Categories
мэдээ улс-төр

Япон Улсаас 0,8 хувийн хүүтэй, хорин жилийн хугацаатай зээл авна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон баталлаа. Үүний дараа Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэн учраас төслийг баталлаа.

УИХ-ын чуулганы хуралдаанаар хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Засгийн газраас 850 сая ам.долларыг гурван жилийн хугацаатай олгохоор болсон. Үүний эхний санхүүжилт болох 283,3 сая ам.долларын хэлэлцээрийг 2017 оны арван хоёрдугаар сарын 5-ний өдөр гэрээг хэлэлцэн баталсан. Нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын санхүүжилтэд олгох хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Монгол Улсын Засгийн газар болон ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Япон улсаас авч байгаа зээл нь 20 жилийн хугацаатай 0,8 хувийн хүүтэй, сайн нөхцөлтэй зээл авч байгаа нь эдийн засаг хүнд байгаа үед томоохон ач холбогдолтой, үр дүнтэй байна байх. Энэ зээлийг эдийн засгийн ямар салбарт, ямар зориулалтаар зарцуулах вэ. Ер нь зээлийн талаар манай нийгэмд буруу ойлголт их төрүүлж байна. Зээл, хөрөнгө оруулалтын үр дүнгээр хөгждөг, бүтээн байгуулалт хийдэг. Зээл авсан иргэдийг муухай харагдуулах гэсэн бодлогогүй, захиалгатай зүйлсийг тавьж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Зээлийг тооцоотой судалгаатай, эргэн төлөлттэй авдаг, олгодог зүйл.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Энэ зээл төсвийн зардлыг санхүүжүүлэхэд зориулж байгаа. Бид төсвийн зардлыг жилийн арилжааны банкнуудаас зээл авбал 14-18 хувийн хүүтэй санхүүжүүлж ирсэн. Үүнд төлж байгаа хүү нь 600 гаруй тэрбум төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүгээ бууруулж зээл авч байна гэсэн үг. Энэ зээл ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа зээл юм. Төр арилжааны банкнуудаас зээл авахгүй байх боломжийг бүрдүүлж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Аж ахуй нэгж байгууллага зээл авдаг. Зээл авсан хүмүүсээ, аж ахуй нэгжээ хулгайч, луйварчин шиг цоллоод байдал их гарч байна. Зээл аваагүй хүмүүсийг ч үүндээ хамруулж, харлуулах гэсэн байдал маш их гарч, үргэлжилж байна. Хүү багатай, урт хугацаатай зээл авч байгааг дэмжиж байна. Гэхдээ Монголын ард иргэдэд наалдах, үр өгөөжийг нь юу гэж харж байна вэ. Ямар төсөлд зарцуулах, үр өгөөж нь юу байх, ажлын байр нэмэгдэх үү.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Энэ зээл нь төслийн зээл биш учраас Япон улсын компаниуд орж ирэхгүй, зөвлөх үйлчилгээ хийхгүй. Харин 2018 оны төсөвт суусан зардлуудыг санхүүжүүлэх юм. Үүнд ямар нэг төсөл санхүүжихгүй. Харин үүнийг хийхийн тулд бид ОУВС-ийн хөтөлбөрийн цаана Монгол Улсын хөгжлийн түнш болон АНУ, Солонгос, БНХАУ, Дэлхийн банк зэрэг олон орны хамтын ажиллагаа өргөжиж байгаа.

Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хооронд байгуулсан төсөв, нийгэм болон эдийн засгийн санхүүжилтийн хэлэлцээрийг хэлэлцэж баталъя гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн 77.3 хувь нь дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Азай буурлуудад ээлтэй “Алт-Болд” төв

Жавар тачигнан хацар хайрч, хотын утаа хоолой гашуун оргиулсан өвлийн энэ өдрүүдэд нийслэлд амь­дарч буй хэн бүхэн цэн­гэг агаар, халуун дулаан орчныг хүсдэг билээ. Ийм нэ­гэн газар бол “Алт-Болд” ахмадын асаргаа, сувилгаа, амралтын цогцолбор юм. Улаан­баатараас зүүн тийш ердөө 26-хан км зайд байрладаг тус төвийн нэг өдрийг сурвалж­­лахаар өглөө эртлэн зо­рилоо. Налайхын дөнгөж наах­­на Баянзүрх дүүргийн XI хороо буюу Хонхорт “Алт-Болд” төв үйл ажиллагаа явуулдаг юм байна. Авто за­маасаа холгүйхэн цэлгэр том хашаанд гурван давхар цомхон ногоон байшин дүнхийнэ. Үүднээсээ авахуулаад л эдний үйлчилгээ өөрийн эрхгүй дотно сайхан мэдрэмжийг тө­рүүлэв. Зохион байгуулагч бүсгүй О.Мишээл биднийг найрс­­гаар угтлаа. Энэ үед 09.00 цаг болж байсан бо­ло­хоор амрагчид өглөө­ний­хөө ундыг уугаад дөнгөж дуусаад байв.

“Алт-Болд” төв нь өвөл­дөө 40, зундаа 52 хүн хү­лээн авах хүчин чадалтай гэнэ. Биднийг очиход битүү хүнтэй байв. Яагаад ингэж их хүн зорьж ирдгийн нууц нь ерөөсөө үйлчилгээндээ байдаг юм байна. Дээрээс нь жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулд­гаас гадна ахмад, өндөр наст­нуудыг тусгайлан асард­гаараа бусад амралт, сувил­лын газруудаас онцлогтой ажээ. Энд дан ганц ахмадууд гэлтгүй жирэмсэн эхчүүд, хүү­хэд багачууд гээд бүхий л насныхан зорьж очдог юм билээ.

Ясны шөлтэй хоол зооглож, үнэ төлбөргүй эмчилгээ сувилгаа авах боломжтой

Малын сүү, сааль татарсан өдийд “Алт-Болд” төвийн амрагчид өрөм, сүүгээр та­сардаггүй бололтой. Шинэ­хэн өрөм, сүүтэй цай, тогооч нарын барьсан амттай талх, боорцог ширээ чимнэ. Тэд гэрээтэй ажилладаг малчдаасаа цагаан идээгээ базаадаг гэнэ. Амрагчдынхаа хоолны цэсэнд улиралаасаа хамааран аарц, тараг, гүүний саам зэргийг нэмжээ. Эднийх сувилалын газруудын стан­дартын дагуу өдрийн та­ван хоолтой бөгөөд бүх хоо­лоо ясны шөлөөр хийдэг байна. Доод тал нь зургаан цаг буцалгаж гаргаж авсан ясны шөлтэй хоол амрагчдын ядаргааг аргагүй сайн тайлдаг юм билээ. “Хүүхэд, хөгшидийн хоол боловсруулах үйл ажиллагаа яг ижилхэн байдаг. Тиймээс аливаа хурц хоол хүнс ид­вэл амархан хямардаг талтай. Тиймээс бид өөх, тос бага­тай, шингэц сайтай хоол, хүнсийг эрхэмлэдэг. Манайд бусад сувиллын газруудыг бодоход харьцангуй тамир тэнхээ муутай, асаргаа шаард­­лагатай хүмүүс их ир­дэг. Тиймээс тэдэнд гаднаас нь асаргаа сувилгаа хийхийн зэрэгцээ дотроос нь шим тэжээлтэй хоол өгөх нь нэн чухал. Бид ямар ч хоолоо усаар хийдэггүй. Зөв­хөн ясны шөлөөр хийдэг бо­лохоор ядруу хүмүүс маань амархан тэнхээрдэг. Бид үйлчлүүлэгчдийнхээ онц­логт тохируулан тус­гай­лан зоог бэлтгэж өгдөг. Тухайлбал, хоолны дэглэм ха­туу баримталж байгаа, чихрийн шижин, хагалгааны дараах эмчилгээтэй хүмүүс гэж байна. Мөн дөнгөж бор хоолонд орж байгаа нялх бал­чирууддаа зориулж то­хир­сон хоол, хүнсийг нь бэлт­гэдэг дээ” гэж тогооч Б.Өлзийсүрэн ярилаа.

“Алт-Болд” төвийн асар­гаа, сувилалд ахмадууд үнэ­хээр ам сайтай байдаг юм билээ. Сувилал талдаа хоол хүнснээс гадна уламжлалт болон физик эмчилгээний үр дүнг ихэд олзуурхан ярьж байсан. Тус төв нь мэдрэлийн болон уламжлалтын гэсэн гурван их эмчтэй бөгөөд эмчилгээ нь үнэ төлбөргүй аж. Мэдрэлийн эмч нь эрүүл мэндийн салбарт нэрээ там­галж чадсан док­тор дэд профессор Д.Өлзий­баяр Б.Номиндалай нар ажээ. Мэдрэлийн их эмч Б.Номиндалай нь долоо хо­ногтоо 2-3 удаа ирж амрагч бол­гонтой уулзаж, үзлэг хийж, зөвлөгөө өгдөг байна. Харин уламжлалтын эмч М.Буян­хишиг өдөр бүр эндээ байдаг гэсэн. Мөн бага эмч сувилагчтай бөгөөд 24 ца­гаар ээлжлэн ажилладаг бай­на. Тус төвд амарч, су­вилуулж байгаа хүн бүр өдөр болгон хэсэгчилсэн болон бүтэн биеийн барианд орж, чийрэгжүүлэх массаж хийлгэх боломжтой. Мөн эмч үзээд шаардлагатай хү­­мүүстээ бумба тавьж, цэ­гэн бариануудыг ч хийдэг байна. Физик эмчилгээний тухай эднийх есөн төрлийн ап­па­ратаар үйлчилж байлаа. Хаш­чулуун ор, төөнүүр, за­хын мэдрэлийн эсүүдийг сэр­­гээх соронзон эмчилгээ, шар­лагын болон массажны ап­па­ратуудтай. Хашчулуун ор нь нурууны өвчтэй хэс­гүүдийг мэдэрч дулааны аргаар эмчилдэг бол төө­нүү­рээр давсаг султай, шээсний гарц муудсан зэрэг оноштой хүмүүсийн зовиурыг тун сайн анагаадаг юм билээ. Физик эмчилгээний сувилагч .Б.Дарьсүрэн ярихдаа ”Ма­найд голдуу өндөр настай ахмадууд ирдэг. Тэдний бөөр нь өвдөх, даралт нь ихсэх нь элбэг. Тиймээс хашчулуун орон дээр удаан хугацаагаар хэвтүүлж болохгүй. Даралт өндөртэй хүмүүс халуун орон дээр хэвтээд байвал улам да­ралт нь ихэснэ шүү дээ. Мөн соронзон эмчилгээ бол захын мэдрэлийн эд эсүүдийг сэргээхээс гадна ой тогтоолт сайжруулах, ходоод гэдэсний хямралыг анагаах, тархи, зүрх судасны өвчин гээд олон эмгэгчийг эмчлэхэд өндөр үр дүнтэй байдаг. Шарлагын эмчилгээ маань бүх төр­лийн үрэвсэл, өвдөлтийг ана­гаадаг. Ханиадтай хү­мүүс маань чийрэгжүүлэх барианд орсны дараа цээжээ шаруулахад хурдан эдгэрдэг байх жишээтэй” гэлээ. Амрагч­дын хувиар тус төвд нэг өдөр өнжихдөө бүтэн биеийн барианд орж, бумба тавиуллаа. Дараа хашчулуун орон дээр 15 минут хэвтэн эмчлүүлэв. Яг өвчтэй хэс­гүүдэд очиж төөнөхөд нуруу­ны өвдөлт аяндаа намдаж бай­сан шүү. Дараа нь шар­лагын аппаратаар хэсэг ну­руугаа шаруулав. Түүнчлэн массажны аппаратаар хуян­гаа тараалгаж, соронзон эмчилгээний ид шидийг үзэв. Уламжлалт болон фи­зик эмчилгээнд орсны дараа алжаал тайлагдаж, бие хөнгөрөөд хачин сайхан болов. Ингээд ясны шөлтэй хоол зооглоход өөрийн эрх­гүй хөлс бурзайж, хур ядаргаа гадагшилаж байлаа. Хотын дуу чимээ, утаа униараасхол, нам гүмхэн халуун дулаан орчинд тухлахын хажуугаар тэжээллэг, эрдэс бодисоор бая­жуулсан хоол хүнс хэрэг­лэж, шаардлагатай эмчлгээ, сувилгааг авч байгаа хэн бүх­ний бие эрхтний эрчим хүч нэмэгдэхгүй байхын юм билээ.

Тус төвд найм хонож буй өндөр настан Б.Аасүрэн гуай хоёр ач, найз хөгшинийхөө хамт амарч байгаа аж. Түү­ний сэтгэгдлийг сонсоход “Би нэлээд олон амралтын га­зарт амарч байлаа. Эднийх хүүхэд, хөгшчүүлд тохирсон эмчилгээ сувилгаа сайтай юм байна. Настай улсуудад эрүүл мэндэд нь тохирсон хоол ундтай. Хамгийн гол нь үйлчилгээ нь их таалагдаж байна. Эмээ нь насаараа үйл­­чилгээний байгууллагад ажил­ласан болохоор үүнийг л их чухалчилж хардаг. Өндөр настнуудад зориулж ариун цэврийн өрөө нь ойрхон. Бие засаад сууж, босоход нь туслах үүднээс түшүүртэй юм байна. Энэ мэтчилэн ахмадуудаа бодсон нь шууд харагдаж байна. Манай хоёр хүүхдийн бага нь ханиадтай ирээд шарлага, чийрэгжүүлэх массаж зэрэг эмчилгээ хийлгээд сайхан болчихлоо. Дахиад хүүхдийнхээ хичээл сургуулийг амрахаар ирнэ гээд найз хөгшинтэйгээ яриад сууж байна. “Алт-Болд”-ынх хүүхэд шуухадтай нь хүлээгээд авдаг юм бай­на. Алт-Болд-ыгоо зо­ри­но доо” гэв. Түүний найз эмээ нэмж хэлэхдээ “Бид нар найзуудаараа баг бүр­дүү­­лээд амардаг юм. Ирэх ха­вар арвуулаа болж ирнэ. Олуу­лаа амрахаар сайхан байдаг юм” гэлээ.

“Алт-Болд”-од анх удаа амарч буй З.Амгаланбаатар гуай гэргийнхээ хамт иржээ. Тэд БЗД-ийн нэгдүгээр хо­рооных ч утаанаас зайдуу Жан­чивланд амьдардаг юм байна. Хорооноосоо энэ амралтын газрын талаар мэ­дээд, зам дагуу гэхээр нь зориод иржээ. Тэд “Амралт, сувилал хоёрыг хослуулаад настай улсуудад тохирсон үйлчилгээтэй сайхан газар байна. Бид хоёр урьдаас люкс өрөөг нь захиалж бай­гаад ирсэн. Дотроо их тохилог юм байна. Гавьяа­ныхаа амралтад гарсан хү­мүүс наашаа ирэхэд сай­хан юм байна гэж хэлье. Улсаас биднийг жилдээ нэг удаа амралт, сувилалд амрах эрх өгч байгаа шүү дээ. Тэр боломжоо хөгшин бид хоёр ашиглаад сайхан амарч, сувилуулаад авлаа. Су­виллын газрууд тав хоног сувилдаг. Эднийх арав хоног сувилдаг нь тун аятайхан юм байна. Бас эмч ирж үз­дэг. Ер нь хүн нас ахих ту­сам зүрх судасны өвчтэй бол­­дог. Тиймээс бариа за­сал, цахилгаан эмчилгээг нь хийл­­гээд үр дүн сайхан байна” гэв.

Алсын зорилгоо биелүүлж яваа хөдөлмөрч, бүтээлч хамт олон

“Алт-Болд” төвийн үүдээр оронгуут л ногоон орчин угтах нь үнэхээр тааламжтай. Давхар бүрээ цэцэгжүүлж, цэвэр цэмцгэрийг дээдэл­жээ. Гадаах хашааны юм бүхэн нь эмх цэгцтэй гэж жигтэйхэн. Хэдэн жилийн өмнө энэ хэсэг газар цэ­лий­сэн, сул шороо ихтэй тал байжээ. Тэгвэл өнөөдөр энд ойжуулалт хийгдэж, цөөрөм баригджээ. Зундаа хашаан доторх болон гад­нах өнгө шууд ялгарч харагддаг байна. Учир нь тэд хаврын урь орохоос эхлээд усалгаа маш сайн хийсний ачаар ногоон орчныг бүрдүүлж чаддаг гэнэ. Ногоон зүлгэн дээр амрагчид налайж, хөзөр, даалуу тоглон цагийг зу­гаатай өнгөрүүлэх бүх бо­ломжийг бүрдүүлжээ. Дээ­рээс нь бүжгийн талбай бо­лон ил гал дээр мах шарж идэх зориулалтын сарав­чуудыг ч бүтээн байгуулсан байна. Эндээс “Алт-Болд” төвийнхөн нэлээд бүтээлч, хөдөлмөрч хамт олон гэдэг нь шууд харагдаж байлаа. Ирээдүйд Нөхөн сэргээх төв, Мэдрэл судлалын төвтэй болох том зорилт тавин ажиллаж байгаа тус төвийн менежер Г.Од “Ма­най энэ газар хад чулуулаг, бужиг­насан шо­роо­той газар бай­­­сан. Арч­лаад тордоод ирэхээр өнгө зүс нь хачин гоё болж байгаа. Бид аль болох амрагчдынхаа ая ту­хыг хангахын төлөө ажил­­­лаж, үйлчилдэг. Манайх өвөл бо­лон зуны байшинтай. Эндээ 52 хүнийг хүлээгээд авчихдаг. Гэр бүл, найз нөх­дөөрөө ихэвч­­­­лэн амар­даг хүмүүс зуны байшинг маань захиал­даг л даа. Ер нь бид амрагчдаа нэг гэр бүл шиг байлгаж, халуун дулаан уур амьсгалыг тү­рүүлж, цагийг зугаатай өнгө­­рүүлэхийн тулд олон ажлуудыг санаачилдаг. Үүний нэг бол зуны улиралд хонь хорхоглож, ам­­­рагч­даа бүгдийг нь хам­­­­­руулан оролцуулдаг байгаа. Нэг хэсэг нь хо­нины гэдэс арилгаж, ам­талж байхад нөгөө хэ­сэг нь хорхогоо хийж байх жи­­­шээтэй. Ингээд бэ­лэн бол­сон хорхогоо зүл­гэн дээ­рээ тойрч сууж бай­гаад л зооглоцгооно шүү дээ. Ер нь бол хүн нас ахиад ирэхээр сэтгэл зүйн хямралд ордог гэсэн су­далгаа байдаг. Иймд ах­мадуудаа энд байх цөө­хөн хэдхэн хоногт ар гэ­рийнх нь элдэв бодлоос нь салгаж, үеийнхэнтэй нь ярил­цаж, цагийг хөгжилтэй өнгө­рүүлэх бүх боломжоор нь хангахыг эрхэмлэдэг” гэлээ.

Үнэхээр тус төвд өнжиж байхад азай буурлууд маань аз жаргалтай, баяр баяс­галантай байдаг юм билээ. Нар ээсэн сандал дээр цэнгэг агаар амьсгалан хуучилж суугаа ахмадуудын царай зүс гэрэлтэй, сэтгэл санаа тэнэгэр байлаа. Буу халан суугаа хөгшчүүлд тус төвийн ажилтнууд анхаарал халамж тавих нь яг л үр хүүхдүүдийг нь орлох мэт.

Оройн хоолны дараа заалныхаа ширээ сандлыг зайчилж бүжгийн талбай гарган амрагчид цагийг хөг­жил­тэй өнгөрүүллээ. Үсээ бур­жийлгаж, өндөр өсгийт углаж, даашиз өмссөн өндөр настнууд залуугийн ганган дэгжин явсан гэдэг нь тод харагдана.

Тэд вальсийг ба­руун, зүүнгүй эргэж, ихэд хөг­жилдөцгөөж байсан юм. Эмчилгээ, сувилгаатай хү­мүүсийн хувьд өдөр бүр ийм арга хэмжээ зохион байгуулах нь тохиромжгүй бөгөөд долоо хоногтоо 1-2 удаа оройн бүж­гийг зөвшөөрдөг гэж зохион бай­гуулагч Мишээл ярьж байв.

“Алт-Болд” төвийн үйл­чилгээний бас нэг онцлог нь өглөө бүр амрагч болгоныхоо шөнө яаж хоносон, эмчилгээ, сувилгаа, хоол хүнс нь хэр­хэн тохирч байгааг асууж, анхаарал тавьж байлаа. Мөн хоол тэжээл, эрүүл мэндийн зөвлөгөөг өгч энэ талын боловрол олгож байгаа нь амрагчдад тун их таалагдаж байсан юм.

“Ахмадын асаргаа, сувилгааны хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох ёстой”

Тус төвийг сэтгэцийн их эмч Алтангэрэлийн Болд болон түүний гэргий мэд­рэлийн их эмч Даш­доржийн Өлзийбаяр нар үүсгэн бай­гуулжээ. “Алт-Болд” төв нь мэдрэлийн амбултори эм­нэлэг, ахмадын асаргаа, су­вилгаа, амралтын газар гэсэн хоёр салбартай. 1994 онд анх мэдрэлийн эмнэлгээр үүд хаалгаа нээсэн амбултори эм­нэлэг нь Баязүрх дүүр­гийн нутаг дэвсгэр, Стан­дартчилал хэмжилзүйн үндэс­ний төвийн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг юм. Энэ эмнэлгийг нярай хүүхдээс өгсүүлээд бүх насныханд үйлчилж, тархины цахилгаан бичлэг хийдгээр нь хүмүүс андахгүй биз ээ. Харин “Алт-Болд” ахмадын асаргаа, сувилгаа, ам­ралтын төвийнхөө ба­рилгыг 2007 онд барьж ашиг­лалтад оруулсан байна. Ин­гээд ахмадын асаргааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэтэл тэдэнд том бэрхшээл тулгарчээ. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх хууль эрх зүйн орчин нь манайд бүрдээгүй байсан аж. “Алт-Болд” ахмадын асар­гаа, сувилгаа, амралтын төвийн үйл ажиллагаа хэрхэн эхэлж байсан түүхийн талаар Д.Өлзийбаяр эмч ярихдаа “2005 онд БЗД-ийн Засаг дарга Э.Мөнх-Очир гэж хүн байлаа. Бид ахмадуудад үйл­чилдэг, тэр дундаа ас­рамжийн газар байгуулах хүсэл­тэй байгаагаа түүнд уламжилж, газар олгож өгөхийг хүссэн юм. Тэрбээр бид­ний саналыг нааштайгаар хүлээн авч газраа судлаад ир гэв. Нөхөр бид хоёр эмнэл­гийн хүн болоод ч тэр үү аливаа эрсэдлээ тооцоолж дэд бүтцийг хамгийн түрүүнд тооцоолсон. Хэрэв автозам хаагдаж, боогдох юм бол төмөр замтай ойр гэдэг үүднээс энэ газрыг сонгосон юм. Тэгэхэд БЗД-ийн Засаг дарга асан Э.Мөнх-Очир биднийг дэмжиж тусалсан явдалд одоо ч баярлаж явдаг даа. Анх барилгынхаа зураг төслийг асрамжийн газрын зориулалтаар хийлгэсэн. Ингээд тэр үеийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамаар хөөцөлдсөн боловч ма­­най улсад хувийн асрамж байгуулах эрх зүйн орчин бүрдээгүй байна гэсэн. Харин манайхыг амралт, су­вил­лын чиглэлээр ажил­луул­бал яасан юм бэ гэж яамныхан хэлсэн. Амарч байгаа ахмадууд маань стресс ядаргаагаа тай­лахаас гадна хэсэг зуур ч гэ­сэн ар гэрийнхээ элдэв зов­лонгоос ангижирч байгаа нь сайхан боловч нөгөө талаас эмнэлгийн үйлчилгээ авахдаа гол нь биш юм байна. Тэдний хумсыг нь аваад өгчихдөг, үсийг нь угааж, хувцасыг сольж, усанд оруулж, ариун цэврийг нь сахиулах нь чухал юм байна гэдэг нь явц дунд харагдсан. Өнөөдөр манай нийгэмд асаргаа авах хүсэлтэй ахмадууд олон бий. Гэвч энэ үйлчилгээнд зориулагдаж буй зардлыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангаас хэрхэн яаж гар­гахыг зохицуулж өгөх шаард­лагатай. Эцэг, эхээ 20, 30 жил асарч байгаа хүмүүс байна. Бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гар асаргаа их шаар­дагддаг. Байнгын асар­гаатай байгаа хүмүүсийн дэргэд заавал нэг хүн байх хэрэгтэй болно. Бид 2004 оноос хойш бүтэн гурван жил гэрийн асаргаагаар ажиллаж үзсэн. Гэрийн асаргаа маань эрүүл мэнд, даатгалын сантай хол­­богдоогүй. Зардал нь хувь хүний халааснаас гардаг болохоор тухайн айл­даа ч хэцүү төлбөрөө авч чадахгүй бидэнд ч амар­гүй байсан. Бас нөгөө айл асаргаа үзүүлж байгаа манай ажилтнаар гэрээ цэвэр­лүүлэх гэж зүтгэнэ. Элдэв янзаар чангааж, татна. Нэг айлд очоод өдөржин байгаа ажилтны маань ар гэрээс хардалт, сэрдэлт гээд асуу­дал үүснэ. Энэ зэрэг бэрх­шээлүүдээс болоод бид гэрийн асаргаа үйлчилгээ явуулахаа больсон. Гэхдээ энэ төрлийн үйлчилгээг авах хэрэгцээ нь байгааг мэдэр­сэн. Өнөөх 60, 70-аад оны их төрөлтийн үеийнхэн тэтгэвэрт гараад эхэллээ. Одоо сургууль, цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг гэж ярьж байгаа ч удахгүй энэ ахмадуудаа яах ёстой юм бэ гэдэг асуудал тулгамдана. Залуу­чууд нь ажлаа хийхгүй ахмадуудаа гэртээ хараад суух юм уу. Тэгэхээр төр бодлогоо гаргавал манайх шиг жижиг аж ахуйн нэгжүүд ахмадын асаргаа, сувилгааг зохион байгуулаад хийхэд болох юм байна. Ер нь бол 40-өөс дээш насныхан нас­лалтын даатгал төлдөг байх ёстой. Тэр төлсөн хэм­жээ­гээрээ эргээд нас ахиад авч хэрэглэх хэрэгтэй. Гэ­тэл манайхан өтөлсөн хой­ноо хуримтлуулсан хөрөн­гөгүй зүдэрч ядарч байна шүү дээ. Би өнгөрсөн зур­гадугаар сард Канадад мэд­­рэлийн чиглэлээр ху­ралд суусан юм. Зориуд Ван­куверийн төвд байдаг ахмад настны асрамжийн газарт очиж үзсэн. Гурван давхар хэрнээ их цэмцгэр, хүмүүсийн тав тухтай орчныг бүрдүүлж өгсөн байсан. Тэнд тогтвортой суурин ажилладаг хүмүүс нь сувилагч. Харин асаргаа үзүүлдэг хүмүүс нь цагийн ажилтнууд юм билээ. Нас ахисан юм уу хөгж­лийн бэрхшээлтэй хү­мүүс тэндээс очиж тогтсон асаргаа сувилгаа авдаг. Сувилгаа асаргаа гэдэг бол зөвхөн эм өгөхийн нэр биш. Дээр хэлсэнчилэн асаргаа шаардлагатай хүнийхээ ам­ны хөндийн ариун цэв­рийг сахиулж, толгойг нь угааж, хумсыг нь авч, усанд оруулж, хувцас хунарыг нь угааж цэвэрлэхийг хэл­нэ. Энэ бүхэнд тухайн асар­гаа үзүүлж байгаа хү­нээс ур чадвар, тэвчээр шаар­­дагддаг. Манайд ур чад­вартай, тэтгэвэрт гарсан сувилагч нар олон байгаа. Заавал бүтэн найман цагаар ажиллах албагүй. Дөрөв, дөрвөн цагаар ажиллаад, ца­лингаа хувааж аваад явах юм бол хэн хэн нь сэтгэл хангалуун, ажлын байртай, ар гэр амьдрал ахуйгаа зо­хи­цуулаад явна шүү дээ. Дэлхийн жишигт асрамжийн газрууд зэрэглэлтэй байдаг. Ямар нэгэн өвчин байхгүй, онцгой асаргаа сувилгаа шаард­лагагүй ахмадууд амралтын газарт амьдардаг. Даатгал төлсөн мөнгөнийхөө хэмжээгээр люкс өрөөндөө байх уу, энгийн өрөөндөө байх уу, стандарт өрөөндөө байх уу гэдгээ сонгодог. Дараагийнх нь тусламж үйл­­чилгээ шаардлагатай, тэр­­гэнцэртэй явдаг, хөл гар муутай тодорхой бэрх­шээл­тэй хүмүүстээ үйлчилдэг асрамжийн газар гэж байна. Гурав дахь хувилбар нь гэр­тээ байдаг хэрнээ өдөр тутамд зөөлгүүлээд очдог асаргаа, сувилгааны өдөр өнжүүлэх юм. Манай улс хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгоод өгвөл ажиллах хүчний нөөц бололцоо байгаа” гэв.

“Алт-Болд” төвийнхөн ахмадын асаргааг гардан хийх тал дээр нэлээд тур­шилга хуримтлуулсан хамт олон. Биеэ аваад явах чадваргүй ахмад настан болон гэр бүлийнхэн нь хол байдаг байдаг хүмүүст асаргаа үйлчилгээг үзүүлдэг байна. 2014 онд тус төвийг дөнгөж нээгдээд байхад “Танайхыг хичнээн удаан хүлээв ээ” гэсээр асаргаа хүссэн хүмүүс ихээр хандаж байсан гэнэ. Энэ тухай менежер Г.Од тодруулахдаа “Ганц охин нь Японд амь­дардаг эмээ манайд бүтэн зургаан сарын турш асруулж байлаа. Тэр эмээ 90 хүрч бай­сан болохоор насны до­ройтолд орчихсон байсан. Тэг­сэн мөртлөө ясны нямбай хүн байж билээ. Өглөө бүр хувцсаас сольж өмсдөг байв. Ийм асаргаатай хүмүүст заа­вал нэг хүн зориулагддаг. Өглөө босохоос нь өгсүүлээд хувцаслаж, хооллож, эмийг нь уулгаж, эмчилгээг нь хийлгэж, гадаа салхилуулж, бие засуулах, ариун цэврийг нь сахиулах гээд бүхий л асаргааг хийдэг. Манай төвд удаан хугацаанд асруул­сан бас нэг өвөө байсан. Хоёр түнхээ хугалаад явж чаддаггүй байсан тэр өвөө­­гийн охин гадагшаа сур­гуульд явахаар болж манайд хандсан юм. Ирээд 14 хоногийн дараа зовиур нь багассан. Хоёр сарын дараагаас өөрөө явж чаддаад зогсохгүй шатаар өгсч, урууддаг болсон. Энэ мэтчилэн нэг, хоёр сараар асруулах хүсэлтэй хүмүүс байнга ирдэг. Асаргааны хувьд улсаас хөнгөлөлт байдаггүй учраас ар гэрийнх­нээс нь төлбөр гарах болно. Тиймээс бид хамгийн доод үнээрээ үйлчилдэг. Мөн саажилттай хүмүүсийг өөр сувиллын газрууд авдаг­гүй. Харин манайд ийм бэрх­шээлтэй хүмүүс хэд хэд бай­гаа. Зарим нь манайхаас асар­гаа авч байхад асрах хүн­тэйгээ хамт ирсэн үйлчлүүлэгч бас бай­на. Сур­гуулийн амралтын үеэр дунд ангийн хүү эмээ­гээ асрахаар ирсэн байх жи­шээтэй. Тэдэнд тусгайлан үйлчилгээ асаргаа үзүүлж, хоолыг нь зөөж, өрөөнд нь ирж сувилгааг нь хийдэг” гэсэн юм.

Ер нь бол ахмадуудын ааш аягийг олоход бэрх гэд­гийг хүн бүр мэднэ. Тэгвэл эдний хамт олон өвөө, эмээ нараас дандаа “Баярлалаа” гэдэг үгийг сонсдог юм билээ. Ахмадуудаас талархалын үг сонсоно гэдэг маш том урам. “Алт-Болд”-ынхон өндөр наст­­­нууддаа хүндэтгэлтэй хан­даж, үгийг нь анхааралтай сонсч, чин сэтгэлээсээ харил­цан ярилцдаг юм байна. Ин­гээд ирэхээр буурлууд маань ихэд баярладаг ажээ. Ахмад настнуудаа баяр­луул­даг ийм буянтай үйл эрх­­лэхийн зэрэгцээ нийг­мийн ха­риуцлагаа ч ухамсар­тай­гаар “Алт-Болд”-ынхон бие­лүүлдэг байна. Баянзүрх дүүр­гийн XI хорооны Хүүхэд хөгж­лийн төвийг байрыг зас­варлан тохижуулж өгчээ. Мөн хүүхдийн баяраар тус хо­рооны багачуудыг баяр­луул­даг байна. Түүнчлэн аж­­­лын байр хомс Налайх, Хон­­хорын 20-иод иргэнийг аж­лын байраар ханган улсад тат­вараа цаг тухайд нь төлж, хуу­лийн дагуу шударгаар үйл ажиллагаагаа явуулж буй аж.

“Алт-Болд” асаргаа, суви­лал, амралтын төв ахмад, өндөр настнуудыг өдрийн арав­хан мянган төгрөгөөр амарч, сувилуулаад бүтэн жи­­­­лийнхээ тэнхээг авах бо­лом­жийг олгодог байна. Нэг хо­ногийн амралтын төлбөр нь 30 мянган төгрөгийн үнэтэй байдаг гэнэ. Арав хоногийн төлбөр нь 300 мянган төгрөг болно гэсэн үг. Энэ төл­бө­рийнхөө 200 мянган төг­рөгийг нь халамжийн тө­вөөс буцаагаад авчихдаг гэж бодохоор ердөө 100 хан мянган төгрөгөөр арав хо­ног амарч, сувилуулах юм бай­­на. Жилдээ нэг удаа улсаас үзүүлж байгаа энэ тус­­­ламж үйлчилгээгээ ах­мадууд алдалгүй эдлэх ёс­той. Ингэхдээ яг өөрсдөдөө шаардлагатай үйлчилгээ, су­вилгаа авчихдаг тийм газрыг сонгох нь чухал билээ. Тав тухтай, өөриймсөг бүхнийг танд зөвхөн “Алт-Болд” төв мэд­­рүүлнэ. Эднийх цөөхөн ор­той, байнгын үйлчлүүлэгч олонтой болохоор урьдчилж захиалга өгөх ёстой юм би­лээ шүү. Өрөөнүүдийн хувьд VIP, энгийн, асаргааны гэсэн зэрэглэлтэй. VIP гурван өрөө нь тус бүр хоёр хүний ор­той. Тусгай үйлчлүүлэгчид ам­ралтын тусдаа өрөөнд ту­халж, хоолоо эндээ зөөл­гөж зооглодог. Тус төвд амарч, су­вилуу­лахыг хүссэн хэн бү­хэн 88088898, 99233080, 91918933 дугаарын ут­саар холбогдож, захиалгаа өгөх боломжтой.

П.БАЯР



Categories
мэдээ улс-төр

Л.Болд “Зөрчлийн хуульд засварлах зүйл олон бий”

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Үндсэн хуулийн цэцийн долоодугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Тус дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарснаас хойш 15 хоногийн дотор УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой юм байна. Энэхүү дүгнэлт нь Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсний “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийг цэцийн хуралдаанаар хэлэлцэн Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Зөрчлийн тухай хуулиар 5.8.5 дахь хэсэг нь бусдын жагсахыг хориглосон заалт биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг яагаад бусад этгээд татан оролцуулж байна вэ гэдэг санал Монголын хараагүйчүүдийн холбоо болон бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ашигладаг байдал ажиглагдаж байна, үүнийг таслан зогсоох өгөх хүсэлтийг УИХ-д ирүүлсэн. Жагсаал, цуглааны явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нам улс төрийн хүчин оролцуулсан тохиолдолд Зөрчлийн хуулиар шийтгэнэ гэж заасан.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг улс төрийн нам, хэсэг бүлэг этгээд жагсаалд татан оролцуулсан тохиолдолд ямар нэг эрсдэл учирвал яах вэ гэдэг зүйл амьдрал дээр гардаг. Зөрчлийн хууль дээр ганцхан энэ биш өөр олон гомдол, санал ирж байна. Хууль амьдрал дээр хэрэгжээд эхлэхээр арга хэмжээ давхарддаг, субъектийн давхардал, онгорхой үлдээдэг, амьдрал дээр хэрэгжүүлэхэд төвөгтэй зүйл их гарч байна гэдэг саналыг хэлж байна. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон бусад хүмүүс Зөрчлийн хуулийн хэрэгжилтийн явцад гарч байгаа хүндрэл, бэрхшээлүүдийг судалж, холбогдох байгууллагуудаас санал авч, засварлах, зохицуулах зүйл байгаа гэдгийг сануулж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Зөрчлийн хуульд тодорхой зөрчилтэй зүйлүүд бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн, сэтгэцийн өвчтэй гэдэг тодорхойлолтод нэгтгэн оруулсан нь хүний эрх талаасаа буруу болоод байгаа юм. Цаашид бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүний эрх, иргэний эрх талаас нь ялгаварлан гадуурхахгүй байх ойлголтыг парламент дахин гаргаж болохгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалсан, бэртэж гэмтэхгүй байх тал дээр жагсаал зохион байгуулж байгаа тухайн нэгж нь хариуцлага хүлээх ёстой.

Үүний дараа Зөрчлийн тухай хуулийн тавдугаар зүйл Үндсэн хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээж авах нь зүйтэй гэж үзэж, Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон улсын улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Уянга: ”Монгол хүнийг монголоороо бай” гэсэндээ Дал тайлахуйн ухаан оршсоор байгаа юм

Цагаан далыг шатаалгүйгээр хүний заяа төөргийг тайлдаг Х.Уянга бүсгүйн увидсыг монголчууд төдийгүй ази, европын улсууд хэдийнэ мэддэг болжээ. Түүний энэ чадварыг европын орнууд ихэд үнэлсэн байна. Улмаар өөрийн холбоондоо нэгдэх саналыг хүртэл тавьсан гэдэг. Харин Х.Уянга одоогоор ямар нэгэн холбоо, төрийн бус байгууллагад харьяалагддаггүй юм билээ. Түүнтэй уулзаж, монголчуудын эртний өв соёл болох цагаан далыг шатаалгүй тайлдаг увидасынх нь нууцаас хуваалцсан юм.


-Далыг эрт дээр үеэс хүндэт идээ гэж дээдэлж ирсэн учир холбогдлын талаар ярилцлагаа эхэлмээр санагдлаа…

-Монгол түмэн маань хонины далыг “Баруун хааны дал”, “Дал дөрвөн өндөр” гэж идээ шүүсний дээж хэмээн хүндэтгэлтэй ханддаг. Дал бол бүтэн шүүсийг төлөөлдөг их идээ юм. Тэр ч утгаараа чанасан далны ясанд эмэгтэй хүн, балчир хүүхэд хүрч болдоггүй, далны махыг далуулаа хүрт гэхчлэн идэж байгаа шүүс нь хүртэл нарийн учиртай болохыг бидний өвөг дээдэс ойлгуулаад хэлчихсэн байна. Арга талаас нь аваад үзэхээр цаанаа хүндэтгэлийн шинж чанартай. Харин өв соёлын хувьд далаар дан ганц мэргэлэхээс гадна дом шившлэг хийдэг. Газар дэлхий, уул усны холбогдолтой мэдээллийг далнаас авч болдог. Далдын аугаа хүчийг энэ олон мянган жилийн турш хадгалсаар ирсэн далны тухай ойлголт хэдхэн үгэнд багтахгүй, тийм өргөн цар хүрээтэй.

-Таныг дал шатаалгүйгээр цагаанаар нь мэргэлдэг хосгүй чадалтай болохыг дууллаа. Анх энэ эрдмийг хэзээ өвлөн авсан бэ?

-Үе удам дамжсан удган, зайран тэргүүтнүүд далыг шатаах мэргийг өвлөж авдаг. Харин далыг цагаанаар тайлах мэргийг энгийн хүнээс хэн нэгэнд өвлүүлж өгдөггүй. Тодруулбал, тэнгэр онгодоос зөвшөөрөл өгч байж, тухайн улаач хүн далыг цагаанаар тайлах эрхийг хүлээн авдаг. Тэрнээс хөрстөд мөр зэрэгцэн амьдарч байгаа хэн нэгэн, багш шавийн барилдлагатай хүмүүс биедээ уламжлуулан өгдөг ойлголт биш юм. Хүний сэтгэлийн дотоод мөн чанар, итгэл сэтгэл, тэсвэр тэвчээр гээд бүх зүйлийг онгод тэнгэрүүд хардаг. Ингээд хугацаа нь болонгуут энэ эрхийг өвөг дээдэс маань надад өгсөн.

-Олон төрлийн мэргэ бий. Тэр дундаа дал шатаах, далыг цагаанаар тайлах мэргэ ямар ялгаатай юм бэ?

-Дал шатаах, далыг цагаанаар тайлах хоёр тэс ондоо ойлголт юм. Цагаан далан дээр тайлагдахгүй зүйл гэж байхгүй. Далан дээр тухайн хүнтэй холбоотой бүх учир холбогдлууд гарна. Хүн бүр заяа таван тэнгэртэй байдаг шүү дээ. Буурлууд маань цай, сүүнийхээ дээжийг өргөхдөө “Үр хүүхдүүдийн маань хийморь сүлд нь өөдөө байг, ханийн тэнгэртэй байг, аз хийморийн тэнгэртэй байг” гээд заяа таван тэнгэрт даатгадаг. Биднийг хардаг тэнгэрүүд гэж бий. Тиймээс тухайн хүнтэй холбоотой мэдээлэл далан дээр гарч ирдэг л дээ.

Хүмүүс заяаны бус завсрын байдлаар яагаад гэмтээд байна вэ. Яагаад ажил үйлс нь бүтэхгүй, хэрэг түвэгт холбогдоод, гэнэтийн байдлаар бэртэж, осолдоод байна вэ. Ямар нэгэн байдлаар заслаа хийлгээд байхад цаанаасаа нэг л болж өгөхгүй байгаа тэр бүх угшил, учир шалтгааныг дал төгс тайлдаг. Тодруулж хэлбэл, бүх төрлийн мэргэний хамгийн дээд орой мэргэ нь цагаан дал тайлах юм. Бусад мэргэн дээр гарахгүй хамгийн эцсийн шатны мэргийг ч цагаан дал тайлдаг. Хамгийн багадаа далан дээр тухайн хүнээс дээш есөн үе доторх бүх мэдээлэл хадгалдагддаг. Үүнээс гадна засал болон арга дом гээд бүхий л зүйл нь тухайн тайлагдсан далан дээр бүрэн илэрхий болдог.

-Тухайн хүний хувьд дал нь тайлагдахгүй байх тохиолдол бий юу?

-Ер нь бол дал тайлагдах, тайлагдахгүй нь хүний чин сэтгэлтэй шууд холбоотой. Гурван тохиолдолд дал тайлагддаггүй юм. Асар муу санаатай, цаашаа гэсэн сэтгэлтэй, итгэл үнэмшилгүй буюу үл ойшоосон байдлаар хандсан хүний дал тайлагдахгүй.

-Дал тайлахын тулд заавал бөөлж, онгодоо оруулах шаардлагатай юу?

-Үгүй ээ. Учир нь надад энэ эрхийг өвөг дээдэс маань олгосон болохоор энгийн үед ч дал тайлах бүрэн боломжтой.

-Өөр урсгалын сүсэг бишрэлтэй хүн далаар төлөг тавиуллаа гэхэд шашинтай нь харшлах уу?

-Хэзээ ч харшлахгүй. Цагаан далан дээр маань энэ дэлхий дээр оршиж, таталцлын хуулин дээр оршиж байгаа бүх талын мэдээллүүд гарч ирдэг юм.

-Заслаа хийлгэж байгаа хүн юун дээрээ анхаарвал зохилтой вэ?

-Тухайн хүн заслын шалтгаантай л байвал тэр чигтээ галын засалтай байдаг. Монгол хүн болгоны зүрхэнд гал бий. Айл бүрийн гал дээр эзэн суудаг. Тэр айл зөв явж байна уу, буруудаад байна уу, хийморь сүлдний дархлаа нь ямар байна вэ гээд энэ бүхэн галын эзэн гэдэг ойлголт юм. Айл болгоны гал дээр амьтай эзэн сууж байдаг. Тийм учраас бидний өвөг дээдсүүд “Галаа дээдлээрэй, галаа тахиарай, галаа сэвтүүлж болохгүй шүү, галандаа ууртай уцаартай бүү хүрээрэй” гэж захидаг байсан. Ерөөсөө заслын гол шалтгаан нь гал байдаг. Галын эзэн сайхан бол тэр айл цаанаасаа аврагдаад, эрхшээл ивээлд нь ороод өөдөө сайн явна. Төөргийн зовлон, учрах ёстой зовлон, үйлийн үрийн зовлон, үйлийн үрийн бус зовлон гэж бий. Мөн өөрийн үйлийн үрийг эдэлж явж байна уу, хүний үйлийн үрийг эдэлж явж байна уу гэдгийг салгах ёстой. Өнөөдөр зовж байгаа зовлонгийн шалтгаан бүхэн зөвхөн далдын далдыг хардаг цагаан далан дээр буудаг юм. Заслаа хийлгэсний дараа анхаарах зүйлс гэж бас байна. Хүмүүс өнөөдөр заслаа хийлгэж, галаа тахиулсан гэдэг боловч маргааш нь ямар ч тийм шинж байхгүй тохиолдол илэрдэг. Энгийнээр жишээ аваад үзье л дээ. Эмчилгээ хийлгэсэн хүн гам барьдаг. Тэрэнтэй адил галаа тахиулна гэдэг бол тэр айл эмчлэгдсэн гэсэн үг. Ингээд гамаа барихдаа галын эзнийг тайван байлгах ёстой. Гал маш ялихгүй юмнаас сэвтдэг. Хуримтлагдсаар байгаад галын эзэн тэсэрдэг. Монгол хүн далаа сайхан дээдлээд, галаа сайхан тахиад явж байхад тэр гэр бүлийн ноён нуруу, хийморь сүлд хэзээ ч доройтно гэж үгүй.

-Заавал асч байгаа гал тахиулах ёстой юу. Жишээлбэл, орон сууцны айлууд яах юм бол?

-Суурин соёл иргэншилд шилжээд хүн болгон амьд галтайгаа харьцаж чадахгүй байна. Ийм тохиолдолд яах вэ гэвэл гал маань бидний плитка болчихоод байна. Энэ бол биднийг хооллож ундлах, цайлах, амьдрах эрч хүчийг минь тэтгэж байгаа болохоор яалт ч үгүй гал юм. Хоолыг маань буцалгаж байгаа тохиолдолд сэвийн сэтгэлээр галтайгаа харьцаж огт болохгүй. Монгол хүн болгон галаа сайхан дээдлээд, хайрлаад ариун байлгах ёстой. Аяндаа хийморь бат бол ирээдүйд өнгөтэй байна.

-Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Монголчууд маань амны бэлгэ, амны хүч гэдгийг цээж зүрхэндээ тээгээсэй гэж боддог. Таны үр хүүхдүүд ямар явах нь аав, ээжийн, өвөө, эмээ нарын амны бэлгээс шууд хамаатай. Орчин цагт хүмүүс амны бэлгэ гэдгийг оюун ухаандаа хадгалж чадахаа байчихсан юм уу, оюуных нь цараа тийм царцмаг болчихсон юм уу даа гэж харагдаад байгаа. Ялангуяа одоо цагийн өвөө, эмээ нар өвөө, эмээ биш болжээ. Тэд маань дандаа болохгүй, бүтэхгүй, хар бараан зүйл ярих юм. Монголчууд маань байхгүй ч байгаа, болохгүй, бүтэхгүй ч болно гэж хэлдэг байсан нь цаанаа учиртай. Гэтэл сүүлийн үед буурлууд маань энэ ёсоо алдчихаад байгаад их эмзэглэдэг. Өндөр насалсан ахмадууд маань зулын гол ч ороож чадахгүй байгаа нь эмгэнэлтэй.

Засал домоо хийлгэхээр ирж байгаа хүмүүсийн хувьд ч бэлгэ дэмбэрэлгүй зүйл ярих тохиолдлууд байдаг. Настай буурлууд маань хүүхдээ дагуулчихсан, ноён нурууг нь үзүүлэхээр ирэхдээ нөгөөдүүлийнхээ зовхийг өндийхийн аргагүй болтол загнах нь бий. Тэдэнд “Өөрийнхөө хайраас төрүүлсэн зүрх сэтгэл, мах, цус, яснаас тасарч гаргасан үрээ болохгүй муу муухай үгээр утаад байхаар тэр хүүхдийг нь мянган алтаар хучаад ч өндийхгүй. Хамгийн гол нь амны бэлгээ бод. Тэрний дараа заслаа хийлгээрэй” гэж хэлдэг дээ. Юм болгоныг эерэг талаас нь харж байх хэрэгтэй. Хүний дотор хар, цагаан хоёр бие байдаг гэж би хувьдаа боддог. Дотор байгаа биеийнхээ цагаан зөвийг ажиллуулах юм уу, харыг нь давамгайлах уу гэдгийг тунгаах ёстой. Ухамсар бодол сэтгэлийн хүчээр бүх юм биелж байгаа. Аливааг буруугаар бодоод байвал гэрэлтэх юмгүй болно. Дээрээс өвөг дээдсүүд маань биднийг байгалийн хүн, тиймээс байгалиа шүтэж амьдарбал алзахгүй гэдгийг уураг тархинд шингээгээд үлдээсэн. Хамгийн гол нь дом шившлэгээ мартагнах юм бол өнөөдөр байгалийн хүн гэж яваад хэрэггүй.

-Орчин цагт мэргэ төлгө тавьдаг хүмүүс олширсон. Харин далыг цагаанаар буюу шатаалгүйгээр тайлах нь бусад төрлийн мэргээс ямар ялгаатай юм бэ?

-Бидний өвөг дээдсүүд дэндүү их нарийн цаад мэдрэмж өндөртэй хүмүүс байсан нь зуун зуун дамнан өвлөгдөж ирсэн цагаан дал тайлах домнол шившлэгтэй шууд холбогдох болов уу. Дал шатаах мэргийг голдуу малчин ардын дунд илүүд хэрэглэдэг гэдгээр нь гар доорх далдын толь хэмээн нэрийддэг. Харин үүний дээр дал зөвхөн шатаагдаж бус цагаан яс чигээр мэргэлэгдэн тайлагдахдаа ойр зуурын бус хэтийн болоод ирээдүй, өнгөрсөн, одоо цагийн үйлийн үрийн гарвалтай амьдралын аливаа гогцоо зангилаа үл тайлагдах цаад талын хийн гарвалтай мэдээллийг ил гарган тайлдаг. Дээрээс нь хүн бүрийг харж тэтгэн байдаг гэх “Заяа таван” тэнгэрийн холбоостой, бүүр түүнчлэн гал голомтоо холбох гэж буй ураг удам цаашдаа зохицох, үл зохицох талын шинжийн зүйлийг хүртэл тайлж байх юм.

-Зарим хүмүүс энэ бол мухар сүсэг гэж үгүйсгэдэг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Далын дом зүй, шившлэг гээд ярихаар зарим нэг ертөнцүүд мухар сүсэгтэй холбон ойлгох мэт санагдах юм. Энэ их язгуур ухааныг түмэн олондоо илүү ойроос түгээгээд явж байгаа хүний хувьд маш ойлгомжтойгоор тайлбарлан хэлэхэд Монгол хүн бүрийн мэдвэл зохих, мэдсэн байхад илүүдэхгүй гэдэг талаараа хүн хэмээх ертөнц махан болоод сүнсэн хоёр биетэй. Цөөн хэдэн үгээр хэлбэл, “Далдын” цаад талын “Арга билиг”-ийн “Билиг” дэх ертөнцийн бүхий л талын мэдээллийг цогцоор нь агуулсан толь. Далдын сөрөг хүчний дом гэдгийг бидний өнөө үед байгаа хийгээд өмнөх болоод өмнөхийн өмнөх судлаачид, номч мэргэд, түүхч өвгөд өтгөс маань ном судар, зохиол бүтээлдээ тодоос тод тэмдэглэн бичиж үлдээсэн байдаг. Энэ нь одоо үед манай хийж түгээд буй үйл ажилд минь улам ихээр мэдрэгдэж, тэр дундаа зөвхөн “Монгол үндэстэн” л энэ далдын язгуурт сүнслэг ухааныг өвлөн авах эрхтэй төрсөн гэдгийг машид сайн ойлгож мэдээсэй гэсэндээ дотоод ертөнцөд нь агуулагдах шинж тэргүүтнийг чадлынхаа хэрээр үе тэнгийн залуус, хойч ирээдүйдээ ойлгуулж тунгаалгахыг хичээж байна. Хичээж байна гэдэг үгийн цаана Монгол хүн монголоороо байгаасай, амьтны мэт үйлдлээр амьдарч үржихгүй байгаасай, өв соёл, ёс заншил өвөг дээдсийн сургаальтай, жудагтай, хариуцлагатай, оюунтай, хүнлэг чанараа үргэлж үеийн үед гэрэлтүүлж явах ухаанд суралцан шамдаж хичээж яваасай л гэж бодох юм. Үүний дээр цагаан далны дом шившлэгийг бусад мэргэтэй огтоосоо эн зэрэгцүүлж болохгүй.

-Яагаад?

-Яагаад гэвэл далны мэргэ маань амьд харилцаан дээр оршиж он цаг хугацааны мэдээллээ хадгалсаар оршдог. Учир нь даланд агуулагдаж буй мэдээлэл нь “магадгүй, эсвэл” гэсэн эргэлзээнд тайлагддаггүй. Сүүлийн үед дал тайлуулах гэж ирж байгаа хүмүүс маань ихэвчлэн олон төрлийн мэргэ төлгө тавиулж байсан байдаг. Тэр болгоноос сайн нь ч байна, саар нь ч байна. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд далны мэргийг бусад төрлийн мэргэтэй зүйрлэж болохгүй. Хүмүүс ихэвчлэн “Мэргэ нь хэр сайн бэ, хэр магадлалтай вэ” гэж асууж лавладаг. Цагаан далыг өдий хугацаанд тайлаад явж байгаа хүний хувьд хэлэхэд “Магадлалтай, магадгүй” гэсэн зүйл далан дээр огт буудаггүй гэдгийг дахин баттай хэлье. Нэг ёсондоо эргэлзээтэй мэдээлэл далан дээр буудаггүй юм. Учир нь тухайн хүн далтай харьцаж эхэлсэн цагаас түүнтэй холбоостой бүх мэдээлэл хадгалдагддаг гэсэн үг. Тэгэхээр анх далны махаа хуулсан цагаас эхлээд тухайн хүний халуун эрчимтэй нь далны яс маань шууд холбоостой болж далдын буюу сүнсэн талын мэдээллийг өөртөө буулгадгаараа гайхалтай байдаг. Тиймээс бусад төрлийн мэргэтэй харьцуулашгүй. Билиг талаасаа мэргийн цаад оношлуур нь далан дээр тайлагдаж байдаг.

-Тэгэхээр цагаан далан дээр тухайн хүний заяа төөрөг тэр чигтээ буудаг гэж үү. Ингэж тайлуулсан далаа яах ёстой вэ?

-Тайлагдсан дал маань он цаг хугацааны туршид дом шившлэг болоод тухайн гэр бүлийн хойморьт залагдаж эрчим хүчтэй оршихуйд хадгалагдсаар ирсэн байдаг. Үүнийг монголчуудын өв соёлтой холбоод үзэхэд таван хошуу малынхаа далыг ерөөсөө хаядаггүй байжээ. Ялангуяа малчин зон олон маань буянт малынхаа баруун хааны далыг хаядаггүй байж. Энэ тухай түүхэн сурвалжууд арвин. Өнөө цагт хүртэл хөдөө орон нутгаар явж байхад аливаа хад хавцалд дал хавчуулсан байх жишээтэй. Ингэхдээ хар зүгийг хааж, далныхаа ясыг тавьдаг байсан байна. Дээр хэлсэнчлэн далтайгаа байхад гэдэг үгийн учир нь гэвэл далдын чигээ тайлуулсан дал маань давхар дом шившлэгийг өөртөө шингээдэг шидтэй гэж урьд өмнө ярьж байсан билээ. Дом шингэнэ гэдэг тухайн айл гал голомт, ноён нуруу, хийморь сүлдтэй холбоостой далдын цаад мэдээллийг он цагийн турш хадгалсаар ирсэн гэдгээрээ монгол хүмүүн бид энэ ариун болоод далдын өгөгдлийг дотоод сэтгэлээсээ ойлгож учиртай хандаж явах л хэрэг үүнд оршиж байх шиг бодогдож санагдах юм.

Засал гэдэг бол махан биен дээр очоод тариа тарихын нэр биш шүү дээ. Хувь хүний дотоод сүнсэн эрчим хүчтэй холбоотой. Хий талын эм эмчилгээ хийгдэж байгаа юм. Нийт хүмүүстээ бас хандаж хэлэхэд нэгдүгээрт, засал хийлгэх бол нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл биш. Тэр заслын шинжтэй зүйл тухайн хүний сүлдэн бие буюу сүнсэн биед хийгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүний махан бие өвчлөхөд ямар нэгэн эм тариагаар эмчилчихдэг. Үүний цаана дотоод ертөнцөд тухан хүний ноён нуруу болоод хийморь сүлд тал нь бүрэн бүтэн байх ёстой. Хамгийн гол нь хүний сүнсэн орон зай, сүнсэн бие чухал. Тэгэхээр сүлдээ, ноён нуруугаа бүтэн байлгахын тулд хувь хүнээс шалтгаалах ганцхан эрчим хүчтэй зүйл нь үг, хэл, сэтгэл, үйлдлээ зөв байлгах юм. Ингэж чадвал тухайн хүний ноён нуруу хийморь сүлдтэй холбоотой сүнсэн биеийн орон зай, цаад эрчим нь бүтэн оршдог.

-Далыг домноно гэдэг нь юуг хэлээд байгаа юм бэ?

-Домнол зүйг тоочвол асар их зүйл бий л дээ. Тиймдээ ч далаа домнож, галаа дээдлэн тахиж ирэхэд өдөр өдрөөр, сар сараар, жил жилээр ахуй болон сүлдэн амьдрал дээшилж, өнгөжин жавхаажиж, удам угсааны дархлаа тэргүүтэн нь батжиж дэлгэрдэг жамтай юм. Хүний хийморь сүлд бат төгс оршиж байж гэмээнэ тухайн хүний ахуй амьдралаас гадна элэг бүтэн байх, ажил үйлс өдөө байх нь өөрөө болон үр хүүхдүүд, хойч үеийнхэнд нь ч үргэлжилнэ. Тэдний гол оршин буй үндэс нь гал юм. Хоёр гэр бүл оршиж байгаа тохиолдолд тулгандаа галаа бадраагаад ирэх ирээдүйнхээ сайн сайхан бүхэнийг галынхаа сүлдэндээ даатгаж ирсэн ард түмэн юм.

-Тухайн айлын ноён нуруу ямар байх нь галын эзэнтэй нь шууд холбоотой гэж ойлголоо. Тэгвэл галаа тахиулахдаа юу анхаарах ёстой вэ?

-“Өнөөдөр нэг юм бүтэхгүй байгаа юм чинь галаа тахиулчихъя” гэдэг зүгээр нэг хоосон орон зайн сэтгэлгээгээр хандаж болохгүй. Хамгийн гол нь монгол хүн гэдгээ ойлгож галын тахилгын үйлд оролцох ёстой. Миний хийморь сүлд, цог золбоо өсч дэвжих бүх үндэс нь галын эзэндээ байдаг юм байна гэдгийг сэтгэл зүрхэндээ гүн гэгч нь ойлгох хэрэгтэй. Нэг талдаа бид их азтай ард түмэн. Азтай байхыгаа бүр илүү тодотгож харъя гэвэл монгол ёсоо дээдэлж явах нь өлзийтэй. Хорвоо ертөнц дээрх бүх зүйл хоёр талтай. Билиг тал нь юу юм бэ гэдгийг тайлбарлъя л даа. Өнөөдөр хүмүүс уул хангайгаа ухаад, алтыг нь аваад байдаг. Тэр хүний амьдрал нь элбэг хангалуун болж байгаа мэт боловч ирээдүй хойч үед нь үйлийн үр нь заавал ирдэг. Яагаад гэвэл хүн өөрийгөө байгалийн бүтээгдэхүүн гэдгээ сайн ойлгох ёстой. Өөрийг нь үүсгэсэн үүсгэлийнхээ энгэрийг нь малтаад л хамаг юмыг нь ухаж түнхээд байвал заавал хариугаа авна. Үүний цаана хүний сэтгэлийг гомдоогоод, сэв суулгаад, зориудын гаргалгаатай буруу зөрүү санаад, байх юм бол эргээд тэр хүнд дааж давашгүй үйлийн үр болоод ирдэг. Ямар нэгэн хүн заслын шалтгаантай байна гэдэг бол түүний хийморь сүлд дааж давашгүй асуудалтай, доголдолтой явж байгаагийн шинж юм. Тэгэхээр хамгийн ойлгомжтой бөгөөд өөртөө баримтлах зүйл нь сэтгэлийн болон үгийн, үйлдлийн хатуу зүйлээс болгоомжтой явахыг хичээгээрэй.

-Ингэхэд танаар дал тайлуулсан хүн өөр хүнээр заслаа хийлгэж болох уу?

-Би хүний сүнсэн биеийнх нь буюу билиг талыг эмчилж байгаа хүн. Шинжлэх ухааны талаас нь аваад үзвэл өвчтөнд онош тавьсан эмч нь эмчилгээгээ хийвэл илүү үр дүнтэй байдаг. Үүнтэй адил дал тайлуулсан хүн тухайн тайлсан хүнээрээ заслаа хийлгэвэл засал нь төгс оршдог.

-Ер нь ямар ч зан үйлээр засал хийгдэж болдоггүй зүйл гэж байх уу?

-Би дээр дурдсан. Ухамсаргүйн тэнэглэл засагдахгүй. Ер нь монголчууд бид билэг оюуныг дээдэлдэг үндэстэн учраас арга мухардана, арга барагдана гэж бараг үгүй. Тиймдээ ч монголчууд эрт цагаас эхлэн үр хүүхдээ бага балчираас нь эхлэн эрэгтэй хүүхдийг 13-ны жил дээр, эмэгтэй хүүхдийг хий настайд нь есөн настайгаас эхлэн өөрийнх нь харсан заяа таван тэнгэрт нь бүсэнд нь домнолзүй хийж ерөөл бэлгэдлийн үг хэлж, ирээдүйн хань үрсийн бүтэн заяаг хурайлан дуудаж өгдөг байжээ.

-Ер нь монголчууд үр хүүхдээ хүнтэй суулгахдаа хүргэн, бэрийнхээ удам угсаа, гарал үүслийг нь сайн хардаг шүү дээ. Тэр байтугай эрт цагт хүүхдүүдээ балчир ахуйд нь ураг барилдуулж, хадаг тавьдаг ёсон байсан. Орчин цагт энэ уламжлал алдагдаад байх шиг. Тэгэхээр эцэг, эхчүүд үр хүүхдүүдийнхээ заяа төөргийг сайн сайхан байлгахын тулд юун дээрээ анхаарах ёстой вэ?

-Хичнээн аав, ээж нь хориглож, суулгахгүй гэж зүтгэдэг ч залуус хайр сэтгэлийнхээ дуудлагаар гээд л ёртой юм шиг гэр бүл болдог. Дараа нь сайн сайхан амьдралыг олж чаддаггүй. Өмсөх хувцас, идэх хүнсээр элбэг хангалуун байгаа ч айл гэрт аз жаргал дутагдаж, хүйтэн хөндий орон зай үүсээд байдаг. Энэ бүгдийн гол шалтгаан нь нөгөө л эцэг, эхийн хийморь сүлдээ зөв зүйтэй манаагүй, галын эзний дархлаа суларсны шинж юм. Эрт дээр үед монголчууд маань галаа их ажигладаг байжээ. “Манайд хүргэн орж ирэх нь. Ийм бэр орж ирэх нь” гээд л шууд галтайгаа харьцдаг байсан. Өнөө цагт энэ уламжлал мартагдаж, алдагдчихаад байна.

Тухайн гэр бүлийн гал голомт гэдэг бол дархлаатай байдаг. Галын хийморь баттай, дархлаатай оршиход тэр гэр бүлийн бүхий л хийморь сүлд өөдөө бат оршдог юм. Тиймээс галандаа анхаарал хандуулах ёстой. Айл гэр болгоны галан дээр эзэн сууж байдаг. Монгол хүн л юм бол таныг дагаад галын эзэн сууж байдаг юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Тантай энэ сэдвээр ярилцахад таатай байлаа. Монгол ёс заншилтай холбоотой олон шинэ мэдээллийг уншигч түмэнд хүргэсэнд баярлалаа. Тэр бүгдийг энд дурдвал олон нүүр, хуудас болох нь ойлгомжтой. Тиймээс тантай холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл хэрхэн холбогдож болох вэ?

-Монголчууд бол аугаа баялаг өв соёл, түүхтэй ард түмэн. Тэдгээрийн зах зухаас нийгэмд танин мэдүүлж, соён гэгээрүүлэн түгээн дэлгэрүүлж байгаа танай сонинд талархаж байна. Энэ дашрамд дурдахад надтай 8810-1325, 8810-1326 дугаарын утсаар холбогдож илүү нарийн мэдээлэл авах боломжтой.

П.БАЯР

Categories
мэдээ нийгэм

Украйнд авлигын эсрэг шүүх байгуулахыг сануулжээ

Related imageОлон улсын валютын сангаас олгогдох зээлийн нөхцөлдөө тэд Украинд авлигын эсрэг тусгай шүүх байгуулахыг сануулжээ.

Ийм тусгай шүүх байгуулах нь зүйтэй гэдгийг Украины удирдлагад байнга сануулж байх хэрэгтэй бөгөөд тийм шүүх байгуулахдаа зүгээр нэг бүлгийн ажлын байр бий болгох бус Венецийн хорооны зөвлөмжийн дагуу байгуулах ёстой гэж Киев хотод суугаа Европын холбооны төлөөлөгч Хьюг Мингарелли хэлжээ. Украйн Улсад авлигатай тэмцэх нэгж байгуулсан үйл явцын тухай тэрээр үргэлжлүүлэн дурджээ.

Хэрэв Парламентын гишүүд Венецийн хорооны зөвлөмжийг үндэслэсэн хуулийн төслийг бэлтгэж бэлэн болговол авлигын эсрэг тусгай шүүх байгуулах хуулийн төслийг дэмжинэ гэдгээ Ерөнхийлөгч Порошенко өмнө нь илэрхийлж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг АТГ-аас шалгаж байна

Авлигатай тэмцэх газар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг хоёр албан тушаалтных нь хамтаар шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

Түүний талаар гомдол мэдээлэл өнгөрсөн арван нэгдүгээр сард АТГ-т ирсэн байна. Тодруулбал, Г.Гантөмөр даргыг төсвийн болон олон улсын төслийн мөнгөөр стандарттай холбоотой хоёр төрлийн ном хэвлүүлдэг бөгөөд албан байгууллагуудад 200 мянган төгрөгөөр хүчээр шахаж хувьдаа ашиг олдог тухай байжээ.

Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр үүнийг эрс үгүйсгэжээ. Тэрбээр “Хариуцлага алдсан хүнийг ажлаас чөлөөлсөн. Гэтэл ажлаас халагдсаныхаа дараа АТГ-т үндэслэлгүй гомдол гаргасан. Бид түүнийг эргүүлээд хуулийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан” хэмээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУД” дэд хөтөлбөрийг батлав

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, 6 асуудал хэлэлцэж баталлаа. Хуралдааны эхэнд “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр танилцуулсан юм. Тэрбээр “2015 оны байдлаар Монгол Улсад 15-34 насны 1.085.000 гаруй залуус бий. Тэд нийт хүн амын 35.4 хувийг эзэлж байна. Тиймээс залууст чиглэсэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж тэднийг хот суурин газарт дагаж хэвшүүлэх дадал, нийгмийн төлөвшил зэрэгт онцгой анхаарах шаардлагатай байна” гэлээ. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд залуустай холбоотой боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг орхигдуулалгүй цогцоор нь тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг тэргүүлэгчид онцлов.

Ийнхүү НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийг дэмжиж Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл болон төсөвт тусган хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болголоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улирал бүр НИТХ-ын хуралд танилцуулж байхыг даалгав гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн манлайлагч 100 эмэгтэйн түүхийг багтаасан номд Н.Айшолпаны түүх оржээ

Анх 2016 онд Английн хатан хаан Элизабета II, АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс, Нобелийн энх тайваны төлөөх шагналт, Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи нарын дэлхийн манлайлагч 100 эмэгтэйн түүхийг багтаасан “Good night stories for Rebel girls” зурагт ном худалдаанд гарч эхэлсэн цагаасаа эрэлттэй номын тоонд зүй ёсоор ордог юм. Энэ оны цувралд бүргэдчин охин Н.Айшолпан багтсан байна. Дэлхийн манлайлагч эмэгтэйчүүдийн түүхийг багтаасан “Good night stories for Rebel girls” зурагт номд өсвөр насны охид орсон нь цөөн бөгөөд Н.Айшолпан тэдний нэг боллоо. 10 наснаасаа бүргэд сургаж эхэлсэн Н.Айшолпан охины амьдралаас сэдэвлэсэн “Бүргэдтэй анчин” кино түүнийг дэлхий дахинд таниулж чадсан. Энэхүү кино хамгийн сүүлд өнгөрөгч сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Азийн нийгэмлэгийн их наадмаас “Ази тивийг өөрчлөгч иргэн” хэмээх нэр хүндтэй шагналыг авсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн” болж байна

Шинэчлэлийн бодлогын шинэ давалгааны эхлэл болж буй “Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн” өнөөдөр МҮЭСТО-нд эхэллээ. Монгол орны 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны анхан, дунд шатны удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 гаруй төлөөлөл тус зөвлөгөөнд хүрэлцэн иржээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Бид анхан, дунд шатны бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой хоёр жилийн аяныг эхлүүлж байна. Бидний өмнө Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, ирээдүйг харсан, алсын хараатай улс төрийн хүчирхэг нам болох гол зорилго бий. Үүнд хүрэхийн тулд намынхаа анхан, дунд шатны намын байгууллагыг бэхжүүлэх, гишүүдийн чадавх, оролцоог нэмэгдүүлэх том зорилтыг тавьсан” гэв.

Тэрбээр шинэчлэлийн бодлогын зорилтын талаар тавьсан илтгэлдээ Ардчилсан нам шинэчлэлийн бодлогын хүрээнд юу хийв гэдгээ дүгнэх ёстойг онцлоод энэ хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулж, өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, улс орны хөгжлийн бодлогын цаашдын зорилт, 2012-2016 онд АН-ын хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дурдав. Үүний дараа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан зөвлөгөөнд оролцогчдод Ардчиллын төлөөх намууд нэгдсэний ойн баяр хүргэж, намын шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх ажил болон зөвлөгөөний хөтөлбөрийн хүрээнд хийх сургалтуудын талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бол АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа, АЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Хулан нар байгууллагын мэдээллийг хүргэж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Зөвлөгөөн энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд маргааш намын дотоод үйл ажиллагааны чиглэл бүрээр сургалт зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлоос сэргийлж, амны хаалт тогтмол хэрэглэж хэвшээрэй