Moнголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /МХМЗ/ Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2017 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр болж, таван иргэн, хоёр байгууллагаас ирсэн гомдлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нэг дэх гомдол:
Zarig.mn сайтад 2017 оны долдугаар сарын 27-ны өдөр нийтлэгдсэн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар “ЭЗЭНГҮЙ” байна” болон 2017 оны есдүгээр сарын 11-ний өдөр нийтлэгдсэн “НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун сэтгүүлчээс 20 сая төгрөг нэхэмжлэв” гэсэн нийтлэлүүдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас МХМЗ-д гомдол гаргажээ. Гомдолд “Албан үүргээ гүйцэтгэж байсан дэд дарга, хэлтсийн дарга нарыг илтэд гүтгэн төрийн байгууллага ажлын цагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахгүй байгаа мэтээр ард иргэдэд ойлгуулж, бодит баримтыг бүрэн гүйцэт мэдээлээгүйгээс гадна мэргэжлийн давуу байдлаа урвуулан ашиглаж хуулийн этгээдийн нэр хүндийг гутаасан, өмнөх буруутай үйлдлээ залруулахын оронд зөвтгөхийг санаархан асуудлыг гуйвуулсан мэдээллийг дахин нийтэлсэн нь илт гүтгэсэн шинжтэй байна гэж үзэж байна” гэжээ.
Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд Zarig.mn сайт нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын талаарх мэдээллээ нягтлан шалгаагүй, үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулаагүй, хэвлэн нийтэлсэн мэдээлэл нь ташаа болохоо мэдсэн ч түүнийгээ засч залруулаагүй байна гэж дүгнэлээ. Тиймээс Zarig.mn сайт нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1-д заасан “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүлзүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэснийг, 1.1-д заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.9-д заасан “Нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй залруулна” гэснийг тус тус зөрчсөн гэсэн үзлээ.
Хоёр дахь гомдол:
Dorgio.mn болон Zaluu.mn мэдээллийн сайтуудад 2017 оны долдугаар сарын 21-ны өдөр нийтлэгдсэн “Боксын дасгалжуулагч Б.Пүрэв-Очир эмэгтэй тамирчиндаа бэлгийн дарамт үзүүлсэн үү” гэсэн нийтлэлд үндэслэлгүй мэдээллээрээ Монголын Боксын холбоо болон хувь хүнийх нь хувьд гутаан доромжлон, сэтгэл санааны хүнд дарамтад оруулж, нэр хүндэд нь халдсан үйлдэл болсон гэж үзэж иргэн Б.Пүрэв-Очироос МХМЗ-д гомдол ирүүлжээ. Эдгээр сайтууд нь дээрх нийтлэлээрээ буруутгасан этгээд болох иргэн Б.Пүрэв-Очироос өөрөөс нь хариу, тайлбар авалгүйгээр нэг талын эх сурвалжаар нийтлэлээ бичсэн байна гэж Ёс зүйн хороо дүгнэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.8-д заасан “Буруутгагдсан шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг зөрчсөн гэж үзлээ.
Гурав дахь гомдол:
Factnews.mn сайтад 2017 оны есдүгээр сарын 12-ны өдөр нийтлэгдсэн “Загвар өмсөгч Т.О “Дэлхийн мисс”-т оролцох бүсгүйг “засвартай” гэж шүүмжлэв” гэсэн нийтлэлийг бусдын нэрийг ашигласан, нэр төрд халдсан, гүтгэн доромжилсон, худал мэдээлэл түгээсэн гэж үзэж иргэн Т.О-ээс МХМЗ-д гомдол ирүүлжээ. Энэ гомдлыг Ёс зүйн хороо хэлэлцээд Factnews.mn сайт нь тухайн иргэний тухай мэдээллийг нягтлан шалгаагүй, эх сурвалжаа баталгаажуулаагүй байна гэж дүгнэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1-д заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.2-д заасан “Эх сурвалжаа баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ” гэснийг тус тус зөрчсөн гэж үзлээ.
Дөрөв дэх гомдол:
Иргэн Б.А-аас Breakingnews.mn мэдээллийн сайтад 2017 оны тавдугаар сарын 18-наас 23-ны өдрүүдэд нийтлэгдсэн цуврал дөрвөн нийтлэл нь өөрийг нь зориуд гутаан доромжлох зорилго агуулсан, нэр төр, гэр бүл, хувь хүнийх нь үнэлэмж, сэтгэл санаанд гүн хохирол учруулсан гэж үзэж МХМЗ-д гомдлоо ирүүлсэн. Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд тэдгээр нийтлэлүүдээс 2017 оны тавдугаар сарын 18-ны өдрийн “Ашиг сонирхол, зан араншин бүх юм нь зохицсон хос яллагч” болон 2017 оны тавдугаар сарын 22-ны өдрийн “Өмгөөлөгч Г.Батбаяр нэр холбогдсон бүсгүйтэйгээ хамтран ярилцлага нэвтрүүлгээ бэлтгэдэг үү?” видео нийтлэлүүдээрээ Breakingnews.mn сайт нь олон нийтийн мэдэх эрх, сонирхолд хамаарах асуудал мөн эсэхийг нягт нямбай дэнсэлж үзээгүй, үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулаагүй, хардсан, таамагласан гэдгээ тодорхой дурдаагүй, иргэн Б.А-ын хувийн нууцад хүндэтгэлтэй хандаж, үгээ хэлэх адил тэгш боломж олгоогүй байна гэсэн дүгнэлт гаргалаа. Улмаар уг сайтыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1-д заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.6-д заасан “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана” гэснийг, 1.8-д заасан “Буруутгагдсан шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг, 6.2-д заасан “Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон бусад хувийн мэдээллийг нийтэд ил болгоно“ гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэлээ.
Тав дахь гомдол:
Мөн иргэн Б.А-аас paparatsi.mn, breakingnews.mn, zindaa.mn, ugluu.mn, khoshinshog.mn, nutag.mn, zaluu.mn, fact.mn, new.mn, chuham.mn, criminal.mn, shudarga.mn, arkhangai.mn, erdenetmedee.mn, darkhannews.mn, dundgovi.mn, mongolcomment.mn, undesten.mn, duulian.mn, today.mn зэрэг мэдээллийн 20 сайтад 2017 оны тавдугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд нийтлэгдсэн “Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн “Миний тухай сөрөг юм гарвал үхнэ” гэж сүрдүүлжээ” нийтлэлд хуурамч мессеж зохиож өөрийг нь гүтгэн доромжилсон гэж үзэж гомдол гаргасан. Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд дээрх сайт нь олон нийтийн мэдэх эрх, сонирхолд хамаарах асуудал мөн эсэхийг нягт нямбай дэнсэлж үзээгүй, үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулаагүй, үйл явдалд анхаарахаас илүүтэй хувь хүмүүс рүү чиглэсэн, нийтлэлийн гарчиг, зураг, дүрсийг ашиглахдаа иргэн Б.А-ын хувийн мэдээлэлд халдсан шинжтэй байна гэж дүгнэж, today.mn сайтаас бусад дээрх нэр бүхий 19 сайтыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1-д заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.2-д заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ” гэснийг, 1.3-д заасан “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэснийг, 6.2-д заасан “Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон бусад хувийн мэдээллийг нийтэд ил болгоно“ гэснийг тус тус зөрчсөн гэж үзлээ.
Харин today.mn сайтыг ор үндэсгүй мэдээлэл гаргаж, иргэн Б.А-ын нэр хүндэд халдан, олон нийтэд ташаа мэдээлэл хүргэсэндээ хүлцэл өчсөн залруулгыг өөрийн сайтдаа зургадугаар сарын 20-ны өдөр нийтэлсэн тул алдаагаа зассан байна гэж үзэж, “Гомдол хүлээн авах, барагдуулах журам”-ын 6.2.2-д зааснаар зөрчлөө өөрсдөө залруулсныг мэдээлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Мөн гомдолд нэр дурдагдсан 11 сайт нь алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч хүлцэл өчиж байна гэсэн тайлбарыг МХМЗ-д ирүүлсэн байсан бөгөөд иргэн Б.А-аас уучлал хүсэж байгаагаа today.mn сайтын нэгэн адил өөрийн сайтдаа залруулга гарган илэрхийлж, хариуцлагаа хүлээж чадаж байгаагаа олон нийтийн өмнө харуулах нь зохистой гэж Ёс зүйн хорооноос үзэж байгаагаа тэдгээр сайтуудад албан бичгээр хүргүүллээ.
Зургаа дахь гомдол:
Иргэн Г.Батбаяраас Ugluu.mn мэдээллийн сайтад 2017 оны дөрөвдүгээр сарын 7-ноос зургадугаар сарын 6-ны өдрүүдэд өөрийнх нь нэр төр, ажил хэргийн алдар хүндэд халдсан мэдээллүүдийг цувралаар есөн удаа нийтэлж, хувийн таарамжгүй харилцаа, өс хонзон, атаархал жөтөөрхөлд үндэслэсэн, ховын шинжтэй, хормой хотны хэрүүлийн өнгө аястай энэхүү удаа дараагийн үйлдлээрээ түүний ажил хэргийн алдар хүнд, ашиг сонирхолд хохирол учруулж байна хэмээн үзэж МХМЗ-д гомдлоо ирүүлсэн.
Ёс зүйн хороо энэхүү гомдлыг авч хэлэлцээд эдгээр цуврал нийтлэлүүд нь олон нийтийн мэдэх эрх, сонирхолд хамаарах асуудал мөн эсэхийг нягт нямбай дэнсэлж үзээгүй, үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулаагүй, үйл явдалд анхаарахаас илүүтэй хувь хүн рүү чиглүүлэн буруутгасан, хардсан, таамагласан гэдгээ тодорхой дурдаагүй, нийтлэлийн гарчиг, зураг, дүрсийг ашиглахдаа иргэн Г.Батбаярын хувийн мэдээлэлд халдсан шинжтэй байна гэж дүгнэлээ.
Улмаар Ugluu.mn мэдээллийн сайтыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.2-д заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ” гэснийг, 1.3-д заасан “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэснийг, 1.6-д заасан “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана” гэснийг, 4.2-д заасан “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэснийг, 6.2-д заасан “Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон бусад хувийн мэдээллийг нийтэд ил болгоно“ гэснийг тус тус зөрчсөн гэж үзлээ.
Долоо дахь гомдол:
Иргэн Г.Батбаяр, Б.А нараас “Ноцтой мэдээ” сонины 2017 оны тавдугаар сарын №14/648/ дугаарт нийтлэгдсэн “Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн “Миний тухай сөрөг юм гарвал үхнэ” гэж сүрдүүлжээ” гэсэн нийтлэлд хаяглан МХМЗ-д гомдлоо ирүүлсэн.Тэд тус сонины редакц гүтгэн доромжилсон утга бүхий худал, гүжирдлэгийн шинжтэй материалыг сониныхоо тэргүүн нүүрэнд гаргаж, уг нийтлэлээ санаатайгаар 20 гаруй сайтад зэрэг байршуулж тараасанд гомдлоо илэрхийлсэн байна.
Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд “Ноцтой мэдээ” сонин нь дээрх нийтлэлээрээ олон нийтийн мэдэх эрх, сонирхолд хамаарах асуудал мөн эсэхийг нягт нямбай дэнсэлж үзээгүй, үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулаагүй, үйл явдалд анхаарахаас илүүтэй хувь хүн рүү чиглэсэн, нийтлэлийн гарчиг, зураг, дүрсийг ашиглахдаа гомдол гаргасан иргэдийн хувийн мэдээлэлд халдсан шинжтэй, тэдэнд үгээ хэлэх адил тэгш боломж олгоогүй байна гэж дүгнэлээ. Энэхүү дүгнэлтээ үндэслэн Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1-д заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.2-д заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ” гэснийг, 1.8-д заасан “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг, 6.2-д заасан “Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон бусад хувийн мэдээллийг нийтэд ил болгоно“ гэснийг тус тус зөрчсөн гэж үзлээ.
Найм дахь гомдол:
Ёс зүйн хорооны хэлэлцсэн энэ оны хамгийн сүүлийн гомдол нь Bataar.mn мэдээллийн сайтад 2017 оны есдүгээр сарын 12-ний өдөр нийтлэгдсэн “Цэцэрлэгт хүрээлэн эрүүлжүүлэх болчихож” гэсэн нийтлэлд ирүүлсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гомдол байв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь гомдолдоо “дээр дурдсан нийтлэлд “Монголын мэдээ” сониныг эх сурвалжаа болгон тавьсан ч Bataar.mn сайт нь мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлан шалгаагүй, өөрсдөө өөр эх сурвалжаас дахин тодруулаагүй хуулбарлан нийтэлсэн нь тус байгууллагын үйл ажиллагааны талаар гүтгэлэг, явуулгын чанартай, үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд тарааж, нэр хүндэд нь халдсан гэж үзэж байна. Энэ нийтлэлийг анх нийтэлсэн “Монголын мэдээ” сонинд хандахад мэдээллийн үнэн, бодит байдлыг хангаагүй нийтлэл бичсэнээ хүлээн зөвшөөрч, тус сонины гэрээтэй ажилладаг сайтуудаас уг нийтлэлийг татуулсан” гэжээ.
Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд уг нийтлэл нь олон нийтийн мэдэх эрх, сонирхолд хамаарах сэдвийг хөндөж бичсэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг бодит байдалд нийцсэн байдлаар нээлттэй шүүмжилсэн, бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах үг хэллэгийг агуулаагүй, эх сурвалжаа тодорхой дурдсан байна гэж дүгнэлээ. Тиймээс Bataar.mn мэдээллийн сайтыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчөөгүй байна гэж үзлээ.