Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас(ШӨХТГ) шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээллээ.
Тэд шатахууны үнийн зөвлөлөөс албан ёсны шийдвэр гаргаагүй байхад үнэ нэмсэн, зохиомол хомсдол үүсгэсэн зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан компаниудад торгуулийн арга хэмжээ авна гэв.
Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Шатахуун импортлогч компаниуд Засгийн газар онцгой албан татвар нэмсэн гэсэн шалтгаанаар зарим төрлийн бензиний үнийг нэмж, хомсдол үүсгэсэн. ШӨХТГ-аас энэхүү асуудлыг шалгах ажлын хэсэг гаргасан. Одоогоор шалгалт үргэлжилж байна. Шатахууны үнийн зөвлөлийн эцсийн шийдвэр гараагүй байгаа тул үнэ нэмсэн шийдвэрээ цуцлах шаардлагыг ажлын хэсгээс аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Гэвч аж ахуйн нэгжүүд “ШТС-уудад засвар хийж байна. Шатахуунаа татаж байна” зэргээр шалтаглан шаардлагыг биелүүлэхгүй байгаа” гэв.
ШӨХТГ-ийн газраас “Магнай трейд” компанийн шатахуун импортлох, борлуулах тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УУХҮЯ-нд хүргүүлэх болжээ. Мөн зохиомол хомсдол үүсгэсэн гэдгийг цагдаа, прокурорын байгууллагаар эцэслэн тогтоовол “Сод Монгол”, “Тэс Петролиум” зэрэг аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн зүгээс ОХУ-ын шатахуун борлуулагч компанийг дотоодын зах зээлд оруулах хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа ч энэ нь хуулиар хориотой гэдгийг ШӨХТГ-ын удирдлагууд тайлбарлав. Газрын тосны тухай хуульд “Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүн борлуулахыг хориглоно гэж заасан байдаг аж.
Сэтгүүлчдийн сонирхсон асуултад ШӨХТГ-ын дарга Б.Лхагва хариуллаа.
-Орон нутагт шатахууны үнэ өссөн үү?
-Завхан, Сүхбаатар, Дорнод, Увс, Дорно говь аймагт шатахууны үнэ нэмэгдээгүй. Мөн хязгаарлалт хийгээгүй байна. Бусад аймагт шатахууны үнэ өссөн гэсэн мэдээллийг орон нутаг дахь улсын байцаагчдаас ирүүлсэн.
-Шатахуунаас үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Шатхуунаас хамааран бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өөрчлөгддөг. Шатахууны үнийг нэмэх шийдвэр албан ёсоор гараагүй. Тиймээс бусад бизнес эрхлэгчдийг бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ знийг нэмэхгүй байхыг уриалж байгаа. Бид зах зээлийн үнийг шууд зохицуулах боломжгүй.