Categories
мэдээ цаг-үе

Цор ганц гоо үзэсгэлэн чамайг татвар эмийн байр сууринд хүргэнэ

Image result for бүсгүйн код“Бүсгүйн код” номын зохиогч бүсгүйчүүдэд хандан “Цор ганц гоо үзэсгэлэн чамайг татвар эмийн байр сууринд аваачиж дөнгөнө. Харин хатан хаан болоход чамд үүнээс илүү зүйл хэрэгтэй” хэмээн өөрийн амьдралын бодит түүхийг дэлхийн лидерүүдийн амьдрал хандлагын хэв маягтай хослуулан хүүрнэжээ.

Тухайлбал, хэрэв чамд эрчүүдийн харцыг татах том хөх, гоолиг бэлхүүс байхгүй бол давуу талаа ашигла, гэнэн цайлган охины дүрд тогло гэв. Глория том хөх, гоолиг бэлхүүс, долгиолсон хөвсгөр шар үстэй, өндөр нуруутай. Түүний гоо үзэсгэлэнг шилэн хананы цаанаас харсан эрчүүд өлсөөгүй байсан ч орж ирээд хоол авдаг байж. Бүх л эрчүүд зөвхөн Глориягийн үйлчилдэг хэсэгт суудаг байсан бол Реймон Симон хэмээх чинээлэг залуу л харин Барбарагийн хариуцдаг текээр үйлчлүүлдэг байв. Энэ залууд түүний гэнэн хонгор зан, хүүхдэрхүү төрх ихэд таалагджээ. Ингээд хожим тэд гэр бүл болон үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж амжилтад хүрнэ. Гэтэл нэг л өдөр Реймон нарийн бичиг бүсгүйтэйгээ гэрлэхээр болов. Энэ үед Барбара бялууны хамгийн жижиг зүсэм амттай хэмээх ээжийнхээ хэлж байсан ёсоор бүх сонголтыг нөхөртөө өгөөд, түүний сонгоогүй үлдэгдэл хувьцаагаа эзэмшин хоёр тийш болжээ.Ингээд тэрбээр өөрийн “Коркоран групп”-ээ нээн үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч нэг л ажил нь явдаггүй, нэгэн өдөр “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл унаж болзошгүй” хэмээн “Гиббонс Энд Ивенс” компанийн захирал Брестер Ивес “Нью-Йорк Таймс” сэтгүүлд ярьсан байжээ. Түүнийг уншсан Барбара үл хөдлөх хөрөнгийн талаар яагаад заавал энэ хүн ярих ёстой гэж, манай компани бодит судалгаагаа хэвлүүлж байх ёстой бус уу хэмээн “Нью-Йорк Таймс” -тай хамтран ажиллаж эхэлтэл тэдний нэр хүнд өсч өндөр амжилтанд хүрнэ. Тухайн үед үл хөдлөхийн томоохон төлөөлөл байсан Доналд Трамп хүртэл түүнтэй уулзаж, эдний компаниар “Трамп таур”-аа борлуулуулдаг.

Номын зохиогч Барбарагийн амжилтад хүрэх хандлага, дадал, сэтгэлгээний тухай бүсгүйчүүдэд зөвлөж буй хэд, хэдэн санаа бий. Тухайлбал, тэгж болохгүй, томоотой байх ёстой, ямар ч алдаа хийдэггүй, эрсдэл гаргадаггүй, юуг ч туршиж үздэггүй зориггүй байх нь хамгийн онц хүүхэд гэх сургалтын систем хүчирхэг бус иргэнийг бэлдэж, бусдыг хохироодог гэжээ. Ийм онц сурлагатан нь бусдыг ажил хийлгэх менежер, нарийн бичиг, сайн зохион байгуулагч байж чадна. Харин тухайн байгууллагад шинэ нээлт, том төсөл бүтээнэ, байгууллагыг нэг шат ахиулна гэж тэднээс хүлээх хэрэггүй гэсэн байна. Мөн эрчүүд яагаад манлайлагч байдаг вэ гэвэл маш өөртэй итгэлтэй. Энэ дэлхийн хамгийн өөртэй итгэлтэй хүн бол ноён Доналд Трамп гэсэн байна. Мөн нугарч мятаршгүй байх эрдэмд суралц, эрүүл мэнд болон зүрхээ хайрла, бүх зүйлийн хэм, хэмжээг тохируул. Тайлах боломжтой оосрыг хэзээ ч бүү тасал буюу бусдаас заавал хагацах биш, зүгээр л холдох хэрэгтэй. Амжилттай байх тусам чиний тухай муу мэдээлэл их гарах тул үүнийг давахад бэлэн бай. Уучлал гуйж сур. Саруул ухаанаар зэвсэглэсэн гоо сайхны өмнө өвдөг сөхөрдөггүй эр хүн гэж энэ хорвоод нэгээхэн ч үгүй. Ухаалаг боловсролтой, хөдөлмөрч бүсгүйчүүд олон байдаг ч өөртөө итгэх итгэл, манлайлах чадварыг суралцаагүй тул амжилтад хүрдэггүй.

“Арслан хэзээ ч нохой хуцах төдийхөнд эргэж хардаггүй” жижиг зүйлсэд анхаарал хандуулахгүй зөвхөн зорилгынхоо төлөө тууштай бай. Бусад бүх хүнд шударга хандах нь удирдагч байх гол шинж. Хүмүүсийн хоорондын харилцааг зөөллөж уян хатан бай. Бусдын арга барилыг судал, өөрийн гэсэн хэв маягаар амжилтад хүр. Хатагтай Меркелль гэхэд л маш эелдэг даруу төрх, нэгэн хэвийн төлөв хувцаслалт, найрсаг харилцаагаар имиж бүрдүүлж, олны өмнө гараад юу хэлэх, яаж зогсох хаашаа харж инээмсэглэхээ хэдэн өдрийн өмнөөс хэдэн арван мянган удаа давтаад, төлөвлөгөө ёсоор олны өмнө гардаг, ингэж бусдын хүндэтгэлийг хүлээсэн хүн гэжээ. Эцэст нь хамт ажиллагсад чинь чамаас өөр үзэл бодолтой бол дундыг баримтал. Агуу удирдагч нар үр дүн бүтээхийн тулд буулт хийж чаддаг гэжээ.


Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдөрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Энэхүү дүгнэлтэд Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны “… эсхүл хөгжпийн бэрхшээлтэй …” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Энэ талаарх Хууль зүйн, байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Лүндээжанцан нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “…Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэснийг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “…Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэснийг, Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсгийн “… тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.” гэснийг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “… Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөнийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжив.

Хуулийн төслүүдийг баталлаа

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэв.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Олон улсын хөрөнгө оруулалтыг банк (ОУХОБ)-ийг хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1970 оны хэлэлцээрийн дагуу анх үүсгэн байгуулсан бөгөөд манай улсын хувьд тус хэлэлцээрийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 26 тоот “Хэлэлцээр батлах тухай” тогтоолоор баталсныг дурдав.

Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай протоколыг 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр БНКУ-ын Гавана хотноо үйлдсэн аж. Иймд Монгол Улс нь тус банкны гишүүн улсын хувьд Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг протоколд оруулж буй өөрчлөлт нь тус банкийг орчин үеийн олон улсын хөгжлийн банкуудын үйл ажиллагаанд мөрдөгддөг нийтлэг зарчимд нийцүүлэх зорилготой юм байна. Тухайлбал, компанийн засаглалын шинэ систем буюу Удирдлагын дээд түвшнийг Удирдах Зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хороо зэрэг гурван түвшинт удирдлагад шилжүүлэх, шинэ дүрмээр Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хорооны эрх, үүргийг зааглан тогтоох, санал хураах зарчмыг шинэчилж “Нэг орон-нэг санал” гэсэн санал хураалтын хуучин зарчмаас татгалзан олон улсын хөгжлийн банкуудын жишгийн дагуу гишүүн орнуудаас банкны дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарсан санал хураалтын шударга зарчимд шилжиж байгаа аж. Олон улсын статус бүхий хөгжлийн банкуудад бүгдэд нь, тухайлбал Монгол Улс гишүүнээр нь орсон АХБ, Дэлхийн банк, ЕСБХБ-д банкны дүрмийн санд оруулсан хөрөнгөөс хамаарсан санал өгөлтийн тогтолцоо мөрдөгддөг юм байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас өнгөрсөн хугацаанд авсан зээлийн үр ашгийн тооцоог танилцуулах, цаашдаа асуудлын ач холбогдол, үр өгөөжийг тооцож байхыг анхааруулж байсан.

Ингээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.0 хувь нь дэмжив.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил тус тус танилцуулсан.

Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк (ЭЗХАОУБ)-ны гишүүн улсын хувьд тус банкийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Тус банкны гишүүн зарим улс банкны гишүүнчлэлээс гарсан, зарим улсаас дүрмийн санд оруулсан хувийг дахин хуваарилсан, зарим гишүүн орны албан ёсны нэр өөрчлөгдсөн, банкны дүрмийн санг бүрдүүлсэн валютын нэрийг евро болгож өөрчилсөн зэрэгтэй холбогдуулж Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн протоколд өөрчлөлт оруулсан аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат саналаа хэлсний дараа Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.2 хувь нь дэмжсэн.

Санхүүжилтийн хэлэлцээрүүдийг соёрхон батлахыг дэмжив

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн зээлийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд хэсэгчлэн авахаар тохирсон. Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэмжээ нь 32 тэрбум иен буюу 283 сая ам.доллартай тэнцэх бөгөөд зээлийн жилийн хүү 0.8 хувь, эргэн төлөгдөх хугацаа нь 20 жил, үүнээс эхний эхний зургаан жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн таатай нөхцөлтэй. Бодлогын энэхүү зээл нь макро эдийн засгийн тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар өсөлтийг хангах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, төсвийн зардлыг санхүүжүүлэхэд чиглэгдэж байгааг онцоллоо.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, С.Бямбацогт нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд Монгол Улсын эдийн засгийн өнөөдрийн хүнд нөхцөлд 20 жилийн хугацаатай, жилийн 0.8 хувийн зээл авч байгааг дэмжихийн зэрэгцээ зээлийн эдийн засгийн үр өгөөж, ажлын байр нэмэгдэх эсэх талаар тодрууллаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, энэ зээл нь төсвийн алдагдлыг нөхөхөд зориулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, төсөвт суусан 9.6 их наяд төгрөгийн зардлын санхүүжилтэд дэмжлэг болж, төсвийн алдагдлыг нөхнө. Төслийн зээл биш, бодлогын зээл. Өмнө нь төсвийн алдагдлыг нөхөхийн тулд арилжааны банкуудаас 14-18 хувийн хүүтэй зээл авдаг. Жилдээ 600 тэрбум төгрөгийг зээлийн хүүд төлдөг байсан. Харин ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд бодлогын тодорхой арга хэмжээнүүдийг шийдвэрлэхээр тохиролцсонтой холбоотойгоор уг зээлийг авч байгаа хэмээн хариулав.

Ингээд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.3 хувь нь дэмжсэн.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нар тус тус танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банктай хамтран гурван жилийн хугацаанд гурван үет шаттай хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Засгийн газар энэ хугацаанд 29 бодлогын арга хэмжээ, түүнээс нь 9 арга хэмжээг нь эхний жилд хэрэгжүүлэхээр тохирчээ. “Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн эхний шатны эдгээр арга хэмжээг Сангийн яам, Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам голлон хариуцаж, бүрэн хэрэгжүүлж дуусаад байгаа аж. Хөтөлбөрийн арга хэмжээг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдлыг нөхөхөд дэмжлэг хэлбэрээр авах юм байна. Уг зээл нь 30 жилийн хугацаатай, жилийн 1.25 хувийн хүүтэй, эхний таван жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж.

Сангийн сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, М.Билэгт, Л.Болд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Байнгын хорооноос Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал гаргасныг, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд нэгдлээ

Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдсэн байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран тодорхой сэдвийн дор төлөвлөгөө батлан энэхүү аяныг жил бүр зохион байгуулдаг.

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү аянд оролцогчид нь охид эмэгтэйчүүдийн эсрэг гарч буй буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй”гэдгээ илэрхийлдэг.

2017 онд дэлхийн улс орнууд “Өрх гэрийн амар, амгалангаас дэлхий нийтийн энхтайван руу”, Монгол Улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриан дор энэхүү өдрийг тэмдэглэж байна.

Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон “Цагаан тууз” зүүж тус аянд нэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтлэлч Д.Оюунтуяа “Дотуур байр гэх боловсон шоронг халах цаг нь болсон” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Такаокатай хийсэн ярилцлага тэргүүн нүүрт хэвлэгджээ. Тэрээр “Монгол Улсын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд бид анхаарч ажиллана” гэжээ.

Өчигдөр УИХ-ын чуулганаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Энэ талаар улс төрийн хоёрдугаар нүүрэн дэх “УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй” сурвалжилгаас хүлээн аваарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Оюунтуяа “Дотуур байр гэх боловсон шоронг халах цаг нь болсон” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Өчигдөр “Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн” эхэлсэн билээ. Үүний тухай улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс хүлээн авч хараарай.

Уул, уурхайн зөвлөх инженер Ч.Энхбаяртай хийсэн ярилцлага XI нүүрэнд оржээ. Тэрээр “Уул уурхайн хуулиуд зөрчилтэй учраас иргэд компаниудын хооронд маргаан үүсээд байна” хэмээн онцлон хэлжээ.

“Ub comedy club”-ын үүсгэн байгуулагчдын нэг Б.Гантулгатай хийсэн ярилцлага XII нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “Таван үзэгчтэй эхэлж байсан стэнд ап өдөр бүр 150-240 үзэгчтэй болжээ” гэсэн байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

АНДУУД САНААЧЛАГЫГ АНХ УДАА ТАНИЛЦУУЛЛАА

АНДУУД санаачлагыг анх удаа танилцууллаа

“Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн” өнөөдөр МҮЭСТО-нд эхлэв. Монгол орны 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны анхан, дунд шатны удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 гаруй төлөөлөл тус зөвлөгөөнд оролцож буй юм.

Зөвлөгөөний үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат , АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа нар мэдээлэл хийсэн бөгөөд мөн Ардчилсан Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Батбаярын Хулан “Андууд” санаачлагыг танилцуулав.

Монгол хүн Монгол хүндээ эх орон байж, нийгмийн бүхий л хэлбэрийн тэгш бус байдлыг багасган, эх орны өнцөг булан бүрт байгаа залуучуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг жинхэнэ утгаар нь бий болгож, нийгмийн хөгжлийн төлөөх бодит оролцоо, залуучуудын хөгжлийн төлөөх олон талт санаачилгыг дэмжин, хандлагын эерэг өөрчлөлтийг залуус өөрсдөө үлгэрлэн үзүүлэх зорилготой, таван дэд хөтөлбөр бүхий “АНДУУД” санаачилга зөвлөгөөнд оролцогчдын анхаарлыг ихэд татсан юм. “АНДУУД” санаачлагыг 2017 оны 12 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо чуулах Ардчилсан Залуучуудын Холбооны VIII их чуулганы үеэр бүрэн эхээр нь залуустаа танилцуулан, хэрэгжүүлж эхлэх ажээ.

Дашрамд дурьдахад, анх удаа Ардчилсан Залуучуудын Холбооны нийт гишүүдийнхээ дунд явуулсан санал хураалтын дүнгээр С.Эрдэнэболд Ардчилсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Categories
гадаад мэдээ

Путин 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв

putinӨнгөрсөн лхагва гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдсэн талаар ТАСС агентлаг уламжлав. Тэрбээр энэхүү чухал шийдвэрээ Доод Новогород хотод болсон ГАЗ авто машин үйлдвэрийн ахмадууд болон ажилчидтай уулзах үеэрээ мэдэгдсэн бөгөөд тус үйлдвэрийн ажилчид алга нижигнүүлэн хүлээн авсан байна.

ОХУ-ын парламентад үнэмлэхүй олонхи Нэгдсэн Орос нам Путины шийдвэрийг сайшааж, түүнд бүрэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа зарлажээ. Путины одоогийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2018 оны тавдугаар сарын 7-ны өдөр дуусгавар болох юм.

В.Путин Доод Новогород хотод авто машин үйлдвэрийн ахмадууд болон ажилчдад хандан “Сонгуульд оролцох тухай байр суурийг минь халуун дотноор хүлээж авсанд баярлалаа. Эрхэлсэн ажилдаа үнэнчээр зүтгэж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй та бүхэнд талархаж байна. Бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн хэлжээ.

Өмнө нь Путин “Оросын сайн дурын ажилтан 2017” шагнал гардуулах ёслол дээр ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэх тухай асуултад хариулахдаа “Ямар ч хүний хувьд энэ бол маш хариуцлагатай шийдвэр. Зөвхөн ард иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулж, улс орноо илүү хүчирхэг болгох хүсэл эрмэлзэлтэйгээс гадна хүмүүсийн итгэлийг хүлээсэн хүн л ийм шийдвэр гаргах хэрэгтэй” хэмээн хэлж байсан аж.

Мөн тэрбээр уг ёслолын ажиллагаанд оролцогчдоос “Үүнтэй холбоотойгоор надад нэг асуулт байна. Хэрвээ би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шийдвэр гаргавал та болон таны ойр дотныхон миний шийдвэрийг дэмжих үү?” гэж асуухад танхимд байсан хүмүүс нэгэн дуугаар “Дэмжинэ” хэмээн хариулж байжээ. Путинд итгэж буй иргэдийн итгэл 50 хувьтай байсан нь сүүлийн жилүүдэд 80 гаруй хувьд хүрсэн байна.

Владимир Владимирович Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд төрсөн. Оросын Холбооны Улсын хоёр болон дөрөв дэх ерөнхийлөгч юм. ОХУ-ын ерөнхий сайд, “Нэгдсэн Орос” намын дарга, ОХУ-ын ерөнхийлөгч. Тэрбээр 2000-2008 оны хооронд ОХУ-ын хоёр дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

1999 оны сүүлээс 2000 оны хооронд Оросын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, 1999 онд ОХУ-ын ерөнхий сайд, 1998-1999 онд Холбооны Аюулгүй байдлын газрын дарга, 1997-1998 онд ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга, 1996-1997 онд ерөнхийлөгчийн ажлын албаны орлогч дарга, 1975-1990 оны хооронд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах газар ажиллаж байсан. 1997 онд Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

1999 оны наймдугаар сарын 9-нд Путин ОХУ-ын Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч болов. Борис Ельцин телевизээр хандан ард түмэндээ үг хэлэхдээ Путиныг өөрийнхөө ирээдүйн залгамжлагч гэжээ. Шинэ ерөнхий сайдад асар богино хугацаанд сонгогчдын итгэлийг хүлээнэ гэдэг маш хүнд даалгавар байсан аж. 1999 оны наймдугаар сарын 16-нд ОХУ-ын Төрийн ДУМ Владимир Путиныг ерөнхий сайдын албан тушаалд жинхэлж баталжээ.

Categories
мэдээ нийгэм

Дугуй засварын газруудад гэнэтийн шалгалт хийж 75 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ

Image result for Дугуй засварын газруудУлаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дугуй засварын газруудад төлөвлөгөөт бус шалгалтыг Онцгой байдлын газар хийжээ. Шалгалтаар нийт 98 дугуй засварын газар хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 409 зөрчил илрүүлж, 75 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.

Бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг хоблогдох албан тушаалтанд хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч ажилласаны үр дүнд үйл ажиллагаа явуулж буй дугуй засварын газруудын галын аюулгүй байдал 80 хувьтай хангагдаж, түүхий нүүрс түлдэг найм дугуй засварын газрыг цахилгаан халаагуур тавиулжээ. Мөн нэгдүгээр бүсэд үйл ажиллагаа явуулж буй зургаан газрыг шингэрүүлсэн шатдаг хийгээр халдаг хийн халаагуур тавиулах асуудлыг шийдвэрлэжээ. Ингэснээр агаарын бохирдлын хэмжээг 0,2 хувиар бууруулж, мөн зайгаар ажилладаг галын утаа мэдрэгч системийг 19 газарт суурилуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ж.Галбадрах Японы эзэн хааны эрхэм дээд шагнал хүртэв

galbadrah

Өнгөрсөн лхагва гаригийн орой Япон улсын Элчин сайдын өргөөнд Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Жанчивын Галбадрахад “Мандах нар” одон гардуулах ёслолын арга хэмжээ болов.

Ж.Галбадрахын Монгол Улсад Япон хэв маягийн боловсролыг түгээх дэлгэрүүлэх болон хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гавьяаг үнэлэн Япон улсын Цог жавхлант Эзэн хаанаас эрхэм дээд шагнал болох “Мандах нар” одонг олгохоор шийдвэрлэжээ.

Шагналыг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масаока Такаока гардуулж өгөв.

Ж.Галбадрах нь 1995 онд Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр Ямагата их сургуульд Японы Боловсролын тогтолцооны талаар суралцаж байх үедээ анх Японы сургалтын хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэн, Япон хэв маягийн сургуулийг Монголд нээж байгуулахыг зорьжээ.

Түүний ажилч хичээнгүй зан чанар, өөртөө тавьсан өндөр зорилгыг нь үнэлэн Япон дэмжигчид нь “Багана нэгийн холбоо”-г үүсгэн байгуулсан бөгөөд Ж.Галбадрах нь тус холбооны дэмжлэгтэйгээр 2000 онд Монголд анхны Япон хэв маягийн ахлах сургууль болох “Шинэ Монгол” сургуулийг байгуулсан байн.

Ж.Галбадрах нь 2000 оноос хойш одоог хүртэл Япон хэл, Япон хэв маягийн сургуулийн удирдлагаар тасралтгүй ажиллаж буй бөгөөд “Бага дунд ахлах сургууль, Косэн, Технологийн их сургууль”-ийг нэмж байгуулан “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн” болгон сургуулиа өргөжүүлсэн байна. Тус сургууль нь ирээдүйд Япон Монгол хоёр орны хооронд гүүр болон ажиллах шилдэг сурагчдыг бэлдэн сургаж байгаа билээ.

Тэрбээр Японы “Ротари Ёнэяма” тэтгэлэгт хөтөлбөр болон “Мабүчи” олон улсын тэтгэлгийн сан зэрэг Японы боловсролын байгууллагуудтай идэвхтэй холбоо тогтоон ажилладаг байна.

galbadrah

Categories
мэдээ спорт

Шилдэг боксчдын тулаанд У.Мөнх-Эрдэнэ өрсөлдөнө

Өнөөдөр 15:00 цагаас Монголын Шилдэг Боксчдыг шалгаруулах Капитрон банкны нэрэмжит тэмцээн эхэлж байна. 12 сарын 10-ыг дуустал үргэлжлэх уг тэмцээнд Монголын жин жингийн шилдэг тамирчид өрсөлдөж байгаа юм. Уг тэмцээний ач холбогдол нь Токио-2020 зуны Олимпод өрсөлдөх баг тамирчдыг сонгон шалгаруулахад оршиж буй аж.

Уг тэмцээн нь эмэгтэй 5 жингийн 31, эрэгтэй 7 жингийн 47 тамирчны дунд AIBA буюу олон улсын боксын холбооны дүрмийн дагуу явагдах аж. Спортын төв ордны “А” зааланд эхэлж буй уг тэмцээнд үе үеийн шилдэг боксчид оролцож байгаа бөгөөд насны хязгаарын хувьд 1977-1998 оны хооронд төрсөн тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэмцээн өнөөдөр маргааш гэсэн хоёр өдөр уртдчилсан тулаануудаар өрнөж байгаа бөгөөд 9, 10-ны өдрүүдэд хагас шигшээ болон шигшээ тулаанууд болж медалийн эзэд тодорно.

Сонирхуулахад сүүлийн 3 жил рингэнд гараагүй Монголчуудын хайртай боксеруудын нэг болох 2012 оны Лондонгийн Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, дэлхийн цомын мөнгө, ААШТ-ий алт хүрэл медальт, Зүүн Азийн наадмын аварга, Азийн наадмын мөнгөн медальт МУГТ У.Мөнх-Эрдэнэ өрсөлдөхөөр болоод байгаа юм.

Мөн тэмцээний нээлтэнд Fire хамтлагийн дуучин Б.Даваадалай буюу Далай ирж ая дуугаа өргөсөн юм. Мөн тэмцээнийг нээж зохион байгуулагчид үг хэлж, тамирчдын болон шүүгч нарын төлөөллүүд шударга өрсөлдөх тангараг өргөснөөр ширэн бээлийтнүүдийн тулаан эхэлж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд нэгдлээ

Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ныг хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдлээ.

Монгол Улсын хувьд энэ аяныг “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриатай тэмдэглэн өнгөргүүлж байгаа бөгөөд Улсын Их Хурлын дарга, гишүүд, Тамгын газрын ажилтнууд энгэртээ цагаан тууз зүүж, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийтийг уриалж, хамтран ажиллаж байна.

Энэхүү аяны гол зорилго нь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аянд оролцогчид нь охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй гэдгээ илэрхийлж, амлалт өгдөг байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.