Categories
мэдээ нийгэм

Cургууль, цэцэрлэгийн гал тогоонд ууц, өвчүү чануулбал торгоно

НМХГ зурган илэрцүүдМонгол түмний уламжлалт Цагаан сарын баяр ирэх сард болохтой холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэв.

Цагаан сарын баярын үеэр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн гал тогоо, эзэмшил газарт иргэд гэр барьж ууц, өвчүү чанах үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ нь Монгол улсын Агаарын тухай, Боловсролын болон Эрүүл ахуйн тухай, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Тиймээс дээрх хууль тогтоомжийг зөрчиж, гэр барих, ууц, өвчүү чанах үйл ажиллагааг өөрийн эзэмшлийн газартаа явуулсан тохиолдолд хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авна гэдгийг мэдэгджээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн гишүүд томилолттой тул өнөөдөр хуралдахгүй гэв

АН-ЫН БҮЛЭГ зурган илэрцүүдУИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдах байсан ч хуралдаанаа дахин хойшлууллаа.

Тус бүлэг өнгөрөгч даваа гарагт ээлжит хуралдаанаа хийхээр товлоод байсан. Гэвч бүлгийн гишүүд орон нутагт ажиллаж байгаа гэх шалтгаанаар хуралдаанаа лхагва гараг руу шилжүүлсэн. Бүлгийн гишүүд томилолтоос хараахан ирээгүй байгаа тул мөн өнөөдөр хуралдахгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг улсын нэгээр дахин шалгарчээ

ЗурагАНУ-ын Калифорни мужийн Беркели хотноо байрладаг “Ethical Traveller” ТББ-аас зохион байгуулж буй арга хэмжээнд Монгол Улс ёс зүйн хувьд аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын /the world’s Ten Best Distinations/ нэгээр гурав дахь жилдээ дараалан шалгарав.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ энэ сарын 13-ны өдөр Калифорни мужийн Беркели хотын Дэвид Броуверын төвд болж өнгөрөв. Монгол Улсаа төлөөлөн АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал энэхүү арга хэмжээнд оролцож, хүрэлцэн ирсэн зочид болон бусад улсын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв.

Калифорни мужийн Беркели хотноо байрладаг “Ethical Traveller” ТББ-аас хөгжиж байгаа улсыг байгаль орчин болон зэрлэг ан амьтдыг хамгаалж байгаа байдал, нийгмийн халамж, хүний эрхийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого зэрэг шалгуураар дүгнэж, ёс зүйн хувьд аялахад хамгийн тохиромжтой 10 улсыг жил бүр шалгаруулдаг юм. Монгол Улс 2016 онд шилдэг 10 улсын нэгээр анх шалгарсан, 2017 онд хоёр дахь удаагаа шалгарч байсан бөгөөд 2018 онд ийнхүү гурав дахь удаагаа шилдэг 10 улсын тоонд орлоо. Энэ жил манай улсаас гадна Белиз, Бенин, Чили, Колумб, Коста Рика, Палау, Сэйнт Киттс ба Невис, Уругвай, Вануату зэрэг улс шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд гоёл чимэглэлийн модлог ургамлыг түлхүү тарихаар төлөвлөжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж Төв аймгийн Борнуур, Баянчандмань, Дархан, Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газраар энэ сарын 10-12-ны хооронд ажиллалаа. Ажлын зорилго нь 2018 онд хотын ногоон байгууламжийн төлөвлөлтөнд гоёл чимэглэлийн модлог ургамлыг түлхүү тарих болсонтой холбоотой гоёлын модны нөөцийн судалгааг гаргаж байгаа юм. 2018 онд гоёл чимэглэлийн 10 төрөл, зүйлийн модыг түлхүү тарих юм. Үүнд: Монос, өрөл, тэхийн шээг, боролзгоно, нохойн хошуу, голт бор, шар хуайс, гүйлс, буйлс, хус, агч мод зэрэг хэлбэр өнгө зэргээрээ ялгарсан гоёлын модод багтаж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Ойн баясах ХХК, Мандан баясах ХХК болон бусад гоёл чимэглэлийн мод бутны нөөц ихтэй байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.

Өнгөрөгч 2016, 2017 онуудад Улаанбаатар хотод 4-6 метрийн өндөртэй 4000 орчим том оврын шилмүүст модыг 99 хувийн ургалттай ургуулсанд, мөн мод бутны борлуулалтыг хийхдээ зуучлагч байгууллагуудаар дамжин борлуулж байсан бол энэ удаад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, захиалагч байгууллагад шууд өгөх болсондоо талархаж байгаагаа илэрхийлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Нийслэлийн засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нарт уламжилсан юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд утаа бууруулах шийдлүүдийг судлан Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар “УИХ болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн гишүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байгаа юм.

Өнөөдөр (2018.01.16) УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг болон холбогдох бусад байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй хэсэг Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.

“ШИНЭ ШИЙДЭЛ” ТӨСӨЛ ХЭРЭГЖВЭЛ 100 ГАРУЙ ӨРХ ОРОН СУУЦАНД ОРНО

Эхлээд Баянгол дүүргийн 23 дугаар хороонд “Шинэ шийдэл” төсөл хэрэгжүүлэх газар очлоо.

Дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зэрэг албаны хүмүүс төслийн талаар өгсөн мэдээлэлдээ 146 өрх айл хашааныхаа газар дээр орон сууц барихаар санал нэгдэн, зураг төсөл гарсан ч хөрөнгө оруулалт шийдэгдээгүйгээс гацаанд орсныг хэллээ. Хэрвээ Нийслэлээс тендер зарлах зэргээр хөрөнгө оруулалтыг шийдвэл айлууд газраа чөлөөлөхөд бэлэн байгаа гэв.

Айлууд нэгдэн хашааныхаа газар дээр орон сууц барих санаачилга гаргаж байгааг шуурхай ажил болгоход төрөөс анхаарахыг энэ үеэр УИХ-ын гишүүдтэй уулзсан иргэд хэллээ.

ШАЛНААСАА ХАЛДАГ ТЕХНОЛОГИОР МОНГОЛ ГЭРИЙН ХАЛААЛТЫГ ШИЙДЖЭЭ

Баянгол дүүргийн 23 дугаар хорооны өрх С.Одончимэгийнх монгол гэрийнхээ халаалтыг шалнаасаа халдаг технологиор шийдсэнээр гал түлэхээ больжээ. БНСУ-ын шалны халаалтыг дуурайлган өөрсдөө сэтгэж хийхэд анхны өртөг 1.800.000 төгрөг гарсан бөгөөд сард уг өрхийн цахилгааны хэрэглээний нийт зардал 120-130 орчим мянган төгрөг гарч, 50 хувийн хөнгөлөлт эдэлснээр 60 орчим мянган төгрөг төлж байгаа талаараа С.Одончимэг УИХ-ын гишүүдэд ярив. Нүүрс түлж байсантай харьцуулахад зардал хэмнэгдсэнийг тэрбээр тэмдэглэсэн.

НҮҮРС ШАТААДАГ НАМ ДАРАЛТЫН ЗУУХЫГ ЦАХИЛГААН ЭХ ҮҮСВЭРТЭЙ УУРЫН ХАЛААЛТААР СОЛЬЖЭЭ

УИХ-ын гишүүд Баянгол дүүргийн 22 дугаар хороонд дараа нь очив. Уг хорооны байрыг нам даралтын зуухаар нүүрс шатааж халаадаг байсан ч цахилгаан эх үүсвэртэй уурын халаалттай болгож сольсноор сард 1.500.000 төгрөгийг цахилгаанд зарцуулдаг болсон байна. Өмнө нь нүүрс шатаадаг нам даралтын зуухтай байхад 2.500.000 мянган төгрөгөөр нүүрс авдаг, дээр нь галлагаа хийдэг ажилчинг гурван ээлжээр цалинжуулан ажиллуулж байсан зэрэг зардал хэмнэгдсэн гэдгийг хорооны Засаг дарга хэллээ. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр энэ ажлыг хийсэн бөгөөд тус дүүрэгт нам даралтын зуухтай хоёрхон хороо үлдсэн талаар дүүргийн Засаг дарга мэдээлсэн.

БАЙШИНГАА ДУЛААЛСНААР ХОНОГТ ХОЁР УДАА ГАЛ ТҮЛДЭГ БОЛЖ, ЗАРДЛАА ХЭМНЭЖЭЭ

Дараа нь УИХ-ын гишүүд Дэлхийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар цэвэр агаар” төслийн “Дулаалгын аян”-д хамрагдсан өрх Б.Энхбаатарынд очлоо. Баянгол дүүргийн 22 дугаар хорооны энэ айл байшингаа цахилгаан халаалт, нүүрсэн галлагаа гэсэн хосолмол байдлаар халаадаг.

Дулаалгын зардал 10 сая төгрөг бөгөөд өөрсдөө 2.800.000 гаргаж, төслөөс 7.200.000 төгрөгийн дэмжлэг авч байшингаа дулаалсан байна. “Тааз, хана, шал, вакум цонхоо дулаалсан, эдүгээ нүүрс түлдэг байсантайгаа харьцуулахад гурав дахин бага зардал гаргаж, өглөө оройд хоёр удаа гал түлдэг болсон” хэмээн гэрийн эзэн хэлэв. Нүүрсэн галлагаатай зэрэгцүүлж цахилгаан эх үүсвэртэй халаалттай болсноор утаа бага гаргах болсныг тэрбээр мөн хэллээ.

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 3000 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын тулгамдаж буй асуудалтай танилцах зорилгоор “Грийн ресурс констракшн” ХХК-ийн Баянгол дүүргийн 10 дугаар хороонд барьж буй барилга дээр дараа нь очлоо.

Компанийн захирал С.Уугантуяа УИХ-ын гишүүдэд өгсөн мэдээлэлдээ, нэг хашааг хоёр өрөөтэй хоёр байраар тооцож газрыг нь авсан. Одоогийн байдлаар 24 айл газраа чөлөөлсөн бөгөөд энэ 24 айлд 49 байр өгсөн. Ирэх хоёрдугаар сард ашиглалтад оруулах 112 айлын байрандаа 24 айлаа оруулна.

3000 өрх айлыг орон сууцанд оруулах төсөл хэрэгжүүлэхээр зорьж, одоогийн байдлаар айлуудын 80 хувьтай тохирч чадсан. Энэ хотхонд сургууль, цэцэрлэг байгуулагдана. Энэ жилдээ багтаж 500 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Дулаан, цэвэр, бохир усны дэд бүтцийг нийслэлээс шийдвэрлэвэл ойрын хоёр жилдээ 1000 айлын орон сууц барихад хүндрэл үүсэхгүй гэлээ.

Энэ компани нийт 3000 айлын орон сууц барих зорилгодоо хүрвэл дүүргийн гэр хорооллын 25 хувийг орон сууцаар хангаж чадна гэж Засаг дарга С.Одонтуяа хэлсэн.

ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС 48 ДАХИН БАГА УТАА ЯЛГАРУУЛДАГ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баруун туруун буюу дүүргийн 32 дугаар хороонд байрладаг “МСРТ” ХХК-ийн үйлдвэрт дараа нь очлоо.

Энэ үйлдвэрт хаягдал үртэс, зоргодос зэрэгт хушны самрын яс хольж түүхий нүүрснээс 48 дахин бага хорт хий ялгаруулдаг брикет түлш, мөн модны үртэс, хүрэн нүүрсний хагас кокс, техникийн цардуул хольж түүхий нүүрснээс 30 дахин бага хорт хий ялгаруулдаг сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна.

Өндөр хөгжилтэй орнуудын өргөн хэрэглээний түлш болсон сайжруулан түлш нь бүрэн шатаж утаа бага ялгаруулна, удаан шаталттай, асах хугацаа харьцангуй хурдан, хүхрийн агууламж бага зэрэг олон давуу талтай гэдгийг компанийн захирал Д.Бямбадаш танилцуулав.

Жилдээ бүрэн хүчин чадлаар ажиллавал 60 мянган тонн түлш үйлдвэрлэж Сонгинохайрхан дүүргийн айл өрхийн хэрэгцээг хангах боломжтой хэмээсэн.

Самрын ясан түлш 50 кг нь 10 мянга, 20 кг нь 5000 мянган төгрөг бол нүүрсэн түлш 25 кг нь 4000 төгрөгийн үнэтэй юм байна.

“НҮҮДЭЛЧИН” ЗУУХ БУСАД ЗУУХНААС БАГА УТАА ГАРГАНА

Утаагүй зуухны нэг шийдэл болох “Нүүдэлчин” зуух ашигладаг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны өрх Б.Лхагвасүрэнгийнд мөн очив. Өмнө нь “Өлзий” зуухтай байсантай харьцуулахад “Нүүдэлчин” зууханд нүүрс бага түлдэг, утаа бараг гаргадаггүй зэргээрээ давуу байгааг гэрийн эзэн хэллээ. Нэг хувин нүүрсийг өдөрт бага багаар түлж, маш их хэмнэлт гаргаж байгааг тэрбээр хэлээд дэд бүтцээс алслагдсан, төлбөрийн чадвар муутай өрх айлд хэрэгтэй шийдэл нь энэхүү зуух болж байна гэсэн юм.

МОНГОЛ ГЭР, БАЙШИНГИЙН ДУЛААЛГЫГ ИЖ БҮРНЭЭР ШИЙДЖЭЭ

Монгол гэр, байшингаа бүрэн дулаалснаар цахилгаан халаалтаар маш бага зардлаар утаа гаргахгүй амьдрах технологийг иргэн С.Энхтүвшин боловсруулжээ. Сонгинохайрхан дүүргийн “Драгон” авто вокзалын өмнө туршилт, сургалтын төвийн зорилгоор ашиглах сууц барьсан бөгөөд уг сууцандаа дулаалгын бүх технологийг иргэдэд танилцуулдаг байна. Тэндээ гэр, байшингаа яаж дулаалах талаар үзүүлэн хийж тавьжээ.

УИХ-ын гишүүдэд монгол гэрийн хаяа манах, шал, хана, дээвэр туурга, өрх дулаалах технологийг танилцуулж, материалд үнс, ноос, гарын доорх ундааны сав зэргийг ашигласнаа С.Энхтүвшин хэллээ.

Тавилгын үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ монгол гэрийг халаах халдаг ширээг мөн хийжээ. Халдаг ширээтэй айл шөнийн тариф тэглэсэн үед сард цахилгааны зардалд 30 мянган төгрөг зарцуулсан талаар тэрбээр ярьсан.

УИХ-ААС БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ ЭРЧТЭЙ АЖИЛЛАНА

Дүүргүүдэд ажиллах үеэрээ УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогт, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар дараах мэдээллийг өгч байсан юм.

УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг богино хугацаанд бүх дүүрэгт ажилласан бөгөөд утаа бууруулах бүх шийдлүүдийг судалсан талаараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэв. Тэрбээр түүхий нүүрсний оронд сайжруулсан түлш хэрэглэх, зуухны оронд цахилгаан халаалттай болох зэрэг богино, дунд хугацааны ажлыг оновчтой хийх талаар саналаа хэлсэн.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ илч сайтай, утаа бага гаргадаг сайжруулсан түлшийг зуухтай бүх өрх айлууд түлдэг болчихвол үр дүн гарна гэдгийг хэлэв. Тэрбээр “Улаанбаатар бол 300-400 км яваад барагдахгүй 30, 40 сая хүн амтай хот биш, 30-40 км яваад нэг захаас нөгөөд нь очих, сая гаруй хүнтэй энэ хотын утааг арилгах нь хялбар байх учиртай. УИХ-ын Ажлын хэсэг эрчтэй ажилласнаар үр дүн гаргана” хэмээн ярилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.16) Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өргөн мэдүүллээ.

Тамхины хяналтын тухай хуульд дараах үндсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж байгаа юм байна:

1.Хуулийн зарим нэр томьёоны тодорхойлолтыг иргэдэд ойлгомжтой болгох, Тамхи, тамхин бүтээгдэхүүн гэсэн давхардсан санааг нэг болгох, тамхины хяналтад утаагүй тамхины зохицуулалтыг сайжруулах заалт,

2. Мөн НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын хамтарсан үнэлгээний баг ТХСК-ийн “Хүн амыг тамхины утаанд өртөж, хордохоос хамгаалах” 8 дугаар удирдамжийн дагуу байгууллагын дотоод орчинг 100 хувь тамхигүй орчин болгох шаардлагатайг зөвлөсөн. Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн 2.2-д Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэж хуульчилсаны дагуу байгууллагын хамт олныг тамхины утаанд өртөхөөс хамгаалах зорилгоор байгууллагын дотоод орчинг 100 хувь тамхигүй орчин болгож, байгууллагын орох хаалганаас 10-15м-ийн зайд тамхи татах цэгтэй болгож, зардлыг тухайн байгууллага хариуцахаар тусгаж байна. Хуульд зөвхөн утаат тамхинаас гадна утаагүй тамхийг хуульд хориглосон газар татахыг хориглоно.

3. ТХСК-ийн 11 дүгээр удирдамжийн 1b.iv-д эрүүл мэндийн анхааруулга нь тамхины хайрцаг, сав, баглаа боодлын 50 болон түүнээс дээш хувьд байхаар туссан байдаг тул эрүүл мэндийн зурагт анхааруулгын хэмжээг нэмж 75 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулна. Сүүлийн жилүүдэд хуулийн зохицуулалтгүйгээс зах зээлд нэмэгдэж байгаа, хуулийн зохицуулалтад хамрагдахгүй байгаа никотины хэмжээ өндөртэй навчин болон навчит тамхи нь бусад тамхины адил зохицуулагдах бөгөөд зөвхөн эрүүл мэндийн анхааруулга дагалдаж худалдаалагдаж байхаар хуулийн төсөлд тусгана.

4. МХЕГын тамхины импорт, худалдааны зохицуулалтыг тодорхой болгох саналыг үндэслэн хугацаа дууссан тамхи худалдах, тамхийг мал, амьтан, бараа бүтээгдэхүүнээр солихыг хориглож, тамхийг томоохон боомтуудаар импортлох зохицуулалтыг нэмж тусгана.

5. Дэлхий нийтэд тамхины газар тариалан эрхлэх ажил буурах нөхцөл бүрдэж байгаатай холбоотойгоор тамхины тариалан эрхлэгчдээс эх орны нутаг дэвсгэрийг хамгаалах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Монгол улсад тамхины ургамал тарих, өсгөвөрлөх, газар тариалан эрхлэхийг хориглоно.

6.ТХСК-ийн 5.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор ТХСКийг хэрэгжүүлэхийг бүх шатны төрийн байгууллагад үүрэг болгоно.

7. Тамхийг худалдаа, үйлчилгээнд тамхийг биет байдлаар ил байрлуулж худалдах замаар сурталчилдаг байдлыг өөрчилж, тамхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд болон шууд бус байдлаар сурталчлах асуудлыг зохицуулалтыг сайжруулж, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлнэ.

8.ТХСКийг дагаж батлагдсан Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколд Монгол улс 2014 онд нэгдэн орсон 4 дэх орон болсонтой холбоотойгоор тамхин бүтээгдэхүүний аливаа хууль бус худалдааг илрүүлэх, таслан зогсоох,хяналт тавих ТХСК-ийн шаардлагад нийцсэн системийг нэвтрүүлэхээр тусгасан.

Ингэснээр хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний дунд тамхины хэрэглээ багасах, тамхины утаанд өртөхөөс сэргийлэх боломж бүрдэж, Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчнөөр өвчлөн цагаас эрт нас баралтыгбууруулах, хүн ам эрүүлжин, амьдралын чанар нь дээшлэх, Монгол Улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэх нэг нөхцөл бүрдэх юм гэж хуулийн төслийг санаачлагч танилцуулгадаа дурджээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 55.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн хуралдаанаараа хийв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцууллаа.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад банкуудын охин болон хараат компанийн үйл ажиллагааг хориглох зохицуулалтыг тусгасан юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 11 зүйлийн 11.3.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой олон асуудал үүсч байгаа учир цаашид хэд хэдэн зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа гэв. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн явцад алдаа гарах, хуулийн зарим бичилт тодорхой бус, зарим заалт хоорондоо зөрчилдсөн зэрэг асуудал гарч байгаа учир зарим зүйл, заалтыг өөрчлөх шаардлага үүсээд байна. Шүүх, прокурор гээд зөрчлийн харилцаанд холбогдож буй 27 байгууллагын төлөөлөл ирэх хоёрдугаар сарын эцсээр Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн дүн, холбогдох үзүүлэлтүүдэд тулгуурлан уулзалт хийхээр төлөвлөөд байгаа” гэлээ. Банкны салбарт эрх зүйн зөв зохицуулалтыг хийгээгүйгээс арилжааны банкууд охин компани байгуулах замаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, бусдад зээл олгохоосоо илүү өөрийн аж ахуйн үйл ажиллагаагаа санхүүжүүлэн бизнесээ өргөжүүлж байсныг өөрчлөх зохицуулалтыг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд илэрхийлсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ажлын хэсгээс тодруулга хийсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, Ц.Нямдорж нар санал хэлж байр сууриа илэрхийлсэн.

Ийнхүү Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен нар албан ёсны хэлэлцээ хийв

БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийв. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Талууд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай”, “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай”, “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай” хэлэлцээр болон Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

БНСУ-ын Засгийн газраас авах 700 сая ам.доллартай тэнцэх воны хөнгөлөлттэй зээл 0,2 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм. Энэ зээлийг 2019 он дуустал хугацаанд авах бөгөөд агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулахаар төлөвлөж байна.

Харин Санамж бичиг байгуулснаар хоёр орны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

Мөн өдрийн өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Солонгосын бизнес форумд оролцсон бол үдээс хойш бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийж хоёр улсын худалдаа, бизнесийг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “БНСУ-д хийсэн айлчлал зорилгодоо 100 хувь хүрлээ” гэж онцоллоо.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Багануурын үйлдвэр технологийн парк”, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн технологийн парк”, “Налайхын барилгын материал үйлдвэрлэлийн технологийн парк” зэрэг төслийг Солонгосын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Монголыг нүүрсээр дамжуулан эзэрхийлэх гэсэн хятадуудын дургүйцлийг Засгийн газар хүргэж, Ганцмодны боомтыг хятадууд хааж байна

Хоёр улс дамнасан нүүрс тээврийг Хятадын тал санаатайгаар зогсоож байгаа нь Ганцмодны хилийн боомт дээрх 400 гаруй хятад иргэний жагсаалаас тодорхой харагдаж байна лээ. БНХАУ-ын хууль чанга хатуу, түүнийг даган мөрдүүлэх байгууллага ч ажлаа шуурхай хийдэг гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Гэтэл хилийн нүүрс тээвэрлэлтийн замыг хааж, тээврийн компанийн ажилтнууд жагсаал хийж, боомт дээр үймээн самуун дэгдээж байхад урд хөршийн хууль хяналтын байгууллага ямар нэгэн арга хэмжээ авалгүй долоо хонож байна. Хэрэв цаанаас нь зохион байгуулаагүй байсан бол нүүрсний компанийнхан ч ингэж улсынхаа хил дээр зоригтойгоор жагсаал хийх зүрх зориг байхгүй нь тодорхой. Монголын нүүрсний салбар хятадын гарт очоод олон жил болж байгаа. Тэд газрын баялаг болсон нүүрсээр дамжуулан Монголын эдийн засгийг эзэгнэх, бүр цаашилбал, эдийн засгаар дамжуулан Монгол орныг өөрсдийн эрхшээл оруулах далд бодлого хийж байгаа нь энэ явдлаар ил болж байна. Монголын төр засаг дэлхийн нүүрсний зах зээлд гарах, цаашилбал, өөр оронд нүүрсээ худалдах гарц гаргалгаа хийж, яриа хэлэлцээр өрнөх болгонд хятадууд нүүрсний тээврийг гацаасаар ирсэн.

Мөн нүүрсний үнэ ханшийг буулгаад эхэлдэг болсон. Өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д хийсэн айлчлалын үеэр “Тавантолгой”-н нүүрсийг ОХУ-ын “Восточный” боомтоор дамжуулан зах зээлд гаргах талаар яриа хэлэлцээр хийсэн. Ерөнхийлөгч нүүрсээ зарах асуудал яригдаж эхлэнгүүт урд хөршийнхөн манайхаас өдөрт 200-500 машин нүүрс хилээр нэвтрүүлээд эхэлсэн. Үүнээс болоод Таван толгойн уурхайгаас эхлээд Гашуун сухайт хилийн боомт хүртэл 200 гаруй километр урт дараалал үүсч, жолооч нар 20 гаруй хоног зам дээр хоолтой хоолгүй хонож байсан билээ. Энэ асуудалд манай Засгийн газрын холбогдох сайд, албаныхан арга хэмжээ авч, Засгийн газрын тогтоол батлан нүүрс тээвэрлэлтийн урт дарааллыг арилгах, нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарыг тогтвортой ажлын байраар хангах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг төлөх зэрэг асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн. Ингэхдээ уурхайгаас гарсан нүүрсийг Цагаан хадны хилийн ойролцоох томоохон хашаануудад буулгаад богино эргэлтээр нүүрс тээвэрлэх зохицуулалт хийсэн юм. Буулгасан нүүрсийг 20 километр газарт тээвэрлэж хилээр гаргах болсон.

Үүнээс үүдэлтэйгээр урт дараалал үүсэхээ больж, Монголын нүүрс тээвэр Хятадын хилийн боомтынхноос хамаарахгүйгээр эргэлтэд хурдан орсон гэсэн үг. Үүнийг БНХАУ-аас эсэргүүцэж, хэдэн жолоочоор хилээ хаалгаж, Монголын төр засгийг эргүүлэн дарамталж, шахаж шантаажилж байгааг сүүлийн үед өрнөж буй үйл явдлууд тодорхой харуулж байгаа юм.

ЖАГСАГЧИД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА РУУ ДАЙРЧ, ЗАСГИЙН ОРДНЫХОО ХАШААНД ЛООЗОНТОЙ МАШИН ОРУУЛАВ

2018 оны нэгдүгээр сарын 12-н буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн өглөө Ганцмодны хилийн боомтын замыг хааж, жагсаал хийх 400 гаруй хятад иргэн цугларав. Жолооч нар хоорондоо “Монголын нэг бүдүүн дарга ирэх юм гэнэ. Тэр дарга руу дайрч, Засгийн газрын тогтоолыг эсэргүүцнэ. “Янхан” жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй. Засгийн газрын тогтоолоо хүчингүй болго. Тэр болтол чинь зам чөлөөлөхгүй гэж хашгираарай” хэмээн ярилцаж байгаа сонсогдов. Орчуулагч “Энэ хэдэд өглөө дарга нар нь үүрэг чиглэл өгчихсөн юм шиг байна. Өчигдөр орой нүүрс тээврийн компанийн дарга нар Засгийн ордныхонтой уулзсан байна лээ. Тэднээс л үүрэг чиглэл өгсөн байх” хэмээн ярив. Жагсагчид цуглардагаараа цугларч, хашгирдагаараа хашгирлаа. 10:30 цагийн орчимд Засгийн ордон руу бүгдээрээ алхав. Тэд ар араасаа цувран эмх цэгцтэй алхсаар очлоо. Мөн нүүрс тээвэрлэлтэд явдаг бололтой хятад улсын дугаартай хүнд даацын машин хар утаа суунаглуулан пар пар хийн хаазалсаар ирж байгаа харагдав. Тэвшин дээр нь улаан хулдаасан дээр лоозон уячихсан байгаа харагдлаа. Төв замаар хаазлан давхисаар Засгийн ордонг чиглээд ирэх ажээ. Харуул хамгаалалтын албаныхан нөгөө хар утаа хаяж давхих хүнд даацын машиныг ямар ч хяналт шалгалтгүйгээр оруулах нь тэр. Нөгөө машин чигээрээ давхисаар Засгийн газрын ордных нь төв хаалган дээр хөндлөн зогсчихлоо. Харин жагсагчдын 200 гаруй нь бичиг баримтаа үзүүлээд дотогш нэвтэрч байгаа харагдав. Тэгсэн ӨМА 0001 гэсэн улсын дугаартай хар жийп, араас нь “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийнхан, МҮОНРТ, Зам тээврийн сайд асан М.Зоригт нар давхиад ирлээ. Засгийн ордныхоо үүдэнд зогсож байсан, гартаа жижигхэн уриа лоозон барьсан жолооч нар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарыг хараад хашгирч, орилж гарлаа. Аймгийн Засаг дарга машинаасаа буулгүйгээр шууд Засгийн ордны хашааг нэвтэрч, ордны хаалган дээрээс дотогш орсон юм. Бид ч аймгийн даргыг дагаад дотогш орцгоолоо. Засгийн ордонд Хилийн боомт, цагдаа тэргүүтэй Баяннуур аймгийн дарга нар эгнээд суучихжээ. Мөн нүүрс тээврийн компанийн захирлууд ширээний урдуур эгнээд суужээ. Тэдний ард жолооч нар суучихсан байлаа.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Яагаад нүүрс тээвэрлэлтийг зогсоосон. Хятадын нүүрс тээврийн компаниуд ямар учир шалтгаанаар Засгийн газрын 320 дугаар тогтоолыг эсэргүүцэж байгаа талаар холбогдох албан тушаалтнуудаас асууж тодрууллаа. Хариуд нь Баяннуур аймгийн дарга “Хоёр улсаас нүүрс тээвэрлэж байгаа компаниудын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар бидэнд 12 төрлийн шаардлага, 400 гаруй хүний гарын үсэг болоод хурууны хээтэй бичиг ирсэн. Үүнийг Монголын Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Компаниуд болоод жолооч нар ердөө л дөрвөн зүйлийг эсэргүүцэж байгаа юм. “Чалко” болон “Винсвэй” компанийн тээвэр хийдэг машины эзэд нэгдүгээрт, уртын урт тээврийг хуучнаар явуулах, хоёрдугаарт, улс хоорондын тээвэр хийх эрхийг Авто тээврийн үндэсний төвөөс хятад эзэнтэй компаниудад нэмж өгөх, гуравдугаарт, Монгол жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй байх. Дөрөвдүгээрт, хятад жолооч тээвэрт явахад визний дэмжлэг үзүүлэх гэсэн асуудлууд байна” гэв.Үүний хариуд Засаг дарга Н.Наранбаатар “Монгол Улсын Засгийн газрын сайд болон холбогдох албаны дарга нар хилийн боомт дээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ирсэн. Ингээд Засгийн газрын тогтоол гарч, нүүрсний уртын урт тээвэрлэлтийг өөрчилсөн. Бидний хувьд шийдвэр гаргах албан тушаалтан биш болохоор та бүхний тавиад байгаа шаардлагыг хүлээн авах боломжгүй. Харин нүүрс тээврийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхийг хүсмээр байна” гэв. БНХАУ-ын боомтын удирдлагууд уулзалтын талаар тээврийн компанийн удирдлагуудад танилцуулсан юм. Энэ үеэр жагсаал хийж байсан жолооч нар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар руу дайрч, хэл амаар доромжилж байв. Мөн “Бидний хүсэлтийг хүлээж автал нүүрсний замыг нээхгүй” гэдгээ ч ам амандаа шаагилдан хэлж байлаа. Ингээд хоёр талын уулзалт олигтой үр дүнд хүрэлгүйгээр тарцгаалаа. Ганцмодны хилийн боомтын замыг ойрын хугацаанд нээхгүй юм байна гэдэг нь хүмүүсийн хэлж байгаа үгнээс тодорхой байна лээ. Мөн Ганцмодны хилийн боомтынхон манайханд “Цагаан сар болтол нүүрс тээврийг гацаана. Зам нээхгүй” гэх яриаг тараалгасан гэсэн. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар уулзалтаас гарах үед хашааны гадна зогсож байсан хүмүүс мөн л хашгирч, “Уртын урт тээврийг хийлгэ. Танай жолооч нарын нийгмийн даатгалыг бид төлөхгүй. Хятад жолооч нар нүүрс тээвэрлэмээр байна” гээд л хашгирч байна лээ.

Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар тэргүүтэй хүмүүс ганц модны боомт дээр уулзалт хийв 2018.01.12

“МОНГОЛ ЖОЛООЧ НАР БИДНИЙГ ХУЛХИДАЖ МАШИНЫ ЭД АНГИ ХУЛГАЙГААР ЗАРДАГ” ГЭВ

“Эрдэнэс Таван толгой”, “Энержи Ресурс” ХХК, “Таван Толгой” ХК тэргүүтэй уурхайн нүүрсийг худалдан авдаг “Винсвэй” компани, “Чалько” компанитай 400 гаруй тээврийн компани гэрээ хийж нүүрс тээвэрлэж байгаа билээ. Ганцмодны хилийн боомт дээр жагсаал хийж байгаа компаниудын төлөөлөл болсон гурван компанийн захиралтай уулзлаа. Тэд компани болоод өөрсдийнхөө нэрийг хэлбэл амь нас, эрүүл мэндээр хохирох аюултай гэсэн учир нэрийг нь нууцалж, орчуулагчаар дамжуулан ярилцлага авлаа. Ж гэх захирал сүүлийн арав гаруй жил Монголын нүүрс тээврийн салбарт ажиллаж байгаа юм гэнэ.

-Та бүхэн ямар шалтгаанаар ганц модны хилийн боомт дээр жагсаал хийгээд байгаа юм бэ?

-Хэд хэдэн томоохон шалтгаан байна. 2013 онд БНХАУ-ын компаниуд нүүрс тээвэрлэж байсан. Тэр үед хятадын машинуудыг Монголын газар нутагт явуулахгүй гэх шийдвэр гарсан. Бид ч тэр шийдвэрийг дагаад Монголын нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй компаниудын нэр дээр машинаа шилжүүлсэн. Машины улсын дугаар өөрчлөгдсөн болохоос бидний өмч хэвээрээ байсан. Тэгсэн хятад жолооч нарыг шахаад эхэлсэн. Визний асуудлаас болоод цөөхөн хятад жолооч нүүрс тээвэрт явж байна. Ингээд монгол жолооч нарт машинаа өгөөд нүүрс тээвэрт явуулдаг болсон. Бид урьдчилгаа мөнгөний хамт машинаа өгөөд явуулдаг. Монгол жолооч нар үнэхээр хариуцлага байхгүй. Нүүрс тээвэрлээд явж байгаад машин эвдчихнэ. Хурдтай явж байгаад урд явж байгаагаа мөргөх, замын хажуу руу унагах, 100 тонн нүүрс тээвэрлэж явж байгаа атлаа л хурдтай давхидаг. Тэгээд гэнэт тормос гишгээд дугуйг нь хагалдаг. Эсвэл осол хийнэ. Мөн олон тонн нүүрс ачсан болохоор массаараа түрээд зогсохгүй болохоор хүчээр зогсоодог. Ингээд машины кроп эвдчихдэг. Эвдэрсэн газраа машинаа хаяад өөр машинд суугаад яваад өгдөг. Бид эвдэрсэн машиныг нь Монгол руу очиж арай гэж авчирдаг. Мөн машины эд анги хулгайлна. 60 сая төгрөгийн үнэтэй машиныг бүр жижиглээд 15 сая төгрөгөөр зарсан тохиолдол ч гарсан. Тэгсэн танай Монголын бүдүүн дарга нар ирээд уртын урт тээврийг зогсоочихсон. Үүнээс болоод бид машиндаа хяналт тавьж чадахгүй болчихож байгаа юм. Яагаад гэхээр хил рүү орж ирэлгүй Цагаан хаданд нүүрсээ буулгачихаад эргээд уурхай руугаа явдаг болчихоод байна. Хилийн цаана байгаа бид хяналт тавьж чадахгүй байна. Гол асуудал ийм байгаа юм. Монголчуудад машин өгснөөс танайхны хэлдгээр “Чононд мах хадгалуулсан нь дээр” гэдэг шиг зүйл болно. Бас өөр асуудал нь монгол жолооч нар нэг өдөр нь өөр хүний машин бариад явдаг. Маргааш нь өөр хүний машин дээр очоод “Би нүүрс тээвэрлээд ирье. Тэр надад бага цалин өгсөн” гээд өөр машины эзэн дээр очдог. Тогтвор суурьшил байхгүй. Тийм хүмүүсийн нийгмийн даатгалыг бид яахаараа өгөх юм бэ.

-Та бүхэн хүсвэл Монголын компанид хөрөнгө оруулалт хийгээд ашиг хүртэх боломжтой биз дээ. Тийм компани хэд хэд байдаг юм байна лээ?

-Бизнес хийнэ гэдэг ашиг олно гэсэн үг. Тэгэхээр тэр монгол компанийн эзэнд мөнгө өгнө. Бас татвар нэрийн дор мөнгө төлөх болно шүү дээ.

-Хятадууд монголчуудыг нүүрс тээвэрт явуулчихаад цалин мөнгийг нь өгдөггүй. Бүр зоддож, амь насыг нь хөнөөсөн асуудал гараад байгаа шүү дээ?

-Монгол жолооч нарт учир байдаг юм аа. Тэд зүгээр байвал бид ч зүгээр л цалинг нь өгнө шүү дээ.

-Та бүхэн жагсаалаа хэдий болтол үргэлжлүүлэх юм бэ. хятадын Засгийн газар та бүхнийг хил дээр жагсаал хий гэсэн үүрэг даалгавар өгсөн гэсэн. Энэ үнэн үү?

-Монгол Улсын Засгийн газар бидний тавьсан шаардлагыг хүлээж автал хилийн замыг хаана. Манай Баяннуур аймгийн дарга нар, цагдаа нар биднийг жагсаал хийхийг зөвшөөрсөн. Бид бүх зөвшөөрлийг хуулийн дагуу авсан. Бид ч хил дээр ямар нэгэн үймээн самуун гаргахгүй. Тайван жагсаал хийх юм гэв.

Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар тэргүүтэй хүмүүс ганц модны боомт дээр уулзалт хийв 2018.01.12

Нүүрс тээвэрлэж байгаа монгол жолооч нар болоод Ганцмодны хилийн боомт дээрх хятадуудын харилцаа сүүлийн жилүүдэд муудаад байгааг уулзсан хүмүүс ярьж байна лээ. Бие биенийгээ муулж, үзэн ядаж байгаа нь уулзсан хүн бүрээс мэдрэгдэж байв. Ганцмодны боомтын хил дээр монголчуудыг хятадууд зодож, доромжлох нь хэвийн үзэгдэл мэт болсон тухай ярих хүн ч цөөнгүй байв. Хэн дуртай нь монголчуудыг дорж үзэж, бүр амь насыг нь хөнөөсөн хэрэг ч удаа дараа гараад байгаа. Өнгөрсөн жил гэхэд манай улсын гурван залуу алга болсон байна. Тэдний хоёрыг нь онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь зам дагуу газарт булсан байсныг орон нутгийн цагдаа нар олсон байдаг. Мөн цалингаа авч чадалгүй хохирсон хоёр мянга гаруй иргэн байдаг аж. Манайхан ч боломж гарвал хятад жолооч нарт “шанг” нь хүртээгээд буцаадаг, машин техникт нь хүнийрхүү сэтгэлээр ханддаг, хулгай дээрэм хийдэг асуудал цөөнгүй гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, хоёр улсын нүүрс тээврийн компаниуд, ажилчдад хариуцлага, ёс журам, сахилга бат огт үгүй болсон бөгөөд үүнийг цэгцлэх цаг ирсэн нь энэ явдлаар мөн ил болж байгаа юм.

Үргэлжлэл бий