Categories
мэдээ улс-төр

БНСУ гэрээт ажиллагсдын квотыг нэмэхээр төлөвлөжээ

БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив.

2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ. Цаашид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгч нарын мэдээллийн систем байгуулах төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтойг хэллээ.

БНСУ энэ системийг Камбож, Вьетнам зэрэг улсад амжилттай хэрэгжүүлж байна. Мэдээллийн сан бий болсноор ажил хайгч цахим орчинд төдийгүй гар утсаараа БНСУ дахь ажлын байрны талаархи мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч авах боломж бүрдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна

БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчилж

байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улстай тогтоосон “Иж

бүрэн түншлэлийн харилцаа”-г “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрээр Монгол,хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд өргөжүүлж, иргэдийн солилцоог тэлэх эрмэлзэлтэй байна гэв.

Манай хоёр улс ардчилал, чөлөөт зах зээл зэрэг үнэт зүйлс нэгтэй болохыг

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин онцлоод Зүүн Хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө байдгаараа манай хоёр улс адил гэдгийг тэмдэглэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа “гуравдагч хөрш” БНСУ-аас эхлүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-тай харилцах харилцаа Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэгийг нотлов. Монгол Улс ардчилал, зах зээлийн системд шилжсэн цагаас эхлэн БНСУ тууштай дэмжиж ирснийг дурдав. Энэ удаагийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, иргэдийн солилцоог бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газар 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож буйд талархал илэрхийлж зээлийг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхэд ашиглах хүсэлтэй байна гэв.

Талууд хоёр улсын иргэд алсдаа харилцан визгүй зорчдог болох чиглэлээр харилцан хүчин чармайлт гаргах, Азийн супер сүлжээ зэрэг бүс нутгийг хамарсан томоохон төслүүдэд хамтран ажиллах талаар ярилцав.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Зүүн Хойд Азийн бүс нутагт явуулж буй өөрийн санаачилсан “Шинэ Умардын бодлого”-оо тайлбарлаж, Евразийн зүрхэнд орших Монгол Улстайулам нягт хамтран ажиллах нөөц боломж их байгааг цохон тэмдэглэв.

Ирэх зургаадугаар сард зохиогдох Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын V Бага хуралд БНСУ-аас төлөөлөгч оролцохыг урив.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Пёнчан 2018” Өвлийн олимп дэлхийн улс түмний энхтайван, эв нэгдлийн баяр болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсч, Өвлийн олимпийг зохион байгуулах нэр хүндтэй үйлсэд нь БНСУ-ын Ерөнхийлөгчид амжилт хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол, БНСУ-ын Бизнес форум боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод боллоо.

Форумын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага, холбогдох сайд нар үг хэлэв.

“Улс орны хөгжлийн гол ачааг бизнес эрхлэгчид үүрч байна. Бид харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдээ бүх талаар, тууштай дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

Газрын баялаг ихтэй Монгол Улстай хамтран ажиллах боломж байгааг БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд тэргүүн Ким Жун Дон хэллээ. Улсынхаа Дотоодын нийт бүтээгдэхүүний 72 хувийг бий болгодог бизнес эрхлэгчдийн төлөөлөл БНСУ-ын талтай өмнө тогтоосон харилцаа холбоогоо улам өргөжүүлж, зарим нь хамтрах эхлэлээ тавьж байгаад баяртай байгаагаа Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав илэрхийлэв.

Бизнес форумд оролцогсод уламжлалт салбараас гадна инноваци, бүтээмж, нэмүү өртөг бий болгох болон бүс нутгийг хамарсан дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөр, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлчилгээ зэрэг салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

2017 оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар хүрснээс экспорт 12 сая, импорт 198 сая ам.доллар болжээ. Худалдааны нийт эргэлт 1.4 хувиар өссөн байна.

1990 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд БНСУ манай улсад 512 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус улсын хөрөнгө оруулалттай 2400 орчим аж ахуйн нэгж бөөний болон жижиглэн худалдаа, нийтийн хоол, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдол Баянхошуу орчимд их байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 11 цэгээс ирүүлсэн мэдээгээр Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 1150 байна.

Мөн Толгойт болон Зурагт орчимд агаарын чанарын индекс 762-867 байгаа бол Баруун 4 зам, 100 айл орчимд дунд зэргийн буюу 279-388 байна. Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Жавхлан: Засгийн газрын хувь тавилан татвар нэмсэн асуудалтайгаа уялдан шийдэгдэнэ

УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.


-Шинэ он гарсаар иргэдийн цалин нэмэгдээгүй ч татвар нэмэгдлээ. Иргэдийнхээ нуруунд төр ачааг харамгүй үүрүүлж байна. Засгийн газар, Их хурал үүн дээр анхаарахгүй юм. Та төрийн түшээгийн хувьд байр сууриа илэрхийлээч?

-Татвар нэмсэн асуудлаа эрх баригчид засч чадахгүй бол ганхана гэсэн үг. Засгийн газрын хувь тавилан татвар нэмсэн асуудалтайгаа уялдан шийдэгдэнэ. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг. МАН амлалтандаа хүрэх ёстой. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэсэн амлалтаасаа буцаж шалчганасан зан гаргаж байгаа бол гэсгээлээ хүртэнэ.

-Үүнд таарсан гарцийг эрэлхийлэх ёстой байх. Засгийн газар нэгдүгээр сарын 25-нд ОУВС-тай хамтарсан ширээний ард суухаар болсон гэж байсан. ОУВС-гийн талаар манайхан зөв, буруу гэсэн янз бүрийн үг хэлж байна. Та ОУВС-гийн талаар ямар байр суурьтай байна вэ. Ерөнхий сайд ОУВС-гаас асууна л гэх юм?

-Айл гэрийн өрхийн тэргүүн гарч гүйгээд хамар хашааны айлын ааваас гэр бүлийнхээ асуудлыг хэрхэх талаар асууж байгаа нь монгол эр хүний хувьд зохисгүй зүйл. Үүнтэй адилхан гадаад аав, эзнээсээ асуучихаад ирье гэж байна. Гэрийн эзэн өрхийн тэргүүн гэрээ зөв удирдан авч явдаг. Улс гэр гэж байгаа юм бол хөрөнгө хогшилоо яах, нүүдэл суудлаа хэрхэх, хүүхдүүдээ яаж тэжээхээ гэрийн эзэн нь мэддэг. Монголын төрд эзэн шиг эзэн алга. Тиймээс гадаадын аавд зусардаж байна. Өөрсдийнх нь байж байгаа хэмжээ нь энэ л байна даа хөөрхийс. Хохь нь гэхээс өөр хэлэх үг даанч алга.

-Өрхийн тэргүүн, төрт улс гээд ярих юм бол монголчууд хэдэн мянган жилийн түүхийг сөхөж болно. Гэвч сүүлийн жилүүдэд бие биенээ үзэн ядсан, муулсан, талцсан дүр зураг л илүүтэй үзэгдэх юм. Биднийг манлайлаад явах хүн дутаад байгаа юм болов уу?

-Төрт ёс ярих юм бол өнөөдөр Монголд төр байна гэхэд хэцүү. Энэ хүмүүс Монголын ирээдүйн төлөө ямар сэтгэлээр ханддаг юм бүү мэд. Тархиных нь хэмжээ хүрэхгүй байна. Үүнийг хараад гутраад суух биш, хүн бүр голомт бүртээ өөрсдөө төрийг үүсгэж байгаа шүү гэдгээ л мэдрэх ёстой. “Би монголоо авч явж байгаа шүү” гэдэг итгэл үнэмшил хүмүүст бий болсон цагт өнөөдрийн худал хуурмаг, гадаадын байгууллага дагах шаардлагагүй болно. Бид эвлэлдэн нэгдэх ёстой. Монголчууд өөрсдийн хийж чаддаг байсан зүйлсээ хийдэг болох, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж шинэ шатанд гаргах цаг болсон. Энэ их баялагтай байж утаагаараа дэлхийд тэргүүлж, ядуурлаараа манлайлж байгаа нь гутамшиг. Нэг хүнд ногдох малын тоо толгойгоороо дэлхийд цойлж, түүнийг адгуулж яваа түмэн шүү дээ, бид. Дэлхийн шившиг болж гүйцлээ.

-Баялгаа зөв зарцуулж чадах гарц гаргалгаа л бидэнд дутаад байна гэсэн үг үү?

-МАНАН-г арилгаж байж утаагүй болно. Сэтгэлийн утаа бүрхчихээд байгаа учраас бодит утаа бий болчихоод байгаа юм. Овт шаартан буруу гарын хүмүүс олширсон. Монголчуудыг жигшээх буруу мууг мэдрүүлэх гэж энэ хүмүүс төрсөн ч юм шиг. Нийгэм тэр чигтээ буруу муйхар байсныхаа гэсгээлийг амсаж байна. МАНАН-гийнхан хувьчлал нэрийн доор хууль бус, сэтгэл бусаар бүгдийг авсан. Зөв явж байсан нийгмийн зохион байгуулалтыг цааш нь зөв авч явж чадаагүй. 27 жилийн өмнө утаа байгаагүй. Энэ хугацаанд өөрсдөө утааг бий болгочихоод ардчилсан хувьсгал гэж ирээд гийгүүлчихсэн юм шиг ярьдаг. Үнэндээ энэ чинь доройтлын хувьсгал байсан. Цагийн хүнд шалгуурыг давахын тулд дотооддоо бид хийж, бүтээдэг болох ёстой. Овт шаартнууд, тэрбумтнууд гээд цээжээ дэлдээд яваа хүмүүс гурван сая монгол, дэлгэсэн тэрлэг шиг эх орныг минь хуурч хумсалж олсон мөнгөөрөө таахалзаж байна. Эдгээр хүмүүс барууны ч юм уу аль нэг улсад ядаж төмс шардаг мухлаг ажиллуулж үзсэн юм уу. Юу ч хийгээгүй байж гадаадад данс нээсэн байна гэдэг чинь Монгол Улсын буян хишгийг зарж, үрсэн байна гэсэн үг. Энэ хүмүүсийг удахгүй гэсгээх цаг ойртож байна. Бүгдээрээ өвгөдийнхөө ёс жудгийг бадрааж байгаад эрх тэгш сайхан эх оронд амьдрах ёстой.

Харамсалтай нь биднийг “Би л ганцаараа сайхан амьдаръя” гэдэг уралдаан руу зохион байгуулалттай тархи угааж түлхсэн учраас аминчхан үзэлтэй болсон. Аминчхан үзэлтэй, харийг шүтэгчид удахгүй хоцрогдоно. Хэлбэрт баригдаж буйгаа мундаг амьдарч байна гэдэг сэтгэхүй алга болно. Монголын өндөр их өвгөдийн сайн сайхан зүйлс оюуны гэгээрлийг бий болгож бадрааж чадсан хүмүүс өнгө орно. Миний бие муулуулж сайлуулан, доромжлуулан 10 гаруй жил үүнийг ярьж үлгэрлэж ирлээ. Монголоо, байгаль орчноо, ажил хөдөлмөрийн тухай ярьсан мөнчгөрөөрөө ажил гололгүй хийдэг нийгмийн сэтгэлзүй одоо хэрэгтэй байна. Энэ хамгийн том гарц, хамгаас том баялаг.

-Таныг нэг хэсэг нь эх оронч гэж магтаад л, нөгөө хэсэг нь залуу хүн байж хуучинсаг үзэлтэй гэж муулаад л. Ийм эсрэг тэсрэг байр суурийг сонсох амаргүй байдаг уу?

-Би ийм л замаар явах тавинтай хүн юм байгаа биз ээ. Надад зорилго бий. Хүн том зорилго өмнөө тавьчихаар сайн, муу хэлж байгааг анзаарахаа больчихдог юм байна. Жавхлан гэдэг хүн монголоо цэвэрлье, дэлхийд монголоо мандуулъя гэдэг ганц том зорилготой. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдэг шиг бид л энэ тухай ярихгүй юм бол өөр хэн энэ дэлхий дээр энэ тухай ярих юм. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. “Өдрийн сонин”-оор дамжуулан ярилцлагыг маань уншиж буй ахмад, дунд, залуу үеийнхэн минь энэ тухай хоорондоо ярилцаач ээ гэж хэлье. Монголоо гэсэн том зорилготой болохоор надаас энэ их эрч хүрч гардаг. Танаас ч гэсэн энэ их эрч хүч, монголоо гэх сэтгэл гарна аа. Настан буурлууд маань ач, зээгээ мэндлүүлж, хүндлүүлэх ёсноосоо эхлээд хүн чанарыг сургасан уу. Та ач зээдээ монгол хүн чанарын тухай ярьсан уу, эсвэл мөнгө олоод ир гээд байгаа юм уу. Жавхлан загнаад байгаа мэт санагдаж магадгүй. Уучлаарай, амьдралын хатуу бодит үнэнийг чинь ярьж байна. Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг. УИХ-д суугаа эрх дархтангуудыг аав, ээж нь яаж хүмүүжүүлсэн юм бол. Тэгэхээр ахмад үеийнхэн минь зөв үлгэрээ үзүүл. Сонгосныхоо дараа уйлдаг байж болохгүй. Одоо бол хумсалсаар хумсалсаар УИХ-ын гишүүн, хуурсаар хуурсаар овтшаар данстан болж байна. Өвгөд хөгшидийн минь гашуун ч гэсэн алт шиг үгс дутаад байна шүү дээ. Буурлууд минь хэзээ хатуу үнэнээ хэлэх юм бэ. Хэзээ та нар минь ухаарах юм. Дор бүрнээ энэ цэвэрлэгээг хийж эхлээрэй гэж уриалъя.

-Та УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “Хамаг монгол” гэж төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч мөн “Олуулаа болцгооё” хэмээн уриалга гаргаж байсан. Энэ төслөө үргэлжлүүлэхгүй юм уу?

-“Хамаг Монгол” төсөл шиг одоо “Манай Монгол Мандана” гээд том төслийн танилцуулгыг Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүдэд өгсөн. Үүнийг ойлгох зүрх сэтгэл алгаа. Сэтгэлзүйг нь бодохоор өрөвдөөд байх юм. “Үүнийг чинь дэмжье. Улс нийгмээрээ сайхан болцгооё” гээд залуусаа дэмжээд явах хүч нь байхгүй байна. “Эвлэлдэн нэгдье” гээд байдаг хэрнээ яагаад зөв зүйлээ дэмждэггүй юм бэ. Үнэнийг хэлэхэд би сэтгэл дундуур байгаа. Яасан ч ханаж цаддаггүй шунаг сэтгэл байдаг юм. Яасан ч муухай атаа хорсол байдаг юм. Энэ хүмүүсийн атаа хорсол амьдралд нь мөнхөрчихсөн юм биш үү. Монгол хүний гэгээн сэтгэл хаана байна. Гишүүд надаас ахмад хүмүүс л байх юм. Үлдсэн амьдралынх нь цаг хугацааны тоолуур 20-25 жил л байгаа байх. Ийм арчаагүй байж болохгүй. Бидний өрсөлдөх ганц зүйл цаг хугацаа, хайрлах ганц зүйл нь эх орон шүү дээ. Гэтэл зөвхөн өөрсдийнхөө хар амийг хоохойлоод хэвтэх юм даа. Тэхдээ энэ санаачлага маань хүссэн эс хүссэн ч маш үр өгөөжтэй зүйл болж дэлгэрнэ.

-Парламентын гадна байхдаа Их хурлыг та хэрхэн төсөөлж байв. Дунд нь ороод явахаар ямар байх юм бэ?

-Жавхлан хаана ч байсан зөв зүйлийг өнгө оруулан дэмжиж, бурууг нь шүүмжилж ирсэн. Төр гэдэг үгний үндсийг нь бодоорой. Төрсөн, тавилан заяасан хүмүүс нь авч явдаг юм. Түүнээс биш мөнгөөр худалдан авч болдог гэсэн сэтгэхүйгээр явна гэж байхгүй. Би чинь сонгуулиар мөнгө биш морио унаж яваад гарсан. Миний сонгуулийн зардал дэлхийн сонгуулийн түүхэнд байгаагүй бага зардал байсан. Өнөөдөр мөнгө ялах уу, сэтгэл ялах уу гэдэг том тулааны өмнө ирсэн байна, бид. Их хурлын гадна, дотно байсан ялгаагүй би хийх зүйлээ хийнэ. Их хуралд би зовлонгүй орж ирсэн. Их хуралд орчих юмсан гэж хүмүүс шиг өдрийн бодол, шөнийн зүүд болж, орж үзэх юмсан гэж омойтоогүй. Энэ хүмүүсийн тархийг, биеийг нь цэвэрлэхээ би мэдэж байгаа.

-Та “Улсын Их хурал уу, Улсын их задрал уу” гээд нээлттэй хэлэлцүүлэг хийнэ гэсэн ч танхим өгсөнгүй гэж байсан. Нээлттэй хэлэлцүүлгээ хийх үү?

-Уг нь би УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг хийж их хурал төр засагт иргэд түмэн ямар дүн тавьж буйг сонсоё, цаашид Монголчууд юуг төрөөс хүсээд ямар байхыг шаардаад байна. Өнөөдрийн хүндрэлээс яаж гарах талаар гарц гаргалгааг хэлэлцэе гээд “Улсын Их хурал уу, Улсын их задрал уу” гэдэг нээлттэй хэлэлцүүлгийг хийе гэсэн юм. Монголынхоо оюунлаг нас насны төлөөлөл олон хүнийг урьсан. Гэтэл тамганы тос дууссан, 7-14 хоногт багтааж хариу өгнө, танхим сул биш байна гэхчилэн аахар шаахар зүйлээр цаг авч саатуулсан. Сүүлдээ энэ хэлэлцүүлэгийг хийлгэхгүй гэдгийг Их хурлын тамгын газраас хэллээ. Хэрүүл талцал, дотоож бандаашны тухай ярих болохоор танхим зөндөө олдоод байдаг. Сайн сайхныг дуудъя, гарц гаргалгаа олъё гэхээр булан ч олддоггүй ийм л хавчилган дунд би байна. Ингэлээ гээд би зогсохгүй ээ. Жавхланг ингэж хааж боосноороо харин ч улам өнгө оруулж байна. Төрийн ордонд хийлгэдэггүй юм бол төмбөгөр цагаан гэртээ хийж бас чадна даа. Энэ бүгдийг зүгээр орхихгүй.

-Бие даагч байх хэцүү юм уу. Аль нэг намын нэр дээр гишүүн болсон бол ингэж ганцаардаж, гомдох шаардлага байхгүй байсан юм биш үү?

-Хүн болгон надад бие даахыг захиж, сургамжилж хэлдэг. Бид биеэ дааж чадахгүй, хүнээс хамааралтай явсаар өнөөдрийн ужиг үүссэн. Хүн бүр биеэ даагаад бор зүрхээрээ зүтгэж чадвал Монгол Улс гурван сарын дотор ч босох боломжтой. Монголчууд сэтгэлийн хөөрөл ихтэй, нэг зүйлд зорьвол ард нь гарч санаа нь амардаг хүчирхэг, цайлган, гэгээн түмэн. Би тэр цагийг хүлээж байна, ерөөж байна. Бие даагчийн зовлон гэхээсээ илүү муу сэтгэлийн үйлийн үрийн зовлонг өрөвдөөд сууж байгаа хүн дээ.

-УИХ-ын гишүүн байх нь гоё юм уу, Монголын ард түмний хайртай дуучин Жавхлан байх нь сайхан юм уу?

-Хугарсан хуурай мөчрийг гишүү гэдэг. Би Монголынхоо төрийг түших гэж орж ирсэн болохоор ганхаж унаж буй төрийн нэр хүндийг аврахаар орж ирсэн төрийн түшээ. Миний дуунууд ч гэсэн Монголын сайн сайхны төлөө ерөөж ирсэн. Төрт ёсоо унаж унтрахаас нь өмнө аварна.

-Заавал гишүүн болж микрофоны ард үг хэлж байхаар тэр сайхан дуунуудаараа үгээ хэлээд явах нь зарим талдаа ард түмэнд илүү хүрч магадгүй байх, тийм үү?

-Төрд үлгэрлэн дуурайх хүнгүй болсон. Төр нь түмэн олныхоо төлөө гэсэн шийдвэрийг гаргахаа больсон учраас дуунаас хол харагдаад байгаа юм. Төр нь урлагаа удирдаад зөв ханайлгаад явах учиртай. Соёлын яамаараа дамжуулан энэ бүгдийг хийж байх ёстой юм. Дээр хэлсэн “Манай Монгол Мандана” гэдэг төсөл чинь нийгмийг соён гэгээрүүлэх соёлын довтолгоо. Амьдрал, хөрсөн дээр буусан иргэддээ нэмэртэй хууль, тогтоомж, шийдвэр Их хурлаас огт гарахаа больж. Сая банкны тухай хуулийг хэлэлцэж баталлаа. Монголын баялгийг хулгайлж зарсан овт шаартнуудыг яагаад ярьсангүй вэ. Өнөө С.Баяр, С.Баярцогт хаачсан бэ. Энэ хүмүүс сул жаргалаа эдлээд явж байгаа даа. Овт шаартай нөхдүүдийг олж авч ирээд Монголбанкинд мөнгөө байршуул, утаанаасаа салъя, ажлын байр бий болгоё, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гээд яриад сууж байсан бол энэ жинхэнэ ажил болох байлаа. Ядаж хоёр оюутан нэг нэгэндээ тав арван мянган төгрөг шилжүүлэхэд дундаас нь арилжааны банкууд дундаас нь шимж аваад байгаа мөнгө шимтгэлийг болиулчихсан байсан бол энэ үр дүн мөн биз. Гэтэл ердөө тийм зүйл байсангүй. Амьдралаас тасарсан зүйл яриад байгаа болохоор энэ Их хурлын чинь нэр хүнд унаж, хүн ч тоож сонсохоо байлаа. Монголын төр ингээд өнөөдөр түмэн олныхоо сэтгэлээс арчигдаж эхэлсэн. Өнөөдөр төр засгийн толгойд суусан хүмүүсийн тархины хэмжээ жижигдэж байна.

-Таны бухимдал их байгаа юм байна. Утаа, татварын нэмэгдлээс эхлээд яалт ч үгүй бухимдах зүйлс их байх юм. Энэ бүгдийг цэгцлэх боломж байна уу?

-Манайд дэлхийн том хотууд шиг хотоо тойрсон том үйлдвэрүүд алга. Бид зөвхөн амьжиргаагаа дагаад утаанд дарлуулаад байж байна. Үүнийг шийдэх сэтгэл алга. 1937 онд гэрээс нь авч гараад өчиггүй буудаж алж байсан нам нь өнөөдөр одоо хүртэл монголчуудыг дараад авчихсан утаагаар угжин амьдаар нь борцолж хэлмэгдүүлж байна. 40, 50 жилийн дараа утааны хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүс гээд Улаанбаатарынхаа иргэдийн нэрсийг гаргачихсан сууж байх болчихоод байна. Улс төрийн МАНАН-г арилгаагүй цагт “утаа” арилахгүй ээ. Иргэд болохоор ганц бие даагч гишүүн гаргачихаад Жавхлан тэмц, тэмц гээд байх юм. “Ганц дайчин ганцаардахгүй, алаад өгөөрэй” гээд наддаа бас цаасан малгай өмсгөчихнө. Жавхлан чадлынхаа хэрээр явж байна. Битгий л дээ, ах дүүсээ. Сонгочихоод араас нь битгий уйлдаг байгаа ч дээ. Зөв хүмүүсээ тодруулж бай л даа. Монгол ёс, жудаг ярьсны төлөө яагаад Жавхлангаасаа зугтаад байгаа юм бэ. Би буруу зүйл яриагүй. Хүн өнгөрсөн түүх, өвөг дээдсээ ярьж байж ирээдүйн сайн сайхнаа зурдаг. Өвөг дээдсээ дурсахгүйгээр яаж амьдрах юм бэ. Жавхлан агуу монгол мандан бадрах зүйл яриад байхад чихнийхээ хажуугаар өнгөрүүлэн, намайг яагаад ганцаардуулж байгаа юм бэ. Яагаад үнэнг ярьж байгаа хүнээ ганцаардуулах ёстой юм бэ. Та хэд наслах болоод чив чимээгүй суугаа юм бэ. Залуус минь та нарт ямар амьдралын түүх байх ёстой болоод ингээд чимээгүй байгаа юм бэ. Монголоо монголоор нь зураач. Монголоо монголоор нь мандуулаад түүхээ бүтээгээч. Өвөг дээдэс минь ингэж дэлхийд төрт ёсыг тогтоож байсан. Гуравхан хоногийн дотор Монголын хууль дэлхийн нөгөө захад очдог байсан шүү дээ. Гучин жил хэрэлдээд учраа олдоггүй улс төрд цэг тавиачээ. Монголчуудаа сэрцгээ. Энэ ярилцлагыг уншаад огшиж байгаа бол та язгуурын монгол хүн юм байна. Харин манай намыг муулчихсан байна даа гэж харж байгаа бол эрүүлээр сэтгэж сур гэж хэлье дээ.

-Их хурлаар батлагдаж буй хуулиудын чанар хэр байна вэ. Лобби их явдаг гэдэг шүү дээ?

-Шуналын сэтгэхүйгээр хандаж байгаа нь зохихгүй байна. Өнөөдөр болж байгаа мэт, хүмүүсийн мэдэхгүйг мэдэж байгаа мэт царай гаргаад яваад байна л даа. Ирээдүйгээ хорлож байгаа юм шүү дээ. Чингис хааны хэлсэн “Өөрийн бүтээснээ өмс. Өөрийн хийснээ хүрт, эс тэгвээс бусдын идэш болно” гэсэн үг бий. “Харийг даган салбалзвал хөх монгол гутмуй. Хахаж цадталаа баяжвал хамаг олон жишгмүй” гэдгээс илүү хууль юу байна. Хуулийн дээр ёс бий. Ёсны дээр хөх тэнгэр байдаг юм. Монголчууд төрт хууль гэж ярьдаггүй. Төрт ёс гэж ярьдаг. Жавхлан ёс яриад байгаа шүү. Хүн бүр ёсоо дэлгэрүүлчихвэл хууль аяандаа биеллээ олоод явдаг жамтай. Бид өндөр дээд жудагтай хүмүүс.

-Таныг өөрийн хоёр нохойгоо МАН, АН шиг хоорондоо битгий хэмлэлдээд бай гээд загнаж буй бичлэг цахимд нэлээд хандалт авсан. Заавал тэгж хэлэх шаардлага байсан юм уу?

-Нохой жил гарч байна. Тахиа жил түмэн хөдөлж, нохой жил ноёд ховхорно гэж зурхайч Намсрай гуай надтай уулзахдаа хэлж байсан. Шинэ оны босгон дээр би хоёр нохойгоо загнав. Нохой жил монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийн жил байгаасай гэж ёгт ухаанаар ёжилсон юм. Жавхлан дээл яриад байдаг нь дэлгэсэн тэрлэг шиг монголыг хайрлаж явцгаая л гээд байгаа юм. Задлаад үзвэл маш том ухаан бий. Эх оронч үзлийг түгээх гэж Жавхлан дээл ярьсан. Би хоёр нохойг загнасан нь ард түмэн минь та нар нохойноос доор нам сонгоод амьдарч байна гэсэн үг. Нам гэдэг үгийнхээ үндсийг бод. Намхан. Монголчууд чинь өндөр заяатай түмэн. Өндөр уулын хөтлийг зорьж, өндөр тэнгэрээ харж, өндөрт мандаж буй нараа шүтэж сүү цайны дээжээ өргөдөг. Монголчууд яагаад нам сонгоод намхан болоод байгаа юм. Хүн бүр дор бүрнээ бодооч. Нам хуйвалдаж, сэм уулзахыг нам гэдэг. Монголчууд айлаараа, хотлоороо, бүлээрээ бадарч явах цаг болсон. Амны бэлгээс ашдын бэлгэ гэж байна уу. Нам гэдэг чинь нам дорой байлгаж байгаад бүх баялгийг нь сорно гэсэн үг юм биш үү. Тиймээс хоёр намын тарьсан хэлмэгдүүлэлтэд монголчууд өртчихлөө.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө ярьж УИХ, Засгийн газарт “ташуур” өгөх ёстой, зөвхөн би биш бүгдээрээ ярилцъя

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр СТӨ-нд Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь түүний аймаг, дүүргийн иргэдтэй хийх хоёр дахь уулзалт байв. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэсэн амлалтынхаа хүрээнд иргэд та бүхэнтэй уулзаж байна. Тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө ярьж УИХ, Засгийн газарт “ташуур” өгөх ёстой. Зөвхөн би биш өөр хоорондоо ярилцъя” гээд уулзалтыг эхлүүллээ.

Төрийн тэргүүн уулзалтыг үргэлжлүүлж хэлсэн үгэндээ:

“Улаанбаатар хотын хүн ам 1990-2017 онд 854 мянгаар буюу 146 хувиар огцом өслөө. Үүний 623 мянган хүн буюу 73 хувь нь орон нутгаас ирсэн байна. Харин 2008-2016 онд агаарын бохирдолд 147 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, гадаадын зээл, тусламжаар 60 сая ам.доллар зарцуулжээ. Нийтдээ 170 мянган ширхэг зуух тараасан байна.

Мөн өнөөдөр хотод 1.3 сая хүн амьдарч байна. Энэ их ачааллыг дахин төлөвлөхөд хэтэрхий эрсдэлтэй. Тиймээс Улаанбаатар хотыг түшиглээд дагуул хот байгуулах тухай асуудлыг би хөндөн ярьж байгаа. Дагуул хотууд байх газарт зарим яамд, их, дээд сургууль, Элчин сайдын яамдыг гаргая гэж байгаа юм. Дагуул хот байх газарт орон сууцны үнэ нэг сая хүрэхгүй төгрөгөөр зарагдах боломжтой. Учир нь, хямд өртгөөр орон сууц барих боломжтой үйлдвэр хэдийнэ ашиглалтад орсон байна. Энэ төслийг өмнө нь бэлдчихсэн, одоо аваад ашиглахад бэлэн байгаа.

Харин ядуурал гэдэг маань ажилгүйдэл. Ажилгүйдэл гэдэг нь ердөө л бизнесийн хумигдмал байдал. Энэ хумигдмал байдлыг задлах ёстой. Дэд бүтэц, бусад олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм бол бизнес өргөжин тэлж, иргэд ажилтай болно. Өнөөдөр бид 1949 онд барьсан төмөр замтайгаа л байгаа. 2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдсан ч хэрэгжүүлээгүй. Автозамын бодлого мөн адил батлагдсан ч хэрэгжээгүй. Үүн дээр Говийг усжуулах зэрэг томоохон төслийг хэрэгжүүлбэл, ажилгүй олон залуус ажилтай болж, ядуурал буурах ёстой.

Гэтэл өнөөдөр ядуурлын түвшин Улаанбаатарт 24 хувь, орон нутагт 38 хувьтай байна. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд 40 мянга хүрэх гэж байна. Энэ бол асар их тоо” гэлээ.

Мөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар:

“Малчдын тоо 310 мянга, малын тоо, толгой 66 саяыг давлаа. Жилд 15 сая мал, 500 мянган тонн мах, 15 сая ширхэг арьс шир, 9000 тонн ноолуур, 27 мянган тонн ноос дотоодын зах зээлд бий болж байна. Гэвч, эдгээр нь ямар ч нэмүү өртөг шингэхгүйгээр урд хөрш рүү гарч байна. Хэрвээ, аж үйлдвэрийг сэргээх юм бол түүхий эд бүрийг боловсруулах ажилд ажлын байр нэмэгдэнэ. Энэ талын илүү гүнзгий, ул суурьтай судалгаа хийгдсэн.

Мөн газрын баялаг ард түмний өмч байдаг ч хэдхэн гэр бүлийн гарт орсон. Өдөр, шөнөгүй байгалийн баялаг урд хилээр гарч байгаа. Энэ мөнгө хаашаа ороод байгааг бид одоо хүртэл олж, тогтоож чадахгүй байна. Хууль хяналтын байгууллага үнэхээр хойрго хандаж байгаа.

Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийг хүн бүр мэднэ. Монгол Улсыг одоо хүртэл тэжээж байгаа энэ үйлдвэр аж үйлдвэрийн салбарын арвин туршлага болж байгаа. Тиймээс бид баялгаа шууд гаргахгүйгээр “Эрдэнэт” үйлдвэр шиг боловсруулах боломжтой. Өнөөдөр нэг тонн зэсийн үнэ гэхэд л 8000-10000 ам.доллар, метал зэсийн үнэ тонн тутамдаа 7000 ам.доллар боллоо. Экспортын гаалийн мэдээнээс харахад:

Коксжих нүүрс 25.8 сая тонн

Төмрийн хүдэр 6 сая тонн

Зэсийн баяжмал 1.6 сая тонн

Алт 19.2 тонн

Нефт 8 сая баррель

Цайр 126 мянган тонн

Ноолуур 6000 тонн

Ноос 14 мянган тонн

Арьс шир 3 сая ширхэг” гээд дурдаж болно. Ийм хэмжээний бүтээгдэхүүнийг бид түүхийгээр нь гаргахгүйгээр боловсруулаад, үйлдвэрлээд гаргах юм бол гаднаас өндөр хэмжээний зээл авах шаардлагагүй. Харин эдгээр экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг боловсруулж экспортод гаргаснаар бид 30 тэрбум ам.долларын орлого олж чадна” гэв.

Мөн аялал жуулчлалын асуудлаар “Дубайгаар жишээ авъя. Усан дээр, элсэн дээр хот байгуулаад аялал жуулчлалын бүс байгуулж байна. Хүмүүс л энэ ажлыг хийж байгаа. Хүний хийж чадаж байгааг бид яагаад чадахгүй гэж. УИХ-ын гишүүд, сайд нар бүгд гадаад руу ямар нэг байдлаар явж л байгаа. Тэдэнд эх орноо ийм болгочих юмсан гэсэн бодлыг төрүүлэх гэж иргэд та бүхэнтэй бас уулзаж байгаа юм шүү.

Одоо манайд аялал жуулчлалын ихэнх бүсийг хөгжүүлэхгүй байна. Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан, Хөвсгөл далайн эрэг хавиар газрыг нь шаглаад зарчихсан. Ямар ч баримжаа, нэгдсэн бодлогогүй. Уг нь, Монголд жуулчин татах боломж хангалттай байгаа. Жишээ нь, жуулчин онгоцноос буугаад Хэнтий-Ховд чиглэлд явах аялагчдад төмөр замаар тээвэрлэх төсөл хүртэл боловсруулсан. Төсөл нь бэлэн байгаа. Өнөөдөр Чингис хааны өлгий нутагт очихоор жуулчин үзэх юу ч байхгүй. Бүр өмнө нь “Чингис хаан” гэдэг архи л зардаг байсан шүү. Хархорин ч гэсэн дэлхийн анхны нийслэл гэх тодотголтой ч өнөөдөр үзэж, харах зүйл байхгүй байна” гээд аялал жуулчлалын төслүүдээ үргэлжлүүлэн танилцууллаа.

Төрийн тэргүүн Сүхбаатар дүүргийн иргэдэд хандан үг хэлж, санаачилсан, боловсруулсан төслүүдээ танилцуулж, цаг үеийн байр сууриа илэрхийлсний дараа иргэдэд тулгарч байгаа асуудлыг сонсож, санал солилцлоо.

Сүхбаатар дүүргийн 12-р хорооны иргэн Шүрэнцэцэг

Монгол Улсын үе, үеийн Ерөнхийлөгч иргэдээ ингэж хүлээн авч, уулзаж байсныг би санахгүй байна. Иргэдээ хүлээн авч, уулзаж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга танд баярлалаа. Сүхбаатар дүүрэг “А” зэрэглэлийн бүст багтдаг. Өмнөх Засгийн газар дахин төлөвлөлтөд оруулж байсан ч энэ хөтөлбөр хэрэгжихгүй байна. Мөн дахиад зуух тараана гээд яриад байна. Зуух, яндан байгаа л бол утаа гарсаар л байх болно. Тиймээс иргэдийг байранд оруулах ёстой.

Сүхбаатар дүүргийн 19-р хорооны иргэн С.Цэвээнноров

Ард түмэнтэйгээ улаан нүүр тулан уулзаж байгаад баярлалаа. Энэ 76 гэдэг чинь тооноос цаашгүй, ажил хийхгүй, улс орон улам доройтож байна. Ийм учраас ганц Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна. Үүнийг ард түмэн дэмжиж байгаа гэж бодож байна. 20, 30 жил хэдэн намыг хольж, солилоо. Одоо шатахууны үнэ өслөө гэж байна. Шатахууны үйлдвэр барина гэж аль дээр үед л ярьсан. Ямар ч ажил хийгдэхгүй байна.

Сүхбаатар дүүргийн 1-р хорооны иргэн Соня

Монгол Улсаа хөгжүүлэх олон сайхан зүйл ярьж байгаад тань итгэж, ажил хэрэг болгоорой гэж хүсмээр байна. Мөн оффшортой тэмцэж, гадаадад байгаа хөрөнгийг нь татаж, иргэдийнхээ өрийг төлөөрэй. Ингэвэл, иргэдийн нуруун дээрх ачаа хөнгөрнө. Мөн намчирхах гэдэг асуудлыг бүр мөсөн зогсоох ёстой. Ард түмэн тогтвортой ажил хиймээр байна. Дарга солигдоод бүгд л солигдож байна. Ард түмэн дарга солигдохоор чичрэх ёсгүй, ажлаа хийгээд л явах ёстой.

Сүхбаатар дүүргийн 14-р хорооны иргэн О.Батбаатар

Бид дампуурсан байна. 0-18 насныхан сургуулийн насныхан байдаг. 18-50 насныхан ажилчид гэж болно. Гэвч, ажиллах насны залуус гадагш гарч хөдөлмөр эрхэлж байна. Гадаадад олон жил ажиллаж ирээд бие нь өвчин, энд үлдсэн үр хүүхэд, хөгшчүүл нь хүртэл өвчний үүр болж байна. Амьдрал иймэрхүү л байна. Тиймээс ид хөдөлмөрлөх насны хүмүүсийг бүгдийг нь ажилтай, орлоготой болгомоор байна. Татвар нэмж, тэтгэврийн насыг нэмж байна. Бидэнд иддэг 76 хэрэггүй, тэднийг огцруулъя, эсвэл ажил хийдэг болгомоор байна. Урд, хойд хөршүүд ямар гоё хөгжиж байна гээч. Гэтэл бид хөгжиж чадахгүй байна.

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэн Д.Баяр

Төр, засгийн явуулж байгаа тогтоол шийдвэр байгаа онохгүй байна. Би сард 240 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Бага тэтгэврийг нэмэх талаар харж үзэх нь зүйтэй. Над шиг тэтгэврийн зээл авсаар байгаад амьдрах аргагүй болж байгаа хөгшид олон бий. Сүүлийн үед УИХ-ыг тараах тухай янз бүрийн яриа гарч л байна. Таныг Ерөнхийлөгч болоход бид саналаа хэд дахин өгч байж ялалт байгуулсан. Тэгэхээр тэр дийлддэггүй УИХ-ыг чинь бүх ард түмний саналаар дийлж болдоггүй юм уу. Яагаад УИХ-ынхан улс эх орон, ард түмний төлөө гаргаж байгаа саналыг дэмжиж болдоггүй юм.

Сүхбаатар дүүргийн 19-р хорооны иргэн П.Цагаанхүү

Монголд хаягдаж байгаа бүх хаягдлыг бүтээгдэхүүн болгох боломжтой. Одоо зүгээр хаягдаж байгаа малын гаралтай бүтээгдэхүүнүүд бүгд мөнгө болно. Жишээ нь, Солонгост байдаг манай хүүхдүүд Монголд хаягдаж байгаа булууны ясыг 50 мянган төгрөгөөр зардаг юм байна гээд утасдаж байна. Тиймээс малын гаралтай түүхий эдийг боловсруулмаар байна.

Сүхбаатар дүүргийн 7-р хорооны иргэн Ж.Саранчимэг

Ард түмний онц их хурлыг яаралтай хуралдуулж, УИХ-ыг тараах хэрэгтэй. Шатахууны үнэ нэмэгдэж, долоон төрлийн татвар нэмэгдлээ. Удахгүй сар шинэ болох гэж байна. Ард түмний нуруу хугарахад бэлэн болоод ан цав гарчихсан байна. Таны ард иргэдийн дэмжлэг байгаа шүү.

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэн Энхтуяа

Утаа бол хүн бүрийн ярих ёстой, гамшиг мөнөөс мөн болжээ. Цэцэрлэгийн хүүхдүүд дотор, гадаргүй хордож байна. Хоёрдугаарт, шатахууны үнэ өслөө гээд бүх юмны үнэ өсчихдөг. Шатахууны үнийг дарга нар дийлэхгүй байгаа бол монополь эрх ашигтай газруудыг хааж, хямд шатахуун оруулж ирэх хэрэгтэй. Гуравдугаарт, АН-ын дарга С.Эрдэнэ иргэдийн зээлийг чөлөөлөх санал танд хүргүүлсэн. Үүнийг ажил хэрэг болгож, бөөнд нь биш гэхэд шат дараатай хэрэгжүүлж өгвөл ард түмэнд маш хэрэгтэй байна.

Сүхбаатар дүүргийн 13-р хорооны иргэн Ганбат

Тэтгэврийн доод хэмжээг ядаж 100 мянган төгрөгөөр нэмэх хэрэгтэй. Хоёрдугаарт, манай хөгшин тэтгэвэрт гарах ёстой байтал зургаан сараар сунгагдчихлаа. Ингэснээр бид хоёр сая төгрөгөө салхинд хийсгэж байгаа юм. Тиймээс тэтгэврийн нэмэгдлийг эсэргүүцэж байна. Одоо бас баахан зуух тараана гэж байна. Энэ чинь шахааны бизнес гэнэ, үүнийг зогсоож өгнө үү.

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн Очиржав

Ерөнхийлөгч гэж ямар эрхтэй, юу хийдэг хүн юм бэ. Таныг хориг тавихаар нэхэл хатуутай, доромжилсон хариу ирэх юм. Ерөнхийлөгч ямар ядруухан эрхтэй хүн юм уу. Хэдийгээр бид УИХ-ын гишүүдийг 76 гэж хардаг ч цаанаа маш том аппарат ажиллаж байгаа. Засгийн газар нь хүртэл тогтворгүй, нэг хүн гарч ирээд л, загнаад л Засгийн газрыг нь авчихлаа.

Сүхбаатар дүүргийн 7-р хорооны иргэн Галбаатар

АТГ-ын даргаар шударга хүн тавьж, оффшорт байгаа мөнгийг оруулж ирэх хэрэгтэй байна. Ингэвэл утааны асуудал дарагдана. Утаа чинь эзэдтэй, тэднийг олж мөнгийг нь хураах хэрэгтэй.

Сүхбаатар дүүргийн 6-р хорооны иргэн Пүрэвбат

Монголын ард түмэн өөрсдийнхөө саналыг бүрэн өгч сонгосон ганцхан албан тушаал бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Тэр нь та. Харин энэ хүний эрхийг УИХ-ын гишүүд өөрчлөх гэж яриад байна. Гэхдээ үг хэлдэг, хуульд хориг тавьдаг эрхийг УИХ иргэдээс, бидний сонгосон Ерөнхийлөгчөөс булаах ёсгүй юм шүү. Үндсэн хуулийн өөрчлөлтийг санамсаргүй түүврийн аргаар иргэдээс асуусан гэж байгаа ч санаатай луйврын аргаар зохион байгуулсан гэж би одоог хүртэл бодож явдаг.

Сүхбаатар дүүргийн 4-р хорооны иргэн Б.Оюунсайхан

Төрийн эрхийг хууль бусаар авсан нь батлагдсан бичлэг байсаар байтал энэ намыг сонгуульд оруулсан нь гэмт хэрэг гэж би үздэг. Тиймээс ерөнхий прокурор, цагдаагийн дарга, ерөнхий шүүгч нарт хариуцлага тооцох санал оруулах ёстой. Энэ УИХ хууль бус УИХ. Миний уншсан, орчуулсан номнуудаас харахад байгалийн баялагтай бага, буурай орныг буун дуу гаргахгүйгээр эзлэх олон арга байна. Дотоодын цэрэг, цагдаа, онцгой байдлаа ашиглаад Улаанбаатарыг шөнө ид утаатай байхад нь самная. Хамгийн их хорт утаатай байгаа газар чинь гаднынхан байж болзошгүй. Шүлхий, малын өвчнийг ч санаатай тараасан байж болзошгүй. Биднийг залуу байхад ийм их малын өвчин тарж байсан удаагүй.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Иргэд, та бүхний асуудлыг бодитоор баримттай нь үзүүлнэ. Би бүх саналыг бичиж авсан. Бүх асуудал, бүх санал эргээд л нөгөө ажилгүйдэл, ядууралтай холбогдож байна. Төрийн бодлого байхгүй байгаа учраас бид ажилгүй, ядуу хэвээр байна.

Оффшорын асуудлаар би хойш суугаагүй. Энэ асуудлыг шалгаж байгаа ч АТГ удаан байгаа гэдэгтэй та бүхэнтэй санал нийлж байна. Харин АТГ-ыг цаашид шахаж ажиллана. Мөн та бүхний хөндөн ярьсан Оюутолгой, Дубайн гэрээний асуудлыг ч анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Газрын баялаг ард иргэдэд үр шимээ өгөх ёстой. Гурван сая иргэн хүртэх ёстой. Сонгуулийн үеэр яригдаж байсан өрийн асуудлыг мартаагүй. Газрын баялгаа “шилэн” болгоод зөв хуваарилах юм бол иргэдийн өр бага юм билээ. Энэ асуудлаар удахгүй УИХ-д хуулийн төсөл өргөн барихаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалт энэ долоо хоногт үргэлжилнэ.





Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Татвар нэмсэн асуудлаа эргэж харах боломж бүрдсэн

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлуудын хүрээнд ярилцлаа.

-Та Монгол Улсын Ерөнхий сайдад өвөлжилттэй холбоотой асуудлаар асуулга хүргүүлсэн. Өнгөрөгч долоо хоногт асуулгын хариуг сонсох байсан ч хойшлуулсан байна. Ямар шалтгаанаар хойшлуулсан юм бол?

-Өнгөрсөн зун Монгол Улсын нийт нутгийн 70 орчим хувь нь гандуу байсан. Өнөөдөр нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй, үе үе цочир хүйтэрч байгаатай холбоотойгоор өвөлжилт хүндэрч байгаа тул Засгийн газар үүнд илүү анхаарч ажиллах ёстой. Өвөлжилтийг хохирол багатай давахын тулд ямар ажил хийж байна вэ гэдэг асуулга хүргүүлсэн. Дараагийн чуулганы асуулгын цаг дээр хэлэлцэх байх.

-Та утааны гамшгийн хүрээнд Ерөнхий сайдад мөн санал хүргүүлсэн. Яг ямар санал хүргүүлсэн бэ. Манайхан утааны талаар 20 гаруй жил яриад өнөөдөр сайжирсан үр дүн алга л байна. Гэсэн хэдий ч утаанаас салах тухай өнөөдөр ч ярьсаар байна л даа…

-Монгол Улсын Ерөнхий сайдад утаатай холбоотой, үүнийг дорвитой шийдэх арга замын талаар санал хүргүүлсэн. Утаа Монгол Улсад гамшиг болж байна. Бидний хувьд бодит аюул занал, нэгдэж тэмцэх ёстой дайсан маань боллоо. Энэ дайсантайгаа Ардын нам, Ардчилсан нам, Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар гэж талцаж, улс төржихгүйгээр хамтдаа тэмцье гэсэн юм. Ерөнхий сайдад утаатай тэмцэхээр хүргүүлсэн санал маань урт, дунд, богино хугацаандаа утааны тал дээр ингэж анхаарч, Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар, иргэд харилцан уялдаатай ингэж ажиллах хэрэгтэй байна гэсэн ажил хэрэгч санал юм. Өчигдөр гэнэтхэн утаатай болчихоод өнөөдөр ард иргэд бухимдаад байгаа юм биш. Өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнө утаа Улаанбаатар хотын асуудал болж эхэлсэн. 10 гаруй жилийн өмнөөс 21 аймгийн төв болон томоохон суурин газруудад утаа нэмэгдсэн. Улаанбаатар хот болон 21 аймгийн төв маань утааны гамшигт нэрвэгдэж хүлээн зөвшөөрөх, хүлцэн тэвчих тэр хэмжээнээс хэд дахин давчихсан.

Тиймээс 21 аймаг, Улаанбаатар хотын утааг бууруулах тал дээр Засгийн газар анхаарч ажиллах ёстой.

Утаа гэнэтхэн Ардын намын үед бий болчихоод байгаа юм биш. Үүнийг шийдэхийн тулд үе үеийн Засгийн газар, Их хурал тодорхой шийдвэр гаргаж ирсэн. Шийдвэр нь хэрэгжээд үр дүн нь гарахын өмнө гаргасан шийдвэрийг өөрчилдөг, Засгийн газар, Их хурлаас гарсан шийдвэрийг Нийслэл, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхгүй саармагжуулдаг, хийлгүй орхигдуулдаг хариуцлагагүй байдал олон ч удаа гай болсон. Төрийн бодлогын залгамж чанар алдагдсан, төрд ажиллагсдын ажилдаа сэтгэлгүй хойрго хандлага үүний гол шалтгаан. Үүнийг яаралтай засах ёстой. Бүр 2009 онд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн үед Зам тээвэр, хот байгуулалтын сайд байхдаа тэр үеийн Байгаль орчны сайд Л.Гансүхтэй “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн төслийг Их хуралд оруулж ирсэн. Үүнийг нь батлуулах ажлын хэсгийг би ахалж байсан юм. Ажлын хэсэг ахалж байхдаа “Зөвхөн нийслэлдээ анхаарах юм бол тэр хэмжээгээр нийслэлийг зорих хөдөөгийн иргэдийн цуваа тасрахгүй. Тэр хэмжээгээр хүн амын төвлөрөл дахиад л нэмэгдэнэ. Утаа, замын түгжрэл, гэмт хэрэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал дагаад бий болно. Тиймээс Монгол Улсын иргэдийг төрж өссөн нутагтаа ая тухтай амьдрах бололцоо боломжийг хамтад нь шийдэж байж Улаанбаатар хотын асуудлыг шийднэ” гээд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг батлуулж байв. Үнэндээ тэр үед 100 мянган айлын орон сууц төсөл хэрэгжүүлнэ, бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбоно гэхэд итгэх хүн байгаагүй. Чи бод доо. Тухайн үед 2004-2008 оны хооронд бүтэн дөрвөн жилийн хугацаанд ердөө төрийн албан хаагчийн “4000 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг дэвшүүлж, яаж барих вэ гэж л ярьдаг байлаа шүү дээ.

-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн гол зорилтууд юу байв. Хэрхэн хэрэгжсэн гэж дүгнэж байгаа вэ?

-Үнэхээр их том зорилтууд дэвшүүлсэн. Зоригтой ч ажилласан. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн гол зорилго бол Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалт өрнүүлэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор нь шийдэх явдал байсан юм. Ингэж байж хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангана гэж үзсэн. Тухайлбал, Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй холбосон 5572 км авто зам барих, “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд Улаанбаатар хотын 35 байршилд 80 мянгаас доошгүй айлын орон сууцны цогцолбор хороолол, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд 25 мянга хүртэлх айлын орон сууцны хороолол барих зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн хугацаанд энэ том зорилтууд бүрэн хэрэгжсэн.

-Тэгвэл яагаад утаа тодорхой хэмжээнд буурсангүй вэ?

-Орон сууц, авто зам гээд том зорилтууд биелэгдсэн ч тэрэнтэй уялдаатай бусад зорилтууд орхигдсоны горыг өнөөдөр бид амсч байна. Тухайлбал, ногоон байгууламж, гэр хорооллын янданг бууруулах, утаа бууруулах түлшний асуудал хаягдсан. Уг нь 2010 онд бидний дэвшүүлсэн хөтөлбөр дотор бүрэн шаталттай зуух, утаагүй түлшийг хамтад нь цогцоор нь хэрэглэх замаар утааг бууруулах тухай тов тодорхой туссан. Энэ асуудалд өмнөх Засгийн газар гар хумхин зүгээр суугаагүй. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөр дотор 114 ажлыг жагсаасан. Нэг үгээр хэлбэл утааг яаж шийдэх вэ гэдэг нь цогцоороо орсон. Засгийн газар үүнийг хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаарах ёстой.

-Гэхдээ Засгийн газар дахин судалгаа тооцоо хийх юм яриад байгаа юм биш үү?

-Засгийн газар дахин судлах, цаг алдах огт шаардлагагүй. Энэ ажлуудыг эрэмбэлэх, илүү хөрөнгө хүч хаях, онцгой анхаарах зүйл байж болно. Тэгэхгүйгээр тэнд тийм сайн юм байна гэхээр нь тийшээ үсчээд, энд ийм мундаг юм байна гэхээр нь ийшээ үсрээд байж таарахгүй. Бодлогогүй, савласан байдал ажилд садаа л болохоос сайн зүйлд хүргэхгүй. Тодорхой бодлого байсаар байхад түүнийг 2012-2016 онд тууштай хэрэгжүүлсэн бол үр дүн нь гараад эхэлчих байсан. Одоо гэтэл сүүлдээ утаа гаргаж буй эх үүсвэртэй нь тэмцэхгүй гараа өргөн бууж өгөөд утаанаас хамгаалах маск зүүх, агаар цэвэршүүлэгчийн тухай л асуудал руу хальтираад орчихлоо. Утаанаас түр зуур аргацааж хамгаалах биш бүрмөсөн утааг устгах зам руу явах ёстой. Урт хугацаандаа бид гэр хороолол руу цэвэр, бохир усны шугам татаад айл өрхүүдийг хашаандаа сайхан амьдрах бололцоо боломжийг бүрдүүлж өгөх шаардлагатай. Төрөөс цэвэр, бохирын дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл иргэд хашаандаа амины орон сууцаа барина. Ингэж байж яндангийн тоо цөөрнө. Өнөөдөр зах зээлд 40 шахам мянган орон сууц борлогдоогүй байгаа ч дунджаар 1м2 нь 1.8 сая төгрөг байгаа учраас иргэд орон сууцанд орж чадахгүй байна. 60 м2 орон сууцанд орохын тулд дунджаар 100 сая төгрөг хэрэгтэй. Гэтэл ийм төлбөрийн чадвартай иргэд алга. Тэгвэл дэд бүтэц нь байвал маш хямд өртгөөр 1м2 -ыг нь 500 мянган төгрөгөөр иргэд барьчих боломжтой. 60 м2 амины орон сууц 30 сая төгрөг л болно Энэ бол урт хугацаандаа хамгийн зөв шийдэл. Үүнийг хийхийн тулд мэдээж хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тиймээс төлбөрийн чадвартай иргэд дээрээ Засгийн газар ийм хөтөлбөр хэрэгжүүлье. Дараагийн авах арга хэмжээ нь цахилгаан халаагуур, хийн түлшээр шийдье. Хашаандаа орон сууц барих боломжгүй, цахилгаан халаагуур тавих санхүүгийн боломж багатай иргэддээ цахилгааны үнийг нь тэглэх, хөнгөлөх байдлаар асуудлыг шийдье. Хөдөө орон нутагт амьдрах хүсэлтэй гэр бүлд нэг удаагийн мөнгөн тэтгэмж, урамшуулал олгосон ч болж байна. Түүнээс биш маск, агаар цэвэршүүлэгч тараах замаар асуудлыг шийдэхгүй. Нэн түрүүнд одоо борлогдохгүй байгаа орон сууцыг гэр хорооллын иргэд газар, хашаагаараа солих, урьдчилгаанд нь өгч ипотекийн зээлд хамрагдах, зарим орон сууцыг төр худалдан авч хямд түрээсийн орон сууц болгох замаар асуудлыг шийдэх гарц байна.

-Засгийн газар мөнгөгүй л гэдэг. Нийт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс ганц удаа бүх нөөц боломжоо дайчилчихаж болдоггүй юм уу. Сүүлийн жилүүдэд 200 гаруй тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан шүү дээ?

-Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Ийм орчныг бүрдүүлэх нь төр засгийн үүрэг. Олон санаат оргож чадахгүй. Эргэж буцсан, гал унтраах төдий шийдвэр гамшгийг үндсээр нь таслан зогсоохгүй. Гэтэл үүнийг далимдуулан утааны асуудлыг шийдэхгүй бол УИХ тар хэмээн улс төржиж байна. Ардын намын үед утаа бий болсон, Ардын намын Засгийн газар муу ажиллаж байна. Тиймээс хариуцлага тооцъё гэдэг ч юм уу нийгэмд бухимдал болсон асуудлыг өнөөдөр л гэнэт бий болчихсон асуудал мэт тодорхой зорилготойгоор зарим нэг хүмүүс дэвэргэж иргэдийг турхирч байгаад харамсч байгаа. Хуруугаа хөдөлгөхгүй байж хошуу нэмээд зүгээр сууж байгаад нь эгдүүцэж байна. 200 гаруй тэрбум төгрөгийн асуудал чинь сүүлийн 10 жил утааг бууруулахад зарцуулсан мөнгө. 2012-2016 оны хооронд утааг бууруулахад хамгийн их буюу 140 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Аль үед нь үр дүн гарч, аль үед нь асуудал гамшиг болон даамжрав, үргүй хөрөнгө зарав гэдгийг дор бүрнээ нэг бодчихоорой. Шинжлэх ухааны академийнхан судалгаа хийж үзээд хоёр их наяд төгрөг зарцуулж байж утааны асуудлыг шийднэ гээд тооцсон байна лээ. “Утаагүй Улаанбаатар” форумын үеэр есөн их наяд төгрөгөөр утааны асуудлыг шийднэ гэж байсан. Миний хувьд тийм их мөнгө зарцуулах шаардлагагүй гэж бодож байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан сараас өмнө утаа бууруулахгүй бол УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах хэмжээний асуудлыг хөндөнө гээд хэлчихсэн. Цагаан сараас өмнө утаа бууруулах боломж байна уу?

-Бие бие рүүгээ чихээд суугаад байх биш хамтдаа утаа гэх ганц дайсантайгаа тэмцэх ёстой. Агаарын бохирдол Агаарын чанарын стандартыг хэд дахин давчихсан. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн хэлснээр Онц байдал зарлахыг хуулинд тодорхой заасан байдаг. Онц байдал зарласнаар утааны асуудал шийдэгдэхгүй. Онц байдал зарласан бүс нутгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, тухайн хүмүүсийг нүүж очсон газар нь амьдрах орчин нөхцөлөөр хангах, хоол хүнсийг нь бэлдэхээс эхлээд олон зүйл бий. Улаанбаатарт онц байдал зарлалаа гэхэд 1.4 сая иргэнээ хаана аваачих юм, хаашаа яв гээд байгаа юм.

-Сүүлийн үед иргэдийг бухимдуулж буй өөр нэг сэдэв нь татварын нэмэгдэл. Тэр тусмаа Хувь хүний орлогын албан татвар нэмэгдсэн нь олны анхаарлын төвд байгаа. Уг татварыг эргэн харах боломж бий юу. Засгийн газрын гишүүд өмнөх засгийн үед нэмсэн гээд булзах маягтай байна?

-Татварын нэмэгдлийг эргэн харах боломжтой гэж бодож байгаа. Энэ Засгийн газрын үед татвар нэмээгүй, өмнөх Засгийн газрын үед татвар нэмсэн гээд бид бие бие рүүгээ бурууг чихэх нь утгагүй. Өнөөдөр 65 суудалтай МАН засгийн эрх барьж байгаа. УИХ-д олонхийг, Засгийн газрыг дангаараа бүрдүүлж байна. Тийм болохоор хэн гэдэг Ерөнхий сайдтай, хэний тэргүүлсэн Засгийн газар, хэн гэж гишүүд байгаа тухай ярих юм бол бүгдээрээ МАН-д хамаарна. Тийм болохоор дотроо бие бие рүүгээ асуудлыг чихээд суух нь утгагүй. Түүний оронд яагаад татвар нэмэх нөхцөл байдалд хүрсэн бэ гэдгээ ард түмэндээ зөв ойлгуулах нь чухал. 2012 онд Ардын нам Засгийн эрх барьж байгаад Ардчилсан намд хүлээлгэж өгөхөд эдийн засгийн өсөлт 17 хувь, гадаадын хөрөнгө оруулалт 4.7 тэрбум ам.доллар байлаа. Бизнес буцалж, валютын ханш 1300 төгрөг байлаа шүү дээ. Ийм эдийн засгийг Ардчилсан намд хүлээлгэж өгөхөд тус намынхан 2012-2016 онд эдийн засгийн өсөлтийг хасах нэг хувь, гадны хөрөнгө оруулалт мөн хасах руу орчихсон, валютын ханш 2000 төгрөг давчихсан ийм л улс орныг бидэнд өгсөн. Татварын орлого буурч, цалин, тэтгэврээ тавих боломжгүй болж гаднаас зээл авч 2016 оны хавар цалин, тэтгэврээ тавьж байсан. Ийм л Засгийн газрыг бид 2016 онд хүлээн авсан. Мөн өр төлбөр нь хэд дахин нэмэгдсэн, төлбөрөө төлөх цаг нь тулчихсан энэ үед цалин, тэтгэврээ яаж хугацаанд нь тавих вэ, хүүхдийн мөнгөө хэрхэн өгөх вэ гэдэг асуудал байсан. Бондын өрийг төлөхийн тулд дэмжлэг туслалцаа авахаас өөр замгүй болчихсон байсан юм. Төлж чадахгүй бол Монгол Улс олон улсад дампуурлаа зарлах хэмжээнд хүрсэн. Тиймээс аргагүйн эрхэнд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, тэднээс санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай болсон. Тэд “Бид та нарт санхүүгийн дэмжлэг үзүүлж болно. Өгсөн мөнгийг өмнөх Засгийн газар шигээ үр ашиггүй, үрэлгэн замбараагүй зарцуулаад байх юм бол бидний өгсөн мөнгөний үр дүн гарахгүй. Тиймээс та нарт тодорхой нөхцөл болзол, шаардлага тавина. Үүнийг хангаж, биелүүлж чадна гэвэл дэмжлэг үзүүлнэ” гэдэг болзол тулгасан. Аргагүйн эрхэнд тэр болзлыг хүлээж авсан. Тухайн болзол дунд татвар нэмэх асуудал явж байсан л даа.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан, тулгамдаад байсан өр төлбөр төлөх дарамтаас бид гарсан. Энэ хугацаанд Засгийн газар зөв бодлого явуулсан. Зөв бодлогын үр дүнд эдийн засаг өсч оны эцэст 5.8 хувийн өсөлттэй гарч, төсвийн орлого нэмэгдсэн. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өссөн гээд орлого нэмэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлс байсныг үгүйсгэхгүй. Эдийн засгийн өсөлт ингээд бий болчихоор өсөлтөөсөө бид өр зээлээ төлөх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Ардчилсан намыг засаглаж байхад хөрөнгө оруулалт зогссон. Хөрөнгө оруулалтын ард аж ахуйн нэгжүүдийн олон хүний цалингийн асуудал яригддаг. Тэгвэл энэ 2018 онд Монгол Улс нийт хоёр их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 625 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болж байна. Сүүлийн дөрвөн жилийн хамгийн их хөрөнгө оруулалт, шинэ ажлууд эхэлнэ. Хүмүүс ажилтай, цалинтай болно. Үүнийг дагаад эдийн засаг идэвхжинэ. Нэг талаасаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нөгөө талаасаа МАН-ын Засгийн газрын явуулсан бодлого зөв байсны үр дүнд эдийн засгийн өсөлт бий болж байгаа юм. Тухайн үед татвар нэмэх болзлыг хүлээж авахаас өөр гарц байгаагүйг түрүүн би хэллээ. Харин өнөөдөр бол сэхээнд байсан эдийн засаг энгийн тасгаасаа ч гарлаа, төсвийн орлого ч нэмэгдлээ, эдийн засагт ногоон гэрэл бүрэн аслаа. Тийм болохоор татвар нэмэх шаардлага байхгүй болсон гэж би харж байна. Ард түмэндээ амласан амлалт, манай намын Мөрийн хөтөлбөрт ч татвар нэмэхгүй тухай байгаа гэдгийг бодох учиртай.

-Тухайлбал…

-Эдийн засгийн өсөлт нэмэгдчихлээ. Төсвийн орлого давж, төсвийн алдагдал буурч байна. Бизнесийн идэвхжил, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Ийм байхад Хувь хүний орлогын албан татварын 50 гаруй тэрбум төгрөгийг нэмэгдүүлж авах гээд улайраад байх шаардлагагүй. Буцаагаад хуучин хэвэнд нь оруулахад болохгүй гэх зүйлгүй. Учир нь эдийн засагт өсөлт бий болчихсон. Үүнээсээ бид орлогын дутагдсан хэсгээ нөхөөд явах боломжтой. Төлөвлөсөн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг хангаад явах нөхцөл бүрдсэн. Тиймээс иргэдийг бухимдуулсан энэ татварын асуудлаа эргэн харах хэрэгтэй. Уг нь нийт цалин авагчдийн ердөө таван хувьд нь ХАОАТ нэмэгдэж байгаа ч бид энэ татвараа авахаа болилоо гээд эдийн засагт дарамт учирч, төсвийн алдагдал нэмэгдэхгүй. Учир нь тийм боломж бүрдсэн болохоор ингэж хэлээд байгаа юм.

-ОУВС анхнаасаа татвар нэм гээгүй. Татварын бааз сууриа бэхжүүл, онгорхой цоорхойгоо нөх гэсэн юм биш үү. Манайхан л татвар нэмчихсэнээс биш?

-Татварын бааз суурийг нэмэгдүүлэх олон арга бий. Бид НӨАТ-ын бааз суурийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлээд НӨАТ-ын бааз суурь нэмэгдсэн. Одоо бизнесээ дэмжиж, томоохон хөрөнгө оруулалтуудаа дэмжээд байх юм бол ажлын байр бий болж, бизнес хийх дарамтгүй болчихвол аж ахуйн нэгжүүдийн ажиллах боломж бүрдэнэ. Энэ хэрээр компаниудын орлого нэмэгдэж, тэр хэрээрээ төлөх татвар нь ч нэмэгддэг. Тиймээс бизнесийнхэн, баялаг бүтээгчдээ дэмжих ёстой. Ингэж байж татварын бааз сууриа нэмнэ. Нөгөө талдаа татвар нэмэх замаар орлого нэмэгдүүлэх гээд олон арга бий. Аль алийг нь авч хэрэгжүүлж байна. Эдгээр хувилбарыг хослуулан хэрэгжүүлсний дүнд төсвийн орлого давж биелж байгаа. Ийм үед заавал Хувь хүний орлогын албан татварыг оролдоод яах юм. Экспортын хэмжээ анх удаа зургаан тэрбум ам.доллар давж, гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Энэ бол эдийн засаг сэргэж буйн хамгийн том дохио. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар болоод байна. Алтны худалдан авалт 20 тоннд хүрч, хандивлагч орон, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр төлбөрийн тэнцэл нэг тэрбум гаруй ам.долларын ашигтай гарлаа. Монгол Улсын гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрлээ.

Засгийн газар ОУВС-тай дахин хэлэлцээрийн ширээний ард сууж “…Анх хөтөлбөр хэрэгжүүлж байх үеийн нөхцөл өнөөдөр өөр болсон. Хөтөлбөр хэрэгжүүлээд сайн үр дүн гарлаа. Тиймээс бүсээ чангалах, татвар нэмэх бодлогоо эргэж харъя. Эдийн засгаа тэлж, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих замаар орлогын дутуугаа нөхөх боломж байна. Тийм болохоор 50 тэрбумынхаа татварыг бууруулчихъя…” гэдэг хэлэлцээрийг Засгийн газар ОУВС-тай ойрын үед хийж, нэг талдаа гарах хэрэгтэй.

-Засгийн газар байгуулагдаад 100 хонолоо. Засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлэлт өгөх вэ?

-Би Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдад МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж бий. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар хамгийн их анхаарал хандуулан ажиллах ёстой гэдгийг байнга хэлж байгаа. Тухайлбал, яаралтай шийдэх ёстой хэд хэдэн том ажил бий. Шатахууны хараат байдлаас гарахын тулд олон жил ярьсан нефть боловсруулах үйлдвэрээ одоо жинхэнэ ажил болгоё. Зэс хайлуулах, ган боловсруулах үйлдвэрээ хурдан байгуулмаар байна. Шинэ төмөр замын ажлыг шуурхайлъя. Улаанбаатар хотод гэхэд шинэ Төв цэвэрлэх байгууламж, тавдугаар цахилгаан станцыг яаралтай барьж ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Үйлдвэржилтийг дэмжих 21:100 хөтөлбөрөө хэрэгжүүлье. Энэ хүрээнд 21 аймагт 100-аас доошгүй үйлдвэр байгуулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Ингэж бид гадагш урсах валютаа багасгана. 66 сая малтай, нэг хүнд ногдох малын тоогоороо дэлхийд тэргүүлдэг хэрнээ, мал нь өссөн ч өгөөж нь нэмэгддэггүй байдлаас гарах ёстой. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд малаа бүрэн эрүүлжүүлж, болж өгвөл малын гаралтай бүх түүхий эдээ боловсруулах үйлдвэрүүдтэй болох хэрэгтэй. Ингэж байж олон мянган ажлын байр бий болж, иргэд маань илүү орлоготой болно. Энэ бүхнийг хийж чадвал Монголд эдийн засгийн хувьсгал ялна. Тулга тойрсон явган хэрүүл, асуудал шийдэхгүй аахар шаахар зүйлээс татгалзаж, далайцтай том төслүүдээ хурдан хэрэгжүүлж байж Монгол Улс хөгжинө.

-Сүүлийн үед У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гэж байна гэж ярих боллоо. Энэ талаар та сонссон уу?

-Ажил хийх гэж байгаа хүмүүсийн сэтгэл санааг хоёрдуулах шаардлагагүй. Итгэсэн бол итгэсэн шиг итгээд, дэмжсэн бол дэмжсэн шиг дэмжээд явах ёстой. Мэдээж бурууд нь хурц, зөвд нь зөөлөн байна. Буруу зүйлийг нь шүүмжилж засуулаад, зөв бодлогыг нь дэмжээд явах нь бидний үүрэг.

-Гэхдээ та нарыг ажил хийх гээд явж байхад унагаж байсан байх аа…

-Тодорхой цаг хугацааны явцад хүмүүс ойлгоно биз дээ. Бидний зөв, буруу аль нь байсныг цаг хугацаа л шүүнэ. Юутай ч эдийн засгаа эрүүлжүүлж, эрх зүйн орчноо төлөвшүүлэхийн тулд богино хугацаанд чамгүй ажил хийсэн нь бодит үнэн. Эмхэнд нь оруулж цэгцэлсэн, ээдрээ зангилааг нь тайлсан ажил чамгүй их бий. Эхлүүлсэн ажлыг залгаж хэрэгжүүлэх, эрчийг нь алдуулахгүй шуурхай хэрэгжүүлэх нь энэ Засгийн газрын үүрэг. Өс санах биш эв зангидаж, хүч түрэх биш хуулиа дээдэлж, иргэдээ эрхэмлэж Монгол хэмээх нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэж зүтгэх нь улс оронд маань хожоотой гэдгийг мартаж болохгүй.


Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Ашигт малтмалын үнэ жаахан өссөн болохоор л манай улс дөнгөн, данган амьдарч байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монголын уул, уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Манай орны эдийн засгийн гол хөшүүрэг бол уул уурхай. Энэ онд уул уурхайн салбарт ямар өөрчлөлт орох вэ. шинэ ордууд нээгдэх янз байна уу?

-Уул уурхайн төсөл эхлүүлэхийн тулд ашигт малтмалуудаа хайж олох ёстой. хайж олсныхоо дараа нөөцийг нь тогтоогоод, эдийн засгийн үнэлгээг нь гаргаад, хөрөнгө оруулж, хүртэх ёстой үр ашгаа зөв тооцоолоод, төсөл эхлүүлнэ. үүнийг шаардлага хангасан төсөл гэх нь байна. Гэхдээ том төслүүдийн тухай ярихаасаа өмнө 2018 оныг хүртэл Монголын уул уурхай яг ямар байсан, юу болчихоод байгаа юм гэдгийг ярих хэрэгтэй. төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого гэж гаргасан байдаг. Энэ бодлогын хүрээнд 2006 онд ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулсан юм. 2011 оноос эхлэн хайгуулын лицензийг хориглосон хууль гаргачихсан. ингээд уул уурхайн салбарынхны эхний хэсэг тасраад, зогсчихсон гэсэн үг. энэ нь эрхзүйн маш тогтворгүй, тодорхой биш орчин, хөрөнгө оруулалтын таагүй нөхцөл үүсгэсэн. ийм таагүй нөхцөлтэй байсаар өнөөдөр ч хэдэн төслүүд нь урагш явахгүй байна. “Тавантолгой”, “Гацуурт” гэх мэт том төслүүдээ хөдөлгөж чаддаггүй. Газрын ховор элементүүд, Асгатын мөнгөний ордууд ч хөдлөх янз алга. Энэ нь төр улсын бодлого сул байгаатай л холбоотой. ийм байдалтай найм, есөн жил боллоо. “таван толгой” гэхэд л 18,19 жил болж байна. “Арево”, “Марда” ч бүр зогссон. Хөрөнгө оруулалт ч байхгүй. угаасаа дэлхийн компаниуд хайгуулд хөрөнгө оруулах байдал нь багасчихсан. Монголд байсан хэд нь гараад явчихсан. уул, уурхайн асуудалд нээлттэй ил тод шударга байхгүй бол болдоггүйн жишээ. хувийн хэвшлийг дэмжихгүй байна. МАК-ийн төсөл “Цагаан суварга”-ыг ч дэмжсэнгүй. “тавантолгой”, “энержи ресурс”-тай хамтрах том төслийг ч дэмжээгүй.

Хувийн хөрөнгөөр босговол 34-өөс багагүй хувийг нь төр эзэмшинэ гэчихлээр хэн уул уурхайд хөрөнгө оруулах юм бэ. Хөрөнгө оруулагчид технологитойгоо мөнгөтэйгөө бүх юмтайгаа ирдэг, монголоос юм гардаггүйг ойлгох хэрэгтэй. Энэ оны тухай биш урт хугацаанд юу хийх, цаашид цэгцлээгүй төслүүдээ хэрхэн яаж цэгцлэх зэрэг зүйлсээ ярих хэрэгтэй байна. Түүнээс биш энэ онд ямар том төсөл хөдлөх нь гэж хүлээгээд ч хэрэггүй болчихоод байна. Хамгийн бодитой “Цагаан суварга” “Гацуурт” “Тавантолгой”-г хөдөлгөж чадахгүй байхад өөр юу хөдлөх юм бэ. 2018 онд юу болох вэ гэвэл юу ч болохгүй. Яг энэ байдлаараа өнгөрсөн дөрвөн жил шиг наашаа цаашаа, худлаа ганхаад таарна. Том төслүүдээ хөдөлгөнө гэж 2012 онд зарласан биз дээ таван жил өнгөрчихсөн байна. Учир нь манай уул уурхайн салбарын талаарх бодлого, олон янз болж, улстөрчдийн мэдэлд самрагдсаар ингэж гацсан. Нөгөө талаасаа уул уурхайн асуудалд эрх мэдэлтнүүд шийдвэр гаргахдаа дан улстөрийн шийдвэр гаргадаг. Хувийн хэвшилтэйгээ, иргэний нийгэмтэйгээ зөвшилцдөггүй. Уул уурхайд хөрөнгө л оруулах ёстой. Хөрөнгийг хувийн хэвшил л оруулна. Тэрнийгээ төгс ойлгохгүй учраас уул уурхайн ажил явахгүй байна. Иргэдийн, төрийн олон нийтийн эрх ашгийг ойлгосон нэгдсэн бодлого байж цэгцтэй болно. Гэтэл төр хувийн хэвшилдээ саад болж байна.

-Мөн нэг талаараа уул уурхайгүй хөгжих ёстой, уул уурхай цөлжилт үүсгэж байна гэх мэт асуудал гардаг?

-Монголын газар нутгийн нэг хувьд л ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байдаг юм. Нийт газар нутгийн 7.6 хувь нь газар тариаланд ноогддог. Уул уурхайд ашиглах талбайн хэмжээ маш бага. Гэтэл Монголын нийт газар нутгийг уул уурхай сүйтгэж байгаа юм шиг яриад байдаг нь төөрөгдөл үүсгэдэг. Нөгөө талаасаа уул, уурхайг төр дэмжинэ гэдэг нь татварын чухал механизм байгаа юм. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр байна. Мөн уул, уурхайтай бүгдийг төсөвт аваад буцаагаад, тендерт хөрөнгө оруулаад л тендерийг нь эрх баригчид хувааж иднэ. Ингэж хувааж идэхийн тулд Засгийн газар, Их хурал руу орохын тулд хүмүүс хичээн зүтгэж байна. Улстөрөөс өөр хийх бизнес монголд байхгүй болчихож. Тэгэхээр 2018 оны тухай биш. Цаашид уул уурхайгаа яаж хөгжүүлэх юм бэ гэж ярих нь зүйтэй. Нэг засгийн царайг хараад л, хүлээгээд байдаг. Энэ засаг хоёр жилд юу хийх бол гэдэг юу ч хийж чаддаггүй. Худлаа ярисаар байгаад л дуусна. Дахиж хэлэхэд 2018 онд юу ч хийгдэхгүй, худлаа яриад л дуусна. Ашигт малтмалын газар бараг ямар ч лиценз олгохгүй байгаа мөртлөө, өмнөхөөсөө хоёр дахин их хүнтэй байна. Ах дүү хамаатан саднаа ажилд авдаг. Мөн хүнд суртал их үүссэн зэрэг байдлыг цэгцлэх шаардлагатай.

-Уул, уурхайн байдлыг хэрхэн яаж өөрчлөх боломж байна вэ?

-Нам тэргүүнд гарчихсан болохоор аливаа асуудал намаар дамжаад л, сонгуулиар дамжаад байдаг учраас өөрчлөлт орохгүй байна. Урт хугацааны төлөвлөгөө хийж, ухаан зарах шаардлагатай байгаа юм. Улстөрчид өөрийнхөө эрх ашгийн төлөө, албан тушаал руу зүтгэж байна. Их хурлын гишүүн болсон бол хууль тогтоогоод, хуулийг судлаад, сайжруулаад, санаачлаад сууж байх ёстой. Гэтэл нэг л их эрх мэдэлтэй 76 хүн. Хууль батлах хүртэл санаачлаад, хэлэлцүүлээд, боловсруулна гэж байхгүй. Бодлогоо засаад ил тод нээлттэй, шударга шаардлага гаргаад, тогтвортой мөрдөх юм бол гурав, дөрвөн жилийн дараанаас эхлээд гарч явсан хөрөнгө оруулагч ирнэ. Хуулиа хэрэгжүүлж чаддаггүй, хүнд сурталтай ил тод биш байхад гадныхан яаж ирэх юм бэ. “Алтан нар”, “Хармагтайн” ордыг гэхэд л яаж ийж байгаад хөдөлгөх байсан юм. Хармагтай нь Оюутолгойгоос том орд гэж худлаа шуугисаар байгаад байхгүй боллоо. Фэйсбүүк твиттерээр зориуд бодлоготойгоор, хүмүүсийг хооронд нь байлдуулдаг. Тэр хар пиартай нь зууралдаж байтал, дараагийнх нь хар пиарыг шидээд л хүмүүсийг эрүүлээр юм бодож хийх завгүй болгож байна улстөрчид.

-2018 онд эрдэс баялгийн үнэ ханш тогтвортой, өсөлттэй байх нь эдийн засагт эерэг нөлөөтэй гэж хараад байгааг та юу гэж бодож байна вэ?

-Төсвийн орлого энэ онд гайгүй л байх шиг. Гэхдээ зөв зарцуулах нь маш чухал. Эрчимтэйхэн ажил хийж, бодлого гаргаж дараагийн 10,15 жилийн ажлыг одооноос хийх хэрэгтэй. Ийм тогтолцоотой, ийм бодлоготой байгаа нөхцөлд, ашигт малтмалын үнэ жаахан дээшээ болохоор л дөнгөн данган амьдарч байна манай улс. Би энэ ассоциацид 18 дахь жилдээ. Уул уурхайн салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Төр энэ салбарынхныг гадуурхаад, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд байна. Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгч болж байна.

-Оюутолгой ямар ч ашиггүй байгаа гэх хүн олон байдаг?

-Хамгийн их татвар төлж байна. Эрдэнэт үйлдвэртэй адилхан хэмжээнд татвар төлж байхад ашиггүй гэдэг нь утгагүй зүйл. Их хуралд байгаа популизмаар л ингэж яригддаг. Хөрөнгө оруулагчийн талд илүү ашигтай гэдэг ч буруу. Эрдэнэт үйлдвэр гэхэд л 1978-2003 он хүртэл ямар ч татвар төлж байгаагүй. Гэтэл Оюутолгой байгуулагдсан өдрөөсөө эхлэн татвар төлөөд эхэлсэн. Сургууль, цэцэрлэг, цагдаа төсвийн ажилтнуудыг цалинжуулж байна гэсэн үг. Оюутолгойг муулж байгаа нь идсэн хоол руугаа нулимж байна гэсэн үг.

-Нөхөн сэргээлтийг хэр хийдэг юм. Нөхөн сэргээлт хийгдэж байгаа юу?

-“Алтан дорнод монгол”, “Багануур”, “Шивээ овоо” гэх мэт бүгд нөхөн сэргээлт хийж байна. Гэхдээ бүх компаниуд жигд биш байгаа. Компаниуд дотроо байгаль орчны хяналтын тогтолцоотой болох, шалгууруудыг тогтоогоод, тэд нарыг урамшуулах зэрэг төрийн бодлого шаардлагатай байгаа. Төр менежментгүй байна. Өртэй гэдэг, өрийг хэн тавьсан, улстөрчид л тавьсан, орлогыг уул уурхайнхан авчирч байна.

-ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт ороод хэд, хэдэн төрлийн татвар нэмэх болсон. Уул, уурхайн салбарынхны ихэнх нь цалингаасаа татвар төлөх боллоо. Үүнийг танай салбарынхан яаж хүлээж авч байна вэ?

-Алс газар хөдөө, илүү их ажилладаг хүнд хөдөлмөр. Ийм хүмүүсээс татвар аваад эхлэхээр яах юм бэ. Олон улсын валютын сан яг ингэж татвар ав гэж хэлсэн үү. Хэлсэн гэдэг нь яг үнэн үү гэдэг ч эргэлзээтэй. Засгийн газар олон улсын валютын сан ингээд байна гэдэг. Яг валютын сан цалингаас татвар ав гэж хэлсэн юм уу. Хэлсэн бол хэн мэдэж байгаа юм. Татвар аваад эхлэхээр маш их сөрөг дагавар гарна. Хүнд салбарт уйгагүй ажиллаж байгаа хүмүүсийн татварыг нэмээд эхэлнэ гэдэг бол байж боломгүй зүйл. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байж, хөдөлмөрийн хөлсөө авч байгаа гэдгийг нь ойлгох ёстой. Татварыг уурхайчид маш их эсэргүүцэж байгаа.

-Уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн тулд хамгийн эхлээд ямар алхам хийх хэрэгтэй байна?

-Ядаж хамгийн түрүүнд Тавантолгойн төмөр замыг тавьчихгүй байгааг би гайхаад, бодоод ер олдоггүй. Яагаад энэ төслийг гацаагаад байдаг юм. Төмөр замын оронд машин яваад, хүний амь, эрсдэж, байгальд хохирол учраад байна. Төмөр зам тавьчихвал хүн үхэхгүй, байгаль орчинд ээлтэй. Хятад руу төмөр зам тавихгүй гэдэг домгийн сэтгэлгээнээсээ л салах хэрэгтэй байна даа. Мөнгөнд үнэр амт байхгүй. Зөвхөн шар толгойтой хүн байвал бидэнтэй ажиллаж болдог, хятад хүн байвал болдоггүй юм уу.

-Хятад нүүрсний хэрэглээгээ танасан. Энэ нь манайд хэр нөлөөлөх бол?

-Бээжин утаагүй болсон. Нүүрсээр ажилладаг бүгдийг зогсоосон ч нүүрсний хэрэгцээтэй хэвээр л байна. Гэтэл манай улсын байж байгаа царай хэцүү. Ер нь 2018 онд энэ салбар хүнд байна. 10,20 жилээр бодлого гаргаад л, тэрийгээ ягштал биелүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй сонгуулиас, сонгуулийн хооронд амьдарч явсаар сүйрэх нь. Ганцхан уул, уурхай биш бүх салбарт тийм байна. Казахстанд гэхэд л жижиг дунд үйлдвэрээсээ татвар авдаггүй, мэргэжлийн хяналт нь шалгаж зовоодоггүй юм билээ. Өөрсдөө хэрэглэгчийн шаардлага, зах зээлээрээ хөлөө олдог. Ийм нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг. Гэтэл манайд эсрэгээрээ.

-Таныг олон лицензтэй, хууль бус зүйл хийсэн гэх мэт мэдээлэл сүүлийн үед, хэд хэдэн сайтаар харагдсан энэ ямар учиртай зүйл байв?

-Ор үндэслэлгүй худал мэдээлэл байна лээ. Би хараад бүр гайхсан. Ямар учиртай юм бол, цагдаад гомдол гаргадаг ч юм бил үү гэж бодож байгаа. Би чинь 9911-тэй дугаараа зарж байж арай гэж хоёр өрөө байр авсан л хүн. Надад ямар ч лиценз байхгүй.


Categories
мэдээ цаг-үе

Шагдарын Лхамноржмаа: Сэтгэлийн амгаланг олох л хамгийн сайхан

Монголын зохиолчдын эвлэлийн болон “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Шагдарын Лхамноржмаатай уулзаж хөөрөлдлөө. Лхамаа найрагч бол онгод төгөлдөр, цалгиатай халгиатай уран бүтээлч.

“Би эх орныхоо ээж нь

Бэтгэртлээ санаж амиа дэвсдэг эх нь

Хүүхэд шиг уйлж,

Хөхөө чинэрүүлдэг шүү,

Үр-Эх орон минь…” гэж тэр л бусдаас тэс өөрөөр эх нутгаа хайрлан дуулсан. Дөрвөн жил гаруй хугацаанд хэвлэлд ярилцлага өгөөгүй эрхэмсэг найрагч маань “Даяарын амгалан” хэмээх утга төгөлдөр нэр бүхий уран бүтээлийн цэнгүүнээ Соёлын төв өргөөнөө удахгүй толилуулах болжээ.

-Дөрвөн жил чимээгүй байснаа гэнэтхэн “Даяарын амгалан” уран бүтээлийн цэнгүүнтэй хамт уншигч, фенүүддээ эргэж иржээ. Энэ нэрнээс харахад Лхамаа өнгөрсөн дөрвөн жилд өөртөө юу нээж, бас олов гэж асуумаар санагдлаа ?

-Сүүлийн хэдэн жил би жаахан өвдлөө. Гэвч хэцүү бүхний ард олон хүний тус дэм, сэтгэл, итгэлийн хүчээр гарлаа. Хүн өвдсөн ч гэлээ бас өөртэйгөө “ажиллаж”, өөрийнхөө дотогш өнгийж, сэтгэлийн амар амгалан, орон зай, зөн мэдрэмжийг таньж, өөртэйгөө ярилцаж байх ёстой юм шиг байна. Сэтгэлийн амгаланг олох л хамгийн сайхан юм. Тиймээс уран бүтээлийн тоглолтоо “Даяарын амгалан” гэж нэрлэсэн. Дээр нь цагаан сар ч дөхөж байна. Сайн сайхныг мөрөөдвөл сайн сайхан дагаж явдаг. Хайр нигүүслээр бялхсан зүрх сэтгэл амар амгаланг олж харахдаа сэргэг байдаг. Хүн бүхэн тийм л амгаланг мэдрээсэй гэж хүссэн юм. Би урьд нь 2009 онд “Чамайг бүтээхүй” гэсэн нэг тоглолт хийж байсан. “Даяарын амгалан” уран бүтээлийн цэнгүүн маань хоёрдугаар сарын 3-ны 15 цагт Соёлын төв өргөөнд болох юм. Монгол Улсын консерваторын үндэсний найрал хөгжим удирдаач Р.Ганбатын удирдлагаар оролцож тоглоно.

-Цэнгүүнд тань хэн хэн оролцох бол. Таны хань, Монголын шинэ цагийн хөгжмийн нэрт зохиолчдын нэг Цэн.Эрдэнэбатын аялгууг нь зохиосон олон дуу дуулагдах байх даа?

-Эрдэнэбат бид хоёрын хамтран зохиосон олон дуу бий. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Ө.Уянга нар “Ижий улирал” дууг минь дуулна. Гавьяат жүжигчин Лосолын Болдбаатар “Сэтгэлийн гэгээ”, “Шуранхайт нутаг” дуунуудыг дуулах юм. Бас бид хоёрын “Би чамд хайртай”, “Зүрхний гижиг” дуунуудыг Соёлын тэргүүний ажилтан Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар хослон дуулдаг даа. Тэд маань ч ирнэ. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Чулуунбаатарын “Цаг мөнхийн хайр” байна. Дуучин Э.Оюумаагийн дуулсан “Өнө мөнхийн хайлан”, “Ертөнцийн наран ээж”, дуучин Э.Болормаагийн дуулсан “Уйдашгүй эх орон”, Ш.Лхагвасүрэнгийн “Хайрын тавилан” гээд их олон дуу бий, бид хоёрт. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат нарын аялгуу, миний шүлэг “Сүүн замтай Монгол”-ыг соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Жамсранжав, Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс нар дуулж байгаа.

-Өөр олон уран бүтээлч оролцож байгаа юу?

-Хөтлөгч Д.Цовоо, Б.Гантигмаа нар шүлгүүдээс минь уншина. Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Д.Нацагдоржийн болон “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо нар маань оролцож уран бүтээлийн дээжээ өргөнө. Тоглолтын найруулагчаар хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр маань, продюссерээр Улсын драмын эрдмийн театрын ахлах менежер, Соёлын тэргүүний ажилтан Б.Гэрэл нар маань ажиллаж байгаа. Сэтгэл зүрхээрээ уран бүтээлийг минь дэмжиж байгаа байгууллага, хувь хүмүүс олон байгаад би баяртай байна. Улаанбаатар хот дахь Архангай аймгийн Чулуут сумын нутгийн зөвлөлийнхөндөө, “Хүчит Чулуут” компанийн захирал Л.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд талархаж байна даа.

-Ингэхэд шинэ ном нь хэвлэгдэх гэж байгаа гэл үү?

– Би уг нь цэнгүүн гэхээсээ урьд номоо л гаргая гэж бодож байсан юм. Сүүлдээ нэлээд бодсны эцэст номоо ч хэвлүүлье, цэнгүүнээ ч хийе гэсэн шийдэлд хүрсэн. Номын маань нэр “Шүлэг тарьдаг эх орон”. Би чинь их замбараагүй хүн.Чихрийн цаас, тэмдэглэлийн дэвтэр хаа сайгүй л шүлгээ бичээд орхичихдог. Тиймээс энэ шүлгүүдээ нэг цэгцэлсэн нь дээр юм байна гэж бодлоо. Өмнө нь би “Ижий улирал”, “Цаг мөнхийн хайр”, “Гийнгоо” нэртэй гурван цомгоо хэвлүүлж байсан. 2006 онд “Зүрхний гижиг” дан яруу найргийн, 2009 онд “Даяарын амгалан” яруу найраг, дууны цомог гаргаж байлаа.

-Таныг харахад эршүүд хэрнээ уяхан, бас жаахан танхилдуу бүсгүй мэт санагддаг. Гэтэл хүнд хэцүү давааг даваад гарчээ?

-Юуг бэрхшээл гэж харахаас л бүх юм шалтгаална. Гэхдээ өвдөх хамгийн хэцүү юм. Мөнх юм шиг бусдад үүрдийг бүү амла. “Өлмийд чинь юу ивснийг өөрөө ч олж хардаггүй” гэж үг бий. Гол нь сэтгэлээ анагаах нь амар амгалан юм шиг байна.

-Хүн бүхэнд шүлэг бичих авьяас байдаг. Яагаад гэвэл бүгд л дурладаг гэлцдэг. Гэсэн ч яруу найрагч байна гэдэг өөр тавилантай шиг санагддаг?

-Хүнээс өөр гэж бодохгүй байна. Гэхдээ өвсний гунигийг, өөр хэн нэгний нулимсыг, уулсынхаа тунихыг илүү мэдэрдэг байж магадгүй юм аа, бид.

-Таны хамгийн түрүүнд аманд орж ирдэг шүлгийг сонсмоор байна?

-Эх хүнд үхэл ирдэггүй… Ээжүүд он цагийн үргэлжлэл.

-Тэгвэл эмэгтэй хүн байх тухай, ялангуяа хүн байх тухай та ямар төсөөлөлтэй явдаг вэ?

-Ээж байна гэдэг харин ч хүнээс илүү үүрэг хариуцлага, илүү тэвчээр, талбиу ухаан нэхдэг тавилан юм шиг байгаа юм. Уучилж сурсан хүмүүс, хайрлаж чаддаг хүний олонх нь хүн байж чаддаг.

-Эхлээд хүн бол, дараа нь яруу найрагч бол гэж үг ч бас байдаг даа?

-Нэг талаараа яруу сэтгэлтэй байж гэмээнэ яруу найрагч байдаг. Үг төдийгүй авиа хүртэл өөрийн энерги эрчимтэй байдаг болохоор үг, өгүүлбэрийн ерөөл жигдрүүлж байгаа хүн нь өөрөө хэзээ ч муу хүн байж таарахгүй санагддаг. Муу санаа, муухай үг цөөн, их л гэнэн хүмүүс байдаг шүү дээ, манай найрагчид чинь. Магадгүй сэтгэлийн нэг гоёл нь гэнэн байх явдал байж болох юм. Атаа жөтөө дүүрэн, алаан тулааны талбар шиг гэж амьдралыг харахаасаа илүү энэрэл эл бэрэл дүүрэн, хайр уучлалын ертөнц гэж харвал тийм л байх болно гэж итгэдэг.

-Хүмүүс амьдралдаа алдсан, оносон тухай янз бүрээр ярьдаг. Та алдааны тухай ямар бодолтой байдаг вэ?

-Залуу нас, гэнэнээрээ гоёж яваа хүн аль алдааг тойрч гарах вэ дээ. Өчигдрийн алдаа гэж өөрийгөө зэмлэлээ ч, тэр нь миний маргаашийн оноо байхыг алийг тэр гэхэв. Алдахгүй гараа хумхиж, буруугийн дэргэд дүлий болж, зөвийн хажууд хэлгүй юм шиг байж яруу найрагчид угаасаа сураагүй.

-Таны хувьд шүлгүүдэд нь хайртай тийм найрагч хэн бэ?

-Олон сайхан найрагчид бий. Хүнийхээ хувьд болон найраг шүлгээр нь Ичин, Мөөжиг, Хулан, Анхтуяа, Чулуунцэцэг, Оюундэлгэр, Болорцэрэн, Төгсжаргал, Үл-Олдох нарын хүүхнүүддээ хайртай. Мэдээж Ш.Дулмаа багшийнхаа ухааныг биширдэг. Ц.Чимиддорж, Т.Галсан гуай, Б.Лхагвасүрэн гуай, П.Бадарч гуай, Д.Урианхай гуай, Д.Цоодол гуай нарын олон сайхан яруу найрагчид маань найргийн тэнгэрийнхээ тулах багана болоод бидний дунд байж л байна. Энэ бол бидний хувьд үнэхээр том хувь заяа юм.

-Арын сайхан хангайн Чулуут гол гэж боргио даргиатай сайхан голын хөвөөнд төрж өссөн найрагчаас нутгийнх нь тухай асуухгүй бол алдас болно доо?

-Чулуут голынхоо эрэг дээр, сургууль гэр хоёрын хооронд аав ээждээ эрхэлж өссөн. Жаахан сахилгагүй, эрэгтэй хүүхэд шиг охин байсан ч онц сурдаг, олон сонгуультай, мундаг хэнхэг хүүхэд байлаа. Сүүлийн гурав дөрвөн жил нутагтаа очиж амжсангүй. Нутгийн минь сүмбэр сайхан уулс модтой хадтайгаа санаа бодол, зүүд нойронд хүртэл уран зураг шиг дурайж харагдах юм. Ирэх зун нутагтаа очно доо.

-Анхны шүлгээ санадаг уу?

-Аавын тухай шүлэг. Миний аав сайхан барилддаг, ээжид минь халамжтай, биднийг их эрхлүүлдэг хүн байлаа. Аав минь даанч эрт өөд болсон доо. Миний шүлэг бичих шалтгаан аавын минь нутаг сэлгэлт байсан. Дарамын Батбаяр гуайн “Яруу найраг гэдэг найрал хөгжим биш, нулимс урсах чимээ” гэж хэлсэн нь сэтгэлд нэг юм сэрхийтэл хийж билээ, тэгэхэд.

-Хэдэн жилийн өмнө дөө “Хэрвээ та яруу найрагт сэтгэл алдраагүй байсан бол” гэсэн асуултад “Гэгээрэхийн төлөө чадлаараа тэмцэгч сахил сахьсан хүн байхыг мөрөөддөг байлаа” гэж хэлсэн чинь санаанд орлоо. Одоо ингэж асуувал та юу гэж хариулах бол?

-Одоо сэтгэлийн амгаланг эрж хайсан, өөрийнхөө дотоод руу өнгийсөн тийм л цаг үедээ явж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Монголын нэрийг хугалах амьтад мундахгүй юм даа

Гадныхан Монгол Улс гэж сонсохоороо Хятад, Оросын тэр хавьцаа өргөн уудам газар нутагтай ч иргэд нь малын арьсан дээл өмсч өвөл, зунгүй мориор давхидаг, хот гэгддэг Улаанбаатартаа ч морьтойгоо явж байдаг нэг тийм бүдүүлэг, соёл иргэншлээс хоцорчихсон хүмүүс байдаг гэж төсөөлдөг. Төсөөлөх ч юу байх вэ, ерөөсөө тэгж ойлгодог. “Танай хотод тэгээд морьтой хүмүүс чинь ч бас машин шиг гэрлэн дохиогоор явдаг уу” гэж асууж байна гээд бод доо. Улаанбаатарт онгоцноос буухад л дээл гэдэг азичуудын дээр үед нийтлэг өмсдөг байсан хувцастай, борлож сайртсан царай, өргөн шанаатай хүмүүс тоос татуулаад л морьтойгоо давхилдаж байдаг гэдэг ойлголттойгоор бидэн рүү зүглэдэг юм. Онгоцноос буугаад л “Хамгийн ойрын хөдөө рүү чинь явъя. Жинхэнэ монголчууд дээр чинь очъё” гэж хөтчөө шалдаг нь тийм учиртай. Маугли, Робинзон Крузо мэтийн соёл иргэншлээс тасарчихсан нөхөд л байдаг гэж бодоцгоодог.

Гадаадад сурч амьдарч байгаа монгол охидоос “Чи бүргэдээр хэр ан хийдэг вэ. Дажгүй хийчих үү” гэж асуудаг болж. Хэзээ байтлаа монголчууд бүргэдээр ан хийдэг байлаа. Хэзээ байтлаа манай хасаг эрчүүл арван хэдтэй охидоороо ан хийлгэж гэр орноо тэжээлгэдэг болчихов. Эрчүүл дуусчихсан биш. Баян-Өлгийд төрж өссөн хүний хувьд хасгуудын зан заншил, амьдрал ахуйг гадарлана. Монголчууд мал муулахдаа охин үрдээ улай үзүүлэхгүй гэж цээрлэдэгтэй адил хасаг эмэгтэйчүүд ч тэр тал дээр цээртэй ханддаг. Аав, нөхөр, эрчүүлийнхээ урдуур ороод буу шийдэм барьж, бүргэдийг нь шүүрч аваад л гүйж гараад анд явдаггүй юм. 13, 14 настай Н.Айшолпан мэтийн охид нь ээж, эмээ, эгч нараа дагаж үйл урлан цагаан идээгээ бэлтгэж гэр орныхоо ажилд туслаад л тоглож байгаа харагддаг. Гадны хэн нэгэн зурагчин Монголд тэр дундаа Баян-Өлгийд очоод гоё зураг авъя, уран сайхны, өгүүлэмжтэй бүтээл хийчихье гэж зохиол бичиж, түүнийхээ дагуу авсан гэрэл зураг нь олон улсын хэмжээнд хүмүүсийн хараанд өртчихсөн л тэр шүү дээ. Түүнээс биш монголчуудын, Монголын казахуудын үнэн бодит төрх нь тэр биш ш дээ. Зохиомол, зориудаар авсан зураг. Ямар ч үндэстэн дордлоо дордлоо гэхэд охин үрээрээ ан хийлгээд аав, ээж нь гэртээ хүлээж сууж байв гэж. 13 настай Н.Айшолпан охиныг алдаршуулаад ам уралдан магтаад бахархаад байх тусмаа бид Монгол Улсыг дэлхийд доромжлуулж байна гэсэн үг шүү. Энэ үйл явдлыг дэвэргэж сайшаан магтаж туйлширч байгаа нь цаагуураа монгол охид, бүсгүйчүүдийг гутаан доромжилж байгаа хэрэг. Монгол охидыг гар дээрээ бүргэд суулгаад л уул руу гүйж гараад амьтны халуун амь тасалдаг харгис амьтад байдаг юм байна гэсэн ойлголтыг бий болгочихлоо.

“Нүүдэлчдийн өрхийн эмч” гэж кино бас л Монгол гэсэн нэрийг дэлхийд гутааж байна. Тэмээ унасан нэгэн эмч айлуудаар явж эмчилгээ, үзлэг хийж байгаа тухай уг баримтат кинонд гардаг. Энэ кино Холливудын Олон улсын баримтат кино наадмын Шилдэг оюутны кино гэдэг төрөлд түрүүлсэн юм байх.

Одоо ингэж ойр, холын дуудлагад тэмээгээр жонжуулж явдаг эмч гэж юу байдаг юм. Тэмээ, мориор давхиж очоод мэс засал хийчихдэг гэж юу байх вэ. Бүхэл бүтэн хүний эрүүл мэнд, амь нас яригдаж байгаа үед эмч, эмнэлгийн ажилтнуудаа тэмээгээр тэшүүлж очоод мэс засал хийлгэчихээд ир гэж хэлдэг нэг ч сайд, дарга байхгүй шүү. Өнөөдөр чинь 2018 он. Социализмын үед ч манай эмч нар морь, тэмээгээр дуудлагад явж байгаагүй. Тэртээ 1930, 1940-өөд оны үед л юу юм гэхээс. 1950-иад оноос хойшхи түүхэнд манай эмч нар эрүүл мэндийн манаанд машин тэрэг, өнөө муу УАЗ 469 машинаараа л гишгүүлсээр байгаад өнөөдрийг хүргэсэн дэг. Ингэж түүхийг гажуудуулж, бүхэл бүтэн улсын эрүүл мэндийн салбарыг дэлхий нийтэд 1800-гаад оны байдлаар харуулж байгаа нь Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Монгол төрийг, Монголын эмч нар, эмнэлгийн байгууллагыг бүхэлд нь гутаасан бүтээл болжээ гэж хэлье. Шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн ололтыг амьдралд хэрэгжүүлээд эхэлж байхад ард түмэн нь гэж тэмээтэй эмчээ хүлээн гэрийнхээ мухарт ёолон хэвтдэг хүмүүс байдаг юм гэсэн ойлголтыг дэлхий нийтэд цацаж, монголчуудаа гутаачихлаа. Энэ мэт Монголыг, монголчуудыг бүдүүлэг, мунхаг, соёл иргэншил, хөгжлөөс алслагдсан, уулын мухарт, талд хаягдсан хээрийн амьтад байдаг гэдэг ойлголтыг хүн төрөлхтөнд төрүүлдэг дэлгэцийн бүтээлүүд их. “Шар нохойн там”, “Ингэн нулимс” гээд хар бараан, сэтгэл сэрдхийлгэм, монголчууд гэж иймэрхүү зовсон, орчин ахуй нь гэж болхи, хир дагтай, дунд зууны хэв маягаараа л өдөр шөнийг өнгөрөөдөг улс бий гэдэг ойлголтыг гадны соёлтой хүмүүст өгдөг.

Уран бүтээлч, кино хийдэг гэх хэн нь мэдэгдэхгүй хүн ирээд доллар өгчихөөр манайхан мөнгө хараад нүд нь сэргээд бодож байснаас нь илүү бодитоор жүжиглэж гарна. Өгснөөс нь илүү давуулж жүжиглэсэн тэр кино, баримтат кинонуудынх нь үнэмшилтэйг яана. Үүн дээр монголчуудын шуналтай зан нь харагдаж байгаа юм. Мөнгө харвал улсынхаа нэр нүүрийг юман чинээ ч санахгүй. Гадны зураглаач, найруулагч, кино бүтээлч ирэхээр хогийн цэг дээрх хүүхдүүд, траншейны нүхээр толгойгоо гаргаж байгаа хүмүүс, гудамжинд архи хэтрүүлж хэрэглээд ухаанаа алдчихсан согтуу эрийн дүрсийг авч, зургийг нь дардаг. Уг нь энэ чинь дэлхийн аль ч оронд, томоохон хотод байдаг л үзэгдэл. Гадныхан тэр бүхнээ гаргахыг хүсдэггүй болохоос цаана нь бүхэл бүтэн гудамжны архичин, гуйлгачин, хар тамхичдын “арми”-тай улсууд зөндөө байна даг. Гэсэн ч тэднийгээ манайхан шиг ил гаргадаггүй, харуулдаг ч үгүй.

Монгол Улсыг дэлхийд энэ мэтээр буруугаар, муухайгаар сурталчилж харуулж байгаа уран бүтээл нэртэй зүйлүүдэд анхаарал хандуулж, тодорхой хэмжээгээр хянаж байх эрх уг нь төрд баймаар. Эх орны нэр хүнд, ард түмний нийтлэг ашиг сонирхлын асуудал энэ бүхэнд хамаатай. Гадны элдэв наадам, уралдаанд оролцох гэж байгаа уран бүтээл нэртэй юмнуудад шаардлага тавьж, болохгүй бол хориглоод хаячих хэрэгтэй.

Лондон руу тэмээгээр явж байгаа нэг бүсгүй байна. Туул голын хөвөөнөөс аяллаа эхлүүлсэн тэрээр 12 мянган км замыг гурван жилийн турш туулна гэж хэвлэл мэдээллээр ярьж, олон хүний анхаарлыг өөртөө татах гэж хичээж байна. Баянхонгор өнгөрөөд Говь-Алтай руу дөхөж яваа энэ бүсгүйг хилээр гарахаас нь өмнө барьж авч, аялал гэгчийг нь зогсоох хэрэгтэй. Монгол эмэгтэйчүүд өдөр тутамдаа, ажил төрөлдөө, хичээл номдоо, хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авахдаа ч тэмээгээр явдаг. Ерөөсөө монголчуудын өдөр тутмын хөсөг нь тэмээ юм гэдэг ойлголтыг олон улсад, Европт ойлгуулах гээд байгаа юм уу даа. Үнэндээ Монголд Н.Байгалмаа гэдэг тэр бүсгүйгээс өөр байнга тэмээ унаж явдаг эмэгтэй байхгүй шүү. Ихэнх нь байтугай бараг бүгдээрээ тэмээний нуруун дээр ч гарч үзээгүй. Говийн хүүхнүүд маань сүүлийн үед тэмээгээ биш том жийп машин хөлөглөөд л явдаг болсон тухай өмнөговийнхон өөрсдөө ярьсан шүү. Тийм байтал монголчуудыг одоо ч тэмээ унадаг, тэмээгээр л амьжиргаагаа залгуулдаг гэдэг бодлыг Европчууд төдийгүй дэлхийд гаргахаар явж буй энэ бүсгүйн аялал нь гурван сая монголчуудыг доромжилж байна. Бид сайн, муу ч “Приус” машинаа хөлөглөж, хөдөөнийхөн маань өвөлдөө “Портер”-оо, зундаа мотоциклио эр эмгүй л унаж мал аж ахуйгаа болгож яваа. Тэгтэл Н.Байгалмаа гэдэг бүсгүйг л тэмээ унадаг гэж гадныхан харахгүй. Монголын нийт хүн ам нь ердөөсөө ийм, ердийн хөсөгтэй. Тийм болохоор тэд машин тэрэг байтугай, галт тэрэг, онгоц, метро гэж мэдэхгүй. Цаашилбал хиймэл дагуул, сансар огторгуй, шинжлэх ухааныг гадарлах ч үгүй, хоёр бөхтэй тэмээтэйгээ л зууралдаж яваа ард түмэн гэж харна.

Монгол Улс Азийн цээжинд оршдог ч Ази, Европын хосолмол соёлтой, бараг европжсон орон. Гэтэл тэмээ, малтай хүчээр ойртуулж, дундад зууны төгсгөл дэх нүүдэлчдийн хэв маягаараа одоо ч байдаг гэж ойлгуулахаар улайрах нь ямар учиртай вэ. Олонд алдарших, нэр төр горилохдоо хувь хүн юу ч хийж болох ч цаана нь эх орон, улсын нэр хүнд, ард түмний ажил амьдрал, бодит үнэн бий гэдгийг яав ч мартаж боломгүй.

Монголын нэрийг гутаах, дорд харагдуулах гэсэн амьтад үгүй ээ мөн олон юм аа, мундахгүй их юм. Монгол гэхээр бүгд морь, тэмээ унана. Хийдэг ажил нь тэмээ нь ботгоо голчихоор морин хуурч гэдэг хүнийг олж авчрахаар өнөө ардын язгуур урлагийн хачин хачин дуу чимээ гаргадаг хөгжмийн зэмсгээ дуугаргаж, дуу хоолойгоо янз бүрээр цангинуулна. Тэр хооронд бяцхан охин нь бүргэдээ мөрөн дээрээ суулгаж аваад уул руу гараад ан хийж туулай, үнэг мэтийн амьтад олж ирж гэр орныхноо тэжээнэ. Тэгж байтал тэмээ, морь унасан эмч орж ирээд өвчтэй байгаа хэн нэгэнд нь мэс засал хийчихнэ. Монголын нэрийг гутааж байгаа хүмүүс яг л ийм байдлаар улсаа дэлхийд таниулж, зураг хөргөө авахуулж, кино хийцгээж, аялал зохион байгуулж байна. Өөрсдийнхөө аль л гажигтай, согогтой талыг дэлхийд харуулах гэж зорих юм. Хувийн нэр төр, ашиг сонирхлын үүднээс Монголыг гутаан доромжилж, дорд үзэгдүүлэх эрх хэнд ч байхгүй. Бид хайрлах нэртэй, хамгаалах эх оронтой баймаар байна. Кино хийж мөнгө, нэр сүр олох гэж байгаа өөрийн болон өрөөлийн улсууд Монголыг, бүдүүлэгчүүдийн туйл, соёл иргэншлээс хол, хүн төрөлхтний боловсон бүхнээс тусгаарлагдсан, уулын жалга, мухарт шигдсэн мутацид орчихсон хүн амтай орон шиг харагдуулж гутааж байна. “Буруу эргэлт” гэж аймшгийн киноны айхавтар зүстэй, хүн аймаар юмнууд шиг л харагдуулж, дэлхий дахинаа биднийг доромжлоод, дорд үзэгдүүлээд байна шүү. Бид тийм биш биз дээ?