Шинэ Монголын утга соёлын амьдралын салшгүй нэг хэсэг болсон Монголын урчуудын эвлэлийн 75 жилийн ой энэ онд тохиож байна. Шинэ Монголын дүрслэх урлагийн түүх 1921 онд “Марзан” хэмээх Балдуугийн Шарав “Уриа” зургаа зурснаас үүдэлтэй гэж хэлж болно. Өнгөрөгч зууны хориод оноос дэлхийн хоёрдугаар дайн хүртэл Монгол Улсын түүхэнд урлаг соёлын байгууллагууд маш их үүрэг гүйцэтгэжээ. Дэлхийн их дайны гал дүрэлзэж байсан 1942 онд манай ахмад зураач д.Чойдог, Ү.Ядамсүрэн, О.Цэвэгжав нарын нэрт зураачдын үүсгэл санаачилгаар МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын уран сайхны хүрээлэнгийн харьяа Зураг урлалын газар нэртэй байгууллагыг байгуулсан нь 1946 онд дүрслэх урлагийн газар болон өргөжин тэлж, зураг баримлын тасагтай болж урлах эрдмийн олон төрлөөр мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэж эхэлжээ. Улс орны тусгаар тогтнол, хувь заяа шинэ тулгар энэ л үед ард түмнийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, ирээдүйн гэрэлт тэмүүлэлд уриалахад уран бүтээлчдийн сэдэв чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Тухайн үеийн төр засгийн бодлогыг таниулах, дэлхийн соёлт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхахад уран бүтээлчдийн бийрийн үзүүр, бэхийн өнгийг нийлүүлэн улмаар 1955 онд Монголын урчуудын эвлэлийн анхдугаар их хурлыг хуралдуулж Монголын урчуудын эвлэлийн хороо хэмээх томоохон байгууллагыг байгуулсан түүхтэй.
Урчуудын эвлэлийн хорооны анхны даргаар Д.Чойдог ажиллаж байсан бол 1956-1989 он хүртэлх хугацаанд зураач Н.Цүлтэм гуай даргалж гуч гаруй жил тус байгууллагыг тэргүүлсэн юм. Ерээд оноос улс орон нэг намын эрхшээлээс гарснаар Монголын зураач урчуудын хувьд оюун сэтгэлгээний хавар айлчилж, уран бүтээлийн сэдэв, дүрслэл, урсгал чиглэл чөлөөтэй болж, дэлхийн улс орнуудад үзэсгэлэн гаргах явдал нэмэгдсэн юм. Монголын үе үеийн зураач, урчуудын мөрөөдөл болсон урлангийн байрыг 1993-1994 онд ашиглалтад оруулж, 1997 онд өөрсдийнхөө хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн Зуун-Айл орчимд Нэгдсэн урлангийн цогцолбор байгуулснаар өдгөө 50 орчим уран бүтээлчид уран бүтээлээ туурвин ажиллаж байгаа аж. Монголын зураач, урчууд ерээд оноос улсдаа үзэсгэлэн гаргахаас гадна Бельги, Франц, Нидерланд, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Америк, Герман зэрэг дэлхийн олон оронд бие даасан үзэсгэлэнгүүдээ дэлгэсэн нь монгол авьяастнуудын дэлхийд гарах сайхан боломжийг нээж өгчээ. Тэд бие даасан үзэсгэлэнгүүдээ гадаадад толилуулахаас гадна уран зураг, уран баримал, паркийн болон цас, мөс, элсэн баримлын төрлөөр дэлхийн урчуудтай оюуны шандсаа сорих болсон нь гайхамшигтай.
Наяад онд төрийн шагналт зураач До.Болд, Н.Цүлтэм гуай нар олон улсын нэр хүндтэй шагналыг авчирч байсан бол Францад болсон усан будгийн томоохон үзэсгэлэнд зураач Базарваань, Содномцэрэнгээс өгсүүлээд амжилттай оролцох болжээ. Ерээд оноос зураач Н.Адьяабазар, До.Болд нарын авьяаслаг уран бүтээлчид Франц, Нидерландын томоохон үзэсгэлэнд оролцож эх орныхоо нэрийг гаргасан байдаг. МУЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, урлаг судлалын ухааны доктор, зураач С.Бадралтай Монголын урчуудын эвлэлийн түүхт ойн талаар сурвалжлахаар тохиролцсоны дагуу өнгөрөгч баасан гаригт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд өнжих үеэр Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Адьяабазарын үзэсгэлэн дэлгэгдсэн байлаа. С.Бадрал зураач “Манай Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчид төр засгийн болон нийгмийн захиалгаар томоохон хөшөө дурсгал олныг босгосныг ард түмэн маань мэднэ. Тэрчлэн монгол төрийн бэлгэдлүүд болох сүлд, туг далбаа, тамга, одон медалиуд, мөнгөн тэмдэгт, марк, ёслол хүндэтгэлийн бэлэг дурсгалууд, ном хэвлэлийн дизайн, хувцас загвар, хүндэт харуулын хувцас өмсгөл тэргүүтэн бүхий л үнэт зүйлсийг урлан бүтээж зөвхөн улс орондоо төдийгүй дэлхий дахинд танигдсан хосгүй бүтээлүүдийг туурвисан нь Монголын урчуудын эвлэлийн үе үеийн уран бүтээлчдийн авьяас билгийн охь жишээ юм. Монголын зураач, урчуудын бүтээл Австрийн Үндэсний банк, Дэлхийн хөгжмийн музей, Японы эзэн хааны музей, БНСУ-ын “Хьюндей” групп, Санктпетербург дэх Эрмитаж, Хятадын томоохон цуглуулагч нарт гээд маш олон газар хадгалагдаж байдаг юм байна.
Манай уран барималчид 1946 онд жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нийслэлийн төв талбайд бүтээн босгосноос хойш Монгол орны өнцөг булан бүхэнд түүхэн үйл явдлууд болон, эх орончид, хөдөлмөрийн алдартнуудын гавьяаг мөнхлөх сэдвээр олон арван хөшөө дурсгалыг босголоо. Зураач урчуудынхаа шилдэг бүтээлээр улсын сан хөмрөг байгуулж, Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, аймаг, хотын Соёлын орднууд, Дүрслэх урлагийн сургууль, Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерей, Орон нутгийн судлах музейнүүд, МУЭ-ийн салбар нэгжүүдийг байгуулж олон түмнээ дүрслэх урлагийн бүтээлүүдтэй танилцуулах, зураач урчуудынхаа залгамж халааг тасралтгүй бэлтгэх зэрэг нийгэмд хандсан олон талт ажлыг хийж ирсэн байна” гэж байлаа. Бадрал багшийн яриа хэдий жаахан албархуу байсан ч Урчуудын эвлэл гэдэг энэ том байгууллагын түүхийг үүнээс илүү хураангуйлан танилцуулахад бэрх нь хэнд ч тодорхой. Нээрээ л бидний эргэн тойронд зураач урчуудын бүтээл захаас аван таарах ажээ. Хэтэвчээ нээхэд л хэн нэгэн зураачийн бүтээсэн мөнгөн тэмдэгт. Дэлгүүрт ороод үйлчлүүлэхэд л бас нэг зураачийн бүтээсэн шошготой бүтээгдэхүүн. Төрийн их цагаан сүлд, үгүй ядахнаа “модон морьтой адил” гэж шүүмжлүүлдэг төрийн сүлд хүртэл зураач урчуудын л бүтээл. Төрийн ордны өмнө байрлах төрийн түүхийн музей, Дадал сумын Гурван нуурын амралтын газарт зураач Махвал гуайн босгосон Эзэн богд Чингис хааны гэрэлт чулуун хөшөө, зохиолч-яруу найрагчдын шүтээн их зохиолч Д.Нацагдоржийн хөшөө гээд нүдэнд харагдаж, сэтгэлд тодрох урлагийн олон сайхан гайхамшгийг зураач, урчууд маань сүндэрлүүлжээ.
Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд зөвхөн манай уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс гадна олон улсын зураач, уран бүтээлчдийн үзэсгэлэнг дэлгэх болсноор монголчуудынхаа оюуны мэлмийг баясгах бас нэгэн буянт үйл болжээ. Энэ эрхэм үйлд төрийн шагналт зураач Ц.Мөнхжин, уран барималч Л.Болд, МУЭ-ийн дарга Б.Төмөрбаатар нарын үе үеийн дарга нарын сэтгэл зүтгэл ихэд орсныг дурдах ёстой. Энэ оны эхээр гэхэд МУЭ-ийн онц их хурал хуралдаж, МУЭ-ийн дүрмэндээ өөрчлөлт хийж зорилго чиглэлээ шинээр батлан байгааг зураач, уран бүтээлчид бахархалтай ярьж байна. Урчуудын эвлэлийн дарга гэх албан тушаалыг гэхэд Ерөнхийлөгч болгожээ. Уран бүтээлчдийн авьяас чадвар өндөржихийн хэрээр үндэсний хувийн томоохон цуглуулагчид бий болж байна. Хувийн ийм галерейн эзэд зураач, урчуудын бүтээлийг байр орон сууцаар хүртэл үнэлж байгаа нь авьяастныг үнэлэх үнэлэмж өссөнийг гэрчилнэ. Уран бүтээлчдийн бүтээлийг улсын санд тавь гаруй сая төгрөгөөр үнэлэн авч байгаа нь мөнгөн дүнгийн хувьд хэдий чамлалттай ч төрөөс харж үзэж байгаа бас нэг хэлбэр юм. Улсын санд бүтээл худалдан авах эл төсөв цаашид гурван зуун сая төгрөгт хүрэх сайн мэдээг зураачид саяхан сонсоод баяртай байгаа аж.
Монголын урчуудын эвлэл Монголын дүрслэх урлагийг үндэсний болоод өрнө дахины дэг сургуультай хослуулан хөгжүүлж, Дүрслэх урлагийн дунд сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийг төгсөгчид, ОХУ болон бусад оронд суралцаж төгссөн мэргэжлийн зураач, барималчдаар эгнээгээ тэлж, тэдний өвөрмөц арга барил, адилтгах аргагүй сонирхолтой бүтээлүүдээр уран сайхны фонд, музейн сан хөмрөгийг баяжуулсаар ирсэн түүхтэй. Урчуудын эвлэлийн нэг онцгой асуудал бол урлаг, уран сайхны боловсрол сургалтанд гойд анхаарч, академийн уламжлалт сургалт, тогтолцоотой ОХУ-ын И.Е.Репин, В.И.Суриковын нэрэмжит сургуулиудад, Европын социалист лагерийн гэгдэж байсан гадаадын олон дээд сургуульд оюутан залуусаа илгээснээр өнөөгийн олон алдарт зураачдыг бэлдэн гаргах үндэс суурь болжээ. МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын зураач, төрийн шагналтнууд, урлагийн болон соёлын гавьяат цолтнууд, МУЭ-ийн нэрэмжит шагналтнууд олноор тодрон гарсныг урлаг судлалын ухааны доктор С.Бадрал бахархал төгөлдөр ярьж байна. Уран бүтээлээ туурвихаас гадна эрдэм судлалын ажилд хүчин зүтгэж буй хүн ч олон.
МУЭ-ээс оны шилдэг үзэсгэлэн, бүтээл гаргасан уран бүтээлчээ шалгаруулж шинэ оны босгон дээр нэг сая төгрөгөөр урамшуулдаг аж. Ахмадууддаа тэтгэлэг тэтгэмж олгохоос гадна залуу уран бүтээлчдээ ч урамшуулж үзэсгэлэнг нь гаргадаг юм байна. Түүхт ойдоо зориулж “Дүрслэх урлаг” сэтгүүлийг шинэчлэн гаргажээ. Эл сэтгүүл 1991 оноос хойш гаралгүй тасраад байсан ч төрөлх байгууллагынхаа түүхт ойгоор олонд хүрч эхэлжээ. Цаашид улирал тутамд гаргана гэдгээ эрхлэгчид ярилаа. Зураачдын томоохон бүтээлийг багтаасан цомог номыг 2000, 2010 онд гаргаж байсан бол сая ойдоо зориулж 430 гаруй уран бүтээлчийн намтар, уран бүтээлийг багтаасан номыг гаргахаар хэвлэлд шилжүүлээд байгаа юм байна. Энэ номоос Монголын урчуудын эвлэлийн гишүүдийн авьяас чадварын түвшинг олж харах боломжтой аж. МУЭ-ийн үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн гол үйл ажиллагаа 2017 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд болохоор товлогджээ. Оны шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнг ч энэ сард хийхээр төлөвлөж буйгаа МУЭ-ийн удирдлагууд ярилаа. Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын талаар цаашид төр засгийн зүгээс санаа тавихгүй бол хуучирч муудан, уран зураг хадгалах, үзэсгэлэн дэлгэх байтугай хүн шагайхад ч бэрх болоод байгаа гэнэ.
Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд 2017 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр дэлгэгдсэн энэ удаагийн үзэсгэлэнгийн эзэн нь урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Нямын Адьяабазар ажээ. Энэхүү үзэсгэлэнд түүний 2014-2017 онд хийгдсэн 60 гаруй уран бүтээлүүд дэлгэгджээ. Н.Адьяабазар 11 жилийн өмнө бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан гэнэ. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд анхны бие даасан үзэсгэлэнгээ 1992 онд гаргаж тухайн үед Монголын дүрслэх урлагт кубисизмын урсгалыг оруулж ирсэн. Тус үзэсгэлэнг нэрт урлаг судлаач Д.Дашбалдан сайшаан дэмжиж зохион байгуулжээ. Н.Адьяабазар нь 1996 онд “Натюрморт”, “Сартай шөнө”, “Завсарлага” зэрэг уран бүтээлээрээ МУЭ-ийн нэрэмжит шагнал хүртсэн бөгөөд 2005 онд МУЭ-ийн “Намар” үзэсгэлэнгээс “Тэнгэрийн дагинас” уран бүтээлээрээ шилдэг бүтээлийн шагнал, 2006 онд “Их Монгол-800” үзэсгэлэнд “Эзэнт гүрний баатрууд” уран зургаар шилдэг бүтээлийн тэргүүн байрын шагнал, “Оны шилдэг бүтээлүүд-2014” үзэсгэлэнгээс “Хоржийлоо” уран бүтээлээрээ шилдэг бүтээлийн шагнал хүртсэн байна.
Гавьяат зураачийн үзэсгэлэнг хол ойрын олон хүн ирж сонирхож байв. Биднийг үзэсгэлэн үзэж явтал зураачийн эртний анд, Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн, нэрт зураач “Голланд” хэмээх Гэрэл, ахмад зураач Содномцэрэн, Хайчилбарын холбооны тэргүүн Н.Баатарцогийн шавь, чөлөөт уран бүтээлч Бямбасүрэнгийн Гарамгай нарын олон хүн хүрэлцэн иржээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН