Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хаалттай горимд шилжив

ЗурагУИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Төрийн ордонд хуралдаж байна.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Уг асуудлыг дэгийн дагуу хаалттай горимоор хэлэлцдэг. Иймээс тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүд Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон бусад холбогдох албаны хүмүүс өчигдөр Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллав.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг БГД-ийн 23 дугаар хороонд ажиллаж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулж агаар, хөрс бохирдуулагч эх үүсвэргүй болгох төсөлтэй танилцсан юм. Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Ард Аюушийн 8-14 дүгээр гудамжны 152 нэгж талбар 10 га газар хамарсан “Шинэ шийдэл” төсөл. Нийтдээ 152 айл өрхийг инженерийн бие даасан шугам сүлжээнд холбох шийдэл бүхий төсөл аж. БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа хэлэхдээ “Манай дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гурван үндсэн төсөл амжилттай явж байна. “Шинэ шийдэл” төслийн хувьд иргэдийн нэг хэсэгт нь орон сууц, нөгөө хэсэгт нь амины орон сууц барих сонголттойгоор зураг төсөл нь гарчихсан. Дэд бүтцийг нь шийдээд өгвөл ААН-үүд үлдсэн ажлыг хийчихдэг. Гол тулгамдаж байгаа асуудал нь дэд бүтэц байна” хэмээсэн юм.

Ажлын хэсгийнхэн 2010 оноос хойш шалны цахилгаан халаагуур ашиглаж байгаа иргэн С.Одончимэдийнд зочилжсон. “Цахилгаан халаалт тавихын өмнө гэрээ сайн дулаалсан байх шаардлагатай. Ойр орчмын айлууд ихэд сонирхдог хэдий ч худалдаж авах боломж нь хүрдэггүй. Тиймээс цахилгаан халаагуурыг зээлээр авах боломж бүрдүүлвэл хүмүүс ихээр хэрэглэнэ. Цахилгааны төлбөр сардаа дунджаар 150 мянга орчим гардаг. Үүнээс шөнийн хөнгөлөлтөө хасаад 80 мянга орчим төлдөг” хэмээн гэрийн эзэгтэй туршлагаасаа хуваалцлаа.

Нүүрсний хэрэглээнээс татгалзаж цахилгаанаар ажилладаг уурын халаалт тавьсан БГД-ийн 22-р хорооны байртай ажлын хэсгийнхэн танилцав. Засаг дарга С.Мөнгөнтулга “Манай хорооны байр хүйтний улиралд сардаа нүүрс, түлээ, галчийн цалин зэрэгт 2.5 сая төгрөг зарцуулдаг байсан. Харин энэ цахилгаан эх үүсвэртэй уурын халаалттай болсноос хойш халаалтанд сардаа 1.5 сая төгрөгийн зардал гардаг болсон” хэмээн танилцуулав.

Баянгол дүүргийн хувьд агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 3200 айлын орон сууцыг ирэх 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Дахин төлөвлөлтийн ажил 2015 онд эхэлсэн байна. Энэ оны эхний улиралд 112 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, 336 айлын орон сууцны барилгын ажлыг хавраас эхлүүлэхээр төлөвлөсөн байна. “Өнөөдрийн байдлаар 25 айлын газрыг чөлөөлөөд байна. Эдгээр айлд нийтдээ 49 орон сууц өгөхөөр тохиролцоод ажлаа эхлүүлсэн. Өнөөдрийн чөлөөлөөд байгаа газартаа нийт 500 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байна. Цаашдаа 30 га газрын 400 өрхийн газрыг чөлөөлөөд 3200 айлын орон сууц барина. Айлуудынхаа 80 хувьтай тохирлцсон байгаа” хэмээн “Грийн ресурс” ХХК-ийн захирал С.Уугантуяа ярилаа. Эдгээр барилга ашиглалтад орсноор Баянгол дүүргийн гэр хорооллын нийт айл өрхийн 25 хувь нь тохилог орон сууцаар хангагдах боломж бүрдэх аж.

Ажлын хэсгийнхэн мөн өдөр сайжруулсан шахмал түлшний “MCPT” ХХК-ийн үйлдвэртэй танилцсан. Уг үйлдвэрт аягдал үртэс, зоргодос зэрэгт хушны самрын яс хольж түүхий нүүрснээс 48 дахин бага хорт хий ялгаруулдаг брикет түлш, мөн модны үртэс, хүрэн нүүрсний хагас кокс, техникийн цардуул хольж түүхий нүүрснээс 30 дахин бага хорт хий ялгаруулдаг сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг аж.

Өндөр хөгжилтэй орнуудын өргөн хэрэглээний түлш болсон сайжруулсан түлш нь бүрэн шатаж утаа бага ялгаруулна, удаан шаталттай, асах хугацаа харьцангуй хурдан, хүхрийн агууламж бага зэрэг олон давуу талтай гэдгийг компанийн захирал Д.Бямбадаш танилцуулж байлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ, Байнгын хороо, дэд хороодоос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль санаачлах, санал, дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Өнөөдөр шалны халаалт тавьсан, байшингаа дулаалсан өрх, цахилгаан эх үүсвэртэй уурын халаагуур тавьсан өрхийн барилга зэрэгтэй танилцлаа. Мөн хамгийн сайн шийдэл буюу орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж буй Грийн ресурс компанийн болон сайжруулсан түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Урт, дунд, богино хугацаанд утааны асуудлыг шийдэх боломжийг бид бүхэн бүрэн үзлээ. Энэ бүхнийг олон хүнд хүргэж, хэрэгжүүлэх тал дээр иргэд, ААН, төр засаг бүгд нэг зүгт харж, анхаармаар байна” хэмээн ярилаа.

“Төр засаг дорвитой алхам хийвэл утааны асуудлыг шийдэх боломж бий. Айл бүрт онцлог байна. Зарим газарт дэд бүтэц оруулж байхад өөр газарт сайжруулсан зуух, түлш, цахилгаан халаалт зэрэг олон янзын арга байна. Боломж бүрийг айл бүрт хүргэх нь ажлын хэсгийн зорилго. Айл бүрийн онцлогт тааруулж шийдэх боломжийг судалж, хэрэгжүүлбэл богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулах боломж байна” хэмээн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо долоон асуудал хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.17) хуралдаан 10 цаг 15 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, долоон асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцуулсан юм. Ажлын хэсэг хуралдаж, анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу “банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт” гэсэн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг тодорхой болгож түүний шалгуурыг тусгах, мөн төслийн 36 дэх хэсгийн 36.1.2, 36.1.4хэсгийг нэгтгэн “эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй” хэмээн өөрчлөн найруулахаар саналыг томъёоллыг бэлтгэжээ. Мөн төслийн 3 дугаар зүйлийн 34.2.3 дахь заалтыг “бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх” гэж өөрчлөн найруулах, “Банкийг татан буулгах арга хэмжээ хэрэгжих нөхцөл” гэсэ төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 70 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулах саналыг томъёоллыг Ажлын хэсгээс бэлтгэсэн байна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хамтад нь боловсруулж хэлэлцүүлэхээр бэлтгэсэн болохыг танилцуулав. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулагатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар тодруулга хийж хариулт авсан юм. Дараа нь Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР БАТЛУУЛАХЫГ ДЭМЖИВ

Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцууллаа. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эдийн засгийн агуулгаараа банкны хараат болон охин компанитай холбоотой заалтууд тусгагдсан байгаа. Иймд хуулийн хэрэгжиж эхлэх хугацаатай холбоотой зохицуулалтуудыг тусган дээрх хуулийн төслүүдийг боловсруулсан аж. Мөн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан юм.

Хуралдаанд оролцсон гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргав. Байнгын хорооны даргын гаргасан уг горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 70 хувийн саналаар дэмжсэн.

ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг дараа нь шийдвэрлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав. Улсын Их Хурлаас баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн үйлчлэл 2012 онд дуусч, иргэд банкин дахь хадгаламжаа татах, банкны салбарт хямрал үүсэхээс сэргийлэх, банкин дахь иргэдийн хадгаламжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагаар Улсын Их Хурлаас 2013 онд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталсан. Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дагуу Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны хадгаламжийн даатгалын үр нөлөөтэй тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн хадгаламжийн даатгалын корпорацийн засаглал, сангийн эх үүсвэр, зарцуулалт, даатгалын хамрах хүрээ, хадгаламж эзэмшигчид нөхөн төлбөр олгох харилцааг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд банкууд нэгдэх, нийлэх, эвсэх, эсхүл хөрөнгийг нь шилжлүүлэх зэрэг Монголбанкнаас албадан татан буулгахаас бусад банкны шилжүүлгийн арга хэмжээний үед банкны актив, пассив хоорондын зөрүүг нөхөх зорилгоор шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлж болох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна. Хадгаламжийн даатгалын корпорацийн бие даасан байдлыг сайжруулах талаар болон насанд хүрээгүй хадгаламж эзэмшигч, өвлөгдсөн хадгаламж тус бүр даатгалын нөхөн төлбөр авах өдрийг хурдасгах талаар болон хадгаламжийн даатгалын хамааруулдаггүй мөртлөө хадгаламжийн дундаж дүнг тооцоход хамааруулж шимтгэл тооцдог байсан төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд-тэтгэвэр-нийгмийн албан журмын даатгалын сангаас шимтгэл тооцуулдаггүй байх зэрэг зарчмын нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн байна. Төсөл батлагдсанаар хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал нэмэгдэж, олон улсын зарчимд нийцэхийн сацуу иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэнэ хэмээн тооцсон байна. Мөн банк, санхүүгийн салбарын тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ, улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах буюу банкны хүндрэлээс үүдсэн хохирлыг даатгалын хураамжаас бүрдсэн хадгаламжийн даатгалын сан хариуцах тогтолцоо төлөвшиж, ОУВС-тай тохиролцсон хөтөлбөр бодлогын нөхцөлд биелэх чухал ач холбогдолтой аж. Хуулийн төсөлтэй холбогдуулан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж хамт өргөн мэдүүлсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр нар ажлын хэсгээс асуулт асууж Сангийн яам болон Монголбанкны удирдлагуудаас хариулт авлаа. Хадгаламжийн даатгалын корпорацийн санхүүгийн системд үзүүлэх эдийн засгийн ач холбогдолыг нь нэмэгдүүлэх цаг нь болсон гэдгийг Б.Жавхлан гишүүн хэлээд Төв банкны мөнгөний бодлогын зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх бүрэн бололцоотой гэдэг санал хэлсэн юм. Банкны хадгаламжийн зах зээл дэх нөхцөл нь хөрөнгийн зах зээлийн хөрсийг эрсдэлд оруулдаг тал бийг Б.Баттөмөр гишүүн хэлээд санхүүгийн салбар дахь эрсдлийг арилжааны банкууд хуваалцах гарцыг хэрхэн тооцсон, хөшүүрэг арга хэмжээг хэрхэн тодорхойлсон, олон улсын туршлагыг нэвтрүүлэх тал дээр анхаарах нь зүйтэйг сануулж байв. Гишүүд ийнхүү асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Энэ үеэр Байнгын хорооны дарга дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатараар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Б.Жавхлан, З.Нарантуяа нар багтсаныг танилцууллаа.

ҮСХ-НЫ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Хуралдаанаар үргэлжлүүлэн Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Байнгын хорооны өмнөх (2018.01.10) хуралдааны үеэр Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөвлөл нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн гурван гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, гурван гишүүнийг Засгийн газар санал болгож, Улсын Их Хурал томилно. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүд нь орон тооны бус байна” гэж заасан байдаг. Засгийн газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын даргыг нэр дэвшүүлсэн. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны дэд ерөнхийлөгч, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөхийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгосон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан ШУА-ийн тухайн асуудал эрхэлсэн чиглэлийн ерөнхийлөгчийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах саналыг гаргав. Ийнхүү нэр дэвшигчдийг дэмжих эсэх болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ДЭД ХОРООНЫ ДАРГЫГ СОНГОВ

Үүний дараа жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ Эдийн засгийн байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.10-т “Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно” хэмээн заасан байдаг бөгөөд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар гишүүнийг улируулан тус дэд хорооны даргаар сонгох саналтай байгаагаа танилцуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдээс өөр санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар улируулан сонгохыг олонх дэмжин, энэ талаарх Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Куба улсад хорт хавдрын эсрэг 13 төрлийн вакциныг хөгжүүлж, 2050 он гэхэд хорт хавдаргүй улс болно

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Р.Делгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Р.Делгадо Консепсион эрүүл мэндийн салбар нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хамгийн тохиромжтой салбарын нэг болохыг онцлон тэмдэглээд, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санал санаачилга, хийгдсэн ажлуудыг танилцуулав.

Тэрээр Кубын Генетикийн инженер, биотехнологийн төвд үйлдвэрлэсэн чихрийн шижин, вируст гепатит, хорт хавдрыг эмчлэх эмч бэлдмэлүүдийг нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой болохыг хэлээд энэ ажлын хүрээнд тус төвийн Ерөнхий захирал Эулогио Пиментел тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сард Монгол Улсад ирж ажиллаж, Монголын эмч мэргэжилтнүүдэд чихрийн шижин өвчний үеийн хөл шархлалтын эмчилгээний чиглэлээр хамтарсан сургалт, семинар зохион байгуулж, хамтын ажиллагааны баримт бичгүүд байгуулагдсан болохыг дурьдлаа.

Куба улсын хувьд 1992 оноос элэгний В вирусын эсрэг вакциныг нэвтрүүлснээр уг вирусын халдварыг устгаж чадсан улсын нэг болсон бөгөөд элэгний В вирусын халдварын вакцин нь мөн элэгний Д вирусыг устгах чадвартай болох нь тогтоогдсоныг мэдэгдэв. Мөн Куба улсад одоогоор хорт хавдрын эсрэг 13 төрлийн вакциныг хөгжүүлж байгаа ба хүн амыг вакцинжууулах замаар 2050 он гэхэд хорт хавдаргүй улс болох зорилт тавин ажиллаж байгааг хэллээ.

Мөн Монгол Улсад чихрийн шижингийн болон вируст гепатитын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, хяналтыг цогц хэлбэрээр хэрэгжүүлбэл зүйтэй гэж үзэж байгаагаа онцлов.

Сайд Д.Сарангэрэл Монгол Улсын эрүүл мэндийн салбарт Куба улсын эрүүл мэндийн салбарын хөгжил манай улсын ард иргэдэд ихээхэн танигдсан бөгөөд ялангуяа тус улсад шүдний чиглэлээр суралцаж төгссөн эмч, мэргэжилтнүүд салбартаа манлайлан ажиллаж байгаа болохыг тэмдэглэн хэлэв.

Уулзалтын явцад талууд дээрх болон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, Сайд Д.Сарангэрэл хамтын ажиллагааны дээрхи саналуудыг талархалтай хүлээн авч байгаагийн зэрэгцээ хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргаж, анхааран ажиллахаа илэрхийлээд, эдгээрийг бодит ажил хэрэг болгоход ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй болохыг мэдэгдсэнээр уулзалт өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

“Pro Wrestling League season-3” лигт Э.Бэхбаяр оролцоно

ЗурагЭнэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лиг “Pro Wrestling League season-3”-дхүч, ур чадвараа сорихоор ДАШТ-ий хос хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр мягмар гарагт тус улсыг зорьжээ.

Гурав дахь удаагаа Энэтхэгийн лигт хүч үзэх гэж байгаа түүний хувьд олимп, дэлхийн аварга Сослан Рамонов (ОХУ), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Одуня Адекурой (Нигери), олимпийн наадмын хүрэл медальт эзэн орны Сакши Малик нарын шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Мумбай Махарати” багийн гишүүн болох юм.

“Pro Wrestling League season-3” тэмцээнд Энэтхэгийн зургаан хотын баг тойргоор өрсөлдөх бөгөөд одоогоор 2-3 барилдаан болсон байна. Э.Бэхбаярын хүч үзэх Мумбай хотын баг нэг ялалт, нэг ялагдалтай дөрөвдүгээр байрт бичигдээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Ийгл” телевизийн хөтлөх продюссер Д.Бүжинлхам “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртсэн “Ийгл” телевизийн хөтлөх продюссер Д.Бүжинлхамд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр шагналыг гардуулан өглөө. Д.Бүжинлхам 2005 оноос хойш “Ийгл” телевизэд ажиллаж эхэлсэн. “Ийгл” телевиз нь өдөрт 7-8 цагийн шууд эфирт мэдээ бэлтгэж үзэгчдэдээ хүргэдэг. Тухай бүрт мэдээ, хэлэлцүүлэг, ярилцлага бүрийг эх сурвалжаар хангах, тэднийг зохион байгуулах арын ажлыг хөтлөх продюсер Д.Бүжинлхам хариуцлагатайгаар хийсээр иржээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Нэг цэгийн жишиг үйлчилгээ”-ний төвтэй боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-өө шинэчлэн өнөөдөр нээлээ. “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв” нь олон улсын жишигт нийцсэн, иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээл үүсэхгүй, иргэдийн хэрэгцээнд тулгуурлан дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны нэгдүгээр давхарт нээгээд байна.

Нэг цэгийн жишиг үйлчилгээний төвөө шинэчлэн нээснээр иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, цаг хугацаа, мөнгө төгрөгөө хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авах шинэ боломж нээгдэж байгаа юм.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг цэгийн үйлчилгээний төвөөр өдөрт 200-300 иргэн тотмол үйлчилгээ авдаг бөгөөд Төрийн үйлчилгээний мэдээлэл лавлагаа, банк, эд хөрөнгийн бүртгэл, наториат, кадастр, зурагчин, канон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, ТҮЦ машин, даатгал зэрэг 10 гаруй төрлийн үйлчилгээ хүргэдэг. Эдгээр үйлчилгээ дээр даатгал нэмэгдсэн бөгөөд мөн иргэдэд зориулан даралтын аппарат суурилуулсан. Шаардлагатай тохиолдолд иргэд өөрсдөө даралтаа хэмжих боломжтой болж байгаа юм.

Үүнээс гадна иргэдэд зориулан ухаалаг самбар байрлуулсан. Энэхүү самбараар дамжуулан иргэд төрийн үйлчилгээ авахад ямар бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй байна тэр бүхний мэлээлэл бүрэн харагдана. Түүнчлэн шаардлагатай бичиг баримтаа энэхүү ухаалаг самбараасаа шууд удирдан хэвлэн авах боломжтой юм.

Цаашид “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-ийг дүүргийн хүн ам ихтэй хороодод эхлэн байгуулах юм. Эхний ээлжид хамгийн олон хүн амтай 3 хороог сонгож энэ хавраас “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв” байгуулах ажлыг эхлэхээр төлөвлөөд байна гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд Вьетнамд айлчилна

enhboldМонгол Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболд гэргийн хамт энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд Вьетнам улсад албан ёсны айлчлал хийнэ гэж “The Voice of Vietnam” мэдээлжээ. Тус мэдээлэлд “М.Энхболд Вьетнамын Үндэсний ассамблейн тэргүүн, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар айлчлах юм. Вьетнам болон Монгол Улс нь 1954 оны арваннэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш олон салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр ирсэн билээ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга бямба гаригт Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэдтэй уулзана

Холбоотой Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны I сарын 20-нд 11:00 цагаас МҮЭСТО-д Сонгинохайрхан, 15:00 цагаас “UB” паласт Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцаж, тэдний санал бодлыг сонсоно.

Categories
мэдээ улс-төр

Голомт, Улаанбаатар, Худалдаа хөгжлийн банк охин компаниа татан буулгана

ЗурагУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль батлагдсанаар Монголбанкнаас банкуудад тавьж буй хяналт шалгалтын эрх зүйн орчин сайжирч, хяналтыг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлснээр эдийн засгийн хөгжлийг дэмжихэд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж санаачлагчид нь үзэж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ өнгөрсөн долоо Төв банкны тухай хуулийг УИХ-аас баталсан. Уг хууль батлагдсанаар Монголбанкны удирдлагын тогтолцоо хамтын удирдлагын зарчимд шилжиж байгаа болохыг тодотгоод харин Банкны тухай хуулинд өөрчлөлт орсноор арилжааны банкуудад тавих хяналтад эргэлт гарна гэсэн тайлбарыг хийж байв.

Энэ үеэр байнгын хорооны дарга Д.Дамба-Очир банкууд охин банк байгуулдаг асуудал уг хуулийн хүрээнд тасалбар болж байгааг дуулгаад энэхүү заалтаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн юм. Одоогийн байдлаар Голомт, Улаанбаатар, Худалдаа хөгжлийн банк дэргэдээ охин компани байгуулаад буй аж. Тиймээс ирэх дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд охин компани байгуулах эрхийг цаашид олгохгүйн дээр одоо үйл ажиллагаа явуулж буй компаниудаа татан буулгах чиглэлийг Монголбанкнаас арилжааны компаниудад үүрэг болгоно гэдгийг Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байлаа. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад дийлэнх нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтов.