад нь сэтгэлт бүсгүй А.Авидмаа нь хамтдаа монгол руугаа буцах шийдвэр гарган хамт иржээ. Гавьяат “Хувь заяаны тохиол гэж энэ байх даа” хэмээн гэргийгээ харан инээмсэглэн байсан юм. Тэднийх гэрийнхээ хойморт хоёр морин хуур залжээ.

Гэргий цэцэг тарих дуртай гэдэг нь түүний ургуулсан цэцгүүдээс харагдахаар байлаа. А.Авидмаа Завхан аймгийн Сонгино сумын харьяат юм билээ. “Зэргэлдээ шахуу сумын хоёр хаа байсан Москвад танилцаж байлаа шүү дээ” хэмээн нөхөртөө дөнгөж жигнүүрээс гарсан халуун бууз таваглан өгнө. Д.Баасанхүү, А.Авидмаа нар дөрвөн охинтой. Хүүтэй болох тэр хүслийг нь гүйцээх гэсэн мэт есөн зээгийнх нь долоо нь эрэгтэй юм байна. Удахгүй арав дахь зээ нь мэндлэх гэж байгаа тухай ярьцгаана. Том охин Должиндэмбэрэл нь олон улсын байгууллагад ажилладаг бол нөхөр Сүмбанд нь хувиараа бизнес эрхэлж байгаа бөгөөд гурван хүүтэй аж. Удаах охин Дашдэмбэрэл нэгдүгээр төрөхөд эх барихын эмчээр ажилладаг бол нөхөр Төмөрөө нь авто замын салбарт ажиллаж байгаа гэнэ. Тэднийх хүү, охин хоёртой гэж байлаа. Гутгаар охин Должинсүрэн нь АНУ-д нөхөр, хоёр хүүгийн хамт ажиллаж, амьдардаг юм байна. “Хүргэнийг маань Мөнхөө гэдэг. Америкт байхдаа танилцаж гэр бүл болсон. Хүргэнийхээ барааг хараагүй, зургийг нь л харсан” хэмээн Д.Баасанхүү гуай инээмсэглэсэн бол А.Авидмаа гуай хоёр удаа Америкт очихдоо хүргэнийхээ барааг хараад амжжээ. Харин бага охин Оюунсүрэн нь нөхөр Ариунбүүвэй, хоёр хүүхдийн хамт Австралид амьдарч байгаа аж.

2017.12.29-ний өдөр. Төрийн ордон

Хойно сургууль төгсч ирсэн залуус 1973 онд гэр бүл болж, хуучнаар 500 айл буюу одоогийн 3, 4 дүгээр хороололд гэр барин гал голомтоо бадраасан гэнэ. Гэрт амьдарч байсан тэд удалгүй Дэнжийн мянгад хашаа байшинд амьдарч, 1978 онд Шаазан ваарны үйлдвэрийн ард нэг өрөө байранд нүүн иржээ. Харин 1983 онд одоогийн амьдарч буй байрандаа төвхнөжээ. Тэднийг үерхдэг байхад Д.Баасанхүү гуайн ээж “Миний хоёр хүү явж гэрлэлтээ бүртгүүл” гэхээр нь 500 айлаас Октябрийн район руу алхаж гэр бүлээ батлуулж байсан дурсамж бий гэнэ.

Д.Баасанхүү гуай 1973 оны долдугаар сард Улаанбаатарт ирээд Зам гүүрийн барилга трестийн харьяа Хотын зам барилгын конторт мастераар ажлын гараагаа эхлүүлжээ. Тэр үед манай улсад авто замаар дагнасан инженер тийм ч их байсангүй. Зам барихаас илүү хотын шинээр баригдсан барилгуудын тохижилт буюу хороолол дундах зам, авто машины зогсоол зэргийг ихэвчлэн хариуцан хийлгэдэг байсан гэнэ. Хоёр жил мастераар ажилласан Д.Баасанхүү даамал болон дэвшсэн бол дөрвөн жилийн дараа байгууллагынхаа ерөнхий инженер болсон байх юм. 1979 онд Хотын зам барилгын конторынхоо дарга болсноос хойш “хурган” даргын албанаас харин ч нэг салаагүй гэнэ билээ. Том дарга болж дэвшиж яваагүй ч, хийж буй ажилдаа дуртай байсан болохоор харамсах зүйл байгаагүй гэж байлаа. 1981 онд Сайд нарын зөвлөлийн дэргэд Авто замын ерөнхий газрын барилгын хэлтсийн даргаар очин нэг жил гаруй болоод байж байтал дарга нь дуудан уулзахдаа “Хуучин тресттээ та эргэн очихгүй бол ажил урагшлахаа байлаа” гээд тресттээ буцжээ. Харин 1981-1990 он болтол тэндээ тогтвор суурьшилтай ажилласан юм билээ. 1990 онд Зам гүүрийн барилга трестийг зургаа хуваан хувьчлахад Д.Баасанхүү нэгийг нь авч 2001 он хүртэл ажилласан байна.

1976 онд инженер байхдаа Олон улсын Найрамдал зуслангийн 14 км авто замыг барихад оруулсан гавьяаг нь төр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль хүртээж байж. Нэг өдөр дарга нь өрөөндөө дуудаад “Төрийн ордонд очиж одон авахаар болсон, энэ зангиаг зүүгээд яв” гээд өөрийнхөө зангиаг тайлан зүүж өгөөд явуулжээ. Д.Баасанхүү гуай Төрийн ордны хойд хаалган дээр хүн гарч ирж дуудах байх гээд нэлээд удсан юм байх. Ямар ч хүн ирж дуудахгүй болохоор нь ажил дээрээ яваад очтол дарга нь “Чи яахаараа шагнал авдаггүй юм” гээд донгодсон аж. Урд хаалгаар оруулдгийг нь мэдэлгүй хойд хаалган дээр нь өдрийн хагасыг өнгөрүүлсэн дээ хэмээн хошигнон ярьсан юм. Түүнээс хойш 1984 онд Алтан гадас одон, 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэж байсан түүхтэй, ахмад замчин билээ. 1980 оны үед хойно төгссөн авто замын 20 орчим инженер ажилладаг байсан бол тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж тийм ч сайн байгаагүй гэнэ. 1984-1987 онд тролейбусны 30 гаруй км авто зам тавьж байсан түүх ч Д.Баасанхүү гавьяаттай холбоотой. Гавьяатыг хойно сургуулиа төгсөөд ирэхэд нийслэлд 250 орчим км авто зам байсан бол 1990 онд ажлаа өгөхөд нь 450 км болж нэмэгдсэн байсан шүү хэмээн ярьж байсан юм. Ялангуяа 2012-2016 онуудад “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотын зам, уулзваруудыг шинэчилснээр түгжрэл тун аятайхан цэгцрэх маягтай болсон гэдгийг онцолж байлаа. Харин энэ үеэр Д.Баасанхүү гуайн дүүгийнх нь зээ хүү Батдэмбэрэл “Манай ах мундаг байгаа биз дээ. Та нар чинь цай хоолоо идэхгүй ингээд яриад байх юм уу” гэсээр цайгаа уухыг сануулсан юм.

“Улаанбаатарын ерөнхий төлөвлөлт тэр үед ямархуу байсан юм бол. Одоо ч эх захгүй л юм болж. Замаа өргөтгөх ч боломжгүй” хэмээн үг унагатал “1990 он хүртэл гайгүй байсан юм. Оросууд хоёр удаа манай хотын ерөнхий төлөвлөгөөг хийгээд өгчихсөн. Тэр дагуу хөгжиж байсан юм шүү. Одоо зам барих, өргөтгөх ч газаргүй боллоо” гээд бидний яриа цааш өрнөлөө. Хашир замчнаас замын чанар муу байгаа талаар тодруулахад “Сайн, муу аль аль нь бий л байх. Иргэд аймаг руу давхиад үз. Сүүлд тавигдаж буй замын чанар сайжирсан. Өвөрхангай, Дарханы зам хуучирсан. Энэ замуудыг хэсэгчилэн зассан болохоос бүгдийг нь засаагүй. Нөхөөс хийх маягаар явдаг. Энэ цаагуураа хөрөнгө мөнгөтэй холбоотой юм. Хариуцлагагүй хүмүүсээс болж хариугүй зам тавьсан нь ч бий” гэж байлаа. Иргэдийн зүгээс хятадуудын тавьсан зам сайн, монголчуудын тавьсан зам муу гэж ярьдаг ч эхэндээ манайхан туршлага, мэдлэг дутуугийн улмаас тааруухан зам тавьж байсан тал бий ч одоо хэнээс ч дутахгүй сайн зам тавьж байгаа хэмээн хэлж байсан юм. Сайн зам тавихын тулд мэргэжилтэй инженерүүд чухаг байгаа гэлээ. Хэдийгээр төрийн, хувийн хэвшлийн сургуулиас маш олон залуус инженер болон төгсдөг ч практик дээрээ гараад ажиллаж чадахгүй байна гэдгийг хэллээ. Хамгийн гол нь замын салбарт ажилладаг хүмүүс “замаар өвчилсөн” байх хэрэгтэй болохоос мөнгө олох хэрэгсэл болгож болохгүй гэж байлаа. Чаддаг, чаддаггүй цүнх барьсан хүмүүс замын тендер авч ажлаа “халтуурддагаас” болж нийт замынхны нэр хүнд давхар унаж буйд сэтгэл зовниж явдгаа хэлсэн юм. Сүүлдээ энэ бүхэн цагаандаа гарч “Тэдэн төгрөг өгчихвөл тендер авч өгье” гэж ярьдаг болсон. Аль ч намын үед ийм зүйл гарах болсонд үнэхээр сэтгэл дундуур явдгаа ярьж байв. Цүнх барьсан дарга ирээд зам барьчихдаггүй юм хэмээн хэлж байсан нь одоо ч чихэнд сонсогдох мэт.

Бидний замын талаарх яриа өрнөөд дуусахын хэрд А.Авидмаа гуайгаас нөхрийнх нь талаар сониучирхан асуухад анх танилцах үед нүдийг нь хараад “Надад хань болох хүн юм байна” гэж таньсан тухай хэлж байлаа. Миний хань Цагаан даваа, Солонготын давааг засч олон хүнд буян болсон. Энэ мэтчилэн том том ажлуудын ард гарахад нь ханиараа бахархдаг гэж байлаа. Д.Баасанхүү гуай хөдөө гадаа ажлаар их явдаг ч арыг нь найдвартай дааж үлддэг хүн мэдээж гэргий нь. Залуу байхад их ажил, үр хүүхэд өсгөх асуудал дээр тэр бүр түүртэж байгаагүй аж. А.Авидмаа гуай МУИС-ийг химич мэргэжлээр төгсөн Түлш эрчим хүчний яамны Эрдэм шинжилгээ зураг төслийн институцид эрдэм шинжилгээний ажилтан, инженерээр ажилладаг байсан гэнэ. Монголын нүүрсний ордуудын бүх шинжилгээг хийдэг байж. Сүүлд нь ТЭЦ IV Нүүрсний хяналтын шинжилгээний лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. “Манай Баасан чинь сайн өвөө, сайн ах, сайн нөхөр, сайн найз байж чаддаг. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Манай хүнийг трестийн дарга байхад маш олон хүн орон сууцтай болсон доо. Их л төлөв түвшин хүн дээ” хэмээн тодорхойлсон юм. Биднийг орж ирсэн цагаас эхлэн урд хойгуур нэг муур хөлд орооцолдон эрхэлж байсан нь Австралид буй зээ охиных нь гэж байлаа. Тэд гурван өрөө байранд амьдардаг юм билээ. Жижиг өрөөндөө амардаг бөгөөд гоё чамин зүйлсээр өрөөгөө гоёохоос илүүтэйгээр амрах тав тухтай орчныг бүрдүүлжээ. Харин нөгөө өрөөнд нь спортын ойр зуурын хэрэглэл нүдэнд тусч байсан юм.

Баруун замын трестийнхэн 1981 онд Өвөрхангай аймаг руу авто зам тавьж эхэлснээр Монгол Улсыг авто замын нэгдсэн сүлжээтэй болох эхлэл тавигдаж, 2000 оноос хүчтэй яригдан, 2007 онд ажил хэрэг болгохоор шаргуу ажиллаж эхэлсэн юм байна. Д.Баасанхүү гавьяат 2007 онд Зам тээврийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ажлаа эрчимжүүлэхээр зориг шулуудсан байх үед салбарын сайд Р.Раштай үзэл бодол таараагүйн улмаас ажлаасаа хөөгдөж байж. Тэрбээр “Манайхан эдийн засгаа бодоод ашгаа харах юм бол нэг ч ашигтай зам байхгүй. Дархан, Сэлэнгийн зам л ашигтай байхаас бусад замаар өдөрт 50-60 машин зорчих нь энүүхэнд. Тиймээс ашгаас илүү нийгмээ бодох чухал. Зам алсуураа ашгаа өгдөг” гэж байв. Манайхан 44 тонноор хязгаарлан авто замаар том оврын тээврийн хэрэгсэл явуулахгүй байгаа нь буруу гээд зам л байгаа бол түүнд таарсан стандартын дагуу замаа тавих нь чухал гэдгийг онцолж байв. Сайн чанартай зам тавихад үнэ чухал гэж байсан юм. Хуучин нэг км авто замыг 60 мянган төгрөгөөр тавьдаг байсан бол одоо 700 сая төгрөгөөр нэг км авто зам барьж байна. Гэтэл м2 орон сууц 1.8-2.0 сая төгрөг байхад замтай харьцуулан тооцвол нэг м2 авто зам 100 мянгөн төгрөгөөр баригдаж байгаа гэдгийг хэлж байлаа. Тиймээс энэ үнийг жаахан нэмээд өгвөл удаан эдэлгээтэй, чанартай сайн зам бий болно гэдгийг хэллээ.

Гэр бүлээрээ

Тэд зочны өрөөгөө гэр бүлийнхээ зургуудаар гоёсон байлаа. Мөн уран бичлэг, Японы Фүжи уул, Отгонтэнгэр хайрхан, хутагтуудын зургууд үнэхээр чимэг нэмсэн гэдэг нь харагдаж байлаа. Гэргий А.Авидмаагийн аав нь Аварын Авирмэд гэж Их сургуулийн профессор байсныг манай уншигчид мэдэх байх. Жил бүр Завхан аймгийн Сонгино суманд аавынхаа нэрэмжит олимпиад, олон ном уншсан хүүхдүүдийг урамшуулахаас эхлээд нэлээдгүй ажлыг хийж байгаа аж. Д.Баасанхүү гуайн хамгийн үнэт зүйл нь гэр бүл. Хутагтын нутгийн хүн учраас Отгонтэнгэр хайрхан, есөн хутагтаа сэтгэлдээ сүсэглэж явдаг гэв. Залуу байхдаа авто машин, ангийн хорхойтой байж. “Одоо ан хийвэл нүгэл шахуу юм болно” гээд инээмсэглэнэ. Д.Баасанхүү гуай ах дүү тавуулаа ч одоо гурав нь мэнд тунгалаг байгаа юм билээ. Дүү Нямдаваа нь ахтайгаа хамт ажилладаг бол эмэгтэй дүү Оюунцэцэг нь тэтгэвэрт байдаг гэлээ. Д.Баасанхүү гавьяат 2001 онд Тээврийг хөгжүүлэх төслийн удирдагчаар ажиллаж байхдаа Цагаан давааг 20 гаруй метрээр намсгаж, Солонготын даваагаар машин явах хэмжээний болгож байжээ. Түүнчлэн Баарангийн даваанаас эхлээд Шарга, Хүйсийн говиор тавигдсан гэхчилэн баруун аймгуудын авто зам, 2000 оноос өмнөх Улаанбаатар хот доторх бүх замыг барихад гар бие оролцож байсан юм билээ. 2008 онд Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомт хүртэлх 300 гаруй км авто зам дээр хяналт тавьж өгөөч гэхээр нь хоёр жил ажиллаад дуусгажээ. Их ажлын ард гарсныхаа дараа авто замын зургийн болон зөвлөгөө өгдөг “Ар си эс си” компаниа байгуулах санаа төрж, тэр ч хүрээндээ байгуулаад авч. Одоо тус компани замын зураг, ТЭЗҮ хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Энхтайвны гүүрнээс баруун тийшээ гардаг замаас эхлээд Яармагийн гүүрнээс станцын уулзвар хүртэлх зам гээд “Гудамж” төслийн хүрээнд нэлээдгүй олон зураг, Сэлбэ голын ТЭЗҮ, Зүүнхараа хот доторх ТЭЗҮ хийсэн гээд олон ажлыг тэд гүйцэтгэжээ.

Зундаа Нийслэлийнхний хамгийн их сэтгэл зовоосон зүйл борооны дараах усаа хэрхэн зайлуулах вэ гэдэг асуудал. Замын борооны усыг зайлуулахгүй бол сайхан сайхан бүсгүйчүүдээ шавраар будаад дуусдаг талаар хөгжилтэй зүйлийг гавьяат маань ярьсан юм. Бага тойруугийн замыг хятадууд хийхдээ усны хоолойг сайтар шийдэж өгсөн бол сүүлд нь манайхан оросуудтай хамт зам барихдаа хонхор байдлаар шийдсэн нь өнөөдөр бидний тулгамдсан асуудал болсон юм байна. Д.Баасанхүү гуай анх замын салбарт ажиллаж эхлэхдээ л борооны усыг зайлуулах асуудлаа хамгийн түрүүнд шийдэх ёстой гэдгийг хамгийн их ярьдаг байсан хүний нэг. Энэ бүхнийг системтэйгээр шийдэх ёстой гэж байв. Үүндээ хотын удирдлагууд анхаарч байхгүй бол хот усандаа живчихэж мэднэ гэдгийг сануулав. Д.Баасанхүү гуайн компани Увс аймгийн Хяргас сумаас Завханы Сонгино сум хүртэлх, Оюу толгойн 30 км дээр зөвлөгөө өгч байгаа гэнэ. Түүнээс өөрөөр томоохон ажил алга гэж байсан юм. Энэ мэтчилэн өдрийн хагаст шахам замын тухай ярьцгаасаар үд болголоо.

Д. Баасанхүү, А.Авидмаа нар. 1973 он

Айлд нөхрийнх нь нэрээр орж гэргийнх нь нэрээр гардаг гэдэг. А.Авидмаа гуай яриа хөөрөөтэй, нөхөрсөг, нийтэч, цай хоолондоо ч гаргууд сайн ажээ. Хөнгөн шингэн ч гэж жигтэйхэн. Чөлөөт цагаараа ууланд алхаж, спортоор хичээллэх дуртай юм билээ. Д.Баасанхүү, А.Авидмаа гуай нар гадагшаа явбал очсон орноосоо заавал дурсгал болох зүйлс авч ирж гэрээ тохижуулдаг гэж байлаа. Олон орны хүүхэлдэйн сувинер, заанаас эхлээд гэрээ тохижуулсан нь одоо ч нэн тодхон сэтгэлд зураглан үлджээ. Хагас зуун жилийн амьдралаа авто замын салбарт өнгөрүүлсэн Д.Баасанхүү гавьяатын үүх түүхийн зах зухаас сийрүүлэхэд ийм байна. Шинэ оны босгон дээр хийсэн бүтээснээ төрд үнэлүүлсэн Монгол Улсын гавьяат барилгачин Д.Баасанхүү, А.Авидмаа нар дахин ирэхийн ерөөл өргөж, “Өдрийн сонин”-ы хамт олонд ажлын амжилт хүссээр үлдлээ.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ болон ШШГЕГ-ын дарга нарыг өөрчлөн томилжээ

Улсын ерөнхий прокурорын тушаалаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байсан. Е.Сагсай гавьяаныхаа амралтад суусан байна. Харин түүний оронд Баянзүрх дүүргийн прокуророор ажиллаж байсан О.Алтангэрэл томилогдон очжээ. Харин тус дүүргийн прокурорын ажлыг Нийслэлийн прокурорын газрын орлогч, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга, зэрэг албан тушаал хашиж байсан Ц.Батболд авсан байна.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ч бас халаа сэлгээ хийгдсэн аж. Тухайлбал, ШШГЕГ-ын дарга хурандаа М.Алтан-Очирыг чөлөөлжээ. Түүний оронд ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга хурандаа Г.Элбэгсайханыг томилсон аж.

Categories
мэдээ цаг-үе

Д.Хүрэлбаатар: Энэ онд нийгмийн захиалгаар “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой”, “дубайн гэрээ”-нд аудит хийнэ

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Өнгөрсөн онд төрийн байгууллагууд, яамдад Үндэсний аудитын газраас аудит хийхэд нэлээдгүй зөрчил илэрсэн. Уг аудитын эргэн тойронд ямар үйл явдал өрнөж байна вэ. Нэгдсэн дүн нь гарсан уу?

-Юуны өмнө Монголын ард түмэндээ шинэ оны мэндийг дэвшүүлье.

Өнгөрсөн 2017 он бол манай аудитын байгууллагын хамт олны хувьд олон ажил амжуулсан жил байлаа. Бид Удирдах ажилтнуудын зөвлөгөөнөө хийж зорилтоо тавьж, Төрийн аудитын байгууллагын эрх зүйн шинэтгэл, сахилга хариуцлагыг сайжруулах жил болгож ажилласан. Монгол Улсын төсвийн байгууллага, төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, бүр цаашлаад манай байгууллагын дотоод сахилга, хариуцлагыг хүртэл ярьсан. Энэ хүрээнд Монгол Улсын хэмжээнд Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын дүгнэлтээр өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг эргэн шалгах аяныг зохион байгуулсан. Үүнээс улсын хэмжээнд нийтдээ төсвийн 39 ерөнхийлөн захирагч байдаг. 2017 оны байдлаарх нэгдсэн дүн одоогоор нэгтгэгдэж гараагүй байна. Гэхдээ салбар бүрийн төсвийн ерөнхийлөн захирагч нартай уулзаж, тус бүрт нь дүгнэлтийг танилцуулсан.

Тухайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, төсөв санхүүгийн сахилга бат хэр хэмжээнд байна, ямар зөрчил дутагдлууд байна, цаашид юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг төсвийн ерөнхийлөн захирагчид төдийгүй, төвлөрүүлэн, шууд захирагч зэрэг албаны хүмүүсийг нь байлцуулж уулзалтуудыг хийсэн юм. Тухайн байгууллагыг дэмжин туслах замаар төсвийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх бол аудитын байгууллагын чухал чиг үүрэг. Алдаа зөрчил гарсны дараа очиж арга хэмжээ тооцохоосоо илүүтэй төсвийн хөрөнгө, мөнгө санхүү, үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явагдах нөхцлийг бүрдүүлж, дэмжин туслах ёстой юм, аудитын байгууллага. Бид энэ үүргийнхээ дагуу дээрх уулзалтуудыг зохион байгуулж, ярилцсан. Төрийн аудитын байгууллагаас өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлт улсын хэмжээнд ямар дүнтэй байгаа мэдээлэл энэ сардаа багтаад гарчихна. Бэлэн болонгуут албан ёсоор хэвлэл мэдээллээр олон нийтэд танилцуулна.

-Гадаад харилцааны яамны санхүүгийн тайланд аудит хийх үеэр “АСЕМ”-тай холбоотой зөрчлүүд илэрсэн учраас аудитын байгууллагаас эрсдлийн аудит хийхээр болсон шүү дээ. Түүнчлэн “Монголын төмөр зам”, “Найрамдал” зуслан гээд зөрчил ихтэй байгууллагууд нэрлэгдэж байсан. Төрийн аудитын байгууллага эдгээр томоохон зөрчлүүдийг арилгуулах чиглэлд юу хийж байна вэ?

-Тухайн аудитын дүгнэлтээс хамаарч шалгагдагч байгууллагад акт, албан шаардлага, зөвлөмжүүдийг өгдөг. Харин тухайн байгууллагууд аудитаар өгсөн шаардлагыг хэрхэн биелүүлж ажилласан дүн нь түрүүнд хэлсэнчлэн удахгүй нэгтгэгдэн гарна. Харин аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрвэл Төрийн аудитын тухай хуулийн дагуу хуулийн байгууллагад шилжүүлэх ёстой. Үүний дагуу өнгөрсөн жил бид арав гаруй материалыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн.

-Ямар зөрчлүүд вэ?

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, Архангай аймгийн орон нутгийн өмчит “Ундарга” компани, АТГ-т, “Мон-Атом” компани, “Эрдэнэт үйлдвэр”, “Гудамж төсөл”зэргийг нэрлэж болно. Хамгийн сүүлд “Эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт, үр дүн”-д хийсэн аудитаар илэрсэн дөрвөн том төсөлд холбогдох 15.5 тэрбум төгрөгийн зөрчлийг АТГ-т мөн шилжүүлсэн.

-Хоёр яам аудитын байгууллагаас бултаад таныг хүлээж аваагүй гэж дууллаа. Ийм юм байж болох уу. Энэ үнэн үү?

-Акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийн дүнг танилцуулахаар төсвийн 13 ерөнхийлөн захирагчтай уулзалт хийхээр төлөвлөсөн тухай дээр ярьсан. Шинээр томилогдсон сайд нартай уулзаж, салбарт нь байгаа зөрчил дутагдлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон их ач холбогдолтой уулзалтууд болсон. Харин хоёр яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэсэн гурван байгууллага үлдчихээд байна. Уулзалт хийх хүсэлтээ олон удаа тавьсан. Өнөөдрийг хүртэл “Ажлын цаг зав алга” гэх мэт шалтгаанаар уулзахгүй байна.

-Ямар яамд вэ?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр цаг тохироод яваад очиход хурлын зааланд нь хоёр гурван хүн суусан байдалтай угтсан. Сайд нь гадагшаа уулзалттай гээд эзгүй байсан. Төрийн байгууллагууд өнөөдөр ийм хариуцлагагүй байж болохгүй. Монгол Улсын Ерөнхий аудитор цаг товлож очоод өөрсдийнх нь өнгөрсөн хугацааны ажлыг дүгнэсэн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг танилцуулж, төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх зөвлөмж өгье гэж байхад тийм байдалтай байсан. Сайд нь байхгүй байж болно. Төрийн нарийн бичгийн дарга, Тамгын газрын дарга нь энэ ажлыг зохион байгуулаад байж байх ёстой. Бусад яамдын хувьд сайд нь ажилтай байхад Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Тамгын газрын дарга нь холбогдох байгууллага, албан тушаалтнуудаа цуглуулаад асуудлаа хэлэлцээд болж байсан. Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам асуудлаа өнөөдрийг хүртэл ярилцахгүй байна. Одоо 2018 он гарч, энэ асуудлын ач холбогдол өнгөрлөө. Энэ сарын 15-нд төсвийн байгууллагууд тайлан балансаа гаргана. Энэ үеэр дээр дурдсан хоёр яам, нэг газрын даргатай уулзана.

Төрийн албан хаагчийн хуулиар заасан ажил үүргээ гүйцэтгэхгүй байгаа эдгээр албан тушаалтнуудад харицлага тооцох асуудлыг тавина. Хэрвээ өөрсдөө шийдвэрлэхгүй бол Ерөнхий сайдад хандана. Бид ингэж ажиллаж байж төрийн ажил, төрийн байгууллагуудын сахилга батыг сайжруулна. УИХ-ын тусгай хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэхгүй, ач холбогдол өгөхгүй байгаа нь зохимжгүй байна.

-Аудитын байгууллага шалгалт хийж, зөрчил илрүүллээ л гэнэ. Худлаа нэг хийрхэл. Шалгалтын мөрөөр хуулийн хяналтын байгууллага орлоо ч үр дүн гаргадаггүй гэлцэх нь бий. Сүүлдээ Ерөнхий аудитор гээд байгаа энэ хүн хэн нэгний захиалгаар томоохон байгууллагуудыг шантаажилж хүссэндээ хүрчихээд нам жим болох нь тодорхой гэх хардлага, үл итгэх байдал нийгэм байна л даа?

-Олон нийт, иргэд маань тодорхой хэмжээнд үл итгэгч байдлаар хандах нь зөв л дөө. Гэхдээ Төрийн аудитын байгууллага Олон улсын аудитын стандартын дагуу хараат бусаар хамгийн үнэн зөв, дүгнэлт гаргадаг. Бүхий л үйл ажиллагаа нь олон улсын стандарт монгол улсын холбогдох хуулийн дагуу явагддаг.Тэгэхээр таны асуусан зүйлс эрсдэл багатай гэж ойлгох ёстой. Тийм ч учраас Монголын ард түмэн аудитын байгууллагадаа итгэх ёстой. Бид итгэлийг нь дааж ажиллахын тулд аудитороос эхлээд Ерөнхий аудитор хүртлээ хараат бусаар, зөвхөн хуулийн хүрээнд ажиллаж байна. Манай аудитын байгууллагын ажилтнууд тангараг өргөдөг. Тангарагтаа үнэнч ажиллах ёстой гэж ойлгодог. Тэр хүрээндээ ажиллах гэж зүтгэж явна.

Ард түмэн маань эргэлзэх нь зүй ёсны хэрэг. Гэвч бид ийм эргэлзээтэй байдал үүсгэхгүйн тулд Үндсэн хуулиар Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг баталгаажуулах хэрэгтэй байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор манай байгууллага саналаа тавьчихсан байгаа. Мөн одоо мөрдөгдөж байгаа Төрийн аудитын тухай хуулиа шинэчлэн найруулах шаардлага байгаа учраас энэ чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Уг хууль хэдэн онд батлагдсан юм бэ?

-2003 онд батлагдаад 2013 онд нэмэлт өөрчлөлт орсон. Одоо энэ хуулиа өөрчилж шинэчлэхгүй бол болохгүй байна. Яагаад гэвэл хэвтээ тогтолцоотой байсан Төрийн аудитын байгууллагыг босоо удирдлагатай, Ерөнхий аудиторын тогтолцоонд оруулахдаа нэмэлт өөрчлөлтөөр хийчихсэн учраас хуулийн дотор зарим заалт нь хоорондоо зөрчилдсөн, хийдэлтэй зүйлс бий. Тэгэхээр энэ ондоо багтаагаад Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн найруулахгүй бол болохгүй нь. Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Таны түрүүнд асуусан бизнес, улстөрийн захиалгаар аудит хийдэг асуудал байна уу гэж. Аль болохоор ийм эргэлзээг олон нийтийн дунд байлгахгүйн тулд Төрийн аудитын байгууллагын эрхзүйн шинэтгэлийг хийхээр ажиллаж байна.Бидний ажлын үр дүнг, цаг хугацаа харуулна даа.

-Энэ онд ямар байгууллагуудад аудит хийх вэ. Сэдэв гарчихсан биз дээ?

-Хуулийн дагуу тухайн ондоо хийх аудитын сэдвээр судалгаа хийгээд УИХ-ын Төсвийн байнгын хороогоор батлуулдаг. Үүний дагуу 2018 онд хийх аудитын сэдвээ өнгөрсөн сарын 20-нд батлуулсан. 2018 онд нийтдээ 37 сэдвээр аудит хийнэ. Үүний ихэнх нь хуулийн дагуу хийгддэг аудит байгаа. Мөн нийгмийн захиалгаар болон Төрийн аудитын байгууллагын бодлогоор хийгдэх аудитууд бий.

-Тэгэхээр олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн сэдвүүд байгаа гэсэн үг үү?

-Монгол Улсын алт олборлох салбарын өнөөгийн байдал, алтны нөөцийн бүрдүүлэлтэд аудит хийнэ. Мөн ИНЕГ-ын 2016-2017 оны үйл ажиллагааны үр дүнд, МҮОНРТ-ийн өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүн, МИАТ-ийн 2016-2017 оны үйл ажиллагааны үр дүн, Монгол банкны 2012-2016 оны үйл ажиллагааны үр дүн, Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд тус тус аудит хийнэ.

Түүнчлэн Засгийн газрын бонд, түүний худалдан авалт, зарцуулсан хүү төлбөрийн талаар аудит хийхээр болоод байна. Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүн, хувьцааны хуваарилалт, ногдол ашиг олголт, “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалтын төвлөгөөний хэрэгжилт үр дүнд аудит хийхээр болж байна.

Ард түмэн, олон нийтийн зүгээс үнэн зөв хариулт хүлээж байсан сэдвүүдээр аудит хийх гэж байна. Мөн Төрийн санд аудит хийнэ.

-Өмнө нь та “Улсын хэмжээнд сахилга бат, хариуцлага байхгүйгээс санхүү болоод бүхий л салбарт эмх замбараагүй байдал бий болчихсон” гэж ярьж байсан. Өнөө жил танай байгууллага ямар чиглэлд гол анхаарлаа төвлөрүүлж ажиллах вэ?

-Өнгөрсөн оныг бид “Сахилга хариуцлага, эрхзүйн шинэтгэлийн жил” болгосон.Өнгөрсөн жилийн зорилтдоо үндэслээд 2018 оныг “Аудитын чанар, үр дүн үр өгөөжийг сайжруулах жил” болгож байна. Бидний хийж байгаа аудитын шалгалт үр дүнтэй, өгөөжтэй болж байна уу гэдгийг бид өөрсдөө ярих ёстой. Үйл ажиллагаагаа сайжруулах ёстой. Аудит өнөөдөр үр дүнтэй, өгөөжтэй байхын тулд аудитын чанарыг ярих ёстой. Чанарын цаана аудиторуудын мэдлэг, ур чадвар, ёсзүйн асуудал ч яригдана. Харин аудитын үр дүнгийн цаана төрд болон бусдад учруулсан хохирлыг төлүүлэх чухал ажил байна.

Төрийн аудитын байгууллага хичнээн сайн ажиллаад өнөөдөр Монгол Улсад бий болсон төсөв, санхүүгийн сахилга хариуцлагагүй байдлыг ойрын хугацаанд сайжруулж чадахгүй. Иймээс төрийн байгууллага болон төрийн өмчит компанийн бүх шатны удирдлага, албан тушаалтнууд хариуцлагатай ажиллаж, өөрсдийн байгууллагад байгаа алдаа зөрчлийг илрүүлж, арилгах, цаашид алдаа дутагдал гаргахгүй байх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байгаа юм.

-Бид аудит ярихаар дандаа л зөрчил гаргасан, алдаа дутагдалтай байгууллагуудыг нэрлэж цохоод байдаг. Гэтэл эсрэгээрээ үйл ажиллагаа нь элдэв доголдол зөрчилгүй явагддаг төрийн байгууллагууд байдаг байлгүй?

-6700 төсвийн захирагчид маань бүгд зөрчилтэй биш шүү дээ. Манай аудитын байгууллага санхүү төсвийн сахилга хариуцлагатай, үйл ажиллагаа нь хуулийн дагуу хэвийн явагдаж байгаа байгууллага, компаниудад итгэл үзүүлдэг юм.

Сахилга баттай байгууллагуудад итгэл үзүүлээд аудит хийлгүй өнжөөдөг. Өнгөрсөн онд Төрийн аудитын байгууллага хэд хэдэн төсвийн захирагчдад итгэл үзүүлсэн. Үүнээс Хүний эрхийн үндэсний комисс, Дээд шүүх зэрэг байгууллагуудыг нэрлэж болно. Энэ бол олон улсын стандарт журмын дагуу л хийж байгаа ажил.

Аудитын байгууллагын тогтолцоо хүнлэг, хүмүүнлэг байх ёстой. Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гэдгийн хүмүүнлэг шинж чанар нь л үүнд байгаа юм.

Харин онц эрсдэлтэй асуудлуудад бид зайлшгүй аудит хийнэ. АСЕМ, Оюутолгой, Дубайн гэрээ, Тавантолгой, ГОК гээд Монгол Улс, ард түмэн, нийгэм, эдийн засагт тодорхой нөлөөлөхүйц компани, гэрээнүүдэд аудит хийж үнэн зөвийг ил гаргахгүй бол болохгүй байгаа юм. Энэ бүхнийг Үндэсний аудитын газар, Ерөнхий аудитор өөрсдийн ашиг сонирхлын үүднээс шууд хийдэггүй. Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлж батлуулж хийдэг.

Үүний зэрэгцээ ард түмэн, олон нийтийн захиалгыг авахын тулд өнгөрсөн онд бүтэц зохион байгуулалтдаа шинэчлэл хийж манай байгууллага дэргэдээ Иргэний танхимтай болсон. Бидний хувьд илрүүлсэн хэрэг, зөрчлөө хууль хяналтын байгууллагад нь шилжүүлчихээд араас нь хяналтаа ч тавьдаг. Өнгөрсөн жил илрүүлсэн нэр бүхий хэрэг зөрчлийг ямар түвшинд хэрхэн шийдвэрлэж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа болохоор энэ асуудалд хяналт тавьж, хамтран ажиллах талаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд энэ сарын 4-нд хүсэлтээ тавьчихаад байна.


Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн хуралдаанаар шатахууны асуудлыг хэлэлцэнэ

МАН-ын бүлгийн хуралдаан 2018 зурган илэрцүүд

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан одоо танхимд үргэлжилж байна. Хуралдаанаар агаарын бохирдлын тухай хэлэлцэж байгаа юм . Үүний дараа шатахууны асуудлыг хэлэлцэх юм байна. Шинэ он гарснаас хойш зарим шатахуун түгээх станцад авто бензин зарагдахгүй болсон. Мөн нефть импортлогчдын зүгээс дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн, Засгийн газар шатахуунд ногдуулдаг ОАТ-ыг хоёр үе шаттай нэмэгдүүлснээр борлуулж байгаа шатахуунаасаа дунджаар 300 төгрөгийн алдагдал хүлээх болсон тул үнэ нэмэхээс аргагүй нөхцөл байдал үүслээ гэдгээ мэдэгдээд байгаа. Засгийн газрын зүгээс одоогоор ямар нэг зохицуулалт хийгээгүй байна. Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нефть импортлогчдын тайлбар үнэ бодитой эсэхийг тодруулахаар судалгаа хийж буй. Энэ хугацаанд нефтийн үнийг дур мэдэн өсгөвөл тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн. Гэвч зарим шатахуун түгээх станцад авто бензин тасалдаад байгаа. Иймээс бүлэг энэ асуудлыг хэлэлцэхээр болжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдахгүй, ирэх лхагва гариг буюу нэгдүгээр сарын 17-нд хуралдах аж. Бүлгийн гишүүдээс зарим нь орон нутагт ажиллаж байгаа тул дээрх зохицуулалтыг хийжээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Хэрлэн: Волейболын спорт хүүхдийн сэтгэхүйд багаар ажиллах чадварыг суулгаж өгдөг

Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш, “Энагурэ” клубын дасгалжуулагч, волейболын спортын олон улсын хэмжээний мастер Б.Хэрлэнтэй ярилцлаа.


-Таны волейболын спорттой холбогдсон түүхээс ярилцлагаа эхэлье. Тухайн үед энэ спорт манай улсад төдийлөн хөгжөөгүй байсан шүү дээ?

-Би спортын гэр бүлд өсч хүмүүжсэн л дээ. Нийслэлийн зургадугаар дунд сургуульд суралцаж байхдаа Базарсүрэн багшийн удирдлагад спортоор хичээллэж эхэлсэн. Дараа нь биеийн тамир, спорт сургалтын төвд орсон цагаас хойш Номуунбаяр багшийн удирдлагад волейболын спортоор хичээллэсэн. Ээж маань “Замчин” спорт клубын сагс, волейболын шигшээ багт тоглодог байсан нь энэ спортыг сонгож хичээллэхэд их нөлөөлсөн. Тиймээс энэ гайхалтай спортод намайг дурлуулсан хүн бол миний ээж. Хичээллэж эхлээд мини волейболын улс болон дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож их урамшсан.

-Насанд хүрэгчдийн лигийн тэмцээнд хэдэн оноос тоглож эхэлсэн бэ?

-Ерээд онд юм даа. “Голомт” банкны “Бодь интернэшнл” гэдэг багт Цоггэрэл, Нарантуяа, Т.Оюундэлгэр, Энхмаа, Отгончимэг гээд үеийнхнийхээ хамт тоглож байсан. Тэр үед манай баг хожигдохгүй байсан учраас удирдлагууд “Сал, өөр өөр багт оч” гэсэн шаардлага тавьсан. Улмаар волейболын спортыг хөгжүүлж, лиг үүсгэхийн тулд баг маань тарж бид “Ноён”, “Эрчим”, “Хөдөлмөрийн дээд сургууль” гээд багуудад хуваарилагдсан. Энэ үед өнөөдрийн шилдэг клубуудын суурь тавигдаж байсан даа. Би “Ноён” багт очиж эхний жилийн лигийн тэмцээнд түрүүлээд 1992 онд анх удаагаа хилийн дээс алхаж Ардчилсан Солонгосд олон улсын тэмцээнд оролцож шилдэг тамирчнаар шалгарч байлаа. Дараа нь 1994 онд Азийн тоглолт Японы Хирошима хотод зохиогдоход оролцож шилдэг давуулагчаар шалгарч байсан. Энэ амжилтаараа 2002 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн.

-2000 онд Монголд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдоход манай баг амжилттай тоглож Хятадын багийг хожиж мөнгөн медаль зүүсэн. Тэр багийн гол тоглогчдын нэг нь та байсан шүү дээ?

-Манай баг анх 1998 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Макао болон Хонконгийн багуудыг хожиж их урамшсан. Дараа нь 2000 онд Монголд зохиогдоход нь олон улсын тэмцээний туршлагатай болсон байсан л даа. Тэр үед “Жайка”-гийн шугамаар ирж ажиллаж байсан япон дасгалжуулагч, Баасансүрэн, Халзан багш нарынхаа удирдлага дор бэлтгэл маш сайн хийсэн байсан учраас Бөхийн өргөөнд дүүрэн цугларсан монголчуудынхаа уухайн доор Хятадын багийг хожиж байлаа. Эргээд бодоход хамгийн сайхан дурсамжтай үе тэр юм даа. Багийн гишүүд бүгд бэлтгэлээ чин сэтгэлээсээ хийж, нэг баг болж чадсан учраас шигшээд шалгарсан.

-Хэзээнээс дасгалжуулагчаар ажиллах болов?

-Би МУБИС-ийн дасгалжуулагчийн анхны ангийг гавьяат багш Халзангийн удирдлагад 17-уулаа суралцаж дүүргэсэн. Тэгээд 1997 оноос Үндэсний биеийн тамирын дээд сургуульд багшилж эхэлсэн цагаас хойш л дасгалжуулагчийн албанд шилжсэн дээ. Дасгалжуулахын хажуугаар өөрөө тоглоод шавь нартайгаа бэлтгэл хийгээд л явж байна.

-Таны шавь нараас олон улсын цол зэрэгтэй олон тамирчид төрсөн байх. Шавь нарынхаа талаар ярихгүй юу?

-Олон тамирчид байгаа. Хамгийн сүүлд гэхэд “Энагурэ” багийн анхны гишүүд маань “Тэнүүн Огоо” багийн нэрийн өмнөөс тоглож 2017 оны клубуудын аварга шалгаруулах “Холбооны цом” тэмцээнд түрүүлсэн. “Тэнүүн Огоо”-гийн шавь нар маань Тайланд болон Монголд болсон тэмцээнүүдээс мөнгө, хүрэл медаль хүртсэн. Өнөөдөр бүгд олон улсын хэмжээний мастер цолтой шилдэг тамирчид болсон байгааг нь харахад бахархах сэтгэл төрдөг шүү. Эдний дараагийн үеийн хүүхдүүд маань мөн л амжилтын гараагаа эхэлж 2017 оны “Холбооны цом” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Миний шавь нар цаашдаа олон жил сайн тоглож тив, дэлхийд улсынхаа нэрийг дуудуулах амжилт гаргана гэж найдаж байна даа.

-“Энагурэ” гэж клуб Монголын волейболыг шинэ түвшинд гаргаж ирсэн. Энэ багийн амжилт тантай салшгүй холбоотой. Энэ хамт олонтой яаж холбогдож байсан бэ?

-Би 2006 онд охинтой болоод жил гаруй спортоос холдсон. Дараа нь Солонгосоос ирсэн багш волейболын тамирчдыг шалгаруулж бэлтгэл хийлгэж байгаа талаар найзаасаа сонссон. “Их засаг” их сургууль дээр очиж шалгаруулалт өгөөд анх Жан Жин Хутай танилцаад өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна даа. Тухайн үед өндөр нуруутай хүүхдүүдийг сонгон авч волейболын спортыг анхнаас нь системтэйгээр зааж, техникийг нь зөв эзэмшүүлж байсан. Тэр хүүхдүүд нь өнөөдөр Монголын волейболын спортын нүүр царай болоод явж байна. Энэ эрхэм бол Монголын волейболын спортод үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, шинэ түвшинд гаргаж ирсэн хүн.

-Волейболын спортын давуу тал нь юу вэ? Хүүхэд энэ спортоор хичээллэснээр юуг олж авах вэ?

-Хамгийн том давуу тал бол хүүхдийн сэтгэхүйд багаар ажиллах чадварыг суулгаж, эвсэг нийтэч зантай болгож өгдөг. Үүнээс гадна богино хугацаанд оновчтойгоор зөв шийдвэр гаргах чадвар эзэмшүүлдэг. Волейболын спорт тамирчнаас асар богино хугацаанд зөв оновчтой шийдвэр гаргаж эсрэг багийн сул тал руу довтлох ур чадварыг шаарддаг. Энэ чадварууд ажил дээр гарахад нь хэрэг болдог учраас волейболчид маань амьдралд гялалзаж явах нь олон.

-Хүүхдийг волейболын спортоор хэдэн наснаас хичээллүүлбэл тохиромжтой вэ?

-Волейбол олон техник шаардсан спорт учраас Монголын нөхцөлд хүүхдийг наймаас арван насанд нь суурь техникүүдийг зөв эзэмшүүлбэл зохимжтой. Азийн бусад орнуудын хувьд таваас зургаан насанд нь суурийг нь тавьдаг юм байна лээ. Манай монгол хүүхдүүдийн хувьд наймаас арван наснаас эхэлж хичээллүүлбэл үр дүнтэй. Хөдөө орон нутагт хүүхдүүдийг багаас нь зөв системтэй бэлтгэж байгаа Багануурын Эрдэнэчулуун, Дундговийн Гаамаа гээд олон багш нар байгаа. Эд нар маань волейболын спортод том хөрөнгө оруулалт хийж байгаа юм шүү. Олон хүний хичээл зүтгэлээр Монголын волейбол урагшилж байгаа. Манай “Энагурэ” багийн хувьд арав болон арваннэгдүгээр ангийн сурагчдыг шалгаруулж аваад их сургууль төгстөл нь гэрээ байгуулдаг. Нэг бүхэл баг болж төлөвшиж амжилт гаргахад дөрвөөс таван жилийн хугацаа шаардлагатай байдаг. Бидний хэтийн зорилго Дэлхийн оюутны универсиад наадамд улсаа төлөөлж амжилттай оролцоход оршиж байгаа.

-Энэ спорт монгол хүний биеийн онцлогт хэр тохирсон спорт вэ?

-Ардын хувьсгал ялснаас хойш Монголд хамгийн түрүүнд хөгжсөн спорт бол волейбол л доо. Тухайн үед монголчууд нуруугаар намхан байсан бол өнөө үеийн 2000-гаад онд төрсөн хүүхдүүдийн нуруу өндөр болжээ. Тиймээс өнөөгийн залуусын хичээллэхэд хамгийн тохиромжтой спортуудын нэг волейбол юм. Удахгүй волейболын тамирчид тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх цаг ирнэ ээ. Хамгийн гол нь хичээллэж эхэлж буй хүүхдүүд энэ спортын төлөө сэтгэл зүрхтэй байх нь чухал.

-Волейболын спортыг Биеийн тамир, спортын газраас улсын албан бус шигшээгээр барьж байгаа. Монголын спортын шигшээ багийн ирээдүйг та яаж харж байна вэ?

-Волейболын холбооны удирлагууд маань сайн ажиллаж энэ спортыг албан бус шигшээ багаар бүртгүүлсэн. Одоо 15, 16-тай бэлтгэл хийж байгаа хүүхдүүд маань насанд хүрэгчдийн ангилалд ороод ирэхээрээ тивийн хэмжээнд амжилт гаргана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Энэ спортоор хичээллэж байгаа хүүхэд залуусын тоо сүүлийн жилүүдэд эрс өсч үүнийг дагаад сонирхогчид ч олширсон. Таван мянган хүний суудалтай “Буянт-Ухаа” спортын ордныг волейбол сонирхогчид л дүүргэдэг дээ.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ спорт

Шинэ оны анхны Хацү башёд Монголын хорин хоёр бөх хүч үзэж байна

хацү башё даваажаргал, ананд зурган илэрцүүд

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны анхны буюу Хацү башё өнгөрсөн ням гарагт эхэллээ. Энэ сарын башёд Монголын хорин хоёр бөх барилдаж байна.

Мэргэжлийн сумогийн 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд урамтай сайхан барилдаж Хокутофүжиг давснаар эхний даваагаа авлаа. Тэрбээр бэртлийн улмаас 2 башё өнжөөд байсан юм. Маргааш Какүрюү аварга, Комүсүби Такакейшёотой барилдана. Энэ өдөр Озэки Гоэйдо Ичиножёог давсан бол Такаясү Ёшиказегаар эхний даваагаа авсан байна.

Хацү башёгийн Жюүрёо зиндаанд манай таван бөх барилдаж байгаа бол Макүшита зиндаанд зургаан, Жонидан зиндаанд хоёр бөх барилдаж байна. Н.Жамъян аваргын удмын бөх Г.Батбаяр харцагын хүү Б.Анхбаяр анх удаа Жонокүчи зиндаанд барилдаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Монголын циркчид олон улсын тэмцээнээс “Алтан цом” хүртлээ

Унгарын Будапешт хотноо болсон циркийн урлагийн олон улсын тэмцээнд Монголын үндэсний циркийн жүжигчид амжилттай оролцож, алтан цомын эзэд болов.

Энэхүү тэмцээнд Т.Номуунбаатар ахлагчтай циркийн манай жүжигчид эх орноо төлөөлөн оролцож 20 орны 168 жүжигчинтэй ур чадвараа сорин өрсөлдөж хамгийн өндөр оноог авч чаджээ. Монголын циркчдийн хувьд олон улсын тэмцээнээс сүүлийн гурван жилийн дотор зургаан алт, нэг мөнгөн цом, хоёр Гран при цом хүртээд байгаа юм.
Монгол Улсад акробат үсрэлтийн төрлөөр буюу банзнаас үсрэгч акробат үзүүлбэрээр Б.Золбаяр ахлагчтай баг 2012 онд олон улсын тэмцээнээс анхны алтан цомыг эх орондоо авчирсан бол тэдний амжилтын буухиаг ийнхүү амжилттай үргэлжлүүллээ.й