Categories
мэдээ нийгэм

Мах экспортлох, малын өвс тэжээлийг импортлоход төрийн байгууллагуудын “ажлын уялдаа” нэн чухал байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг салбарынхаа гадаад худалдааны үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Мал эмнэлэг, үржлийн газрын удирдлагуудтай санал солилцох уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Сайд Б.Батзориг бид нэг л засгийн газарт ажиллаж, төрийн үйл хэргийг удирдан чиглүүлж байна. Малчид, ард иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн махны экспорт, малын өвс тэжээлийн импортыг шуурхайлах ажлыг дан ганц Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам шийдэх боломжгүй. Иймээс ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгтгэж, салбарын гадаад худалдааг хөнгөвчилж, дэмжиж ажиллах зөвлөмжийг мэргэжлийн хяналт, гааль, татварын ерөнхий газрын удирдлагуудад өглөө.

Нэн тэргүүнд ОХУ-аас 50 мянган тонн өвс тэжээлийг импортлон, малчдад хүргэх мөн хүн амын хүнсний хангамжийг тогтвортой хадгалах үүднээс 225 мянган тонн хүнсний улаанбуудай, 10 мянган тонн үрийн улаанбуудайг импортлох ажлыг гааль, мэргэжлийн хяналт, татвар зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай зохион байгуулах хэрэгтэй байна.Мөн үржлийн бус малыг экспортлох, хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаанаар тогтоосон квотын дагуу адуу үхрийн мах экспортлох үйл ажиллагааг хөнгөвчлөх, хэрэгжилтийг хамтран зохион байгуулах чиглэлийг холбогдох төрийн байгууллагуудад салбарын сайд өглөө.

Үүнээс гадна Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан нийт 16 мянган тонн мах бэлтгэн, тогтвортой үнээр зах зээлд нийлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийн орон нутгаас бэлтгэх малын гарал үүслийн гэрчилгээнд, бэлтгэх, хадгалах махны чанарт, худалдан борлуулах тоо хэмжээнд онцгой хяналт тавьж ажиллах шаардлагатайг Сайд Б.Батзориг тодотгон хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Малчдын амьжиргааг дэмжсэн төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагчийн орлогч хатагтай Даниела Гаспарикова, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн хатагтай Б.Бүнчингив болон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч З.Батжаргал нарыг хүлээн авч уулзлаа.

НҮБ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) Монгол улсын Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээснээс хойш Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. НҮБ-ын 2015 оны Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар “Тогтвортой Хөгжил-2030” хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурал 2016 онд “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал -2030” Эдийн засгийн тогтвортой хөгжил, нийгмийн тогтвортой хөгжил, байгаль орчны тогтвортой хөгжил, болон тогтвортой хөгжлийн засаглалын зорилтууд гэсэн 4 бүлэг 44 зорилт бүхий тогтоол баталсныг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг цохон тэмдэглэлээ.

Төрийн бодлого малчдын амьжиргааг сайжруулах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэвэл газар тариалан, аж ахуйг дагасан залуучуудын урсгал ялангуяа хөдөөнөөс хотруу шилжих хөдөлгөөн нэмэгдэх боломж байна хэмээн Сайд Б.Батзориг хэллээ. Харин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагч хатагтай Биата Транкман Олон Улсын Уур Амьсгалын Ногоон Санд өргөн барьж буй “Хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх” малчдын амьдралыг дэмжих, хөдөөгийн ус, газрын нөөцийн менежмент, мал аж ахуйд суурилсан хөдөөгийн иргэдийн амьдралыг сайжруулах, бүтээмж нэмэгдүүлэх, эрсдэл бууруулах гэсэн 3 үндсэн чиглэл бүхий төслөө энэ үеэр танилцуулсан. Энэхүү 23 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төслийн гол зорилго нь хөдөөгийн амьжиргааг сайжруулах, эрсдэлийг бууруулах болон ядуурлаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөн багасгахад чиглэсэн. Тэгэхээр дээрх төсөл танай яамны зорилго, бодлого хөтөлбөртэй уялдаж байгааг онцлоод, цаашдаа салбарын хэмжээнд үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг энэхүү төслийг дэмжин хамтран санхүүжүүлэх талаар ярилцаж Сангийн яамтай холбогдон мэдээлэл солилцохоо хэлээд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ийн хүрээнд цаашид НҮБ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Categories
мэдээ нийгэм

​Монголыг оффшор бүсийн “Хар жагсаалт”-д багтаалаа

Image result for Монголыг оффшорЕвропын холбооны зүгээс оффшор бүсийн “Хар жагсаалтыг” нэрлэжээ. Өмнө нь оффшор бүсийн жагсаалтад 47 орны нэрийг багтаан зарлаад байсан билээ. Эдгээр улс орнууд нь Европын холбооны шаардлагад нийцсэн стандартыг баримталж, татварын хуульдаа өөрчлөлт оруулах амлалт өгөөд байгаа улс орнууд юм.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас ил болгож буй “Panama Papers”, “Paradise Papers” зэрэг нууц мэдээллүүдийн хүрээнд тус холбооны гишүүн орнуудын компани, хувь хүмүүс татвараас зайлсхийж байсан нь илэрсээр байгаа тул ийнхүү зарласан талаар ВВС мэдээлжээ. Үүнд манай улсын нэр багтсан байна. “Хар жагсаалт”-д багтсан улсын татварын орчин асуудалтай, татварын хувь хэмжээ нь бага бөгөөд гадны хөрөнгө оруулагчдад мөнгө угаах нөхцөл бүрдүүлж байж болзошгүй гэж үзжээ.

Хар жагсаалтад дараах улсуудыг багтаан нэрлэв:

Америкийн Самоа

Бахрейн

Барбадос

Гренада

Гуам

Өмнөд Солонгос

Макао

Маршаллын арлууд

Монгол

Намиби

Палау

Панам

Сэйнт Лусиа

Самоа

Тринидад ба Тобаго

Тунис

Арабын Нэгдсэн Эмират Улс

Өмнө нь нэрлэгдсэн 47 улс орон Европын холбооноос анхааруулга аваад байгаа бөгөөд “Хар жагсаалт”-д орсон дээрх улс орнууд Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болох юм.

Categories
мэдээ нийгэм

Байнгын хороодын хамтарсан ажлын хэсэг Төв аймгийн Зуунмод суманд ажиллав

УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2017 оны 12/28 дугаар хамтарсан тогтоолоор байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2017.12.05) Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал дүгнэлт гаргах ажлынхаа хүрээнд Төв аймгийн Зуунмод суманд ажиллалаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг болон Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэг, Зуунмод сумын бүх багийн Засаг дарга, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар хүрэлцэн ирсэн байлаа.

Уулзалтын эхэнд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал УИХ-ын гишүүдэд аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц 70 хувийн бүрдэлттэй, хөдөөгийн төвлөрөл үүссэн нутаг газруудад отрын штаб байгуулахаар ажиллаж байгаа. Төв суурингийн хувьд нүүрсний нөөц, цахилгаан дулааны бэрхшээлтэй асуудал байхгүй” гэлээ.

Дараа нь Төв аймгийн Зуунмод сумын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Аймгийн хэмжээнд хамтарсан ажлын хэсгүүд байгуулагдаж, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын “Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааны зарим заавар, журам батлах тухай”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Хамтарсан багийн ажиллах журам”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын “Хамтарсан багийн ажиллах үйл ажиллагааг санхүүжүүлэх журам”-ын дагуу хуулиудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа. Төв аймгийн 27 суманд нийт 34 баг ИТХ-ын тогтоол болон сумын Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан” гэлээ.

Мөн хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Цагдаагийн газар, Хууль зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулсан талаар мэдээллээ. Аймгийн хэмжээний хүүхдийн эрхийн болон гэр бүлийн хүчирхийллийн тоон баримтаас үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 72 тохиолдлоос гэр бүлийн хүчирхийлэл 10, бие махбодийн хүчирхийлэл 9, сэтгэл санааны хүчирхийлэл 8, үл хайхрах байдал 10, бэлгийн хүчирхийлэл 6, ахуйн осол гэмтэл 11, зам тээврийн осол 5 бүртгэгдсэн байна. 2016 онд 12 суманд 21 хэрэг бүртгэгдэж байсан бол 2017 онд 23 суманд 72 болж, хүүхдийн эрхийн зөрчлийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа ч шийдвэрлэлт 17 хувиар нэмэгдсэн эерэг дүн гарч байгааг онцлон хэллээ.

Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн гэр бүлийн нууцлалын асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Ногоон карт” ажлыг эхлүүлсэн аж. Аливаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмнэлэгт анхны тусламж авах үеэр эмч ногоон карт барьсан хүүхдийг дараалалгүй, нэмэлт тайлбар шаардахгүйгээр шууд эмнэлгийн анхан шатны үзлэгт оруулах ёстойг Нэгдсэн эмнэлгийн эмч нарт танилцуулсан гэж Д.Бадамцэцэг хэлсэн юм.

Дараа нь Зуунмод сумын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Нарантуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд тохиолдож буй хүчирхийлэл болон бусад гэмт хэргийн талаарх тоон мэдээллийг танилцуулж, Цагдаагийн газрын дэргэд “Түр хамгаалах байр”-ыг шинээр байгуулсныг мэдээллээ.

Дээрх хоёр танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь хэлсэн үгэндээ “Хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг учраас УИХ-ын нэгдсэн чуулганд хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн талаарх асуудлыг шууд танилцуулах боломж бүрдэж байгаа нь чухал” гэдгийг тэмдэглэлээ. Мөн “Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтэд судалгаа хийсэн. НҮБ-д жил бүр Монгол Улсын хүний эрхийн талаарх илтгэлийг хэлэлцдэг. Энэхүү илтгэлтэй холбогдуулж НҮБ-аас тодорхой зөвлөмжүүдийг ирүүлдэг. Эдгээр зөвлөмжүүдийг бид заавал хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Мөн танилцуулгын үеэр дурдсан хүүхдийн эрхийн болон гэр бүлийн хүчирхийллийн талаарх тоон мэдээнд тохиолдлын тоо ихэссэн харагдаж байгаа нь иргэд илүү мэдээлэлтэй болж гэмт хэрэг, хүчирхийлэлтэй тэмцдэг, илрүүлдэг болсон байх магадлалтай гэдгийг тодотголоо.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь аймгийн хэмжээнд ажиллаж байгаа нийт хамтарсан багийн хамт олон болон сайн дураар ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудад талархал илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилсан “Ногоон карт” ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд, бусад аймаг, сумдад энэ туршлагыг нэвтрүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа хэлсэн.

Дараа нь хамтарсан ажлын хэсэг “Түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцсанаар ажлаа өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Японы нэрт ваар урлаач Х.Канэкогийн уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран “Монгол, Японы харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ оны 12 дугаар сарын 5-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулав.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока нар эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, үг хэлэв. Бага хурлын үйл ажиллагаанд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын удирдлага, Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Монгол, Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн удирдлага тэргүүтэй хоёр улсын эдийн засаг, боловсрол, соёл, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид өргөнөөр оролцов.

Бага хурлын хүрээнд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд асан, Монгол, Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн Ерөнхийлөгч С.Хүрэлбаатар “Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцааны эдүгээ ба ирээдүй” сэдвээр үндсэн илтгэл тавив. Мөн хурлын хүрээнд “Монгол, Японы эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх арга замууд”, “Соёл, боловсрол, олон нийтийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх арга замууд” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, улс төр, аюулгүй байдал, бүс нутаг, эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэхэд ашиглах, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны түүхэн өв, ирээдүйн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Бага хуралд Японы Хүн төрөлхтний соёл судлалын хүрээлэнгийн захирал, монголч эрдэмтэн, профессор Ю.Конагая хүрэлцэн ирж, Япон дахь Монгол судлалын өнөөгийн байдлын талаар сонирхолтой илтгэл тавив.

Эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд Монгол, Японы харилцаа, Монгол дахь япон судлал, Япон дахь монгол судлалын талаарх 100 гаруй номын үзэсгэлэн, Японы нэрт ваар урлаач Х.Канэкогийн уран бүтээлийн үзэсгэлэн тус тус дэлгэгдэв.

Categories
мэдээ цаг-үе

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Малчдад хямд өвс тэжээл очих, гурилын үнийг тогтвортой байлгах бодлогын алхам хийгдлээ

УИХ-ын гишүүн, хүнс өдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой ярилцлаа.


-Шинэ Засгийн газарт чухал салбар хариуцсан сайдаар томилогдоод та багагүй хугацаа өнгөрч байна. улс орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр гээд томоохон салбарыг зангидсан яамыг удирдаж эхэлснээс хойш хийж буй ажлын чинь талаар ярилцлагаа эхэлье?

-Засгийн газрын гишүүнээр томилогдоод 43 дахь хоногтоо тантай ярилцаж сууна. Уул нь би үр дүн нь гараагүй байгаа ажлаа ярих дургүй. Гэхдээ танай сонины уншигчдыг хүндлээд таны урилгыг хүлээн авч бодож байгаа, зорьж байгаа, эхэлчихсэн ажлуудаа ярья. Таны хэлснээр маш чухал салбарт буюу энэ салбартаа би шинэ хүн биш учраас салбартайгаа танилцаж цаг үрсэнгүй. Өмнө эхлүүлчихсэн, огт орхиогүй авч явсан ажлуудаараа би энэ салбартай байнга холбоотой явсан.

-Тодорхой хугацаанд дэд сайдаар ажилласнаа та хэлж байна уу. Тухайлбал, эхлүүлсэн ямар ажлуудаа орхиогүй хийж ирэв?

-2015-2025 он хүртэлх ойрын арван жилд Хүнс хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулалцаж батлуулалцсаны хувьд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хөгжлийн хувьсгал хийх цаг үе ирсэн гэдэг миний итгэл үнэмшил бий. Энэ итгэл үнэмшлээрээ дэд сайдаар ажиллаж байхдаа ч, УИХ-ын гишүүний хувиар ч анхаарлаа байнга хандуулж байсан. Эхлүүлсэн орхиогүй ажлуудаасаа бодит үр дүн гарч эхэлснээс нь хэлбэл, мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр анхны ажлын хэсгийг нь ахалж ажиллаж байсан. Энэ ажлын хэсгийн эхлүүлсэн олон ажил үе шаттайгаар хэрэгжиж явсны үр дүнд сүүлийн арван жилд анх удаагаа махны экспорт 20 мянган тонноос давлаа.

-Манай улс өвлийг өнтэй давах нь уу. Энэ жил зуд болно гэцгээгээд малчид зарим аймаг руу нүүцгээж байсан?

-Одоогоор нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Өдөр болгон шахуу их, бага хэмжээгээр нэмж орж байгаа цаснаас шалтгаалж дагтаршсан бүрхүүл тогтож эхэлж байгаа нь хамгийн санаа зовоож байгаа юм. Энэ жилийн зуншлагаас шалтгаалан малчдын түвшинд өвс, тэжээлийн хангалт муу байгаа.

Тиймээс малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж зээл олгон дутагдаж байгаа өвс, тэжээлийг ОХУ-аас импортлон аймаг сумдад хүргэж, хамгийн бага үнээр борлуулахаар өвс, тэжээлийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэ сарын дундуур импортоор оруулж ирсэн малын тэжээл худалдаанд гарч эхэлнэ. ХХААХҮЯ өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг аймгуудаас авч, дүгнэлт хийж, шаардлагатай үед тулгамдсан асуудлыг Улсын онцгой комисс, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлж ажиллах зорилгоор “Шуурхай штаб”-ыг байгуулан ажиллуулж байна.

Учирч болзошгүй цаг үеийн онцгой нөхцөл байдалтай уялдуулаад малчдын зүгээс авах хоёр арга хэмжээ байгаа. Мал махны борлуулалт, өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх. Тийм учраас бид үүн дээр нь бодлогоор дэмжиж махны борлуулалтыг нэмэгдүүлэхээр үржлийн бус бог малыг экспортлох буюу хөлөөр нь гаргах Засгийн газрын тогтоол гаргуулсан.

Энэ жил манай улс ургацынхаа 60 хувийг алдсан. Саяхан Засгийн газраас импортоор авах малын тэжээл, өвс, хүнсний үрийн буудайг ОХУ-аас Гаалийн татвараас чөлөөлөх шийдвэр гарсан. Энэ нь яг малчдад бодит дэмжлэг болох уу. Эсвэл тодорхой бизнесийн бүлэглэлд ашиг өгөх үү гэдэг асуудал бий?

-Засгийн газар “Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх” тухай хуулийг өргөн барьж батлууллаа. Энэ хуулиар 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225 мянга хүртэл тонн хүнсний улаанбуудай, 10 мянга хүртэл тонн үрийн улаан буудайг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт хийгдэж байгаа юм. Ингэснээр өнөөдөр дутагдалтай байгаа 50-иас дээш мянган тонн хүчит тэжээлийг импортоор авах болон шаардлагатай байгаа 225 мянган тонн улаанбуудайг импортлон авч малчдад хямд өвс тэжээл очих, гурилын үнийг тогтвортой байлгах бодлогын алхам хийгдлээ. Энэ бодлого малчид тариаланчдаа дэмжих зорилготой бодлого. Зорилгоо ч биелүүлнэ. Хивгээр жишээ авъя л даа. Тэжээлийн хивэгний үйлдвэрийн үнэ кг нь 420-450 төгрөгөөр харин гадна худалдаанд кг нь 500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тэгвэл импортоор орж ирж байгаа тэжээлийн хивэгний тухайд хууль батлагдахаас өмнө тендерт шалгарсан аж ахуй нэгжүүдийн хамгийн хямд худалдан борлуулах үнэ өрсөлдсөөр 420 орчим төгрөгөөр эцсийн шалгаруулалтад орсон. Одоо “Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх” тухай хууль батлагдсаны дараа үнээ дахин буулгах хэлцэл явагдахад 375 орчим төгрөг болж байна. Эндээс хэн хожих нь ойлгомжтой байгаа биз дээ. Ер нь бол 12-16 хувиар үнийг буулгаж чадах дүр зураг харагдаж байна. Тодорхой бизнесийн бүлэглэлд ашиг өгөх үү гэж та асуусан. Бүлэглэлсээд байх юм байхгүй дээ. Бүх сонгон шалгаруулалт олон нийтэд нээлттэй зарлагдаж нийтдээ 58 аж ахуй нэгж өрсөлдсөнөөс 29 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулсан. Эдгээр аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулахдаа худалдааны туршлага, тэжээл борлуулах боломжийг нь судалж бүгдтэй нь бодлогын, зээлийн, барьцааны гэсэн гэрээг үе шаттайгаар байгуулсан. Дээрээс нь зээлийн мөнгөө зориулалтын бус зүйлд зарцуулахаас сэргийлж 25/75 хувийн харьцаагаар буюу 25 хувь нь үйл ажиллагааны зардалд 75 хувь нь зөвхөн нийлүүлэгчийн данс руу орох нөхцөлтэйгөөр зохицуулалт хийж өгсөн. Нэг зүйлийг зориуд тодотгож хэлэхэд энэ хууль зөвхөн зээлд хамрагдсан аж ахуй нэгжүүдэд зориулагдсан зохицуулалт биш. Өвс тэжээл импортоор оруулж ирж байгаа бүх аж ахуй нэгжүүдэд хуулийн хугацаандаа ижил үйлчлэх хууль юм шүү.

-Гаалийн татваргүйгээр өвс, тэжээл ороод ирлээ. Малчид нэг тонныг нь хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ. Малчдад бэлэн мөнгө хомс байна?

-Өвс тэжээлийн борлуулалтыг аж ахуй нэгжүүд өөрсдөө хийнэ. Бидний харж байгаагаар гурван арга зам байна. Нэгдүгээрт мэдээж бэлэн мөнгөөр худалдан авах, хоёрдугаарт өвс тэжээл борлуулж байгаа аж ахуй нэгжүүд үнийн дүндээ мал мах авах эсвэл мал мах бэлтгэж байгаа аж ахуй нэгжүүдтэй гэрээлж ажиллах. Гуравдугаарт, 2017 оны ноос, арьс ширний урамшууллын дүндээ өвс тэжээл дүйцүүлэн авах гэх мэт. Ер нь бол борлуулалтын ихэнх хувь мал махаар байх болов уу.

-Газар тариалангийн салбарт яамнаасаа дэмжлэг ихээхэн өгдөг. Техникийн тусламж болон хөнгөлөлттэй зээл олгох, гаднаас үрийн буудай авах гэх мэтээр. Тариалан эрхлэлтийг дэмжих сан ажилладаг. Тэгсэн хэрнээ энэ жил гэхэд ургацынхаа 60 хувийг алдчихсан ОХУ-аас авч байна. ОХУ-аас үрийн буудай нэрэн дор чанарын шаардлага хангахгүй буудай оруулж ирдэг тухай яриа гарч байсан?

-Энэ жилийн ургац алдалт цэвэр байгалийн давагдашгүй хүчин зүйл цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас стратегийн бүтээгдэхүүн гурилын хангамж, үнийг тогтвортой байлгах, 2018 оны тариалалтад дутагдах үрийн буудайн нөөцийг бүрдүүлэхээр төрөөс бодлогоор зохицуулалт хийж “Үрийн буудай, хүнсний улаан буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл 15,5 хувиар татварыг бууруулж байгаагийн хэрээр хямд үнээр гурил, үрийн буудай орж ирэх ийм нөхцлийг бүрдүүлсэн гэсэн үг. Би бол энэ бодлогоос тариаланчид, ард түмэн, улс хожино гэж бодож байгаа шүү. Бизнесийн зорилгоор аж ахуй нэгжүүд гурил татваргүй оруулж ирээд зараад ашиг олоод байх боломж байхгүй. Жишээ нь, хүнсний улаан буудайн квотыг олгохдоо зөвхөн гурил үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд тодорхой шалгууртайгаар олгоно. Өнгөрсөн жилийн ургацаас авсан буудайн хэмжээ, мөнгө төгрөгөө цаг хугацаанд нь төлдөг эсэх, үйл ажиллагаа нь тогтвортой юу гэдгийг нь харна. Буудайн чанарын тухайд хяналтын байгууллага шат шатандаа хянадаг. Хилийн мэргэжлийн хяналт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрууд норм стандартынхаа дагуу хяналтаа тавиад хилээр нэвтрүүлдэг.

-Малын махыг гадагш гаргахыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Ерөнхий сайд сая “Мах маркет” ХХК-д очиж тус компанийн чадавхийг сайжруулахад анхаарна гэж хэлж байна лээ?

-Махны экспортыг нэмэгдүүлэх бүх боломжийг судалж тодорхой шийдвэрүүдийг гаргаж байна. 2016 оны тооллогоор мал сүрэг 61.5 сая толгойд хүрсэн. 27.8 сая хонь, 25.5 сая ямаа, 3.6 сая адуу, 4.0 сая үхэр, 400 мянган тэмээтэй. Дотоодын махны хэрэгцээ жилд 10-12 сая толгой мал, мах байна. Энэ хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй жилд есөн сая толгой мал, мах экспортлох нөөц байна. 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 21.5 мянган тонн мах ОХУ, БНХАУ, Казахстан, Япон, Иран, Катарт экспортолсон. Энэ тоог өнгөрсөн таван жилийнхтэй харьцуулахад махны экспорт тав дахин нэмэгдсэн байна. Мөнгөн дүнд шилжүүлэн үзвэл энэ онд 108 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүний экспорт хийгээд байгаа юм. Энэ дүн долоо дахин нэмэгдэх боломжтой гэсэн судалгааг манай яамнаас гаргасан. Энэ бол эдийн засгийн нөөц мөн. Ерөнхий сайд мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлынхаа хүрээнд дотоодын экспортлогч компаниудынхаа чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх бодлого барьж ажиллахыг үүрэг болгосон байгаа.

-Мал сайхан өсөөд 70 орчим саяд хүрчихлээ. Тиймээс хөдөө аж ахуйн салбарынхан хөөцөлдөөд жилд 15 сая хонь, ямаа экспортолж болно. Тэр мөнгөөрөө эдийн засгийнхаа хүнд нөхцөлийг шийдэж болно гэж та чуулган дээр хэлж, ярьж байсан?

-Үнэн шүү дээ. Нөөцөөрөө бол ийм боломж бүрэн дүүрэн бий. Малын эрүүл мэндийн асуудал хүндрэл учруулаад байгаа болохоос. Тийм л учраас малаа эрүүлжүүлье, тооноос чанарт шилжье, малынхаа ашиг шимээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гээд байгаа юм. Гадаад зах зээл бидэнд хангалттай байна.

-Таны томилгоотой холбоотой нэг яриа дуулдаж байсан. Таныг сайд болгох санал Ерөнхийлөгчөөс оруулсан гэж яригдаж, бичигдэж байсан. Сайд болох санал анх хэн, хэрхэн танд тавьсан юм бэ?

-Таны хаанаас ямар мэдээлэл авсныг би мэдэхгүй юм. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхээсээ өмнө салбар салбарын эрдэмтэн судлаачидтай санал солилцсон юм билээ. Намайг санал болгосон салбарын цөөнгүй хүн байсан гэж Ерөнхий сайд надад хэлсэн. Энэ нь миний сайных биш. Хувь тохиолоор ч гэх юмуу би энэ салбарын ойрын 10 жилд төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулахад оролцсон. Энэ баримт бичгийг ажил хэрэг болоосой гэж бодож явдаг хүмүүсийн дэмжлэг, даалгавар Ерөнхий сайдыг шийдвэр гаргахад нөлөөлсөн байх. Анх Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүнээр ажиллуулах санал тавихдаа салбарын хөгжлийг юу гэж харж байна вэ гэж асуусан. Би өөрийн итгэл үнэмшлээ л ярьсан.

-Тухайлбал юу гэж ярьсан бэ?

-Их урт яриа болсон доо. Товчхондоо Хөдөө аж ахуйн салбарт хувьсгал хийх ёстой тэр нь хөгжлийн хувьсгал гэсэн санаа.

-Таны эзэмшсэн үндсэн мэргэжил юу вэ. Салбар удирдахад цаашид ямар бодлого барьж ажиллана гэж үздэг вэ?

-Анх эзэмшсэн мэргэжил маань савхин эдлэлийн эсгүүрчин. Ажлын гараагаа жирийн ажилчнаас эхэлж байлаа. Дараа нь эдийн засгийн чиглэлээр сурсан. Нэг л тодорхой юм байгаа шүү дээ. Салбарын хөгжлийг яавал богино хугацаанд түргэтгэж улс орны эдийн засагт нэмэр тус болох вэ гэдэг. Үүний тулд өөрөөс шаардагдах бүх нөөц бололцоогоо шавхана. Зорилгоо өмнөө тавиад хариуцлагыг өндөржүүлж зоригтой шийдмэг алхмуудыг хийнэ. Энэ миний салбар удирдахад барьж ажиллах зарчим. Салбарын хөгжлийн чиг баримжаа бол тодорхой. Газар тариалангийн бүс нутаг нь тодорхой, газар тариалангийн бүс хот суурин газраа түшиглээд эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрээ сэргээсэн, гурван сая иргэнээ экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангасан, экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлнэ гэсэн чиг баримжаатайгаар бүх бодлогоо гаргаад хэрэгжүүлэхээр зорьж явна. Одоогоос 15 жилийн өмнө Монгол Улс 20 гаруй сая малтай, эрчимжсэн мал аж ахуй уналтад орсон, улаан буудай жилдээ зуун мянган тонн орчим хураадаг, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл зогсонги байдалд орсон гэхэд хилсдэхээргүй байсан. Сүүлийн 15 жилийн дотор манай салбар яаж хөгжиж байгааг статистикийн үзүүлэлт харуулж байна. Мал өсөж 66.6 сая боллоо, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангадаг болоод удаж байна. Эрчимжсэн мал аж ахуй яаж хөгжиж байна. Одоо бид экспортын тухай ярьж байна. Цаашдаа экспортын чиг баримжаатай, чанарт түшиглэсэн, өрсөлдөх чадвартай салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилго тавьчихсан явж байна.

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай уулзаж байгаагийнх малчдаа дэмжсэн ямар бодлого баримталж байгааг асууя. Малчид бүтээгдэхүүнээ хямд өртгөөр ченжүүдэд биш худалдан авагчдад шууд яаж хүргэх вэ?

-Малчдын талаар төрөөс баримтлах бодлогод тодорхой тусгасан зорилтууд бий. Тухайлбал, малчин хүнийг өөрийг нь хөгжүүлэх замаар малчин өрхийн ашиг, орлогыг нэмэгдүүлэн амьдралын түвшинг дээшлүүлэх, мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний бөөний болон биржийн худалдаа явуулах тогтолцоог бий болгож, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах жижиг, дунд үйлдвэр орон нутагт байгуулан ажиллуулж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт. Тодорхой байгаа бодлогоо хэрэгжүүлэхийн тулд төрөөс үзүүлэх бодлогын дэмжлэг, хууль эрхзүйн орчинг нь бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Миний зорьж хүсэж байгаа зүйл бол бодлогоо богино хугацаанд хэрэгжүүлэх боломжийг бий болгох. Өөрөөр хэлбэл хөгжлийн зөв суурийг бий болгох юм. Суурь нь зөв бодлого нь дэмжлэг болохуйц байвал бусад нь хөгжлийнхөө замаар зах зээлийнхээ хуулиар цаашаа явчихна. Асуудал ченж гэдэг хүндээ биш тогтолцоондоо байгаа юм. Түүхий эд бэлтгэлийн тогтолцоо нь бүрдээгүй дэлхий нийтээр мөрдөж байгаа стандарт гэдэг юмаас хол байгаа нь өрсөлдөөн үүсэх нөхцлийг бий болгохгүй байна. Үүн дээр бас л эрхзүйн зохицуулалт бодлогын томоохон шийдлүүд гарах ёстой.

-Малын хөлийн татвартай байх тухай яриа саяхнаас гарах болсон. Та татварыг авах ёстой гэдэгт санал нэг байна гэдгээ хэлсэн байсан?

-Малын хөлийн татвар заавал байх ёстой. Мэдээж бэлчээрийн даац, малын чанарыг зохист харьцаанд нь байлгах зохицуулалт хэдий боловч үр ашигтай байлгах талаас нь бодож үзэх ёстой. Хувь хэмжээнээсээ илүүтэй энэ татвараас хуримтлагдаж байгаа орлого эргээд малчдаа, мал аж ахуйгаа дэмждэг байхад л гол асуудал байгаа гэж би боддог. Эндээс цугларч байгаа хөрөнгөөрөө худаг усаа гаргадаг, дундын өвс тэжээлийн цэг байгуулдаг гэх зэргээр үр ашигтай байх үүрэгтэй байж сая үр дүн гарна. Одоо бидний өмнө өвөл, хаврыг яаж өнтэй давах вэ гэдэг цаг үеийн тулгамдсан асуудал байна. Энэ асуудал зөвхөн манай яам, Засгийн газрын асуудал биш ээ. Дор бүрнээ хариуцлагатай бие биенээ дэмжиж байж хүндрэлийг даван гарна. Тиймээс би салбарын сайдын хувьд иргэдээ, малчдаа нөөц бололцоогоо зөв тооцож боломжуудаа цаг алдалгүй ашиглаж учирч болзошгүй хүндрэлд бэлтгэлтэй байхыг уриалж байна. Өвлийг өнтэй сайхан давахын ерөөл тавья.


Categories
мэдээ цаг-үе

“Харанхуй хад”-ыг гэрэлтүүлсэн хайр сэтгэл

ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 111 ЖИЛИЙН ОЙД


Гучин хэдэн оны их хэлмэгдүүлэлтийн айдас түгшүүр нүүрлэсэн тэр харанхуй бурангуй нийгмийн манан будан дунд “Харанхуй хад” хэмээх сонгодог өгүүллэг юугаа бичиж, Эдгар По-гийн “Алтан цох”-ыг орчуулсан их зохиолч Нацагдорж маань монголчууд бидэнд оюуны их өв хөрөнгийг үлдээжээ. “Харанхуй хад” бол зүгээр нэг янаг амрагийн тухай өгүүлсэн адал явдал хөөцөлдсөн эмгэнэлтэй зохиол биш. Гадаадын том гүрний гар хөл болсон Дотоодын хамгаалах яамныхны нугалаа завхрал, хардлага сэрдэлтийн хар сүүдэр айл өрх бүрийг нөмөрч, эцэг эх нь үр хүүхдэдээ үнэнийг хэлж чадахаа байсан тэр үед Нацагдорж маань уран зохиолоор дамжуулан тухайн нийгмийн үнэн царайг ёгт утгаар ард түмэндээ ойлгуулахын тулд энэ зохиолыг бичсэн мэт санагддаг.

Манай авьяаслаг кино найруулагч Бямбаагийн Цогтбаярын бүтээлээс харахад тэр үед Нацагдоржид нөмөр түшиг болох хань нөхөд, хамгаалах хүмүүс цөөхөн байж. Нялх нойтон хүүхэдтэй харийн бүсгүйтэй амьдрах гэж зовж. Түүнд олигтойхон орон сууц байтугай сандал ширээ ч ховорхон байж. Төрөлхийн халгиж цалгисан их авьяастай тулдаа л зохиол бүтээлээ босон суун өвдгөн дээрээ, морин дэл дээр туурвиж явж. Урлаг, утга зохиолын найз нөхөд байсан ч тэд нь Нацагдоржид далдхануур атаархаж, өөрөөсөө илүү гарчих вий гэсэн атгаг санаа өвөрлөж явсныг бүдэг бадаг боловч кинондоо харуулахыг хичээжээ. Найруулагч киноны гол дүрийн жүжигчинг олж муугүй тоглуулж чадсан боловч тангад, хятад таван хэлтэй эрдэмтэн бүсгүй Пагмадуламын хайр сэтгэл, Нацагдоржийг аминаасаа ч илүү хайрласандаа амьтан хүний хар, цагаан хэл ам, атаархал, Дотоод яамны хавчлага мөрдлөгөөс аль болохоор холдуулж хөндийрүүлэхийн тулд, өөрөөр хэлбэл, Нацагдоржийг үхүүлэхгүйн тулд хайр сэтгэлээ золиослон салж явсан гэсэн санааг илүү тод томруун гаргасан сан бол тэр хоёр хүний нэгэн нууц ертөнцөд хөл тавьж болох байсан мэт.

Их баривчилгааны он жилүүд Дотоод яамны ногоон малгайтнууд авьяастай алдартай, эрдэмтэй, хөрөнгөтэй өндөр албан тушаалтай, царайлаг сайхан эхнэртэй хүмүүст, ер нь өөрөөсөө илүү хүнд дургүй байсан нь үнэн. Тийм ч учраас хүрээ, хороондоо гайхагдсан сайхан эхнэртэй олон хүмүүс амиа алдсан түүх буй. Түүний нэг нь алдарт жүжигчин Ичинхорлоотой гэр бүл болсон зохиолч Мөрдэндэвийн Ядамсүрэн. Уншихад зориулсан зохиол, тайз, дэлгэцийн нүдээр харж чихээр сонсох бүтээл хоёрыг адилтган найруулж болохгүй. Үүний жишээ бол М.Шолоховын “Хүний хувь заяа” өгүүллэг даруй мөн.

Иймд найруулагч Б.Цогтбаяр “Харанхуй хад” зохиолын зохиомжийг яг яс мөрдөх биш тэр өгүүллэгээс сэдэвлэн бодит, хийсвэр хийгээд бодол, зүүдний ертөнцийн зааг дээр энэхүү бүтээлийг дэлгэрүүлэн орчин цагийн чөлөөт сэтгэлгээний аргаар яльгүй модерн хэлбэрээр олон түмэнд толилуулсан бол уран сайхны хувьд сонгодог маягийн бүтээл болох байсан байж юуны магад гэж бодогддог юм. Гэвч үзэгч олон түмэн энэ киног ам сайтай талархан хүлээж авсан нь найруулагч Б.Цогтбаярын гавьяа, мэргэжлийн ур чадвар юм.

Уг киноны бэлтгэл ажил, зураг авалтын харууштай олон сайхан кадр, олзуурхууштай зүйл олон байсныг хэлэх хэрэгтэй. Би киног үзэж суухдаа найруулагч, Нацагдоржийн намтар түүхтэй холбоотой ямар шинэ сэргэг нээлт хийж, ямар уран тод шигтгээ үзүүлж ямар сюрприз барих бол гэж хүлээснээ эдүгээ нуух юун. Киноны зохиолч үгүйлэгдэж байгаа нь уг бүтээлийн юм юман дээр мэдрэгдэж байлаа. Дотоод сэтгэлээ гаргаж, олон түмэндээ зовлон жаргалаа хувааж дүр бүтээдэг жүжигчин үгүйлэгдэж байнам биш үү. Гитлер нь байвал Геббельс нь би болъё гэж Дашбалбар олон жилийн тэртээ хэлж байсан. Түүн шиг зохиол нь байвал найруулагч нь байна гэдгээ манай Цогтбаяр “Харанхуй хад” киногоороо харуулсан.

Би урлаг, утга зохиолын томчуулын гар хурууны үзүүрт зарагдан тэдний элдэв засваргүй үнэн үг, үүх түүхийг сонсч явсан хүний нэг. Их зохиолч Нацагдоржийг архинд хордож үхсэн бус өөрийн танил хүнийхээ гарт хорлогдож нас барсан тухай худлаа хэлэхгүй хэд хэдэн хүний амнаас нэг бус удаа сонссон юм байна. Пагмадулам ч гэсэн хар тамхинд толгойгоо мэдүүлсэн гэдэг нь худлаа болохыг Нацагдорж судлаачид, эрдэмтэн мэргэд тогтоосон. Мөнгөний бус, мөнхийн бүтээл туурвихын төлөө эрүүл мэнд, эдийн засгаа хайрлалгүй зүтгэж яваа эрхэм найруулагч Б.Цогтбаярын монгол сэтгэлгээ, эх орон газар шороогоо гэсэн элэг зүрх дэлхийн дэвжээнд улс орныхоо алдрыг дуудуулах өдөр ирнэ гэдэгт итгэнэ.

Гадаад орнуудад Нацагдоржийн зохиол бүтээлийг төгс төгөлдөр орчуулах хэл, ойлгуулах ахуй, сэтгэхүй хоёр байхгүй учраас нүүдэлчдийн соёл, иргэншлийг суурин иргэдэд ойртуулах нь бараг боломжгүй, бүтэшгүй зүйл байсан цаг бий. Үүнийг харин Б.Цогтбаяр нарын цөөн найруулагчид л хийж юуны магад хэмээн горьдох юм. Миний найз яруу найрагч “хар” Гантөмөр архи дарс ууж халамцаж согтсон үедээ “Намайг байтугай Нацагдоржийгоо гомдоож үхүүлсэн заяа ч үгүй төр засаг” гэж хэнд ч юм бэ хааяа гомдлын үг хаядаг байсан сан.

“Учиртай гурван толгой” жүжгийн цомнол шүлгийг бичүүлэх гэж Нацагдоржийн хойноос хормойдох нь холгүй даган гүйж явсан найруулагч Намдаг гуай “Бөмбөгөр ногоон” хэмээх театрт дуурийнхаа анхны нээлтийн тоглолтыг хийхдээ хамгийн түрүүн урин авчирч хүндэтгэлийн сэнтийд залах ёстой байсан зохиолчоо урихаа мартсан нь тухайн цаг үеийн үнэлэмж, улс төрийн учир шалтгаан ч байсныг үгүйсгэх аргагүй. Төрийн сайд дарга нар урлаг, соёлын томчуул хүрэлцэн ирсэн тэр тоглолт дээр олон түмнээс талархал магтаал сонсч алдар авьяасаа бусадтай хуваалцахыг хүсээгүй найруулагчийн дотор санаа ч байсан байхыг үгүйсгэх аргагүй. Үүнийг найруулагч Б.Цогтбаяр соргогоор олж харан Нацагдорж мөнөөх тоглолтонд гаднаас тасалбар худалдан авч орж ирснээр ёжлон үзүүлсэн нь Намдаг гуайн өмнөөс үзэгчдийн нүүр халмаар энгийн юм шиг хэрнээ уран тод шигтгээ болсон мэт.

Мөн улаан бүчтэй пионер сурагчид “Бүхий олон багачууд” дууг дуулан жагсаж явахад яг мөр дээр нь тэр дууг зохиосон их зохиолч маань газар олж гишгэхгүй, тэнгэр олж харахгүй болтлоо согтууран хашаа түшин ганхаж зогсох нь үзэгч олонд үлгэр жишээ, ёс суртахуунгүй мэт харагдавч ард түмнээ соён гэгээрүүлэгч сор болсон сэхээтнүүдээ төр засаг нь хавчин гадуурхаж гудамжинд хөөж гаргасан тэр эмгэнэлтэй цаг үеийг найруулагч ийм эрс тэс реакцитай харуулсан нь урьд өмнө төдийлөн олон үзэгдээгүй сонирхолтой, алдаатай юм шиг хэрнээ олзуурхууштай эгэл амьдралын үнэн бөгөөд сонин шийдэл болжээ.

Нацагдорж “Харанхуй хад”-ын газар өдөржин шөнөжин төөрч тэнээд нэгэн цагийн амраг бүсгүйтэйгээ уулзаж чадаагүй ч хэрвээ би Б.Цогтбаярын оронд найруулагч байсансан бол Нацагдоржийг хээр хонуулан зүүд нойронд нь хонгорхон Нинатай нь уулзуулах байсан юм.Уулзуулахаар барахгүй “Харанхуй хад” киноны жинхэнэ гол үйл явдлын ихээхэн хэсэг эндээс эхлэх байсан юм. Хээр хөдөө морио чөдөрлөж тавиад архиар хучлага хийж согтуу унтаж буй зохиолч дээр хос моринд англи хийцийн нумтай хөнгөн тэрэг хөллөсөн Нина бараа бологсдынхоо хамт давхиж ирнэ. Ертөнцийн хоёр туйлд он удаан жил хоёр биеийг мөрөөдсөн хоёр амраг залуугийн тэрхүү гайхамшигтай учрал үгээр дүрслэхийн аргагүй гоё кадр болох нь ойлгомжтой. Бүсгүй хайртай хүнийхээ нүд рүү эргэж буцалтгүй шийдвэртэй харцаар ширтэн “Монгол шиг ийм хоцрогдсон харанхуй бүдүүлэг жижигхэн улсад чам шиг гэгээрсэн том сэхээтэн амьдрах орон зай байхгүй. Одоо би чамайг нутаг руугаа аваад явна. Би чамаас хэзээ ч салахгүй. Чи бид хоёр дахин амьд мэнд уулзаж чадаа ч билүү, үгүй ч билүү. Алив одоо тэргэнд суу! Явъя” гэхэд Нацагдорж “Би чамдаа хязгааргүй хайртай ч эх орон, газар шороогоо орхиод явж чадахгүй. Үүний оронд үхсэн маань ч хавьгүй дээр”. Кино цаашаа ийнхүү үргэлжлэх байсан болов уу…

“Харанхуй хад” бол уран зохиолч хүнийг өдөр бүр сэрээж, гадаад их далайн дундаас хүний хөл хүрээгүй арал, хүйс хайх лугаа адил зохиол бүтээлдээ үргэлж шинэ шинэ нээлт хийж, өөрийгөө болон бусдыг давтахгүй байхын гэгээн алс руу дуудаж байдаг зохиол мөнөөсөө мөн билээ. Нэг үгээр хэлбэл хүмүүний уураг тархины болоод газрын татах хүчнээс тасарсан олон хувилбараар тайлбарлаж болохоос сэтгэл зүйн драм, ганц хүний жүжиг гэж хэлж болно. Жархан минутын кинонд Нацагдоржийн бүхэл бүтэн амьдралыг багтааж болохгүй ч Пагмадулам киноны кадраас дэндүү эрт алга болов.Тэр Нацагдоржоос тодорхой шалтгаанаар салж өөр хүний эхнэр болсон ч түүнээс сэтгэл зүрхээ буцааж аваагүй болохыг харуулах байсан юм. Тэр цагт Нацагдоржтой өрсөлдөхүйц төрөлхийн авьяас мэдрэмжтэй бичгийн мэргэд олонгүй байсан ч түүнд атаархагчид цөөнгүй байжээ. Архи уух болгондоо ирж гэр орныг нь түйвээдэг их зохиолчийг зоддог олны танил тийм нэг танхай, хулигаан хүн байсан тухай хуучны том сэхээтнүүд ам дамжуулан ярьдаг байсныг би нэг бус удаа сонссон. Хамгийн харамсалтай нь амьдралынх нь сүүлчийн жилүүдэд Нацагдоржийг өмгөөлж, хамгаалах хүн байсангүй гэдэг нь тодорхой харагддаг. Хөдөөний нэг дархан өвгөн АН-2 буюу царцаа ногоон онгоцыг анх үзчихээд “Хийхийн хувьд бол дажгүй хийчихэж, өө хэлбэл хадаасыг нь дэндүү олдуулчихаж” гэж хэлсэн гэдэг шиг би Б.Цогтбаярыг шүүмжлэх л гэж шүүмжилж байгаагаас биш “Харанхуй хад” өнөө цагийн өнгөн дээр бусдаас ялгарахуйц сонин содон тавилттай өвөрмөц сонирхолтой зохиомжтой, үзэгчдэд өгөөжтэй, монгол хүн бүхний зүрхний галыг бадраасан сонгодог хийцтэй бүтээл болж чаджээ.

Ихэнх уран бүтээлчид маань арав таван төгрөг, аяга хоолны эрэлд хатан “халтуур” хийж яваа өнөө цагт өөрийнхөө сэтгэл зүрхний дуудлагаар “Богд хаан”, “Харанхуй хад” зэрэг сонгодог шийдэлтэй томоохон хэмжээний бүтээл хийсэн кино найруулагч өнөөдөр Монголд Цогтбаяраас өөр бараг алга гэж хэлэхэд хилсдүүлэг болохгүй биз. Б.Цогтбаяр бол кино хэмээх эхлэл төгсгөлгүй далайд эрэл хайгуул хийж яваа хөлөг онгоцны залуухан ахмад. Гадаад далайд аялах Монголын далбаатай тэр гурван шурагтай хөлөг онгоцон дээр Нарангэрэлт түмэн наст Богд гэгээн, Их Нацагдорж тэргүүтэн залран дэлхий ертөнцийг халиан харж, уран бүтээлийн эрэл хайгуул хийж явна. Нацагдорж, авгай хүүхдээсээ хагацан ажил албанаасаа халагдан улс төрийн хэрэгт сэрдэгдэн сэтгэлийн тэнцвэрээ алдсан боловч угаасаа гэрийн болон Германд боловсрол эзэмшсэн төв эрхэмсэг сэхээтэн элит байсан учраас хэзээ ч ухаан, малгай хоёроо гээтэл архидан согтуурч байгаагүй тухай Баатар ван Наваан-Юндэн гуай тэргүүтэй олон хүмүүс бичиж үлдээсэн байдаг. Монголын шинэ цагийн уран зохиолыг үндэслэгч тэр гайхамшигтай хүн Монголын уран зохиол туурвил зүйд төдийгүй нийгмийн сэтгэлгээ, хүмүүсийн сэтгэл зүйд шинэчлэл хийж чадсан юм. Түүний үргэлжлэл болсон үе үеийн зохиолчид өнөөдөр ч гэсэн их Нацагдоржоосоо суралцсаар байгаа нь бодит үнэн буюу. Нацагдоржийн “Харанхуй хад” хэмээх тэр хэдхэн хуудас богино өгүүллэгт кино жүжиг, дуурь, дуу хөгжим, зураг дүрслэл, бүжиг жүжгийн бүх элемент ая эгшиг, манер, агаар амьсгал бий. Харин түүнийг тэр бүр тэмтэрч мэдэрч чаддаг авьяастан тийм ч олонгүй байж мэдэх юм. Гэвч энэ бүхнийг найруулагч Б.Цогтбаяр муугүй уншиж чадсан нь түүний бүтээлээс тод харагддаг. Алив зохиол, кино, жүжгийн эхлэлээс төгсгөлийг нь төгс төгөлдөр бодож олох нь илүү түвэгтэй, адармаатай байдаг. Морин тэргээр хаанаас ч юм бэ ертөнцийн хязгаараас давхин ирсэн Нина хээр хөдөө тэр их хад асга, зүг чиггүй цонж чулуун дунд согтуу унтаж байгаа Нацагдоржийг сэрээн элдвээр ятган байж тэргэндээ суулган авч одоход чөдрийг нь авч сул тавьсан морь нь хойноос нь дагалгүй араас нь харан үлдэнэ. Киноны төгсгөл хэсэгт зүүд, бодит амьдрал хоёр хоорондоо сүлэлдэн уусч Ниначка нэгэн гоё улаан алчуурыг Нацагдоржийн хүзүүнд уяж өгөх бөгөөд хөдөө хээр ганцаараа нойрноос сэрэхэд нь тэр алчуур нь хүзүүнд нь зангидаастай хэвээр байх нь үүнийг үзэгчид өөрсдийн итгэл үнэмшил, дээд мэдэрхүйгээрээ тайлж унших ёстой уран сайхны гэнэтийн бэлэг болох байсан болов уу.Нацагдоржийг нойрноос сэрэхэд дэргэд нь хэзээ хэн ирж асаасныг мэдэхгүй нэгэн бяцхан түүдэг гал дүрэлзэн байх бөгөөд их зохиолчийн зургаа дахь долоо дахь мэдэрхүйгээр бичигдсэн зөн совингийн зохиол гэдэг нь энэ мэт ер бусын зохиомжоороо үзэгчдэд илүүтэй ойлгогдоно. “Харанхуй хад”-ыг гэрэлтүүлсэн хайр сэтгэлийн дуулийг бүтээж Их Нацагдоржийн амьд гэгээн дүртэй үзэгч олон түмэн та биднийгээ уулзуулсан авьяаслаг кино найруулагч Б.Цогтбаяртаа баяр хүргэе.

Ардын уран зохиолч Балжирын Догмид

Categories
мэдээ цаг-үе

Б.Гүнбилэг: Цаазын ялыг сэргээх нь олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлнө

Image result for Б.Гүнбилэг

Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хүргүүлээд байна. Таны бодлоор цаазын ялыг сэргээх нь хэр нүдээ олсон шийдвэр гэж бодож байгаа вэ?

-Цаазын ялыг сэргээж болно, болохгүй гэж ярихаас урьтаж эрх зүйг нь яаж зохицуулах вэ гэдгийг нь харах ёстой. 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулинд цаазын ялыг бүр мөсөн хассан. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн идэвх, санаачилгаар цаазын ялыг халахаар болсон. Учир нь 1966 оны цаазын ялыг халах Иргэний ба улстөрийн эрхийн фактын II протоколд манай улс нэгдэж орсон. Ингэснээр Монгол Улс цаазын ялыг халах тухай хууль гаргасан юм. Өөрөөр хэлбэл, Олон улсын олон талт гэрээнд нэгдэж орсон гэсэн үг. Энэхүү гэрээгээр зохицуулагддаг Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийг 1969 онд байгуулсан байдаг. Тус гэрээний 26 дугаар зүйлд “Pacta sund servan­da” гэсэн зарчим бий. Энэ зарчимд “Хүчин төгөлдөр гэрээг түүний оролцогчид заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээг шударга сайн санаагаар хэрэгжүүлэх ёстой” гэсэн байгаа. Мөн 27 дугаар зүйлд “Оролцогч нь гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтаас иш татах ёсгүй” гэсэн байдаг. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хууль бол дотоодын эрх зүй шүү дээ. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт цаазаар авч болохоор мэт уншигддаг. Энэ хэсэгт “Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэсэн байгаа юм. Тэгэхээр Эрүүгийн хуульд заасан онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял байж болох юм байна гэсэн санаа байгаад байна л даа.

-Тэгэхээр яах ёстой гэсэн үг вэ?

-Үүнээс дүгнэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ хоёрын аль нь илүү хүчин чадалтай вэ гэсэн энгийн асуулт гарч ирнэ. Энэ асуулт дээр олон улсын эрх зүйч, эрдэмтэн судлаачид хоёр өөр байр суурьтай байдаг. Нэг хэсэг нь “Үндэсний эрх зүй давуу. Тусгаар тогтносон улс дотроо юу хийх нь хамаагүй” гэдэг. Нөгөө талаас Олон улсын гэрээ давуу байх ёстой гэсэн Венийн конвенц 1969 онд байгуулагдчихсан. Иймд Улсын их хурлаас Монгол Улс ганцаараа оршин тогтнож, өөрийнхөө онцлогийг хадгалж шийднэ гэж үзэх юм бол цаазаар авах ялыг сэргээж болох байх. Гэхдээ энэ нь гадагшаагаа хандсан буюу олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс олон улсын эсвэл дотоодын эрх зүй давуу хүчинтэй гэж хоёр туйл руу зүтгэхгүйгээр зөв тэнцвэрийг олох хэрэгтэй.

Би тус протоколд нэгдэхээс өмнө “Монгол Улс цаазаар авах ялыг халах энэхүү протоколд нэгдэх цаг болоогүй. Тийм учраас энэ шийдвэрээ болиочээ” гэж цөөнгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Тухайн үед парламент ч тэр, Монгол Улсын Ерөнхийлөгч ч тэр тоогоогүй. Яахав 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Цаазаар авах ял нь хүнлэг бус юм” гэж үзэн Олон улсын байгууллагууд, маш олон хүний дэмжлэгтэйгээр энэ протоколд элсчихсэн юм.

Ер нь бол цаазаар авах ялыг заавал дээрх протоколд нэгдсэнээр бус тухайн улс бодлогоороо шийдэх боломж бий. Жишээ нь цаазаар авах ял нь хэвээр байх боловч тухайн улсын ерөнхийлөгч нь уучлал үзүүлж хорих ялаар солих боломж байдаг. Зүйл заалтыг нь хадгалдаг хэрнээ хэрэглэдэггүй гэсэн үг. Сүүлийн 15-20 жил хэрэглээгүй улсууд байна. Хуулинд нь байж л байдаг. Шүүх нь ялаа өгөхдөө өгнө. Харин ялыг нь хорих ялаар сольчихдог. Улсын бодлого байгаад байна шүү дээ. Үнэхээр нийгмийг цочроосон, жигшүүрт хэрэг гарах юм бол өнөөх ялаа хэрэгжүүлчих нь байна.

-Хэрэв бид цаазын ялаа сэргээчих юм бол олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлнө гэсэн үг үү?

-Бид цаазын ялаа эрүүгийн хуулиндаа сэргээчих юм бол цаашид олон улсын харилцаанд багагүй төвөг учирна. Иргэний ба улс төрийн факт бол НҮБ-аас гаргасан факт шүү дээ. Дээр дурдсан “Pacta sund servanda” гэх зарчмын гол үндэс нь нэгэнт олон улсын гэрээнд гарын үсэг зураад орсон бол дотоодын хууль тогтоомжоороо түрүү барьж энэхүү зарчим, үүргээсээ битгий татгалзаачээ гэсэн санаа байдаг. Ерөнхийдөө гар барьж хэлцэл хийхээсээ өмнө бүх зүйлээ шийдэж, бодоочээ гэсэн үг. Бодохгүй шийдсний улмаас өнөөдрийн энэ хүндрэл гарч байгаа юм. Гэхдээ бид 2012 онд нэгэнт гарын үсэг зурчихсан. Дээрх протоколд нэгдэж ороод хууль гаргачихсан. Одоо бид татгалзах юм бол эдийн засгийн харилцаа, зээл тусламж зэрэг зүйлүүд дээр олон улсад нэр хүндгүй болно. Тэгэхээр өөрчлөлт хийхэд цаг нь оройтсон гэж судлаач хүний хувьд бодож байна.

-Цаазын ялыг сэргээх хүсэлтэй нэг хэсэг байхад онц ноцтой гэмт хэрэг улам гаарах юм бишүү гэж харж байгаа хүмүүс ч байна. Энэ тухайд?

-Энэ асуудлыг 30, 40 жил ярьж байгаа. Үүнийг аль ч талаас нь ярьж болно. Нэг тал нь цаазын ялыг сэргээснээр хилс хэрэгт гүтгэх аюул тулгарах магадлалтай. Нөгөө талаас нийгэмд байгаа засрашгүй, хүнлэг бус хүмүүсийг өршөөлгүйгээр цаазаар авч бусдад нь харуулах ёстой гэдэг. Зарим хэсэг нь гэмт хэрэгтнийг хүнд нөхцөлд хоривол цаазаар авахаас илүү тарчлаадаг ч гэх нь бий. Өөрөөр хэлбэл тарчлаах гэдэг нь хүмүүст их хүрээд байна шүү дээ. Энэ мэт мянга, мянган үндэслэл гаргаж ирээд тоочиж болно. Гэхдээ мэтгэлцэх цаг маань 2012 онд өнгөрчихсөн.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэхийн окоов

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Америкийн Ерөнхийлөг­чийн ярианы гол сэдэв нь Хойд Солонгос. Удирдагчтай нь твиттэрээр байнга хэрэлдээстэй. Элдэв нэр хоч өгнө, заналхийлнэ. Цаадах нь зүгээр байхгүй цаг алдалгүй хариуг нь барина. Бөөн шоу. Хоёр тал биенээ гол дайснаараа тодрууллаа. Дагаад мэдээллийн хэрэгсэл энэ сэдвээр бараг дагнах болов. Саяхан Хойд Солонго­сын газар зүйн байрлалыг асуух асуулга зохиожээ. Америкчуудын ихэнх нь энэ гол дайснаа манай бөмбөрцгийн хаана байдгийг мэддэггүй аж. Зарим нь бүр Антарктидэд байдаг гэсэн бол, Номхон далайн жижиг арлыг заасан хүн ч гарсан. Гэтэл тавиад оны үед америкчууд Солонгосын хойгт байлдаж олон арван мянган хүнээ алдсан шүү дээ.

Дундаж америк хүний газар зүйн мэдлэг үнэхээр дорой юм билээ. Зочид буудалд буух гээд бүртгүүлэхэд паспорт үзээд “Энэ Монгол гэдэг нь хотын нэр үү, эсвэл гудамж уу” гэж асууж байсан. Том буудлын менежер шүү дээ. Манай нэг оюутан ярьсан: сагс тоглодог хэдэн найзтай болж жилжингээ нөхөрлөжээ. Эхлээд л Монголоос ирсэн гэсэн чинь өнөөдүүл нь “аан” гээд л өнгөрч. Жилийн дараа тэд мань хүний суудаг хотыг асуужээ. “Би 10 мянган бээрийн холоос ирж сурч байна” гэсэн чинь “Танай тэнд тэгээд сургууль байдаггүй юм уу?” хэмээн гайхацгаах нь тэр. Нэртэй сургуулийн оюутнууд шүү дээ. “Дэлхийн хамгийн том улсуудыг нэрлээдэх” гэхээр “Мэдээж АНУ, дараа нь Техас, тэгээд Орос, Япон хоёрын нэг нь байх” гэж наасан тухай ч нэг нь ярьж байсан. Ерөнхийлөгч Буш Словенийн удирдагчидтай уулзаад “саяхан танай Ерөнхийлөгчтэй сайхан уулзалт хийсэн” гээд байсан нь Словак гэсэн шал ондоо улсыг хольж хутган шараа болж буй нь тэр.

Харин япончууд, европчууд нийтээрээ газар зүйн мэдлэг маш сайтай. Манай боловсролын тогтолцоо тийм ч гойд биш л дээ, гэхдээ газар зүйн мэдлэгийг маш сайн өгдөг байжээ гэж эргээд санахаар бодогддог юм. Дөрөвдүгээр ангийн Түмэн бодис хэмээх хичээлээр салхи хэрхэн үүсдэг, яагаад бороо ордгийг сайтар ойлгуулж чадаагүй мөртөө дэлхийн бөмбөрцгийн хаана нь ямар улс гүрэн байдгийг жигд мэдүүлдэг байв. Энэ нь үзүүлэн материал хангалттай байгаагүйтэй холбоотой байх. Гэхдээ анги болгонд Дэлхийн улстөрийн газрын зураг өлгөөтэй байх. Таван тив, дөрвөн далай гээд л эхэлнэ. Хүүхдүүд газрын зураг дээр сайн дураараа багшаасаа хавьгүй илүү ажиллана. Санахаас анги болгонд л завсарлагаанаар газрын зураг дээрх улс хот гол мөрнийг таах, түрүүлж хэлэх уралдаан болдогсон. Энэ тэмцээнд оролцогч хүүхдүүдийн газар зүйн мэдлэг сурлагаас нь үл хамаарна. Гэхдээ газрын зураг орос хэл дээр байх учир нэр усыг янз бүрийн дуудлагаар хэлнэ. Тэглээ ч дэлхийн бүх улсын нийслэлийг цээжээрээ хэлдэг хүүхэд ховор байгаагүй юм шүү.

Албан хонтоор Монголоор дүүрэн. Улс төрийн товчооныхны зураг мэдээж бөөнөөрөө дүүжлээтэй. Гэхдээ даргын зэрэг зиндааг харуулах гол гоёл нь “Политическая карта мира” гэсэн маш том зураг өлгөөтэй. Хонтоорын гол гоёл чимэглэл байсан юм болов уу даа. Дөрвөн хэсгээс бүрддэг тэр зургийг нямбайлан залгаад паниаран дээр наан жаазалсан байвал тэгээд л хадандаа гарч буй нь тэр. Томоохон дарга нарын эл зургийн наана укаасаг гэх урт заагуур мод байх нь элбэг. “Үнэн” сонинд “Америкийн империалистууд Грэнада улсад довтлов” гэхэд л сургуулийн хүүхдээс эхлээд том оврын дарга хүртэл газрын зургаас нүдэнд үл үзэгдэх шахам Грэнада арлыг эргэлзээгүй шууд л олж заана.

Дээр үед би “Тэхийн окоов Чойжко” гэж нэлээд настай хүн таньдаг байв. “Тэхийн окоов” гэх энэ этгээд хочоо бусдад тайлбарлах дуртай нэгэн. Дөчөөд оны үед бага сургуульд байхдаа самбарын өмнө асуугджээ. Дөрвөн далайг нэрлэх ялд унаж. Гурвыг нь хэлчихээд нэгийг нь бардаггүй. Багш уурлан энэ байна хэмээн Номхон далайг укаасагдаад лавлахад тэрээр газрын зураг руу баахан ширтэж байснаа “Тихий океан” гэдгийг Тэхийн окоов гэх уншин бөөн инээдэм болсон гэж. Нэрт эрдэмтэн Шагж дэлхий бөөрөнхий гэж ярихаар итгэдэггүйгээр барахгүй өөрөөр нь даажигнаж байна хэмээн ууралдаг ч газрын зургаас далай тив улс орныг сайн мэддэг байсан тухай Дамдинсүрэн гуай дурссан нь бий.

Монгол Улсын хилийг нарийвчлан тогтооход хэдэн үеийн турш тэмдэглэн хадгалагдсан хошуу, аймгийн газрын зургийг ашиглан маргаангүй шийдсэн гэх талаар Цэдэн-Иш гуайн дурссан ном ч бий. Зөвлөлтийн цэргийнхний ашиглаж байсан 500 мянгын, тэр байтугай 250 мянгын масштабтай асар том “БНМАУ-ын газрын зураг” 1990 оноос ил болж өдгөө энд тэндэхийн хонтоорт үзэгдэх болжээ. Сүүлийн үед сансрын зураг их моод болсноор газрын зургийг уул устай нь зам харгуйтай нь ялган харах сайхан бололцоо нээгдлээ. Геологич Гарамжав гуайн яриагаар Оюутолгойг анх нээсэн хүн нь сансрын нисгэгч Гүррагчаа гуай гэнэ. Тэрийгээ өөрөө мэдээгүй л дээ. Гэхдээ тэр Монгол орны сансрын зургийг анх авчиржээ. Гэтэл Өмнөговийн нутагт асар том хуйларлын дүрс байгаа нь ажиглагджээ. Ийм хуйлрал дороо асар их баялаг агуулдаг болох нь геологийн ухаанд мэдэгдэж байсан хэрэг.

“Аанхаан” маягийн асуулт хариултын уралдааныг зурагтаар хараад сууж байхад өнөөгийн сурагч оюутнуудын газар зүйн мэдлэг ерөнхийдөө дундаж америкчуудынхтай адил болчихсон юмуу даа! Шалгарсан тэргүүний оюутан ч “Сайн итгэлтийн хошуу”, “Франц Иосифын газар”, ”Тасманы арал”, “Галт газар” гэх мэтийн асуултад өнхрөөд л өгөх бололтой.

Английн Коллинз хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Дэлхийн улстөрийн газрын зураг”-ийг мөнөөхөн НЭПКО хэвлэлийн газраас 1,5 х 2,4 метрийн хэмжээтэйгээр монгол хэлээр хэвлэн гаргалаа. Урьдны дээр өгүүлсэн орос зургийг бодвол эвлүүлж наах шаардлагагүй нэг цулаас гадна “Өмнөд Судан” хэмээх саяхан шинээр буй болсон улсыг багтаасан, бүх нэршил нь монгол хэлээр. Мэдээж энэ хэмжээ нь айлд биш хонтоорт зориулсан аварга эд. Айл гэрт бол 1 х 1,4 метрийн хавтгайтай жижиг хувилбар нь бий. Мөн 500 мянгын масштабтай Монгол орны сансрын зургийг (1,5м х 2,7 м) бүх аймгийн хил сумдын нэртэйгээр хэвлэлээ. Үүнийг Германы Бэртэлманн хэвлэлийн газраар дамжуулан сансрын зураг авдаг “Жоай” хэмээх алдартай компанид захиалан албан ёсны эрхтэйгээр худалдан авсан юм.

Гол нь хэдэн газрын зураг хэвлүүлчихээд энд тэнд шахах, борлуулахыг чухалчлаад байгаа юм бишээ. Хүмүүс, ялангуяа залуус, оюутан сурагчид газарзүйн мэдлэгээрээ америкчуудаас дээш гарч, түрүү үеийн ахмадуудынхаа хэмжээнд очоосой л гээд байгаа юм. Агнуурын тэнгис гэдэггүй юм байна, энэ нь тунгус хэлний “охот” буюу мөрөн гэсэн үг учир Охот тэнгис аж, Нигер, Нигериа хоёр чинь тусдаа өөр улс юм байна, Шанрила гэдэг чинь Хятадын асар том нурууны нэр юм байнашдээ, Зааны ясан эрэг улсын жинхэнэ нэр нь Кот дивуар, учир нь улсын нэрийг орчуулж хэрэглэх нь муухай, Владивосток, Тавантолгой хоёр яг нэг өргөрөг дээр байрладаг гэх мэт. Туршлагаас харахад мэргэжлийн бус хүн газар зүйн мэдлэгийг сургуулиас гэхээсээ газрын зурагтай ойр байж олж авдаг юм билээ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д Баабар “Тэхийн окоов” хэмээн өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Хятад руу, УИХ-ын дарга Европын орнуудаар айлчилна хэмээн ярьжээ.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Оюу толгой манай эдийн засгийг өсгөж тэлсэн ч Монголын хөгжилд садаа болсон хэмээн ярьсаныг мөн энэ нүүрээс хүлээн авна уу.

Хотын дарга С.Батболд: 2018 онд илүү олон кран ажиллаж, тэр хэрээр ажлын байр нэмэгдэнэ хэмээн ярьсаныг “Өдрийн сонин”-оос хүлээн авна уу.

“Баримт, үзэл бодол” нүүрт Баабар “Тэхийн окоов” хэмээн өгүүлжээ. Иргэдийн газарзүйн мэдлэг, газрын зурагны тухай сонирхолтой нийтлэл байна лээ. Агнуурын тэнгис гэдэггүй юм байна. Энэ нь тунгус хэлний охот буюу мөрөн гэсэн үг учир Охот тэнгис аж. Нигер, Нигериа хоёр чинь тусдаа өөр улс гэнэ шүү.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Зээлийн хүү бууруулах мөнхийн хүлээлт дээр улстөрийн тоглолт явагдаж байна хэмээн ярьжээ. Энэ тухай “Улс төр” нүүрээс хүлээн авна уу.

“Дэлхийн мэдээ” Гүржийн ерөнхийлөгч асан М.Саакашвили дээврээс үсэрнэ хэмээн сүрдүүлсэн тухай онцолжэ. Тэрбээр “Шинэ хүчний хөдөлгөөн”-ий удирдагч юм байна.

“Дуулианы эргэн тойронд” буланд Сумогийн ертөнцийн дуулиан буюу монголчууд хэмээн “Өдрийн сонин”-ы Японд дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг бичжээ.

Зохиолч, нийтлэлч Ж.Наранатай хийсэн ярилцлагыг “Өөрөөс нь” булангаас уншаарай. Тэрбээр фэйсбүүкт олон дагагчтай бөгөөд уншигчдын хүсэлтээр постуудаа эмхэтгэн “Миний л бодлууд” цуврал ном бичсэн байна. Ж.Нарана “Сэхээрээч” гэжээ.

“Эдийн засаг” нүүрт Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд: Мөнгөний үнэ цэнийг төр биш зах зээл тодорхойлно хэмээн ярьжээ.

Таван буудалд орших “Арви” супермаркетын бараанууд нь гишүүний, ердийн гэсэн хоёр сонголттой гэнэ. Энд гишүүнчлэлийн карттай бол бараагаа зах зээлийн үнээс ч хямд авах ажээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Цензургүй сурвалжлага”, “Цензургүй яриа” нэвтрүүлэг бэлтгэж, Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө т ө р х и й г т о д о р х о й л ж б а й г аа сэ т г ү үлч Л.Мөнхбаясгалантай ярилцжээ. Л.Мөнхбаясгалан: Надад албан тушаал биш хэвлэлийн эрх чөлөө л хэрэгтэй гэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ