Categories
мэдээ нийгэм

​Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд ажил хаялт зарлаж тууштай тэмцэн гэв

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Өрхийн эмнэлгийн ажилчдыг оролцуулсан хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн хурлын зорилго нь эрүүл мэндийн салбарыг ялгаварлан гадуурхахыг зогсоож, өрхийн эмнэлэгт ажиллагсдад төрөөс 300 мянган төгрөгийг алагчлалгүй олгуулах саналыг эрх баригчдын сонорт хүргэх аж.

Эмч, багш нарын тэмцлийн үр дүнд нийт төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр болж, энэ онд багтаан 300 мянган төгрөг олгохоор хэлэлцээрээр тохиролцон улсын төсөвт 55,4 тэрбум төгрөгийг батлуулсан билээ. Гэтэл өнгөрсөн баасан гаригт эхлүүлсэн гурван талт нэмэлт хэлэлцээрийн үеэр Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад дээрх мөнгийг олгохгүй гэж ЭМЯ болон Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдсэн нь ийнхүү эсэргүүцэлтэй тулгараад байна.

Ингэх болсон шалтгаан нь 2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага” гэж тодорхойлсонтой холбоотойгоор төрөөс олгох 300 мянган төгрөгөөс хасагджээ. Гэтэл Өрхийн эмнэлгүүд нь нэг иргэнээр тооцсон тарифаар 100 хувь улсын төсвөөс санхүүждэг, эрүүл мэндийн салбарын анхан шатны үйл ажиллагааг нуруун дээрээ үүрч яваа байгууллага юм. Иймд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын нэмэлт хэлэлцээрт өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудыг ялгаварлахгүйгээр 300 мянган төгрөгийг олгох боломжийг бүрдүүлж, шаардагдах төсвийг шийдвэрлэх шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Мөн шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд ирэх баасан гаригт жагсаал, цуглаан зохион байгуулж, цаашид ажил хаялт хийх хүртэл тууштай тэмцэнэ гэдгээ ч мэдэгдсэн.

Энэ тухайд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар “Урьд нь гурван талт гэрээ хэлэлцээр хийхэд ингэж ялгаварлаж байгаа удаа байхгүй. Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг үнэ төлбөргүй өгнө гээд хуульчилсан болохоор өрхийн эмнэлгүүд зах зээлийн зарчмаар хөгжих боломжгүй” гэсэн бол сувилагч н.Оюунцэцэг болон н.Дүүриймаа нар “Өрхийн эмнэлэг ачаалал ихтэй. Сувилагч нар вакцинаа ч тарьдаг, физик эмчилгээгээ ч хийдэг. Мөн өрхийн харьяалалд байх хэвтрийн өвчтөнүүдээ ч эргэж тойрч эмчилгээ хийдэг. Давхар ажил хийлээ гээд илүү цалин авдаггүй, сувилагчийн цалингаа л авдаг ч гомдоллож байгаагүй. Харин төрөөс өгөх 300 мянган төгрөгийн нэмэгдлийг алагчлалгүй олгооч гэсэн хүсэлтийг тавьж байна” хэмээн ярьсан.

Монгол Улсын хэмжээнд нийт 236 өрхийн эрүүл мэндийн төвд 3000 гаруй өрхийн эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж, хүн амын 70 хувьд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлдэг байна. Нэг өрхийн эмч сувилагчид 2200-3200 хүн ам, 70-123 нярай, 60-135 жирэмсэн эх, 89-110 өндөр настан, 15-35 хэвтрийн иргэн ноогдож байна. Өдөрт нэг өрхийн эмч сувилагч дунджаар 30-64 хүнд үзлэг, эмчилгээ хийж, зөвлөгөө өгөхөөс гадна яаралтай 5-7 дуудлагад явдаг аж.

Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч байна

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Мишээл, Дүнжингарав, Оргил салбаруудад тус тус зохион байгуулж байна.

Хаана, хэзээ: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн байрууд:
1.Дүнжингарав салбар (2017.12.05-ны өдөр)
2.Мишээл салбар (2017.12.06-ны өдөр)
3.Драгон салбар (2017.12.07-ны өдөр)
4.Оргил салбар (2017.12.08-ны өдөр)
Мөн уг арга хэмжээний хүрээнд хамтрагч байгууллагууд болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар аймаг бүрт иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.

Categories
мэдээ спорт

​Брэдли Бийл 51 оноо авч багаа хожилд хөтөллөө

-Өнөөдөр NBA-гийн талбайд нийт 3 тоглолт боллоо-

Вашингтон Визардс Портланд триал Блэйзэрсийг талбайд нь 106-92-оор буулган авлаа. Визардсаас хамгаалагч Брэдли Бийл 37 довтлон 51 оноо авч багаа тэргүүлсэн бол түүнд Кэлли Оубрэ Жр 14 оноогоор туслав. Харин эсрэг багаас холбон тоглогч Дамиан Лиллард 30 оноо, 9 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн юм.

Вашингтон Визардс 13 хожилтой дорнод бүсийн долдугаар байранд бичигдэж байгаа бол Портланд триал Блэйзэрс өрнөд бүсийн зургаадугаар байранд эрэмблэгдэж байна.

Вашингтон Визардсыг 29 хувьтай довтлуулж ялсан Юта Жазз өнөөдөр Оклахома сити Тандэрийн талбай дээр зочлон ирлээ. Тус тоглолтонд Тандэрийн холбон тоглогч Рассэл Вэстбрүүк гайхалтай байж 34 оноо, 13 самбар, 14 оновчтой дамуулалт өгч Юта Жаззыг 100-94-ийн харьцаатай буулган авсан юм. Харин эсрэг багаас шинэ тоглогч Донавон Мичэль 31 оноо, 5 бөмбөг таслалт хийж багаа тэргүүлэв.

Оклахома сити Тандэр 11 хожил 12 хожигдолтой плэй оффын гадна буюу өрнөд бүсийн есдүгээр байранд эрэмлэгдэж байна. Харин Юта Жазз 13 хожил, 12 хожигдолтой өрнөд бүсийн плэй оффын долоодугаар байрлуу унав.

Торонто Рэпторс талбайдаа Финикс Сансыг хүлээн авч 126-113-ийн харьцаатай хожлоо. Рапторсын шилдэг тоглогч Кайл Лаури 20 оноо, 10 оновчтой дамжуулалт өгч багаа ялалтад хөтөлсөн бол хамгаалагч Дэмар Дэрозан 20 оноо 8 самбараас бөмбөг авалтаар туслав. Харин эсрэг багаас Дэвин Бүүкэр 19 оноо авч багаа тэргүүлсэн ч бэртэл авч талбайг чөлөөллөө.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

​Намаа хагалан бутаргасан гэж засаг даргаа огцруулжээ

Related imageХовд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ сарын 4-5-ны өдрүүдэд хуралдаж 2018 оны төсвийг баталж мөн аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж огцруулжээ. Тодруулбал гишүүдийн олонхийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид “Д.Галсандондог нь албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байгаа, аймаг орон нутгийг хөгжүүлэхэд өнгөрсөн хугацаанд дорвитой ажил хийгээгүй, жилийн 365 хоногийн 250 хоногт гадаад, дотоод томилолт нэрийдлээр аялж зугаалсан, намын гишүүдээ ч удирдаж чаддаггүй нь нотлогдож намын хорооны даргаасаа огцорсон” гэж үзсэн тул огцруулах бүрэн үндэслэлтэй гэж үзсэн байна.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн сарын 30-ны өдөр хуралдсан Ховд аймгийн МАН-ын хорооны IV хуралдаанаар гишүүдийн 93 хувийн саналаар Д.Галсандондогийг МАН-ын хорооны даргын үүрэгт ажлаас мөн чөлөөлсөн юм. Түүнийг намын хорооны хурлыг 2015 оноос хойш хуралдуулаагүй, намын даргын 2015, 2016 оны үйл ажиллагааны тайлангаа огт тавиагүй, намаа хагалан бутаргасан хэмээн огцруулжээ.

Categories
мэдээ улс-төр

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2017.12.06) 11 цаг 22 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр тогтов. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ санал хэллээ.

Дараа нь Байнгын хорооны дарга Ц.Гарамжав хуралдааныг хойшлуулах горимын санал гаргав. Тэрбээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс уг хуулийн төслийг дагасан хэд хэдэн хуулиудтай холбоотойгоор санал ирүүлсэн. Б.Бат-Эрдэнэ гишүүн ч хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж санал хэлээд байна. Мөн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч гадаадад ажлын томилолттой яваа тул хуралдааныг ирэх долоо хоног хүртэл хойшуулах саналтай байна гэв. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

​ОУВС-ын зөвлөхүүд санхүүгийн салбарт үнэлгээ хийж байна

Зөвлөхүүдийн судалгааны ажлын эхэнд Хорооны дэд дарга Д.Баярсайхан тэдэнтэй уулзаж, банкнаас бусад санхүүгийн салбарын ерөнхий төлөв, зохицуулалт, хяналт шалгалтын үйл ажиллагааны цар хэмжээ, далайцыг цаашид нэмэгдүүлэх шаардлага, байгууллагын бодлого, стратегийг танилцуулав. Сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөн, дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр баяжихын зэрэгцээ оролцогчдын тоо огцом нэмэгдэж буй санхүүгийн салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бодлого түлхүү тавигдаж буй юм. Иймд банкнаас бусад санхүүгийн зах зээлүүдийн зохицуулалт, бодлогын удирдлага болон хяналт шалгалтын тогтолцоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсронгуй болгож сайжруулах шаардлага зүй ёсоор урган гарч байна.

Ноён Филип Жонсон, хатагтай Мими Хо нар урьд өмнө манай улсад удаа дараа ирж ажиллаж байсан туршлатай зөвлөхүүд юм. Тэд дээр дурдсан хугацаанд Хорооны нийт газар, нэгжийн ажил, ачаалал, хүчин чадал болон гүйцэтгэлийн чанар зэргийг судлахын зэрэгцээ банкнаас бусад санхүүгийн салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа зохицуулалтын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны зах зээлд тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцоно.

Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн зургаан дүүргийн 160 га газрыг дуудлагаар худалдана

Related imageНийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг зургаан дүүрэгт үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг дуудлагаар худалдахаар болсон байна.

“Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа”-г энэ сарын наймны өдөр Нийслэлийн газрын албанаас зохион байгуулах юм. Дуудлага худалдаагаар газар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажил эхлүүлж, нэмэлт хөрөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай байдаг байна. Нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 12 дугаар сарын тавнаас эхлэн гурван өдрийн хугацаанд хүлээн авч байгаа талаар Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Албан хаагчид 200 гар утас бэлэглэв

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий нийслэлийн шуурхай албаны байгууллагуудын албан хаагчид өнөөдөр “Мобиком” корпораци, Дэлхийн шилдэг гар утас үйлдвэрлэгчдийн нэг “Huawei” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраас “Huawei Y3” гар утас бэлэглэв.

Гар утаснуудыг НОБГ, ЗЦА, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв (НТТТ), Хот тохижилтын газар болон Нийслэлийн төр захиргааны авто бааз (НТЗАБ)-ын 200 алба хаагч гардсан юм.

НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ү.Ганболд хэлэхдээ “Иргэдийн тав тухтай эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд дээрх байгууллагын албан хаагчид зуны халуун, өвлийн хүйтнийг эс тоон албан үүргээ нэр хүндтэй биелүүлж ирсэн. Цаашдаа энэ үүргээ амжилттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Шуурхай албаны албан хаагч өдөрт дунджаар ажлын шугамаар өдөрт дунджаар 30 минут утасаар ярьдаг гэсэн судалгааг холбогдох байгууллагуудаас гаргасан байна. Тэднийг шинэ ухаалаг утасаар хангаснаар дээрх албадын шуурхай ажиллах чадамж улам бүр нэмэгдэнэ гэдгийг “Мобиком” корпорацийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг онцлов.

Төр, ард түмнийхээ төлөө гүйцэтгэж буй албан үүргийг нь өндрөөр үнэлж, урамшуулж буй аж ахуйн нэгжүүдэд талархаж буйгаа гар утас гардсан алба хаагчид хэллээ. Мөн иргэдийнхээ итгэл, сэтгэлийг зүтгэлээр хариулахаа амлав.

Categories
мэдээ улс-төр

​Ч.Хүрэлбаатар: Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

Image result for Ч.Хүрэлбаатар:Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах тайлбарыг хийлээ. Тэрбээр “Манай улс нь ил тод байх зарчмыг хууль, тогтоомжид тусгах шаардлагатай гэж тус холбоо үзэж байгаа. Энэ талаараа өмнө нь ч хэлж байсан. Учир нь Европын холбооноос тавьж буй шаардлагад бусад орны иргэд Монголын ААН, арилжааны банкуудад ямар хувь эзэмшиж байгаа болон ямар данс эзэмшиж байгаа зэрэг мэдээлэл ил тод байх ёстой гэж үзэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, гадны улсын иргэдийн татвар, арилжааны банкнуудын дансны мэдээлэл ил байх, мэдээллийг нээлттэй солилцдог байх ёстой гэж үзэж байгаа юм билээ. Энэ талаар хууль эрх зүйн зохицуулалт хийх ажлыг Сангийн зохион байгуулахаар ажиллаж байна. Мэдээж, энэ бол таатай зүйл биш.

Монгол дахь гадны иргэдийн данс, татварын мэдээллийг бусад орнуудтай нээлттэй солилцдог л болох ёстой юм. Энэ тал дээр бол ямар ч эрсдэл үүсэхгүй. Энэ бол анхааруулгын арга хэмжээ. Сангийн яамнаас 2019 онд багтаагаад хууль эрхзүйн орчноо сайжруулахад болох юм. Бид Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

​Малайзын зам тээврийн газар бүх үйлчилгээгээ цахимжуулав

Малайзын Авлигатай тэмцэх хороо төрийн байгууллага бүрээс “Авлигагүй ажиллах амлалт” авч байгаа билээ. Өнгөрсөн сард тус улсын Зам тээврийн газар тус амлалтад гарын үсэг зурсан байна. Энэ үеэр тус газрын дарга Ноорул Абдул Гүдүсэ иргэдээс ирэх аливаа өргөдлийг цахимаар авах болсон тухайгаа зарлажээ. Цахимаар бүх төрлийн үйлчилгээг өгч, авдаг болсноор иргэн, төрийн албан хаагч хоёр шууд нүүр тулж уулзахгүй тул авлигын хэрэг гарах боломжгүй гэж тэр нэмж хэлжээ.

Түүнчлэн тус газар нь дотоод хяналтын нэгжтэй болсон нь албан хаагч үүргээ мэргэжлийн түвшинд, ёс зүйн өндөр хариуцлагатай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллах юм байна.

Зам тээврийн газрын “Авлигагүй ажиллах амлалт”-д гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Авлигатай тэмцэх хорооны дэд дарга Чун Суун Хэн оролцжээ. Тэрээр төрийн үйлчилгээ үзүүлдэг албан хаагч нар иргэдтэй шууд харьцаж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байдаг нь хээл хахууль өгч авалцах шалтгаан болж байдаг гэж хэлжээ.

Зам тээврийн газрын даргаар Ноорул Хабиб томилогдсоноос хойш өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг ч албан хаагч авлигын хэрэгт холбогдоогүй байна.