Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Эдийн засаг дөнгөж сэргэж байхад татвараар дарамталбал бүр дордоно

Гэрэл зургийг Ц.БАЗАРРАГЧАА

Сүүлийн өдрүүдэд цалингийн татвар нэмэгдсэнтэй холбогдуулан багагүй шүүмжлэл гарч байна. Харин МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважавын үзэж буйгаар татварыг нэмэх асуудал эдийн засаг хүнд үеийн хэлэлцээрээр шийдсэн. Өнөөдөр тухайн үеэс байдал дээрдсэн тул цалингийн татвар нэмэхгүй байх боломж бий. Энэ бүхнийг ОУВС-д ойлгуулж чадвал цалингийн татварыг нэмэхгүй байх боломжтой. Харин бензиний үнийн хувьд ам.долларын ханшаас хамаарч татвар төлөгчдийн мөнгөөр хуурамчаар тогтоосон тул бодит хөрсөн дээр буулгах нь зөв гэж үзэж байна.


ТАТВАР НЭМЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ

-Цалингийн татвар нэмсэн нь цөөнгүй хүнийг бухимдуулж байна. Үнэхээр нэмэх шаардлага байсан уу?

-Татвар нэмэх шийдвэр 2017 оны дөрөвдүгээр сард шийдэгдсэн. Тухайн үед бид УИХ-ын даргад шаардлага тавьж байсан. Шийдвэр гаргах үед эхний дөрвөн сард татвар 400 гаруй тэрбумаар давж биелсэн байсан. Оны эцсээр бүр ихээр давна гэж УИХ-ын даргад хэлж байсан. Бидний тооцоолж байснаар өнгөрсөн онд татвар 1.3 их наяд төгрөгөөр давсан. Буунаас бусад бүх төрлийн татварын орлого давж биелээд байхад татварыг нэмнэ гэдэг нь маш утгагүй асуудал болсон. Өнөөдөр иргэд бухимдаж байна. Бид тэр үед хэвлэлийн бага хурал хийж энэ байдлыг мэдээлж байхад иргэд анзааргагүй хандсан.

-Сангийн сайд юу гэж тайлбарлах бол?

-Сангийн сайдын ОУВС-тай хэлэлцээр хийж байсан үе өөр. 2016 оны 6-7 сард ДНБ хасах нэгтэй гарч байсан. Тиймээс Сангийн сайд ОУВС-тай гэрээ хийсэн. Тухайн үеийн барометрүүдийг аваад үзэхээр татварыг нэмж байж л жаахан орлого нэмэгдэхээр харагдаж байсныг л Б.Чойжилсүрэн сайд байнга тийм байх мэтээр сэтгэсэн байх. ОУВС манайхан макро эдийн засаг дээр ажиллахаас микро эдийн засгийн тухай ойлголт байхгүй шүү дээ. Гэтэл бид 2015 онд НӨАТ-ын тухай хуулийг баталсан. Үүнийхээ үр дүнг ОУВС-нд тооцож, ойлгуулж, чадаагүй. Хүнд ойлгуулах нь бүү хэл өөрсдөө сайн ойлгоогүй байсан.

-Тэр чухал хуулийг Сангийн сайд ойлгоогүй гэж үү?

-2017 онд 1700 байсан кассын машин өнөөдөр 63 мянга болсон.

-Үр дүн нь?

-Ингэснээр татвар авдаггүй байсан хэсгээс татвар авдаг болсон. Татварын суурь тэлсэн. Татварын төлөвлөгөө 1.3 их наяд төгрөгөөр давж биелсэн.

-Өнөөдөр эдийн засаг сэргэсэн гэж үзэж болох уу?

-Нааштай үзүүлэлт гарсан. Гэхдээ энэ үзүүлэлт өмнөх алдаатай бодлогыг засаад эсвэл эрх баригчид гэнэт эдийн засгийн шинэчилсэн бодлого хэрэгжүүлснээс үр дүнд хүрч байгаа биш. Санхүү, бизнесийн орчин сайжирсан гэвэл бүр худлаа.

-Цалингийн татварын нэмэгдлээс хэдэн төгрөг олох вэ?

-50 тэрбум төгрөг олно гэж яриад байгаа. Би үүнийг бүтэхгүй гэж бодож байна.

-Яагаад?

-Өмнө нь бид ил тодын хуулийг хоёр удаа гаргасан. Ингээд компаниуд хоёр тайлантай байснаа нэг тайлантай болсон. Өөрөөр хэлбэл татвар төлөхөөс зайлсхийж орлогоо нуухын тулд хуурамч тайлан гаргадаг үзэгдэл зогссон. Гэтэл одоо цалингийн татвар нэмэгдэхээр ажилчдынхаа гар дээр ахиу мөнгө тавихын тулд дахин хуурамч тайлан гаргаж эхэлнэ.

-Өндөр орлоготой цөөн тооны хүн л хамрагдана гэж яриад байна…

-Өндөр орлоготой хүмүүс бол ганц хоёр сая төгрөгийн цалин авдаггүй. Өндөр орлоготой хүмүүс гэж компанитай хүмүүсийг хэлдэг байхгүй юу. Тэд компаний татвар төлнө. 1.5 сая төгрөг авч байгаа иргэдийг өндөр орлоготой гэж үзэж болохгүй. Тэд бол өндөр мэргэжлийн ажилчид байдаг. Байдал цаашид хэвээр үргэлжилбэл компаниуд эсвэл хуурамч тайлан гаргаж өндөр мэргэжлийн ажилчдаа авч үлдэх эсвэл ажилчдаа алдах эрсдэл үүснэ.

ӨНДӨР ТАТВАРААС БАГА, БАГА ТАТВАРААС ИХ ОРЛОГО ОЛДОГ

-Цалингийн татварыг нэмэхийг зогсоосноор ямар үр дүн гарах вэ?

-Өмнө бас орлогын шатлалтай татвар байсан. Манайхан дөрвөн арвын бодлого нэртэй дөрвөн татварыг арван хувь болгосноор татвар төлөлт маш ихээр нэмэгдсэн.

-Татварыг бууруулах тусам татварын орлого нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Тийм. Өндөр татвараас бага орлого олдог гэдгийг 1992-2006 онд үзсэн. Дараа нь 2007 оноос хойш бага татвараар өндөр орлого олохыг үзлээ.

-Төлөвлөөгүй 1.3 их наяд төгрөг олсон байхад 50 тэрбум төгрөг олох гээд цалин нэмсэн хэрэг үү?

-Тэгээд байна. Тийм учраас бид “Энэ жил түүнээс дутахгүй орлого олно. ОУВС-тай дахин тохир” гэж Засгийн газарт хэлээд байгаа юм. Энэ их орлого олохыг ойлгоогүй байснаа ОУВС-гийн өмнө хүлээх хэрэгтэй. Тухайн үедээ бид сөрөг хүчин байсан. “Сүлжээ бол гоё” гэхээс өөр үг хэлж чадахгүй байсан.

-Яагаад?

-Сөрөг хүчин эрх баригчдыг өндөр орлого олсон гэж магтаад байвал өөрсдөө баларна биз дээ. Жаахан улс төр орсон гэсэн үг. Одоо бүх зүйл батлагдсан. Ойлгомжтой болсон учраас байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. Бид дөрвөн жилийн хямралын дараа нар үзэх гэж байна. Малчин айл зудны дараа хүндхэн байдалд байдаг. Манай эдийн засаг яг тийм байдалд байна. Тэгээд жаахан нар ээж, өвс ногоо цухуйж байхад нь дахиад зуд болбол хэцүүднэ. Энэ үед татвар нэмчихвэл буцаад хуурамч балансад шилжинэ. Юун орлого нэмэх, бүр буурна. Ил тод байдлын хуулиар 33 мянган компани нэг тайлантай болсон. Өнөөгийн эдийн засгийн үзүүлэлт үүнтэй ч холбоотой.

-ОУВС-тай тохироод татварын нэмэлтийг зогсоовол төсвийн орлого буурах уу?

-Орлого буурахгүй.

-Яагаад?

-2017 онд олсон 1.3 их наяд төгрөг цаашдаа байнга орж ирнэ.

-Татвар нэмэхгүйгээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх өөр боломж бий юу?

-Байна. Нийслэлийн нийт бизнесийн 70 шахам хувь нь үйлчилгээний бизнес байдаг. НӨАТ бол зөвхөн бүртгэлийн систем. Анх тооцохдоо 70 орчим мянган машин байхад хяналтын цэг болох байх гэж тооцож байсан. Энэ 70 мянгаа тогтоож аваад бусад салбарт орно гэж тооцсон. Танхим энэ бүхнийг яаж тооцох талаар эрдэмтэдтэй нийлээд татварын оновчлол гэсэн ном гаргах гэж байна.

-Энэ оновчлолыг эрх баригчид ойлгох болов уу, ойлгоод хэрэгжүүлээд, ямар үр дүн гарах вэ?

-Энэ оновчлолоор төсөв хамгийн багаар яаж тооцох, төсвийн зардлыг яаж бууруулахыг шууд тооцох программ бэлэн болсон. Энэ программаар сүүлийн арван жилийн тооцоог хийсэн байгаа.

-Өмнө нь ийм татварын оновчлол байгаагүй юу?

-Манайд хаана ч байгаагүй. Иймд бид программаа гаргаад ОУВС-тай тулгая гэж байгаа юм. Энэ оновчлолыг ашигласнаар аль татварыг бууруулж болох, алийг нь нэмэх, ингэснээр ямар орлого олох гэдэг нь тодорхой болно. Нийтийн санхүү буюу төсөв, нийгмийн даатгал ил тод болно. Бидний өнөөг хүрсэн алдаа бол төсөв санхүү дээр иргэд хяналт тавиагүйгээс болсон.

11 САЯ МАЛЫН БОРЛУУЛАЛТААС ТАТВАР АВЧ БОЛНО

-Тамгагүй Ерөнхий сайд гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Аргаа бараад гаргасан нэр томьёо. Манай санхүүг Монголын Ерөнхий сайд биш, ОУВС-гийн төлөөлөгч удирдаж байгаа. Түүнийг бид тамгагүй Ерөнхий сайд гэж ёжилж нэрлээд байгаа юм.

-Тусгаар улс ийм байж болох уу?

-Болохгүй гээд өөр зам байхгүй. 2012-2013 онд орж ирсэн тэр их мөнгийг манай дарга нар замбараагүй зарцуулсан. Түүний горыг бид амсч байгаа юм. Харин ОУВС өнөөдрийн санхүүгийн менежментийг л хийж байгаа юм шүү дээ. Нийтийн том мөнгөний менежментийг ОУВС хийж байгаа учраас манай дарга нар нийгмийг тайван амгалан байлгахад л болно.

-Цалингийн татвар төсөвт нөлөөлөх хэмжээний биш байхад заавал нэмэх шаардлага байна уу?

-Төсөвт нөлөөлөх нь бүү хэл нэг ч төгрөг төсөвт орохгүй.

-Яагаад?

-2007 оноос хүн амын орлогын албан татвар орон нутгийн орлого гэж тооцогддог болсон.

-Бензиний үнэ нэмэгдэхэд Ерөнхий сайд зах зээлийн зарчмаар явна гэж байна…

-2013 онд Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж хэрэгжүүлээд хэдэн төрлийн бүтээгдэхүүнд төрөөс мөнгө өгсөн. Энэ ажиллагаанд 2.7 их наяд төгрөг хэвлэж тараасан. Гэтэл үнийг дарга нар тогтоож болдоггүй. Эрэлт, нийлүүлэлтээрээ тогтдог хуультай. Үнийг дарга нар хүчээр барьж, татаас өгсөөр өнөөг хүрсэн. Өгөх мөнгөгүй болчихоор нөгөө үнэ хоёр дахин нэмэгдэнэ. Мөнх татаас өгч чадахгүй биз дээ.

-Татаас өгөөд байгаа юм уу?

-Тэр бүү хэл доллар 2000 хүрчихээд байхад 1470 төгрөгөөр хэдэн жил өгсөн. Одоогийн түлшний үнэ зохиомол үнэ байхгүй юу. Энэ үнэ хөрсөн дээрээ буухгүй бол гэнэт дэлбэрэлт үүснэ. Жишээлбэл, манай гурил үйлдвэрлэгч нар саяхан надтай уулзсан. Улаан буудайн импортын квотын дайн болж байна. Манай үйлдвэрлэгч нар улаан буудайг үнээр нь авах санал тавьж байна. Гэтэл оросууд өгөх нэрээр өөрсдийн техникийг хамт шахах гэж байна. Үнэн хэрэгтээ тэдний үнэгүй өгсөн буудай чанаргүй байна. Түүнээс олигтой гурил гарахгүй. Муу нэрийг үйлдвэрүүд зүүнэ. Дээр одоо хаана ч ашиглахгүй байгаа техникээ шахна. Сайн буудайг үнээр авах санал тавьж байгаа. Бидний гаргасан программаар ойрын хоёр жилд татаасыг 80 шахам хувиар бууруулах боломж гарч ирж байгаа юм.

-Цалингийн татварыг өөр хэлбэрт шилжүүлж болно гэсэн зүйлийг та ярьсан?

-Тавьж байгаа хэмжээгээ нэг хүнд биш өрхийн гишүүнд тавьж болно.

-Яаж?

-Жишээлбэл өрхийн гишүүн бүрт 1.5 сая төгрөг ноогдож байвал гэх мэтээр. Ийм жишиг олон улсад байдаг. Одоо иргэдийн эмзэглэж байгааг буруутгах аргагүй. Нэг өрхийг ганц гайгүй цалинтай нь тэжээх тохиолдол байна. Нөхөр нь 1.5 сая төгрөгийн орлоготой ч, эхнэр нь ажилгүй хоёр хүүхэдтэйгээ гэртээ сууж байх жишээтэй. Ийм нөхцөлд татвар нэмэх нь иргэдийг улам л бухимдуулна. Түүний оронд татвар төлөх бааз сууриа тэлэх хэрэгтэй.

-Тийм боломж байгаа юу?

-Жишээлбэл энэ жил бид 11 сая мал нядалсан. Энэ бүхний борлуулалтаас татвар авч болно. Суманд түрүүлсэн морь 20 сая төгрөгийн үнэ хүрдэг гэсэн. Харин хурдан удмын морь 200-300 сая хүрдэг эндээс жаахан татвар авчихад л багагүй орлого олно. Зах зээлийг жинхэнэ зарчмаар ажиллуулж чадвал маш их орлого олох боломж Засгийн газарт бий. Орлого олох арга нь татвар нэмэх байж болохгүй. Тэр тусмаа цалингийн татварыг нэмэх нь сайн зүйл биш.

Х.БАТТӨГС


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Утаатай тэмцсэн бидний туршлага

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Улаанбаатар үүссэн цагаасаа л эхлээд утаатай байсаан. Түүх шастирт тэмдэглэснээр Хүрээ нь Туул голын хөвөөнөө 100 орчим жил нүүдэллэжээ. Одоогийн баримжаагаар Уубулангаас Шувуун фабрикийн хоорон дахь 70 орчим км газар голоо дагаад нүүгээд байсан гэсэн үг. Нүүсэн гол шалтгаан нь түлээ түлш ховордсон гэх. Мэдээж нүүдэлчид нэг газар олуулаа цуглахаар аргал хомоолоос авахуулаад түлээ түлш олдохоо больж таараа. Шүтлэгээсээ болоод мод огтлохгүй. Гандан баригдсанаар 1854 оноос нүүхээ больсон. “Тунгалаг Тамир” романд Хүрээний утааны тухай Эрдэнэ, Гэрэл нар хөөрөлддөг. Улаанбаатар дөнгөж 1960 онд 100 мянган хүнтэй болсноор утааны асуудал хурцаар тавигдах болжээ. 1980-аад онд Улаанбаатарын утааны асуудлыг Улс төрийн товчоогоор хэлэлцсэн баримт бий.

1990 онд 500 мянган хүнтэй байсан хот өдгөө 500 мянган автомашинтай болжээ. Сонин баримт: 1990 онд 500 мянган хүний 25 хувь нь байшинд суудаг байсан бол одоо гурав дахин олон оршин суугчтай хотын 25 хувь нь эсгий гэрт өвөл зунгүй амьдардаг юм байна. 2015 оны хүн ам орон сууцны тооллогын шинэчилсэн дүн шүү. Урьд нь хувьдаа байшин барихыг хориглодог байснаас тэр л дээ. 32-ын тойргоос хойш хашаандаа байшингүй айл ер нь байхгүй дээ. Баянхошуу ч барилгажсан. Хотын төв рүү Ногоон нуур орчим, тэгээд хөдөөнөөс шинээр шилжин ирэгсэд голдуу байрлах Шархад, Даландавхар, Толгойт гээд хотыг бүсэлсэн газар Улаанбаатарын жинхэнэ гэр хороолол бий. Тэд ядуу, байшин байтугай хашаагүй айл зөндөө. Тэнд л хамгийн хортой утаа гаргадаг. Байшинг бодвол эсгий гэр амархан дулаан алддаг учир осгочихгүйн тулд хавьгүй илүү гал түлэх шаардлагатай. Улаанбаатарт 580 мянган өрх байгаа гэж бодохоор бараг зуу гаруй мянган өрх эсгий гэрээс аймшигт утаа тасралтгүй үйлдвэрлэж байна.

Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн монголчуудын гуравны нэг нь нэг хотод бөөгнөрснөөр XXI зуунтай зэрэгцэн утаа гамшгийн хэмжээнд хүрлээ. Японы хөрөнгөөр утаатай тэмцэх “хөдөлгөөн” Засгийн газрын хүрээнд 2000 оноос эхэлсэн юм. Хамгийн түрүүн утаатай үзэлцэх тэмцэл контор тохижуулахаас эхэлж байв. Байгаль орчны яамны дэргэд утааны эсрэг албан ёсны байгууллага буй болж Ерөнхий сайдын ээж толгойллоо. Японы мөнгөөр Бээжинд конторын тавилга худалдан аваад МИАТ-ийн онгоцоор утаат Улаанбаатар руу зөөв. Тэр үеийн “Засгийн газрын мэдээ” сонинд “Ямар хувийнхаа тавилгыг онгоцоор зөөгөө юу, Улаанбаатарын утааг арилгах байгууллагын албаны тавилгыг онгоцоор зөөсөн юм, мэдэв үү!” гэсэн Засгийн газрын хэрэг эрхлэхийн албан эсэргүүцэл-“ноот” хэвлэгдэж байв. Утаа арилгах хамгийн анхны арга хэмжээ нь Яармагийн айлуудад “нэхээсгүй эдлэл” гэх эсгийтэй төстэй нимгэн материалыг тарааж мэдээллийн хэрэгслээр бахархан рекламдаж байв. Айлууд энэ материалаар гэрээ давхарлачихаар гал түлэхээ больдог юм байлгүй хэмээн ойлгосон ард түмэн арга хэмжээг алга ташилтаар мялааж байлаа. Байгаль орчны сайд 15 мянган мундаг зуух үнэгүй тараахаар амлаж ард түмнийхээ хайрыг татав. Хэргийн мөрөөр хөөвөл Японы Жайка төслөөр мянган тонн ган лист бэлгэнд авснаар Гомбодоржийн гэх зуух хотод тараагдав. Бас л алга ташилт. Харин утаа нэмэгдсээр, өтгөрсөөр.

Дараагийн арга хэмжээ “түлш сайжруулах” нэрээр өрнөлөө. Утаа гаргадаггүй, шингэн утаатай, коксжсон, хагас коксжсон гэх мэт хүмүүс дур дураараа нэрлэсэн янз бүрийн нүүрс янз бүрийн магтаалтайгаар түгэх болов. Үүнээ дагасан хэрүүл ч өсөв. Тэр бүгдийг нь авсан л гэнэ, тэр тэндэргүй хуслаа л гэнэ, тэрний нүүрс хулхи л гэнэ. Далимдуулаад идэж уусан асуудал тасрахаа болилоо. Юутай ч утааны хэмжээ үүнээс үл хамааран өссөөр л байв. Утаагүй нүүрсний өртөг өссөн ч юм уу, цаадуул нь хүчрэхээ больсон ч юм уу, юутай ч гэсэн “утаатай” нүүрс хямдаар тарааж ард түмний амьдралыг дээшлүүлэх хөдөлгөөн шинээр өрнөв. Үр дүнд нь бараг л иргэний дайн үүсэв. Баахан хүн шоронд хийлээ. Ерөнхий сайд гэр бүл хамаатан садангаараа буруутав. Ямарчиг байсан утаатай тэмцэх нүүрсэн хөдөлгөөнөөс олон тэрбум төгрөг хусчихаад ял шийтгэлгүй өнгөрөгч, түүнийг энэ төсөл рүү шахагч том оврын дарга, араас нь хаацайлж ялгүй өнгөрөөгч нарыг би нэр усаар нь үйлдэлтэй нь сонссон. Матаач болчих байх, орхиё, утаагаа л ярья. Юутай ч утаа нэмэгдсээр, өтгөрсөөр.

Утаатай тэмцэх дараагийн хөдөлгөөн “утаа гаргадаггүй бүрэн шаталттай илбэт зуух” нэрээр хөгжив. Улсын төсвөөс мөнгө гараад ирэхээр ийм мундаг зуух дор нь зохиогоод үйлдвэрлэдэг хүмүүс ямар ч олон байдаг юм? Дотоодын үйлдвэрлэлийг шахаж араас нь Түрк зуух гэх соёлтой сайхан эдийг импортоор шахаж эхэллээ. Энэ нь дараагийн сонгуульд бэлдэгч эрх мэдэлтнүүдэд рейтингээ тэнгэрт тулгах сайхан далим болов. Чингэлтэй мэтийн дүүргийнхэн зуухжсандаа, зуухжсан. Таван ам бүлтэй нэг айл таван зуухтай болсон тохиолдлыг 2008 онд мэдээллийн хэрэгслээр үзүүлж байв. Сонгуулиар маш олон өрх байтугай бүтэн гудамж, бараг хороолол цаасан дээр хуурамчаар буй болсон учир түрк зуух дарга нарын байтугай ядуу иргэний хувьд ч залилан хийх сайхан бололцоо буй болгожээ. Үнийнх нь ердөө хэдхэн хувиар авсан “боловсон зуухаа” айлууд зах дээр зарж эхлэв. Зөвхөн Улаанбаатарт тараасан зуух аймаг сумын төвийн бололцоотой айлын гэрийг халаах болов. Хэдэн арван мянгаараа. Хуурамч бүртгэлээр олон өрхтэй болсон хороон дарга нар ч овоо цулайсаан. Утаа нэмэгдсээр, өтгөрсөөр.

Бат-Үүл даргын үед Улаанбаатарыг утаанаас салгах шинэ технологи зарлагдав. Гэр хорооллын айлуудын газрыг барилгажуулах. Гэхдээ үүнийг зах зээлийн аргаар солилцоо явуулахаар төлөвлөжээ. Улаан хэрүүл болсон доо. Даргын 40 нас хүрч бие даасан хүүхэд барилгажуулах төсөлд оролцсон нь Бат-Үүлийг шоронд хийж шонд дүүжлэх шалтгаан мөн гэж хоолойгоо сөөтөл орилсоор нэлээд хэдэн нөхөд сонгуулийн дараа өндөр сэнтийд залраад чимээгүй болцгоов. Миний бодоход энэ асуудлыг зах зээлийн аргаар шийдэх гэсэн санаа нь зөв боловч цэвэр бохирын магестрал шугам байхгүй газар өнөө зах зээл нь залхуутайгаар хөдөлж ядсаар унтрах шат руугаа орсон байх.

Ингээд 2016 онтой залгаж Эрдэнэбатын эрин эхэллээ. Хагас жил сандал ширээний наймаа явагдсаар нэг сэрээд харсан чинь утаа хөшиглөөд юу ч харагдсангүй. Дээр үеийн нэг онигоо байдаг юм: Төрийн ордны арын хашаанд пуужин уначихаж гэнэ. Дарга нарт хэлтэл Цэдэнбал “Зөвлөлтөөс бушуу асуу” гэсэн бол Самбуу гуай “Эхлээд Төмрийн заводоос асуусан нь дээр байх” гэсэн гэдэг. Эрдэнэбат юун түрүүн Монголдоо Төмрийн завод болох Академи, Боловсролын яам хоёроос асуужээ. Бүр “утаа арилга” гэж үүрэг өгснийг нь яана. Өнөө хоёр нь хөөр болчихсон “нэгэнт ийм үүрэг авсан болохоор одоохон биелүүлнэ” гэж мэдээллийн хэрэгслээр рейтингээ дээшлүүлэв. Утаа арилгах аргыг хэдийнээ мэдэж байсан юм бол өдий болтол тас нуугаад явдаг, хүн чанар нь хөлийн жийрэг шиг болчихсөн ямар өөдгүй товарищууд вэ? Мартсанаас онигоогоо үргэлжлүүлэхэд өнөө пуужин гээд байсан нь тэр үедээ нэрд гарсан шүлэгч нэгэн (одоогийнхоор бол “болор цомтон” юм даа) архи ууж тасраад Ордны арын хашаанд тас явчихсан байсан юм гэнэ лээ.

Эрдэнэбат гэр хорооллын цахилгааны шөнийн тарифийг тэглэлээ. Өртөг нь 30 тэрбум төгрөг. Ард түмэн урьдын нэгэн адил алга ташин хүлээж авав. Үнэгүй юманд нугасгүй. Дээр нь айл дулаацуулдаг импортын цахилгаан халаагуур олоод ирж. Одоохондоо зээлээр хөнгөлөлттэйгээр хотын иргэдийг харж үзнэ л гэнэ. Нэг нэгийг барьчихсан зурагтаар үзүүлээд л явна. Мэдээж энэ нь түрк зуухны замаар орно. Тэмээн дээрээ зааны гарз гаргана. Олон ч хүн баяжина даа. Арга хэмжээний ёслолын туузыг шинэ жилээр нээсэн, гэсэн ч утаа нэмэгдсээр, өтгөрсөөр.

Улаанбаатарын утааг нэмэгдүүлж өтгөрүүлэхийн тулд сүүлийн 16 жилд нийтдээ 170 орчим тэрбум төгрөг зарцуулчихаад байгааг саяхан зарлалаа. Энхбаярын төгрөг Эрдэнэбатын төгрөгөөс дор хаяхад хоёр дахин илүү ханштай байсныг бодолцвол энэ мөнгө үүнээс хавьгүй их байх ёстой доо. Үүгээр тухайлбал ядахнаа Долоон буудал хүртэл цэвэр бохирын магестраль татчихсан бол зах зээлийн утгаар хавьгүй хурдан барилгажчих байсан ч юм билүү. Хувийн хэвшлийнхэн энэ хооронд Улаанбаатарыг танигдахгүй болтол нь барилгажууллаа. Гэхдээ Энхтайваны гудамж дагалдуулан магестраль шугам дагуу л бужигналдацгаасан. 32-ын тойргоос хойш хэн нь ч ийм ажил хийсэнгүй нь хэнд ч ойлгомжтой байх. Утаа нэмэгдсээр, өтгөрсөөр, хариуцсан хүмүүс нь бурзайсаар, шоронд явсаар. Удахгүй Эрдэнэбатынхны баяртай гунигтай ээлж ирэх биз.

Улаанбаатарын байшинд амьдардаг өрхийн 55 хувь нь төвлөрсөн халаалттай юм байна. Үлдсэн 45 хувь дээр мөнөөх өвөл зунгүй гэрт амьдардаг зуу гаруй мянгыгаа нэмэхээр дор хаяж 350 мянган айл гал түлж байна. Хамгийн багаар бодоход 350 мянган яндан Улаанбаатарыг хордуулж байгаа юм байна л даа. Урьдын туршлагаас харахад энэ олон яндан даарснаас гэхээсээ хоол хийх гэж ажилладаг бололтой. Өнгөрсөн хугацааны бүхий л “тэмцэл” гал дээр хоол хийж иддэг монгол заншлыг тойрсон юм биш үү? Түрк зуух гэхэд дулаацуулах болохоос дээр нь тогоотой хоол чанах бололцоогүй. Судалгаа явуулж тогтоомоор юм.

Үйлдвэржсэн хөгжингүй орнуудын хотууд зуун жилийн өмнө утаандаа баригдсан байжээ. “Лондон смог” нэршил сурах бичигт ч үлдсэн. Лондонд зэрэгцээд яваа хүн биенээ харж чаддаггүй шахуу байсан гэдэг. Өнөөгийн Лондон ямар сайхан тунгалаг агаартай гэж санана. Утаанаасаа салсан туршлага гэж эдэнд байдаг байлгүй дээ. Утаанаасаа салсан туршлага, судалгаа, ончтой арга барил гэж баймаар юм? Өвөл эхлэнгүүт л Засгийн газар болгон толгойд нь гэнэт орж ирсэн марзан санааг хэрэгжүүлж байснаа хавар салхи эхлэнгүүт мартчихдаг наргиантай явдал бидний уламжлал зан заншил болж тогтлоо. Ер нь манайд утаатай тэмцэнэ гэдэг нь нэг янзын унацтай бизнес юм биш үү? Төрийн бизнес! Баригдсан нь шоронд, баригдаагүй нь хаданд. Ерөнхий сайдаасаа эхлээд бараг бүх сайд агентлагууд, төрийн үйлдвэрийн газруудыг хамруулж гардан гүйцэтгэдэг, тэндээсээ юм хусдаг, рекламдаж нэр сүрээ өргөдөг ажиллагаа нь утааг улам нэмэгдүүлж, улам өтгөрүүлээд байгаа харагдах юм. Сайд нар нь тус болгондоо импортын цахилгаан халаагуур духан дээрээ наачихсан зурагтаар чухал царайлаад л бүлтрээд явах юм. Хувийн хэвшилд даатгачихсан бол аль хэдийнээ утаагүй болчих байсан ч юм бил үү? Ядахнаа л хариуцлага тооцох эзэнтэй хоцорно шүү дээ. Туршлага бүхий гадаадын компанид даатгаж болно.

Уул нь үйлдвэржээгүй Улаанбаатарын утаа гайгүй шүү дээ. Лагос, Бээжин, Тэгэран, Мэхико зэрэг хотын утаа нь хүхэр, мөнгөн ус, хүнцэл, тугалга мэтийг агуулсан үйлдвэрээс гаралтай үхлийн доозтой бодисоор хордуулж байгаа. Улаанбаатарынх бол нүүрс түлснээс үүссэн нүүрсхүчлийн давхар исэл дагнаж буй. Харин тоосжилт гэдгээр нь хэмжих юм бол маш өтгөн. Улаанбаатарын утаа хор холбогдлоороо дэлхийд тасархай нэгд орж байна, утаанаас болж хэдэн арван мянган хүн үхэж байна хэмээх сүржигнэсэн түгшүүрийн харанга ч хэн нэгнийг улс төрийн тайзан дээр баатар болгон гаргаж ирэх, мөнгө цаас идэх гэсэн шуналтны хомхой сэдэлтэй холбоотой нь нэн элбэг. Энэ ч бас утаат бизнес юм даа. Улаанбаатарт V цахилгаан станц барихаар шийдсэний 20 жилийн ойг бид хэдэн жилийн өмнө ёс төртэй тэмдэглэсэн. Станц барихгүй байх нь өөрөө бизнес юм даа. Айлуудад дулаан амьдраарай гэж ерөөгөөд эсгий туурга, утаагүй зуух, сайн шатдаг нүүрс, цахилгаан халаагуур үнэгүй тараасан нь хамаагүй ашигтай шүү дээ. Утаа бол мөнгө, аан?!

2017.1.15

Categories
мэдээ цаг-үе

А.Төгсбаяр: Од гэдэг бол орчин үеийн л гялгар үг

“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяртай ярилцлаа. Тэрбээр дэлгэцнээ гарч буй “Хүн мод” киноны ерөнхий найруулагчаар ажилласан юм. Гарын таван хуруунаас хойш ер гэр бүлийн тухай кино хийгдээгүй 30 гаруй жил болсон бөгөөд уг сэдвийг “Хүн мод” кино хөнджээ. Мөн тэрбээр “Сайн уу амьдрал минь”, “Хэцүү анги”, “Ах дүүс”, “Эрэмдэг”, “Эцсийн хүсэл” зэрэг кинонуудыг бичиж, найруулж, гол дүрийг нь бүтээсэн уран бүтээлч билээ.


– Хүн мод киноны тухай ярьж өгөөч?

-Нэгэн гэр бүлийн жаргал, зовлонг хэрхэн даван туулж байгаа талаар өгүүлнэ. Гэр бүл дотор алдаа эндэгдлээсээ болж нэгнийгээ буруу ойлгох, буруутгах явдал бишгүй гардаг. Харин эдгээр бэрхшээлүүдийг ах дүүс сэтгэлийн тэнхээтэй байж яаж даван туулах вэ, гэр бүл гэж юу юм бэ гэдгийг л харуулахыг зорьсон. Эсрэг дүр байхгүй. Амьдрал нь өөрөө энэ гэр бүлийн эсрэг дүр. Ер нь өнөөгийн нийгмийн амьдрал өөрөө гэр бүлийн “эсрэг дүрд” тоглоод байна шүү дээ. “Чаддаг юм бол намайг даваад гар л даа” гэх амьдралтай хүмүүс нүүр тулдаг. Киноныхоо зурганд 2017 оны хавраас эхлээд намар хүртэл ажилласан. Анхнаасаа энэ киногоо гадагш фестивальд явуулах зорилготой байсан юм. Гэр бүлийн тухай кино сүүлийн 35 жилд лав хийгдээгүй байсан. Гэр бүл гэдэг зүйл нийгэмд ямар байр суурийг эзэлдэг гэдгийг илүү харуулахыг зорьсон.

-Ямар фестивальд оролцох гэж байна вэ?

-Хоёрдугаар сар гаргаад Берлиний кино наадамд орох урилга ирсэн. Дөрөвдүгээр сар гаргаад Канны наадамд явах бодолтой байгаа.

-Одоогийн нийгэмд гэр бүл ямар байдалтай оршин тогтнож байна гэдгийг харуулсан уу. Кинонуудад тухайн цаг үеийн байдал их шингэсэн байдаг?

-2016 онд киноныхоо тухай судалгаа хийгээд явж байхад олон бодит сонин зүйлүүд гэр бүлийн амьдралд харагдаж байсан. Ер нь энэ цагт хүний хайр, гэр бүл ийм байж. Гэр бүлүүдийн нэг, нэгнээ гэсэн сэтгэл ямар байсан гэх мэт асуудлыг ирээдүй хойч үедээ үлдээхийг зорьсон. Уран бүтээлч хүн энэ цаг үеэ ирээдүй хойчдоо харуулж үлдээхийг зорих нь зүйн хэрэг. Жишээлбэл, тухайн үед нийгэм ийм байж, тэр нь сайхан, энэ нь муухай байж, үүнийг нь өвөлж үлдээгээсэй гэх мэт олон санааг илэрхийлсэн. Кино бол тухайн цаг үеийн толь болж байдаг гэж ойлгож болно. Энэ бол бодит амьдралаас сэдэвлэсэн кино. Чингэлтэй дүүрэгт хар багаасаа өнчин өрөөсөн дөрвүүлээ өссөн гэр бүл байдаг тухай сонсоод, би өөрийн биеэр очиж уулзаж, амьдралыг нь судалсан юм. Тэдний амьдралын туулсан түүхийг харуулахыг зорьсон.

-Ингээд судалж байхад, кино бүтээж явахад ер нь гэр бүлийн амьдралын үнэ цэн юун дээр тогтдог юм шиг санагдсан бэ?

-Хамгийн түрүүнд хүндлэл хэрэгтэй. Заавал хүндлэл байх ёстой. Хүндлэлээс л хайр бий болдог юм байна гэж ойлгосон. Аливааг даван туулахын тулд хүндлэл хайрыг бий болгож чадвал гэр бүлийн уур амьсгал сайхан болно.

-Энэ киногоороо гэр бүлийн үнэ цэнэ дотроо ямар санааг ойлгуулахыг хичээсэн бол?

-Хамгийн гол санаа нь мод хэдий олон салаа мөчиртэй байдаг ч нэг л үндэстэй. Мөчрүүд нь өөр, өөрийн туулах замаар явдаг ч нэг үндэстэй мод шиг бат бэх байх ёстой. Тухайлбал, миний эцэг эх, эмээ өвөө, ах эгч, дүү гэх мэт намайг гэсэн бүхэн намайг өдий зэрэгт хүргэсэн гэдгийг үргэлж санаж явах ёстой. Эв найрамдал хамгийн чухал. Одоогийн хийгдээд байгаа ритмтэй киноноос арай өөр. Хэлэх гэсэн санаа нь энгийн мэт боловч бодит. Заримдаа хүмүүс хайр, хүндлэлийг умартсан байдаг юм шиг. Үүнийг киногоороо шүүмжлэх гэсэнгүй. Яагаад гэхээр манай кинонд муу дүр гэж байхгүй. Амьдралын бартааг хэрхэн даван туулах вэ гэдэг санаа харин бий.

-Дуулах, жүжигчнээр ажиллах, найруулагч байх зэргийн ялгаа их үү?

-Аль нь ч байсан ялгаагүй, асар их мэдрэмжтэй байх л шаардлагатай. Юуг мэдэрч чадаж байна. Тэр мэдрэмж нь яаж илэрч байна гэдэг сонин. Хамгийн гол нь хүмүүст зөв мессежийг өгөх шаардлагатай. Асар их мэдрэмжээс л бүх урлаг үүсдэг гэж боддог. Дөрвөн жил сургуульд сураад найруулагч болчихдоггүй. Найруулагч хүн ядаж, нэг хөгжим тоглочихдог, дуулчихдаг, найруулан бичих чадвартай жүжиглэж ч чаддаг байх ёстой гэж ойлгодог.

-Та хэд, хэдэн кинонд тоглож байсан. Хэцүү анги киноны Сугар багшийн дүрээр олонд нэлээд танигдсан. Аль дүрдээ илүү хайртай байдаг вэ?

-Саяхан ардын жижигчин П.Цэрэндагва гуай ярихдаа “Сүүлийн үед дүр гэж байхгүй болчихжээ. Чамайг кинонд тоглосон нэрээр чинь дуудаж байвал чи гайгүй тоглож чаджээ гэж ойлго. Ард түмэнд уран бүтээлийн дүрээрээ дуудуулна гэдэг бол мэргэжил” гэж ярьж басйан. Намайг гадуур явахаар “Сугар багш явж байна” гэдэг. Эсвэл “Балуу явж байна” гэнэ. Зарим нь чамайг тэр мэдрэл муутай, шар хаднаас оргосон дүрээр чинь л мэддэг гэдэг. Харин зарим нь “Гайс” хамтлагийн Төгсөө байна гэх юм. Хүмүүс ингэж дуудахаар, энэ дүрүүдээ тодорхой хэмжээгээр “дөхүүлж дээ л” гэж боддог.

-Та чинь киноны дуу хийдэг. Дууны шүлэг, ая бас зохиодог юм билээ. Зарим хүмүүс энэ тухай мэдэхгүй байх. Хичнээн дуу хийсэн бэ?

-Чи өөрийгөө таниулах гээд хэрэггүй. Хүмүүс чамайг юу хийснийг чинь мэдэж л байвал болоо гэж үг бий. Од гэдэг бол орчин үеийн л гялгар үг. Өөрийнхөө хийсэн зүйлийг ер нь өөрөө ярих биш, бусдаар яриулах нь гоё юм болов уу гэж боддог.

-Тэгвэл би ийм л хүн байгаа юм гээд хувь хүн талаасаа өөрийгөө тодорхойлвол?

-Би өөрийн гэсэн байр сууриндаа бат зогсдог. Хийнэ гэсэн зүйлээ заавал хийдэг, шийдэмгий. Гаднаа намуухан хүн шиг харагддаг ч, ассан гал шиг ширүүн байж бас чаддаг. Хатуу үедээ хатуу. Угаасаа урлаг хатуу, чадахгүй бол чи зайл гэдэг хэцүү мэргэжил. Тэгэхээр уяхан байгаад байж бас болдоггүй юм. Дайчин байх, хатуу байх хэрэгтэй. Би олон дүү нартай. Хайрлахдаа хайрлана, хатуурхахдаа хатуурхана. 20 гаруй жил урлагт байхдаа олон зүйлийг уйгагүй хийж өдий зэрэгт хүрсэн. Хатуу зөөлнийг хослуулахгүй л бол урлагаас хөөгдөнө. Гэхдээ бусадтай би өрсөлддөггүй. Өөртэйгээ л өрсөлдөнө. Өмнөхөөсөө яаж илүү бүтээл гаргах вэ гэж шанална. Жишээлбэл, “Хайрын бүжиг” дууг хийчихээд түүнээсээ давсан дуу хийх гэж “Бороо”, “Цас”, “Сургууль минь баяртай” зэргийг гаргаад ч давж чадаагүй. Ингэж явсаар “Зүрх уучил” гарч байж буюу 16,17 жилийн дараа арай гэж Хайрын бүжиг,-ээ давж байгаа байхгүй юу. Хамгийн сүүлд “Баярлалаа” дуугаа гаргаж байна. Өмнөхөөсөө илүү хийх гэж хичээсэн тэмцэлд л амьдарч байна.

-“Гайс” хамтлаг олон сайхан уран бүтээлтэй. Үүний ихэнхийнх нь үг аяыг та хийсэн юм билээ. Хөгжмийн зохиолыг яаж бичдэг юм бэ. Ямар үед шинэ аялгуу төрөх үү?

-Би машин тэрэг унах сонирхол багатай хүн. Тааваараа, гадуур алхаж байхдаа гар гараасаа хөтлөлцөн алхах хосуудыг хараад, эсвэл нүдэнд нь нулимс цийлэгнэсэн хүмүүсийг ажиглаад, эсвэл салхийг, моддыг, шувуудын жиргээг сонсоод л аялгуугаа олж авдаг л даа. Гэхдээ өдөр бүр ингэхгүй. Завгүй яаруу явах үед юун аялгуу орж ирэх манатай байна. Их тайван, эсвэл маш эмзэг байх үедээ шинэ ая хийнэ. Дуу зохиож өдий хүрэхдээ нэг ч хүнээс шүлэг авч үзээгүй. Шүлэг биччихээр араас нь аялгуу гарч ирнэ. Шүлэг бичнэ гээд махарч суугаад байдаггүй. Захиалгын дуу, шүлэг бичихэд харин жаахан түвэгтэй, суух үе бий. Миний дуунуудад ихэвчлэн арван жилийн, залуу насны хайр, хайр, аз жаргалын тухай өгүүлсэн байдаг юм билээ. Хүн, хүнээ хамгийн сайхнаар хайрлаад сурчихвал бүх зүйл сайхан болно.

-Хайр гэж таныхаар юу вэ?

-Хайр бол амьд байхын нэр. Би хэн нэгэнд хайртайгаа илэрхийлэх гэж байгаа л бол амьд байх ёстой. Урт удаан амьдрах хэрэгтэй. Би алдаа оноо гаргаж, буруу зөрүү явсан ч амьд л байгаа бол нэгэн цагт аавыгаа баярлуулчихна гэсэн үг. Бусдад хайртай байя гэвэл амьд яв. Амьд явахдаа зөв явах ёстой. Мөн хүндлэлийг хамгийн түрүүнд суралцмаар байна. Хайрлах бол хожмынх, их том агуулгатай. Хүндлэн харилцах харьцаа, хүн хүнээ дээдлэх соёл л бидэнд дутагдаад байгаа ганц зүйл.

-Аль уран бүтээлдээ илүү сэтгэл ханаж байсан бэ?

-Сэтгэл бол ханахгүй. Нэг зүйлийг даваад гарчихвал, дахиад нэгийг хийж бүтээх гэж хичээнэ. Энэ мэргэжлийг сонгосон урлагийн зам угаасаа ийм. Бүтээлдээ ханаж, зогсож болдоггүй юм.

-Урлагийн замд хэзээнээс яаж оров?

-Гитар хөгжим сонсоод л урлагт дурлачихсан. Тав, зургаан настай байхдаа хөгжим яагаад ийм гоё юм бэ гэсэн хүүхэд насны хүсэл эрмэлзэл төрсөн. Дуучин болно гээд СУИС-д шалгуулахад чи жүжигчин байх ёстой хүн юм байна гэж ээж маань хэлж байсан. Ингээд л урлагт орсон. Өдий хүрэхэд хэн нэгнийг даган дуурайж үзээгүй.

-Таны хамгийн анхны тоглосон кино аль нь билээ?

-Хамгийн анхных гэхээр “Тавилан” байгаа юм. Хамгийн анхны найруулсан кино нь “Бидний найзын дурлал” байхгүй юу.

-Нэг том уран бүтээлээ хийгээд, ард нь гарчихсаны дараа ямар мэдрэмж төрөх вэ?

-Айдас. Үүний дараа юу хийх вэ. Яах вэ, үүнээс илүүг хийх хэрэгтэй, хийж чадахгүй бол яана гэж бодно.

Categories
мэдээ нийгэм

Элдэв тэнгэрт одтой, шарагчин тахиа өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 17, Буд гариг. Билгийн тооллын 1, Элдэв тэнгэрт одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 8:23 цагт мандан, 17:34 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлэцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрднийн зүйл авах, гаригийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улай гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д Баабар Утаатай тэмцсэн бидний туршлага хэмээн өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы лхагва гарагийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Өдрийн сонин”-ы “Өдрийн сурвалжлага” буланд “Магнай трейд” компанийн шатахуун импортлох эрхийг цуцлах саналыг УУХҮЯ-нд хүргүүллээ хэмээн өгүүлснийг хүлээн авч үзээрэй.

Банкууд охин компани байгуулахыг хориглосон заалт орохоор болов хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлсэн байна.

Мөн тус нүүрт Гадаад худалдааны эргэлт 10 тэрбум ам.доллар давж, сүү сүүн бүтээгдэхүүний үнэ арав гаруй хувиар өсчээ хэмээн өгүүлжээ.

Агаарын бохирдол бууруулах 500 сая ам.долларын зээлийн зарцуулалтад БНСУ-ын талаас ажлын хэсэг ажиллана гэж “Өдрийн сонин”-ы “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Мөн тус нүүрт УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Үйлдвэрлэл эрхлэгчдэдээ татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй хэмээн ярьсныг хүлээн авч үзээрэй.

Нийтлэлч Баабар Утаатай тэмцсэн бидний туршлага хэмээн “Баримт үзэл бодол” нүүрт өгүүлсэн байна.

“Баримт, үйл явдал” нүүрт “Винсвэй”, “Чалько” компани Mонголын Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэн, ганцмодны боомтын замыг хааж жагсаал хийлгэж байна хэмээн өгүүлсэн байна.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат: “Дээлийнхээ энгэрийг мялаасан газрын тос маань шатахуун боллоо шүү” гэж хэлэх юмсан хэмээн “Өөрөөс нь…” буланд ярьсныг хүлээн авч үзээрэй.

Яруу найрагч З.Ядмаа: Зохиолчдын маань инээд наргиан бичигдэж үлддэг байсан бол мөн ч сайхан архив байх сан хэмээн ярьсныг “Өд бэх” булангаас хүлээн авч үзээрэй.

“Дэвжээ” нүүрт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Г.Мандахнаран Тамирчин хүний амжилт гаргах гол үндэс нь ялагдлаа хурдан мартах гэж ярьсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой хөгжил–ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн болно

Зураг“Тогтвортой хөгжил–Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор 11 жилийн дараа зохион байгуулах гэж байна.

Уг зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж хэрэгжүүлэх явдал юм. Зөвлөгөөнийг нэгдсэн болон салбар гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулах ба салбар зөвлөгөөн тус бүрээс мэргэжилтнүүдэд зориулсан зөвлөмж гарах юм.

Зөвлөгөөн Улаанбаатар хотод энэ сарын 18-25-нд, Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймагт бүсчилсэн хэлбэрээр энэ сарын 29 нөөс ирэх сарын 3-ны хооронд болно. Ерөнхий боловсролын салбарын 36 мянган багш, удирдах ажилтныг төлөөлж 3400 төлөөлөгч зөвлөгөөнд оролцох бөгөөд мөн www.zuvluguun.edu.mn цахим сайтаар дамжуулан онлайнаар хэлбэрээр санал хүсэлтээ өгөх боломжтой.


Categories
мэдээ нийгэм

Монголын хоёр дахь эмч дэлхийд үнэлэгдлээ

Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн ХСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор Ж.Чинбүрэн өчигдөр эх орондоо ирлээ. Түүнийг өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзан баяр хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ.

Тэрээр Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүний өргөмжлөлийг гардан авсан юм. Ингэснээр Азиас энэ шагналыг авсан гурав дахь хүнээр тодорч байна. 2004 оноос Францын мэс заслын арга, техникийг монголдоо төдийгүй гадаадад нэвтрүүлсэн мөн элэгний төвд байрласан төвөгтэй хавдрын тайралтыг хялбаршуулсан, Монгол улс мэс заслыг санхүүгийн хязгаарлагдмал орчинд элэг, нойр булчирхайн хавдрын мэс заслыг амжилттай, үр дүнтэй сайн хийсэн хэмээн хүндэт гишүүний гэрчилгээ гардуулжээ.

Тэрээр хэлэхдээ “1731 онд байгуулагдсан Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүн болсондоо маш их баяртай байна. Дэлхийн нэр хүндтэй, урт удаан түүхтэй, уламжлалтай, мэргэжлийн байгууллагад хөөцөлдсөөр байгаад үнэлүүлнэ гэсэн ойлголт байдаггүй юм. Тус академийн мэргэжлийн Өндөр зөвлөлийн шийдвэрээр өргөмжлөгддөг. Энэ амжилт спортоор бол Олимпын алтан медаль бөгөөд олимпын медальтай дүйцэхүйц шагнал. Энэ бол Монгол улсын мэс заслыг ОУ-ын түвшинд хүлээн зөвшөөрсний баталгаа билээ. Энэ баярт явдлыг тохиолдуулан Монголын үе үеийн мэс засалчдадаа халуун баяр хүргэе”гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн банк тэтгэврийн зээлийн хүүг бууруулав

ЗурагТөрийн банк банк өнөөдрөөс Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 12 хувь болгож бууруулав.

ХНХЯ болон ХААН банк, Төрийн банк хооронд байгуулсан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах Санамж бичгийн хүрээнд иргэд 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийг 12 хувийн хүүтэй авах боломж бүрдсэн бөгөөд өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм. Өнөөдөр 10.00 цагт ХААН банк тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан талаар бид мэдээлсэн. Тухайн үед Төрийн банкны удирдлагууд зээлийн хүүг бууруулах шийдвэрийг албан ёсоор гаргаагүй байсан юм. Харин үдээс хойш Төрийн банк Санамж бичгээр хүлээсэн үүргээ албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ.

Монгол Улсын хэмжээнд 381.8 мянган иргэн нийгмийн даатгалын байгууллагаас сар бүр тэтгэвэр авч байгаа бөгөөд үүний 60 хувь буюу 230.8 мянган иргэн 680.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Тиймээс НДЕГ-аас Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагчдад 6 хүртэлх сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зээлийг 15 хувийн хүүтэйгээр олгох ажлыг өнгөрсөн оны нэг сард эхлүүлсэн. Энэ хугацаанд 95 мянга 600 тэтгэвэр авагч 15 хувийн хүүтэй зээлийг 76,3 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд энэ нь 18 хувьтай харьцуулахад 1.3 тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн үзүүлэлт юм. Гэвч энэ төрлийн зээлийн хугацаа хэт богино тул иргэд банкны шаардлагыг төдийлөн хангахгүй байгаа юм. Тиймээс зээлийн хугацааг 12 сар болгож, хүүг мөн 3 хувиар бууруулав. Харин иргэд 12 сараас урт хугацаанд буюу 36 сар хүртэлх хугацаатай зээл авсан тохиолдолд 18 хувийн хүүтэй байх юм.

Categories
мэдээ спорт

Рокэтс багийн тоглогчид Клипэрсийн тоглогчидтой уулзахаар хувцас солих өрөөнд нь оржээ

Өнөөдөр Лос анжелос Клиппэрс багийн талбайд Хьюстон Рокэтсчууд зочлон ирлээ. Өрнөд бүсийн хоёр шилдэг багийн дүэлд талбайн эзэд 113-102-ийн харьцаатай хожсон юм. Энэхүү тоглолтонд хоёр багийн тоглогчид талбай дээр маргаан үүсгэсэн. Улмаар Хьюстен Рокетс багийн Харден, Крис Пол, Грийн, Ариза гэсэн тоглогчид Клипперс багийн хувцас солих өрөөнд Остон Риверс болон Блэйк Гриффинтэй уулзах гэж орсон байна. Гэсэн ч элдэв асуудал үүсэхээс өмнө ордны хамгаалалтын албаны ажилчид асуудлыг намжаасан ажээ.

Тус тоглолтонд талбайн эздээс довтлогч Блэйк Гриффин 29 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийсэн бол хамгаалагч Лью Виллиамс 31 оноо 9 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлэв. Харин эсрэг багаас холбон тоглогч Крис Пол 16 оноо, 7 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн юм.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

П.Алексей:Монгол хүн сансарт ниссэний бэлэг тэмдэг сансрын хөлгийг бид бүтээж байлаа

Улаанбаатар Эмпати дунд сургуулийн технологийн багш П.Алексейтэй ярилцлаа.

Дархан хотын Төмөр замын вокзалын өртөөний баруун талын цэцэрлэгийн дунд нэгэн сонирхолтой байгууламж нүдэнд содон тусдаг. Энэ бол орчны барилгаас ялгаран харагдах сансрын хөлөг юм. Хотын зочин гийчний хувьд энэ байгууламж нь олон асуудал дагуулах үнэхээр сонин бүтээл. Эзэнгүй мэт хаягдсан, арчилгаагүй цэцэрлэгийн дунд ёрдоон харагдах, хүн төрөлхтний дэвшлийн хүчит хөлөг, сансрын уудам өөд тэмүүлсэн хэвээр байх авч, тээвэрлэгч нэг пуужин нь зах зээлийн шуурганд үгүй болж, өнгө жавхаа нь цагийн эрхээр гандан доройтож, тэнгэр өөд цойлох хөг нь аль хэдийнэ өнгөрсний бэлэг тэмдэг болсныг илтгэнэ.

Үнэндээ бол ийм харамсал, харууслын гэрч болон сүндэрлэх тавилангүй юмсан. Монгол хүн дахин сансарт дүүлэн нисэхгүй юм, гэж үү? Хөнгөн гунигаар дүүрсэн миний сэтгэл хөдөлж, энэ өрөвдөлтэй хөшөө дурсгалын бүтээгч эздийг тодруулах нэгэн түүхийн эрэлд морьдсоны эцэст зохиогч, бүтээлчдийн төлөөлөл болох нэгэн хүнтэй уулзан ярилсанаа уншигч танаа толилуулъя.

-Таныг би энэ Сансрын хөлөгт хөшөөний зохион бүтээгч, барьсан хүн нь гэж сонслоо. Та үүний үүх, түүхийг ярихгүй юу?

-Би ганцаараа бүтээж, зохиогоогүй. Энэ бол хамтын бүтээл. Тухайн үеийн захиргаа удирдлага санаачлан дэмжээгүй бол, энэ бүтээл хэзээ ч босохгүй байв.

1970 – 80 оны үед Дархан зангилааны удирдлага, МАХН-ын хороо, үйлдвэрчний болон залуучуудын эвлэлийн хороод үнэхээр ард иргэдийн төлөө чинь сэтгэлээсээ эрмэлзэн хамтын нягтралтай ажилладаг байжээ. Тухайн үед эдгээрийг намын хорооны дарга “Буурал” хочит Даржаа гуай, ҮЭ-ийн хорооны дарга Роза гуай, ХЗЭ-ийн хорооны дарга Б. Жияандорж нар удирдан зохион байгуулж, аливаа ажил хөдөлмөрийн тэргүүн шугамд манлайлан оролцдог байсныг дурсахгүй байх аргагүй. Тэгэхэд би Төмөр замын Дохиолол холбооны 1 дүгээр ангид монтёрын албан тушаалтай, ажлын хажуугаар Зангилааны төрөл бүрийн зураг, чимэглэл, тохижилтын ажил гүйцэтгэдэг, гарын дүйтэй гэгдэх үнэгүй зараал байлаа. Ер нь би ч биш, бүх залуучууд тийм л байсан. Гайгүй юм бүтээдэг залуучуудыг дээрх удирдлагууд албан ажлаас нь чөлөөлөн юм хийлгэдэг нь нууц биш. Сонирхолтой нь бид дуудагдаж очоод, үүрэг даалгаврыг нь дуртай хүлээн аваад, залхууралгүй, чинь сэтгэлээсээ гүйцэтгэдэг байсан нь илхэн. Тэгж л биднийг хүмүүжүүлсэн.

Ингээд хаврын сэрүүхэн нэгэн өглөө ажилдаа ирээд байтал, намын хороон дээр Даржаа дуудаж байна гэв. Очлоо, тэгсэн Даржаагуай – Хүүхээ, чи пуужин хийж чадах уу? –гэлээ. Би мэл гайхан, цэл хөхрөв. Тэгсэн, нүүрэнд нь баяр бялхаж – Чи төсөөл дөө, өнөөдөр Монгол хүн анх сансарт ниссэн шүү дээ, надад өглөө утсаар хэлсэн, би үхтлээ баярлаж байна, одоо чамд хэлж байна. Дээрээс утасдаад намайг ажил зохион байгуул гэсэн. Нисээд буухад нь хөшөө босгочихсон баймаар байна. Гэхдээ жинхэнэ гоё хөшөө. Энэ хүү байхгүй юу – ЖҮГДЭРДЭМЭДИЙН ГҮРРАГЧАА ! Мундаг уу? Плакат үзүүлэв. Энэ оростой – Жанибеков гэдэг! Бас мундаг хүү! Энэ пуужин нь – СОЮЗ 39 – хөлөг! Үүнийг хийж чадах уу? Маш томоор? –гэв. Би ийм гайхалтай үйл явдал болж байхад яаж зүгээр харж суухав, баярласан бахархсандаа сэтгэл халин нисэх шахуу мөчид “Тэгье !” – гэж нулимсаа барин зөвшөөрөв.

Даржаа дарга намайг тэврэн авч чанга үнсэнгээ – “Сайн байна! Миний хүү 12 цаг гэхэд надад зураг эскиз ээ аваад ир. Хэрэгтэй гэсэн хүмүүсээ сонго. Би Роза даргад хэлчихье, ажлаас нь чөлөөлөг. Хоол унд, ажлын байр, материалд санаа зоволтгүй. Харин сайхан эскиз гарга!” гэв. Пуужингийн ба сансрын нисгэгчдийн, будаг нь ханхалсан, шинэхэн хоёр плакат өгөв. Ингэж Союз-39 сансрын хөлөгт цогцолбор хөшөөний түүх эхэлсэн юм.

Би плакатуудаа бариад дотны найз Т.Баярсайхандаа энэ баяртай мэдээг дуулгахаар очлоо. Сүүлийн үед бид хоёр гар нийлэн олон чимэглэгийн ажил хийж байгаа улс. Баярсайхан Цэрэгжүүлсэн хамгаалах салаанд ажилладаг, зураг сайхан зурахаас гадна нямбай цэвэр бичигтэй үнэхээр авьяастай, мотоспортын тамирчин, Монгол Улсын спортын мастер залуу байлаа. Хоёул суулаа, ярилцлаа. Баяраа маань жинхэнэ асаж байна. Шуурхайлан эскиздээ орлоо. Төрөл бүрийн ноорог зураг тус тусдаа гаргаж байгаад, санаагаа нийлүүллээ. Нэгдсэн санаагаа А3 ватум цаас дээр эскиз зураг болгон гаргалаа, өнгө будгаар ялгалаа, сансрын хөлгийн бодит хэмжээг 30 дахин багасгасан масштабаар буулгалаа, тусад нь цогцолбор хөшөөний бусад чимэглэх элементүүдийн эскизийг гаргаж зохион бүтээх конструкцийн зураг, байрлуулах арга ажиллагаа болон байрлах газрын сонголт зэрэг санаагаа бичиж хавсаргалаа. Энэ бүх ажлыг үндсэндээ хамтын хүчээр богино хугацаанд, яг 12 цагт дуусгалаа. Яаравчлан хоёулаа Даржаа дарга дээр орлоо, нөгөөдөх чинь баярлаж байна гэж жигтэйхэн, “миний хөвгүүд сайн”- л гэнэ, эскиз тайлбарлах хооронд байн байн тэвэрч аван үнсэж “мундаг”- л гэнэ, ярьж дууссаны дараа “Би Улаанбаатар орж эдгээрийг батлууллаа, Та хоёр ажилдаа ор, дуртай хүмүүсээ дайчил, үүрэг өгсөн байгаа, би маргааш ирнэ” –гээд л шуурга шиг гарч одсон, машин дуудсан байсансан. Ингээд ажил ундарсан даа.

Сансрын нислэгийн нэгдэх өдөр, шөнө. Дархан зангилааны 11 дүгээр байрны 1 дүгээр орцны подвалд байрлах Дохиолол холбооны 1-р ангийн Чөлөөт цаг өнгөрүүлэх танхимд, төмөр замын депогоос машинч Аварзэд, гагнуурчин Жаргалсайхан, Өртөөнөөс “Розагийн аравгар хорхой” хочит Энх-Амгалан, Орон сууцнаас “Фото зурагчин” хочит Баттулга, Дохиолол холбооноос Засварын бригадын монтёр Баярсайхан бид хоёр, Цэрэгжүүлсэн хамгаалах салаанаас мастер Баярсайхан зэрэг шижигнэсэн, гарын дүйтэй гэгдэх, одоо овог нь мартагдсан, долоон залуус өдрийн 14 цаг гэхэд цугласан байлаа. Тэр өдөр бид хэрэгцээт бүх материалуудаа татан авч, хэсэгчлэн хуваагдаж, үүрэгт ажлуудаа хуваарилан авсны үндсэн дээр дор дороо л нэг зорилгод хүчин зүтгэж байлаа.

Миний хариуцсан хэсэг Сансрын хөлгийн конструкцийн ажил болон будаж чимэглэх үүрэг хүлээсэн. Мастер Баярсайханы хариуцсан хэсэг нь Интеркосмос хөтөлбөрийн эмблем логоны барельефт гурван ширхэг чимэглэлийн хавтан босгох, хугацааны хувьд хамгийн давчуу, хүнд даалгавар хүлээн авсан. Харин Жаргалсайханы хэсэгт бүх гагнуурын ажил, цемент цутгуур, газар шорооны ажил ноогдов. Үндсэндээ бид хоёр хоёроороо хуваагдаж, харин аравгар хорхой (өхөөрдөж хэлж байгаа юм шүү) бүгдэд нь шуурхайлан туслахаар томилогдов. Үүргээ ч маш сайн, махруу гавшгай биелүүлсэн дээ.

Тэр шөнө Аварзэд бид хоёр сансрын хөлгийн бүтэц зохион бүтээх ажлын хэрэгцээт бүх эд ангийн эсгүүрийг масштабын дагуу гаргаж, хоёр мм-ийн зузаан гөлөм төмрийг хайчилж угсран бэлдсэн дээ.

Харин Жаргалсайханы хэсэг Сансрын хөлөгт хөшөөний газар шороо, төмрийн ажлыг гүйцэтгэхээс гадна Баярсайханы хэсэгт барельефт хөшөөний арматур зангидах, гагнах ажилд туслав.

Мастер Баярсайхан тэр шөнө Интеркосмос хөтөлбөрийн эмблем, Монгол – Оросын хамтарсан сансрын нислэгийн лого болон Гүррагчаа – Жанибеков хоёрын сансрын дуулгатай нүүр хөргийн гурван барельефийг гипс-цементийн хольцоор гардан бүтээсэн дээ.

Сансрын нислэгийн хоёрдахь өдөр, шөнө. Энэ өдөр нойргүй хоносон бидний хувьд хүндэвтэр өдөр байлаа, гэхдээ залуу байж дээ. Өглөө нь бид Союз-39 хөлгийг угсрах ажилдаа орсон. Кран дуудсан, гол төмрөө босгосон, суурь цемент цутгуурын ажлуудыг гүйцэтгэсэн, сансрын хөлгөө угсарсан, гагнуурын ажил хийсэн, будсан. Үдэш болоход вокзалын хажууд сансрын хөлөг боссон, хүн амьтан шавсан байлаа. Хүлээгдэж байгаа нь мастер Баярсайханы арматурд цутгасан барельефт хавтан хөшөөнүүд.

Хэсэг түр завсарласны дараа шөнийн гурван цагийн үед барельефт хавтангууд эвэрсэн тул цогцолбор хөшөөг бүрэн дуусгах боломж олдов. Хавтангуудыг болгоомжтойгоор нэг нэгээр нь кранаар өргөж суурь дээр байрлуулан бэхлэх ажлыг гагнуураар гүйцэтгэж дуусав. Өглөө найман цаг болж байсан шиг санаж байна.

Одоо ганцхан манай хэсгийн ажил үлдсэн. Барельефт хөшөөг бэхэлсний дараа холбогч төмрийг гөлөм төмрөөр бүрж гагнах ажлыг Жаргалсайхан гүйцэтгэсэн. Үүн дээр суурь өнгө тавих, дээр нь үг бичих асуудлыг би биелүүлсэн. Залуучууд нээлтийн ажиллагаанд оролцох бэлтгэлээ хангаж байлаа.

Сансрын нислэгийн гуравдахь өдөр. Сансар огторгуйн өнгө будаг тавьсны дараа хөшөөгөө тойруулан би гурван талд нь : Сансарт мөнхөрсөн ахан дүүсийн найрамдал, Нэг экипажид – нэг багт, Монгол – Зөвлөлтийн найрамдал бадартугай! – гэж бичсэн байлаа. Өдрийн 11 цагт бичиж дуусав.

12:00 цагт Дархан зангилааны бүх аж ахуйн албадын дарга нар болон албан хаагчид цугласан цогцолбор хөшөөний нээлтийн ёслолын ажиллагаа болсон. Нээлтийн ажиллагааг анхны сансрын нисгэгч газардах өдөр хийнэ гэдэг амлалтдаа бид хүрсэндээ маш их бахархдаг. Иймэрхүү л түүхтэй дээ.

-Асуух зүйл байна. Ийм богино хугацаанд, тийм том дурсгалт зүйл бүтээчихлээ гэхэд үнэмшмээргүй юм аа. Та давслаагүй биз?

-Үгүй. Гэрчүүд нь өнөөдөр ч гэсэн Дархан хотын төмөр замд ажилласан, амьдарсан хэвээр л байгаа шүү дээ.

-Сониноос энэ хөшөөг босгоход гар бие оролцож байсан залуучууд одоо байгаа болов уу ?

-Маш сайхан асуулт байна. Би үнэндээ одоо сайн мэдэхгүй юм аа. Энэ пуужин чинь босоод 37 жил өнгөрсөн байна. Би Дарханд амьдраагүй удаж байна, төмөр замд ажиллаагүй бүр их удаж байна. Миний сайн мэдэхээр, миний дотны нөхөр Монгол Улсын Спортын мастер Баярсайхан минь дараа жил нь автын ослоор тэнгэрт хальсан юм даг. Би туйлын харамсаж явдаг. Мөнхөд бүтээлээ үлдээсэн гэж боддог, даанчиг харамсалтай нь энэ хөшөөг буулгах тухай яриа мэр сэр явагддаг гэж сонссон. За нөгөөдүүлийг сайн мэдэхгүй юм. Аварзэд төмөр замаас гараад Америк явсан сурагтай, Холбооны Баярсайхан байгаа гэсэн, Орон сууцны Баттулга өнгөрсөн гэж сонссон, Энх-Амгалан байгаа гэсэн байх аа. Бусдыг нь үнэхээр мэдэхгүй юм. Харин энэ завшааныг ашиглаад хэрэв амьд бол, сонин уншдаг бол “Холбоо бариач !” –гэмээр байна.

– Гунигтай юм. Уншигчдад сонирхуулахад тухайн үед та нарыг шагнаж урамшуулсан биз дээ?

-Шагнал урамшууллын төлөө зүтгээгүй л дээ. Гэхдээ одооны байр суурина харахад, өрөвдөлтэй л санагдах юм.

-Урамшуулаагүй гэж үү?

– Үгүй яахав дээ. Тэр үе чинь, социализм шүү дээ. Роза дарга минь МҮЭ-ийн Ардын хувьсгалын 60 жилийн ойн Гавшгайч гэсэн тэмдэг гардуулсан, Дархан зангилаа, намын хороо бид долоог гурав хоног амар гэж одоогийн Буриад улсын Галуут нуур хотоор аялуулсан. Тэр үед чинь гадаад явна гэдэг асуудал энгийн хүнд боломжгүй бөгөөд ховор шүү дээ. Тэгэхлээр үүнийг их аз завшаан гэж ойлгодог байсан. Хөөрхий, одоогийн энэ Улаан-Үд орох замд байдаг тосгон. Тэр үед тосгон гэж санагдаагүй шүү. (Инээв)

-Сонин юм аа. За тэр ч яахав ээ. Өнөөдөр энэ хөшөө эзэнгүйдээд байгаа мэт санагдах юм. Гэтэл Та байна, Дархан зангилаа байна, Дархан хот байна. Энэ яагаад ийм өрөвдөлтэй байдалд ороод хогийн цэг, архичдын цугладаг газар болчихсон юм бэ? Ийм их хүч хөдөлмөр гаргаад ийм сайхан үйлсэд зориулаад, Монгол хүн бүрийн ирээдүй, хойч үеийн хүсэл мөрөөдлийн бэлэг тэмдэг болсон дурсгалт зүйлийг ийм муухай болгочихоод, одоо үүнийгээ устгаж санаа амрах юм шиг ярьж байгааг юу гэх вэ? Та ойлгож байна уу?

-Надад ойлгох юм алга. Би үүнийг найз нөхдийн бүтээсэн зүйл юм гээд сэргээн засварлах гэж оролдсон, даан ч надад мөнгө байхгүй юм чинь. Гэхдээ цуглуулвал тийм чиг их мөнгө биш л дээ. Тэгээд би сансрын нисгэгч Ж.Гүррагчаад 25 жилийн ой дөхөөд ирэхэд хандсан. Асуудлыг шийдэж өгнө гэсэн. Шийдсэн гэсэн. Намайг Дархан хотын дарга, одоогийн УИХ-ын гишүүн Хаянхярваад ханд гэсэн. Би баярлаад бригад байгуулаад Дархан хот орж төмөр замын буудалд үнэтэй байрлаад ЗДГ-ын нарийн бичгийн даргатай уулзаад асуудлаа танилцуулсан чинь “Дарга тийм үүрэг үлдээгээгүй, одоо Солонгост байгаа, та ирэхээр нь уулзаарай”- гэдэг хариу авсан. Долоо хоног хүлээгээд дийлэлгүй, буудал, зардалдаа шатаад буцсан даа. Түүнээс хойш хэд хэд оролдсон, сүүлдээ хаясан. Тэгээд бодсон “Ер нь энэ хөшөө хэнд ч хэрэггүй юм байна даа” – гэж.

-Яагаад тэгж бодов?

-Яахав хөөрхий. Хөшөөний нээлтийн ажиллагаан дээр Дархан хотын захиргаанаас нэг ч хүн байгаагүй, дараа нь хоёр сансрын нисгэгч Дархан хотод айлчилж байна гэдэг сургаар Дархан зангилаа хөшөөний хажууд хөдөлмөрчдийг цуглуулаад л баахан хүлээлгэсэн, нисгэгчид ирээгүй. Одоогийн байдлыг та мэдэж байгаа, Төмөр зам Монгол Улсын чинээлэг байгууллагуудын нэг, гэтэл гурван сая хүрэхтэй үгүйтэй мөнгө гаргаад үүнийг сэргээн засварлаж чадахгүй гэж үү?

-Тийм дээ. Та өөр юу хэлмээр байна?

-За, хэлээд байх зүйл бараг үгүй шив дээ. Яахав, эх орон, ирээдүй хойч үеийнхээ итгэл мөрөөдөл, ёс зүйн төлөвшилд санаа зовдог нэгэн байвал Сансрын хөлөгт цогцолбор хөшөөг сэргээн засварлахад санхүү дэмжлэг үзүүлнэ үү? Тав ч багадахгүй шүү – гэмээр байна. Улаанбаатар Эмпати сургуульд технологийн багш хийдэг гэсээр яриагаа өндөрлөлөө.

-Энэхүү дусгалт байгууламжийг сэргээн засварлах сайхан сэтгэлт хүн байвал дараахь утсаар холбогдоно уу.

Холбогдох утас -89580616

Н.ГАНАА