УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо яг одоо хуралдаж байна. Тус байнгын хороогоор Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэгдэж эхэлсэн цагаасаа хойш багагүй маргаан дагуулаад байгаа уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш буюу пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Month: January 2018
Өнгөрсөн долоо хоногт болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр тамирчдаас допингийн сорил авчээ.
Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд нэгдүгээр сарын 11-14-нд болсон тус тэмцээнд 25 байгууллагын 300 гаруй тамирчин өрсөлдөв. 2017 оноос эхлэн спортыг дэмжих сангийн санхүүжилтээр буюу төрийн дэмжлэгтэй анх удаа “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Уг төслийг БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төв, ТББ-тай хамтран хийж байгаа юм. Энэ хугацаанд тамирчдаас тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн сорил авчээ. Энэхүү төсөл энэ онд дахин үргэлжилж байна.
“Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд өнгөрөгч онд спортын 17 төрлөөр 200 тамирчнаас допингийн сорил авсан байна. Мөн үндэсний бөхийн 35 тамирчнаас барилдааны үед сорил авчээ. Тамирчдаас авсан допингийн сорил дээжийг БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн баталгаат лабораторид явуулаад байгаа юм.
Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг Берлин хотноо ХБНГУ-ын ГХЯ-ны Ази, Номхон Далайн газрын дэд захирал, Элчин сайд хат. П.Зигмундтэй 2018 оны 1 дүгээр сар 16-ны өдөр Холбооны ГХЯ-нд уулзаж ярилцав. Тэрбээр энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Холбооны Гадаад хэргийн сайд З.Габриельд илгээсэн захидлыг гардуулж, Монгол Улсыг Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-аас гарахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах үүрэг бүхий төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн хуралдаан энэ сарын 9-нд болж санал дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлсэн байна.
Уг хуралдаанаас гаргасан саналыг үндэслэн Засгийн газраас Шатахууны жижиглэнгийн үнийн бүрдэлт, компаниудын ашиг алдагдлын тооцоог судалж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулжээ. Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатарын өчигдөр гаргасан тушаалын дагуу ажлын хэсгийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл ахлах юм байна.
Тэрээр “Шалгалтаас зайлсхийсэн, буруу мэдээлэл өгсөн, хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдвол хатуу хариуцлага тооцуулах санал оруулж цагдаа прокурорын байгууллагад хандана” гэдгээ мэдэгджээ.
Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг томуу, томуу төст өвчний байдалтай танилцах хүрээнд Баянгол дүүргийн Эмүжин хүүхдийн эмнэлэг, тус дүүргийн хүүхдийн эмнэлэг, ахмадын эмнэлэг, “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвд ажиллажээ.
Эмүжин хүүхдийн эмнэлэг нь 24 цагаар тус дүүргийн хүүхдийн амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд энэ сарын 15-ний өдрийн байдлаар нийт 74 хүүхэд ирж үзүүлсний 51 хүүхэд өдрийн цагаар, 23 хүүхэд оройн цагаар буюу 17-19 цагийн хооронд ирж үзүүлж, зөвлөгөө авсан байна. Ирж үзүүлсэн хүүхдүүдийн 43 нь амьсгалын замын халдварт өвчтэй байсан байна. Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт энэ сарын 16-ны өдрийн 11 цагийн байдлаар 160 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус дүүргийн ахмадын эмнэлгийн 8 дугаар давхрын ахмад настны орыг чөлөөлөн нэмэлтээр 30 орыг хүүхдийн оронд шилжүүлж, хүүхдийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Хүүхдийн амралт эхэлсэн, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа, бага насны хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгож байгаатай холбоотойгоор томуу, томуу төст өвчний өвчлөл багасч, эмнэлгийн ачаалал буурч байгаа талаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ярьж байв. Өвчлөл багасч, ачаалал буурч байгаа боловч сүүлийн өдрүүдэд гол төлөв 1 хүртэлх насны хүүхдүүд хүндэрч ирж байгаа бөгөөд хатгалгаа өвчний шимэгдэлт удаан байгаа талаар Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Болормаа мэдээлж байв.
НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтод хамрагдах иргэдийг энэ сарын 22-ноос өмнө www.ebarimt.mn цахим хуудсан дахь мэдээллээ бүрэн оруулахыг Татварын ерөнхий газраас анхааруулав.
ТЕГ-аас НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг энэ сарын 22-нд Сангийн яаманд хүргүүлэх юм. Харин Сангийн яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу шилжүүлнэ.
Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төвөөс ирүүлсэн мэдээллээр www.ebarimt.mn цахим хуудсанд 655 мянга 245 хэрэглэгч бүртгэлтэй байгаагаас 22 мянга 192 нь мэдээллээ дутуу болон алдаатай бөглөсөн байна. Дээрх алдаагаа энэ сарын 22-ноос өмнө засварлахгүй бол 20 хувийн буцаан олголтод хамрагдах боломжгүй юм. Тиймээс иргэдийг www.ebarimt.mn цахим хуудсан дахь өөрийн хаягаараа нэвтрэн “Данс тохируулах” хэсгээс овог, нэр, регистрийн дугаар, Имейл хаяг болон харилцагч банк, дансны дугаар зэргээ үнэн зөв бөглөн баталгаажуулахыг анхаарууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэйгээ уулзаж агаарын бохирдол болон бусад цаг үеийн асуудлаар ярилцаж байгаа билээ. Төрийн тэргүүн энэ сарын 14-нд Чингэлтэй, 15-нд Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж ярилцсан. Тэгвэл энэ долоо хоногийн бямба гаригт Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэдийн санал бодлыг сонсохоор төлөвлөжээ. Уулзалт МҮЭСТО-нд 11, 15 цагт болно.
Баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор аж үйлдвэрийн нэгдсэн системд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэх ажлыг Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулж байна.
БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Мёнжи эмнэлэгт хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж буй Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайг эмнэлэгт очиж эргэжээ. “Төр, түмнийхээ хайр, эмнэлэг, эмчийн хүчээр эрүүл боллоо” гэж Б.Лхагвасүрэн гуай талархсан сэтгэлээ илэрхийлсэн байна.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн ходоодны хорт хавдрын гуравдугаар үедээ орсон гэсэн оноштойгоор яаралтай хагалгаанд орохоор болсон билээ. Долоон цаг үргэлжилсэн мэс засал амжилттай болсон сайхан мэдээг түүний гэр бүлийнхэн ард түмэндээ дуулгасан билээ.
ЗЦА-ны албан хаагчдад хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх сургалт явуулснас хойш энэ хэрэгтэй холбоотой анхны илрүүлэлт гарсан байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэг, нисэхийн тойргийн замд явж байсан “Тоёото приус-30” маркийн машиныг эргүүлийн замын цагдаа нар зогсоон шалгахад 19, 24 насны хоёр залуу сэжиг бүхий байсан тул машиныг нь нэгжжээ.
Ингэхэд урд талын үнсний сав нь онгорхой, дотор нь тамхины төрлийн, ямар нэгэн үнэргүй цаасанд ороосон зүйл байжээ. Тусгайлан ороосон зүйл юу болох талаар цагдаа нар асуухад “Тамхины иш” гэсэн ч хоёр иргэний гаднах байдал, нүдний харцыг ажиглахад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй байдал илэрчээ. Тиймээс замын цагдаагийн алба хаагчид тухайн нунтгийг шинжлүүлэхэд дээрх хоёр иргэн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Мөн тухайн машинаас тугалган цаас болон тамхины төрлийн нунтаг зүйл илэрснийг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлж, мансуурсан хоёр этгээдийг түр саатуулж, мөрдөн байцааж байна.