Categories
мэдээ улс-төр

2018 оны төсвийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлэгдсэн дээрх хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн.

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулж өргөн мэдүүлсэн.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Мөн төсвийн тухай хуулийн төслүүдийг дагаж өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороодын хуралдаанаар хийх явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус өөрчлөн найруулахаар Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын гаргасан саналыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.

2018 оны төсвийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Д.Сумъяабазар нар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 17.4 дэх заалтыг “сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтийг хүлээн авах хугацааг өдөр тутмын сониноор нийтэд зарлана” гэснийг “сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 18.1.2 дахь заалтыг “тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар” гэж тус тус өөрчлөн найруулахаар гаргасан санал дэмжигдлээ. Уг санал Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн байна.

Түүнчлэн “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн Монгол Улсын Засгийн газарт даалгасан 1 дүгээр заалтыг төслийн 1.1 дэх дэд заалт болгож, “Газрын тухай хуульд нэмэлт оруулж байгаатай холбоотойгоор газрын зэрэглэл, тэдгээрийн нэг гектарын суурь үнэлгээ, жилийн төлбөрийн дээд, доод хязгаарыг шинэчлэн тогтоох. ” гэсэн агуулгатай дурдсан агуулгатай 1.2 дахь дэд заалт нэмэх, тогтоолын төсөлд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжэээнүүдийн байршил, хүчин чадлаас хамааруулан төсөвт өртгийн зөрүүг нягталж, батлагдсан төсөвт өртөпг багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулах” гэсэн агуулгатай 1.3 дахь дэд заалтыг тус тус нэмэх зарчмын зөрүүтэй саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Эцэст нь Төсвийн байнгын хороо дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Ингээд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвинй тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлэгдсэн дээрх хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *