Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

Д.СУМЪЯАБАЗАР: ЗӨВХӨН ТӨМӨР ЗАМ ГЭЛТГҮЙ ТАВАНТОЛГОЙН БҮЛЭГ ОРДЫГ АШИГЛАХ ҮҮДНЭЭС ЦОГЦ АСУУДЛЫГ ОРУУЛНА

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “De Facto” ярилцлагын цагт орлоо.

-Та давхар дээлтэй сайд болоод 100-аад хоног болж байна. Давхар дээлтэй сайдын ажлыг хийхэд ямар байна?

-Ер нь бол ачаалалтай. Гэхдээ хувь хүн цагийн менежментээ буюу цагаа хэрхэн зөв зарцуулах вэ гэдгээс шалтгаална. Мэдээж засгийн ажил гэдэг бол цаг наргүй. Их хурлын ажил гэдэг нь олон түмний төлөөлөл учраас хууль батлах, хуулийн хийдэл давхардлыг арилгах, мөн улс орны хөгжилд суурь хөгжлийг авч ирэх гол гол хуулийн концепциуд, хуулийн төсөл дээр ажиллах, ажлын хэсгүүдийг ахлаж орно гээд ер нь УИХ, Засгийн газрын ажлыг хосолж хийнэ гэдэг бол их хүч шаардсан, хувь хүнээс өндөр зохион байгуулалт шаардсан ажил юм. Тиймээс хувь хүн өөрөө хэр зөв менежмент хийхээс шалтгаална. Дээрээс нь хэл ам ихтэй, сайн, муу элдвээр хэлүүлнэ. Энэ бүхэн нь хүнийг улам хурцалж өгдөг юм байна.

-Уул уурхайн, хүнд үйлдвэрийн гээд ийм том, эдийн засгийн хамгийн гол салбарыг та хариуцаж байгаагийн хувьд юуны өмнө энэ салбарт чинь гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй юу. Хэрэгтэй бол гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд юу хийж байна. Энэ маш их хөрөнгө шаарддаг. Гэтэл тодорхой хөрөнгө байхгүй. Тиймээс энэ талаар та юуг өөрчилж байна?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бол Монгол Улсын гол гол салбаруудыг нэгтгэсэн, мөн хариуцсан чухал салбар. Геологийн салбар гээд бие даасан салбар байна. Уул уурхай гээд олборлох болон баяжуулах үйлдвэрлэл явуулах суурийг тавьж буй том салбар байна. Цаашлаад хүнд үйлдвэр, Эрдэнэт, Оюутолгой, Бор-Өндөрийн Баргилтын төмрийн үйлдвэр, төсөл дээр төмрийн үйлдвэрээ барих, жоншны үйлдвэр барих, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр дээр тулгуурлаад Дархан Сэлэнгийн төмөрлөгийн орд дээр суурилсан үйлдвэр барих гэх зэрэг.

Ер нь манайд хүнд үйлвэрийг зөв хөгжүүлж байж дараа дараагийн уялдаа холбоог хангасан хөнгөн үйлдвэрүүд хөгжинө. Дараагийн нэг гол асуудал болох газрын тосны үйлдвэр манай УУХҮЯ-нд харъяалагдаж явдаг. Монгол Улс 2012 онд Төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлогын баримт бичгээ гаргасан, Газрын тосны хуулиа бий болгосон. 2017 онд энэ бодлогын баримт бичиг дуусгавар болж байгаа. Одоо бид үүнийг дахин шинэчлэн боловсруулаад, хуулийн давхардал хийдлийг арилгаад зохицуулалт хийх ёстой. УИХ-д эл баримт бичгийг соёрхон батлах гол эрх нь байдаг.

УУХҮ, ялангуяа геологийн салбарт гадны хөрөнгө оруулалт ус, агаар мэт хэрэгтэй. Зардлаа бууруулж ашгаа өсгөсөн, байгаль орчиндоо ээлтэй /хор хөнөөл багатай/, гадны тэргүүний технологиудыг авч ирж бид нэвтрүүлэх ёстой. Ер нь бэлэн мөнгө гэхээс илүүтэй технологи, хүний нөөц, боловсон хүчнээ бэлтгэх тал дээр бид онцгой анхаарч, гадны тэргүүний туршлагуудыг улс орныхоо хөрсөн дээрээ суулгаж өгөх хэрэгтэй гэж бодож байна.

-Гадны хөрөнгө оруулалт тийм хэрэгтэй байхад Монгол Улсын ашигт малтмалын тухай хууль 10 жилийн дотор 250 удаа өөрчлөгдсөн. Дунджаар хоёр долоо хоног тутамд хуулиа өөрчилж ирсэн. Одоо та бүхэн ахиад өөрчлөх байх. Юуг нь өөрчлөх вэ?

-Ер нь татвартай холбоотой асуултууд их орж ирдэг. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар гээд орон нутагт 30 хувийг нь үлдээх ёстой. Сангийн яамнаас төвлөрүүлж татчихаад буцаагаад нэгдсэн журмаар зохицуулах зохицуулалт хэрэгждэггүй байх шалтгаанууд, гадны хөрөнгө оруулалтын татварын хувь хэмжээг өөрчлөх ёстой, аль болох Монгол Улсад өгөөжтэй байх ёстой гэдэгт УИХ-ын гишүүд олон хуулийн төслүүдийг санаачилж оруулсан баримтууд байдаг.

Ер нь бол уул уурхайн салбарын эрх зүйн орчин маш тогтвортой байх ёстой. Бид татвараас ашиг олохоос илүүтэй ажлын байр нэмэгдүүлах ёстой.

-Гэтэл өнөөг хүртэл яагаад ингэж өөрчлөхгүй байгаа юм бэ?

-Үүний төлөө УУХҮЯ-ынхан цаг наргүй ажиллаж байна. Уул уурхайн бие даасан хууль гаргаж, нээлтээс хаалт хүртэл нарийн зохицуулалтуудыг гаргаж өгч, хариуцлагажуулах хэрэгтэй. Нээлтээс хаалт хүртэл, уулын ажлын төлөвлөгөө гэх зэрэг нарийн зохицуулалтууд хараахан байгаагүй. Дандаа “Ашигт малтмалын тухай” хуулиар зохицуулагдаж явж байсан. 1988 онд “Газрын хэвлийн тухай хууль” баталсны дараагаас эхлээд уул уурхайтай холбоотой эрх зүйн зохицуулалтын тухай хуулиуд бий болж ирсэн. Тиймээс хөгжлийн тодорхой үе шаттайгаар хуулиуд бий болж байгаа.

2018 оны эхний хагас жилд багтаж Уул уурхайн бие даасан хуулийг батлуулахаар манай яамны хуулийн хэлтсийнхэн болон АМГТГ-ын хуулийн ажилтнууд “Адам Смитын Интернэйшл” байгууллага, ЕСБХБ-ны хүмүүстэй хамтарч техник арга зүйн талаас нь зөвлөгөө авч ажиллаж байна. Монгол Улсын хөрсөн дээр энэ Уул уурхайн хуулийг яаж зөв суулгах, цаашлаад тогтвортой байдлыг бий болгох үүднээс маш хянуур, чанд нямбай ажиллаж байна.

-Уул уурхайг ялангуяа орон нутагт зөв ойлгохгүйгээс гадны болон дотоодын хөрөнгө оруулагчдад дарамт үзүүлж байгаа. Үүний цаад шалтгаан нь ашигт малтмал олборлосны 30 хувь нь орон нутаг очихгүй байгаатай холбоотой. Та ч мэдэж байгаа. Та энэ талаар юу хийх гэж байна?

-Ямар ч байсан хууль нь батлагдсан байгаа. Харин хууль хэрэгжихгүй байгаа тул Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар журмаа боловсруулаад, яамдуудаас саналыг нь авч, Засгийн газрын хуралдаанаар оруулна. Ингээд цаашид журмаараа зохицуулаад явчихна.

-Та саяхан “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийг хүчингүй болгоно гэсэн мэдэгдэл гаргасан байсан. Үүний гол шалтгаан нь юу вэ?

-Өмнө нь “Ашигт малтмалын тухай хууль”-иар ямар нэгэн давхардалгүй явж байсан. Харин “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн тухайд 68 хувийн татвар гээд алттай холбоотой гарч ирсэн. Мөн урт нэртэй хууль гарч, Ерөнхийлөгч уг хуультай холбоотойгоор таван жил хуульд заасан газруудад лиценз олгохгүйгээр хориг тавьсан. Энэ нь барилгын салбарт хүнд цохилт болж, барилгын салбараа дэмжихийн тулд шавар, элс, хайрга дайрга олборлохын тулд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийг өргөн барьж, хоригийг тойрч гаръя гэдэг байдлаар 2014 онд баталсан байдаг. Үүний дараа Ерөнхийлөгчийн хориг тавигдсан. Хориг буцаад тавигдаж байгаа нөхцөлд үүнийг дагалдаж гарсан хууль хүчингүй болж ердийн “Ашигт малтмалын тухай хууль”-иараа зохицуулагдаад явах ёстой байдаг. Гэтэл ингээгүйгээс өнөөдөр хийдэл давхардал гарч байна. Жишээ нь орон нутагт хайрга, дайрга гэх нэрийдлээр алтны тусгай зөвшөөрлийг олгож байна. Энэ ньардаа нөхөн сэргээлт байхгүй, улс болон орон нутагт татвар төлдөггүй, орлогоо нуун дарагдуулдаг зэрэг зөрчлүүд гарч байгаа учраас энэ хуулийг хүчингүй болгож байгаа юм.

-Саяхан сонин дээр танай яамны харъяа лиценз олгодог хүмүүс яаж бусдад дарамт учруулдаг, үнэлгээг зөвхөн өөрсөдтэйгөө холбоотой лабораториудаар хийлгэдэг тухай маш ноцтой материалууд гарсаныг та мэдэж байгаа байх. Үүнтэй холбогдуулаад тусгай зөвшөөрөл олгох ажлаа танайх хэзээ жигдрүүлэх юм бэ?

-Тусгай зөвшөөрөл олгох асуудалд иргэдийн зүгээс ихээхэн хардалт сэрдэлт дагуулдаг. Зохион байгуулалтад орсон гэмт хэргийн бүлэглэлд УУХҮЯ, АМГТГ-ийнхан автсан байна гэж.

-Тийм бүлэглэл яг байгаа юм уу?

-Би бол яг байгаа гэж хэлж чадахгүй байна.

-Та яг энэ асуудалтай холбоотой ямар арга хэмжээ авч байна?

-Бид хамгийн түрүүнд Тусгай зөвшөөрөл олгохтой холбоотойгоор цахимаар олгодог явдлыг түр хойшлуулсан. Яагаад гэвэл цахимаар лиценз олгох дээр олон асуудал үүссэн. Үүнийг цэгцлэж, ил тод, нээлттэй хариуцлагатай байдлаар явуулдаг болох нь зүйтэй гэдэг утгаар журмыг боловсруулан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулах гэж байна.

-Та хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тодорхой болсон энэ хүмүүстэй хариуцлага тооцох уу?

-Хариуцлага тооцно. Би тодорхой хугацаа хэлэхгүйгээр гэнэтийн шалгалт хийх бодолтой байгаа. Үнэхээр хоорондоо хуйвалдаж, нөөцийг худлаа тооцсон энэ үзэгдэлд өнөө маргаашдаа гадныхан хохироод өнгөрч байгаа юм шиг харагдаж байгаа ч ирээдүйд Монголд маш хор хөнөөлтэй. Тиймээс би үүнийг таслан зогсооно гэдгээ албан ёсоор хэлье.

-Та сайд болмогцоо олон уул уурхайн компаниуд, томоохон үйлдвэрүүдээр явсан. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл 160 км машины урт цуваа үүсч, 6000 хүн хоёр долоо хоног зам дээр дугаарлаж байсныг зогсоосон. Цаашид нүүрсний экспорттой холбоотой асуудлыг та яаж шийдэх гэж байна?

-БНХАУ-ын талтай бид гарцаагүй ойлголцох ёстой. Яагаад гэвэл гол түүхий эд худалдан авагч улс. Тиймээс яг улстөрийн түвшиндөө бид ойлголцож, хил гаалийн нэвтрэх чадамжийг дээшлүүлэх ёстой. Гарцыг хоёр биш дөрөв, цаашлаад зургаа болох арга хэмжээг авч хэрэгжүүлэх учиртай.

Гэхдээ бид нэг боомтоор өнөөдөр гарч болохгүй. Нэг боомтод төмөр зам, автозам зэргийг хамтад нь тавиад зөөх гэтэл магадгүй Баяннуур аймаг жилдээ 16 сая тонн нүүрс аваад, цаашдаа манайх байгаль орчин, малчдын эсэргүүцэл гээд шалтаг тооцоод хилийн гарцыг багасгавал бид хаашаа явах вэ гэдэг хувилбарыг бодох ёстой. Тиймээс бид нүүрсний борлуулалтаа Ханги гэх мэт Өвөрмонголын бусад боомтууд руугаа гаргадаг болгох үүднээс зам тавих хэрэгтэй.

-Төмөр замыг хэзээ тавих вэ?

-Төмөр замыг зөвхөн Гашуунсухайтаараа тавина. 2018 онд бүх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

-Одоо байгаа даланг ашиглах уу?

-Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна. Ингэж байж илүү үнэ цэнэтэй болно. Нэгдүгээрт, усан хангамжийн асуудал байгаа. Энэ асуудал хөрш зэргэлдээ орнуудтай холбоотой учраас одоохондоо яг тэгнэ, ингэнэ гэж хэлэх арай эрт гэж бодож байна. Ерөнхийдөө энэ асуудлыг шийдвэрлэх гарц байгаа, ТЭЗҮ хийгдэж байна.

Дараа нь цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, төмөр замын асуудал яригдана. Хоёрдугаар сараас эл ажлууд эхэлнэ дээ.

-Оюутолгой жилд 150 сая ам.долларын цахилгааныг импортоор авч байна. Энэ асуудлын тухайд?

-Оюутолгойн гэрээнд 2017 он гэхэд цахилгаан станцаа хүлээлгэж өгөхөөр байсан. Гэвч дундуур нь “Эм Си Эс” зэрэг компаниуд орж ирээд цахилгаан станц байгуулна гэдэг асуудлыг М.Сономпил сайдын үед яриад ажлууд нь эхлээд явсан ч одоо гацсан сурагтай байна. Бид үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдийн өмнөөс орж, том том бүтээн байгуулалтуудыг зогсоогоод, цаг хугацааны алдагдалд ороод байна. Энэ алдагдал 10 жилээр явж байгаа юм. Бид одоо дөрвөн жилээ алдчихаад байна. Ахиад үүнийг бүтээн байгуулахад дөрвөн жил, үйл ажиллагаа жигдрэхэд хоёр жил шаардлагатай.

-Оюутолгойн үр ашгийг дээшлүүлэх талаар гэрээ хэлэлцээр хийнэ гэж танай дэд сайд Д.Загджав мэдэгдэл гаргасан. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Оюутолгойн гэрээг зогсооно, үндсээр нь өөрчилнө гэдэг хэцүү. Энэ бол УУХҮЯ-ны байр суурь биш. Монгол Улсын Засгийн газрын ч байр суурь биш. Олон улсын байгууллага гэрээ конвенцынхоо хүрээнд хүлээсэн үүрэг, Монгол Улсын хууль тогтоомж гэж бий. Хууль зөрчсөн, засч залруулах хэрэгтэй ажлууд байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг талууд эрх тэгш байдлаар харилцан ярилцаж байж ойлголцолд хүрнэ гэдэг байр суурьтайгаар эхнээсээ хэлэлцээд, яриад явж байгаа. Жишээ нь эхлээд Монгол Улс гэрээнд заасан үүргийнхээ дагуу 4.4 тэрбум ам.доллар босгосон, ахиад дээрээс нь 1.6 тэрбум ам.доллар босгох хэрэгтэй. Эхний санхүүжилт болох 600 сая ам.долларын асуудлыг яриад, бид хэсэгчилсэн байдлаар зохицуулах ёстой гэдэг дээр шахаж байж, Засгийн газрын байр сууриа хамгаалж гарсан.

Бид Оюутолгойн асуудал дээр өгөөжийг нэмэгдүүлж, зардлаа бууруулах тал дээр ярилцан, хэлэлцээрийн шатанд нааштай хандаад явж байна. Өчигдөр гэхэд “Рио Тинто”-г хариуцсан тэргүүн дэд захирал Грег ирсэн. Уулзаад зарчмын байр суурь, Засгийн газрын байр сууриа илэрхийлсэн. Оюутолгой компанийн өгөөжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ тал дээр манай талын ТУЗ-ыг би шахаж ажиллана.

-Уг нь нэг яамны хүмүүс нэг бодлоготой баймаар юм. Гэтэл өөр өөр байр суурь илэрхийлээд байна. Ер нь бусад яамд ч ийм байдаг юм уу?

-Нэгдүгээрт, кабинетийн журмаар ажилладаг зарчмаа дэд сайдыг би сайн мэдэж байгаа гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, яамны байр суурийг сайд нь өөрөө тодорхойлж явдаг. Дэд сайд бол дэд сайд байж, өгсөн үүрэг даалгаврын дагуу л ажиллах ёстой. Болохгүй бол хариуцлага тооцно.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна. Энэтхэг улстай хэлэлцээр хийгээд явж байгаа. Үүнийг Засгийн газрын тусгай хэрэгцээнд авах ажил хэзээ хийгдэх вэ. Үгүй бол тойруулаад хувьчилан, шинэ онгоцны буудал шиг зүйл болох вий?

-Энэ талаар сайн нухацтай хэлэлцэх асуудал бий. Энэтхэгийн Засгийн газраас өгөх нэг тэрбум ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрээр Газрын тос олборлох, боловсруулах үйлдвэр байгуулна гэдэг нь үндэсний аюулгүй байдал талаасаа ч бодсон, практик талаасаа ч харсан зайлшгүй байх ёстой. Гэхдээ аливаа зүйл эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай байх ёстой. Жишээ нь, Сингапурын хөрөнгийн бирж дээр нэг Брент маркийн газрын тосны үнэ нэг баррель тутамд дунджаар 66-68 ам.доллар байгаа. Манайхаас газрын тос олборлоод Хятадад боловсруулан гаргаж буй Дачин нэрийн газрын тосны үнэ 60-61 ам.доллар байна. Энэ бол цэвэр зах зээлийнхээ журмаар явж байгаа болохоос хэн нэгэн эрх мэдэлтэн тогтоодог ханш биш.

Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэр байгуулаад гарах бүтээгдэхүүний өөрийн өртөг хэд болох вэ гэдгийг бид нэн тэргүүнд бодож гаргах ёстой. Ядахдаа 61 ам.долларт баланслаж байж цаашдаа энэ үйлдвэрийн хувь заяаг ярих болно. Хэрвээ өөрсдөө үйлдвэрлээд гаргаж байгаа бүтээгдэхүүн үүнээс хэд дахин үнэтэй гарвал хэн худалдаж авах вэ гэдэг асуудал тулгарна.

-Тэгэхээр Энэтхэгийн зээлийг аваад газрын тос боловсруулах үйлдвэр барих гэсэн асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй гэсэн үг үү?

-Засгийн газрын шугамаар ерөнхийдөө шийдэгдэж байгаа. Ерөнхий сайд үүнд онцгой ач холбогдол өгч “Стратегийн ач холбогдолтой учраас бид заавал барих ёстой” гэдэг байр суурийг илэрхийлсэн байгаа.

-Бас нүүрсийг хийжүүлэн, шингэрүүлэх үйлдвэрийн асуудал яригдаж байгаа?

-Ер нь эцсийн дүндээ үнийн асуудал дээр л бүх зүйл явдаг. Өнөөдөр Монголын ард түмний авч байгаа дундаж цалин 800 мянган төгрөг. Тиймээс бид цаашдаа энэ баригдахаар яригдаж байгаа үйлдвэрүүдийг эдийн засгийн өгөөж, өртөг талаас нь харж явахгүй бол өнөөдөр худалдан авах чадвар ямар байгаа билээ. Би үүнийг л яриад байгаа юм.

Ер нь бол БНХАУ-ын талтай хамтран нүүрснээс хий гаргах, нүүрснээс түлш гаргах төслийн нэгж яаман дээр үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Эхний ээлжинд Багануурын нүүрсний уурхайд түшиглэн туршилтууд хийгдэж байна. Миний гол сонирхож байгаа зүйл бол гарч буй өртөг нь хэд вэ гэдгийг харж байна.

-Та саяхан гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа Монгол компаниудыг Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаач гэж ярьсан. Энэ бол монголчуудад хувьцаа эзэмших боломж олгох гэж байна гэж ойлгож байна. Энэ ажил ямар түвшинд байна?

-Стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдэг суурь зарчим олон жил яригдаж байгаа. Бид өөрийн чинь ярьж байгаа ажлыг явуулахын тулд эхний ээлжинд “Эрдэнэс Монгол” гэдэг том нэгдлийг маш ойлгомжтой бүтэц, зохион байгуулалтад оруулах ёстой. Гэтэл манай “Эрдэнэс Монгол” компани гадныхан ирээд хөрөнгө оруулъя гээд уулзахаар шийдвэр гаргаж чадахгүй, үнэ цэнээ унагаж байна. Жишээ нь, манай энэ компанитай адилхан Казахстаны “Самрук Казина” гээд компани байдаг. Энд дэд бүтцийн, уул уурхайн бүх том үйлдвэрүүд нэгдэж байгаа. Энэ компанийг Ерөнхий сайд нь удирдаж, үүнээс хэдий хэмжээг нь хөрөнгийн биржид гаргах вэ, яаж хөрөнгө оруулалт татах вэ гээд бүх шийдвэрээ гаргадаг учраас том төслүүд нь цаг алдахгүй, маш хурдтай явж, гадныханы итгэлийг олж байна. Монгол Улс ч мөн адил баялгийн сангийн зохион байгуулалтад нэн яаралтай орох ёстой. Үүний цаана ард иргэд байж хувьцаа эзэмшин, хувь хүртэх ёстой. Баялгийн сангийн хуулийг мөн яаралтай оруулах ёстой.

Ирээдүйн өв санг бид баялгийн сантай андуурдаг. Энэ чинь хоорондоо ялгаатай. Ирээдүйн өв сан гэдэг бол орсон орлогоо төвлөрүүлж, ирээдүйдээ мөнгөн хэлбэрээр зарцуулах. Баялгийн сан гэдэг нь хувьцаа хэлбэрээр шууд иргэддээ хуваарилах юм. Ийм зохион байгуулалтад орох ёстой.

-Баялгийн санг Чили, Норвеги зэрэг өндөр хөгжилтэй орнууд төсөв алдагдалтай үедээ зарцуулдаг?

-Болно. Үүнийг бид дүрмээрээ зохицуулна. Ер нь бол бидний жишээ татах дуртай Норвеги, Арабын нэгдсэн Имират зэрэг улсууд өмч дээрээ эзэн нь байж, түүнийг нь Ерөнхий сайд нь удирддаг юм байна.

Гэтэл манайд өмчийн бүртгэл байхгүй. Хэдийгээр Эрдэнэс Тавантолгойн хувьцааг бид байгаа гэдэг. Гэтэл exel файл дээр бүртгэлтэй ч, өөрөөр хэлбэл актив талдаа бүртгэсэн ч пассив талдаа бүртгээгүй байдаг. Би үүнийг цэгцлэхийн тулд ажлын хэсэг оруулаад явж байна.

-Ер нь ХК гэсэн загвар руугаа орвол яасан юм. Хувьцааг нь зардаг болговол яасан юм бэ?

-Зөв. Бид наадах руу чинь орно. Төр хяналтаа тавьдаг болно. Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой”-н 20, 30 хувийг бид өөрсдийн бүртгэлийн системээ ашиглаад давхар Хонг-Конгийн хөрөнгийн бирж дээр гаргах, бусад улс руу гаргах, борлуулах эрх нь бий. Эрдэнэтийн 51 дээр 49 хувийг нэмээд гадагш нь IPO хийх ажлуудыг эхлүүлж болно.

-Энэ ажлыг хэзээ эхлүүлэх вэ?

-Би ерөнхийд нь схем бүтцээ гаргачихсан байгаа. Ажлын хэсгийг байгуулаад, бүгдийх нь саналыг аваад бүртгэж байна. Хөрөнгийн зах зээлээрээ дамжаад Үнэт цаасны хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хороо үүнд маш идэвхитэй ажиллах ёстой. Ерөнхийдөө баялгийн салбар, санхүүгийн салбарыг холбосон зохион байгуулалт руугаа бид яаралтай орох ёстой.

-Сүүлчийн асуулт. Таны сая ярьсан төслүүдийг төрийн компани хийх үү, хувийн хэвшил хийх үү?

-Төр манлайлж явах ёстой. Хувьцаат компани хэлбэрээр явах ёстой. Зуун хувь төрийн мэдэлд байж болохгүй. Ард иргэддээ ногдол ашгийн хувьцааг хуваарилах давуу эрхийн хувьцааг нэг талд нь гаргаад, энгийн хэдэн ширхэг хувьцаа гаргахаа нөгөө талд нь гаргана. Түүнээсээ харж байгаад ямар хувьцаагаа гадны хөрөнгө оруулагч нарт өгөх үү гэдгээ тодорхой болгочих хэрэгтэй. Энэ бол дэлхийн сонгодог жишээ. Бидэнд үүнээс өөр гарц байхгүй.

Жишээ нь, Ашигт малтмалын тухай хуулиараа 10 хүртлэх хувийг нь Хөрөнгийн бирж дээр зарна. Дээрээс нь бид олон жил ярьж байгаа ард иргэддээ хуваарилахдаа давуу эрхийн хувьцааг нэрлэсэн үнийг нэг ширхэгийг нь нэг төгрөгөөр өгсөн. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-н актив талдаа бүртгэлтэй байгаа. Энэ компани 103 сая төгрөгийн бүртгэлтэй боловч нийт өмчөөр нь аваад үзэхэд “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо”-г оруулахад 12 их наяд төгрөгийн хөрөнгө байна. Ахиад дээрээс нь “Эрдэнэт”, “Мон-Атом”, дээрээс өнөөг хүртэл бүртгээгүй байгаа “Эрдэнэс Оюутолгой”-н 34 хувийг нэмбэл миний тооцоолсноор ойролцоогоор 30 их наядын хөрөнгө болно. Өнөөг хүртэл Оюутолгойн 34 хувийг “Эрдэнэс Оюутолгой” дээр бүртгээгүй байгаа.

-Яагаад бүртгээгүй юм бол?

-Өмнөх улсууд чинь бүртгэхгүй байна ш дээ. Тэгэхээр энэ том төслүүд хөдөлж байж бид эдийн засгаа тав дахин тэлэх боломжтой. Ингэж байж миний бодлоор цалинг гурав дахин нэмэх орон зай гарч ирнэ.

-Энэ хийгдэхгүй байгаа гол шалтгаан нь бид дэндүү их улстөржиж байгаа. Бүх боловсон хүчнээ бид мэдлэг чадвар дээр нь биш намын харъяалал зэргээр сонгодог гэх зэрэг олон асуудлыг та ч мэдэж байгаа, иргэд ч мэдэж байгаа. Энэ бүхнийг өөрчлөхөд та хүчтэй оролцож байгаад талархаж байна. Мэдээж энэ олон салбарыг хариуцна гэдэг хэцүү ажил.

Гэхдээ та Монгол Улсын аварга хүн учраас өөрийн биеийг сайн зохицуулж байгаа гэдэгт итгэж байна.

-Би өглөө зургаан цагт босоод, шөнийн 00 цагт унтаад болж л байна.

-Таньд маш их баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Халтиргаа гулгаанаас сэргийлэх ажил алслагдсан автозамуудаар бүрэн хэрэгжинэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрөгч онд нийслэл хотын зам талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг онцгойлон анхаарч ажилласан билээ. Улаанбаатар хотын алслагдсан хэсгүүдийн зам талбайн цэвэрлэгээг Нисэх Яармаг, Биокомбинат, Шувуун фабрик, Найрамдлын зам, Хүй долоон худаг, Эмээлтийн зам, Тээврийн товчооны замуудыг бүрэн эзэнтэй болгож жилийн 4 улиралд тогтмол арчилгаатай байлгах бодлого, зорилт баримтлан ажилласан юм. Энэ ажлын үр дүнд алслагдсан замуудад гарах овар ослын тоо эрс буурсан судалгаа гарсан байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2018 онд үргэлжлүүлэн өмнөх онд хуваарьт төлөвлөгөөнд ороогүй зам талбай гудамжын тоог нэмэгдүүлэн Ар гүнтийн зам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны зам /Партизаны зам/, Дархан руу чиглэсэн зам, Жаран нэгийн гарам, Нүхтийн зам, Чингисийн хүрээ хүртэл тавигдсан шинэ зам, Зуслангын газрууд руу чиглэсэн алслагдсан замуудыг бүгдийг нь эзэнжүүллээ. Өмнө нь алслагдсан зам талбайг өвлийн улиралд л цэвэрлэдэг байсан бол энэ жилээс жилийн 4 улиралд хариуцсан эзэнтэй болгож Төрийн бус байгууллагуудаар хяналт тавьж ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Ногоон сан” ТББ хамтарч байгуулахыг дэмжлээ

Нийслэл хотод үйл ажиллагаа тогтмол явуулдаг 70 гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэдэг “Улаанбаатар худалдааны танхим”-ын гишүүд агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах, энэ ажлын хүрээнд “Ногоон сан” төрийн бус байгууллага байгуулах саналаа Засаг даргын зөвлөлийн хуралд өнөөдөр танилцууллаа. Уг сан нь ашгийн бус, төр бизнесийн салбарынхан хамтран агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг эрчимтэй хийх, шинэ технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах, эцсийн хэрэглэгчид ногоон технологийг хүргэх зорилготой юм. “Ногоон сан” нь танхимын гишүүдийн хандив дэмжлэгтэйгээр санхүүжихээс гадна, гадаад дотоодын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтад тулгуурлан үйл ажиллагаа явуулна. Санг байгуулах үндэслэл нь агаар, орчны бохирдлыг бууруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, богино хугацаанд үр дүнд хүрэхэд оршиж байна. Энэ талаараа Улаанбаатар худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа. “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах” жилийн хүрээнд ийнхүү бизнесийнхэн агаар, орчны бохирдлыг бууруулахад Нийслэлийн удирдлагын багтай хамтран ажиллахаар болов.

Улаанбаатар худалдааны танхим нь 2015 онд байгуулагдсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт бизнесийн уулзалт”-ыг жил бүр тогтмол зохион байгуулдаг. Гадаад дотоодын бизнес эрхлэгчдийн бизнесийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх зорилгоор тус танхим нь дэргэдээ хараат бус “Арбитр” байгуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Захирамжлалын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн танилцуулга, Гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажуулалтын ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцэв гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх хэрэгтэй

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх хэрэгтэйБаянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс ‘’Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо’’ сэдэвт сургалтыг Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв болон БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын хүн амын 4 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эрт илрүүлж, арга хэмжээ авсанаар хөгжлийн бэрхшээлийг 30 хувиар бууруулж чаддаг юм. Иймд уг сургалтын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн хоцрогдол, тархины сааг эрт илрүүлэх, эцэг эхчүүд, мэргэжилтнүүдэд хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийн талаарх ойлголт, мэдээллийг өгч, сайжруулахад оршсон.

Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн, ажилчид, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилчид болон эцэг эхчүүд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Ахлах ангийн сурагчдад “Мансууралгүй ирээдүй бидний сонголт” сургалт болов

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас санаачилан Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв болон Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, аюул уршгийн талаар бодит мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх сургалт болов.

Энэ удаагийн сургалтад хамрагдсан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчид мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос хэрхэн сэргийлэх, ийм төрлийн бодисын хүний эрүүл мэндэд нөлөөлөх хор аюулын тухай ойлголтыг өгөв.

Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүмүүс бусдад уруу татагдах, интернетийн сүлжээг хяналтгүй ашиглан сонирхсон мэдээллээ авч чаддаг болсон зэргээс шалтгаалан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байгааг ЭЦА-наас сэрэмжлүүллээ. Иймд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн сургалтыг эхний ээлжинд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн сургуулиудад, цаашлаад бүх ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зохион байгуулах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улаанбаатар хотын захиргааг Яармагийн дэнж рүү нүүлгэнэ” гэв

С.Батболд: Хот бол хамтын амьдрал. Нэг хүний биш нийтийн эрх ашигт захирагдах дүрэм үйлчлэх ёстой

Жил бүрийн эхэнд Нийслэлийн удирдлагын баг “Хот ба сэтгүүлч” зангиагүй уулзалт хийдэг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Г.Гантөмөр болон хэлтэс, агентлагийн дарга нар оролцож, хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултад хариулт өгч, хотоос хэрэгжүүлж байгаа бодлогоо танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хотын удирдлагын шинэ баг ажлаа эхлээд яг нэг жил зургаан сар болж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид санхүүгийн хүндхэн нөхцөлд чамгүй ажил хийхийн төлөө чармайн ажиллалаа. Эдийн засаг санхүүгийн хүндрэлээс гарахын төлөө ажилласны үр дүнд 2018 онд концессийн гэсэн тодотголтой 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг Улаанбаатар хот барагдуулж, өргүй хот болж байгаа” хэмээн уулзалтын эхэнд онцоллоо.

Агаарын бохирдлыг бууруулах, утаатай тэмцэх тал дээр нийслэлийн удирдлагын баг гар хумхин суугаагүй. Шийдвэрлэх арга зам, шийдлээ УИХ, Засгийн газарт танилцуулсан. Дөнгөж өчигдөр л гэхэд УИХ дахь МАН-ын бүлэгт хотын удирдлагууд агаар, хөрсний бохирдлыг хэрхэн бууруулах арга зам, шийдлээ мэдээлсэн. Хэд хэдэн шийдлийг зоригтой хэрэгжүүлнэ. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн зүгээс ч дэмжиж байгаа гэдгийг хотын дарга хэлсэн юм. Шийдлийн тухайд хэд хэдэн арга зам бий хэмээн тэрбээр ярилаа.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ОНОВЧТОЙ ОЛГОЖ, ГАЗРАА
БАЙРААР СОЛИХ ГАРЦЫГ ИЛҮҮД ҮЗНЭ

Яндангийн тоог бууруулах. Ипотекийн зээлийг оновчтой олгож, газраа байраар солих гарцыг илүүд үзнэ. Өнгөрсөн жилүүдэд ипотекийн зээл авсан иргэдийн судалгаагаар орон сууцанд амьдардаг иргэд голцуу байрны нөхцөлөө сайжруулж авсан байдаг. Гэр хороололд амьдардаг иргэд зээлд хамрагдсан ч яндангаа буулгадаггүйг судалгаагаар тогтоосон. Тиймээс яндан буулгаж, орон сууцанд орж, газар зөв чөлөөлөх менежмент хэрэгжүүлнэ. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 60 гаруй иргэн орон сууцанд орж, газраа чөлөөлж, яндан буулгасан.

Хөрөнгө оруулалтын менежментийн зөв бодлогыг төрийн бүхий л түвшинд хэрэгжүүлэх нь чухал. Агаарын бохирдлыг арилгахад алдаг оног санхүүжилтээр биш нэг мөсөн зориглож хэрэгжүүлэх ажил чухал байна. Тиймээс Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот бий болгох, утаагүй хот болох зорилтыг хэрэгжүүлнэ. Хамгийн эхэнд Улаанбаатар хотын захиргааг Яармагийн дэнж руу нүүлгэнэ. Ингэснээр нийслэлийн 3500 төрийн албан хаагч болон эндээс үйлчилгээ авдаг 30 мянган гаруй иргэн хотын төвд түгжирч, бухимдал үүсэхгүйгээс гадна шинэ төлөвлөлт хийгдэнэ. Яармагийн дэнжийг блоклож буюу авто зам, дэд бүтцийн нарийн төлөвлөлтөөр хөгжүүлнэ. Мөн Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын зам дагуу хотын захиргааг нүүлгэснээр хөгжлийн шинэ концепци гарч, их дээд сургууль болон төрийн яамдыг ч нүүлгэх бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. Яармагийн дэнжид дэд бүтцийн суурь нь хийгдсэн учраас энэ ажил мөрөөдөл биш биелэл болно гэж хотын дарга хэллээ.

ДӨРВӨН БАЙРШИЛД “СЕРВИС ЦЕНТР” БАЙГУУЛНА

“Сервис центр” барих ажил хийгдэж байна. 200-аас 400 өрх айл өөрсдийн сайн дураар нэгдэж, дэд бүтэц бүхий амины орон сууцтай болох боломжийг хот олгож эхэлнэ. Эхний ээлжинд 4 байршилд “Сервис центр” байгуулна. 11 байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр иргэд дунджаар 60 сая төгрөгөөр амины орон сууцанд амьдрах орчин бүрдэнэ. Түүнчлэн түрээсийн орон сууц, орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барих ажил эхэлнэ. Мянган айлын газар чөлөөлж, орон сууцны хороолол барих ажлуудыг шат дараалан хийснээр агаарын бохирдлыг бууруулахад ахиц ирнэ гэж тооцож байна. “Сервис центр” буюу “Гэр хорооллын дэд бүтцийн төв” байгуулах ажлын эхний айлуудын шийдлийг 2018 оны 4 дүгээр улиралд олон нийтэд танилцуулна.

ЭКО ТҮЛШ
ХЭРЭГЛЭХ БОДЛОГО БАРИНА

Түүхий нүүрсний хэрэглээг хориглоно. Гэхдээ шат дараалан хориглож, эко түлш хэрэглэх бодлого барина. Эрдэмтдийн багтай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нарийвчилсан тоогоор 224 мянган яндан буюу гэр хорооллын өрх бий гэсэн тооцоо бий. Нийслэлийн удирдлагын баг Засгийн газар, УИХ хамтран ажилласнаар “Агаар орчны бохирдлыг бууруулахад” шийдвэртэй, шийдэлтэй ажлуудыг хэрэгжүүлнэ. Бүхий л оновчтой шийдэл нэвтрүүлнэ. Халаалт, эко түлш, дэд бүтэц, орон сууцны хангамж гээд цогц асуудал яригдаж байгааг хотын дарга зангиагүй уулзалтадаа онцолсон байна.

ХҮҮХДИЙН
ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЛТЫН ХУВИЙГ 85 ХУВЬД ХҮРГЭНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цааш хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарт хот 2020 он гэхэд шинэ түвшинд хүрнэ гэж тооцож байна. Дэлхийн жишигт нийцсэн дүүргийн эмнэлэг ашиглалтад оруулна. Хан-Уул , Чингэлтэй дүүргийн эмнэлэг мөн шинээр баригдаж байна. Клиникийн 2-р эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дэргэд оношилгоо эмчилгээний төв баригдаж байна. Хүрээ амаржих газрыг Яармагийн 4-р төрөхийн барилгад оруулахаар тооцож, уг суурин дээр Хүүхдийн нэгдсэн амбулатори барих төсөл ч явж байгааг онцоллоо. Улс, нийслэлийн гэлтгүй эмнэлгүүдийн гадна тохижилтыг үргэлжлүүлэн хийж, ногоон орчныг бүрдүүлнэ.

Боловсролын салбарт бол хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын хувийг 85 хувьд хүргэнэ. Хотын дарга ажлаа авах үед 60 гаруй хувьтай байсан. Энэ жил 76 хувьд хүрсэн. Улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг, сургууль нийлээд 80 гаруй обьект баригдана. Ингэснээр Улаанбаатар хотын сургуулиуд 2 ээлжинд ирэх намар бүрэн шилжинэ. Цаашдын зорилт нэг ээлж болгохын төлөө ажиллаж байгаа гэдгийг хэллээ.

ТӨРИЙН АЛБА
ХҮНД СУРТАЛГҮЙ, АВИЛГААС АНГИД БАЙХ ЁСТОЙ

Төрийн албыг хүнд сурталгүй ажиллах, авилгаас ангид байхад онцгойлон анхаарч байна. С.Батболдын хувьд 30 жилийн төрийн албанд зүтгэж байгаа учраас энэ албаны нэр хүнд ямагт өндөрт байх ёстой гэсэн зарчим барьдаг. Асуудлыг заавал даргаар биш хууль ном, журмын дагуу өөрсдөө шийдэж, иргэн хүнд чирэгдэлгүйгээр хариултыг заавал өгөх ёстой. Хуулийн дагуу ажлаа хийж, хуулийн хүрээнд шийдвэр гаргах зарчмыг баг, хамт олондоо тавьдаг гэдгээ мөн онцолсон юм.

ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨНД ТҮЦ АЖИЛЛУУЛАХГҮЙ

Энэ шийдвэртээ хатуу зогсоно гэдгээ хотын дарга уулзалтын үеэр онцолсон. ТҮЦ-ыг хотын дарга хааж боосон биш хаана ажиллаж болох байршлыг л зааж өгсөн. Улаанбаатар хотынхоо ганц том гудамжиндаа ТҮЦ ажиллуулахгүй. Мэдээж ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ. Гэхдээ хүнсний аюулгүй байдал, нийтийн эрх ашгийг дээдлэхийг шаардана. Дараагийн нэг асуудал нь Нийтийн тээвэр. Улаанбаатар хотод өнөөдөр хувийн 20 гаруй компани нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Энэ салбарт шинэчлэл, өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой гэж үздэг. Наад зах нь суудлын бүрээсээ угааж, шугаманд гарахдаа хог, шороогүй байх, зөв боловсон үйлчлэхийг шаардаж байгаа гэдгийг ч тодотголоо.

Хот бол өөрөө хамтын амьдрал. Нэг хүний хувийн эрх ашгаас илүү нийтийн эрх ашгийг хүндэтгэнэ. Авто зам тавья гэхээр нүүхгүй гээд 2 айл гэдийхэд хотын маш том ажил зогсдог байж таарахгүй. Явган хүний зорчих хэсгийг хааж, барилга барихгүй гээд хот өөрийн стандарт, дүрэмтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ. Хотын эрх зүйн байдлын хуулийг шинэчлэх тал дээр ч онцгой анхаарал хандуулж байгаа гэдгийг хотын дарга хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевич Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэж өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Юун түрүүнд Танд баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагаа ард түмний харилцаа сайжирч байгаа. Ялангуяа, хоёр улсын тээврийн салбарын бүхий л хамтын ажиллагааг хариуцан, шинэ түвшинд гаргахад өндөр хүчин зүтгэл гаргасныг тань өндрөөр үнэлж шагналаа. Цаашдаа хамтын ажиллагаандаа улам их амжилт гаргаарай” гэв.

Харин ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевич “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Х.Баттулга миний хүчин зүтгэлийг өндрөөр үнэлж, шагнал гардуулсанд баярлалаа. Уулзах цаг зав гаргаж, ярилцаж байгаад мөн талархаж байна. ОХУ болон Монгол Улсын харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг би мэдэрч байна. Мөн Монгол Улс манай Буриад улстай харилцаагаа илүү нягт болгох хэрэгтэй гэж бодож байна” гэлээ. Мөн тэрээр Монгол Улсад цахилгаан эрчим хүч тотвортой үнээр тогтмол нийлүүлэх сонирхлоо илэрхийлсэн юм.

Транзит тээвэр, аялал жуулчлал, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх талаар талууд санал солилцож ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

“Цагдаа хотхон-амгалан” нээлтээ хийнэ

“Цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас Санхүү, аж ахуйн албаны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, цагдаагийн алба хаагчдын орон сууцны барилга барихаар шийдвэрлэж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар тушаалаар ажлын хэсгийг байгуулагдан ажлаа эхлүүлсэн.

Энэ үйл ажиллагааны хүрээнд 180 айлын барилгыг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эхлүүлэн, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улсын комисс хүлээн авч, 180 алба хаагчдыг орон сууцанд нь оруулахад бэлэн болж, 2018 оны 01-19 ний Баасан гарагт нээлтээ хийхээр төлөвлөөд байна.
“Цагдаа хотхон-Амгалан” нь 15 орц бүхий 9 давхар, давхар бүрт 5 айлтай байхаар 675 алба хаагчийн орон сууцыг зах зээлийн үнээс хямд үнээр буюу 1 мкв-ыг 950.0 мянган төгрөгийн өртөгтэйгээр баригдсан юм.
Мөн автомашины ил ба далд зогсоолын хүчин чадалтай, 1.11 га буюу 30.0 хувийг эзлэх ногоон байгууламжтай, цэцэрлэг, сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбайтай байхаар төлөвлөгдсөн.
Гэрээ байгуулснаас хойш алба хаагчдаас орон сууцанд хамрагдах эсэх талаар судалгаануудыг авч нэгтгэн, урьдчилгаа 30 хувийг авч, үлдэгдэл төлбөрийг банкны зээлэнд хамруулах талаар зохион байгуулалтыг хийж эхэлсэн байна.
“Цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр” нь 2019-2020 онуудад үргэлжлэх бөгөөд цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангахаар ажиллаж байгаа юм.
Дээрх орон сууцны ажлын хэсгийг Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахлан ажиллаж байна.
Categories
гадаад мэдээ

Палестинчууд эсэргүүцлийн жагсаал хийв

Зураг

Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлдэг НҮБ-ын харьяа агентлагт өгөх санхүүжилтийнхээ тал хувийг АНУ хассантай холбоотойгоор палестинчууд Газын зурваст эсэргүүцлийн жагсаал хийжээ.

“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газрын /UNRWA/ төв байрны өмнө палестинчууд лхагва гарагт буюу өчигдөр эсэргүүцлээ илэрхийлэн жагссан байна. Эсэргүүцлээ илэрхийлэгчид нь “Палестинчуудад АНУ болон бусад улс орон аюул заналхийлэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн бичиг бүхий уриа лоозон барьсан байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Сургах зүйн боловсрол олгох” сургалт боллоо

“Боловсролын шинжлэх ухааны академи” ТББ, “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төсөлтэй хамтран “Сургах зүйн боловсрол олгох” сургалтыг Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулж байна.

Сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу Боловсролын академийн багш нар заан явуулж байгаа бөгөөд сургалтанд хамрагдсан алба хаагчид багшлах эрхийн сертификат болох юм. Тус сургалтанд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн болон сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан нийт 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургалт 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.