Categories
мэдээ спорт

Никко Монтано UFC-ийн аварга боллоо

Лас Вегас хотод болсон “The Ultimate Fighter-26” тэмцээний шигшээ тоглолт боллоо. Тус тулаанд Никко Монтано, Роксанна Модаффериг буулган авч, UFC-гийн анхны эмэгтэй аварга болсон байна. Тэрбээр сүүлийн зургаан сарын турш UFC-ийн эмэгтэйчүүдийн аварга болохын тулд өөрийн жиндээ дөрвөн тулаан хийж, маш шаргуу тулалдсанаас гадна шийдвэрлэх тулаандаа хугархай хөлтэй байжээ.

Никко Монтано “Ялагдашгүй тулаанч-26” шигшээ тоглолтод хугархай хөлтэй тоглосноо хүлээн зөвшөөрсөн бөгөөд “Реалити шоунд оролцоод харьж явахдаа гэмтсэн” хэмээн тайлбарласан байна. Түүнд гэмтлийн улмаас бэлтгэл сургуулилт хангахад хэцүү байсан аж. Тэрээр гэмтсэн хөлөн дээрээ ямар ч ачаалал авч чадахгүй хэдэн долоо хоног болжээ.

Никко Монтана ялагч болсныхоо дараа сэтгүүлчдэд “Яг тэр үед би дасгалжуулагчдаа хандаж миний хөл нэг л болохгүй байна гэж хэлж байснаа сайн санаж байна. Хөлийн эрхий хурууны яс уг хэсгээрээ гэмтсэн юм. Хөлөө хөдөлгөхөөс эхлээд бүх зүйл хүнд байсан. Хэсэг хугацаанд юу ч хийж болохгүй байлаа. Тулалдаж болох эсэхээ ч сайн мэдэхгүй байсан.

Бараг хоёр гурван долоо хоног хэвтрийн дэглэмтэй, алхаж ч чадахгүй шахам байлаа. Хүчний дасгал сургуулилт хийхийн оронд хананд гараараа тулж байгаад өсгийгөө бага багаар өргөх дасгал л хийж байсан даа. Тулаан болдог орой би юу ч хийхэд бэлэн байсан. Цор ганц шалтгаан нь дааврын дэмжигч бэлдмэл уусных л байсан юм. Гэхдээ одоо мэс ажилбар хийлгэх шаардлагатай. Юу юунаас илүү хөлөө эмчлүүлмээр байна” гэж ярьжээ. Мөн тэрбээр төлөвлөгөөт хагалгаанд орж, бүрэн эдгэрснийхээ дараа 2018 ондоо багтаан бүсээ хамгаалах тулаанаа зарлана хэмээн хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Залуучууд судлал -2017” эрдэм шинжилгээний хурал шилдэг илтгэлийг шалгаруулж байна

“Залуучууд судлал -2017” эрдэм шинжилгээний хурал болж байна. Энэхүү хурал нь Монголын залуучуудад тулгамдаж буй асуудлын шийдэх гарцыг тодорхойлох, онол практикийн мэдлэгээ хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээгээр хандах, залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрт тусгахуйц шийдлийг илэрхийлэх, шилдэг бүтээлийг олон нийтэд хүргэх зорилготой аж. Энэ жилийн хувьд “Залуучууд-судлал”, “Эрдэмтэн-судлал” гэсэн ангиллаар илтгэлээ шалгаруулжээ. Эхний шатны 70 гаруй бүтээлээс 37 бүтээл хоёрдугаар шатанд шалгаран үлдсэн байна.

Уг хуралд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, судалгаа шинжилгээний байгууллагын судлаач эрдэмтэд, их, дээд сургуулийн багш, оюутан залуучууд мөн залуу эрдэмтдийн төлөөлөл оролцож байгаа юм. Эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хүний эрх, жендерийн мэдрэмжтэй залуу хүн, залуучуудын нийгмийн оролцоо чиглэлийн хүрээнд залуучууд судлалыг хөгжүүлэхэд нөлөөлөхүйц гол асуудлуудаар илтгэл хэлэлцүүлж байна. Тухайлбал, “Харааны бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтэнд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр ШУТИС-ийн БАТС-ийн Нийгмийн ухааны тэнхмийн докторант Ч.Даариймаагийн илтгэл хуралд оролцогчдын анхаарлыг татаж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн байдал нийгэмд бага байдаг байна. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх шаардлагагтай байгааг илтгэлээрээ онцолсон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Занданшатар: Засгийн газар иргэдээ өөрийн өмчийн газрын мэдээллээ гар утсаараа авах боломжтой болголоо

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд Газрын кадастрын мэдээллийн системийн түлхүүрийг гардуулж өглөө. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” зорилтын хүрээнд хийгдэж буй ажил юм.

Мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлснээр иргэд өөрийн өмчийн газартай холбоотой мэдээллээ интернет ашиглан гар утсаараа авах боломжтой болсон нь том дэвшил. Харин одоо иргэддээ мэдээ,мэдээллийг хүргэж түгээх ажлыг зохион байгуулах нь чухал гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая!

Газар нь улс орны оршин тогтнох үндэс суурь, хүн амын амьжиргааны үндсэн хэрэгсэл болдог. Дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд чиглэсэн газрыг төлөвлөх, ашиглах, бүртгэн баталгаажуулах, хамгаалах төрийн бодлогыг уриа болгон дэвшүүлж, хэрэгжүүлсээр байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно”, мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах”, “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх”, “Төрөөс цахим хэлбэрээр хүргэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх” зэрэг ажил тусгагдсан.

Өнөөдөр бид иргэдийн амьдралын баталгаа болсон газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой нэгж талбарыг зураглах, бүртгэх, төрийн нэрийн өмнөөс баталгаажуулан үнэ цэнэтэй байлгахад чиглэсэн, дээр дурдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 21 аймаг, 330 сумыг хамарсан газрын кадастрын мэдээллийн нэгдсэн цахим системийг Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар удирдан зохион байгуулж хэрэглээнд нэвтрүүлж байна.

Өндөр хөгжилтэй орнуудын өдөр тутмын энгийн хэрэглээ болсон олон улсын туршлага, технологид суурилсан, өөрийн орны онцлогт тохирсон нийтэд нээлттэй, хүртээмжтэй тийм систем болсон гэж ойлгож байна.

Кадастрын нэгдсэн мэдээллийн системын тусламжтайгаар газрын татвар, төлбөрийн бааз суурийг өргөтгөх, иргэдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг төрийн нэрийн өмнөөс баталгаажуулах, нэгдсэн бүртгэлийн системийг байгуулах, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, цахимжсан үйлчилгээг үзүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгахад холбогдох төрийн захиргааны байгууллагууд хамтран оролцох зайлшгүй шаардлагатай юм.

Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд “Монгол Улсын газар нутаг салшгүй, бүрэн бүтэн, нэгдмэл байна” гэж заасан байдаг. Засгийн газрын зүгээс газрын нэгдмэл удирдлага, тогтолцоо, бодлогыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа бөгөөд нэгдсэн нэг бүртгэл, орон зайн өгөгдөл, мэдээллийн сантай болоход төрийн байгууллагууд цаашдын ажилдаа анхаарч ажиллахыг хүсье.

Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 30 -ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу нийслэл, дүүргүүдийн хэмжээнд энэхүү кадастрын нэгдсэн мэдээллийн сан, системыг богино хугацаанд нэвтрүүлэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт үүрэг болгож байна.

Хэдхэн сарын өмнө “Блокчэйн технологи төрийн үйлчилгээнд хувьсгал хийх үү” гэсэн гарчигтай, олон улс орнуудын төрийн байгууллагуудын анхаарлыг татаж байсан нийтлэлд дэлхийн 30-аад улс блокчэйн технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж байгаа талаар, түүний дотор Швед, Гүрж, Бразил, АНУ зэрэг улс газрын бүртгэлдээ блокчэйн технологийг нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлж байгаа талаар дурьдсан байсныг анхаарч, цаашид дэлхийн нийтийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллахыг зөвлөмж болгож байна гэв. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин Монголын эдийн засгийн эрмэлзлийг ШХАБ-ын Ерөнхий сайд нарт илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг төлөөлөн Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд ОХУ-ын Сочи хотноо хуралдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн XVI хуралдаанд амжилттай оролцоод ирлээ. Шадар сайд Ө.Энхтүвшин ШХАБ-ын Ерөнхий сайд нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхдээ, гишүүн орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх манай улсын сонирхол, байр суурийг илэрхийлэв. Тухайлбал, ШХАБ-ын гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, төслийн олон талт хамтын ажиллагаа, ялангуяа, дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ажиглагч орны хувьд идэвхтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг нотоллоо. Хуралдааныг ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев даргалсан бөгөөд Ө.Энхтүвшин түүнтэй ажил хэрэгч яриа өрнүүлжээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд М.С.Орешкин, Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской болон Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын Зөвлөлийн дарга Т.С.Саркисян нартай уулзсан байна. Талууд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр хамтран ажиллах, хамтран хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний явц, бэлтгэлийн талаар санал солилцож, ЗГХК-ын хуралдааны тов, хуралдаан болох газрыг тохиров.

Түүнчлэн Беларусь Улсын Ерөнхий сайд А.В.Кобяковтой уулзан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, цаг үеийн асуудлаар ярилцжээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Москвад ажиллаж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцож байна. Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож буй тус олон улсын арга хэмжээний албан ёсны нээлтийн ажиллагаа 12 дугаар сарын 5-ны өдөр Москва хотын “Зочны ордон”-д зохиогдож, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, ОХУ-ын Ерөнхийлөгчийн байгаль орчин, тээврийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч С.В.Иванов нар нээж үг хэлэв. Нээлтийн ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нар хүндэт зочны хувиар оролцож, “Оросын тээвэр, байгаль орчны уялдаа” сэдэвт нэгдсэн хуралдааны илтгэлүүдтэй танилцав.

Уг арга хэмжээний үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёровтой албан уулзалт хийв. Уулзалтаар талууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, түүнчлэн, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Евразийн эдийн засгийн комиссын Эрчим хүч, тээврийн сайд А.О.Жунусовтай Евразийн эдийн засгийн комиссын байранд албан уулзалт хийв. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны 2015 оны санамж бичгийн хүрээнд хоёр талын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Зам тээвэр, гаалийн салбарт 2017-2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын бизнес эрхлэгчдийн оролцоотой форумыг хамтран зохион байгуулах боломжийн талаар санал солилцов.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.12.08) Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлэв.

Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939,1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол улсын төр баримталж хэрэгжүүлсээр байна.

Коммунист Бүгд Найрамдах Монгол Ард Улсын удирдлагыг огцруулж, Ардчилсан Монгол Улсын үндэс суурь, олон намын тогтолцооны үндэс суурийг тавьж, хүний эрхийг дээдлэх, ардчилсан сонгууль явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох, иргэд өмчтэй байх эрхийг нээж Монгол улс ардчиллын замаар замнах үндэс суурийг тавьсан ардчиллын анхдагчдын гавьяаг төр үнэлж, бодлогоор дэмжиж, зохих хэмжээний тусламж, хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байна гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ үеэр хэлэв.

Ардчилсан хувьсгалын анхдагчдын түүхэн гавьяаг төр засгийн зүгээс үргэлж дурсах учиртай тэдгээр баатруудын ачаар Монгол Улсад Ардчилсан хувьсгал мандсан.

Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцож, зохион байгуулалцаж явсан хот, хөдөөгийн олон мянган иргэн байснаас цөөнгүй нь төрөөс аливаа тусламж, дэмжлэг авч чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Монгол Улсын Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ харилцааг хуулиар зохицуулах зорилгоор энэхүү хуулийг төслийг боловсруулсан.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс Ардчилсан Улс болох замыг засаж өгсөн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, сэтгэл санааны болоод эдийн засгийн тусламж, хөнгөлөлт үзүүлнэ хэмээн хуулийн төсөлд дурджээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Авлигын эсрэг бүх үйл ажиллагааг Засгийн газар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан нэгдсэн Зөвлөмжийг гардуулан өглөө.

Жил бүрийн 12 дугаар сарын 09-нд Авлигын эсрэг олон улсын өдөр тохиодог бөгөөд Авлигатай тэмцэх газар энэ долоо хоногийг авлигын эсрэг өдрүүд болгон сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх чиглэлээр олон ажил зохиож байна. Авлигатай тэмцэх газар 21 аймаг, 13 яам, 27 агентлаг болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дэх авлигын эрсдэлийн байдалд хоёр удаа шалгалт хийсэн юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд худалдан авах үйл ажиллагаа, томилгоо, төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт зэрэгт олон зөрчил, дутагдал илэрч санхүүгийн хяналтгүй, замбараагүй байдал газар авсан тухай Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал танилцууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, авлигатай тэмцэх нь бүх нийтийн үйлс байх ёстой. Жирийн иргэдээсээ эхлээд төрийн байгууллагын бүх шатанд авлигын эсрэг тэмцэх нь чухал. Энэ ч үүднээс сахилга, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, шуурхай ажиллахыг шаардаж байгааг тэмдэглэв. Тэрээр авлигын эсрэг явуулж байгаа аливаа үйл ажиллагааг Засгийн газар бүх талаар дэмжинэ гэлээ.

Авлигатай тэмцэх газрын шалгаж байгаа хэргээс үзвэл авлигын нөхцөл байдал хүнд, ноцтой гэж хэлж болохоор байна. Тодорхой нэг удирдах албан тушаалтанд холбогдох хэргийн хохирол гэхэд хоёр тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдэж байгаа тухай Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал уулзалтын үеэр хэлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.12.08/ үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцууллаа.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар 23.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн хүрээнд төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах болон мөн зүйлийн 23.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрооос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Тухайлбал, мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хашаа, байрны эрүүл ахуй, ариун цэвэр, орчны цэвэрлэгээ, сэг, зэм устгал, харвдаргүйтгэл, шилжилт, хөдөлгөөний хяналттай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. Мөн мал, амьтны халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг эрт илрүүлэх, халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах тандалт, шинжилгээ хийх, өвчний сэжиг илэрсэн үед шуурхай арга хэмжээ авах, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд цогц арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг тусгаж, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгааг илүү тодорхой болгожээ.

Түүнчлэн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, бүтэц, тогтолцоо, байгууллагын чиг үүргийг нарийвчлан тодорхойлж, мэргэжлийн хяналтын байгууллага болон мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлэх хяналтыг тодорхой болгож заагласан зохицуулалт болон малын эмч, мал эмнэлгийн ажилтны нийгмийн баталгааг хангах зохицуулалтыг төсөлд шинээр нэмж оруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ж.Ганбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

“ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТЛАВ

Мөн хуралдаанаар “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Гарамжав танилцууллаа.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хүртэлх хугацааны шилжилтийн үеийн харилцааг зохицуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, төслийн анхны хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар хийсэн байна. Уг тогтоолын төсөлд хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах, хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор батлах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх тухай асуудлыг тусгажээ.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж заажээ. Гэтэл орон нутгийн төсөвт түүнийг хэрэгжүүлэх мөнгө байхгүйгээс хууль хэрэгждэггүй. Үүнд анхаарч ажиллах хэрэгтэй хэмээн хэлсэн.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин тогтоолыг баталлаа.

“ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН ТОВ ТОГТООХ ТУХАЙ” БОЛОН “ТООЛЛОГЫН УЛСЫН КОМИССЫГ БАЙГУУЛАХ ТУХАЙ”

УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа

Үргэлжлүүлээд “Хүн ам, орон сууцны тооллогын тов тогтоох тухай” болон “Тооллогын улсын комиссыг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцууллаа.

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их Хурал зарлах, 13 дугаар зүйлийн 13.2-т Улсын Их Хурал ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын комиссыг Үндэсний статистикийн хорооны санал болгосноор дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тус тус заасныг үндэслэн Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн санал, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу “Тооллогын тов тогтоох тухай”, “Улсын комисс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг Эдийн засгийн байнгын хороо боловсруулж, төслүүдийг 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслүүдийг дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн үзжээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан.

Гишүүд, статистикийн мэдээлэл, бусад төрийн байгууллагын мэдээлэлтэй зөрдөг гэдгийг дурдаад мэдээллийн зөрүүг арилган, статистикийн үнэн зөв мэдээллийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар ямар арга хэмжээ авч байгааг тодруулж байлаа. Мөн тооллогод мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах талаар ч байр сууриа илэрхийлсэн.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяагийн хариулснаар, Монгол Улс 10 жил тутамд хүн ам, орон сууцны тооллогыг, таван жил тутам завсрын тооллогыг явуулдаг бөгөөд 2015 онд явуулсан хүн ам, орон сууцны завсрын тооллогыг анх удаа бүртгэлд суурилсан хэлбэрээр явуулсан байна. Цаашид төрийн байгууллагуудын мэдээллийг зөрүүлэхгүй байх үүднээс ЭМЯ, Оюуны өмчийн газартай хамтран ажиллаж байгаа аж. Тухайлбал, төрөх эмнэлгүүдэд дөнгөж дөрсөн хүүхдэд тэр даруйд регистрийн дугаар олгон мэдээллийн санд оруулж эхэлсэн байна.

Гишүүд асууж, хариулт авсаны дараа тогтоолын төслүүдийг батлах тухай санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогын товыг 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн “00” цагаар тогтоон, Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах Улсын комиссыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баригдаж буй барилгад гал гарчээ

Баянзүрх дүүргийн 14 хорооны нутагт Халдварт өвчин судлал төвийн хойно баригдаж байгаа барилгад их хэмжээний гал гарчээ. Галыг унтраахаар гал түймэр унтраах, аврах 10, 63 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Шинээр баригдаж байсан уг барилгын тав хүртэлх давхар нь үйлчилгээний зориулалттай, дээд талын 10 давхар нь орон сууц аж.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэг орчмын чингэлэгүүдийг нүүлгэж байна

Баянгол дүүргийн ЗДТГ иргэдийнхээ хүсэлтийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт байрлах контейнерүүдийг нүүлгэн шилжүүлж байна.

Саяхан тус дүүргийн нэгдүгээр хороо контейнергүй болсон бол одоо мөн 3 дугаар хороо контейнергүй болж байна. Тус хороонд нийт 100-аад контейнер байдгаас өнөөдрийн байдлаар 88-ыг нь нүүлгэн шилжүүлжээ. Энэ ажил нь дүүргийн 23 хороонд хийгдэж байгаа бөгөөд эхний ээлжид сургууль, цэцэрлэгийн ойр орчим байрлах контейнерүүдийг нүүлгэн шилжүүлж байгаа аж.