Categories
мэдээ спорт

Манай бөхчүүд хагас шигшээд өрсөлдөнө

Манай бөхчүүд хагас шигшээд өрсөлдөнө

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ өчигдөр Ираны нийслэл Тегеранд эхэллээ. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Иран, Монгол, АНУ, Гүрж, Казахстан, Канад, Унгар, Болгар, Киргизстан, Энэтхэг, Тажикистан гэсэн 11 орны 13 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм.

Монголын залуучуудын шигшээ баг “В” хэсэгт Тажикистаны “Тажик Эйр”, Унгарын “Будапешт” клубтэй багтсан. Тэгвэл манай залуучуудын “Хийморь” клуб урамтай сайхан барилдаж, Унгарыг 6:4-өөр, Тажикистаныг 6:2-оор тус тус буулган авснаар “В” хэсгээ тэргүүллээ. “А” хэсгийг өнгөрсөн жилийн клубийн дэлхийн аварга АНУ-ын “Титан Меркури”, “С” хэсгийг Ираны “Сетареган Сари”, “D” хэсгийг эзэн орны “Кашан” клубүүд тэргүүлжээ. Абдулрашид Садулаев, Аниуар Гедуев, Хетик Цаболов, Комейл Гасеми, Масуд Эсмаэльпур, Сейед Ахмад Мохаммади зэрэг дэлхийн шилдэг хүчтэнүүдтэй 2014, 2015 оны клубийн дэлхийн аварга “Бимех Рази” хэсгээ тэргүүлж чадсангүй. Тэд Гажи Алиев, Магомедрасул Газимагомедов, Магомед Курбаналиев нарыг эгнээндээ нэгтгэсэн нутгийнхаа “Сетареган Сари”-д 4:6-аар дийлджээ. Манай залуус маргааш олимп, дэлхийн аварга өнөө цагийн дэлхийн тод бөх Кайл Снайдераар ахлуулсан “Титан Меркури” клубтэй хагас шигшээд учраа таарна.

“В” ХЭСГИЙН БАРИЛДААНЫ ДҮН:
МОНГОЛ (ХИЙМОРЬ) – УНГАР (БУДАПЕШТ) 6:4
57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах – Тамас Роман 10:0
61 кг: Батчулууны Баасанням – Жозеф Молнар 2:12
65 кг: Төмөр-Очирын Тулга – Шахери Хосейн 13:3
70 кг: Лутбаярын Батбаяр – Норберт Лукакс 4:2
74 кг: Болдхүүгийн Батсүх – Жомбор Гулиас 3:3 ялагдсан
79 кг: Ганболдын Төрболд – Ботонд Лукакс 10:0
86 кг: Ганбаатарын Ганхуяг – Патрик Зуровски 1:4
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай – Мохаммад Алитабар 0:4
97 кг: Батсүхийн Зоригтбаатар – Балаш Жухаш 10:0
125 кг: Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ – Михаил Наги 10:0

МОНГОЛ (ХИЙМОРЬ) – ТАЖИКИСТАН (ТАЖИК ЭЙР) 8:2
57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах – Комрон Холов 11:0
61 кг: Батчулууны Баасанням – Жамшид Шарифов 1:8
65 кг: Төмөр-Очирын Тулга – Абдилгосем Файзиев 12:1
70 кг: Лутбаярын Батбаяр – Сайжон Амиржони 6:5
74 кг: Болдхүүгийн Батсүх – Сорбон Абдулхаев 10:0
79 кг: Ганболдын Төрболд – Сахоб Ниматзода 12:1
86 кг: Ганбаатарын Ганхуяг – Бахходур Кодиров 4:3
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай – Масрур Мералишоев 7:2
97 кг: Батсүхийн Зоригтбаатар – Рустам Искандри цэвэр ялагдсан
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл – Абдурашид Гульямов 12:2

Categories
мэдээ спорт

Дэлхийн чансааг монголын жүдочид тэргүүлж байна

Монголын жүдочид дэлхийн чансааг тэргүүлж байна

Японы Их дуулга тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргажээ. Шинэчилсэн чансаагаар манай хоёр бөх дэлхийн шилдгүүдийг тэргүүлсэн байна. Тодруулбал, Олимп, дэлхийн хос медальтан, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг нар дахин чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.

Харин эрэгтэй жүдочдоос, 60 кг-д Д.Амартүвшин 2840 оноогоор тавдугаарт, Г.Болдбаатар 2451 оноотой наймдугаарт, 66 кг-д Д.Төмөрхүлэг 2090 оноогоор 10 дугаарт, Д.Алтансүх 2056 оноо авч 11 дүгээрт, Г.Хэрлэн 1679 оноотой 16 дугаарт, 73 кг-д Г.Одбаяр 4340 оноотой гуравдугаарт, 81 кг-д О.Ууганбаатар 3301 оноотой гуравдугаарт, 81 кг-д Н.Дагвасүрэн 2782 оноотой долдугаарт тус тус бичигджээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: 2018 оныг “Авлигыг илчлэх, авлигын гэрч, мэдээлэгч, шүгэл үлээгч, хохирогчийг хамгаалах жил” болгон зарлах санаачилга гаргаж байгааг бүх талаар дэмжин ажиллах болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр“Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” сэдэвт зөвлөгөөн болов.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм.

Уг зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яам, АТГ, Нийслэлийн Прокурорын газар, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл зэрэг байгууллагын албан тушаалтнууд, авлигын хэргийн гэрч, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр хэлсэн үгэндээ “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Цаг заваа гаргаж, сэтгэл оюунаа чилээн монголын нийгмийн хамгийн хурц асуудлын нэг болох авлигатай тэмцэх ажлыг сайжруулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх арга замын талаар хэлэлцэж, зөвлөлдөж байгаад тань талархал илэрхийлье.

Үнэхээр авлига нь нийгмийн хөгжлийг хойш татагч, баялгийн шудрага бус хуваарьлалтыг гааруулагч гол хүчин зүйл болохыг өнгөрсөн 27 жилд туулсан замнал, эдлэсэн зовлон маань хангалттай нотолж өглөө. Бид 27 жилийн өмнө ардчиллын замд орж амьдрал маань дардан, ирээдүй сайхан болно гэсэн. Эргээд харахад бидний зовлон их болсон байна.

Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас гаргасан мэдээллээр 2017 оны 11 дүгээр сарын байдлаар авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийн улмаас улсад 65,3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ бол зөвхөн 2017 оны 11 дүгээр сарын байдлаарх мэдээлэл. Жил хүрэхгүй хугацаанд 65,3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Энэ бол зөвхөн илэрсэн хохирол. Илрээгүй нь маш том тоо гарах байх.

Авлигатай тэмцэх бодит хүсэл зориг улс төрийн дээд хүрээнд байхгүй. Авлигын эсрэг тэмцлийг улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдийгөөр үзэх байдал түгээмэл явж ирснээс өнөөдөр авлига буурах шинж тэмдэг огт харагдахгүй, олон нийтийн үнэлэмж маш гутранги байдалтай байна.

Өнгөрсөн өвөл олон улсын байгууллагууд Монгол Улсын Авлигын индекс 38 болж, өмнөх жилээс 15 байраар ухарсныг зарласан байна. 2017 оны 3 дугаар сарын 7-нд олон нийтэд танилцуулсан Ази, Номхон далайн бүсийн 16 оронд хийсэн авлигын барометр судалгаагаар “Авлигатай тэмцэхэд бид хувь нэмэр оруулж, өөрчлөлт хийж чадах уу” гэсэн асуултад Монгол Улсын иргэд хамгийн бага хувьтайгаар буюу 40 хувь нь “Чадна гэдэгтээ эргэлзэж байна” гэж хариулсан байна.

Угтаа бол авлигын эсрэг тэмцэлд олон нийтийн хяналт, шахалт хамгийн дээд хүч байдаг. Олон нийт, иргэдээс төрийн албан хаагчдын авлига нэхэх, шаардах, төрийн өмчинд халдах, албан тушаалын давуу байдлаа ашиглах, хамаарал бүхий этгээдүүддээ төрийн хөрөнгийг найр тавих, давуу эрх олгох зэрэг хууль бус үйлдэл, төрийн өмчөөр тансаглах, үрэн таран хийх зэрэг ёс зүйгүй араншингийн өмнө хүлцэнгүй номхон байсаар л байвал, тэднийг ёс зүйтэй байх, хууль журмаа мөрдөхийг шахаж шаардахгүй суусаар л байх юм авлига хэзээ ч арилахгүй. Олон нийт л өөрчлөхгүй бол авлигачид өөрчлөгдөхгүй, тэдний хамсаатнууд хөдлөхгүй.

Одоо авлигын эсрэг тэмцэлд хоёр зүйлийг эн тэргүүнд анхаарах шаардлага тулгарч байна. “Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагын гаргасан зөвлөмжид:

-Хууль эрх зүйн хувьд Авлигыг мэдээлэх, шүгэл үлээгчдийн эрхийг хамгаалах хуулиудыг батлах, хэрэгжүүлэх. Үүнд “Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагын боловсруулсан стандартыг жишиг болгох. Авлигатай тэмцэх үүрэгтэй төрийн байгууллагууд авлига төлөхөөс татгалзагч иргэд болон авлигын талаар мэдээлэл өгөхийг хүсэж буй иргэдтэй хамтран ажиллах, тэднийг дэмжих арга зүйгээ боловсронгуй болгон сайжруулах

-Авлигын хэрэг үйлдэгчид ял шийтгэлгүй үлддэг, тэдний учруулсан хохирол төлөгддөгүй үлддэг жишгийг эцэс болгох хэрэгтэй гэж заасныг л эн тэргүүнд хэрэгжүүлэх цаг болжээ.

Та бүхэн зөвлөлдөөд ирэх 2018 оныг Авлигыг илчлэх, авлигын гэрч, мэдээлэгч, шүгэл үлээгч, хохирогчийг хамгаалах жил” болгон зарлах санаачилга гаргаж байгаа нь үүнтэй таарч байгаа тул Ерөнхийлөгчийн зүгээс бүх талаар дэмжин ажиллах болно гэдгийг хэлье.

Авлигатай хийх тэмцлийн хамгийн сайн сурталчилгаа нь авлигачдад хууль ёсны хариуцлага хүлээлгэх явдал гэж дэлхий нийтээрээ үздэг.

Олон нийт шүгэлээ чангаар үлээж, насаараа төрийн алба хашсан сайд хүн АСЕМ вилла хотхонд олон тэрбумын үнэтэй тансаг хаус худалдан авсныг, өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр хөрөнгөжснийг мэдээлсээр байхад АТГ нь анзаарахгүй, сэжүүрийг мөрдөн шалгаж, тогтоохыг хичээхгүй байгаа нь авлигатай тэмцэж байгаа эсэхэд эргэлзэх сэдлийг иргэдэд өгч байгаа юм. Авлигын сэжүүрийг төрийн албан хаагчийн хэрэглээ, худалдан авалтын эх үүсвэрээр нь хөөн илрүүлдэг олон улсын туршлагыг авлигатай тэмцэх үүрэгтнүүд огт хэрэгсэхгүй байна. 60 тэрбумын гэгдэх хэрэг сураг алдарлаа. Гэрч, оролцогч нь байсаар байхад шалгах, шийдвэрлэх хүсэл сонирхол гаргахгүй байсаар байгаа нь хачирхалтай.

Тийм учраас авлигатай тэмцэх ажилд олон нийтийн идэвхийг сэрээх, тэднийг татан оролцуулахын тулд хууль зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх ажил чухлаар шаардагдаж байна. АТГ-аас хийсэн судлагаанд оролцогчдын 45.1 хувь нь “албан тушаалтнууд авлига өгөх гарцаагүй нөхцөл байдлыг бий болгодог” хэмээн мэдүүлжээ. Тэгвэл эрүүгийн шинэ хуулинд “бусдын дарамт шахалтад орж авлига өгөхөд хүрсэн, үүнийгээ хуулийн байгууллагад мэдэгдсэн бол хуулийн хариуцлага хүлээхгүй, ял оноохгүй байх” заалт орсон. Харин авлига авсан бол ямар ч тохиолдолд эрүүгийн хариуцлага, ял шийтгэл хүлээлгэдэг болсныг иргэд мэдэхгүй сууж байна. Мэдэхгүй бол мэдээлэхгүй, тэмцэхгүй шүү дээ. Хуулийг иргэдэд сайн сурталчилдаг, иргэд өргөнөөр хэлцдэг болгох нөхцлийг бүрдүүлэх, бэхжүүлэх шаардлагатай.

Олон нийт, иргэдийн зүгээс Улаанбаатар хотын утааг арилгах, агаарын бохирдлыг бууруулах нэрээр төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж, үрэн таран хийсэн албан тушаалтан, ажил гүйцэтгэсэн компаниудтай үр дүнгийн хариуцлага тооцохыг шаардаж боллоо. Энэ бол зүй ёсны шаардлага.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагийн тараасан мэдээллээс үзэхэд 2008-2016 оны хооронд Агаарын бохирдлыг бууруулах нэрээр улсын төсвөөс 147 тэрбум 311 сая төгрөг, олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 сая долларыг зарцуулжээ. Зөвхөн сайжруулсан зуухыг гэхэд нийслэлийн гэр хорооллын нийт өрхийн 97,6 хувьд тараасан гэж байна. Гэтэл үр дүнд нь гэр хорооллын агаарын бохирдолд эзлэх хувь хэмжээ 2008 онд 38 хувь байснаа 2016 онд 80 хувь болж өссөн гэх үзүүлэлт гарчээ. Энэ юуг харуулж байна гэхээр эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд болон тэдний хамсаатнууд агаарын бохирдлыг бууруулах нэрээр мөнгө цөлмөхөө урьтал болгосноос бус шийдвэрлэх арга замыг бодитоор эрж хайгаагүй, шийдээгүй гэсэн үг ! Нэгэнт төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан эзэн холбогдогч нь тодорхой байгаа болохоор хариуцлага тооцох нь зүй ёсны, хууль ёсны шаардлага юм. Алдаа бүр хариуцах эзэн, тооцох хохиролтой. Үүнийг шийдвэрлэхгүйгээр дараа дараачийн арга хэмжээнүүд үр дүнд хүрэхгүй.

Дэлхий нийтээр агаарын бохирдлыг шийдвэрлэдэг бэлэн арга туршлагууд байхад яагаад Улаанбаатарт нэгийг нь ч авч хэрэглэхгүй утаагүй зуух, утаагүй түлш, агаар шүүгч гэх мэт үр дүнгүй хоосон, мөнгө цөлмөхийг урьтал болгосон төслүүд л хэрэгжээд байна вэ? Орон сууцжуулах, хөдөөнөөс хот руу чиглэх урсгалыг бууруулах, төвлөрлийг сааруулж дагуул хот байгуулах гээд үр дүнтэй нь тогтоогдсон арга хэмжээнүүдээс яагаад зайлсхийгээд байна вэ? Эндээс хардах сэдэл яалт ч гарч байна. АТГ газар үүнийг анхааралдаа авч шалгах, үр дүнг тооцох, хариуцлага хүлээлгэх ёстой. Хариуцлагын бохирдлыг арилгахгүйгээр агаарын бохирдол хэзээ ч арилахгүй.

Нөгөө талаар АТГ-ын зүгээс иргэд, сонгогчдыг төлөөлөн хяналт тавих, хуулийг хэрэгжүүлэхийг шаардах үүрэгтэй Олон нийтийн зөвлөлдөө сөрөг байр суурьнаас хандах, үйл ажиллагааг нь хязгаарлах, үл тоомсорлох оролдлогыг илтээр гаргаж байна. Энэ бол байж болохгүй үзэгдэл. АТГ олон нийтийн оролцоог хажигладаг, хазаарладаг биш дэмждэг, хамтран ажилладаг байж л авлигатай бодитоор тэмцнэ.

Ингээд “Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” олон нийтийн зөвлөгөөн оролцогсдод ахин талархал илэрхийлье. Та бүхэн олон нийтийг авлигын эсрэг тэмцэлд уриалан дуудах, идэвхжүүлэх бодитой санал санаачлагууд гаргана гэдэгт гүнээ итгэж байна.

Зөвлөгөөний ажилд амжилт хүсье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурчээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурчээ

Өмнөговь аймаг дахь Замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөнд оролцогчдыг болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг таслан зогсоох зорилгоор “Нийтийн тээвэр-Аюулгүй зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш орон нутгийн замд болон суурин газруудад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурчээ. Мөн жолооч нар өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж суудлын бүсийг зөв хэрэглэн, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж, замын хөдөлгөөний дүрмийг хэвшүүлэн хөдөлгөөнд оролцох зэрэг эерэг үр дүн гарч буйг Замын цагдаагийн тасгийн алба хаагчид хэлж байв.

Уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг Гурван тэс, Цогтцэций зэрэг сумыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим буурдаггүй бөгөөд орон нутгийн замд үйлдэгдэж буй хэргийн дийлэнх хувийг жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс үүдсэн осол эзэлдэг байна. Иймд осол, хэрэг гардаг эмзэг цэгүүдийн судалгааг гаргаж орон нутгийн замын хяналтыг сайжруулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдын хэсгийн төлөөлөгчид хуваарийн дагуу цагийн менежментийн эргүүлд гарч, нөхцөл байдлын мэдээгээ Замын цагдаагийн албанд хүргүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Таван толгой” компани 3.1 сая тонн нүүрс экспортолжээ

Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Таван толгой” компани оны эхний гурван улиралд 3.1 сая тонн нүүрс экспортолжээ. Тус компани энэ онд дөрвөн сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа юм. “Таван толгой” компани коксжих нүүрсээ уурхайн амнаас 55 ам.доллараар борлуулж байна. 2016 онд 4.11 сая тонн нүүрс олборлож, 4.03 сая тонныг экспортолж байсан байна. Экспортын төлөвлөгөөгөө биелүүлэхэд БНХАУ-ын хилийн боомтын хязгаарлалт болон “Таван толгой”, “Энержи Ресурс”, “Эрдэнэ Таван толгой компаниудад олгосон нүүрс тээврийн квотын асуудал хүндээр нөлөөлж байгааг олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна. “Таван толгой” компани коксжих нүүрсээ уурхайн амнаас 55 ам.доллараар борлуулж байгаа бол тээвэртэй нөхцөлөөр 75 ам.доллараар, сул коксжих нүүрсийг 35 ам.доллараар экспортлож байгаа аж. Харин орон нутгийн хэрэгцээнд жилд 100 мянга тонн нүүрсийг нэг тонныг нь 15 мянган төгрөгөөр худалдсан аж.

Categories
мэдээ улс-төр

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.08) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтов.

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн хувьд хуулийн төсөлд мэргэжлийн нэр томъёо, нэршлийг зөв хэрэглэх, иргэдэд ойлгомжтой болгох, салбарын эрдэмтэн, мэргэдийн ойлголтыг нэгтгэхийг онцгойлон анхааруулж байлаа.

Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, дэд сайд Ж.Сауле болон холбогдох албаны хүмүүс оролцсон. Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үргэлжлүүлэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Уг тогтоолд хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах, хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор батлах, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Энэ үеэр Байнгын хорооны дарга Ц.Гарамжав тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг гаргасан. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Гилеад Саинсис” компанийн Ази-номхон далайн орнууд хариуцсан захирал Бен Кемаркыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2017.12.08) “Гилеад Саинсис” компанийн Ази-номхон далайн орнууд хариуцсан захирал Бен Кемаркыг хүлээн авч уулзав.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Омбол” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Төмөрбат нар байлцлаа.

“Гилеад Саинсис” компани Монгол Улсад “Хүртээмж” хөтөлбөр хэрэгжүүлэн, элэгний С вирусийг устгах үйлчилгээтэй “Харвони” эмийг нэн хямд үнээр олгох, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгаар Архангай аймгийн 45-60 насны, элэгний С вирустэй хүмүүсийг дээрх эмээр үнэгүй эмчилж, хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж дуусгасан байна.

Уулзалтын эхэнд байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Хүртээмж” хөтөлбөр Архангай аймагт амжилттай хэрэгжсэн гээд дээрх сайн туршлагыг олон нийтэд сурталчилах нь чухал гэдгийг энэ үеэр онцолсон юм.

Ноён Бен Кемарк “Архангай аймгийн С вирустэй иргэдийг “Харвони” эмээр үнэ төлбөргүй эмчлэх төсөл маань хэрэгжиж дууслаа. Үнэндээ Архангай аймагт хэрэгжсэн энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлгүй байсан. Тийм ч учраас энэ төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн талаарх туршлагыг Монголын 21 аймаг, дэлхийн бусад улс оронд түгээн сурталчлах нь чухал гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “ ”Хүртээмж” төслийг анхнаас нь дэмжиж ажилласан ноён Бен Кемаркт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, 21 аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 он хүртэл үргэлжилнэ. Манай Архангай аймагт дээрх төслийн эхний шатыг ийнхүү амжилттай дуусгалаа. Иймээс бидний энэ туршлагыг 21 аймаг, 9 дүүрэгт сурталчилах тал дээр таньтай санал нэг байна” хэмээн онцлон хэлэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Гилеад Саинсис” компанийн “Харвони” эмийн эмчилгээний үр дүн маш өндөр байгааг онцлоод “Монгол Улсын Засгийн газар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 он гэхэд элэгний С вирусгүй улс болох зорилтыг тавин ажиллаж байна. Тиймээс та бидний хамтын ажиллагаа энэ зорилгод хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Түүхч Д.Өлзийбаатар, “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн Ц.Санчир нарт Төрийн шагнал хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх”, “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн Ц.Санчирын “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” бүтээлд энэ 2017 оны Төрийн шагналыг хүртээлээ.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гардуулан өгөв.

Монгол Улсын Төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонсдог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх зэрэг монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсныг нь үнэлж түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатар,

Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийн Ил хаадын үеийн хосгүй үнэт, ховор дурсгалуудаас 5 төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг сонгон “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” судалгааны бүтээлийг перс, англи, монгол хэл, бичгээр хэвлүүлж, Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаар сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн, соёл судлаач Цэрэндоржийн Санчир нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол төрийн хүндэтгэлийн өргөөнөө жил бүр Монгол Улсын иргэний оюуны гарамгай бүтээлд Төрийн шагнал хүртээдэг уламжлалын дагуу түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх”, соёл судлаач Цэрэндоржийн Санчирын “Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.

Өнөө жил Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106, Ардын хувьсгалын 96 жил, наашлаад Ардчилсан хувьсгалын 27 жилийн ой тохиож байгаа.

Энэ бол бидний өвөг дээдэс Монголын анхны төрт улс Хүннү гүрнийг байгуулснаас нааш тасралтгүй залгамжлан улбаалж, Эзэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулснаар түүний залгамжлагчид дэлхий дахинаа “Pax Mongolica” буюу Монголын энх тайвныг тогтоож явсан; эв эвдэрч, задарч бутарснаар 200 гаруй жил Манжийн эрхшээлд орж, 1911 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан; Ардын хувьсгалаар тусгаар тогтнолоо бэхжүүлэн, шинэ нийгэм журмыг тогтоосон; эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн төлөөнөө Ардчилсан хувьсгалыг хийсэн зэрэг өнөөгийн монголчууд биднийг бүтээсэн түүх, бидэнд үлдээсэн өв юм.

Түүхийн эдгээр тод тооллыг хэрэглэж хэвшсэн явдал нь түүх бол ирээдүй үеийг зөв чиглүүлэх “багш” байдаг учраас бид энэ түүхээрээ бахархахын зэрэгцээ сургамж захиасыг авахын тулд билээ. Түүхээ танин мэдэхийн хэрээр хүнд эх оронч сэтгэл, үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх ухамсар хариуцлага, ухаарал төлөвшил сууж байдаг. Тэр тусмаа Монголын түүх бол дэлхийн түүхийг бүтээж, энх амгаланг тогтноож явсан өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн хамгийн том өв бахархал юм.

Түүх түүхээрээ, үнэнээрээ байх ёстой. Түүхийн сургамж л гэж байхаас түүхийг шүүх, гуйвуулах, буруушаах эрх хэнд ч байх ёсгүй. Гэвч бид нэгэн хэсэг улс төрийн үзэл суртлын нөлөөн дор өөрсдийн түүхээ бусдаар бичүүлж, гуйвуулан харлуулж, бүр итгэж дагаж явсан. Түүхийн шинжлэх ухаанд түүхийн судалгааны үнэн байх зарчим гэж үнэ цэнтэй ойлголт бий. Д.Өлзийбаатар түүхчийн “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” сонсдог ном бол дээрх зарчимд тулгуурлан, Монголын түүхийг үнэн болгох, гуйвуулсан алдаа нугалааг засаж залруулахыг зорьсон, түүхийн судалгааны үүднээс сайн бүтээл байхаасаа гадна түүхч хүний амьдарч буй орчин цагтаа нийцүүлэн туурвисан, нийгмийн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарласан маш сайхан соён гэгээрлийн ажил болсон юм. Сонсдог номын чихнээ хоногшсон “Мэргэн дүү нэр болгооно биз ээ” хэмээх эрхэм сайхан үгээрээ залуу үеийнхэндээ хандан, түүхийн боловсролыг дээшлүүлэх, түүхэн үнэнийг таниулан сургамжлахыг зорьсон боловч түүхчийн хувьд энэ бол монгол хүн бүрт ахмад хүний үг болж, ухаарал гэгээрэл хайрласан сайхан бүтээл юм гэдгийг энд талархан тэмдэглэе.

Түүх бол сургамж гэж дээр хэлсэнчлэн Монголын түүхийн эвдрэл бутралын маш том гашуун сургамж, тэр сургамжийг тээж яваа хүмүүс бол дэлхийн дайдад тархан суурьшсан монгол ахан дүүс маань билээ. Нэгэн өвөг дээдсийн улбаа хойчис, үсэрсэн цус, тасарсан мах болсон тэд маань даяар Монголын ариун голомтыг сахин суугаа биднийгээ харуулдан чих тавьж, цай идээнийхээ дээжийг өргөн ерөөж суудаг өр өвтгөм харуусал, зовлон жаргал, ерөөл нулимс дундуур биеэрээ туулж, халуун сэтгэлдээ тээж яваа “ТАСАМ”-ын дайчин эмэгтэй, судлаач Ц.Санчираар бахархаж байна.

“Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” ном бол түүний Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөр, тархан суурьшсан монголчуудаар сүүлийн 15 жилийн турш аялан судалгаа хийсний нэгээхэн хэсэг бөгөөд үүгээр дамжуулан түүний туулсан зам мөр, хийсэн судалгаа, бүтээсэн хийгээд цаашид туурвих бүтээлийг нь шагнаж байгаа хэрэг юм. Би хувьдаа Ц.Санчирын үзсэн туулсныг Монгол Улсын хүн бүр өдөр бүр зүрх сэтгэлдээ тээж, Монголын голомтыг сахин суугаа их хувь заяа, монгол ахан дүүсийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж хичээн зүтгэх ёстой гэж боддог. Ингэж чадвал эх орон минь тэднийхээ өргөсөн дээж ерөөлөөр өөдлөн дэвжих нь дамжиггүй.

Өнөөдөр Монгол Улсын Төрийн шагналыг соёрхон хүртээж байгаа хоёр эрхэм бол төр засгийн даалгавар, аливаа нэгэн ашиг сонирхол, нөлөө шаардлагаар бус зөвхөн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар, монгол хүний халуун сэтгэлээр судлан сурвалжилж, түүх соёлын судалгааг зузаатгаж, соён гэгээрүүлж, иргэнийхээ үүргийг нэр төртэйгөөр биелүүлж яваа эгэл жирийн түүхч, судлаачид билээ. Энэ хүмүүсийн Төрийн шагнал хүртсэн бүтээлийг Монголын ард түмэн бүгдээрээ уншиж, сонсож танилцаасай, эх түүхээрээ бахархаасай, сургамж аваасай гэж хүсэж байна гэв.


Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2017.12.08) хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд “Хүн ам, орон сууцны тооллогын тов тогтоох тухай” болон “Тооллогын улсын комиссыг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулав.

Монгол Улсын хүн амын XX зууны анхны тооллогоо 1918 онд явуулсан, үүнээс хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад тус бүр тооллого хийж байжээ. ХXI зуун гарснаар анхны ээлжит тооллогоо 2010 онд хийсэн бөгөөд хүн ам, орон сууцны завсарын тооллогыг 2015 онд зохион байгуулсан аж. Хүн ам, орон сууцны тооллого бол хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, орон сууцны нөхцөлийн талаарх суурь мэдээллийг агуулсан үр дүнг нь нутаг дэвсгэрийн хамгийг бага нэгж, түүнээс нарийвчилсан түвшинд гаргах боломжтой цор ганц мэдээллийн эх үүсвэр юм. Тооллого зохион байгуулахад төрийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэний оролцоо болон хөрөнгө хүч шаардсан улсын хэмжээний хамгийн том компанит ажил байдаг. Иймээс уг үйл ажиллагааг Статистикийн тухай хууль болон тусгайлсан хууль болох Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн дагуу зохион байгуулдаг юм. Статистикийн тухай хуулийн Долдугаар зүйлийн 7.1.а-д “…хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам…”,Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн Наймдугаар зүйлийн 8.2-т “…Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их Хурал зарлана…”, мөн хуулийн Арвангуравдугаар зүйлийн 13.2-т “… Улсын Их Хурал ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын комиссыг Үндэсний статистикийн хорооны санал болгосноор дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна…” хэмээн тус тус заажээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Гучин зургаадугаар зүйлийн 36.1-д “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль, тогтоомжид заасан бол холбогдох Байнгын хороогоор хэлэлцэж санал дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасныг үндэслэн 2020 онд зохион байгуулах ээлжит тооллогын тов тогтоох тухай болон Улсын комисс байгуулах тухай Улсын Их Хурлтын тогтоолын төслийг боловсруулжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хүн амын бүртгэлийг цахимжуулах болон орон сууцны тооллого явуулах шаардлагын талаар тус тус тодруулсан юм. Хүн ам, орон сууцны улсын тооллого нь холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохицуулагддаг бөгөөд 2015 онд явуулсан хүн ам, орон сууцны завсарын тооллогыг анх удаа бүртгэлд суурилсан хэлбэрээр явуулсан гэдгийг ажлын хэсэг тайлбарлав. Иргэдийн цахим бүртгэлд суурилсан тооллогыг хийж, цахим бүртгэлд хамрагдаагүй иргэдийг бүртгэлжлүүлэх хяналтын тооллогыг давхар явуулсан гэлээ. 2020 онд хийгдэх тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Нийгмийн даатгалын сан, Халамжийн сан, Эрүүл мэндийн сан, Боловсролын сан, Ажил эрхлэлтийн сан гэх зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой бүх санг нэгтгэх, хоорондын мэдээллийн зөрүүл арилгаж төрийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх анхан шатны ажлууд хийгдэж байгаа аж. Холбогдох ажлын төсвийн талаар мөн танилцуулсан. Орон сууцны тооллогын тухайд 1969 оноос хойш Монгол Улсад барилгын фондын бүртгэл хийгдээгүй, иймд Барилга хот байгуулалтын яамтай хамтран 2019 онд барилга орон сууцны тооллогыг явуулах аж. Харин 2020 онд иргэн бүрийн амьдарч буй орчин, нөхцөлийг тодруулах зорилготой орон сууцны тооллого явуулах юм байна. Үүний үр дүнд иргэн бүрийн амьдарч буй сууцны чанарыг тодорхойлох, холбогдох стандартуудыг тогтоох, энэ чиглэлд төрийн бодлогыг тодорхойлоход суурь мэдээллийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг хэлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Элдэв-Очир, Д.Дамба-Очир нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад “Хүн ам, орон сууцны тооллогын тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь, Ерөнхий сайд ахлан ажиллах “Тооллогын улсын комиссыг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив.

Үргэлжлүүлэн Арилжааны банкны зээлийн хүү бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар, Монголбанк, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх тухай Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар тогтов. Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахлан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Б.Жавхлан, Д.Эрдэнэбат нар ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын ерөнхий прокурорын газар авлигатай тэмцэх шинэ арга олжээ

Image result for орос авлигаОХУ-ын Ерөнхий прокурорын газар цахим сүлжээг ашиглан мэдээлэл тарааж, залуучуудын дунд “Авлигын эсрэг прокурорын байгууллага” сэдвээр зохион бичлэгийн уралдаан зарлах гэж байгаа тухай Хамтын нөхөрлөлийн орнуудын Ерөнхий Прокуроруудын 27 дахь удаагийн уулзалт дээр ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка хэлсэн байна.

Ерөнхий прокурор Чайкагийн мэдээлснээр тэд иргэд, бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалах чиглэлээр шууд мэдээлэл авдаг тусгай утастай, авлигаас урьдчилан сэргийлэх ажилд залуучуудыг татан оролцуулах цахим сүлжээтэй болж байгаа бөгөөд энэ жил Залуучуудын холбоотой хамтран “Шинэлэг үзэл. Авлигын эсрэг прокурорын байгууллага” сэдэвт төслийг эхлүүлж байгаа юм байна.

Ерөнхий прокурорын үзэж буйгаар иймэрхүү төрлийн арга хэмжээг зохион байгуулснаар залуучуудыг зөв хүмүүжүүлж, авлигыг үл тэвчдэг болгоно гэжээ.