Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15 буюу ирэх долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ээлжит мэдээллээ хийнэ. Энэ удаа гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар гишүүдэд мэдээлэл өгөх юм байна.

Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах ажилд БНХАУ-ын Засгийн газраас олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийг зарцуулахаар төлөвлөөд буй. Ингэхдээ энэ мөнгөөр “Хямд үнэтэй орон сууц” төслийг хэрэгжүүлэх юм байна. Төслийн хүрээнд 1000 айлын түр орон сууц барихаар Ногоон нуур орчимд барилгын ажлыг эхлүүлээд байгааг Ерөнхий сайдын мэдээлэлд дурджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүд тодорлоо

Хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүд тодорлоо

МСНЭ-ээс жил бүр зохион байгуулдаг шилдэг Сэтгүүлч, шилдэг Хэвлэл мэдээллийн байгууллагаа тодруулах шинэ жилийн цэнгүүн өчигдөр болж, 2017 онд Хэвлэл мэдээллийн салбарт манлайлан ажилласан Шилдгийн шилдгүүдийг шалгаруулж, шагнал гардууллаа.
Ингээд Монголын сэтгүүлзүйн салбарын 2017 оны Шилдгийн шилдгүүдийг танилцуулж байна.
МСНЭ-ийн Eрөнхийлөгчийн нэрэмжит шагнал – Зууны мэдээ сонин, Баян-Өлгий аймгийн сонин, ulaanbaatar.mn сайт,

Орон нутгийн шилдэг сэтгүүлч – Дорноговь аймгийн ДМэдиа агeнтлагийн захирал, сэтгүүлч Заяабатын Энхзул

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч – Өнөөдөр сонины гэрэл зургийн сэтгүүлч Ганхүүгийн Аргуужин

Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч – admin.dnn.mn сайтын сэтгүүлч Батсүхийн Янжмаа

Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – Гранд сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Манхангийн Уранчимэг

Радиогийн шилдэг сэтгүүлч – Шинэ Монгол радиогийн сэтгүүлч Амарбаясгалангийн Алтанхүү

Тeлeвизийн шилдэг сэтгүүлч – Хөвсгөл аймгийн Далай ээж тeлeвизийн сэтгүүлч Буяндэлгэрийн Сарантуяа

Сонины шилдэг сэтгүүлч – Зууны мэдээ сонины сэтгүүлч Сүрнээгийн Уянга

Сэтгүүлзүйн шилдэг судлаач – МУИС-ийн Сэтгүүлзүй, нийгмийн харилцааны тэнхимийн багш, доктор, профeссор Маулeтын Зулькафил

Шилдэг менежер – National news компанийн захирал Э.Долгион

Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага:

Орон нутгийг шилдэг сонин – Эрдэнэт үйлдвэр ХК-ийн Өнөөгийн Эрдэнэт сонин
Орон нутгийн шилдэг ТВ – Дорнод ТВ
Шилдэг сэтгүүл – Зиндаа сэтгүүл
Шилдэг сонин – Үндэсний шуудан сонин
Шилдэг радио – МҮОНРТВ-ийн Монголын дуу хоолой радио
Шилдэг тeлeвиз – МҮОНРТВ-ийн Монголын мэдээ суваг

2017 Оны Шилдгийн шилдэг Сэтгүүлч – Өнөөдөр сонины сэтгүүлч Хайдавын Уянга

Шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага – Монгол ньюс групп тус тус шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

84 дүгээр сургуулийн өргөтгөлийн шинэ байр ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн шинэ барилга ашиглалтад орлоо. Өргөтгөлийн байрны нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс, багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.

Тус сургууль өнөөдрийн байдлаар 4000 хүүхэд, 200 багш, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тэгвэл 640 хүүхдийн хичээлийн шинэ байртай болсноор 4 жилийн турш гурван ээлжээр хичээллэж байсан тус сургууль 2 ээлжээр хичээллэх боломжтой боллоо.

Өргөтгөлийн барилгыг Улсын төсвийн 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ‘’Урагшлах’’ ХХК барьсан бөгөөд 11 сарын хугацаанд барилгын ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна. Нээлтийн үеэр тус сургуулийн захирал С.Март уг барилгыг түргэн шуурхай ашиглалтад ороход гүн туслалцаа үзүүлсэн дүүргийн удирдлагууд , барилгын компанийн хамт олон болон багш ажилчиддаа баярлаж талархсанаа илэрхийлж байлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

33 дугаар сургууль усан бассейнтай төрийн өмчийн анхны сургууль болов

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Баатар хот Москвагийн нэрэмжит, улсын тэргүүний, БСШУСЯ-ны лаборатори 33 дугаар дунд сургуулийн усан бассейн бүхий спорт цогцолборын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, 33 дугаар сургуулийн захирал Н.Энхбат болон албаны бусад хүмүүс, тус сургуулийн багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр тус сургуулийн захирал Н.Энхбат “усан бассейнтай төрийн өмчийн анхны дунд сургууль болж байгаадаа баяртай байна. Манай сургуулийн 3400 гаруй сурагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт ийм сайхан боломжийг олгосон Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа болон дүүргийн удирдлагууд, биднийг дэмжин ажилласан бүх хүмүүст талархаж байна. Сурагчид та нарт маань хөгжиж дэвших илүү боломжууд гарч ирсээр байгааг хэлэхэд таатай байна” гэлээ.

Хоёр бассейн, спорт заал, чийрэгжүүлэлтийн танхим бүхий 1830 кв.м ашигтай талбайтай тус цогцолборыг улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Бассейн хоёр замтай бөгөөд том нь 25 метр бол жижиг бассейн нь 10 метрийн урттай аж. Дашрампд дурдахад, бассейн ашиглалтад орсноор усан спортоор 7 хоногт дунджаар 800 орчим хүүхэд хичээллэх боломжтой болсон байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Үйлчилгээний байгууллагуудад сэтгэл ханамжийн судалгаа үгүйлэгдэж байна

Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Г.Батдэлгэр

Би энэ жил худалдаа, үйлчилгээний байгууллагууд болох Мишээл дэх “Шинэ сонголт”, Бөхийн өргөөний урд байрлах “ Шинэ сонголт”, “Best буйдан”, “Номин Юнайтэд”, Соёолжийн “Номин”, “Мөнххада”, “Макс” цонх, хаалганы үйлдвэр, “Цонх констракшн”, “Aqua­therm” зэрэг байгууллагуудаар үйлчлүүлсэн. Эдгээр байгууллагуудын тухай үйлчлүүлэгчийн хувьд сэтгэгдлээ илэрхийлж онц, сайн, тааруу үнэлгээг дараахь тайлбартай өгмөөр байна.

Онц үнэлгээнд Best буйдан, Мөнххада, “Aquatherm” байгууллагыг хамруулж болохоор байна. “Best буйдан” дэлгүүрийн бараа хүргэлт хурдан, залуучууд дуулгавартай байхаас гадна сэтгэлээрээ. Тэд манай гэрт хүргэлт, угсралтын ажлаа дуусч байхад тавилгын өөр дэлгүүрээс бараа ирэхэд хамжилцаад буулгаж өгч тусалж байлаа. Мөн тавилгын бүрдэл тоо ёсоороо, гэмтсэн, дутсан, эвдэрсэн зүйл байхгүй. Онц үнэлгээнд Мөнххадааг зүй ёсоор оруулж байна. Үйлчилгээ түргэн, цэвэрхэн, хүнийг тосч үйлчилдэг.

Тааруу үнэлгээг Макс цонх, хаалганы үйлдвэр, Цонх констракшн компанид миний хувийн зүгээс өгч байна. Энэ байгууллагын ажилчид ажилдаа сэтгэлгүй гэж хэлж болохоор. Хүний өмчид их ширүүн хандах юм билээ. Максынхан шинээр хаалга суурилуулахад нугасны нүхийг алдаж өрөмдөөд дахин өөрчлөхөд эмзэглэх юм алга. Цоож суулгахдаа цүүцээр хааш яайш нүхэлнэ. Жаахан нямбай байж болохгүй юм уу гэхэд сүртэй юм замаск, будаг байхад гэж ирээд л өөрийгөө өмөөрнө. Хаалга 14 хоногт хийнэ гээд гэрээ хийж, урьдчилгаа аваад явсан. Таг чимээгүй байж байгаад 20 гаруй хоногт арай ядан багтаасан. Хэмжээ авахдаа дөрвөн см алдаж дахин хаалга хийсэн. Дөрвөн хаалга хийлгүүлэхэд 2-3 хүнтэй баг таван удаа ирж байх жишээтэй. Дутуу хийснийг өөрөө хийж дуусгасан. Соёолжийн “Номин” руу олон ч удаа явлаа. Хайрцагтай, баглаатай бараа өгнө. Эд ангиуд өөр хоорондоо таарахгүй. Радиаторын заглушка ердөө хоёрхон эрээстэй. Шугаманд холбохоор даралтаа дийлэхгүй мулт үсрэн орчноо услана. Бараа буцаахад бичиг шаардана. Бүр сүүлдээ хугацаа өнгөрсөн гээд ам таглана. Бидний суралцаад байгаа Америкт хоёр сарын дотор барааны буцаалт хийж болдог туршлагыг яагаад бид нэвтрүүлж болохгүй гэж.

“Өдрийн сонин”ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Хагардаггүй дугуй

Америкийн NASA-гийн дэргэдэх Жон Гленнийн нэрэмжит Судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд “SMA Spring Tire” хэмээн нэрлэсэн шинэ үеийн дугуйг бүтээсэн тухайгаа хэдхэн хоногийн өмнө мэдэгдлээ. Энэ дугуй нь чулуу, хад гээд ямар ч хэцүү замыг туулах чадвартайгаас гадна хагардаггүй онцлогтой. Маш олон төмөр пружинийг хооронд нь хэлхэх байдлаар бүтээсэн тул ямар ч замаар түвэггүй явна. Түүнийг бүтээсэн эрдэмтэд туршилтаар Марс гариг дээр удаан хугацаагаар судалгаа хийх тоног төхөөрөмжинд суурилуулах гэнэ. Гинжийг хэлхэж хийсэн дугуйг Марс гариг дээр ажиллах төхөөрөмжинд суурилуулан турших болсон нь ихэд учиртай . Өөр гариг дээр ажиллаж байгаа иймэрхүү төхөөрөмжийн дугуй нь ажиллагаагүй болоход ажиллагаа нь бүрмөсөн зогсдог юм.

Эрдэмтэд яагаад энэ асуудалд олон жилийн өмнөөс анхаарлаа хандуулан ажиллах болсон нэгэн шалтгааныг дурдъя. 2013 онд Марс гариг дээр судалгаа хийж байсан “Кьюриосити” төхөөрөмжийн зүүн талын дугуй эвдэрчээ. Чулуу, шороо гээд бартаатай замаар явсны улмаас гэмтсэн болохыг тогтоосон тул аль болох бартаа багатай замаар явуулахаас өөр аргагүй болсон гэдэг. Энэ нь төсөлд ажиллаж байсан эрдэмтдийн ажилд нэлээд хүндрэл учруулсан байна. Иймэрхүү судалгаа шинжилгээ хийдэг төхөөрөмжийн дугуйд эвдрэл гарах магадлал өндөр гэдгийг эрдэмтэд эртнээс мэдэж байсан. Тиймээс ч 2000 оноос бат бөх дугуй бүтээхээр ажиллаж эхэлсэн. Тэр үед Жон Гленнийн нэрэмжит Судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд дугуй үйлдвэрлэлээр дэлхий дахинаа танил болсон “Good­year” компанитай хамтран ачааны онгоцны дугуйны покрышкийг шинээр бүтээх ажлыг эхлүүлжээ. Ингээд янз бүрийн туршилт хийх явцад төмөр сүлжиж хийсэн дугуй нь ачаалал даах чадвартай зэрэг олон давуу талтай болохыг тогтоожээ. Гэвч туршилтын явцад чулуу, хад, асга ихтэй замаар явсан гинжин дугуй нь хэлбэрээ амархан алдаж байжээ. Тиймээс нитинолын хольцтой төмрөн гинжээр хийж сайжруулсан . Нитинолын хольцтой гинжин дугуй хэлбэрээ алдсан ч эргээд амархан ордог. Түүнээс гадна жин нь ердөө есөн килограмм, 75 килограммыг даах чадвартай. Бас нэгэн онцлог нь уян хатан . Шинэ үеийн хагардаггүй дугуйг бүтээгчид түүний гурван шинж чанарыг онцолсон байдаг. Нэгдүгээрт, техник төхөөрөмж хөөргөж судалгаа хийх боломжгүй хэмээн үзэж буй гаригуудыг судлах ажлыг эхлүүлж болно. Шинэ үеийн дугуй суурилуулсан техник төхөөрөмж нь ямар ч асуудалгүй бууж, явах гэнэ. Хоёрдугаарт, шаварт шигдэж суудаггүй тул нэлээд ачааллыг даах чадвартай. Гуравдугаарт, шинэ үеийн дугуй нэлээд хурдтай явж байхдаа ч цохилтонд өртөхөд эвдрэхгүй. Нэг үгээр хэлэхэд Марс гариг дээр ямар ч бэрхшээлтэй замд явах дугуй нь манай дэлхий дээр бол ямар ч бартааг туулах чадвартай гэдгийг эрдэмтэд баталсан.

Шинэ үеийн дугуйг хийсэн төмөрт нитинолоос гадна титан, никель гээд хамгийн бат бөх металлыг оруулжээ. Ингэснээр эвдрэхэд хайлуулаад хуучин хэлбэрт нь оруулахад хялбар. Марс дээр явагчид суурилуулахаас гадна “Jeep Wrangler” машин дээр туршсан нь маш амжилттай болсон. Ойрын ирээдүйд хөдөө аж ахуй, цэргийн техник төхөөрөмжид суурилуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Ер нь шинэ үеийн бат бөх дугуйг бүтээх чиглэлээр нэлээд хэдэн компани ажиллаж байгаа талаараа мэдэгдсэн юм. Энэ жил Германы Франкфурт хотод болсон олон улсын автомашины үзэсгэлэн дээр “Continental” компани нь ухаантай дугуй бүтээх төсөл хэрэгжүүлж байгаагаа танилцуулжээ. Тус компани нь замын нөхцөл байдлаас шалтгаалан хэлбэрээ өөрчилдөг дугуй бүтээх гэнэ. Ийм дугуй нь техник технологийн салбарт бас нэгэн том дэвшил болно. Өнгөрсөн оны гуравдугаар сард “Good­year” компани нь “Eagle-360” хэмээх бас нэгэн шинэ дугуй танилцуулсан. Жолоочгүй машинд зориулагдсан түүнийг 3D принтерээр хэвлэж гаргаад машинд суурилуулах боломжтой. Шинэ үеийн бас нэгэн дугуй гэгдэх болсон “Eagle-360” нь замын байдал чийгшлийг хүртэл хянадаг. Түүнээс гадна дугуйны элэгдлийн талаарх мэдээллийг агуулдаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 10 градус хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Эг, Үүр, Туул голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАХН-ынхан Төрийн ордны гадаа үймээн үүсгээд байна

Төрийн ордон өвөл зурган илэрцүүдӨнгөрөгч сард МАХН Бага чуулганаа хоёр тусдаа хуралдуулсан. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд МАХН-ын Их чуулган зохион байгуулж байна. МАХН-ын ЕНБД Э.Эрдэнэжамъян Их чуулганаа 2018 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр хийнэ гэж мэдэгдсэн. Өнөөдөр З.Баянсэлэнгэ тэргүүтэй МАХН-ын гишүүд Төрийн ордонд болж буй Их хурал руу орох гэсэн боловч нэвтрүүлээгүй байна. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ өөрийн пэйж хуудсаараа дамжуулан Төрийн ордны гаднаас хийсэн лайв бичлэгийнхээ үеэр “О.Баасанхүү биднийг урьсан гэж хэвлэлд яриа өгсөн байна лээ. Үнэндээ урилга ирээгүй. Гэхдээ манай намын үйл ажиллагаа юм бол бид орох хүсэлтэй байна. Энэ хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нар оролцоогүй. Манай намын гишүүн эсэх нь мэдэгдэхгүй танихгүй хүмүүс Төрийн ордон руу нэвтрээд байгаа мөртлөө биднийг оруулахгүй байна” гэж тодотгосон юм.

Улмаар МАХН-ын гишүүд Төрийн ордны гадаа үймээн үүсгэж, Цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж байгааг оролцогчид онцлов. МАХН-ын гишүүн Б.Жагар “О.Баасанхүү баахан Христэд итгэгчдийг Төрийн ордонд цуглуулчихсан байна” гэв. Өнөөдрийн МАХН-ын Их чуулганы хөтөлбөрт тусгагдсанаар “Монгол улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, МАХН-ын шинэчлэл цаашдын зорилт” улс төрийн илтгэл сонсож, “МАХН-ын намын дүрмийн өөрчлөлтийн төсөл “ танилцуулга хийгдэх аж. Мөн өнөөдөр МАХН-ын даргад нэр дэвшүүлэх, сонгох ажиллагаа ч явагдахаар хөтөлбөрт тусчээ. Үүнийг МАХН-ын удирдлагуудын зүгээс буруутгаж байгаа бол МАХН-ын Нам шинэчлэгдэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж буй юм.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Цогбаяр: Ард түмнийхээ хандиваар Онцгой байдлын албаны нисэх нэгжийн эхлэлийг тавьж байна

Жижиг оврын нисдэг тэрэг Автожир /CALIDUS/

ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяртай уулзаж ярилцлаа.

-Өнгөрсөн долдугаар сард дэгдсэн ойн түймрийн улмаас ард иргэд маань хандив, тусламжийн аяныг санаачлан зохион байгуулсан. Тэгвэл иргэдийн хандивласан мөнгөн тусламжийг хэрхэн юунд зарцуулав гэдгийг бид эргэж тайлагнах ёстой. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Юуны түрүүнд эх орныхоо төлөө хэзээ ч эвлэлдэн нэгдэхэд бэлэн гэдгээ харуулж, алба хаагчдад маань сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд, нийт Монголын ард түмэндээ, элэг нэгт өмнөдмонголчууддаа Онцгой байдлын байгууллага, нийт алба хаагчдынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье. Тухайн үед иргэд маань Онцгой байдлын байгууллага, тэр дундаа түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад туслах зорилгоор мөнгөн хандив өгөх гэсэн юм, ямар дансанд энэ хандивыг төвлөрүүлж болох вэ гэсэн хүсэлтийг ихээр ирүүлсэн учир манай байгууллагын зүгээс албан ёсны хандивын дансыг нээж, мөнгөн тусламжийг төвлөрүүлэн авсан. Энэ дансанд маань 809,6 сая төгрөгийн мөнгөн хандив цугласан. Одоогоор энэ хандивын мөнгөнөөс бид ямар нэгэн зарцуулалт хийгээгүй байна.

Мөн тэр үед иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг биет эд материалын хандив, тусламжийг ихээр ирүүлсэн. Энэ биет эд материалын тусламжийг бид тухай бүрт нь хэрэгцээт газар нь хуваарилж, хүргүүлж ажилласан.

-Тэгэхээр сайн дурын аян өрнүүлсэн, нэгдсэн иргэдийн зүгээс хандивын мөнгөн тусламжийг нисдэг тэрэг авахад зарцуулах ёстой гэсэн санал санаачилга гаргаж байсан ?

-Ард иргэдийн зүгээс гаргасан хандивын мөнгийг нисдэг тэрэг авахад зарцуулаарай гэсэн санал нь Онцгой байдлын байгууллагын нисэх нэгжтэй болох зорилттой нийцэж байгаа юм. Гэвч гал унтраах зориулалтын, эрэн хайх зориулалтын 4-5 төрлийн нисдэг тэрэг авахад ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Харин манай улсад ашиглагдаж байгаа МИ-171Е гэсэн загварын зах зээлийн дундаж үнэ нь 20 гаруй тэрбум төгрөг. Аврах ажиллагаа болон эрэн хайх зориулалттай евро стандартын EC загварын нисдэг тэрэг гэхэд 17 орчим тэрбум төгрөгийн үнэтэй. Нэг ёсондоо хандиваар цугларсан мөнгөн хөрөнгө маань нисдэг тэрэг худалдан авахад хүрэлцэхгүй гэсэн үг. Гэхдээ бид иргэдийнхээ сайхан сэтгэлийн хандиваар цугларсан энэ мөнгийг тун үр ашигтай зүйлд зарцуулах ёстой.

Тийм болохоор энэ хандивын мөнгийг Онцгой байдлын албанд нэн шаардлагатай байгаа бусад техник тоног төхөөрөмжийг авахад зарцуулахаар ажлын хэсэг байгуулан тооцоо судалгааг гарган ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын байгууллага гадны зээл тусламж болон төр засгийн дэмжлэгтэйгээр чамгүй хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэл хийсэн. Гэсэн хэдий ч аврах гал унтраах зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийн хүрэлцээ 50 хувь, тусгай зориулалтын хүн нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэглэл 30, холбоо, зарлан мэдээллийн хэрэгсэл 20 гаруй хувьтай байгаа юм.

-Тухайлбал ямар техник хэрэгсэл авахаар төлөвлөж байна. Энэ нь ямар ач холбогдолтой талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Бололгүй яах вэ. Бид техник хэрэгслийнхээ судалгааг гаргаад, алба хаагчдынхаа саналыг авсан. Юуны түрүүнд гамшиг осол, ой, хээрийн түймрийн үед урьдчилан тандалт, эргүүл хийх, галын голомт болон тархалтын хэмжээг тодорхойлох, дүрсжүүлсэн бичлэг бүхий мэдээллийг авч үнэлгээ хийх, аврах ажлыг агаараас удирдан зохион байгуулах, гамшигт нэрвэгдсэн болон хүнд өвчтэй хүнийг яаралтай тээвэрлэхэд ашиглах боломжтой жижиг оврын нисдэг тэрэг Автожир /CALI­DUS/ авъя гэсэн санал оруулсан. Автожир нь Онцгой байдлын албаны нисэх нэгжийн эхлэл, нөгөө талаас Онцгой байдлын албаны нисэх нэгжид ард түмний зүгээс оруулсан хөрөнгө оруулалт гэж ойлгож болох юм.

Мөн нисгэгчгүй нисэх аппарат авахаар төлөвлөөд байна. Энэ нь Matrice 600 буюу DJI компанийн бүтээсэн хамгийн хүчирхэг дрон юм. Тээвэрлэж буй ачаанаасаа шалтгаалан 18-37 минут нисэх чадалтай бөгөөд хамгийн багадаа 5,5 кг жинтэй ачаатай нисч, 4,5 километрийн цаанаас 60 fps хурдтайгаар 1080p дүрс дамжуулах боломжтой, дулаан мэдрэгч камераар тоноглогдсон учир эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах юм.

Ой хээрийн бүсэд түймэр унтрааж байгаа алба хаагчдын байршлыг тодорхойлох, галын тархалтыг хянах, эм тариа болон бусад бага оврын 5 кг хүртэлх эд зүйлсийг энэ нисгэгчгүй нисэх аппаратаар алба хаагчдад хүргэх боломжтой. Мөн ойн бүсэд төөрсөн, нурангид дарагдсан иргэдийг дулаан мэдрэгч төхөөрөмжөөр илрүүлэн, аврах ажиллагааг шуурхай явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

Дараагийн бидний авахаар төлөвлөсөн техник, тоног төхөөрөмж бол биохимийн шинжилгээний бүрэн автомат анализатор /PICCOLLO XPRESS/ болон багц шинжилгээ хийх нэг бүрийн оношлуур.

Эдгээр нь гамшигт нэрвэгдсэн иргэд, өдөр бүр гамшиг осолтой нүүр тулан ажиллаж байгаа гал сөнөөгч, аврагчдын эрүүл мэндийг хянах, эрт оношлох, урьдчилан сэргийлэхэд чухал шаардлагатай тоног төхөөрөмж юм. Шинжилгээгээр 6-14 төрлийн үзүүлэлтийг 10 минутын хугацаанд шинжлэн гаргах хүчин чадалтай. Гамшгийн голомт дээр очиж шинжилгээ хийж болохоороо давуу талтай юм.

Үүнээс гадна хорт утааны баг, багны бортого цэнэглэгчтэй нь авахаар төлөвлөсөн. Гал түймэр, техникийн холбогдолтой ослын голомт болон эрүүл мэндэд хортой хий, утаа ялгарснаас амьсгалахад хүндрэлтэй орчинд ажиллаж байгаа аврагч, гал сөнөөгчид нь хорт хий утаанаас хамгаалах баг /багны бортого цэнэглэгчийн хамт/-аар бүрэн хангагдсан байх естой. Гэтэл одоо ашиглагдаж байгаа багнуудын 50 хувь нь элэгдэлд орсон ашиглах боломжгүй болчихоод байгаа юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын зардал шийдэгдээгүйгээс худалдан авалт хийгдээгүй. Тиймээс ийм нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдан авахад дээрх хандивын мөнгийг зарцуулахаар төлөвлөөд байна. Мөн тодорхой хэсгийг алба хаагчдынхаа ажиллах орчныг сайжруулахад зарцуулахаар төсөвлөсөн.

-Жижиг оврын нисдэг тэрэг Автожир авна гэлээ. Энэ нисдэг тэргийг жолоодох нисгэгч байгаа юу?

-Байгаа. Онцгой байдлын байгууллага өнгөрсөн зунаас л нисдэг тэрэгтэй болох асуудлыг анх ярьж байгаа юм биш. Өмнө нь нисдэг тэрэгтэй болох хэрэгтэй гэсэн санал санаачилга, тооцоо судалгааг гарган төр засагтаа хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөөч ээ гэж хандаж л байсан. Тиймээс бидний зүгээс нэн тэргүүнд боловсон хүчнээ бэлтгэх ёстой гэж үзэн эхний ээлжинд жижиг оврын нисдэг тэрэгний нисгэгчээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн хоёр алба хаагчийг сургаж бэлтгэсэн. Хэрвээ энэ жижиг оврын нисдэг тэргийг авчихвал алба хаагчид маань жолоодоод нисэхэд бэлэн гэсэн үг.

-Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын тухайд аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулахад бэлэн байх зориулалт бүхий улсын нөөцийг бүрдүүлэх чухал үүрэгтэй. Өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдсан бэ?

-2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын тогтоол, 2017 оны батлагдсан төсвийн хөрөнгө болон борлуулалтын орлогоор төв, орон нутгийн улсын нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар өвсний нөөц, малын тэжээлийн бүрдүүлэлтийг бүрдүүлж дуусаад байна.

Д.ОЮУ

Categories
мэдээ цаг-үе

Г.Баасан: Төсвөөс 80-иад тэрбум төгрөг авсан хэрнээ авлигын 127 хэрэг л шийджээ

Г.Баасан зурган илэрцүүд

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай ярилцлаа.


-Таны удирдаж буй Олон нийтийн зөвлөл ажиллаж эхэлсэн цагаасаа хойш ямар ажлуудыг хийж амжуулсан бэ?

-Манай Олон нийтийн зөвлөл ажиллаж эхлээд хоёр сарын хугацаа өнгөрчээ. Бид өмнөх зөвлөлүүдээс олон зүйлээр ялгаатай. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, гүйцэтгэлээс бусад ажилд хяналт тавих хуулийн зохицуулалттай болсон үед ажиллаж байна. Мөн Авлигатай тэмцэх газар орон тооны бус, цалин хөлсгүй атлаа өдөр болгон очиж ажилласаар байгаа. Өөрийн гэсэн өрөө тасалгаатай болсон. Биднийг ажиллаж эхэлснээс хойш ард иргэд Авлигатай тэмцэх газартай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлсээр байна. Бид АТГ-тай үргэлж албан бичгээр харилцдаг юм. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд гэхэд бид 65 гаруй албан бичгийг Авлигатай тэмцэх газар хүргүүлчихээд байна. Тэгэхээр өдөр болгон нэг алба5н бичиг хүргүүлсэн байгаа юм.

Ямартай ч энэ дөрвөн жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газрын ажлыг бага ч гэсэн урагшлуулахыг хүсэж байна. Саяхан бид Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хороонд нийт таван санал хүсэлтээ оруулсан. Авлигатай тэмцэх газар нийгэмд үлгэрлэхгүй, ард иргэдийг соён гэгээрүүлэх ажлаа бүрэн гүйцэт хийж чадахгүй байна. Мөн Авлигатай тэмцэх газарт оруулсан төсөв үр ашиггүй байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд төсвөөс 80-иад тэрбум төгрөг авсан хэрнээ авлигын 127 хэрэг л шийджээ. Түүнээс гадна АТГ өөрөө авлигатай тэмцэх хүсэл, зоригтой иргэдэд ээлгүй байгаа талаар дээрх санал, хүсэлттэй оруулсан. Дараагийнх нь АТГ-ын дарга байгууллагаа сайн удирдах чадвар муу байгаа талаар асуудал болгож тавьсан байгаа.

-Таныг Авлигатай тэмцэх газрыг дайсан мэтээр харж байна гэж яриад байна л даа…

-Авилгатай тэмцэх газрын Тамгын газрын дарга Баасанням тийм зүйл ярьсан байна лээ. Энэ хүн тус байгууллагад арваад жил ажиллаж байгаа. Энэ олон жил ажиллаж байгаа хүний хувьд АТГ маш сайн мэдэж байх ёстой. Гэтэл Олон нийтийн зөвлөлөө хүлээн зөвшөөрөхгүй, шинэ зүйлд дургүйцсэн байдалтай байгаад нь гайхаж байна. Бас харамсаж байна. Ер нь бол өгсөн ярилцлагадаа ард иргэдэд маш олон зүйлийн талаар өрөөсгөл ойлголт өгөхөөр ярьсан байна л даа. Тухайлбал, АТГ-ын дарга Х.Энхжаргал бидэнтэй аравдугаар сарын 9-нд уулзахдаа “Та нарыг өрөөндөө оруулахгүй. Миний өрөө нууцын зэрэглэлтэй байдаг” гэдгээ хэлсэн. Энэ тухай нь ч бид олон нийтэд цацсан. Гэтэл Тамгын газрын дарга нь ямар ч нууцлалын зэрэглэл байхгүй гэж хэлсэн байна.

Ер нь бол бидэнд хурлын танхим, гарах хаалга болон угаалгын өрөөны хаалга л нээлттэй байдаг. Цахилгаан шат, бусад хаалга зэрэг нь бүгд кодтой, бид орох ямар ч боломжгүй гэсэн үг. Мөн Олон нийтийн зөвлөл дээр орж ирж байгаа иргэдийн утсыг нь хурааж авна, бүртгэнэ. Энэ үйлдэл нь АТГ-т итгэхгүй, айж байгаа ард түмнийг улам айлгаж байна. Бас Олон нийтийн зөвлөлийн өрөө камертай. Бүр дуу бичлэгтэй камертай шүү. Ийм байхад хүмүүс сэтгэл амар мэдээллээ өгч чадахгүй байна. Иргэд ч утсыг хурааж авах, бүртгэх, камераар хянаад байгаа зэрэгт сэтгэл дундуур байгаагаа удаа дараа илэрхийлдэг. Бид ч энэ мэт үүсэж байгаа асуудлуудын талаар санал хүргүүлэхэд АТГ-ын Тамгын газрын дарга өөрөөр шийдэх боломжгүй гэсэн хариуг үргэлж ирүүлдэг. Гэтэл бидний ажил үүргийг дэмжиж ажилладаг л гэж Баасанням дарга ярьсан байх юм. АТГ-т арваад жил ажилласан энэ хүн худлаа ярихаар бид хэнд итгэж найдаж, юуг үнэн гэж тооцох юм бэ.

-Та АТГ-тай холбоотой хэд, хэдэн анхаарал татсан асуудлууд байна гэсэн. Энэ тухайгаа тодруулахгүй юу?

– Ерөнхийдөө Авлигатай тэмцэх газраас “Бид шилэн дансаа хөтөлж байгаа. Тийм байтал Г.Баасан гуай биднийг гүжирдлээ” гээд байгаа юм л даа. Би шилэн дансыг сайтар шалгаж үзсэн л дээ. Шулуухан хэлэхэд анхаарал татсан зүйлүүд байна. Эхний жишээ нь гэхэд Авлигатай тэмцэх газар хандив авдаг юм байна. Авлигатай тэмцэх газар хандив авч болдог эсэх талаар энэ чиглэлээр мэргэшсэн гадны мэргэжилтэн, эрдэмтдээс асууж, тодруулсан. Гэтэл ийм зүйл байж огт болохгүй талаар хэлсэн. Гэтэл манай АТГ 2015 онд 89 сая, 2016 онд 96 сая, энэ онд 105 сая төгрөгийн хандив тус тус авчээ. Ямар учир шалтгаанаар, хэнээс авсан тухай нь үнэндээ алга. Мөн томилолт, зочны зардал гэж байх юм. Томилолт байж болох юм гэхэд зочны зардал гэдгийг сайн ойлгохгүй байна. АТГ-т яагаад зочин очдог юм бэ. Магадгүй хамтын ажиллагааны асуудал байж болох л юм. Гэтэл 2015 онд л гэхэд томилолт, зочны зардалд 156 сая төгрөг гарсан байх жишээтэй. Энэ мэтчилэн гайхмаар зүйлүүд их байна.

Түүнчлэн АТГ-т гомдол гаргасан, мэдээлэл өгсөн хүмүүсийн эрх ашиг хөндөгдсөөр байгаа. Үүнийг батлах жишээ, баримт надад цөөнгүй байна. Нэг жишээ дурдахад Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэн М хууль бус ангийн талаар мэдээлэл өгч л дээ. Гэтэл тэр хүнийг заналхийлсэн байгаа юм. Өөрсдөө авлигатай холбоотой мэдээллийг авна гэж хэлдэг. Харин мэдээлэл өгсөн иргэд эргээд эрсдэлд орсоор байна. Бид 80-иадхан хүний гомдол, хүсэлт авахад л ихэнх нь “Намайг заналхийлж, доромжилж байна” гэж хэлж байна. Энэ эрх ашгийг нь хамгаалахгүй байгаа хэрэг бишүү. Авлигатай тэмцэх газрын ажил хүчгүйдээд байна. Яахав элдэв маргааны талаар албан бичиг, сэлт өгөөд л явуулах юм. Тэр нь хэрэгжихгүй юм.

Үүнээс гадна Авлигатай тэмцэх газар арван жилийн ойгоороо ном гаргасан юм. Би энэ номыг маш олон удаа уншлаа. Энэ номон дээр нөлөө бүхий маш олон хүн үг хэлсэн байдаг юм. Тэр бүрийг уншихад ч авлигатай тэмцэх газар авлигатай тэмцэхгүй байна, эрх мэдэлтнүүдийн гар хөл болчихсон, улс төрчид болон төрийн мөнгө хутгалдчихсан Монголын хувь заяагаар тоглоод байна гэдгийг дурдсан байгаа юм.

-Таныг саяхан АТГ-аас шалгасан. Яагаад шалгах болсон юм бэ?

– Монголын ахмадын холбоо 2008-2012 оны хооронд улсаас 1,6 тэрбум төгрөгийн төсөв авсан. Гэтэл тухайн үед би ахмадуудынхаа төлөө Сүхбаатарын талбай дээр жагсаж, “гудамжны” Баасан гэсэн нэр зүүгээд явж байлаа. Тэгэхэд ч манай Монголын чөлөөт ахмадын холбоонд санхүүжилт байгаагүй. Харин 2012 онд бид 536 сая төгрөгийн төсөв авсан. Улсын нэрийн өмнөөс ахмадад тулгарч байгаа асуудлуудыг цэгцэлсэн. Бид 21 аймагт хоёроос гурав, бүр зарим аймагт 11 удаа очиж ажилласан. 273 суманд Монголын чөлөөт ахмадын холбооныхоо салбарыг бий болгосон. Бид тэтгэврийн зээлийг бууруулсан, ахмадын хуулийг батлуулж чадлаа, тэр дундаа манай холбоо Олон улсын ахмадын гишүүн байгууллага болсон. Монголын хамгийн өндөр настай хүнд орон сууц олгуулж чадсан, ахмадыг сонсох утастай, вебсайттай болсон зэрэг маш их ажлуудыг хийсэн байгаа. Гэтэл энэ ажлыг минь шалгаж өгөөч ээ гэж А.Отгонбаяр гэж хүү гомдол гаргасан гэнэ. Хийсэн бүх ажлынхаа тайланг гурван өдрийн турш үзэсгэлэн маягаар танилцуулсан төрийн бус байгууллага Монголд байхгүй. Би бүр нүүр бардам хэлнэ. Тийм байтал энэ хүмүүсийн бодлоор би авлигач, бүр сүүлдээ оффшортон болох юм байна л даа. Би тэтгэврийн хүн. Надад тэтгэврээс маань өөр орлого байхгүй. Эх орон, шударга ёсны төлөө гэсэн сэтгэл л надад байна. Энэ сэтгэл байгаа болохоор л би өнөөдрийг хүртэл ингэж яваа юм. Яахав намайг шалгана л биз. Надад айж, эмээх юм юу ч алга.