Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы ирэх өдрүүдэд Намын бүлэг, ажлын хэсэг, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 11-НЭЭС 15-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 11-ний Даваа гарагт:


  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 11-ний Даваа гарагт:

  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

12 дугаар сарын 12-ны Мягмар гарагт:

  • Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

12 дугаар сарын 13-ны Лхагва гарагт:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

12 дугаар сарын 14-ний Пүрэв гарагт:

  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 12-ны Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм” батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл;
  • “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Д.Сарангэрэл нар 2017.09.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

12 дугаар сарын 13-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагааны болон санхүүгийн хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээлэл, мөн тус сан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд шилжихтэй холбоотой бэлтгэл ажлын талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 14, 15-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Д.Саранчимэг нар 2017.09.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийг орон сууцаар хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн тэнхимийн 50 жилийн ойд

БГД VI хороо Ардын цэргийн бэлтгэл ахлах офицер, чөлөөнд байгаа Д.Энхбаяр

Анх жанжин Сүхбаатарын санаачилгаар байгуулагдсан дайчин алдар түүхтэй сургууль маань өнөөдөр “Үндэсний батлан хамгаалахын их сургууль” болтлоо өргөжжээ.

1975 онд миний бие болон үе тэнгийн хүүхдүүд маань 10 жилийн сургуулиа амжилттай төгсөж, Сүхбаатарын болон байлдааны гавьяаны улаан тугийн одонт жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит сургуульд уралдаант шалгалт өгч улс төрийн ангид хот, хөдөөгийн 31 хүүхэд тэнцэн орж, 1979 онд 24-үүл төгсөж офицер гэдэг эрхэм мэргэжлийг өвөрлөн армийн анги салбарт ажиллахаар хүлгийн жолоог залсан билээ. ЦЕДС-д элссэнээс хойш өнөөдрийг хүртэл 42 жил өнгөрч ахмад төгсөгч нарын тоонд орж дээ.

Биднийг сурч байхад манай тэнхимийн нэр маань нийгмийн ухааны кафедр нэртэй байсан. Онолын гол хичээлүүдийг нийгмийн ухааны тэнхимийн багш нар заадаг байлаа. Хичээлүүдийг товч нэрлэбэл философи, сурган хүмүүжүүлэх ухаан, армийн доторх нам улс төрийн ажил, МАХН-ын түүх, түүхэн материализм хичээлүүдийг заалган улсын шалгалт өгч байсан даа.

Одоо эрдэмтэн багш нараа товч дурдъя. Л.Дамбийням (дарга), Д.Гомбосүрэн, С.Баатар, Банзрагч, хоёр Лувсандорж, Бямбасүрэн, Гаваа, Сандуйжав, Нямбуу, лаборант Энэбиш нараа дурсахад сайхан байна.

Өнөөдөр 21 дүгээр зуунд тэнхимийн нэр маань өөрчлөгдөн нийгэм, хүмүүнлэгийн тэнхим нэртэй болжээ. Түүхт ойгоо угтан олон сайхан ажил зохиож, төгсөгч биднийгээ оролцуулж, сургууль маань хэрхэн дэвжин өөрчлөгдсөнийг харах бахтай байна. Бидний үед сурч байсан сургуулийн барилга маань оргүй алга болж олон сайхан барилгууд сүндэрлэн босчээ.

С.Байгальмаа даргатай тэнхимийн багш нартаа 50 жилийн ойн баярын мэнд хүргээд сурган хүмүүжүүлэх үйлстээ их амжилт гаргахыг хүсье. Мөн 1975-1979 онд улс төрийн ангийг суралцаж төгссөн курсийн хамт олондоо болон курс удирдаж байсан Д.Давааням, Эрдэнэ нартаа, армийн үе үеийн ахмад ажилтнууддаа баярын мэндийг хамт олноо төлөөлөн хүргэж байна.

“Өдрийн сонин”ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Ховд аймгийн итх-ын дарга Г.Пүрэвганди: Ховдын ард иргэд Д.Галсандондогоос залхаж байна

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай ярилцлаа.


-Ховд аймгийн ИТХ-ын V хуралдаан 2 өдөр хуралдаж Засаг даргаа огцруулчихлаа. Хурлын даргын хувьд та V хуралдааны талаар өөрийн бодлоо хуваалцаач?

-Аймгийн ИТХ-ын тухайд жил болгон 12 дугаар сарын эхээр хуралдаанаа зохион байгуулж, хийсэн ажлаа дүгнэж, хэрэгжүүлэх зорилтоо тодорхойлдог. Мөн 2017 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ч дүгнэлээ. Энэ бүхэнд төлөөлөгчид нэгдсэн байдлаар олонхийн саналаар дүнгээ тавьчихлаа л гэж харж байна.

-Таныг ИТХ-ын даргаас огцронгуутаа тамгаа аваад зугтсан гэж Д.Галсандондог дарга хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Энэ үнэн үү?

-Ёстой худал мэдээлэл байна. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Д.Галсандондог дарга иргэдийн төлөөлөгчдийн тавьсан дүнтэй эвлэрч өгөхгүй л ийм зүйл яриад байх шиг. Ховдын иргэд ч түүнд дүнгээ аль хэдийнэ тавьчихсан. Төсвийн мөнгөөр долоо хоног бүр онгоцоор хот руу нисч, сар тутам гадаадад зугаалаад байгаа хүнд өөр ямар үнэлэлт өгөх вэ дээ ер нь. Ганцхан жилд 15 удаа гадаад явж, 33 удаа хот руу ниссэн хүнд дахиад итгэл хүлээлгэх арга байхгүй биз дээ. Тэр тусмаа өөрөө орон нутгийн сонгуульд ялагдчихаад, тэгсэн хэрнээ элдэв арга саам хайж Ховдын ард түмний төлөө ажиллана гэж Засаг дарга болчихоод юу ч хийгээгүй хүн шүү дээ. Энэ бүхэнд нь Ховдын ард түмэн үнэн голоосоо зэвүүцсэн. Ховдод та ямар ч бодитой ажил хийсэнгүй, амласнаа огт хэрэгжүүлсэнгүй , тиймээс итгэл үзүүлэх ямар ч боломж алга гэдэг зүйлийг л төлөөлөгчид маань хэлсэн. Тэр дагуугаа ч шийдвэрээ гаргаж огцруулсан. Мань хүн энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй дэмий л шаралхаад байх шиг.

-Аймгийн хоёр даргыг огцруулах асуудал МАН-ын бүлгээс өөрөөс нь гарлаа шүү дээ. Энэ асуудлыг Хурлын даргын хувьд, намын дэд дарга байсны хувьд та юу гэж тайлбарлах вэ?

-Та буруу ойлгосон байна. Хурлын дарга бус аймгийн Засаг даргатай холбоотой асуудлыг хөндөж ярих тухай асуудал 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан аймгийн МАН-ын хорооны IV хурлаас гарсан. Хуралд хүрэлцэн ирсэн 70 гаруй намын гишүүд маань аймгийн намын хорооны даргадаа итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцээд 93 хувийн саналаар Д.Галсандондог даргыг аймгийн МАН-ын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Намын гишүүдийн дунд үл ойлголцол бий болсон, тэргүүлэгчидтэйгээ тохирч, хамтарч ажиллаж чадахгүй байгаа зэрэг нь ч үүнд нөлөөлсөн. Хамгийн гол нь бүтэн 2 жил гаруй хугацаанд аймгийн намын хорооныхоо хурлыг нэг ч хийлгэхгүй гацааж удаасан нь намын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Дүрмийн заалтыг ноцтой зөрчсөн учраас л бүхэл бүтэн 93 хувийн саналаар түүнийг огцрууллаа. Уул нь бол намын үндсэн дүрмэнд зааснаар жилд 2-оос доошгүй удаа хуралдаж, тулгарч буй асуудлуудаа хэлэлцэн, цаашдын зорилтоо тодорхойлох ёстой байхгүй юу. Гэтэл энэ зөрчигдсөн учраас л намын хорооны даргадаа итгэл хүлээлгэхгүй, огцруулж, намын дэд дарга буюу намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилон ажиллуулж байна. Намын дүрмэнд заасны дагуу аймгийн намын хорооны Тэргүүлэгчдээр дамжуулан аймгийн ИТХ дахь бүлэгтээ үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу аймгийн ИТХ-ын хуралдаандаа аймгийн Засаг даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулан, хэлэлцүүлье гэдэг үүргийг тогтоолоор гаргаж шийдвэрлэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудал бол Аймгийн ИТХ-аар хэлэлцэхээр намын бүлгийн дүгнэлт гарч өргөн баригдсан зүйл. Энэ дагуу л асуудлыг хэлэлцэж, Засаг даргыг огцрууллаа. Харин ИТХ-ын даргын асуудлыг намаас ч, бүлгээс ч оруулж ирээгүй. Д.Галсандондог огцорсондоо шаралхаад, хэдэн хүнийг хууль дүрэм зөрчүүлэн турхирч оруулсан л асуудал. Тийм болохоор үүнд тэнгэр газар шиг ялгаа байгаа биз.

-Д.Галсандондог авлигын хэрэгтэй холбогдсон нь огцруулах нэг шалтгаан байсан гэлээ. Нотолгоо бий юу?

-Авлига хээл хахуультай холбогдсон асуудал ид яригдаж байна. Тодорхой баримт нотолгоо нь ч байна. АТГ-аас энэ хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Миний зүгээс бол аймгийн дарга хууль хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна гэх шүүмжлэлийг олон удаа өгсөн. Аймгийн ИТХ-ын тогтоолоор үүрэг чиглэл ч өгсөн, ИТХ-ын Тэргүүлэгчдээс бас чиглэл өгсөн зүйлүүд ч бий. Ялангуяа ард иргэдийн дунд бухимдал маш их байна. Тухайлбал аймгийн Засаг дарга авлига хээл хахуультай холбогдсон асуудал ид яригдаж байна. Төрийн албаны томилгоо иргэдийн нүдэн дээр, шударга шалгуураар болохгүй байна. Мэргэжлийн бус, тухайн салбарт ажиллаж байгаагүй, огт дадлага туршлагагүй хүмүүсийг өөр салбарт томилдог асуудлууд их байна. Дээрээс нь гадаад дотоод явж улсын төсөв үрэн таран хийсэн асуудал нь сөхөгдсөн. Нэг жилийн дотор 50 сая төгрөгөөр гадаад дотоодод томилолт нэрээр зугаалсан асуудал нь ч нэгэнт ил болсон Дээр нь сум орон нутагтаа огт очиж ажилладаггүй, иргэдтэйгээ уулзалт хийдэггүй гэсэн шүүмжлэлүүд ч газар авсан. Үнэхээр иргэдийнхээ дунд байж, зовлон жаргалыг нь хуваалцаж, асуудлыг нь шийдэж ажиллаж чадсан уу гэвэл үгүй. Ийм учраас Засаг даргыг огцруулах асуудлыг би хэлэлцэх нь зөв гээд хэлэлцүүлсэн. Дахиад хэлье. Жилд 15 удаа гадаад явдаг, 33 удаа хот руу нисдэг, жилийн 250 хоногийг ийм байдлаар өнгөрүүлдэг дарга байж таарах уу ? Нэг жилийн хугацаанд ийм олон удаа явсан нь төлөөлөгчдийн төдийгүй иргэдийн бухимдлыг маш их төрүүлсэн. Одоо ч гэсэн бас хотод байгаа л сурагтай. Иргэдийн төлөөлөгчид иргэдийнхээ талд байж, шийдвэрээ гаргасан. Гүйцээ.

-МАН-аас сонгогдсон Төлөөлөгчид нэгдэж, орон нутгийнхаа төлөө ажиллаж чадахгүй байгаа нь энэхүү хуралдаанаас харагдлаа. Үүнээс гарах гарц нь юу вэ?

-Бүлэг хоорондоо хуваагдаад айхтар хүндэрсэн зүйл бол байхгүй. Харин Засаг даргатайгаа ойлголцохгүй байсан асуудал бол бий. Засаг дарга олонхийн зарчмыг барьж, хамтын шийдвэрээр асуудалд хандахгүй, өөрийнхөө үзэл бодлоор асуудлыг шийдвэрлүүлэх гэж зүтгэж байгаад огцорлоо. Аймгийн Засаг дарга асан Д.Галсандондог хэдэн цөөхөн Төлөөлөгчдийг хуралдуулж, өөр хүнийг бүлгийн даргаар томилон, будлиан хутгаад явж байгаа нь өөрөө харин ч хууль зөрчсөн, намын дотоод дүрмийг ч зөрчсөн асуудал юм. Манай нам 24 гишүүнтэй бүлгээ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар танилцуулж, албан ёсоор байгуулсан. Энэ үл ойлголцол маань одоо бүрэн арилна гэдэгт итгэж байна. Хуралдаанаар ИТХ-ын даргын асуудлыг оруулж ирэхэд би өөрийн санаачлагаар энэ асуудлыг хэлэлцүүлье. Миний чөлөөлөгдөж огцрох асуудал хамаагүй, гагцхүү Ховд аймагт хууль сахиулдаг, зарчим үйлчилдэг, дүрэм журамтай, ард иргэдийнхээ төлөө гэсэн бодлого үйлчилдэг удирдлагуудтай байх ёстой. Үүний тулд ажлаа өгөөд огцроход бэлэн гээд энэ асуудлуудыг тавиад хэлэлцүүлээд явсан. Өвөлжилт хүндэрч болзошгүй, ажлаа шуурхай хийх шаардлагатай байгаа энэ үед сумд маань хурлаараа төсөв, төлөвлөгөөгөө яаралтай батлах хэрэгтэй. Шинэ он ч хаяанд ирлээ. Хөдөө орон нутагтаа хүрч, тэдний эрх ашгийн төлөө ажиллаж, хийх зүйлс их байгаа учраас хуралдаанаа яаралтай хийгээд нэгэнт шийдэгдсэн асуудалд цэг тавих ёстой.

-Д.Галсандондог дарга өөрийг нь огцруулсан асуудлын цаана УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан нар бий гэж яриад байна л даа. Гишүүд нь аймгийн удирдлагыг огцруулах асуудалд оролцчихсон юм уу?

-Наад яриаг чинь Д.Галсандондог л ганцаараа яриад яваад байгаа болохоос биш Ховдоос УИХ-д сонгогдсон гишүүд үүнд оролцсон, ИТХ-ын үйл ажиллагаанд нөлөөлсөн зүйл огтхон ч байхгүй. Ховдоос сонгогдсон С.Бямбацогт, О.Батнасан нарын гишүүд “Ард иргэдийнхээ төлөө ажилла, олон түмэнтэйгээ ойр бай, ажлаа хийсэн шиг хий” л гэсэн зарчмын шаардлага тавьж байсныг мэдэх юм байна. Түүнд өсөрхөж хорссондоо л тийм зүйл ярьж байгаа биз. Өөрийнхөө огцорсон асуудлыг олон нийтийн анхааралд оруулах гэсэн арга ядсан л арга л даа. Үнэхээр ажил хийхгүй байгаа, төрийн албыг хувийн компани шиг удирдаад байгаа,хүмүүсийн амьдралын зовлон жаргалыг нь хуваалцахгүй, хөдөө гадаа явахгүй, гадаад дотоодод зугаалаад байгаа “хоноцын сэтгэлтэй” Засаг даргад хэн дуртай байх юм бэ?. Үндсэн ажлаа хийхгүй үлбийгээд байгаа хүнийг хэн хүлээн зөвшөөрөх вэ дээ. Та Ховдын иргэдээс асуугаад үзээрэй. Аймгийн Засаг даргынхаа барааг харсан хүн ховорхон л таарах байх шүү. Түүний өнгөрсөн хугацаанд хийсэн ажил үнэхээр хангалтгүй гэдгийг дан ганц төлөөлөгчид ч яриад байгаа юм биш. Аймгаараа ярьж, аймгаараа бухимдаж байна шүү дээ. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр огцорсон хойноо олон юм яриад хэрэггүй л гэж зөвлөмөөр байна. Ховдод хөгжил дэвшил хэрэгтэй болохоос хов жив, хэрүүл талцал огт хэрэггүй. Ард иргэд үнэндээ залхаж байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хайртыгаа битгий мартаарай”

Уг нь бол хайртай, амраг сэтгэлтэй хүнээ мартана гэж байдаггүй. Хайрын сэтгэл гэнэт л ул мөргүй болох ч юм уу, эргээд харахад л алга болчихдог зүйл биш. Хичнээн гомдол тээн хоёр тийш саллаа ч, хайрын сэтгэл нь сэвтлээ ч хайрын сэтгэл хайрынхаараа үлддэг. Насан багын хайр, анхны хайр, оюутан цагийн хайр дурлал, идэр насанд учирсан хоёр, цайгаа хамтдаа суугаад хувааж уух нэгэн гээд нас насанд хайр, хайрт байх ажгуу. Эсвэл анхны харцаар л дурлаад бие биедээ татагдсан ч заяа төөрөг нийлээгүй үхэн үхтэлээ нэгнээ дурсан хайрладаг хүмүүс ч буй. Хүн хэдий хөгширч, өөр тивд амьдарлаа ч, анги нэгэнтэй гэр бүл боллоо ч насан багын хайр, анхны хайраа сэтгэлийнхээ мухарт өөрөө ч мэдэлгүй санагалзан байдаг. Эсвэл мартчихсан гэж боддог ч түүнийг нь санагдуулах ямар нэгэн дурсамж, дуу, яриа гарахад сэтгэл нь анхных шигээ догдолдог. Ийм болохоор хайртай хүнээ мартана гэж байдаггүй. Харин яагаад Ж.Заяабаатар асан “Хайртыгаа битгий мартаарай” гэж өгүүллэг бичсэн юм бол. Хүмүүс хайртаа мартчихдаг болохоор, мартчих гээд байдаг болохоор эрхэм найрагч маань тэртээ он жилүүдэд “Хайртыгаа битгий мартаарай” гэж бичиж бидэнд захиж үлдээжээ.

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Ж.Заяабаатар 1991 онд 25 насандаа “Хайртыгаа битгий мартаарай” нэртэй богино өгүүллэгийн номоо 10 мянган хувь хэвлүүлсэн нь тухайн үедээ уншигчдын дунд эрэлт болж, залуухан найрагч олонд танигдаж уг номоороо МЗЭ-ийн шагнал хүртэж байсан түүхтэй.

“Хайртыгаа битгий мартаарай” ном бол яг энэ цаг үед залуусын гэлтгүй хүн бүрийн унших ёстой ном. Ялангуяа хайр сэтгэл, гэр бүлийн тал дээр асуудал гаргадаг, ааш зан нь хаврын тэнгэр шиг хувирч зүрх сэтгэлээ өөрөө ч мэдэлгүй шүүрэн шанага шиг болтол нь сийчсэн хүнд нэгийг бодуулж, хоёрыг ухааруулах л бүтээл. Энэхүү номонд нэлээд хэдэн өгүүллэг багтсан.

Хилийн застав, хилийн заставын бэр гэж чухам ямар хүн байдаг, хайрын сэтгэлийг нэг л хөргөвөл яаж ч уучлал эрж өвдөг сөгдөн мөргөсөн ч буцааж хэвэндээ ордоггүйг, үнэнч бус загнах нь гал халуун хайрыг дахиж сэргэхгүйгээр газрын гаваар оруулчихдагийг өгүүллэгүүд нь өгүүлнэ. Хүний амьдралд байдаг л асуудал мэт боловч зохиолчийн бичлэгийн ур чадвар таныг аяндаа хөтлөөд явчихна.

Хайртай хүн нь тав, гурван жилийн хугацаагаар эр цэргийн албанд мордоход үнэн сэтгэлээрээ эр нөхрөө хүлээн суух бүсгүй байхад цээжинд нь бүлээн нулимсаа урсган байж “Хүлээнэ ээ” хэмээн хэлснээ мартаад өөр нэгнийг даган одох бүсгүй байх. “Хайртай, хүлээнэ ээ” гээд хоцорсон бүсгүй нь хилийн заставынх нь даргын гэргий болоод өлгийтэй хүүхдээ тэврээд онгоцноос буугаад ирнэ гэдэг хэнд ч төсөөлөгдөшгүй их урвалт. Нулимсаа залгин, гомдлоо даран байж тэр бүхнийг хараад албаа хаана гэдэг далай мэт тэвчээр.

Нэгнээ ойлголгүй, залуу халуун насны ааг омгоор омголон загнаж урлагийн ажлыг нь хөнгөн хийсвэр, хормой султай хүний хийдэг зүйл гэж хэлж гомдоож байсан бүсгүй нь тэртээ он жилүүдийн хойно нутагт нь бригадаар ирж дуулах. Дуулах дуулахдаа хайрын тухай дуулах. Харамсан, гомдон, хайр эрэн дуулах. Царайг нь харахаас гэрэвшээд дууг нь холоос сонсчихоод гэртээ орж ирээд уйлан суух эр. Цагийг эргүүлж болдог бол, цаг хугацааг буцаадаг бол залуу насандаа очоод алдаагаа засахсан хэмээн машид ихээр харамсах.

“Хайртыгаа битгий мартаарай” бол миний ширээний ном л доо. Хамгийн нандин номнуудын маань нэг нь. Энэ номыг оюутан ахуй цагаасаа өдийг хүртэл жилд хэдэн удаа уншив. Бүх өгүүллэгийг нь цээжээрээ мэдэх ширээний ном маань. Энэ ном бүхэлдээ “Хайртай хүнээ уучилж сур. Хайрлаагүй цаг хугацаа чинь насны эцэст маш их зовлон болж сэтгэл зүрхийг чинь урж хэмлэж байдаг. Бас хайртай хүндээ үнэнч бай. Ямар ч сайн сайхан, муу муухай зүйл тохиолдсон бай бүхнийг сөрөөд үнэнч л зогсч бай. Хорвоогийн хамгийн чухал зүйл бол хайр. Хайр бол аз жаргал юм” гэдгийг хэлж өгдөг юм.

Ж.Заяабаатар асан уг номоо бурхны таалалд очихоосоо өмнө дахин хэвлэж нийтэд түгээсэн билээ. Гадуур худалдаанд ганц хоёр байж магад. Та бүхэн олж уншаарай. Бид чинь хайртынхаа дэргэд байгаа хэрнээ л түүнийг мартчихдаг тийм хэцүү цаг үед амьдарч байгаа болохоор эрхэм зохиолчийн бичиж үлдээсэн үгийг төгсгөлд нь хэлье. ХАЙРТЫГАА БИТГИЙ МАРТААРАЙ.


Categories
мэдээ цаг-үе

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага гадаадын цахим халдлагад өртөх нь ихэссэн гэв

Сүүлийн жилүүдэд интернэт хэрэглэгчдийн тоо хурдацтай өсөн нэмэгдэж байгаа. Үүнийг дагаж цахим орчинд гарах гэмт хэргийн давтамж жил ирэх тусам өсөн нэмэгдэж, үйлдлийн арга улам бүр нарийсч байгаа аж. Хил хязгаар, нас хүйсээс үл хамааран энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэд эд хөрөнгө, мөнгө санхүү, нэр төрөөрөө хохирсон олон үйлдэл цагдаагийн байгууллагад их бүртгэгджээ. Үүнийг нас насны хүмүүсээс гадна гадаадын иргэд ч үйлдэж, бусдыг хохироосоор байгаа гэнэ. Гол төлөв иргэд өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж цахим шуудан, фэйсбүүкийн нууц дугаар болон бусад мэдээллээ алддагаас ийм хэргийн хохирогч болдог.

“ГАДААДАД ЭНХИЙГ САХИУЛАХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА” ГЭХ НЭРЭЭР ЗАЛИЛАХ БОЛЖЭЭ

Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг ярихдаа “Манайх энэ оны эхний арван сарын байдлаар иргэд хуулийн этгээд байгууллагуудаас нийтдээ 18 мэдээллийг хүлээн авч шалгасан. Ингэхэд “Гадаадад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй” гэх нэрээр залилан хийсэн хэрэг бүртгэгдсэн. “Маш их хэмжээний мөнгө хөрөнгө хуримтлуулсан хэрнээ түүнийгээ өвлүүлэх хүнгүй. Миний мөнгийг өв залгамжлуулах найдвартай хүн хэрэгтэй байна. Монгол Улсын иргэдийг би найдвартай хүмүүс гэж сонгож байна” гэсэн хуурамч захидал илгээдэг. Ингээд л манай нэг иргэнтэй танилцчихдаг. Ийм аргаар их хэмжээний мөнгө шилжүүлээд авчихдаг юм билээ. Гэхдээ татвар хураамж гаалийн бүрдүүлэлт зэрэгт мөнгө шаардлагатай байна гэж танилцсан хүнээсээ мөнгө авч залилдаг” гэв. Өөрийгөө АНУ-ын иргэн, энхийг сахиулах үүрэг гүйцэтгэдэг. АНУ-ын цэргийн командлагч, генерал цолтой гэх мэтээр худлаа танилцуулж, итгэлийг нь олж аван залилсан хэргүүдийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба шалгаж байна. Манай иргэд, аж ахуйн нэгжүүд гэнэн итгэмтгий зан, интернетийн сүлжээ, компьютерийн мэдлэг дутмагаасаа болж залилангийн гэмт хэргийн хохирогч болж эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амссаар байгаа талаар онцоллоо. Тодруулбал, фэйсбүүкээр өөрийгөө АНУ-ын иргэн Роберт Люди Эмил Ирак улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй. АНУ-ын цэргийн командлагч гэж танилцуулсан уг этгээд манай улсын иргэнтэй харилцаж, улмаар Индонез улсын Жакарта хотод эдийн засгийн хамгаалалтын компанид байршуулсан миний нэр дээрх таван сая ам.доллар бүхий хайрцгийг Монгол Улс руу шилжүүлэн авч хадгалж байх санал тавьжээ. Өөртөө итгүүлэн энэ мөнгийг авахын тулд урьдчилан шилжүүлгийн зардал төлөх ёстой мэтээр ойлгуулж 20 мянга 750 евро Индонез улс руу шилжүүлж залилан авсан гэв. Мөн манай улсын иргэн Г.Нацагдорж АНУ-ын иргэн Али Ариф гэгчтэй цахимаар танилцжээ. Гадаадын иргэн Г.Нацагдоржтай цахимаар сайтар харилцаж, холбоо тогтоож байгаад гэрлэх санал тавьсан байна. Хамтран ажиллах тухай харилцан тохиролцож Гана улсын “UBA” банкаар 20.934 ам. доллар шилжүүлж, залилуулсан аж. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ.

Манай улсад интернэт хэрэглэгчдийн тоо хоёр сая найман зуугаад орчим болсон гэв. Үүнээс фэйсбүүкт бүртгэлтэй хэрэглэгч хоёр сая 600 орчим байдаг ажээ. Идэвхтэй хэрэглэгчийн тоо бол ойролцоогоор сая 500 мянга орчим байгаа юм.

ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЗАЛИЛАН МЭХЛЭХ ГЭМТ ХЭРЭГ ЮУНААС ҮҮДЭЛТЭЙ ВЭ

Цахим орчинд үйлдэгдэж буй залилан мэхлэх гэмт хэрэг нь интернэт худалдаатай холбоотой байдаг аж. Гар утсанд мессеж ирэх, цахим шууданд и-мэйл хэлбэрээр их хэмжээний мөнгө хожчихсон, өв залгамжлагч болсон. Хэн нэгэнд туслах шаардлагатай байгаа, цахимаар болзоо тогтоох зэргээр гэмт этгээдүүд бусдыг залилдаг байна.

Манай томоохон худалдааны компаниуд энэ төрлийн гэмт хэрэгт өртөх нь сүүлийн гурван жилд эрс нэмэгджээ. Тухайлбал, гэмт этгээдүүд цахим шуудангаар харилцаж буй хоёр байгууллагын хоорондын мэдээллийг олж авч, өөрт ашигтай нөхцөл байдал руу татдаг гэв. Ингэхдээ ихэвчлэн харилцагч байгууллагын цахим хаягтай тун төстэй цахим хаягнаас тус байгууллагын харилцагч руу дансны мэдээллээ өөрчилснөө хэлдэг гэнэ.

Энэ талаар албаны эх сурвалж мэдээлэхдээ тухайн байгууллага гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа бараа бүтээгдэхүүн захиалахдаа цахимаар харилцдаг. Харилцаж байсан и-мэйл хаягийг дундаас нь хакерддаг юм билээ. Хуурамч мэдээлэл явуулна, тэдний харилцаж байсан и-мэйл хаягийг өөрчлөхдөө цэг таслал нэмдэг. Хүн анзаарахгүй байдлаар тэмдэг тэмдэглэгээ хийдэг. Тухайн харилцагч байгууллага түүнийг нь хүлээн авч, сайтар нягталдаггүйн улмаас хуурамч мэдээлэлд итгэж, өөрчлөгдсөн гэх дансны дугаар руу нь их хэмжээний мөнгөө шилжүүлдэг байна. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард Мухамед (Mu­hamed) гэх фэйсбүүк хаягтай хүн “Бүгд найрамдах Турк улсад ажилд зуучилна” хэмээн манай иргэдийг залилжээ. Тэр М.Сонгуульбаяр, Б.Бадам, О.Алтантуул, Б.Мөнхчимэг, О.Билгүүн нарын таван иргэнийг мэхэлсэн гэв. Мухамед гэгч манай иргэдийг залилан авч явсан бөгөөд тэд Турк улсын хил дээрээс Оросын холбооны улсын Москва хот руу буцаж 2500 ам. доллараар хохирсон гэнэ.

Мөн манай улсын томоохон аж ахуйн нэгж байгууллага арьс шир боловсруулах зориулалттай тоног төхөөрөмж авахаар гадаадын компани руу хандаж, харилцаж байгаад залилуулсан хэрэг гарчээ.

Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч Д.Эрдэнэбулган хэлэхдээ “Манай улсын аж ахуйн нэгж байгууллагууд 2013 оноос эхлэн цахим гэмт хэргийн хохирогч болох болсон. Энэ төрлийн гэмт хэрэг манай улсад үйлдэгдэж, гарч буйг бид аль болох богино хугацаанд хуулийн хүрээнд шийдвэрлэх арга замаар явж байна. Гадаад улс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн тохиолдол их. Тухайн улсын цагдаагийн байгууллагад шалгалт хийх хүсэлт явуулах, шалгах нөхцөл байдлыг бид хүлээдэг. Иймээс шалгалтын ажиллагаа удааширдаг. Гэхдээ аль болох хурдан шийдвэрлэхийн тулд нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна” гэв.

Интернэт залилангийн улмаас 2013-2017 онд 18 иргэн, хуулийн этгээдэд нийт 711.329 ам доллар, 170.000.000 төгрөг, 20700 еврогийн хохирол учирчээ.

Иймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ 13 нас хүртэл нь фэйсбүүк нээж өгөхгүй байх хэрэгтэй. Иргэн бүр өөрийнхөө цахим хэрэглээнд хяналт тавьж, хувийн мэдээллээ дэлгэрэнгүй оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сануулж байлаа. Хэрэв ийм гэмт хэргийн хохирогч болбол гэмт хэргийн талаар хүүхдийн тусламжийн 108, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдээлэхийг анхааруулав.


Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн зам талбайд түлээ, нүүрс заруулахгүй

Нийтийн эзэмшлийн зам талбайд түлээ, нүүрс заруулахгүй

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс баталсан удирдамжийн дагуу авто зам дагуу болон нийтийн эзэмшлийн зам, талбай дээрээс зөвшөөрөлгүй түлээ, нүүрсний худалдаа хийж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулжээ.

Тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн тасаг, зарим хорооны Засаг даргын Ажлын албатай хамтран шалгалтыг явуулж, зөрчилтэй 22 иргэнд албан ёсны мэдэгдэл хүргүүлж, өөрсдийн хашаа болон зориулалтын цэгээс худалдан борлуулах шаардлага тавьжээ.

Мөн зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй иргэд болон 10,12,13,18 дугаар хороодод үйл ажиллагаа эрхэлж буй шаардлага хангасан түлээ, нүүрсний цэгүүдийн эзэдтэй уулзалт зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжийг танилцуулан, цэгээр үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэдийн санал хүсэлтийг авч зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна гэж Чингэлтэй дүүргээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Европын холбооны шийдвэрийг өөрчлөх арга замын талаар ярилцав

Европын холбооны шийдвэрийг өөрчлөх арга замын талаар ярилцав

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалт Австрийн Вена хотноо энэ сарын 07-08-ны өдрүүдэд боллоо.

Уг уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцсон юм. Тэрбээр Сайд нарын уулзалтад хандаж манай улсын байр суурийг илэрхийлж хэлсэн үгэндээ Европын Холбооны зүгээс Монгол Улсыг татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын “хар жагсаалт”-ад багтаасан нь үндэслэл султай алхам болсонд харамсаж байгаагаа илэрхийлсэн.

Мөн Европын Холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүн тухайлбал, Унгарын Гадаад хэргийн сайд, Австри, Румыны Гадаад хэргийн дэд сайд, Португалын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Дани, Европын Холбооны төлөөлөлтэй тус тус уулзалт хийж, ЕХ-ны дээрх шийдвэрийг буруушааж, асуудлыг нягтлан үзэх, түүнийг өөрчлөх арга замын талаар ярилцав.

Сайд нарын уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ, Казахстан, Киргизийн Гадаад хэргийн сайд нар, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНИДО-гийн Ерөнхий захирал, Олон улсын хөгжлийн ОПЕК-ийн сангийн тэргүүнтэй тус тус уулзалт хийж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатар их сургуулийн 25 жилийн ойн ёслолын нээлтэд оролцож үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатар их сургуулийн 25 жилийн ойн ёслолын нээлтэд өнөөдөр оролцож үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:

“Энд цугласан эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, оюутнууд, зочид төлөөлөгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд Улаанбаатар их сургууль үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг хүргэж, цаашдын сургалт, судалгаа, шинжилгээний ажилд улам их амжилт хүсэн ерөөе.

Миний хувьд Улаанбаатар их сургуультай, эрдэмтэн багш, оюутнуудтай холбогдож, хамтран ажиллах завшаан 2011 онд тохиосон. Хүннү судлаач, археологич, эрдэмтэн Д.Эрдэнэбаатар монголчуудын дээд өвөг болох хүннүгийн өв соёлын томоохон өвийг агуулж буй “Гол мод-2” булшийг малтаж шинжлэхэд туслалцаа үзүүлээч хэмээн хүсэлт тавьж 2011 онд надад хандсан юм. Би өөрийн санаачилсан “Түмэн хишигтэн” аялал жуулчлалын компанитайгаа хамтран Д.Эрдэнэбаатар гуайн судалгаа, хийсэн ажил, хичээл зүтгэлийг үнэлж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж хамтарч ажилласан. Бунхны малтлага хийхэд 200 гаруй оюутан, цэргүүд хавар 5 дугаар сарын 20-ноос эхлэн 11 дүгээр сарын 10-ныг хүртэл нийт таван сар ажилласан.

Миний хамгийн баярлан бахархаж байгаа зүйл бол Улаанбаатар их сургуулийн эрдэмтэн багш, оюутнуудын шаргуу хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэлээр Монгол Улсын хосгүй үнэт өвийн жагсаалтад бүртгэгдсэн олон сайхан олдворуудыг олсон явдал юм. Эдгээр олдворын төлөөллөөр гаргасан үзэсгэлэнг саяхан би очиж үзсэн. Булш нь эрт цагт тоногдож сүйтгэгдсэн байсан ч адууны тоног хэрэглэл, 10 гаруй сүйх тэрэгний үлдэгдэл, хаш эдлэл, чий будагтай сав суулга, хүрэл тогоо, гоёл чимэглэлийн зүйлс зэрэг сонирхолтой эд өлгийн зүйлс илэрснийг фото зургаар баталгаажуулж үзүүлж байсан. Энэ булшнаас илэрсэн олдворууд дундаас амьтны дүрсийг товойлгон сийлбэрлэсэн, домгийн ганц эвэртэй амьтны дүрстэй эмээлийн хударга, хөмөлдрөгийн алт, мөнгөн чимэг нь судлаачид төдийгүй олон нийтийн анхаарлыг одоо хүртэл татсаар байна.

Язгууртны булшны нэгэн дагуул булшнаас Ромын хийцийн хөх өнгийн шилэн аяга илэрсэн нь ховор үнэт олдворт тооцогдож, археологи болон түүхийн шинжлэх ухааны нэгэн сонирхолтой судлагдахуун, нээлт болсон байна.

Олон жилийн өмнө Улаанбаатар их сургуультай үр дүнтэй хамтын ажилагаагаар холбогдсондоо бэлгэшээж явдаг болохоор өнөөдөр та бүхний 25 жилийн ойн баярыг хуваалцахаар ирсэн минь энэ юм.

Анх 1992 онд Технологийн дээд сургууль нэртэйгээр байгуулагдаж, улмаар 1995 онд олон улсын жишгээр оршин байгаа хотоороо овоглосон анхны их сургууль болсон нь танай бодит түүх юм.

ХХ зууны манлай физикч, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон- “Чингис хаан” одонт, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Х.Намсрай гуай, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн М.Ганзориг гуай, Монгол Улсын гавьяат багш Цэвэгдорж гуай, академич Д.Баатар, Ц.Баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв нарын зэрэг олон алдартай багш нартай сургууль юм.

Танай сургуулийн танилцуулгаас профессор багш нар, оюутан суралцагчид хамтдаа сургалт, эрдэм шинжилгээний ажилд мөр зэрэгцэн оролцдог. Оюутнуудад суралцах үеэс нь шинжлэх ухааны лаборатори, олон улсын хамтарсан төслүүдэд ажиллах боломж олгодог гэдгийг сонсоод бахархлаа.

Оюутан цагаасаа практик ажил руугаа ордог, багш нартайгаа мөр зэрэгцэн ажилладаг, оюутнууд төгсөөд гарахдаа мэдлэг боловсрол, дадлагаа хамт эзэмшээд гардгийг сонсоод бусад сургуулиуд үлгэр жишээ аваасай гэсэн бодол төрлөө.

Улаанбаатар их сургууль ОХУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг орны 50 шахам их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдгийг бас сонсоход таатай байна.

Энэ арга хэмжээнд гадаад орны төлөөлөгчид, Элчин сайд нар ирсэн байгаад талархаж байна.

Их сургууль бол эрдэм мэдлэг төвлөрүүлж, солилцож түгээх том талбар байдаг. Энэ зорилгоо танай сургууль хангалтай биелүүлж байгаад дахин баяр хүргэе. Нийт төгсөгчдийн бараг 66 хувь нь шууд ажлын байртай болдог нь өнөөгийн нийгмийн хүнд үед энэ сургууль ямар боловсон хүчин бэлтгэдэг, нийгмийн хэрэгцээг судалж оюутнаа төгсгөж гаргаж байгаатай холбоотой. Бусад сургуулиуд эндээс зөвлөмж аваасай гэж дахин хүсье.

25 жилдээ зориулж 25 том ажил гүйцэтгэсэн гэж сургуулийн захирлууд надад сая хэллээ. Эх орондоо мэдлэгтэй, хамгийн гол нь эх оронч зүрх сэтгэлтэй мэргэжилтнүүдийг цааш цаашдаа бэлдээрэй. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ынхан баярын хурлаа хийж байна

Ардчилсан хувьсгалын 28 жилийн баяр энэ өдрүүдэд болж байна. Яг одоо тус баярын хурал Соёлын төв өргөөнд болж буй юм. Хуралд Ардчилсан намын удирдлага, гишүүд дэмжигчид оролцож байна.

Хурлыг нээж Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Одоогоос 28 жилийн тэртээ Монгол оронд нэг намын тогтолцоог халж, томоохон хувьсгалыг та бид хамтдаа хийсэн. Энэ үйл явдал Монголын түүхэнд тодоор Ардчилсан хувьсгал хэмээн бичигдэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулснаас хойш 28 жил өнгөрч байна” хэмээн гишүүд дэмжигчдэдээ баярын мэнд хүргэлээ.

Мөн энэ үеэр АН-ын гишүүд дэмжигчдэд төрийн одон медаль гардуулав.

Categories
мэдээ нийгэм

Оюун ухааны тамирчид дахин шуугиан тарилаа

Монголын оюун ухааны академийн тамирчид болох оюун ухааны Олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар БНХАУ-ын Шэньжэнь хотод болж буй олон улсын тэмцээнд оролцож байгаа талаар бид мэдээлсэн. 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээн гурван өдөр болж, өчигдөр /2017.12.08/ өндөрлөхөд Монгол Улсын оролцогч Н.Мөнхшүр олон удаагийн гүйцэтгэлийн нийлбэр дүнгээр тэргүүллээ. Тэмцээний дэд байранд Хятадын тамирчин оржээ.

Тэмцээнд 320 тамирчин ой тогтоолт, оюун ухааны дасгалд өрсөлдөж, ялагчаа тодруулжээ. 2017 оны ДАШТ-ий дараа болж байгаараа онцлог болсон тус тэмцээн улам сонирхолтой байж, олон дэлхийн аварга цолтой тамирчид тус тэмцээнд оролцсон юм.

Зохион байгуулагч орны тамирчид 60 мянган оюун ухааны тамирчдаас шигшигдэн оролцсоноос гадна ой тогтоолтын олон дэлхийн аварга цолтон уригджээ.

Монголын оролцогчид

Монголын оролцогчид

Монголын оюун ухааны академийн тамирчид сүүлийн жилүүдэд эх орнынхоо нэрийг тив, дэлхийн тэмцээнд өндөрөөр гаргаж байна. Хамгийн сүүлд энэ сарын 1-3-ны хооронд Индонези улсын Жакарта хотод болсон ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн дүнгээр тэргүүлсэн. Тус тэмцээнд 21 орны 130 гаруй тамирчин оролцож, харааны болон сонсгол сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн бөгөөд манай баг тамирчид 90 медалиас 50-ийг хүртэж, бахдам амжилтыг үзүүлсэн. Тэгвэл энэхүү амжилтын үргэлжлэлийг Хятадад зохиогдсон 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар давуулан биелүүллээ.