Categories
мэдээ улс-төр

Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 16 -19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Тус хурлыг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-н Гамшгийн эрсдлийг бууруулах газар хамтран хурлыг зохион байгуулах удирдах зөвлөл, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдааныг Төрийн ордонд жанжин Д.Сүхбаатарын танхимд зохион байгууллаа.

Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-н Гамшгийн эрсдлийг бууруулах бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирарде нар оролцож, Азийн сайд нарын бага хурлын талаар танилцуулга мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгөв.

Энэ үеэр Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурал”-аар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн бүс нутгийн болон үндэсний хэрэгжилтийн явцыг тайлагнах, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн тодотгоно. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргах юм. Хурлыг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсын нэр хүнд бүс нутгийн хэмжээнд улам өсөн бэхжиж, гамшгийн эрсдэлийг бууруулах талаарх бодлогын үзэл баримтлал, идэвхтэй үйл ажиллагааг дэмжиж, хамтын ажиллагаа нэмэгдэх болно” гэж онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд тус хурлыг зохион байгуулах удирдах зөвлөл, бэлтгэл ажлыг хангах өргөтгөсөн ажлын хэсэгт, Удирдах зөвлөл, Ажлын хэсгийн дарга нар өөрсдийн хариуцах чиглэлээр гадаад, дотоод бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулж, чиг үүргээр шуурхай хангах, Дээд түвшний төлөөлөгчдийн оролцоог хангах, хоёр талын болон олон талт дипломат үйл ажиллагаа идэвхтэй явуулах, Улс орны санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулан өөрсдийн дотоод нөөц боломжийг бүрэн ашиглаж, батлагдсан төсөвт багтаан бага хурлыг зохион байгуулах, Хүн бүр хүлээсэн үүргээ бүрэн ухамсарлан, жижиг гэлтгүй бүх ажлыг нарийн төлөвлөн, хоорондоо нягт хамтран ажиллахыг үүрэг болголоо.

Харин НҮБ-н Гамшгийн эрсдлийг бууруулах бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирарде Монгол Улсын Засгийн газар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутагтаа манлайлж Азийн сайд нарын Бага хурлыг нутагтаа зохион байгуулах гэж байгаад талархал илэрхийлээд энэ хурал нь гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа бодлого, ажлаа бүс нутаг, дэлхийд сурталчилж, илүү өргөн хүрээнд ажиллах боломж бүрдүүлнэ гэдэгт итгэж байна гэв.

2018 онд Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаар “Гамшгаас урьдчилан сэргийлсэнээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” гэсэн үндсэн уриан дор гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн болон дэлхийн нийтийн аюулгүй, амар тайван орших нөхцлийг бүрдүүлэх, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн тодорхой санал санаачилгуудыг хэлэлцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөг биелүүлэхэд манай бүс нутгийн улс орнуудын гаргаж буй ололт амжилтуудыг таниулах, тэргүүн туршлагаас хуваалцах, Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримтлаж буй бодлого, хэрэгжүүлж бүй үйл ажиллагаагаа бүс нутаг болон дэлхий нийтэд таниулах, гамшгийн эрсдэлийг бууруулах салбар дахь бүс нутгийн болон олон улсын түншлэлийг өргөжүүлэх тэлэх боломжуудыг бүрдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлээд байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт гишүүн шатахууны үнийн нэмэгдэлтэй холбоотой асуулга хүргүүлэв

ЗурагУИХ-ын гишүүн С.Бямбацогт шатахууны хомсдол бий болгож иргэдэд хүндрэл учруулж байгаа, хөдөө орон нутаг татварыг тэглэсэн атал шатахууны үнийг нэмж байгаад анхаарал хандуулж ажиллахыг хүсч Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ.

Тэрбээр асуулгадаа “Миний бие 2010 оноос хойш төвийн бүс болон алслагдсан бүс нутгийн бензин шатахууны үнийг ижил түвшинд байлгах асуудлаар удаа дараа асуулга тавьж, шахаж шаардсаны үр дүнд 2015 онд баруун хилээр орж ирж буй автобензин, дизелийн түлшний гаалийн болон онцгой албан татварыг чөлөөлж тус бүс нутгийн шатахууны үнэ литр тутамд 180-400 төгрөгөөр буурч Улаанбаатарын үнэтэй ойролцоо болж байсан. 2015 оноос хойш Цагааннуур, Ярант, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг баруун бүсийн боомтуудаар импортоор орж ирж байгаа автобензин, дизелийн түлшний татварт өөрчлөлт ороогүй, 0 хувийн татвартай байсан. Харин Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав зэрэг төвийн болон, зүүн бүсийн боомтоор орж ирж байгаа автобензин, дизелийн түлшний татвар 2016 онд 3 удаа буурч, 2017 онд хоёр удаа нэмэгдсэн байна. Гэтэл татварын өөрчлөлт ороогүй баруун бүсэд шатахууны үнэ нэмэгдэж, төвийн бүстэй харьцуулахад үнийн зөрүү ихэссээр байна. Төрийн бодлогын залгамж чанар үргэлжлэх учиртай. Цаашид нефть бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байх, улсын хэмжээнд ижил үнэтэй байлгах талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засаг дөнгөж сэргэж байгаа энэ үед ард иргэдийн амьдралд хүнд дарамт болох нөхцөл үүслээ” гэсэн байна.

Мөн Монгол Улсад төр хүчтэй байгаа бол үндэслэлгүйгээр үнээ нэмж байгаа шатахуун импортлогчидтой хариуцлага тооцох, үндэслэлтэйгээр үнэ нэмж байгаа бол үр дүнтэй хамтран ажиллах, яаралтай хэлэлцээрт орох, гарц шийдэл олох шаардлагатай хэмээн онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

ХЗХ-дод тусгай зөвшөөрөл шинээр олгож, заримынхыг сунгалаа

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр хуралдаж, шинээр байгуулагдаж байгаа ХЗХ-дод хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, мөн зарим хоршоодын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж буйг сунгах асуудлуудыг хэлэлцлээ. Нийт 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэсний долоо нь шинээр тусгай зөвшөөрөл олгох асуудал байсан бөгөөд 20-26 гишүүнтэйгээр байгуулагдаж буй эдгээр ХЗХ-дын дөрөв нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Ногоон алт” төслийн дэмжлэгтэйгээр Баянхонгор, Говь-Алтай, Төв аймгийн Богд, Баян-Уул, Дэлгэр, Өндөрширээ сумдад ажиллах юм.

ХЗХ нь гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг удирдан, тэдний санхүүгийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тусгай зөвшөөрлийг гурав хүртэл жилийн хугацаагаар олгодгоороо онцлогтой. Энэхүү өвөрмөц салбар санхүүгийн хүртээмжийг тэлэх, ялангуяа тархмал суурьшилтай хөдөө, орон нутгийн иргэд, малчдад санхүүгийн үйлчилгээг хүргэхэд зохион байгуулалт болон удирдлага, менежментийн хувьд илүү тохиромжтой юм. Хэдийгээр ХЗХ иргэдийн эвлэлдэн нэгдэх санаачилга, хөрөнгийн эх үүсвэрийн хоршил дээр тогтдог ч гэлээ удирдлага болон байнгын гүйцэтгэл нь мэргэжлийн байх шаадлагыг Хорооноос тавьж байна.

Мөн Хорооны хуралдаанаар 12 ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг тус тус гурван жилээр сургалаа. Тусгай зөвшөөрлийн хугацааг өмнө явуулсан хадгаламж, зээлийн үйл ажиллагаа болон санхүүгийн зохистой харьцаа, хууль тогтоомж, журам зааврыг хэрэгжүүлсэн байдал, тайлагнал, ашигт ажиллагаа, хяналт шалгалтын үнэлгээ, эрсдэлийн үзүүлэлтүүдийг нягтлан үзэж, хангалттай гэж үзсэн тохиолдолд сунгадаг юм

Categories
мэдээ нийгэм

Хүйтний эрч сарын сүүлчээр суларна гэв

ЗурагХүйтний эрч сарын сүүлчээр өдөртөө суларна хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уурч Э.Энхзаяа хэллээ.

Энэ сарын 26-нд нутгийн зарим газраар, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 46-51 градус, өдөртөө 32-37 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байх нь .

Харин хоёрдугаар сард нутгийн баруун буюу өмнөд хэсэг буюу Баян-Өлгий, Увсын урд, Ховдын баруун тал, Завханы, Говь-Алтайн зүүн, Баянхонгорын хойд, Архангайн ихэнх нутгаар, Өмнөговийн өмнөд, Дорноговь, Сүхбаатарын нутгаар дунджаас ахиувтар цас орох аж. Сэлэнгийн зүүн хэсэг, Төв аймгийн хойд, Дорнодын хойд хэсгээр дунджаас бага цас унах төлөвтэй.

ГУРАВДУГААР САРД 0.5-1.5 ГРАДУСААР ДУЛААН БАЙХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Гуравдугаар сард Монголын хойд хэсэг төвийн бүс, Булган, Архангай, Төв, Сэлэнгийн зарим нутгаар, Сүхбаатар, Дорнодын урд хэсэг, Баян-Өлгий, Увс аймагт хур тунадас ахиу орох төлөв гарчээ. Монголын нийт нутгаар 3, 4 дүгээр саруудад салхи эхэлж, жаварладаг. Гуравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.5 хэм дулаан байх төлөв гарсан байна. Тодруулбал гуравдугаар сард агаарын дундаж температур Булганы зүүн, Төв аймгийн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсэг, Сэлэнгийн нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур Сүхбаатар, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөв гараад байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

H-2 ангиллын цагаачлалын бус ажлын визний мэдээлэл

H-2 визний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эдгээр албан ёсны цахим хуудсуудаас авах боломжтой:

Н-2 виз мэдүүлэх ерөнхий журам

Алхам 1: Түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа компани эсвэл зуучлагч байгууллагаа АНУ-аас олно. АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй болно.

Алхам 2: H-2 виз нь “petition” буюу урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл юм. АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авах бөгөөд улмаар цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах өргөдлийг (I-129 маягт,https://www.uscis.gov/sites/default/files/files/form/i-129.pdf) АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргана. Зөвхөн I-129 өргөдөл батлагдсан тохиолдолд боломжит ажил горлигч нь АНУ-ын виз мэдүүлнэ.

Алхам 3: Ажлын гэрээтэйгээ танилцаж I-129 маягт буюу өргөдөл нь батлагдсан эсэх болон хүчинтэй хугацааг шалгах хэрэгтэй. Зах зээлийн судалгаа хийж ажил олгогч таньд зах зээлийн ханштай дүйцэх хэмжээний цалин олгох эсэхийг баталгаажуулна. Англи хэл дээр бичигдсэн ажлын гэрээ хүлээн авч гарын үсгээ зурах ёстой бөгөөд хэрэв Англи хэл ойлгодоггүй бол Монгол эсвэл өөр ойлгодог хэл дээрхи гэрээн дээр бас гарын үсгээ зурсан байх шаардлагатай.

Алхам 4: I-129 өргөдөл нь батлагдсан эсэхийг нотолсоны дараа DS-160 электрон визний анкетыг бөглөн Хаан банкинд визний хураамж болох 190 доллартай тэнцэх төгрөг тушаана.(http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-visafeeinfo.asp).

Алхам 5:H-2 ангиллын визний ярилцлагын цагаа товлоно (https://cgifederal.secure.force.com/).

Алхам 6:Виз мэдүүлэгч нь АНУ-ын Элчин Сайдын Яам/ Консулын хэлтэст визний ярилцлаганд орно. Визний ярилцлаганд ирэхдээ хүчин төгөлдөр паспорт, АНУ-ын визний шаардлага хангасан нэг хувь цээж зураг (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-photoinfo.asp) болон I-129 өргөдлийн баримтын дугаар зэргийг авчирна.

Алхам 7:Виз олгогдсон тохиолдолд визээ авч АНУ-ын хил дээр очин H-2 түр хугацааны ажилтны визээр нэвтрэх зөвшөөрөл хүснэ.

Алхам 8:Ажлын гэрээ дуусгавар болсны дараа H-2 визний статус зөрчих аливаа үйлдэл хийлгүй АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас өмнө Монголд буцаж ирнэ.

Анхааруулга: H-2 визний ангилалд Монгол улсыг багтаасан нь итгэл хүлээлгэсэн хэрэг бөгөөд ямар нэгэн байдлаар буруугаар ашигласан эсвэл зөрчсөн тохиолдолд АНУ-ын Дотоолын Аюулгүй Байдлын Яам цуцлах эрхтэй.


Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж А-80, АИ-92 өргөн хэрэглээний шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэрийг дэмжлээ. Ийнхүү онцгой татварыг тэглэснээр бензиний үнэ нэмэгдэхгүй гэж үзэж байна. Харин бусад онцгой албан татварыг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Мөн өнөөдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргалаа. Уг үйлдвэрийг барихад зориулж Алтанширээ сумын нутгийн 150 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар юм байна. Үйлдвэр барих газар нь Сайншандаас 20 км-ийн зайд оршдог аж. Бүтээн байгуулалтын ажлуудыг энэ оны II улиралд хийж эхлэх бөгөөд Сайншандаас нефтийн үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ, Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ, Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Даваасүрэн: “Н2” визтэй холбоотой журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байна

– АНУ-Д АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ ХЭРХЭН БҮРТГЭХ, АЖИЛ ОЛГОГЧТОЙ ХОЛБОХ ЖУРАМ ГАРНА-

Манай улс АНУ-д ажиллах хүч илгээх боломжтой орны жагсаалтад багтсан билээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй ярилцлаа.


-АНУ-ын “Н2” визний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Зарим зуучлалын компани энэ ангиллын визийг мэдүүлэхийг урьсан тухай сошиалаар олон нийтэд цацаад байх юм. Виз мэдүүлэх журам нь бэлэн болчихсон хэрэг үү?

-Энэ талаарх тодорхой мэдээллийг өгье. Сошиалаар гараад байгаа элдэв ташаа мэдээлэл, зарлалд иргэд маань төөрөлдчих вий, залилуулчих вий гэж бид их санаа зовж байгаа. Тиймээс ГХЯ, АНУ-ын ЭСЯ-тай хамтран үнэн зөв, албан ёсны мэдээллийг дэс дараатай хүргэхээр ажиллаж байна. Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхэлнэ. Одоогоор уг ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байна. Тиймээс энэ журам тодорхой болмогц олон нийтэд бид албан ёсоор нээлттэйгээр мэдээлэх болно. Тэр болтол иргэд маань эрсдэлтэй алхам битгий хийгээсэй.

-АНУ-д улирлын чанартай, богино хугацаанд ажиллах боломж олгодог энэхүү визийг авах эрхтэй орнуудын жагсаалт жил бүр шинэчлэгддэг гэл үү. Манай төр засаг Америкт харласан улсуудаа татаж авах тал дээр сайн ажилласан учраас энэ удаад бидэнд H-2 ангиллын визний зөвшөөрлийг олгосон гэж ойлгож байгаа. Тэгэхээр Монгол Улс цаашид хасагдахгүйн тулд юун дээрээ анхаарах ёстой вэ?

-АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Монгол Улс ийнхүү H-2A болон H-2B ангиллын виз мэдүүлэх эрх бүхий орнуудын жагсаалтад анх удаагаа багтлаа. Энэхүү жагсаалтанд орох хүсэлтийг 2016 онд Вашингтонд болсон зөвлөлдөх уулзалтын үеэр Америкийн талд тавьж, хамтран ажилласнаар энэ үр дүн гарсан юм. Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авдаг.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг. 2018 оны жагсаалтаас Хайти, Белиз, Самоа зэрэг улс хасагдсан байна. Тиймээс манай иргэд энэ боломжийг зөв ашиглахын тулд хариуцлагатай байх ёстой. Олон нийтэд анхааруулахад Н2 ангиллын виз олгож эхэлнэ гэж зарласны дараагаар АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.

-Европын холбоо өчигдөр манай улсыг “хар жагсаалт”-аас гаргалаа. Цаашид Европын холбооны гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд саадгүй болсон гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл Брюссель хотноо өчигдөр хуралдаж, “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэсэн байна. Тус Зөвлөл өмнө нь 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хуралдаж уг жагсаалтаад бусад 16 орны хамт Монгол Улсыг оруулсан байсан шүү дээ. Харин Засгийн газар 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ний өдрийн 350 дугаар тогтоолыг баталж, татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээсний үндсэн дээр тус жагсаалтаас гарлаа. Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэхүү жагсаалтаас гарах асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн тулд тушаал гарган Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилох, Сангийн яам болон Хууль зүйн яамны төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулан ажиллуулсан. Мөн Европын Холбооны Дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини болон Европын Холбооны гишүүн 28 улсын Гадаад хэргийн сайд нарт албан захидал илгээсэн байгаа. Түүгээр зогсохгүй Европын Холбооны гишүүн улсын Элчин сайд нартай уулзаж манай улсын байр суурийг тайлбарлах зэрэг дэс дараатай арга хэмжээ авсан нь ийнхүү нааштай үр дүн авчирлаа. Монгол Улсын чухал “Гуравдагч хөрш” Европын Холбоотой болон түүний гишүүн 28 оронтой манай улс түншлэл, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээлгүй боллоо.

-Монгол, Америкийн улс төрийн Зөвлөлдөх уулзалт саяхан болсон. АНУ-ын талтай H-2 визнийхээ журмын асуудалд тохиролцож чадсан уу. Ер нь энэ уулзалтын үр дүн ямар болов?

-Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод удаагүй байхдаа хоёр талын харилцааны асуудлаар тогтмол ярилцаж, санал солилцдог яриа хэлцээний механизмтай болох нь зүйтэй гэж үзэж, анхны зөвлөлдөх уулзалтыг 1999 онд Бангкок хотноо олон улсын арга хэмжээний үеэр эхлүүлж байсан. Түүнээс хойш уг уулзалтыг Улаанбаатар, Вашингтон хотод жил бүр ээлжлэн зохион байгуулж ирсэн. Арванхоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо боллоо.Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарсан яриа хэлэлцээ явуулж ирсэн. Талууд өмнөх жилийн ажлаа дүгнэж, дараа жилийн ажлаа тодорхойлдог уламжлалтай. Асуудлын хүрээ жилээс жилд л өргөжиж байна. Энэ удаад Монголын талаас БОАЖЯ, СЯ, ХЗДХЯ, БХЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ХНХЯ, ЭХЯ, ЭМЯ, ОБЕГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Америкийн талаас АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Дотоодын аюулгүй байдлын яам, Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагын хоёр талын нийт 60 орчим төлөөлөгч оролцсон.

Өмнө жилийн XI уулзалтын дүнг харахад тохирсон, төлөвлөсөн олон чухал арга хэмжээ хэрэгжсэн байна. Тухайлбал, 2016 оны Вашингтоны уулзалтаар манай тал эдийн засгийн нөхцөл байдлаа танилцуулж, АНУ-ын талаас Олон улсын валютын сантай хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Америкийн тал манай нөхцөл байдлыг сайтар ойлгож, дэмжлэг үзүүлснээр Монгол Улс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдан ажиллаж байна. Цаашилбал, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөл Монгол Улсыг Хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор дахин шалгаруулсан, манай улсын махны экспортыг дэмжих 10 орчим сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлж эхэлсэн, хоёр улсын Эрчим хүчний бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалт болсон. Мөн АНУ-ын Конгресст Монголын бүлэг дахин байгуулагдсан, манай улсыг “Н2” ангиллын визийн хөтөлбөрт хамруулах шийдвэр гарсан, “LEAD Mongolia”, “FLEX” зэрэг залуучуудын солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж ирсэн зэрэг олон ажлыг талууд харилцан онцолсон. Мөн хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нэмэгдүүлэх, ялангуяа Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт, Худалдаа, Хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн уулзалтыг энэ оны эхний хагаст зохион байгуулахаар ярилцаад байна. Түүнчлэн АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай Хоёр дахь компакт гэрээ байгуулах бэлтгэлийг хангах, “Н2” визийн хөтөлбөрт хамрагдах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

-Одоо хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?

-АНУ нь манай улсын гуравдагч хөршийн бодлогод чухал байр суурь эзэлж ирсэн. Өнөөдөр хоёр талын харилцаа олон салбарт өргөжин хөгжиж байна. Бидний хооронд улс төрийн өндөр түвшний итгэлцэл тогтсон. Хоёр улсын иргэд хоорондын харилцаа жилээс жилд өргөжиж байна. Харилцааны түвшний хувьд бид АНУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай. Алсдаа манай улсын хувьд АНУ-тай явуулж буй харилцаагаа стратегийн түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Юуны өмнө бид эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, тэлэх шаардлагатай байгаа. Америкийн тал манай улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Мөн хоёр тал хүмүүнлэгийн харилцаагаа бэхжүүлэх зорилттой. 2019 оныг “Монгол-Америкийн залуучуудын жил” болгон зарлах тухай сая ярилцаж, бэлтгэлийг хангахаар болсон. Ойрын үед гэвэл АНУ-ын Мянган сорилтын корпорацитай Хоёр дахь компакт гэрээ байгуулах бэлтгэлийг хангаж байна. Монгол, Америкийн хувьд бүс нутаг болон улсын тавцанд мөн ойр дотно түншилж ажилладаг. Манай хоёр орон НҮБ, тус байгууллагын Хүний эрхийн зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Онлайн эрх чөлөө зэрэг байгууллагын гишүүний хувиар идэвхтэй, харилцан биенээ дэмжин ажиллаж ирсэн. Америкийн талаас манай эдийн засаг, банк, санхүүгийн дэд бүтэц, чадавхийг бэхжүүлэх хүрээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хил, гаалийн хяналтын дэд бүтцийг бэхжүүлэх зэрэгт онцгой анхаарч хамтран ажиллаж байна.

-Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Хоёр орны иргэд хоорондын харилцаанд чиглэсэн ямар арга хэмжээг болсон бэ?

-Хоёр талын харилцаанд соёлын хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулдаг. Хоёр орны иргэдийг ойртуулахад тодорхой арга хэмжээ хэрэгжүүлсэн. Тухайлбал, Монголын язгуур урлагийг Америкийн ард иргэдэд сурталчлан таниулах зорилгоор “Хөсөгтөн” хамтлагийн аялан тоглолтыг АНУ-д зохион байгуулсан. Нью Йорк дахь НҮБ-ын төв байр, Чикаго хотын “Чикаго” театр, Сиэттл хотын “Блэкбокс” театр, Сан Франциско хотын “Трокмортон” театр зэрэг нэр хүндтэй томоохон газруудад тоглолт зохион байгуулсан нь манай орны түүх, соёлыг америкийн жирийн иргэдэд хүргэсэн сайхан арга хэмжээ болсон. Мөн АНУ-ын “Их таван” симфонийн нэгд зүй ёсоор тооцогддог Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга Монгол Улсад айлчилан тоглосон. Тэд Монголд сонгодог урлаг өндөр түвшинд хүрсэн юм байна гэж хэлж байсан шүү. Хоёр орны хүүхэд, залуучуудын дунд найрсаг, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, тэдэнд байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах төлөвшил бий болгох зорилгоор “Хүрээлэн буй орчин” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааныг хоёр талдаа зохион байгуулж, уралдаанд шалгарсан Монголын 30, Америкийн 30 хүүхдийн нийт 60 бүтээлээр Улаанбаатар хотноо үзэсгэлэн гаргасан.

-Монголчуудын хувьд АНУ-д сурах боломж, боловсролын солилцооны хөтөлбөрийг их сонирхдог. Та энэ тал дээр ямар боломжууд байдаг вэ?

-АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Ful­bright”, “FLEX”, “LEAD” зэрэг олон хөтөлбөр, төслүүдэд манай орны иргэд, залуучууд хамрагддаг. Ер нь 1990-ээд оноос хойш манай 10 мянга гаруй иргэн АНУ-д суралцсан байна. Бид оюутнуудынхаа тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажилласнаар манай улсад олгож байгаа квотын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Цаашид бид хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллана. Товчоор дүгнэн хэлэхэд 2017 онд талууд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцаанд хүрсэн амжилт, ололт зэргээ хамтран тодорхойлж, тэмдэглэсэн бөгөөд талууд уг уулзалтаар ирэх олон арван жилийн хамтын ажиллагааны зорилго, зорилтоо хамтран тодорхойлох алхмуудыг эхлүүлсэн гэж хэлж болно.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна

ЗурагЕрөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна.

Тэрбээр үдээс хойш 15 цагаас тус аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж нийгэм-улс төр, эдийн засаг болон цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийхийн зэрэгцээ тэдний санал хүсэлтийг сонсох юм. Төрийн тэргүүн өмнө буюу энэ сарын 14-21-ний өдрүүдэд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Багахангай дүүргийн иргэдтэй уулзалт хийсэн.

Орон нутагт хийж буй түүний уулзалт энэ сарын 24-28-ны өдрүүдэд үргэлжилж нийт 5 аймагт ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

“Оргил”-ын чихэр бусад томоохон зах, худалдааны төвүүдийнхээс хямд байна

Монголчуудын уламжлалт баяр цагаан сар болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Монголчууд цагаан сараа ёс төртэй, сайхан тэмдэглэдэг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд цагаан сараар архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнтэй бараг таарахгүй болсон. Өндөр настан, хүүхэд багачуудаа баярлуулж, удам судраа мэдэлцэх, ахмадаа хүндлэх, ах дүүгийнхээ амар мэндийг жилдээ ганц удаа эрж золгодгийн хувьд сар шинийн баяр хамгийн сайхан нь гэж хэлэхэд болно. Тэгвэл томоохон худалдааны төвүүд болох “Дүнжингарав”, “Скай”, “Оргил”-д цагаан сарын үзэсгэлэн худалдаа аль хэдийнэ гарчээ. Иймээс бид өргөн хэрэглээний бараа, бэлэг зэргийг ямар үнэтэй байгааг сурвалжилсан юм.

ИРГЭД ЦАГААН САРЫН БЭЛЭГ, БАРААНЫ ҮНЭ ХАНШ СУДАЛЖ БАЙНА ГЭВ

Ингээд бид “Дүнжингарав” худалдааны төвийг зорин очлоо. Гадаа нь “Нэгдүгээр сарын 12-ноос ирэх хоёрдугаар сарын 15-ны хүртэл “Цагаан сарын үзэсгэлэн худалдаа” үргэлжилж байна” гэсэн байв. Харин дотогш ороход хөл хөдөлгөөн багатай, иргэд цагаан сарын бэлэг, бараагаа зүгээр сонирхож буй байдалтай байлаа. Лангууны ард зогсож буй худалдагч нар “Наашаа ирж, цагаан сарын бэлэгний сонголтоо сонирхоорой” гэлээ.

Очиход эрэгтэй сорочкан цамц 15000-18000, эмэгтэй хүзүүний алчуур 2500-5000 төгрөгийн үнэтэй байв. Цааш явахад савхин бээлий 12000, эрэгтэй тэлээ 8000, арьсан тэлээ 15000, 18000, даавуун цүнх 4000, усны сав 3000-12000 төгрөг гэнэ. Аяга тавагны иж бүрдэл 115000, 140000, 380000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин дээл материал, загвараасаа шалтгаалж, 150000-250000 бол хүүхдийн дээл 60000 төгрөгийн үнэ ханштай байна. Торго нэг метр нь 5000-28000 төгрөг аж.

Цагаан идээний тасагт ааруул нэг килограмм нь 14000-18000, шар тос 14000, ээзгий 10000, таван давхар таваг засч болох ааруул 150000 төгрөг гэнэ. Гандангийн хэвийн боов нэг ширхэг нь 2500-2700, “Түмэн наст” ХХК-ийнх 2300 төгрөгийн үнэтэй байна. Чихэр нэг килограмм нь 8000-20000 төгрөгийн үнэтэй бол резинэн чихэр 10000, хатаасан жимс 10000-12000 төгрөг гэж байсан юм. Алим сортоосоо хамаарч 4500-6500 төгрөгийн үнэтэй байв.

Таваг засч, ууцаа тавих цар 160-200 мянган төгрөг юм байна. Энэ үеэр худалдагч Г.Баясгалан “Монголчуудын уламжлалт баяр цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдаа өргөн дэлгэр үргэлжилж байна. Одоогоор иргэд цагаан сарын бэлтгэлээ хэрхэн хийх вэ, хэдэн төгрөг зарцуулахаар байна, ямар бэлэг авах вэ зэргээр ярилцаж, сонирхсон байдалтай явж байгаа юм. Хоёрдугаар сар гарахаар хаа сайгүй хөл хөдөлгөөн их болж, бараа бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээтэй болж эхэлдэг” гэв.

УДАХГҮЙ “ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА” ӨРГӨЖНӨ

“Скай” их дэлгүүрт очиход “Цагаан сарын үзэсгэлэн худалдаа-2018” гэсэн томоос том зар гаднаа тавьсан байлаа. Үүдэнд нь цагаан идээ болон хүнсний төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдах бөгөөд үзэсгэлэн удахгүй өргөжнө гэдгийг худалдагч нар ярьж байсан юм. Ингээд дэлгүүр рүү ороход хэвийн боов, өргөст хэмх, чихэр жимс байлаа. Нэг килограмм чихэр хатуу зөөлөн, шоколадтай зэргээс хамаарч 8000-15000 төгрөгийн үнэтэй байв. Мөн алим сортоосоо хамаарч 5500-8500 төгрөг гэнэ. Хэвийн боов 2500-2700 төгрөгийн үнэтэй юм байна. Бэлгийн багц болох нүүрний тос, саван, гуужуулагч, цэвэрлэгч нийлээд 35000 төгрөгийн ханштай байна. Энэ үеэр иргэн Ж.Эрдэнэболор “Скай их дэлгүүрийн “Цагаан сарын үзэсгэлэн худалдаа”-г сонирхож явахтай таарав. Хэвийн боов, чихэр эхнээсээ өргөн сонголттой гарчихсан байна. Мөн дээл, торгыг төрөл бүрээр нь л сонгож болохоор юм. Сар шинийн баярыг тохиолдуулан гэрийнхээ зарим тавилга болон ахуйн хэрэглээний зүйлүүдээ шинэчлэхээр үнэ ханшийг нь сонирхож байна. Нэг давхарт бэлэг, хэвийн боов, чихэр, жимс байна. Хоёр давхарт гутал, гадуур хувцас, цүнх болон буйдангийн бүтээлэг, угаалгын өрөөний иж бүрэн хэрэгсэл зэрэг байна лээ. Дараа нь “И-март” руу орох төлөвлөгөөтэй байна. Монголчууд нэг үеэ бодоход соёлжиж, аливаа баяр ёслолыг тэмдэглэхдээ ухамсартай болжээ. Сүүлийн үед нийслэл хот маань хөгжөөд л томоохон худалдааны төвүүд элбэг болсон юм билээ. Одоо нягтаршиж буй байдлыг шийдвэрлэхдээ дагуул хот байгуулах нь зөв сонголт болох байх аа. Ирээдүйн үр хүүхдүүдэд маань ч хэрэгтэй. Монголчууддаа сар шинийн баяраа сайхан тэмдэглэж, ирэх жилдээ өнгөлөг, хиймортой яваарай гэж хэлье” гэлээ. Энд бүсгүйчүүдийн дээл 113-160 мянга бол эрэгтэй дээл 270 -500 мянган төгрөгийн үнэтэй байв. Хүүхдийн дээл 60000-110000 мянган төгрөг гэнэ.

ЧИХРИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА

Бид “Оргил” худалдааны төв рүү очиход хүн хөдөлгөөн ихтэй, бужигнасан байдалтай харагдлаа. Учир нь энд “Цагаан сарын уламжлалт худалдаа” энэ сарын 19-нөөс эхэлж, чихрийн өргөтгөсөн худалдаа явагдаж байгаа гэнэ. Тодруулбал, албан ёсны эрхтэйгээр “Roshen” брэндийн чихрийг оруулж ирж, бөөний үнээр зарж байгаа юм байна. Хэрэглэгчдэдээ үнийн доод хязгаараар, үйлдвэрийн сайн чанарыг монгол түмэндээ түгээж байгаа гэдгийг худалдагч нар нь хэлж байлаа. Сар шинийн баярыг тохиолдуулан Орос, Герман, Бразил, Швейцарь, Украйн улсуудын чанартай амттанг хамгийн хямд бөөний үнээр худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа гэдгийг эх сурвалж хэлэв. Иргэн С.Цэнд “Томоохон супермаркет худалдааны төвүүдэд чихэр хямд, бөөний үнээр зардаггүй. Ихэнхдээ нэг килограмм нь 7500-20000 гэдэг бол энд нэг килограмм Украйн “Roshen” чихэр 4480-7720 төгрөгийн үнэтэй байна. Харин том шоколадтай чихэрнүүд 6820-12000 төгрөг гэж байна. Манай гэр бүл баяр ёслол болохоор “Оргил”-ын бөөний төвийг зорьж ирдэг. Энд өргөн сонголттой, чихэр, печень, шоколад болон бусад бараа ч гэсэн бөөний үнээр зарагддаг. Хамгийн гол нь чанартай юм. “Оргил”-ыг салбартаа чихэр, шоколадны худалдаагаар тэргүүлэгч гэдэг шүү дээ. Цагаан сарынхаа баярт зориулан чихрээ бөөний үнээр ахиу авах бодолтой байна” гэж ярилаа. Тус худалдааны төвийн менежертэй очиж уулзахад “Манайд чихэр бөөний үнээр зарагдаж байгаа. Энэ сарын 20-ноос ачаалал их болсон” гэв. Мөн тэрээр “Манайд зарагдаж буй чихэр бусад томоохон худалдааны төв, захуудынхаас хамаагүй хямд байгаа. Үүнийг иргэд ч хэлнэ” гэсэн юм.

Иргэн О.Содном “Хүүхдүүдтэйгээ дэлгүүр хэсч байна. Хичээл, сургууль хүйтэн үеэр амрах их зүгээр юм. Цагаан сарын бэлтгэлээ одооноос бага багаар хийж эхэлж байна. Чихрийн өргөтгөсөн худалдааг зорьж ирлээ. Хүүхдүүд маань ч “Оргил” оръё, чихэр авъя гэсэн. Тэгэхээр нь чихрийг найдвартай, чанартай, хямд үнээр “Оргил”-оос авна шүү дээ гэж бодоод, гэр бүл, найз нөхдөөрөө явж байна. Энд чихэр хамгийн хямд, өргөн сонголттой байна” гэлээ.

Ер нь монголчууд ямар нэг баяр ёслол болохоос олон хоногийн өмнө биш, хугацаа нь дөхчихсөн, давчуу үеэр хэрэгцээт бүх зүйлээ бэлдэх гэж явдаг. Ингэхээр хаа сайгүй оочер дараалал үүсч, замын түгжрэл ихэсч, хүмүүс бухимдалтай болчихдог гэсэн яриа байдаг.

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш бизнес эрхлэгчидтэй уулзана

Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсохоор болжээ.

МҮХАҮТ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал санаачилгыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор сард хоёр удаа өглөө 07.10-8.30 цагт “Business breakfast” уулзалт ярилцлагыг зохион байгуулдаг. Тус уулзалт ярилцлагын энэ удаагийн зочноор Засгийн газрын тэргүүн оролцохоор болсон байна.

Бизнес эрхлэгчид Ерөнхий сайдаас асуух асуулт, санал хүсэлтээ marketing@mongolchamber.mn хаягаар илгээх боломжтой. Мөн биечлэн оролцох бол http://forms.mongolchamber.mn/view.php?id=49691 хаягаар бүртгүүлэх юм. Уулзалт маргааш МҮХАҮТ-ын их танхимд 07.10 минутад эхэлнэ.