Categories
мэдээ нийгэм

Үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагч нар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнагдлаа

Өмнөд Судан улс дахь UNMISS ажиллагаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд хоёр алба хаагч анх удаа цагдаагийн чиг үүргээр амжилттай гүйцэтгэсэн билээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Бат-Оргил нарыг ‘Цагдаагийн гавьяа’ тэмдгээр шагналаа.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Улаанбаатар-2017” тэмцээний шилдгүүд тодорлоо

Тухайн жилийн чиг хандлага өвөрмөц урсгалуудыг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор зохион байгуулдаг нийслэлийн аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын “Улаанбаатар-2017” тэмцээний шилдгүүд тодорлоо.

Арав дахь жилдээ болж буй уг тэмцээнд нийслэлийн 8 дүүргийн ажил мэргэжил, ур чадвараараа шалгарсан нийт 130 гаруй үсчин, гоо засалч, хумс засалч эмэгтэй, эрэгтэй үсний гоёл, хуримын засалт, будалт, боди арт, хумс, дизайн зэрэг 12 төрлөөр өрсөлдөв.Тухайлбал, Сүхбаатар дүүргээс Видал, Грийс, Болор, Хос шагай, Лакме, Мерак, J салон, Сити дээд сургууль, Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн оюутнуудаас бүрдсэн нийт 50 гаруй мэргэжлийн үсчин, хумс дизайн урлал, гоо засалчид оролцов.

Тэмцээний нийлбэр дүнгээр Сүхбаатар дүүрэг тус тэмцээний “Шилдэг дүүрэг”-ээр шалгарч, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, МҮГЗХ-ны өргөмжлөл гардлаа.

Нийслэлийн аварга эмэгтэй үсчнээр “Грийс” салоны үсчин Б.Ичинноров, эрэгтэй үсчнээр “Хос шагай” салоны үсчин Y.Цацралтуяа шалгарч тус тус Гран при шагнал хүртсэн юм.

“Шилдэг сургууль” шагналын эзнээр Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж шалгарсан бол Ганцаарчилсан төрлийн Эрэгтэй креатив төрөлд Видал салоны Б.Уртнасан мөнгө, Эмэгтэй салоны тайралтын төрөлд Видал салоны Ө.Цэлмэгсайхан хүрэл, Тайзны нүүр будалт төрөлд “Болор” салоны О.Отгонтуул алт, Хуримын нүүр будалт төрөлд Сити дээд сургуулийн оюутан Б.Отгонбаатар мөнгө, Биен дээрх будалт төрөлд Сити дээд сургуулийн оюутан Н.Энхчимэг алт, Грийс салоны А.Урангоо нар мөнгөн медалийн эзэн болов.

Миксмедиа хумс урлал төрөлд Сити дээд сургуулийн оюутан Г.Одонтунгалаг алт, French хумсыг акрилаар бүрэх урлал төрөлд Сити сургуулийн оюутан Н.Аминхүслэн тусгай байр, Үндэсний хэв шинжийг харуулсан уламжлалт авангард үс самналтын бэлэн бүтээлийн төрөлд Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн оюутан Н.Оюунчимэг алт, Д.Золзаяа мөнгө, Уран сэтгэмжийн нүүр будалтын бэлэн бүтээлийн төрөлд ҮУПК-ийн оюутан Г.Баярдэлгэр алт, Грийс салоны А.Урангоо мөнгө, Уран сэтгэмжийн нүүр будалтын бэлэн бүтээлийн төрөлд Сити сургуулийн оюутан Э.Янжинлхам алт, ҮУПК-ийн оюутан Б.Цэндгэрэл мөнгө, Сити сургуулийн оюутан Э.Янжинлхам хүрэл, Уран сэтгэмжийн хумс урлалын бэлэн бүтээлийн төрөлд Сити дээд сургуулийн оюутан Г.Одонтунгалаг тусгай байр, ҮУПК-ийн оюутан Г.Хөтөлсайхан тусгай байрт тус тус шалгарлаа.

Categories
мэдээ спорт

Олон улсын шатрын тэмцээнээс их мастер Б.Мөнгөнтуул дэд байрыг эзэлжээ

Английн Лондон хотноо болсон шатрын “London chess classic” олон улсын нээлттэй тэмцээнд Их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын мастер С.Билгүүн, өсвөрийн шатарчин М.Пагамдулам нар амжилттай оролцжээ.

Уг тэмцээнд 280 орчим тамирчин өрсөлдсөн бөгөөд тэдний дунд эрэгтэй Их мастер цолтон 50 гаруй байжээ. Их мастер Б.Мөнгөнтуул эмэгтэйчүүдийн ангилалд 9 өрөг тоглохдоо 6 оноо аван хоёрдугаар байрт шалгарсан байна.

Түүнийг “Sunway Sitges open” олон улсын тэмцээн болон Рапид, Блицийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байгаа юм. Их мастер Б.Мөнгөнтуул сүүлийн жилүүдэд дотоод болон гадаадын тэмцээнүүдийг өнжөөд байсан бол энэ жилээс эхлэн олон улсын тэмцээнд оролцож эхэлжээ.

Categories
мэдээ спорт

NBA-гийн түүхэн дэх хамгийн бохир тоглолттой таван тоглогч

Сагсанбөмбөгт хамгаалал хийх явцдаа зуурах, үгээр идэх, санаатай гэмтээх, тохойдох, хүчтэй алдаа гаргах зодоон өдөх гэх мэт бохир тоглолтыг үзүүлдэг тоглогчид бий. Бохир тоглолт онцгүй ч гэсэн сагсанбөмбөгийн нэг хэсэг юм. Хамгийн ойрын жишээ гэвэл 2017 оны плэй оффд Голдэн Стэйт Варриорс багийн төвийн тоглогч Заза Пачульяа эсрэг багийн гол тоглогчийг шидэлт гүйцэтгэж байх үед нь хөл тавьж гэмтээж байсан билээ.

5. Дэннис Родман

Бүх цаг үеийн хамгийн шилдэг багуудад хүчин зүтгэж явсан хүчний довтлогч Дэннис Родман энэ жагсаалтыг удаалж байна. Тэрбээр 1986-1993 онд Дэтройтын муу залуусын эгнээнд тоглож байсан юм. Дэннис Родман нь тоглогчидтой сөргөлдөх үгээр идэх, зодоон өдөхдөө гаргууд нэгэн байсан. Мөн шүүгчийн нүднээс далдуур тохойдох, жүжиглэж алдаа аван хүссэн тоглогчоо тоглолтноос гаргаж чаддаг байв. Тэрбээр таван удаагийн аварга, хоёр удаагийн шилдэг хамгаалан тоглогч шагналтай, карээртаа 6683 оноо, 11954 самбараас бөмбөг авалт хийсэн ажээ.

4. Дикэмбэ Мутомбо

Тус тоглогчийн бохир тоглолт хийсэн бичлэг барагтаа олддоггүй. Гэвч тэрээр самбараас бөмбөг аваад тохойгоо задлахдаа 40-өөд тоглогчийг бэртээсэн түүхтэй. Тэрээр NBA-ийн түүхэн дэх хамгийн боловсролтой тоглогчдын нэг байсан бөгөөд есөн хэлээр ярьдаг байсан юм. Дикэмбэ Мутомбо нэгэн тоглолтын үеэр Дэннис Родманыг хүртэл шатааж(уурлуулах) байв. Тэрээр 8 удаагийн бүх одод болж бйасан бөгөөд карээртаа 11729 оноо, 12359 самбараас бөмбөг авалт, 3289 хаалт гүйцэтгэж байжээ.

3. Чарлэс Оаклэй

Чарлэс Оаклэй нь тоглолтын үеэр зодоон ихээр өддөг байсан. Ихэнхдээ багийн андуудаа өмөөрч зодоон хийдэг байв. Тэрээр карээртаа 12417 оноо, 12205 самбараас бөмбөг авалт хийж байсан.

2. Брүс Бовэн

Тэрээр тоглолтын ур чадвар гэхээсээ илүү хөл тавьж тоглогчдыг гэмтээдэг байснаараа алдартай байсан. Тухайн үедээ шилдэг оноо түүгч Винс Картэрийг шидэлт гйүцэтгэж байхад нь гурван ч удаа гэмтээж байв. Ийнхүү тэрээр NBA-гийн дүрмийг өөрчлүүлж байсан юм. Брүс Бовэн карээртаа 5290 оноо, 2428 самбар гүйцэтгэсэн ажээ.

1. 1980-1990 оны Дэтройт Пистонсын муу залуус

Сагсанбөмбөгт багаараа бохир тоглолт үзүүлдэг ганцхан баг байсан. Тэр нь Азьяа Томас тэргүүтэй 1980-1990 оны Дэтройт Пистонс юм. Төвийн тоглогч Рик Мохарн багийн бохир системийг анх авчирч багийнхандаа зааж өгсөн гэгддэг. Тэрээр Азьяа Томас, Дэннис Родман, Адриан Дантлэй гээд бүгдэд нь бохир тоглолтын техникийг зааж өгсөн юм. Пистонс эсрэг багаа үгээр идэж, шүүгчийн нүднээс далдуур тохойдож, өшиглөж гэмтээх гэж үздэг байсан бөгөөд эсрэг баг нь шатаж ихэвчлэн зодооныг эхлүүлэн хохирогч болдог байв. Тэд 1989, 1990 онуудад хоёр улирал дарааллан NBA-гийн аварга гэх цолыг хүртэж байсан юм.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ спорт

Виктор Оладипо 47 оноо авч багаа ялалтад хөтлөв

Торонто Рэпторс Сакрамэнто Кингс багийг талбай дээр нь 102-87-ийн харьцаатай буулган авлаа. Тус тоглолтын шилдэг тоглогчоор Торонто Рэпторсийн хамгаалагч Дэмар Дэрозан 25 оноо, 9 оновчтой дамжуулалт өгч тодров. Харин түүнд багийн анд довтлогч Сэрж Ибака 20 оноогоор туслав. Харин эсрэг багаас төвийн тоглогч Зак Рэндолф 19 оноо, 11 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүлсэн юм.

Бостон Сэлтикс Дэтройт Пистонсыг 91-81-ийн харьцаатай хожлоо. Бостон Сэлтиксээс төвийн тоглогч Ал Хорфорд 18 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 6 оновчтой дамжуулалт өгөв. Харин эсрэг багаас Тобиас Харрис 19 оноо, 8 самбараас бөмбөг авалт хийлээ.

Индиана Пэйсэрс 126-116 Дэнвэр Наггэтс (Виктор Оладипо 47 оноо, 7 самбар, 6 ассист)

Минесато Тимбэрволвэс 97-92 Даллас Маверикс (Карл Энтони Таунс 28 оноо, 12 самбар)

Нью Орлэанс Пэликанс 131-124 Филидэлфиа 76 (Жрү Холидэй 34 оноо, 5 ассист)

Нью Иорк Никс 111-107 Атланта Хавкс (Кирстапс Порзингиз 30 оноо, 8 самбар, 3 хаалт)

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ спорт

Манчестэрийн дэрби боллоо

-АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГИЙН 16 ДАХЬ ТОЙРГИЙН ТОГЛОЛТУУД ЯВАГДЛАА-

Энэ тойргийн гол тоглолт Манчестэр хотын хоёр багийн хооронд боллоо. Тус Дэрби тоглолт Манчестэр Юнайтэдийн Олд Траффорд цэнгэлдэхэд болсон бөгөөд цэнгэлдэхэд 74,847 хүн үзсэн юм. Манчестэр Юнайтэд Дэгиа, Валенси, Смоллинг, Рожо, Юанг, Матич, Хэрэра, Рашфорд, Лингард, Мартиал гэсэн бүрэлдхүүнтэй тоглосон. Харин Манчестэр ситигийн менежэр Пэп Гуардилло Эдэрсон, Валкэр, Компани, Отамандэ, Дэлф, Фэрнандино, Дэбрүнэ, Дэвид Силва, Стэрлинг, Есүс, Санэ гэсэн 11-ийг илгээв. Тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үеийн 43 дахь минутад Ситигийн Дэвид Силва оруулсан бол тус үеийн нэмэх 45 минутад Юнайтэдийн залуу довтлогч Рашфорд тооны харьцааг тэнцүүлсэн. Хожлын гоолыг Ситигийн хамгаалагч Отаменди 54 дэх минутад оруулж багаа ялалтад хөтлөв.

Тоглолтуудын үр дүн

Даваа гараг

Манчэстэр Сити 2-1 Манчэстэр Юнайтэд Олд траффорд цэнгэлдэх

Ням гараг

Лэйкэстэр сити 3-2 Нью Кастл Юнайтэд (Жэймс парк цэнгэлдэх)

Арсэнал 1-1 Соутхамптон (Маригийн цэнгэлдэх)

Эвэртон 1-1 Ливэрпүүл (Энфилд цэнгэлдэх)

Бямба гарагт

Вэстхам 1-0 Челси (Лондон цэнгэлдэх)

Тотэнхам 5-1 Стоук сити (Вэмбли цэнгэлдэх)

Свонси 1-0 Вэстбромич (Либэрти цэнгэлдэх)

Хаддирсфилд 2-0 Бритон (Жош Шмит цэнгэлдэх)

Кристал Палас 2-2 Боурнмоут (Сэлхурст цэнгэлдэх)

Бурнлэй 1-0 Ватфорд (Турф Муур цэнгэлдэх)

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Цэргийн сүлд дуу “Манай цэргийн жавхаа”-г хөшөөнд мөнхлөв

Өнөөдөр ЦДБЭЧ-ынхны санаачилгаар МУГЗ, хөгжмийн нэрт зохиолч Шагжийн Гунаа-Аажавын “Манай цэргийн жавхаа” дуунд зориулан босгосон хөшөөний нээлтийн ёслол тус чуулгын дэргэд боллоо. МУГЗ, хөгжмийн зохиолч Ш.Гунаа-Аажавын цэргийн сэдэвт эх орны дууны 200 гаруй бүтээл байдгаас хамгийн их алдаршин, эх орныхоо төдийгүй гадаадын цэргийн дууны урын санд орж 60 гаруй жил тасралтгүй дуулагдсаар ирсэн “Манай цэргийн жавхаа” дууны хөшөөг Монголын ардын армийн түүхийн салшгүй нэгэн хэсэг болсон өдгөө ЦДБЭЧ болтлоо өргөжин дэвжсэн Цэргийн ансамбелиас эхтэй гэж үздэг. Маргааш 85 жилийн түүхт ой нь тохиож буй тус хамт олон олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн эхнийх нь МУГЗ Ш.Гунаа-Аажавын энэхүү домог болсон дууг хөшөөнд мөнхөлж байна.

Тус арга хэмжээг нээж ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Г.Золзаяа хэлэхдээ “Манай ахмад, нэрт уран бүтээлч УГЗ Ш.Гунаа-Аажавын “Манай цэргийн жавхаа” дууг манай цэрэг дайчдаас гадна гадаадын цэргийн дууны урын санд багтаан дуулсаар байна. Бидний гурван үеийнхэн энэ дууг монгол цэргийн “Сүлд дуу” гэж бахархан тэмдэглэж, түүхэн ойгоор зогсохгүй өдөр бүр цэргийн хуаран бүхэнд хүндэтгэл болгон дуулсаар ирлээ. 90 гаруй нас хүрч байгаа ч Ш.Гунаа-Аажав гуай маань өөрийнхөө дууны хөшөөний нээлтэд ирж оролцож байгаа нь бүр ч баяр хөөр бахдал нэмж байна” гэлээ.

Энэхүү арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, МУГЗ, Ш. Гунаа-Аажав түүний гэр бүл, үр хүүхдүүд ЦДБЭЧ-ын ахмад болон одоо ажиллаж байгаа уран бүтээлчид, Хэвлэл мэдээллийн төлөөллөгчид хүрэлцэн ирж баяр хүргэв. Хуучнаар Цэргийн ансамбелийн алдарт “Жаран хар” хэмээх эрэгтэй найрал дуучид ч ирсэн бөгөөд “Манай цэргийн жавхаа” дууг жавар уястал дуулан цугласан олны сэтгэлийг дулаацуулан баясгав.

МУГЗ, хөгжмийн зохиолч Ш.Гунаа-Аажав гуайгаас дуу төрсөн түүхийг сонирхоход, 1970 онд цэргийн “Улаан Од” сонинд Т.Жалбуу гэж хүний “Манай цэргийн жавхаа” шүлэг нийтлэгдсэн. Тэгээд шүлгэд нь ая хийж Цэргийн ансамбелийн Жаран хар гэх найрал дуучдаар анх дуулуулж олонд хүргэсэн. Энэ дуу радио, телевизээр байнга эгшиглэж, цэргийн хуаран, хилийн застав бүхэнд хангинан, цэргийн жагсаалын болон ёслолын сүлд мэт түгэн дэлгэрсэн. Т.Жалбуу гэгч нь Дундговь аймгийн санхүүгийн хэлтсийн нягтлан бодогч, цэргийн болон аймаг орон нутаг, төвийн сонинд идэвхтэн бичигч, хааяа дууны шүлэг бичиж нийтлүүлдэг эгэл жирийн иргэн байсан. Бидний энэ дууг одоо цэрэг, эх орны сэдэвт дууны охь манлай мэт дээдлэн, хаа сайгүй дуулсаар байгаад их баярладаг. Өнөөдөр энэ дууг хөшөөнд мөнхлөн намайг хүндэтгэн залж нээлтийн улаан тууз хайчлуулсанд туйлын их баярлаж байна” гэлээ.

Ийнхүү цэргийн сүлд дуу болтлоо алдаршсан “Манай цэргийн жавхаа ” дуу хөшөөнд мөнхөрлөө.

Categories
мэдээ улс-төр

Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн төслийг дэмжинэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавын санаачлан боловсруулсан Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд хэлмэгдэгсдийн гэр бүлийн хүмүүсийг сонсож, ярилцав. Хууль санаачлагч Я.Санжмятав гишүүний танилцуулснаар улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд цагаатгах тухай гомдол гаргах хугацааг тухайн хууль батлагдсанаас хойш хоёр жилээр эцсийн удаа сунгах гэсэн зөвлөж өгсөн. Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс энэ хуулийг гаргасан. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, УИХ-ын дэд даргын хувьд би УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сарангэрэлтэй нийлээд хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. Энэ хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш өргөн баригдсан учир Хууль тогтоомжийн хуулийн дагуу бүх яамдуудаас судалгаа дүгнэлтээ авсан, эдийн засгийн тооцоолол гарсан, холбогдох хүмүүс, байгууллагаас саналуудыг нь авсан хууль. Даргын зөвлөлөөр орчихсон энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Хууль 2018 оны төсөв батлагдсанаас хойш гарч байгаа учир хууль хэрэгжих хөрөнгийн асуудал 2019 оноос 2020,2021 онд багтааж нөхөн олговрыг олгох тооцоолол гарсан байгаа юм байна. Харин “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” төрийн бус байгууллагыг хэлмэгдэсдийн ар гэрийнхэн байгуулж тэргүүнээр Д.Дашдаваа ажиллаж байгаан юм байна. Д.Дашдаваа гуайн гэхэд л өвөө, эмээ аав ээж гээд хэдэн үеэрээ хэлмэгдэлтэд өртөж яваа учраас энэ холбоог байгуулж хуулийн төсөлд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, саналаа оруулж, санал бодлоо тусгахыг зорьсон гэдгээ хурлын үеэр хэлж байлаа.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Д.ЭРДЭНЭБАТ: ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ГЭХ АЛАН ХЯДАЛТЫН ШАРХ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ АНИАГҮЙ БАЙГААГ АНХААРАХ ЁСТОЙ

1937 оны хэлмэгдлээс хойш Монгол оронд үүсч буй болсон нөхцөл байдлууд энэ хэлмэгдүүлэлтээс үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай төрийн гаргаж байсан удаа дараагийн шийдвэрүүдийн асуудлаар Ардчилсан намын бүлэг нэлээд нухацтай ярилцаж, ойлголцолд хүрч байна. Хохирлын хэмжээнээс шалтгаалсан нөхөн олговрыг хэрхэн олгох тухай асуудлууд, үр хүүхдүүдийнх нь гаргаж байгаа саналуудыг хуулийн өөрчлөлтөд хэрхэн тусгах зэрэг асуудлууд анхаарал татаж байгаа. Түүнчлэн энэ хэлмэгдүүлэлтийн үеэр Монгол Улсын нийт насанд хүрсэн эрчүүдийн 20 хувь нь хилс хэрэгт хэлмэгдэж, 15 хувь нь буудан алах ялаар цаазлуулсан тухай яригдаж байна. Энэ бол дэлхийн ямар ч улс оронд байгаагүй маш өргөн хүрээний хэлмэгдүүлэлт, алан хядалтын үйл ажиллагаа явсан гэдэг шарх өнөөдрийг хүртэл аниагүй байгааг бид анхаарах ёстой. Тиймээс ч энэ хуулийн төслийг УИХ нэлээд нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж УИХ дахь ардчилсан намын бүлэг үзэж буйгаа бүлгийн дарга Д.Эрдэнэбат илэрхийллээ.

Я.САНЖМЯТАВ: 1939-ОНООС ХОЙШ ХЭЛМЭГДСЭН ХҮМҮҮС НИЙТДЭЭ 31 МЯНГА 220 ХҮН ЦААЗЛАГДСАН БАЙДАГ

“1998 оны нэгдүгээр сард Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль батлагдсан гарсан. Батлагдан гарсанаасаа хойш буюу 1922-1990 оны хооронд улстөрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн тоо нийтдээ 36 мянга орчим байна гэсэн тооцоолол гардаг. 1939-оноос хойш хэлмэгдсэн хүмүүс нийтдээ 31 мянга 220 хүн цаазлагдсан байдаг. Эдгээрийн 28268 нь улсын комисс байгуулагдсанаас хойшхи хугацаанд цагаатгагдсан байна. Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль хэрэгжээд 18 жил болж байна. Хуулийн хүрээнд цагаатгагдсан хүмүүст нөхөн олговор, орон сууц, холбогдох зардлууд гээд нийтдээ 19 тэрбум 820 сая төгрөгийг гаргаж зарцуулж, 18558 хүнд олгосон байна гэсэн статистик тоо байна. Хэлмэгдэгчийн үр хүүхдүүд нийт 200 гаруй нь эцэг, эх нь цаазлагдсан, 100 гаруй хүмүүс нь шоронд хоригдож, нас барсан 400 гаруй хүн байна. 1937 оноос хойш одоо амьд сэрүүн байж байгаа 80-90 настай хүмүүс байна. Эцэг, эх нь хэлмэгдсэн учир эсэргүүний хүүхэд гээд сургууль соёлд сураагүй. Дээд боловсрол эзэмшээгүй, янз бүрийн ажил төрөлд оруулдаггүй байсан зэргээс болж төрөөс өгдөг нийгмийн халамж хүртээмж зэргээс хоцорч хохирч явсан гэдэг дүгнэлтийг ажлын хэсгүүд гаргасан. Ийм асуудал яагаад яригдах болов гэхээр уг хууль 2011 оны арванхоёрдугаар сарын 25-нд өргөдөл хүлээн авах хугацаа нь дуусгавар болчихсон байгаа. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл долоон жилийн хугацаанд ямар нэгэн өргөдөл шинээр хүлээн авч чадаагүй. Тиймээс ч хугацааг сунгах оролдлого өмнө нь хийж байсан ч шийдэгдээгүй буюу хугацааг сунгаж чадаагүй. Үндэсний аюулгүй зөвлөлөөр 2014 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн хурлаар зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмж дээр гурван зүйлийг УИХ-д зөвлөсөн байдаг. ТЕГ-ын тусгай архивт хадгалагдаж байгаа хэргүүдийг шалгаж дуусгаж, шаардлагатай хэргийг цагаатгах, улстөрийн хилс хэрэгт баривчлагдсан, сураггүй алга болсон хэрэг материал нь олдохгүй байгаа хүмүүсийн хэргийг ар гэрээс нь ирсэн өргөдөл, хүсэлт нотлох баримтыг үндэслэн шалгуулж, цагаатгах эсэхийг эцэслэн шийдвэрлэх гэсэн байдаг” юм гэлээ .

Ж.БАТЗАНДАН: ХЭЛМЭГДСЭН 10 ГАРУЙ ХҮНИЙ АР ГЭРИЙНХЭН НЬ ЦАГААТГУУЛАХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧ ЧАДААГҮЙ БАЙНА

Цагаатгалын хуулийн хугацаа дууссан учир цагаатгуулах хүсэлтээ гаргах иргэд бүрэн дүүрэн хамрагдаж чадаагүй. Улстөрийн хилс хэрэгт эцэг, эхээ алдсан 400 гаруй хүн нөхөн олговроо авч чадаагүй гэх асуудлууд байгаа. Түүнчлэн хэлмэгдсэн 10 гаруй хүний ар гэрийнхэн нь цагаатгуулах өргөдлөө өгч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, цагаатгалын асуудал улстөрийн хилс хэрэгт хэлмэгдсэн цагаатгах ажил бүрэн дуусаагүй байна гэж үзэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-д зөвлөмж хүргүүлсэн.

УИХ НАМРЫН ЧУУЛГАНЫ ХҮРЭЭНД ДОРВИТОЙ ЯМАР Ч ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДААГҮЙ ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЁСТОЙ ГЭВ

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар яг ямар тусламж дэмжлэг олгох юм бэ?

Я.Санжмятав:Нэгдүгээрт цагаатгах өргөдөл хүлээн авах хугацаа сунгагдана. Хууль батлагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд өргөдлийг авч дуусгана. Цагаатгах үйл явцын дараа нөхөн олговор өгөх асуудал яригдах юм. Үндсэндээ дөрвөн жилийн хугацаанд энэ хууль хэрэгжихээр заасан байгаа. Энэ хуульд өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөн олговор аваагүй улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийн амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барсанаас хойш 10-аас илүүгүй хугацаанд төрсөн хүүхдэд нэмэлт нөхөн олговрыг нэг удаа олгохоор тусгасан.

-Намрын чуулганы хугацаанд энэ УИХ хэр сайн ажиллаж чадав гэдэг дээр бүлэг ямар дүгнэлт өгөх вэ?

Д.Эрдэнэбат:Намрын чуулганаар үндсэн гурван асуудал ярьсан. Шинэ Засгийн газраа байгуулах гэж дан, давхар дээл, ашиг сонирхлын зөрчлийн тухай, төсвийн тодотгол, 2018 оны төсөв л ярьлаа. Төсвийн тодотгол дээр Ардчилсан намын бүлэг тодорхой байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, тэтгэмжээсээ жаахан танаач, нэмүү олж байгаа орлогоо хуримтлал руу хийгээч, хүүхдийн мөнгийг бүрэн олгооч гэдэг л шаардлага тавьсан. Харамсалтай нь эрх баригчид хүүхдийн мөнгийг нэг удаа олгоод 2018 оны төсөв дээр 60 хувь руу буцаагаад шидчихсэн. Тиймээс бид улстөржсөн хэлбэр рүү орж байна гэдгийг шүүмжилсэн. Төрийн албан хаагчдад халамж хэлбэрээр мөнгө тараахын оронд цалинг нь 10-15 хувиар нэмээч гэдэг шаардлага тавьсан ч биелэгдээгүй. Одоо намрын чуулган завсарлахад ганцхан сарын хугацаа үлдээд байна. Үнэндээ Монгол Улсын нийгэм эдийн засаг, санхүү, зах зээл, бүтээн байгуулалтын талаар энэ УИХ дорвитой ямар ч шийдвэр гаргаж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Бидэнд хүлээгдэж байгаа зүйл олон байгаа. Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар ярилцаад цаашдаа гол бодлогын шинжтэй асуудлуудаа хэлэлцэх асуудал дээр шахалт үзүүлэхгүй бол болохгүй юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Томоохон бүтээн байгуулалтууд, банк санхүү, мөнгөний бодлогын зэрэг асуудлуудаа нэн яаралтай оруулж ирж хэлэлцэх хэрэгтэй байна. Ардчилсан намын бүлгийн хувьд он гарахаар шууд хэлэлцүүлгийн хэв маягийг өөрчлөөд, эдийн засаг, мөнгө санхүүтэй холбоотой асуудлуудыг хэлэлцүүлгийг хийгээд явна.

Categories
мэдээ нийгэм

“Гэр хороолол хөгжлийн нам”-ынхан эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж байна гэв

“Гэр хороолол хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцсэн билээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан юм. Энэ үйлдэл нь Үндсэн хуульд заасан хүний эрхийг ноцтой зөрчиж, гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй орчныхоо төлөө эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж байна хэмээн тус намынхан үзэж байгаа аж. Дээд шүүхийн уг шийдвэртэй холбоотойгоор “Гэр хороолол хөгжлийн нам”-аас мэдээлэл хийлээ.

“Гэр хороолол хөгжлийн нам”-ын дарга Б.Батсүх хэлэхдээ “Бидний хэсэг нөхөд Гэр хороолол хөгжлийн намыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн байгуулахаар бэлдэж, эвлэлдэн нэгдэж, үзэл санаагаа нэгтгэсэн. Гэр хорооллыг хөгжүүлж байж Монгол Улс хөгжинө гэж үзсэн учраас бид энэ намыг байгуулахаар зорьсон. Зургаадугаар сарын 23-нд анх “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт тавьсан. Ингээд зургаадугаар сарын 30-нд шүүх хуралдаан болсон.

Харамсалтай нь, шүүх хуралдаанаар “Гэр хороолол хөгжлийн нам” нь улс төрийн намын тухай хуулийн зүйл заалтуудыг хангаагүй байна гэсэн дүгнэлтүүд гарсан. Жишээ нь, 801 гишүүнтэй байх ёстой байтал танай нам 792 гишүүнтэй байна гэж 9 хүнийг хассан. Бид уг нь 1,000 гаруй гишүүдийн нэр өгсөн. Зөрчлүүдийг засаад дахин хүсэлт гаргавал танай намыг бүртгэхэд бэлэн байна гэсэн. Үүнээс хойш бид бэлтгэл ажлаа дахин хийж, намын их хурлаа дахин хуралдуулсан. Ингээд арван нэгдүгээр сарын 1-нд Монгол Улсын Дээд шүүхэд хоёр дахь удаагаа хүсэлтээ тавьсан. Гэтэл эхний удаад болно гэж байсан мөрийн хөтөлбөрүүдийг болохгүй байна гэж үзэн дахин бүртгэхээс татгалзаж буцаалаа.

Хууль зөрчсөн гэх заалтууд нь АН болон МАН-ын дүрэмд байдаг. Гэтэл энэ заалт нь Гэр хороолол хөгжлийн намын дүрэмд орохоороо хүний эрх зөрчсөн, байх боломжгүй.

Гэр хорооллынхныг илт ялгаварлан гадуурхаж байгаа энэ үйлдлийг бид эцсээ хүртэл эсэргүүцэж, гэр хорооллынхон бид Хүний эрхийн Үндэсний комисст хандана гэдгээ мэдэгдэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

ХААН банкны тооцооны төвүүд цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо

Манай улсад төдийгүй дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болж, дэлхийд зүрх судасны өвчнөөр жилд 17,5 сая хүн нас барж байна. ДЭМБ-аас цагаасаа эрт зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт хэмээн онцолж байна.

Нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулагч үндэсний тэргүүлэгч банк ХААН Банк нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаараа дамжуулан Шастины нэрэмжит улсын III-р төв эмнэлэгтэй хамтран “Цусны даралт ихсэлтийн эрсэг аян”-г хэрэгжүүлэхээр өнгөрсөн 4-р сард гэрээг үзэглэсэн билээ.

Тус аяны хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг нь ХААН Банкны дөрвөн тооцооны төвд цусны даралт хэмжих багаж бүхий булан байгуулах ажил бөгөөд өнгөрөгч Баасан гарагт ХААН Банкны “Дамба” тооцооны төвд ээлжит буланг нээж ашиглалтад орууллаа. Ингэснээр ХААН Банкны “Дамба”, “Баруунхүрээ”, “Сонгинохайрхан”, “Амгалан” тооцооны төвүүд цусны даралт хэмжих бүхий булантай боллоо.

Нээлтийн үеэр Улсын III-р төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир “Ард иргэдэд тулгамдсан асуудал болоод буй цусны даралт ихсэлтийн эсрэг бодитой ажлыг хамтран хэрэгжүүлж буй ХААН Банкны хамт олонд баярлалаа. Алслагдсан дүүрэгт байрлах ХААН Банкны салбар, тооцооны төвүүдэд цусны даралт хэмжих багаж байршуулсан нь ард иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн бодитой ажил боллоо ” хэмээн онцоллоо.

ХААН Банкны Байгууллагын харилцааны газрын захирал С.Ариунцэцэг хэлэхдээ“Улсын III-р төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй Цусны даралт ихсэлтийн эсрэг үндэсний аяны хүрээнд даралт ихсэлт өвчин, зүрх судасны өвчний тухай олон нийтэд сургалт, сурталчилгааны ажил хийх, мэдээлэл хүргэх үүднээс дөрвөн тооцооны төвд цусны даралт хэмжих багаж бүхий булан байгууллаа. Энэхүү буланг нээснээр харилцагчид банкаар үйлчлүүлэх үедээ цусны даралтаа хэмжиж, хяналт тавин эрүүл мэнддээ анхаарах боломжтой боллоо” гэлээ.