Categories
мэдээ нийгэм

Газар гэсч, урин цаг ирэх үетэй зэрэгцэн Улаанбаатар хот бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон засаг даргын зөвлөлийн гишүүд 9 дүүргийн дарга нартай уулзалт хийж, 2018 оны ажлын төлөвлөгөө, тулгамдсан асуудал, хийхээр төлөвлөж байгаа ажил болон төсвийн сахилга бат, хариуцлага сахилга батыг чангатгах талаар ярилцаж, үүрэг даалгавар өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “3 дугаар сарын 1 гэхэд нийслэл хот худалдан авах, хөрөнгө оруулалтын ажлаа зарлаж, 4 дүгээр сарын 1 буюу “Газар гэсэх” үед бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. 2018 он бол хариуцлагаа дээшлүүлж, ажлаа эрчимжүүлэх чухал жил. Бүтээн байгуулалтыг өрнүүлж, газар чөлөөлөх, цэцэрлэг сургуулийн барилгын ажил болон түрээсийн орон сууц, сервис центр зэрэг үндсэн чиглэлд тусгасан зорилтод ажлуудаа хийх ёстой. Тиймээс энэ жил Улаанбаатар хөрөнгө оруулалтын бизнес уулзалтыг энэ сарын 29-нд Улаанбаатар худалдааны танхимтай хамтран хийнэ. Худалдан авах, тендерийн эрх шилжүүлэх ажлуудыг 2 сардаа багтаан дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг хотын дарга нийслэлийн төр захиргааны байгууллагуудад үүрэг болгов.

Энэ жил Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвөөр 412.4 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ. Тухайлбал, улсын төсвөөс 212 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 192.8 тэрбум, нийслэлийн төсвөөр 95 төсөл арга хэмжээнд 153 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 14 төсөл арга хэмжээнд 55.1 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 129 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнээс нийгмийн салбар буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг өргөтгөх шинэчлэхэд 140.4 тэрбум төгрөг зарцуулна. Хот байгуулалтын салбарт 125 тэрбум төгрөг, авто замын салбарт 51.4 тэрбум төгрөг, байгаль орчин, хот тохижилтын салбарт 22.1 тэрбум төгрөг, бусад салбарт 17.5 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм.

2018 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн засаг дарга “Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаснаа дүүргийн дарга нарт хэлж, энэхүү захирамжийг онцгойлон хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батаа дээшлүүлэх хэрэгтэйг онцоллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг Дээд шүүх 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм.

О.Баасанхүү нь материалтай бүрэн танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулаад өнөөдөр өглөө хуралдсан юм.

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгэх эсэхийг шийдэх шүүх хурал Дээд шүүхийн хурлын танхимд боллоо. Энэ удаагийн шүүх хуралд нэг талаас УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын дарга Бямбасүрэн нар оролцож байгаа бол нөгөө талаас МАХН-ын дэд дарга С.Ганбаатар намын генсек Э.Эрдэнэжамъян болон Д.Оюунбаатар, Ц.Шаравдорж шүүх хуралд суусан юм.

Улмаар О.Баасанхүүг намын даргаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн ОУ-ын Коломбо хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх ажлын эхлэл тавигдлаа

Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн Коломбо хөтөлбөр нь Дэлхийн 47 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь Суурь түвшин, ахисан түвшин гэсэн 2 шатлалтай бөгөөд Суурь түвшин дотроо 8, ахисан түвшин нь 14 курстэй. АНУ-ын Төрийн департмент, ХЗДХЯ-ны санхүүжилтээр 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 16 өдрийг хүртэл Суурь түвшний эхний 2 курсийн сургалтаар Үндэсний 21 сургагч багш бэлтгэгдлээ.

2018 оны 5-р сард суурь түвшний 3, 5-р курс, 9 дүгээр сард 4, 6-р курс, 12 дугаар сард 7, 8-р курсийг хийн Суурь түвшний бүх сургалтыг дуусгах, 2019 онд Ахисан түвшний сургалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сургалтанд ХЗДХЯ-ны Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ахлах мэргэжилтэн 1, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын 2 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 1 багш, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 шинжээч, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 12 эмч мэргэжилтэн, Нийслэлийн наркологийн эмнэлэгийн 1 эмч, Нийслэлийн 28 дугаар сургуулийн 2 нийгмийн ажилтан хамрагдсан. Сургалтыг ХЗДХЯ, ЭМЯ, СЭМҮТ, ХСИС хамтран зохион байгуулсан. Үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн 21 хүн цаашид Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт сургагч багш бэлтгэх шат дараатай сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ спорт

Бүх оддын тоглолт айсуй

Америкийн үндэсний сагсанбөмбөгийн лигийн бүх оддын тоглолт ирэх сарын 18-нд Лос анжелос хотын Стаплэс цэнтрт хөшгөө нээнэ. Бөмбөрцгийн шилдэг сагсчид хуран чуулдаг энэхүү шоу нь хөгжөөн дэмжигч болон тоглогчдын хувьд жилийн хамгийн чухал өдөр билээ. Уг сагсанбөмбөгийн шоу үзүүлбэрийн хамгийн гол тоглолт нь өнөө цагийн шилдэг сагсчдын тулаан юм. Өмнөх жилүүдэд өрнө, дорно бүсээрээ хуваагдаж ширүүн тулааныг хийдэг байсан бол энэ жил дүрэмд нь маш том шинэчлэл хийгдсэн.

Бүс бүрээс багийн ахлагчдыг сонгосон бөгөөд өрнөдөөс алтан мужийн дайчдын холбогч Стефан Карри, дорнодоос морьтон цэргүүдийн лидэр Лэброн Жэймс нар тодорсон юм. Мөн гарааны тамирчдын нэрс эцсийн байдлаар тодорхой болсон.

Өрнөд бүсээс пуужингуудын ахлагч сахалтай нэгэн гэгддэг Жэймс Хардэн, алтан мужийн дайчдын шилдэг Дурантула, Пэликансын мангас хөмсөг Дэвис багийн анд Дэмаркуз Казинсын хамт тус тус өрсөлдхөөр болсон. Харин өнгөрсөн жилийн үнэ цэнэтэй тоглогч Рассэл Вэстбрүүк гараанд сонгогдож чадаагүй юм.

Дорнод бүсээс канадын үлэг гүрвэлийн толгой Дэмар Дэрозан, болдоггүй амтай 76-ийн төв Жоэл Эмбийд, грек мангас гэгдэх хүчирхэг Гианнис болон анкл дрю Кайри Ирвинг тус тус сонгогдсон. Харин сэлгээний тоглогчдыг дасгалжуулагч, тоглогчид сонгох юм. Мөн хоёр багийн ахлагчид бүс хамаарахгүй өөрийн багийн хамтрагчдаа сонгох боломжтой билээ.

БҮХ ОДДЫН ТОГЛОЛТЫН ӨМСГӨЛ

Тус шоунд рүүкий, сохмор тоглогчдын тоглолт болон ур чадварын тэмцээн, слам данк, гурвын зайн шидэлтийн тэмцээн болдог. Манай сайт энэхүү тэмцээнүүдэд оролцох тамирчдыг цаг тухай бүрт нь танилцуулах болно.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо. Б.Цацрал нь 2008-2013 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуульд “Зүүн хойд Азийн томоохон хот суурин болон байгалийн суурь нөхцөл дэхь нүүрстөрөгч агуулсан аэрозолын хими, физик, оптик шинж чанар” сэдвээр Боловсролын доктор хамгаалсан.

Түүнчлэн 2005-2006 онд Монгол фермер дээд сургуульд Цаг уур, уур амьсгалын багш, 2007-2013 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Орчны судалгааны төвд Эрдэм шинжилгээний туслах ажилтан, 2013-2015 онд Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 2015-2016 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуулийн РМ2.5 консерциум судлаач, 2016 онд МУИС-д Цаг уур, уур амьсгалын багш, 2017 онд Цаг уур орчны шинжилгээний газарт мэргэжилтнээр ажиллаж байжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлчүүдийн өмнө тулгамдаад буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд тус салбарын даргаар ийнхүү туршлагатай хүнийг томилов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн 3х3 дэлхийн аварга шалгаргуулах тэмцээнд монголын баг оролцоно

3х3 дэлхийн аварга зурган илэрцүүд

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний товыг зарласнаар энэ оны зургаадугаар сарын 8-12-нд Филиппиний нийслэл Манила хотноо зохион байгуулахаар товложээ. ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтууд Филиппиний Үндэсний өдөр гэж нэрлэдэг тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байгаа аж. ДАШТ-ий үеэр эрэгтэйчүүдийн цагаригт довтлох тэмцээн, эмэгтэйчүүдийн ур чадварын болон шидэлтийн тэмцээн болох юм.

2018 оны ДАШТ-д оролцохоор шалгарсан эрэгтэй багуудыг танилцуулахад, Бразил, Канад, Хорват, Эквадор, Эстони, Япон, Йордан, Киргизстан, Латви, Монгол, Нидерланд, Шинэ Зеланд, Филиппин, Польш, Румын, ОХУ, Серби, Словени, Украин, Уругвайн баг багтжээ.

Categories
мэдээ нийгэм

“Канадын хайгуулч, олборлогчдын холбоо-2018” чуулга уулзалтад уул уурхайн салбарын төлөөлөгчид оролцоно

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC-Prospectors and Developers Association of Canada/-ноос жил бүр зохион байгуулдагPDAC олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын энэ удаагийн уулзалт 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 07-ны өдрүүдэд Торонто хотноо зохион байгуулагдана. Дэлхийн хамгийн томд тооцогдох энэхүү уул уурхайн чуулга уулзалтад дэлхийн 130 орны 24,000 гаруй төлөөлөгчид оролцоно.

Гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хөрөнгө оруулалтынорчин, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, хөтөлбөрөө сурталчилж, мэдээлэл өгөх өргөн боломж олгодог уг арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчид оролцох бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.

Энэ хүрээнд Торонто хотод 03 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин, төрөөс баримталж буй бодлогын талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх зорилго бүхий “Mongolia Mining 2018”форум зохион байгуулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өргөн хэрэглээний шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэр гарлаа

Холбоотой Зураг

“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн хурлаар өргөн хэрэглээний А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэр гарав.

Харин тансаг зэрэглэлийн буюу А-95, А-98, Евро-5 зэрэг шатахууны үнэ нэмэгдсэнийг бууруулахгүй байх боломжтой гэж зөвлөл үзжээ.

Мөн өчигдөр тус зөвлөлийнхөн Ерөнхий сайдтай санал солилцсон. Энэ үеэр Ерөнхий сайд өргөн хэрэглээний буюу хэрэглэгчдийн хамгийн их хэрэглэдэг шатахууны үнийг нэмэхгүй байх, алдагдалтай ажилласан импортлогчдын татварын асуудлыг энэ сарын 25-нд Монголд ажиллах ОУВС-ийн төлөөлөлд танилцуулна хэмээн мэдэгдэв.“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-өөс өргөн хэрэглээний шатахууны үнэ нэмэхгүй байхыг импортлогчдод сануулж, Засгийн газар татварын бодлогоор зохицуулах чиглэл бүхий зөвлөмж гарган Засгийн газар, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШӨХТГ зэрэг байгууллагуудад хүргүүлсэн байна. Хэдийгээр импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж буй ч Зөрчлийн тухай хуулийн дагуу “Магнай трейд” ХХК-д хариуцлага тооцож, мөнгөн торгууль ногдуулах нь зүйтэй гэж дээрх зөвлөлөөс шийдвэрлэжээ.

Ийнхүү тус зөвлөлөөс шатахууны үнэ нэмэх асуудлаар зөвлөмж гаргасан ч дизель түлшний үнэ нэмэх эсэх асуудалд тодорхой шийдэл гаргаагүй байна.

Categories
мэдээ улс-төр

Хууль, тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлж, гишүүд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, монгол төрийн бодлого иргэн бүрийн сайн сайхны төлөө байх ёстой гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Төслийн танилцуулга дахь хорт хавдарын тоон үзүүлэлт бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үе үеийн системийн гажуудлын илрэл. 50-иас дээш насны хүмүүсийг жилд 1 удаа, 30-аас дээш насны эмэгтэй хүмүүсийг гурван жил тутамд нэг удаа үзлэг оношлогоонд оруулах зохицуулалтыг тусгасан уг төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа Х.Болорчулуун гишүүн хэллээ. Мөн тэрбээр өвчлөл гэдэг хувь хүний асуудал биш өрхийн, хэсэг бүлэг хүмүүсийн санхүү, амьжиргаанд хүндрэл болдог. Тиймд шинжилгээ өгөөгүй бол хариуцлага тооцох санкцыг тусгах саналтай байна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ эрүүл мэнд, боловсролын салбарын төрөөс онцгойлон анхаарах ёстой гэдгийг хэлээд “Эрүүл мэндийн асуудал бол улсын хөгжил, ажлын байр, айл өрхийн орлоготой шууд хамааралтай байдаг. Орон нутгийн удирдлагын түвшинд хавдрын эрт илрүүлэлтийн асуудалд анхаарч үзлэг оношлогоог зохион байгуулсан амжилттай туршлагууд бий. Тодорхой үр дүнд хүрсэн. Тиймд хавдраас урьдчилан сэргийлэх, оношлох, эрт илрүүлэх асуудалд төр онцгой анхаарах шаардлагатай хэмээн үзэж дэмжиж буйгаа илэрхийллээ. Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Дамба-Очир, Д.Сарангэрэл нар мөн санал хэлж, байр сууриа илэрхийлсэн Ингээд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн Байнгын хорооны саналыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 48 гишүүний 25 хувь нь дэмжсэн юм. Иймд Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

“ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

Засгийн газар өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулав. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2012 оны аравдугаар сарын 04-ний өдрийн ноот бичгээр Ерөнхий консулын газар нээх хүсэлт тавьсныг Гадаад харилцааны яам зохих журмын дагуу Монгол Улсын Засгийн газарт танилцуулан Монгол Улсын нэгдэн орсон “Консулын харилцааны тухай Венийн конвенци”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улс /хуучин нэрээр/ болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын “Консулын гэрээ”-г тус тус үндэслэн 2012 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн ноот бичгээр зөвшөөрсөн хариу өгснөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газар нээх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 16.1.4-т гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна гэж, мөн хуулийн 17.1.2, 17.1.3-т Улсын Их Хурал гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, газрын хэмжээ, хил зааг, ашиглах журмыг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, батлан хамгаалах зориулалтаар олгосон зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах тухай асуудлыг өмнөх Засгийн газрын үед хэлэлцүүлэхэд бэлэн болсон байсан, энэ асуудлыг хэзээ Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан гадаад улсын консулын газарт ашиглуулах газрын талаар тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримталж байгаа эсэх, газрын хэмжээг хэрхэн тохирсон талаар асуулт асууж хариулт авсан байна. Улсын Их Хурлын гишүүдээс тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Н.Оюундарь нар асуулт асууж ажлын хэсэг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаас хариулт авсан юм. Холбогдох конвенцийн дагуу хоёр улс адил хэмжээний газар нутгийг эзэмших зохицуулалттай бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ерөнхий консулын харьяа Замын-Үүдийн консул 1.2 га газрыг эзэмшдэг байна. Одоогоор 0.8 га газрын зөрүү үүсэхээр байгаа ч хоёр орны холбогдох талууд уг асуудлыг шийдвэрлэхээр зохих хэмжээний хэлцэл хийж байгаа гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд хэллээ.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн учир төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нар танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн үйлчлэл 2012 онд дуусч, иргэд банкин дахь хадгаламжаа татах, банкны салбарт хямрал үүсэхээс сэргийлэх, банкин дахь иргэдийн хадгаламжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагаар Улсын Их Хурлаас 2013 онд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталсан. Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дагуу Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны хадгаламжийн даатгалын үр нөлөөтэй тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн хадгаламжийн даатгалын корпорацийн засаглал, сангийн эх үүсвэр, зарцуулалт, даатгалын хамрах хүрээ, хадгаламж эзэмшигчид нөхөн төлбөр олгох харилцааг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд банкууд нэгдэх, нийлэх, эвсэх, эсхүл хөрөнгийг нь шилжлүүлэх зэрэг Монголбанкнаас албадан татан буулгахаас бусад банкны шилжүүлгийн арга хэмжээний үед банкны актив, пассив хоорондын зөрүүг нөхөх зорилгоор шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлж болох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна. Хадгаламжийн даатгалын корпорацийн бие даасан байдлыг сайжруулах талаар болон насанд хүрээгүй хадгаламж эзэмшигч, өвлөгдсөн хадгаламж тус бүр даатгалын нөхөн төлбөр авах өдрийг хурдасгах талаар болон хадгаламжийн даатгалын хамааруулдаггүй мөртлөө хадгаламжийн дундаж дүнг тооцоход хамааруулж шимтгэл тооцдог байсан төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд-тэтгэвэр-нийгмийн албан журмын даатгалын сангаас шимтгэл тооцуулдаггүй байх зэрэг зарчмын нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн байна. Төсөл батлагдсанаар хадгаламжийн даатгалын олон улсын үндсэн зарчимд нийцэх, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэх, улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, банны хүндрэлээс үүссэн хохирлыг Хадгаламжийн даатгалын сан хариуцах тогтолцоо төлөвшиж, сангийн хөрөнгийг үр ашигтай оновчтой удирдах боломжийг бүрдүүлэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын ОУВС-тай тохиролцсон хөтөлбөр бодлогын түвшинд биелэх чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж хамт өргөн мэдүүлсэн байна.

Эдийн засгийн байнгын хороо төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжжээ. Хэлэлцүүлгийн явцад Хадгаламжийн даатгалын корпорацийн эдийн засаг, санхүүгийн системд үзүүлэх ач холбогдлыг нэмэгдүүлэх, тус корпорациар дамжуулан мөнгө угаах асуудлуудыг хянах боломжийг судлах, банкууд эрсдлээ үүрэн энэ төрлийн корпораци байгуулдаг олон улсын жишгийг судлах зэрэг саналыг гишүүд гаргажээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нар асуулт асууж зарим зүйлийг тодруулав. Харин тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Баттөмөр нар дэмжиж байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, С.Жавхлан нар дэмжихгүй байгаагаа хэлсэн юм. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ЫН ТОГТООЛУУДЫГ БАТАЛЛАА

Дараа нь “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцууллаа.

“Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дүгээр зүйлийн 36.1 дэх хэсгийг үндэслэн 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт “Зөвлөлийн дарга нь Үндэсний статистикийн хорооны дарга байна. Зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн 3 гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, 3 гишүүнийг Засгийн газар санал болгож, Улсын Их Хурал томилно.” гэж заасны дагуу Засгийн газраас санал болгох гурван гишүүний асуудлыг Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын даргыг санал болгохоор шийдвэрлэж, албан бичгээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ирүүлсэн байна. Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны Дэд ерөнхийлөгч, Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөхийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгосныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжжээ.

Зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодорхой хугацаагүй томилдог, түүнчлэн Зөвлөлийн гишүүдийг нэр зааж батлах нь тэд ажил, албан тушаалаасаа өөрчлөгдөх тухай бүрд бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах шаардлагыг үүсгэж байгаа тул Зөвлөлийн гишүүнийг албан тушаалаар нь томилж ирсэн уламжлалыг баримтлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.

Төгсгөлд нь “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяаг Өргөдлийн байнгын хорооны хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлахаар тусгагдсан болохыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувь нь дэмжин “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганд УИХ-ын төлөөлөгчид оролцож байна

Ази, Номхон далайн улс орнуудын парламентын 26-р чуулга уулзалт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо эхэллээ.

Чуулга уулзалтад гишүүн орнуудын 350 гаруй төлөөлөгчид “Парламентын түншлэл: Энх тайван, шинэчлэл ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн хүрээнд улс төр, аюулгүй байдал, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлт, жендерийн тэгш байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна.

Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид оролцож байгаа юм. Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалтыг Японы Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ясухиро Накасонэ анх санаачилж, Токио хотноо 1993 оны гуравдугаар сард анхны хуралдаанаа хийж байжээ. Монгол Улс гишүүн орны хувьд 1996 оноос эхлэн чуулга уулзалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Гүйцэтгэх хорооны 11 гишүүний нэг билээ.

Чуулга уулзалтын нээлт тус улсын Үндэсний ассамблейн (парламент) ордонд болов. Нээлтэд БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалтын ерөнхийлөгч Нгуен Тхи Ким Нган, БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг, Олон улсын парламентын холбооны ерөнхийлөгч Габриэла Куэвас Баррон, Фижи Улсын парламентын дарга Жико Лувени нарын зэрэг албаны хүмүүс үг хэлж, Япон Улсын төлөөлөгчдийн тэргүүн Такүжи Янагимото тус чуулганы Хүндэт ерөнхийлөгч Ясухиро Накасонэгийн илгээлтийг уншин сонсгов.

Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 48 хувийг бүрдүүлж буй манай бүс нутгийнхны хувьд харилцан хөрөнгө оруулалтыг дэмжиж, техник технологийн шинэ ололтыг эзэмших, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, хамтын зөв шийдвэр гаргах замаар тогтвортой хөгжлийг цогцлоох нь эрхэм зорилт байх болно. Экологи, байгаль орчны доройтол, гамшгийн аюул, терроризмаас урьдчилан сэргийлж, яриа хэлэлцээ, энх тайвнаар асуудлаа шийдэж, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах, ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлаас гарахыг чухалчлан, худалдаа хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлж, бүс нутгийн хамтын хөгжлийг хангах зорилгоо биелүүлж чадвал XXIзуун манай бүс нутгийн зуун байх болно. Үүнд хууль тогтоох байгууллагуудын үүрэг, оролцоо нэн чухал гэдгийг үг хэлсэн хүмүүс онцолж байлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 26-р хуралдааны Гүйцэтгэх хорооны хуралд оролцов. Тэрбээр энд хэлсэн үгэндээ бүс нутгийн хэмжээний ийм томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулж байгаад Вьетнамын төр, засаг, ард түмэн, Ханой хотын иргэдэд талархал илэрхийлээд, Монгол Улс чуулга уулзалтын үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож, нэгэнт гаргасан хамтын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө чармайх болно хэмээн онцоллоо.

Гүйцэтгэх хорооны хуралдаанаар Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулган хамтын ажиллагааны механизмынхаа хувьд ямар үр дүн, ахиц дэвшилд хүрч байгаа талаарх үнэлэлт дүгнэлтээ хэлэлцэж, цаашид голлон анхаарах тулгамдсан асуудлуудын талаар санал бодлоо солилцлоо. Гишүүн 21 улс, олон улсын 2 байгууллагын төлөөлөл оролцож байгаа энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь гишүүн орнуудаас хамтын ажиллагааны шинэ алхам хийхэд чиглэсэн 50 орчим санал санаачилга дэвшүүлсэн явдал юм. Энэ бол тус чуулганы хувьд урьд өмнө байгаагүй олон санаачилга гарсан гэсэн үг. Тэдгээрийг ойрын 2 хоногийн турш салбар хуралдаануудаар хэлэлцэж, шийдвэр гаргана.

Чуулга уулзалтын нээлтээс өмнө эмэгтэй парламентчдын хуралдаан болсон юм. Ийнхүү чуулганыг эмэгтэй парламентчдын хуралдаанаар эхэлсэн нь Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы дүрэмд өөрчлөлт оруулахаар Японы парламентчдаас дэвшүүлсэн 5 саналын нэг байв.

Тус хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа оролцлоо. Хуралдаанаар эмэгтэй парламентчдын нийтлэг ашиг сонирхлыг дэмжих замаар бүс нутагтаа жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг санхүүгийн зохистой эх үүсвэрээр дэмжих, боловсрол, мэргэжил, чадвар олгохыг эн тэргүүнд эрмэлзэх, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуралдаанд хэлсэн үгэндээ Монгол Улсын парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 17 хувьд хүрч, тэдгээр гишүүд эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс сэргийлэх, боловсорч хөгжих боломжийг нь бүрдүүлэх чиглэлээр тууштай бодлого, үйл ажиллагаа өрнүүлж байна хэмээн мэдээллээ. Тэрбээр Монголын эмэгтэй парламентчид Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалт, гишүүн орнуудын эмэгтэй парламентчдын хамтаар тогтвортой хөгжлийн нэг үндсэн тулгуур болсон жендерийн тэгш байдлыг хангах зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө хүсэл зорилгоо нэгтгэн ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Ханой хотоос мэдээлэв.