Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Залуучуудынхаа хөгжил, дэвшлийн төлөө бүхнийг хийж хэрэгжүүлнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Залуучуудынхаа хөгжил, дэвшлийн төлөө бүхнийг хийж хэрэгжүүлнэМонгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг 2017 оны 12 дугаар 12-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Залуучуудын хөгжлийн тухай хууль хэрэгжиж эхлэх бөгөөд залуучуудын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд чухал түлхэц болох юм.

Үндэсний чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болох 15-34 насны залуус, эрдэмтэн, судлаач зэрэг 850 төлөөлөгч оролцож байна.

Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон залуучууддаа хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

“Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганы хүндэт зочид, төлөөлөгчид, залуучууд аа.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.

Монгол Улсын ирээдүйг тодорхойлж, хөгжил дэвшлийг түүчээлэн авч явах залуучууд та бүхэнтэй “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо үндэсний чуулган”-аар дамжуулан уулзаж Засгийн газраас явуулж буй бодлого, шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж, үзэл бодлоо хуваалцья гэж бодлоо.

Бас та бүхнийхээ санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахын тулд холбогдох төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшний хүмүүсийг ирүүлээд байна.

Манай улсын нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны залуучууд Та бүхэн эзэлж байна. Бас хөдөлмөрийн насны 50 хувийг залуучууд эзлэх боллоо. Эдгээр тоо баримт “Монгол залуучуудын орон” гэсэн ойлголт үнэлэмжийг баталгаажуулахын зэрэгцээ манай улсын хөгжил дэвшлийн ирээдүйг нотлон харуулж байна.

Өөрөөр хэлбэл манай улсын жинхэнэ баялаг бол залуучууд та бүхэн юм.

Улс орны баялаг ирээдүй болсон залуучуудын тоо хамгийн өндөр байгаа энэ үеийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид хөгжил дэвшилд хүрэх нь гарцаагүй. Ийм тааламжтай үеийг ашиглаж хөгжил дэвшилд хүрсэн улс орны түүх, туршлага олон бий.

Залуучуудад зориулж хөрөнгө оруулалт хийх нь хөгжил дэвшилд хүрэх, ажилгүйдэл, ядуурлаас ангижрах нэг гарц мөн.

Тиймээс Засгийн газар залуучуудаа дэмжсэн олон бодлого, хөтөлбөрийг дэвшүүлж, хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайж байна.

Тухайлбал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт :

· “Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүтцийг бий болгоно”,

· “Шинээр сургууль төгссөн залуучуудыг байнгын ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ”,

· “Боловсролын зээлийн сан шинээр байгуулж, оюутан, суралцагчид үндэсний тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн үйлчилгээг үзүүлэх тогтолцоог ил тод, нээлттэй болгож, хүртээмжийг нэмэгдүүлнэ”,

· “Оюутанд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ”,

· Монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-иас дээш хувиар бууруулна”,

· “Өндөр технологийн 2000 энтрепренёр мэргэжилтэн бэлтгэнэ”,

· “Мэргэжилтэй ажилтан” бодлогын хүрээнд жилд 20.000-аас доошгүй залуучуудыг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурган мэргэжил, ур чадвар эзэмшүүлнэ”,

· “Залуучуудад бизнесийн гарааны дэмжлэг үзүүлж, их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдийг тоног төхөөрөмжийн лизинг, жижиг зээлд хамруулах арга хэмжээ авна” гэсэн олон зорилтыг тусгасан.

Эдгээр зорилт эхнээсээ ажил хэрэг болж эхэллээ.

Залуучуудын асуудлыг хариуцсан төрийн байгууллагын бүтцийг бүх аймаг, дүүрэгт бий болголоо. “Боловсролын зээлийн сан” байгуулж, оюутан залуучууд маань сургалтын төлбөрөө төрөөс зээлж, төгсөөд ажилтай орлоготой болсныхоо дараа буцаан бага багаар төлөх тогтолцоог бүрдүүллээ.

Оюутан залуус маань сурахын зэрэгцээ цаг заваараа ажил хийх “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлан хэрэгжүүлж эхэллээ. 2014 онд гадаадаас авах ажиллах хүчний тоо 42242 байсан бол 2017 онд 20000 орчим болгон буулгаж монгол залуучуудаа ажлын байраар хангах боломжийг нээж өглөө.

2017 онд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 20000 орчим залуус элсэн суралцлаа. Тэдний 70 гаруй хувь нь ажлын байраар хангагдаж байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих зээлийг төрийн болон олон улсын байгууллагын зээл тусламжаар олгож эхэллээ.

УИХ анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталлаа. Энэ хууль 19 хоногийн дараа хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлнэ. Мөн хуулийн дагуу “Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар удахгүй батлана. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, бодлого, хөтөлбөрүүд нь Үндэсний хөгжлийн цогц бодлого, Тогтвортой хөгжлийн зорилт 2030, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүд, улсын төсөв, төлөвлөлттэй нарийн нягт уялдаатай байж амжилттай хэрэгжинэ.

Өөрөөр хэлбэл үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрүүд нь залуучуудын хөгжлийг хангасан ээлтэй, тааламжтай орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн байх учиртай. Тиймээс энэ бүхний уялдаа зохицолдолгоог хангаж ажиллахыг залуучуудын асуудал хариуцсан төрийн байгууллагын удирдлагууд анхаарч ажиллах ёстой.

Залуучууд та бүхэндээ амласан амлалт бүрээ хэрэгжүүлэхийн төлөө манай Засгийн газар, манай нам хичээн ажиллах болно. Залуучуудын байгууллагаас ажил, амьдралынхаа гарааг эхлүүлж, залуу насынхаа ихэнхийг залуучуудын байгууллагыг бэхжүүлэхийн төлөө зориулсан Ерөнхий сайдын хувьд залуучуудынхаа хөгжил дэвшлийн төлөө бүхнийг хийж хэрэгжүүлэхээ энэ хүндэт индэр дээрээс илэрхийлж байна.

Дэлхийн бүхий л улс орны хөгжил дэвшлийн гол хүч нь залуучууд байсаар ирсэн. Тиймээс залуучууд та бүхнийг шударга нийгмийг цогцлоож, тогтвортой хөгжлийг манлайлж, шинэчлэлийг түүчээлж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

Бид ямар ирээдүйг хүсч байна, тийм ирээдүйг бүтээж чадах залуучуудыг бэлтгэх ёстой. Үүний төлөө манай Засгийн газар бүхнээ дайчлан ажиллах болно.

Залуучуудын эрүүл мэнд, өрсөлдөх чадвар бүхий мэдлэг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн идэвх оролцоо, хариуцлагатай манлайлал гэсэн таван үзүүлэлтээр дэлхийн улс орнууд залуучуудынхаа хөгжлийг хэмжиж байна. Энэ индексээр 2016 оны байдлаар Монголын залуучууд дэлхийн 183 орноос 71-р байрт эрэмбэлэгдэж байна.

Дэлхийн залуучуудын хөгжлийн индексээр Монгол залуучуудын хөгжлийг хойш татаж байгаа хоёр үзүүлэлт бол залуучуудын эрүүл мэндийн байдал, үүний дараагаар эзэмшсэн мэргэжил, олж авсан мэдлэгээ баяжуулан эрхэлж буй ажилдаа хэрэглэх, тогтвортой хөдөлмөр эрхлэх асуудал болоод байна.

Ийм учраас дараах хэдэн чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгч байна.

Нэгд: Залуучууд манай улсын ирээдүй гэж бид бүгд ярьж ирсэн. Гэтэл залуучуудын маань эрүүл мэндийн асуудал ихээхэн анхаарал татаж байна. 2016 оны “Монгол Улсын хүний хөгжлийн илтгэл”-ээс харахад залуучуудын маань гуравны нэг нь тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг гэжээ.

Өнгөрсөн оны эрүүл мэндийн статистикийн мэдээллийг үзэхэд архины шалтгаант элэгний өвчнөөр өвчилсөн иргэдийн 14.6 хувийг залуучууд эзэлж байна. Хүн амын дундах эрүүл мэндийн байдлыг энэ мэтээр дүгнэн үзэхэд өвчлөлийн нилээд хувийг залуучууд эзлэх боллоо.

Бидний улсын ирээдүй эрүүл саруул байж улс орон хөгжил дэвшилд хүрнэ.

Тиймээс залуучуудын эрүүл мэндийн асуудалд холбогдох байгууллагууд судалгаа шинжилгээ хийж, эрүүл, зөв амьдралын хэв маягийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авахыг үүрэг болгоё.

2020 он гэхэд залуучуудын өвчлөлийг төрөл тус бүрээр нь буулгах арга хэмжээний төлөвлөгөөгөө танилцуулан залуучуудын байгууллагуудтай хамтран хэрэгжилтийг хангахыг эрүүл мэндийн салбарынханд чиглэл болгож байна.

Хоёрдугаарт: Залуу хүн бүр боловсролтой, эрдэм мэдлэгтэй, харилцааны зөв хандлага чиглэлтэй байж улс орон хөгжиж дэвжинэ.
Энэ бодлогын хүрээнд их, дээд сургуулийн чанарыг дээшлүүлэх, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг залуучуудад ил тод нээлттэй болгох ёстой. 
БСШУСЯ-аас гаргасан судалгаагаар 2015-2016 оны хичээлийн жилийн их, дээд сургууль төгсөгчдийн 21.7 хувь нь тухайн жилдээ ажлын байртай болсон байна. 

Үүнд боловсролын, сургуулийн, төгсөгчдийн чанар гээд олон асуудал яригдана. Үүнд дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг авахын боловсролын байгууллагын удирдлагуудад үүрэг болгож байна.

Гуравдугаарт: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал хэвээр байсаар ирлээ. Эрүүл чийрэг, боловсролтой залуучуудад хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй байх ёстой. Харамсалтай нь энэ боломж хаалттай байна. Залуучуудын маань 50 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэж чадахгүй байна.

2016 оны Монгол Улсын хүний хөгжлийн илтгэлээс харахад залуу гэр бүлүүдийн 60 орчим хувь нь эцэг эхтэйгээ хамт амьдарч байна. Ажилгүй залуучуудын амьдрал дэвжин дээшлэхгүй. Энэ утгаар нь авч үзвэл улс орны ирээдүй залуучууд маань нийгмийн хамгийн эмзэг хэсэг болоод байна.

Тиймээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр тодорхой, бүтээлч, үр дүнтэй ажил хийж үр дүнг нь танилцуулахыг ХНХЯ-ны удирдлагуудад үүрэг чиглэл болгож байна.

Миний өгсөн эдгээр үүрэг, чиглэлүүдийг хэрхэн хэрэгжүүлснээр та бүхний ажлыг үнэлж дүгнэнэ.

Гэхдээ хөтөлбөр, төслүүдэд хэдэн төгрөг зарцуулснаар, ямар арга хэмжээ хэрэгжүүлсэн тайлангаар биш ганцхан гарсан үр дүн, ахиц дэвшлээр ажлыг хэмжихээ онцлон дурдья.

“Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулган нь залуучууд та бүхний өмнө тулгамдсан олон асуудлын гарц шийдлийг олох зорилготой.

Тиймээс залуучууд та бүхэн залуучуудын талаар төрөөс баримталж буй бодлого, шийдэл, түүний үр нөлөө, өөрсдийн эрх үүрэг, оролцооны талаар өргөн яриа хэлэлцүүлэг өрнүүлээсэй гэж хүсч байна.

Монголын залуучууд Та бүхэн төрөөс баримталж буй таатай бодлогуудад тулгуурлан өөрсдийн боломж чадавхиа бүрэн дайчилж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм үүрэгтэй хүмүүс гэдгээ сайтар ойлгох ёстой.

Залуус та бүхэн эх орныхоо баялаг түүх, өнгөрсөн үеийн алдаа сургамж бүрээс суралцаж, ахмад үеэ хүндэтгэн, улсынхаа хөгжлийг буухиалан үргэлжлүүлэх хариуцлага хүлээж, боловсролтой, хөдөлмөрч, бүтээлч иргэн байна гэдэгт Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд итгэлтэй байна.

Залуучууд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Categories
мэдээ нийгэм

Харүмафүжи нарт холбогдох хэрэг прокурорт шилжлээ

Мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи нартай холбогдох 10 сарын 25-нд Тоттори хотноо гарсан уг хэргийг өчигдөр прокурорт шилжүүлжээ. Өдгөө 33 настай Харүмафүжи нь арван долоон жил үргэлжилсэн өөрийн замналыг уг хэргээс болж өндөрлүүлэхэд хүрсэн юм. Сүмогийн холбооноос уг хэргийн талаархи эцсийн дүгнэлтийг 12 сарын 20 гэхэд авна гэж тооцоолж байгаа гэнэ.

Хэрэгт холбогдох эх сурвалжуудын мэдээлж буйгаар Харүмафүжи Кохей буюу Д.Бямбадорж нь 10 сарын 25-нд нутаг нэгт сүмоч болох Таканойва А.Баасандоржийг нударга болон караоке машины удирдлагаар цохиж гэмтээсэн хэрэг нэгэн шөнийн цэнгээний газарт болсон юм. Үүнээс улбаалж 27 настай Таканойвагийн тархи хөдөлж 10 хоног эмчлүүлэх шаардлагатай болсон гэж цагдаад өгсөн эхний мэдүүлэгтээ дурьджээ. Түүний гавлын яс цуурч, хэд хэдэн гэмтэл авснаас шалтгаалж Фүкүока хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм.

Харүмафүжи нь цагдаагийн байцаалтын явцад хэргээ сайн дураар хүлээсэн бөгөөд түүний өмгөөлөгч, хуулийн зөвлөх нар нь Таканойва болон бусад хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлал хүсээд, гэмшиж буйгаа илэрхийлсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Мөн Таканойва болон түүний багш Таканохана нартай биечлэн уулзах хүсэлт гаргасан аж.

Мөрдлөгийн явцад их аварга Хакүхо М.Даваажаргалыг Таканойвад зөвлөгөө өгч байхад үл тоосонд Харүмафүжигийн эгдүүцэл төрсөн гэж тогтоосон байна. Үүнийгээ ч зодог тайлах тухайгаа зарлах хэвлэлийн бага хурлын үеэрээ Харүмафүжи илэрхийлээд дэвжээний гадна ч хүлээсэн дүүгээ сургах үүргээ биелүүлэх явцдаа ийм зүйлтэй учирсан гэдгээ мэдэгдсэн юм.

Сүмо бөхийн холбооны мэдээлж буйгаар их аварга Хакүхо Таканойваг сургуульд байхаас сурч мэдсэн ааш зангаа битгий гээгээрэй гэж хэлэх үед Таканойва утсаараа оролдож байсан гэнэ. Тэгээд ингэж хэлэх үед нь найз охиноос нь зурвас ирсэн гэж хэлсэн аж.

Энэ хэргээс болж Харүмафүжи Д.Бямбадорж аварга нь ёкозуна хүний хэм хэмжээг зөрчиж, даган биелүүлээгүй гэдэг шалтгаанаар зодог тайлахад хүрсэн юм. Гэхдээ эртний уламжлал түүхт сүмо бөх сонирхогч үзэгчид түүнийг цагаасаа эрт зодог тайлж буйд харамсаж байгаагаа илэрхийлсээр байна.

Categories
мэдээ нийгэм

Албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилтын хүрээнд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилго бүхий SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системийг төслийн хамтрагч байгууллагуудад танилцуулах уулзалт боллоо.

Уулзалтанд төслийг санаачлагч Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон хамтран ажилласан байгууллагууд болох Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газар, Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын газрын удирдлага болон төлөөллүүд оролцов.

Тус уулзалтанд оролцсон төлөөллүүд смарткар цахим систем нь үйлчилгээг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх, татвар хураалтын ажлыг хөнгөвчилсөн сайн ажил болсон, цаашид авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээнүүдийг шат дараатай цахимжуулах мөн хөрөнгийн татваруудыг цахим хэлбэрээр хураах боломжийн талаар санал солилцлоо.

Энэхүү Smartcar.mn нь татварыг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлсэн анхны цахим систем юм. Уг систем хэрэглээнд нэвтэрснээр ухаалаг утасны аппликейшн болон вэб сайтаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, тээврийн хэрэгслийн татвар, агаарын бохирдлын татвар, зам ашигласны төлбөр, торгуулийг орон зай үл хамааран онлайнаар төлөх боломжийг бүрдүүлж иргэдийн цаг завыг хэмнэх давуу талуудыг бий болгож байгаа юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлийн материал хүлээн авах тухай

Related imageСудалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхүүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох арга хэмжээг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү шагналыг доор дурдсан бүтээл туурвисан нэг хүн, эсвэл нэг судлаачдын багт жил бүр олгодог.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг үндэслэн “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2018 оны шалгаруулалтыг зарлаж байна.

1.Дараахь байгууллага шагналд нэр дэвшүүлэх боломжтой:

-Эрдэм шинжилгээний байгууллага;

-Их, дээд сургууль;

-Төрийн болон төрийн бус байгууллага.

2.Бүтээлд тавих шаардлага:

-Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл байх;

-Дотоод, эсхүл гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл, сэтгүүлд нийтлэгдсэн, эсхүл бие даасан ном, бүтээл болон хэвлэгдсэн байх;

-Бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн санаа, санал дүгнэлт, үзэл баримтлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тодорхой тооцоо үндэслэл, нотолгоо баримтаар нотлогдсон байх.

3.Бүрдүүлэх материал:

-Нэр дэвшүүлж хүсэлт ирүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах, төв байгууллагын хурлын протокол, шийдвэр;

-Нэр дэвшигчийн эрдэм шинжилгээний бүтээлийн баталгаажсан жагсаалт;

-Нэр дэвшиж байгаа бүтээлийн товч танилцуулга, гарсан үр дүн;

-Нэр дэвшсэн бүтээлийн талаар тухайн салбарын хоёр эрдэмтний шүүмж;

-Нэр дэвшсэн бүтээлээс дотоод, эсхүл гадаадын судалгааны бүтээлд эшлэл авсан тухай баримт;

-Нэр дэвшигчийн анкет;

-Ажил байдлын тодорхойлолт.

Нэр дэвшүүлсэн байгууллагын ирүүлсэн хүсэлт, протокол, тодорхойлолт, холбогдох бусад баримт бичиг нь эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий байна.

4.Материал хүлээн авах хугацаа:

Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаархи материалыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хүлээн авна.

Жич: Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.

Холбоо барих утас: 265152 /Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн шинжилгээний алба/

5.Шагнал урамшуулал:

“Б.Чимидийн нэрэмжит шагнал” нь Монгол Улсын Их Хурлын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн дүрс бүхий медаль, 5.000.000 (таван сая) төгрөгийн мөнгөн урамшлууллаас бүрдэх бөгөөд шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Төрийн ордонд гардуулна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Архангай аймагт ажиллав

УИХ-ын гишүүн, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг 12 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Архангай аймагт ажиллалаа.

Байнгын хорооны даргыг дагалдан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, БСШУС-ын яамны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга С.Болормаа, ХХААХҮ-ийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Дондогдорж, ЭМ-ийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Авто тээврийн Үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, зөвлөх Р.Болормаа болон албаны бусад хүмүүс ажилласан.

Аймгийн удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл сонсов

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл хийв.

Тэрбээр “Аймгийн 19 сумын 101 багийн 7105 хот айлд 17.1 мянган малчин болон мал бүхий өрхөд 5.6 сая толгой малыг өвөлжүүлж, хаваржуулах бэлтгэл зохион байгуулалтыг ханган ажиллаж байна. Энэ жилийн хувьд 500 тонн өвс, 100 гаруй тонн тэжээл бэлдсэн. Суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил ч мөн үндсэндээ хангагдаад байна” гэлээ.

Үргэлжлүүлэн аймгийн удирдлагууд тулгамдаж буй асуудлаа байнгын хорооны даргыг дагалдан ирсэн яамдын холбогдох албан тушаалтнуудад танилцуулж, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдэх тал дээр анхаарлаа хандуулж ажиллахыг хүссэн юм.

Архангай аймгийн “Авто тээврийн төв”-ийн шинэ барилгыг хүлээн авах ажиллагаанд оролцлоо

Тус автовокзал, тээврийн хяналтын үзлэгийн төвийг Авто тээврийн Үндэсний төвийн хөрөнгө оруулалтаар барьсан аж.

Архангай аймгийн “Авто тээврийн төв”-ийн шинэ барилга ашиглалтад орсноор 20-30 хүн шууд ажлын байртай болж, зорчигчдын ая тухыг хангасан хүлээлгийн танхим, амрах өрөө, үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдлээ гэж аймгийн удирдлагууд онцолсон.

Энэ үеэр байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ “Архангай, Хэнтий аймагт орчин үеийн авто тээврийн үзлэг оношилгоог хийх цогц төвүүд ашиглалтад орж байна. Баруун бүсэд зорчих иргэдийн тав тухтай байдлыг хангасан төвийн үйл ажиллагаа жигдрээд эхлэхээр Архангай аймгийн эдийн засагт үр өгөөжөө өгч, иргэдийн орлого нэмэгдэх, Цэцэрлэг-Мөрөнгийн чиглэлд улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай орчин бүрдэж байна” хэмээн онцоллоо.

Аймгийн иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөлтэй уулзалт хийв

Байнгын хорооны дарга дараа нь Архангай аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд тэрбээр УИХ-аас хэлэлцэн баталсан 2018 оны төсвийн талаар товч танилцуулга хийв.

Дараа нь иргэд санал бодлоо илэрхийлж, асуулт асуув.

Архангайн иргэд нэмэгдэж буй ядуурлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлд өгч буй гарааны санхүүжилтын хэмжээг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, бүтээмжид суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлэх зэрэг асуудлыг хөндөж байлаа.

Иргэдийн тавьсан асуултад холбогдох яамдын албан тушаалтнууд дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

Уулзалтын төгсгөлд байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг дээрх асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллахаа амласан.

“Элэгний эмгэггүй Архангай” төслийн багийн гишүүдтэй уулзав

УИХ-ын гишүүн, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгийн санаачилгаар Архангай аймгийн хүн амын вирүст хепатитын шалтгаант элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилготой “Элэгний эмгэггүй Архангай” төсөл хэрэгжиж байгаа билээ.

Төслийн хүрээнд 40-65 насны 21700 иргэний 81.3 хувь буюу 17594 хүнийг С вирусын эрт илрүүлэг шинжилгээнд хамруулснаас 3449 иргэн буюу 19.5 хувь нь С вирустай болох нь батлагдсан байна. Өнөөдрийн байдлаар С вирус илэрсэн 1644 хүнийг С вирусын эмчилгээнд хамруулснаас 732 хүн эмчилгээгээ дуусгаж, 3 удаагийн шинжилгээнд орсон 112 хүн бүрэн эдгэрсэн гэж уулзалтын эхэнд Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа хэлэв.

Тэрбээр “Өнгөрсөн 09 дүгээр сарын 09-ны өдөр “Элэгний эмгэггүй Архангай 2” төслийг албан ёсоор эхлүүлсэн. Манай сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дотрын эмч болон лаборант нарт С вирусын илрүүлэг шинжилгээг зохион байгуулах арга зүйн сургалт явуулж, оношлогооны урвалж болон дагалдах материалыг тараасан. Энэ хүрээнд зорилтот бус насны 18-40, 65-аас дээш насны иргэдийг элэгний В, С вирусын шинжилгээнд хамруулж эхлэсэн байгаа. Мөн цаашдаа энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг шийдэх, анхан шатны эрүүл мэндийн төвүүдийг эрт илрүүлгийн загвар төв болгон өргөжүүлэх, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэв.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг төслийн эхний шат амжилттай хэрэгжлээ гээд “Дэлхийн бусад улс орнууд ийм богино хугацаанд төслөө үр дүнтэй хэрэгжүүлж чадаагүй байдаг юм. Иймээс бид энэ туршлагыг сурталчлах тал дээр анхаарал хандуулж ажиллах ёстой” гэж онцлон хэлсэн юм.

Мөн тэрбээр “Элэгний эмгэггүй Архангай 2” төслийг үргэлжлүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийг холбогдох яамдын албан тушаалтнуудад танилцуулж, шуурхай ажиллахыг төслийн багийнханд үүрэг болгосон юм.

Ийнхүү Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Элэгний эмгэггүй Архангай” төслийн багийн гишүүдтэй уулзалт хийснээр томилолтоо өндөрлүүлсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Хэлмэгдэгчдийг цагаатгалын хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ дахь байнгын хороод хуралдана.

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм” батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл;
  • “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Д.Сарангэрэл нар 2017.09.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогзолмаа: Шинжлэх ухааны шинэ бүтээл, оновчтой санал санаачилгыг дэмжихэд чиглүүлж зарцуулна

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа.

-2018 оны төсөв батлагдсан учраас ирэх онд тоймтой ямар ажил хийгдэх вэ. Бусад салбаруудтай харьцуулахад хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүллээ?

-Монгол Улс эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр ирсэн атлаа хурдлахгүй, удаашралтай байгаагийн гол шалтгаан нь хүнээ хөгжүүлэх, боловсролоо дэмжих, өв соёлоо дээдлэх, шинжлэх ухаанаа хөгжүүлж, тэргүүний техник-технологи, инновацийг нэвтрүүлэхдээ хойрго хандаж ирсэнтэй шууд холбоотой гэж би боддог. Тийм болохоор Монголын төр засаг харамлах ёсгүй зүйлдээ гар татахгүйгээр хөрөнгө оруулж, тулгамдсан асуудлыг зоримог шийдэх хэрэгтэй юм. Сүүлийн 20 гаруй жилд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын төсвийн бүтцэд шинжилгээ хийж үзэхэд төсвийн ихэнх хувь нь урсгал зардал, байшин барилга, засвар үйлчилгээнд зориулагдаж ирсэн байна. Салбаруудынхаа төсвийн бүтцийг зөв болгож, хүн рүү чиглэсэн оюуны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, шинжлэх ухааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, багшийнхаа чадамж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. 2018 оны улсын төсөв хэлэлцэж байхад энэ бүх хэрэгцээ шаардлагууд байгааг сайн хэлж, хэлэлцүүлсний үр дүнд УИХ-аар боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сангийнхаа төсвийг тодорхой хувиар нэмэгдүүлж чадсандаа баяртай байгаа. Чамлахаар чанга атга гэдэг. Энэ хөрөнгийг ирэх жилд оновчтой зарцуулах нь чухал юм. Сайдын багцад байгаа төсвийг багш нараа чадавхжуулах, давтан сургах, хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бий болгох, соёл урлагийн байгууллагуудаа дэмжих, нийтийн биеийн тамир спортыг дэмжих, шинжлэх ухааны шинэ бүтээл, оновчтой санал санаачилгыг дэмжихэд чиглүүлж зарцуулна.

Би нэг тоог жишээ татаад хэлчих үү.

-Тэг л дээ?

2012 онд долоон сургуулийн 1761 сурагч гурван ээлжээр хичээллэдэг байсан бол 2016 онд 32 сургуулийн 8755 хүүхэд оройн цагаар хичээллэдэг болсон байгаа юм. Үүний 5145 хүүхэд нь I-III ангийнхан. Тийм балчир насныхныг харуй бүрий болтол гуравдугаар ээлжээр хичээллүүлэх нь олон сөрөг дагавартай. Олон жил шийдэж чадаагүй сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар цогцоор нь шийдэхэд анхаарч байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж, энэ салбарт үүсээд байгаа асуудлуудыг шийдэх зоримог алхмыг хийж байна.

Ирэх онд боловсролын салбарт 1 их наяд, 632.3 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр улсын хэмжээнд шинээр болон он дамжсан 82 сургуулийн барилгыг барьж ашиглалтанд оруулна. Үүний үр дүнд сургуулиуд гурван ээлжгүй хичээллэх бүрэн боломжтой гэж тооцоолж байна. 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд бүрэн шилжинэ. Боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, улсын хэмжээнд 127 цэцэрлэгийн барилгыг барина. “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хотын огт цэцэрлэггүй 25 хороонд цэцэрлэгийн асуудлыг улсын төсвийн хөрөнгөөр иж бүрнээр шийдэж байгаа. Бас цэцэрлэгийг бүрэн камержуулна.

Мөн Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөл, БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг барьж ашиглалтад оруулах замаар боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлнэ. Энэ бүхний үр дүнд эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж толгойны өвчин болж, сугалаанд азаа туршдаг байдал төгсгөл болно.

-Оюутны зээлийг ямар хугацаатай олгох вэ?

-МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оюутны зээлийн санг байгуулж, оюутны сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэх амлалтыг өгсөн. Засгийн газар мэдлэг бүтээхийн төлөө байгаа хүүхэд, залуучуудаа дэмжиж ажиллана. Оюутанд сурч мэргэжил эзэмшихэд нь зориулж боловсролын зээл олгоно. Арилжааны банкаар бус Боловсролын зээлийн сангаар дамжуулан чирэгдэл багатай, эргэн төлөх хугацаа урт зээлийг оюутанд олгоно. Тухайн суралцагч сургуулиа төгсөөд 5-10 хүртэлх жилийн хугацаанд мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэх явцад бүрэн төлж барагдуулах бололцоотой байхаар шийдвэрлэж байгаа. 2018 онд нийт 75 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулахаар төсөвлөсөн.

Нөгөө талаар төрөөс ийнхүү оюутан, залуусыг сурч, хөгжихөд нь дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч бид тэрхүү дэмжлэгийнхээ үр дүнг давхар хянаж, дүгнэж байх ёстой. Дөрвөн жил цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулж буй оюутнуудыг чадвартай боловсон хүчин болгож бэлтгэхгүй бол дээд боловсрол эзэмшсэн дипломтой ажилгүйчүүд олшрох байдал буурахгүй. Манайх гурван сая хүн амтай атлаа 97 их, дээд сургуультай, чанараас илүү тоо, ашгийг шүтэж, голдуу нийгмийн салбарын мэргэжилтнүүдийг олноор бэлтгэж байна. Гэтэл 30 сая хүн амтай атлаа 30 хүрэхгүй дээд сургуультай улс ч байна. Олон жил бэлтгэж ирсэн уламжлалт мэргэжлийн чиглэлүүдээс гадна хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн эрэлт, хэрэгцээнд суурилсан мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх шаардлага бидэнд тулгарч байгаа. Дэлхийд өрсөлдөх чадвартай, дотоодын зах зээлдээ эрэлт хэрэгцээтэй, уул уурхай, шинжлэх ухаан, технологи гээд салбар бүрийн нарийн мэргэжлийн боловсон хүчин болон мэргэжлийн, хөрвөх чадвар бүхий мэргэжилтэнг бэлтгэх нь маш чухал байгаа юм. Энэ чиглэлд их, дээд сургуулиуд маань бодлогоо чиглүүлж, сургалтын агуулга, стандарт, чанараа ахиулах шаардлага тулгарч байна. Үүнийг бодлого боловсруулж байгаа шийдвэр гаргагчид ч анхааръя, хэрэгжүүлж буй их, дээд сургуулиуд маань ч анхааръя.

-Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төсвийг нэмэгдүүлэхээр эмэгтэй гишүүд нэгдээд бичиг өргөн бариад байсан. Шийдүүлж чадсан уу?

-Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, З.Нарантуяа бид нэгдэж, 2018 оны төсөвт хүүхэд хамгааллын үйлчилгээний зардалд таван тэрбум төгрөг нэмүүлэхээр Төсвийн ажлын хэсэгт албан бичиг хүргүүлж, асуудал тавьснаар 2018 оны төсөвт 6.5 тэрбум төгрөг болж батлагдсан. Хүүхэд харах үйлчилгээг стандарттай болгож, чанарт анхаарч ажиллана. Манай улсад хүүхэд харах, хамгаалах үйл ажиллагаа явуулдаг 136 төв байгаагийн 132 нь олон улсын байгууллага, гадаадын төрийн бус байгууллагын санхүүжилттэй. Дөрөвхөн нь улсын төсвөөс санхүүжилт авдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын цаана ний нуугүй хэлэхэд шашны чиглэлийн үйл ажиллагаанууд байгааг үгүйсгэх аргагүй шүү дээ. Үр хүүхдүүдийг маань өсч торниж, төлөвшиж байгаа үед нь гадны шашны урсгалаар тархийг нь цэнэглэвэл яах билээ. Тиймээс төр засаг хүүхдийн сайн сайхны төлөө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, бодлогоор дэмжих учиртай. Өмнөх жилүүдэд хүүхэд хамгааллын зардалд хоёр тэрбум төгрөг төсөвт тусгаж, 95 хувийг нь хүүхэд хамгаалах чиглэлийн төрийн байгууллагуудын ажилтнуудын цалинд зарцуулж, үлдсэн тавхан хувийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд зарцуулдаг байсан юм билээ. Үүнийг үндсээр нь өөрчилж байгаа.

-Та түрүүн хариуцаж байгаа салбаруудынхаа төсвийг нэмэгдүүлсэн гэж дурдсан. Соёл, шинжлэх ухаан, спортын салбарт ямар ахиц гарсан юм бэ?

-Зөвхөн боловсролын салбар гэж туйлшралгүй соёл, спорт, шинжлэх ухааны салбаруудын хөгжлийг сайн төлөвлөж, ижил жигд түвшинд авч явах нь миний үүрэг. Дэргэдээ сайдын зөвлөл, бодлогын зөвлөл ажиллуулна. Биеийн тамир хөгжүүлэх санд өнгөрсөн жилд 1 тэрбум төгрөг баталсан юм билээ. 2020 оны олимп болох хугацаа ойртож байхад манай тамирчид бор зүрхээрээ оролцоод ирэг, амжилт гаргачихдаг юм гээд тоомжиргүй хандаж болохгүй. Спортын ялалт амархан ирдэггүй. Тамирчны тэвчээр, бэлтгэл сургуулилт, дасгалжуулагчийн нөр их хөдөлмөр, багийн зүтгэлээс гадна төр засгийн дэмжлэг, хөрөнгө хүчний туслалцаа зайлшгүй хэрэгтэй. Тийм болохоор л улс орнууд олимп дуусаад маргаашнаас нь л дараагийн олимпт бэлдэж эхэлдэг. Спорт нь хүүхдийг зөвхөн эрүүл чийрэг байлгахад нөлөөлдөг бус, сэтгэхүйн хувьд ч тэвчээр хатуужилтай, ухаалаг болгодог гэдгийг шинжлэх ухаан нотолчихсон. Нийгмийн аль ч хэсэгт хамгийн хүчтэй нөлөөлж чаддаг зүйл бол спорт гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Том утгаараа спорт бол ард түмнийг эвлэлдэн нэгтгэж чаддаг агуу их хүч. Хэрвээ 2020 оны олимпт манай тамирчид одтой, амжилттай байж чадвал монгол хүүхдүүдийн үлгэрлэн дуурайх, спортоор хичээллэх хүсэл зоригийг улам л бадраана шүү дээ. Энэ үүднээс асуудал тавьж, биеийн тамир спортын бодлогыг дэмжих талаар ярилцаж, төсөв 2.1 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байгаа. Шинжлэх ухааны салбарт Монголын төр онцгойлон анхаарах ёстой. Тогтвортой хөгжлийн тухай ярих гэж байгаа бол эхлээд шинжлэх ухаанаа, эрдэмтэн судлаачдаа дэмжих, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээс өөр гарц байхгүй. Энэ жилийн хувьд огцом нэмэгдэж чадаагүй ч шинжлэх ухааны зардал 3.5 тэрбум төгрөг болж өссөн байгаа. Их сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааг шинэ шатанд гаргах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдыг бэлтгэх ажил маш чухлаар тавигдаж байна. 2024 он гэхэд Монголоос 4 их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд оруулах зорилтыг өмнөх Засгийн газар дэвшүүлээд ажиллаж байсан. Бид түүнийг нь үргэлжлүүлэн ажиллаж байна. Тиймээс их, дээд сургуулиудаа бодлогоор дэмжих, төрөөс хөгжилд хөтөлсөн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар онцгой анхаарал хандуулах болно. Хөгжингүй орнуудын туршлагаас харахад их, дээд сургуулиуд зөвхөн сургалт явуулдаг биш судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлдэг болсноор сургалт-судалгааны их сургуулиас судалгаа-сургалт-үйлдвэрлэлийн гэсэн хэв шинжид шилжсэн дүр зураг харагдаж байна. Тиймээс бид их, дээд сургуулиудыг зөвхөн сургалт дагнасан байдлаар хөгжүүлэхэд чиглэсэн уламжлалт бодлогоо эргэн харах цаг болсон гэж үзэж, дүгнэж байгаа. Мөн түүнчлэн ШУА-ийг өөрийн гэсэн байртай болгож, академийн харьяанд ажиллаж буй шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд бие даасан орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орчныг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Ийм орчинг бүрдүүлж чадвал эрдэмтэд маань хүн төрөлхтөний хөгжлийн уриа болгосон шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжлийг буухиалан авчирч чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Шинжлэх ухааны салбараа үл тоосон үндэстэн хөгждөггүй. Багш, эрдэмтэн, инженер, агрономич, технологийн нарийн мэргэжилтнүүдийнхээ оюуны бүтээгч чадварыг ашиглаж чадахгүй байна шүү дээ?

-Ойрын үед, дунд хугацаанд, алсдаа буюу 20 жилийн хугацаанд шинжлэх ухааны салбар ямар стратеги барьж хөгжих вэ гэсэн концепц боловсруулах ажлын хэсэг байгуулна. Олон салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцуулна. Ерөнхийдөө бодлогын концепци тодорхой болж, бодлогын баримт бичиг гараад ирэхээр боловсон хүчнээ ямар байдлаар ажиллуулах, хэр хэмжээний төсөв хөрөнгө шаардагдах, хэрхэн хөгжүүлэх дүр зураг тодорхой болно. Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаанд зориулалтаар хуваарилагдаж байгаа хөрөнгийг бид нар үр дүнтэй ашигладаг зөв хандлагад суралцах хэрэгтэй байна. Хэн нэгэн дарга даамал эсвэл танил талынхаа хүнийг дэмжээч гэхээр цохолт хийж өгдөг биш ямар үр өгөөжтэй судалгаанд, ямар шилдэг бүтээлд хөрөнгө хуваарилах вэ? гэсэн шалгууруудыг маш тодорхой болгож, түүнийгээ хэрэгжүүлж байж шинжлэх ухааны салбар босч ирнэ гэж харж байгаа. Мөн шинжлэх ухааны салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны олон салбарт хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагууддаа манай яам гүүр болж ажиллана.

-Монгол үндэстний даяарчлалын эринд оршин тогтнох дархлаа нь яах аргагүй өв соёл. Гээгдсэн салбараа ирэх жилүүдэд хэрхэн өөд татах бол гэдэг нь сонирхол татаж байна л даа?

-Соёл урлагийн салбарт төрөөс хэрэгжүүлж ирсэн бодлогын залгамж чанар сүүлийн 20 гаран жилийн хугацаанд алдагдсан. Манай уран зургийн галерей гэхэд л түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Хадгалалтын стандартад нийцсэн зориулалтын сан хөмрөгийн өрөөгүй гээд бүгдийг тоочоод байвал олон л асуудал хөвөрнө. Хэдийгээр төр засгаас улсын сан хөмрөгийг баяжуулахад тодорхой хэмжээгээр анхаарч байгааг үгүйсгэж болохгүй ч, уран бүтээлчдээ үнэлэх үнэлэмж нь үнэхээр доогуур байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй ээ. Соёл урлагийг дэмжих сан өмнө нь нэг тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол энэ жил 2.1 тэрбум болж нэмэгдсэн байгаа. Үүнийг бид хүүхдийн кино, монгол контентыг дэмжих чиглэлд зарцуулна. Сүүлийн жилүүдэд гадны соёл маш ихээр түрж орж ирэх боллоо. Телевизийн олон ангит уран сайхны кино, хүүхэлдэйн кино ихэнхдээ гадны контент байна.

-Дунд сургуулийн сурах бичгийн чанарын талаар иргэд их гомдолтой байх юм. Агуулгын хувьд ч, мөн дүрмийн алдаа их байна гэж шүүмжилдэг. Бас уран зохиолын хичээлийг бага ангийн хөтөлбөрөөс хассныг эргэж харах уу?

-Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх үйл ажиллагаанд цогц байдлаар дүн шинжилгээ хийнэ. Даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцөд Монгол хүн Монголоороо үлдэх тэр дархлаа бол соёл урлагийн бодлогоор дамжиж үлддэг. Тийм учраас цэцэрлэгтээ ямар монгол дуугаа дуулж сурах, дунд сургуульдаа ямар уран зохиолын ном уншсан байх гэх мэтчилэн сургалтын хөтөлбөр, сургалт нь соёлынхоо бодлоготойгоо хамт явж байх ёстой. Нэг зүйл тодруулж хэлэхэд, дөрөвдүгээр ангид уран зохиолын хичээл ордог байсныг бүтэн гурван жил алгасаад долдугаар ангиас нь ордог болоод хэдэн жил болсон байна. Яг уншиж сурах, сууж сурах, ойлгож сурах насанд нь Монголынхоо уран зохиол, үндэстнийхээ тэр уламжлагдаж ирсэн домог түүх, үлгэрийг хүүхдүүддээ уншуулж, ухамсар, сэтгэхүйд нь үлдээх ёстой байтал орхигдуулсан. Үүнийг засч өөрчлөхийн төлөө ажиллана аа.

-Шинээр олон сургууль, цэцэрлэгийн барилга барихаар хөрөнгийг шийджээ. Гэхдээ зураг төслийн боловсруулалт, тендерийн маргаан, ажлыг хойшлуулах зэргээс болоод хугацаа алддаг. Энэ байдлыг яаж шийдэх вэ?

-Үр дүнтэй, хариуцлагатай, зохион байгуулахын тулд би яаман дээрээ тендер зарлаад, зохион байгуулаад байя гэж бодохгүй байгаа. Орон нутагт нь маш хариуцлагатайгаар эрхийг нь шилжүүлээд тендерийг ил тод, нээлттэйгээр сонгон шалгаруулж барилгын ажлыг зэрэг эхлүүлэхгүй бол цаг хугацааны хувьд хэрэгжүүлэх боломжгүй болно. Төсөв, бичиг цаасны ажлыг нь өвөл 12, нэгдүгээр сард хийгээд хавар барилгын ажлыг цаг алдахгүй эхлүүлье гэсэн чиг барин ажиллаж байгаа. Зураг төслийг бүгд өөр өөрөөр хийнэ гэж хөрөнгө зарлагадаж, хугацаа алдахгүйгээр шийдэх гарц байгаа. Нэг стандартаар, нэг зураг төслөөр сургууль, цэцэрлэгийг баривал зураг төсөлд зарцуулах хөрөнгийг хэмнэх боломж бий. Саяхан Жайка олон улсын байгууллагын суурин төлөөлөгчтөй уулзахад Монголын газар, хөрсний шинжилгээг Японы инженерүүд ирж хийгээд зургийг нь гаргаад өргөтгөл, шинэ сургууль барих гэж байна. Тэгвэл тэр зургийг яагаад авч Улаанбаатар хотод баригдах сургуулиудад ашиглаж болохгүй гэж.

-Та сайдаар томилогдохоосоо өмнө халаа сэлгээ хийнэ гэдгээ зарласан. Гэтэл өнөөг хүртэл таг чиг. Хэрэгжүүлэхээ больж байгаа юм уу?

-Хална гээд үзэгний үзүүрээр хүний хувь заяагаар тоглох асуудал бишээ. Би нэг зүйлийг Боловсролын салбараас эхлүүлье гэж бодож байгаа. Яамныхаа ажилтнуудын дунд аттестачлал явуулна. Аттестачлал явуулах журмаа батлаад 12 дугаар сараас хэрэгжүүлнэ. Ажлын байран дээрээ тэнцэж байгаа нь үлдээд, тэнцэхгүй байгаа хүний оронд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Энэ шалгуураар мэргэжлээрээ ажиллах чадварлаг хүмүүс яаманд орж ирнэ гэдэгт итгэж байгаа. Би хэн нэгэн танил хүнээрээ энэ яамыг дүүргэхгүй ээ. Өнгөрсөн хугацаанд манай яамтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ЭСЯ, Олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Бүгдийнх нь амнаас нэг л үг сонсч байна. Яамны ажил дэндүү удаан, ажил явдаггүй гэцгээж байна. Хятадын буцалтгүй тусламжаар долоон сургууль, 1 цэцэрлэгийг өнгөрсөн жил барих байсан. Бүтэн жил тендерийн хороо, үнэлгээний хороон дээр асуудал үүсээд явуулаагүй байх жишээний. Би сая сарын дотор очоод цэгцэлсэн. Хятадын ЭСЯ-наас уулзаад та үнэхээр жил яваагүй асуудлыг сарын дотор шийдлээ, баярлалаа, одоо бид энэ мөнгөө алдахгүйгээр ажиллана гэж байна. Учир нь ашиглаагүй мөнгийг оны сүүлээр буцаан таталт хийдэг, хайран биз дээ. Төрийн байгууллагын хүнд суртлаас болоод цаана нь өчнөөн хүүхэд шинэ сургууль, цэцэрлэгтэй болох боломжоо алдана гэдэг дэндүү харамсалтай шүү дээ.

-Таныг ажлаа авахад багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцээд эхэлчихсэн байсан. Багш нартай юун дээр тохирсон болоод ажил хаялт зогсов?

-Томилогдож ирснийхээ маргааш өдөр нь багш нарын төлөөллийг хүлээж авч уулзсан, асуудлыг нь сонссон, ярилцсан. Бараг 21 хоногийн турш л хамт байлаа. Улаанбаатар хотын 122 цэцэрлэг, 78 сургууль ажил хаясан гэдэг чинь бараг 50 хувь нь ажил хаялтад оролцсон гэсэн үг л дээ. Гэхдээ гудамжинд гарч жагсаагүй. Ажлынхаа байран дээрээ ийм нөхцөл байдал үүсч байна гэдэг чинь багш нар үндсэндээ эцсийнхээ арга хэмжээг л авч байгаа хэлбэр. Төр засаг сонсоосой, анхаарч асуудлыг маань шийдээсэй л гэсэн тэмцлийн арга. Ийм нийгмийн шинж чанартай асуудал үүссэн учраас ажил хаялт зарласан өдөр шууд Ерөнхий сайдтай уулзаж нөхцөл байдлыг танилцуулсан. Үдээс хойш нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, бид хоёр багш нарын төлөлөөлтэй уулзалт хийсэн. Энэ уулзалтыг маш үр дүнд хүрсэн гэж боддог.

Хэлэлцээр олон хоног үргэлжилсэн ч саяхан шийдэлд хүрч, намайг АСЕМ-ын хуралд яваад ирэхэд гурван талаас хамтарсан хэлэлцээртээ гарын үсэг зурсан байсан. Цалин, урамшуулалтай холбоотой асуудлыг нь Сангийн яам, ХНХЯ-тай зөвшилцөж нэгдсэн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд оруулна. Урьдчилсан байдлаар харахад багш нарт сар бүр олгох урамшууллыг нэмэгдүүлэхээр ярилцаж байна. Олон давхардсан журмуудыг цэгцэлж, урамшууллыг ажлаа сайн хийсэн багш 45 хувь хүртэл авах нөхцөлийг бүрдүүлнэ. Гэхдээ цалин нэмэгдүүлэх болон бусад асуудлыг хойш тавьж болохгүй. Сүүлийн 20 гаруй жилд боловсролын салбарын хүндийг багш нар үүрч ирсэн юм шүү дээ. Тийм болохоор багшийн ажлыг үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, багш нараа сургах, үнэлгээний систем нэвтрүүлэх, сургалтын орчныг сайжруулах, сурах бичгийн асуудлыг оновчтой шийдэх, гурван ээлжээр хичээлүүлэхгүй байх, нэг багшид ногдох хүүхдийн тоог бууруулах гээд олон талаас нь судалж, ерөнхий зураглал гаргаж байгаа. Зөвхөн цалингийн асуудлыг шийдчихвэл сайхан болчихно гэвэл дэндүү өрөөсгөл болно. Ингэж цогцоор нь харж, төлөвлөлт гаргаснаар аль нь нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай вэ? гэдэг зарчмаар дараалал тогтоож, 2018 оны сайдын багцад хуваарилагдсан төсвөөс тулгамдсан ямар асуудлаа түрүүнд нь шийдэх үү гэдгээ тодорхой болгож байгаа. Тодруулж хэлбэл, 21 хоног хамтарч ажилласны үр дүнд багш нарынхаа оролцоотойгоор өөрсдийнх нь асуудлыг шийдэх дүр зургаа гаргалаа гэсэн үг.

-Цалин нэмэхгүй гэсэн үг үү?

-Улс орны эдийн засаг, төсвийн нөхцөл байдал, ОУВС-ийн шаардлагаас үүдээд 2019 он хүртэл төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжгүй байгаа. Төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгоход зориулан энэ жил 56.2 тэрбум төгрөг төлөвлөсөн. 2018 онд ч энэ урамшуулал үргэлжилнэ. Хэлэлцээрт тусгаснаар багш нарт олгох үр дүнгийн урамшууллын хувь хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ хууль батлагдвал ямар боломж нээгдэх юм бэ?

-УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн ордонд саяхан зохион байгуулсан. Бид хуулийнхаа үзэл санааг тойрон ярилцаж багшийн хөгжлийн хууль гэх үү, багшийн хөгжлийг дэмжих хууль гэх үү гэдэг дээр цаашид бодолцох асуудлууд нэлээд бий. Хөгжлийг хуульчлах асуудал байж таарахгүй байх. Хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчин, зохицуулалт зайлшгүй. Энэ утгаар нь багшийн хөгжлийг дэмжих хууль гэдгээр цаашид хуулиа нэрлэж, концепцийг нь гаргаад явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Монгол Улсын хэмжээнд 35 мянган багш байна. Багш хүн өдөр бүр хөгжиж байх ёстой. Энэ хуулийн хүрээнд сургууль, цэцэрлэг бүр дээр багшийн хөгжлийн төв байгуулах юм. Сайн багшаас сайн сурагч төрнө гэсэн зарчмыг үндэслэн үнэлгээний шинэ журмыг боловсруулж байгаа. Үнэхээр ажлаа сайн хийж байгаа бол өндөр цалин өгье. Шаардлага хангахгүй байгаа бол цалин хөлстэй нь хариуцлага тооцох зарчим барина. Нэг багш 60 хүүхдэд хичээл зааж байна. Хуулийн төслийг баталбал багшийн мэргэжлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутнуудыг туслах багшаар ажиллуулах боломж бүрдэнэ. Туслах багштай байна гэдэг олон улсын жишиг юм.

-Үнэлгээний системийн талаар тодруулахгүй юу?

-Сүүлийн 20 гаруй жил багш нарын хөдөлмөрийг шударгаар үнэлэх сайн систем байсангүй. Багшийн ажлыг үнэлдэг тогтолцоог бий болгохын тулд журмаа боловсруулж багш нартайгаа ярилцаж байж шийднэ. Багш ур чадвараа сайжруулж, суралцагчдын сурлагын амжилт дээшлэх тусам өндөр урамшуулал авдаг болбол боловсролын тогтолцоонд ч чанарын ахиц гарна гэж тооцоолж байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Цогзолмаа: Хүүхдийг өвчлүүлэхгүй байх хамгийн энгийн арга бол нар, ус, агаараар чийрэгжүүлэх

Амар-Мед хүүхдийн эмнэлгийн их эмч Б.Цогзолмаатай ярилцлаа.


-Өвлийн улиралд хүүхдийг ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Хүүхэд нялхсын дунд хамгийн элбэг тохиолддог өвчин бол намар, өвөл, хаврын улиралд элбэг тохиолдох амьсгалын цочмог халдвар буюу ханиад томуу юм. ДЭМБ-ын шинжээчдийн дүгнэлтээс харахад хот суурин газрын хүүхэд жилдээ 5-8 удаа хөдөө орон нутгийн хүүхдүүд 3-5 удаа ханиад томуугаар өвдөж байна гэж дүгнэсэн байдаг. Хүйтэн сэрүүний улиралд ханиад томуугаас сэргийлэхэд хамгийн чухал зүйл бол хүүхдийн амьдрах сурах орчинг эрүүл байлгах. Хүүхдийн орчин цэвэр байх ёстой. Үүнд гэр болон цэцэрлэг сургуульд өдөрт хоёроос доошгүй чийгтэй цэвэрлэгээ хийх, хүүхдийн анги танхим, гэр орон тоглоомын газруудыг өдрийн цагаар хоёр цаг тутам 5-10 минутаар агаар оруулах хэрэгтэй. Мөн орчныг чийгшүүлж өгөх хэрэгтэй. Зуухан дээрээ том амсартай саванд ус хийж тавих, радиаторынхоо орчинд цэвэр саванд ус хийж тавих, агаар чийгшүүлэгч, агаар цэвэршүүлэгч асаах гэх мэт. Хүүхдийг дааруулахгүй, халууцуулахгүй дулаан хувцаслаарай. Манай эцэг эхчүүд хүүхдээ сэрүүний улиралд хэт бэгнэж халууцуулж хувцасладаг. Энэ нь эсрэгээрээ хүүхэд ханиад хүрэх, ханиадтай хүүхэд хүндэрч хатгалгаа болоход нөлөөлдөг. Хүүхэд тэжээллэг амин дэмээр баяжуулсан хоол өгөх, жимсний бүлээн шүүс уулгах, халуун бүлээн аарц сүү тогтмол уулгаж байвал хүүхдийн дархлаа сайжирна. Зургаан сар хүртэлх хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллоорой. Ингэснээр хүүхэд эхээсээ дархлааны иммунглобулин авч өвчнөөс хамгаалагддаг юм. Хүүхэд, томчууд бүгд ямарваа нэгэн үйлдэл хийхийн өмнө заавал гараа угааж байх шаардлагатай. Томуу томуу төст өвчин бол зөвхөн агаар дуслаар дамжихгүй бохир гар, орчноос халдварлагддаг гэдгийг битгий мартаарай. Мэдээж хүүхдийг товлолын вакцин болон улирлын томуугийн вакцинд хугацаанд нь хамрагдуулаарай. Хүүхдийг дагуулж шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх, хэрэв зайлшгүй шаардлагатай бол маск хэрэглэж заншаарай. Маскийг хоёр цаг тутам сольж байх, болж өгвөл зориулалтын шүүлтүүртэй маск хэрэглэх нь ханиад томуу төдийгүй, агаарын бохирдлоос хамгаалж чадна. Эцэст нь хэлэхэд томчууд маань нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх нь үр хүүхэд болон өөрсдийгөө томуу, томуу төст өвчин болон сүрьеэ гэх мэт халдвараас хамгаалж чадна.

-Ханиад томуу хүрсэн тохиолдолд гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах хэрэгтэй байдаг вэ?

-Ханиад томуугаар өвдсөн нөхцөлд хамгийн түрүүнд хүүхдийг цэцэрлэг, сургуульд нь явуулалгүй гэрт нь дулаан байлгах хэрэгтэй. Ханиадны үед хамгийн түрүүлж илрэх шинж бол хамар битүүрэх нус гоожих шинж байдаг энэ үед хүүхдийн хамрыг хоёр хувийн содын уусмал юмуу 0.9 хувийн давсны усаар угаах, угааж чадахгүй бол хамарт нь дусааж хамрыг цэвэрлэх шаардлагатай. Үүний дараа хүүхдийнхээ цээжийг 20-30 градус орчим өндөрлөж хагас хажуу тийш нь харуулж хэвтүүлж өгөх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн амьсгал саадгүй болох, хамрын салст хөөж хавагнахаас хамгаална. Дараагийн илрэх нэг шинж бол халууралт юм. Хүүхэд халуурах нь өвчнөө эсэргүүүцэж өөрийн интерфероноо ялгаруулж буй хамгаалах урвал юм. Хүүхдийн халууныг 38-38,5С хүртэл болж өгвөл эмгүйгээр буулгах гэж оролдох хэрэгтэй. Үүнд хүүхдийн хувцсыг нимгэлэх, хүйтэвтэр бүлээн нойтон алчуураар том судастай газар болох суга цавь, хүзүү цээжийг арчих, шингэн зүйл уулгах, хүүхдээ биендээ нааж тэвэрч тайвшруулах аргуудыг хэрэглэж болно. Хүүхэд халуурахдаа татдаг бол эсвэл тархины янз бүрийн эмгэгтэй, унаж татдаг гэх мэт асуудалтай бол халууныг яаралтай буулгах шаардлагатай бөгөөд халууныг ойрхон үзэж хянаж байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд 38,5С-ээс их халуурах, бага халуурсан ч зовиур их уйлагнуур байх, арьс эрээнтэж цонхийж цайж байвал парацетамол, ибупрофен зохих тунгаар уулгаж халууныг нь буулгаарай. Хэрэв 39С-ээс дээш удаан хугацаагаар халуурах, татах, уух, хөхөхдөө муудах шинж илэрвэл яаралтай эмч, эмнэлэгт хандаарай. Мэдээж ханиад хүрсэн хүүхэд ханиадаг энэ үед эцэг эхчүүд яаран антибиотик, цэр ховхлох эм уулгадаг. Цэр ховхлох шингэлэх эмийг 0-6 сар хүртэлх хүүхдэд дураараа уулгаж болохгүй. Хүүхэд бөгшүүлж удаан хугацаагаар ханиагаад байвал эмчид үзүүлж эм өгнө. Ханиад томуугаар өвдсөн үед хүүхэд хоолонд дургүй болдог. Энэ үед амархан шингэхүйц аль болох шимт бодисоор баялаг хурц биш хоол өгөх ёстой. Хүүхэд хоолонд дургүй болдог тул ойр ойрхон бага багаар хооллох хэрэгтэй. Хүүхэд халуурах үед амьсгал олширдог. Үүнээс гадна ханиад хүндэрч хатгалгаа болсон бол халуураагүй үедээ амьсгааддаг. Хүүхдийн амьсгалыг зөв тоолж сурах нь чухал. Хүүхдийг уйлаагүй тайван байх үед нь амьсгалыг тоолох ба нэг минутын турш тоолно. 0-2 сар хүртэлх хүүхдийн амьсгал нэг минутанд 60 ба түүнээс их болох, хоёр сараас нэг настай хүүхэд 50 буюу түүнээс их амьсгалах, 1-5 нас хүртэлх хүүхэд 40 ба түүнээс дээш амьсгалвал хатгалгаа болсон байна гэж үздэг. Мөн хүүхдийн цээж хонхолзох шинж хатгалгааны үед илэрдэг. Хүүхдийн цээж хонхолзох нь хатгалгааны шинж. Ханиад томуугаар өвдсөн үед гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулах, хүүхдээ дулаан хувцаслах хэрэгтэй.

-Өвчин тусахгүй байхын тулд дархлаагаа сайжруулах ямар энгийн арга байна. Дархлааны эм, бэлдмэлүүд их байдаг. Үүнийг хэрэглэх зөв үү, уг эм бэлдмэлүүд нь сайн болон сөрөг ямар талтай байдаг вэ?

-Хүүхдийг өвчлүүлэхгүй байх хамгийн энгийн арга бол нар, ус, агаараар чийрэгжүүлэх. Иймд хүүхдээ өвөл нь өвдүүлэхгүй байя гэвэл зунаас эхлэн бэлтгэх хэрэгтэй. Манай орны хувьд зун долоо, наймдугаар сар бол хүүхдээ чийрэгжүүлэх чухал улирал тул эцэг эхчүүд ажил амралтаа зохицуулж амрах хэрэгтэй. Мөн албан газрууд ч гэсэн бага насны хүүхэдтэй ажилчдадаа зуны улиралд амрах боломж олгож өгвөл танай байгууллагын ажил өвөл саадгүй үргэлжлэх боломжтой болно гэсэн үг. Мөн цэцэрлэгийн ахлах анги, сургуулийн сурагчдыг хөдөлгөөнт секц, дугуйланд хамруулах, сурагчдын үдийн цай нь шим тэжээллэг хоол хүнс байвал өвчлөхгүй байх бас нэг нөхцөл болно. Мэдээж зун намрын улиралд сүү, цагаан идээгээ түлхүү ууж, идэх, ойн жимс жимсгэнэ түүж идэх дарж нөөцөлж өвөл хаврын улиралд хэрэглэх нь дархлааг сайжруулах энгийн арга юм. Нялх нярай бага балчир насны хүүхэд хөгшдийг нартай дулаан өдөр айраг, шар сүү, сүүнд оруулах, шавших наранд шарах нь дархлааг дэмжиж чийрэгжүүлэх манай ард түмний уламжлалт арга байдаг.

Хүүхдийн дархлааны тогтолцоо нь бусад эрхтэн тогтолцооны нэгэн адил гүйцэд хөгжөөгүй байдаг. Хүүхэд төрөхдөө ихэсээрээ дамжуулан авч нөөцөлсөн эсрэг бие нь 2-3 сар орчим болоод багасаж эхлэх ба энэ үеэс хүүхдийн өөрийн дархлаа тогтолцоо бага боловч эсрэг бие ялгаруулж эхэлнэ. Мөн зургаан сар хүртэлх хүүхэд эхийн сүүнд байдаг хүүхдэд хамгийн тохиромжтой уураг, нүүрс ус, өөх тос, байхаас гадна янз бүрийн бичил элементүүд, ферментүүд, хамгаалах бодисууд болох иммунглобулин агуулдаг тул хүүхдийг хөхний сүүгээр хооллох нь маш чухал ач холбогдолтой. Сүүлийн үед маш олон төрлийн вирусийн эсрэг эм, дархлаа дэмжих эм гарах болжээ. Манай залуу эцэг эхчүүд ажлаа хийхийн тулд хүүхдийг хэт багаас нь ясли цэцэрлэгт явуулж байна. Энэ нь тэдний буруу биш юм. Амьдрахын тулд хөдөлмөрлөх нь чухал. Гэтэл манай орны хөгжилтэй холбоотойгоор эхчүүд, ээжүүд маань хүүхдээ гурван жил гэртээ хараад суух боломжгүй байна. Уг нь гурван жил хүүхдээ гэртээ харвал хүүхдийн өвчлөл, эндэгдэл багасч хүүхдүүд элдэв янзын дархлааны эм уух шаардлагагүйгээр дархлаа тогтолцоо нь хэвийн хөгжих боломжтой юм. Нэгэнт багаасаа маш ойр ойрхон ханиад хүрч хүндэрч эмнэлэгт хэвтэж, антибиотикийг ихээр хэрэглэж байгаа үед хүссэн хүсээгүй дархлааны дутагдалд орж байгаа үед дархлаа дэмжих эмчилгээг хийхээс өөр аргагүй болж байна.

-Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх өөр ямар, ямар арга байна. Хүмүүс юунаас болоод ханиад томуу их тусч байна вэ?

-Ямарваа нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдэг бол эрүүл аж төрөх ёсноос эхэлнэ. Хүн ажиллах амрах цаг нь эрүүл зөв, идэх хүртэх хоол унд нь эрүүл зөв, тоглох хөгжилдөх нь ч эрүүл зөв, сэтгэл нь амар амгалан байвал хүн өөрийгөө өвчнөөс урьдчилан сэргийлж байна гэж ойлгож болно. Иймд хүмүүс амьдралын буруу хэв маягаас болж дархлаагаа муутган үүнээсээ улбаалан ханиад томуу болон бусад өвчнөөр өвдөж байна. Эрт унтаж сайн амрах, зөв эрүүл шимтэй хоол хүнс хэрэглэх, хөдөлгөөний дуталгүй идэвхитэй амьдрах, эрүүл агаар нар усаар чийрэгжих нь эрүүл амьдралын үндэс болно.

-Өвлийн улиралд агаарын бохирдол мөн өвчлөлийн эх үүсвэр болж байна. Үүнээс сэргийлэх энгийн арга юу байна?

-Агаарын бохирдолд зөвхөн утаа биш, хэт хуурайшил, гэр хороололын бохирын асуудал, хэт төвлөрөх асуудал, авто машины насжилт гээд маш том сэдвээр ярих хэрэгтэй болно. Ядаж хавраас зүлэгжүүлэх цэцэрлэгжүүлэх, моджуулах ажлаас эхлээд л ажлаа эхлэх хэрэгтэй юм шиг. Агаарын бохирдлоос зөвхөн амьсгалын замын өвчлөл биш ураг нярайн гажиг хөгжил нэмэгдэж байна. Төрөл бүрийн хавдрууд нэмэгдэж, мэдрэл, сэтгэцийн өвчнүүд, арьсны харшлын өвчнүүд нэмэгдэж байна. Агаарын бохирдлоос сэргийлэх арга ядсан энгийн арга нь маскаа л зүүх юм даа. Орчин үед зориулалтын утаа бактер шүүгчтэй маскнууд худалдаалагдаж байгаа. Маскийг тохирсон хугацаагаар нь зүүгээд устгах хэрэгтэй. Удаан хугацаанд хэрэглэсэн маск нь таныг дахин эрсдэлд оруулах болно.


Categories
мэдээ цаг-үе

Фэйсбүүкээс “Та зүгээр үү”, “Би танд тусалж чадах уу” гэсэн асуулт ирвэл та өөрийгөө бишиджээ гэж бодох нь байна шүү

Амиа хорлох, өөрийгөө гэмтээхээс урьдчилсан сэргийлэхэд зориулагдсан тусгай баг фэйсбүүкт ажиллаж байна

Өсвөр насны хүүхэд фэйсбүүкээр live буюу шууд бичлэг хийж байгаад амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ нь дэлхий нийтийн анхаарлыг татаж цаашид ийм маягаар амиа хорлогчид шууд бичлэг хийж, гэрээслэлээ хэлдэг болчихвол яах юм бэ гэсэн болгоомжлол үүссэн. Үүнд фэйсбүүкийн эзэн Марк Цукерберг ч эмзэглэж буйгаа илэрхийлж “Хиймэл оюун ухаан тухайн хэрэглэгчийн сэтгэл санааны байдлыг урьдчилан тооцоолж, ямар нэгэн аргаар тусалдаг болно” гэж ярьж байсан нь эхнээсээ ажил хэрэг болж байна.

Хиймэл оюун ухаан нь сэжигтэй хэрэглэгчийн оруулж байгаа пост, сэтгэгдэл, өөр дээрээ цуглуулж байгаа материал болон сонирхон орж байгаа хуудсууд, голчлон үзэж байгаа киноны төрөл зэрэгт нь нарийн дүн шинжилгээ хийж бусад хэрэглэгчидтэй харилцаж байгаа байдал, бусдын зүгээс ирж байгаа хариу үйлдэл зэрэгт нь дүгнэлт хийдэг юм байна.

Энэхүү тагнуулын программ нь фэйсбүүкийн хоёр тэрбум хэрэглэгчээс сэжигтэй пост, бичлэгүүдийг илрүүлэх чадвартай бөгөөд амиа хорлож болзошгүй нөхцөл байдалд орчихоод байгаа хэрэглэгчдийг эрт илрүүлж амиа хорлохоос аврах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа аж.

Хиймэл оюун ухаан тухайн хэрэглэгчийн сүүлийн саруудад оруулсан бүхий л санал сэтгэгдэл, зочилсон хуудас зэрэг түүхийг нь сөхөж задаргаа хийж түүнээс нь дүгнэлт гаргаж амиа хорлох сэдэлтэй, болзошгүй, амиа хорлоход ойртчихсон байна гэдгийг тооцоолно. Ингээд фэйсбүүкийн хиймэл оюун ухаан амиа хорлож болзошгүй хэрэглэгч рүү “Та зүгээр үү”, “Би тусалж чадах уу”, “Танд хэн нэгний тусламж хэрэгтэй юм шиг байна” гэх мэт анхаарал тавьсан асуулт ирүүлнэ. Хэрвээ та тэр агшинд хэн нэгэнтэй ярих, аль нэг хүн рүү видеогоо явуулах хүсэлтэй байвал хиймэл оюун ухаан шууд л дуудлага хийхэд нь тусалж “Та түр хүлээгээрэй. Хоёулаа өөр сэдвээр ярилцъя” гэж аль болох тайвшруулж, бодол санааг нь эргүүлэх тал дээр ажилладаг юм байна. Бүр шаардлагатай үед хиймэл оюун ухаан тухайн хэрэглэгчийн байршлыг тогтоогоод амьдран байгаа газрынх нь харьяа цагдаагийн газар руу мэдээлэл өгдөг юм байна.

АНУ-д уг хиймэл оюун ухааны тусламжтайгаар сэтгэл санаа нь таагүй байгаа хэрэглэгчдийг илрүүлж чаджээ. Тус улс туршилтын журмаар уг программыг ашиглаж үзээд ихэд үнэлсэн бол Европын холбоо болоод бусад орнууд уг программыг тагнуулын зорилготой байж магадгүй хэмээн үл итгэсэн байр сууринаас хандаж байгаа юм байна.

Мөн түүнчлэн хүчирхийлэл, аллага, гэмт хэргийн шинжтэй бичлэгүүдийг хиймэл оюун ухаан “Хүний амь насанд аюултай байж магад” гэж ялган тусгай алба руугаа явуулах бөгөөд нэмэлтээр ажиллаж байгаа 3000 гаруй ажилчид энэ мэт видеог үзэж аюултай эсэхийг нь нягталдаг ажээ. Хэрвээ эцэг нь согтуу орж ирээд гэрийнхэндээ агсам тавьж биед нь халдахаар давшлахад хүүхэд нь тэр хооронд бичлэг хийгээд фэйсбүүктээ оруулчихлаа гэж бодъё. Тэр дор нь хүмүүс бичлэгийг үзээд уурласан, уйлсан эможуудыг дараад олон хүн зэрэг шейрлээд эхэлбэл хиймэл оюун ухаан ажиллаж уг бичлэгээ тусгай ажилчид руугаа илгээнэ. Тусгай ажилчин уг бичлэг бодит, яг одоо үйлдэгдэж байгаа учраас байршлыг нь тогтоогоод харьяа цагдаагийн газарт нь мэдээлнэ.

Марк Цукерберг “Манай багийн хүмүүс чадварлаг ч гэлээ бүх бичлэгийг нягталж амжихгүй байх магадлалтай. Тийм зүйл тохиолдвол биднийг буруутгах гэж битгий яараарай” гэсэн байна.

Хиймэл оюун ухаан хүүхэд оролцсон порно зураг, бичлэг зэрэг зохисгүй бичлэгийг хэдхэн секундэд илрүүлэх бөгөөд амиа хорлох тухай пост оруулахад тухайн постын дор хамгийн эхэлж сэтгэгдэл бичсэн хүн рүү нөхцөл байдлыг танилцуулсан зурвас илгээх бөгөөд “Таны найзад хүнд асуудал тулгарсан юм шиг байна. Та аль болох өөдрөг зүйл бичиж, хийх гэж буй алхмаас нь холдуулах хэрэгтэй” гэсэн зөвлөмж явуулдаг бөгөөд тэр даруйд нь гэр бүл ойр дотны найзууд руу нь хиймэл оюун ухаан зурвас илгээх замаар амиа хорлохоос нь сэргийлэх арга хэмжээ хурдан шуурхай авдаг юм байна.

Амиа хорлох, өөрийгөө гэмтээхээс урьдчилан сэргийлэхэд зориулагдсан фэйсбүүкийн дээрх тусгай багийнхан дэлхий даяар тархан байршсан бөгөөд 24/7 буюу 24 цагаар амралтгүйгээр ажиллаж эхэлжээ. Уг багийнхан өнгөрсөн есдүгээр сард Энэтхэгт амиа хорлох гэж live хийж байсан хүнийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар яаралтай илрүүлж зохих арга хэмжээг авахад нь тусалсан байна.

Фэйсбүүкийн хиймэл оюун ухааныг бүтээгчид “Энэ бол терминатор биш. Хиймэл оюун ухаан бол хүний оюун ухаанаар алгоритмчлагдсан ухаалаг систем. Нэг үгээр зохиомол тархи” гэжээ.

София нэртэй роботод Саудын Араб улс иргэншил олгож шуугиан дэгдээсэн билээ. Уг роботыг асрамжийн газарт хөгшчүүлтэй ярилцах, тэдэнтэй харилцах үүрэгтэйгээр анх бүтээсэн байдаг. София асрамжийн газрын хэн нэгэн настан дээр очоод “Өнөөдөр тэнгэр цэлмэг байна шүү. Хэд хоногоос цас орох мэдээ дуулдсан” гэж энгийнээр яриа өдөж харилцагчаа яриандаа татах тактикаар анхаарлыг нь татдаг. Үр хүүхэд нь эргэж ирэхээ больсон, ганцаардсан ахмад настанд София таатай сэтгэгдэл төрүүлж чаддаг бөгөөд яриандаа хөгжилтэй зүйл оруулж заримдаа онигоо ярьдаг аж.

Дэлхий хувьсан өөрчлөгдөж, улс орнууд өдөр ирэх бүр хурдацтай хөгжиж байгаа энэ үед хүн хүнтэйгээ харилцах, нэгнээ сонсох нь багассан учир София роботоос эхлүүлээд фэйсбүүкийн хиймэл оюун ухаан нь хүнтэй харилцаж, бүр амь насыг нь хамгаалж эхэллээ. Хиймэл оюун ухаантай роботууд асрамжийн газрын асрагч, хүүхэд асрагч, үүдний угтагч, экспо яармаг худалдааны танилцуулагч зэрэг хүний хийх ёстой, хүн хүнтэйгээ харилцах ёстой болдог чухал ажлын байрууд дээр очоод байна. Роботууд хүний орон зайг булаагаад байгаа юм биш. Харин бидний үлдээчихээд байгаа хоосон орон зайг бөглөж байгаа нь энэ л дээ.

Японы эрдэмтэд “Хиймэл оюун ухаан хэдийгээр хүнийг орлох боломжгүй ч хүн төрөлхтөн энэ зарчмаар ийм байдлаар цааш явбал сүүлдээ хүнтэй харьцахаас илүү роботтой харьцах нь амар хялбар гэдэг хандлага руу орох нь л хамгийн том аюул байж мэднэ” гэсэн нь нэгийг бодогдуулна.

Categories
мэдээ цаг-үе

Хоёр туулай хөөсөн анчин хоосон хонодог бол гурван хөрш хөөсөн Монгол гурайтаж үлдлээ

Энэ цаг дор Монгол улс ямар ч сайн хөршийн харилцаагүй болох хамгийн тэнэг бодлого руу явж байх шиг байна. Гадагшаа айлчлал хийж буй төрийн өндөрлөг алга. Өнгөрсөн 100 жилийн Монголын түүхэнд, үе үеийн эх орончдын мөнхийн зорилго нь хоёр хөршөө давж гуравдагч орнуудтай харилцахыг зорьсон тэмцэл байсан. Энэ их хүсэл нь ерэн оны хувьсгалаар биелэлээ олсон. Монгол Улс 1990-ээд оны дунд үеэс эхлэн “Гуравдагч хөршийн бодлого”-ыг хэрэгжүүлэх болсон. Энэ нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргүүдээ илгээж, гадаадын компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж эхэлснээс тод харагдана. Гуравдагч хөршийн бодлого хэрэгжиж эхэлсний баталгаа энэ. Дэлхийн улс орнуудын эрх ашгийг Монголд тэнцүү оруулж, дунд нь тоглолт хийх энэ бодлого эдийн засгийн салбарт лав өнөөдөртөө амжилт муутай болж эхэллээ. Том зургаараа Монголын гадаад бодлого алдагдаж, Монгол Улсын “Төвийг сахих” үзэл баримтлал хүртэл хор уршиг дагуулж мэдэх болсныг судлаачид, мэргэжлийн дипломатууд ярьж, бичиж эхэллээ. Тийм болохоор гадаад бодлогодоо анхаарах, эргэж харах цаг нэгэнт болжээ.

Хятад улс ирэх 2018 онд “Бүс болон Зам” төслөө танилцуулах юм байна. Монгол хаана нь явааг, энэ төсөлд хэрхэн багтаж буйг асуухад “Монгол Улс өөрсдийн судалгаагаа одоо болтол өгөөгүй” гэжээ. Аль эрт 2014 оны үеэс Монгол-Орос-Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах тухай яригдсан. Энэхүү том төслөө “Талын зам” гэж томьёолсон. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлалын хамтарсан мэдэгдэлд “Талууд Монгол Улсын “Талын зам” болон Хятадын “Бүс болон Зам” хөгжлийн стратегийг уялдуулах нь хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгоно” гэж илэрхийлсэн. Энэ төслийн хүрээнд бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад холбох томоохон төслүүдийг санхүүжүүлэх Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, “Торгоны замын сан” зэрэг санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаа явуулахыг дэмжсэн. Манай нутгаар дамжуулан Хятад-Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ гэсэн том санаачилгууд яригдаж байсан ч өнөөдөр энэ талаар шууд хариулт өгөх хүн Монголын төр засагт хэдүйн байхгүй болжээ. “Хамтран ажиллана, харилцан дэмжинэ, идэвхтэй судална” гэсэн дипломат хариултууд л үлдсэн бололтой.

Харин бүр эсрэгээрээ Монгол Улс нь урд хөрштэй харилцаа муудлаа. Цагаан хадны боомтод нүүрс ачсан манай машинууд хэдэн мянгаараа, 150 км-ийн цуваа үүсгээд байж байна. Гашуун сухайт мөн адил ийм өрөвдөм байдал руу шилжлээ. Замын-Үүдийн боомтын дүр төрхийг манай сонины саяхны сурвалжлагаас уншсан байх. Урд хөршөөс ер нар харахгүй байдалд бүрэн шилжлээ. Шулуухан хэлэхэд энэ бүх царцанги байдал Далай ламын айлчлалаас болсон. Далай ламын айлчлал Монголд улс төр, эдийн засгийн ямар их хор хохирол дагуулав. Хамгийн эмгэнэлтэй нь өнөөдөр Монголын төрийн эрхэнд байгаа, байсан хэдэн том хүн өөрсдийнхөө хүүхдүүдээс Богд тодруулах лобби хийх гэж л Далай ламыг урьж залж авчирсан нь ийм байдалд хүргэсэн. Үр дагаварт нь Монголын орлогын ганц эх үүсвэр болсон нүүрсний үнэ шалдаа бууж, хятадууд бүр авахгүйдээ тулав. Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн гуайн “Өдрийн сонин”-д өгсөн нэг ярилцлага бий. “Монголчууд бид хоёр хөршийнхөө дунд мөрөөрөө амьдрах ёстой” гэсэн гарчигтай. Бид мөрөөрөө, дээр нь ухаалаг гадаад бодлоготой байсан бол урд хөрштэй ийм байдалд орохгүй байв. Сүүлийн 20 жилийнхээ явж ирсэн түүхийг бид хоолтойгоо холиод идчихэж. Эргэн санахад эдийн засгийн гуравдагчийг оруулж ирэх оролдлого бүхэн Хятад гэсэн том ханатай мөргөлдөж ирсэн. Ерэн оны дунд үеийн барууны хамгийн том хөрөнгө оруулалт болох Тамсагбулагаас нефть олборлож байсан АНУ-ын “Соко ойл” компани нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зөвшөөрөл авч чадалгүй, олборлолт хийх зөвшөөрлөө Хятадын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг Монгол” гэх компанид зарсан юм. Зарахаас өөр аргагүй байдалд манай зарим нөхөд, урд хөршийнхөнтэй хамтарч оруулсан. Дараагийн асуудал нь Канадын “Хан Ресурс” байна. Хятад, Орос хоёулаа Дорнодын Мардайд олборлолт явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан уг компанийг худалдаж авахын төлөө тэмцэлдсэн. Эцэст нь хятадууд Оросын санал болгосноос хамаагүй илүү үнэ хэлсэн. Энэ мэт баахан үйл явдал үргэлжилсээр эцэст нь манай улс Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хууль батлагдсаны дараа БНХАУ нүүрсний худалдан авалтаа зогсоосон. Хятадын хойд мужийн үйлдвэрүүдэд бол Монголын нүүрс хамгийн ойр, бас хямд. Тэд Өвөрмонголд эрчим хүчний шинэ бүс байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ бүсэд нь бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа. Байдал ийм байхад худалдан авалтаа царцаана гэдэг урд хөрш асуудлыг эдийн засгийн талаас харахгүй байгаагийнх. Яг л тэр жил оросууд шатахууны цоргоо хаасан шиг.

Их гүрнүүд ийм шахалт үзүүлэхдээ өнгөн далдлалтыг чадмаг хэрэгжүүлж байна. ОХУ шатахууны цоргоо хаах үед Алтайн хязгаар зэрэг Монголтой ойр мужууд нь хязгаарлалтад өртсөн. Харин хятадууд үйлдвэрүүдийнхээ дэргэд их хэмжээний хуримтлал үүсгэж байгаад, Монголоос худалдаж авахаа болилоо. Худалдан авалтаа хязгаарласны дараа тус улсын төмөрлөгийн үйлдвэрүүд нөөцөө хэрэглэж эхэлсэн бөгөөд одоо бараг дуусгах дөхөж байгаа юм. Хятадын хувьд бол энэ асуудалгүй хугацаа. Харин дансаа улайлгасан Монгол Улсын хувьд бол хангалттай удаан тарчлалт юм. Тус улсын нүүрсний тээвэрлэлт хариуцсан нэгэн “бүдүүн” дарга “Нүүрсний үнийн уналт удахгүй тогтворжино. Гэхдээ бага чигээрээ нэлээд удаан хугацаанд байх болов уу” гэсэн мэдэгдэл хийсэн байна лээ. Манай улс дэлхийн зах зээлээс гурав дахин хямд нийлүүлдэг атлаа ингэж хясан боолгож байгаа нь эдийн засгийн асуудал мөн үү. Манай удирдагчдын мулгуу үйлдлийн үр дагавар шүү дээ.

Төмөр замаа барилаа гэхэд хоёр хөрш маань хясвал яах вэ. Нүүрсний үнийг хөөрөгдөж байгаад баахан өр тавиулж зам тавиулаад үнэгүйдүүлчихвэл яах вэ. Яривал их юм бий. Энэ бүгдийн эцэст юу хэлэх гээд байна гэхээр Монгол Улс төвийг сахих бодлогоо эргэж харах ёстой болсон юм биш үү. Геополитикийн байршлаа ашиглаж, батлан хамгаалах чиглэлээр гуравдагч хөршийг оруулж ирэх гэхчлэн юм ярьчихвал солиорчээ гэх байх даа. Уг нь бол олон улсад ийм асуудлыг манайх шиг жижиг оронтой холбож ярихдаа геоулстөрийн бодлого гэдэг юм. Энэ нь Монгол Улс аль нэг улсын цэргийн баазыг нутаг дэвсгэртээ байршуулна, эвсэлд нэгдэнэ гэсэн үг биш. Маш тодорхой хэлэхэд “Зүгээр л гурав дахь ч орнуудад Монгол Улс ямар ч тохиолдолд нээлттэй байх” гэсэн гадаад бодлогыг л хэлж байгаа хэрэг. Ер нь бол урд хөршийн өнөөдрийн харилцааг манай томоохон судлаачид маш сайн судалж “Энэ дэлхий дээр одоо юу болоод, ямар үйл явцууд өрнөөд байгаа, яагаад ийм “нээнтэг” хийгээд байгаагийн цаад геоулстөр, санхүү эдийн засгийн шалтгаан”-ыг олж, монголчууддаа нухацтай, ухаалгаар тайлбарлаж өгөх цаг болсныг хэлж байгаа хэрэг юм.

Одоо хойд хөршийнхөө талаар товч ярья. Бид хойд хөршөөсөө тоон хэлээр бол бензин, дизелийн түлшнийхээ 76 хувь, цахилгаан эрчим хүчнийхээ ихэнхийг авсаар байгаа. Ерөнхий экспортын үнийн дүнгээрээ хятад 90 хувь, Канадын 3.6 хувийг эзэлж байхад Орос дөнгөж 1.4 хувьтай л байна. Харин импортын үнийн зөрүү бага. Монголын импортын 27.6 хувь нь ОХУ-аас орж ирж байгаа. Монголчуудын хувьд Оростой хийх худалдааны татвар онцгой өндөр. Урьд нийгэмд махны экспортын гол түнш байсан оросууд одоо авахгүйтэй адил байна. Шалтгаан нь монгол мах эрүүл ахуйн олон улсын стандарт хангадаггүй гэж. Гэхдээ энэ жилээс оросууд манайтай адилхан зовлонтой болсон. Кланинград нь европ руу тахианы мах экспортоороо амжилттай байтал нэг мужид нь өвчин гарсан шалтгаанаар хоригт орсон. Яг л манайтай адил. Хаа хамаагүй өөр мужид гарсан тахианы өвчин нийт экспортод нь нөлөөлж байгааг оросууд ярих болж манайхны зовлонг ойлгож буйгаа Хөдөө аж ахуйн сайд нь Владивостокт хэлсэн. Дотоод дахь энэ мэт асуудалтай нь манайхан өөрсдийн махны экспортоо уялдуулан худалдааны дэд бүтцийн бодлогоо сайжруулбал ОХУ-ын зах зээл манайд илүү нээлттэй байх боломжтойг хоёр талын судлаачид ярьж бичиж байгаа юм. Гэхдээ өнөөдөр бодит үр дүнгээрээ бол ОХУ манай хоёрын харьцаа бас л царцсан. Баталгаа нь өчнөөн олон жил ярьж байгаа Эгийн голын станц урагшаа ахихгүй байна. Оросууд Бразилиас хэдэн сая тонн мах өндөр үнээр олон жил авч байхаар хаяанд байгаа Монголоосоо авахгүй өнөөдрийг хүрсний учир юу юм. Эрдэнэтийн 49 хувийг зүгээр өгөөд явчих хэмжээний 70 жилийн бат найрамдал харилцаа бий шүү дээ. Төмөр замаа яагаад өнөөдрийг хүртэл цахилгаанжуулахгүй байна. Хөвсгөл далай дээр хөрөнгө оруулалт хийгээд олон улсын зэрэглэлийн аялал жуулчлалын төв байгуулах саналыг манайх тавьж л байсан шүү дээ гэхчлэн байж болох наад захын боломжит олон санал, эдийн засгийн үр дүнтэй төслүүдийг ОХУ-д тавьсаар ирсэн ч биелэлээ олсонгүй. Энэ бол царцалт, энэ бол “Оросууд минь” гэж хоосон хөөгөөд юу ч үгүй үлдсэний нотолгоо юм.

Ийм байхад бид гурав дахь хөршөө ярихаас өөр ямар ч гарцгүй, замгүй. Гурав дахь хөршийн толгой нь мэдээж АНУ. Америкийг бусад улс орнууд бүгд харна. 2008-2013 оны хооронд Мянганы сорилын сангийн томоохон төсөл хөтөлбөрүүд манайд хэрэгжиж дууссан юм. Гэвч дахин хэрэгжүүлэх саналыг манай тал тавьсан. Ингээд 2018 оноос таван жил хэрэгжих хөтөлбөрийнх нь хүрээнд хамгийн том тусламж нь 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг нийслэлийн цэвэр усны хангамжийг шинэчлэхэд зориулж байна. Энэ нь нийслэлчүүдийг цэвэр усаар хангах, юутай ч зүйрлэхгүй үнэ цэнтэй төсөл юм. Америкчууд шийдээгүй юман дээр тоон дүн хэлдэггүй. Тэгэхээр 350 сая ам.доллар орж ирэхэд бэлэн гэсэн үг. Бусад томоохон хөтөлбөрүүд нэлээн бий. Ардчиллыг хөгжүүлэгч залуу манлайлагчид, Ирээдүйн манлайлагчдын солилцоо гэсэн боловсролын салбар, улмаар Монголын нийгмийн оюун санааны хөгжилд онцгой нөлөө үзүүлэх маш том хөрөнгө оруулалт байна. Мөн Америкийн Reach төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж 500 жижиг, дунд үйлдвэрт зээл олгож эхэлсэн. Ерэн оноос хойших АНУ-ын хандлага ийм аятай явж ирсэн байхад Монголын төрийн өнөөдрийн гадаад бодлого дампуурлын ирмэгт хэдүйн очлоо. Яг өнөөдөр юу болж байна гэхээр Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан байдал. Валютын сангийн болзол хатуу. Манай улсын татварын бодлого, халамжийн бодлогод шууд нөлөөлсөн. Үүнийг нь далимдуулаад монголчууд гуравдагч их хөрш болсон америкчуудыг зүхэж эхэллээ. Шууд утгаараа АНУ-тай муудах түвшинд орлоо. Учир нь Валютын сангийн хамгийн том хөрөнгө оруулагч нь америкчууд байдаг. Валютын сангаар дамжуулж АНУ нь улс төрийн бодлогоо буурай орнуудад тулгаж хэрэгжүүлдэг, тэр нь Монголд хэрэгжиж байна хэмээн манай их мэдэгчид ярьж байна. Тэр бүү хэл Америкийн талаас манай төмөр замын хүчин чадлыг сайжруулахын тулд 250 сая ам.доллар өгье гэхэд өмнөөс нь салаавч үзүүлсэнтэй адил үйлдлийг Оросуудын шахалтаар хийсэн нь саяхан. Өнөөдөр үнэндээ АНУ-ын зүгээс Монгол руу чиглүүлсэн бодлогоо царцаах байдалд орсныг судлаачид бичээд эхэллээ. Энэ бүхэн юуг харуулж байна гэхээр өнөөдөр Монголын төр засгийн толгойд буй хүмүүсийн мэдлэг боловсролгүй, алсын хараагүй, муйхар, харалган бодлогоос үүдэн гадаад харилцаандаа том алдаа хийснийг. Хоёр хөршөө хөөгөөд хоосон хоцорсныг, гурав дахь хөршөө хөөгөөд гурайтах замдаа орсныг харуулж байна. Ийм байдалтай энэ улс орон чинь цааш явах уу. Хоёр хөршдөө жийгдсэн, гурав дахь түншүүддээ гологдсон, шоовдор хүүхэд шиг Монгол Улс уг нь ойролцоогоор 1.3 триллион ам.доллараар үнэлэгдсэн байгалийн баялагтай эх орон юм шүү дээ. Ийм их баялгийн хажуугаар Америк, Азийн орнууд, Европын холбоо зүгээр өнгөрөх үү. Ёстой, Монголын төрийн ухаан мэдэх л асуудал юм.