Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 градус хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Халх голын сав газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус, өдөртөө бүх нутгаар 15-20 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Харцага одтой, хар бич өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 11, Сумъяа гариг. Билгийн тооллын 24, Харцага одтой, хар бич өдөр. Өдрийн наран 8:35 цагт мандан, 17:02 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

“Ардчилсан холбооны өвгөчүүдэд “Хонх”-ны дуу нь хоол, нойрыг нь орлодог байсан цаг өнгөрчээ” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваагаригийн дугаар 20нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монгол Японы харилцааны тулгын чулууг тавилцсан эрхэм Содовжамцын Хүрэлбаатарынд өнжлөө.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог,баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “Ардчилсан холбооны өвгөчүүдэд “Хонх”-ны дуу нь хоол, нойрыг нь орлодог байсан цаг өнгөрчээ” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцсан сонирхолтой ярилцлагыг улстөрийн нүүрнүүдээс уншаарай.

Баримт үйл явдлын VII нүүрнээс “До.Ганболдыг улсад онц их хэмжээний хохирол учруулж, төмрийн хүдрийг БНХАУ-ын компанид хямд үнээр нийлүүлсэн гэх хэргээр саатуулжээ” сурвалжилгыг үзээрэй.

Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын “Улаанбаатар 2017” тэмцээнөнгөрсөн долоо хоногт болсон билээ тэгвэл энэ талаар Уламжлалт “Гоёл соёл” нүүрнээс сонирхоорой.

Дэлхийн болон Монгол оронд болж буй спортын сонин содон сонирхолтой мэдээлэл багтлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Увсад зээрийн сүрэг нүүдэллэн иржээ

Увс аймгийн Хяргас нуурын байгалийн цогцолборт газарт цагаан зээрийн сүрэг шинээр нүүдэллэн ирсэн тухай Ханхөхийн нурууны Хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. Цагаан зээрийн сүрэг нь Завхан аймгийн Хомын талаас нүүдэллэн ирсэн байна.

Одоогоос 60 жилийн өмнө цагаан зээр Увс аймагт амьдарч байсан бөгөөд Дорнодын уудам талаас эхлээд Увсын цэнхэр хязгаар хүртэл нүүдэллэдэг байжээ. Гэвч төмөр зам тавигдсанаар нүүдэллэх орчин нь хязгаарлагдаж, ихэнх нь зүүн аймгуудад үлджээ.

Иймээс Увс аймагт 60 жилийн дараа эргэн ирсэн цагаан зээрийн сүргийг хайрлан хамгаалж, хууль бусаар агнахгүй байхыг Ханхөхийн нурууны Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол технологийн парктай болно

Технологийн парк байгуулах төсөл ирэх хавраас эхлэн хэрэгжихээр болжээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар баригдах энэхүү парк нь цахим эрүүл мэндийн оношлогооны төв, цахим , цахим гүйлгээ судалгаа, шинжилгээний хүрээлэн, цахим гүйлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн сүлжээ, өндөр хүчин чадал бүхий цахим төв, сургалтын иж бүрэн цогцолбороос бүрдэх аж.

300 сая ам.долларын хөрөнгө зарцуулах өндөр технологийн парк нь Хан-Уул дүүрэгт баригдах бөгөөд бүтээн байгуулалтын ажил ойролцоогоор гурван жил үргэлжлэх юм. Улмаар Улаанбаатар хотод 4000 орчим ажлын байр шинээр бий болно гэж хөрөнгө оруулагчид үзжээ.

Categories
мэдээ нийгэм

“Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөнө

tsogtsaihan

Ардчилсан намыг үүсгэн байгуулсан түүхт өдрийн арга хэмжээ үргэлжилж байна. Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр 11.40 цагт “Хонх” хамтлагийн дуучин, С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөх юм байна. Цагаан морин жилийн 1990 оны ардчилсан хувьсгалыг хийхэд ард түмнийг Хонхны дуугаараа сэрээж, Монголд цоо шинэ тогтолцоог авчирхад түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүний нэг нь “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсныг гэж үнэлдэг юм.

Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэе

Өнөөдөр Хүний эрхийн олон улсын өдөр тохиож байна. Дэлхий нийтээр “Хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэе- Хүний эрхийн түгээмэл тунхаглал 70 жил уриан дор тэмдэглэж байгаа юм. Хүний эрхийн өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал, хатагтай ОДРИ АЗУЛЭЙ-гээс илгээлт ирүүлжээ. Уг илгээлтэд, “Дэлхийн 2 дугаар дайны дараагаар бүх хүн төрөлхтөн нэгдэж хаана ч, үргэлж хүний эрхийг хамгаалах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор НҮБ-аас “бүх хүмүүс болон бүх үндэстэнд зориулсан зорилгодоо хүрэх нийтлэг жишиг” болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргасан.

Тус тунхаг бичигт янз бүрийн соёл бүхий хүмүүсийн нийтлэг хүсэл тэмүүллийг тусгасан байдаг ба “хүн төрөлхтөний гэр бүлийн бүх гишүүнд угаас заяасан нэр төр болон тэдний тэгш, салшгүй эрх нь эрх чөлөө, шудрага ёс, энх тайвны үндэс мөн” хэмээн заасан байдаг.

Өнөөдөр сорилт бэрхшээл улам нэмэгдэж буй энэ цаг үед тунхаг бичиг 70 дахь жилдээ хэрэгжиж байна. Үзэн ядалт, ялгаварлан гадуурхал, хүчирхийлэл зэрэг нь өргөн тархалттай хэвээр байгаа бөгөөд олон зуун сая эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн суурь амьжиргааны түвшин, боломж бүрэн хангагдаагүй ядуу зүдүү хэвээр амьдарч байна. Мөн хүн амын албадан шилжилт хөдөлгөөнөөс үүдэж хүний эрх урьд өмнө байгаагүй түвшинд зөрчигдөж байна. 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь “хэнийг ч орхигдуулахгүй байх” үүрэг амлалтыг тусгасан бөгөөд хүний эрх нь хөгжил дэвшлийн үндэс суурь нь байх ёстой гэж заасан.

Энэ нь аль болох эрт, сургуулийн түвшнээс эхлэх шаардлагатай. Өнөөдөр ЮНЕСКО нь бүх охид, хөвгүүдийг өөрсдийн болон бусдын эрхийн талаарх мэдлэгээр хангах зорилгоор хүний эрхийн боловсролыг манлайлж байна. Энэ нь ЮНЕСКО-ийн зүгээс дэлхийн иргэншлийн боловсролын төлөө авч хэрэгжүүлж байгаа үйл хэрэг бөгөөд эв нэгдэл, нийтлэг эрхийн үндсэн дээр соёлын олон төрлийг улам их хүндэтгэж, бэхжүүлэх зорилготой юм. Иймээс ЮНЕСКО нь Залуучуудын боловсролын хяналт, үнэлгээний дэлхийн тайлан болон хүн бүрийн боловсрол эзэмших эрхийг хангахад Засгийн газруудыг хариуцлагатай байлгахад залуучуудыг уриалсан кампанит ажлыг эхлүүлээд байгаа юм.

1948 оны 12 дугаар сард ЮНЕСКО нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг боловсрол болон хэвлэл мэдээллээр дамжуулан дэлхий дахинд сурталчлах зорилгоор бүх үйл ажиллагааныхаа гол тулгуур болгосон Нэгдсэн Үндэстний анхны агентлаг болсон юм.

Өнөөдөр болон ирэх жилд ЮНЕСКО нь бүх нийгэмд, бүх тохиолдолд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хамгаалах үүднээс хүн төрөлхтнийг нэг гэр бүл болгон нэгтгэж буй хүний эрх, нэр төрийг хамгаалах үүрэг амлалтаа дахин шинэчлэхийг уриалах болно.

Тунхаг бичгийн 1 дүгээр зүйлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна” хэмээн заасан байдаг ба энэ нь 1948 онд дэлхий нийтэд хүрч чадсан бөгөөд одоо ч хэвээрээ байна” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд мал тооллого үргэлжилж байна

мал тооллого зурган илэрцүүд

Жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд мал тооллогын ажлыг эхлүүлж, өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулан, улсын хэмжээгээр газар дээр нэг бүрчлэн тоолдог. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана.Мал, тэжээвэр амьтдын тооллогын бэлтгэл, зохион байгуулалт нь Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн хэлтэс, газар, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, баг, хорооны засаг дарга гэсэн дарааллаар хийгддэг билээ.

Categories
мэдээ нийгэм

Ажил олгогчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Чингэлтэй дүүргээс “Хөдөлмөр-Амжилтын гараа” ажил олгогчдын уулзалт, зөвлөгөөнийг Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулжээ.Уулзалт, зөвлөгөөний гол зорилго нь иргэдийн өмнө тулгамдсан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй ажлын байрыг бий болгоход тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага, бизнес эрхлэгчид, иргэдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцоход чиглэгджээ. Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Ерөнхий сайдын дэргэдэх Монголын Үндэсний брэндийн зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Батгэрэл нарын албаны хүмүүс оролцсон байна.

Categories
мэдээ спорт

УИХ-ын даргын ивээлд болдог шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ эхэллээ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (2017.12.09) бүх аймаг, нийслэлд нэгэн зэрэг эхэллээ.

“Хангарьд” ордонд болж буй нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Байгальмаа, УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар оролцов.

Тэмцээнийг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ “Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан Улсын Их Хурлаас зохион байгуулдаг олон арга хэмжээний нэг нь Монгол Улсын Их Хурлын даргын ивээлд болдог шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээн юм. Тэмцээн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор хоёр дахь жилдээ зохиогдож байна.

Тэмцээнийг анхан шатнаас нь буюу сум, дүүргийн аварга шалгаруулахаас эхлэн амжилттай зохион байгуулж байгаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын шатрын холбоонд талархал илэрхийлье.

Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн эрэгтэй нэг, эмэгтэй нэг тамирчиндэнэ жил шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгоно. Бүгдээрээ амжилттай оролцож, тэрхүү эрхийг авах тамирчин энэ танхимаас тодрох болтугай гэж ерөөе” гэлээ.

Ийнхүү нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 90 гаруй тамирчин нийслэлийн аваргын төлөө өрсөлдөж эхэллээ.

Аймаг, нийслэлийн аваргаар шалгарсан тамирчид шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна.

Энэхүү тэмцээний анхан шат 2017 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд анхан шатны тэмцээнээс шалгарсан тамирчид аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.