Categories
мэдээ нийгэм

Сонсогчид хохирол ихтэй халаасны хулгайн гэмт хэргийг илрүүллээ

Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан “Шинэ жил-Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийн тушаалаар тус сургуулийн 400 сонсогч оролцсон билээ. Тэд энэ үеэр Нийслэлийн зургаан дүүргийн 14 цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хуваарилагдаж, 280 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн байна.

Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн сургуулийн 1, 2, 3 дугаар дамжааны сонсогчид нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэж, хохирол ихтэй халаасны хэд хэдэн хулгайн гэмт хэргийг илрүүлсэнд холбогдох байгууллага, иргэд талархал илэрхийлсээр байна.

“Шинэ жил – Эргүүл, хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн 313 дугаар дамжааны сонсогч А.Хүсэлбат, 314 дүгээр дамжааны сонсогч А.Батбаяр, 335 дугаар дамжааны сонсогч Т.Баянжаргал нарыг өчигдөр Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

Сонсогчдын шагналыг Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ гардуулж баяр хүргэсэн юм.

Сонсогчид нь Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран таван сая гаруй төгрөгийн хохиролтой зургаан гэмт хэргийг илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 2 этгээдийг олж тогтоон, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”ын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн хуралдаан боллоо

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 16 -19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Уг хурлыг зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын даргын 2017 оны А/289 дүгээр тушаалаар бэлтгэл ажлыг хангах ажлыг хэсгүүдийг байгуулан ажиллаж байна.

Өнөөдөр тус ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж, бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ажлын хэсгүүдэд үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтыг өргөтгөнө

Холбоотой Зураг

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн Замын- Үүдийн хилийн боомтыг өргөтгөн шинэчлэхээр боллоо.

Алтанбулагийн боомтыг шинэчилснээр орох чиглэлийн гурван эгнээ найм, гарах чиглэлийн дөрвөн эгнээ 15 болох юм. Замын-Үүд хилийн боомтоор одоо нэг цагт 900 зорчигч, 100 зорчигч тээврийн хэрэгсэл, долоон ачаа, тээврийн хэрэгсэл нэвтэрдэг бол өргөтгөснөөр цагт 2700 зорчигч, 500 зорчигч тээврийн хэрэгсэл, ачаа тээврийн 35 хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдсон хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы шинэ оны анхны нэгдсэн хуралдаан (2018.01.05) нэгдсэн хуралдаан 10 цаг 28 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа батлав. Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцов.

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Улсын Их Хурлаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж буй талаараа байр сууриа илэрхийлж, утаа, агаарын бохирдлыг бууруулах талаар Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид юунд анхаарч, ямар арга хэмжээ авах ёстойг судлан, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж ажиллуулахаа мэдэгдсэн билээ. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, С.Бямбацогт, Ж.Ганбаатар М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Н.Цэрэнбат, Ө.Энхтүвшин, Л.Элдэв-Очир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Энэ хугацаанд уг Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр судалгаа дүгнэлт гаргах Ажлын хэсгээс хийсэн ажлын талаарх мэдээлэлтэй танилцсаны зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах асуудлаар зайлшгүй шаардлагатай хууль, тогтоомжийн төслийг яаралтай боловсруулах, утааг мэдэгдэхүйц бууруулах талаар хэрэгжүүлэх оновчтой, шийдвэртэй арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, түүнд шаардагдах хөрөнгө санхүү, бусад арга хэрэгслийн судалгаа тооцоо гаргаж танилцуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд ирүүлсэн албан тоотод дурдсан “онц байдал зарлах асуудлыг судлах” саналын хүрээнд судалгаа дүгнэлт хийж, саналаа боловсруулж танилцуулах үүргийг Монгол Улсын Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд өгсөн байна.

Мөн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хамтарсан хуралдаанаараа “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн бол Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараасчөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг эхэлж, энэ талаарх Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав.

Уг тогтоолын төсөлд агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ авч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны тогтоолын хэрэгжилтийг Улсын Их Хуралд 2018 оны 02 дугаар сарын 01-ний дотор танилцуулах, агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчинг шинэчлэх чиглэлээр холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хууль, тогтоолын төслүүдийг 2017 оны намрын чуулганы хугацаанд боловсруулж боловсруулж батлуулах, агаарын бохирдлыг бууруулах, агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр цогц арга хэмжээг 2018 онд багтааж хэрэгжүүлэх, хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах зорилгоор баригдаж бэлэн болсон, борлогдоогүй байгаа орон сууцанд гэр хорооллын иргэдийг оруулах арга замыг цогцоор нь судалж, холбогдох шийдвэрүүдийг гаргах, хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод түлшний зориулалттай түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж эхлэх, чанар стандартын шаардлага хангасан утаагүй шахмал болон хийн түлшний үйлдвэрлэл эрхлэгчийг тодорхой бодлогоор дэмжиж бодит дэмжлэг үзүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, гэр хорооллын дэд бүтцийг бий болгож, төвлөрсөн дулаан хангамжид холбох асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудал тусгажээ.

Тогтоолын төсөл, Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Б.Саранчимэг, М.Билэгт, Ж.Батзандан, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Я.Санжмятав, Ц.Даваасүрэн, Н.Амарзаяа, С.Жавхлан нар Улсын Их Хурлын Ажлын хэсэг, Байнгын хороодын дарга нар болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж тодруулан, үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Ажлын хэсэг энэ хугацаанд хоёр удаа хуралдаж, гишүүдээс гаргасан саналыг үндэслэн тогтоолын төсөл боловсруулан хэлэлцүүлж байна. Улаанбаатар хотын утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн нь бодитой зүйл. Гэхдээ гэнэт гараад ирсэн зүйл биш, урт удаан хугацаанд хуримтлагдаж бий болсон гамшиг. Иймээс энэ асуудалтай урт хугацаанд тууштай тэмцэж байж үр дүнд хүрнэ гэсэн байр суурьтай байгаа. Ажлын хэсгийн гишүүд ажил үүргээ хуваарилж аваад холбогдох хүмүүсийн хамт нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж байна гэлээ.

Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тогтоолын төслийн заалтуудын ихэнх нь Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан асуудлууд. Агаарын чанарыг сайжруулах зориулалттай тоног төхөөрөмж, цахилгаан халаагуурыг татвараас чөлөөлөх, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, гэр, байшингийн дулааны алдагдлыг багасгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа хэллээ. Харин Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат сүүлийн жилүүдэд утаанд зарцуулсан мөнгө хөрөнгө нэмэгдсэн зүйл байхгүй. 2014 оноос өмнө ихээхэн хөрөнгө зарцуулж байсан бол сүүлийн гурван жилд улсын төсвөөс жилд дунджаар 5-5.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин энэ хугацаанд утааны хортой байдлын үзүүлэлт буурсан гэсэн судалгааг мэргэжлийн байгууллага гаргасан байдаг. Цаашдаа түүхий нүүрсний хэрэглээг хориглох, түүнийг орлосон цахилгаан халаагуур, дулааны алдагдлыг бууруулах асуудалд анхаарах нь зүйтэй гэж тогтсон гэлээ. Мөн Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн утааны голомтод байгаа айл өрхийг хуримтлалтай халаагуураар хангахад анхаарч, энэ оны эхний улиралд 27 мянган айлыг хамруулахаар ажиллаж байна. Цаашдаа хотын төвийг тойрсон гол хэсгүүдийн айл өрхийг 4 квт-ын хуримтлалтай халаагуураар хангана. Энэ онд гэхэд 20 мянган өрхийг ийм халаагураар хангах арга хэмжээ авна. Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станцыг өргөтгөх замаар энэ асуудлыг шийдэх дэд бүтцийг бий болгоно гэсэн хариулт өгсөн юм.

Харин санал хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар юуны өмнө ядууралтай тэмцэх, тогтвортой ажлын байраар иргэдээ хангах, нийслэлийг дагуул хот руу нүүлгэх, өртөг багатай 5-6 давхар орон сууцыг олноор барихад анхаарах шаардлагатай, иймээс Улсын Их Хурал, Засгийн газар зоригтой ажиллах хэрэгтэй байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа бид гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхэд анхаарахгүй явж ирснээс утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрээд байна гээд тогтоолд маш тодорхой зорилт тавьж, хөрөнгө мөнгийг тусгаж өгөх нь чухал, үндэсний үйлдвэрлэл, дотоод нөөц бололцоо, эрдэмтэн судлаачдын чадавхийг зөв ашиглахад анхаарах шаардлагатай гэдгийг хэллээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан утааны асуудлыг онц байдлын хэмжээнд авч үзэж, нийслэлийн гэр хорооллын 150 мянган яндангаас гарч байгаа утааг арилгах үүднээс улсын төсвөөс тодорхой хөрөнгө гаргах, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн утаа, хөрсний бохирдолтой тэмцэх асуудлыг цогцоор нь авч үзэж шийдвэрлэх үүднээс Улсын Их Хуралд байнгын ажиллагаатай бүтэц бий болгох, нийслэлийг нүүлгэх, зарим чиг үүргийг аймгийн төв, бусад хотуудад шилжүүлэх арга хэмжээ авах, Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав тогтоолд тодорхой, хэрэгжих боломжтой, бодитой зүйл тусгахад анхаарах, ялангуяа дагуул хот, шинэ суурьшлын бүсийн асуудлыг тусгаж, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд анхаарах, энэ асуудлыг хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулах саналтай байгаагаа хэллээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва дэд бүтцийг хөгжүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөхгүйгээр утааны асуудал шийдэгдэхгүй, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ утааны асуудлыг олон талаас нь ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэхийг хичээж байгаа нь сайн хэрэг, ингэж аль аль талдаа ойлголцож асуудлаа зөв харж, хөрөнгө мөнгөө шийдэж чадвал боломж гарна гэж харж байна гээд өвлийн ид утааны үед их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчдын амралтыг зохицуулж түгжрэл, утааг багасгах, мөн борлогдохгүй байгаа бэлэн орон сууцыг түрээсийн зарчмаар борлуулахад анхаарахыг санал болгов. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат утааг багасгахад иргэдийн оролцоо, үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх асуудал хамгийн чухал. Агаарыг бохирдуулж байгаа гол хүчин зүйл нь хүний хүчин зүйл гэдгийг ойлгож, асуудлыг өөр өнцгөөс харж, хүнээсээ эхэлж, хүндээ хариуцлага тооцож чаддаг, бас дэмжлэг үзүүлж чаддаг баймааж асуудал шийдэгдэнэ гэдгийг хэллээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хэлсэн үгэндээ, утааны асуудал онцгой байдалд хүрсэн учраас энэ асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх саналаа тавьсан. Утааг ажилгүйдэл, ядууралтай хамтад нь харж шийдэх ёстой. Иймээс дагуул хот бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлж иргэдээ байнгын ажилтай, тогтмол орлоготой болгох, хөдөөг хөгжүүлэх, их дээд сургууль, оюутны дотуур байр, засаг захиргааны зарим нэгж, соёл, шинжлэх ухааны байгууллагуудыг хотоос гаргах шаардлагатай. Үүний цаана хамгийн гол нь хот, хөдөөгийн амьдралын ялгаа заагийг багасгах, хөгжлийг ойртуулах асуудал чухлаар тавигдана гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр энэ Засгийн газарт ихээхэн итгэл хүлээлгэж байгаа, иймээс эрс шийдэмгий ажиллах нь чухал. Утааны асуудал онц байдал зарлах хэмжээнд хүрсэн гэж ойлгож байгаа учраас Улсын Их Хурал, Засгийн газар дорвитой шийдвэр гаргаж ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Ингээд хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Улсын Их Хурлын гишүүд болон Ерөнхийлөгчийн саналыг тусган тогтоолын төслийг Байнгын хороодын хуралдаанаар дахин ярилцаад чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлахаар тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгал орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат нар танилцуулав.

Агаарын бохирдол нь нийслэл төдийгүй аймгийн төвүүдийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудал болохыг сайд илтгэлдээ дурдаад өвлийн улиралд Улаанбаатар хотын хэмжээнд нийт ажиглалтын 50 гаруй хувь нь стандартаас давсан бохирдолтой байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүн гараагүй, цаг алдаж байгаагаас хотын хүн ам, ялангуяа хүүхэд, өндөр настан амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэл өндөр байна. Товчхондоо, суурин газруудад үүсээд байгаа агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнгээ өгөх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон бодлого боловсруулж, техник технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглах, салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх шаардлага тулгарсан гэлээ.

Иймээс холбогдох хууль, эрх зүйн бусад актад нийцүүлэн Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Мөн уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан агаарын бохирдлын эсрэг сан байгуулахаар тусгажээ. Энэ сан нь агаар бохирдохоос урьдчилан сэргийлэх, бохирдуулах бодисын хаягдлыг багасгах зорилтын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг санхүүжүүлэх зорилготой юм. Түүнчлэн тулгамдаад буй агаарын бохирдлын асуудлаас үүдэн иргэдийн эрүүл мэндийг нэн тэргүүн хамгаалах зорилгоор амны хаалт, агаар цэвэршүүлэгчийг, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох төслүүдийг боловсруулсан байна.

Эдгээр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, Д.Хаянхярваа, Т.Аюурсайхан, А.Сүхбат, Д.Сарангэрэл, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.6 хувь нь Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Иймээс уг хуулийн төсөл болон хамтад нь өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Байнгын хороод үдээс хойших хуралдаанаараа эдгээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

М.Мөнхбаатар: Засгийн газар удаа дараа хууль бус шийдвэр гаргаж байгаа нь манай компанийг олон улсын түвшинд эрх ашгаа хамгаалахаас өөр гарцгүй болгож байна

Монгол Зэскорпорацийн ТУЗийн дарга М.Мөнхбаатар мэдэгдэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ өмнө Засгийн газар тус корпорацитай хэлцэл хийгээгүй гэж онцолсон юм.

Ерөнхийлөгчийн сонгуулиас хэдхэн сарын өмнө манай өмчийг нийгэмчлэх Засгийн газрын тогтоол гарсан нь буруу гэдэг нь арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор батлагдсан. Өнгөрсөн пүрэв гаригт гэнэт Засгийн газрын хуралдаан хийж, шийдвэр гаргасан нь мөн л улс төрийн амлалттай холбоотой. Засгийн газар байгуулагдаад 100 хоногийн дотор шийдвэр гаргана гэсэн амлалтандаа хавчигдаж ийм шийдвэр гаргасан гэж бид үзэж байна. Дээд шүүхийн шийдвэрийг давж, түүнийг үгүйсгэсэн байдлаар Засгийн газрын шийдвэр гарч байгаад бид харамсч байна.

Нэг намын, нэг парламентаас байгуулагдсан хоёр Засгийн газар нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь дахиад өмч хурааж байгаа үйл ажиллагаа болж байна гэж бид үзэж байна.

Засгийн газрын зарим гишүүдийн хэлж байгаагаар буруу мөнгөөр авсан гэж үзэж байгаа бол шүүхэд хандах эрх нь Засгийн газрын гишүүд болон агентлагуудад бий.

Гэхдээ энэ нь тогтоогдсон зүйл байхгүй. Бид Монгол Улс болон олон улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомж, гэрээ хэлцлийн дагуу энэ худалдан авалтыг хийсэн. Санхүүжилт маань олон улсын хууль тогтоомж гэрээ хэлцлийн дагуу хийгдсэн.

Үндсэн хуулийн цэцэд маргаан явж байгааг та бүхэн мэдэж байгаа. Нэр бүхий иргэд өнгөрсөн 2017 оны хавар Үндсэн хуулийн цэцэд хандсан байсан. Манай компанийн зүгээс УИХ-ын тогтоолтой санал нийлэхгүй байгаа гэсэн тайлбараа ҮХЦ-д 2017 оны наймдугаар сард гаргаж өгсөн. Гэтэл энэ маргаан явж байхад Засгийн газар хоёр ч удаа ийм шийдвэр гаргаж байгааг бид маш их гайхаж байна.

Өнгөрсөн гурван долоо хоногт юу болоод өнгөрчихөв гэдэгт товч мэдээлэл өгөх нь зүйтэй байх.

Улсын Дээд шүүхээс арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Монголын зэс корпорацийн гомдлыг бүрэн хангаж тогтоол гаргасан. Гэтэл Улсын дээд шүүхийн шийдвэрийг тэр дор нь хэрэгжүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор бид Засгийн газар, түүний агентлагуудаад Улсын Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээч гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 27-нд хүсэлт гаргасныг та бүхэн мэдэж байгаа.

Он гарсны дараа бидний хууль ёсны эрх сэргэсний дараа ТУЗ-ийн хурал хуралдаж үйлдвэрийн өмнө тулгамдаад байсан чухал асуудлыг бид шийдвэрлэсэн. Гэтэл Улсын дээд шүүхийн тогтоолыг Засгийн газрын тогтоолоор хүчингүй болгож байгаа үйл явдал болж өнгөрлөө. Энэ бол Үндсэн хуулиар Засгийн газарт олгогдоогүй эрх.

Манай компанийн зүгээс өнгөрсөн хугацаанд хууль дээдлэх зарчмыг барьж асуудалд хандаж байсан. Дээд шүүхийн шийдвэр биелж, хувьцааны бүртгэлийн эрх сэргэсний дараа ТУЗ-ийн шийдвэрээр үйлдвэрийн дотоод ажиллагаатай холбоотой олон асуудлыг шийдэж, цаашид тогтвортой ажиллах бололцоо бүрдэж байна гэж бид үзэж байсан.

Монгол Улсын Засгийн газар удаа дараа хууль бус шийдвэр гаргаж байгаа нь манай компанийг зөвхөн дотоодын гэлтгүй олон улсын түвшинд эрх ашгаа хамгаалахаас өөр гарцгүй болгож байна. Өөрийн эрх ашгаа дотоодын хууль тогтоомж болон олон улсын гэрээ концвенцийн хүрээнд хамгаална.

Энэ гэрээ хэлцэл хийгдсэнээр 2016 оны зургаан сараас хойш Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет компани Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд ажилладаг компани болсон. Тендер зарладаг болсон. 2016 онд ганцхан тендер зарласан бол 2017 онд 500-гаад тендер зарлачихаад байна. Энэ компанид шахаа хийдэг хүмүүсийн эрх ашгийг бид хөндөж байгаа. Энэ тендертэй холбоотойгоор зөвхөн 2017 оны есдүгээр сарын байдлаар 15 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан. Энэ мөнгийг хувьцаа эзэмшигчид хувааж аваагүй. Бид ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмсэн. Наймдугаар сард ажилчдадаа урамшуулал өгсөн. Он солигдохоос өмнөхөн ажилчдадаа хүн тус бүрт 500 мянган төгрөгийн урамшуулал өгсөн.

2016 онтой харьцуулахад орон нутаг болон улсын төсөвт дөрөв дахин их татвар төлөөд байгаа. Ийм үр дүнд хүрсэн. Төрийн өмч болгосноор буцаад харанхуй нууцлагдмал байдалд Эрдэнэт үйлдвэрийг аваачна гэлээ.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ туслах-ангилал улс-төр

У.Хүрэлсүх: Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ

Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Улаанбаатар хот болон томоохон хотуудыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бодлогын хүрээнд барилга байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Улаанбаатар хотын гэр хорооллыг инженерийн дэд бүтэцтэй болгох, гэр хорооллын өрхүүдийг орон сууцанд орох нөхцөлийг бүрдүүлэхдээ хот төлөвлөлтийн судалгаанд үндэслэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцыг ашиглалтад оруулах зэрэг зорилт тусгагдсан.

Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан.

УИХ-аас 2017 оны 3 дугаар сард батлан гаргасан “Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр”-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт:

· Гэр хороололд амины орон сууц барихад чиглэсэн дэд бүтэц байгуулж, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх,

· Төвлөрсөн дэд бүтцийн системд холбогдох боломжгүй хэрэглэгчийг хэсэгчилсэн инженерийн хангамжид холбох, дэд төвүүдийг байгуулах,

· Улаанбаатар хотод ажиллаж байгаа халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчийг төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн хангамжид үе шаттайгаар холбох зэрэг томоохон зорилт тусгагдсан.

Энэ хүрээнд Засгийн газар, салбарын яамд, Нийслэлийн Засаг даргын зүгээс олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь гэр хорооллыг дахин төлөвлөж, иргэдийг тохилог орон сууцаар хангах юм.

Эрхэм гишүүд ээ,

“Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл”-ийн өнөөгийн явцын талаар та бүхэнд танилцуулъя.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор 2013 оноос эхлэн нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл” хэрэгжүүлж байгаа бөгөөд гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах найман байршлыг сонгон төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ төсөл нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15 хувь, гэр хорооллын хүн амын 10 хувийг хамарч байна.

Төсөл хэрэгжүүлэх талбайд орон сууцны барилга, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зориулан нийт 1472 нэгж талбарын газрыг чөлөөлж, гэр хорооллын 957 айл өрхийг шинэ орон сууцанд, 491 айл өрхийн иргэдийг түрээсийн орон сууцаар ханган, 24 айл өрхийн газрыг худалдан авсан.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш төсөл хэрэгжүүлэгчид 9,654 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2014 онд 960, 2015 онд 1,656, 2016 онд 2,273, 2017 онд 308 айлын орон сууц нийт 5,2 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд орон сууцны талбайн хэмжээ 28-85 м2 хооронд, нэгж талбайн дундаж үнэ 1.8 сая төгрөг байна.

Зарим нэг төсөл хэрэгжүүлэгч эрсдэл, бизнес төлөвлөгөө зэргээ нарийн тооцоололгүйгээр төсөлд оролцсоноос санхүүжилтгүй болж газар чөлөөлсөн иргэдийг орон сууцаар хангах үүргээ биелүүлээгүй, түрээсийн зардал олгохгүй байх гэх мэт иргэдийг хохироосон асуудал гарч байна.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулж, газар, үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлсөн боловч түр суурьшуулах байраар хангагдаж чадаагүй, гэрээнд заасан хугацаанд орон сууцаар хангагдаагүй хохирсон иргэд болон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзан 180 өрхийг түр суурьшуулах байраар хангалаа.

БНХАУ-ын Засгийн газраас олгох 350.0 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхон” төсөл санаачилж, гэрээний нөхцөлийг тохирох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байна. Дээр дурдсан 1000 айлын орон сууц баригдсанаар газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах байраар хангахаас гадна, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн иргэдэд олгодог түрээсийн зардлаас хөнгөлөх боломж үүснэ.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төв байгуулах бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууц барих төслүүдийг хэрэгжүүлж байна. Цаашид Дамбадаржаа, Дэнжийн мянга зэрэг байршилд дэд төв байгуулна.

БНХАУ-аас олгох 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүд байгуулах төсөл болон Улаанбаатар хотын гэр хорооллын орчмын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөсөн.

Дээр дурдсан дэд бүтцийг шинээр барьж байгуулах ажлын төлөвлөгөөг Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолоор батлан, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Эдгээр ажил хэрэгжсэнээр:

Дулаан хангамжийн ажлын хүрээнд:

Яармаг орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцны хорооллуудын дулааны эх үүсвэрийг “4 дүгээр ДЦС”-аас хангах, Амгалан дулааны станцын үр ашгийг дээшлүүлэхээр Цайз, Амгалан, Чулуун овоо, Цагдаагийн орчмыг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох зэрэг нийт 9 багц төсөл арга, хэмжээг хэрэгжүүлнэ.

Цахилгаан хангамж, холбооны ажлын хүрээнд:

Гэр хорооллын нэг талын тэжээлтэй цахилгаан дамжуулах шугамуудыг тойрог схемд оруулан таслуур суурилуулснаар шугам тоноглол дээр гарсан гэмтлийг хурдан засварлах, мөн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх үүднээс Улаанбаатар хотын суурьшлын бүсийг тойрсон “Их тойруу 110КВт” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнийг дагасан салбар дэд станц болон цахилгаан дамжуулах кабелуудыг гэр хороололд барих 8 багц төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Ус хангамж, ариутгах татуургын ажлын хүрээнд:

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд зүүн хойд бүсийн усан санг Тасганы усан сан, 3,4 дүгээр хорооллын усан сан, 21 дүгээр хорооллын усан сантай холбох гол шугамыг шинээр байгуулна. Эдгээр шугам ашиглалтад орсноор гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрсөн шугам сүлжээний даралтыг тогтворжуулах болон хотын ус хангамжийг сайжруулах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх усан сангууд, төв цэвэрлэх байгууламжинд холбогдох “Туул-1” коллекторын дутуу шугамыг гүйцээх, гэр хорооллоос төвийн бохирын шугамд холбогдох томоохон ариутгах татуургын өргөтгөл шинэчлэл зэрэг 16 багц төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Гэр хорооллын инженерийн хангамжийн “Бичил дэд төв” байгуулах хүрээнд:

Дээрх хөрөнгийн зарим хэсгээр хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Бичил дэд” төв буюу Сервис центр төслийг хэрэгжүүлнэ.

Орон сууцанд орох сонирхолгүй, өмчлөлийн газар дээрээ оршин суух хүсэлтэй, төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоогүй дундын болон захын бүсийн зарим гэр хорооллын иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Бичил дэд төв”-ийг барьж байгуулах шаардлагатай.

“Бичил дэд төв”-ийг гэр хорооллын 200 болон түүнээс дээш өрхийн дунд барьж байгуулахаар төлөвлөөд байна. Уг төвийн инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийг хийн түлш, сэргээгдэх эрчим хүч, био бичил цэвэрлэх байгууламж ашиглаж шийдвэрлэх нь байгальд ээлтэй шийдэл юм. Мөн инженерийн хангамжийг төвлөрсөн, бие даасан болон холимог шийдлээр хангах боломжтой.

Эдгээр төвүүдийг эхний ээлжинд шаардлагатай байршилд барьж байгуулснаар 10,0 мянган айлын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээд зогсохгүй иргэд өмчлөлийн газартаа амины орон сууц барихад ипотекийн зээлд хамрагдах боломж үүсч, олон улсын шаардлагад нийцсэн амины орон сууцны тохилог хорооллууд бий болох юм.

Дээрх ажлууд хэрэгжсэнээр “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт тусгагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах эхний ээлжийн 42,8 мянган айлын орон сууцны барилга, 13,3 мянган хүүхдийн сургууль, 4,7 мянган хүүхдийн цэцэрлэг, 210 хүний эмнэлгийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдвэрлэгдэж, иргэд оршин сууж байгаа газартаа инженерийн хангамжтай тохилог амины орон сууц барьснаар, нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад багагүй хувь нэмэр оруулна гэж тооцож байна.

Орон сууцны хангамж, ипотекийн зээл олголтын талаар:

Улаанбаатар хотод өнөөгийн байдлаар 80 орчим мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байгаагаас 30 мянган айлын орон сууц ашиглалтад орсон, борлуулалт нь30 орчим хувьтай байна. Орон сууцны эрэлт хэрэгцээтэй боловч худалдан авах чадварын хувьд хүрэлцэхгүй байгаа, арилжааны банкнаас тавьж байгаа өндөр шаардлага, нөхцөлийг хараахан хангаж чадахгүй байгаа иргэдэд ипотекийн зээлийг хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсантай холбогдуулан ипотекийн зээлийн хөтөлбөрийг төсвийн шинжтэй санхүүжилт гэж үзэн ипотекийн зээлийг Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хязгаарласан.

Иймээс ипотекийн зээлийг Засгийн газар өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр болж Монгол Улсын 2017 оны төсвөөс 111.0 тэрбум төгрөгийг, Монголбанкнаас зээлийн үндсэн төлөлтийг буцаан таталгүйгээр 192.0 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг дахин санхүүжүүлсэн. Энэ оны тухайд Засгийн газраас 120.0 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180.0 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, зээлийн хөтөлбөрийг олон хувилбарт хэлбэрээр хэрэгжүүлэх бодлого баримталж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэж заасны дагуу хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголбанк, Төрийн орон сууцны корпораци, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр зэрэг газруудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг 2017 онд байгуулж ажиллуулсан.

Ажлын хэсэг Засгийн газраас хэрэгжүүлэх орон сууцны зээлийн хөтөлбөрийг зээлдэгчийн нийт хугацаанд төлөх зээлийн дарамтыг бууруулах, түрээслээд эзэмших тогтолцоотой хослуулан хэрэгжүүлэх, уг арга хэмжээнд Монголбанкны ипотекийн зээлийн эргэн төлөгдөж буй эх үүсвэрийг ашиглах талаарх саналыг боловсруулж байна.

Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсанаар гэр хорооллын дахин төлөвлөлтөөс орон сууц худалдаж авсан иргэдэд ипотекийн зээлийг 5 хувийн хүүтэй олгох боломжтой болсноор тус төслийн орон сууцны борлуулалт харьцангуй сайжирч байна.

Эрхэм гишүүд ээ,

Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг батлуулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16 мянга, аймгуудын төвд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж ашиглалтад оруулсан 1512 айлын төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлээд байна.

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 28 дугаар тушаалаар “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталж, зорилтот бүлгийн нийт 1512 өрхийг түрээсийн орон сууцанд хамрууллаа. Төрийн мэдлийн түрээсийн орон сууцны 725 орон сууц нь 8 аймагт, 787 орон сууц нь Улаанбаатар хотод байна. Хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэхийн тулд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж, барилга угсралт нь дуусаагүй байгаа 1560 айлын орон сууцыг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай.

Цаашид гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, “Ногоон хувийн орон сууц” загвар төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, аймаг бүрт “1000 айлын орон сууц” төсөл, “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх, Хот, суурин газруудад шинээр баригдах орон сууцны хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээний техникийн шийдлийг хонгилын системээр төлөвлөн, хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Мубаракийн Швейцарь дахь хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг яагаад буцаав?

Мубарак зурган илэрцүүдЕгипет болон Швейцарь улсын хоорондын харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх явцын үр дүнд Швейцарийн холбооны улсын Зөвлөлийн шийдвэр гарч, Египет улсын ерөнхийлөгч асан Мубаракийн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэрийг хүчингүй болгожээ.

Швейцарь улсын эрх бүхий байгууллага хоёр орны хооронд байгуулсан, Швейцарийн банкин дахь хууль бус хөрөнгийг буцаан олгох хүсэлтийг зохицуулах байсан хэлэлцээрийг хүчингүй болгосон байна. Ийнхүү түүний хөрөнгө битүүмжлэлийг цуцалснаар зарим талаар ээдрээтэй асуудал үүсч эхэлжээ.

Хөрөнгө нь битүүмжлэгдэж, хэрэг үүсгэснээс болж зарим өмчлөгчид нь хөрөнгөө татаж, тухайн үед буюу 2011 онд битүүмжлэгдээд байсан 590 сая швейцарь франк 430 сая болж буурчээ.

Хөрөнгө битүүмжилснээс хойш 7 жил өнгөрч, хоёр талын хичээл зүтгэл үр дүнгээ хараахан өгөөгүй байхад хэлэлцээр ийнхүү дуусгавар болж байгаа хэдий ч битүүмжлэлээс гарсан хөрөнгийг шууд авах боломжгүй гэж Холбооны Зөвлөл мэдэгдэлдээ нэмж дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад 176 түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас зудын нэн их эрсдэлтэй байгаа Архангай аймгийн Хотонт сумын эрүүл мэндийн төв, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын эрүүл мэндийн төв, Дундговь аймгийн Сайн цагаан сумын эрүүл мэндийн төв, Дорнод аймгийн Халхгол сумын эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Бүрд сумын эрүүл мэндийн төв, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө.

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 176 түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн аж. Түүнчлэн зудын нэн их эрсдэлтэй аймаг, сумдыг түргэн тусламжийн автомашинаар хангах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын гавьяат жүжигчин В.Долгор таалал төгсжээ

Монголын ард түмэн “Хүүхдийн дууны Долгор” хэмээн нэрийдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин В.Долгор гуай 91 насандаа таалал төгсжээ. Тэрбээр 1956 онд “Маамуу нааш ир” дууг амилуулж олны хүртээл болгосон юм. Өнөөдөр монголд энэ дууг сонсож өсөөгүй, энэ дуугаар хүмүүжээгүй хүн үгүй биз ээ.

В.Долгор гавьяат найрал дууны сапроно хоолойн ахлагчаар 40 гаруй жил ажиллаж “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, “Шарай голын гурван хатан”, “Хөхөө Намжил”, “Чио чио сан”, “Жаргалын зам” зэрэг 10 гаруй гол, туслах дүрд тогложээ. Мөн “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Даланч худалч”, “Цогийн идэр нас” зэрэг 20 шахам хөгжимт драмын жүжиг, “Ламбугайн нулимс”, “Үнэн” зэрэг арав гаруй үндэсний дуурьд тоглосон юм.

Түүнчлэн Евгений Ониген, Кармен, Травиата, Тоска зэрэг хөгжимт драм, үндэсний сонгодог 50 гаруй жүжгийн найрал дууны партийг амжилттай сурч тоглосон. Мөн гоцлол, хоршил, харилцаа, зохиолын гээд олон төрлийн 400 гаруй дуу дуулсан байна. Хятад, Солонгос, Болгар, Чех, Өвөрмонгол, Орос, Буриад зэрэг хэлээр 20 гаруй дуу дуулж олны хүртээл болгожээ.

Ийнхүү үе үеийн хүүхэд багачуудын эчнээ танил болсон эрхэм хүн та бурхны орондоо тайван нойрс доо. Буурал уран бүтээлчийн ар гэрийнхэн, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

“Гашуунсухайтын боомтод нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна” гэв

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй гэрээгээ дүгнэж, дотоодын хууль тогтоомж хангаж байгаа 60 гаруй аж ахуй нэгжийн 4,700 гаруй тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулж, зохион байгуулаад байна.

Гашуунсухайт хилийн боомтоор өчигдрийн байдлаар нүүрс ачаатай 120 тээврийн хэрэгслээр 7,800 тонн нүүрс тээвэрлэн гарч, ачаагүй 348 хоосон тээврийн хэрэгсэл орж ирсэн бөгөөд тээвэрлэлтийн цуваа үүсээгүй хэвийн үргэлжилж байна.

Мөн цаашид тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хилээр нэвтэрч буй тоотой уялдуулан гаалийн хяналтын лацыг олгох талаар гаалийн байгууллагуудтай хамтарч, 2018 онд экспортоор гаргах нүүрсний хэмжээг УУХҮЯ-аас авах саналаа хүргүүлсэн байгаа. Ингэснээр экспортлох нүүрсний хэмжээг тээвэр төлөвлөлтдөө уялдуулснаар нүүрс тээвэрлэлтийн явцад аливаа хүндрэл, дараалал үүсэхгүй байх боломжтой юм.