Categories
мэдээ нийгэм

​БНСУ “харласан” иргэдийг ажиллуулсан үйлдвэрийн дансыг хаана

Image result for БНСУБНСУ-д хууль бусаар амьдарч ажиллаж буй гадаадын иргэдийг албадан гаргах болсон тухай тус улсын Гадаадын харьяат эрхэлсэн газраас мэдээллээ. Эдгээр иргэд өөрсдийгөө илчилж нутаг буцах эсвэл БНСУ-ын газар нутгыг орхин гарах шаардлага тавьж эхэлжээ.

Мөн хараар ажиллаж буй гадаад иргэнийг барьж өгсөн хүнд шагнал амласан бөгөөд хууль бусаар амьдарч буй гадаад хүнийг ажиллуулсан үйлдвэрийг торгож үйл ажиллагааг нь зогсоож дансын хаах талаар ярьж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЗҮЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ СЭДЭВТ ЗАЙН СУРГАЛТ БОЛЛОО

Улсын III Төв Эмнэлгийн Зүрхний төв нь улсын хэмжээнд зүрх судасны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд энэ чиглэлээр бусад шатлалын болон эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх, оношилгоо, эмчилгээний талаарх мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлж чадавхижуулах сургалт зохион байгуулах үүрэг хүлээн ажилладаг билээ.

Энэхүү үүргийхээ хүрээнд тус эмнэлэг нийслэлийн дүүрэг болон орон нутгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэгүүдэд ажиллаж байгаа зүрх судас, мэс засал болон дүрс оношилгооны эмч мэргэжилтнүүдэд судасны эмгэгийг эрт илрүүлэн оношлох арга зүй, орчин үеийн мэс засал эмчилгээний менежмент, эмийн болон мэс засал эмчилгээний дараах үр дүнтэй хяналтын талаар мэдлэг, хандлага олгох зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Судасны мэс заслын эмнэлзүйн оношилгоо, эмчилгээ” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын нийт 119 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, судасны эмгэгийн оношилгоо эмчилгээнд тулгамдаж байгаа асуудлуудаараа лавлагаа шатлалын мэргэжил арга зүйн зөвлөгөө авлаа. Телемедицины сүлжээ ашигласан цахим сургалт нь орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн хувьд цаг хугацаа, сургалтын зардал хэмнэх үүднээсээ ач холбогдол, хэрэгцээ шаардлага өндөр байгааг энэ удаагийн сургалт харууллаа. Тус эмнэлэг ирэх онд орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд зүрх мэдрэлийн эмнэлзүйн лавлагаа чиглэлийн цахим хэлбэрийн сургалтуудыг улирал бүр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.


Categories
мэдээ нийгэм

​Сураггүй болоод байгаа иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн, эрэгтэй Д XI сарын 26-нд гэрээсээ гараад сураггүй болжээ. Мэдээллийг XII сарын 1-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 31 иргэн, дөрвөн морьтойгоор эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Тэр өдрийн 09:40 цагт Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” маркийн автомашиныг олжээ. Одоогийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, хоёр автомашинтай, тус аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн долоон алба хаагч, Баруунбүрэн сум дахь цагдаагийн тасгийн хоёр алба хаагч ар гэрийн 20 хүн, хоёр автомашинтай нийт 42 хүн, дөрвөн автомашинтайгаар сураггүй болсон иргэн Д-г эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Олон нийтийн хяналт ба хамтын ажиллагаа” сургалт явагдаж байна

Авлигатай тэмцэх газар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг тавих зорилгоор байгуулсан Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүддээ зориулсан сургалтаа өнөөдөр эхлүүллээ. Сургалтыг “Олон нийтийн хяналт ба хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх сургалтад аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлагийн болон тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах 168 иргэн хамрагдаж байгаа юм.

Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэдийг сургаж мэргэшүүлэх, хууль эрх зүйн болон эдийн засаг, төсөв санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгож арга зүйгээр хангахыг Авлигатай тэмцэх газар нэн түрүүнд чухалчилж байна. Тиймээс энэ жилийн хувьд НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сургаж чадавхижуулах ажлыг голлон зохион байгуулж байгаа ажээ. Сургалтыг Авлигатай тэмцэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Удирдлагын академи, Нээлттэй нийгэм форум зэрэг байгууллагын мэргэжилтэн, судлаач, багш нар хөтлөн явуулж байна.

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдэд эрх зүйн акт, дүрэм журам, зааврын хууль зүйн үндэслэлийг хянахад анхаарах асуудал, захиргааны шийдвэр гаргах ажиллагаан дахь нийтлэг алдаа, түүнээс сэргийлэх арга зам, худалдан авах ажиллагаан дахь нийтлэг зөрчил, цахим худалдан авалтад хяналт тавих, шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, төсвийн орлого, зарцуулалтын ил тод байдалд хяналт тавих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагын хүлээх үүрэг, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах аргачлал зэрэг сэдвээр сургалт хийж байна. “Олон нийтийн хяналт ба хамтын ажиллагаа” сэдэвт сургалтыг нээж Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хэлэхдээ “Авлигын эсрэг үйл ажиллагаанд Та бүгдийг оролцуулснаар авлигатай тэмцэх хүчин чармайлтыг эрчимжүүлэх, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, төрийн үйлчилгээний шалгуурыг нэмэгдүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх боломж бүрдэнэ. Авлигатай тэмцэх бидний түншлэлийн ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна” гээд сургалтад идэвхтэй оролцохыг хүсэв. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

​ “Мастерс-2017”-д Монголын 14 жүдоч оролцоно

ОХУ-ын Санкт Петербург хотноо энэ сарын 16-17-нд Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны шилдэг тамирчдын “Мастерс-2017” тэмцээнд Монголын жүдочид хүч үзнэ. Тус тэмцээнд 31 орны 141 жүдоч оролцохоор мэдүүлгээ илгээсэн бөгөөд манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй гурав нийт 14 жүдоч оролцох юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар тус тус өрсөлдөнө.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд ЖАЙКА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Казүхико Кошикаваг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Монгол Улсад хийж байгаа ажлын айлчлалд нь амжилт хүсээд ОУВС-аас хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”, түүний дотор Япон Улсаас үзүүлж буй дэмжлэг нэн ач холбогдолтой юм. Монгол Улсад олгож буй зээлийн эхний шатны 32 тэрбум иенийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурсанд Казүхико Кошикава танд талархал илэрхийлье гэв.
Жайка байгууллага боловсрол, дэд бүтэц, хөдөө аж, ахуй, худалдаа хөрөнгө оруулалт зэрэг салбарт дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэв.
Япон Улсаас Монгол Улсад олгож буй зээлийн хэлэлцээрийг богино хугацаанд амжилттай соёрхон батлуулна гэдэгт итгэлтэй байна гэж Казүхико Кошикава хэллээ. Уулзалтын үеэр Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын үйл ажиллагааг товлосон хугацаанд нь эхлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны хүрээгээ өргөжүүлэх зэрэг чиглэлээр санал солилцов

Categories
мэдээ нийгэм

​Томуу төст өвчин Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт өндөр үзүүлэлтэй гарчээ

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 89588 хүн хамрагдсанаас 3872 хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь нийт үзлэгийн 4.3%-ийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 0.1%-иар бага үзүүлэлтэй гарчээ. Нийт өвчлөгсдийн 36.5%-ийг 0-2 нас, 30.3%-ийг 2-4 насны хүүхдүүд эзэлжээ. Хүүхдийн түргэн тусламжийн 1376 дуудлагаас 36.8% нь томуу, томуу төст өвчтэй хүмүүс байна.

Томуу төст өвчин Сүхбаатар дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн өндөр үзүүлэлтэй байгаа гэв.

Мөн орны ачаалал Нийслэлийн эмнэлгүүд 869 хүүхдийн орон дээр 1024 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, хүүхдийн орны ачаалал 17.8 хувиар илүү байгаа аж. Хан-Уул, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгүүд насанд хүрэгчдийн 81 орыг чөлөөлж, нөөц өрөөндөө 100 орыг шинээр байршуулж, нэмэлтээр 181 ор дэлгэн эмчилгээ үйлчилгээ явуулж байна. Коридорт болон шалан дээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд байхгүй гэв.

Categories
мэдээ нийгэм

Химийн бодисонд хордсон үйлдвэрийн ажилтны биеийн байдал хүнд байна гэв

Өнгөрсөн сарын 30-ны 21 цагаас эхлэн Дархан-Уул аймаг дахь төмөрлөгийн үйлдвэрийн 52 ажилтанд толгой хүчтэй өвдөх, гүйлгэх, халуурах, гэдэс базалж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрчээ. Иймээс 31 хүн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Өвчлөгсдийн 49 эрэгтэй, гурван эмэгтэй байжээ. Өвчтөнүүд “шалтгаан тодорхойгүй химийн бодисын хордлого, цутгуурын халууралт” оношоор эмчлэгдэж байгаа аж. Нэг өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад өвчтөний биеийн байдал дунд зэрэг, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна хэмээн Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газраас мэдээлээ.

Categories
гадаад мэдээ

М.Саакашвили дээврээс үсэрнэ гэж сүрдүүлжээт

Гүржийн Ерөнхийлөгч асан, Украины Одесс мужийн хуучин амбан захирагч, “Шинэ хүчний хөдөлгөөн”-ий удирдагч М.Саакашвилийг өчигдөр Украины нийслэл Киевт саатуулсан байна. Түүнийг баривчлахын тулд тус улсын Аюулгүй байдлын алба ба Ерөнхий прокурорын газар хамтарчээ. Украины парламент буюу Дээд Радын гишүүн В.Чумакийн мэдэгдсэнээр М.Саакашвилийг тусгай албаныхан саатуулахаар гэрт нь очих үед орцны үүдэнд дэмжигчид нь цугларсан байсан.

Тусгайгийнхан дотогш нэвтрэхэд тэд эсэргүүцэл үзүүлсэн аж. Тиймээс нэмэлт хүчин болох зуу орчим хүнийг илгээжээ. Үүний дараа дэмжигчид зай тавьж, тэд дотогш орсон гэнэ. Харин М.Саакашвили найман давхар байшингийнхаа дээвэр дээр гарч, “Ойртвол үсэрнэ” гэж сүрдүүлж байжээ. Түүнийг Костельный гудамжинд байрлах байрнаас нь саатуулж, микрод хүчээр суулгасан аж. Энэ үеэр тэрээр мөн эсэргүүцэл үзүүлж, “Энэ бол хууль бус ажиллагаа” гэж хэлж байжээ. Урьд нь Украины Аюулгүй байдлын албаны ажилтнууд Одесс мужийн амбан захирагч асны гэрт нэгжлэг явуулсан. М.Саакашвилийг Украинд төрийн эргэлт хийхийг оролдсон, гэмт хэргийн бүлгийнхний хамсаатан, гэмт хэргүүдийг нь нуун дарагдуулсан гэх олон хэргээр буруутгаж байгаа юм. Түүний Украинд оршин суух хугацаа энэ сард дуусгавар болсон талаар мөн мэдээлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр М.Саакашвилийг гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээний дагуу Гүржид шилжүүлж өгч магадгүй гэжээ.
Мөн түүний Украины иргэншлийг урьд нь түдгэлзүүлж байсан удаатай. Тэрээр улс төрийн орогнол хүсч байсан ч Украины эрх баригчид татгалзсан хариу өгч байжээ.
Categories
гадаад мэдээ

Йемений Ерөнхийлөгч агсны хүү эцгийнхээ өшөөг авна гэв

Image result for СалехЙемений босогчид нийслэл Сана дахь “Yemen Today” телевизийн байрыг арванхоёрдугаар сарын 2-нд эзлэх үеэр албаа гүйцэтгэж байсан 41 сэтгүүлчийг барьцаалжээ. Тэдний дунд ОХУ-ын Спутник агентлагийн салбарын орон тооны бус сурвалжлагч ч байгаа аж. Саяхан шийтийн босогчид Ерөнхийлөгч асан Салех алагдсан талаарх дүрс бичлэгийг интернэтэд тавьсан. Гэвч төрийн тэргүүнийг дэмжигчид хуситуудыг худал цуурхал тараасан гэж мэдэгдэж байв. Ройтерс агентлаг ч мэдээлснээр Йемений Ерөнхийлөгч асан амь үрэгдсэнийг мөн баталжээ. Зарим эх сурвалжийн онцолж буйгаар хуситууд экс Ерөнхийлөгчийг Маариб мужаас Санхан тосгон руу нэвтрэх гэж байхад нь буудаж хөнөөсөн гэж мэдээлж байв. Түүний сууж явсан машин халдлагад өртөх үед сум толгойн тус газар нь туссанаар Салех амиа алджээ. Мөн нь Йемений Ерөнхийлөгч асны Сана хот дахь өргөө дэлбэрэлтэд өртсөн талаар урьд нь мэдээлж байв.
Йемений Ерөнхийлөгч асан энэ сарын 2-нд ард иргэддээ хандан үг хэлэхдээ улс орноо хуситуудаас хамгаалахыг уриалж байжээ.
Тэрбээр засгийн газрын эсрэг жагсаалаас үүдэн 2011 онд огцорч байв. Үүний дараа тус улсад тогтворгүй байдал үүссэн гэдэг. Тухайн үед жагсагчид шинэчлэл хийхийг шаардаж байжээ. Нэг жилийн хугацаанд 2000 орчим хүн амиа алджээ. 2014 онд тус улсад хуситууд мөн эсэргүүцлийн жагсаал хийх болсон. Улмаар жагсаал мөргөлдөөнд хүргэсэн билээ. Хуситууд 2015 онд нийслэл Санаг хяналтдаа авч, парламентыг тараажээ. Мөн Засгийн газрыг татан буулгаж, тухайн үеийн Ерөнхийлөгч Абда Раббо Мансуро Хадиг огцруулж байв.
Хамгийн сүүлийн мэдээгээр өнгөрсөн даваа гаригт болсон мөргөлдөөнд 247 хүн амиа алджээ. Бусдын гарт амиа алдсан Ерөнхийлөгч Салехын хүү Ахмад али Салех эцгийнхээ өшөөг авахаа амлаад байна. Тэрээр мэдэгдэхдээ “Сүүлчийн сунит Йемен улсыг орхих хүртэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгджээ.