Categories
мэдээ нийгэм

А.Ариунзаяа: Өнөөдөр улс даяар мал тооллого эхэлнэ

Монгол Улсын эдийн засгийн томоохон хэсгийг хөдөө аж ахуйн салбар эзэлдэг. Тэр дундаа ноос, ноолуур, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг мал аж ахуйн салбар ихээхэн чухал үүрэгтэй. Өнгөрсөн онд манай улс 61.5 сая мал тоолуулсан. Харин энэ оны мал тооллого өнөөдөр эхэлж байгаатай холбоотойгоор Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай ярилцлаа.


-Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян гэсэн үг бий. нүүдлийн амьдрал, хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй монголчууд бидэнтэй салшгүй холбоотой. Түүнийг тоолж, бүртгэж, цаашлаад үржил шим, үр өгөөжийг нь бодож, тооцоолох ёстой. Үүнд статистик ихээхэн ач холбогдолтой гэж хардаг юм. Манай улс анх хэдэн онд малаа тоолж эхэлсэн юм бол. Мөн энэ хугацаанд малын тоо толгой хэрхэн өссөн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Манай улсын эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбар чухал байр суурь эзэлдэг. “Монгол Улсын Үндсэн хууль”-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж хуульчлан заасан. Мөн мал тооллогыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж, үр дүнг нь макро түвшинд хийдэг тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын талаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашиглаж байна.Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн мал тооллого эхэлж байна.

Мал аж ахуй нь Монгол орны амьжиргааны гол эх үүсвэр болсон анхдагч үйлдвэрлэлийн салбар байсны хувьд бүртгэл, статистикийн ажил ч энэ салбараас эхлэн хөгжсөн түүхтэй. XIII зууны үед Монгол Улсад хүн, малын тооллого явуулж байсан баримтыг түүхийн сурвалжид тэмдэглэсэн байдаг. Академич И.М.Майский Монгол Улсын малын тоог 1918 онд 9.6 сая толгой байсан гэж тооцоолсныг манай улсын статистикийн эмхэтгэлд оруулсан. Ардын Засгийн газар 1924 онд Дотоод яамны бүтцэд тоо бүртгэлийн хэлтсийг шинээр байгуулж, малын тооллогыг үнэн зөв явуулах талаар онцгой анхаарч, тооллого явуулах, данс бүртгэлийг нэгтгэх, тушаах цаг хугацааг тогтоож, хуучин төлөөний түшмэл дээр боловсрол чадвартай тусгай түшмэлийг нэмэн томилж, ард олонд тайлбарлан таниулах ажлыг зохиосны үр дүнд анх удаа улсын хэмжээнд хугацаа, аргачлалын хувьд нэгдсэн программтай мал тооллого явуулсан байдаг.

Мал тооллогыг зун, намрын улиралд буюу ихэвчлэн найм, ес дүгээр сард явуулж байгаад 1961 оноос мал, тэжээвэр амьтдыг жилийн эцэст 12 дугаар сард тоолдог болсон. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай юм. Ардын хувийн аж ахуйтны малыг 1959-1960 онд нийгэмчилж хоршоололд хамруулсан бол 1992 онд малыг хувьчлах ажил хийж дууссан. Мал нь хувийн өмчид шилжсэнээр төлөвлөгөөт эдийн засгийн үед жилд дунджаар 24 сая толгойгоос хэтэрдэггүй байсан бол 2016 оны эцэст анх удаа 61.5 сая толгойд хүрч, адуу 3.6 сая, үхэр 4.1 сая, тэмээ 401.4 мянга, хонь 27.9 сая, ямаа 25.6 сая толгой болсон.

-Танай байгууллага тооллого, судалгааны асуулгаа хэрхэн бэлтгэдэг вэ. Тухайлбал, өнөөдөр эхэлж байгаа мал тооллогын асуулгаа хэрхэн бэлдсэн бэ. Мөн энэ удаагийн тооллого өмнөхөөсөө юугаараа илүү онцлог, ач холбогдолтой болох талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Бид 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс 17 зорилго, 169 зорилт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилго” дэлхий нийтээр албан ёсоор хэрэгжиж эхэлснийг мэдэж байгаа. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас малчдын тэтгэврийн насыг таван жилээр багасгах талаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах” хуулийг 2017 онд УИХ-аар батлуулсан. Үүнтэй холбогдуулан мал аж ахуйтай холбоотой ТХЗ-ын үзүүлэлтийг тооцох, дээрх хуулийн хэрэгжилтэд шаардлагатай малчдын талаарх зарим мэдээлэл хэрэг болсон тул мал тооллогын маягтыг энэ онд шинэчлэн боловсруулсан.

-Асуулгын маягтаа хэрхэн боловсруулсан бэ?

-Энэ маягтыг боловсруулахдаа хөдөө аж ахуйтай холбогдох мэргэжлийн яам, байгууллага, их, дээд сургууль, хөдөө аж ахуйн мэдээллийг байнга хэрэглэдэг судлаачид, аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газрууд, ҮСХ-ны албан хаагчдаас санал авч, өөрчлөлт оруулсан. Энэ удаагийн тооллого нь малчдын мэдээлэл, ХАА-н үйлдвэрлэлд ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчин, малын тоо толгойн өөрчлөлт, эрчимжсэн мал аж ахуйн мэдээлэл, тэжээвэр амьтад, тэдгээрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, бэлтгэсэн хадлан, тэжээл, аргал, хөрзөн, түлшний мод, ХАА-н үйлдвэрлэлд ашиглаж байгаа машин, техник, худаг, усан сан, малчин өрхийн зарим мэдээллийг дэлгэрэнгүй тусгаж өгснөөрөө өмнөх тооллогуудаас илүү онцлог, ач холбогдолтой болж байна.

-Манай улсын мал иргэдийн махны хэрэгцээнээс хэд дахин илүү. Тэгсэн хэр нь экспортод хангалттай хэмжээгээр гаргаж чаддаггүй. Гол нь өнөө л шүлхий, мялзан зэрэг малын өвчнөөс болдог. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн яам болон бусад холбогдох байгууллагаас малын тоонд бус чанарт анхааръя гэж байгаа. Өөрөөр хэлбэл, одоо явуулах мал тооллогоор малын угсаа гарал, чанар, өвчин зэргээс эхлээд мал аж ахуйн салбар хаашаа чиглэлтэй байгааг мэдэж болох уу?

-2016 оны мэдээллээс харахад, бэлтгэсэн махны 2.3 хувь, сүүний найман хувьтай тэнцэх хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулжээ. Түүнчлэн нийт үйлдвэрлэсэн хонины ноосны 24 хувьтай тэнцэх угаасан ноос, ноолуурын 8.3 хувьтай тэнцэх самнасан ноолуурыг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн байна. Мөн улсын хэмжээнд бэлтгэсэн үхрийн ширний 35.3 хувь, хонины арьсны 7.4 хувь, ямааны арьсны 10.4 хувийг дотоодын үйлдвэрт боловсруулжээ. 2016 онд бэлтгэсэн хонины ноосны 59.7 хувь буюу 16.4 мянган тонн, бэлтгэсэн ямааны ноолуурын 57.3 хувь буюу 5.4 мянган тонн бохир ноолуур, адууны ширний 31.4 хувь буюу 110.9 мянган ширхгийг боловсруулалт хийлгүйгээр экспортод гаргасан байна. Мах, сүүн бүтээгдэхүүнийг орон нутагт үндсэндээ гар аргаар боловсруулсан хэвээр байгаа бөгөөд харин арьс, шир, ноос, ноолуурын багахан хувийг дотоодын үйлдвэрт боловсруулж, ихэнх хэсгийг нь нэмэгдсэн өртөг шингээгүй, боловсруулалт хийхгүйгээр угаасан, самнасан байдлаар гадаад зах зээлд гаргаж байна. Иймд бүс нутгийн тулгуур төв болон шаардлагатай газруудад нь мал аж ахуйн түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг барьж байгуулах хэрэгтэй нь харагдаж байна.

Энэ удаагийн тооллогоор бид манай улсын эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл хэр байгаа эсэхийг судлахаар шинээр асуулга оруулж өгсөн байгаа. Мөн нутгийн шилдэг омог, цэвэр үүлдэр, эрлийз болон нутгийн сайжруулсан үүлдрийн малын мэдээллийг цуглуулна. Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлд гарч байгаа өсөлт нь малын тооноос хамаарч байгаа бөгөөд цаашид нэг малын ашиг шим, чанарын үзүүлэлтэд анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх шаардлага байна. Тэр дундаа газар тариалангийн бүс нутагт ашиг шим өндөртэй мал өсгөж үржүүлэх үүднээс малын тоо толгойг газар тариалангийн үйлдвэрлэлтэй зөв харьцаатай хөгжүүлэх, малыг чанаржуулахад чиглэсэн үржлийн бодлогыг эрчимтэй явуулах, малчдын хөдөлмөрийг хоршуулах, бэлчээрийг усжуулахад чиглэсэн арга хэмжээ ихээхэн чухал байна.

-Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даацын асуудал нэлээд хөндөгдөж байгаа. Үүнтэй холбоотой тоон мэдээлэл ч бас гарах уу?

-Манай улсын бэлчээрийн нөөц өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд 9.8 сая га-гаар багассан байхад хонин толгойд шилжүүлсэн малын тоо 54.1 саяар өсчээ. Нөгөөтэйгүүр, бэлчээр маань жилээс жилд урдаасаа хойшоо чиглэсэн цөлжилтөд автагдан, өвс ургамлын бүтэц, гарц нь хомсодсоор байна. Бэлчээрт сөргөөр нөлөөлж байгаа бас нэг зүйл бол ус, худагтай газар хэт олон айл, мал улирал дамжин бөөгнөрөн нутаглаж, бэлчээрийг талхлан доройтуулж байгаа явдал юм. Тооллогоор бэлтгэсэн өвс, хадлан, тэжээл, худаг, усан сангийн мэдээллийг цуглуулдаг. Хөдөө аж ахуйн салбарын хамгийн гол асуудал бол орон нутагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хадгалах, боловсруулах, борлуулах чиглэлээр жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бэлтгэх төвлөрсөн цэгүүд, хадгалах, хөргөх агуулах, зоорийг бий болгох, сэргээх нь чухал.

Д.ХҮСЛЭН


Categories
мэдээ улс-төр

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэгтэй “Эмчилгээний дараах хяналтын төв” байгуулах төсөлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төвийг байгуулснаар БНСУ-д мэс засал болон эмчилгээ хийлгэсэн Монгол иргэд эх орондоо хяналтанд орох, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломж бүрдэв. Манай улсын иргэдийн хувьд БНСУ-д ихээр эмчлүүлдэг боловч эмчилгээний дараах хяналт хаягдах, доод тал нь 2-3 удаа тухайн улс руу зорчих нь санхүүгийн дарамт болохоос гадна цаг хугацаа алддаг. Тэгвэл төсөл хэрэгжсэнээр хоёр улсын эмч, мэргэжилтнүүд харилцан мэдээлэл, туршлага солилцох, БНСУ-д оношилгоо, эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдэд эмчилгээний дараах зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх зорилгоор эх орондоо мэдээлэл харилцааны технологид суурилсан төвтэй болох юм.
Сүүлийн хоёр жилд зайлшгүй шаардлагаар БНСУ-д эмчилгээнд хамарсан 115 иргэн байгаа аж.

Дашрамд дурдахад, УНТЭ нь Гэгээн Мария эмнэлэгтэй 2012 оноос чөмөг шилжүүлэн суулгах төсөлд хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Сүүлийн дөрөв, таван жилийн бодлогын алдаанаас болоод төсвөө алдагдалтай баталж байна

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар

  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл,
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  • 2018 оны Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хориг
  • Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 84.6 хувийн саналаар баталлаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 87.2 хувийн саналаар дэмжиж баталсан юм.

Үргэлжлүүлэн 2018 оны Улсын Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Уг хоригийг Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны гишүүд дэмжээгүй юм.Хориг болон Байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын гишүүний миний тойрогтоо зарцуулах гурван тэрбум төгрөг хаана байна вэ? 76 гишүүн бүгд Монгол Улсыг төлөөлж байгаа. Багийн Засаг даргад машин авна зэрэг замбараагүй зардал байгаа гэсэн. Энэ үнэн үү?

Ер нь алдагдалтай төсөв батлахгүй байж болдоггүй юм уу? Алдагдлыг нөхөх гэж төсөв батлаад хэрэггүй. Манайх 2 их наядыг хоосон үлдээчхээд байна. Зайлшгүй алдагдал юунд байсан юм бэ?” гэлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийг алдагдалгүй болгочихвол өргүй байх боломж бүрдэнэ. Харамсалтай нь сүүлийн 4, 5 жилийн бодлогын алдаанаас болоод төсвөө алдагдалтай баталж байна. Төсвийн алдагдал 2015 онд ДНБ-ий 8.1, 2016 онд ДНБ-ий 17.5 хувьтай тэнцэхээр байна. Үүнээс үзэхээр олон жилийн турш төсөв алдагдалтай явчихсан учраас огцом буулгах боломжгүй.

Төсвийн зардал 9.6 их наяд байгаа. Гэхдээ бид боломжгүй гээд суугаагүй. Төр өөрийнхөө мөнгийг арилжааны банкнуудад байршуулаад өндөр хүүгээр зээлж авдгийг бууруулсан. Төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа. Нэн ялангуяа зээлийн хүүгийн зардлыг бууруулах чиглэлээр онцгойлон анхаарч байна ” гэв.

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд “Манай улс түүхэндээ анх удаа алдагдалгүй төсвийг 2007 онд баталсан. Үүнээс өмнө дандаа алдагдалтай төсөв баталж ирсэн. Алдагдалгүй төсөв батлах боломж энэ жил бүрдэж байна.

Тийм ч учраас Ерөнхийлөгч Улсын төсөвт хориг тавьж байгаа. 2012-2016 оны төсвийн орлого зарлагыг нийцүүлж болно. Их үнийн дүнтэй улсын төсвөөс зайлшгүй хийх шаардлагагүй зүйлээ өөр аргаар санхүүжүүлэх хэрэгтэй. Ингээд ОУВС гэсэн зүйл рүү очиж байгаа юм. ОУВС-гийн зааж өгч байгаа бүхэн зөв биш” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Хогоор жуулчдыг татах дурсгалт газар бий болгожээ

АНУ-ын “Texas A&M” их сургуулийн оюутны хотхоноос холгүй орших зурвасхан газар шар айраг, ундааны бөглөөний хогоор дүүрчээ. Нийт 50 метр урт, 2 метр өргөнтэй энэ гудамжинд нутгийн иргэд байнга бөглөө авчирч асгадаг уламжлалт тогтоод 40 гаруй жил өнгөрчээ. Өнгөрсөн сард гэхэд “Shiner Beer” компани 380 мянган бөглөө авчирч тавьсан байна.

Одоо энэ гудамж “Bottle Cap Alley” нэрээр алдаршиж, жилдээ хэдэн зуун мянган дотоод, гадаадын жуулчид цугладаг ажээ. Өнгө өнгийн бөглөө гудамжийг маш гоёмсог харагдуулах төдийгүй шөнийн гэрэл нь хүмүүсийн сэтгэлийг баясгадаг гэнэ..

Categories
мэдээ нийгэм

Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томилжээ

Засгийн газрын шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтыг үүрэгт ажлаас чөлөөлж, тус газрын даргаар Х.Хэрлэнг томилсон байна.

Б.Баатарцогт АН-ын Засгийн газрын үед энэхүү албан тушаалд томилогдсон бөгөөд уул уурхайн салбарын тогтвортой бодлогын залгамж халаа болж Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед үргэлжлүүлэн ажилласан юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон Х.Хэрлэнгийн хувьд 1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Ерөнхий боловсролын дунд сургууль, 1985-1991 онд Политехникийн дээд сургууль, 1999-2001 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсан байна.

1991-1992 онд Барилгын зургийн институтэд зургийн техникч, 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга, 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга, 2007-2010 онд “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал, 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга, 2012 оноос “Эйч Ти Эм” ХХК-ийн захирал 2016 оноос ”Монголын төмөр зам” ТӨХК”-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгийн ажилтнуудыг 300 мянган төгрөгийн тэтгэмжид хамруулаагүй гэх асуудалд сайд Д.Сарангэрэл цахим хуудсаараа тайлбар өгчээ

Image result for Д.СарангэрэлӨрхийн эмнэлгийн ажилтнуудыг 300 мянган төгрөгийн тэтгэмжид хамруулаагүй, ялгаварлалаа гэх мэдээлэл яваад байгаа билээ. Тэгвэл энэхүү асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан хийжээ. Тэрбээр “Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэл өнөөдөр зарим өрхийн эмнэлгүүдийн ажилтнуудын хамт 300 мянган төгрөгөөс ялгаварлалаа хэмээн хэвлэлийнхэнд ханджээ.

Эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалах эрх бүх хүнд бий.Гэхдээ хуулийн хүрээнд асуудлаа тавих учиртай.2013 оноос хойш төрийн албан хаагчдын цалин огт нэмэгдээгүй байдаг. Шинээр бүрэлдсэн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч эхний ээлжид төрийн албан хаагчдынхаа орлогыг нэмэгдүүлэх шийдвэрийг элдэв шүүмжлэлийг сөрөн байж гаргасан билээ.Өрхийн эмнэлгүүд орон нутгийн өмчид тулгуурласан нөхөрлөл .Тиймээс төрийн албан хаагчдын адил урамшуулал авах хуулийн боломжгүй байгаа юм. Гэвч анхан шатны тусламж үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам хуулийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эмнэлэгт тус бүр 8 сая 50 мянган төгрөгийн санхүүжилт хийх шийдвэрийг Даваа гаригт гаргасан юм. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд төр засаг тухайн хороонд амьдарч буй иргэдийн тоогоор санхүүжилт олгож ард түмэндээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг.Энэ санхүүжилтийг нэмэгдүүлсэн нь өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих,тэнд ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.Үйлдвэрчний эвлэлийн зарим төлөөлөл энэ шийдвэрийг өөрсдийн шахалтаар гаргуулсан мэт ойлголт олон нийтэд өгөх үйлдэл хийсэнд харамсаж байна.

Цаашид Эрүүл мэндийн яам хэн нэгний шахалтгүйгээр эмч,эмнэлгийн ажилтнуудынхаа ажил хөдөлмөрийг бодитой үнэлэх чиглэлээр тууштай ажиллана. Эхний ээлжид эмнэлгийн байгууллагууд улсын төсөв болон үйл ажиллагааны орлогоо бие даан захиран зарцуулах боломжийг бүрдүүлээд байна. Өрхийн эмнэлгийн төвүүд өдрийн эмчилгээ хийх,гэрээр явж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн энэхүү үйл ажиллагааныхаа зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас авах боломжтой болгож байна. Энэ мэтчилэн эмнэлгийн үйлчилгээ нь ард иргэддээ ойрхон,эмч ажилтнууд нь ажил хөдөлмөртэйгөө уялдсан цалин урамшуулал авах бодит нөхцөлийг бүрдүүлж ажиллана. 2018 онд өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт анх удаа 10-15 сая төгрөгөөр нэмэгдлээ. Өрхийн эмнэлгүүдийн тухайд оны эцэст ажлын гэрээг дүгнэхдээ даатгалаас санхүүжих чадамжийг харгалзах зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгөх болно.Мөн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн өрхийн эмнэлгийн эмч ажилтнуудыг улсын эмнэлэгт шилжүүлж,өөр менежментийг багийг Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллуулах зэрэг сонголтууд та бүхэнд байгааг мэдээлж байна.Цаашид эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлд энэ мэт олон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймгийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид эсэргүүцлээ илэрхийлжээ

ӨРХИЙН ЭМЧ, АЖИЛЧДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХАА ЗОГСООХЫГ ШААРДАВЭнэ онд багтаан төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөгийг ӨЭМТ-ийн эмч, сувилагч ажилчдад өгөхгүйгээр шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн Дархан-Уул аймгийн ӨЭМТ-ийн эмч нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Манай аймгийн хэмжээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг хамгийн анхан шатны нэгж болох Гос хот, Түвшин холбоо, Гэрэлтэй, Мэдс тоб, Амин холбоо зэрэг 5-н өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаа явуулж байна.

МУ –ын эрүүл мэндийн тухай хуулийн 16.2-д зааснаар Өрхийн эрүүл мэндийн төв нь хот суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна.” гэж зааснаар Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, ажилтнууд төрийн халамж, тэтгэлэг зэргээс үргэлж хоцорч байдаг. Энэ удаад ч мөн эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлж ханиад томуу, гоц халдварт өвчлөлийн үед цаг наргүй ажиллаж илүү цагийн цалин ч бодуулж авдаггүй тэднийг “энэ онд багтаан төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөгийг өгөхгүйгээр шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн өрхийн эмч, ажилчдыг ялгаварлан гадуурхахаа зогсоохыг шаардаж ӨЭМТ-ийн эмч нар хэвлэлийн бага хурал хийв.

Дээрх ӨЭМТ-үүдэд нийт 120 гаруй эмч, сувилагч болон бусад ажилтнууд ажилладагбөгөөд тэд сар тутамд нэг хүнд 1040 төгрөг буюу нэг ширхэг эмч ч авах боломжгүй өртгөөр тооцсон төсвөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэдэд хамгийн ойр ажилладаг Өрхийн Эрүүл мэндийн төвүүддээ төрөөс балга төсөв хуваарьлчихаад хувийн хэвшил нэрэн дор эмч сувилагч ажилчдын тэтгэвэрийг 250-380 мянган төгрөгийн хооронд тогтоохын зэрэгцээ аливаа тэтгэлэг, урамшуулал зэргээс хасдаг. Тэгсэн хэрнээ хувийн хэвшил шиг үнэ төлбөртэйгээр үйлчилгээ үзүүлж болохгүй, тийм нөхцөл нь ч манай улсад байхгүй энэ мэт буруу тогтолцоонд өөрчлөлт оруулах шаардлага байгааг хурлын үеэр хэлж байлаа. Иймээс төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөгөөс хасахгүй байх, улмаар ӨЭМТ-үүдийн эмч, сувилагч ажилчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулж, цалин, тэтгэмжийн асуудлыг бодитоор үнэлэхийг шат шатны төр захиргааны байгууллагуудаас хүсэж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдлагууд хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэхийг уриаллаа

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн хугацаанд зохион байгуулагддаг.

1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлсээр иржээ.

Монгол улс 1997 онд анх энэ аяны хүрээнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг байгуулж, 2004 оноос хувь хүмүүс, бүлгүүд, төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагууд аянд нэгдэж эхэлсэн байна.

Аяны зорилго нь хүчирхийллийг тэвчихгүй байхыг, нуугдмал, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүх дуугарч эхлэхийг уриалах, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хүн бүх дор бүрнээ жижиг ч болтугай алхам хийх, санаачилга гаргахыг дэмжих, хүчээ нэгтгэн ажиллах боломжоор хангах, хүн бүрийн аюулгүй байдлын хангах, эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэг, амлалтаа биелүүлэх, хуулиа хэрэгжүүлэхийг төр, засгийн газраас шаардах юм.

2017 онд дэлхийн улс орнууд “Өрх гэрийн амар амгалангаас дэлхий нийтийн энх тайван руу”, Монгол улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” гэсэн уриан дор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бол Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа Нийслэлийн бүх газар агентлагийн удирдлагуудынхаа хамт хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриаллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ИТХ-ын төлөөлөгчдийг улс төрийн албан хаагчдаас бүрдүүлнэ

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулж батлав. Үүний дараа товын дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Засгийн газар уг хуулийн төслийг буцаан татах хэрэгтэй. Энэхүү хуулийн төслийг олонхоор баталбал нэгдүгээрт УИХ-ын дарга хууль зөрчсөн болно. Хоёрдугаарт Үндсэн хуулийн цэц дээр очоод унана” гэсэн эсрэг байр суурьтай байв.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр хууль батлагдлаа. Үүгээр ИТХ-ын төлөөлөгчдийн 3/1-ийг улс төрийн албан хаагчдаас бүрдүүлэх эрх зүйн орчин бүрдэв.

Categories
мэдээ нийгэм

Барилга, хот байгуулалтын яамны хамт олон “Эрчүүд бид хүчирхийллийг зогсоож чадна” хөдөлгөөнд нэгдлээ

Барилга, хот байгуулалтын яамны хамт олон өнөөдөр цагаан тууз зүүж “Охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” хэмээн амлалт өгч “Эрчүүд бид хүчирхийллийг зогсоож чадна” хөдөлгөөнд нэгдлээ. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн турш зохион байгуулагддаг.

1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байна.

Монгол Улсад анх 1997 онд энэ аяныг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв анх зохион байгуулсан. 2004 оноос хувь хүмүүс, бүлгүүд, төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагууд энэ аянд нэгдэж эхэлсэн. Энэ хамтын ажиллагаа, түншлэл нь аяны 16 хоногийн хугацаанд өрнөөд зогсчихдоггүй, хувь хүмүүс, олон нийтийн санаачилга, бүтээлч оролцоог өдөөн сэрээж, шинэ санаа, шинэ стратегиар баяжин, шинэ түншлэл, шинэ хамтын ажиллагааг өрнүүлж, өмнөх үйл ажиллагаа, харилцаа холбоогоо өргөжин хөгжүүлж байдаг.