Categories
гадаад мэдээ

“Сүйрэлийн цаг”-аар дэлхий сөнөхөд ердөө 2 минут үлдээд байна

Зураг“Doomsday Clock” буюу “Сүйрлийн цаг” гэдэг бэлгэдлийн цагийн минутын зүүг шөнө дунд болоход 30 секундээр ойртуулснаар энэ цагаар дэлхий сөнөхөд ердөө 2 минут үлдээд байна гэж “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.

Цөмийн зэвсэг, уур амьсгалын өөрчлөлт болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр хүн төрөлхтний соёл иргэншил устаж үгүй болоход улам бүр ойртсоор байна гэж АНУ-ын “Bulletin of the Atomic Scientists” буюу “Цөмийн судлаачдын эмхэтгэл” гэдэг сэтгүүлийн багийн эрдэмтэн судлаачид өчигдөр Вашингтон хотод мэдэгдэл хийх үеэрээ анхааруулжээ.

1953 онд АНУ болон ЗХУ устөрөгчийн бөмбөг туршсаны дараа “Сүйрлийн цаг”-ийн зүүг шөнө дунд болоход ердөө 2-хон минут дутуу болгон урагшлуулж байжээ. Харин хүйтэн дайн дууссаны дараа 17 минут болгон ухрааж байсан байна. Өөрөөр хэлбэл, хүйтэн дайнаас хойш эрдэмтэн судлаачид “Сүйрэлийн цаг”-ийн зүүг дэлхий сөнөхөд хамгийн ойртуулсан анхны тохиолдол нь энэ болж байна.

Эрдэмтэн судлаачид хэлэхдээ “Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө улам бүр боловсронгуй болгож, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн зэвсэг ашиглахгүй гэх газаргүй байна. Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдсээр байгаа нь “Сүйрлийн цаг”-ийн зүүг урагшлуулахад хүргэлээ” гэжээ. Мөн Д.Трамп уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрээс АНУ-ыг өнгөрсөн зун гаргаснаар дэлхийн дулааралтай тэмцэх олон улсын хүчин чармайлтад саад учруулсан нь энэ цагийн зүүг урагшуулахад нөлөөлсөн гэнэ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхийн төлөө хүчин чармайлт гаргаж, өдөөн хатгасан үйлдэл хийхээ тэвчиж, дэлхийн дулааралтай тэмцэх ажилд анхаарал хандуулахыг “Цөмийн судлаачдын эмхэтгэл” сэтгүүлийн багийн эрдэмтэн судлаачид АНУ-ын төрийн тэргүүн Д.Трампт уриалсан байна.

“Сүйрлийн цаг” гэж юу вэ?

“Сүйрлийн цаг”-ийн минутын зүү нь дэлхий сүйрэхэд хэр ойрхон байгааг илтгэдэг юм.

Цөмийн зэвсгийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Цөмийн судлаачдын эмхэтгэл” сэтгүүлийн эрдэмтдийн баг 1947 онд энэхүү цагийг бий болгож байжээ. Анхны цөмийн зэвсгийг хийхэд оролцсон эрдэмтэн судлаачид 1945 онд Чикагогийн их сургуульд энэ сэтгүүлийг үүсгэн санаачилж байсан аж.

Өнөөдөр тус сэтгүүлд дэлхийн олон улс орны физикчид, байгаль орчин судлаачид ажиллаж байна. Тэд тус сэтгүүлийн Ивээн тэтгэгчдийн зөвлөлийн гишүүд, тэдний дотор Нобелийн шагнал хүртсэн 15 эрдэмтэнтэй зөвлөлдсөний үндсэн дээр цагийн зүүг урагшлуулах эсвэл ухраах эсэхийг шийддэг гэнэ.

1947 онд энэ цагийг бий болгож байх мөчид минутын зүү нь шөнө дунд болоход 7 минут дутуу байжээ. Тэр цагаас хойш энэ цагийн зүүг 22 удаа урагшлуулж, ухраасан байна.

Цөмийн зэвсгийн тархалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий дахинд тулгамдаж буй аюулууд нэмэгдэх болсонтой холбоотойгоор хамгийн сүүлд 2017 онд энэ цагийн минутын зүү шөнө дунд болоход 3 минут дутуу байсныг нь 2:30 минут болгон урагшлуулж байсан юм.

Одоо энэ цагийн минутын зүү нь сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд байгаагүйгээр “дэлхийн сүйрэл”-д ойртож очоод байна.

Categories
мэдээ улс-төр

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 54 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын байгуулсан “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төсөл нь Дарханы дулааны цахилгаан станцын суурилагдсан 48 MВт хүчин чадлыг шинээр 35 MВт-аар нэмэгдүүлж, төвийн бүсийн 10-15 жилийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгоход чиглэж байгаа аж.

Төслийн эхний шатны санхүүжилтийн хүрээнд уурын турбин, турбогенератор, турбины хяналт удирдлагын систем болон өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, турбины өргөтгөлийн барилга, турбингенераторын суурийн нэг, хоёрдугаар үе, эргэлтийн усны насос станцын барилга, хөргөгч цамхаг барих зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Гэвч төслийг 2018 онд бүрэн хэрэгжүүлж дуусгахад нийтдээ 11 сая еврогийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд энэхүү нэмэлт санхүүжилтийн Монголын Засгийн газрын санхүүжилтийн хэмжээ 6.5 сая евро, үүнээс 1,5 сая еврог төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж, үлдэх 5.0 сая еврог ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны 11 дүгээр сард зохион байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохиролцсон байна.

Нэмэлт 5 сая еврогийн санхүүжилт нь “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээний хүрээнд 30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй, 10 жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байхаар талууд харилцан тохиролцжээ.

Нэмэлт санхүүжилтийн хөрөнгөөр төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг захиалах, үндсэн тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулах, туршиж тохируулах, барилга угсралтын ажлуудыг дуусгах, эргэлтийн усны шугам хоолой татах, цахилгаан хуваарилах байгууламж өргөтгөх, цахилгаан болон механик тоног төхөөрөмжүүдийг худалдан авах гэх зэрэг ажлыг санхүүжүүлэх юм байна. Дарханы дулааны цахилгаан станцын үндсэн тоноглол болох турбин, генераторууд нь 1964 онд суурилагдсан, ажиллах ёстой баталгаат цагаасаа 3 дахин илүү цагаар ажилласан тул уг төслийг хэрэгжүүлж шинэ турбин, генератор суурилуулан станцын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах зайлшгүй шаардлагатай байгааг хуулийн төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс санал гарсангүй. Ингээд Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфуртхот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Дараа нь Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийсэн юм.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан 45 улсад албан ёсоор тавьж эхэлжээ. Эдгээр улсаас өнөөдрийн байдлаар 37 улстай нь дипломат харилцаа тогтоогоод байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 186 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 184 нь НҮБ-ын гишүүн, 2 нь НҮБ-д ажиглагч статустай юм. Одоогоор Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байгаа аж. Иймээс эдгээр 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гарсангүй. Ингээд Монгол Улс Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай санал хураалтыг улс тус бүрээр явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
мэдээ цаг-үе

Хөдөө аж ахуйн бус салбарт ажиллах хүчний Н-2В визний мэдүүлгийг дөрөвдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ

– ХАРИН Н-2А ВИЗИЙГ ХЭЗЭЭЧ МЭДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ –

АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон П.Спэлбергтэй ярилцлаа.


-Америк руу ажиллах хүч илгээх H-2 визийг хэрхэн яаж мэдүүлэх вэ. Та ерөнхий журмыг нь танилцуулахгүй юу?

-Манай ЭСЯ энэхүү H-2 ангиллын визийг мэдүүлэх журмыг гаргасан байгаа. Үүнд гол анхаарах зүйл нь тухайн ажил горилогч өөрөө ажлын байраа олохдоо тун хариуцлагатай хандах хэрэгтэй. Виз мэдүүлэгч нь эхлээд түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа америкийн компани юмуу зуучлагч байгууллагаа өөрөө сонгож олно. Энд тодотгоод хэлэхэд манай ЭСЯ нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй юм.H-2 виз нь урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл л дөө.

АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авна. Ингээд цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах I-129 маягтыг АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргах учиртай. Зөвхөн энэхүү өргөдөл нь батлагдсан тохиолдолд боломжит ажил горилогч нь АНУ-ын виз мэдүүлнэ. Дараа нь ажлын гэрээтэйгээ танилцаж дээрх маягт батлагдсан эсэх, хүчинтэй хугацааг шалгах хэрэгтэй. Ингээд англи хэлээр бичигдсэн ажлын гэрээг хүлээн авч, гарын үсгээ зурах ёстой. Тэгээд I-129 өргөдлийн маягт нь батлагдсан эсэхийг нотолсны дараа DS-160 электрон визний анкет бөглөж, 190 ам.доллартай тэнцэх төгрөгийн хураамжийг тушаана. Үүний дараагаар H-2 ангиллын визэнд орох ярилцлагын цагаа товлох боломжтой. Виз мэдүүлэхдээ хүчин төгөлдөр паспорт, АНУ-ын шаардлага хангасан нэг хувь цээж зураг болон I-129 өргөдлийн баримтын дугаар зэргийг авчирна. Тухайн иргэнд виз олгогдсон тохиолдолд АНУ-ын хил дээр очин H-2 түр хугацааны ажилтны визээр нэвтрэх зөвшөөрөл хүснэ. Ажлын гэрээ нь дуусгавар болмогц АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас өмнө H-2 визний статусыг зөрчилгүйгээр шууд Монголд буцаж ирэх ёстойг журамд хатуу тусгасан байгаа.

-АНУ монголчуудад H-2 визний зөвшөөрөл олгосонтой холбоотойгоор тус улсад богино хугацааны ажлын байруудыг санал болгосон жагсаалт сошиалаар явж байна. Энэ нь хэр баталгаатай юм бол?

-Америкийн ажил олгогч нар H-2 визээ олгож байсан урт хугацааны түүхтэй. Өөрийнхөө мэддэг хэлээр гүүглээс хайлт хийхэд тухайн ажил олгогч нарын талаар шаардлагатай мэдээллүүд гараад ирэх боломжтой. Ажил олгогч нь санал болгож байгаа ажлын байран дээр хэдэн насны, ямар хүн хайж байгаа мэдээллүүд нь байж байдаг. Харин сошиалаар ажлын зарууд явж байгаа асуудал нь бидний эрх мэдлээс гадуурх үйл ажиллагаа. Виз мэдүүлэхээр зэхэж буй хүмүүс маань энэ төрлийн үйлчилгээ үзүүлнэ гэсэн хүмүүст хандахдаа эдийн засгийн тооцооллоо сайн бодох ёстой. Тэд ихэвчлэн үйлчилгээний хөлсөнд их хэмжээний мөнгө авдаг талтай. Гэтэл Америкт очоод энэ зардлаа олж чадахгүй, санхүүгээрээ хохироод ирж болзошгүй. Иймд энэ зэрэг асуудалд сайтар үнэлэлт дүгнэлт хийх хэрэгтэйг дахин сануулъя.

-H-2 ангиллын виз мэдүүлэгчдэд хэлний шаардлага тавихгүй гэл үү. Зуучлалын компаниар дамжих болно. Ер нь виз мэдүүлэхээр зэхэж байгаа хүмүүст юуг анхааруулах вэ?

-Ер нь бол хэлний шаардлага тавихгүй. Гэхдээ тухайн ажлынхаа онцлогоос шалтгаалаад англи хэл шаардахаар байвал бид виз олгохгүй тал дээр анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, IT-гийн компани монгол хүнийг ажилд авлаа гэж бодъё. Бусад компаниудтай харьцуулахад олон дуудлага хүлээж авна. Тэгэхээр ажил олгогчийн зөвшөөрүүлсэн өргөдөл дээр “Энэ хүн ресепшинээр ажиллана. Ажиллахдаа англи хэлээр дуудлагууд хүлээж авч хариулна” гэсэн байхад тэр хүн англиар ярьж чадахгүй байх юм бол мэдээж бид виз олгохгүй. Бас гоо сайхны салонд ажиллах хүн үйлчлүүлэгчийнхээ үсийг урт, богино ямар хэмжээтэй тайрч, засахад хоорондоо ойлголцдог хэмжээний англи хэлтэй байхад болно шүү дээ. Харин ачаа зөөдөг “pony” машины жолоочийн ажилд хэлний шаардлага тавигдахгүй нь ойлгомжтой.

-АНУ-д түр хугацаанд хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус салбарт ажиллах хүч авах квот ялгаатай гэдгийг та өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ танилцуулсан. ЭСЯ визний мэдүүлгийг яг хэдийнээс авч эхлэх вэ?

-Ерөнхийдөө H-2A буюу хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчин авах тоо хязгааргүй. Хөдөө аж ахуйн бус салбарын H-2B виз нь лимиттэй. Энэ нь жилдээ нийт 66 мянган хүн ажилд авдаг квот тогтоосон байдаг. Ингэхдээ ажиллах хүчнээ жилд хоёр хувааж авдаг. Америкийн санхүүгийн жилийн эхний хагас буюу аравдугаар сарын 1-нээс түрүүчийн 33 мянган хүнийг авдаг юм. Дараагийн 33 мянган ажлын байран дээр дөрөвдүгээр сарын 1-нээс виз олгож эхэлнэ. 2017 оны хувьд эхний 33 мянган ажлын байр нь арванхоёрдугаар сарын 15 гэхэд дүүрчихсэн байсан. Харин Монголын хувьд H-2 ангилалын визний зөвшөөрөл нэгдүгээр сарын 18-нд олгогдсон. Тиймээс ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс H-2В ангилалын хоёр дахь ээлжийн визний мэдүүлэгт монголчууд орох боломжтой. Заримдаа жилийн эхний хагаст 33 хүн ажиллах хүчин авах ёстойгоос 28 мянган ажлын байр дүүрдэг. Ийм тохиолдолд үлдсэн таван мянган ажлын байрны квот нь хоёрдугаар хагас руугаа шилждэг. Харин өнөө жилийн хувьд тийм зүйл болсонгүй.

-Энэ 33 мянган ажлын байрны тоог H-2 визний зөвшөөрөлтэй улсууддаа хуваарилж өгдөг үү?

-Үгүй ээ. Дэлхий нийтдээ 33 мянга гэсэн тоо өгдөг. Тэрнээс аль нэг оронд тэдэн хүн гэсэн лимит байхгүй.

-Тэгвэл дугаарын хязгаарлалтгүй H-2A визний хувьд одооноос мэдүүлэх боломжтой гэсэн үг үү. ГХЯ-наас АНУ-ын ЭСЯ-тай хамтраад журам гаргана гэж байсан л даа. Тэрийг хүлээх шаардлагатай юм болов уу?

-Үүнийг хэзээ ч эхлүүлж болно. Манай ЭСЯ-ны хувьд H-2 визийг хэрхэн мэдүүлэх тухай журмыг ярилцлагынхаа эхэнд танилцуулсан. Бид ажилтан, ажил олгогч хоёрын процесст оролцох ёсгүй. Монгол Улс анх удаа H-2 хөтөлбөрт хамрагдаж байгаа болохоор ГХЯ энэ тал дээр өөрсдийн зүгээс хийх ажлуудаа тодорхой болгохын тулд жаахан хугацаа орж магадгүй. Юутай ч ЭСЯ-ны зүгээс H-2 виз мэдүүлэх журмаа ГХЯ-нд өгсөн. Энэ дагуу ГХЯ өөрсдөө ямар журам боловсруулахыг хэлж мэдэхгүй байна.

-Хөдөлмөрийн хөлсний тухайд сонирхуулахгүй юу. Тухай ажил горилогчийн эрсдэлийг тооцож ЭСЯ-наас ямар нэг хяналт тавих уу?

-Ерөнхийдөө голдуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс эхэлдэг. Дээд хязгаар гэж байхгүй. Тэгэхээр цалингийн хэмжээ хөдөлмөрийн доод хөлснөөс бага байх ёсгүй. Энэ тал дээр Консулын хувьд нягталж, шалгах ёстой. Тэнд ажил хийхээр очиж байгаа хүмүүс Америк дахь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авахаар гэрээ хийж болохгүй. Жишээлбэл, Кентаки мужид “pony” машины жолоочийн жилийн цалин 50 мянган ам.доллар байлаа гэж бодъё. Харин виз мэдүүлэхээр орж ирж байгаа монгол хүн маань жилийн 15 мянган ам.долларын гэрээ байгуулсан байвал тэр асуудал үүснэ. Хэдийгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр жилийн гэрээ хийгээд ороод ирсэн байлаа ч гэсэн “pony” машины жолоочийн жилийн дундаж цалинг ийм биш гэдэг нь гүүглээс хайхад хялбархан гараад ирнэ. Хэдийгээр хуулиа мөрдөөд, цалингийн доод хэмжээгээр гэрээгээ хийчихсэн байгаа ч гэсэн “pony” машин жолоодогчийн цалингаас хамаагүй доогуур байх юм бол тэрийг нь асуудал болгоно. Ганцхан цалингийн доод хэмжээгээр биш зах зээлийн шударга зарчмаар цалинжих ёстой. Тэгэхгүй бол америк ажилчдадаа ч сөргөөр нөлөөлж, эндээс ажиллахаар очиж байгаа хүмүүстээ ч шударга бус юм.

-Цаад ажил олгогч тал эндээс очиж байгаа хүний замын зардал, байр, хоолыг нь даадаг уу?

-Үүнийгээ ажил олгогч тал гэрээндээ тусгасан байдаг. Виз олгохдоо үүнийг бид үндэслэж харна. Виз мэдүүлэгч маань “pony” машин жолоодох ажилд жилийн 40 мянган ам.долларын цалин авахаар гэрээ хийчихсэн байя гэж бодъё л доо. Энэ ажлын жилийн дундаж цалинг харахаар 50 мянган ам.доллар байгаад байдаг. Тэрийг нь энэ хүнд ямар ашигтай байгаа юм гэдгийг нь нягтлаад үзэхээр ажил олгогч тал онгоцны тасалбар, байрных нь төлбөрийг төлнө гэж гэрээндээ тусгасан байвал өөр хэрэг. Учир нь Америкт байгаа хүмүүс тэр ажлыг хийхэд замын зардал, байрны асуудал шаардлагагүй. Тэгэхээр эндээс очих зардал, очоод байрлах сууц зэргийн төлбөр нь бараг адилхан болчих учраас тэр тохиолдолд зөвшөөрнө.

-АНУ-д харласан хүмүүсээ татаж авахад Монголын тал сайн ажилласан учраас манай улсыг H-2 визний хөтөлбөртөө багтаасан гэж ойлгож байгаа. Тэгэхээр цаашид Америкт харласан хүмүүсээ буцааж авчирах, визний зөрчлийг арилгуулах тал дээр манай Засгийн газрын зүгээс ямар ажлуудыг хийгээсэй гэж зөвлөх вэ?

-Монголын Засгийн газрын хүсэлтийг манай ЭСЯ АНУ руу дэмжиж санал болгож явуулсан. Тиймээс H-2 визний зөвшөөрлийг олгохдоо Монголын Засгийн газрын манайхтай хамтарч байгаа үр дүнтэй хамтын ажиллагааг үндэслэж дэмжсэн. Тэдгээр ажлуудын нэг Америкт хараар үлдэж байгаа хүмүүсийн тоог багасгахад Монголын засгийн газар хамтарч ажиллаж байгаа. Миний хувьд дөрөв дэх орондоо Консулын алба хашиж байна. Монголын ГХЯ манай ЭСЯ-тай сайн хамтарч ажиллаж байгаа явдал бол надад тохиолдож байгаа анхны орон гэж хэлж болно. Иймд Монголын төр засгийн зүгээс одоогийнхоо хийж байгаа ажлыг үргэлжлүүлээд явах ёстой. Монголын Засгийн газар “Хариуцлагатай аялцгаая” аяны хүрээнд монголчуудын ухамсарт нөлөөлөхөд маш сайн хамтарч ажиллаж байгаа. Гэнэтхэн нэг өдөр визний зөрчилгүй иргэдийн тоо тэг болно гэж байхгүй. Энэ ажлыг тасралтгүй алхам алхмаар урагшлуулах хэрэгтэй.

-Америк руу нэвтрэх визний зөвшөөрөл нь хатуу байдгаас болж тэнд очсон иргэд дахиж визэнд орвол унана гэж эмээгээд харладаг тохиолдол их байдаг. Манай орны хувьд танай улсын ардчилсан үзэл санааг 1990 оноос хойш дэмжсээр ирсэн. Дээрээс нь шашны ямар нэг хэт үзэлгүй. Гуравхан сая хүн амтай. Ийм байхад манай иргэдийг Америк руу визгүй нэвтрүүлж болдоггүй юм уу?

-Монгол Улс Америк руу визгүй зорчих хөтөлбөр рүү чиглээд явж байгаа. Гэхдээ урт зам байгаа. Консул бол конгрессынхоо баталсан хуулиа дагадаг. Визгүй зорчих хөтөлбөрт орохын тулд аялагчид итгэл даах ёстой. Тэнд очсон хүмүүс “Би дахиад визэнд ороход гарахгүй байх магадлалтай” гэж амин хувиа хичээсэн бодол гаргаж байна. Тэр хүнээс болж дараагийн хүмүүсийнх нь зам хаагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хувиа хичээсэн бодол гаргахгүйгээр хариуцлагатай аялаад ирээд байх юм бол бидний итгэл найдварыг олно гэсэн үг. Америкт үлдэж байгаа хүмүүсээс болж дараагийн виз хүсэгчдэд итгэл төрөхгүй. “Хариуцлагатай аялцгаая” аян бол хувиа хичээгээд америкт үлдээд байгаа тэр аминчхан ухамсарыг өөрчлөх зорилготой байгаа.

-H-2 визний зөвшөөрөл олгох орнуудыг жагсаалтыг жил бүр шинэчилдэг гэсэн. Тэгвэл энэ ангиллын визний зөвшөөрлийг гурав хүртэлх жил сунгах боломжтой гэж байсан. Хэрэв тухайн улс дараа жил нь H-2 хөтөлбөрөөс хасагдчихвал тухайн ажилтны гурван жилийн эрх нь хамт цуцлагдах уу?

-Тухайн улс H-2 хөтөлбөрөөс хасагдсан ч гурван жилээр ажил хийхээр виз нь сунгагдсан хүнд хамааралгүй. Учир нь тэр хүн ажлаа үргэлжлүүлэх гэж байгаа юм. Монголыг энэ хөтөлбөрөөс буцааж гаргах нэг л шалтгаан бий. Тэнд очсон хүмүүс визний хугацаагаа хэтрүүлэхгүй байх ёстой. Тэгэхээр эндээс явж байгаа монголчууд Америкт визнийхээ хугацааг битгий хэтрүүлээрэй гэж хүсье.


Categories
мэдээ цаг-үе

“UB Comedy”-гийн залуус ээж, эмээ нарыг доромжилсныхоо төлөө уучлалт гуйх ёстой

Өөрсдийгөө “UB Comedy” хамтлагийнхан гэж нэрлэдэг Батаа, Амраа, Хану, Идэрээ, Хар Төөгөө гэсэн хэсэг залуу байна. Тайзан дээр гарч элдэв онигоо, өөртөө болон бусдад тохиолдсон хөгтэй явдал ярьж хүнийг инээлгэх гэж ядахдаа завхай зайдан, бүдүүлэг үгс байнга чулуудах юм. Ярьж байгаа юм нь ихэвчлэн бэлхүүснээс доош сэдэвтэй. Дориухан толгойтой, сэхээтэн хүн тэдний ярьж буйг сонсвол инээхийн оронд ус цацаж уурламаар.

“Монгол HD” телевизээр шинэ жилийн үеэр тус хамтлагийн залуус бараг хоёр цагийн турш өнөөх ярьдаг онигоо сэлтээ ярилаа. Тэрийгээ шинэ жилийн тусгай дугаар гэж байгаа. “UB Comedy”-гийн залуус ээлж ээлжээр гарч ирж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж боломгүй гудамжны бүдүүлэг үгсээр хачирлан онигоогоо хүч оруулан ярих агаад түүнд нь тэнд цугласан үзэгчид нэгэн дуугаар инээлдэх. Хип хоп дуучин Rokit Bay буюу О.Баярсайхан, “Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, Ц.Намуун, “Uni­verse best songs” нэвтрүүлгээс төрөн гарсан дуучид, шилдэг загвар өмсөгчид, жүжигчид гээд манай урлаг уран сайхны салбарт овоо дориухан яваа залуус үзэгчдийн суудалд суусан ч тэр бохир онигоо ч гэх юм уу, доромж ч гэх юм уу учир нь мэдэгдэхгүй юм ярих тоолонд амаа ангайлган чанга дуугаар инээлдэх нь нэн сонин. Тэгтэл тайзан дээр жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр гарч ирээд аминдаа маазарч байгаа бололтой, юм ярилаа. Тэрээр “Та нар яаж сексдэнэ. Яг л тийм эмээ нар болно шүү. Ийм эмээ нарыг харахаар л залуудаа ийм байрлалаар хийдэг байсан нь харагддаг байхгүй юу” гээд өвдгөө хагас нугалаад бөгтийхдөө өгзгөө оцойлгов. Тэгснээ “Хэрвээ ийм эмээ нар явж байх юм бол” гээд бас л бөгтийж хоёр хөлөө майжийлгангаа хөлөө чирэн урагш алхаад “Ийм байвал ойлгомжтой. Зүгээр дээшээ харж байсан байж таараа. Тэгэхээр хамгийн гоё байрлалаар сексдэж хамгийн гоё байрлалаар хөгшрөөрэй гэж хэлмээр байна” гэж ярив. Энэ чинь одоо хэнийг доромжлоод гутаагаад байгаа юм. Өсч яваа жүжигчин, гайгүй хэдэн нэвтрүүлэг хөтлөөд эхлэхээр хэнийг ч доромжилж болдог хэрэг үү. Бохир заваан юмаа ярьж инээлдэхдээ Монголын ээж, эмээ нарыг ингэж орон даяар доромжлох эрхийг хэн тэр залууст өгсөн юм бэ.

Насаараа үр хүүхдээ өсгөж өндийлгөх гэж, нормын ажлын ард гарах гэж залуу халуун насаа золин байж зүтгэсэн социализмын үеийн бүсгүйчүүл, хөдөө хөхөрч гадаа ганддаг, малын захад л хамаг насаа барсан малчин ээжүүд минь л байна, чиний яриад шоолоод байгаа тэр эмээ нар чинь. Биеэ хайрлахгүй улс эх орон, үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө атгын чинээ болтлоо жижгэрсэн ээжүүд л байна, чиний доромжлоод байгаа хүмүүс чинь. Өвлийн жавар, хаврын хавсарга, хүйтэн бороонд даарч, амьдралын түмэн нугачааг бүсгүйн зөөлөн нуруун дээрээ үүрч ирсэндээ л тэд маань бөгтийж, хөл нь өвдөж, өвдөг нь шархирдаг болсон дог. Г.Анхбаяр аа, “UB Comedy”-гийн залуус аа, та нар яагаад насыг нь, сэтгэлийг нь хүндэлж болсонгүй вэ, Монголын ээж, эмээ нарын. Айл гэрийн хамгийн нандин хүн бол эмээ нар байдаг юм. Ач, зээ, үр хүүхдүүдийн чинь хамгийн хайртай хүн нь эмээ нь гэдгийг та нар хэдхэн жилийн дараа харах болно. Та нарыг шинэ жилийн баярын үдэш тэр нэвтрүүлгээ орон даяар цацахад хэдэн эмээ үзэж сэтгэл нь өвдөж гомдсон бол. Хойч үе нь өөрсдийг нь доромжлоод инээлдэж байхыг хараад хэдэн эмээ нулимсаа үр хүүхдээсээ нуун байж мойнийсон эвий гараараа арчсан бол оо. Эмээ нар гэдэг чинь амьд архив, үндэсний өв соёлыг тээгчид, гэр бүлийн хамгийн халуун сэтгэлтэй, зөөлхөн аальтай, хүн бүхний хайртай гишүүн нь байдаг юм шүү. Ийм эрхэм хүмүүсийг адгийн муухайгаар доромжлоход өөрийн эрхгүй гол харлаад явчихаж байгаа юм.

Монголын урлагийн салбарт түүчээлж байгаа гэж сайшаагддаг дуучид, уран бүтээлчид эмээ нарыг хөтлөгч нь тайзан дээрээс ийн доромжлоход нирхийтэл инээж алгаа таших нь юутай эмгэнэл вэ. Алтан тайз гэж та нарын адис авдаг ариун “сүм”-ээс чинь хэн нэгэн хүн ээж, эмээ нарыг чинь доромжлоод зогсоход та нарт тийм инээдтэй байсан уу. “UB comedy” болон тэр хөтлөгч залууд Монголын ээж, эмээ нарыг доромжилсных нь төлөө хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Дахин тайзанд гарахгүй, телевизийн нэвтрүүлэгт орохгүй байх шаардлага тавьж, торгууль ногдуулах ёстой. Үүнд ээжтэй, эмээтэй, эхнэртэй, охинтой бүхэн нэгдэж гутаагдсан нэр хүндийг нь сэргээе л дээ. Ёс зүйгүй байсных нь төлөө, Монголын ээж, эмээ нарыг гутааж гомдоосных нь төлөө тэдэнд хариуцлага тооцож урлагийн салбараас хөөхөд ч багадна.

Монгол эрчүүд,

…Өөрөөсөө намхан ээждээ үнсүүлэхдээ

Таныхаа хайрыг даахгүй гэж шимширдэг гэж дуулдаг байтал та нар ээж, эмээ нарыг хөлний майга, нурууны бөгтрөөр нь доромжлохдоо хормой хотны бусармаг яриандаа хутгасан нь уучилж боломгүй ёс зүйн алдаа болсон шүү. Ийм ёс зүйгүй залуусыг урлагийн салбарт улам томорч, тайзанд шигдэхээс нь өмнө бага дээр нь холдуулчихсан ч гарзгүй.


Categories
мэдээ нийгэм

Энэ онд 33 сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг барих газрыг чөлөөлнө

Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд энэ онд нийт 79 төсөл хөтөлбөрийн газрыг чөлөөлнө. Үүнд, “Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” хөтөлбөрт багтсан 24 авто зам болон замын байгууламж, нийт 33 сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийн барилга, инженерийн шугам сүлжээний 11 төлөвлөлт, “Дугуйн зам” дэд хөтөлбөр багтаж байна.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн газрын албанд Баянзүрх дүүргийн 6-р дугаар хороо, 21 дүгээр сургуулийн баруун талын холбоос зам болон Замын цагдаагийн уулзварын олон төвшний гүүрэн гарцын зураг төсөл ирээд байгаа бөгөөд зураг төслийн дагуу суурин судалгааг гарган, газар чөлөөлөх тухай урьдчилсан мэдэгдлийг хүргүүлж эхэллээ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Польштой хамтран ажиллах талаар санал солилцов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бүгд найрамдах Польш Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендааг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, нүүрсний уурхайн шинэ технологи-экологийн, эрчим хүчний түлшний чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар, Варшав хотуудын харилцаа эрчимтэй хөгжиж байгааг дурдаад “Польшийн талтай сайжруулсан түлшний үйлдвэрлэл дээр хамтран ажиллахад бэлэн. Хэрэв манай комданиудтай тохиролцоод, хамтран ажиллах бол ирэх жилийн халаалтын улирал эхлэхээс өмнө энэ ажлыг эхлүүлэх хэрэгтэй” хэмээн онцоллоо. Түүнчлэн Хог нийслэлийн хог хаягдлаас эрчим хүч гаргах, хог хаягдлыг ангилал зэрэг асуудлаар Польшийн компанитай хамтарч ажиллах, нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах боломж, нөхцлийн талаар ярилцав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун: Зээлжих зэрэглэл өссөнөөр олон улсын зах зээлийн харилцаанд орох, зээл авахад түлхэц болно

Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Moody’s” агентлаг “маш өндөр эрсдэлтэй” байсан манай улсын зээлжих зэрэглэлийг“өндөр эрсдэлтэй” буюу “САА1” байсныг “В3” болгожээ. Мөн агентлаг манай эдийн засгийн цаашдын төлөвийг тогтвортой гэж үзжээ. Тиймээс зээлжих зэрэглэл болон эдийн засгийн бусад асуудлаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн багш, доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.


-“Moody’s”агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг ахиулжээ. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Улс орнуудыг санхүүгийн байдлаар нь хөрөнгө оруулалтын чанар, эрсдлийн түвшин, үндсэн болон хүүний төлбөр төлөх боломж, найдвартай байдал дээр үндэслэн зэрэглэл авч үзэн, үндсэн гурав, дэд зургаан зэрэгт ангилдаг. Манай зэрэглэл сая өссөн нь санхүүгийн хувьд шат ахисан зүйл боллоо. Энэ ангилалд буюу В ангилалын улсуудын хувьд хөрөнгө оруулалтын хувьд зайлшгүй шаардлагатай шинжүүд дутмаг, хүүний төлбөр төлөх магадлал багатай, дамын шинжтэй, эрсдэл дунд зэрэг гэж тодорхойлогддог. Бид олон улсын өмнө хүлээсэн үүргээ буюу авсан зээлээ, цаг хугацаанд нь төлж чадсантай холбоотойгоор, манай улсын зэрэглэл нэг шат ахилаа. Ингэснээр, олон улсын зах зээлийн харилцаанд орох, зээл авахад түлхэц болж өгнө. Яагаад гэхээр зэрэглэл ахисан тохиолдолд зээлийн нөхцөлүүд нь сайжирдаг юм. Зээлийн хүү багасна, хугацаа нь уртасчихаж болно, хэмжээ нь нэмэгдэж болно. Манай улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар, гаднаас ихээхэн мөнгө орж ирэх боломжтой болсон. Тэгээд зэрэглэл ахисан гэж үзэж болно.

Өмнөх жилүүдэд энэхүү зээлжих зэрэглэл ямар байв?

-Өмнө нь эдийн засаг нэлээд хүнд байсан. Зэрэглэлийн С ангилал нь чанар муутай, нэр хүнд муутай, хүүний төлбөр төлөх баталгаа багатай, эрсдэл харьцангуй ихтэй, найдваргүй гэж тодорхойлогддог. Зээлээ хугацаанд нь төлж чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээ байсан. Евро бондын төлбөрөө “Хуралдай” бондоор өнгөрсөн онд төлсөн. Мөн олон улсын зах зээлээс 800 сая долларын “Гэрэгэ” бонд босгож чадсан. Үүгээр Чингис бондын 500 саяыг төлсөн бөгөөд үлдсэн 300 саяыг нь дотооддоо эргэлдүүлэх арга хэмжээ авлаа. Чингис бондоор босгосон мөнгөнөөс зээл авсан аж ахуйн нэгжүүд зээлээ төлснөөр энэ зээл төлөгдөх ёстой.

Зэрэглэл нэг шат ахиж байгаа нь манай улсын олон улсын үнэлгээ сайжирч байна гэсэн үг. Гэхдээ анхаарах чухал зүйл байдаг. Гаднаас босгож байгаа мөнгө буюу зээлийг буцаагаад төлөх боломжтойгоор, ашиглах хэрэгтэй. Зээлийг зээлээр төлөх нь буруу. Энэ мөнгөөр орлого бүтээгээд, олсон орлогоосоо зээлээ төлөхийн тулд мөнгөө бүтээн байгуулалтад зориулах ёстой юм. Харин авсан мөнгөө хэрэглээд, орлого бүтээхгүй, халамж тусламж хэлбэрээр үрээд , ар өврийн хаалгаар хариуцлагагүй таараагаад байх юм бол дараа, дараагийн зээлээ төлөх эх үүсвэргүй болж, хүнд байдалд орно. Ингээд санхүүгийн чадваргүй болж олон сөрөг үр дагавар гарч эхэлнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.

Халамж олгож, тэтгэвэр, татвар нэмээд эхэлсэн. Одоо энэ үйл явцыг яах ёстой вэ?

-2018 онд тэтгэвэр болон асран хамгаалагчдад олгодог халамжийг нэмж байна. Энэ бол зайлшгүй байх ёстой зүйл. Өмнө нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн хэмжээ хамгийн өндөр орлоготой дараалалсан таван жилийн дундаж орлогын 45 хувь байна гэдэг зарчмаар маш бага тогтоогдсон байдаг. Жилээс жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсч байдаг тул өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн хэмжээ одоо болон ирээдүйд тэтгэвэр тогтоолгох хүмүүсийнхээс бага болдог. Иймээс тэгшитгэх, зохицууулах нь Засгийн газрын үүрэг учраас тэтгэврийг нэмэхээс өөр арга байхгүй. Зүгээр өөр янз бүрийн тусламж гэх мэт зүйлд мөнгөө зарцуулаад байвал төсөв хүнд байдалд орно. Хүмүүсийг халамжлахаасаа илүүтэйгээр чаддаг ажлыг нь хийлгэх орчин нөхцлийг бүрдүүлсэн арга хэмжээ авах нь зөв байдаг. Ажлын байрыг нэмэгдүүлэх олон талт арга хэмжээ авах хэрэгтэй. Зүгээр л халамжлуулдаг, бэлэнчилдэг ард түмэн болчихвол улс үндэстэн сүйрнэ. Хүн болгон чаддаг зүйлээ хийх тэр боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Юу хэлэхийг хүсээд байна вэ гэвэл ажил хийх боломж олгох хэрэгтэй, халамжлах шалтгааныг багасгах хэрэгтэй. Харин ажиллах боломжуудыг бий болгох хэрэгтэй. Жишээ нь наснаас хамаарч ажилд авдаггүй байх нь буруу гэх гээд байна. 40-50 настай хүмүүс хир таарсан ажил хийх боломжтой байдаг. Гэтэл тэднийг ажилд авдаггүй. Тэгээд яах вэ? Тэтгүүлээд, халамжлуулаад суугаад байх уу. Ийм хүмүүсийг ажилд авсан, ажлын байр шинээр нэмэгдүүлсэн, ажилтнаа тогтвор сууршилтай ажлуулсан байгууллагийн татварыг хөнгөвчилдөг гэх мэтээр дэмжих механизм байх хэрэгтэй байна. Гэрээгээр ажиллдаг, аутсорснг хэрэглэдэг гэх мэтийг нэвтрүүлмээр байна. Тэгээд ажил хийсэн нь илүү амьдардаг байх орчинг бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. Зүгээр сууж байгаад амьдарч болоод байна гэдэг аюул.

Хүн амын орлогын албан татварыг шат дараатайгаар нэмлээ. Үүний үр дагаварыг та яаж харж байна.

-Татвар нэмэгдүүлэх нь төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Гэхдээ одоо татварыг нэмэх босгоо буруу тогтоочихлоо. Яагаад гэхээр нийгмийн дунд давхаргын ханаж амьдралаа дээшлүүлэх боломжийг хаачихлаа. Уг нь дунд давхаргынхан нийгмийн давхрагад дийлэнх хувийг эзэлснээр улсын хөгжлийг тодорхойлдог. Цалингаас татвар авчихаар, гар дээр ирэх мөнгө нь багасаад, амжиргаа нь буурж байгаа юм. Татварыг шатлах нь зөв ч босгоо зөв тогтоох хэрэгтэй. Төсвийн орлогыг өөрөө нэмэгдүүлэх боломж бий. Ажлын байрыг нэмэгдүүлээд, хүмүүсийг орлоготой болгоод, орлогын хэмжээгээр нь татвар аваад байж болно. Үүнийг татварын суурийг өргөжүүлэх гэж нэрлэдэг.

Өөрөөр яаж татварын бааз суурийг нэмэгдүүлэх боломж байна вэ?

– НӨАТ-ийг ашиглаад татварын суурийг өргөтгөж болдог. НӨАТ нь далд эдийн засгийг ил болгодог. Далд эдийн засгийг ил болгох замаар, төсвийн татварын орлогыг нэмэгдүүлэх боломжтой. НӨАТ нь бизнесийн бүртгэлийг цэгцэлдэг нэг механизм юм.Манайд өнөөдөр НӨАТ дутуу алсан могой шиг, дутуу хийгдэж байна. ХХОАТ-ыг нэмэгдүүлж байгаа нь харин далд эдийн засаг нэмэгдэх орчин бүрдчихлээ. Өнөөдрийн НӨАТ-ын хэрэгжилт өөх ч биш, булчихай ч биш гэдэг шиг байна. НӨАТ бүх хүрээнд байж байж далд эдийн засаг ил болно. НӨАТ төлдөггүй бол худалдан авалт хийдэггүй байх ёстой. Одоо зарим газар НӨАТ-гүй үнэ нь бага, НӨАТ төлбөл үнэ нь өндөр шүү гэж улаан цайм хэлж байна. Мэдээж хүмүүс үнэ бага төлөх учир НӨАТ-гүй худалдан авалт хийж байна. Энэ нь худалдаа хийж байгаа газрын орлого бага бүртгэгдэж татвараас зайлсхийх боломж бүрдүүлнэ. Ингээд далд эдийн засаг бий болж төсвийн татварын орлого багасаж байгаа юм. Иймээс ирэх онд үүнийг нэг мөр цэгцлэх хэрэгтэй. Татвар төлөх нь үнэн гэдэг биздээ. Татвар төлж байгаагаас нь татвар илүү авч, төлөхгүй байгаагаа орхиод яваад байвал шудрага тогтолцоо биш. Бүх орлого НӨАТ-өөр дамжин бүртгэгдэж байх нь шудрага болно. Ийм тогтолцоог бүрдүүлэхэд дээд байгууллагуудаас гадна иргэд ихээхэн үүрэгтэй байх ёстой. НӨАТ-ийн баримт өгөхгүй газраас худалдан авалт хийхгүй байвал, цаад газрууд борлуулалтаа бодоод НӨАТ-ийн баримт өгч таарна. Иймээс иргэд нэлээд анхаарах шаардлагата байна.

Улсынхаа ирээдүйн хөгжил, эдийн засагт эерэгээр нөлөөлөхийн эхлэлийг тавихын тулд хамгийн түрүүнд ямар ажлуудыг хийх хэрэгтэй байна вэ. Гадны хөрөнгө оруулалтыг татах чухал уу?

-Гадны хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд их чухал. Аливаа улс өөрийн нөөц боломжоороо хөгжиж бараг чаддаггүй юм. Гадны хөрөнгө орж ирж байж хөгжинө. Хаана, аль салбарт хичнээн хөрөнгө оруулалт оруулмаар байна тэндээ нөхцөлийг нь бүрдүүлээд өгөх хэрэгтэй. Тэр нөхцөлд татварын хувь хэмжээ байдаг. Дэмжиж байгаа салбарт орж ирж байгаа гадны хөрөнгө оруулалтыг татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх, зээлийн хүүг нь бага байлгах гэх мэт арга хэмжээнүүдийг авч болно. Эдийн засгийн арга хэрэгсэлүүдийг уян хатан хэрэглээд, нөхцөл боломжоор ханган удирдаад явчих ёстой байдаг гэсэн үг. Гадныхны хөрөнгийг татахын тулд маш таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Урд хөрш Хятад гадны хөрөнгө оруулалт их орж ирсэн. Хөрөнгө нь бүтээн байгуулалтад шилжсэн. Ингээд хурдацтай хөгжсөн.

Сүүлийн үед шатахууны үнэ огцом өсч, эсвэл зарахгүй болж, нэлээд асуудал үүсэх боллоо. Үүнийг эдийн засгийн ямар голдирлоор, яаж шийдвэрлэх ёстой юм бэ?

–Шатхуун импортолдог компаниуд үгсэн хуйвалдаж үнэ нэмээд байна. Үгсэн хуйвалдаад байгаа нь монополь, олигополын шинж чанартай байгааг илтгээд байгаа юм. Шатахууны зах зээлд хэдхэн том компаниуд ноёрхолоо тогтоогоод, зах зээлийг хуваагаад авчихжээ. Ийм дарамттай хүнд байдлаас гарахын тулд юуны өмнө Төр өөрийн гэсэн шатахууны нөөцтэй түүнийгээ өөрийн түгээх станцуудаар түгээдэг тогтолцоотой байх ёстой. Шатахууны үнэ өсөөд ирвэл төр шатахууны үнээ барьж болдог. Дэлхийн зах зээлд үнэ өсчихсөн ч гэсэн стратегийн ач холбогдолтой барааны үнийг зориуд бага байлгаж болдог. Стратегийн ач холбогдолтой бараа гэдэг нь бүх үйлдвэрлэл үйлчилгээний зардалд орж байдаг бараанууд байдаг ба тэдгээрийн үнийн өөрчлөлтөөс бусад барааны үнэ хамаардаг. Иймээс л төр стратегийн ач холбогдолтой бараанд нөөцтэй байх ёстой байдаг. Би нэг жишээ хэлье. БНСУ-д цагаан будаа стратегийн ач холбогдолтой бараанд хамрагддаг. Цагаан будаа нь ард түмнийх нь гол хоол. БНСУ-ын засгийн газар тариачдаасаа цагаан будааг нь өндөр үнээр худалдан авдаг. Тариачдын амжиргаа сайн байна. Засгийн газар цагаан будаагаа зах зээлд нийлүүлэхдээ хямд үнээр нийлүүлнэ. Ард түмэн нь хямд цагаан будаагаар хангагдана. Амжиргаа нь сайн байна. Энэ л төрийн үүрэг шүүдээ. Худалдан авч байгаа үнэ, худалдаж байгаа үнэ хоёрын зөрөө нь ард түмнийхээ амжиргааг дээшлүүлэхийн тулд төрөөс гаргах ёстой зардал гэж ойлгогдоно. Төр үүргээ биелүүлэхдээ зардал гаргах ёстой шүүдээ. Төр, засгийн газар ашгийн төлөө ажилладаг бизнесийн байгуулга биш. Ийм зардал гаргахгүй бол үүнээс ч илүү хохирол гарах нь ойлгомжтой. Иймээс л шатахуун дээр төр нөөцтэй, үнийг нь тогтвортой түвшинд барих ёстой гэж хэлээд байгаа юм.

Шатахууны үнийг өсгөхгүй байх өөр аргууд бий. Урт хугацаандаа төр өөрөө нефтийн үйлдвэртэй байх ёстой. Нөөц, түүхий эд нь манайд байгаа учраас үүнийг барих хэрэгтэй. Энэ чиньимпортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогод нийцэх болно. Хамгийн гол зүйл нь гэвэл шатахуун импортлогч компануудаас үргэлж хараат байх асуудалтай тулгарахгүйн тулд өөрсдөө нефтийн үйлдвэрээ барья гэдгийг ухаарах цаг болжээ.

Шатахууны үнийг тогтвортой барих дараагийн арга бол шатахууны үнийн өсөлтөөс хамгаалахын тулд өрсөлдөөн байх орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Иймээс гадны өрсөлдөгчдийг ч оруулж ирж болно. Өрсөлдөөнтэй үед нефтийн дэлхийн зах зээлд үнэ буурч байхад шатахууны үнэ буудаг, нэмэгдэхээрдагаж нэмэгддэг зэрэг тогтолцоотой болох юм.

Дээрээс нь шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор нэг зүйлийг цохон хэлмээр байна. Шатхуун импортлогчид бизнесийн ёсзүйтэй баймаар байна. Ганцаараа идээд гахай таргалдаггүй, хамтдаа явж байж нийгэм хөгждөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ чинь компаниудын нийгмийн хариуцлага шүү дээ.

Яг өнөөдрийн хувьд төрөөс шатахууны компаниудын ашигтай ажиллагааных нь хэмжээг тогтоогоод өгчих хэрэгтэй байна. Төр гэдэг субьект эдийн засагт зохицуулах үүрэгтэйгээр оршин байдаг юм. Бизнес эрхлэгчид дур дураараа явдаг зүйл гэж байхгүй. Төр байгаа юм бол үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй байна. Олон нийтийн эрх ашгийн үүднээс ажиллах, арга хэрэгсэлээ оновчтой сонгож чаддаг баймаар байна.

-2018 онд манай улсын эдийн засаг ямар байх вэ?

-Засгийн газраас ямар ажиллагаа явуулснаас хамаарна. 2018 онд Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх эдийн засгийн сууриудыг зөв тавиад өгчихвөл, тэрэн шиг сайн юм алга. Уг нь манайх нөөц баялаг ихтэй, эрчимтэй хөгжих боломжтой орон.

Эдийн засагт маш онцлогтой. Эдийн засгийн аливаа арга хэмжээний үр дүн нь урт хугцаандаа гардаг. Улстөржөөд л, хүнд таалагдахын тулд, дараагийн сонгуулдаа бэлтгээд л богино хугацааны арга хэмжээ аваад яваад байдаг нь манай улс төрчдийн нэг алдаа болдог. Улс орныхоо ирээдүйн хөгжилд л анхаарах хэрэгтэй юм.

-Таньд ярих олон зүйл байгаа байх л даа. Гэхдээ үүгээр ярилцлагаа өндөрлье.

– Танай хамт олонд амжилт хүсье. Тодорхой хэлэх зүйл, хэлэх санал байнаа байна. Судлаачдаа их ашиглах хэрэгтэй гэж хэлмээр байна.

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ улс-төр

“Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.25) “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн зорилго нь Дарханы дулааны цахилгаан станцын суурилагдсан 48 MВт-н хүчин чадлыг шинээр 35 MВт-аар нэмэгдүүлж төвийн бүсийн 10-15 жилийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгоход оршино.

Төслийн 1-р үе шатны санхүүжилтийн хүрээнд ПТ-35/39-3.4/1.0 маркийн уурын турбин, Т-35-2У3 маркийн турбогенератор, втонит-50 турбины хяналт удирдлагын систем, турбины өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн худалдан авалт, турбины өргөтгөлийн барилга, турбингенераторын суурийн 1 ба 2 дугаар үе, эргэлтийн усны насос станцын барилга, хөргөгч цамхаг зэрэг ажлууд хийгдсэн.

Төслийг 2018 онд бүрэн хэрэгжиж дуусахад нийт 11 сая еврогийн санхүүжилт шаардлагатай байгааг дараах байдлаар санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Монголын Засгийн газрын санхүүжилтийн хэмжээ нийт 6.5 сая евро, үүнээс 1,5 сая еврог төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж, үлдэх 5.0 сая еврог ХБНГУ-ын зээл хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны 11 дүгээр сард зохион байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээгээр тохиролцоод байна.

Энэхүү 5 сая еврогийн санхүүжилтийг “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээний хүрээнд дараах нөхцөлтэй олгоно. Үүнд:

Зээлийн хүү (жилийн):2.0%

Зээлийн хугацаа:30 жил

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа:10 жил

Хөнгөлөлтийн түвшин:36.7%

Дээрх санхүүжилтийн хөрөнгөөр төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг захиалах, үндсэн тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулах, туршиж тохируулах, барилга угсралтын ажлуудыг дуусгах, эргэлтийн усны шугам хоолой татах, цахилгаан хуваарилах байгууламж өргөтгөх, цахилгаан болон механик тоног төхөөрөмжүүдийг худалдан авах гэх зэрэг ажлуудыг санхүүжүүлэх юм.

Дарханы дулааны цахилгаан станцын үндсэн тоноглол болох турбин, генераторууд нь 1964 онд суурилагдсан, ажиллах ёстой баталгаат цагаасаа 3 дахин илүү цагаар ажилласан тул уг төслийг хэрэгжүүлэн шинэ турбин, генератор суурилуулан станцын найдвартай тогтвортой ажиллагааг хангах зайлшгүй шаардлагатай байгааг хуулийн төсөл санаачлагч дурдсан юм.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр ашиг нь:

1.Төслийн хүрээнд БКЗ-75-39 ФБ маркийн зуухтай35 МВт-ынтурбиныг хослонажиллуулах, техникийндэвшлийг нэвтрүүлснээр бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг 10-15 жил найдвартай хангана.

2.Тус станцад 1987 онд өргөтгөлөөр суурилагдсан 3 зуухны ашиглалтсайжирснаар төвийн эрчим хүчний систем дэх цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл жилд 200 орчим сая квт.ц-аар нэмэгдэж, ОХУ-аас импортоор авч буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ буурна.

3.Үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээр Дархан-Уул аймгийн төв Дархан сумын 25 мянган айл өрх, 3000 аж ахуй нэгжийг найдвартай хангах нөхцөл бүрдэнэ.

4.Шинэ орчин үеийн технологи бүхий тоноглолыг суурилуулснаар нэгж уурын зарцуулалт, түлшний хувийн зарцуулалт буурна. Түлшний хувийн зарцуулалт буурснаар станцын жилд хэрэглэх нүүрсний хэмжээ, үйлдвэрлэлийн зардал буурч улмаар хүрээлэн буй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурна.

5.Төсөл амжилттай хэрэгжиж дууссанаас хойш 12.5 жилд хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөх боломжтой юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалт Дорнод аймагт үргэлжилж байна. Төрийн тэргүүнийг аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Засаг дарга М.Бадамсүрэн нар угтаж, Тусгаар тогтнолын талбайд хүндэт харуул жагсав.

Мөн Ерөнхийлөгч нутгийн удирдлагын ордонд аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг, орон нутгийн асуудлаар санал солилцлоо. Дорнод аймагт өнөөдрийн байдлаар 14 сумын 66 багт 24 мянган өрхөд 79.5 мянган хүн амьдарч байгаа юм байна. Тэдний 56.3 хувь нь Дорнод аймгийн төвд амьдарч байгаа бол 17.3 хувь нь сумын төвд, 26.4 хувь нь хөдөө амьдардаг байна.

Мөн Дорнод нутгийнхан өнгөрсөн онд 526.4 мянган тонн нүүрс олборлож, 3183 тонн гурил, 1708 тонн хивэг, 667.7 тонн талх, нарийн боов, 5.1 мянган литр дарс, 8.8 тонн хиам, банш бууз зэргийг тус, тус үйлдвэрлэж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь 57.6 тэрбум төгрөгт хүрчээ. Мөн аймгийн хэмжээнд зөвхөн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 1720 хүрсэн нь ажилгүйдэл өндөр байгааг илтгэж байгаа юм байна. Мөн Хэнтий аймагтай адил ажилгүй иргэдийнх нь дийлэнх нь буюу 54.4 хувь нь 15-34 насны залуучууд байгаа гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын мэдээллийг сонсож, аймгийн удирдлагуудтай санал солилцсоны дараа Хөгжимт, драмын театрт иргэдтэй уулзаж, ярилцлаа.

Төрийн тэргүүн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:

“Дорнод нутгийн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ерөнхийлөгчийн тангараг өргөөд зургаан сар болж байна. Өнгөрсөн хугацаанд нэлээн хэдэн зүйлс амжууллаа. Та бүхэн мэдэж байгаа байх. Тулгамдсан асуудлуудаар хэд хэдэн чуулган хэлэлцүүлэг зохион байгуулж, цаг үеийн асуудлаар цөөнгүй байгууллагын удирдлагуудтай уулзах гэх мэт ажлууд хийж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Та бүхэнд мэдээлэл хүрч байгаа гэж бодож байна.

Би өчигдөр Хэнтий аймгийн иргэдтэй уулзаад, өнөөдөр Дорнод аймгийн иргэд та бүхэнтэй уулзаж байгаа юм. Ингээд уулзалт эхэлж байгааг дуулгаад та бүхнийг үгээ хэлэхийг хүсэж байна” гээд уулзалтыг эхлүүлэв.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багийн иргэн Г.Сүхбаатар

Ерөнхийлөгч та хөдөө, орон нутгийн иргэдтэй биечлэн уулзаж, санаа бодлыг нь сонсож байгаа нь сайн сайхан бүхний эхлэл гэж бодож, хүндэтгэлтэй хүлээн авч байна. Оюутолгойн уурхайг гэрийн нохой хээрийн нохойтой нийлж, биднээс булаасан гэдгийг хэлж, энэ хэргийг уучилж болохгүй гэж захимаар байна. Мөн прокрурор, АТГ зэрэг нэг ч байгууллагыг тайван суулгахгүйгээр шахаж, шаардаж ажиллах хэрэгтэй. Хуучин томилогдсон хууль, хүчний байгууллагын одоо ажиллаж байгаа зарим удирдлагуудыг судалж, солихгүйгээр эрхэм Ерөнхийлөгч таны ажлын цаашдын амжилтад чагт дэгээ, чөдөр тушаа болно гэж мөн хэлмээр байна.

Дорнод аймгийн 10-р багийн иргэн Н.Сумъяа

Тэтгэвэр нэмэхгүй мөртлөө, тэтгэврийн нас нэмж байна. Бид энэ байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Энэ бүхнийг танд уламжилмаар байна. Энэ амлалтаа биелүүлж чадахгүй байгаа УИХ, Засгийн газар тарах нь зөв юм болов уу гэж бодож явна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн иргэн Молорцэнд

Татвар нэмсэн явдал албан газар, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн сэтгэлийг маш их бухимдуулж байна. Заавал татвар нэмж, цалин хөлс нэмэх ёстой байдаг юм уу? Энэ шийдвэрийг би сайн ойлгохгүй байгаа. Мөн манай аймагт ажилгүйдэл маш их байдаг. Олон залуус хийх юмгүй сэлгүүцэж, архи дарс ууж байгаа явдал их гарч байгаа шүү. Түүнээс гадна өндөр настан бид тэтгэврийн нэмэгдлийг их хүлээж байсан. Гэтэл хоёр сарын эхээр багахан нэмэгдэх сурагтай байна. Их, бага тэтгэвэр гэсэн ялгааг нэг мөр арилгамаар байгаа юм.

Дорнод аймгийн Хэрлэн сумын ахмад төмөр замчин С.Лхамжав

Төмөр замын асуудлыг одоо анхааралдаа авмаар байна. Таны Зам тээврийн сайд байхдаа хэлж, ярьж байсан төмөр замын асуудал дэмжигдсэн бол олон мянган хүн ажлын байртай болох байсан. Зам дагаад хөгжил гэж ярьдаг. Тэр төмөр замын хөгжлийг дагаад олон хүний аж амьдрал дээшлэх юм шиг санагдаж байгаа.

Дорнод аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Лхагважав

Монголд бизнес эрхлэгчдийн дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байдаг. Бидэнд маш олон төрлийн татвар, банкны өндөр хүү л байдаг. Үүнийг дагаад ард түмний амьдрал ахуй улам доройтож байна. Бизнесийн үйл ажиллагаа доголдсоноор ажлын байр хумигдаж, ажилгүйчүүдийн эгнээ тэлж байна. Бид тусгаар тогтносон эх орондоо амьдарч байгаа мөртлөө ямар нэг улсын колони мэт дарамттай, амьдрал улам доройтож байна. Тиймээс гаалийн татварыг багасгах, татвар нэмэхийг зогсоох, тэтгэврийн насыг нэмэх гэж байгаад анхаарлаа хандуулж өгнө үү.

Дорнод аймгийн 4-р багийн иргэн С.Цэнгэлжаргал

Эдийн засгийн ямар нэг хямралын талаар яригдахаар л ОУВС-тай ярина гэх юм. Одоо Засгийн газарт сайдаар ажиллаж байгаа Хүрэлбаатар гэхэд л хүүхдийн мөнгийг 60 хувьд нь өгнө гэж байна. Хоёрын хооронд ингэж ялгаварлах хэрэг байхгүй. Монгол Улсын үр садыг ингэж ялгаварлахаа болих хэрэгтэй. Ийм УИХ-ыг тараах хэрэгтэй. Парламентаа тараагаад дахин сонгууль явуулах хэрэгтэй шүү дээ. Тэр нэг өвгөнийг хүчингийн хэрэг хийхийг завдсан гээд есөн жилийн ял өгчихөөд байхад тэр УИХ-д байгаа хүчингийн хэрэгт нэр холбогдсон хүн яагаад суугаад байдаг юм бэ. Үүний хажуугаар нийгмийн даатгал, татвар нэмнэ гээд байна. Манай нөхөр уул, уурхайд ажилладаг. Арай гэж 1.5 сая төгрөгийн цалинтай золгож байхад 500 мянгыг нь татварт өгөх болж байна. Үйлээ үзэж, дөрвөн хүүхдийнхээ төлөө ажиллаж байхад 500 мянгыг нь төр засаг аваад явна гэхээр үнэхээр хүндрэлтэй санагдаж байна” зэргээр сэтгэгдлээ илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаг үеийн асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулсан юм.



Categories
мэдээ цаг-үе

Д.Түмэн-Өлзий: Иржийсэн их текстийг харангуутаа л айдаг болсон юм шиг санагддаг

Нийтлэлч Артаньян буюу Д.Түмэн-Өлзийтэй ярилцлаа.


-Уран бүтээлийн нэр өөрийнх нь нэрээс шал өөр байх нь ямар учиртай, ямар онцлогтой байдаг юм. Таных бас тийм?

-Анх бичихдээ ичиж зовдгоос болдог байж магадгүй. Хэн ч тоохгүй, шоолоод байвал яах юм. Тэгээд хүн уншаад эхлэхээр итгэл төрөөд нууц илгүй бүх нэрээ гаргаж ирдэг байх.

-Таны нийтлэлүүд бусдынхаас арай хөнгөн, хөгжилтэй, шүүмжлэлтэй байдаг. Тэрийгээ эвтэйхнээр илэрхийлсэн харагддаг. Орчин цагийн хүмүүс ийм нийтлэлийг илүү унших хүсэлтэй байна уу. Яагаад тэгж бичдэг вэ?

-Хүмүүс ямар хэлбэрийн юм унших дуртай вэ гэж судалчихаад, дараа нь эхэлнэ гэж байдаг юм болов уу даа. Зүгээр өөр өөрийнхөөрөө бичээд аль нь илүү таашаагдах вэ гэсэн зүйл л байдаг байх. Миний хувьд бичих нь зүгээр хобби болохоор урт удаан цаг хугацаа зарцуулж, өөрийгөө зовоож илүү сайн үг хайж, гүн гүнзгий утга эрэх гэх мэт хүнд хүчир байдлаар бичихийг боддоггүй. Тийм ч болоод чамд хөнгөн санагдсан биз.

-Гэхдээ таны нийтлэлд монгол хэлний үг зүй, өгүүлбэрзүйн алдаа их харагддаг. Яагаад ингэж бичдэг юм бэ?

-Үг үсгийн алдаа. Яагаад гэвэл энэ үсгийн дүрмийн алдаа болохоос монгол хэлний алдаа биш. Би яг л монгол үгсийг үсэг гэдэг энэ дүрсүүдийн тусламжтайгаар бүтээж байна. Харин ч монгол хэлэнд тааруу хүн намайг уншаад ойлгохгүй байж мэднэ. Яагаад ингэж бичдэг вэ гэхээр сүртэй шалтгаан байхгүй. Зүгээр гоё л санагддаг. Герман, англи, орос хэлтнүүдийн дунд ч бас үсэг ашиглаад аялгаа шууд буулгадаг хүмүүс, шүлэгчид, уран бүтээлчид зөндөө байдаг.

-Нийтлэлч Гаамп та хоёрыг сайн найзууд гэж сонссон. Мөн нийтлэл бичих өнгө аяс нь нэлээд төстэй. Та хоёр хэзээнээс нөхөрлөж байна вэ?

-2008 онд мессенжэрээр танилцаад, 2012 онд анх царайг нь харсан. Одоо хамт ажилладаг. Найзлахгүй байх арга алга. Бичлэгийн өнгө аяс төстэй төсгүй гэхээсээ илүү олон сайхан бичдэг туурвидаг хүмүүсийн дунд хоёулаа сэтгүүлч ч биш, хэлний мэргэжилтэн ч биш хэрнээ халтар хултар юм бичээд байхаар хүмүүс нэг сагсанд хийж хардаг юм байлгүй.

-Нийтлэл бичих хүсэлтэй, бичдэг хүмүүсийн тоо ер нь нэмэгдээд байх шиг санагддаг. Нийтлэл бичих таны хувьд амархан уу, хэцүү юу?

-Хобби болохоор амархан төдийгүй кайфтай

-Орчин үеийн залуусын хандлага, аж байдал ямар байна. Юуг уншихыг хүсдэг шиг санагддаг вэ?

-Хөгшин хүнээс ийм юм асууж болохгүй л дээ. Бүх л цаг үед хүн өөрийнхөө амьдарч байгаа цагаа орчин үе гэж нэрлэж ирсэн. Үргэлж л сонирхолтой юм үзэж, харахыг хүснэ. Гэхдээ хүний тоо, хүний бүтээсэн элдэв юмнууд нь нэмэгдсээр байгаад өөрсдийг нь цаг наргүй болгосон байх. Одоо бол фэйсбүүк, твиттэр, түгжрэл гурваас болоод цаг зав ховордсон. Тийм болохоор аль болох л цаг үрэхгүй богино юмнууд уншуулж, харуулахгүй бол болохгүй болоод байна. Богино зай талбайд их агуулга багтаах, аль болох их мэдээллийг зэрэг өгөх. Урт байсан ч ядаж хийц, өрөлтөөрөө хүний нүд булаахгүй л бол иржийсэн их текстийг харангуутаа л айдаг болсон юм шиг санагддаг. Нөгөө талаар үзэж харах контентын тоо хэт ихэссэнтэй холбоотой. Дээр үед нэг сонинг эргүүлээ л гэр бүлээрээ дуустал нь уншдаг байсан бол одоо сонин унших зав олох гэж хичээж байна шүү дээ.

Тийм болохоор өдгөө хүний сонирхол татаж, нүд булаасан контентын үйлдвэрлэл улам ч илүү чухлаар тавигдаж байна. Ийм контент бүтээхэд заавал их мөнгө орох шаардлагагүй. Гар утас, уран сэтгэмж хоёр байхад л болчихоод байна. Гэхдээ мэдээж тусгай хэрэгсэл, тусгай мэдлэггүйгээр юу ч тогтвортой оршин тогтнохгүй л дээ.

-Монголд амьдрал ажил хэцүү байна гээд ихэнх залуус гадаадад амьдрахыг хүсдэг болжээ. Үүнийг юу гэж боддог вэ?

-Хэцүү л байгаа юм чинь явахаас яахав дээ. Гэхдээ эргээд ирдэг бол сайн л даа. Тэд олон соёл сурч, хийж байсан ажилдаа боловсорч мэргэшээд ирдэг. Гол нь хандлага нь өөрчлөгдөж байна. Зан чанарууд нийлээд хандлага болдог гэвэл манайхан чинь хэцүү биз дээ. Зүгээр сууж байхад нь л бусад нь туслаад, өгөөд, амьдралыг нь аваад явах юм шиг хүмүүс. Энийгээ арилгачихвал бид бусдаас юугаараа ч дутахгүй. Харин гадаадад явсан залууст энэ зангаа хаях том боломж байдаг. Нохой хамартаа хүрэхээр усч гэж тэр.

Н.ЧИМЭГ