Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн зөвлөгөөнд Улаанбаатар хотын Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нийт 800 гаруй багш, ажилтнууд оролцож байна. Зөвлөгөөнөөр “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” гэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд болно.

УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа илтгэлдээ “Монголын боловсрол, монголын багш нар монгол ухаан, соёл, уламжлал, эрдэм боловсролыг хойч үед өвлүүлж, монгол хүний хөгжлийг хангаж, улс эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгааг хангах эрхэм чухал бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг биелүүлж, Монгол Улсын түүхийн хөгжил дэвшлийн үе шат бүхэнд хөгжлийн хөтөч болж ирсэн бахдам гавьяатай гэдгийг юуны өмнө тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Зөвхөн сургалтын төлөвлөгөөнд байгаа судлагдахууны цагаар багшийн ажлын нормыг тогтоож, сургалтыг тооцон санхүүжүүлдэг санхүүгийн тогтолцоог өөрчлөх шаардлага бий болж байна. Сонгон, секц, дугуйланг сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон зай, цагийн нөөц, хичээлийн бүрэлдэхүүн хэсэг болгож, санхүүжүүлэх шаардлага гарч ирж байгаа.

Сургалтад мэдээлэл, холбооны технологийг нэвтрүүлэх, цахим сургалт, боловсролын нээлттэй эх үүсвэрүүдийг хөгжүүлж бусад нөөц бололцоог өргөнөөр ашиглах замаар хөтөлбөрийн зорилтыг бүрэн хангах, сургалтыг чанартай, үр дүнтэй болгох шаардлага бий болж байна” гэлээ.

Зөвлөгөөнд оролцогчдын 70 хувь нь ЕБС-ын багш нар, 30 хувь нь удирдах болон бусад ажилтнуудын төлөөллөөс бүрдэж байгаа аж. Зөвлөгөөн Улаанбаатар хотод 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Бүсчилсэн хэлбэрээр Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм. Зөвлөгөөн Төрийн ордонд үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хотын захиргааг ирэх ондоо багтаж Яармагийн дэнж рүү нүүлгэнэ” гэв

хотын дарга зурган илэрцүүд

Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэвлэл мэдээллийнхэнтэй зангиагүй уулзалт хийлээ. Тэрээр олон нийтийн хамгийн эмзэг сэдэв болсон, агаарын бохирдлыг хэрхэн бууруулах, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаараа мэдээлэл өглөө. Түүний өгсөн мэдээллээр ойрын хугацаанд хотын захиргааг Яармагийн дэнж рүү шилжүүлэх бөгөөд 2018-2019 ондоо багтаж эхний ажлаа нь хийхээр төлөвлөжээ.Тодруулбал, НЗДТГ, НИТХ болон нийслэлийн харьяа гучин гурван агентлаг, зарим үйлдвэрийн газрыг нүүлгэх аж. Түүнчлэн Хотын дарга агаарын бохирдол, утаанаас залхаж байгаагаа онцолж байлаа.

Тэрээр ярихдаа “Хотын захиргааг нүүлгэснээр гучин таван мянган төрийн албан хаагчаас гадна гучин мянган иргэн хотоос гарна. Тэр хэмжээгээр хот түгжрэлгүй болно. Яармагийн дэнжийг сонгосон нь хэд, хэдэн шалтгаантай юм. Нэгдүгээрт, тухайн газарт сул зай, талбай их. Хоёрдугаарт, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн гэж үзсэн учир уг газрыг сонгосон. Утаанаас салахын тулд хамгийн зөв шийдэл нь хотоо орон сууцжуулах явдал юм. Утаа, авто замын түгжрэлээс салахын тулд дагуул хотыг байгуулж, хотоо тэлэх бодлогыг барьж ажиллаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын бүртгэлийн мэдээлэл алдаатай тохиолдолд буцаан олголт авах боломжгүй гэв

НӨАТ-ын бүртгэл зурган илэрцүүд

НӨАТ суутгагчтай хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгуулахаар ГТСМТТ-өөс ирсэн мэдээллийг хянан баталгаажуулах ажил Татварын ерөнхий газарт хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 655245 хэрэглэгчийн бүртгэл байгаагаас 22192 иргэний бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай байна.

НӨАТ-ын тухай хуулийн дагуу татварын алба мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлнэ. Сангийн яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлдэг. Таны цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдах юм.

Иймд бүртгэлийн мэдээлэл огт оруулаагүй, дутуу алдаатай оруулсан, давхар данс нэгтгэх шаардлагатай иргэд бүртгэлийн мэдээллээ, ТЕГ-аас мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлэх хугацаанаас өмнө буюу 2018 оны энэ сарын 22-ноос өмнө засварлах шаардлагатай. Бүртгэлийн мэдээлэл алдаатай тохиолдолд буцаан олголт авах боломжгүй ажээ.

Татварын ерөнхий газрын зөвлөгөө өгөх утас 1800-1288, хянагдаж байгаа төлөвтэй байгаа бол 70115019 дугаарын усанд холбогдож мэдээллээ баталгаажуулах юм байна.

Categories
мэдээ спорт

Ёкозуна Хакүхо энэ сарын башёг өнжихөөр болжээ

Image result for yokozuna hakuho sho hatsu

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё тав дахь өдрөө үргэлжилж байна. Токио хотноо энэ сарын башё эхэлснээс хойш Хакүхо М.Даваажаргал хоёр даваа, хоёр унаатай болсон. Их аварга сүүлийн хоёр өдөр дараалан өвдөг шороодсон билээ. Тэрээр өчигдрийн барилдаанд Ёошиказэд унахдаа хөлийнхөө бэртлийг сэдрээсэн аж. 2016 оны есдүгээр сард баруун хөлийн эрхий хуруундаа мэс засал хийлгэж байсан юм. Энэ хуруу нь дахин гэмтсэн байна. Тиймээс энэ сарын башёг өнжихөөр болсон талаар Японы сумогийн холбооноос мэдэгджээ.

Categories
мэдээ спорт

Монгол уулчид Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуаг зорив

Зураг

Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуагийн оргилд гарахаар гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй таван уулчин өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тус багийнхан энэ удаагийн авиралтыг гурван долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ гэж тооцоолжээ. Эверестийн оргилд хэдэнтээ гарсан туршлагатай уулчин Г.Өсөхбаяр Аргентины нутаг, Андийн нурууны ноён оргил Аконкагуад жилийн өмнө буюу 2017 оны хоёрдугаар сарын 10-нд авирч байсан юм.

Энэ удаагийн авиралт өнгөрсөн жилийн адил К2 ууланд /8611 метр/ авирах бэлтгэл болно гэж гавьяат тамирчин онцолж байна. Г.Өсөхбаяр гавьяат өнгөрсөн зун “Алуурчин уул” гэгддэг К2-т авирахаар явсан ч цаг агаарын болон хөтөчийн асуудлаас болж 6450 метрт хүрсэн хэдий ч авиралтаа зогсоож байсан билээ. Тэрбээр энэ жил даагаа нэхэхээр шийдэж, дэлхийн хамгийн эрсдэлтэй оргилд авирах бэлтгэлдээ ийнхүү гарлаа.

Categories
мэдээ нийгэм

Өсвөр үеийн сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Монгол үндэсний сагсан бөмбөгийн холбоо энэ жилийн хоёр дахь өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулж байна.

Энэ удаагийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 2000 оноос хойш төрсөн 18 хүртэлх насны ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүд өрсөлдөж байгаа юм. Энэ тэмцээнийг “Отгонтэнгэр” Их сургууль ивээн тэтгэжээ. Тэмцээний шилдэг эрэгтэй, эмэгтэй нэг тоглогчийг тус сургуульд бүтэн жил үнэгүй суралцах эрхийн бичгээр шагнах болзолтой ажээ.

Тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 12 багийн тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа юм. Тэмцээний шилдгүүд ирэх пүрэв гарагт тодрох бөгөөд тус тэмцээнд сайн тоглосон тамирчдаас сонгож Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлэн ХБНГУ-д болох олон улсын тэмцээнд оролцуулна.

Categories
гадаад мэдээ

“Пёнчан-2018” өвлийн олимпод хоёр Солонгос нэг далбаан дор оролцоно

Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпын наадмын нээлт, хаалтын ёслолд хоёр Солонгос нэг далбаан дор хамтдаа алхахаар тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, тус хоёр улс нь Солонгосын хойгийн зураг бүхий далбаан дор энэ олимпын нээлт, хаалтын арга хэмжээнд оролцох аж.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, хоёр Солонгосыг заагладаг хилийн бүс дэх Панмүнжом тосгоны Өмнөд Солонгосын талын хэсэгт тус хоёр улсын төлөөлөгчид лхагва гарагт буюу өчигдөр хэлэлцээ хийх үеэрээ ийн тохиролцоонд хүрсэн байна.

Умард Солонгосын тамирчид нь ирэх сарын 1-нд, хөгжөөн дэмжигчид, сэтгүүлчид болон бусад албаны хүн нь ирэх сарын 7-нд Өмнөд Солонгост газраар явж очих юм байна.

Categories
мэдээ нийгэм

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээтэй танилцлаа

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Эдийн засаг санхүүгийн хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэнгээр ахлуулсан баг нийслэлийн алслагдсан Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээтэй танилцлаа. Тус дүүрэг нь Улаанбаатар хотоос 100 км-т оршдог бөгөөд 4400 гаруй суурин хүн амтай. Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус Эрүүл мэндийн төв нь нийт 15 ортой, үүнээс хүүхдийн 4, насанд хүрэгчдийн 6 ортой. Одоогийн байдлаар хүүхдийн 6 ор ажиллуулж, томуугийн улмаас хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй зохицуулан ажиллуулж байна.

Бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрийн эргэлтийг сайжруулснаар амбулаторийн үзлэг хэвийн түвшинд байна.

Хоногтоо 10 –аас доошгүй дуудлагатай, 60 км-ын тойрогт дуудлагын тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Алслагдсан дүүргийн хувьд сүүлийн үед цус, шээсний анализаторын аппарат, хурдавчилсан оношлуураар 13 төрлийн шинжилгээг хийснээр иргэдэд тусламж, үйлчилгээг ойртуулж байна. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудад хийж, хамтран ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Д.Трамп эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй гэв

Д.Трамп зурган илэрцүүд

“Дональд Трамп эрүүл мэндийн хувьд ерөнхийлөгчийн албан тушаал хашихад тохирох хүн. Түүний ухаан санаа эрүүл саруул. Сэтгэцийн эмгэгтэй гэх ямар ч шинж тэмдэг илрээгүй” гэж Цагаан ордны эмч мэдэгджээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, өдгөө 71 настай Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж эхэлснээс хойш бараг нэг жил болж байгаатай холбогдуулан түүний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг Цагаан ордны эмч Ронни Жексон саяхан үзэж шалгасан байна.

Эмч Р.Жексон мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Д.Трамп бие махбодь болоод сэтгэцийн хувьд эрүүл саруул байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаал хашихад эрүүл мэндийн хувьд ямар ч асуудал байхгүй” гэжээ.

Түүний хэлснээр, Д.Трампын өндөр нь 190 см бол жин нь 108 кг гэнэ. Мөн Д.Трампын цусны даралт нь 122/74 буюу хэвийн байна.

Харин эмч хэлэхдээ “Ерөнхийлөгч Д.Трамп жаахан жин хасах хэрэгтэй байна” гэжээ.

Д.Трамп сэтгэцийн хувьд эрүүл бус, ерөнхийлөгч байхад тохирохгүй хүн гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад байсан юм. Эмч үзлэг хийснийхээ дараа түүнийг эрүүл мэндийн хувьд “маш сайн” гэж дүгнэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүгд Найрамдах Вьетнам Улсыг зорилоо

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүгд Найрамдах Вьетнам Улсыг зорилоо.

Тэрбээр 2018 оны нэгдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Ханой хотноо болох Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцоно.

Түүнчлэн нэгдүгээр сарын 21-23-нд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх юм.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцох үеэрээ “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт хуралдаанд илтгэл тавих юм. Уулзалтын үеэр зарим улсын парламентын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийнэ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсын Төрийн удирдлагуудад бараалхаж, Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнам-Монголын Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыөнг нартай уулзана.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр орны худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцох юм.

Монгол Улсын Их Хурлын дарга БНСВУ-д ийнхүү 8 жилийн дараа айлчлах гэж байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.